A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1949/

Г.Занданшатар 95.2 хувийн дэмжлэгээр УИХ-ын дарга боллоо

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1949/

УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг гишүүдийн 95.2 хувь нь дэмжсэнээр парламент шинэ спикертэй боллоо.  Түүнийг ЗГХЭГ-ын даргын албан тушаалаас чөлөөлж, УИХ-ын даргаар томилох тогтоолыг баталлаа. Тэрээр УИХ-ын 12 дахь дарга, түүнчлэн хамгийн залуу парламентын дарга болж байна. 

Товч намтар:

  • 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
  • 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль төгссөн.
  • 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
  • 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
  • 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
  • 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
  • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга.

A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Зоригийн хэргийг шалгах түр хорооны эрх хаана хүрээд зогсох вэ

Өмнө нь байгуулсан ажлын хэсэг хуулийн мухардалд орсон түүх түр хороонд бий

 0 сэтгэгдэл


УИХ-ын чуулганаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд түр хороо байгуулах шаардлагын талаар зөрүү, дутуу ойлголттой байгаагаа илэрхийлэв. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг манай парламентын зүгээс Олон улсын парламентын холбоо(ОУПХ)-нд байнга өгдөг. Саяхан УИХ-ын хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, Тусгай хяналтын дэд хорооны гишүүн Л.Болд, парламентын удирдлагыг төлөөлж миний бие болон гишүүд Катарын Доха хотод болсон ОУПХ-ны уулзалтад оролцохдоо “Манай УИХ-аас С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр парламентын гишүүд, шүүх, прокурор, тагнуулын байгууллагын төлөөллийг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа” гэсэн тайлбарыг өгчихөөд ирсэн. Гэтэл энд түр хороо байгуулахаар болчихсон сууж байна. Одоо ажлын хэсгээ тараагаад түр хороог шинээр байгуулах юм уу, эсвэл бүрэлдэхүүнээр нь түр хороонд шилжүүлэх юм уу” хэмээн асуув. Түүний асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар “Түр хороо байгуулахыг гишүүд дэмжиж байгаа. Өмнөх ажлын хэсгийг байгуулсан УИХ-ын шийдвэрийг цуцалж болно. Харин бусад том хэргүүдийг шалгах ажлын хэсэгтэй үүнийг хутгаж болохгүй тэр тусдаа хэвээрээ байна” гэснээр түр хороо байгуулах нь тодорхой болов. Харин үүний дараа гишүүдийн зүгээс эрүүдэн шүүсэн, хэрэг буруу замаар явсан нь ойлгомжтой байхад ял өгсөн хүмүүсийг яагаад цагаатгаж суллах боломж байгаа эсэхийг хөндсөн юм.

• Түр хороо эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд үзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. 

• Маш нууцын зэрэглэлтэй 71 материал, гүйцэтгэх ажиллагаанд оролцсон ажилтнуудын нэрстэй түр  хороо танилцахгүй.

• ОУПХ-ны төлөөлөгчдийг ил гарсан баримттай танилцуулах, яллагдагч нартай уулзуулах боломжтой.

Үүнд тогтоолын төсөл боловсруулсан ажлын хэсгийн гишүүдийн зүгээс “Шинээр томилогдсон ерөнхий прокурор, ерөнхий шүүгчид шийдвэр гаргаж ял оноосон хүмүүсийг суллах боломж байгаа. Ийм шийдвэрийг яаралтай гаргах гэхээр гэмгүй хүнийг ялласан хуулийн байгууллагын хуучин удирдлага буюу дээд шүүхийн таван шүүгч болон хуучин ерөнхий прокурор буруудсанаа мэдээд ял авсан хүмүүсийг суллах үйл ажиллагаанд ил далдаар саад болж байна” гэсэн тайлбар өгөв.

Түр хороо байгуулснаар өмнөхөөс өөр шийдвэрт хүрч чадах уу гэдгийг гишүүд сонирхож байв. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Өмнө нь УИХ-аас байгуулсан ажлын хэсэг энэ хэргийг шалгаад хуулийн мухардалд орсон. Тэр нь УИХ-ын ХЗБХ-ны гишүүд тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагаатай танилцах боломжгүй байдагтай холбоотой. Хэргийг үнэн мөнөөр нь тогтоохын тулд зайлшгүй гүйцэтгэх ажиллагааны тайлантай танилцах хэрэгтэй байдаг. Гэтэл парламентад тийм эрх байхгүй учраас одоо байгуулах түр хороо ч гэсэн хуулийн мухардалд хүрэх юм биш үү. Тусгай хяналтын дэд хороогоор гүйцэтгэх ажиллагааны нууцтай холбоотой 71 хуудас материалтай танилцлаа гэхэд түр хорооны шийдвэрт үүнийг яаж тусгах юм бэ. Тиймээс өмнөхөөс ямар ч дэвшилгүй ийм түр хороог байгуулах шаардлага байгаа юм уу” гэсэн асуудлын хөндсөн юм. Түүнд ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж “ Маш нууцын зэрэглэлтэй 71 материал, гүйцэтгэх ажиллагаанд оролцсон ажилтнуудын нэр зэрэг нь түр хороогоор орохгүй. Энэ түр хороо ил болгосон таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн шийдвэрээс гадна эрүүдэн шүүсэн бичлэгээ үзээд шийдвэр гаргачихна. Бүр болохгүй бол Тусгай хяналтын дэд хороогоор нууц материалуудыг үзэх боломж олдоно байх” гэв. Ингэснээр С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах түр хороо хэргийг бүхэлд нь бус зөвхөн эрүүдэн шүүсэн, гэмгүй хүнийг хэлмэгдүүлсэн хэргийг шалгах түр хороо байгуулах гэж байгаа нь ч тодорхой байлаа. Гэтэл УИХын гишүүдийн зүгээс хэргийн захиалагчийг олох, цаашид энэ хэргийг ямар байдлаар шалгах, захиалагчийг гаргаж ирэх төлөвлөгөөг тэднээс нэхэж байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүд эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд хэзээ үзүүлэх талаар мөн лавласан. Үүнд түр хороо байгуулсны дараа ярилцаж байгаад шийдвэрлэх байх гэсэн хариу өгсөн юм.

Үүний дараа Түр хорооны бүрэлдэхүүнээс Л.ОюунЭрдэнийг чөлөөлж, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарыг өөрсдийнх нь хүсэлтээр оруулах зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх зөвшөөрөв. Ингэснээр Түр хорооны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дээрх хоёроос гадна Л.Болд, А.Сүхбат, Ц.Нямдорж, Ж.Батзандан, Я.Санжмятав нар ажиллахаар болов. Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэх хуваарьтай.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тэнгэрийн муухай арилаагүй, цэлмэх болоогүй

Шударга ёсыг эрхэмлэгч эх орончдын талд хоёр том хүч төвлөрсөн

 0 сэтгэгдэл


АРДЧИЛАЛ бол тогтолцоо юм гэнэ. Ийм маягаар л ард түмний тархийг угаасаар өнөөдрийг хүрэв. АРДЧИЛАЛ гэхээр л хэдэн хүний нэр дурдагддаг, ийм л нэг явцуу сэтгэлгээг нийгэмд суулгасан. Үзэл санааг өмчилж болдог юм уу. Энд ойлголтын зөрүү их байна. АРДЧИЛАЛ гэдэг нь угаас тогтолцоо биш гэдгийг түгээмлээр ойлгочих хэрэгтэй юм. АРДЧИЛАЛ бол зүгээр л ард түмэнд давуу эрх эдлүүлэх арга механизм шүү дээ. Улс орнууд ардчиллыг өөрсдийхөөрөө ойлгож, ард түмэн өөрсдийхөө аргаар тогтоогоод хөгжих л ёстой юм билээ. НҮБ-ын Үндсэн дүрэмдээ улс орнууд төрийн системээ өөрсдөө тогтооно (selfdetermination), нэгдсэн загварчлал байхгүй гээд заачихсан юм байна.

Онолын хувьд 300 шахам ардчилал байдаг, үүний 30 орчмыг нь дэлхийн улс орнууд хэрэгжүүлээд улс орныхоо байгаль, цаг уур, газар нутаг, хүн зоныхоо үндэсний онцлогт тохируулан хэвшүүлээд хөгжөөд явцгааж байна. АРДЧИЛАЛ гээд нэг стандарт байдаг юм шиг яриад, сайрхаад “ардчиллаа хамгаална” ч гэх шиг инээдтэй юм яриад явах шаардлага байхгүй юм билээ. Угаас америк маягийн ардчиллаас дэлхий бүхэлдээ татгалзчихаад байна шүү дээ.

Moнголчууд олонхын саналаар Ерөнхийлөгчөө сонгосон. Ерөнхий сайд ч ард түмний дэмжлэгээр гарч ирсэн. Одоо тэд нарыг улам дэмжээд, хүрээлээд нягтраад явахаас өөр зам байхгүй ээ. Тэд нар харин ч хоорондоо учраа олж, шударга ёсны төлөө санаа нэгдээд ард түмнээ түшээд эхэлчихлээ. Тэд чадна. Үүнтэй холбогдуулаад хоёр жилийн өмнө блогтоо оруулж байсан нэг нийтлэлийг хавсруулан нийтэллээ, болгоон соёрхно уу!

Монголын улс төрийн тэнгэр бүрхэг байна. Хаваржингаа шороон шуурга нүдлээ, хямарлаа. Зун Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмний зонхилох хэсэг шийдвэртэй алхам хийж, харин ч тэнгэр жаахан хаяарсан. Энэ бол нийгмийн хөгжлийн процесс байсан юм. Үүнийг би “ард түмэн нэг тaлдаа гарах процесс” гэж дуу алдан бичиж билээ. Энэ процессыг хэд хэдэн судлаач ажигласан бололтой санагдсан. Үнэндээ бол дуу алдах ч багадахаар, баярламаар, бахархмаар нийгмийн томоохон үзэгдэл болсон юм. Х.Баттулгыг сонгочихлоо гэдэгт биш, Монгол Улс ялсандаа ч бус, харин улс даяар нүүрлэсэн улаан цагаандаа гарсан доромжлол, басамжлалын дор ард түмэн цааш амьдрах аргагүй боллоо гэдгийг л нийтээрээ ухамсарлаж эхэлсэнд хамаг учир нь байгаа юм. Ард түмэн нэг талдаа гарах процесс нь араасаа хоёр айхтар үр дүнг чирсэн.

1. Мөнгө, эрх мэдлийн төлөөх улайрсан тэмцэлд идэгдсэн төрийн харилцааны уналтын байдлыг дэгэн догон амьдралд хат суусан нийгмийн ухамсартай жишихын аргагүй болсныг харуулчихсан. Төр нь нийгмээсээ хоцорч байсан, одоо ч хоцорч байгаа гэсэн үг. Нүдэн дээр илт явагдаад байсан энэхүү бодит байдлыг эрх баригчид үл тоон, ард олноо басамжилсан аястай байсныхаа хариуд ялагдал хүлээн унацгаасан. Ийм юм болох нь илт байсан юм.

а). Сонгуульд Х.Баттулга ялна.

б). МАН-д хагарал гарна.

в). Засгийн газар огцорно.

г). Парламент тарах нөхцөл үүснэ гэсэн дөрвөн зүйлийг төсөөлөн хэлсэн маань хий хоосон таамаглал байгаагүй, зүгээр л бодит байдлыг, нийгмийн коньюнктурыг ажиглан шинжилсэн, хэн бүхний хэлчихэж чадахаар улс төрийн бяцхан прогноз байсан юм. Бүх юм болдгоороо л болсон. Гэхдээ бөөн хар үүл зайлсан ч тэнгэр бүрхэг хэвээр байна.

2. Ард түмэн талдаа гарах процесс нь улстөрчдөд нөлөөлж, МАН-ын гишүүд, Бага хурлын гишүүд гэдэг нь нийгмийн л нэгээхэн хэсэг юм болохоор Ерөнхийлөгчийн сонгууль дүрээрээ давтагдах байдал ажиглагдсаар байсан. Ийнхүү ээлжит прогнозоо дараах байдлаар дэвшүүлсэн.

а). Сонгуульд У.Хүрэлсүх ялна.

б). Саналын хувьд Энхболдыг Энхболд, Энхтүвшинг Ганбаатар, Хүрэлсүхийг Баттулга гээд л бодчихоорой гэж сошиал сүлжээнд бичсэн. Болдгоороо л болсон. Н.Энхболд багагүй санал авч Ө.Энхтүвшингийн саналаас хуваалцаж, дахин санал хураалт болон У.Хүрэлсүх илт давуу ялна гэж таамаглаж болохоор, зарим нь ч тэгж бичиж байсан. Гэтэл тийм юм огт болсонгүй. Н.Энхболдод өөрөөс нь гадна дөрвөн хүн санал өгсөн харагдсан. Энэ нь Н-ийн муугийх биш М-д гишүүд нь дургүйцэж, ойр дотных нь хүмүүсийг ч үзэж чадахаа больсны улбаа, гэрч болж үлдэх шиг боллоо.

Шинэ засаглалын өмнөх улс төрийн коньюнктур

Коньюнктур гэхийг цэргийн эрдэмд “цагийн байдал” гэж томьёолсон байдаг юм. Цэрэгжлийн хичээл хоёр жил заалгасны ач буянаар энэ хавийн жаал жуул юм гадарлана. Эсрэгцэн зогссон хоёр талын хүчний харьцаа ямар байгааг тооцож стратеги, тактикаа боловсруулан гаргаж ирдэг эрдмийг ийн хэлдгийг мэргэжлийн хүн болохоор У.Хүрэлсүх андахгүй. ЭВТЭЙ БОЛ ХҮЧТЭЙ гэх худлаа лоозон лав л яг энэ орчин, цаг үед таарахгүй л гэж боддог. Ийм үг хэлээд савраа ахиулаад байдаг “муур багш” хэчнээн байгаа билээ. Үүнийг ялгаж салгаснаар ард түмэн хагараад уначих нь юу л бол, харин ч нягтрах процесс эрчимжиж, алхам ахиж мэднэ. Мафижсан гэгддэг хулгайн бүлэглэлийн мэдэлд асар их хөрөнгө хуримтлагдчихсан байгаа. Тэд мөнгөөр аархан заналхийлж байна. Гэхдээ шударга ёсыг эрхэмлэгч эх орончдын талд хоёр том хүч төвлөрчихсөн байгаа.

1. АРД ТҮМНИЙ НЭГ ТАЛДАА ГАРАХ ПРОЦЕСС.

Энэ бол нийгмийн хөгжлийн БОДИТ БАЙДАЛ, динамик хүч! Бодит байдлыг сөрөх хүчийг агуу Ньютон ч нээж чадаагүй, учир нь тийм хүч угаас байхгүй. Энэ бол маш том боломж.

2. АРД ТҮМНИЙ ИТГЭЛ, ДЭМЖЛЭГ. 

Энэ бол маш том хүч, гагцхүү ЭМЗЭГ ХҮЧ гэдгийг хэзээ ч умартаж үл болно. Итгэлийг алдах л юм бол тэр дороо болор хундага шиг бут үсрэн тарах болно.

Горимын хэдэн санал

УИХ-ын гишүүд “горимын санал” гэж ирээд л ярьцгаадаг юм билээ. Энгийн бид ч бас ийм санал гаргах эрхтэй.

УИХ-ын байнгын хорооны хурал дээр У.Хүрэлсүхийн хэлсэн үгэнд анализ хийж үзлээ. Бодлогын чанартай зүйл бараг ярьсангүй. Харин онцгой байдлаар яаралтай хийхгүй бол болохгүй, шуурхай шийдэл хүлээсэн асуудлууд дээр анхаарал хандууллаа. Энэ бол гарцаагүй чухал гестур, ажилдаа шууд л шуурхайлан орох нь зүйтэй гэж үзсэн хүний үг. Нэгэнт тэгж шийдсэн бол тэр нь Засгийн газар толгойлох хүний эрхийн асуудал. Энэ чиглэлээр хэдэн санал хэлье!

У.Хүрэлсүхийн хамгийн том давуу тал бол ард түмний дэмжлэг

1. ҮАБЗ хуралдаж, улс оронд онц байдал зарлаж мэднэ гэсэн хүлээлт байдаг. Энэ нь “Улс оронд ҮАБ биш Үндэсний аюултай байдал үүссэн” гэж хэлсэн Ерөнхийлөгчийн өөрийх нь үгнээс улбаалсан хүлээлт л дээ. Гэхдээ үүнийг хүлээх хэрэггүй. Онцгой байдлын тодотголтой Засгийн газар байгуулж онцгой, шуурхай үйл ажиллагаа явуулах нь дээр. Үүнд зарим нөхцөл шаардагдах нь гарцаагүй. Шадар сайдаар гар нийлж ажиллах түшигтэй хүн томилох шаардлагатай. Цэргийн эрдэм эзэмшсэн хүн байвал бүр сайн. Ингэснээр Засгийн газар бүхэлдээ штабын горимоор ажиллах нөхцөл бүрэлдэнэ. Ийм механизмыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэрэгжүүлнэ гэж амлачихаад хийж чадаагүй юм. “ХУРД БОЛ ХҮЧ” гэдэг томъёог удирдлага болговол их сайн.

2. Монголын эдийн засгийн одоо мөрдөгдөж яваа стратеги бол уул уурхай. Үүнд яаралтай реформ хийх бодолтой хүн юм байна. Үүний эхлэл нь хэдий шуурхай ажил байж болох ч алсуураар том бодлого хөндөгдөнө байх. Хосолсон стратегитай эдийн засаг байхад болохгүй ч юмгүй. Гэхдээ санхүжилтийн эх үүсвэр талаасаа бас л тодорхой нөхцөл шаардах ажиллагаа гэж харж байна. Сангийн сайдаар том том юм ярьдаг амны эдийн засагч биш, үүссэн асуудалд рационал болон эмпирик түвшний суурь судалгаатай ханддаг, тодорхой концепцитой мэргэжлийн хүн томилох шаардлагатай.

3. Боловсрол, эрүүл мэндийн салбарт асуудал үүссэн нь бодитой. Үүнийг шийдэхэд улстөрч биш амьдрал дундаас, гаднаас мэргэжлийн сайд томилбол асуудал цогцоор шийдэгдэх нөхцөл бүрэлдэнэ.

4. Бүтцэд огт гар хүрэхгүй байх боломж бас муу байх. Тухайлбал, дотоодын цэргийг сэргээх, АТГ-ыг өргөжүүлж фронтын байдалд шилжүүлэх гэх мэт шаардлагуудыг анзаарах ёстой. Ер нь юу юугүй бужигнуулахгүй гэдэг бодлыг дэмжиж байна.

5. Сүглэгэр ногоон гацуур унаж, модны хожуул болох үйл явц зүгээр нэг болоод өнгөрөхгүй байх. Унасан бөх ууртай ч гэж бас ярьдаг. Маш хүчтэй пропоганд яваад эхэлчихлээ. Элдвийн заналхийлэлүүд ч гарсаар байна. Түүнийг давсан хүчтэй контрпропоганд явуулж саармагжуулах, нэр хүнд рүү, хүний ХҮН гэдэг рүү довтолсон илэрц бүхнийг ужигруулалгүй тэр дор нь нам дарж байх нь ард түмний тайван байдалд ч тустай. Үүнээс гадна болгоомжлол бас илүүдэхгүй дээ. Ерөнхий сайд болох хүнээ, Ерөнхий сайдаа нухуулчихаж л байсан түүхтэй улс шүү дээ, манайх. “Нударгаар бүхнийг зохицуулахгүй” гэж хэлж байгаа нь нударганаас эмээсэн, шоронгоос үнхэлцгээ хагартал айсан, эмоцидоо шатан обсцесст орчихсон хүний үг, юу ч болж мэднэ. “Бүлэглэлийн ард нь эрүүгийн элемент байгаа”, “захиалгат аллагын захиалагч нь улстөрчид байдаг” гээд улстөрчдийн өөрсдийх нь хэлээд байгаа явган яриа шиг юмыг дотроо жаахан хүндрүүлээд бодчиход илүүдэхгүй л байх. Ямартай ч хулгай луйвраар зувчуулж босгосон асар их мөнгөтэй, яахаас ч буцахгүй шударга бус хүмүүстэй тулчихлаа гэдгийг ард түмний зонхилох хэсэг ойлгож байгаа.

Ард түмэн нэг талдаа гарах процесс үргэлжилсээр байна

Энэ бол Монголын тэнгэр цэлмэг байх орчин үүсгэх асар их хүч. Чадваргүй, чадамжгүй, концепцигүй зарим даг гишүүдтэй, бусармаг аргаар боссон УИХ гагцхүү чадах хэмжээнийхээ л юмыг хийнэ, Монголын улс төрийн тэнгэр бүрхэг байсаар байх болно. Ард түмнийхээ эсрэг ажиллагаа явуулдаг ийм Их хурлын тарах нөхцөл одоо ч байгаа, гагцхүү ямар нэг шалтаг л хүлээгдэж байх шиг байна. Мэдээж тэд Үндсэн хууль зөрчинө, тараах шалтаг өөрөө орж ирнэ. Тэр үед л улс төрийн тэнгэр манхайтал цэлмэх биз ээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Х.Баттулга: Ирээдүйн иргэдийнхээ хүүхэд насыг хулгайлсандаа ичих хэрэгтэй

2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлав

 0 сэтгэгдэл


Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн байгууллагын удирдлагуудтай хийдэг уулзалт гурав дахь удаагаа боллоо. Уулзалтын эхэнд 2019-2020 оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулсан юм. Тус зарлигаар хүүхэд хамгааллын чиглэлээр 11 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон бөгөөд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нарт гардууллаа. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёр удаагийн уулзалтаар ярилцаж төлөвлөсөн ажлуудыг бодитоор хэрэгжүүлэх үүднээс зарлигт тусгасан талаар хэлж УИХ-ын гишүүдэд хүүхэд хамгааллын чиглэлээр төсөвт найман тэрбум төгрөг суулгасанд талархсанаа илэрхийлэв. Тэрбээр “Бидний уулзалтын үр дүн гарч байна. Цаашид өнгөрсөн жилийнх шиг чих халууцуулж, сэтгэл өвтгөсөн тоо баримтууд буурах ёстой гэж үзэж байна. Төсөвт тусгасан найман тэрбум төгрөгийг өмнөх жилүүдийнх шиг ширээ сандал, сургалт, сурталчилгааны зардал болгоод дуусгачихаж болохгүй гэдгийг анхааруулъя. Сайд нар ирэх жилүүдэд хүүхэд хамгааллын чиглэлээр үүнээс илүү мөнгө төсөвлөхөд анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. Миний зүгээс ч үүнд ихээхэн анхаарч ажиллах болно” хэмээсэн юм.

Өдөр өнжүүлэх үйлчилгээнд тавигдах шаардлагыг тусгасан ч хэрэгжээгүй

Үүний дараа Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын чиглэлээр зарим албан тушаалтанд асуулт тавьж, тусгайлан үүрэг даалгавар өгөв.

Х.Баттулга: -Энэ жил төсөвлөсөн найман тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ? ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх:-Төсөвлөсөн мөнгөний 2.4 тэрбум төгрөгийг аймаг орон нутаг, сумдад хуваарилж байгаа. Нэг суманд хүн амын тооноос хамаарч 35.7-120 сая төгрөг оногдож байна. Харин нийслэлд 2.6 тэрбум төгрөг очиж байна. ХНХЯ-нд нэг тэрбум, манай агентлагийн зардалд 2.6 тэрбум төгрөг хуваарилсан. Энэ мөнгөнүүд нийтдээ 650 арга хэмжээнд зарцуулагдах юм.

Х.Баттулга: Хүүхдийг зам тээврийн осол, ахуйн гэмтлээс хамгаалах чиглэлээр ямар ажил хийх вэ. Хүүхэд хамгааллын чиглэлээр иргэдийг оролцуулж байгаа хоёр төслийн ажлын явц ямар байгаа вэ? ЦЕГ-ын Гэмт хэргээс сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг:-Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалтыг сайн дурын үндсэн дээр зохион байгуулж байна. Мөн ЦЕГ-аас хэрэгжүүлж байгаа хоёр төслийн нэг нь сургалт хүмүүжлийн чиглэлээр нөгөө нь хүүхэд хамгаалалд зориулсан төсөл юм. Эхнийх нь сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хангах, осол гэмтэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөв зан төлөвтэй болгон хүмүүжүүлэх юм. Үүний хүрээнд сургуулийн орчинд үйл ажиллагаа явуулах иргэдийн сайн дурын 650 гаруй бүлгэм байгуулаад байна. Дараагийн төсөл нь сургуулиас гэр хүртэлх аюулгүй байдлыг хангах зорилготой. Энэ ажлыг цэрэг, цагдаа, хуулийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан иргэд гүйцэтгэхээр болж, энэ сард төсөлд шаардлагатай санхүүжилтийг ХНХЯ зохицуулж өгсөн.

Х.Баттулга: -Үзүүлэх сургалт сайн дурын үндсэн дээр өөрсдийнхөө хөрөнгөөр хийсэн ажил. Үүнд мөнгө тусгаагүй гэдэг чинь зогсоно л гэсэн үг. Цаашид орлон тоглогч, сургалтад ашиглаж байгаа автомашины гэмтлийн зардлыг яаж шийдвэрлэх юм бэ?

Г.Арсланхуяг: -Зардлыг нь гурван янзаар тооцож ХНХЯ-нд хүргүүлсэн. Гэвч төсөвт тусгаагүй.

Х.Баттулга: -Хүүхэд хамгаалах, өдөр өнжүүлэх төвийн орчны стандартыг баталж, түүний мөрөөр хяналт шалгалт хийхийг өмнөх уулзалтаар ярилцсан. Энэ ажил ямар байдалтай байгаа вэ?

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү: -Мэргэжлийн хяналтын байгууллагаас төрийн хяналт шалгалтын явцад гарч байгаа эерэг болон сөрөг талуудыг зайлшгүй байх ёстой стандарт, олон улсын чиг хандлагад нийцүүлэн хүүхдийн эрхийг хамгаалах, хууль тогтоомжид тусгах саналаа өгч байгаа. УИХ-аар хэлэлцэж байгаа ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлд гэхэд 46 санал хүргүүлсэн. Өдөр өнжүүлэхтэй холбогдсон стандартыг холбогдох байгууллагаас тогтоочихвол мөрдүүлэх хянах боломжтой.

Х.Баттулга: -Стандарт байхгүй гэж өнөөдөр ярьж болохгүй. Яагаад стандартгүй байгаа талаар Баярсайхан хариул? БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан:-Ерөнхийлөгч танаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ЕБС-ын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн орчны эрсдэлийн үнэлгээг хийж Стандартчилал хэмжилзүйн газар хүлээлгэж өгсөн. Тэднийхээс стандарт батлах ёстой. Эрсдэлийн үнэлгээгээр их эрсдэл 13 хувь, дунд 74 хувь, бага эрсдэл 13 хувь байгаа гэж тогтоосон. 2016 онд баталсан Боловсролын тухай хуульд өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлагыг тусгасан боловч хэрэгжээгүй. Хэрэгжээгүйн шалтгаан удахгүй бид энэ хуульд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбоотой. Хүүхэд хамгааллын чиглэлийн хийж буй ажлаа тайлагнадаг уулзалт үр дүнгээ өгч байгаа ч зарим асуудалд анхаарч ажиллахыг төрийн тэргүүн сануулав. Төгсгөлд нь Ерөнхийлөгч хүүхдүүдээс өөрт нь хандаж бичсэн захидлуудаас түүвэрлэн хэвлэсэн номоо уулзалтад оролцсон төрийн байгууллагын удирдлагуудад өгч “хүүхдүүд ирээдүйгээ мөрөөддөг биш санаа зовдог болсон байна. Тэднээс хүүхэд насыг нь хулгайлж буйдаа бидний үеийнхэн ичих хэрэгтэй болжээ” хэмээсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Сумъяабазар: Шороон ордын нөөц бараг дууссан

Ураны салбарт олборлолт эхлүүлнэ

 0 сэтгэгдэл


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг уиХ-д өргөн барьсан.

“Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбар дээр тогтдог. Гэхдээ энэ салбарыг цэгцтэй, зарчимтай, зөв явуулах хэрэгтэй. Үүний тулд эхний ээлжинд хууль эрх зүйн орчноо тодорхой болгох ёстой. Уул уурхайн салбарын давхардал хийдэлтэй холбоотой хэд хэдэн асуудал байна. Ил болон далд уурхайн аюулгүй байдлын дүрэм, стратегийн ач холбогдол бүхий орд газарт хяналт тавих зэрэг олон асуудал энэ төслөөр шинэчлэгдэж байгаа” гэж уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэлэв. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдтэй холбоотой өрнөсөн хэлэлцүүлгийг дор тоймлон хүргэе.

Б.Баттөмөр: 567 давхардал зөрчил байгааг гаргаж ирсэн байна. Гол бодлогын хувьд ямар өөрчлөлт хийх гэж байна. Монголд 3500 орчим ашигт малтмалын лиценз байдаг. Дэлхий нийтэд хөрөнгийн чадвартай, хөрөнгийн биржид бүртгэлтэй, туршлагатай гээд олон шалгуураар лиценз олгодог. Манай томоохон орд газруудыг авчихсан, цүнхэндээ тамгалчихсан нөхөд зарах гээд явж байна. Энэ асуудлаа хэрхэн шийдэх вэ?

Хоёрдугаарт орон нутагт гардаг гол маргаан уул уурхайн олборлолтыг буруутгасан эсэргүүцэл. Эцэст нь газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж зүйл байдаг. Энэ гэрээ Монгол Улсад ямар ашигтай вэ. Монголын тал 23 хувь, Хятадын тал 78 хувийг нь авдгийг бага гэж бодож байна.

Улсын хэмжээнд ураны бүртгэгдсэн 14 орд байна

Д.Сумъяабазар: Хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудлыг цэгцлэхэд төвөгтэй байна. Улсаас нийт 17 мянган тусгай зөвшөөрөл олгосноос 14 мянга нь хүчингүй болсон. Одоо гурван мянга гаруй тусгай зөвшөөрлийн асуудал бий. Гэхдээ хайгуулын салбар нэлээн ухарсан. 1997 оноос хойш олгогдсон 17 мянган лицензийн ганц мөлжүүртэй нь “Оюутолгой”. Хайгуулын салбар өөрөө ийм өндөр эрсдэлтэй. Уг нь үйлдвэрлэлийн зориулалттай орд босох уу үгүй юу гэдгийг хайгуулаар л шийднэ. Тиймээс хайгуулын салбар нь 17-20 жилийн өмнө түрүүлж явах ёстой юм.

Ажлын хэсэг: Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэд хэдэн зарчим бий. Газрын тосны олборлолт 500 мянган тонноос илүү байвал Засгийн газрын хувь хэмжээ өсөх зарчмаар явдаг. Тэгэхээр одоо олборлож байгаа хэмжээнээсээ хамаараад олборлосон тосны 2829 хувийг нь Монголын Засгийн газар авч байна.

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн хувьд дэд бүтцийн барилга байгууламжийн ажил дуусч байна. Төмөр замыг үндсэндээ барьж дууссан. Дохиолол, хамгаалал, төмөр замын өртөөний ажил хүлээгдэж байна. Барилгын ажил удахгүй эхэлнэ. Харин газрын тосыг “дайчин” компанийн олборлолт хийж буй талбайгаас авна.

Д.Сумъяабазар: Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ нэг тэрбум ам.долларт багтахгүй байна. Төсөвт өртөг нь 236 тэрбумаар давсан. Технологийн хувьд манайд таарах нь төсөвт өртгийг өсгөхөөр байгаа юм.

Я.Содбаатар: Түгээмэл тархацтай ашигт малтмалын дагуу хичнээн лиценз олгосон байгаа вэ. Мөн цацраг идэвхит нөөц ашигласны төлбөрийг өсөн нэмэгдэх болгон оруулж ирж байна. Тэгэхээр цаашид ураны олборлолтыг хийнэ гэж ойлгох уу. Монголын хайгуулын салбар үндсэндээ зогссон. Энэ бол уул уурхайн салбар алсуураа зогсоно гэсэн үг. Хайгуулын салбарт  өрсөлдөөнийг бий болгохгүй юм уу?

-Д.Сумъяабазар: Хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтынхтай андуураад байдаг. Жил бүр хайгуул хийж, нөөцөө баталгаажуулах, ордынхоо биетийг барих тэр хэрээрээ хөрөнгө оруулалт татах гээд маш чухал асуудлыг дааж явдаг салбар бол хайгуул юм. Хайгуулын салбар ухарсан нь үнэн. Ялангуяа шороон ордын нөөц бараг байхгүй болсон. Тиймээс бодлого гаргаж, хайгуулыг нэмэгдүүлэх ёстой.

-Ажлын хэсэг: Өнөөдөр улсын хэмжээнд ураны бүртгэгдсэн 14 орд байна. Харин олборлолтод бэлтгэгдсэн долоон ордын дөрвөн төсөл бий. Дандаа гаднын хөрөнгө оруулалттай. Хөрөнгө оруулагчдын хувьд энэ салбарт тэргүүлэгч улсуудын төрийн өмчит үйлдвэрийн газрууд байгаа. Төслүүдийн олборлолтын ажил удахгүй эхлэх гэж байгаа учраас татварын зохицуулалтыг нь оруулж ирж байна.