A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1605/

Давхар бүртгүүлэх компаниудад хувийн бэлтгэлээ хангах л үлдлээ

Компаниуд шаардлагатай хөрөнгөө хурдан хугацаанд татах боломж бүрдэнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1605/


Иргэд газрын хэвлийн баялгийнхаа өгөөжийг хувьцаагаар дамжуулан хүртэх боломж дотоодын хөрөнгийн зах зээлд тун удахгүй нээгдэх гэж байна. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Erdene Resource Development компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тус компанийн хувьцааг ирэх оноос иргэд биржээс шууд худалдан авах бэлтгэл ажил үндсэндээ дуусах шатандаа оржээ. Ингэснээр Монголын хөрөнгийн биржийн арилжааны цэсэнд албан ёсоор шинэ бүтээгдэхүүнтэй боллоо. Өөрөөр хэлбэл, тус компанийн хувьцаа өдөр тутмын арилжаанд оролцсоноор хөрөнгө оруулагчдад сонголт бий болох юм. 

Монголын хөрөнгийн биржийг олон улсын хөрөнгийн зах зээлүүдтэй холбох давхар бүртгэлийн хүрээнд орж ирсэн анхны компанийн хувьцааг ийнхүү олон нийт цагийн зөрүүгүйгээр үндэсний мөнгөн тэмдэгтээрээ худалдан авна гэсэн үг. Одоогийн байдлаар гаднын гурван хөрөнгийн биржид Монголд үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй компани бүртгэлтэй байна. Эдгээр компани дотоодын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй болох “салхи”-ийг Erdene Resource Development хагалсан. Тэгвэл дараа дараагийн компани ч энэ жишгээр замнахад тун ойртжээ. Давхар бүртгэлтэй холбоотой дүрэм, журам үндсэндээ цэгцэрч, эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд компаниуд хувийн бэлтгэлээ базаах л үлдэв. Эхнээсээ сонирхлоо илэрхийлсэн компаниуд бий бөгөөд зарим нь судалгааны ажилдаа хэдийн орсон байна. Тухайлбал, Монголын компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавьсан “Энержи Ресурс” хувьцаагаа Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхээр судалж буйгаа мэдэгдсэн. 

Өнгөрсөн хавар Канадын хөрөнгийн биржид IPO хийж, анхдагч зах зээлээс 25 сая канад доллар татан төвлөрүүлсэн Steppe Gold компани Монгол дахь “Алтан цагаан овоо” талбай дээрээ энэ онд эрчимтэй ажиллаж буй. Тус компани энэ онд амжиж анхны олборлолтоо хийхээр зорьж байгаа бөгөөд Баянхонгор аймаг дахь “Уудам хөндий” төслийн талбайгаас алтны өндөр илэрц бүхий дөрвөн хэсгийг олж ирүүлснээ өмнө нь мэдээлсэн. Одоогоор тус компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх судалгаа хийж эхэлжээ. 

Дараагийн боломжит компанийн тоонд австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines орж байна. “Хармагтай” ордын “Зараа” талбайд хийсэн хайгуулын дүнгээ шинэчлэн танилцуулсан тус компани хувьцаагаа Монголын хөрөнгийн биржээс гадна торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх сонирхолтой байгаа аж. 

Эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн тэрбум ам.долларт шүргэж байсан жилүүдэд Монголд үйл ажиллагаа явуулдаг, гадаадын томоохон биржүүдэд бүртгэлтэй компанийн тоо 30 хүрч байлаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ дүн хоёр дахин хумигдсан билээ. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Давхар бүртгэлийг дагаж монголчууд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан монгол төгрөгөөр тухайн уул уурхайн төслөөс хувь эзэмшиж, өгөөжийг нь хүртэх боломж бүрдэнэ. Харин компаниудын хувьд Монголд монгол хөрөнгө оруулагчтай байна гэдэг нь тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл бүрдэнэ” хэмээн онцолсон юм.

Давхар бүртгэлтэй компанийн хувьцааг арилжаалах нөхцөл бүрджээ

Өнөөдрийн байдлаар нийт 304 хувьцаат компани, 54 үнэт цаасны компани тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Топ 20 индекс энэ оны гуравдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өссөн байна. Давхар бүртгэлтэй компаниуд энэ зах зээлд эрчимтэй орж ирснээр дээрх үзүүлэлтүүд илүү өсөх боломжтойг Санхүүгийн зохицуулах хорооноос онцолсон юм. 

Хувьцаат компаниуд нэг болон түүнээс дээш тооны хөрөнгийн биржид үнэт цаасаа бүртгүүлснээр шаардлагатай хөрөнгө оруулалтаа хурдан хугацаанд татаж чаддаг. Энэ нь ч тухайн компанийн боломжийг нэмэгдүүлдэг. Ийм учраас Монголын хөрөнгийн бирж 2015 оноос давхар бүртгэлийн системийг эхлүүлэхээр зорьж, компаниудтай уг асуудлаар санал солилцох болсон юм. 

Гадаадын томоохон хөрөнгийн биржид гарсан компаниудаас зарим нь Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд давхар бүртгэлийн системээ жигдрүүлэх үйл явц өрнөж байна. Дотоодын компаниуд гадаадын хөрөнгийн зах зээлд бүртгүүлснээр хөрөнгө оруулалт татах, гадаад харилцагчтай болох, гадаад зах зээлд өөрсдийгөө таниулах боломжоор хангагдах юм. Анхны давхар бүртгэл хийлгэсэн Erdene Resource Development зургаан жил үүнд бэлдэж, түүчээний эхэнд зогсож байна. Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй компанийн тоо нэмэгдэхийн хэрээр зах зээлийн үнэлгээ өсөж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Арилжааны идэвх сэргэж, уул уурхайн компаниудын засаглал сайжирч, санхүүгийн ил тод байдал ч улам нээлттэй болох зэрэг давуу талтай юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Galaxy S10 VS iPhone XS Max

 0 сэтгэгдэл


Samsung шинэ загварын гар утсаа өрсөлдөгч Apple-ийн шинэ бүтээгдэхүүнээс хэдхэн сарын дараа зах зээлд танилцуулав. Аль нь илүү вэ?

Samsung Galaxy S10 нь дотроо S10e (esseniial), S10, S10+, S10 5G гэсэн дөрвөн өөр загвартай. гуравдугаар сараас худалдаанд гарах эхний гурав дотроо S10+ нь шилдэг

Гурван өөр дивайсаас бүрддэг нэг бүл тренд болсон өнөө цагт S10e, S10, S10+ нь Apple-ын iPhone XR, XS, XS Max-д барьж буй Samsung-ын хариу юм. Galaxy “S ten”, iPhone “ten S” гэх мэт нэршил ижил төстэй ч хоёр үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн хэтэвчний араас хөөцөлдөх өрсөлдөөнд ноцтой зарим ялгаа бий.

Хийц дизайн, зургийн чанар

Дээд ангиллын утсанд гэрэл зургийн чанар чухал ач холбогдолтой. Samsung компани S10+ загвараа ар талын гурван камертай хийжээ. Нэг нь ойрын зайн стандарт зураг авах зориулалттай бол нөгөөх нь арай том өргөн өнцгийн зураг дарахад тохиромжтой. Харин iPhone хоёрхон арын камертай нь дутагдал юм шиг санагдаж болох. Хэрэг дээрээ камерын линз зургийн чанарыг тэр бүр тодорхойлж чаддаггүй. Тэгээд ч Apple техник үзүүлэлтэд “тооноос чанарыг эрхэмлэдэг”. Юутай ч гурван линз нь креатив нэгэнд хоёроос илүү боломж.  S10+ лут 6.4 инчийн дэлгэцтэй бол iPhone XS Max-ынх үл ялиг том 6.5 инч. Нүүрэн талын камерыг дэлгэцнээ хэрчлээс гаргаж байрлуулсан, сүүлийн үед стандарт болоод буй iPhone шийдлийг Samsung ашигласангүй. S10+ загварын нүүрэн талын камер урьд нь тохиолдож байгаагүй, “нүхлэсэн” байрлалтай. Ийм шийдэл дэлгэцийг тэгш хэмгүй болгосон ч ашигтай талбайг нь ихэсгэж өгчээ.

Apple утасныхаа дэлгэцэнд том хэрчлээс гаргасны учир нь дивайсын аюулгүй байдал, нууцлалын төлөө дотор талд царай таних дэвшилтэт төхөөрөмж суурилуулсных. Хэвийн ажиллахын тулд хэд хэдэн сенсор шаарддаг FaceID технологи нь дэлгэцийн зарим хэсгийг золигт гаргахаас аргагүй болгож байгаа юм.

Samsung аюулгүй байдлыг орхиогүй. Гэхдээ тус компанийн хурууны хээ уншигч дэлгэцийнхээ шууд ард байрладаг. Хэрэглэгчийн хурууг танихдаа хэт авиа ашигладаг ийм уншигч уламжлалт сенсороос илүү найдвартай хэмээн Samsung тайлбарлаж байна.

Учир ойлгомжтой: Хурууны хээ уншигч ашиглаж дэлгэцийн ашигтай талбайг ахиу үлдээх үү, царайгаа таниулахын төлөө хэсэг пикселийг үгүй хийх үү гэдгээ сонго.

Чадвар, хурд хүч

Galaxy S10+, iPhone XS Max аль аль нь утасгүй цэнэглэх чадвартай. Гэвч Samsung-ынх өөр бусад дивайсыг алсаас цэнэглэдэг бонустай. Онолын хувьд хэрэглэгч S10+ утсаа дээр нь байрлуулж байгаад найзынхаа iPhone-ыг цэнэглэж өгч болно гэсэн үг. Гэхдээ Samsung компани уг функцийг чихэвч, ухаалаг утас гэх мэт аксессуар цэнэглэхэд ашиглахыг зөвлөж байна.

Samsung-ын загвар дижитал контент хадгалах багтаамжаараа аваргын титмийг авлаа. S10+ загварын дотоод багтаамж нэг терабайт буюу iPhone XS Max-ын их багтаамжтай хувилбараас хоёр дахин их. Дээр нь S10+ загвар 512 гб хүртэл багтаамжтай SD карт дэмждэг тул нийт багтаамжийг нь Apple-ын манлай загварынхаас гурав дахин ихэсгэх бололцоотой.
Дөнгөж зарлаад буй Samsung-ын шинэ загварын ажиллагааны хурдыг одоогоор iPhone-той харьцуулах аргагүй. Apple-ын загвар өөрийнх нь бүтээл болох зургаан тооцоолох цөм бүхий А12 Bionic чиптэй бол Samsung-ынх найман тооцоолох цөмтэй. Гэхдээ iOS үйлдлийн системтэй нягт интеграцчилагдсан. Apple-ын тусгай хийц бүхий цахиур чип ихэнхдээ цаасан дээр сүртэй харагддаг өрсөлдөгчдийнхөө процессороос давуу ч байж болно.

Дүгнэлт

Юутай ч өрсөлдөгчдийн манлай загвар аль аль нь хэрэглэгчээс даалгах ямар ч ажлыг нугалж чадна. Алийг нь ч худалдаж авсан манай гарагийн хамгийн хүчирхэг утасны нэгийг авч буй хэрэг.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Бодлого тодорхойлогчид хүү өсгөх асуудлыг бүрхэг үлдээв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

2019 оны эдийн засгийн гол эрсдэл: валютын ханш

Алтны тушаалт хумигдахаар байгаа нь валютын ханшид эрсдэл дагуулж мэдэхээр байна

 0 сэтгэгдэл


Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд ногдол ашиг тараах болсноо дор бүрнээ энэ долоо хоногт мэдэгдэж, урьд өмнө байгаагүй хамгийн олон компани 2018 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчээ баярлуулахаар шийджээ. 2017 онтой харьцуулахад компаниуд өнгөрсөн онд багагүй ашигтай ажиллаж, бизнесийн үйл ажиллагаа нь эргэн сэргэсэн гэдгийг энэхүү үйл явдал нэг талаар гэрчилнэ. Хэдий тийм боловч макро эдийн засгийн орчин бүхэлдээ сайжирсан юм алга. Төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байна. Бизнесийн орчныг авч үзвэл, нөхцөл байдал дээрдсэн гэхээр зүйл ядмагхан. Дэлхийн банкны судалгаанаас харахад, манай улсын бизнесийн орчин өнгөрсөн онд 12 байраар ухарчээ.

Үндэсний статистикийн хорооноос сар тутам гаргадаг нийгэм, эдийн засгийн ээлжит тайлангаас 2018 оны дүр зураг тодхон харагдах аж. Өнгөрсөн онд манай улсын ДНБ 6.8 хувиар өсөж, Азийн хөгжлийн банк болон дэлхийн банкны таамгаас дээгүүр үзүүлэлттэй гарсан. Өсөлтийн суурь нь уул уурхайн салбар болсон. Тухайлбал, нүүрсний экспорт болон үнэ нэмэгдсэн нь эдийн засагт эерэг өсөлт авчирсан байна. Тэгвэл энэ оны эдийн засгийн төлөв байдлыг Засгийн газар мөн л нааштай төсөөлж, найман хувиар зурагласан билээ. Харин олон улсын санхүүгийн донор байгууллагууд манай улсын эдийн засгийн өсөлтийг үүнээс доогуур буюу 6-7 хувиар таамаглав. Дэлхийн банк, азийн хөгжлийн банкны зүгээс ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж байгаа тул өсөлтийг нэлээд өндөр таамагласнаа дурдсан юм.

2019 оны төсөв, мөнгөний бодлогын эрсдэлийг валютын ханш хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан тодорхойлсон. Гурван эдийн засагч тутмын хоёр нь валютын ханшийн өсөлтийг эрсдэлд тооцож байна. Монголбанкны зарласан албан ханшаар ам.доллар пүрэв гарагийн байдлаар 2635 төгрөгтэй тэнцлээ. Уг нь төгрөгтэй харьцах ам.долларын ханш энэ он гарснаас хойш ялимгүй суларч эхэлсэн ч манай улсын гадаад өрийн хэмжээ 23.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа нь өөдрөг төсөөллийг үгүйсгэх ээлжит тайлбар болж буй.

Валютын ханшийн өсөлтийг тогтворжуулахад валютын албан нөөцийн үүрэг, оролцоо хамгийн их байдаг. Хүлээлтийг валютын нөөцөөр удирдах нь бий. Гэхдээ манайх шиг гадаад өрийн дарамт ийм өндөр улсад дан ганц валютын нөөцөөр ханшийг тогтоон барих гэж оролдох өөрөө эрсдэл гэдгийг эдийн засагч Ц.Батсүх хэлж байсан удаатай. Ийм хүнд нөхцөлд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүлээгдэж буй мега төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулснаар ханшийн эрсдэлийг хаах боломжтойг тэрбээр тайлбарласан юм.

Монгол Улсад шууд орох валютын урсгалд “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг эс тооцвол хязгаарлагдмал байна. Эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор өнгөрсөн онд зээл олголт 24 хувиар өссөн. Импортын хэмжээ 5.9 тэрбум ам.долларт хүрч, 2017 онтой харьцуулахад 36 хувиар нэмэгджээ. Эдийн засаг тэлэхтэй зэрэгцээд валютын эрэлт өссөн байна. Эдгээр нь валютын ханш чангарахад нөлөөлсөөр.

Бизнесийн орчин өнгөрсөн онд 12 байраар ухарчээ

ОУВС-гийн хөтөлбөр эдийн засаг эерэг байх нэг хөшүүрэг боловч уг хөтөлбөрийн хүрээнд олгохоор шийдвэрлэсэн санхүүжилтийн гүйцэтгэл 400 сая ам.доллараар дутжээ. Төв банкны зүгээс өнгөрсөн оны турш гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 1.2 тэрбум ам.долларын валютын захад нийлүүлсэн байдаг.

Төгрөгийн ханшид үзүүлэх валютын ханшийн өсөлтөөс гадна төсвийн тэлэлт мөнгөний бодлогын орон зайг энэ онд хумиж мэдэхээр байгаа. Төсвийн зарлагыг 2020 оны сонгуулийн өмнө гэдэг утгаар түүхэнд байгаагүй өндөр дүнтэй баталсан. Үүнээс болж орлогын тасалдал үүссэн нөхцөлд төсвийн алдагдал үлэмж нэмэгдэх эрсдэл байгааг эдийн засагчид сануулсаар. Алт тушаалтыг өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд бас л буурах эрсдэл хүлээж байна. Өнгөрсөн онд 22 тонн алт худалдан авсан төв банк энэ онд хэчнээн тонныг авах нь эргэлзээ үүсгэжээ. Улсын гадаад валютын албан нөөцийг 2014 оноос зузаатгаж эхэлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь бус хуучнаар нь буюу таван хувиар энэ оноос мөрдөхөөр болсон. Үүнийг төв банкны алт тушаалт эрс буурахад нөлөөлнө гэж эдийн засагч Ч.отгочулуу үзэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, үүнийхээ 10 орчим хувийг ногдол ашиг болгон иргэдэд тараахаа урьдчилсан байдлаар зарласан. Монгол Улсын экспортын 40 хувийг дангаар бүрдүүлж буй нүүрс өмнөд хөршийн зах зээлд эрэлттэй, үнэ өндөр хэвээр байна. Эдийн засагт 2018 онтой харьцуулахад илүү өсөлт гарах боломж, нөхцөл бүрдэж байгааг нүүрсний экспорт болон Хятадын зах зээлтэй холбон эдийн засагч Л.Наранбаатар тэмдэглэсэн юм. Хэрэв төсөвт төсөөлснөөр нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэж чадвал эдийн засаг 2018 оны амжилтаа хадгалах боломж байна. Гэхдээ тоон үзүүлэлтээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсээ 70 бус 100 ам.доллараар  экспортолж чадвал энэ нь эдийн засаг тогтвортой нэг хөшүүрэг аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ юанийн ханшид шахалт үзүүллээ

 0 сэтгэгдэл