A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4561/

Гэрээсээ ажилладаг хүмүүсийн анхаарал 33 хувиар илүү төвлөрдөг

Гэрээсээ ажилладаг хүмүүсийн анхаарал 33 хувиар илүү төвлөрдөг
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4561/
  • Стенфорд болон бусад эх сурвалжийн судалгаагаар ажлаа гэрээсээ хийх нь бүтээмжийг эрс нэмэгдүүлдэг гэж үзжээ
  • Gallup-аас явуулсан өөр нэг судалгаагаар гэрээсээ долоо хоногт 3-4 өдөр ажилладаг ажилчид ажлын байран дээрээ ажилладаг ажилчдаас 33 хувиар илүү ажилдаа анхаарч байсан бөгөөд ажилдаа үл анхаарах хандлага нь 15 хувиар бага байжээ

Манай улсад шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш ихэнх байгууллагууд ажилчдадаа гэрээсээ ажлаа хийх боломж олгосон. Асар хурдацтай хөгжиж буй шинэ эрин үед энэ нь тийм шинэлэг зүйл биш. Олон улсад жил ирэх тутам хүмүүс ажлын уян хатан нөхцөлийг эрэлхийлж, гэрээсээ ажиллах боломжийг анхааралдаа авах болжээ. Учир нь гэрээсээ ажлаа хийж байгаа хүмүүс илүү үр дүнтэй ажилладаг болох нь судалгаагаар батлагдсан аж. Ингээд гэрээсээ ажиллах нь ямар давуу талтай болох талаарх мэдээллийг сонирхуулж байна. 

Ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг

Харвардын бизнес хэлэлцүүлэгт дурдсан судалгаагаар Хятадын Ctrip аялал жуулчлалын цахим хуудасны дуудлагын төвийн ажилчдад есөн сарын турш сайн дураараа гэрээсээ ажиллах санал тавьжээ. Ажилчдын тал нь саналыг хүлээн авсан. Үлдсэн тал нь үргэлжлүүлэн өдөр бүр ажлын байран дээрээ ирж ажилласан байна. Стенфордын их сургуулийн профессор Николас Блүүмийн судалгааны хариугаар гэрээсээ ажиллаж байсан ажилчид, ажлын байран дээрээ ажиллаж байсан ажилчдаас 13.5 хувиар илүү дуудлага гүйцэтгэсэн байна. Gallup-аас явуулсан өөр нэг судалгаагаар гэрээсээ долоо хоногт 3-4 өдөр ажилладаг ажилчид ажлын байран дээрээ ажилладаг ажилчдаас 33 хувиар илүү ажилдаа анхаарч байсан бөгөөд ажилдаа үл анхаарах хандлага нь 15 хувиар бага байжээ. Энэ мэтчилэн олон судалгаа хийсний үр дүнд ажилчдын бүтээмж нэмэгддэг гэж үзсэн байна. 

Ажил хаях нь багасна

Ажилчдын сэлгээ хийх нь маш өндөр өртөг зардалтай. Судалгаанаас үзэхэд ажилтан элсүүлэх, халах, бэлтгэх нь ажилтны бүтэн хоёр жилийн цалинтай дүйцдэг аж. Мэдээж ингэж байж чанартай ажиллах хүчин олно. Дээр дурдсан судалгаагаар гэрээсээ ажилладаг ажилчид нь илүү өндөр сэтгэл ханамжтай байдаг гэж мэдэгдсэн. Энэ талаар профессор Блүүм “Үр дүн нь бидний урьдчилан таамаглаж байснаас хол илүү байсан” гэжээ. Гэрээсээ ажиллах бодлого нь ажил хаялтын түвшинг багасгахаас гадна шинэ ажилтан элсүүлэхэд илүү хялбар болгосон аж. Тухайлбал, 2018 оны Акроны их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 41 хувь нь хүмүүстэй биечлэн болон утсаар харилцахаас цахимаар харилцахыг илүүд үзсэн байна. 

Тоног төхөөрөмжийн зардлыг багасгана

Ажилчид төвлөрөх шаардлагатай үедээ ажлын байран дээр ирэхдээ шаарддаг шиг хувийн орон зай, чимээгүй орчин шаардах нь багасна. Түүнчлэн гэрээсээ ажиллах нь ажлын бүтээмжийг багасгалгүйгээр нээлттэй төлөвлөсөн загварын тоног төхөөрөмжийн зардлыг багасгах шилдэг арга юм. Шагналд нь гэрээсээ ажиллах ажилчид өөрсдөө ажлын өрөөнийхөө тавилгыг худалдаж авна. Хэрвээ тохиолдлоор ажлын байран дээр ажилладаг бол тансаг тавилга хүлээх, шаардах нь бага. Энэ нь бага зардал гарна гэсэн үг. 

Өвчтэй, чөлөөтэй өдрүүд багасна

Хөдөлмөрийн статистикийн газраас гаргасан судалгаагаар жилд ойролцоогоор 2.8 сая хүн ажлын өдрүүдэд шалтгаангүйгээр ажил тасалдаг гэжээ. Зарим компанийн хувьд энэ нь өдөрт нэг сая ам.долларын алдагдал болдог байна. Тэгвэл зарим ажилчин өвчтэй үедээ ч гэрээсээ ажиллаж боломжтой. Яагаад гэвэл гэртээ байснаар бусад ажилчидтай холбогдох болон харилцах стрессээс ангижрах юм. Хамгийн чухал нь өвчтэй үедээ гэрээсээ ажилласнаар өвчин болон нянгаа бусаддаа халдаахгүй. Ялангуяа ганц л найтаахад өвчин үүсгэж болох нээлттэй төлөвлөсөн ажлын байрнуудад томоохон асуудал болдог. Америкийн уушгины холбооны үзсэнээр гэрээсээ ажиллах нь агаарын бохирдолд өртөх болон бусад аюулт өвчин тусахаас хязгаарладаг байна. 

Цалингийн тооцооны зардлыг хэмнэнэ

Хэрвээ компани их орлого олохгүй бол компанийн нийт орлогоос 30 болон түүнээс дээш хүртэлх хувийг хэрэглэдэг байна. Америкийн эдийн засгийн судалгааны газраас хэрвээ ажилтан гэрээсээ ажиллахаар болбол дундаж ажилтнаас цалингийн найман хувийг суутгана гэсэн тооцоо гарчээ. Гэрээр ажиллах нь өөр зүйл хийж цагаа үрэхийг зогсоож, цаг хэмнэж байгаа учраас ийм шийдвэр гаргахаар төлөвлөсөн аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хэт хэрэглээнээс ухаалаг руу шилжих Zero waste хэв маяг

 0 сэтгэгдэл

Бидний эргэн тойронд угааж, арчлах шаардлагагүй, хөдөлмөр хөнгөвчлөх олон эд хогшил бий. Нэг удаагийн халбага сэрээ, нүдний шилний алчуур, нүүр цэвэрлэгч хөвөн гээд дурдаад дуусашгүй. Тэдгээр хогшил үнийн хувьд хямд, угааж цэвэрлэх шаардлагагүй, хэрэглэж дууссан л бол хаяж болдог, зэрэг олон давуу талтай. Гэхдээ хэрэглэж дуусаад, хогийн саванд хийсний дараа хаачдаг бол. Устаж, үгүй болтол хэдий хугацаа зарцуулж, дэлхий ээжийг хэрхэн хордуулдаг бол. Сүүлийн үед Zero Waste буюу огт хог хаягдалгүй амьдрах хэв маяг өндөр хөгжилтэй зарим оронд дэлгэрэх болжээ. Уг хэвшил үндсэн таван зарчимтай. Үүнд, хог болох зүйлсээс татгалзах, хог хаягдлаа багасгах, дахин ашиглаж, боловсруулах, ялзруулж бордоо болгох зэрэг багтана. Түүнчлэн хоггүй амьдрах философи нь зарим хүнд зуршил болдог төдийгүй аз жаргал мэдрэх гол хүчин зүйлийн нэгд тооцогддог аж. Уг зарчмыг баримтлаад ногоон байгаль, эрүүл амьдралыг цогцлоож чадсан хотын нэг бол Японы Токушима мужийн Камикацу юм. Япон улс хог хаягдлын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг улс юм. Харин Камикацу хотын оршин суугчид хог хаягдлыг 13 бүлэгт хуваан, 45 төрлийн хаягдал цуглуулж, 81 хувийг нь дахин боловсруулж чаджээ. Улмаар хөрс, агаар цэвэршиж, хүмүүс илүү тайван, жаргалтай, эмх цэгцтэй аж төрөх боломжтой болсон аж. Мөн Английн хатан хаан энэ хөдөлгөөнд нэгдэж, ордон дотроо соруул хэрэглэхийг хорьдог байна. Харин өнгөрсөн оноос Австрали улсын дэлгүүрүүд гялгар уут зарахыг хориглож, энэ төрлийн уутны хэрэглээг 80 хүртэл хувь бууруулсан нь эерэг өөрчлөлт болжээ. Гэхдээ “тэг” хог хаягдал гэдэг нь юу ч хэрэглэхгүй, өлсгөлөн амьдрахын нэр биш. Харин ухаалаг хэрэглээг төлөвшүүлж хэвших нь энэ хэв маягийн гол философи юм.

Zero Waste хэв маягийг төлөвшүүлэх арга

Шингэн саван, шампунь хэрэглэхээс татгалзах

Хаягдал хуванцар байгальд задрахын тулд ойролцоогоор 450 жил зарцуулдаг бөгөөд энэ хугацаандаа хөрсийг маш их бохирдуулдаг. Дахин боловсруулж болдог хуванцар тун цөөхөн. Тиймээс хуванцар савлагаатай, шингэн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаарай. Харин үүнийг хатуу бүтэцтэйгээр орлуулж болох юм. Сүүлийн үед дэлхий нийтээрээ хог хаягдлын эсрэг байгаа учир бизнес эрхлэгчид ч сав баглаа боодолдоо бус эко хэрэглээг төлөвшүүлэх тал дээр анхаарч эхэлсэн. Тиймээс хатуу төлөвтэй, цэвэрлэгээний бүтээгдэхүүн олоход их хугацаа зарцуулахгүй болов уу. 

Хэрэггүй, шаардлагагүй гэж хэлж хэвших 

Зоогийн газрын үйлчлэгч соруул, амны алчуур өгөхөөс өмнө татгалзаж, хувийн амны алчуураа халаасалж хэвшээрэй. Мөн худалдан авалт хийхдээ даавуун тор ашиглах нь гялгар уутнаас татгалзах хамгийн чухал алхам юм. Арга хэмжээ уулзалтууд дээр ч тараах материалыг авахаас татгалзаж утас, таблет дээрээ зургийг нь дарах хэрэгтэй. Мөн цаасан номыг цахим хэлбэрээр орлуулж болох юм. Ингэснээр олон ном нэг төхөөрөмжид багтаж, зай ч талбай ч хэмнэнэ. 

Нэг удаагийн бүхнээс татгалз 

Хуванцар савтай ундаа, ус уухын оронд хүссэн шүүсээ өөрөө бэлтгэж хэрэглээрэй. Харин үнэхээр хийжүүлсэн ундаа уухыг хүсвэл лаазтайг нь сонгохын зөвлөж байна. Учир нь лааз байгальд задрахад хуванцараас 250 жилээр бага хугацаа шаардлагатай. Мөн, дахин боловсруулах бүрт хуванцрын чанар мууддаг хэдий ч лаазны чанар нь мууддаггүй байна. Тиймээс нэг удаагийн аяга, халбага, сэрээ, нүүр цэвэрлэх хөвөн хэрэглэхээс татгалзаарай. Ач холбогдол, учир шалтгааныг дахин тайлбарлах илүүц биз. 

Ухаалаг худалдан авалт хийх 

Худалдан авалт хийхдээ тоонд бус чанарт анхаарлаа хандуулаарай. Улмаар олон жил хэрэглэх боломжтой бат бөх эд хогшил, хувцас хэрэглэл худалдах хэрэгтэй юм. Мөн мод, төмөр, даавуу гэх мэт газарт задалж шингээх боломжтой болон байгальд хор хөнөөл багатай материалыг ашигласан бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь зөв юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зэс COVID-19-ийн ганц аранга

 0 сэтгэгдэл
  • Зэс зөвхөн бактерийг бус вирусийг хүртэл үр дүнтэй устгадаг болохыг нотолжээ 
  • “Бүх вирусийг тэр дор нь устгадаг учраас эмгэг мутацлагдах ямар ч боломж олгодоггүй нь зэсийн хамгийн чухал ашиг тус юм” хэмээн профессор Кээвил хэлжээ
  • Эмгэг үүсгэгч зэсийн гадаргуу дээр унах үед зэсийн ион нь вирус болон эсийг шингээж авдаг. Зэс зөвхөн эмгэг үүсгэгчээс хамгаалаад зогсохгүй дотроосоо үржих үйл явцыг хүртэл ор үндсээр нь устгадаг гэдгийг үүгээрээ харуулжээ

Томуугийн бактери, метициллинд тэсвэртэй алтлаг стафилококк, коли савханцар, цаашлаад коронавирус орчны гадаргуу дээр 4-5 хоног тэсвэртэй амьдарч чаддаг бол зэсийн гадаргуу дээр тогтсон бүх бактери хэдэн минутын дотор устаж алга болдог байна.

Үүнээс харахад энэтхэгчүүд яагаад хэдэн мянган жилийн турш зэс аяганаас ус уудаг байсныг төвөггүй ойлгож болно. Түүнчлэн АНУ-д ундны усыг зэс хоолойгоор зөөвөрлөдөг. Саутхемптоны их сургуулийн орчны эрүүл ахуйн профессор Билл Кээвилийн хийсэн туршилтын үеэр зэсэн дээр унасан бүх төрлийн вирус устаж алга болж байжээ. Тэрбээр зөвхөн COVID-19-өөр хязгаарлагдахгүй, хүн төрөлхтөн ирээдүйд маш олон цар тахалтай нүүр тулгарах учраас зэсийг одооноос эхлэн ахуйн хэрэгцээндээ ашиглаж, ялангуяа эмнэлэг болон олон нийтийн газруудад дахин хэрэглэж эхлэх нь чухал байна” хэмээжээ. Зэс бол өөрийгөө халдваргүйжүүлэгч, нянгийн эсрэг түүхий эд юм. Зэсийг эрүүл мэндэд нэн тустай, аливаа нянгийн эсрэг үйлчилгээтэй болохыг хүн төрөлхтөн эрт дээр үеэс мэддэг, амьдрал ахуйдаа хэрэглэсээр ирсэн. Тухайлбал, хятадууд зэсийг эрүүл мэнд, египтчүүд мөнхийн амьдралыг бэлгэддэг гэж үздэг. Харин аж үйлдвэрийн хувьсгалын үед зэсийг барилга байгууламжийн хэрэгсэл болгон өргөнөөр ашигладаг байв. 

Зэсийн ашигтай байдлын тоон үзүүлэлт 

1983 онд эрүүл мэнд судлаач Филлис Ж.Кун эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад зэсийн хэрэглээ хомсдож эхэлснийг анх сануулж байв. Тэрбээр Питтсбург хотын Хамот анагаах ухааны төвд эрүүл ахуйн сургалтын үеэр эмнэлгийн бүхий л эд хогшилд бактерийн шинжилгээ хийжээ. Сонирхолтой нь эмнэлгийн жорлонгуудад ямар нэгэн нян байхгүй, харин бусад жижиг хэсгүүдэд аюултай бактериуд үржсэн байсныг тогтоосон байна. Тухайн үед гялалзсан, өө сэвгүй хаалганы ган бариул нь муудаж зэвэрсэн гуулин бариулаас илүү цэвэр харагдаж байсан ч, үнэн хэрэгтээ зэвэрч муудсан тэрхүү гуулин бариулуудад зэс 67 хувь, цайр 33 хувьтай байжээ. Харин ган бариулын нэгдэлд төмөр 88 хувь, хром 12 хувийг эзэлж, бактери бага хэмжээгээр үүссэн гэж тэмдэглэлдээ онцолсон байна. Филлис Ж.Кун судалгааныхаа дүгнэлт хэсэгт эрүүл мэндийн байгууллагуудад хандаж “Хэрвээ эмнэлэгт шинэчлэл, засвар хийх гэж байгаа бол хуучирсан гуулин эд хогшлуудыг үлдээж, аль болох солихгүй байхыг хичээгээрэй. Харин ган эдлэл хэрэгслүүдтэй бол өдөр болгон цэвэрлэгээ ариутгал хийхийг зөвлөж байна” гэжээ. Үүнээс хэдэн арван жилийн дараа Зэсийн Хөгжлийн Нийгэмлэгийн санхүүжилтээр профессор Кээвил Филлис Ж.Кунгын судалгааг цааш үргэлжлүүлсэн юм. Тэрбээр лабораторидоо хамгийн аюултай гэгдэх эмгэг үүсгэгч жижиг биетүүд дээр ажиллаж байх явцдаа зэс зөвхөн бактери устгаад зогсохгүй вирусийг хүртэл үр дүнтэй устгадаг болохыг нотолжээ. Ингэхдээ зэс тавгийг архи болон ацетоноор ариутгаж, илүүдэл тосыг арчиж авсны дараа тавагны гадаргуу дээр нэг дусал эмгэг үүсгэгч дусаав. Дараа нь шилэн сувс болон шингэнээр дүүргэсэн хайрцагт хийж сэгсэрч эхлэхэд бактер болон вирус усанд ууссан байна. Дараа нь энэхүү вирустэй шингэнээс дээж аван эмгэг үүсгэгчийг турших боломжтой болсон аж. Мөн тэрбээр туршилтын явцад микроскопоор зэсийн гадарга дээр буусан эмгэг үүсгэгч хэрхэн устаж байгааг харав. Үр дүн нь гайхамшигтай байлаа. Зэсийн бактери устгах үйл явц хэрхэн явагддагийг шинжлэх ухааны талаас сайн ойлгох хэрэгтэй. Эмгэг үүсгэгч зэсийн гадаргуу дээр унах үед зэсийн ион нь вирус болон эсийг шингээж авдаг. Зэс зөвхөн эмгэг үүсгэгчээс хамгаалаад зогсохгүй дотроосоо үржих үйл явцыг хүртэл ор үндсээр нь устгадаг болохыг үүгээр харуулжээ. “Бүх вирусийг тэр дор нь устгадаг учраас эмгэг мутацлагдах ямар ч боломж олгодоггүй нь зэсийн хамгийн чухал ашиг тус юм” хэмээн профессор Кээвил хэлэв. 

Зэсийн үнэ цэнийг туршилтаар баталж байна

2015 онд АНУ-ын судлаачид Батлан хамгаалах яамны санхүүжилтээр гурван эмнэлэгт халдварын түвшинг харьцуулах судалгаа хийсэн бөгөөд зэсийн хайлшийг тус эмнэлгүүдэд хэрэглэх үед халдварын түвшинг 58 хувиар бууруулж байгааг тогтоожээ. 2016 онд хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт ийм туршилт хийхэд үр дүн мөн адил, халдварын үзүүлэлт харьцангуй буурсан байсан. Зэс нь хуванцар, эсвэл хөнгөн цагаанаас илүү үнэтэй гэж шүүмжлэгсэд бий. Тэгвэл эмнэлгийн хэрэгслүүдээс үүдэлтэй халдвараар жилд 90 мянган хүн халдварлаж, 45 тэрбум ам.долларын зардал эрүүл мэндийн системд тулгардаг. Тэгэхээр эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд, бариул зэрэг олон хүний гар хүрдэг газруудад зэс ашиглавал халдвараар өвчлөгсдийг эмчлэхэд гаргах зардлаас хамаагүй бага хөрөнгө оруулалт шаардагдах нь. Түүнээс гадна мөнгөөр хэмжих боломжгүй хүний эрүүл мэндийн хамгаалалд зэсийн оруулах бодит хувь нэмэр асар их гэдэг нь эрдэмтдийн судалгаанаас харагдаж байна. Цаашлаад архитекторууд шинэ барилгын зураг төсөлдөө зэсийг оруулж өгөх хэрэгтэй. Учир нь зэс бол хамгийн анхны туршилтаар батлагдсан бактери болон вирус устгагч металл юм. Мөн зэсийн никель нь бүтцийн хувьд бактери, вирусийг устгадаг цэвэр зэстэй адилхан бөгөөд зэвэрдэггүй гангаас ялгагдахааргүй харагддаг. Тиймээс хэрвээ таны гэрт, ойр хавьд чинь зэсээр хийсэн бариул, эд хогшил байвал түүнийгээ муудаж элэгдсэн ч солих гэж яарсны хэрэггүй. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

15 тэрбумын модыг устгаад гурван тэрбумын оргилуур барина гэв үү

 0 сэтгэгдэл
  • Ногоон байгууламжаа ээлж дараалан сүйтгэдэг манайх шиг улс хэр олон бол
  • Энэ цэцэрлэгийг буулгаж, ногоон байгууламжийг устгавал тухайн хэсгийн экологийн тэнцвэрт байдал үгүй болно гэдэг дүгнэлтийг 26 эрдэмтэн, доктор гаргаж, гарын үсгээ зуржээ

Албан тушаалд томилогдсон цагаасаа хойш иргэдэд таалагдах шийдвэр тун ховорхон гаргасан нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан дахин бүтэшгүй санаа олжээ. Тэрбээр Сүхбаатарын талбайн урд хэсгийг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах шийдвэр гаргаснаа албан ёсоор танилцуулав. “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн” нэртэй бүтээн байгуулалтын ажлыг хийхэд 3.2 тэрбум төгрөг зарцуулна. Тус цэцэрлэгт хүрээлэн нь 1.6 га талбайг хамардаг бөгөөд энд 85 метр урт, 14 метрийн өргөнтэй, хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 ам.метр хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулж тохижуулахаар төлөвлөжээ. Гэвч энэхүү бүтээн байгуулалтын ажил тэнд байгаа ногоон байгууламжийг сүйтгэнэ гэж хэн ч төсөөлөөгүй байх. Тиймээс сүүлийн хэдэн өдөр иргэд ихээхэн бухимдаж, ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарлаа. Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Энэ төсөл өнгөрсөн онд тендерээр шалгарсан. Тэр үед 3.2 тэрбумын зардал нь батлагдаж, төсөвт орсон. Өнөөдөр гэнэт санаачлаад хийж байгаа ажил биш. Цэцэрлэгийн өндөр нарс модыг буюу нийт модны 30 хувийг нүүлгэн шилжүүлж, өөр газар тарина. Гэтэл иргэд цэцэрлэгийн бүх ногоон байгууламжийг устгана гэж буруу ойлгоод байна” хэмээн тайлбарлав. Харин уг бүтээн байгуулалтыг нэн шаардлагатай, цагаа олсон арга хэмжээ биш хэмээн үзэж буйгаа иргэн Ж.Энхбат илэрхийлсэн юм. Тэрбээр “Хэрэв энэ цэцэрлэгийг буулгаж, ногоон байгууламжийг устгавал энэ хэсгийн экологийн тэнцвэрт байдал үгүй болно гэдэг дүгнэлтийг 26 эрдэмтэн, доктор гаргаж, гарын үсгээ зурсан. 

Дэлхий дахинд вируст халдвараас болж эдийн засаг хямарч, онцгой нөхцөлд орж, ААН-үүд дампуурахын ирмэг дээр ирээд байхад ийм бүтээн байгуулалт хийх нь буруу. Эрдэмтэд энэ моддын 60-70 хувь нь үхнэ, нүүлгэн шилжүүлэх үед үндэс нь тасарна гэж байна. Үүнийхээ оронд гэр хороололд нэг цэцэрлэг ч болтугай барих хэрэгтэй” гэсэн юм. Тус талбайд 10 мянга орчим мод байдаг аж. “Эдгээр модны 70 хувийг нүүлгэн шилжүүлснээр 15 тэрбум төгрөгийн хохирол учирна гэж эрдэмтэд тооцоолсон. Тиймээс бид эсэргүүцэж байгаа. Өнгөрсөн жил Туул голын дагуух бургас модыг огтолж, тэнд барилга эхлүүлэх үйл ажиллагааг зөвшөөрөл авахгүйгээр эхлүүлснийг мөн эсэргүүцэж байсан” хэмээн НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү байр сууриа илэрхийллээ. Жил бүр 40 гаруй тэрбум төгрөгийг ногоон байгууламжийн арчилгаа, цэвэрлэгээнд зарцуулна гэж төлөвлөдөг аж. Гэвч тэр их мөнгөний задаргаанд хэн ч анхаарал хандуулаагүй учир энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн талаар иргэд мэдээгүй бололтой. Угтаа бол талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн яадгаа алдатлаа муудаагүй. Хоёр жил гаруйн өмнө өчнөөн мөнгө зарлагадаж шинээр мод суулгасан. Гэтэл одоо үндсээр нь авах гэж байна. Тус цэцэрлэгт хүрээлэн бохир, заваан харагдаад байгаа бол 00-ын асуудал, газар доогуурх шугам сүлжээг нь янзлаад бага зэрэг тордоход л өнгө орно. Заавал хэдэн тэрбумаар хөрөнгө зарлагадах шаардлага байхгүй гэдгийг ойлгоосой.  Энэ дашрамд өмнө нь бий болсон цэцэрлэгт хүрээлэнгүүдээ эргээд нэг санахад илүүдэхгүй. Цементээр цардаж, хэдэн хиймэл мод суулгаад, шороо овоолж зүлгээр бүрхээд орхино. Тавьсан хэдэн сандал нь тамхичдын тухлах газар болно. Усан оргилуур нь зуны гурван сард л ажиллаад таг зогсдог гээд шүүмжлэх зүйл мундахгүй. Сэлбийн гүүрний усан оргилуур, Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур, Эрх чөлөөний талбайн усан оргилуур гээд зуны цагт ч ажилладаг эсэх нь эргэлзээтэй хэдэн “бүтээн байгуулалт” байна. Гэтэл усан оргилуур барих нэрийдлээр нийслэлд цөөхөн байдаг ногоон байгууламжийг устгах гэж буйд иргэд бухимдаж байна. Үнэхээр бүтээн байгуулалт хиймээр байгаа бол Сэлбэ гол дагуух орчныг тохижуулж, ногоон байгууламж баривал олон хүн баярлана даа. Орой, үдэш амралтын өдрөөр салхилж, зугаалах газар нэгээр нэмэгдлээ гэсэн үг. Харин ногоон байгууламжаа ээлж дараалан сүйтгэдэг манайх шиг улс хэр олон бол.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гоо сайхны цүнх бол бактерийн “агуулах”

 0 сэтгэгдэл

Эмэгтэйчүүдийн гоо сайхны цүнх доторх арван бүтээгдэхүүн тутмын есөд нь элдэв өвчлөл үүсгэдэг олон төрлийн нян үржсэн байдаг аж. Тэдгээрийг өдөр тутамдаа хэрэглэж, нүүр, арьсандаа хүргэх нь арьсны өвчлөл үүсэх гол хүчин зүйл болдог байна. Энэхүү дүгнэлтийг Английн Бирмингем хотын Астоны их сургуулийн эрдэмтэд судалгаан дээр үндэслэн гаргажээ. Судалгаанд хамруулсан гоо сайхны бүтээгдэхүүний 70-90 хувьд нь стафилококк, E.Coli болон мөөгөнцөр агуулагдаж байсан аж. Нүүрээ буддаг эмэгтэйчүүдийн ихэнх нь багс болон гоо сайхны цүнхээ тогтмол угаадаггүй, бүтээгдэхүүнийхээ хугацаа дууссан эсэхийг анзаардаггүй болохыг судлаачид дурдсан байна. Үүний улмаас төрөл бүрийн өвчин үүсгэгч олон сая нян гоо сайхны цүнхэнд нь үрждэг бөгөөд нүд, уруул болон гэмтэлтэй арьсаар дамжин цусанд халдварлах эрсдэлтэй аж. Крем түрхдэг пролонд хамгийн их нян агуулагддаг бөгөөд хэрэглэсний дараа чийглэг байдаг учир бактери үржих таатай орчин бий болдог байна. Үүнээс гадна хэрэглэх хугацаандаа газар унагах, бохир гараар барих тохиолдол их гардаг учир хамгийн их бохирдол үүсдэг гэнэ. Тиймээс бүтээгдэхүүнээ цэвэр байлгаж, эрүүл мэнд, гоо сайхнаа хэрхэн хамгаалах талаар хүргэе.

Уруулын будаг

Уруулын будаг бол эмэгтэй хүний гоо сайхны хамгийн гол “зэвсэг”. Хүчирхэг, дур булаам, ялдам дүр төрхийг уруулаа будахгүйгээр бүрдүүлэх боломжгүй. Гэхдээ уг бүтээгдэхүүн дээр нян үржих өндөр эрсдэлтэй аж. Учир нь найрлагад нь олон төрлийн химийн нэгдэл ордог учир бактери амархан үрждэг байна. Тиймээс дотнын найз, эгч, дүүтэйгээ ч уруулын будгаа хуваалцаж болохгүй. Мөн хооллох үед уруул дээрх будаг их, бага хэмжээгээр аманд ордог учир хоол идэх, цай уух үедээ будгаа арилгаж хэвшээрэй. Хэрэв будагны таг алга болсон бол цүнхэндээ шууд хийхээс татгалзаж, будгаа хайлуулан, тагтай саванд хийж, багс ашиглаж будаарай. Уруулын будгийг хөлдөөгчид хонуулахад бактери устдаг бөгөөд нянгийн эсрэг салфеткаар зөөлөн арчиж, ариутгах боломжтой.

Үзүүрлэгч

Нүд, хөмсөгний харандааны үзүүрлэгчээ тогтмол ариутгах шаардлагатай. Косметик харандаанд химийн найрлага ордог учир цэвэрлэхгүй орхисноор гөлгөр гадаргуу, гаднын нөлөөний улмаас нян үрждэг. Тиймээс долоо хоног бүр спиртэд норгосон хөвөнгөөр үзүүрлэгчээ цэвэрлээрэй.

Гоо сайхны цүнх 

Гоо сайхны цүнх нь агаар нэвтрүүлэх боломжгүй, олон төрлийн бүтээгдэхүүн нэг дор багтаадаг учир их хэмжээний нян агуулдаг. Даавуун материалтай цүнх цэвэрлэхэд хүндрэлтэй учир савхи, арьсан болон гялгар материалтайг сонгоорой. Харин ариутгахдаа бактери устгагч шингэнийг хөвөнд шингээж эсвэл салфеткаар арчиж, угаалгын бодисоор угааж болох юм.

Багс

Нүүр будах хамгийн чухал хэрэгсэл бол багс юм. Мөн нүд, уруул зэрэг нүүрний эмзэг хэсэгт хүрдэг учир тогтмол ариутгах зайлшгүй шаардлагатай. Ялангуяа амьтны үсээр хийсэн багсанд нян үржих магадлал өндөр учир аль болох хиймэл үстэйг сонгож хэрэглэхийг зөвлөе. Харин ариутгахдаа зориулалтын шингэн хэрэглэх нь эрсдэлээс хамгаалах бөгөөд сард 2-3 удаа зайлшгүй цэвэрлэж хэвшээрэй.

Шахмал энгэсэг

Шахмал энгэсэг багс, пролон байнга хүрдэг учир амархан бохирддог. Тиймээс тогтмол ариутгах шаардлагатай бөгөөд бусдын багсыг бүтээгдэхүүндээ бүү хүргээрэй. Харин цэвэрлэхдээ изопропилийн спиртийг шүршигч саванд хийн энгэсэг рүүгээ шүршиж болох юм.