A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5556/

Г.Батчимэг: Авьяасгүй юм байж урлагийн сургуульд дэмий орлоо гээд уйлдаг байж билээ

Г.Батчимэг: Авьяасгүй юм байж урлагийн сургуульд дэмий орлоо гээд уйлдаг байж билээ

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5556/
  • Толинд хараад “Би ямар гоё юм бэ” гэж өөртөө хэлдэг тийм энгийн охид олон байгаасай гэж хүссэндээ хүүхдүүдтэй ажилладаг юм
  • Тэр балетыг тавихын тулд уран бүтээлчдээс гадна инженер техникийн гээд бараг 100-гаад хүн ажилласан байхад танхимд арав гаруйхан хүн сууж байсан. Би залуухан байсан болохоор сэтгэлээр унаж, “арав гаруйхан хүн байгаа юм чинь яаж ч тоглосон яадаг юм” гэж хэлээд эгч нартаа загнуулж билээ
  • “Цасангуа ба долоон одой” бүжгэн жүжгийг богиносгосон хэлбэрт оруулан цэцэрлэгүүдэд тоглосон юм. Тэр хүүхдүүд хамгийн үнэнч, хамгийн халуун зритель байсан. Үнэн сэтгэлээсээ ойлгоод, орилолдоод л. Ийм гоё уур амьсгалаас маш их энерги авсан

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Г.Батчимэгийг гавьяат цолд хамгийн ойрхон ирээд буй балетчин гэж салбарынхан нь үнэлдэг. “Жизель”, “Хунт нуур”-аас авахуулаад сор болсон бүх л бүжгэн жүжигт гоцолсон тэрбээр найруулагчийн ажилд ч өөрийгөө сориод амжжээ. Г.Батчимэг хүүхдэд багаас нь урлагийн боловсрол олгохын тулд тэдний нас, сэтгэхүйд таарсан уран бүтээл хийхийг хүсдэгээ өгүүлж байв. Түүнийг сониныхоо зочноор урьж ярилцлаа.

-Коронавирусээс болоод урлаг, соёлын үйл ажиллагааг бүхэлд нь хорьсон. Гэхдээ та бүхэн ажлаа хийсээр байна уу?

-Бид улсаас зарласан онцгой байдалд нийцүүлэн олноороо нэг дор цугларахгүйгээр бэлтгэлээ хийж байгаа. Бидний мэргэжил багахан завсарлачих л юм бол формоо амархан алддаг онцлогтой. Бид өмнө нь тоглолттой үедээ бичиг цаасны  ажилд зав гаргаж чаддаггүй байлаа. Харин одоо хүмүүсийнхээ намтар түүхийг судалж, архиваа баяжуулах ажилд түлхүү анхаарч байна. Би одоо ахмад бүжигчнийхээ тоонд ордог болчихлоо (инээв). Тиймээс залуусаа манлайлаад явж байна даа. Сошиал ертөнц хүмүүсийн амьдралд маш том орон зай эзэлдэг болсон. Үүнийг ашиглаад үндэсний урлаг гэж юу юм, үндэсний балетаар бид дэлхийд өөрсдийгөө хэрхэн таниулж болох вэ гэдгийг харуулсан богино хэмжээний видео хийх бодолтой байгаа. Монголд балетыг үүсгэн байгуулсан хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва багшийгаа алдаршуулах ажлыг мөн хийхээр төлөвлөсөн. Энэ хүн 80 гарсан хэрнээ одоо болтол бидний дунд байж, үүрэг даалгавар,  захиас зөвлөгөөгөө өгсөөр байгаа. Б.Жамъяндагва багшийн бүтээл, монгол үндэсний хэв шинжийг агуулсан балет одоо болтол тоглогдсоор байна. Анхны балетаа дэглэж байх үеийн олон сонирхолтой дурсамж байдаг. Энэ бүгдийг хойч үедээ таниулан үлдээх гэх мэт ажил хийж байна даа.

-Монгол үндэсний балет юугаараа онцлог вэ?

-Балет гэдэг угаасаа дэлхийн хэл. Бид аль ч оронд очсон балетынхаа хэлээр хоорондоо ойлголцоод явчихдаг. Балетын урлаг анх Италиас Францад хүрч, дараа нь Орост очоод төгс хэлбэрээ олсон гэж үздэг. Төгс хэлбэрээ олсон тэр газраас нь бид сурсан учраас манайхан хаана ч очсон нүүр бардам байдаг юм. Үүн дээрээ бид үндэсний хэв шинжээ шингээж, өөрсдийн балетыг бий болгож чадсан. “Хунт нуур” гэхэд Оросын тойрог бүжгийн хэлбэрээр тавьсан балет. Бид ч бас яг үүн шиг үндэсний урлагаа таниулах бүрэн боломжтой. Ж.Чулуун гуайн “Уран хас”, Ж.Мэнд-Амар гуайн “Үйлийн гурван толгой”, Б.Жамъяндагва гуайн анхны тавилтын нэг “Шарилжин дундах цэцэг” гээд Монголын сор болсон бүтээлүүд үндэсний хэв шинжээ товойлгон харуулж чадсан байдаг. Олон жилийн турш тоглогдож, он цагийн уртад шигшигдэж үлдсэн эдгээр бүтээлийг театрынхаа 70 жилийн ойн хүрээнд хүмүүст илүү таниулъя гэсэн зорилготой. 

-Сүүлийн үед үндэсний хэв шинжийг агуулсан, олны сэтгэлд хүрсэн балет бараг гарсангүй гэх шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

-Өмнөх нийгмийн үед багаараа маш сайн ажилладаг байж. Б.Жамъяндагва гуай “Нэг ийм балет хиймээр байна” гэхэд хөгжмийн зохиолчид нь нэг баг болон ажиллана. Хөрөнгө санхүү дээр санаа зовох зүйлгүй. Тийм учраас чанартай бүтээл  төрдөг байсан болов уу. Одоо бол санхүүгээс авахуулаад бэрхшээл зөндөө бий. Гэхдээ сүүлийн үед сайн бүтээл төрсөөр байгаа. Тухайлбал, А.Батдэлгэр багшийн “Гэсэр Номун хан”, “Тэнгэрийн ташуур” бүтээлийг нэрлэж болно. Тиймээс сайн бүтээл төрөхгүй байна гэж хэлж болохгүй л дээ. 

-Анхны том дүрээ бүтээж байсан үеийг дурсахгүй юу. Балетын гол дүрд тоглохын тулд хэдэн жилийн хөдөлмөр орсон бол?

-Би сургуулиа төгсөж ирээд шууд гоцлол бүжигчнээр орсон. Миний анхны гол дүр бол “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын Сванильда бүсгүйн дүр. Тухайн үед маш их бэлтгэл хийсний зэрэгцээ маш их айдастай байсан. Яагаад гэвэл театрын гоцлол эгч нарын урдуур орж гол дүр авсандаа сүрдэж байлаа. Дараа нь “Уран хас” балетад тоглосон. Одоо эргээд харахаар бид дэлхийн сонгодгуудад л тоглохыг мөрөөдөөд үндэснийхээ балетыг орхигдуулаад байсан юм уу гэж бодогддог. Үнэт зүйлийг нь ойлгож мэдэрсний дараа “Уран хас” балетад бүжиглэхэд огт өөр мэдрэмж төрж байна лээ. Ямар мундаг бүтээл юм бэ гэдгийг илүү гүн мэдэрсэн гэх үү дээ. Монголын байгаль дэлхий, үндэсний өв соёл, аялгуу гээд бүх зүйлийг чимэг болгон оруулсныг ойлгож мэдэрсэн. 

-Сургуулиа төгсөж ирээд удаагүй хүүхэд шууд гол дүрд тоглоно гэхээр үеийнхэн дундаасаа ялгардаг байж дээ?

-Багш нар их л загнадаг байлаа. Одоо эргээд бодоход багш нар намайг чадна гэж итгэж байсан учраас шахаж, хурцалдаг байж. “Авьяасгүй юм байж энэ сургуульд дэмий орлоо” гэж бодон их уйлсан. Гэхдээ авьяас гэх байгалиас заяасан бэлэн өгөгдлөөс илүү хүний тархи л хамгийн чухал юм байна. Манай Б.Жамъяндагва багш ч “Бүжиг бол ухааны урлаг шүү” гэж байнга хэлдэг. Би тэр үгийг эхэндээ ойлгодоггүй байлаа. Харин одоо хойч үеийнхнээ хараад байхад хэн ухаантай, хэн өөртэйгөө ажиллаж чадсан нь амжилтад хүрдэг юм байна.

-Сонгодог урлагийг ойлгох залуу үе хэр бэлтгэгдэж байна вэ?

-Тоглолт бүрийг алгасалгүй үздэг, сонгодог урлагийг маш сайн ойлгодог үзэгч олон болсон. Монголд 2005 оноос хойш сонирхогчдын балет бий болж, балетын сургууль олноороо байгуулагдлаа. Ингэснээр 3-5 настай хүүхдүүд балетаар хичээллэх боломж бүрдсэн. Бага насандаа урлагийн боловсрол эзэмшсэн хүн бидний үнэнч үзэгч болно. Нөгөө талаар гоо зүйн өндөр мэдлэгтэй хүн болж төлөвшинө. Гоо зүйн мэдлэг гэдгийг энгийнээр тайлбарлавал, хувцсаа зөв сонгоод өмсчихдөг, хүнтэй зөв харьцдаг, юмыг өөдрөгөөр хардаг, сайхан, муухайг ялгадаг чадвар гэж ойлгож болно. Энэ их стресстэй нийгэмд өөрийгөө баярлуулж, өөрийгөө хайрлаж сурна гэдэг чухал шүү дээ. Миний хувьд бага насны хүүхдүүдэд бүжиг заах дуртай. Гурав, таван настай хүүхдүүд хөөрхөн ш дээ. Ганцаардлын өвчин туссан хүүхэд над дээр ирж байлаа. Юм асуухаар айдаг, ганцаараа буланд очоод суучихна. Ийм хүүхэд нэг, хоёр жилийн дараа нийгэмшиж, хүүхдүүдтэй жирийн харьцдаг болсон. Бүжгийн сургалтуудад аутизмтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүртэл олноор нь хамруулмаар байгаа юм. Манай театрын зүгээс хүүхдүүдэд сонгодог урлагийг таниулах зорилгоор “Цасангуа ба долоон одой” бүжгэн жүжгийг богиносгосон хэлбэрт оруулан цэцэрлэгүүдэд тоглосон юм. Тэр хүүхдүүд хамгийн үнэнч, хамгийн халуун зритель байсан. Үнэн сэтгэлээсээ ойлгоод, орилолдоод л. Шулам нь гарч ирэхээр жинхнээсээ үзэн ядна. Ийм гоё уур амьсгалаас маш их энерги авсан. Үүн шиг хүүхдүүдийн сэтгэлгээнд таарсан бүтээл хийхийг хүсдэг. Би сая Хөгжим бүжгийн консерваторт магистрын зэрэг хамгаалсан. Сэдэв нь урлаг, тэр дундаа бүжгийн урлагийг бага насны хүүхдэд яаж олгож болох вэ гэсэн агуулгатай. Бид хүүхдээ ирээдүйд аз жаргалтай, эрүүл саруул, ямар ч бэрхшээл тохиолдсон даван туулах чадвартай хүн болоосой л гэж хүсдэг болохоос Ерөнхийлөгч болоосой гэж боддоггүй биз дээ. Харин тухайн хүний хэн болох нь 0-5 насанд тогтдог гэж ярьдаг. Тиймээс сонгодог урлагийн боловсролыг багаас нь өгөх тусам тухайн хүүхдийн төлөвшилд хэрэгтэй.

-Нэг хэсэг арваадхан үзэгчийн өмнө тоглодог байсан гэдэг. Та тэр үеийг мэдэрсэн үү?

-Би яг тэр үеийн төгсгөлийг үзсэн хүн. Үүнээс өмнөх хүнд үеийг даван гарч ирсэн ахмад үеийнхэндээ үнэхээр их талархдаг. Би дөнгөж төгсөж ирээд “Үйлийн гурван толгой” балетад тоглосон юм. Тухайн үед үндэсний балетууд үзэгч цөөтэй байлаа. Тэр балетыг тавихын тулд уран бүтээлчдээс гадна инженер техникийн гээд бараг 100-гаад хүн ажилласан байхад танхимд арав гаруйхан хүн сууж байсан. Би залуухан байсан болохоор сэтгэлээр унаж, “арав гаруйхан хүн байгаа юм чинь яаж ч тоглосон яадаг юм” гэж хэлээд эгч нартаа загнуулж билээ. “Бид нар мэргэжлийн уран бүтээлчид. Бусдыг гэгээрүүлж, хүмүүсийн тархийг эмчилдэг эмч хүмүүс. Хэдэн ч хүн байсан үнэн сэтгэлээсээ тоглох ёстой” гэсэн сургаалаас нь их зүйлийг ойлгосон доо. Тэр үеэс хойш нийгмийн байдал сайжирч, хүмүүс идэх талхнаасаа цаадах сэтгэлгээний хэрэгцээг хүсэмжилж эхэлсэн. Одоо бол бидний тоглолт дүүрэн үзэгчтэй болсон. Ялангуяа “Хунт нуур” тоглох үед хэдэн сарын өмнөөс тасалбараа захиалахгүй бол олдохгүй шүү. Танхим дүүрэн үзэгч суусан байхад тоглоход ч урамтай. Бид чинь үзэгчдэд зориулж бүхий л хөлс хүчээ гаргаж байгаа учраас уран бүтээлээ аль болох олон хүнд хүргэхийг бодно биз дээ. 

-Таныг дөрвөн хүүхэдтэй гэж сонссон. Балетын бүжигчид ийм олон хүүхэдтэй байх нь ховор гэл үү?

-Ховор биш ээ, угаасаа байхгүй ш дээ (инээв). Бага хоёр нь ихэр юм. Би гавьяат жүжигчин Ц.Ганчимэг эгчээс “Манай балетад ихэр хүүхэдтэй хүн байдаг уу” гэж асуусан чинь “Ихэр байтугай дөрвөн хүүхэдтэй хүн байхгүй” гэж байна лээ. Социалист нийгэмд чанга хатуу байсан шүү дээ. Урлагийнхан олон хүүхэд төрүүлнэ гэж бараг байхгүй. Ихэвчлэн нэг, ихдээ л хоёр хүүхэдтэй байдаг. Харин би чөлөөт нийгэмд амьдарч байгаа азтай хүн. 

-Та өөрөө бүжиглэдэг байснаа сүүлдээ хажуугаар нь найруулагч хийдэг болсон гэсэн. Бүжиглэх, найруулахын аль нь хэцүү вэ?

-Бүжигчин байх хамаагүй амархан. Харин хүнээр өөрийнхөө санасныг хийлгэнэ гэдэг хэцүү. Хүн бүр өөр зан араншинтай учраас хэлсэн бүхнийг хүлээн авч, гаргаж байгаа байдал нь хэзээ ч найруулагчийн бодсон шиг байдаггүй. Тэр хүний давуу талыг харж, тухайн дүрийг яаж гоё гаргах вэ гэдэг нь бүр илүү толгой өвтгөсөн ажил. Өнөөгийн нийгэмд бол найруулагч хийх бүр хэцүү. Мөнгөө өөрөө олохоос авахуулаад бүгдийг өөрөө зохицуулна. Тэгээд эцэст нь бүх шүүмжлэлийг үүрнэ. Тиймээс би ирээдүйд найруулагч болохгүй гэж боддог. Харин студитэй болж, өөрийн гэсэн ертөнцийг байгуулах хүсэлтэй. Ирсэн хүүхдүүддээ чин зүрхээ зориулж, гоё охидыг гаргана гэж боддог юм. Би балетын хатуу ширүүнийг хүүхдүүдэд үзүүлэх дургүй. Балетчин эмэгтэйчүүд өөрийгөө дандаа голж явдаг. Харин толинд хараад “Би ямар гоё юм бэ” гэж өөртөө хэлдэг тийм энгийн охид олон байгаасай гэж хүссэндээ хүүхдүүдтэй ажилладаг юм.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйл сонирхож асууя. Коронавирусийн хөл хорионы улмаас бизнесүүдийн үйл ажиллагаа доголдож, зарим нь дампуурлын ирмэгт ирээд байна. Харин урлагийнхан энэ хүнд үеийг хэрхэн даван туулж байгаа бол?

-Манай театрын хувьд улсын байгууллага учраас цалингаа тавиад, үйл ажиллагаагаа явуулж л байна. Харин хувь уран бүтээлчдийн нөхцөл байдал хүндхэн байгаа. Тэд хийсэн бүтээл, тоглолтоороо хоолоо олж иддэг учраас амаргүй байгаа нь ойлгомжтой. Харин одоо сонгууль гээд байдал арай дээрдэж байх шиг байна. Гэхдээ хөл хорио тогтоосон ч тэд тархиараа ажлаа хийсээр байгаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Гантулга: Мөрөөдлийнхөө биеийг “урлах”-ын тулд олон жилийн уйгагүй хөдөлмөр хэрэгтэй

  • 2021 онд Arnold Classic тэмцээнд оролцох зорилготой байна
  • 2017 он миний хувьд амжилтын жил байсан гэхэд болно. Хотын аварга, улсын аварга болж, цаашлаад дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн сайхан жил байлаа. Үүнийг хараад өөрөөрөө заримдаа бахархдаг шүү. Энэ бүхний ард маш олон хүний хөлс хүч, хичээл зүтгэл шингэсэн байгаа
  • Тэмцээний ангиллаас шалтгаалж шалгуур нь харилцан адилгүй байдаг. Манай ангиллын хувьд аль нэг булчин том гэхээс илүү биеийн өв тэгш байдал, зөв хөгжлийг хардаг

Манай улсын хүүхэд, залуучуудын дунд эрчимтэй хөгжиж буй спортын нэг төрөл нь бодибилдинг, фитнесс юм. Монголчууд дэлхийн шилдгүүд шиг мундаг булчин, шөрмөстэй болохын тулд бус эрүүл чийрэг бие хаа, идэвхтэй хөдөлгөөн, өв тэгш биетэй болохын тулд бодибилдинг, фитнессээр хичээллэх болсон билээ. Тэр хэрээр нийслэлийн өнцөг булан бүрт фитнесс клуб үйл ажиллагаа явуулж байна. Бид энэ удаагийн зочноо үүнтэй холбогдуулан урьж, ярилцлаа. Тэр бол 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Улаанбаатар хотын болон улсын аварга, Mr Olympia тэмцээний алтан медальт, үнэмлэхүй аварга, Pro Card-ийн эзэн, “Фитнесс эженси” клубийн дасгалжуулагч А.Гантулга юм. Түүнийг уншигчид манай сонины “Гоо сайхан” буланд орсноор нь таних болсон биз. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Бодибилдингийн тамирчдыг харсан залуусын ихэнх нь богино хугацаанд яаж ийм гоё биетэй болох тухай боддог. Ийм мөрөөдөлтэй залууст та хамгийн түрүүнд юу хэлмээр байна вэ?

-Энэ спорт харьцангуй урт хугацааны буюу хэр тууштай байж чадна тэр чинээгээр үр дүнд хүрдэг. Тиймээс эхлээд өөртөө том зорилго тавь, дараа нь зорилгынхоо төлөө тууштай байхыг зөвлөе. Зөвхөн бодибилдинг, фитнесс гэлтгүй бусад төрлийн спорт ч адилхан. Монголын шилдэг тамирчид олон жил уйгагүй хөдөлмөрлөж ирсний үр дүнд тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг мандуулж байна, овог, нэрээ дуудуулж байна. Аль ч төрлийн спорт дотроо өрсөлдөөнтэй. Тэр өрсөлдөөнд сөхрөлгүй, шантралгүй тэмцсэн тохиолдолд амжилтад хүрдэг. Өөрийгөө дайчилж, тууштай байвал гоё биетэй болно.

-Ингэхэд яг тань шиг болоход хэдий хэр хугацаа зарцуулах бол?

-Хувь хүнээс л шалтгаалах болов уу. Дээр хэлсэнчлэн урт хугацааны тууштай бэлтгэл хэрэгтэй. Миний хувьд тууштай хичээллээд таван жил болжээ. Ер нь энэ төрлийн бэлтгэл огт хийж байгаагүй хүн долоо хоногт хамгийн багадаа 3-4 удаа бэлтгэл хийвэл зүгээр. Ийм маягаар тасралтгүй гурван сар явбал биед мэдэгдэхүйц өөрчлөлт гарч эхэлнэ. Тэгээд л цааш нь хөгжүүлнэ шүү дээ. Гоё биетэй болно гэдэг утга учиргүй төмөр, штанг өргөхийн нэр биш юм. Мэргэжлийн сайн дасгалжуулагчийн удирдлагад техниктэйгээ зөв харьцах хэрэгтэй.

-Энэ спортыг сонгосон шалтгаан нь юу вэ?

-Залуучуудын л адил биеэ гоё болгох хүсэл мөрөөдөлтэй байсан. Хэд хэдэн спортын сонголт байсан ч надад илүү тохирох нь боди билдинг, фитнесс юм байна гэдгийг мэдэрсэн. Ойр дотнын найзууд маань ч энэ спортыг зөвлөсөн юм. Ингээд шийдвэрээ гаргаж, 10 гаруй жилийн өмнөөс сонирхож эхэллээ. Харин тууштай хичээллээд таван жил болж байна. Гурван жилийн өмнөөс л тэмцээнд оролцож эхэлсэн. Анх тэмцээнд ороход өдөр бүр хамт бэлтгэл хийж, дасгалжуулж байсан хүн бол миний найз Г.Барсболд. Мөн дэмжлэг болж, зөвлөгөө өгдөг найзууд ч бий. Зарим хүн хэн нэгэн алдартай хүнээс үлгэр дуурайл авч бэлтгэлээ чамбайруулдаг. Харин миний хувьд хамт бэлтгэл хийж буй найз нөхдөөсөө урам зориг авдаг.

-Та тэгвэл маш богино хугацаанд өөрийгөө өөрчилж чаджээ. Гурван жилийн өмнө дэлхийн аваргаас медаль авсан байна. Дэлхийн дэвжээнээс медаль авна гэдэг баргийн хүний чадах зүйл биш. Дэлхийн аваргаас медаль авах тэр мөчөө эргээд дурсвал?

-Маш сайхан байлгүй яах вэ. Анх би бодибилдингээр хичээллэхдээ тэмцээн уралдаанд оролцоно гэж огт төсөөлөөгүй явлаа. Зүгээр л булчингаа бага зэрэг хөгжүүлэх зорилготой байсан. Ингээд хичээллэх явцдаа энэ спортод улам их татагдсан, шунасан. Биеэ бүр гоёор хөгжүүлж, тэмцээнд оролцож үзэхийг найзууд минь санал болгож зөвлөсөн юм. Энэ мөчөөс л тууштай хичээллэсэн дээ. Тууштай хичээллэснээс хойш хоёр жилийн дараа үр дүн гарсан шүү. Өөрөөр хэлбэл, 2017 он миний хувьд амжилтын жил байсан гэхэд болно. Хотын аварга, улсын аварга болж, цаашлаад дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн сайхан жил байлаа. Үүнийг хараад өөрөөрөө заримдаа бахархдаг шүү. Энэ бүхний ард маш олон хүний хөлс хүч, хичээл зүтгэл шингэсэн байгаа.

-Коронавирусийн цар тахлын улмаас энэ онд ямар нэгэн тэмцээн болохгүй. Харин ирэх жилүүдэд та ямар зорилт тавиад байна вэ?

-Pro Card эзэмшсэнээр дэлхийн болон Азийн аварга гэх мэт тэмцээнд орох боломжгүй. Зөвхөн мэргэжлийн тамирчдын хооронд болдог олон улсын тэмцээнд л өрсөлддөг юм. Тэгэхээр миний эхний зорилго 2021 оны Arnold Classic-д хүч үзэх бодолтой байна даа.

-Нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Fitness Agency клубт дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм билээ. Яагаад энэ байгууллагыг сонгов. Fitness Agency бусад клубээс юугаараа ялгаатай юм бэ? 

-Манай байгууллага мэргэжлийн багш, дасгалжуулагчдаас бүрдсэн. Монголд үйл ажиллагаа явуулж буй фитнесс клубийн бараг 80 хувь нь мэргэжлийн багштай ч заримаас нь үр дүн бага гардаг. Энэ тухай үйлчлүүлж байсан хүмүүс нь хэлдэг юм. Тэгвэл өөртөө өөрчлөлт хийхийг хүссэн хэн бүхний мөрөөдлийн биеийг богино хугацаанд “урлахад” нь мэргэжлийн үүднээс туслах зорилгоор энд ажиллаж байна. Клубийн зорилго минийхтэй адилхан учраас надад тавьсан саналаас нь татгалзаж чадаагүй юм. Энэ дашрамд, богино хугацаанд зорсон мэт биетэй болохыг хүсвэл манайхыг зориорой гээд клубээ нэг рекламдъя. Манай клуб нэг удаагийн элсэлтээр цөөхөн хүн авч, тулж ажилладгаараа онцлогтой.

-Бодибилдинг, фитнессээр хичээллэхэд олон зүйл дээр тэвчээр хэрэгтэй юм шиг санагддаг. Хоол унднаас эхлээд дэглэм барих шаардлага гарна. Таны хувьд долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийж байна вэ. Хоолны дэглэм барьдаг уу?

-Энгийн үед долоо хоногийн зургаан өдөрт нь бэлтгэл хийдэг. Тэмцээнгүй үед дэглэм гэхээсээ илүү уураглаг, эрүүл хоол хүнсийг зохистой хэмжээгээр хэрэглэдэг. Мэдээж мэргэжлийн түвшний тамирчин учраас нэмэлт тэжээл зайлшгүй шаардлагатай.

-Тэмцээнээс хэд хоногийн өмнө жингээ хаяж булчингаа ялгаруулж, хэзээ нь бэлтгэлээ хийдэг вэ?

-Гурван сарын өмнөөс өөхний хэмжээгээ хасч, булчингаа ялгаруулдаг. Тэгэхгүй бол хүссэн амжилтаа үзүүлж чадахгүй шүү дээ.

-Ярилцлагаа чөлөөт маягаар үргэлжлүүлмээр санагдлаа. Та зөвшөөрөх үү?

-Бололгүй яах вэ. Чадахаараа хариулаад л явъя.

-“Булчингийн масс ахих бүрт толинд өөрийгөө харж, таашаал авах сайхан” гэж тантай хобби нэгтнүүд хэлдэг. Та ч үүнийг тойроогүй байлгүй...

-Мэдээж энэ спортын гол онцлог нь нүдэнд харагдах өөрчлөлт. Тэр өөрчлөлт, үр дүн гээсээ урам авч илүү хичээдэг.

-“Майк, эсвэл нимгэн цамц өмсөөд гудамжаар алхах онгироо зан надад түр хугацаанд байсан” гэж мистер Л.Баянхүү надад нэг удаа ярьсан юм. Та ч мөн адил тийм үетэй хамт “алхаж” байсан уу?

-Байсан, байсан. Удаан хугацааны хичээл зүтгэлийн үр дүнгээр эрүүл биеэ урлаж чадсан хүн чинь хааяа түүгээрээ онгирох зүгээр шүү дээ.

-Сайхан биетэй залуучуудад хүүхнүүд татагдах нь мэдээж. Танд анзаарагддаг уу?

-Үүнийг харин нэг их анзаарч байгаагүй юм байна. Тэгээд ч одоо сайхан биетэй залуус олон болсон шүү дээ. Бүгд л тодорхой хэмжээнд биедээ анхаарч, хөгжүүлэх гэж хичээдэг болсон байна.

-Тэмцээний үед сексийн асуудал чухал байдаг гэж сонссон. Энэ талаар мэдээлэл хэр нээлттэй байдаг вэ?

-Энгийнээр тайлбарлахад эр гормон нь булчинг ургуулахад гол нөлөө үзүүлдэг. Тиймээс тэмцээн болохоос сарын өмнөөс бэлгийн харьцаанд аль болох бага орох хэрэгтэй.

-Бодибилдингийн тэмцээнд булчин том байвал л сайн гэсэн үг үү. Тэмцээний гол шалгуур нь юу вэ?

-Тэмцээний ангиллаас шалтгаалж шалгуур нь харилцан адилгүй байдаг. Манай ангиллын хувьд аль нэг булчин том гэхээс илүү биеийн өв тэгш байдал, зөв хөгжлийг хардаг.

-Та аль булчингаа илүү хөгжүүлэх дуртай вэ. Максимум хэд өргөж, шахаж үзсэн бэ?

-Бүх хэсгийн булчиндаа анхаарахыг хичээдэг. 220 кг-д сууж, 200 кг шахаж байсан.

-Манай тамирчид сэтгэл зүйн тал дээр асуудалтай байдаг. Таны хувьд?

-Мэдээж сайн сэтгэлзүйчээс зөвлөгөө авдаг. Энэ тал дээр харьцангүй гайгүй байх. Уг нь сэтгэл зүйн чиглэлийн ном, гарын авлага байвал тамирчдад их хэрэгтэй юм. Харамсалтай нь, манай улсад энэ төрлийн ном, гарын авлага дутмаг байдаг.

-Спорт гэдэг залуу насны ажил. Ирээдүйд гарах хор нөлөө их, бага хэмжээгээр гардаг гэх юм билээ. Наанадаж хувийн амьдралдаа цаг зав хомс гаргасан гээд л ...

-Дасгалыг зөв техникээр хийж дадах нь хамгийн чухал. Манайд 50-иас дээш насны сайн тамирчид олон бий. Тэгэхээр дан залуу насны ажил гэж хэлж болохгүй байх. 

-Бодибилдинг бүх спортын суурь болдог гэдэг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Гол төлөв хүчний спортуудын суурь болдог.

-Энэ спортоор хичээллэдэг хүний зардал их байдаг. Таны хувьд сард хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Тамирчдын хувьд уураг, амин дэм, хоол хүнс гээд л тогтмол зардал өндөр. Яг нарийн тоо хэлэх боломжгүй учраас уучлаарай. Ер нь бол зардал өндөртэй спорт.

-Гадаад, дотоодын тэмцээнд оролцохдоо та зардлаа хувиасаа гаргадаг уу. Эсвэл ивээн тэтгэгч байгууллагатай юу?

-Ихэнх тохиолдолд өөрсдөө гаргадаг.

-Бэлтгэл хийж байх үед нэмэлт бүтээгдэхүүн заавал хэрэглэх шаардлагатай юу?

-Заавал хэрэглэх шаардлагагүй. Тухайн хүний бэлтгэл хийж буй зорилго, биеийн онцлог зэргээс шалтгаална.

-Ямар улиралд залуучууд бэлтгэл хийж эхэлдэг вэ. Зарим нь биеэ гайгүй хөгжүүлээд ирэхээрээ орхидог гэсэн. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Зуны улиралд бэлдэж өвөл, хавар ихэвчлэн бэлтгэл хийдэг. Дасгалаа хийхгүй орхивол булчин тань ч бас чамайг орхино л гэсэн үг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Алтан ураг” жүжигчин Б.Амарсайхантай шүүхдэлцэнэ гэв

  • Жүжигчин Б.Амарсайхан “Алтан ураг” хамтлагийн бүтээлийг сонгуулиар ашиглаж байжээ
  • Бид заавал шаардлага тавих албагүй. Албан ёсны бүртгэлтэй учир оюуны өмчийг ашигласан бол төлбөрөө төлөөд явах ёстой

Монголын анхны фолк рок, этник рок тодотголтой “Алтан ураг” хамтлаг жүжигчин Б.Амарсайханд хандан оюуны бүтээлийг нь улс төрийн зорилгоор ашигласныг нь эсэргүүцэн мэдэгдэл гаргажээ. Энэ талаар тус хамтлагийн гишүүн М.Чимэд тогтохоос тодрууллаа.

-Жүжигчин Б.Амарсайханд хандан гаргасан мэдэгдлийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юу?  ­

-Манай хамтлагийн “Ижий Монгол” нэртэй уран бүтээлийг сонгуулийн сурталчилгаанд удаа дараа зөвшөөрөлгүй ашиглаж буйг эсэргүүцэн энэхүү мэдэгдлийг гаргасан юм. Манай хамтлаг 2004 оноос хойш уран бүтээлээ туурвиж, Монгол Улсын нэрийг олон удаа дэлхийд таниулж байсан. Энэ сарын 23-­ны өдөр гаргасан мэдэгдэл 2012 оноос эхлэлтэй. Тухайн үед “Намайг Амараа гэдэг” гээд нэг жүжигчин залуу гарч ирсэн. Тэр сурталчилгаа нь цаашдаа Б.Амарсайханы тренд болж явсан. Үүнийг амьдруулж байсан ганц зүйл нь манай хамтлагийн хөгжим. Анх бидний зөвшөөрөлгүй ашиглахад нь залуу хүн дараа нь бидэнд хэлэх байх гээд тоогоогүй. Гэтэл 2016 онд дахин ашигласан. Үүнээс болоод манай хамтлагийн уран бүтээлийг сүү болон зайрмагны сурталчилгаанд ашиглах болсон юм. Тэгээд энэ онд дахин сонгуульд ашиглалаа. Оюуны өмчийн хулгайг энэ удаа зүгээр хараад сууж чадахгүй. Манай хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл улс төрийн ямар нэгэн сурталчилгаанд оролцож байгаагүй. Нам бус гэж явдаг болохоор оролцохыг ч хүсдэггүй юм. Гэтэл биднийг улс төрд хүчээр оруулж ирсэн учраас дуугарахаас өөр аргагүй байлаа. 

-Сонгуулийн сурталчилгаанд гурван удаа ашигласан байна. Яагаад тухай бүрд нь оюуны өмчөө хамгаалж шаардлага тавиагүй юм бэ? 

-2010 онд BMI гээд дэлхийн зохиогчийн эрхийг хамгаалж, албан ёсоор худалдаалдаг байгууллагад “Ижий Монгол” бүтээлээ бүртгүүлсэн. Шаардлага тавиагүй гэж ойлгож болохгүй. Бид энэ хугацаанд хэр удаан ашиглахыг нь харж, баримтжуулж байсан юм. 2016 онд BMI компани бүх баримтыг цуглуулан дахин гарч иртэл нь цуглуулсаар бай гэсэн. Бид сонгуульд ашигласан улс төрийн намд хандсан. Гэтэл өнөөдрийг хүртэл үл ойшоож байна. Гэхдээ бид заавал шаардлага тавих албагүй. Албан ёсны бүртгэлтэй учир хэрэглэсэн бол төлбөрөө төлөөд явах ёстой.

-Яагаад сонгуулийн үеэр энэ тухай ярих болов? ­

-Бид албан ёсоор мэдэгдэл хүргүүлээд хариу ирэх байх гэж хүлээсэн. Гэтэл мэдэгдэл гаргасан ч тоогоогүй. Сон­гуультай холбох нь чухал биш шүү дээ. Хэзээ ч, ямар ч нөхцөлд хүний өмчийг зөвшөөрөлгүй ашиглаж болохгүй гэдэг санааг л өөрсдийнхөөрөө дэвшүүлж байгаа нь энэ.

-Тэгэхээр одоо цаашид ямар арга хэмжээ авах вэ? ­

-Монгол Улсын болон олон улсын оюуны өмчийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн хэрэг болж байна. Тиймээс манай хамтлаг BMI байгууллагатай хамтран зохиогчийн эрх, оюуны өмчийн хулгайтай тэмцэж, олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагад улс төрийн зорилгоор хулгайлан ашигласан асуудлыг нийтэд ил болгохоор болсон. Тоохгүй хэвээр байвал шүүхэд хандана.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бейонсе хар арьстнуудын эрх чөлөөг тунхагласан шинэ дуу цацав

Америкийн цагдаа нар хар арьст Жорж Флойдын амь насанд хүрсэн нь дэлхий нийтийг бухимдуулж, өнгөт арьстнууд нэгдэж тэмцэхэд хүргэсэн. АНУ-ын өнцөг булан бүрд эсэргүүцлийн жагсаал болоод зогсохгүй урлаг, спортын алдартнууд дуу хоолойгоо илэрхийлсээр байна. Тэгвэл энэхүү эрх чөлөө, арьс өнгөний ялгаварлалыг эсэргүүцэгчдийн эгнээнд алдарт дуучин Бейонсе өөрийн шинэ уран бүтээлээр нэгдэж, Black Parade нэртэй шинэ дуугаа цацсан байна. Өмнө нь шинэ бүтээлийнхээ тухай ямар ч мэдээлэл гаргаагүй бөгөөд Бейонсе дуугаа цацагдсаны дараа “Энэ бол боолчлолыг цуцалсан өдөрт зориулсан дуу. Боолчлол хаана ч байх ёсгүй. Тэр тусмаа эрх чөлөөт Америк оронд” хэмээн ярьжээ. Тэрбээр зургадугаар сарын 19-нд дуугаа цацахдаа Америкийн түүхэнд боолчлолыг цуцалсан өдөрт зориулсан бөгөөд шинэ дуугаа хар арьст бизнес эрхлэгчдийг дэмжих санаачилга гаргасан байна. Дууны үгэнд хар арьстнуудын боолчлол, цагдаагийн харгислал, Жорж Флойдын амийг нэхсэн эсэргүүцлийн тухай хүчтэй мөрт багтжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Намайг тайзан дээр дуулж байхад муулагсад буйдан дээрээ сууж байсан

  • Шоунд орсны дараа аав, ээж маань “Охиноороо бахархаж байна” гэж хэлсэн нь амьдралдаа сонсож байсан хамгийн нандин үг
  • Дашням ахыг үлдчихлээ гэж шүүмжилсэн сэтгэгдлүүдтэй санал нийлэхгүй байна. Дашням ах үлдэх ёстой байсан учраас үлдсэн. Миний амжилтад хүрэх цаг хугацаа удахгүй ирнэ, би өндөрлөгт гарна гэдэгтээ итгэж байгаа учраас үзэгчдийн сонголтод сэтгэл өег байсан
  • Урлагийн хүн тайзан дээр гарч, уран бүтээлээ хүргэхдээ үзэгчдийг аз жаргалтай болгохын тулд бүхнээ зориулдаг. Тайзан дээр байх тэр мөчид ээж нь нас барсан уу эсвэл аавынх нь бие муу байна уу огтхон ч хамаарахгүйгээр энэ бүх мэдрэмж, шаналлаа тэвчиж, үзэгчдэд мэдэгдэхгүй байх ёстой

The Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч С.Марал-Одыг “Залуус” буландаа урилаа. Тус шоуны хамгийн бяцхан оролцогч тэрбээр ердөө 17 настай ч насандаа баймгүй авьяастай, хэрсүү гэдэг нь ярилцах зуур мэдрэгдэж байлаа. Түүнийг олон нийт шоуны дараагийн ялагч хэмээн таамаглаж байсан ч тэрбээр хагас финалын шатнаас хасагдсан нь багагүй шуугиан тарьсан юм. Түүний ертөнцөөр хамтдаа аялцгаая.

-Марал-Од багадаа ямар хүүхэд байсан бэ. Хэзээнээс дуулж эхлэв?

-Ээж маань цэцэрлэгт дуу хөгжмийн хичээл заадаг байлаа. Ээжийнхээ ажилладаг цэцэрлэгт явдаг байхдаа хичээлийнх нь CD дээр байсан дуунуудыг дагаж дуулдаг, гял цял юманд дуртай дуу, бүжгээс салдаггүй хүүхэд байсан. Хаана л дуу хөгжим тоглоно би тэнд зогсож байна. Тэр үеэс өөрийгөө дуулах авьяастай, урлагт дуртай гэдгээ мэдэх болсон. Аав, ээж маань сайхан дуулдаг хүмүүс. Бас ураг төрөлд маань урлагийн хүн олон бий.

-Өнгөрсөн жилийн ялагчийг бэлтгэсэн Ука шүүгчийн багийг сонгосон. Яагаад ийм сонголт хийсэн бэ?

-Би багаасаа Ука көүчийнхээ фен нь байсан. Уран бүтээл, хэв маяг гээд бүх зүйл нь миний сонирхол байснаас гадна өмнөх улирлын оролцогчдод сонгож өгсөн дуу, бэлтгэсэн байдал нь надад маш их таалагдсан. Дөрвөн шүүгчээс хэнийг нь сонгох вэ гээд төсөөлөхөөр хамгийн амар, надтай илүү ойр хүн нь Ука шүүгч байсан юм.

-Шалгаруулалтад орохоосоо өмнө сонголтоо хийчихсэн гэсэн үг үү?

-Тийм ээ, Blind шатанд гурван шүүгч эргэж харсан. Дууны дунд хэсэг хүртэл Ука шүүгч эргэж хараагүй. Яагаад эргэж харахгүй байгаа юм бол, эргэж харахгүй бол яанаа ч гэсэн айдас төрсөн. Яг тэгж бодох үед көүч маань эргэж харсан мөч сэтгэлд хамгийн тод үлдсэн. 

-Нэвтрүүлгийн үеэр харж байхад өрсөлдөгчдөө маш халуун дотно баяр хүргэж байсан. Финалын шатанд шалгарч хасагдахад ямар мэдрэмж төрсөн бэ. Сэтгэлээр унасан уу? 

-Өмнө нь жижиг хэмжээний тэмцээн уралдаанд орж байсан ч ийм том тайзан дээр гарч, телевизийн шоунд орж байгаагүй. Гэхдээ олон удаа ялагдаж үзсэн. Хагас финалд үзүүлбэрээ өөрийнхөө бэлдсэн хэмжээнд гүйцэтгэж чадсан болохоор хасагдсан ч гэсэн сэтгэл дүүрэн байсан. Би өөрийгөө үлдэх болов уу эсвэл Э.Дашням ах үлдэх болов уу гэж огт бодоогүй. “Юу л болбол болог. Үзүүлбэрээ үзүүлж, хамгийн чадахаараа хичээх хэрэгтэй” гэж бодсон. Хүмүүс надаас “Чи уйлсан уу, хэцүү байсан уу” гэж маш их асуусан. Надад хэцүү байгаагүй, бас сэтгэлээр ч унаагүй. Би энэ шоунд юуны төлөө оролцсон юм бэ гэдгээ өрсөлдөж байхдаа ойлгож, тэр зорилгодоо хүрч чадсан, олон зүйл сурч мэдсэн, намайг маш олон хүн хайрлаж, дэмжиж байгааг харсан учраас миний хувьд бүх зүйл сайхан байна. 

-Энэ шоунд оролцсон гол зорилгоо биелүүлсэн гэж хэллээ. Тэр зорилгыг ялалт болов уу гэж таамаглаж байсан ч өөр зүйл байсан бололтой?

-Би өмнө нь дуулдаг байсан ч урлагийн салбарт хөл тавьж, мэргэжлийн хүмүүстэй ажиллаж үзээгүй. Мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллаад, тэднээс суралцаж, бэлтгэл хийгээд ирэхээр урлагийн хүнд юу хамгийн чухал вэ, энэ шоугаар хязгаарлагдах биш цаашдаа амжилтад хүрэхийн тулд юу хийх хэрэгтэйг маш сайн ойлгосон.

-Шоуны хамгийн хүнд хэцүү санагдсан үеийнхээ тухай хуваалцахгүй юу? 

-Blind audition шатнаас өмнө нээлттэй шалгаруулалт болдог. Урьдчилсан шалгаруулалтад орох үед “Тэнцсэн оролцогчид руу залгана” гэж хэлсэн юм. Тэр үед би хариу ирэх хүртэл өдөр бүр залбирдаг байлаа. Ингэж их хүсэж байж орсон, тэмүүлсэн зүйл маань учраас шантарч байгаагүй. Хүнд хэцүү зүйл гарсан ч гэсэн ялархахын оронд өөрийгөө дайчилж, тэр бүхнийг сэтгэл дүүрэн давж гарсан. Харин хамт өрсөлдөж байсан найзууд маань хасагдах мөч л хамгийн хэцүү байсан. Ялангуяа, Knock out шат хамгийн хүнд. Нэг багт бэлтгэлээ хамт хийж, бие биедээ тусалж ах дүүс, найз нөхөд болчихсон 10 хүний зургаа нь хасагдсан тэр мөчид оронд нь өөрийгөө тавиад үзэхээр үнэхээр хэцүү санагдаж байсан. Бас Battle шатанд хамт дуулсан Д.Халиунаа бол миний маш сайн найз. Бид хоёр 12 жил найзалж байна. Шүүгчид биднийг найзууд гэж мэдээгүй л дээ. Нас чацуу учраас бид яах ч аргагүй оноолт таарсан. 

-Э.Дашнямыг финалын шатанд шалгарахад олон нийт сошиалаар маш их шүүмжилж байсан. Багийнхаа гишүүдтэй найз нөхөд, ах дүүсийн нандин харилцаатай байх. Түүний тухай ярьж болох уу? 

-Э.Дашням ах маань маш цайлган сэтгэлтэй, үнэхээр тусч хүн. Өөрийнхөөрөө байгаа байдал, хөгжилтэй зан чанар нь хүмүүсийн хайрыг татдаг. Бас уртын дуу дуулдаг, монголчуудын сэтгэлгээ, аархал, дотоод сэтгэлд нь хүрч дуулсан учраас л финалын шатанд шалгарч, өөрийгөө харуулсан. Хүн бүрийн цаг хугацаа өөр. Би хичээж байгаа цагт хэзээ ч амжилтад хүрнэ. Гэхдээ миний тэр цаг тэр мөч биш байсан. Олон нийт Дашням ахыг үлдчихлээ гээд янз бүрийн л сэтгэгдэл бичсэн байсныг харсан. Үнэнийг хэлэхэд тэр бүх сэтгэгдэлтэй санал огт нийлэхгүй байна. Дашням ах үлдэх ёстой байсан учраас л үлдсэн. Миний амжилтад хүрэх цаг хугацаа удахгүй ирнэ, би өндөрлөгт гарна гэдэгтээ итгэж байгаа учраас үзэгчдийн сонголтод сэтгэл өег байсан. Хүмүүс биднийг өрсөлдөгчийн нүдээр хардаг ч бид нэг гараанаас эхэлж, хамтдаа өсөж дэвжиж, амжилтад хүрэхийн төлөө хичээж ирсэн. Тайзны ард миний үсийг сүлжиж өгдөг, мэдэхгүй зүйл дээр минь тусалдаг тийм л хүн. 

-Шоуны шат бүр дээр шүүгчийн сонголтоор шалгарсан шүү дээ. Тэр бүрд үүрэг оногдсон байх?

-Сайн хичээх ёстой юм байна гэж бодсон. Бас Ука шүүгчийн багт орсондоо маш их талархсан. Шат бүр дээр шүүгчийн сонголтоор үлдэж байсан маань “Чи цаашдаа шантрах эрхгүй боллоо шүү” гэдэг үүрэг хариуцлагыг мэдрүүлж байлаа.

-Олон хүмүүс бахархаж байгаагаа хэлсэн байх. Шоуны туршид сонссон хамгийн нандин үг юу байсан бэ?

-Аав, ээжээсээ сонссон үг хамгийн нандин байсан. Тэр хоёр маань “Охиноороо бахархаж байна” гэж хэлэхэд би ялагч болчихсон юм шиг л санагдсан. Яг үнэнийг хэлэхэд аав, ээж маань намайг урлагийн хүн болохыг дэмждэггүй байсан. Шоунд оролцсоноос хойш охиныг нь олон хүн магтаж, бахархаж байгааг хараад бодол нь өөрчлөгдсөн болов уу. Бас дуртай зүйлээ хийгээд аз жаргалтайгаар жижигхэн ч гэсэн амжилтад хүрч байгааг хараад зөв сонголт хийжээ гэж бодсон байх. Хичээлээ сайн хийх үед эсвэл олимпиадаас шагнал авах үед л мундаг гэж хэлж байсан болохоос дуулахад маань хэзээ ч тийм үг хэлж байгаагүй л дээ. 

-Тэгвэл хамгийн хатуу үг юу байв. Бас тэр үг Марал-Одыг өөрчилж, ухаарал өгч чадсан уу? 

-“Энэ шоунд оролцож байх хугацаандаа бас цаашдаа бусад хүмүүсийн оронд өөрийгөө тавьж үзээрэй. Би энэ хүний оронд байсан бол яах байсан бол гэж бодож бай” гэж хэлсэн көүчийн маань үг сэтгэлд тод үлдсэн. Энэ үг намайг байгаа бүхэндээ талархахад сургаж, урам зориг, сэдэл болсон гэж хэлж болно. Би насаар хамгийн бага оролцогч байсан болохоор бүгд л намайг хайрлаж, эрхлүүлдэг байсан. Тийм болохоор энэ итгэлийг нь алдахгүйг хичээж байсан маань хатуу үг сонсохгүй байхад нөлөөлсөн байх. Шоуны баг, шүүгчид ч оролцогчдоо маш сайн мэдэрдэг. Энэ хүүхдэд бага зэрэг ташуур хэрэгтэй юу эсвэл урам хэрэгтэй юу гэдгийг мэддэг учраас оролцогчдынхоо онцлогийг мэдэрч ажилладаг.

-Сурлага сайтай, сургуулийнхаа тэргүүний сурагч юм билээ. Дуучин болох уу эсвэл өөр салбарт хүч үзэхээр төлөвлөж байна уу?

-Миний амьдралын туйлын зорилго бол дуу хөгжим. Гэхдээ мөнгөний хоёр догч урсгалтай болж, өөр салбарт хүч үзэх болбол загварын салбарт өөрийгөө сорино гэж боддог. Ирээдүйд өөрийн гэсэн брэндтэй болохыг хүсэж байна. 

-Тайзан дээр өмссөн хувцаснуудаа өөрөө урласан гэл үү?

-Battle шатныхаа хувцсыг л өөрөө оёсон. Бусад шатанд өмссөн хувцаснуудынхаа жижиг деталиудыг хийсэн. Бүгдийг нь оёогүй шүү (инээв).

-Шоу дууссан ч гэсэн уран бүтээлийн олз омог арвин байгаа болов уу гэж бодож байна. Ямар жанраар дуулахыг хүсэж байна?

-Би өөрийнхөө юу хийж чадахыг хармаар байна. Тийм болохоор аль нэг жанрт баригдахгүйгээр бүхий л төрлөөр сорьж үзнэ. Ер нь надаас юу ч гарч магадгүй. 

-Ингэхэд найз хөвгүүн бий юу. Танилцах санал их ирдэг гэж сонссон?

-Байхгүй ээ. Танилцах санал тийм ч их ирээгүй (инээв). Цаашдаа өөрийгөө хөгжүүлэхдээ илүү анхаарах учраас одоохондоо миний амьдралын чухал зүйлсэд үерхэл хараахан багтаагүй. Хүмүүсийг таньж мэдэх хүрээнд л харилцаж, нөхөрлөхийг хүсэж байна.

-Урлагийн салбар хүнд хэцүү гэдгийг тогоонд нь чанагдсан хүмүүс хэлдэг. Дуучин болох эхлэлээ тавьж буй хүний хувьд хүнд санагдаж байгаа зүйл бий юу?

-Яг одоогоор өөрөө мэдэрч, туулсан зүйл байхгүй. Гэхдээ урлагийн хүн тайзан дээр гарч, уран бүтээлээ хүргэхдээ үзэгчдийг аз жаргалтай болгохын тулд бүхнийг хийдэг. Тайзан дээр байх тэр мөчид ээж нь нас барсан уу эсвэл аавынх нь бие муу байна уу огтхон ч хамаарахгүйгээр энэ бүх мэдрэмж, шаналлаа тэвчиж, үзэгчдэд мэдэгдэхгүй байх ёстой. Тиймээс урлагийн хүнээс бие болоод сэтгэлийн тэвчээр маш их шаарддаг юм билээ. Бас маш ухаантай, зөв амьдрах ёстой гэдгийг ойлгож авсан. 

-Бид сошиалын эрин зуунд амьдарч байна. Та хүмүүсийн шүүмжлэл, сэтгэгдлийг уншдаг уу. Цахим ертөнц дэх шүүмжлэлүүдийг хэрхэн хүлээж авч байна?

-Би сайн уншдаг шүү. Тухтай сууж байгаад нэг бүрчлэн уншдаг. Сөрөг сэтгэгдлүүд маш олныг уншсан ч эерэг нь илүү олон байсан. Гэхдээ надад хүндээр тусаж байгаагүй. Яагаад гэвэл би тайзан дээр дуулж байсан. Харин тэд буйдан дээр суугаад үзэж байсан.

-Энэ шоуны тайзан дээр гарснаар та Z үеийнхний том төлөөлөл болсон. Үе тэнгийнхнээ хараад шүүмжилмээр санагддаг эсвэл засаж залруулаасай гэж хүсдэг зүйл байдаг уу?

-Би үеийнхээ хүүхдүүдийг хүрээллээ зөв сонгоосой гэж хүсдэг. Хүн урсгалаараа амьдарч болно, манлайлагч ч байж болно. Гэхдээ өөрийнхөө яг одоо байгаа газарт манлайлагч нь байж, чамаас илүү гарах хэн ч байхгүй байвал чи буруу газартаа байна гэсэн үг. Хүн өөрөөсөө илүү чадвартай хүмүүсийн дунд ороод ирэхээр өөрийнхөө түвшнийг мэдэхээс гадна тэр хүмүүсээ дагаад хөгжиж эхэлдэг. Тиймээс хүрээллээ зөв сонгож, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тасралтгүй хөдөл мөрлөөрэй гэж хэлмээр байна. 

-17 настай Марал-Одод олон зорилго, мөрөөдөл бий байх. Ойрын зорилгоосоо хуваалцаач?

-Өөрийн гэсэн уран бүтээл гаргахаар төлөвлөж байгаа. Өөрөө үгийг нь бичиж, мэдрэмжээ илэрхийлсэн дуутай болохыг хүсэж байна.