A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1427/

Давосоос давсан олон улсын форум бий болсныг Bloomberg-ийн “Шинэ эдийн засгийн чуулган” тунхаглалаа

​2050 он гэхэд дэлхийн нийт ДНБ-ий 35 хувийг БНХАУ, Энэтхэг бүрдүүлэх төлөвтэй​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1427/


Сингапурт дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүд энэ өдрүүдэд цуглаад байна. Тэд АНУ болон Умард Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт болж байсан Capella зочид буудалд дэлхий дахины өмнө тулгарч буй асуудлыг хэлэлцэж байгаа нь энэ. Bloomberg L.P-ийн гүйцэтгэх захирал Майкл Блумбергийн санаачилгаар чуулж буй анхны чуулганд форумыг үүсгэн байгуулагч гишүүд болох дэлхийн улс төр, бизнес, санхүүгийн салбарын 400 төлөөлөгч урилгаар оролцож байна. Энэхүү форумыг дэлхийн эдийн засгийн чуулган-давосоос давсан олон улсын форум гэж дэлхийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд онцолж байна. New Economy Forum-ын 400 үүсгэн байгуулагчдын дунд Монгол улсаас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг багтаж байгаа юм. 2050 он гэхэд дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрч, хот суурин газарт аж төрөгсдийн тоо 2.5 тэрбумаар нэмэгдэх үед дэлхийн хотууд тэр бүх хэрэгцээг хангаж чадах эсэх, одооноос тогтвортой өсөлтийн суурийг тавихад нөлөөлөгчид юу хийж болохыг тэд хэлэлцэж байна. БНХАУ, АНУ-ын хооронд үүсээд буй худалдааны маргаан, Хятадын эдийн засгийн төлөв, даяаршил гээд цаг үеийн асуудлуудаас гадна, ирэх 20-30 жилийн шинэчлэл, технологийн салбарын түрэмгийлэл, дэлхийн хүн амын өсөлт, үүнийг дагаж бий болох эрэлт хэрэгцээ, цаашилбал 2050 он гэхэд улс орнуудын хүчний тэнцвэрт гарах өөрчлөлт гээд олон асуудлыг хөндөж, тогтвортой хөгжлийн шийдлийг эрэлхийлж байна.

• Сингапурт дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүд энэ өдрүүдэд цуглаад байна.

• Хэлэлцсэн асуудлын үр дүн нь богино хугацаанд шууд биеллээ олж, чуулганы тэмдэглэл бус бодит ажил хэрэг болох боломжтой гэж үүсгэн байгуулагчид дүгнэж байгаа юм.

• Харин шинэ эдийн засгийн форум нь шинэ эрин үеийн шинэ институт болж байна.

New Economy Forum-ын хувьд давос дахь дэлхийн эдийн засгийн чуулгантай харьцуулахад цөөн оролцогчтой боловч илүү нөлөө бүхий эрхмүүдийг хамруулснаараа онцлог юм. Энэ утгаараа хэлэлцсэн асуудлын үр дүн нь богино хугацаанд шууд биеллээ олж, чуулганы тэмдэглэл бус бодит ажил хэрэг болох боломжтой гэж үүсгэн байгуулагчид дүгнэж байгаа юм. Дэлхийн эдийн засаг өөрчлөлтийн ирмэг дээр ирээд байна. Тодруулбал, эдийн засгийн тэнцвэр аж үйлдвэржсэн өрнөдөөс шинэ эдийн засгийн орнуудад шилжиж буй. Хүн ам зүйн өөрчлөлт, маш хурдтай өрнөж буй технологийн дэвшил нь түүхийн энэхүү өөрчлөлтийг шинэ мянганы турш залуурдахаар байна. Эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны тухай ойлголт хэмжигдэхүүн урьд өмнө байгаагүйгээр хувьсан өөрчлөгдлөө. 2050 он гэхэд Хятад Улс дэлхийн ДНБ-ий 35 хувийг бүрдүүлдэг болох нь. Нийт ажлын байрны 50 орчим хувь нь автоматжина. Цэнхэр гарагийн хүн ам 10 тэрбумд хүрч, хот суурин газарт оршин суугчдын тоо 2.5 тэрбумаар нэмэгдэнэ. Гэтэл бид энэ бүхнийг нэгдсэн байдлаар харж, ойлгож, шийдэл хайх цаг үед ирлээ. Харин New Economy Forum нь шинэ эрин үеийн шинэ институт болж байна. Мэдээлэл, дүн шинжилгээ, үйл явдлууд, шинжээчдийн таамгийг нэгтгэн харъя.

ХОТЖИЛТ БА УХААЛАГ ХОТЫН ЭРЭЛД

НҮБ-ын тооцоогоор 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын 68 хувь хот суурин газар аж төрөх төлөвтэй байгаа тул аюулгүй, тогтвортой хөгжил бүхий хотуудыг бий болгох шаардлага урган гарч байна. Үүнтэй зэрэгцээд дэлхийн хүн амын 35 хувийг ердөө л гурван улс дангаараа бүрдүүлэх төлөвтэй байгаа юм. Тиймээс илүү уян хатан, аюулгүй, хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой өсөлт бүхий хот байгуулах хэрэгцээ, шаардлага өдрөөс өдөрт тулгамдаж эхэллээ. Энэ бол шийдэл хүлээж буй сорилт. Тэгвэл ямар шийдэл байна вэ. Дэлхий даяар хотжилтын үр нөлөөг идэвх санаачилгатай дэмжихийн тулд Сингапурт анхны ухаалаг хотын шийдэл лаборатори байгууллаа. Уг лабораторийн зорилго бол дулаан алдагдал багатай барилга, ухаалаг дэд бүтэц, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих замаар хотын хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх явдал. Гэрэлтүүлгийн систем л гэхэд маш бага эх үүсвэрээр их эрчим хүч үйлдвэрлэх, байшингийн өнгөлгөө гэхэд усанд хэмнэлттэй үргэлж цэвэр цэмцгэр байх шийдлийг эрэлхийлж байгаа юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙГ ЭРЧИМТЭЙ ЯРИХААС АРГАГҮЙ БОЛЛОО

2040 он гэхэд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн бус орнуудын эрчим хүчний эрэлт 61 хувиар өснө гэж New Economy Forum үеэр ярьж байна. 2050 он гэхэд дэлхийн 9.7 тэрбум хүн амын гурваны хоёр нь хотжих бөгөөд тэр хэрээр эрчим хүчний асар өндөр эрэлт хэрэгцээ цаашид бий болохоор байна. Уг сорилтыг даван туулах шийдлийг дээрх чуулган хөндсөн юм. ADNOC бол дэлхийн эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангахад дэвшил гаргасан корпораци. Тухайлбал, Энэтхэг, Хятадад 40 жилийн хугацаатай концессоор дэлхийн хамгийн том газрын тос боловсруулах, петрохимийн иж бүрэн үйлдвэр байгуулж буй бөгөөд өсөн нэмэгдэж буй Азийн эдийн засгуудын өсөлтийг дэмжихэд үйл ажиллагаа нь чиглэж байна.

ДУНДАЖ ДАВХАРГА ТЭЛНЭ

Өнөөдөр 3.2 тэрбумаар тоологдож буй дундаж давхаргын хүн ам 2030 он гэхэд таван тэрбум давна. Энэхүү өсөлт, чанартай амьдралын төлөөх хэрэгцээ эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх ээлжит сорилт болж байна. Exxon Mobile нь эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах технологийг хөгжүүлэхийн зэрэгцээ хүлэмжийн хийг бууруулах технологийг хөгжүүлж буй. 2000 оноос хойш дундаж давхаргын эрчим хүчний эрэлт хэрэгцээг хорт хийн ялгарал багатай эх үүсвэрээр хангах технологийн хөгжүүлэлтэд ес орчим тэрбум ам.доллар зарцуулаад байна.

ХУДАЛДААГ ЦАХИМЖУУЛНА

2020 он гэхэд улс орнуудын хооронд хийгдэж буй цахим худалдаа 900 тэрбум ам.долларт хүрч өсөх бөгөөд дэлхийн цахим худалдааны 22 хувьд хүрнэ. Ингэснээр харилцан хамааралтай ертөнцөд худалдаа бол дэлхийн эдийн засгийн эх булаг юм. Жижиг, том ямар ч бизнест, шинэ зах зээлд нэвтрэхэд энэ бол хамгийн чухал. Тэгвэл шийдэл нь энд байна. FedEx бол худалдааг тэлэх, шуурхай нийлүүлэлтийн гинжин хэлхээг бий болгож, дэлхийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Шинэ бизнесүүд шинэ зах зээлд хөл тавих шийдлийг FedEx-гүйгээр төсөөлөх аргагүй болж байна. HSBC-ийн тооцоогоор гадаад худалдааны санхүүгийн гүйлгээний баримт бүрдүүлэлтэд жилд нэг тэрбум ширхэг цаас хэрэглэдэг. Тэгвэл үүнийг цахимжуулснаар байгаль орчинд төдийгүй эдийн засгийн хувьд илүү ашигтай хэмнэлт хийхээр байгаа юм. Гэхдээ дэлхийн худалдааны барааны 35 хувь нь үеэ өнгөрөөсөн энэ системээр явж байгаа нь томоохон сорилтод тооцогдож байна. HSBC нь блокчейн зэрэг шинэ дижитал технологийн ачаар улс орнуудын хооронд бизнес эрхлэхэд шуурхай, аюулгүй, хямд болж байна. Ази, Номхон далайн худалдаанд цаасны хэрэглээг халж, цахим хэлбэрт шилжүүлснээр экспортын өртгийг 31 хувиар бууруулж байна. Ингэснээр бизнесийн бэлэн мөнгөний урсгал нэмэгдэж, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, амьдралын түвшин доогуур иргэдэд ч чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг буурахад энэ нь нөлөөлж байна.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ӨӨРЧИЛЖ БАЙНА

2034 он гэхэд Африкт хөдөлмөрийн насны хүмүүсийн тоо 1.1 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа нь дэлхийд хамгийн том ажиллах хүчний арми болохоор байна. Дэлхийн хүн амын динамик өөрчлөгдөж байгааг эндээс уншигч та анзаарсан байх. 2034 он гэхэд Африкийн хотын хүн ам 187 саяар нэмэгдэнэ. Ингэснээр илүү их инновац, нөөц, хөгжлийн боломжуудын төв ч мөн өөрчлөгдөнө гэсэн үг. Үүнд нийцэх шийдэл, гарцыг New Economy Forum танилцуулж байна. Dangote академи нь эмэгтэйчүүд, залуучуудыг орлого олох боломжийг нэмэгдүүлэх, чадавхжуулдаг. Залуу үеийнхнийг олон мянгаар нь техникийн болон аман харилцааны ур чадвар эзэмшүүлэх нь орчин үеийн аж үйлдвэрийн хамгийн гол хэрэгцээ гэж данготе академи үздэг. Харин Алико Данготе сан нь орон нутгийн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй нэг сая эмэгтэйн өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх санхүүгийн болон зах зээлд ижил тэнцүү оролцох боломжоор хангадаг аж.

ДЭЛХИЙГ ТЭЖЭЭХ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2050 он гэхэд өсөн нэмэгдэж буй хүн амын хүнсний хэрэгцээг хангахын тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг 70 хувь нэмэгдүүлэх шаардлагатай. Фермерүүд ургацын өгөөжөө нэмэгдүүлэх, байгаль цаг уурын нөлөөллийг бууруулахын тулд газрын талаар ахисан түвшний мэдээлэлтэй байх ёстой. Харамсалтай нь технологийн хомс байдлаас болж фермерүүд, тариачид шаардлагатай мэдээлэл цуглуулах боломж хязгаартай байгаа юм. Энэ нь сорилт болж байна. Тэгвэл ямар шийдэл байна вэ. FarmBeats компани хямд үнэтэй мэдрэгч, дрон болон бусад мэдээлэл цуглуулагч төхөөрөмжийг ашиглан цуглуулсан датагаа Microsoft-ийн алгоритмоор боловсруулан ашигладаг. Энэхүү хиймэл оюун ухааны тусламжтайгаар уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, ургацын өгөөжөө нэмэгдүүлэх, усны хомсдлоос сэргийлж болохоор байна. Давосоос давсан олон улсын форум өнөөдөр Сингапурт үргэлжилнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛНО.

 0 сэтгэгдэл


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Азийн хөгжлийн банкны институт, Японы шударга худалдааны хороотой хамтран 2019 оны 7 дугаар сарын 09-өөс 10-ны өдрүүдэд Зүүн Азийн Өрсөлдөөний байгууллагын удирдлагуудын 15 дугаар дээд хэмжээний уулзалт /ЕАТОР/-ыг Нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Яам, Агентлагийн удирдлагууд болон БНХАУ, БНСУ, Малайз, Индонез, Тайланд, Вьетнам, Япон, Сингапур, Филиппин, Индонез, Австрали, Мянмар, Лаос, Канбожи Улсын Өрсөлдөөний байгууллагуудын дарга, удирдлагууд, /ADBI/ Азийн хөгжлийн банкны удирдлагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцоно.

“ЕАТОР-Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагуудын дээд хэмжээний уулзалт”-аар өрсөлдөөнийг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөлөгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хил дамнасан эсвэл олон улсын хэмжээн дэх Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах талаар харилцан ойлголцлоо улам бэхжүүлэн өрсөлдөөний тухай хууль, ирээдүйн стратегийг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдлийг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалт болно.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

A

Жижиг

A

Дунд

A

Том

Залуус хөнгөлөлттэй үнээр сувилалд эмчлүүлэх эрхтэй

Сувилуулах шаардлагатай гэсэн эмчийн бичиг хөнгөлөлт эдлэх гол “тасалбар” юм

 0 сэтгэгдэл


Урин дулаан зун цаг ирэхтэй зэрэгцэн амралт, сувиллын газрыг зорих урсгал нэмэгддэг. Гэхдээ сувиллын газраар зөвхөн ахмадууд л үйлчлүүлэх эрхтэй гэсэн нийтлэг ойлголт бий. Тэгвэл эрүүл мэндийн даатгалаа ашиглан нас харгалзахгүйгээр хөнгөлөлттэй үнээр рашаан сувилалд явах эрхтэй гэдгийг та мэдэх үү.

Эрүүл мэндийн даатгал төлдөг л бол хэдэн ч удаа сувилалд хэвтэн эмчлүүлэх боломжтой болохыг албаны хүмүүс хэлж байна. “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн даатгуулагч ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцдаг тусламж, үйлчилгээг өөрийн эрэлт хэрэгцээнд тохируулан авах боломжтой. Тиймээс рашаан сувиллын тусламж үйлчилгээг авах эрх нь бүрэн нээлттэй. Зөвхөн ахмад настнууд амарна гэсэн журам байхгүй учраас нас харгалзахгүй гэсэн үг. Тухайн даатгуулагч даатгалын гэрээтэй эмнэлэг, рашаан сувилал, эмийн сангаар дамжуулан үйлчилгээ авах боломж нь нээлттэй” хэмээн ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн ярилаа.

Сувилалд хэвтэн эмчлүүлэх гэж буй хүмүүс нэн түрүүнд аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлгийн эмчээр “сувилуулах шаардлагатай” гэсэн илгээх бичиг авах ёстой. “Эмчийн заалтаар зайлшгүй шаардлагатай гэсэн тохиолдолд л хэвтэн эмчлүүлнэ” гэдгийг ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн онцлон сануулж байлаа. Учир нь рашаан сувилалд сувилуулах боломжгүй эсрэг заалт гэж байдаг аж. Тодруулбал, хэт өндөр даралттай, амьсгал болон зүрх судасны дутагдалтай юм уу, хавдартай хүмүүс сувилалд явж болохгүй. Иймээс заавал мэргэжлийн эмчид үзүүлээд “Рашаан сувилалд явж болно” гэсэн тодорхойлолт авах нь хөнгөлөлт эдлэх гол “тасалбар” болох юм. 

ЭМД-ЫН САНГААС 110 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛДЭГ

Нэг сувиллын ор хоногийн төлбөр 40 мянган төгрөг байлаа гэж бодоход, долоо хоног сувилуулахад 280 мянган төгрөг төлөх шаардлагатай болно.

Өнгөрсөн онд сувилалд эмчлүүлсэн хүмүүст 10.1 тэрбум төгрөг зарцуулжээ

Үүнээс 110 мянган төгрөгийг нь хасуулаад үлдсэн мөнгөө өөрөө төлөх зарчмаар энэхүү хөнгөлөлт хэрэгждэг. Тиймээс сувиллуудын ор хоногийн төлбөрөөс хамааран даатгуулагчийн төлөх мөнгө харилцан адилгүй байх юм.

Өнгөрсөн онд 91,400 хүн рашаан сувилалд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд ЭМД-ын сангаас 10.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Хөнгөлөлт эдэлсэн хүмүүсийн нас, хүйсийн талаарх дэлгэрэнгүй тайланг нарийвчлан гаргадаггүй болохыг албаны хүмүүс хэлж байсан юм. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.8 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж.

Даатгуулагч эрүүл мэндийн даатгалаа сар бүр төлснөөр ЭМД-ын сангаас 16 төрлийн үйлчилгээ авах эрх үүснэ. Үүн дотор рашаан сувиллын үйлчилгээ багтдаг. Энэхүү үйлчилгээ нь дотроо 10 гаруй төрөл байдаг аж. Тодруулбал, рашаан уух, рашаанд орох, шавших, шавар эмчилгээ, халуун шавар, хүйтэн шавар элсний үйлчилгээ, бариа засал, сэргээн засах, зүү төөнүүр, уламжлалт гэх мэт эмчилгээ бий. Зөвхөн рашаан сувилалд амарч байгаа иргэдийн хувьд эдгээр үйлчилгээг авах боломжтой. Тиймээс иргэд эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж сэргээн засах сувилалд хэвтэх, рашаан эмчилгээ хийлгэх, эсвэл шавар эмчилгээнд явах эсэхээ сонгон үйлчлүүлэх юм байна.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 50 гаруй рашаан сувиллын газар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан ажиллаж байна. Үүний 29 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр газрын нэр, хаяг болон холбоо барих утасны дугаарыг ЭМДЕГ-ын цахим сайтаас (www.emd.gov.mn) авах боломжтой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бодлогогүй боловсролын завхрал

Боловсролын салбар үе үеийн сайдуудын тоглоомын талбар байх ёсгүй

 0 сэтгэгдэл


Танил маань “Надад үр хүүхдэдээ өвлүүлээд байх үнэтэй эд хэрэглэл алга. Тэгэхээр боловсролд нь л илүү анхааръя. Багаас нь сайн багшийн ангид оруулж, толгойд нь жаахан мэдлэг хийгээд өгчихвөл алсдаа сурсан зүйлээрээ хоолоо олж иднэ биз” гэж ярилаа. Түүн шиг эцэг, эх олон. Гэхдээ манай боловсролын чанар эцэг, эхчүүдийн хүсэж буй шиг сайн байгаа эсэх нь эргэлзээтэй. Уг нь суурь боловсролыг нь чанартайхан тавьчихвал хүүхэд аяндаа сурдаг гэж насаараа багшилсан эмэгтэй ярьж суухыг сонсож билээ. Гэтэл сүүлийн үед туршиж буй олон сургалтын хөтөлбөрт эцэг, эхчүүд толгой нь эргэчихээд байгаа. Олон хөтөлбөр туршсанаас болоод боловсролын чанар илт дордсон талаар хэн хүнгүй ярих боллоо. Боловсролын салбарыг толгойлсон сайд бүр дур зоргоороо загнаж, янз бүрийн хөтөлбөр гаргаж туршсаар байтал хэн ч биш хярамцаг болж гүйцлээ.

Ё.Отгонбаяр сайд байхдаа санаачилж хэрэгжүүлэхээр зорьсон “Кембрижийн хөтөлбөр” хөрсөндөө огт буугаагүй. Багш нар хүртэл энэ хөтөлбөрийг монгол хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирдоггүй гэж шүүмжилдэг.

Зарим нэг багшийн хэлж буй нь Барууны боловсролын систем Монголд тийм ч сайн тохирохгүй. Манай монгол хүүхдүүдэд ёс суртахууны хүмүүжил хэрэгтэй. Барууны боловсролын хэв маяг бол нэлээд задгай, нээлттэй, хүүхдийн эрх ашгийг дээдэлсэн байдаг. Тэгэхээр “Кембриж” бол төдийлэн нийцэхгүй хөтөлбөр шиг санагддаг хэмээсэн юм.

БАГА АНГИЙНХНЫ ЦҮНХТЭЙ АЧАА ХӨНГӨРӨХ ҮҮ

Одоо явж буй “Цөм” хөтөлбөр хэдийгээр агуулга сайтай болсон ч сурах бичгийн алдаа мадаг нь тамтаггүй гээд өөлөх зүйл гарч ирсээр. Түүхийн хичээлийн агуулга ч бүр түүхийрч гүйцэж. Элсэлтийн шалгалтад түүхийн хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүдийн нь бүдэрсэн тухай хэн хүнгүй ярьж байна.

“Цөм” хөтөлбөр хэрэгжүүлснээр бага ангийнхан цүнхээ даахаа байсан. Багаас нь даахааргүй хүнд ачаа үүрүүлж, мэдлэгээр бөмбөгдсөөр байтал мэдрэлийн ядаргаанд орж дууслаа. Хичээл дээрээ баахан юм судлахын хажуугаар элдэв төрлийн дугуйлан, сонгон гээд насандаа ахадсан ачаа үүрээд зарим хүүхэд залхдаг бололтой юм билээ. Нэг ёсондоо энэ хөтөлбөр бол  Японы боловсролын системээс хуулбарласан хэлбэр. Багш нар “Цөм” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний дараа ямар сурах бичиг хэрэглэхээ мэдэхгүй хэсэгтээ л мунгинасан. Хөтөлбөртөө тохирсон агуулгатай сурах бичгээ боловсруулж, хэвлэж амжаагүй болохоор бид хүүхдүүдийнхээ өмнө юугаа барих вэ гээд зогсож байсан багштай ч таарч л байлаа. Анхнаасаа нарийн системтэй бодлого төлөвлөлтгүй, ямар эрдэм чадалтай, хүмүүжилтэй хүмүүс бэлтгэх вэ гэдэг зорилт, зорилгоо салбарын яам нь тодорхойлдоггүйн гайгаар хүүхдүүд хэлмэгдэж байна.

Ер нь манай боловсролын систем яг хаашаа яваад байгааг ойлгох юм алга. Хэтэрхий мэдлэгээр бөмбөгдөөд суурь хүмүүжил, ёс суртахуунд нь анхаарахаа байлаа. Эцэг, эх бидний ойлголтоор сургууль бол хүүхдийг бүрэн төлөвшүүлэх үүрэгтэй газар байх учиртай. Боловсролын салбарын бодлого ийм маягаар явбал алс хэтдээ хүмүүжлийн доголдолтой нөхдүүдээр энэ улс дүүрч мэдэх нөхцөл байдал үүссэн. Гэхдээ энэ байдлыг одоогийн сайд Ё.Баатарбилэг засаж залруулахаа амлаад байгаа.

• Хэтэрхий мэдлэгээр бөмбөгдөөд суурь хүмүүжил, ёс суртахуунд нь анхаарахаа байлаа. 

• Боловсролын чанарын үнэлгээгээр Өмнөд Солонгос эхний байрт араас нь Финланд, гуравдугаарт Норвеги, дөрөвт ОХУ оржээ. 

• Сайн гэсэн хөтөлбөр бүрийг хуулсаар байтал эцэстээ боловсролын ямар системтэй улс вэ гэдэг нь ойлгомжгүй боллоо.

“Цөм” хөтөлбөрийг цөмлөнө гэж сайд болмогцоо ам алдсан нь олны анхаарлыг татсан. Энэ амлалт хэрэгжиж, багачуудын ачаа бага зэрэг хөнгөрвөл ядаж нурууны өвчин тусахгүй байх. Нэг жил хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдсэн энэ үед олон ажил хийж, алдаа дутагдлыг нь засаж залруулна гэдэг амаргүй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгч болж бүр дордуулчихаж мэдэх юм. Багш нартай уулзахаар Финландын боловсрол чанараараа дэлхийд дээгүүрт ордог. Энэ улсын боловсролыг нутагшуулж болох эсэх талаар судалж байгааг хэлж байсан. Сайн гэсэн хөтөлбөр бүрийг хуулсаар байтал эцэстээ боловсролын ямар системтэй улс вэ гэдэг нь ойлгомжгүй болж байгаа юм.

200 ОРНООС 81 ДҮГЭЭРТ БИЧИГДСЭН БОЛОВСРОЛЫН ЧАНАР

Элсэлтийн шалгалтад хамгийн бага оноо авсан нөхдүүдийг багшийн сургуульд оруулчихдаг байсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, арай дөнгүүр хүмүүсийг элсүүлэхээр болсон нь саяхны шийдвэр. Тэгэхээр өнөө бага оноотой багшийн сургуульд элсэж байсан нөхдүүд одоо бидний хүүхдэд хичээл зааж байгаа гэсэн үг. Багшийн эрдэм шавиас гэж зүгээр ч нэг хэлсэн үг биш. Багш нь мундаг байж л хүүхэд нь мэдлэг чадвартай иргэн болох ёстой. Гэтэл зарим багшийн мэдлэг, заах арга барил дулимагхан байдаг нь нууц биш.

Өнгөрсөн сард улс даяар элсэлтийн шалгалт болж, эцсийн дүн гарлаа. Энэ эцсийн дүнгээс сургалтын чанар, чансаа ямар байгаа нь харагддаг. Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн хэлэхдээ “Сурлагын чанар өнгөрсөн жилийн жишиг л байлаа” гэж бөөрөнхийлөв. Тэгэхээр яг тодорхой үнэлэлт өгч чадахгүй байна. Дэлхий нийтэд манай боловсролын чанарын үнэлгээ ямар түвшинд байдаг талаар интернэт ухаж сонирхлоо. Олон улсын боловсролын мэдээллийн сангийн судалгаагаар 200 орноос 81 дүгээрт бичигджээ. Эхний байрт Өмнөд Солонгос, араас нь Финланд, гуравдугаарт Норвеги, дөрөвт ОХУ оржээ. Монголчуудын хуучин нийгмийн үед мөрдөж байсан хойд хөршийн боловсролын систем тэгэхээр муугүй байсан нь энэхүү жагсаалтаас харагдаж байна.

Мэдээж цаг үеэ дагаад сургалтын хөтөлбөр, агуулгаа өөрчилсөн ч нэг дор ааг амьсгаагүй зүтгээгүйг орос сургуульд нэлээд хэдэн жил багшилсан эмэгтэй ярьж байв. Хойд хөрш 11 жилийн боловсролын систем рүү алгуур шилжсэн хэдий ч тухайн хүүхдэд хүнд ачаа үүрүүлдэггүй аж. Багш хүүхэд бүртэй тулж ажилладаг бөгөөд чөлөөтэй, нээлттэй болгоход их анхаардаг юм байна. Анги бүрийн хүүхдийн тоог тогтоосон стандартаар нь мөрддөг агаад хүн болгож төлөвшүүлэх ёстой гэсэн хатуу зарчим баримталдаг. Орос школыг манай боловсрол яаж гүйцэх юм бэ хэмээн сэтгэл дундуур өгүүлсэн. Манайх шиг нэг ангид 50 хүүхэд чихэж суулгачихаад багш нь самбарын өмнө бархираад байж байдаггүй л юм байна.

ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО БА БҮХЭЛ МАХ

Манай боловсролын салбарт долоо хэмжиж нэг огтолсон 20, 30 жилийн системтэй бодлого хэрэгтэй байна. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого гэж 2014-2024 он хүртэл хэрэгжүүлэх ёстой баримт бичиг бий. Энэ баримт бичигт багш ямар байх вэ, сургалтын агуулга нь ямар байх, анги дүүргэлт, хүүхдийн суурь хүмүүжлийг хэрхэн төлөвшүүлэх талаар ерөнхийд нь ганц өгүүлбэрээр тусгачихсан болохоос стандарт, нарийн шалгуур үзүүлэлтийн талаар тодорхой оруулж өгсөнгүй. Тухайлбал, тус баримт бичгийн 1.2-т Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын зорилго нь иргэн бүр авьяас, чадвараа хөгжүүлэн, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрахад шаардагдах мэдлэг, чадвар, чадамжийг эзэмшин, ёс суртахуун, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахиж, үндэсний нийтлэг үнэт зүйлсийг өвлөн насан туршдаа суралцах боломжоор хангах зорилго бүхий үйл ажиллагааны цогц тогтолцоо бүрдүүлэхэд оршино гэсэн байгаа юм.

Ийм хүмүүжилтэй, ийм бие хүн болгож төлөвшүүлэх ёстой гэсэн нарийн тодорхой заалт байхгүй. Нэг ёсондоо бүхэл мах шиг л юм болж дээ. Эмх цэгцтэй, алсын хараатай хүнийг хүн болгож төлөвшүүлэх бодлого энэ салбарт үгүйлэгдэж байна. Бас багш бэлтгэхдээ тодорхой бодлого барих хэрэгтэй болов уу.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Яг түүн шиг” шоуны эхлэл, бас төгсгөлд нь байгаадаа таатай байна

Өөртөө итгэлтэй гэхээс илүүтэй бүтээх гэж буй дүрээ сайн гаргахыг маш их хичээж байна

 0 сэтгэгдэл


Universe Best songs 2010 тэмцээнээс од болон гялалзсан дуучин П.Баярцэнгэл яг одоо Holly dolly-г дуулсаар тайзан дээр гэрэлтэж байна. Хоолой нь сөөсөн байгаа нь “Яг түүн шиг” шоуны финалын бэлтгэлтэй холбоотой болов уу. Тэрбээр сайн жүжигчин, өвөрмөц дуучин гэдгийг бид андахгүй. Мөн Монголын ард түмнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг “Яг түүн шиг” шоуны анхны шилдэг оролцогч билээ. Ингээд жүжигчин, дуучин П.Баярцэнгэлтэй ярилцсанаа хүргэе.

-“Яг түүн шиг” шоуны тайзнаа эргэн ирсэн сэтгэгдэл ямар байна вэ?

-Сэтгэгдэл маш сайхан байна. Энэ шоуны хамгийн анхны дугаарт оролцож байсан бол одоо сүүлийнхэнд нь мөн оролцож байна. Эхлэл бас төгсгөлд нь байгаадаа таатай байна. Энэ бол нэг үеийн уран бүтээлчид оролцож түүх бүтээж буй шоу Хөгжилтэй, дурсамжтай түүхийн нэг хэсэг болсондоо үнэхээр их баярлаж байна.

-Тэгвэл хувирахад хамгийн хэцүү дүр аль нь байв?

-Ер нь бүх л дүр амаргүй байсан. Анхны шоунд сүүлийн шатны Бруно Марсын ялагч болдог үзүүлбэр маш хэцүү байсан. Харин энэ шоунд Лэди Гагаг дуурайх амаргүй байлаа. Бүжгийн бэлтгэлээс авахуулаад дуулалт гэх мэт зүйлс хүндрэлтэй байсан.

-Та Бруно Марсыг дуурайгаад ялагч болсон. Мөн энэ улиралд Лэди Гагагийн Аlways remember us this way дуугаар түрүүлсэн гэхээр хэцүү хүнд байх тусам танд ээлтэй байдаг юм биш үү?

-Бэлтгэл их хийж, маш их хичээсэн болохоор тэр юм болов уу (инээв).

-Энэ жилийн шоу анхныхаас юугаараа ялгаатай байна вэ?

-Энэ жилийн шоунд өмнө нь 10 дугаарыг давж ялагч болсон шилдгүүд оролцож байгаагаараа  онцлог. Туршлагатай хүмүүс байгаа болохоор илүү үзүүштэй, өрсөлдөөнтэй, чанартай сайхан болсон болов уу. Мөн Боловсрол телевиз шоунд анхаарлаа сайн хандуулсан байна лээ. Тайз засал, цаашлаад хамт ажиллаж буй багийн хувьд ч тэр бүх зүйл нь илүү шинэлэг болсон байна.

-Бруно Марсаар гайхшируулж байсан үе саяхан санагдаж байна. Финалын бэлтгэл хангагдсан уу. Өөртөө хэр итгэлтэй байна вэ?

-Бэлтгэл дажгүй ээ. Финалын бэлтгэлээс болоод хоолой сөөчихөөд явж байна даа. Өөртөө итгэлтэй гэхээс илүүтэй бүтээх гэж буй дүрээ сайн гаргахыг маш их хичээж байна. Үзэгчдэдээ финал дээр гэнэтийн бэлэг барина аа.

-Шоугаа дуусгаад уран бүтээлдээ орох уу?

-Одоо ч гэсэн уран бүтээлдээ анхаарал хандуулж байна.

-Ёодлоо хэзээ ч орхихгүй гэж байсан. Ёодлоороо уран бүтээл хийж байгаа юу?

-Одоогоор барьж авсан уран бүтээл алга. Ерөнхийдөө ярьж тохирсон зүйлүүд бий. Хийж дуусгаад л мэдэгдэнэ дээ.

-Та ёодлыг цаашид хөгжүүлэхийн тулд багшлах бодол бий юу?

-Ёодлын фестивальд явахад 10 мянга орчим хүн оролцсон. Дийлэнх нь европчууд байна лээ. Ер нь Азид ёодлын хөгжил муу. Тэр дундаа Монголд энэ төрөл огт хөгжөөгүй. Тиймээс суръя гээд ирсэн хүнийг түлхэхгүй ээ. Гэхдээ онол талаас нь зааж чадахгүй байх. Учир нь би өөрөө youtube багштай, сонсголоороо сурсан хүн шүү дээ.

-Цөөнгүй кинонд тоглоод амжсаныг мэдэх юм. Уран сайхны кинонд хэчнээн дүр бүтээгээд байна вэ. Өөртэйгөө төстэй дүрд төглож байв уу?

-Яг тоолж байгаагүй юм байна. Анх 2011 онд “Аз жаргалын эрэлд” гэдэг кинонд тоглож байлаа. Надад ихэвчлэн хөгжилтэй талын дүр оногддог юм. Энэ нь амьдрал дээр зохиолынхоо баатартай төстэй шинж юм уу даа. Ерөнхийдөө найруулагч хүн зохиолоо уншчихаад баатартай нь тохирох хүнийг сонгодог учраас бүх дүрд төстэй тал бий.

-Та дуулах авьяасаа аав, ээжээсээ өвлөж авсан гэж ярилцлагадаа өгүүлж байсан. Харин таны авьяасыг хүүхдүүд тань өвлөж авсан уу?

-Одоогоор айхтар мэдэгдсэн юм алга. Гэхдээ дуу хуурт их дуртай. Саяхан манай хоёр морин хуур нэхсээр байгаад авахуулсан. Хоёулаа бие биедээ таарсан жижиг морин хууртай болсон. Хэрэв өөрсдөө сонирхоод байвал цаашдаа хөгжүүлнэ гэж бодож байгаа.

-Та хүүхдүүддээ ёодол зааж өгөх гэж оролдож байв уу. Ер нь гэр бүлдээ хэр их цаг зарцуулдаг вэ?

-Оролдож байгаагүй. Гэр бүлдээ бол цаг сайн зарцуулдаг. Шоуны бэлтгэл гээд зав муутай байгаа ч гэр бүлдээ зарцуулах цагаасаа хумслахгүй ээ.

-Хэзээ ч санаанаас гардаггүй, сэтгэлд хоногшсон бага насны дурсамжаасаа хуваалцвал?

-Манай аав Пүрэвсүрэн гэж соёлын тэргүүний ажилтан, дуучин хүн байдаг юм. Сүхбаатарын соёлын ордон гэж байхад гавьяат Ш.Чимидцэеэ гуай аавтай хамт ажилладаг байлаа. Би таван настай байсан юм. Тэр үед манай жаазанд Ш.Чимэдцээеэ гуайн аавтай авахуулсан залуугийн зураг нь байдаг байв. Нэг өдөр би тэр зургийг ширтээд их уджээ. Аав анзаарчихаад “Миний хүү юу харсан юм” гэсэн чинь “Гүй ээ мөн сайхан хүүхэн юм аа” гэсэн гэдэг. Аав ээж хоёр одоо хүртэл үүнийг ярьж шоолдог юм.

• Шоуны бэлтгэл гээд зав муутай байгаа ч гэр бүлдээ зарцуулах цагаасаа хумслахгүй ээ. 

• Энэ удаагийн шоунд Лэди Гагаг дуурайх хамгийн хэцүү байлаа. 

• Нэгэн үеийн уран бүтээлчид оролцож түүх бүтээж буй шоу. Хөгжилтэй, дурсамжтай түүхийн нэг хэсэг болсондоо үнэхээр их баярлаж байна.

-Та багадаа ямар хүүхэд байв. Ямар хичээлд дуртай байсан бэ?

-Мэдээ орсон цагаасаа л дуу хуур, урлаг, уран сайхан, хөгжимд өлгийдүүлсэн. Тиймдээ ч хичээл номонд нэг их дуртай биш. Зохиолын дуу сонсох дуртай. Тэр дундаа дуучин Ч.Бат-Эрдэнэ, С.Жавхлангийн дууг их сонсдог хүүхэд байлаа. Урлагийг хайрладаг, хүндэлдэг байсан, одоо ч хэвээрээ.

-Та урлагт ийм их хайртай мөртлөө яагаад дуучин биш жүжигчний мэргэжлийг сонгосон бэ?

-Одоо би хоёуланг нь хослуулж байна. Энэ л миний харсан ирээдүй юм даа. Дуучин хүмүүс ихэвчлэн дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ олон талын авьяастай байдаг. Тиймээс тал бүрийн авьяасаа хөгжүүлэх хэрэгтэй юм байна, жүжигчний мэргэжил эзэмших хэрэгтэй гэдэг үүднээс 2007 онд Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд элсэж, 2011 онд төгссөн. Үндсэн мэргэжлээсээ гадна дуулалтаа хөгжүүлж эхэлсэн. Залуу хүмүүс өөрийгөө хөгжүүлж л байх хэрэгтэй.

-Хамгийн анхны бүтээлээ хийчихээд өөрөө үзэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Сайн санахгүй байна. Гэхдээ их л ичиж байсан болов уу. Яагаад гэвэл тэр үед мөнгө багатай болохоор энд тэндээс гуйж түүж байгаад чанар муутай бүтээл хийж билээ. Үүнээс илүү гоё хийсэн бол гэсэн бодол төрж байсан шүү.

-Танд үлгэр дуурайл авдаг урлагийн хүн бий юу?

-Дэлхийн болоод Монголын үе үеийн шилдэг дуучид, жүжигчдийг хүндлэлгүй яахав. Тэр дундаа Жеки Чаныг хамгийн ихээр хүндэлдэг. Тэр хүн бол агуу жүжигчин, мөн мундаг тамирчин. Зургаан хэлээр ярьдаг, муугүй мэдлэгтэй хүн. Хамгийн гол нь хөдөлмөрч, тэвчээртэй. Олон удаа ясаа хугалж байсан мөртлөө хэзээ ч шантарч кино урлагийг орхиогүй. Түүний авьяас, хөдөлмөр, тэвчээрийг хүндлэхгүй байхын аргагүй.