A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2100/

Гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх зөвлөл 364 алба хаагчтай байна

Иргэнээс ирүүлсэн зөрчлийн мэдээллийг төр худалдаж авдаг болно

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2100/


Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж эхэлсэн ч гацаанд орсон. Уг хуулийн төслийг хууль зүйн байнгын хорооноос дэмжиж, нэгдсэн чуулганаар хэлэлцэхэд бэлэн болоод байсан ч УИХ-ын даргыг огцруулах асуудалтай давхцан хойшилсон юм. Харин өнгөрсөн сард УИХ-ын даргын зөвлөлөөс хаврын чуулганаар энэхүү хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулиудад орох нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр баталлаа. Эл хуулийн төсөл батлагдвал олон хуулийн зохицуулалтыг хангаад зогсохгүй иргэд, ТББ-уудад ч өгөөжтэй.

Мэдээж энэ хуулийг шинэчлэн батлахдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүрэгт түүний ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар толгойлуулсан орон тооны бус зөвлөл зохицуулах юм. Мөн ТББ, иргэн, хуулийн этгээд, хэвлэл, мэдээллийн байгууллагын оролцоог хангах зохицуулалтыг тусгажээ. Хамгийн гол нь төсөлд тусгаснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, түүний орон нутаг дахь салбарт төрийн албаны 364 орон тоог шинээр бий болгох шаардлагатай. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 суманд салбар зөвлөлийг шинээр байгуулахын зэрэгцээ 2016 онд Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны таван орон тоог нэмж, улсын дундаж хэмжээний цалин олгох аж.

Төрөөс зарим үйлчилгээг иргэн, ТББ-аар гүйцэтгүүлэх зарчим барьж байгаа. Үүний нэг хэлбэр хууль сахиулах үйл ажиллагаагаар хэрэгжих юм. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлтээр долоон төрлийн гэмт хэрэг нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг тогтмол эзэлсээр иржээ. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг нийт бүртгэгдэж буй гэмт хэргийн 30, бусдын биед гэмтэл учруулах төрлийн гэмт хэрэг 30, залилан мэхлэх гэмт хэрэг 10, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10 хувийг эзэлж байна.

Мөн сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хүн худалдаалах болон цахим гэмт хэргийн тоо хурдацтай өсөж байгааг судалгаагаар баталжээ. Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурахгүй байгаа төдийгүй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан хууль тогтоомжуудын уялдаа муу байгааг ч мэргэжлийн байгууллага сануулсаар байна. Харин үүнийг эл хуулийн шинэчлэлээр залруулах боломжтой гэж үзэж буй.

1997 онд баталсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль нь таван бүлэгтэй хэдий ч Зөрчлийн хуультай зөрчилдсөний зэрэгцээ зарим шинэ төрлийн гэмт хэргийн талаар дурдаагүй байгааг шинэчилсэн найруулгаар залруулах сайн талтай. Тодруулбал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн таван чиглэл байхаар тусгасан бөгөөд уламжлалт чиглэлүүдээс гадна гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэл болон гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх чиглэлийг нэмж тусган, чиглэл бүрийг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой зааж өгчээ.

Нийт гэмт хэргийн 80 хувийг долоон хэрэг эзэлдэг

Иргэнд ашигтай хувилбар нь гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг хуулийн байгууллагад мэдэгдэж эрхээ хамгаалаад зогсохгүй мэдээлэл өгснийхөө “шанд” нь мөнгөн урамшуулал авдаг болно. Тухайлбал, иргэний өгсөн мэдээллийн дагуу зөрчилд 200 хүртэл нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол иргэнд тухайн шийтгэлийн 20 хувийг, 200-аас дээш нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол 10 хүртэл хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох юм. Ингэхдээ гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа болон завдсан, эсхүл үйлдсэн тухай, эрэн сурвалжлагдаж байгаа хүн, эд зүйл, тээврийн хэрэгсэл, баримт бичгийн мэдээлэл, нийтийн эрх ашгийг зөрчсөн гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг худалдаж авах аж. Харин ТББ-аас хүүхэд,залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил эрхэлбэл санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүжүүлэх юм. Үүнээс гадна энэ хуулийн бас нэгэн ололттой тал нь гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тавихтай холбоотой зохицуулалтыг тусгана. Энэ чиглэлд хэлбэрийн төдий хяналт тавьж байгааг өөрчилж, хорих байгууллагаас суллагдсан этгээдийг нийгмийн амьдралд эргэн ороход нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл тусламж, дэмжлэг үзүүлэх юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрх зүйн тодорхойгүй байдал үргэлжилбэл 10 тонн алт ч авч чадахгүй

Энэ сарын 31-ний байдлаар 3.7 тэрбумын валютын нөөц бүрдүүлэхийг ОУВС шахжээ

 0 сэтгэгдэл


Монгол Улс 2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ/-ыг 2.5 хувь болгосон. Таван жилийн хугацаатай баталсан уг хуулийн үйлчлэл энэ оны эхнээс дууссан. Хуулийн үйлчлэл дуусахтай зэрэгцээд энэ хугацаанд Монголбанкинд тушаах алтны хэмжээ өмнөх оныхоос 81 хувиар буурсан байна. Харин Засгийн газраас АМНАТ-ын хэмжээг 2.5 хувь байх хуулийн хугацааг сунгах төслийг өргөн барьсныг ээлжит бус чуулганаар хэлэлцэв.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Өнгөрсөн жил тушаасан алтны хэмжээ зах зээлд шилжсэнээс хойших 30 орчим жилд хамгийн өндөр байсан нь 21.9 тонн. Гэтэл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ жил 81 хувиар буурсан. Тодруулбал, энэ хугацаанд Монголбанкинд 293.5 килограмм алт тушаасан байна. Алт манай эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг стратегийн ашигт малтмал. Төгрөгийн ханш, эдийн засгийн тогтвортой байдал, валютын нөөц бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой. Алтны татвар өссөнөөр хил гаалиар нууцаар гаргах, бие жижиг бүтээгдэхүүн болгож хувиргаад нэвтрүүлэх зэрэг хууль бус үйлдлүүд илэрч байна. Бид бүрэн дүүрэн хянах нөхцөл бүрдээгүй. Тиймээс хил гаалийн хяналтын нөхцөлөө сайжруулаад, дотооддоо бүрэн хянадаг болохын тулд хугацаа хэрэгтэй. Харин энэ хугацаандаа алтаа гадагш нь алдчихмааргүй байгаа юм. Тиймээс 2.5 хувийн татвараа хэвээр нь байлгаад, тэр хугацаанд нь алтаа гадагш алдахгүй байх системийг бүрдүүлье гэж зорьж байна. Түүнээс биш алтны компаниудын лоббинд өртсөн зүйл манай яаманд байхгүй” хэмээн тайлбарлалаа.

Монгол Улс өнгөрсөн жил алтны борлуулалтын орлогоос 50 орчим тэрбум төгрөгийн татвар авчээ. Үүнээс гадна ААН-үүд 10- аад төрлийн татвар мөн төлдгийг салбарын сайд хэлэв. 21.9 тонн алт гэдэг 900 сая ам.доллартай тэнцэх эдийн засаг. алт тушаалт нэмэгдсэнээр валютын нөөцөө нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.

Гэтэл энэ сарын 31-ний байдлаар Монгол Улс 3.7 тэрбумын валютын нөөц бүрдүүлэхийг ОУВС шахаж байгаа аж. Магадгүй хуулийн тодорхойгүй ийм байдал үргэлжилбэл энэ онд Монгол Улс 10 тонн алт ч авч чадахгүй гэж Д.Сумъяабазар тодотгосон юм.

“Энэ тохиолдолд бид ам.долларын ханшийг 3000 төгрөг хүртэл алдахыг үгүйсгэхгүй. Юанийн своп хэлцэл, Чингис бондтой холбоотой төлбөрийн асуудал ирэх жилүүдэд хүлээж байна. Тиймээс алт худалдан авалтаа нэмэх зайлшгүй шаардлагыг харгалзан энэ хуулийн төслийг дэмжиж өгнө үү” хэмээн тэрбээр хүссэн юм.

Харин энэ үеэр зарим гишүүн алт тушаалт буурсан нь зохион байгууалттай арга хэмжээ хэмээн хардаж буйгаа илэрхийлж байлаа.

Гишүүн Х.Болорчулуун “Алтны компаниуд маш их лобби хийж байна. Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурсан нь зохион байгуулалттай ажиллагаа. Тиймээс өсөн нэмэгдэх роялтигаа болиод таван хувийн татвартай болгох саналыг гаргаж байна. Алт тушаалт буурсан нь гагцхүү татвараас болсон юм биш” хэмээв. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд 2.5 хувийн татвартай байсан өнгөрсөн таван жилийн хугацаанд алтны салбар, түүнийг Монголдоо үлдээхэд чиглэсэн ямар ажлыг салбарын яам хийснийг асуулаа.

21.9 тонн алт гэдэг 900 сая ам.доллартай тэнцэх эдийн засаг

Тэрбээр “Монгол Улс таван жил энэ хяналтаа яагаад тогтоож чадсангүй вэ. Татварын зохицуулалт байхгүй бол алтаа гадагшаа алдах гээд байна гэсэн логик таван жилийн өмнө л орж ирж байсан юм билээ” гэсэн юм.

Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа шалгалт явуулсан ч хулгайн алттай тэмцэхэд үр дүн гараагүй гэж сайд Д.Сумъяабазар хэлж байлаа. “Хууль бус алт олборлогчид орон нутгийнхаа удирдлагуудтайгаа үгсээд, шалгалт эхлэхээр зугтчихдаг. Тиймээс хил гаалийн шалгалтаа сайжруулахын тулд уих болон бусад төрийн байгууллагын дэмжлэгтэй ажиллахаас өөр гарцгүй” гэв. Нүүрсэн дор нуусан, машины эд анги дотор хийсэн алтыг илрүүлэх боломж Монголын хил гаальд байхгүй аж. Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанк 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн алт худалдан авсан. Эндээс харахад татвартай холбоотойгоор Монголбанкинд худалдах алтны хэмжээ буурсан гэж харж байгаа. харин олборлолт хэвийн байгаа” гэсэн мэдээллийг гишүүдэд өглөө.

Гишүүд алтны компаниудад бууж өгөхөөсөө өмнө нөхөн сэргээлт, хөдөлмөрийн аюулгүй байдлын хариуцлагыг чангатгахыг сануулж байв. Хэдийгээр уг төслийг хэлэлцэхийг дэмжсэн ч хувь хэмжээн дээр нь дахин ярилцана гэдгээ ч илэрхийлэв.




A

Жижиг

A

Дунд

A

Том

2018 онд зарласан тендерийн 70 хувь нь буцсан

Тендер шалгаруулах тусгай агентлаг байгуулна

 0 сэтгэгдэл


Тендерийн асуудлыг цэгцлэх, төрийн худалдан авах ажиллагааг нэгтгэх зэрэг олон чухал асуудлыг тусгасан төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн өөрчлөлтийг өчигдөр хэлэлцэв.

Юун түрүүнд тендер зохион байгуулдаг тусгайлсан агентлагтай болохыг төсөлд тусгажээ. Мөн тендерийн шалгаруулалтад авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхлын зөрчил үүсгэх боломжийг хязгаарласан чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг таслан зогсоохын тулд хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Үүний тод жишээ нь тендерт ялагдсан компани нь шүүхдэж, төрийн худалдан авах ажиллагааг гацаадаг байдал нийтлэг үзэгдэл болсон явдал. Зөвхөн 2018 онд л гэхэд төрийн худалдан авах ажиллагааны 30 хувийн санхүүжилтийг олгож, үлдсэн 70 хувь нь буцаагдсан байна.

Тиймээс хэрэв тендерт оролцсон компани маргаан үүсгэхээр бол тендерийн үнэлгээний нэг хувьтай тэнцэх хэмжээний баталгааны мөнгийг байршуулах зэрэг хариуцлагын асуудлыг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгажээ. Гишүүдийн зүгээс уг хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд худалдан авах ажиллагааны газрыг эргэн сэргээх зайлшгүй шаардлага байгааг онцолж буй. Өөрөөр хэлбэл яам, агентлагууд бодлого гаргах биш тендер зохион байгуулах ажилд ихэнх цагаа зарцуулдаг болсон учраас дээрх агентлагийг сэргээн ажиллуулахыг хүсч байгаа юм.

Түүнээс гадна хуульд дотоодын худалдан авалтыг тусгайлан дэмжих зохицуулалт бий. Үүнд нийт 155 барааг дотоодын үйлдвэрээс худалдаж авахаар тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа тендертэй холбоотой маш их гомдол байдаг. Тиймээс хуулийг өөрчлөх зарчмын хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, тендерийн даалгавар. Бид ихэвчлэн тендерт оролцохоор ирүүлсэн материалыг шалгаруулах гэж зорьдог. Угтаа тендерийг ямар зорилгоор зарлаж байна, түүнд нийцсэн даалгавар өгөх хэрэгтэй. Гэтэл орон нутагт энэ асуудал хоцрогдоод байна. Ажил үйлчилгээний чанар, оновчтой байдалд хэр дэвшил авчирсан хууль болж байгаа вэ хэмээв. Хоёрдугаарт, салбарын онцлогт тохирсон тендер зарладаг.

Тендерийн шалгаруулалтаар маргаан үүсгэж буй компани баталгаа байршуулна

Үүн дээр тусгайлсан зохицуулалт орж байгаа эсэхийг тодруулсан юм.

Сангийн яамны хууль эрх зүйн газрын дарга Н.Энхболд “Хуулийн төсөлд техникийн тодорхойлолттой холбогдуулан бараа, ажил үйлчилгээний стандартад нийцсэн байх ерөнхий агуулгыг хуульд оруулсан. Харин нарийн зохицуулалтыг Засгийн газрын тогтоолоор зохицуулаад явах боломжтой. Нарийн мэргэжлийн мэдлэг шаардлагатай, тэр талаар сайн мэдэхгүй бол орон нутаг мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах нь нээлттэй. Харин уул уурхайн тоног төхөөрөмжийг худалдан авахтай холбоотой тусгайлсан зохицуулалт энэ хуульд тусгагдаагүй” гэв. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг төсвийн байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүлээлт үүссэн шийдвэрүүдээр барьцаалж хууль зөрчсөн томилгоо хийх вий

Улстөржилтийн төлбөр эдийн засгийн хохирлоор хийгдсэний илрэл нь алт тушаалт

 0 сэтгэгдэл


Парламент өдрөө алдаж шөнө гэгчээр намар, өвөлжин хэрэлдээд хавартай золгож ээлжит бусаар гол хуулиудаа хэлэлцэхээр чуулганаа нээлээ. Иргэдийн амьдрал, улсын хөгжилд түлхэц өгөх чухал хуулиудыг хойш тавьсаар өдий хүрсэн шалтгаан нь албан тушаалын төлөөх  тэмцэл, сандал суудлын хэрүүл байсныг монголчууд бүгд мэднэ. Гэтэл ээлжит бус чуулган ч томилгоонд зориулагдаж байгаа нь эхнээсээ батлагдаж байна. УИХ-ын даргын зөвлөл энэ долоо хоногт багтаан олон сараар хүлээгдсэн татварын багцад багтсан гурван хууль, тендерийн хууль, ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн болоод өнгөрөөх төлөвлөгөө гаргажээ. Хуваарийн дагуу өнөөдөр дээрх хуулийн төслүүдийг байнгын хороогоор хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр маргаашийн чуулганаар хийх юм. Мөн эцсийн хэлэлцүүлгийг пүрэв гарагт байнгын хороонд оруулж баасан гарагт чуулганы хуралдаанаар батлахаар зэхэж байна. Уг нь ийм чухал хуулийн өөрчлөлт шинэчилсэн найруулгыг дөрвөн шатны хэлэлцүүлгээр хугацаанд баригдалгүй баталбал “ус” бага, онгорхой цоорхой цөөтэй баймаарсан. Харамсалтай нь УИХ-ын гишүүд томилгоонд хэт анхаараад үндсэн ажлаа халтуурдах боллоо.

УИХ-ын даргын зөвлөлөөс баталсан хуваариар ирэх долоо хоногоос томилгоотой холбоотой шийдвэрүүд гарах төлөвлөгөөтэй. Томилгооны гол зорилго АТГ-ын хоёр дарга, ерөнхий прокурорын орлогчийг солиход чиглэгдэж байгаа. АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудал хуулийн маргаантай. Өмнө нь энэ асуудлаар парламент шийдвэр гаргаж хуульд нийцэхгүй хэмээн Ерөнхийлөгчийн саналыг буцаасан. Энэ удаад ч бас тийм нөхцөл байдал үүсэх магадлал өндөр. АН-ын бүлэг ч томилгоог хуулийн хүрээнд тавибал хэлэлцэх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Мөн ерөнхий прокурорын орлогчийн орон тоо тийм ч цаг хугацаанд баригдсан чухал мест биш. Үүн дээр ЗХЖШ-ын даргыг томилох асуудал цаг хугацаанд шахагдсан тайлбартай орж ирж байна. Цаг хугацаанд шахагдсан үндэслэлийг иш болговол Монгол Улсыг төлөөлөх сайдгүй олон ЭСЯ бий. Өнгөрсөн онд Швед, Их Британид сууж байсан Элчин сайд нарыг эгүүлэн татсан бол энэ оны эхээр Австрали, Тайланд, БНСУ-д илгээхээр нэр дэвшүүлсэн гурван ч хүнийг эгүүлэн татах шийдвэр  гаргаад байгаа юм. Тэдний оронд илгээх Элчин сайд нарыг яаралтай томилох шаардлага л парламентад тулгамдуу байгаа. Гэтэл цаг хугацаанд шахагдаагүй албан тушаалын томилгоог хийх гэж улайран, чанартай хууль батлах үндсэн үүргээ оронцоглож байна.

МАН жижиг ААН-үүдэд олгох татварын хөнгөлөлтийг хойшлуулна

Парламентын гишүүдэд бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээсэн хуулиудыг баталсан нэр зүүх чухал байгаа болохоос иргэдэд хэрэгтэй хуулийг гаргачихъя гэсэн чин хүсэл алга гэдэг нь ч анзаарагдаж эхэллээ. Өчигдөр хуралдсан МАН-ын бүлэг татварын багц хуулийг хэлэлцэхдээ ААН-үүдэд хүлээлт үүсгээд байсан зарим заалтыг өөрчлөхөөр болжээ. Тухайлбал, 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой жижиг, дунд ААН-үүдээс авч байгаа 10 хувийн татварын 90 хувийг хөнгөлөлт хэлбэрээр буцаан олгохоор төсөлд тусгасан. Үүнийг хууль батлагдсан өдрөөс хэрэгжүүлэх байсан ч 2020 он болгон хойшлуулжээ. Уг нь үүгээр 36.8 тэрбум төгрөг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд очих байв. Татварын багц хуульд санал авах хэлэлцүүлгийн үеэр бизнесийн төлөөлөл дээрх заалтыг сайшаахын зэрэгцээ, яаралтай хэлэлцэхийг дэмжиж байсан юм. Энэ мэтчилэн иргэдэд ашигтай хуулийн заалтуудыг сугалж үлдээд байвал татварын хуулийн шинэчлэл хүлээлтэд хүрэхгүй эсэргүүцэлтэй тулж ч мэднэ.

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх зайлшгүй шаардлагатай хуулийн төсөл бол Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн тухай хууль, түүнтэй хамт өргөн барьсан хуулиудад өөрчлөлт оруулах. Эл хуулийн өөрчлөлт цаг хугацааны хувьд хоцорсноос гадна эдийн засагт сөрөг нөлөөгөө аль хэдийн мэдрүүлээд байгаа. Уг нь оны өмнө Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан бол алт тушаалт эрс буурахгүй байлаа. Өнөөдөр Монголбанкинд тушааж буй алт 81 хувиар буурсан нь валютын нөөц, эдийн засгийн өсөлтөд өөрчлөлт оруулах хэмжээнд хүрэв.

Өнгөрсөн оны төгсгөлд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хуулийн өөрчлөлтийг хийх гээд гишүүдийг ятгаад дийлээгүй юм. Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн ч МАН-ын бүлэг дэмжлэг өгөөгүйгээр барахгүй чуулганы хуралдаанд унагах тактик баримталж байсан нь нууц биш. МАН-ын бүлэг үүнийг улс төрийн тоглолтын барьцаа болгож байснаа өнөөдөр хүлээн зөвшөөрч ээлжит бус чуулганаар дэмжихээр болсон. Хэрэв оны өмнө энэ хуулийг баталсан бол алтны роялтийн хөнгөлөлтийн хугацаа сунгагдаж, алт тушаалт хэвийн үргэлжлэх боломж байлаа. Товчхондоо улс төржилтийн төлбөр эдийн засгийн хохирлоор илэрсэн нь энэ. Үнэндээ ниргэсэн хойно нь хашгирсан үйл явц ээлжит бус  чуулганаар өрнөх гэж байна.

Энэ бүгдээс дүгнэхэд энэ ээлжит бус чуулганаар цаг хугацаанд барьцаалагдсан хуулиудыг батлахын далимд хууль зөрчсөн томилгоо хийх зорилго агуулж байна гэж үзэх болох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Эрдэнэт”-ийн 51%-ийг “Стандарт” банкинд алдсан хүмүүст хариуцлага тооцох ёстой

ЖДҮХС-гийн мөнгийг авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардав

 0 сэтгэгдэл


АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооноос мэдээлэл хийж, зарим асуудлаар эрх баригчдаас хариуцлага нэхлээ.

Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан, авахад холбогдсон хүмүүст эрх баригчид хатуу хариуцлага тооцох ёстой гэж тэд үзээд байна.

“Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж гадаадын банкнаас авсан зээлээ төлж чадаагүй буруутай этгээдүүдийн өмнөөс тус үйлдвэр өдөрт зөвхөн зээлийн хүүгийн төлбөрт 100 сая төгрөг, сард нэг сая ам.доллар төлж байгаа. Тиймээс улсад учруулж буй хохирлыг барагдуулахын тулд хууль ёсны дагуу шалгах хэрэгтэй гэж АЗХ-ны тэргүүн С.Эрдэнэболд хэллээ.

Мөн ЖДҮХС-гаас 120 орчим тэрбум төгрөгийг МАН-ын эрх баригч дарга нар ойр тойрныхоо хүмүүст авч өгөн жирийн иргэдийн боломжийг булаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хариуцлага нэхэв.

Энэ асуудалд Засгийн газрын нэр бүхий сайдууд, 20 гаруй гишүүн оролцсон. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шударга ёсыг тогтооно” гэж хэлсэн үгэндээ хүрч, “ЖДҮ”-чин гишүүдийнхээ эрхийг түдгэлзүүлж, шалгуул” гэж сөрөг хүчний залуус шаардав.

Саяхан АН-ын зарим залуус мэдээлэл хийж, “Намын удирдлагууд нь МАНАН бүлэглэлийг хамгаалж байна” гэх мэдээллийг өгсөн. Энэ талаар С.Эрдэнэболд “Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хүндэтгэж байгаа ч шинэчлэлийн төлөө явж буй намаа бүхэлд нь харлуулж болохгүй. МАНАН бүлэглэл 2004 оноос эхлэлтэй. 2004 онд Ерөнхий сайдын суудлаар эхэлсэн МАНАН, 2008 онд таван хүний эрдэнэт амь эрсэдсэний дараа шадар сайдын суудлыг тухайн үеийн АН-ын даргад өгснөөр улам бүр бэхэжсэн. Ийнхүү урт хугацаанд хоёр намын эрх ашгаар сүлбэлдсэн хүмүүсийн харилцаан дээр МАНАН бий болсон. Өнөөдөр АН-ын залуус МАНАН-гийн аливаа нэгэн харилцааг залгамжилж авч үлдэхийг хүсэхгүй байна.

Мөн үүнээс болж хэн нэгнийг хамгаалж, хэн нэгнийг буруутгахдаа улс төрийн явцуу ашиг сонирхолд хөтлөгдөхгүй байхыг эрмэлздэг. Тиймээс хэн нэгнийг үгүйсгэхийн тулд залуучууд гар хөл болохгүй байхыг уриалж, цаашид АН бодлого суурьтай, үзэл баримтлалтай зарчмаар ажиллана” хэмээв.