A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2457/

Гэрэлт ирээдүй гэх цөмийн эрчим хүч

Цөмийн эрчим хүчний 451 реактор ажиллаж, 41 нь түр зогссон буюу ажиллагаагүй байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2457/


“РОСАТОМ” компанийн урилгаар ОХУ-ын Сочи хотноо АТОМЭКСПО хэмээх олон улсын том арга хэмжээнд оролцлоо. Дэлхий дахин атомын эрчим хүчийг сонирхож сонирхол нь улам өсөж байна. Ерөөсөө тулхтай тогтвортой хөгжлийн үндэс нь атомын генерац болно гэдгийг сонсож мэдэж, итгэж үнэмшлээ. Энэ бол айж хулгах сэдэв биш, даян дэлхийгээрээ чөлөөтэй ярилцдаг сэдэв ба дэлхий нийтээрээ атомын түншлэл явуулах дээрээ тулчихсан юм байна.

Орос орны хөгжлийн түлхүүр нь явж явж зэвсэг, нефть, байгалийн хий бус цөмийн эрчим хүч болох нь харагдлаа. Тэнд олж сонссон, уншсанаар бол дэлхийн 31 улсад атомын цахилгаан станц ажилладаг. Энэ удаа Сочид 70 гаруй улсын төлөөлөгч цугласныг бодвол тэр “31”-ийг “70” хүргэх зорилго агуулсан мэт. Дэлхийд ихэнх атомын станцууд Европ, Хойд Америк, Зүүн хойд Ази, мөн хуучин СССР-ийн улсуудад байдаг ба Африк, Австрали, Далайн орнуудад байдаггүй аж. Харин одоо буй болгохоор судалгаандаа яваа гэлцэнэ. Энэ гариг дээр цөмийн эрчим хүчний 451 реактор ажиллаж, 41 нь түр зогссон буюу ажиллагаагүй байгаа аж.

Ази ба хөрш зэргэлдээ орнууд руугаа тольдлоо. Хятад улс Сочийн хурлын идэвхтэй оролцогч болж олон төлөөлөгчөө илгээсэн ба 26 энергоблоктой гэдгээрээ толгой цохиж яваа юм байна. Дэлхийд сүүлийн 10 жилд 47 атомын станц ашиглалтад орсны бараг бүгд азид, тэр дундаа азид одоо ажиллаж байгаа атомын станцуудын гуравны нэг нь гуравхан улсад (Хятад, Энэтхэг, Орос) хамаардаг. Ялангуяа БНХАУ атомын эрчим хүчийг эзэмших талаар өргөн хүрээтэй программ хэрэгжүүлдэг гэхээр манай улсад ч шууд бишээр хамаарах мэт. Бид яг хаяанд нь байгаа.

Оросыг онцлон дээр нэг өгүүлбэр хэлснээ лавшруулъя. Үнэхээр атомцөмийн эрчим хүчээр дэлхийд толгой цохиж яваа айл. Оросоос хилийн чанадад явуулж байгаа атомын эрчим хүчний төслүүдийн жагсаалт гэж тоймгүй олон. “Атомстройэкспорт” гэж тусдаа барилга байгууламж, объектыг нь барьж өгдөг компани байна. 2019 оны энэ цаг үеийн байдлаар долоон атомын станц гадаадад байгуулж байгаа (Туркийн Аккую 1, Белоруссия 1 ба 2, Энэтхэгийн Куданкулам 3 ба 4, Бангладешийн Руппур 1 ба 2 болон дахиад наймыг ойрын үед барина гэж оросууд бардам ярьж байна. Цуцалсан нь ч ганц нэг байна. Нөгөө муу нэрт, хардлагад өртдөг ираны Бушер-1 станцыг 1975 онд Зөвлөлт улс эхлүүлээд 2013 онд ОХУ ашиглалтад өгсөн гэсэн баримт сонслоо. Бас Хятадад 1999-2000 онд эхлүүлээд 2007 онд ашиглалтад өгсөн Тяньвань 1 ба 2 гэх хоёр станц, 2012-2013 онд эхлүүлээд 2018 онд ашиглалтад оруулсан Тяньвань-3 ба 4 гэх хоёр станц, Энэтхэгт 2002 онд эхлүүлээд 2014, 2016 онд ашиглалтад оруулсан Куданкулам 1 ба 2-ыг амжилттай төслийн тоонд оруулжээ. Одоо Белорусс, Энэтхэгээс гадна Турк, Бангладешт ид барьж босгож байна. Бариулсан, бариулж байгаа нь ойрын 10 жилийн дотор дахин нэмж бариулахаа төсөл болгоод баталгаажуулчихсан, эдэн дээр Египет, Унгар, Финланд, Cлoвaк, Apмeн шинээр нэмэгдэж, дээр нь Турк гурвыг, Хятад дөрөвийг (Сюйдапу 3 ба 4 гэх мэт) шинээр бариулна гээд ирэх 10 жилийн дотор бүр ч уухайлах төлөвтэй.

Эдүгээ “РОСАТОМ” нь баяжуулсан ураны дэлхийн нийт зах зээлийн 40 хувийг, атомын станцуудад цөмийн түлш нийлүүлэх зах зээлийн 17 хувийг хариуцах ба энэ компани дээрх нэр бүхий улсуудаас гадна Өмнөд Африк, Аргентин, Казахстан, Нигери, Узбекистанд төсөл, барилга байгууламжийн контракттай, манай улстай ураны ордын боловсруулалтын хамтарсан төслийн хэлэлцээ явуулж байгаа хэмээн баримт бичигт нь бичээтэй байна.Энд олон улс орны нэр дурдагдлаа. Бас дэлхийн 70 гаруй улс орон сонирхож байна. Тэдний дотор Монгол бий. Ер нь уран ба атомын эрчим хүчний бизнес, бүтээн байгуулалт манай улсыг хэзээ нэгэн цагт дайрах л юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө.

Атом-цөмийн эрчим хүчний ач холбогдлыг Сочид амаа цангатал ярьцгаалаа. улс орнууд хүн ам, эдийн засгийн өсөлт, түүхий эдийн хомсдол, байгаль, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал зэргээс үүдэн цөмийн эрчим хүчийг сонирхох хандлага нэмэгдэж байна. Аюул ослын тухай бус бүр ногоон эдийн засаг, эко орчинд цөмийн эрчим хүч гол тулгуур нь гэж ярихыг сонсоод монгол хүнд итгэл төрөхгүй л дээ. Гэтэл дэлхийн тэргүүлэх биологийн 65 эрдэмтэн 2015 онд Friends of the Earth, Greenpeace зэрэг байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудад нээлттэй захидал илгээж, цөмийн эрчим хүч нь манай гаригийн ногоон байгаль орчинд хамгийн бага хөнөөл учруулдаг эрчим хүчний эх үүсвэр мөн. Түүнчлэн устаж үгүй болохын даваан дээр байгаа ургамал, амьтны олон төрөл, зүйлийг хамгаалахад онцгой үүрэгтэй тул цөмийн эрчим хүчийг дэлхийн эрчим хүчний бүтцийн үндсэн хэсэг болгохоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн уриалсныг Сочид ам бардам ярьцгааж, бүр киногоор уриалан дуудаж байх юм.

Цөмийн эрчим хүч эрүүл мэндийн салбарт нэн чухал болсон тухай салбар хуралдаанд сууж байхдаа миний тэмдэглэж авсан зүйл монгол уншигчдад сонин байж болно. Юу гэвэл, дэлхийн олон улс оронд эрүүл мэндийн салбарт цөмийн технологи томоохон байр суурь эзлэж байна. Эрүүл мэндийн салбарт хүний биеийн эд, эс, эрхтний үйл ажиллагаа, өвчлөлтийн голомтыг молекулын түвшинд оношилж эмчлэхэд цөмийн технологийг өргөн хэрэглэж байна. Оношилгоонд бүр ч амин чухал аж. Дэлхийн цөмийн эрчим хүчний нийгэмлэгийн судалгаагаар АНУ-д жилд 311 сая хүнээс 18 сая, Европт 500 сая хүнээс 10 сая нь цөмийн онош зүйн оношилгоонд ордог бөгөөд энэ тоо жилд 10 хувиар өсөж байна. Дэлхийд 10 мянга гаруй эмнэлэг нийт оношилгооныхоо 90 хувийг цацраг идэвхт изотопыг ашиглан хийж байна. Цацраг идэвхт изотопоос хамгийн өргөн ашиглагддаг нь техници гэж бодис байдаг ба жилд 30 саяыг үзлэгт ашиглаж, нийт оношилгооны 80 хувийг түүгээр явуулдаг. Техницийн изотопыг ихэвчлэн цөмийн реакторт ураны цөмийн урвалын задралаас гарган авна. 2000 он хүртэл ихэнх улс орнууд цөмийн онош зүйг хоёр болон гурван хэмжээст технологид суурилсан аппаратуудыг ашиглан хийж байсан бол сүүлийн жилүүдэд технологийн дараагийн шатны хосолсон систем нэвтэрч эмгэгийг эсийн түвшний өөрчлөлт болон физиологийн буюу бүтцийн өөрчлөлтийн мэдээллийг нэгтгэн гурван хэмжээст технологиор илрүүлдэг болсон байна.

Эмчилгээнд хэрхэн ашигладаг вэ. Цацрагийн эмчилгээний гол зорилго нь хавдрын эд эсийг цөмийн цацрагаар үйлчлэн үхүүлж, үржил хуваагдлыг саатуулах, хэт ургалт, архаг үрэвслийг зогсоодог, туяа эмчилгээг зайн болон дотоод шарлагаар хийдэг. Сүүлийн жилүүдэд туяа эмчилгээний дэвшилтэт технологиуд шинээр нэвтэрч, цацрагийн тунг өндөр нарийвчлалаар зөвхөн хавдрын эд эсэд өгөх, өвчтөний амьсгалын хөдөлгөөнд тохируулж цацрагийн тун, зайн зохицуулалт хийх, орон зайнаас роботын тусламжтай ионжуулагч цацрагаар шарлага явуулах систем ашиглагдаж байна гэхчлэн орос эрдэмтний илтгэлд бичсэн байв.

Хэд хэдэн салбар хуралдаанаас энэ мэт монголчуудад сонин, хэрэгтэй мэдээлэл хайж явахдаа бидний амьдралд ахуйд хэрэглэчихээр, санууштай мэдээлэл олныг үзлээ. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүртэл баахан уран, атом л яваад байдаг, хүн гэж ер нь уран, атомаар л хооллодог гэлтэй. Хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай эрүүл, тэжээллэг хүнсний найдвартай эх үүсвэрийг бий болгоход, мөн тариалан, мал аж ахуй, хүнс, байгаль орчны аюулгүй байдлыг хангахад цөмийн технологийг өргөнөөр ашигладаг болчихсон юм байна. Тариаланчдад сонин байж магадгүй. Цөмийн технологийг шинэ төрлийн, шимтэй, усалгаа бага шаарддаг, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож ургадаг үр тариа, ургамлын шинэ сорт гарган авах, хөрс, усны менежментийг сайжруулах, ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, хөрсний эвдрэлийг тодорхойлох, хөрсний био бордоо үйлдвэрлэх, хортон шавжтай тэмцэх ажлуудад ид ашиглаж байна. Мөн малын эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчинд ээлтэй фермерийн аж ахуй буй болгох, шинэ үүлдрийн шилмэл мал сүргийг гарган авах, малын өвчнийг оношлох, тохирох вакцин үйлдвэрлэх зэрэгт цөмийн технологийг өргөнөөр хэрэглэдэг ажээ. Гэр орондоо эсвэл албан газар, цэцэрлэг, сургуульд хүртэл зөвшөөрөгдөх цацрагийн тунгаар хүнсний бүтээгдэхүүнийг шарж хадгалдаг, тэгснээр бүтээгдэхүүний шинж чанар өөрчлөгдөхгүй, харин ч нян бактер паразитуудыг устгаж, жимс, хүнсний ногоог муудахаас сэргийлж цацрагийн тунгаар шарвал хадгалалт уртасна. Дэлхийн 60 гаруй оронд хүнсний аюулгүй байдлаа сайжруулах зорилгоор энэ аргыг ашиглаж байна.

Ерөөсөө эдийн засагт асар их ач холбогдолтой. Цөмийн технологиор үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, мэдээлэл цуглуулах, хяналтын үйл ажиллагаа, эрдсийн анализ хийх, хольц тодорхойлох, бараа материал тоног төхөөрөмжийг ариутгах, цаашлаад Монголоос бусад олон улс орон хүнд хөнгөн үйлдвэртээ өргөн ашигладаг болж таарч байна. Уул уурхайн салбарт гэхэд л геофизикийн судалгаанд эрдэс баялагт шуурхай анализ хийх, эрдэст агуулагдах элементүүдийн агуулга, нягтыг тодорхойлох зорилгоор цөмийн технологийг ашиглана.

Түүнчлэн олон төрлийн цөмийн технологид суурилсан багаж тоног төхөөрөмжийг дэд бүтэц, хүнд аж үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэр, машин механизм, барилга, агаарын болон далайн тээврийн үйлдвэрт ашиглана. Материалын дотоод гэмтэл, согог, эвдрэлийг шалгах, үйлдвэрт хоолойгоор урсах түүхий эдийн урсгалын хурд, найрлага, түлш, нефть, нүүрс зэргийн хадгалах савны дүүргэлтийг тодорхойлох, өндөр температурт боловсруулах боломжгүй эрүүл мэндийн хэрэгслийг ариутгах,экспортод гаргах түүхий ноос, ноолуурыг цацрагаар шарж хорхой шавж, нянг устгах, цахилгаан болон цахилгаан хосолсон гибрид тээврийн хэрэгсэл, цөмийн хөдөлгүүрт хөлөг онгоц, устөрөгчийн үйлдвэрлэл, сансрын хөлөг, хиймэл дагуулд хүртэл цөмийн технологийг өргөнөөр ашигладаг гэхчилэн цуглуулсан мэдээллээ азная.

Дэлхийн цөмийн эрчим хүчний нийгэмлэгээс 2011 онд гаргасан бодлогын баримт бичигт ураны олборлолт, боловсруулалтыг төгс явуулах шаардлагыг тусгаж өгсөн ба үүний тулд дараах 11 зарчмыг баримтлах ёстой юм байна. Үүнийг би яах гэж жагсааж байна гэвэл атом-урандаа бус хүний үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалж осол эндэгдэл гардаг, эрсдэл учирдаг гэдгийг бичих гэсэн ухаантай юм. Энэ 11 шаардлагыг ягштал мөрдчихвөл цөмийн эрчим хүч аль ч улсад нээлттэй ба ашигтай. үүнийг манай улс бодууштай. Энэ 11-ийг дурдвал, 

1. Тухайн улсын тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулах

2. Хүн амын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалсан байх

3. Олон улсын эрх зүйн орчинтой нийцүүлэх, үүнд олон улсын атомын эрчим хүчний агентлагаас мөрдүүлэх техник, технологийн болон цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм журам, зөвлөмжид нийцүүлэх

4. Нийгмийн хариуцлагатай байх

5. Аюултай материалын менежменттэй байх

6. Чанарын менежментийн системтэй байх

7. Болзошгүй ослын бэлэн байдлыг хангасан байх

8. Аюултай материалыг тээвэрлэх эрхзүйн орчин, дэд бүтэцтэй байх

9. Хүний нөөц, сургалтын асуудлыг шийдсэн байх

10. Цацраг идэвхт үүсгүүр болон цөмийн материалын аюулгүй байдал хангагдсан байх

11. Уурхайн хаалт, нөхөн сэргээлт хийх туршлага хуримтлуулсан байх

Энэ “11”-ийг зөрчсөн улс орнуудын гашуун сургамж бас байна. Цацраг идэвхт ашигт малтмалыг үр өгөөжтэй эдийн засгийн эргэлтэд оруулж, нийгэм эдийн засагтаа тодорхой үүрэг гүйцэтгэж чадаагүй африкийн Нигер, Чад, Малави,  Габон зэрэг орон дээрх 11 зарчмыг нэвтрүүлж өөрийн орондоо ашиглаж мөрдүүлээгүйгээс ихээхэн эрсдэл туулжээ. Эдгээр орны нийтлэг бэрхшээл нь геополитикулс төрийн тоглоомд оролцох гээд хохирсон, дотоодын хариуцлага сахилга илт дутсан, хүн амын боловсрол дорой, авлига хээл хахуульд идэгдсэн зэргээс шалтгаалан цацраг идэвхт ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд оруулж, амжилттай ажиллаж чадаагүй байна.

Хэрэв манай улс уран-атомын эрчим хүчний үйлдвэрлэл-бизнес эрхлэх аваас (тэгэх нь гарцаагүй, чухам хэзээ бол) миний Сочид олж авсан мэдээллээр бол есөн төрлийн сул талаас зайлсхийх ёстой юм байна. Манайд энэ бизнес мөд ороод ирнэ, хүссэн хүсээгүй бид авна гэдэг утгаар монголчуудын хариуцлагын тухай л яриад байгаа юм. Үүнд:

1. Хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүй удвал хуулийн хийдэгдэл гарцаагүй

2. Цацрагийн хамгаалалт, байгаль орчин, хүн амыг болзошгүй цацрагийн нөлөөллөөс хамгаалах эрх зүйн орчин чухал юм. Аюулгүй ажиллагааны дүрэм журам, стандартыг даруй мөрдөх ёстой;

3. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин муу байж болохгүй. Өөрт ногдох хөрөнгө оруулалтыг дотоод хөрөнгийн эх үүсвэрээс шийддэг чадвартай байх ёстой

4. Хүний нөөцийн хөгжил нэн чухал. Нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх суурь боловсролын байгууллага, институц бүр чухал

5. Улс орны эдийн засаг сул дорой байж болохгүй

6. Улс төрийн нөхцөл тогтвортой байх ёстой

7. Хяналтын систем чанга, судалгаа шинжилгээний байгууллага, нарийн шинжилгээний лаборатори хангалттай байх ёстой

8. Ард иргэдэд эерэг мэдээлэл, ойлголт нэн чухал

9. Төрийн бус байгууллагуудын хяналт чанга байх ёстой, тэгвэл африкийн орнуудын гашуун түүхийг тойрч гарч чадна гэлцэнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Эрдэнэбат: 2020 оны сонгууль руу чиглэсэн үйл ажиллагаа эхэлж байна

 0 сэтгэгдэл


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг прокуророос яллагдагчаар татах тогтоолыг АТГ-т ирүүлжээ. Уг тогтоолтой тэрбээр танилцсан талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авсантай холбогдуулан түүнийг яллагдагчаар татсан аж.

Тэрбээр хэлэхдээ “АТГ надаас гэрчийн мэдүүлэг авсан. Дараа нь маш шуурхай яллагдагчаар татах тухай прокурорын 75 тоот тогтоол гарсан. Иргэнийхээ хувьд энэ тогтоолтой хууль журмын дагуу танилцаж гарын үсэг зурлаа. Гэтэл өчигдөр мөрдөн байцаагчтай уулзаж тогтоолтой танилцсаны дараа хэвлэлээр ялын үндэслэл, яллагдагчаар татсан тухай эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл тархсан. Эрүүгийн хуульд аливаа нэгэн мэдээллийг өгөхдөө прокурорын зөвшөөрөл өгөх ёстой. Би ч бас иргэнийхээ хувьд уг асуудлыг хуулийн дагуу, ямар нэг улс төргүйгээр, олон нийтэд дулиан дэлгэхгүйгээр асуудалд хандаж ирсэн. Гэтэл яагаад процесс хуулийн дагуу явж байхад эх сурвалжгүй, үндэслэлгүй мэдээллийг зорилготой тараах болов гэдэг нь анхаарал татаж байна. Яг тэр өдрийн болсон үйл явдлыг ажиглаад харж байхад Л.Оюун-Эрдэнэ сайд хөгжлийн банкны асуудлаар, мөн энэ хэрэгтэй холбоотой асуудлаар, Ч.Хүрэлбаатар сайд “Эрдэнэт”ийн 49 хувьтай холбоотой асуудлаар нийтэд мэдээлэл хийсэн. Энэ бүгдийг уялдуулаад харахад улстөржсөн шинж агуулагдаж байна гэх дүгнэлтэд хүрч байна. Тийм учраас би өнөөдөр АТГ-ын дарга, Ерөнхий прокурорын газарт хүсэлт хүргүүлж байгаагаа албан ёсоор мэдээлж байна” гэлээ.

Хүсэлтэд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр прокурорын мэдэгдэх бололцоотой гэсэн хэмжээгээр нийгэмд мэдээлж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн явдлыг хяналтдаа авч шалгаж өгнө үү хэмээжээ. Түүнээс гадна АТГ-ын дарга З.Дашдаваад “Яг энэ үндэслэлээр зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин олон нийтэд эх сурвалжгүй мэдээлэл дэлгэн улстөржсөн үйл ажиллагаа явуулсныг анхааралдаа авна уу” гэсэн хүсэлт дахин явуулж байгаа гэв.

Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын компани худалдан авсан тухайд тэрбээр “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалт Монгол Улсад ямар ч хохирол авчраагүй. Гэтэл онц ноцтой хохирол учруулсан мэт худал үндэслэл гаргаж байгаа нь буруу. Үүгээр “Эрдэнэт” үйлдвэрт өмнө нь гардаг байсан хулгай луйврын хэргийг хаацайлах оролдлого хийж байгаа мэт харагдаж байна. Өнөөдөр нийгэмд байгаа үнийн хөөрөгдөл, архидалт, гэмт хэрэг, өвчин зэрэг асуудлыг намжаах гэсэн арга болжээ” гэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарахыг дахин шаардлаа

УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна

 0 сэтгэгдэл


УИХ-ын 49 гишүүн ЖДҮХС-гийн хөрөнгөөс жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөртөө авсан, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мулталсан, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэмт хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна гэж үзээд УИХ-ыг өөрөө тарах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга дахин гаргалаа.

Тэрбээр хагас жилийн өмнө мөн УИХ-ыг өөрөө тарах санал гаргаж байсан юм. харин энэ удаа “...Наад зах нь төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсжээ. Та бүхний батлан гаргасан татварын багц хуульд хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулах зүйл, заалт өчнөөн олноор орсон. Сангийн сайд нь өөртөө шүүх эрх мэдлээс давсан олон боломж гаргасан, бизнес эрхлэгчдийн өмчлөх, чөлөөтэй зорчих эрхэд халдсан, иргэншлийн ололт болсон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн суурь зарчмыг эвдсэн олон заалтыг бусдын нөлөөлөлд автсан байдлаар оруулсныг УИХ асар хайхрамжгүйгээр, хянан үзэлгүйгээр баталлаа” гэв.

Тэрбээр хагас жилийн өмнө мөн УИХ-ыг өөрөө тарах санал гаргаж байсан юм

Тиймээс ёс зүйгүй явдал, увайгүй хандлагын үлгэр жишээ болсноос бус, ард олныг итгүүлэн үнэмшүүлэх, сайн сайханд манлайлан дагуулах чадваргүй болсон УИХ-ыг өөрөө тарахыг уриалж байна гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцоллоо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ардчилсан нам эрх баригчдын эсрэг жагсана гэв

10 сая ам.долларын авлигын дуулианы араас дахин нэг сайд 1.2 сая еврогийн хэрэгт холбогдсон гэв

 0 сэтгэгдэл


АН-ын удирдлагууд Засгийн газрыг огцруулахаар бүтэн сарын турш жагсаал, цуглаан зохион байгуулах болсон талаараа мэдэгдлээ.

Тус намын дарга С.Эрдэнэ Засгийн газрыг огцруулах болсон үндэслэлийг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлав. Тэрбээр “АН-ын зүгээс сарын өмнө жагсаал цуглаан хийж, эрх баригчдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариуг өгч, арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн шөнө гэхэд шатахууны үнэ өслөө. Үнийн өсөлтийг хязгаарлахад төрийн бодлого үгүйлэгдэж байна. Мах болон хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөр биш, цагаар өсөж байна. Тиймээс хариуцлагагүй УИХ, Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй.

Мөн нийгмийг хамарсан халдварт өвчин хэн хүнийг ялгахгүй нийгэмд аюул занал учруулж байна.

Сүүлийн үед сурагчдын дунд сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын бодлого алдагдсаны илрэл. Өнөөдөр хуульгүй, шүүхгүй юм шиг авирладаг асуудал хэрээс хэтэрлээ. 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад 1.2 сая еврогийн авлига авсан хэрэг асуудал сөхөгдөөд эхэллээ. ЖДҮХС-гаас олон зуун сая, тэрбумаар нь завшсан сайдуудын нэгэнд нь ч хариуцлага тооцсонгүй. шударга ёсны билэг тэмдэг болж томилогдсон хуулийн байгууллагын шинэ удирдлагууд арга хэмжээ авахгүй байна. Концессын 800 гаруй тэрбум төгрөгийн асуудал, хүчирхийлэгчийн асуудал, төрийн яаманд болсон аллагатай холбоотой асуудал гээд олон хэрэг шийдэгдсэнгүй. Тиймээс  үүний эсрэг нийтээрээ тэмцэх шаардлагатай гэж АН-ын гүйцэтгэх зөвлөлөөс үзэж байна” гэсэн юм.

Түүний хэлсэн үг, Засгийн газрыг огцруулах үндэслэл үүгээр зогссонгүй. АН-ын зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан хэргийг эрх баригчид замхруулах чиглэлд явж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Стандарт банкны өрийн эхний 40 сая ам.долларын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж, үлдэгдэлд нь 40 сая ам.долларын зэсийн баяжмалыг зуучлагч компанид өгөх тохироо хийсэн дуулдаж байгаа тухай АН-ын дарга мэдэгдсэн. Мөн тэрбээр “үүний цаана ямар луйвар нуугдаж байгааг татвар төлөгчид мэдэх эрхтэй. “Эрдэнэт”-ийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ирэх жил дуусна. үүнийг хэрэг хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтөөр аргалахаар хүлээж байна” гэж мэдэгдэв.

• Ирэх долоо хоногийн пүрэв гарагт АН-аас бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. 

• 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад 1.2 сая еврогийн авлига авсан хэрэг сөхөгдөж эхэллээ. 

• “Эрдэнэт”-ийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ирэх жил дуусах тул хэрэг хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтөөр аргалахаар хүлээж байна” гэв.

Дээрх үндэслэлүүдийг нэгтгээд АН жагсаал зохион байгуулах шийдэлд хүрсэн аж. Тиймээс тавдугаар сарын 30-нд бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж, Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардах аж. Мөн УИХ дахь АН-ын зөвлөл Б.Пүрэвдорж гишүүний Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах хүсэлтэд анхаарал хандуулахаа илэрхийлсэн. Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл гарлаа. Энэ үнэн үү?

-Эрдэнэбат гишүүнийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл албан бус. Харин өчигдөр хууль хяналтын байгууллагаас дуудаж уулзсан гэсэн. Ямар учраас дуудсаныг мэдэхгүй байна. Өөрөө энэ тухай тодорхой тайлбараа өгөх байх.

-Хэнтий аймагт нэр дэвшигчийг энэ сарын 24-28-ны өдрүүдэд тодруулах ёстой. АН нэр дэвшигчээ хэзээ тодруулах вэ?

-Манай нам хуулийн хугацаанд нэр дэвшигчээ тодруулж, сонгуулийн хороонд бүртгүүлнэ. Энэ сарын 27-нд үндэсний бодлогын хороо хуралдаж, нэр дэвшигчийг тодруулна. Түүнээс гадна үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн байгаа. Үүнийг эрх баригч намын давхар мэх гэж харж байгаа. Нөхөн сонгуулийг эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх, үгүй бол Цэцийг ашиглаж нөхөн сонгуулийг хүчингүй болгох санаатай байна гэж харж байна.

-АН-ын дэд дарга Г.Батхүүгийн нас барсан хэсэгт камер байхгүй гэсэн. Гэхдээ Төрийн ордонд нууцын зэрэглэлтэй хэд хэдэн камер байгаа гэдгийг хэлэх хүмүүс байна. Танай намынхан камер байгаа эсэхийг шалгаж үзэв үү?

-Төрийн ордонд нууцын зэргэлэлтэй камер хаана байгааг мэдэхгүй байна. Төрийн ордны хамгаалалтын албан дарга “гишүүдийн халдашгүй байдалтай холбоотойгоор камер байрлуулах боломжгүй байдаг” гэж хэлсэн. Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү агсны хэрэг явддыг тохиолдлынх биш гэж үзэж, мэдэгдэл гаргасан. Үүнийг хуулийн байгууллагаас яаралтай шударгаар тогтоож, олон нийтэд мэдээлэхийг шаардсан. Тухайн үед зориудаар хэрэг гарсан оройноос талийгаачийг бие муутай байсан, зүрх нь өвдсөн гэх мэдээллийг маш шуурхай тарааж эхэлсэн. Энэ бол олон нийтийн анхаарлыг сарниулах гэсэн зорилготой мэдээлэл. Үүний цаана жинхэнэ сэдсэн, гүйцэтгэсэн, захиалсан хүмүүс байх магадлалтай гэж бид хардаж байгаа учраас хуулийн байгууллага энэ хэргийг шударгаар шийднэ гэдэгт итгэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

2020 онд “Ирээдүйн өв сан”-д нэг их наяд төгрөг хуримтлагдана

Аудитын албан тушаалтнууд цалингаа нэмүүлэх хүсэлт ирүүлжээ

 0 сэтгэгдэл


Ерөнхийлөгч Х.Баттулга татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн хэлэлцэх хугацааг хойшлуулах хүсэлтийг төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Тиймээс ирэх даваа гарагт уг асуудлыг хэлэлцэнэ гэж тус байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн мэдэгдсэн юм.

Үргэлжлүүлээд тус хуралдаанаар Монгол Улсыг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэв. Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийт 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Улсын төсвийн хөрөнгөөр нэг их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс хоёр их наяд 111.9 тэрбум төгрөг болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хөрөнгө оруулалтаар зургаан их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр Сангийн яам төлөвлөсөн байна. 

Ингэснээр эдийн засгийн бодит өсөлт зургаан хувь, инфляцын түвшин найман хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас хэтрэхгүй, ажилгүйдлийн түвшин 6,5 хувиас бага байна гэж тооцоолжээ.

Мөн төсвийн тухай хуулийн дагуу тогтворжуулалтын сан, ирээдүй өв сангаар дамжиж хуримтлал бий болдог. Эдгээр сан 2019 оноос өргүй болж эхлэх аж. Ирээдүйн өв санд 2019 онд батлагдсан төсвөөр 553 тэрбум төгрөг, 2020 онд нэг их наяд гаруй төгрөг хуримтлагдахаар тооцсон байна.

Түүнчлэн зээлийн хүүг захиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсдэг гэж Сангийн сайд хэлэв. “2016 онтой харьцуулахад зээлийн хүү гурван пунктээр буусан. Улсын их Хурлаас баталсан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гадны хөрөнгийн эх үүсвэрийг оруулж, гарахад 10 хувийн татвар авдаг байсныг хоёр дахин бууруулж таван хувь болгосон.

Ингэснээр зээлийн хүүг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн гадны банк оруулахад эрх зүйн орчныг зохицуулах хуулийг шуурхай баталбал зээлийн хүү буурах боломжтой” гэж Ч.Хүрэлбаатар сайд онцолсон.

Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн дараагийн асуудал нь “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” төсөл байв.

Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалын зэрэг нь ТӨ-IVA-д заасан адилтгах албан тушаалын зэрэглэлд хамрагддаг.

Зээлийн хүүг захиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсдэг

Энэ нь Монгол улсын Ерөнхий прокурорын албан тушаалын ангилал зэрэглэлтэй адил аж.

Мөн саналд цалинг нэмэгдүүлэх санал болон судалгааг хавсаргасан байна. Энэ судалгаагаар үндэсний аудитын газрын нэг албан хаагчийн албан тушаалын дундаж цалин нь ерөнхий прокурор, АТГ, шүүхийн байгууллагын албан тушаалын дундаж цалингаас 14-54 хувь бага байгаа аж.

Аудитын байгууллагын албан хаагчид нь дээрх байгууллагын албан хаагчдын адил нотлох баримтад тулгуурлаж ажилладаг ба аудитын байгууллагаар илэрсэн зөрчлийн нотлох баримтад тулгуурлан хууль хүчнийхэн мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг. Иймд цалинг тогтоохдоо аудитын байгуулагыг хараат бусаар, бие дааж ажиллах боломжийг хангах нь зөв юм гэжээ.

Өнөөдрийн байдлаар Ерөнхий аудиторын цалин 1.7 сая төгрөг байгаа аж. Харин Ерөнхий прокурорынх 2.2 сая байгаа юм. Тиймээс цалинг 1,879.350 төгрөг болгон нэмэгдүүлэх саналыг ирүүлжээ.

Түүнээс гадна Ерөнхий аудиторын орлогч, ҮАГ-ын тамгын газрын дарга, газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор, газар, хэлтэс, албаны дарга…гэх мэт албан тушаалтан, шинжээч, менежерүүдийн цалинг нэмүүлэх хүсэлт ирүүлснийг төсвийн байнгын хорооны гишүүд дэмжлээ.