A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2128/

Дайнтай улсад ажиллахад сонирхолтой, бас түгшүүртэй

Энхийг сахиулагчид ажиллагааны стресст орох нь бий

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2128/


НҮБ-ын шалгуурт тэнцэж, “дэлхийн цагдаа” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хорь гаруй алба хаагч Монголд бий. Дайн самуун бүхий орнуудад энхийг дэмжих үүрэг хүлээсэн тэдгээрийн зарим нь албаа нэр төртэй хаагаад ирсэн, зарим нь томилолтоо хүлээж буй. Бидний зочин дэд хурандаа, доктор, дэд професор Д.Энхжаргал Монголоос анх удаа НҮБ-ын цагдаагаар ажилласан эмэгтэй алба хаагч юм. 

Тэрбээр ХСИС-ийн Эрх зүй нийгмийн ухааны сургуулийн Гадаад хэлний тэнхимийн багшаар ажилладаг. Хилийн чанадад улсаа төлөөлөн цэргийн атташегаар суух үе үеийн шавь нараараа бахархаж, хууль сахиулах салбарт “яралзтал” жагссан сонсогч, оюутан, офицерууд “багшаа” гээд хүндлэхэд нь баярлаж суудаг “Энхийг сахиулагч” Энхээ багштай ярилцсанаа хүргэе.

-Таныг цэргийн салбараас цагдаа руу “урвасан” гэж сонссон. Анх энэ салбарыг сонгосон шалтгааныг сонирхъё?

-Би цэргийн алба хаагчдын гэр бүлд төрж, өссөн хүн л дээ. Аав, ээж маань хоёулаа цэргийн хүн. Хэзээ ч хамаагүй, хэд ч хоногоор үр хүүхдүүдээ хаяад л үүрэг хүлээгээд явчихдаг байсан. Би айлын том охин, олон бяцхан дүүгээ хараад эмээтэйгээ үлддэг байлаа. Тиймээс “цэргийн хүн л болохгүй юм шүү” гэж боддог байв. Гэтэл 1995 онд МУИС төгсөөд багшаар үлдэхээр бэлтгэгдэж байхад манай батлан хамгаалах салбар анх удаагаа ХБНГУ-ын БХЯ хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цэргийн алба хаагчдаа солилцох төсөл хэрэгжиж эхэллээ. Энэ төслийн хүрээнд БХЯ-аас судалгаа явуулж, цэргийн гэр бүлээс гаралтай, герман хэлтэй хүн хайтал шалгуурыг нь би бүрэн хангаж л дээ. Тухайн үед би цэргийн хүн болохгүй гэж зүтгэсэн ч улсын төлөө, гэр бүлийнхээ нэр төрийг хүндэтгэж БХЯ-нд харъяалагдан, офицеруудад герман хэл зааж эхэлсэн юм. Одоо хүү маань ОХУ-д суралцаад, цэргийн удмын дөрөв дэх үе болон Монгол Улсдаа зүтгэж байна.

-Цэргийн хэл шинжлэлээс цагдаад орсон байх нь ээ?

-Жил бүр 25-30 офицерийг ХБНГУ-ын БХЯ-ны дэргэдэх гадаад хэлний төвд мэргэжил дээшлүүлэх курст сургадаг байлаа. Би хичээлээ ч заана, орчуулгаа ч хийнэ. Мөн цэргийн мэргэшлийн чиглэлд герман хэлдээ ч сайжирч, 2000-2004 онд Бонны их сургуульд докторын зэрэг хамгаалж ирээд БХИС-ийн гадаад хэлний сургалтын төвийн даргаар томилогдсон. Тэр үед зэсвэгт хүчний офицеруудын хэлний мэдлэг илт сайжирсан үр дүнг улбаалан цагдаагийн байгууллага дотоодын цэргийн алба хаагчдыг мөн гадаад хэлний сургалтад хамруулах шийдвэр гаргасан. Ингээд 2009 онд тухайн үеийн Цагдаагийн академид гадаад хэлний төв байгуулж, би даргаар нь ирсэн юм. Анх ирээд зэвсэгт хүчинд заадаг байсан хөтөлбөрөөрөө эхлүүлсэн ч аажмаар цагдаад зориулж өөрчлөлт оруулсаар 2014 онд хууль сахиулахын алба хаагчдад зориулсан “TRIO 2015-2020” хөтөлбөрийг боловсруулж, сургалтад нэвтрүүлээд байна. Манай сургалтаар бэлтгэгдсэн олон офицер дэлхийн улсуудад ажиллаж, сурч, эргэж Монголдоо ирээд албаа үргэлжлүүлэн хааж байгаад баярлаж явдаг.

-Та НҮБ-ын цагдаагаар Хойд Суданд алба хаагаад ирсэн. Энэ ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?

-НҮБ-ын Энхийг сахиулах газрын Цагдаагийн хэлтэсээс хоёр жил тутамд тусгай шалгалтын баг хүрэлцэн ирж шалгалт авдаг. Тэнцсэн алба хаагчдыг энхийг дэмжих ажиллагаанд томилж явуулдаг юм. 2016 онд анх удаа Монголоос шалгалт авахад 56 хүн хамрагдаж, 14 тэнцсэний нэг нь би. Шавь нартайгаа хамт Нарстайн аманд бэлтгэлд гарч, буудлага, жолооны дадлагаа тэднээр заалган, өөрөө англи хэл зааж бэлдсээр энэ шалгуурыг давсан. ЦЕГ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааны дарга байсан хурандаа Г.Бадарч, мөн Р.Чингис комиссар нарын чадварлаг, мэдрэмжтэй удирдлагын дор Монголын цагдаа нар НҮБ-ын бүрэлдэхүүн болж ажиллаж эхэлснийг энд зайлшгүй дурдах ёстой.

-Та Монголоос НҮБ-ын цагдаагаар энхийг сахиулах ажиллагаанд оролцсон анхны эмэгтэй. Дөнгөж очиход ямар нөхцөл угтсан бэ?

-Монголын цэрэг энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос эхэлж оролцсон шүү дээ. Хурандаа Н.Нямжаргал, Г.Болор нарын эмэгтэйчүүд цэргийн ажиглагчаар анхдагч болж, алба хааж байсан. Миний хувьд цагдаагийн байгууллагаас алба хаасан анхны эмэгтэй гэдэг утгаараа маш том үүрэг, хариуцлага хүлээж байгаагаа ойлгож байлаа. Би Хойд Суданд НҮБ-ын цагдаагаар үүрэг гүйцэтгэсэн. Ажиллагааны газар оронд ажиллагааны өмнөх сургалтад хамрагдаж Дафур мужийн төв Эл Фашераас 180км зайд орших Кабкабия гэх ажиллагааны гүнд, хөдөө сууринд томилогдсон юм. Ямар нөхцөлд, юу угтаж байгааг ч мэдэхгүй, их түгшиж байснаа нуухгүй ээ. Онгоц доошлох үед Монгол Улсынхаа төрийн далбааг хараад л уужирсан. Тэнд байдаг UNAMID ажиллагааны /НҮБ, Африкийн холбооны хамтарсан ажиллагаа/ бааз бол Йорданы хүчжүүлсэн цагдаа, Монголын цэргийн эмнэлэг, Руанда улсын цэргийн баг, Сивпол буюу иргэний цагдаа нар болон НҮБ-ын энгийн ажилтнуудаас бүрддэг. Улс улсаас ирсэн 300 гаруй хүн нэгэн гэр бүл шиг л ажиллаж, амьдардаг газар. Тэр дундаас 60 гаруй хүнтэй Монголын цэргийн эмнэлгийн эмч, сувилагч шиг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн алба хаагч байхгүй, хүн бүр шагшин гайхдаг, номер нэг гэж хүлээн зөвшөөрдөг. Үнэхээр бахархмаар…

-НҮБ-ын цагдаагийн онцлог нь юу вэ. Тэнд ямар үүрэг хүлээдэг вэ?

-Бид энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхдээ мандатын хүрээнд л ажилладаг. Орон нутгийн цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрх, жендэр, хүчирхийлэлийн эсрэг сургалт, ухуулга хийх, нөхцөл байдлыг үнэлж, судлах, ард иргэдийн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн эмэгтэйчүүд, ялангуяа эмэгтэй цагдаагийн алба хаагчдыг хөгжүүлэх, хүчирхэгжүүлэх, зоригжуулах, охид эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон талт ажил зохион байгуулах,  НҮБ-ын бусад байгууллагуудтай хамтран статистик мэдээ гаргах, гэмт хэргийн гаралт дээр анализ хийх зэрэг маш олон үүрэг хүлээдэг. НҮБ-ын цагдаагаар үүрэг гүйцэтгэхдээ бид зэвсэггүй оролцдог. Харин дээрх ажлыг гүйцэтгэхээр гарахад ойрын эргүүлд цагдаагийн хүчжүүлсэн хамгаалалттай, дунд, холын эргүүлд цэргийн хамгаалалт дор ажил үүргээ гүйцэтгэдэг. Өөрийн улсдаа боловсролын төлөө ажилладаг миний хувьд харь оронд, ялангуяа дайн самууны дараах орны иргэдийн боловсролын төлөө мэдлэг чадвараа зориулна гэдэг сонирхолтой, бас түшгүүртэй байсан. Өөрийн эрхгүй ажлынхаа гүнд татагдан ордог, бүхий л хүч, ухаанаа зарцуулдаг юм билээ.

-Хойд Суданы амьдрал, иргэдийн амжиргааг та дүрслэхгүй юу?

-Их л хүнд дээ. Гэмт хэрэг, хүчирхийлэл газар авсан, хүний эрхийг дээд зэргээр зөрчсөн улс. Хорь гаруй жил үргэлжилсэн иргэний дайны дараа өмнөд Судан ба Бүгд Найрамдах Судан улс  болж хуваагдсан. Өмнөд Судан нь Христийн шашинтай, Судан нь исламын шашинтай. Хуваагдах үед өмнөдөөс орж ирсэн, буцаж чадаагүй иргэд нь архи их уудаг, эмэгтэйчүүд нь гар аргаар архи үйлдвэрлэдэг. Галт зэвсгийн чанартай гэмт хэрэг, хууль бус наймаа, хүчирхийллийн гэмт хэрэг зонхилдог. Ажлын шугамаар бид Эл Фашер хотын шоронд хоригдож байгаа эмэгтэйчүүдтэй уулздаг байсан, дийлэнх нь л архи нэрсэн болон хулгайн хэргээр ял авсан байдаг. Тэдгээр эмэгтэйчүүдтэй хамт бага насны 3-4 хүүхэд нь хоригдоно. Хүүхдээ тэжээхийн тулд хоол хулгайлсан залуу эхчүүд тэнд олон бий. Ихэнх иргэд нь нэн ядуу. Дөрөв хүртэл эхнэр авахыг зөвшөөрдөг ч түүнээс ч олон эхнэртэй, нэг эмэгтэй долоо найман хүүхэд төрүүлдэг.

60 хэмийн халуунд сум нэвтрүүлдэггүй хантааз, ширмэн малгайгаа өмсөөд эргүүлд гардаг

Засгийн газраас нь иргэддээ халамжийн бодлогоор дөнгөж амь зуулгадаг. Харамсалтай нь, судан эмэгтэйчүүдийн ихэнх нь бэлэнчлээд сурчихсан, ажил хийх чадваргүй, хүүхдэдээ тэжээллэг хоол хийж өгөх ч сэтгэлгүй, мэдлэггүй байдаг юм билээ. Гурил, төмс, ногоон сонгино хааяа нэг мах гэсэн л хоолны үндсэн материалтай. Гурил зуураад хоёр талаар нь хайрсан болоод л түүхийгээр нь хүүхдэдээ өгчихнө, гэдэс нь цэрийж, толгой нь томорсон хүүхэд маш олон. Энэ улсад долоон хүүхэд тутмын нэг нь тав хүртэлх насандаа амиа алддаг гэсэн судалгаа гаргасан байдаг. Хавтгайрсан халамжийн бодлого иргэдээ ямар ч чадамжгүй болгодгийн тод жишээ л дээ.

-Чинээлэг иргэд нь ямар амьдралтай вэ?

-За даа, хоёр гурван тэмээтэй, хэдэн ямаатай, илжигтэй айл нь баяндаа орно. Хажуудаа манай  ТҮЦ шиг жижиг мухлагтай. Ийм айл суурин дотор гарын арван хуруунд багтахаар л цөөхөн бий. Тэднийг бас их дээрэмдэнэ.

-Лалын шашинтай улсад НҮБ-ын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрүүлнө гэдэг хэцүү байх?

-Шариатын хуулиас илүүтэй омгийн хууль үйлчилдэг газар. Аль цэргийн дарангуйлагч байсан, түүний үлдэгдэл оршсоор байдаг. Дээрэмчдийн болон хэт даврагчдын хэд хэдэн бүлэг сууринг тойроод байрладаг. Тэд хэзээ ч дайрч орж ирээд хүйс тэмтэрч чадахуйц зэр зэвсэгтэй, балмад этгээдүүд. Гэсэн ч НҮБ-ын болон тус улсын Засгийн газрын бодлогын эсрэг шууд дайн зарлах хурц нөхцөл одоогоор үүсгээгүй. Кабкабия суурингийн цагдаагийн газар, эмнэлэг, сургууль нь компьютер бүү хэл утас ч байхгүй. Хүний амь хороох, охидыг хүчирхийлэх зэрэг хэрцгий гэмт хэрэг маш их гардаг. Цагдаа нь тэр болгонд хүрч, мөрдөн шалгаж чаддаггүй. Цагдаагийн бүртгэлд орлоо гэхэд ширээний тал шиг том дэвтэр гаргаж ирээд бичиж авахаас хэтрэхгүй. Үнэхээр хоцрогдсон, бүдүүлэг аргаар л гэмт хэрэгтэй тэмцдэг газар даа.

-НҮБ-ын цагдаа гэмт хэрэг мөрдөж илрүүлэх үү?

-Үгүй. Бид мандатад заасны дагуу ажилладаг. Бид гэмт хэргийн араас мөрдөн шалгах эрхгүй. Хэргийн газар очлоо гэхэд орон нутгийн цагдаагийн дараа л очих ёстой. Харин аль ч орны иргэд юун түрүүнд цагдаа л бол цагдаа гэж бидэн рүү их ханддаг байсан. Эргүүлийн үеэр олзворлсон мэдээний дагуу зарим нэг гэмт хэргийн талаар орон нутгийн цагдаагийн газартай бид ярилцлага хийдэг.

-Та хэчнээн хэргийн газар очиж байсан бэ. Ямархуу дүр зураг угтдаг вэ?

-Бид долоо хоногийн Даваа гараг болгон орон нутагт ажилладаг. Эхлээд заавал эмнэлгээр орж, буудуулсан болон хүчирхийлүүлсэн, халдварт өвчин гарсан эсэхийг нягталдаг, энгийн өвчтөнтэй уулзаж ярилцлага хийдэг. Иргэдээс мэдээлэл авахад, долоо хоног бүрт аль нэг газар хүн амины хэрэг гарчихсан, түүнийгээ цагдаад мэдэгдээгүй байдаг.

Анх ирсний дараа эргүүлийн үеэр эмнэлгээр орсон юм. Тэгэхэд дээрэмчдийн бүлэг дайрч сүйтгэсэн байдалтай угтсан. Өвчтөнүүдийг түйвээж, ор дэрийг бусниулсан, эд зүйлийг нь хагалж эвдэлсэн, нүд хальтрам дүр зураг байсан. Тэр үед “би хаана ирчихэв ээ” ч гэж өөрийн эрхгүй айн түгшиж байлаа. Энэ халдлагын улмаас эмнэлэг хагас сар үйл ажиллагаагаа зогсоосон. 12-хон настай охиныг зэрлэгээр хүчирхийлээд хаясантай тулж байлаа, мөн долоо найман хүүхдийнх нь нүдэн дээр ээжийнх нь цээжийг зад буудаж алсан хэргийн газар орон нутгийн цагдаагийн хамт очиж л явлаа. Зах дээр эргүүл хийж явахад хэдхэн алхмын цаана буудалцаж ч байлаа. Амьсгаа хурааж буй нялх хүүхдээ тэвэрсээр, бусад хүүхдээ тэжээх тариа олохоор тариан талбай руу алхаж яваа ээжтэй ч таарч л явлаа даа. Ер нь юу эсийг үзэх вэ дээ. Миний юу туулсныг би л мэднэ гэдэг дээ. Хэдийгээр би цэргийн хүн, бэлтгэгдсэн ч гэлээ эх хүний хувьд ийм тохиолдолд үнэхээр нугарч, сэтгэлийн хүнд цохилт авч байсан. Ажиллагаанаас ирээд жил болж байна. Гэвч санаанаас ерөөсөө гардаггүй.

-Та дээрэмчдийн бүлэгтэй хэр олон нүүр тулж байв?

-Ер нь жижиг бүлгүүдтэй таарах ердийн үзэгдэл. Гэхдээ хоёр удаа отолтод орж байсан. Бидний явах замыг амдаж ирсэн дээрэмчид янз бүрийн өдөөн хатгалга хийдэг. Тохиолдол гарахад бид цонхоо гурван хуруунаас илүү онгойлгож болохгүй заавартай. Дээрэмчид цонхыг бууны бөгсөөр цохих, намайг эмэгтэй хүн учраас секс доромж хөдөлгөөнүүд үзүүлэх зэргээр элдвээр авирлана. Тэр үед хүчжүүлсэн хамгаалалтаас нэг нь л эвгүй хөдөлгөөн хийвэл бүгд шүршигдэж ч болзошгүй. Бид аль болох зогсохгүй аажмаар явахад машинтайгаа тойроод давхилдаад байх зэргээр хоргооно.

-Яаж отолтоос гарсан бэ?

-Хоёр дахь удаагийн отолтод ороход би энэ талаар мэддэг болсон байсан болохоор их айсан. Гэвч үүрэг учраас сэтгэлээ чанга барих ёстой. Ер нь 2016 оны сүүлээр цагийн байдал нилээд төвөгтэй байсан үе. Бид Рвандагийн цэргийн багаар хамгаалуулсан, цэргийн ажиглагч офицер, цагдаа бид гурав л байлаа. Ер нь эвгүй. Бид даруй төв рүү мэдээлж, уулзалт хийсэн. Цэргийн ажиглагч офицер л даргалж бид хоёр яахав, дагалдаж ярилцлага, зөвшилцөл хийсэн. Дээрэмчдийн өдөөн хатгалгад автахгүй, тэвчээртэй хүлээж, юу хүсч байгааг нь сайн сонсож, аль болох тайван замаар шийдэлд хүрэх ёстойг бидэнд заасан учраас дүрмээ л барьж ажилласан. Янз бүрийн шаардлага тавьдаг юм билээ. “Та нар бидэнд хэрэггүй, манай улсаас яв” гэнэ, Засгийн газрын цэргүүдэд хандсан шаардлага ч тавина, өөр бусад дээрэмчдийн бүлгүүдтэй ойр харьцлаа ч гэнэ… Тэр болгоныг нь сонсоод, эвээр ярьж байж л гарсан. Бааздаа ирсэн хойноо л нэг уужуу амьсгал авч, тайвширсан. Би 10 сар энэ газрын гүнд нь ажилласан. Дараа нь наашаа төв дээр ирсэн л дээ.

-Дүрвэгсдийн хуаранд хүнс ирэхэд бөөн үймээн болж байгааг мэдээнээс хааяа үздэг. Үнэхээр тэгдэг үү?

-НҮБ-ын хөтөлбөрийн хүрээнд хүнс ирдэг. Гэхдээ тэвшний талаар нь хүнс ачсан хэд хэдэн машин ирдэг. Учир нь дээрэмчдэд баригдсан тохиолдолд “хүнсээ тараагаад энэ л үлдсэн” гэх  тайлбараар бусад тал тэвш хүнсээ авч гарах зорилготой ингэж дутуу ачсан, зарим нь хоосон шахуу машинууд ирдэг.

-Халууныг яаж давдаг байсан бэ?

-Заримдаа жар хүртэл хэмийн халуун болно. Бид ажилдаа гарахдаа хоёр талдаа ширэмтэй сум нэвтрүүлдэггүй хантаазаа, ширмэн малгайгаа өмсөөд, цонхоо үл ялиг онгойлгоод л явдаг. Би усны саванд хөлдөөсөн цайгаа хайлсныг нь бага багаар балгаж явдаг байлаа. Монголоос авчирсан ааруулаа жижиг хуваагаад хүлхээд явдаг болсон. Ааруул хүлхэж явахад өлсөж, цангадаггүй. Бусад маань ч “magic aaruul” гээд нэрлэчихсэн, надаас авч хүлхээд л явдаг байсан. Гэхдээ ихэвчлэн нутгийн иргэдийг хамгаалж, тэднийг амьд мэнд зөөвөрлөх, хаанаас юу дайрах бол гэж болгоомжлохоос үүдэж, халууцахаа ч мартчихсан явах их үе бий. Ер нь машины сэнс ажиллахгүй тохиолдол энүүхэнд.

-Дайны шок гэж кинонд гардаг даа, түүн шиг сэтгэхүйн дарамтад орох тохиолдол байдаг уу?

-Ажиллагааны стресс гэж бий. Эрэгтэй цагдаа нар ихэвчлэн өртдөг. Нэг орчихвол гарч чадахгүй байсаар арай гэж гурван сар болгоод амралтаа аваад гэртээ харьдаг. Ажиллагааны стресст ороход олон учир шалтгаан бий. Бид нэг гэр бүл шиг л байдаг тул стресст орсон нэгийгээ чадлаараа л халамжилж, дуртай хоолыг нь хийж өгөх, ажилд нь туслах зэргээр харилцдаг.

Намайг анх очиход ийм дарамтад орохгүйн тулд өөрийгөө үргэлж завгүй байлгахыг Монголын эмнэлэгийн багийн захирагч зөвлөсөн юм. Тиймээс би албаа гүйцэтгэчихээд орой бүр ямар нэг ажил цагдаа нарынхаа дунд зохион байгуулдаг байлаа. Багш хүн учраас яаж ийгээд л нэг юм сэтгээд олчихдог. Мөн ХСИС-ийн нэрэмжит воллейболын лигийн тэмцээнийг алба хаагчид төдийгүй суурингийн иргэдийг хамруулан зохион байгуулж байлаа. Амралтаараа энд ирээд буцахдаа цом, медаль хийлгэж аваад очиж гардуулсан. Одоо Рвандагийн цэргийн батальонд Монголын ХСИС-ийн шилжин явах цом хадгалагддаг.

-Хамгийн хариуцлагатай гүйцэтгэсэн ажлынхаа тухай ярьж өгөөч?

-Дүрсвэгсдийн хэд хэдэн хуаран байдаг юм. Нэг хуарангаас хүүхдүүдийг “татан гаргалт” гэж ярьдаг л даа, хамгаалалтан дор зөөвөрлөх хэрэгтэй болсон юм. Ер гаруй хүүхэд гаргана гэж хэлсэн тул бид 70 орчим цэргийн хамгаалалттайгаар очтол нийт 304 хүүхэд авч явахаар болсон байв. Ингээд нэмэлт хүч хүссэн ч, Рванда улсын цэргийн батальоноос хориод цэрэг л нэмэгдэх боломжтой гэв. Ингээд хангалтгүй хамгаалалттайгаар тэр олон хүүхдийг солилцооны бүсээс авч гарахаас өөр замгүй болсон. Уг нь очих газар гучаадхан км-ийн зайтай. Гэсэн ч энэ замыг генерал Садикийн дээрэмчдийн бүлэг эзэлчихсэн, хүүхдүүдийг барьцаалах зорилгоор шууд олзлох, амь насыг нь хороох аюул хамар дор байсан, ийм нөхцөлд бид хөдөлсөн. Азаар ямар нэг тулгаралт бололгүй, 304 амийг эсэн мэнд авчирсан юм. Энэ бол НҮБ-ын цагдаагийн хувьд амжилттай гүйцэтгэсэн томоохон даалгавар байсан. Мөн барьцаанаас оргон гарсан 13 настай нэг сэргэлэн хүүг баазад татан гаргалтаар авч ирэх, орон нутгийн цагдаа, НҮБ-ын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад хүлээлгэн өгөх ажлыг Рвандагийн цэргийн багийн ажиллагааны офицертой хамтран зохион байгуулсан нь бас сайн ажил болсон.

-Таныг НҮБ-д Монголын эмэгтэй цагдаагийн мөрийг тод гаргасан гэдэгтэй маргашгүй. Хийсэн, амжуулсан ажлынх нь талаар сонсмоор байна?

-UNAMID ажиллагааны удирдлагаас Засгийн газартай олон жил ярилцаж байж орон нутгийн цагдаагийн дэргэд жендэр хариуцсан ажилтантай болгосон. Кабкабия суурин үүний нэгэн адил жендэрийн ажилтантай болсон ба албаны өрөөг олон улсын цагдаагийн баг тохижуулахад би хувиасаа мөнгө гаргаж, Монголын цагдаагийн нэрийн өмнөөс компьютер бэлэглэсэн. Мөн Цагдаагийн газарт нь Хууль сахиулах их сургуулийн өмнөөс компьютер, Кабкабия суурингийн Рояал эмнэлгийг бүртгэл хийх комьютерээр хангасан. Орон нутгийн эмэгтэйчүүдэд сургалт, охид хөвгүүдэд англи хэлний хичээл заах гээд зөндөө ажил хийсэн.

-Лалын ертөнцөөс эмэгтэйчүүдийн дуу хоолой болж гарсан Малала охиныг дэлхий даяар мэддэг. Таны ажилласан оронд ийм ирээдүйтэй эмэгтэйчүүд байв уу?

НҮБ-ын цагдаа нарын зүтгэлээр Суданы эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцдэг болсон

-Байлгүй яахав. Намайг буцах үед Хартун гэдэг АНУ-д суралцаж төгссөн эмэгтэй эх орондоо эргэн ирсэн. Тэр бүсгүй өөрийнхөө сайхан амьдралын төлөө бол Америкад үлдэх л байсан биз дээ. Гэтэл тийм хүнд амьдралыг туулсан, биеэрээ мэдэрсэн учраас эргэн ирж, охид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цуглаан зохион байгуулж, манлайлан оролцсон тухай би Монголд ирсэн хойноо уншиж маш их баярласан. НҮБ-ын цагдаа эмэгтэйчүүдийн түгээхийг хүссэн боловсрол, эрхийнхээ төлөө тэмцэхийг ойлгуулах гэсэн хэдэн арван жилийн хөдөлмөрийн үр дүнд Суданы эмэгтэйчүүдийг цуглаан хийх хүртэл нь хөгжүүлж чадсан байгааг харахад үнэхээр сайхан байлаа. Би охид эмэгтэйчүүдийн эрүүл амьдралын төлөө үлдсэн насаа зориулна гэж боддог. Энэ бол эрүүл хоол, спортоор хичээллэх биш. Дэлхийн бүх улсад эрүүл сэтгэхүй, амьдралын хэвшилтэй, боловсролтой, ямар ч үед хөл дээрээ бат зогсдог эмэгтэйчүүдийг бий болгохын төлөө ухамсарт амьдралаа зориулна. Нью Иоркод төвтэй НҮБ-ын цагдаа эмэгтэйчүүдийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг эрмэлзсээр байх болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Байх ёсгүй хурган дарга нарт зарах ёсгүй хэдэн зуун саяыг заржээ

“Тэлээ хурга” тэжээх гэж татвар төлдөггүй, хууль зөрчиж хурган дарга томилдоггүй

 0 сэтгэгдэл


Нэг төрийн албан хаагч 17 хүнд үйлчилж буй үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Гурван сая хоёр зуун мянган иргэнд төрийн үйлчилгээ үзүүлэхийн тулд 192 мянган төрийн албан хаагчийг “тэжээж” байгаа гэсэн үг. Манай орны урд БНХАУ 1.3 тэрбум хүнд 70 сая төрийн албан хаагч үйлчилж буйгаараа бичигджээ. Харин тус жагсаалтад ОХУ 142, АНУ 147, Франц 191 хүнд нэг төрийн албан хаагч ногдсон үзүүлэлтээр гайхагдсан байна. Өөрөөр хэлбэл, францчууд нэг төрийн албан хаагчдаа 191 хүнд үйлчилснийх нь төлөө цалин олгож байна. Манайхтай ижил хүн амтай литва улс гэхэд ердөө 20 мянган төрийн албан хаагчтай ажиллаж, амьдарч болоод л байгаа юм. Гэхдээ манай улсын хувьд тэдгээр орноос ядуу зүдүүгээр ялгарах, хот хөдөөгөөр хуваагдах онцлог бий. Түүндээ тааруулан төрийн байгууллагын орон тоог баталж, төсөв хөрөнгөө уядаг жишигтэй. Харин үүнийг нийслэлийн удирдлагууд юман чинээ тоохгүй байгаа баримтууд аудитын шалгалтаар илэрлээ.

Үндэсний аудитын газраас өнгөрсөн онд нийслэлийн төрийн албан хаагчийн орон тоог хэтрүүлсэн эсэхэд шалгалт хийж багагүй зөрчил илрүүлсэн байна. Нийслэл дэх төрийн аудитын газраас Үндэсний аудитын байгууллагад хүргүүлсэн гүйцэтгэлийн тайланд энэ тухай  дэлгэрэнгүй танилцуулжээ.

Нийслэлд төсвийн 90, орон нутгийн өмчит 12 үйлдвэрийн газарт, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот 62 үйлдвэрийн газарт, хоёр хувьцаат компанид нийт 34.1 мянган иргэн төрийн алба хашиж байна. Төсвөөс цалинждаг нийслэлийн бүх орон тоог Засгийн газрын тогтоол, нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар баталдаг. Гэтэл 2017 онд нийслэлийн харьяа 14 байгууллага дээрээс баталсан албан хаагчийн орон тоог 73-аар хэтрүүлж, төсвийн мөнгөнөөс зүй бусаар хороожээ. Тухайлбал, “Нийслэлийн орон сууцны корпорац” ОНӨААТҮГ 11, нийслэлийн авто замын хөгжлийн газар 13, БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар 23 албан хаагчаар хэтрүүлсэн байна. Дээрх 14 байгууллага баталсан орон тоог хэтрүүлснээс 631 сая төгрөгийг цалинд зарцуулсан гэж аудитын байгууллага тогтоожээ.

Мөн Засгийн газраас төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай чанартай болгох зорилгоор 2016 онд нэгэн тогтоол баталж дагаж мөрдөхийг хуулиар заажээ. Тус тогтоолд Засгийн газрын агентлаг 100-гаас дээш ажилтантай бол нэг дэд буюу орлогч даргатай байх, 100-гаас цөөн ажилтантай бол орлогч даргагүй байхаар тусгажээ. Гэтэл нийслэлийн Засаг дарга 2016 онд А/635 дугаар захирамж гаргахдаа дээрх чиглэлийг баримтлаагүй аж. Үүний улмаас 17 байгууллага хурган даргыг илүү зардлаар тэжээж байна. Заримд нь бүр хоёр дэд дарга илүү гарсан байх жишээний. Нийслэлийн тээврийн газар 90, нийслэлийн өмчийн харилцааны газар 65 албан хаагчийн орон тоотой байхад хоёр ч дэд даргатай ажиллаж байгааг ойлгоход бэрх. 2017 онд нийслэлийн харьяаны 100-аас цөөн орон тоотой 13 газрын дэд буюу орлогч даргын цалинд 171.1 сая төгрөг зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл байх ёсгүй албан тушаалд өгөх ёсгүй мөнгө зарцуулжээ. Өнгөрсөн жил ч энэ хэмжээний мөнгө төсвөөс гарсан нь тодорхой. Мөн нэг дэд даргатай байх ёстой нийслэлийн авто замын хөгжлийн газар, хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн газрын алба, өнөр бүл хүүхдийн төв зэрэг байгууллагууд илүүдсэн дэд дарга нартаа 35.8 сая төгрөгийн цалин өгчээ.

Дээрээс тархсан төрийн эсрэг “вирус” доош халдварлан дүүргийн удирдлагууд ч дэд дарга нэмдэг аргад мэргэшжээ. БГД-ийн ИТХ-ын тэргүүлэгчид тогтоол батлан гурван дэд даргатай байхыг хүссэн бол БЗД-ийн итх хоёр дэд дарга ажиллуулахгүй бол төрийн ажлыг барахгүй гэж үзжээ. Үүнээс гадна Багануур, Багахангай, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг нэг, бусад нь хоёр ч хурган даргыг илүү тэжээж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.2-т дүүргийн Засаг даргыг ганцхан орлогчтой байхаар заажээ. Гэтэл бүх дүүргийн засаг дарга нар орлогчоо нэмж татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсээр. Хууль зөрчиж томилсон хурган дарга нарын цалинд жил бүр 155.6 сая төгрөг зарцуулж буйг ч тогтоогоод байна. Үүнийг олон жилээр үржүүлбэл тэрбум төгрөг давсан үргүй зардал гарна гэсэн үг.

Эл гүйцэтгэлийн тайланд дурдсан дээрх зөрчлийн талаар аудитын байгууллага нийслэл, дүүргийн удирдлагад үүрэг даалгавар өгч, ирэх сарын 10-н гэхэд гаргасан зөрчлөө арилган эргэж мэдээлэхийг сануулсан байна. Үр ашиггүй зардлуудыг танах талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөх, зөрчил гаргасан байгууллага, албан тушаалтнуудад зохих хариуцлага тооцох, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлэхийг НИТХ-ын даргад анхааруулаад байгаа. Мөн УИХ, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу нийслэлийн төрийн захиргааны болон хэрэгжүүлэгч агентлагуудын дэд буюу орлогч дарга, дүүргүүдийн Засаг даргын орлогч болон бусад шаардлагагүй орон тоог хасаж, төсвийн зардлыг хэмнэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Дүүргийн Засаг дарга нарыг ч орлогчийнхоо асуудлыг шийдвэрлэх саналаа ирүүлэхийг сануулжээ. Харамсалтай нь дүүргийн удирдлагууд гүйцэтгэлийн тайлантай танилцсан гэдгээ бичгээр илэрхийлсэн боловч засаг даргын орлогчийн орон тоог цөөрүүлэх санал өгөөгүй л байна.

Шаардлагагүй орон тоог нэмж үүсгэн 32 хурган дарга залжээ

Зөвхөн Налайх дүүргийн Засаг дарга л гурав байсан орлогчоо хоёр болгон бууруулсан тухайгаа илтгэжээ. Энэ нь төрийн мөнгийг зүй бусаар зарцуулсан “хэрэг”- тээ гэмших нь бүү хэл, төрийн хяналтын байгууллагыг үл тоосон үйлдэл гэдэг нь илэрхий. Хэтрүүлж хэлбэл хууль зөрчөөд зогсохгүй, улсын мөнгөнөөс бүлэглэн “хумсалсан” гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно. Ер нь “тэлээ хурга” тэжээх гэж татвар төлдөггүй, хууль зөрчиж хурган дарга томилдоггүй гэдгийг засаг ноёдод сануулах юун.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41.2- т “иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж заасны дагуу дүүргийн засаг “ноёд”-ыг хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж, огцруулах үндэслэл ч бий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Мэдээллийн аюулгүй байдал цахим шилжилтэд бэлэн биш

Сонгуулийн үеэр регистрийн дугаарын эрэлт ихэсдэг

 0 сэтгэгдэл


Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны зорилтдоо “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөр хэрэгжүүлэх замаар төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөл бүрдүүлнэ хэмээн тусгасан. Төрийн байгууллагууд иргэний регистрийн дугаараар бүх мэдээллийг нь нэг дор авч, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг болно гэж сурталчилж буй энэ ажлын сөрөг үр дагаврын талаар төдийлэн хөнддөггүй. Мэдээллийн аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах ёстойг мэддэг ч нууцлал, хамгааллын талаар сурталчлан, иргэн бүрт цэгцтэй ойлголт өгөхийг хүсэхгүй мэт таг чиг сууна.

Таны оршин суугаа хаягаас эхлээд гэр бүлийн байдал, төлсөн татвар, эд хөрөнгө, эзэмшил, өмч, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон талаарх түүх зэрэг асар олон өгөгдлийг нэг дор нэгтгэн, “регистрийн дугаар” гэдэг арван тэмдэгтээс бүрдсэн “цоож” зүүгээд, цахим ертөнцөд орхино.

Хачирхалтай нь захын нэг программист тэрхүү серверт нэвтэрч, таныг нэгд нэгэнгүй судалж чадна гэвэл ямар сонсогдож байна вэ. Түүнчлэн та өөрөө ямар нэгэн байдлаар регситрийн дугаараа бусдад алдахад л амьдралын хамаг нандин нууцаа дэлгэнэ гэсэн үг болох нь.

“Монгол Улс төрийн мэдээллийн серверээ хакердуулсан” гэж парламентын гишүүн нь баримт дэлгээд байхад ямар ч арга хэмжээ авдаггүй эрх баригчид таны, миний мэдээллийг хамгаалахын төлөө санаа тавина гэж найдахад бэрх. Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2018 оны аравдугаар сард ирүүлсэн тайланд “Казахстанд байрлалтай “Kaspersky lab” компанийн Зүүн Азийг хариуцсан захирлаас манай улсын төрийн мэдээллийн сан халдлагад өртсөн тухай и-мэйл ирсэн” гэж дурдсан байдаг. Дэлгэрэнгүй мэдээлэл авах төлбөрийг шийдэж өгөлгүй удаасаар, гурван сарын дараа тус компани “Монголын төрийн мэдээллийн сан халдлагад өртжээ” гэж дэлхий дахинаа “шившиглэсэн”. Ингээд манай улсын цахим аюулгүй байдлын индекс 89 байраар ухарч, 103 дугаарт бичигдэх болсон харамсалтай тохиолдлыг эрхэм гишүүн мэдээлсэн нь саяхан. Улсын мэдээллийн аюулгүй байдал ийм ноцтой түвшинд байхад 3.2 сая иргэний мэдээллийг хадгалж хамгаалах нөхцөл бүрдээгүй нь ойлгомжтой.

ИРГЭДИЙН НУУЦ МЭДЭЭЛЛИЙГ СОНГУУЛЬД АШИГЛАДАГ

Техник, санхүүгийн нөхцөлөөс гадна улс төрийн зорилгоор иргэдийн мэдээллийн аюулгүй байдалд хайнга ханддаг гэж IT инженерүүд үздэг. Иргэний регистрийн дугаарын цаана хадгалагдсан мэдээлэлд үндэслэн сонгуулийн сурталчилгааны арга тактик боловсруулах, цаашлаад саналаа өгөөгүй тохиолдолд өмнөөс нь санал тоолуулах зэргээр ашигладаг тухай тэд ярьдаг.

Улсын бүртгэлийн архивт 94 сая гаруй хуудас материал бий. Мөн Монголдоо хамгийн том буюу 60 орчим терабайт хэмжээтэй дата хадгалдаг 67 сервертэй. Үүнээс сонгуулийн үйл ажиллагаанд 2082 файл хэлбэрийн сан ашигладаг гэсэн тоо бий. Иргэний бүртгэлийн мэдээллийн санд 2017 оны байдлаар арваас дээш сонгогч бүртгүүлсэн 13 мянга гаруй өрх байв. Ингэж “бөөгнөрсөн” хоёр зуугаад мянган сонгогч сонгуулийн менежерүүдийн хувьд гол түшиц бүлэг нь болдог гэсэн. Үүний зэрэгцээ сурталчилгааны ажилтан нэг бүрээс тухайн тойргийн хаягтай, 20-оос дээш хүний утас, регистрийн дугаар олж ирэхийг шаарддаг аж. Олж авсан иргэдийн дата мэдээлэлд тулгуурлан, амьжиргааны түвшин, ажил эрхлэлт, ашиг сонирхол, холбоо сүлбээг нь нэвт судлан, ухуулагч нараа “тавьдаг” тактик бий. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампын ялалт байгуулсан шалтгааныг алдагдсан дататай холбож тайлбарладаг. Энэ арга өнгөрсөн хоёр сонгуульд манай улсад хэрэглэгдсэн, 2020 онд ч төгс боловсронгуй хэлбэрээр ашиглахаар зэхэж байгаа тухай учир мэдэх хүмүүс хэлж байна.

• Техник, санхүүгийн нөхцлөөс гадна улс төрийн зорилгоор иргэдийн мэдээллийн аюулгүй байдалд хайнга ханддаг гэж IT инженерүүд үздэг. 

• ЭСЯ-д виз мэдүүлэхэд материал бүрдүүлж өгөх нэрийдлээр олон зуун мянган хүний хаяг, утас, регистрийг бүртгэж авсаар байна. 

• Хууль хяналтын байгууллагааас зуучлах үйлчилгээ эрхэлдэг зарим газрын хаалгыг барьсан ч, бүртгэж авсан иргэдийн нууцлал бүхий мэдээллийг нь тэдэнд үлдээчихдэг.

ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫГ ХАМГИЙН ИХ "ОЛЗОЛДОГ" ГАЗАР НЬ ЗУУЧЛАХ ТӨВҮҮД

Үлгэрт дээрэмчдийн эрдэнэсийн агуйг “Сим-сим, онгой” гэх шидэт үгээр нээдэг шиг таны регистрийн дугаар алт, алмазаас илүү үнэт мэдээллээ дэлгэх түлхүүр болж болзошгүй. Та болон таны ойрын хүмүүст бараг өдөр тутам регистрийн дугаараа алдах тохиолдол гардаг гэхэд хилсдэхгүй. Үүрэн телефоны оператор компани, үйлчлүүлдэг спорт болон бусад клуб, харъяалагддаг олон нийтийн байгууллагаас эхлээд захын нэг сүлжээ дэлгүүрийн хөнгөлөлтийн карт эзэмшихэд хүртэл бүхий л мэдээллээ агуулсан хувийн нууц дугаараа өгөх шаардлагатай тулгарч байна.

Өнөөдрийн байдлаар иргэдийн регистрийн дугаарыг “хомроголон хурааж” байгаа газрууд бол гадаадад ажиллах хүч зуучлах төвүүд юм. ЭСЯ-д виз мэдүүлэхэд материал бүрдүүлж өгөх нэрийдлээр олон зуун мянган хүний хаяг, утас, регистрийг бүртгэж авсаар байна. Хууль хяналтын байгууллагааас ийм үйл ажиллагаа явуулдаг зарим газрын хаалгыг барьсан ч, бүртгэж авсан иргэдийн нууцлал бүхий мэдээллийг нь тэдэнд үлдээчихдэг. Хууль бус учраас хаагдсан газрууд тэдгээр мэдээллийг хэрхэн ашигладгийг хэн ч сонирхохгүй орхидог нь харамсалтай.

Саяхан цагдаагийн байгууллагад АНУ-ын ЭСЯ-ны зүгээс иргэдийн мэдээллийг хууль бусаар авсан газрын талаар гомдол ирүүлсэн ч хэрэг үүсгэн шалгаагүй аж. “Иргэдийн мэдээллийг хуурч мэхлэх замаар олж авсан бол...” гэх зүйл заалт ямар ч хуулийн санкцад байдаггүй тул цагдаагийн байгууллага буцаахаас ч яах билээ.

Монгол Улсад мөрдөгдөж буй хувь хүний нууцын тухай хуулийн 5.1-д “хувь хүн нууцаа өөрөө хамгаална” гэж заасан байдаг. Төрийн нэгдсэн системд байршуулсан бүх нууцыг минь хурууны хээ дарах төдийд чөлөөтэй тольдож байгаа энэ үед дээрх заалт даанч даажинтай. Нөгөөтэйгүүр нууцлалын өндөр зэрэглэлтэй төрийн албаны шалгалтыг хэдхэн код тайлаад хариултыг нь гаргаад авчихдаг IT салбарын зарим мэргэжилтний өмнө “хувийн нууцаа би өөрөө хамгаална” гэж хууль ярьж ханхалзаад нэмэргүй.

Хувийн мэдээллийг хамарсан зохицуулалтыг АНУ-д “нууцлалын бодлого”, Европын холбоо болон дэлхийн бусад орнуудад “хамгаалалтын бодлого” гэж нэрлээд тусгайлсан хуулиар хамгаалж, зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг нь чангатган зааж өгсөн байдаг. Гадна ертөнцөд хувь хүний мэдээллийн нууцлал нэн тэргүүнд тавигдаж, төрийн халдашгүй дархан байдалтай эн зэрэгцэх түвшинд яригддаг жишиг Монголд хэзээ тогтох вэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Н.Ганболд: Онгоцны түрээсийг зогсоох эсэхийг ярилцаж байна

Гэрээг нэг талаас шууд цуцлах эрх байхгүй

 0 сэтгэгдэл


Этиопын иргэний агаарын тээврийн нислэгт ашиглаж байсан “Boeing 737 MAX” загварын агаарын хөлөг осолдсонтой холбогдуулан ИНЕГ-аас МИАТ компанид ашиглаж байгаа тус загварын агаарын хөлгийн нислэгийг энэ сарын 11-ний өдөр түр хугацаагаар зогсоож, үйлдвэрлэгч компаниас зөвлөмж гаргатал “Boeing 737 Max”-ыг нислэгт ашиглахгүй байхаар шийдвэрлэсэн юм. Энэ талаар МИАТ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболдтой ярилцлаа.

-Индонезид болсон “Boeing 737 MAX” онгоцны ослын дараа АНУ-д уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсныг тус компани нуусан нь ил боллоо. Яг энэ үедээ танай компанид онгоцоо худалдсан байна. Одоо зээлийн төлбөр, бусад асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Түрээсийн гэрээнд төлбөрийн зохицуулалтыг бүрэн оруулсан. Энэ онгоцыг түрээсэлж авсан компани нь “Avolon”. Энэхүү компанитай бид и-мэйлээр холбогдож, онгоцны түрээсийг зогсоох эсэх асуудлаар ярилцаж байна. Түрээсийн гэрээнд манай тал төлбөр тооцоогоо тасралтгүй төлөх үүрэгтэй ч, энэ онцгой тохиолдолд Avolon компанийн төлөөлөлтэй уулзаж, цаашдын нөхцөлийн талаар тохиролцоонд хүрэх шаардлагатай болсон. Тиймээс энэ сарын 28-нд цаг тохирсон, эцсийн шийдвэр гараагүй байна. Бидний тооцоолсноор “Boeing 737 MAX” онгоц ирэх сарын 15 хүртэл нислэгт гарахгүй. Тэгэхээр нэг сарын түрээсийн төлбөрийг төлөх эсэх асуудлыг Avolon, эсвэл “Boeing” компанитай уулзсаны эцэст тодорхой болох юм.

-Дэлхийн 70 гаруй орон тус онгоцноос татгалзсан. Тухайлбал, Канад улс төлбөрөө буцааж авахыг шаардахаас гадна хохирлын нөхөн төлбөр шаардаж байна. Харин МИАТ компани яах гэж байна?

-Энэ асуудалд эцсийн хариулт хэлэхэд эрт байна. Онгоц худалдах, түрээслэх бодлогын баримт бичигт хориос дээш жилийн наслалттай онгоц ашиглахгүй гэж заасан байдаг юм. Өнөөдрийн байдлаар манайд 2000 оны хоёр ширхэг онгоц нислэг үйлдэж байна. Энэ оныг дуусгаад буюу ирэх оны тав, арванхоёрдугаар саруудад онгоцуудыг буцаах юм. Одоо авах гэж байгаа онгоц бол ашиглалт нь дууссан дээрх онгоцыг орлоно гэсэн үг. Анх 2011 онд “Boeing” компанитай байгуулсан гэрээгээр 2016 онд гурван онгоц худалдаж авах байсныг 2019 он болгож хойшлуулсан. Эхний онгоц нь хоёрдугаар сард ирсэн. Төлбөрийн асуудал өмнөх онгоцуудыг ашиглаж байсан жишгээр явах ёстой. Гэвч одоогоор үүнийг түрээсийн компани төдийгүй “Boeing”-той ярьж шийдвэрлэх шаардлагатай болоод байна.

-Сард хэдэн төгрөг түрээсэнд төлдөг юм бэ?

-Одоогоор түрээсийн төлбөрийн асуудлаар компани хооронд хэлцэл өрнөж байгаа тул энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Танай компани шинэ онгоц авч нислэгийн тоог нэмсэн. Гэвч энэ онгоцны зогсолт зуны нислэгийн ачаалалд яаж нөлөөлөх вэ?

-Дөрөвдүгээр сард багтаад асуудлаа шийдэх байх. Нэмэлт нислэгүүд долдугаар сараас эхэлдэг юм. Зуны нислэгээс өмнө асуудал шийдэгдэх байх гэж найдаж байна.

-Төлөвлөгөөний дагуу ажиллаж чадна гэсэн үг үү?

-Ойрын 2-3 сардаа бол нислэгт онгоц дутагдах асуудал гарахгүй. Манай зургаан онгоц хангалттай. Нэг онгоцныхоо ашиглалтыг л нэмэгдүүлнэ гэсэн үг.

-Хоёр дахь онгоцоо авахаа хойшлуулсан гэх мэдээлэл гарсан байсан. Энэ үнэн үү?

-Хойшлуулах талаар яриа явж байгаа. Эцсийн шийдвэр гараагүй. Дээр хэлсэн уулзалтад бид энэ саналаа тавина. Гэрээг нэг тал дангаар цуцлах эрхгүй. Онгоцоо авахын өмнө бид барьцаа байршуулдаг. Хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зохицож шийдвэр гаргах байх.

“Boeing 737 MAX”онгоц ирэх сарын 15 хүртэл нислэгт гарахгүй

-“Boeing 737 MAX”онгоцыг ямар чиглэлүүдэд ашиглаж байсан бэ. Онгоц зогссоноор ямар эрсдэл бий болж байна вэ?

-Бангкок, Европын чиглэл болон хонгконгийн чиглэлд түлхүү ашиглаж байсан. Одоогийн байдлаар манай компанийн өвлийн улирлын ашиглалт явж байгаа учраас нислэгийн тоо тийм шахуу биш. Тиймээс бусад онгоцуудаараа нислэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломж бүрэн байгаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрхэм генерал, офицерууд аа, энх цагт цэрэг яагаад эндээд байна вэ?

Гадаад ажиллагааны гавьяаны ард дотоодод бугшсан бүхэн дарагдах ёсгүй

 0 сэтгэгдэл


2013 оны аравдугаар сарын 6. Ховд аймагт байрлах зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Д харуулынхаа цэг дээр сургуулийн сумаар өөрийгөө буудсан хэрэг гарав.

2015 оны 12 дугаар сарын 23. Налайх дүүргийн городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдон нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтлээ.

2017 оны нэгдүгээр сарын 23. Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан Б ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, есөн хуруугаа тайруулахад хүрэв.

2017 оны хоёрдугаар сарын 17. Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түллээ.

2017 оны дөрөвдүгээр сарын 11. Хээрийн сургалтын төв Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархдав.

2017 оны зургадугаар сарын 13. Тавантолгойн цэргийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг алба хаагч нас барав.

2017 оны наймдугаар сарын 4. Таван толгой дахь зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс баруун зүгт 26 км-т хоёр иргэн тэсрэх зүйлд өртөж, нэг нь нас барав.

2017 оны наймдугаар сарын 27. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б, Е, С нар усанд осолдож амиа алдав.

2019 оны нэгдүгээр сарын 22. Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай байлдагч А амиа алдав.

2019 оны нэгдүгээр сарын 30. Увс аймгийн Баруунтуруунд цэргийн албанд татагдсан цэрэг харуулын байрнаасаа галт зэвсэгтэй оргож, хил даваад алга болсон гэх дуулиан дэгдлээ. Түүнийг Тувагийн нутаг дэвсгэрээс хоёрдугаар сарын 2-ны өдөр амиа алдсан байхад нь олов.

2019 оны гуравдугаар сарын 1. Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч г элс ачиж явсан ангийнхаа машинд дайруулж амиа алдав.

Цэргийн баяр дуусав уу, үгүй юу ямар муухай юм бичээд эхлэв ээ гэж зарим нь бодож магадгүй. Үнэндээ эдгээр тохиолдлыг шүүн олж, эвлүүлэн бичих амаргүй байлаа. Уншихад сэтгэл өвтгөм хэрнээ маш урт жагсаалт байгаа биз. Харамсалтай нь, энэ бүхэн сүүлийн тавхан жилийн дотор Монгол Улсын зэвсэгт хүчний салбарт болжээ. Ялангуяа сүүлийн хоёр жилд амиа алдсан цэргийн тоо эрс нэмэгдсэнийг та анзаарч харсан байх. Тиймээс цэргийн баярын уур амьсгал намжаагүй байхад, энэ салбарын асуудал ид яригдаж буй энэ үед Монголын батлан хамгаалах салбарт бодлого дутагдах болсныг, Зэвсэгт хүчний өнөөгийн ороо бусгаа байдлын тухай зориглон бичихээр шийдлээ.

Үнэнийг хэлэхэд өнөөдөр батлан хамгаалах салбар шиг нэр хүндтэй салбар Монголд үгүй. Гадаад харилцааны тал дээр ГХЯ-наас ч илүү үүрэг гүйцэтгэсэн гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Яагаад гэвэл НҮБ-ын энхийн ажиллагаанд монгол цэргүүд оролцож, үүргээ нэр төртэй биелүүлсээр 20 шахам жилийг ардаа орхив. Чухам энэ ажиллагааны ачаар монгол цэрэг ямар тэсвэр тэвчээртэй, ямар ур чадвартай болохыг дэлхий дахинд мэддэг боллоо. Цэнхэр дуулгатнууд бол Монголын нэрийг дэлхий дахинд эергээр харуулж буй цөөн тохиолдлын нэг. Эрэлхэг зоригтой эдгээр дайчдаар монгол хүн бүр бахархаж байна.

Гэхдээ гадаад ажиллагаанд гарсан гавьяаны ард дотоодод бугшаад буй муу муухай бүхэн дарагдаж үлдэх ёсгүй. Энэ салбарт эрдэнэт хүний амь үрэгдэх нь энгийн үзэгдэл боллоо. Монгол цэргүүд африкийн их халуун, афганистаны өндөр уул, Иракийн элсэн цөлд, дайны галын тэргүүн шугам дээр үүрэг гүйцэтгэж байхдаа ч ингэж эрсдээгүй юм. Гэтэл эх орондоо алба хааж буй цэргүүд яагаад амь үрэгдэж, эндэж байна вэ.

Хамгийн сүүлд Зүүнбаянгийн цэргийн ангид алба хааж байсан байлдагч даргадаа дэглүүлж, амиа алдлаа. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтэд өвчний улмаас нас барсан гэж гарчээ. Үүнд бухимдсан ар гэрийнхэн нь БХЯ-ны гадаа суулт зарлаж байна. Хүүгээ эр цэрэгт мордуулсны дараа цогцсыг нь хүлээн авч, тэдэн шиг шаналан суугаа олон ээж, аав бий. Харин алдаа гаргасан албан тушаалтнуудад бүгдэд нь хариуцлага тооцсон бил үү. Салбар хариуцаж буй сайд, дарга нар нь ямар арга хэмжээ авав. Ард түмнээсээ байг гэхэд ар гэрийнхнээс нь уучлалт гуйв уу. Харамсалтай нь дарга нар нь хариуцлага ярихын оронд нуун дарагдуулж, чимээгүй өнгөрөөхийг илүүд үзсээр ирлээ. Амиа алдсан цэргүүдийг өвчний шалтгаанаар гэж хэдий болтол аргацаах юм бэ. Булавч бултайна, даравч далдайна гэгчээр эхнээсээ нуун дарагдуулсан хэргүүд чинь дараа дараагийн осол эндэгдлийн үндэс болсоор байгааг ухаарч байна уу.

Монгол цэргүүд галын тэргүүн шугам дээр үүрэг гүйцэтгэж байхдаа ч ингэж эрсдээгүй

Үнэнийг хэлэхэд энэ салбарт болохгүй юм асар их байна. Батлан хамгаалахын сайд асан Б.Бат-Эрдэнийн үед цэрэг амиа алдсан хэрэг гарахад “Би төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг хүн. Осол эндэгдэл гарсан асуудлыг салбарын сайд биш, ЗХЖШ-ын дарга мэднэ” гэх агуулгатай юм ярьж, асуудлыг өөрөөсөө холдуулахыг хичээж байв. Тэгвэл бүхнийг мэддэг, асар их эрх мэдэлтэй гэх ЗХЖШ-ын даргын суудал эзгүйрээд бараг хагас жил боллоо. УИХ-ын эрхэм түшээд орны хүнийг нь томилохын оронд сандал суудлын хэрүүл хийсээр хайран цаг хугацааг алдаж байна. Тэгэхээр цэргүүд амь насаа алдсан хэргийн хариуцлагыг хүлээх хүн байхгүй байна гэсэн үг мөн үү!

Уг нь батлан хамгаалах салбар бол улс орны аюулгүй байдлыг хангадаг, шаардлага гарвал зэвсэг хэрэглэдэг онцгой салбар. Тэдний өөрсдийнх нь ярьдгаар байнга дайны цагийн байдалтай үүрэг гүйцэтгэдэг. Ийм онцгой салбар учраас сахилга, хариуцлагын асуудлыг маш нухацтай авч үзэх ёстой. Гэтэл манайд яг эсрэгээрээ, хамгийн хариуцлагагүй салбар нь батлан хамгаалах болоо юу даа.

Энэ салбараас муу муухай бүхэн сонсогдох болоод удлаа. Генерал, дээд офицерууд нь нисэх онгоцоо, тэр бүү хэл танкаа хүртэл гаднынханд худалдсан тохиолдол гарч, хууль хяналтын байгууллагаар шалгуулж байв. Тэр ч бүү хэл салбар хариуцаж байсан сайд нь армийн хэрэглээний аяга, халбаганы тендерт оролцсон асуудал хүртэл гарч байсан удаатай.

Үнэхээр энэ салбарт болж бүтэхгүй зүйл дэндүү их байгаа учраас цэргийн баяраар хундага тулгаж, нэгнийгээ шагнаад өнгөрөөх биш, алдаа дутагдлаа ярилцаж, гарц шийдэл эрэлхийлэх ёстой. Монгол залуус цэрэгт татагдаад амиа алдах биш, эр цэргийн албанд яваад давхар мэргэжил эзэмшиж яагаад болохгүй гэж. Алба хаах хугацаандаа улс орны бүтээн байгуулалтад оролцож, мэргэжил эзэмшиж, цалин хөлс авах боломжийг нь хангаад өгч болохгүй гэж үү.

Гэтэл монгол цэрэг эрс энх цагт амиа алдсаар байгаа нь юутай эмгэнэлтэй. Нуун хааж, асуудлыг өөрсдөөсөө холдуулах тусам бугласан идээ бээр улам томрох вий. Онцгой салбар нэрийн дор бүхий л булхайтай асуудлаа дарж, далдалж өнгөрөөдөг байж болохгүй. Батлан хамгаалах салбар миний, бидний бодлоор Монгол Улсын нүүр царай, бусад бүх салбарт бүхий л талаараа сайны үлгэр жишээ болдог байх ёстой гэж үздэг юм.