A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3448/

Дарханы замд автомашинаа эвдсэн иргэд хуулийн байгууллагад хандаж болно

Дарханы замд автомашинаа эвдсэн иргэд хуулийн байгууллагад хандаж болно

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3448/

Ирэх жил Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг хэсэгчлэн хааж хатуу хучилтыг хийнэ
Ер нь амжуулах гэж л үзнэ дээ. Бид энэ өвөл хүн, хүч, техник тоног төхөөрөмжөө нэмэх талаар сайн бэлтгэж, өдөр бүрийн нарийвчилсан график гаргаж ажиллана гэж төлөвлөж байна.

Улаанбаатар- Дархан чиглэлийн автозам хугацаандаа ашиглалтад ороогүйгээс тус замаар зорчдог аймгийн иргэд бухимдалтай байгаа. Мөн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын зарим гишүүн Дарханы зам хугацаандаа ашиглалтад ороогүй шалтгааныг тодруулахаар ЗТХ-ийн сайдад асуулга тавиад буй юм. Асуулгатай холбогдуулан сайд Б.Энх-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа.


-Дарханы зам хугацаандаа ашиглалтад ороогүй асуудлаар УИХ-ын гишүүд асуулга тавьж байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Тийм. Дарханы замын тухайд УИХ­-ын гишүүдийн тавьсан асуулгад хариулт өгөхөөр бэлтгэж байна. Хариулт нь маш тодорхой байгаа. Дарханы замыг барьж ашиглалтад оруулах үндсэн гэрээ нь 2020 оны зургаадугаар сард дуусна. Гэрээний эхний үе шат энэ сард дуусах байсан. Түүгээр хөдөлгөөнийг нээхдээ бүрэн хатуу хучилттай байдлаар эхний ээлжинд ашиглалтад оруулахаар гэрээнд тусгаж, компаниуд ч зөвшөөрсөн бай сан юм. Гэвч дөрвөн шалтгаанаас төлөвлөсөн ажлаа хийж амжсангүй. Зарим компа­нийн гэрээг наадам өнгөрөөж байгуулсан, цаг уурын тааламжгүй байдлаас болж ажил зогссон, есөн хар цэг, олон суваг шуудуу гүүрний ажил давхцсан зэргээс шалтгаалсан. Хамгийн гол нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан компаниудын гэрээг цуцлах гэхээр төслийн төсвийг бүхэлд нь татчих гээд байсан учраас хойшилсон зүйл бий. Яамны зүгээс Азийн хөгжлийн банк болон төслийг хянаж байгаа Энэтхэгийн экспертүүдтэй уулзаж ажил цалгардуулсан компанийн гэрээг цуцлах, ирэх онд хугацаандаа ашиглалтад оруулах талаар ярилцаж байна. Энэ талаар гишүүдийн асуулгын үеэр нарийн мэдээлэл өгнө.

-Өнгөрсөн зун Дарханы замд олон осол гарч иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Одоо энэ байдал засагдсан гэж үзэж болох уу?­

-Зун бороо их орсны улмаас түр замаар зорчиход хүндрэл гарсан нь үнэн. Одоо бол замын ихэнх хэсэгт нэгдүгээр үеийн цементэн хучилтаа хийчихсэн учраас автомашин эвдрэх зүйл гарахгүй болов уу. Харин асфальтан хучилт хийгээгүй хэсгүүдэд мэдээж ашиглалтад орсон хатуу хучилттай зам шиг толигор байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхгүй. 

-Автомашинаа эвдсэн, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохир сон иргэдийн хохирлыг яах вэ?­

-Дарханы замаас болоод автомашинаа эвдсэн, хохирсон гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагад хандах эрх нь нээлттэй байгаа.

-Замын ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа юм вэ. Яг хэдэн км замд хатуу хучилт хийсэн бэ?­

-Бүрэн хатуу хучилтаа хийсэн зам 13 км л байгаа. Хүйтэрсэн учраас хатуу хучилт хийх боломжгүй болсон. Гүйцэтгэл 8­-35 хувьтай байгаа. Гүүр, далангийн ажлын ихэнхийг нугалчихсан учраас гуравдугаар үеэ тавиад хучилтаа хийх боломжтой.

-Гэрээндээ амжина гэдэгт та хэр итгэлтэй байгаа вэ?­

-Ер нь амжуулах гэж л үзнэ дээ. Бид энэ өвөл хүн, хүч, техник тоног төхөөрөмжөө нэмэх талаар сайн бэлтгэж, өдөр бүрийн нарийвчилсан график гаргаж ажиллана гэж төлөвлөж байна.

-Ирэх хавар энэ замыг бас хаах уу?­

-Хатуу хучилт асфальт хийх үеэрээ хэсэгчлэн хааж, ажил гүйцэтгэнэ. Бүрэн хаахгүй гэсэн төлөвлөгөө гаргахаар ярилцаж байна.






A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөл хорио хавдартай өвчтөнүүдийг бухимдуулж байна

  • Таван хүн тутмын нэг нь Улсын онцгой комиссын хөл хорио эмчилгээнд нөлөөлсөн хэмээн хариулжээ
  • Орон нутагт химийн тариа тасарснаас болж хотод ирэх шаардлага гарсан гэж хариулсан байна

Энэ цагийн хамгийн хэцүү өвчин бол хорт хавдар. Манай улсад жил ирэх тусам хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, залуужиж байна

2018 онд гэхэд 6073 хүн хавдартай болох нь оношлогдож, 4412 хүн хорт хавдрын улмаас нас барсан гэсэн статистик гарчээ. Харин 2019 онд 6045 хүн хавдраар өвчилж эмнэлэгт ханджээ. Дэлхий даяар тархсан цар тахал зарим хавдартай өвчтөнийг сэтгэл зүйн дарамтад өртүүлж байна. Энэ талаар Хавдрын үндэсний зөвлөлөөс судалгаа хийжээ. Тус байгууллага хавдартай өвчтөн, тэдний асран хамгаалагч нараар COVID-19-тэй холбоотой нөхцөл байдлыг үнэлэх тест бөглүүлсэн байна. Үүнд 179 хүн хамрагдсан бөгөөд тэдний 39.1 хувь нь хорт хавдартай өвчтөн, 60.9 нь өвчтөний асран хамгаалагч байжээ. COVID-19-ын үеийн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ нь хавдартай өвчтөн ба тэдгээрийн асран хамгаалагч нарын 31 хувийнх нь сэтгэл санааны байдалд нөлөөлсөн нь судалгаанаас харагджээ. Мөн дөрвөн хүн тутмын нэг нь хэдэн өдрийн турш, 10 хүн тутмын нэг нь бараг өдөр бүр бухимдаж, сэтгэл санаа тогтворгүй байдаг хэмээн хариулсан байна. Түүнчлэн таван хүн тутмын нэг нь Улсын онцгой комиссын хөл хорио эмчилгээнд нөлөөлсөн хэмээн хариулжээ. Зарим хүний эмчилгээний цаг хойшилсон, эмнэлэгт оруулахгүй болсноор эмчтэйгээ уулзаж чадахаа байсан, орон нутагт химийн тариа тасарснаас болж хотод ирэх шаардлага гарсан гэж хариулсан байна. Судалгаанд оролцсон иргэний 63.1 хувь нь санхүүгийн хямралд өртжээ. Цаашид хэрхэх нь ойлгомжгүй байгаа болохоор сэтгэлийн түгшүүртэй байгаагаа 45.3 хувь нь илэрхийлсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үндсэн хууль, парламентын эрхийн дээгүүр гишгэлсэн шийдвэрт ямар хариу барих вэ

  • Халдашгүй байдлыг үл тоон хорьдог буруу жишиг Ж.Эрдэнэбатаар дуусгавар болоосой
  • Энд Ж.Эрдэнэбат аль нам, ямар фракцын гишүүн гэдэг хамаагүй. Хэрэг хийсэн, эсэх нь ч дараагийн асуудал. Харин парламентын гишүүнийг баривчлах, цагдан хорих хязгаарыг давсанд л гол учир бий

УИХ-д сонгогдсон эрхмүүд өчигдөр Төрийн ордонд гишүүний түр үнэмлэхээ ёслол төгөлдөр гардаж авлаа. Уг нь 76 гишүүн үнэмлэхээ авах ёстой байсан ч нэг нь ирж чадсангүй. Тэр бол хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Ж.Эрдэнэбат гишүүн. Сонгуулийн өмнөхөн, бүр тодруулбал зургадугаар сарын 12-нд түүнийг Ерөнхий сайд байхдаа үйлдсэн гэх хэрэгт нь холбогдуулан цагдан хорьсныг бид мэднэ. СЕХ-ны даргын тайлбарласнаар бол гишүүний үнэмлэхийг заавал өөрт нь гардуулж өгөх ёстой тул хэн нэгэнд дайх боломжгүй гэнэ. Тэгэхээр СЕХ-ны төлөөлөл хорих ангид очих уу, эсвэл Ж.Эрдэнэбат гишүүнийг суллах уу гэдэг нь сонирхол татаж байна. Нэгэнт гишүүнээр сонгогдсон юм чинь яаж ийж байгаад үнэмлэхийг нь өгөх байлгүй дээ. Ер нь энэ жилийн сонгууль хорих ангиас зургаан хүн нэр дэвшин өрсөлдөж, нэг нь ялалт байгуулсан гэдгээрээ түүхэнд үлдэх байх. 

Уг нь сонгуульд нэр дэвшигчийг баривчлах, хорих тохиолдолд заавал СЕХ-ноос зөвшөөрөл авна гэх хуулийн өөрчлөлтийг парламент өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн тухай хууль батлахдаа оруулсан. Харин шүүх өөрийн шийдвэрээ “Нэр дэвшихээс өмнө мөрдөн байцаалт, прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа нэгэнт явагдаж дууссан, шүүхэд хэрэг нь шилжиж ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа нэр дэвшигчийн хувьд хууль хэрэгжүүлэгчид урьд эхэлсэн ажиллагаандаа зөвшөөрөл авах асуудлыг зохицуулаагүй” хэмээн тайлбарласан. Ийм тайлбараар таван нэр дэвшигчдийг хорьсон шалтгаанаа зөвтгөдөг юм байж. Тэгвэл бүрэн эрх нь хэвээр байгаа УИХ-ын гишүүнийг хорьсон нь хуулийг жинхэнэ утгаар нь уландаа гишгэсэн үйлдэл болсон. Энд Ж.Эрдэнэбат аль нам, ямар фракцын гишүүн гэдэг хамаагүй. Хэрэг хийсэн, эсэх нь ч дараагийн асуудал. Харин Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийн дээгүүр гишгэж, парламентын гишүүнийг баривчлах, цагдан хорих хязгаарыг давсанд л гол учир бий.

Тухайлбал, Үндсэн хуулийн 29-р зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” хэмээн заажээ. Мөн УИХ-ын тухай хуульд “Гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан, гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” хэмээсэн байна. Ийм тодорхой заалтууд байсаар атал УИХ-ын гишүүнийг баривчилж байгаа нь шүүх төрийн эрх барих дээд байгууллагын эрхэнд халдаж буйг тодорхойлчихож байгаа хэрэг биш үү. Цаашилбал хуулиар хамгаалагдсан хүн, дархлагдсан бүрэн эрхт этгээдийг чингэж “элэг барьж” чадаж байгаа юм чинь жирийн иргэдийг яадаг бол гэсэн айдсыг ч төрүүлэх нь лавтай. Нөгөөтэйгүүр гишүүнээ өмгөөлж, бүрэн эрхийг нь хамгаалах ёстой УИХ, СЕХ таг чиг өнгөрсөн нь тун ч буруу жишиг тогтох үндэс болчихлоо. Энэ янзаараа бол дургүй хүргэсэн гишүүнээ барьж аваачаад хорьчихвол хэн ч өмгөөлж хамгаалдаггүй тийм тогтолцоо бүрдэхэд гайхах зүйл алга. Хэрэв хууль, шүүхийнхэн тийм л эрхтэй юм бол УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг хамгаалалтаа авч хаявал таарна.

Энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан маш ойлгомжтой тайлбарласан. Тэрбээр “ Шүүх нь хараат бусаар ажиллах боломж хязгаарлагдмал өнөөгийн нөхцөлд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг сулруулчихвал түүнийг улс төрийн явцуу сонирхлоор ашиглаж, парламентыг тогтворгүй байдалд оруулах магадлалтай. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг өндрөөр хамгаалсан хууль нь өөрчлөгдөөгүй байхад шүүх түүнийг үл тооно гэдэг бол байж боломгүй” хэмээн ярилцлагадаа өгүүлжээ. Үүнийг бичихдээ Ж.Эрдэнэбат гишүүнийг онцгойлон үзэж, өмгөөлж, хамгаалах гэсэнгүй ээ. Аль намын гишүүн байх нь ч чухал биш гэдгийг дээр өгүүлсэн. Түүний оронд Дорж, Дондогийн хэн ч байлаа гэсэн асуудлыг хуулийн дагуу л шийдэх ёстой гэсэн санаа юм. Хэрэв ийм л үед бурууг эсэргүүцэж, дуугарахгүй бол цаашид хэн дуртайгаа барьж хорьдог буруу жишиг тогтчих гээд байна. Санаачилсан хуулийг нь дэмжихгүй бол “барьж хорьчиход ядах юм байхгүй шүү” гэж шантаажлаад л хэргээ бүтээдэг болно гэсэн үг. Уг нь ийм эрсдэл бий болгохгүйн тулд л УИХ-ын гишүүний халдашгүй байдал гээчийг гаргаж ирсэн гэж боддог юм.

Харин одоо шүүхийнхэн энэ бүх бантангаа яаж цэвэрлэх гэж байгаа юм бол. Нэгэнт УИХ-ын гишүүнээр дахин сонгогдчихсон юм болохоор үргэлжлүүлэн хориод байж чадахгүй байх. Тэгэхээр шинэ парламент бүрдсэний дараа бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулах биз. Хэрэв тэр үед УИХ хүсэлтийг нь хүлээн авбал бүх зүйл зөв голдрилдоо орох учиртай. Хууль тогтоох дээд байгууллагаас ч дээгүүр эрх мэдэл эдэлж, дуртай хүнээ барьж хорьдог буруу жишиг Ж.Эрдэнэбатаар дуусгавар болоосой билээ. Мөн Үндсэн хууль, парламентын дээгүүр гишгэлсэн хуулийнхан энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх нь зүйд нийцнэ. Харин хамгийн түрүүнд дуугарах ёстой, гишүүнийхээ эрхийг хамгаалах учиртай УИХ-ын дарга Г.Занданшатар болоод гишүүд нь бүлх залгисан мэт чимээгүй өнгөрөв. Ангийнх нь нэгэн баригдахад дуугүй өнгөрсөн УИХ-ын гишүүд өөрсдийнх нь ээлж ирэхэд яах бол. Хаа очиж түүнтэй нэг тойрогт өрсөлдсөн эсрэг намынх нь нэр дэвшигч С.Баярцогт баривчилгааг буруушааж, өрсөлдөгчөө өмөөрч харагдана лээ. Эр хүн гэж магтъя.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Газрын төлбөр их хэмжээгээр нэмэгдсэнийг иргэд мэдээгүй байна

  • Нийслэлд газрын төлбөрийн орлого 2017 оныхоос хоёр дахин нэмэгдэж 64.4 тэрбумд хүрчээ
  • Эдийн засгийн хүндрэл намжтал хувийн хэвшлийн эзэмшиж буй газрын төлбөрийг хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулбал нүдээ олсон алхам болно
  • Нийслэлд эзэмшүүлсэн газраас 48 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөвлөжээ

УИХ, Засгийн газар коронавирусийн цар тахлын улмаас орлого нь буурсан аж ахуй нэгж, иргэний орлогын татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сараар тэглэсэн. Энэ “өршөөл” үр дүнгээ өгч хувийн хэвшил, түүнд ажиллагсдын орлого тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь сайшаалтай. Харин аж ахуй нэгжүүдэд газрын төлбөр төвөг учруулж мэдэхээр байна. Энэ нь Засгийн газраас баталсан газрын үнэлгээний тойрог, бүс, төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тогтоолтой холбоотой. Засгийн газар 21 жилийн дараа төрийн, нийтийн өмчид хамаарах газрын төлбөрийг нэмсэн нь энэ бөгөөд улсын төсвийн орлогыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх зорилготой юм. Засгийн газраас 2018 онд баталсан тус тогтоолоор аймаг, нийслэлийн төвийн болон бэлчээрийн газрыг үнэлж төлбөрийг нэмж тогтоосноос гадна уул уурхай, аялал жуулчлал гээд бүхий л салбарын бизнест хамаарах газрын төлбөрийг нэмсэн. Тухайлбал, 1997 оноос нийслэлийн газрыг таван бүс, 10 төрлөөр тогтоож нэг ам метр газарт 440 төгрөгийн төлбөр авч байсан бол 2018 оноос эхлэн бүс, төрлийн тоог нэмсэн юм. Үүний дагуу аймаг, дүүргүүдийн ИТХ тогтоол гаргаж, газрын албадаас газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, бүсийн хил хязгаарыг баталжээ. Нийслэлд л гэхэд төвийн зургаан дүүргийг 16 бүс, Налайх дүүргийг 12, Багануурыг ес, Багахангайг хоёр бүстэй байхаар тогтоож, газар эзэмшигч, ашиглагч нийт 21 мянга орчим иргэн, хуулийн этгээдийн гэрээг шинэчилж, газрын төлбөрийг нэмэгдсэн дүнгээр авч байгаа юм. 

УИХ-аас 2020 оны төсвийн тухай хуулийг батлахдаа Засгийн газраас өргөн барьсан газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, ААН-ийн газрын төлбөрийн орлогыг бүрэн хураадаг болох зорилтыг дэмжсэн. Энэ хүрээнд газрын төлбөрийн орлогоор 107.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх учиртай. Тэр дундаа нийслэлийн бүсээс нийт орлогын хагасыг буюу 48.5 тэрбум төгрөг хуримтлуулахаар хуульчилсан юм. Тухайлбал, Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар 77.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс газрын төлбөрөөр 48.5 тэрбум, үлдсэнийг нь газрын дуудлага худалдаанаас олохоор төсөвлөжээ. Газрын төлбөрийг нэмэгдүүлсэн дүнгээр авах болсноор хувийн хэвшил, иргэдийн орлогоос тодорхой хэмжээгээр хасагдах нь ойлгомжтой. Харин энэ талаар олон нийт бага мэдээлэлтэй байсан нь хүнд рэлийн энэ үед мэдрэгдэж эхэлжээ. Тэр дундаа нийслэлд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэд, аж ахуй нэгжийн эздэд илүүтэй мэдрэгдэж байгаа аж. Мөн зуслангийн газар эзэмшигч иргэд төлбөр яагаад нэмэгдсэн талаар газрын албаныхныг байцаах болжээ. Засгийн газраас баталсан тогтоолоор нийслэлийн төвийн зургаан дүүргийн газрын бүсчлэл, үнэлгээг тогтоохдоо иргэдийн эзэмшиж буй зуслангийн газрыг бүсээс хамаарч 18-818 сая төгрөг, ААН-ийн эзэмшиж, ашиглаж буй газрын төлбөрийг бүс болон төрлөөс хамаарч 192 саяас 1.4 тэрбум төгрөгөөр үнэлсэн байгаа. ААН-ээс авах газрын төлбөрийг аймаг дүүргийн ИТХ-аас баталдаг учир харилцан адилгүй. Харин иргэний эзэмшиж буй зуслангийн газарт төлбөр ноогдуулахдаа 90 хувийг нь хөнгөлж 10 хувьд нь татвар авч байгаа аж. 

(Нийслэлийн газрын бүсийн үнэлгээ)

Зуслангийн газар эзэмшиж буй иргэн бүсийн үнэлгээний дагуу 10 хувийнтөлбөрийг жил бүр төлнө. Энэ нь 15 жилээр үржвэл чамгүй мөнгө болох юм. Мөн хүснэгтээс харвал нийслэлд газар эзэмшиж буй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж газрын төлбөр өндөр дүнтэй төлөхөөр байна. Үүний цаана хувийн хэвшлийн орлогоос чамгүй мөнгө зулгаах нь тодорхой байгаа юм. Жишээлбэл, нийслэлийн нэгдүгээр бүс буюу хотын төвд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж эзэмшиж, ашиглаж буй газартаа нэг метр тутамд 1096 төгрөг төлнө. 100 метр квадрат буюу 10 мянган метр газрын төлбөрт 10 сая төгрөг төлөх юм. Бизнесийн орлого нь буурсан, ажилчдынхаа цалинг арай ядан төлж байгаа аж ахуй нэгжид энэ хэмжээний мөнгө газрын төлбөрт өгнө гэдэг хүндрэлтэй. Газар эзэмших нийт хугацаагаар тооцвол дунджаар 200 гаруй сая төгрөгийг төлөх нь бизнесийн үр ашигт ч муугаар нөлөөлж мэдэх юм. Хэдийгээр татварын байгууллага газрын төлбөрөө төлөхийг шаналгаж эхлээгүй боловч төсвийн орлогоо биелүүлэхийн тулд шаардах нь тодорхой. Өмнөх онуудад газрын төлбөрийг тухайн орон нутгийн газрын алба төвлөрүүлдэг байсан боловч өнөө жилээс татварын байгууллага авахаар болжээ. Энэ нь иргэн, ААН-ийг улсад өр төлбөртэй гэдгийг тодорхойлох хэмжүүр болох юм. Цаашилбал иргэн, аж ахуй нэгжид бас нэг дарамт болох нь ойлгомжтой байна. 

Тиймээс коронавирусийн эдийн засагт үзүүлж буй хүндрэл, иргэн, аж ахуй нэгжийн орлогын бууралт зэргийг харгалзан эдийн засаг сайжирч хүндрэлээс гартал газрын төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх шийдвэр гаргавал нүдээ олсон шийдвэр болохыг хэн хүнгүй хэлж байгаа юм. Тэгээд ч сая МАН-ын сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт орсон заалтуудтай уялдах учраас хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал, “Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно”, “COVID-19 цар тахлаас үүдсэн нийгэм, эдийн засгийн хүндрэлийг арилгах, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг сэргээх тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, орлогын хомсдолд орсон аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн амьжиргааны орлогыг нөхөх арга хэмжээ авна” гэсэн заалтуудтай бүрнээ нийцнэ. Мөн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулдаггүй юм гэхэд ажил үйлчилгээгээр солих боломж ч байгаа. МАН 2020 оны мөрийн хөтөлбөртөө нийслэлийн Богд хан уул, Баянзүрх, Сонгино, Чингэлтэй, Дамбадаржаа хайрхан, тахилга шүтээнт уул толгодын орчныг иргэд, төр хувийн хэвшлийн түншлэлээр ойжуулахаар тусгасан. Энэ ажлын хүрээнд иргэн, аж ахуй нэгжийг газрын төлбөрөөс чөлөөлж, ойжуулах ажлыг орлуулж болох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Малайзад хүний наймааны золиос болсон монгол охид эсэн мэнд олджээ

  • Малайзад барьцаалагдсан монгол эмэгтэйг зодож, хүнд гэмтэл учруулжээ
  • Манай улсын иргэн хоёр монгол эмэгтэй ор сураггүй алга болж, ар гэрийнхэн нь олон сарын турш хайж байв. Тэгвэл ор сураггүй алга болсон дээрх хоёр эмэгтэйг эсэн мэнд олсон бөгөөд бусдад барьцаалагдаж, дарамтлуулж байсан нь тодорхой болжээ

Малайз улсад хүний наймаа, хүчин зэрэг онц аюултай гэмт хэргийн золиос болж байсан монгол охидын нөхцөл байдлын талаар манай сонин мэдээлж байсан билээ. Тус улсын хамгаалах байранд 11 монгол хүн байгаагаас Малайзын цагдаад хүчир-хийлүүлсэн гэх хоёр эмэгтэй болон хүний наймаанд өртсөн байж болзошгүй зургаан эмэгтэй байсан юм. Мөн манай улсын иргэн хоёр монгол эмэгтэй ор сураггүй алга болж, ар гэрийнхэн нь олон сарын турш хайж байв. Тэгвэл ор сураггүй алга болсон дээрх хоёр эмэгтэйг эсэн мэнд олсон бөгөөд бусдад барьцаалагдаж, дарамтлуулж байсан нь тодорхой болжээ. Одоогоор нэгнийх нь биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Удаан хугацаанд барьцаалагдаж байсан хоёр эмэгтэйн нэг нь тус улсад нуугдаж, аюулгүй байдлаа хангахын тулд хүнд нөхцөлд амьдарч байсан бөгөөд удаа дараа хүсэлт илгээж, чартер нислэгт багтсан боловч консулын ажилтан хохирогчийн ар гэрийнхэнд “Тусгай нислэгийн зардлыг яамнаас төлнө” хэмээн ташаа мэдээлэл өгч онгоцноос нь хоцроосон аж. Харин хамгаалах байранд байсан 11 монгол иргэний гурав нь чартер нислэгт багтан эх орондоо ирсэн бөгөөд тэд хүний наймааны золиос болж байжээ. Тэднийг Монгол дахь ТББ болон Малайзын өргөмжит консулын тусламжтай хамгаалах байранд хүргэж байв. Одоогоор Малайз улсын цагдаад хүчирхийлүүлсэн хоёр монгол эмэгтэй хамгаалах байранд амьдарч буй бөгөөд ирэх сарын 8-нд болох шүүх хурлаа хүлээж буй.