A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5218/

Г.Одонцэцэг: Хэн нэгний зөвлөснөөр ургамал, амьтны мах иднэ гэдэг мунхаг үйлдэл

Г.Одонцэцэг: Хэн нэгний зөвлөснөөр ургамал, амьтны мах иднэ гэдэг мунхаг үйлдэл
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5218/
  • Цөв их хуралдсан энэ цагт ад зэтгэр, нян вирус, хорын өвчин дэлгэрнэ гэж сударт бичсэн байдаг
  • Хаврын дунд сараас эхлээд сарны хүч буурч, нарны хүч аажим нэмэгддэг учраас хүний биед хий махбод давамгайлж эхэлдэг. Хүний биед хий махбод давамгай оршдог эрхтэнүүд гэж бий. Үүнд зүрх, бөөр, сав, түрүү булчирхай, яс орно. Иймээс эдгээр эрхтэн өвдөх эрсдэлтэй тул анхаарах хэрэгтэй
  • Хий давамгайлсан хүн гүйлтийн спортоор хичээллэвэл амжилт гаргана. Бадгана давамгайлсан хүн бөх барилдвал баттай суурьтай байж амжилт гаргана гэж үздэг
  • Дотоод галын илч ихтэй хүмүүс хэрнээ халуун ногоо идээд байвал цусыг илжрүүлдэг. Цус бохирдохоор элэг, цөс гэмтдэг


(Чихэрлэг ундаа, чихэр, чипс гээд дэлгүүрийн лангуун дээр хэдэн жил ч хамаагүй өрөөстэй байсан мууддаггүй хүнс бол хамгийн аюултай харшил төрүүлэгч эх уурхай нь)

Уламжлалт анагаах ухаан олон мянган жилийн турш монголчуудыг эдгээж, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалж ирсэн. Эмч нараа ч гэсэн нарийн дэг жаягаар бэлтгэж ирсэн түүхтэй. Олон алдартай эрдэмтэд төрөн гарлаа. Төв Азийн орнуудаар хөгжиж ирсэн уламжлалт анагаах ухаан нь таван махбодийн онол дээр тулгуурлаж, бие, хэл, сэтгэлийг цогцоор нь авч үзэж эмчилдэгээрээ онцлог. Уламжлалт анагаах ухаан бол буддын их таван ухааны нэг л дээ. Үүнийг бид эртнээс хөгжүүлсээр ирлээ. Гэтэл европ эмчилгээг хэт шүтээд уламжлалтыг орхигдуулаад байх нь жаахан учир дутагдалтай юм” хэмээн ярьж суугаа эрхэм бол уламжлалт анагаах ухааны эмч, доктор Г.Одонцэцэг. Түүнийг энэ удаагийнхаа зочноор урьж ярилцлаа.

-Хүний биеийг таван махбод удирддаг. Тэр дундаа таван цул эрхтэн жилийн дөрвөн улиралд хүний биеийг ээлжилж удирддаг гэж уламжлалтын эмч нар хэлдэг. Хаврын улиралд ямар эрхтний үүрэг илүү давамгайлдаг вэ. Аль эрхтэндээ илүү анхаарал хандуулбал зохистой бол?

-Хүний бие таван махбод буюу гал, ус, шороо, хий, мод гэсэн бүтэцтэй шүү дээ. Тэгэхээр дотор таван цул эрхтэн нь мэдрэхүйн таван эрхтэн болох харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх зэргийн үйл ажиллагааг дэмждэг. Хүний хоол, ундаар авч буй эрдэс бодисоор таван цул эрхтэн тэжээгддэг. Бодисын солилцооны явцад хүний бие эрхтэнээс ялгардаг цөв нь сав эрхтэндээ хураагдаад гадагшилдаг гэсэн үг. Тиймээс хүн дөрвөн улиралдаа тохируулж насан туршдаа зөв хооллолтыг эрхэмлэх ёстой. Нар, сар, од эрхэсийн шилжилт хөдөлгөөнтэй уялдаад дөрвөн улирал солигддог. Ялангуяа манай орон бол дөрвөн улиралтайгаараа их онцлогтой. Тэгэхээр тухайн газрынхаа цаг уурт тохируулж хоол ундаа хэрэглэн, эрүүл мэндээ хамгаалах ёстой. Хаврын дунд сараас эхлээд сарны хүч буурч, нарны хүч аажим нэмэгддэг учраас хүний биед хий махбод давамгайлж эхэлдэг. Хүний биеийн халуун чанарыг арга, хүйтэн чанарыг билиг гэж нэрлэдэг шүү дээ. Хүний биед хий махбод давамгай оршдог эрхтэнүүд гэж бий. Үүнд зүрх, бөөр, сав, түрүү булчирхай, яс, арьсанд хий махбод давамгай оршдог. Иймээс эдгээр эрхтэн өвдөх эрсдэлтэй тул анхаарах хэрэгтэй. Тухайлбал, яс янгинаж өвдөх, арьс хуурайшиж загатнах харшил гарах шинж тэмдэг илэрнэ. Өөрөөр хэлбэл, хий голлосон өвчин сэдэрнэ гэсэн үг. Хий махбод хямрахаар сэтгэл гэгэлзэнэ. Иймд сэтгэлээ барьж аль болох намдуу тайван байх хэрэгтэй. Мөн хий махбод нь хөнгөн, хөлбөрөмтгий, хүйтэн билиг чанартай учраас хоол цайндаа их анхаарах нь чухал. Жишээлбэл, ногоон цай их уух, хүйтэн ус, ундаа хэрэглэх, ногоо голдуу хоол идэх зохимжгүй. Аль болох бүлээн тослог чанарын хоол идэх хэрэгтэй. Мөн энэ үед хүний ходоодны галын илч буурдаг тул хоолны хэмжээг нарийн барих нь чухал. Хэт их идэх, шөнийн цагаар хооллох нь зохисгүй. Бидний эрт үеэс идэж заншсан хонины махтай шөлтэй хоол идэх нь илүү тохиромжтой. Түүнчлэн сонгино, сармис биеийн хийг тэгшитгэдэг учраас хоолондоо түлхүү хэрэглээрэй. Буцалсан усыг халуун бүлээнээр нь уухдаа бага зэрэг зөгийн бал, бурам хийж ууувал биеийн хий тэгширнэ. Хавар хүний бие махбодын хүч их доройтдог тул тамираа сэлбэхэд анхаарах хэрэгтэй. Өдөр урт болж, шөнө богиносож байгаа учраас нойргүй хонож ерөөсөө болохгүй. Нойрны био хэмнэлийн алдагдал хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Сарны хүч ид дэлгэрэх цаг буюу 23:00 цагаас өглөө 06:00 хүртэл заавал унтаж амрах хэрэгтэй.

-Хавар хий давамгайлсан улирал гэж та хэллээ. Түүнтэй холбоотойгоор сэтгэцийн эмгэг илүүтэй илрээд байдаг юм уу?

-Ерөнхийдөө сэтгэл хямарна, гутарна, ой тогтоолт муудна, ууртай болно, мартамхай болно. Энэ бүхэн хий хямарснаас үүдсэн сэтгэцийн эмгэг л дээ. Шөнийн нойр алдаад эсвэл асуудлыг хэтэрхий хүндрүүлж хүлээж авбал сэтгэл хямарна. Тэгэхээр тайван байж, хүнд муу санаж, атаархахгүй зөв сэтгэлтэй явах хэрэгтэй. Хов жив, хэл ам хүний биеийн хийг хямраадаг.

-Сүүлийн үед хүмүүс кето дэглэм их барих боллоо. Хаврын улиралд ингэж кето дэглэм барих нь зөв үү? 

-Хавар мацаг барих хэрэггүй. Жин хасах гэж мацаг барьж, хямраад ирж байгаа хүмүүс цөөнгүй л байна. Байнга хоол сойгоод байвал бие махбод шим тэжээлийн дутагдалд орно. Хий махбод хямарна. Тэгэхээр шим тэжээлээ хэтрүүлэхгүй байхаар хооллолтоо зохицуулах хэрэгтэй. Миний ажигласнаар кето дэглэм гэж гурилан бүтээгдэхүүн хэрэглэхгүй хооллоод байх шиг байсан. Энэ бол буруу. Монголчууд эрт үеэс хоолондоо гурил хэрэглэж ирсэн нь байгаль цаг уурын онцлогтой холбоотой. Монгол хоол бол хүний бие махбодод тохируулж уламжлалт анагаах ухааны бий болгосон зүйл шүү дээ. Уламжлалт анагаах ухааны онолын үндэслэлтэй учраас монголчууд гурилыг хоолондоо огт хэрэглэхгүй байж болохгүй. Гэхдээ чихэртэй гурилан бүтээгдэхүүн торт, кекс, жигнэмэг хүний биед таатай биш. Тиймээс гурилтай шөл, бууз, хуушуураа ид. Хүний хий, шар, бадгана хэвийн байж эрүүл амьдарна. Гурил хүний бадганын үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг. Бадгана нь хүний арьс, ясны уян хатан чанарыг зохицуулдаг шүү дээ. Тэгэхээр гурилтай хоол бадганын хэвийн үйл ажиллагааг хангахад их хэрэг болдог. Цагаан будаа ч бадганын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй, хамгийн шим тэжээл, эмийн чадал сайтай хүнс. Кето дэглэм гэж нэг л буруу онол яваад байна даа. Яс чанаад шөлөнд нь цагаан будаа хийгээд идэх хэрэгтэй. Манай уламжлалт хоол бол яг үнэндээ эм шүү дээ. Ялангуяа 0-16 насны хүүхдэд бадганын билиг чанар давамгай байдаг тул сүүтэй цагаан будаа, будаатай хоол өгөх нь хамгийн тохиромжтой. 

-Хий, шар, бадгана давамгайлсан хүн гэдгээ яаж мэдэх вэ. Ямар нэг онцлог шинж тэмдэг байдаг уу?

-Тэгэлгүй яахав. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэхэд тухайн ээжийн бие махбодын байдал, ураг тээж байх явцад хэрэглэж байсан хоол, хүнснээс хамаарч ямар төрлийн хүн болох нь тодорхойлогддог. Хий, шар хавсарсан, хий бадгана хавсарсан билгэ чанартай гээд долоон янзын өвөрчлөл бий. Тухайн хүн эхийн хэвлийгээс төрөхдөө ямар билиг чанар нь давамгайлсан байна түүгээрээ л насан туршдаа явдаг. Тиймээс хүн өөрийнхөө өвөрчлөл, билиг чанарыг мэдэж байх ёстой. Энэ нь эрүүл мэндээ хамгаалах, хооллоход ихээхэн ач тустай. Түүгээр ч барахгүй ямар спортоор хичээллэвэл амжилт гаргахаа ч хүн өөрийнхөө билиг чанар, өвөрч-лөлийг тодорхойлуулснаар мэдэж болдог. Шарын өвөрч лөлттэй хүн намрын улиралд элэг цөсөндөө анхаарах ёстой гээд уламжлалт анагаах ухаан бол нарийн зүйлийг гаргаж ирдэг. Хүн өөрийнхөө өвөрчлөлийг дагаад ажил, амьдралаа зохицуулах ёстой. 

-Тухайн хүнийг зан чанараар нь энэ хийн хүн юм, энэ бол бадгана давамгайлсан хүн байна гэдгийг мэдэж болох уу? 

-Бүх юман дээр илэрч харагддаг. Жишээлбэл, хий давамгайлсан хүн гүйлтийн спортоор хичээллэвэл амжилт гаргана. Бадгана давамгайлсан хүн бөх барилдвал баттай суурьтай байж амжилт гаргана гэж үздэг. Бадганын хүн ном сурвал их удаан ойлгодог хэрнээ мартдаггүй. Хий давамгайлсан хүн бол хурдан ойлгоод хурдан мартдаг байх жишээтэй. 

-Эмийн ургамал сонирхогчид бие биедээ янз бүрийн ургамал, амьтны эд, эрхтэн уухыг их зөвлөх юм. Тухайлбал, царцааны мах харшилд сайн гээд хэрэглээд байдаг. Ингэж дураараа ургамал, амьтны эрхтэн хэрэглэх нь хүний биед хор нөлөөтэй байх тийм үү?

-Хамаагүй янз бүрийн ургамал уу гэж зөвлөх нь маш буруу. Хүмүүс өөрсдөө өвчнөө танихгүй эмчид ирдэг. Ходоод өвдлөө гэж ирсэн хүнийг үзэхэд өөр өвчин байх жишээний. Дураараа баахан үнэтэй шинжилгээ өгөөд, дурандуулсныхаа дараа уламжлалтын эмнэлэгт ханддаг. Би 20 гаруй жил хүмүүсийг эмчилж байна. Хүмүүс өөрийнхөө өвчнийг мэддэггүй нь олон жилийн туршлагаас анзаарагдсан. Дур зоргоороо хэн нэгний зөвлөснөөр ургамал ногоо, амьтны мах иднэ гэдэг мунхаг үйлдэл. Би хэзээ ч царцаагаар харшил эмчилж байгаагүй. Харшил яагаад үүсдэг вэ гэвэл, цөсний үйл ажиллагаа алдагдаад шар ус хямарснаас болдог. Шар устай холбоотой бодисын солилцооны өвчин л дөө. Яг юунаас гаралтай байна, ямар эд эрхтэнээ барьж өвчлөөд байгааг нь тогтоож харшлыг эмчилнэ. Сүүлийн үед химийн гаралтай чихэрлэг ундаа, чихэр, чипс гээд дэлгүүрийн лангуун дээр хэдэн жил өрөөстэй байсан ч мууддаггүй хүнс бол хамгийн аюултай харшил төрүүлэгч эх уурхай нь.

-Монголчууд сүүлийн үед халуун ногоо, кимчи хүнсэндээ их хэрэглэх боллоо. Энэ хэр тохиромжтой вэ?

-Халуун ногоо их идэх монголчуудад зохимжгүй. Учир нь халуун орны хүмүүсийн шар үсний үүд нээгдсэн байдаг. Үүнээсээ болоод ходоодны галын илч нь гадагшлаад байдаг тул халуун ногоо идэж дотор халуунаа тэгшитгэдэг. Харин монголчуудын хувьд цаг улирлаасаа шалтгаалаад биеийн шар үсний сүв нь хаалттай байдаг. Тэгэхээр дотоод галын илчээ алддаггүй гэсэн үг. Дотоод галын илч ихтэй хүмүүс хэрнээ халуун ногоо идээд байвал цусыг илжрүүлдэг. Цус бохирдохоор элэг, цөс гэмтдэг. Тэгэхээр ийм уур амьсгалтай газар амьдарч байгаа хүмүүст халуун ногоо хэрэггүй. Харин халуун оронд амьдарч байгаа хүмүүс зохистойгоор хэрэглэх ёстой.

-Өвлийн улиралд ханиад томуу их дэлгэрээд, уушги өвчлөөд байдаг нь ямар учиртай юм бол? 

-Уушги бол бадгана, шар давамгайлсан эрхтэн. Бадгана бол хүйтэн махбодтой. Тиймээс хүйтний улиралд илүү эмзэг байдаг. Энэ нь цаг агаарын байдалтай холбоотой. Амьсгалах агаар их хүйтэн болсноос болоод уушги өвчилдөг.

-COVID-19-ийг уушгины улаан тангаар эмчиллээ гэж хятадууд, өвөрмонголчууд яриад байгаа. Энэ тан их хүчтэй болоод л вирусийг устгаж байгаа байх тийм ээ? 

-Сороол 7, Мартан 11 танг буцалгамагц улаан өнгөтэй болдог учраас улаан гэж тодотгосон. Тухайн вирус аль эрхтнийг илүү гэмтээж байна гэдгээс шалтгаалаад тохирсон танг нь өгдөг. COVID-19 нь уушгийг сонгомолоор гэмтээж байгаа учраас энэ эрхтнийг хамгаалах танг өгч байна. Өвчлөөгүй байхдаа ч гэсэн уушгиа хамгаалах зорилгоор улаан танг ууж болно. Тан хүний биед ер нь сайн шүү дээ. Би 20 гаруй жил уламжлалт анагаах ухааны салбарт ажиллахдаа нэг ч удаа антибиотик ууж үзээгүй. Өвдөхөөрөө тангаа л уудаг. Байнга айхтар гам бариад байгаа зүйл байхгүй. Гам барих гэдэг бол эмчилгээний дэглэм сахихыг л хэлээд байгаа юм. Тухайлбал, элэгний эм ууж байхдаа архи ууж болохгүй гэдэг шиг. 

-COVID-19 тархсны дараа Гандантэгчинлин хийд хэвлэлийн хурал хийхдээ буддын сударт энэ өвчний талаар тэмдэглэсэн байдаг талаар ярьсан. Хэрэв энэ өвчний талаар тэмдэглэсэн байдаг бол эмчилгээний аргыг нь бичиж үлдээгүй юм уу? 

-Нян вирусийн өвчлөл гарна гэж тэмдэглэсэн байдаг. Цөв их хуралдсан энэ цагт ад зэтгэр, нян вирус, хорын өвчин дэлгэрнэ гэж сударт бичсэн байгаа. Нян вирусийн өвчин гэдэг нь одоо хаа сайгүй гарч байна шүү дээ. Хорын өвчин гэдэг нь ус, агаар, хөрс, уул уурхай, химийн үйлдвэрээс шалтгаалсан өвчнийг хэлээд байгаа юм. Үүнд химийн бодисын найрлагатай хоол хүнс ч орно. Ад зэтгэрийн өвчин гэдэг нь хүний нүдэнд харагдахгүй хүн бусууд юм. Оройн хоолоо идчихээд л бохир аяга, тавгаа үлдээвэл нөгөө ад зэтгэр чинь хоолны үлдэгдлээр хооллоно. Баар цэнгээний газарт архи, дарс уугаад, тамхи татаад байвал эхүүн үнэрээр хооллодог хүн бусуудад хорлогдоно. Мөн хүний өөрийн дотор ад зэтгэр байна. Үргэлж муу санаалаад л бусдад атаархаад, эд хөрөнгөд шунаад байвал дотоод ад зэтгэртээ хорлогдоод улам л эвдрээд байна гэсэн үг л дээ. Энэ гурван цөв бол хүний муу үйлтэй л холбоотой. Хүмүүсийн өөрсдийнх нь цөв арилахгүй бол муу юмнаас хэзээ ч салахгүй. Нэг вирусээ таньж амжаагүй байтал дараагийн вирус нь дэлгэрнэ, дахиад дараагийнх нь тархана гэж сударт бичээстэй байдаг. Бүр шинж тэмдэг нь хүртэл бичигдсэн байгаа. Муу бүхнээс ангижиръя гэвэл хүмүүс өөрсдийнхөө муу үйлийг засах хэрэгтэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Япончууд COVID-19-ийн шинжилгээг эрчимжүүлэхээр шүлснээс дээж авч эхэллээ

 0 сэтгэгдэл

Мягмар гарагт Японы Засгийн газар COVID-19-ийн шинжилгээг шүлснээс дээж авах байдлаар хийх шийдвэр гаргалаа. Энэ нь хамгийн хурдан бөгөөд аюулгүй арга хэмээн үзэж байгаа аж. Тус улс өдгөө хамрын хөндийгөөс арчдас авах шинжилгээг түлхүү хэрэглэж байгаа. Гэхдээ энэ үеэр өвчтөн ханиалгаж, найтаалгаж байгаа нь эмч, эмнэлгийн ажилчдад аюул учруулж буй. Мөн шинжилгээ авахын тулд эмч нар бүрэн тоноглогдсон хамгаалалтын хувцас өмсгөх шаардлага тулгардаг байна. Харин шүлснээс дээж авах шинжилгээ нь эмч нар халдвар авах эрсдэлийг эрс бууруулах юм. Гэхдээ шинжилгээний энэ арга сорил авах явцыг хэдэн хувиар нэмэгдүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт хөл хориогоо сулруулсан Япон улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 17000, нас барагсдын тоо 898 хүрсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гоолиг биеийн эд эс өөх тосыг илүү шатаадагийг нээв

 0 сэтгэгдэл

Зарим хүнд байгалиас гоолиг, эрүүл чийрэг бие заяасан мэт санагддаг. Саяхан эрдэмтэд арьсан доорх торлог эдээр илүү их өөх тоос шатаалгадаг эсийг нээсэн байна. Британийн Колумбын их сургуулийн генетикч Йозеф Пеннингер “Зарим хүн дуртай бүхнээ иддэг боловч жин нэмдэггүйг бүгдээр мэднэ” хэмээв. Түүний ярьснаар ямар нэг хүч чармайлт гаргалгүйгээр гоолиг байдлаа хадгалдаг хүмүүст таргалалтын нууцыг тайлах түлхүүр байж магадгүй юм. Хүмүүс жингээ хэрхэн хянах талаар судалдаг эрдэмтэд гол төлөв өөхлөлтийг өдөөгч буюу жишээ нь хооллолт, бодисын солилцоо зэрэгт анхаардаг. Харин Эстонийн генетикийн төвийн цуглуулсан мэдээллийн санд тандалт хийж, хамгийн гоолиг хүмүүсийг хайж байгаа багийн ахлагч доктор Пеннингер “Эрдэмтэд зарим хүн угаас таргалдаггүйг жинхэнэ ёсоор судлаагүй. Иймээс бид тактикийг бүрэн өөрчилж, гоолиг байхын генетикийг судлахаар шийдсэн” хэмээн өгүүлжээ. Эрдэмтэд организм дахь өөхний эдийн агууламжийг өөрчилдөг хоолны дуршил алдагдах гэх мэт өвчтэй хүмүүсийг шууд жагсаалтаас хассан байна. Улмаар туранхай хүмүүсийн генетикийн тэмдэглэгээг хайжээ. Тэдний анхаарлыг мутаци нь хорт хавдар үүсгэдэг ALK хэмээх нэг ген татсан байна. Уг генийн хэвийн хэлбэрийн хэвийн ажиллагааг тодорхойлж амжаагүй байгаа тулд судлаачид ийм генийн мутаца агуулсан ялаа, хулгана гарган авчээ. ALK хүмүүсийн гоолиг байхын шалтгаан болдог бол ялаа, хулганад ч адил үйлчлэх ёстой. Үнэхээр ч тийм гэдгийг илрүүлсэн байна. Гэхдээ генийн мутац ялаа, хулганыг бага идэхэд түлхээгүй аж. Эрдэмтэд ALK ген тархинд үйлчилж, адил хэмжээний хоол идсэн ч хүний биед илүү калори шатаах тушаал өгдөг гэнэ.Өөрөөр хэлбэл, тархи арьсан доорх өөхний торлог эдэд хуримтлагдсан тосоо илүү шатаахыг тушаадаг гэсэн үг. Доктор Пеннингер цааш нь “Хүмүүс ба хулгана, бас ялаа туранхай хэвээр үлдсэн. Өөрөөр хэлбэл, хувьслын явцад генетикийн энэ механизм шавжнаас хүнд дамжсан байж болох юм. Тэгвэл бидний өмнө гоолиг биеийн цоо шинэ эрин үе нээгдэнэ” хэмээн ярилаа. Орчин үед ALK генийн мутацийг дарж, хорт хавдар үүсэхээс сэргийлдэг эм бүтээгдсэн байгаа. Энэ нь уг генд эмийн аргаар нөлөөлж болно гэсэн үг. Ийм учраас ALK-д нөлөөлснөөр гоолиг болгоход тусалдаг эм гарган авахыг үгүйсгэх аргагүй юм гэж Cell сэтгүүлд бичжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Т.Мөнхсайхан: Харилцааны соёл, өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно

 0 сэтгэгдэл
  • “Хандлагын 10 хувь” урамшууллын систем маань эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчирна

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.

-Танай эмнэлгийнхэн “Хандлагын 10 хувь”  урамшууллын талаар ид ярьж байна. Та эмнэлгийн эмч нартаа ямар нэгэн урамшуулал олгохоор шийдээ юу?

-Иргэдийн хувьд улсын эмнэлгүүдийн эмч, ажилтнуудын харилцаа, хандлагад сэтгэл дундуур, шүүмжлэлтэй байх нь олонтаа байдаг. Бусад хөгжилтэй оронтай харьцуулахад манай улсын эмнэлгүүдийн эмчилгээний арга технологи ижил ч үйлчилгээний соёл, эмч, эмнэлэгийн ажилтны хандлагад тулгуурлан гадны эмнэлэг мундаг, илүү гэх тохиолдол иргэдийн дунд байдаг. Манай эмнэлгийн хувьд дэлхийн жишигт, тэр дундаа эхний ээлжинд Ази, Номхон далайн орнуудын эмнэлгийн түвшинд хүрсэн эмчилгээ, оношилгоо, үйлчилгээтэй эмнэлэг болох том зорилготой. Иймээс дээр хэлсэнчлэн бид эмч, эмнэлгийн ажилтныхаа хандлагыг өөрчилж, иргэдэд ойр, дотно үйлчилгээг бүрдүүлэх нь эхний томоохон алхмуудын нэг гэж үзэж энэ ажлыг эхлүүлж байна. Энгийн мэт сонсогдож байгаа ч бодлогоо хэрэгжүүлэх түлхүүр алхам болно. Тиймээс зургаадугаар сарын 01-ээс эхлэн “Хандлагын 10 хувь” урамшууллын системийг эмнэлгийнхээ нийт 810 ажилтанд хэрэгжүүлэхээр болоод байна. Үйлчлүүлэгчээс тухайн ажилтны нэр дээр гомдол санал ирэхгүй бол хандлагын урамшууллаа авна, эсэргээр гомдол, шүүмжлэл баримт, нотолгоотой ирвэл урамшуулал авах боломжгүй. Товчхондоо “Хандлагын 10 хувь” урамшууллыг харилцааны соёл, өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ үйлчилж буй хандлагаар нь тооцож олгоно гэсэн үг.

-Сайхан санаа байна. Гэхдээ та санхүүгийн эх үүсвэрээ тооцсон уу. Танай эмнэлэг төсвөөс санхүүждэг. 800 гаруй хүнд дээр 10 хувийн шагнал өгөхөөр төсөв мөнгө чинь хүрэлцэхгүй биз дээ?

-Манай эмнэлгийн хувьд санхүүгийн хагас бие даасан байдал руу энэ оны дөрөвдүгээр сарын 01-ээс эхлэн шилжээд байна. Өмнө нь ЭМЯ-аас улсын эмнэлгүүдэд төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг жил бүр баталж өгдөг. Төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тохиолдолд давуулан биелүүлсэн орлого улсын төсөвт татагддаг бөгөөд эмнэлэгт тухайн орлогыг зарцуулах эрх байдаггүй байсан. Хоёр жилийн өмнөөс давуулан биелүүлсэн орлогын тодорхой хувийг эмнэлгийн үйл ажиллагаа, эмч эмнэлгийн ажилчдын урамшуулалд зарцуулах боломж бүрдсэн. Санхүүгийн хувьд хагас бие даасан байдалд шилжсэний гол давуу тал нь эмнэлэг орлогоо нэмэгдүүлэх, менежмент хийх, түүнийгээ захиран зарцуулах эрх нь эмнэлгийн ТУЗ-д шилжсэн. Тиймээс бид санхүүгийн зохицуулалт хийж эмч, эмнэлгийн ажилчдаа урамшуулах, цаашлаад цалин нэмэх механизмыг бүрдүүлэх боломжтой болж байгаа юм. Бид 2024 он хүртэлх төлөвлөгөөгөө батлуулан орлогоо нэмэгдүүлэх ажлуудаа маш эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. Ирэх есдүгээр сар гэхэд 2020 оны төлөвлөгөөт ажлууд бүгд хэрэгжиж, үр дүнгээ өгч эхэлнэ гэж тооцож байна. Энэ эрчээрээ төлөвлөгөөний дагуу ажиллахад ирэх оны нэгдүгээр сар гэхэд эмнэлгийн эмч, ажилчиддаа 30 хувийн цалингийн нэмэгдэл олгох боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.

-Хэн сайн ажилласан, хэн чадал чадвартай нь илүү үнэмлэмжтэй байх ёстой...

-Тэгэлгүй яахав. Бид цаашид гүйцэтгэлээр нь цалин, урамшууллыг тооцох системийг төгөлдөржүүлэх бодолтой байна. Өнөөдөр их, бага ажилласны ялгаа цалин, урамшууллын тогтолцоон дээр бага байна. Тиймээс хэн сайн ажиллана тэр хүн цалин орлого сайтай байх шудрага тогтолцоог бүрдүүлэх нь чухал юм.

-Таны ярианаас УНТЭ-ийн ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө болон батлагдсан гэж ойлголоо?

-Намайг ажлаа авахад УНТЭ 2015 оноос хойш стратеги төлөвлөгөөгүй ажиллаж байсан. Ингээд бид бүхэн эмнэлгийнхээ бүх эмч, ажилчид, эрдэмтэн судлаачид, иргэд, үйлчлүүлэгчдээсээ санал, судалгаа авч, төлөвлөгөө боловсруулан удирдлагын багаараа хэлэлцэн 2020-2024 он хүртэлх хэмжигдэхүйц, бодитой, хэрэгжихүйц стратеги төлөвлөгөөгөө батлан гаргасан. Стратеги төлөвлөгөөндөө хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр, оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэн нутагшуулах, байгууллагын бие даасан байдлыг хангах менежментийн арга барилыг нэвтрүүлэн, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, сургалт эрдэм шинжилгээ судалгааны түвшинг олон улсын жишигт хүргэх, эрсдэлгүй ээлтэй орчин, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах гэсэн тэргүүлэх таван чиглэлийг оруулсан. Уг төлөвлөгөөнд орлогоо нэмэгдүүлэх, эмчилгээ оношилгооны төрлөө сайжруулж дэлхийн түвшинд өрсөлдөхүйц “тоглогч” болох, эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварыг бодлого, төлөвлөттэйгээр дэмжих, цалин урамшууллаа нэмэгдүүлэх, ард иргэддээ төвөг чирэгдэлгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэгт голлон анхаарч ажиллахаар тусгасан. Бид стратеги төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлснээр дөрвөөс таван жилийн дараа эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг хоёроос гурав дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн харж байна. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан 2020 оны зорилтын хүрээнд эмнэлгийн ажилчдадаа “Хандлагын 10 хувь”-ийн урамшууллын системийг олгохоор болсон. “Хандлагын 10 хувь” бол том төлөвлөгөөний нэг хэсэг бас төлөвлөгөө зөвхөн цаасан дээр биш амьдралд хэрэгжиж буй жишээ гэж үзэж болно.

-Төлөвлөгөө бүр сайхан амлалт, тэмүүлэл байдаг л даа. Гэхдээ төлөвлөгөө санхүүгийн бололцоо, хөрөнгө оруулалт, орлоготой байж л хэрэгждэг. Танй эмнэлэг орлогоо яаж нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Бид бүхэн орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр долоон үе шаттай төлөвлөгөөг боловсруулсан. Үүнд хамтран ажилладаг түрээслэгч нартаа нээлттэй, үнийн өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг бий болгох, амбулаторийн эмийн санг ашиглалтад оруулах, зөв худалдан авалтыг бэлтгэн нийлүүлэгчээсээ хийх менежментийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулж, байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх захиалгат төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх, ажлын өдөр ажлын цагаар Эрүүл мэндийн дэмжих төвөөр дамжуулан төлбөртэй тусгай үйлчилгээг үзүүлэх, харьяалал даатгал харгалзахгүйгээр манай эмнэлгээр үйлчлүүлэхийг хүссэн иргэддээ төлбөртэй буюу VIP тасгаар үйлчлэх, амралтын өдөр эмч, сувилагч нартай цаг товлон төлбөрт үзлэг, оношилгоо эмчилгээнд хамрагдах боломжуудыг бий болгож орлогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нөгөө талдаа эмч, ажилчдадаа цалиингийн нэмэгдэл олгох,нийгмийн асуудалд нь анхаарах, сэтгэл тайван ажлаа хийх, өөрийгөө хөгжүүлэх, ард иргэддээ цаг алдалгүй илүү хүртээмжтэй, сэтгэлд нийцсэн үйлчилгээг нэмэлтээр авах зэрэг олон талын давуу талыг бүрдүүлж байгаа юм.

-Улсын эмнэлэг төлбөртэй үйлчилгээ үзүүлнэ гэдэг хууль зөрчсөн үйлдэл биш үү?

Шинээр нэвтрүүлж буй төлбөрт үйлчилгээ нь зөвхөн хүссэн иргэдэд сайн дурын үндсэн дээр үзүүлэх үйлчилгээ гэдгийг онцольё. Эмнэлэг нийт орныхоо 10-аас ихгүй хувьд нь төлбөрт үйлчилгээ үзүүлж болно гэж журманд заасан байдаг. Бид энэ хүрээндээ орчин нөхцөл сайтай, тав тухтай, чанартай эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тэр бүх бололцоог хангаж, төлбөртэй үйлчлэх юм. Дээрх орлогоо нэмэгдүүлэх 7 төлөвлөгөө нь одоо хэвийн үйлчилж буй даатгалын системийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх, төлбөртэй болгож байгаа зүйл огт биш. Даатгуулагчийн эрх ашгийг зөрчиж, ачаалал нэмэгдэх асуудал үүсэхгүй. Энэ тал дээр ЭМЯ, ЭМДГ-аас тогтмол хяналт тавьж ажилладаг. Хэрэв бид хэт төлбөрт үйлчилгээ рүү чиглээд иргэд, үйлчлүүлэгчидээ хохироовол эмнэлэг даатгалын байгууллагаас санхүүжилтээ авч чадахгүй эрсдэл үүснэ. Тиймээс бид зохион байгуулалт дээр маш сайн хяналт тавьж ажиллана. Эмнэлэг нэмэлт боломж, дотоод нөөцөө ашиглан орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж буй явдал юм.

-Эмнэлэгийн ажилчдын цалин, урамшуулал нэмэгдэж байгаа  нь таатай мэдээлэл юм. Гэхдээ эмнэлгийн ажилтан, эмч гэдэг бол онц нарийн мэдлэгийн салбар. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийх нь зөв байгаагүй юу?

-Харин ч эсэргээрээ. Өмнө нь манай эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтны сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний зардал, хүний нөөцийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд тусгайлан зориулсан зардлыг тусгаж өгдөггүй байсан. Тэр үед манай ажилчид хувийн шугамаар аливаа сургалтанд хамрагдаж ирсэн. Харин одоо бидний боловсруулсан төлөвлөгөөгөөр сургалтын зардал, эрдэм шинжилгээний ажлын зардлуудыг тусгайлан, онцолж төсөвтөө  суулгаж өгсөн. Энэ бол таны хэлсэнээр эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх онц үүргээ эмнэлгийн удирдлага тусгайлан анхаарсан менежмент гэж үзэж байгаа.

-Таны дээр хэлсэнчлэн УНТЭ хөгжингүй орны түвшинд хүрч хөгжихөд хэр хугацаа шаардагдах вэ?

-УНТЭ-ийн хувьд Монголдоо хамгийн том эрүүл мэндийн институт. Гэвч дэлхийн хэмжээнд “тоглогч” болж чадахгүй байна. Өнөөдрийн бидний танилцуулж байгаа ажлууд ирээдүйд “том” зорилго руу чиглэсэн ажил. Бид, манай эмнэлэг хошуучилж байж Монголын эрүүл мэндийн салбар дэлхийтэй хөл нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэж хэлэх нотолгоо манайд байна. Чадварлаг, мэргэшсэн, бэлтгэгдсэн эмч, баг, хамт олон байна. Энэ бол маш том давуу тал. Энэ давуу талаа ашиглан олон шинэ технологи, инновацийг эхнээсээ нэвтрүүлээд, нутагшуулаад явж байна. Шинэ эмчилгээний технологи нэвтрүүлж байна аа гэдэг дэлхийн тоглогч болох нэг алхам ойртож байгаагийн илрэл юм. Энэ дотроо хандлагаа өөрчлөх ажил бол том бодлого руу чиглэсэн түлхүүр ажил бас өрнөл юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өдөрт хэрэглэх сүүн бүтээгдэхүүний зохистой хэмжээг тогтоожээ

 0 сэтгэгдэл

BMJ Open Diabetes Research & Care сэтгүүлд нийтлэгдсэн олон улсын эрдэмтдийн судалгааны тайланд өдөртөө хоёр удаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд диабет, цусны даралт ба бодисын солилцооны синдромын эрсдэлийг бууруулна гэж дүгнэжээ.

Өмнө нь Хойд Америк ба Европт хийсэн судалгаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэх дээрх өвчнүүдээс гадна зүрх судасны өвчлөлөөр эрт нас барах эрсдэлийг багасгах үйлчилгээтэйг нотолсон. Гэхдээ уг үр дүнг дэлхийн хэмжээнд ашиглаж болох эсэхийг мэдэхгүй байв. Энэ удаад 21 орны 35-70 насны 147 мянга гаруй хүнийг хамруулжээ. Тухайлбал, хөгжингүй Швед, Канад, хөгжиж байгаа Бангладеш, Колумб, Иран зэрэг улс оролцлоо. Судалгаанд оролцогчдын эрүүл мэндийн байдлыг есөн жилийн турш ажиглаж, сүү, тараг, бяслаг болон бусад сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, эм эмчилгээ, жин, даралт, холестерин ба глюкозын түвшинд хэмжилт хийжээ. Үр дүнгээс харвал өдөрт хоёр удаа тослогтой сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд даралт ба диабет үүсэх эрсдэл тус бүр 11 ба 12 хувиар буурч байв. Хоёр удаагийн хэрэглээг эмч нар зохистой гэж үзсэн. Учир нь гурав дахь удаа хэрэглэхэд үр дүн төдий л дээшлээгүй аж. Нэг удаагийн хэрэглээний порц нь 240 грамм сүү, 20 грамм бяслаг, нэг сав йогурт, 120 грамм аарц буюу түүнтэй тэнцэх хэмжээний сүүн бүтээгдэхүүн байж болно. Тосыг нь ялгасан бүтээгдэхүүний үр ашиг хавьгүй доогуур байсан тул эрдэмтэд ийм хүнс хэрэглэхийг зөвлөөгүй юм. Оролцогчдын 47 мянга нь диабет, даралт буюу бодисын солилцооны эмгэгтэй байснаар барахгүй илүүдэл жин, ашигтай холестериний доогуур түвшин, цусанд нь өөх тос, глюкозын өндөр агууламж гэх мэт эрүүл мэндийн муу үзүүлэлттэй байв. Ийм оролцогчид сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд өвчлөл үүсэх эрсдэл хэрэглээгүй хүмүүсийнхээс 24-28 хувиар буурч байгаа нь ажиглагдав. Эрдэмтэд уг судалгаа ажиглалтын шинжтэй бөгөөд шалтгааныг тогтоох зорилго тавиагүй гэдгийг ярьжээ. Өгүүлэлд бичсэнээр "Энэхүү судалгааны үр дүн илүү өргөн, урт хугацааны судалгаагаар нотлогдвол сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх нь даралт, диабет, бодисын солилцооны эмгэгийг бууруулах хямд төсөр арга болно. Мөн дэлхий даяар зүрх судасны өвчлөлийг багасгахад тусалж болох юм".