A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1614/

Г.Батчимэг: Ээжийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд бүжигчин болоогүй

100 гаруй хүн ажиллаад 20-иод үзэгчтэй үе байсан

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1614/


Сонгодог урлаг сонирхогчдын бахархал болсон гоцлол бүжигчин Г.Батчимэгийг “Зочин” буландаа урилаа. Тэрбээр УДБЭТ-ын босгоор алхан орсноос хойш 17 дахь жилээ угтаж байна.  Г.Батчимэг дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн, анхны балетчин “Алдарт эх” бүсгүй юм. Түүний хань МҮОНТ-ийн сэтгүүлч А.Мөнхбаатар. Залуу хос ажилласан салбартаа нэр төртэй, амжилт бүтээл дүүрэн яваа манай үеийн бахархалт нэгэн гэр бүл билээ. Мэргэжилдээ дурлаж, түүгээр аз жаргалаа бүтээж яваа Г.Батчимэгийн амьдрал, уран бүтээлийн талаар сонирхоно уу.
СОНГОДОГ УРЛАГИЙН ҮЗЭГЧДИЙГ БЭЛДЭХЭД АНХААРДАГ
-Ээжийнхээ мөрөөдлийг гүйцээж бүжигчин болсон гэсэн. Мэргэжилдээ дурлахын анхдагч шалтгаан нь юу байв?
-Би одоо ажиллахын хажуугаар хөгжим бүжгийн консерваторт мэргэжлээ дээшлүүлэн суралцаж байна. Олон мундаг багш нарынхаа зааж, хэлж өгснийг сонсоод би зөвхөн ээжийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд бүжигчин болоогүйгээ ойлгосон. Ажлаа хийхдээ би хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Уур бухимдал, таагүй мэдрэмжээ бүжиглэх явцдаа хөдөлгөөнөөрөө, булчин шөрмөсөөрөө хөөн гаргаж, эргээд үзэгчдийн алга ташилтаас эрч хүч авдаг. Энэ л миний дурлах шалтгаан юм байна гэж боддог болсон. Намайг бага байхад сонгодог урлагийн боловсролыг түгээх, сурталчлах ажил өргөн хүрээтэй явдаг байсан. Зурагтаар балет гарангуут гүйж очоод л үзээд суучихдаг, эгчийгээ эрэгтэй болгоод өөрийгөө өргүүлж, балет бүжиглэж байна гэж тоглодог хүүхэд байлаа. Ээж дуртай учраас би бүжигчин болсон юм биш, намайг дуртай болохоор ээж минь хөтөлж мэргэжлийн сургуульд нь оруулсан байж дээ гэж боддог юм.
-Сонгодог урлагийг түгээх, сурталчлах ажил одоо хэр байна вэ?

-Хэвээрээ байгаа. Гэхдээ мэдээллийн нээлттэй байдал, хэт олон төрлийн зүйлийг судлах боломж нь нэг талаар сонгодог урлагийг онцолж сонирхох хүүхэд ховордох, сонирхсон нь ч тууштай тэвчээртэй байхыг бууруулж байна.
-Та хүүхдүүдэд балет зааж байгаа гэсэн. Ер нь шантарч буцдаг нь хэр их вэ?

-Бүжгийн студи ажиллуулж байсан. Одоогоор хүүхдүүд жаахан учраас сургалтаа түр завсарлаад байна. Манай сургалт сонирхогчдод зориулсан. Балерина бол хатуу, хүнд мэргэжлийн жагсаалтад ордог шүү дээ. Харин би хүүхдүүддээ тэр хатуу хөтүүг нь биш, гоо зүйн талаас нь хичээлээ заадаг. Өөрийнх нь гоо сайхныг мэдрүүлж, өөрөөрөө бахархаж, үнэлдэг болгох, соёлч боловсон биеэ авч явах, сонгодог урлагийн үзэгчдийг бэлдэх тал дээр илүү анхаардаг. Гурав, дөрөвхөн настай хүүхдүүд нуруугаа хаана байдгийг ч мэддэггүй шүү дээ. “Нуруугаа цэх болго” гэхээр “аль нь билээ, багш аа?” гэдэг өхөөрдөм бяцханууд ирдэг. Тэдэнд алхах гишгэх, зөв суухаас эхлээд танхимд хэрхэн алга ташихыг ч зааж өгдөг. Манайд шантарч гарах биш, улам дурлаж, хэзээ хичээл эхлэх бол гэж хүлээсэн хүүхдүүд л байдаг даа. 
-Сонгодог урлагийн үзэгчдийн одоогийн түвшин, өөрчлөлтийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Хэд орчим насныхан зонхилж байна?

-Нийгмийн шилжилтийн үе дөнгөж шувтарч эхэлсэн ч хүмүүсийн амьдрал сайнгүй байсан 2003 онд би хөгжим бүжгийн сургуулийг төгсөөд УДБЭт-т орсон. Иргэд сонгодог урлаг үзэх нь бүү хэл, өнөө маргаашийн амьдралаа яая гэж байсан үе л дээ. Тайзан дээрээс харахад дөнгөж хорь гаруйхан хүн үзээд сууж байсан үе бий. Нэг үдэш бүтээл тавихад тайзны гэрэлтүүлэг, чимэглэл, хөгжимчид гээд зуугаад хүний хөдөлмөр шингэдэг. Гэсэн ч үзэгчдээ хүндлээд бүгд л сэтгэл зүрх, бүх хүчээ дайчлаад тоглоно. Гэхдээ би энэ үеийг зах зухаас нь л үзэж өнгөрсөн. Аажимдаа үзэгчид маш өндөр хүлээлттэй үздэг болж, тэр хэрээр хүртээмж ч сайжирсан. Одоо бол тоглолтын тасалбар долоо хоногийн өмнө онлайнаар зарагдаад дуусчихсан, өөрсдөд маань ч олддоггүй. Орчин үеийн цахим дэвшлүүд сонгодог урлагийн хөгжилд ч хүчтэй хувь нэмэр оруулж байна. Манай бүтээлүүдэд үлгэрийн болон хүүхдийн сэдэв их учраас үзэгчдийн маань ихэнх нь багачууд. Сонгодог урлаг  хүүхдийн гоо сайхны төлөвшилд томоохон үүрэг гүйцэтгэдэг болохоор үзэгчдэдээ сэтгэл хангалуун байдаг шүү.
МОНГОЛ БАЛЕТЧИД ГЕРМАН, БНСУ-Д АЖИЛЛАДАГ
-Дэлхийн түвшинтэй харьцуулахад монголын балетын урлаг хаана явдаг вэ?

-Дээгүүрт орно шүү. Гадаад харилцаа ч идэвхтэй хөгжиж манай залуу балетчид олон улсын тэмцээн уралдаанд их ордог болсон. Олон ч шагнал авч, дэлхийд Монголынхоо сонгодог урлагийн хөгжлийг гайхуулж байна. Энэ бол дэлхийд эх орныхоо хөгжлийг хүлээн зөвшөөрүүлсэн сайн жишиг. Цаашид ч залуус маань улам их амжилт гаргана гэж найддаг. Бас мэргэжлээрээ ажилладаг чадварлаг монгол балетчид бусад улс оронд их бий.
-Гаднын орнуудад балетчид “сонгодог” зэрэглэлд багтаж, цалин хангамж ч өндөр. монгол бүжигчид гадагшаа их явдгийн бас нэг шалтгаан энэ үү?

-Манай ангийхнаас л гэхэд хэд хэдээрээ герман, БНСУ-ын театрт бүжигчнээр ажилладаг. Улс орон бүр өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, Өмнөд Солонгост сонгодог урлагийнхнаа бараг тахин шүтэж, хүндэтгэдэг. Балетчид нь хаана ч үргэлж толгой өөдрөг цэх явах ёстой байдаг. Тиймээс солонгосчууд олон улсын тэмцээн уралдааны үеэр гэдийж, цэмцийгээд андашгүй.
-Харин монгол балетчдын хувьд ажил нь амьдралын баталгаа гэж хэлэхэд хэцүү байх аа?

-Төсвийн л цалинтай алба хаагчид шүү дээ. Хамгийн гол нь урлагийнхан ажилдаа цалин харж биш дурлаж хайрлаж зүтгэдэг болохоор ийм асуудлаас хол байх. Мөн сайн хань, найдвартай ар тал чухал.

Дүрэлзэн шатсан уран бүтээлчдийн хүсэл эрэлхийлэл дээр модерн боссон

-Балетын урлагт олон жил зүтгэсний хувьд салбарынхаа ирээдүйг анхаарч, санаа тавьдаг байх?
-Монголын үндэсний өв уламжлалыг шингээсэн бүжгэн жүжгүүд манайд бий. Эдгээр бүтээлээ угсаа нэгт улсууддаа бүрэн эхээр нь толилуулах, цаашлаад дэлхийн түвшинд үндэсний онцлогоо сонгодог урлагт хэрхэн шингээснээ сонирхуулах боломж бидэнд бий. Өөрсдийн гэсэн жүжигтэй, урын сантай байна гэдэг том үзүүлэлт. Бид дэлхийн хаана ч очсон балетын нэг л хэлтэй. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ урлагаар дамжуулж үндэсний өв соёлоо сурталчлах бодлого хэрэгтэй.
-Өв уламжлалаас гадна орчин үеийн хандлага сонгодог урлагт бий. Монголын модерн балетын хөгжил таны нүдээр ямар байдаг вэ?

-Соёлын тэргүүний ажилтан, найруулагч А.Өлзий-Оршихын удирдлаган дор би УДБЭТ-ийн дэргэдэх “Номадик” хамтлагт харьяалагдаж ажилладаг. Гоцлол бүжигчид нэгдээд зөвхөн сонгодогоос гадна орчин үеийн урлагийг Монголдоо хөгжүүлэхээр ажиллаж ирсэн. Модерн балет бол өнөө цагт зайлшгүй шаардлагатай урсгал. Манай продакшнаас байгаль хамгааллын, хүчирхийллийн эсрэг сэдвээр олон жүжиг тавьсан. Монгол Улс бол оросын сонгодог урлагийг өөртөө тэр чигт нь буулгасан орон шүү дээ. Өмнөх нийгэмд модерн балетыг хөрөнгөтөн орны урсгал гэж үзээд, хаачихсан байсан. Тэр нөлөө одоо ч байдаг. Манайд модерн сүүлд хөгжсөн, залуу урсгал. Гэтэл барууны орнуудад хөгжил нь ХХ зууны дунд үеэс эхлэлтэй. Нэг талаас сонгодог, ихэмсэг урлагаараа дайн байлдаан, өвчин шаналал үзүүлж болдоггүй, нөгөө талаас нийгэм цаг үеийн байдлыг уран бүтээлдээ шингээх гэж дүрэлзэн шатсан уран бүтээлчдийн хүсэл эрэлхийлэл дээр модерн боссон. Орчин үеийн балет маш олон төрлөөр хөгжсөөр байна. Энэ урсгал бүрийг монголчууддаа таниулж ойлгуулах зорилгоор манай “Номадик” хамтлаг байгуулагдсан юм.
-Таны найруулсан бүжгэн жүжгүүд байдаг биз?

-Миний хувьд продакшнтайгаа хамтраад хамгийн сүүлд “Цасан гоо ба долоон одой” үлгэрийг бүжгэн жүжгээр дэглэн найруулсан. Хүүхдүүдтэй ажиллах дуртай, тэдэнд зориулсан уран бүтээлд хайртай болохоор сонголт маань надад аз жаргал өгдөг.
-Шинэ жил урлагийнхны оргил ачаалалтай үе. УДБЭТ-ийн хувьд энэ жил үзэгчдэдээ ямар бэлэг барих вэ?

-Төрийн шагналт, Ардын жүжигчин нэрт удирдаач, хөгжмийн зохиолч Ж.Чулуун гуай мэндэлсний 90 жилийн ой тохиож байна. Энэ бямба гарагт буюу маргааш түүний “Уран хас” бүжгэн жүжиг тоглоно. Ням гарагт нь энэ ойд зориулсан бүрэн хэмжээний гала тоглолт болно. Би “Уран хас” бүжгэн жүжгийн гол дүр хандармаад тоглоно. Сонгодгуудын бэлэг барьдаг арванхоёрдугаар сар хамгийн гоё. Шинэ жилийн тухай өгүүлдэг балетыг “Шелкунчик”, мөн “Цөмөөхэй” гэж хоёр янзаар тоглох гэж байна. Баярын уур амьсгал орчихсон, жүжгээс жүжгийн хооронд жаргалтайгаар завгүй гүйдэг үе шүү дээ.
ТӨРСНИЙ ДАРАА ФИТНЕСС БАЛЕТ ТӨРЛӨӨР ХИЧЭЭЛЛЭСЭН

-Монгол эмэгтэйчүүд төрсний дараа бие нялхарч, гам баридаг онцлогтой. энэ үедээ балетын хүнд дасгал хийхэд хэр ядардаг вэ?

-Анхны хүүхдээ төрүүлээд 45 хоноод л ажилдаа орж байсан. Хамт олон маань ч их дэмжиж, дасгалаа хийж эхлэхэд хурдан хэвэндээ орсон. Харин сүүлд ихэр хүүхэд төрүүлсэн болохоор найман сар хүргээд ажилдаа орлоо. Ихэр хүүхэд тээсэн бие арчилгаа арай л илүү шаарддаг юм байна. Би сүүлд гарсан фитнесс балетын төрлөөр гэртээ хичээллэж, биеэ нэлээн цэгцлээд ажилдаа орсон. Орсноос хойш хоёр сарын хугацаанд 10 кг жин хаячихаад байна. Хэдэн сарын өмнөөс дасгалаа эхлүүлсэн болохоор ядрах нь харин гайгүй байсан.
-Мэргэжлийн онцлог хэр зэрэг их нөлөөлдөг вэ?

-Бид багаасаа тэвчээртэй, зорилгодоо хүрэхийн төлөө зүтгэж сурсан. Коски өмсөөд хуруу шалбарч, цус нь гоожсон ч бэлтгэлээ хийж л байдаг. Энэ бүхнийг хүндээр тусгаж авдаггүй нь нөлөөлдөг байх. Бие халаалт, бэлтгэлдээ шахуулаад шархирдагаа ч “гоё өвдөлт” гэж ярьдаг. Ингэж дурлаж, түүнээсээ аз жаргал мэдэрдэг болохоор ядраад байна, нялхраад байна гэж суух ойлголт байхгүй ээ.
-Хүүгээ балетчин болгохсон гэж мөрөөддөг гэсэн. Гэтэл урлагийнхан хүүхдүүддээ өөр салбар сонгохыг зөвлөдөг шүү дээ?

-Би гурван хүү, нэг охинтой. Хэрэв авъяастай бол хөвгүүдийнхээ нэгт мэргэжлээ уламжлуулж эзэмшүүлэхийг хүсдэг. Дэлхийн сонгодгуудыг харахад үр хүүхдэдээ буюу удам дамжсан генийн мэдээллээ эсийн түвшинд өвлүүлсэн нь их байдаг. Тийм балетчид амжилттай яваа жишээ олон. Эрэгтэй балетчин ховор байдаг тул хүүгээ энэ чиглэлээр бэлтгэхийг хичээж яваа.
-Аль ч салбарт эмэгтэй хүн амжилт гаргахад гэр бүлийн хүний дэмжлэг их нөлөөлдөг. Таны хань үүнийгээ ч харуулж байна шүү?

-Манай хүн намайг төрснийхөө дараа ажилдаа орохыг хамгийн их дэмждэг. Миний мэргэжлийг ойлгодог, дэмждэг, нэг номерын шүтэн бишрэгч минь. Хоёулаа завгүй, ачаалал ихтэй ажилтай ч үр хүүхдийг минь харж, асраад өгдөг садан төрлийнхөө ачаар энэ бүхнийг амжуулаад л байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шүдний төв иргэдэд дугаар тараахгүй байна

Үзлэгийн цагийг нэг өдрийн өмнө олгодог болно

 0 сэтгэгдэл


Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв буюу шүдний төв таван жилийн турш сарын 22 сая төгрөгийн төлбөртэй түрээсийн байранд үйл ажиллагаа явуулсны эцэст саяхан шинэ байртай  болсон. Шинэ байрандаа ороод сар гаруй болж буй тус төвийг бид зорьж очлоо. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар сургуулийн зүүн урд зургаан давхар шилэн барилгын үүдэнд энэ сарын 24-н хүртэл үйлчилгээ үзүүлэх дугаар тараахгүй гэсэн зар наасан байв. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байхад иргэд гадаа нь дугаарлаж хонодог байсан. Гэтэл шинэ байранд ороод ч бас л чирэгдэл ихтэй хэвээр байна гэж иргэд хэлж байлаа. Дугаар тараахгүй гэсэн зарыг харсан иргэд урамгүйхэн буцаж байгаа харагдав. Хүүхдийнхээ шүдийг үзүүлэхээр ирсэн эмэгтэй 20 хоногийн өмнө цаг авсан тухайгаа хэлсэн бол өөр нэгэн эмэгтэй заавал долоо хоногийн өмнө ирж дугаар авдаг гэв. 

Бид энэ талаар тус төвөөс тодруулахад “Шинэ байрандаа орохын тулд өмнө нь цаг авсан хүмүүсийн үзлэгийг хойшлуулсан. Мөн өнгөрсөн долоо хоногт төвийн байр -80 С-90 С хэмтэй, эмч, ажилчид осгохоор хүйтэн байсан учраас барилгын гүйцэтгэгч компани болон ажилчид нийлээд байраа дулаалсан. Үүнээс болж эмч нар үзлэгээ гүйцэхгүй байгаа тул энэ сарын 24-н хүртэл дугаар тараах боломжгүй байгаа.  Харин үүнээс хойш бид дугаар тараах, үзлэг хийх цагийг шинэ менежментээр зохицуулахаар болсон” гэж хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Байгаль тайлбарласан юм. Тэрбээр “Манай төвийн үйлчилгээ чанартай, нарийн мэргэжлийн эмч нартай учраас иргэд үйлчлүүлэх сонирхол ихтэй. Гэвч салбарын сайдын баталсан орон тооны хүрээнд л үйлчилгээ үзүүлдэг учраас ачаалал бага, дараалалгүй байна гэж байдаггүй. Бид өөрсдийн дотоод нөөц боломжоороо л үзлэгийн цагийг зохицуулах гэж хичээж байна. Тухайлбал, цайны цаг байхгүй, үзлэгийн цагийг эмч тус бүр дээр 40 минутаас нэг цагаар сунгасан” гэв.

“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжвэл ачаалал эрс буурна

Шүдний төвд өдөрт 100-150 хүнд үзлэгийн цаг олгодог. Өглөө 08.20 цагт ажил нь эхэлдэг ч иргэд өглөө 07.00 цагаас дугаарлаж эхэлдэг хэвээр байгаа аж. Өмнө нь энэ байдлыг зохицуулахын тулд утсаар цаг өгч байсан ч үр дүнд хүрээгүй. Нэг хэсэг нь утсаар цаг авчихаад цагтаа ирдэггүй бол зарим нь биеэр ирээгүй байхад нь цаг олголоо, ирсэн хүнд нь л өгөх ёстой хэмээн бухимддаг учраас утсаар цаг олгохоо больжээ. Харин энэ сарын 24-нөөс хойш үзлэгийн дугаарыг төв дээр ирсэн иргэдэд нэг өдрийн өмнө олгохоор болжээ. Ингэснээр иргэдийн хүлээлт багасна гэж тооцсон байна. 

Шүдний төв 72 ажилтантай, үүний 28 нь эмч. Хэдийгээр шинэ байранд орсон ч эмчийн тоо нэмэгдээгүй аж. Нэг эмчийн орон тоо нэмэхэд цалин, үзлэгийн ор, багаж хэрэгсэл шаардлагатай тул аль болох өөрсдийн хүчин чадлаа зөв хуваарилах шаардлагатай болсон гэдгийг эмч нар хэлж байв. 

Тус төв давхар бүртээ хүлээлгийн танхимтай. Үйлчлүүлэгчдийнх нь 60-70 хувь хүүхдүүд учраас шинэ жилийн баярт зориулан саа, бөмбөлгөөр чимсэн байлаа. Ер нь тус төв цаашид хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түлхүү анхаарахаар зорьж байгаа аж. Хамгийн сүүлийн судалгаагаар хүүхдүүдийн 86 хувь нь шүдний цооролтой, дунджаар нэг хүүхдийн 4-6 шүд цоорсон дүн гарчээ. Хэдийгээр өнгөрсөн хоёр жилд хүүхдийн шүдний цоорол буурч буй ч хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа юм. Тиймээс хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдний эрүүл мэндийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх саналаа нийслэлийн удирдлагуудад илгээсэн юм байна. Гэсэн ч нийслэлийн удирдлагууд хариу өгөхгүй байгаа учраас тус төвийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хоёр кабинет цоожтой байлаа. 

Шүдний төв энэ оны эхний 11 сарын байдлаар 80 гаруй мянган хүнд үйлчлээд байна. Харьяалал харгалзахгүй, эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг учраас тус төвийг зоригсдын тоо буурдаггүй. Харин ирэх онд “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хувийн эмнэлгүүд хүүхдүүдийг үнэгүй эмчилж эхэлбэл шүдний төвийн ачаалал буурахаар байгаа юм. Ингэснээр шүдний төвийн “шүдний өвчин” болсон урт дараалал арилна гэж тооцжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх үзэгдэл

Ядуурлаа өхөөрдөөд ч байх шиг

 0 сэтгэгдэл


Харьцуулалт дүн шинжилгээ хийлгэх үүднээс жүжгийн зохиомжтой адилтгая. Монголын бүх ард түмэн Бид нэгэн инээдэмт, эмгэнэлт жүжгийн гол дүрд тоглож байна. Харин дэлхийг үзэгчид гээд төсөөлчих. Жүжгийн гол санаа бол гол баатруудад эрх чөлөөг нь эдлүүлэх, зоргоор нь байлгах, юу хүссэнийг нь хийлгэх явдал. Өнөөх хэд маань эдэлж байна аа, хийж байна аа, үзэгчид алгаа нижигнэтэл ташаад л, улам дэвэргээд л байх аж. 

Ийм нэгэн жүжигт бид яг одоо тоглоцгоож байна, ард түмнээрээ.

Үндсэн сэдэв. Монгол маань нэг л өөдөлдөггүй, ямар дайрлага дайрчихсан юм бүү мэд! Эсвэл ямар тахил нь буруу өрөгдчихсөн юм бол бүү мэд! Санаатайгаар, хэний ч албадлгагүйгээр өөрсдийгөө, улс үндсээ, үр хүүхдээ, хойч үеэ сүйтгээд ч байгаа юм шиг. 

Хүн төрөлхтний дунд Монгол гэж нэг улс үндэстэн байх нь байна. Дэлхийн хамтын нийгэмлэгт хүндтэй гэмээр алдар олоод авсан, дэлхийн 187 улстай албан ёсны харилцаатай. Хязгааргүй гэмээр том нутаг дэвсгэрт 84 сая толгой малаа адуулан гуравхан саяулаа аж төрж, хөрсөн дороо хязгааргүй их баялагтай хэмээн алдаршсан, ийм нэгэн улс үндэстэн. Ертөнцөд биднийг тэгж л ойлгодог. 

Гэтэл хүн амын гуравны нэг байнга ядуу дорой, ажилгүй хүн асар ихтэй, ажилд тэнцэх хүн ховортой, байгаль орчин, хот суурин, агаар усаа санаатайгаар бохирдуулдаг, нийслэл нь машинхот болчихсон, ер нь гаднынханд бол тайлж чадашгүй оньсого таавар мэт ийм нэг улс азийн цээжин дээр хахир хүйтэн өвлийг яг одоо туулж явна.

Монгол хүн Та яагаад буруугүй юм бэ гэх “сөрсөн базаа”-г би үргэлж хийнэ

Дэлхий дахин ч бас үгссэн аятай биднийгээ зоргонд нь хаячихжээ. Яагаад зоргонд нь гэж? Монголчууд Зөвлөлтийн дарлалаас гарч, ардчиллыг сонгоод гуч дахь жилийнхээ босгон дээр байна. Энэ хугацаанд дэлхий биднийг тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм түүнийг нь үзье гэсэн шиг аашилсан мэт. Монгол хүний мөс, ур чадвар, ур ухаан, ухаарал, тэнэглэлийг эцэст нь тултал харъя гэсэн шиг дургиулаад л.

Өнөөг хүртэл зөвлөлтүүд зааж зааварлаад, хүчлээд ч атугай Монголыг 70 жил аваад ирсний шанд эрх чөлөөг нь бэлэглүүлж, ардчилал, зах зээлийг сонгуулж, эцэс төгсгөлгүй дураар нь дургиулж байгаа нь тэр юм. Зааж зааварлах нэг ч гадаад “эзэн”-гүй, хувь заяаг нь өөрсдөд нь даатгаад орхижээ. 

Гэвч үр дүн нь дан муу үзүүлэлт. 1.5 сая гаруй ам.км хавтгайдаа тархан суугаад хөгжил дэвшилд хүрэх замаа жигдлэх нь үү хэмээн хартал байдаггүй. 28 жилийн турш төв рүүгээ их нүүдэл хийж, нийслэлээ утаанд хордуулаад, хөрс, ус, агаар, орчин нуль хор, хордлого. Одоо ч сэхэл авахаасаа өнгөрсөн. Улаанбаатар хотоо монголчууд өөрсдөө тартагт нь тулгаж, сөнөөтөл нь дэлхий ажиглаад суучихсан аятай. 

Улс үндэстний гол баялаг болох нийслэлийн хүн ард нь эдгэшгүй архаг өвчинд нэрвэгдсэн. Уушигны эмнэлэг олныг бариарай хэмээн гадаадын нэг нөхөр ятгаж байсан нь санаанд бууж байна. Бид өөрсдийгөө хэний ч оролцоогүй тамлаж байгаа хэлбэр нь энэ юм. Монголчуудыг тэгэхээс тэгэх гэж эцэс төгсгөлгүй дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм түүнийг нь үзье гэж байгаа бол нийслэлийн үнсэн хөх энэ их утаа униар, үнэр танар, гэр хорооллын тамын амьдрал, эмнэлгүүдийн ачаалал, замын түгжрэл нүднээ ил байна. Улаанбаатар маань дэлхийн хот байгуулалтын гашуун, муу сургамжийн томхон жишээ болон олон улсад мөнхрөв өө, хөөрхий. 

Ардчиллын жилүүдэд ганцхан чигт буюу нийслэл рүүгээ хэт их тунгаар нүүдэллэжээ. Их нүүдлийг зогсоодог ид шидтэй эрх баригч, улстөрч ганц ч заяасангүй. Хөдөө нь эзгүйрсэн, хүн тогтохоо больсон, уламжлалт малчид нь хөгширсөн. Ингээд Монголын хөдөө хаягдсан нь 28 жилийн үр дүн. Гадаадынхан гайхаад ч, учрыг нь тайлж үл чадна. Төвлөрлийг сааруулах нэртэй хэдэн төсөл сургалт хэлбэрээр хэрэгжсэн ч нэг чихээр ороод нөгөө чихээр нь гараад явчихсан. Усан тэнэг л биш бол төв суурингаас буцаж нүүнэ гэж гонж. 

Ардчиллын үнэт зүйлс, үзэл санааг нэвтрүүлж, төр засгаа сонгоод, чөлөөт сонгуулиараа гялалзаж байна уу гэтэл тэр бас байдаггүй. Монголчуудыг тэгж ингэж сонго гэсэн гаднын ямар ч зааваргүйгээр сонгуулиа явуулдаг ч эцэст нь ард түмэн улс төрөөс баахан залхаж, зүрхшээж, эрх баригчдаа үзэн ядсан үр дүнтэй байна. Гол нь тэр олон ардчилсан сонгуулийн монголчуудад өгсөн үр дүн тун бага, ядуурал, ажилгүйдлийг шийддэггүй учраас ард түмний залхалтыг хүлээн зөвшөөрч байна. 

Зах зээлд чөлөөтэй шилжих эрхийг нь өгчихсөн, бас дураар нь дургиулсаар өнөөг хүргэжээ. Зах зээл рүү яаж шилжиж, зах зээлийн ямар нийгэм байгуулдаг юм бол гэдгийг эцэст нь тултал үзэхээр даян дэлхий шийджээ. Тэгэхээс тэгэх гэж ёстой дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, юу дуртай есөн хүслийг нь биелүүлж зоргоор нь байлгалаа. Өмнөд хөршөөсөө барагдахгүй их бараа, бүтээгдэхүүн авчраад нийслэлийнхээ дэлгүүрүүдийг чигжтэл дүүргэлээ. Араас нь тасралтгүй зөөсөөр л байна. Ийм мөчлөг 28 жил үргэлжилжээ. Худалдан авагч байхгүй. Гол нь худалдан авагчдад нь мөнгө байдаггүй, гэтэл зөөгөөд байдаг, зөөгөөд л байдаг. Заавал зөөнө, заавал бараагаа зарна гэж зүтгээд, тэмцээд байдаг. Нийслэл маань дэлгүүр лангууны хот болж хувирав аа. Бараа сахисан, худалдан авагч хүсэн хүлээсэн хэдэн түмэн худалдагчтай боллоо. Орлого ашиг гэхээсээ дан гарлага, зарлага, улсад бол ямар ч хэрэггүй, ийм нэг лангуун хоттой болчихоод байж байна. Дураараа дургисаар хүрсэн нэг үр дүн нь энэ. 

Хийж бүтээснээ экспортолно гэдэг ойлголт ихэнх монгол тархинаас арчигдчих шиг боллоо. Үйлдвэрлэж, боловсруулж, нэмүү өртөг шингээж байж ашиг өгнө, тэгээд цалин нэмнэ гэдгийн эсрэг явцгаалаа, дуу нэгтэй. Ерөөсөө бэлэн байгаа “юм”-аа л тэр “бэлэн”-ээр нь хөршүүд рүүгээ зөөчихье. Одоо бол урд хөрш рүү “урсаж” байна. тэр “бэлэн юм” нь тавантолгойгоос ухаад гаргаад ирсэн нүүрс. Ямар азаар хятадтай залгаа хилийн бүсээс тэр нь олдсон юм, бурхандаа л залбирахаас.

Албаны мэдээ:
“Тавантолгойд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын гэр бүл, Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд одоогоор 160 компанийн нэр дээр 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. БНХАУ-д нүүрсээ хүргэх урт дараалал хэдэн арван км үргэлжилнэ. Үүнээс болж жолооч нар шатахуунаа барж, сэтгэл санааны гүн хямралд ордог. Хамгийн хүнд нөхцөлд нүүрс тээвэрлэж, ар гэрээ тэжээхийн төлөө зүтгэж яваа. Тэр бүү хэл архинд донтож, осолд орж, гэмт хэрэг үйлдэж, амь насаа алдсан золгүй тохиолдлууд ч гарах болжээ” гэжээ.


• Боловсролын салбар унасан уу, сэхсэн үү, сэхсээр яваа юу, бүр дампуурч байна уу, би ер ойлгохоо больсон. 

• 1990 онд нурж эхэлсэн энэ эх орон бүрэн нурсан, одоо арай чүү босгож байна. Даанч удаан.

• Зах зээл рүү яаж шилжиж, зах зээлийн ямар нийгэм байгуулдаг юм бол гэдгийг эцэст нь тултал үзэхээр даян дэлхий шийджээ.

Зах зээл хөгжүүлж байна гэж дураараа дургисаар хүрсэн үр дүн нь энэ л дээ. Хөөрхий 13 мянган эрчүүдээ зольчихжээ. Гэхдээ нэг логик байна. Тэднийг тэгж зов гэж, элсэн дунд харангадаж яв гэж хэн ч албадаагүй, хэн ч хөөж явуулаагүй, хэн ч дарамтлаагүй. Бас буу тулгаж жолооны ард суулгасан нэг ч тохиолдол байхгүй юм билээ. Өөрсдөө өөрсдийгөө тамлаж байгаа хэлбэр нь тэр юм. Монголчуудын ингэж зовохыг дэлхий харахыг хүсээгүй нь л лав. Гэвч дураар нь хаясны гор нь энэ болов уу? 

Хатуухан хэлбэл, Монголхятадын албан ёсны худалдааны дүр төрх байж байгаа нь энэ. Уул уурхайн салбараас төсвийн орлогын дийлэнхийг (90 хувь) бүрдүүлдэг манай улсын экспортын ихэнхи нь угаагаагүй, шороотойгоо ачигдан хэдэн арван км цуваа туулдаг тэр түүхий нүүрс юм. Ажил хэрэгчээр хамтран ажиллахын оронд бэлэн байгаа “юм”-аа зарж, солиод, түр зуурын ашиг “олохчоон” болоод дуусгана. Юун чөлөөт өрсөлдөөн, илүү ашиг! 

Нүүрс гэлтгүй бусад түүхий эд, өөр юу ч байсан бүгд л нэг иймэрхүү байгаа. “Эмээлт” захын ойролцоо малын бойн дээр мах овоорч, тэр нь өмхийрч, дотоодын махны үнийг тэндхийн хятад эзэд тогтоодог тухай зурагтаар бишгүй ярина лээ. Зах зээлд шилжсэн монголчууд өөрсдөө эрх мэдлээ өгчихсөн болохоос хятадууд дураараа дайрч орж ирээд эзэн суучихсан хэрэг ерөөсөө биш. Дураараа дургисаар нэг мэдэхнээ өөрсдийгөө, эх орноо, адаглаад махны зах зээлээ хүртэл тийм байдалд оруулчихсан. Арьс шир, ноосны зах зээл ч мөн иймэрхүү байгаа гэж сонссон. Монголын авилгачдын зах зээлд шилжиж байгаа царай нь энэ. ингээд эцэс төгсгөлгүй байнгын алдагдалтай эдийн засаг, алдагдалтай худалдаа урсана. 

Монголчуудад ардчилал амлуулж өгчихөөд тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, тэгээд хаа хүрэх нь үү түүнийг нь үзье гэсэн нэг том салбар бол боловсрол. Унасан уу, сэхсэн үү, сэхсээр яваа юу, бүр дампуурч байна уу, би ер ойлгохоо больсон. Энэ салбарт ямагт хэтрүүлэг, туйлшрал нүүрлээстэй. Их дээд сургуулийн тоо 200 руу дөхсөнийг тэр үед гурван сая хүрээгүй байсан хүн амдаа хуваавал дэлхийд цойлсон үзүүлэлт гарсан. Гэтэл улсаараа нэг ажилгүй, ажилд тэнцэхгүй ромботонгуудтай болж авлаа. Гуравхан сая хүн амтай улс оронд хэдэн арван жилдээ бэлтгэхгүй ч хүрэлцэхээр “мэргэжилтэн”-үүдтэй болж авсан. Араас нь конвейроор үйлдвэрлэсээр л байна. Социализмын үед гадаад хэлтэн байтугай, орос хэлтнийг төрийн хатуу бодлогоор бэлтгэж, тэтгэж, тэр хэрээр мэргэжилтнүүд нь үнэ хүндтэй байсан. Гэтэл одоо Монгол Улсад гадаад хэлтэн дүүрсэн ч үр дүн нь улс орныхоо хөгжилд очиж огт наалддаггүй. Ядуурал, ажилгүйдэл нь байсаар л байдаг, гадаад хэлний сургалт зэрэгцэн цэцэглээд л. Зарууд дүүрэн.

Өнөөх жүжигт маань тайлал төгсгөл гэж байдаггүй. Дургиулаад л, алга ташаад л. Дургиж дургисны гол үр дүн нь ажилгүйдэл, ядуурал. Үүндээ дарлуулаад улс эх орон маань босч өндийж чаддаггүй ээ. Хамгийн аймшигтай нь дундаж давхаргаа устгачихаж. Дундаж давхарга нь баян, ядуу давхаргадаа хамаг байдгаа алдаад дууссан. 1990 онд нурж эхэлсэн энэ эх орон бүрэн нурсан, одоо арай чүү босгож байна. Даанч удаан. 

Социализмын үед Зөвлөлтийн зээл тусламж, мөнгөний гачаалын яриа тасардаггүй байтал өнөө өр тавиулдаг СССР нь нурж уначихаад байхад дахиад л зээл тусламж, мөнгөний гачаал, нэг хүнд ногдох асар их өрийн тухай яриа 28 дахь жил дээрээ тасралтгүй үргэлжилсээр. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын амны уншлага, тархины эмгэг, хойшдоо ч байнга ярих төлөвтэй. Улс орныхоо доройтол, ядууралд улстөрчид нь харилцан хэдэн биенээ яллана. Тэгэхлээр улстөрчид л буруутай, цаад ядуурсан хүнд өчүүхэн ч буруу байхгүй. Бүр сүүлдээ ядуурлаа өхөөрдөөд ч байх шиг. Ядууст хайртай дүрд 28 жил тоглоцгоолоо. Цаашид ч тоглоцгоох болно. Гэсэн ч ядуурал нь арилахгүй, ойрын хэдэн жилдээ. Төр буруутай гэдэгтэй би маргадаггүй, харин 100 хувийн буруу тохохын эсрэг дуугардаг. Хувь хүн, монгол хүн та яагаад буруугүй юм бэ гэх “сөрсөн базаа”-г би үргэлж хийнэ.

Бид өөрсдийгөө хэний ч оролцоогүй тамлаж байгаа хэлбэр нь энэ

Лойх, лоймол, лойно гэж хорон үгс дээхнэ их яригддаг байсан. Одоогийн залуус бол мэдэхгүй. Арчаагаа алдах, тартагтаа тулахыг нь тэгж хэлдэг байсан даа. Өнгөрсөн 28 жилд монголчуудыг тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм үзье гэж хандсаны гайгаар ард түмэн маань бүхэлдээ лойчихоод байна. Бүтээдэг баялаг байдаггүй, байдаг бол тэр нь ард түмэндээ огт нялздаггүй. Мөнгө байдаггүй, мөнгө тогтоодоггүй, юу ч хүлээн авахад бэлэн нээлттэй гэнэн ард түмэн байж л байдаг. Өөрөө өөрийгөө устгахад ч бэлэн юм шиг. Хүн бол 50 хувь биологийн амьтан, 50 хувь нийгмийн амьтан. Харин монголчуудын биологийн амьтны шинж хэт их тунгаар хөгжөөд улс орон маань годройтож унасаар, бид дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр ёроол руугаа нэг очих байх даа?

A

Жижиг

A

Дунд

A

Том

Б.Зангад: Хийх бүтээх урам өгсөнд баярлалаа

 0 сэтгэгдэл


Нийслэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, МУАЖ Б.Зангад, СТӨ-ний дэргэдэх Эртний сайхан чуулгын гоцлол дуучин, МУАЖ А.Долгор, Монголын DJ, аялагч, олон улс судлаач Ж.Золбаяр нарыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнав.

Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар гардуулан өглөө.

Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга Б.Зангад “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнасанд нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. СТӨ-ний 30 жилийн ойн арга хэмжээ саяхан болсон. Энэ ойгоор нийслэлийн удирдлагууд СТӨ-г сэргээн засварлах, үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаад Монголын нийт уран бүтээлчид асар их баярлаж байгаа. Бидэнд хийж бүтээх онгод хийморь, урам хайрласанд баярлалаа” хэмээв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Онцгойгийнхны зэрэг дэв ахиж, урамшуулал авна

 0 сэтгэгдэл


Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдлаа.

Журамд алба хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар тусгажээ. Мэргэшлийн зэргийг офицер, ахлагчийн гэж ангилах бөгөөд мэргэшлийн III зэргийн шалгалтад Онцгой байдлын байгууллагад таваас доошгүй жил ажилласан, II зэргийн шалгалтад III зэргийг аваад хоёроос доошгүй жил эсвэл Онцгой байдлын байгууллагад наймаас доошгүй жил ажилласан, I зэргийн шалгалтад II зэргийг аваад гурваас доошгүй жил, эсвэл Онцгой байдлын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан алба хаагч орох эрхтэй хэмээн заасан байна.

Мэргэшлийн зэрэг нь дөрвөн жилийн хугацаатай байх бөгөөд зэргийн нэмэгдлийг тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 5-15 хувиар тооцож олгох юм.