A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3157/

Гурван гишүүний хөрөнгө, орлогыг шалгах ажлын хэсэг байгуулна

Гурван гишүүний хөрөнгө, орлогыг шалгах ажлын хэсэг байгуулна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3157/
С.Батсайхан /ЗГМ

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын таван гишүүнтэй холбоотой гомдол, зөрчлийг хэлэлцэхээр төлөвлөсөн. УИХ-ын даргын зөвлөлөөр ч Ёс зүйн дэд хороог хуралдуулах албан ёсны зарыг гишүүдэд тараагаад байсан юм. Гэвч тус хорооны хурал ирц бүрдээгүй шалтгаанаар ирэх долоо хоногийг хүлээхээс өөр аргагүй болсныг тус дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тайлбарлаж байна.

-Таны тэргүүлдэг ёс зүйн дэд хороо хуралдаж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ?

-Дүрмээрээ ёс зүйн дэд хороог хуралдуулах ирц өндөр байдаг. Есөн гишүүний гуравны хоёр буюу зургаан гишүүн оролцож байж хүчинтэйд тооцогдоно. Гэтэл таван гишүүн ирж, нэг хүнээр дутаад гацаанд ороод байна. Засгийн газрын гишүүн Х.Баделхан, Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Наранхүү нар хуралдаа ирэхгүй байна. Тэдний хоёр нь дотоод, нэг нь гадаад томилолттой, нэг нь тодорхойгүй шалтгаанаар хуралд ирсэнгүй. Уг нь манай намын гурван гишүүн хурал зарласныг мэдэж байгаа.

-УИХ-ын үйл ажиллагаанд оролцдоггүй Б.Наранхүү гишүүнийг энэ дэд хороо­ноос хасах, солих хүсэлтийг та гаргасан байна. Үүн шиг хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийг сольж болдоггүй юм уу?

-Бараг сарын өмнө АН-ын зөвлөлд Б.Наранхүү гишүүнийг өөрчил гэдэг хүсэлтийг хүргүүлсэн. АН-ын зөвлөлөөс Б.Пүрэвдорж гишүүнийг ажил­луулъя гэдэг албан бичгийг ирүүлсэн. Мөн дэд хорооны даргын хувьд би УИХ-ын чуулган дээр сайдаар давхар ажиллаж байгаа Д.Сарангэрэл, Х.Баделхан нарыг чөлөөлж өг гэдэг хүсэлт гаргасан. Бүлгээс Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр нарыг дээрх хоёр гишүүний оронд томилохоор албан бичиг нь бас ирсэн. Эдгээр албан бичгийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж батлаад, энэ долоо хоногтоо багтаж УИХ-ын нэгдсэн чуулганаар ёсчлоод албажих байх.

-Ёс зүйн дэд хороогоор ямар асуудал хэлэлцэхээр хүлээгдэж байгаа вэ?

-УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшинг хуралдааны үеэр сайд гишүүдийн картыг сугалж чуулганы нэгдсэн хуралдааныг тасалдуулсан, Б.Пүрэвдорж ги­шүүнийг Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг олон минутаар тасалдуулсан асууд­лаар ёс зүйн хариуцлага хү­лээлгэх тухай хэлэлцэх байсан юм. Мөн “Бид уучлахгүй” хөдөлгөөн болон иргэн Мөнхцэлмэг зэрэг иргэдийн зүгээс М.Оюунчимэг, Л.Болд, Ж.Мөнхбат нарын гишүүний хөрөнгө орлого хэд дахин нэмэгдсэн байна гээд үүнийг шалгаж өгөөч гэсэн хүсэлт, шаардлага тавьсан. Түүний дагуу эдгээр гишүүний тайлбарыг хэлэлцэх юм.

-Гурван гишүүний хөрөнгө орлоготой холбоотой хүсэлт, шаардлагыг Ёс зүйн дэд хорооны даргын хувьд яаж хүлээж авч байна вэ?

-Тэдгээр иргэн, хөдөлгөө­ний­хөн УИХ-ын гишүүний хөрөнгө орлогыг АТГ шалгах эрх зүйн орчин бүрдээгүй, хязгаарлагдмал байна гэж үзээд холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлага тавьсан. Үүнийг би зөв гэж үзэж байгаа. Тухайлбал, гишүүдийн хөрөнгө орлоготой холбоотой гомдол мэдээллийг Авлигын эсрэг хуулийн 13.2-т зааснаар Ёс зүйн дэд хороо шалгадаг бус шууд хуулийн байгууллага шалгадаг хуулийн зохицуу­лалт хийхийг дэмжиж байна. Хуулийн төслийг нь ч санаачлаад явахад болохгүй зүйлгүй гэдгээ хэлсэн. Мөн өнөөдөр мөрдөж байгаа УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм маш хязгаарлагдмал. Алдаа, завхрал гаргасан ги­шүүдийг ердөө сануулах, ёс зүйн зөрчлийг холбогдох байгууллагад шилжүүлэх, УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэсэн гуравхан заалттай. Үүнийг өөрчлөхөөр бид шинэ дүрэм боловсруулж байгаа.

-М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нар хөрөнгө, орлогоо яаж нэмсэн тайлбар, нотлох баримтаа өгсөн үү?

-Гурван гишүүнээс хөрөнгө орлоготой холбоотой тайлбарыг нь аваад хорооныхоо нэг гишүүнд өгч танилцуулахаар судлуулж байна. Шинэ бүрэлдэхүүнтэй болмогцоо ажлын хэсэг байгуулж, тодорхой үүрэг чиглэлээр ажил­лана. УИХ-ын гишүүнийг шал­гах дүрмээрээ маш их цаг хугацаа шаардагдах юм. Ирэх долоо хоногт ажлын хэсэг байгууллаа гэхэд 21 хоногийн хугацаанд Ёс зүйн дэд хороонд дахин танилцуулах жишээний.

-Гишүүн Б.Пүрэвдоржийг ёс зүй зөрчсөн гэж хэлэлцэх гэж байхад өөрөө Ёс зүйн дэд хороонд орж ажил­лах нь хэр зохимжтой юм бэ?

-Ёс зүйн дэд хорооны гишүүн байх нь хамаагүй. Зөрчил гаргасан бол хэлэлцэж л таарна. Ер нь дэд хорооны есөн гишүүнд өөрсдөө ирц бүрдүүлэхээс эхлээд өндөр хариуцлагатай, манлайлалтай бай гэдэг шаардлага тавина.

-Хууль тогтоох үйл ажил­ла­гаанд оролцдоггүй, хурал­даа ирдэггүй Б.Наранхүү гишүү­ний ёс зүйг хэзээ ярих вэ?

-Б.Наранхүү гишүүний хувьд дэд хорооны хурал байтугай чуул­­ганы үйл ажиллагаанд ч орол­­цдоггүй. Түүнд ямар хариуц­лага тооцох вэ гэдгийг Ёс зүйн дэд хороогоор тусад нь авч хэ­лэл­цэхээр төлөвлөж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хагас өндөржүүлсэн бэлэн байдлыг 28 хоногоор сунгалаа

 0 сэтгэгдэл
  • Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлогч ААН-ийн гаалийн татварын хоёр сараар хойшлуулах санал гаргав
  • Цагаан сараар орон нутгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг улсын онцгой комисс өнөөдөр шийднэ

Covid-19 вирусийн тархалт дахин нэг сар үргэлжлэх магадлалтай нөхцөлд уялдуулан Засгийн газар хагас өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Засгийн газраас гаргасан эл шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд танилцуулахдаа “Нэгдүгээр сарын 30-нд Улсын онцгой комиссоос байгуулсан ажлын хэсгээс хийсэн судалгаагаар коронавирус тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан. Дахин үнэлгээгээр зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байх дүгнэлт гарсан. Мөн эрүүл мэндийн байгууллагынхан халдварын нууц үеийг ажиглахын тулд 28 хоног зарцуулах шаардлагатай гэж үзсэн учраас Засгийн газраас хагас өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах тогтоол баталлаа” гэв. Мөн тэрбээр “Спорт зааланд олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан зохион байгуулахгүй гэсэн чиглэл өгсөн болохоос найз нөхөд, хэсэг бүлгээрээ цуглаад спортоор хичээллэхийг хориглоогүй” гэсэн юм. Засгийн газрын хурлаар хорио цээрийн дэглэмийг сунгасантай холбогдуулан эдийн засаг, нийгэмд үүсэх хүндрэлийг шийдвэрлэхээр болжээ. Энэ талаар салбарын сайд нар дараах зүйлийг ярив.

Ч.Хүрэлбаатар: Засгийн газраас өөрт олгогдсон эрхийнхээ дагуу цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, хүнсний болон үрийн улаан буудай зэрэг барааны гаалийн татварыг хоёр сараар хойшлуулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн нүүрс, газрын тосны экспортыг саадгүй хийхийн тулд БНХАУ-ын талтай ойлголцох, экспортлох боломжийг хангах чиглэл өглөө. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй учраас төсөв тодотгох шаардлагагүй. Харин сайд нар,төсвийн ерөнхийлөн захирагч нар өөр өөрийн төсвийн багцдаа тохируулга хийх бүрэн бололцоо бий гэж үзсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын төсвийн орлого 202.7 тэрбум төгрөгөөр тасалдсан байдалтай байгаа. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл нэг их наяд төгрөгийн орлого дутна. 

Б.Энх-Амгалан: Засгийн газрын хурлаар цагаан сарын битүүн, шинийн нэгнээс гуравны хооронд орон нутгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг ярилцлаа. Зорчих хөдөлгөөний 90 хувь нь хувийн тээврийн хэрэгслээр явж байгаа учраас хязгаарлах шаардлагатай гэж үзсэн. Гэхдээ маргааш (өнөөдөр) Улсын онцгой комисс хуралдаж баталгаажуулах эсэхийг шийдвэрлэнэ. Харин аймаг, нийслэл доторх хөдөлгөөнийг хязгаарлахгүй. 

Ё.Баатарбилэг: Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгаснаар сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй. Шинэ нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын гуравдугаар улирлын амралтыг цуцалсан бөгөөд хоёр сарын хугацаанд даваагаас бямба гарагт хичээллэнэ. Мөн анги дэвших болон төгсөх шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлж, шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтаан зохион байгуулна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их, дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Х.Булгантуяа: Жижиг бизнес эрхлэгчдэд учирсан бэрхшээлийг Засгийн газарт танилцуулна

 0 сэтгэгдэл
  • Засгийн газраас БНХАУ-д сэтгэлийн дэмжлэг үзүүлэх аян өрнүүлж, данс нээлээ

Засгийн газраас БНХАУ-д туслах “Мөнхийн хөршид сэтгэлийн дэмжлэг” аяныг санаачилсан ажлын хэсэг байгуулж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулжээ. Тус ажлын хэсгийн гишүүд болох Н.Цэрэнбат, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар хандивын данс нээж байгаа мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат “Манай урд хөршид шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 өвчний халдвар гарч эдийн засаг болон нийгмийн байдал нь хүндэрлээ. Хөрш орны хувьд Монголын ард түмэн хүмүүнлэгийн аянд нэгдэж, хүндрэлийг даван туулахад нь сэтгэлийн дэм өгөх зорилгоор данс нээж байгааг албан ёсоор зарлаж байна" гэсэн юм.

Мөн тэд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-БНХАУ-д байгаа монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн гэсэн. Тэднийг авчрах ямар ажил хийж байна вэ?

Д.Цогтбаатар: -Одоогоор 336 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн. Тэднийг авахаар БНХАУ-ын талтай ярилцаж байгаа. Бид тус улсаас иргэдээ авчрахын тулд хугацаа зааж, боломж гаргасан боловч тодорхой тооны иргэд үлдчихлээ. Тус улсад карантин тогтоож, хөдөлгөөнийг хязгаарласан. Ийм эхний ээлжинд монгол иргэдээ Эрээнд цуглуулах ажлыг зохион байгуулж байна.

Б.Батцэцэг: -Хэдийгээр хил хаасан ч гэсэн өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын талтай ярилцаж, 106 иргэнийг хил нэвтрүүлсэн. Тэд Хятадын олон хотоос цугласан байсан. Гэтэл дахин Шанхайн тойргоос 180, Бээжинд 56, Эрээнд 100, Хөх хотод тодорхой тооны иргэд хил нэвтрэх хүсэлт илэрхийлсэн. Тэднийг ойрын хугацаанд авахаар ярилцаж байна.

-Тэд зардлаа өөрсдөө хариуцах уу, төсвөөс гаргах уу?

Б.Батцэцэг: -Яамнаас визний хугацаа хэтэрсэн төлбөр, унааны болон Замын-Үүдэд тусгаарлах байрны зардлыг хариуцахаар зохицуулалт хийсэн. Харин 14 хоног тусгаарлах хугацааны хоол, хүнсний зардлаа иргэд гаргана. Гэвч энэ зардлыг өөрсдөө хариуц гэхээр төлбөрийн чадваргүй иргэд олон байна.

-Манай уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлж эхэллээ. Энэ нь төсвийн бүрдүүлэлтэд яаж нөлөөлөх вэ?

Х.Булгантуяа: -Дэлхийн хамгийн том эдийн засагтай оронд өвчин гарсан нь бүс нутаг төдийгүй, Европ, Америк тивийн эдийн засагт ч амаргүй нөхцөл байдал үүсгэх төлөвтэй. Монгол Улсын энэ оны эхний саруудын төсвийн орлого өмнөх оныхоос харьцангуй багассан үзүүлэлттэй байгаа. Гэхдээ төсвийн тодотгол хийх хэмжээнд хүрээгүй.

-Эдийн засагчид коронавирустэй холбогдуулан Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөг гаргасан учир төсвийн тодотгол хийнэ гэсэн байр суурь илэрхийлж байна?

Х.Булгантуяа: -Төсвийн тухай хуулиар төсөвт тодотгол хийх нөхцөлийг тодорхойлсон заалт бий. Тэр хэмжээнд хүрээгүй. Ер нь эхний улиралд экспорт, бүтээн байгуулалтын ажлууд бага байдаг онцлогтой. Харин хорио цээр тогтоосон хугацааг сунгавал төсөвт тодотгол хийх асуудлыг хөндөж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.

-Нөхцөл байдлаас шалтгаалан ЖДҮ эрхлэгчид, жижиглэн худалдаа эрхлэгчид эрсдэлд орж, эдийн засагт нөлөөлөх хэмжээнд хүрлээ. Үүнийг яаж зохицуулах гэж байна?

Х.Булгантуяа: -Засгийн газрын хуралдаанд үүссэн нөхцөл байдлыг танилцуулна. Өгсөн чиглэлийн дагуу ямар арга хэмжээ авах нь тодорхой болно. Түүнээс биш иргэн ААН-тэй хийсэн гэрээг өөрчлөх, зээлийн хүүг бууруулах, чөлөөлөх тухай асуудал байхгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Цахим” цагаан сараар банкууд шимтгэл авахгүй

 0 сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “цахим цагаан сар” хийх уриалга гаргахтай зэрэгцээд УИХ-ын дарга Г.Занданшатар банкуудад сар шинийн өдрүүдэд хийх гүйлгээнээс шимтгэл авахгүй байх чиглэлийг Монголбанк болон Банкуудын холбоонд өгөх тухайгаа дуулгалаа. Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, монголчууд гэрээсээ гаралгүй ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж болох жишиг тогтоохоор бэлдэж буй энэ үед төрийн байгууллагаас энэ мэт хөнгөлөлтөөр дэм болох нь сайшаалтай. Банкууд ч спикерийн саналыг нааштай шийдвэрлэж, өдөрт хэдэн зуун саяар эргэлддэг гүйлгээний шимтгэлээсээ татгалзаж чадна гэдэгт итгэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Орчин үеийн технологи ашиглан ахмадуудтай золгохыг уриаллаа

 0 сэтгэгдэл
  • Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд хөршид Цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн нь алдаа болсон

Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрбээр ҮАБЗ-өөс гаргасан ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмжийг дэмжиж, УИХ-аар баталсныг дурдаад Монголын төрөөс ахмад настанууддаа барьж буй сар шинийн бэлэг гэдгийг тодотгосон юм. Мөн цаашид тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх боломжийг эрэлхийлэхээ илэрхийлэв. Харин БНХАУ-д цар тахал гарсантай холбогдуулан цагаан сарыг өргөнөөр тэмдэглэхгүй байхыг уриалж “Энэ вирусийн халдварт өвчин нь вирус илэрсэн улс орнуудын ахмад настнуудад хүндээр тусах нь олонтоо тохиож байна. Уламжлалт Цагаан сарын баяраараа бид ахмад буурлуудаа эрүүл энх, амар амгалан байлгахад илүү анхаарах ёстой. Монголчуудаа, Та бүхэндээ хандан настан буурлууддаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна. Биеэр уулзаж золгох нь ихээхэн эрсдэлийг дагуулах учир энэ өвчний тархалтыг буурах хүртэл тэвчин өнгөрөөх нь ахмад настнуудад маань тустай юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхааруулгаас үзэхэд шинэ титэмт вирусийн тархалт нь мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаас илүү ноцтой төлөвтэй байна... Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд хөршид Цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, халдвар тархах, өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид, эрдэмтэд анхааруулж байгааг үл тоож хэрхэвч болохгүй. Ард иргэд ээ, монголчууд аа, настан буурлууд аа, нийтийг хамарсан өвчин зовлонг дэлгэрүүлэхгүй байх, хүн бүрийн эрүүл саруул амьдралыг тэтгэх, хамгаалах үүднээс уламжлалт Цагаан сарын баярыг зөвхөн энэ удаадаа тэмдэглэхгүй, тэвчин өнгөрөөхийг Та бүхнээс ахин дахин хүсэж, уриалъя” хэмээлээ.