A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2537/

Гурван хэмжээст принтерээр хэвлэсэн анхны супер автомашин

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2537/


Калифорнийн Divergent Microfactories (DM) старт-апын инженерүүд гурван хэмжээст принтерээр хэвлэсэн дэлхийн анхны гипер автомашиныг бүтээлээ. Blade нэртэй автомашины кузов хийцийг орчин үеийн 3D принтерийн технологиор бүтээсний ачаар жин ердийн уламжлалт хийц бүхий ижил төрлийн машиныхаас 90 хувь буурсан байна.

Автомашины нийт жин ердөө 635 килограмм. Нүүрстөрөгчийн мяндсаар труба хийцээр хүчитгэж өгсөн хөнгөн цагааны хайлшин кузовтой. Автомашины 700 морины хүчтэй хөдөлгүүр бензин болон байгалийн хийгээр ажиллана.

Гипер автомашин 2.2 секундэд 100 километр/цагийн хурд авах чадвартай. Байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалах үүднээс автомашины үйлдвэрлэлд гурван хэмжээст хэвлэлийн арга ашиглах нь чухал болоод байгааг DM-ийн төслийн захирал Кевин Чингер тайлбарласан юм. Шинжээчдийн тооцоогоор ирэх арван жилд дэлхийд автомашины тоо гурав дахин өсөх төлөвтэй байгаа.

Үүсээд буй нөхцөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хүн төрөлхтний хүчин чармайлттай уялдан автомашин үйлдвэрлэлийн технологийг эргэн харах шаардлагатай болоод байгааг захирал тайлбарлав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Samsung 10 жилийн дараах 6G системийг төлөвлөж байна

 0 сэтгэгдэл


Samsung Electronics компанийн зөвлөлийн дэд дарга Жэй Ли зургадугаар үеийн мобайл сүлжээ, хагас дамжуулагчийг тооцож, ирээдүйн хөрөнгө оруулалтыг хийнэ хэмээн мэдэгдэв. Дэлхийн бизнесийн орчин хавчигдаж, орлого буурч байгаа үед Өмнөд Солонгосын технологийн компанийг залгамжлагч Ли захирлуудын хурал хийж, 6G систем, блокчэйн технологи, хиймэл оюун ухаан зэрэг ирээдүйг тодорхойлох асуудлыг авч үзсэн байна.

Дөрөвдүгээр сард Өмнөд Солонгост нэвтрүүлж эхэлсэн 5G сүлжээнд Хятадын Huawei, Америкийн Apple зэрэг компаниуд өрсөлдөж байгаа үед Samsung 6G-ийн талаар түрүүлж нээлттэй ярьж эхэллээ. Ноён Лигийн мэдэгдэлд “Бид хөгжлийн шинэ суурийг тавих сорилтыг шийдвэртэйгээр эхлүүлж, өнгөрсөн амжилтаа хамгаалах хүрээнээс гарч ажиллах ёстой”-г онцолжээ. Системийн хагас дамжуулалтын судалгаа, хөгжүүлэлтэд хөрөнгө оруулах удирдамжаас гадна захирлууд Samsung-ийн чипний бизнест учирч болох эрсдэлийг хариулах арга хэмжээг хэлэлцэв.

Түүнчлэн энд дурдсанаар технологийн салбарт хийгдэж буй бүтцийн өөрчлөлтийн бэрхшээлийг даван туулах талаар санал бодлоо солилцжээ. Тус компанийн мэдэгдэлд Хятад, Америкийн худалдааны сөргөлдөөн, Huawei-д тавьсан хоригийн талаар тухайлан дурдаагүй байна. Гэхдээ энэ хоёр асуудал дэлхийн эдийн засгийн төлөв хийгээд технологи үйлдвэрлэгчдийн хангалтын сүлжээнд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Энэ нь олон улсын компаниудыг стратегиа эргэн харахад хүргэсэн байж болзошгүй юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бид утааг 70-80 хувь бууруулах шинэ технологийг боловсруулсан

Цэвэр нүүрсний нэг шугамтай үйлдвэр барихад 4.5 сая ам.доллар шаардлагатай

 0 сэтгэгдэл


Эрдэм шинжилгээ туршил­ шилжинэ тын “МонХимо” төвийн захирал Д.Дэмбэрэлнямбатай ярилцлаа. Түүнийг монголчууд ясны сийрэгжилтээс сэргийлэх болон үе мөчийг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл” бүтээлүүдээр нь мэднэ. Харин энэ удаад Улаанбаатар хот болон бусад суурин газрын утааг 70-80 хувь бууруулах шинэ технологи боловсруулсан талаар нь онцлон ярилцав.

-Ургамлын гаралтай шатамхай шингэнийг нүүрсэнд цацсанаар хүхэр, азот зэрэг химийн хортой элементүүдийг үнсэнд нь шингээх боломжтой утаагүй нүүрсний технологи боловсруулсан гэсэн. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

-Нүүрсийг хялбар аргаар утаагүй болгох аргыг олон жилийн өмнөөс судалсан. Утаагүй нүүрс боловсруулах олон арга байдаг ч бүгд өртөг өндөртэй. Жишээлбэл, утаагүй нүүрсийг гарган авахын тулд битүү саванд 1000-аас дээш хэмд халааж коксжуулдаг.

Дээрээс нь нүүрсийг коксжуулахад жингийн хорогдол 50 хүртэл хувиар гардаг. Коксжуулсан нүүрсээ барьцалдуулагч хэрэглэж, өндөр даралтаар халаан, шахаж хэвлэнэ. Коксжих явцдаа 50 хувиа алдахаас гадна барьцалдуулж шахмал болгох хүртэл олон шат дамжлагатай учир нүүрсний үнэ нэмэгдэж хэрэглэгчдэд очдог.

Харин бид дэвшилтэт технологиор цэвэр нүүрс боловсруулах судалгааг 2015 онд БНСУ-ын Ёмин технологийн институттэй хамтран эхлүүлсэн. Технологийн хувьд байгалийн композит нано бодисыг өөрийн хүрэн нүүрстэй урвалд оруулж, цэвэр нүүрс гаргаж авах юм. Ямар ч нүүрсийг хоёр төрлийн байгалийн гаралтай цайны ханд шиг нано композит материалаар шүршин бүтцийг нь өөрчилж, шатах үед агаарт дэгддэг хорт хий, утааг үнсэнд нь барьж үлдээдэг түлш гаргаж авсан. Цацлага хэрэглэсэн нүүрсний илчлэг 1000-1500 калороор нэмэгддэг. Багануурын нүүрс 3000 калор илчлэгтэй бол энэ технологийг ашигласнаар гаргах утаа нь буурахаас гадна илчлэг нь 4000-4500 калор болох юм. Нэг айл өвөл таван тонн нүүрс түлдэг байсан бол 3.5 тонн нүүрс түлнэ. Ингэснээр нүүрсний утаа 70-80 хувиар, тоосонцор 10 дахин буурахыг тогтоосон. Одоо нийлүүлэх гэж байгаа “Тавантолгой”-н шахмал нүүрс утааг 50 хувиар бууруулна гэсэн тооцоололтой. Нүүрс түлдэг айл тутамд түлш зарцуулалт 30 хувь багасаж, 150-250 мянган төгрөгийн бодит хэмнэлт гарна гэж тооцоолсон.

-Цэвэр нүүрсний үйлдвэрлэлд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?

-Хоногт 100 болон 1000 тонн нүүрсийг шүршиж цэвэр болгох хоёр шугамтай үйлдвэр барихад 4.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Манай улсын хэмжээнд гурван шугам байхад эрэлтээ хангах боломжтой.

-Цэвэр нүүрсийг зах зээлд нэвтрүүлэх талаар хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Туршилт судалгаагаа хийж, холбогдох байгууллагуудад танилцуулсан. Шүршиж, хатааж, шатааж үр дүн нь ямар байгааг үзүүлсэн. “Өө сайхан юм байна” гээд тийм байгууллагад хандаарай гэж хэдэн тийшээ хэсэг гүйлгэдэг юм. Судалгаа шинжилгээний ажил ихтэй бидэн шиг хүмүүст өдөр шөнөгүй гүйгээд байх зав байхгүй. Гэхдээ л сэтгэл зовоод хөөцөлдөж үздэг. Хурал цуглаан, уулзалт бүр дээр хэдэн эрдэмтэн, судлаачид нь үгээ хэлдэг. Тоож сонсдог хүн ховор. Нэг л өдөр Монгол Улс хүний оюуны өмчийг тоодог болох цаг нь ирэх байх.

-Нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг хориглосон энэ үед та бүхний бүтэц хэргээ гаргах боломжтой санагдаж байна?

-Монгол Улсын Засгийн газар энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Төр өөрөө шахмал түлш боловсруулахад оролцож, хэрэглэгчдэд түүхий нүүрсний үнээр зарна. Нүүрсийг тээвэрлэнэ, сайжруулна гэх мэтээр нэмүү өртөг шингээж байгаа учраас түүхий нүүрсний үнээр зарвал алдагдалтай. Үүнээс гадна нийслэлээс 500 гаруй км зайтай “Ухаа худаг”, “Тавантолгой”-гоос түүхий эдээ тээвэрлэнэ. Сайхан юм бэ, эрдэмтэн, судлаачдаа ямар сайн дэмждэг юм гэж атаархам улс зөндөө байна.

Шахмал түлшний үнэ ямар байхыг зах зээл биш төр тодорхойлж, нэг байгууллагад хэтэрхий их давуу тал олгож, монополь үүсгэж байгаад бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Монопол үүсгэлгүйгээр олон талын санал санаачилгыг хэрэгжүүлж, өрсөлдөөнийг чөлөөтэй хангах ёстой. Энэ өвөл үр дүн нь харагдах байх. Нарийн мэргэжлийн мэдлэг туршлага гэдэг хэн нэгэн дарга болонгуутаа эзэмшчихдэг зүйл биш. Тиймээс эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсож, судалгаа шинжилгээтэй ажиллавал сайн. Төрөл бүрийн мэргэжлийн, янз бүрийн салбарын хүмүүс үзэл бодлоо уралдуулж байж зөв гарцыг олно. Өчнөөн газраар явж, олон жилийг зарцуулан суралцаж ирсэн эрдэмтэн, судлаачид өвөртөлж ирсэн.

-Та Ломоносовын нэрэмжит их сургуульд суралцаад Москвагийн Технологийн их сургуульд зэрэг хамгаалсан. 2000 оноос хойш арван жил БНСУ-ын их, дээд сургуулиудад эрдэм шинжилгээний ажилтан, багш хийсэн төдийгүй дундуур нь бас хэдэн жил Япон, БНХАУ-д суралцаж, ажилласан юм билээ. Өөрийн улсын нөхцөл байдлыг ажиллаж байсан улс орнуудтайгаа харьцуулж үзвэл манай улс шинжлэх ухааныг хэр дэмждэг гэж бодож байна?

-Монгол Улс эрдэмтэн судлаачдаа ашиглаж чаддаггүй. Дэмжээд ашиглавал үйлдвэрлэгч болох боломжтой шинийг санаачлагч, шинжлэх ухааны салбарын олон эрдэмтэн судлаачид бий. Бидэнд бүтээх зүйл их байна. Банкнаас хүүтэй мөнгө зээлээд бага багаар урагшилж байгаа. Гэхдээ энэ янзаараа бол их удаан хөгжинө. Төрөөс дэмжлэг үзүүлдэг ч энэ нь хангалттай биш. Зөв бодлоготой, зөв чиглэлтэй байх хэрэгтэй.

Ямар сайхан юм бэ, эрдэмтэн, судлаачдаа ямар сайн дэмждэг юм гэж атаархам улс зөндөө байна. Миний бодлоор Япон, Солонгос бол эрдэмтдийнхээ судалгааг бүтээл болгож чаддаг улс. Сүүлийн үед хятадууд “Мөнгө нь энэ байна. Алив санаа чинь хаана байна” гэдэг болсон. Харин манайх “Санаа нь энэ байна. Мөнгө нь хаана байна” гэдэг. Судалгаанд суурилсан бизнесийн санаа, хөрөнгө оруулалт хоёр хосолж байж инновацад суурилсан эдийн засаг хөгжинө.

Бид Багануурын шинжлэх ухаан технологийн парк гэж өчнөөн жил ярьж, зөндөө бичиг баримт боловсруулсан. Одоо хүртэл шийдэгдэхгүй, бодитоор ажил хэрэг болоогүй л байна. Өнөөдөр бид юу үйлдвэрлэж байгаа юм бэ. Социализмын үед томоохон үйлдвэрүүд байсан. Одоо бол түүхий эдээ л зарж амьдардаг улс болсон.

-Та тамедин нэрийн 20 гаруй бүтээгдэхүүн, санитол ариутгал халдваргүйжүүлэлтийн бэлдмэл зэрэг өргөн хэрэглээний олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэвтрүүлсэн. Мөн адууны кальци болон бусад нэр төрлийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд амжилттай гаргаж байна. Бизнесийн санаагаа хэрхэн олж, хэрхэн амжилттай хэрэгжүүлсэн бэ?

-Би Японд суралцаж байхдаа хагалгаанд орсон юм. Хүний газар байгаа хүн удаан өвдөж болохгүй гэж бодтол олгойн хагалгааны дараа чанартай ариутгалын бодис хэрэглэж байсан учир хурдан эдгэсэн. Үүнийг хэрхэн хийгээд байна вэ гэж судалсаар мэдэж ирээд Монголдоо “Тамедин” цувралаа анх удаа бүтээсэн. 1993 онд санаагаа боловсруулаад ирсэн боловч таван жил хөөцөлдсөний эцэст 1998 онд “МонХимо” компанми үйлдвэрлэлд нэвтрүүлж байлаа. Бүхэл бүтэн таван жилийн хугацаа алдсан гэж бодохоор харамсалтай байдаг. Санаагаа орхих бодол ч төрж байсан боловч, тууштай явсаар бүтээл болгосон.

Үүний дараа Солонгос улсын нано кальцийг бүтээсэн багт ажилласан. Манай баг далайн амьтны яснаас кальци гаргах ажлыг эрхэлдэг байсан. Гэхдээ манай улсад далайн амьтан байхгүй учраас хамгийн сайн чанарын ястай адууны яснаас кальци гаргах ажлыг эхлүүлсэн. Далайн амьтнаас илүү үр дүнтэй гэдгийг тогтоосон учраас судалгаагаа хийсэн.

Ер нь санаа гэдэг амьдралаас урган гардаг. Бизнесийн санаа энгийн жижиг зүйлээс л төрдөг юм. Тиймээс залуучууддаа хүсэл мөрөөдөлдөө тууштай байгаарай гэж захимаар байна. Ажигч гярхай, дээрээс нь мэдрэмжтэй байхад жижигхэн зүйлээс л том бүтээл гаргана. Үүнийг яаж хийдэг юм бол, энэ яагаад ийм байгаа юм бол гэсэн асуултаас санаа төрнө. Хүнд хэчнээн ч санаа төрж болно. Үүнийгээ сайн тэмдэглэж авах хэрэгтэй. Тэмдэглэхгүй бол мартагддаг.

-Та “МонХимо” үйлдвэрээ яг л “тэг”-ээс эхлүүлсэн үү?

-Нэгдүгээр эмнэлгийн жижигхэн өрөөнд нэг литрийн савтай 10-20 бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан “МонХимо” үйлдвэр өнөөдөр хэд хэдэн лаборторитой, өнөр өтгөн хамт олон болж өргөжсөн байна. Өдөрт хэдэн мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. Шинжлэх ухаанд суурилсан компанийн давуу тал нь тогтвортой, аажим аажимдаа хөгжиж, улам боловсронгуй болдог юм. Аливаа улсын хөгжлийн тулгуур нь шинжлэх ухаан, технологийн хөгжил байдаг. Судалгаанд суурилсан бүтээл, бүтээгдэхүүн нь өрсөлдөх чадвар өндөртэй, ямагт хөгжин дэвшиж байдаг. Хэрэгжүүлье гэвэл маш олон санаа бий.

Хэдэн мянгаараа хаягдаж байгаа түүхий эдүүдийг хараад харамсдаг. Манай улс жилд доод тал нь 200 мянган адуу идшиндээ хэрэглэдэг. Нэг адуунаас дор хаяж 20 кг яс гарна. 4000 тонн ясны нөөцөөс бид 100 тонн хүрэхгүйг л хэрэглэж байна. Цаана нь ямар их нөөц боломж байгаа гэж санана. Казахстан, ОХУ зэрэг таван оронд адууны ясны кальциа экспортлох зөвшөөрлөө авчихаад буй. Түүхий эдээ боловсруулаад, гадаадын зах зээлд гаргавал манай эдийн засагт ч хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хамгийн шилдэг дулаан тусгаарлагч нь цагаан баавгайн арьс үс

 0 сэтгэгдэл


БНХАУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн эрдэмтдийн эрхэлж буй маш онцгой шинж чанар бүхий дулаан тусгаарлагч материалын судалгааны талаар Chem сэтгүүл мэдээлэв. Шинэ төрлийн дулаан тусгаарлах материалын үндсэн санааг эрдэмтэд цагаан баавгайн арьс үснээс олж авчээ. Тус их сургуулийн эрдэмтэд цагаан баавгайн арьс нь маш бага температурт үнэмлэхүй дулаан тусгаарлах чадвартай байгалийн дулаан тусгаарлагч материал хэмээн тайлбарлаж байгаа юм. Байгалиас авсан бэлэн санаанд тулгуурлан хөнгөн, уян хатан, бат бэх дулаан тусгаарлагч материал бүтээж, барилга угсралт, сансрын технологид ашиглах боломжтой.

Цагаан баавгайн үсийг микроскопоор томруулж харвал дотроо цилиндрт хөндий бүхий урт нарийн утас мэт харагддаг. Энэхүү өвөрмөц бүтэцтэй үсийг дуурайлган орчин үеийн нэн шинэ материал болох нүүрстөрөгчийн нано гуурсан “үс” бүхий арьс бүтээх юм. Гуурсны дотор талын диаметр 35 нанометр. Гуурсанд шахсан агаар нь дулааныг гадагш алдагдахаас сэргийлэх найдвартай тусгаарлагч болж өгнө.

Эрдэмтэд нийтлэг аргаар гаргаж авсан хиймэл арьс үсийг туршилтаар шалгахад 30 хувь сунах чадвартайн зэрэгцээ сая удаа татаж, агшаах үйлчлэлд тэсвэрлэжээ.

Ийм дулаан тусгаарлагч материалын нэг шоо метр нь орчин үеийн ижил шинж чанар бүхий дулаан тусгаарлагчаас хавьгүй хөнгөн буюу найман килограмм жинтэй.

Одоогоор эрдэмтдийн бүтээсэн шинэ төрлийн нийлэг арьс үсийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд өртөг өндөр байгаа нь гол бэрхшээл болж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Материалын өнгө, тунгалаг байдлыг супер компьютероор өөрчилж болно

 0 сэтгэгдэл


Boeing-787 агаарын хөлгөөр зорчигсод цонхны шил тунгалаг, бүдэг болж өөрчлөгддөг тохиргоотой болсныг анзаарсан байж таарна. Цахилгаан хром шил гэгддэг ийм шилэнд үл ялиг цахилгаан хүчдэл дамжуулахад химийн урвалын үр дүнд тунгалаг байдал нь өөрчлөгддөг. Ийм шинж чанарыг бусад төрлийн материалд мөн адил үүсгэж болох эсэх нь эрдэмтдийн хувьд сонирхолтой асуулт байсаар ирсэн юм.

Тэгвэл АНУ-ын Жоржи муж улсын технологийн их сургуулийн эрдэмтэд Далласт байрладаг Cornet супер компьютерын тусламжтайгаар материалын өнгийг өөрчлөх, бүрэн тунгалаг болгох загварчлалыг амжилттай үүсгээд байн. Эрдэмтэд огт өнгөгүй тунгалаг байдлаас хурц өнгөтэй нөхцөлд шилжих чадвартай молекулын дөрвөн өөр бүтэц үүсгэж чаджээ. Бүрэлдэхүүн бүтцийн хувьд бие биеэсээ огт ялгаагүй эдгээр молекулын нэг атомын байрлалыг өөрчлөхөд л шинж чанар нь илт хувирч байгаа юм.

Орчин үеийн цахилгаан хром шил хангалттай тунгалаг бус, үндсэн цэнхэр өнгө өчүүхэн хэмжээгээр үлдэж хоцордог, өнгөний өөрчлөлт явцуу, хязгаартай зэрэг дутагдалтай учраас тодорхой цөөн салбарт хэрэглэж иржээ. Харин Cornet дээр ийм дутагдалгүй загварчлал үүсгэсэн нь өргөн хэрэглээний цахим бүтээгдэхүүн, барилгын нүүрэн фасад, цэргийн салбарын өнгөлөн далдлалт зэрэгт ашиглах боломж бүрдүүлж өглөө.