A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2896/

ДНБ зоосны зөвхөн нэг талыг харуулдаг

Орлогын хуваарилалт, амьжиргаа зэрэг үзүүлэлт ДНБ-ий гадна үлддэг

ДНБ зоосны зөвхөн нэг талыг харуулдаг
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2896/


Эдийн засгийг зөвхөн ДНБ-ээр хэмжих нь хоцрогдож байна. XX зууны турш дэлхийн эдийн засгийн халууны шил байсан энэ үзүүлэлтийн сул тал, дутагдал илчлэгдсээр. Дэлхийн хөгжил нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж, дижитал эдийн засаг хүчирхэгжихийн хэрээр ДНБ-ээр эдийн засгаа хэмжихийг шүүмжлэгчдийн дуу хоолой чангарч, шинэ арга хэмжүүр нэхэж эхэллээ.

Дэлхийн шилдэг эдийн засагчдаас бүрдсэн санхүү, судалгааны байгууллагууд ДНБ-ий сул талыг илчилж эхэлсэн. Зөвхөн ДНБ-ий өөрчлөлтөөр эдийн засгийн нарийн зүйлийг харах боломжгүй хэмээн Орлого, баялгийн судалгааны олон улсын холбооноос үзсэн бол энэ хэмжүүр дижитал эдийн засагтай уялдуулахгүй байгааг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага шүүмжлэв.

ДНБ нь зоосны зөвхөн нэг талыг харуулдаг. Энгийнээр тайлбарлавал, үйлдвэрүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон хүн ажиллаж, иргэд халаасандаа илүү мөнгөтэй болсноор ДНБ-ийг өсгөдөг.Өөрөөр хэлбэл, улсын эдийн засгийн өсөлтийг мөнгөн үнэ цэнээр илэрхийлдэг гэсэн үг. Гэтэл энэ хэрээр иргэдийн амьдрал сайжирдаг уу.

Бас ДНБ-ийг өндөр өсгөсөн үйлдвэрлэл, баялаг эргээд нийгэмд хэрхэн хуваарилагдаж байна вэ. Үүнд ДНБ хариулт өгч чадахгүй.

Тиймээс орлогын тэгш хуваарилалт, амьжиргааны түвшин зэрэг хөгжлийн суурь үзүүлэлт ДНБ-ээр илэрдэггүй. Дэлхий дахин ДНБ-рүү хошуурсан сүүлийн 30 жилд олон улсад баялгийн тэгш бус хуваарилалт урд өмнө байгаагүйгээр нэмэгдэж, баян хоосны ялгаа гаарлаа. Цаашлаад хүмүүн капитал, нийгмийн эрүүл мэнд, байгаль орчны нөлөөлөл уг үзүүлэлтийн гадна үлддэг. Үйлдвэрлэлийг хэмжихэд чиглэсэн XX зууны хоцрогдсон хэмжүүр технологийн хөгжил дэвшилтэй ч хөл нийлүүлэн алхаж чадахгүй буйг судлаачид анхааруулж байна.

Мөн улс орнуудын тогтвортой хөгжлийн суурь болох нийгмийн сэтгэл зүй, аз жаргалын индекс ДНБ-ий дутагдлыг ил болгосон. 2018 оны байдлаар дэлхийн хамгийн аз жаргалтай 10 орны тоонд ДНБ, эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлдэг АНУ, Хятад, Япон, Энэтхэг зэрэг топ улсын нэг нь ч багтаж чадсангүй. ДНБ-ий өсөлтөөр дээгүүрт бичигддэг БНХАУ гэхэд аз жаргалын индексээр 86 дугаарт жагссан байх юм. Үүний шалтгаан нь нөгөө л ДНБ-ий гадна үлддэг орчны бохирдол, ажилгүйдэл зэрэг үзүүлэлт нөлөөлсөн. Энэ хэрээр ДНБ-ээр улс орнуудыг эрэмбэлэх нь өрөөсгөл болох нь батлагдаж, улстөрчид доголдолтой хэмжээг өсгөхийн төлөө хөөцөлдөх хэрэг байна уу гэсэн асуулт урган гарна.

XXI зууны хувьсал өөрчлөлт нь өргөн хүрээний хэмжилт нэхэж байгаа ч ДНБ үүнд жижигдэж байгаа аж. Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц 2018 оны Дэлхийн эдийн засгийн форумын үеэр олон улсад эдийн засаг, нийгмийн хөгжлийг хэмжих шинэ арга хэрэгтэй болсныг сануулсан. ДНБ-ий доголдлыг эдийн засагчид аль эртнээс ойлгож, анхааруулж байв.  Харин сүүлийн жилүүдэд улстөрчид ухаарч эхэлж, тогтвортой хөгжил, баялгийн тэгш бус хуваарилалтыг дэмжих бодлого боловсруулагчдын тоо нэмэгдлээ.

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн манай сонинд өгсөн ярилцлагадаа “Эдийн засгийн гүйцэтгэлээрээ Азийн орнууд дэлхийг манлайлж буй ч цаашид өндөр өсөлтийн араас хөөцөлдөхийн зэрэгцээ тэгш бус байдлыг бууруулахад анхаарах хэрэгтэй. Улсын хөгжлийг зөвхөн ДНБ-ий өсөлтөөр бус хэр олон хүний амьдралыг чанаржуулснаар, нийгмийн тэгш бус байдал хэдий чинээ буурснаар дүгнэх нь зүйтэй” хэмээн хэлсэн юм.

Энэ санаачилга тогтвортой хөгжлийн загварыг дэлхийд хамгийн амжилттай хэрэгжүүлж буй, хөгжингүй орнуудын улстөрчдөөс эхэлж байна. Япон болон Европын орнуудын удирдагчид ДНБ-ий өсөлтийг бүхний хэмжүүрээр төсөөлөхөө больж, бусад үзүүлэлттэй хослуулан, эдийн засгийн эрүүл мэндээ хэмжиж байна. Тухайлбал, Япон улс гэхэд өөрсдийн боловсруулсан аргаар хэмжихэд ДНБээр агшсан эдийн засаг нь өссөн дүнтэй гарчээ.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн “Иргэд үндсэн хэрэгцээгээ хангаж буй эсэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ хүртээмжтэй буй эсэхийг ДНБ харуулдаггүй. Гэтэл орхигдоод буй эдгээр хүчин зүйлс улсын ирээдүйн суурь үзүүлэлтэд багтдаг” хэмээн мэдэгдсэн байна. Тэгвэл Шотландын Засгийн газрын тэргүүн сайд Никола Стержен “ДНБ нь эдийн засгийн богино хугацааны үйл ажиллагааг үнэлдэг” хэмээн тодорхойлов.

2018 онд Шотланд, Исланд, Шинэ Зеланд улс нэгдэж, өндөр өсөлтөөс илүү эдийн засгийн сайн сайхан байдалд чиглэсэн засгийн газруудын сүлжээ байгуулсан юм. Түүнчлэн Энэтхэг, Их Британи зэрэг улс шинэ хэмжих арга эрэлхийлж байгаа бол Канад улс ДНБ-ээс гадна нэг хүнд ногдох хөгжил цэцэглэлт, байгалийн тогтвортой нөөцийн үзүүлэлтийг тооцож эхэлжээ.

ДНБ тухайн улсад шинээр бүтээгдсэн бараа болон үйлчилгээг илэрхийлдэг хэдий ч эдийн засгийг бүрэн утгаар илтгэж чадахгүй байгаа нь энэ. Иймд ДНБ-ий өсөлтөд 100 хувь найдах хэрэггүй болж таарч байна.

Үүнийг ч дэлхийн зарим орон ойлгож, ДНБ-ийг бусад хэмжүүртэй хослуулан эдийн засгийн эцсийн үнэлгээ хийж байна. Манай улсын макро эдийн засгийн суурь үзүүлэлт нь өнөө хэр ДНБ хэвээр байгаа төдийгүй энэ хэмжүүрээр бид хаана яваагаа оношилсоор. Цаашлаад зөвхөн энэ үзүүлэлтийг өсгөхийн төлөө зүтгэж, хоцрогдсон хэмжүүрийн хойноос хөөцөлдсөөр байна. Бодлого тодорхойлогчид ч доголдолтой ДНБ-ээр улсынхаа судсыг атгачихаад, эдийн засаг маань сайн байна хэмээн гайхуулцгаадаг. Ялангуяа, улс төрийн сонгууль ойртохын хэрээр ДНБ дарга нарын хамгийн дуртай үг болдог төдийгүй энэ хэмжүүрийн өсөлтөөс эш татан, эдийн засгаа аварлаа хэмээн сайрхдаг. Гэтэл энэ нь үнэндээ эдийн засгийн өөрчлөлтийн зөвхөн нэг хэсгийг л тодорхойлох аж.

ДНБ-ийг бусад хэмжүүртэй хослуулан эдийн засгийн эцсийн үнэлгээгээ хийж байна

Цаашлаад ийм доголдолтой хэмжүүрээр Монголын эдийн засгийн бодит байдлыг бүрэн тодорхойлж, төрийн бодлогын жанжин шугам болгож болохгүй. Сүүлийн 20 гаруй жил ДНБий хэмжээ 40 дахин томорсон ч яагаад Монголын хүн амын гуравны нэг нь ядуу, баялгийн тэгш хуваарилалт асар их байна вэ. Бодлогын луужин өрөөсгөл байснаас улсын хөгжил ч ташаа чиглэл рүү шилжсэн юм биш биз. ДНБ төрийн бодлогын жанжин шугам биш болох нь батлагдаж байна. Иймд энэ үзүүлэлттэй бусад хэмжүүрийг хослуулах хүний хөгжил, байгаль орчин, хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийн байр суурийг дээшлүүлэх шаардлага тулгарч байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Компаниуд бонд гаргаснаар хөрөнгөө төрөлжүүлэх ач холбогдолтой

 0 сэтгэгдэл
  • Хаалттай бонд гаргахад чиглэсэн биржийн бус арилжааны зохицуулалтыг боловсронгуй болгоно

Санхүүгийн зохицуулах хорооноос Япон улсын хамтын ажиллагааны байгууллага болох JICA-тай хамтран “Монголын хөрөнгийн зах зээлийг чадавхыг бэхжүүлэх төслийн хоёрдугаар шатыг эхлүүлж, компанийн бондын зах зээлийг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Тэд Монголын компанийн бондын зах зээлийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хаалттай бонд гаргахад чиглэсэн биржийн бус арилжааны зохицуулалт, эрх зүйн тогтолцоог сайжруулах, зэрэг асуудлыг чухалчлан үзлээ. “Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэхийн тулд дотоодод компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн JICA-гийн бондын зөвлөх акамацу норитакаг онцлон хэллээ. Компаниудын бондод мэргэжлийн байгууллагууд хөрөнгө оруулдаг. Гэвч Монголд хязгаарлагдмал байна. Өнгөрсөн оны найман сарын байдлаар 20 хөрөнгө оруулалт менежментийн компани байна. 

Зах зээлд нээллтэй бонд гаргахад чирэгдэл ихтэй байдаг

Эдийн засгийн судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс 

2019 оны III улирлын байдлаар ДНБ 4.4 хувь хүрсэн нь эдийн засгийн өндөр өсөлт биш. Мөн инфляц сүүлийн үед өсөх хандлагатай байна. Компанийн бонд нь нийтийн болон хувийн гэсэн хоёр төрлөөр гардаг. 2018 онд 20 орчим тэрбум төгрөгийн бондыг 16-20 хувийн хүүтэй хувийн хэлцлээр гаргасан гэх тойм мэдээ байдаг. Бондыг нээлттэй гаргахаас хувийн хэлцлээр гаргах нь банкинд илүү ашигтай. Нээлттэй бонд гаргахад СЗХ-оос зөвшөөрөл авах ёстой, шимтгэлд нэлээд их мөнгө зарна гэх зэргээр чирэгдэл ихтэй. Тиймээс банкууд бондоо нээлттэй гаргах сонирхол төдийлөн байдаггүй. Компанийн бонд зах зээлд гарвал хүүгээрээ өрсөлдөж эхэлнэ. Хадгаламжийн хүү жигнэсэн дундаж нь 11.5 хувь, банкны олгож буй зээлийн жигнэсэн дундаж нь 16.9 хувь байна. Тэдгээр нь Засгийн газрын бондтой өрсөлдөж магадгүй.

Компанийн бонд гаргах нь IPO хийхтэй адил хэмжээний зардал, цаг хугацаа шаардаж байна

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан 

Олон улсад компанийн бонд Засгийн газрын баталгаатай гаргадаг. Зүүн Азийн бүс нутгийн орнуудын хувьд компанийн бондын зах зээлийн хэмжээ ДНБ-тэй харьцуулахад хоёр ба түүнээс дээш хувьтай байна. Манай улсын хувьд, компанийн бондын зах зээл 2001 оноос эхэлсэн ч 16 компани олон нийтэд бондоо санал болгож 25.6 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. хамгийн сүүлд, 2017 онд сүү хк “сүү” бондоо зургаан тэрбум төгрөгөөр нэг жилийн хугацаатай гарсан байна. Энэ бол чамлалттай тоо. Бонд гаргах нь IPO хийхтэй адилхан хэмжээний зардал, цаг хугацаа шаардаад байгаа юм. Тиймээс СЗХ-ны зүгээс зохицуулалтын орчныг тодорхой болгох ажлыг хийнэ. Энэ хүрээнд СЗХ-оос JICA-тай хамтран хоёр шаттай төсөл хэрэгжүүлж байна.

2019 онд 22 ХК манайхаар дамжуулан ногдол ашгаа хуваарилсан 

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа 

Манай компанид 327 үнэт цаасны компанийн хувьцаа байна. 2019 онд 22 ХК манай компаниар дамжуулан ногдол ашгаа хуваарилсан. Бүх ХК хувьцаагаа тараалгасан бол их хэмжээний хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа өөртөө үлдээгээд, бусдынхаа ногдол ашгийг манайхаар жуулчлуулан тараалгах гэсэн зохицуулалттай тогтоол СЗХ-оос гарах гэж байна. Хувьцаа эзэмшигч 100 төгрөг төлж манай байгууллагаар үйлчлүүлдэг. Гэхдээ шимтгэл хураамжаа бууруул гэсэн учраас бид 10,000-аас доош хувьцаа эзэмшигчтэй компанийн ногдол ашгийг үнэгүй тарааж өгнө, түүнээс дээш нэг хувьцаа эзэмшигчид 50 төгрөгөөр тараана гэсэн хүсэлтээ хороонд хүргүүлсэн.

Японд төдийгүй бусад улсад онлайнаар бондоо гаргадаг

Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн дарга тамура Эрико 

Компанийн бонд гаргах нь ААН-ийн хувьд хөрөнгөө төрөлжүүлэхэд нэлээн ач холбогдолтой. Компанийн бондын зах зээлд холбогдогч байгууллагуудын мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй. Одоог хүртэл нийт 16 байгууллага компанийн бонд гаргасан гэсэн тоо байна. Энэ нь бонд гаргах үйл явц, хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэйг харуулж байна. Мөн тухайн бондыг худалдан авах дүрэм журмыг тодорхой болгох хэрэгтэй болов уу. Хууль эрх зүйн орчноос гадна, тухайн хуулийн заалтыг тодорхой болгох нь нэн тэргүүний ажил. Японд төдийгүй бусад улсад онлайнаар бондоо гаргаж, хаанаас ч худалдан авах боломж бүрдүүлж, худалдан авах хэлбэр хөгжсөн байдаг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засагт эмгэг үүсгэх инфляцын аюул хол биш байна

 0 сэтгэгдэл
  • Хэрэглээний үнийн индекс зүүн бүсэд 6.1 хувь гарсан нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бол Улаанбаатар болон төвийн бүсэд тус бүр таван хувь гарсан нь хамгийн бага үзүүлэлт болов


Эдийн засгийн 2020 оны эрсдэл инфляц хэвээр байна. үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн индекс болох инфляц 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5.2 хувьтай гарав. Энэ нь 2017 оноос хойших хамгийн нам үзүүлэлт болж байна. Инфляцын түвшнийг өнгөрсөн онтой харьцуулахад 2.9 хувиар буурчээ. Хэрэглээний үнийн индекс Зүүн бүсэд 6.1 хувь гарсан нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бол Улаанбаатар болон төвийн бүсэд тус бүр таван хувь гарсан нь хамгийн бага үзүүлэлт болов. Төрөөс баримтлах мөнгөний бодлогын энэ оны үндсэн чиглэлд инфляцыг найман хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан. Хэдий тийм боловч эдийн засагт үзүүлэх инфляцын дарамт нэмэгдсээр байна. Эдийн засгийн өнөөгийн “эрүүл мэнд”-ийг тодорхойлох инфляц 5.2 хувиар өсөхөд хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. Тэр тусмаа мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт үүний дийлэнх хэсгийг эзэлсэн байна. Мөн төрийн зохицуулалттай ус, цахилгааны үнэ нэмэгдсэн нь инфляц өсөх ээлжит шалтгаан болжээ. Инфляцын дундаж түвшин 2018 онд 6.8 хувь байсан бол өнгөрсөн онд 7.3 хувьд хүрэв. Үнийн индексийг “оношлох” хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, нийслэлийн хэмжээнд 344 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийг судалж, тооцоолж байна. Төгрөгтэй харьцах ам.доллар, юань тэргүүтэй валютын ханш чангарах болсноор үнийн өсөлтийн график өмнөх жилүүдийнхээс огцом өндөлзөх магадлалтай харагдана. 2020 оны улсын төсвийн зарлагын өсөлт импортыг урамшуулах, хэрэглээг дэмжихээр байгаа нь мөнгөний бодлогын шинэ сорилт болоод байна. Тухайлбал, төрөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай шийдвэр хэрэгжиж эхэлснээр дотоодын зах зээлд сар шинийн баярын өмнө нэг их наяд төгрөг өрхийн хэрэглээг огцом өсгөж мэдэх нь. Монголын эдийн засаг ихээхэн эмзэг болж байгааг илтгэх инфляц сонгуулийн өмнө “тэсэрнэ” гэсэн хүлээлт их байна. Тэтгэврийн зээлийг тэглэх болсноор инфляц нэг хувиар нэмэгдэнэ гэсэн судалгааг төв банкнаас гаргасан. Хэдий тийм боловч ам.долларын ханшийн өсөлт, бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхээр байгаа нь инфляц эдийн засагт эмгэг үүсгэх аюул хол биш байна. 







A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгт юанийн эсрэг суларч байна

 0 сэтгэгдэл
  • Юанийн ханш түүхэн дээд цэгт хүрлээ
  • Хэрэглээний эдийн засагтай, үйлдвэрлэгч бус улсад, тэр тусмаа Хятадтай нийт худалдааныхаа 80 хувийг хийж байгаа нөхцөлд бид юанийн ханшийг анхаарч үзэх ёстой зүйлийн нэг


Манай улсын гадаад худалдаанд онцгой байр суурь эзэлдэг өмнөд хөршийн юанийн ханш энэ он гарснаас хойш төгрөгийн эсрэг чангарсан хэвээр байна. Төв банкны зарласан албан ханшаар юань лхагва гарагт 398.51 төгрөгтэй тэнцлээ. Харин энэ өдөр “Найман шарга” валютын зах 399.5 төгрөгөөр зарж, 398 төгрөгөөр худалдан авав. БНХАУ худалдааны алдагдлаа бууруулах, улмаар экспортоо дэмжих үүднээс юанийн ханшаа сулруулах болсон. Тэр тусмаа АНУ-тай эхлүүлсэн худалдааны маргааныг хохирол багатай даван туулахаар эдийн засгаа тэлсэн мөнгөний зөөлөн бодлого баримталж буй. Дэлхийн түүхий эдийн нийлүүлэлтийн тэн хагасыг залгидаг урд хөршийн дотоодын эрэлт буурч, бизнесийн орчин ялимгүй хумигдсан. Тэгвэл энэхүү эдийн засгийн удаашралыг саармагжуулахаар БНХАУ-ын төв банк арилжааны банкны заавал байлгах нөөцийн хэмжээгээ бууруулж, зах зээлд нэвтрэх мөнгөний урсгалыг өргөтгөсөн. Ингэснээр бизнесийг тэтгэх хямд эх үүсвэрийг бий болгож, 115 тэрбум ам.долларыг банкны системээсээ энэ онд чөлөөлөх гэж байна. Гэтэл манай улсын хувьд авч үзвэл, юанийн ханш сүүлийн гурван сарын хугацаанд даруй 13 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь инфляц өсөхөд хөтлөх сөрөг талтай. Хятад улстай хийж буй худалдааны эргэлтээ манай улс 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж буй. Хэдий тийм боловч юанийн ханш цаашид тогтвор жих бус дээрх байдлаар нэмэгдсээр байвал манай улс багагүй алдагдал хүлээ хээр байгаа юм. ОУВС-гийн нөөц валютын нэг нь юань. Дунд хугацаанд хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгтийн ханшид юанийн ханшийн урт хугацааны амбиц дарамт болж магадгүй байна. Одоогийн төгрөгийн эсрэг чангарах юанийн хан шийн өсөлтийг ирэх сард тохиох сар шинийн баяртай холбон зарим эдийн засагч тайлбарлаж байна. Мөн ам.долларын ханшийн өсөлтийг дагаж юань болон бусад валют төгрөгийн эсрэг чангарах болсныг мөн дурдаж буй. Хятадтай манайх нийт гадаад худалдааныхаа 80 гаруй хувийг хийж байна. Төв банкны судалгаагаар, Монгол Улс нүүрсний экспортоос юанийн орлого олж, үүнийгээ өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импортод зарцуулдаг. Өнгөрсөн онд манай улс Хятадад 36 сая тонн нүүрс нийлүүлсэн. Харин энэ онд 42 сая тонныг гаргахаар төлөвлөж буй. Юань авчрах нүүрсний экспорт 2019 онд хамгийн нааштай үр дүн дагуулсан. Харин энэ оны хувьд нүүрсний үнэ буурах эрсдэл өндөр хэвээр байна. Хэрэв нүүрсний экспортод бэрхшээл тулгарвал энэ нь юанийн ханш төгрөгийн эсрэг чангарах бас нэг үндэслэл болох талтай. Хятадын Ардын банктай манай улсын төв банк үндэсний мөнгөн тэмдэгт солилцох гэрээ байгуулсан. 15 тэрбум юанийн гэрээний хугацаа ирэх наймдугаар сард дуусгавар болох тул энэхүү гэрээг сунгах асуудлыг хоёр тал ярилцаж эхэлсэн. Хэрэв гэрээг сунгаж чадахгүй нөхцөл байдал үүсвэл дотоодын валютын зах зээлд дээрх хэмжээний дарамт ирэхээр байгаа юм. Хэрэглээний эдийн засагтай, үйлдвэрлэгч бус улсад, тэр тусмаа Хятадтай нийт худалдааныхаа 80 хувийг хийж байгаа нөхцөлд бид юанийн ханшийг анхаарч үзэх ёстой зүйлийн нэг. Тэр тусмаа өмнөд хөршөөсөө худалдаа, эдийн засгийн хувьд үлэмж хамааралтай манай улсад юанийн нөлөө хамгийн их. Тэгвэл өнөөдөр юань түүхэн дээд цэг болох 398 төгрөгт хүрээд байна. Юанийн ханшийн энэхүү огцом өөрчлөлт өрх болгоны төсөвт зардал, үнийн өсөлт даллаж байна. Энэ нь бидний хэрэглээ улам үнэтэй болно гэсэн үг. Намар хүүхдүүдийн хичээл, сургууль орох болон шинэ жил, сар шинийн баярын өмнө их худалдан авалтаас үүдэн юанийн ханш хэлбэлзэж, эрэлт нэмэгддэг. Сар шинийг угтсан юанийн ханшийн өсөлт энэ жилийн өртгийг нэмэхээр байна. Баярын бэлтгэлээ хямд базаахыг хүн болгон хүсэх нь ойлгомжтой. Гэвч ханшийн өсөлт нөхцөл байдлыг ихээхэн өөрчлөх нь. Үндэсний статистикийн хорооны тооцоолсноор, 895.1 мянган өрхийн 572.6 мянга буюу 64 хувь нь цагаан сар тэмдэглэж байна. Нэг өрх дунджаар1.5 сая төгрөг зарцуулдаг бол юанийн ханшийн өсөлтөөс шалтгаалж энэ жил баярын зардал нэмэгдэх нь. Хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг учраас энэ үеэр улсын хэмжээнд 845.1 тэрбум төгрөг эдийн засгийн эргэлтэд орж, үүний 80 хувь гадагшлах буюу импортыг дэмждэг тооцоо бий. Ийм нөхцөлд төгрөгийн эсрэг ам.доллар болон юанийн ханш өссөөр байвал өрхийн төсөв зардлаа даахгүйд хүрэх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Мэргэжлийн хөрөнгө оруулагчид дутмаг байгаа нь зах зээлийн томоохон эрсдэл

 0 сэтгэгдэл
  • Сангийн журмыг боловсруулахдаа эрсдэлийг хэтэрхий их тооцож, хаасан байдлаар зохицуулалт хийсэн
  • Хэтэрхий хараат бус журам боловсруулснаас болж компаниудын ТУЗ хүчгүй байна. Өнөөдрийн байдлаар зах зээл хөрөнгө оруулалтгүй, ханш хямд, иргэдийн арилжааны идэвх сул байна

“БиДиСек” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүнтэй хөрөнгийн зах зээлийн 2020 оны төлөвийн талаар ярилцлаа. Тэрбээр мэргэжлийн тоглогч нар дутмаг байгаа нь 2020 оны сорилт болно хэмээн онцолсон юм

-Энэ оны хөрөнгийн зах зээлийн төлөв ямар байх талаар яриагаа эхэлье?

-“Бодь даатгал” компанийн IPO-г манай компани гаргахаар болсон. Давтан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ харьцангуй бага хэдий ч оны анхны IPO гэх утгаараа нэлээд хүлээлттэй байна. Олон жижиг компаниас илүүтэй цөөн тооны мэргэшсэн томоохон компани байх нь нэр хүнд болон хувьцаа эзэмшигчдийн тоогоороо илүү байдаг. Компаниуд энэ жишиг рүү шилжиж байна. Жишээ нь, АПУ болон “Говь” компанийг дурдаж болно. Ийм компаниудын ашиг орлого илүү сайжирч, олон улсын тоглогч болох хандлагатай байна. Дотоодын хөрөнгө оруулагчдын хүлээж буй гол зүйл нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид юм. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн бирж хамтран шийдэхээр болсон. Мөн иргэд үнэт цаас худалдан авч, хуримтлал үүсгэдэг жишиг манайд хөгжихгүй байна. Тэгэхээр хувь хүн, өрх, байгууллагууд цалингийнхаа тодорхой хувиар үнэт цаас авч, хэрэгцээтэй үед нь зах зээлд гаргадаг тогтолцоо руу нийтээрээ шилжвэл хэрэгтэй л дээ. Эдгээр нөхцөлүүд үүсэхгүй байгаа учраас дотоодын мэргэжлийн тоглогч нар дутаад байна. Энэ нь 2020 оны манай зах зээлийн томоохон сорилт болно. 

-Мэргэжлийн хөрөнгө оруулагч буюу хөрөнгө оруулалтын санг бий болгоход юуг анхаарах ёстой вэ. Ямар ажлууд хийж байна? 

-Мэргэжлийн хөрөнгө оруулалтын санг байгуулахад сангийн журмыг боловсруулахдаа эрсдэлийг хэтэрхий их тооцож, хаасан байдлаар зохицуулалт хийснээс шинээр сангууд үүсэн бий болох боломж, орон зайг үгүй хийсэн. Тухайлбал, хөгжих орон зай алга. Тиймээс зохицуулалтыг суллаж, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжих нь зүйтэй. Хөрөнгө оруулалтын сан бий болгоод татвар төлнө гэвэл хүмүүс дуртай хүлээж авахгүй болов уу. Мөн мэргэшсэн боловсон хүчин дутмаг байна. Хөрөнгийн зах зээлд ажиллаж буй брокер, дилерийн чадамжийг нэмэх зайлшгүй шаардлагатай. 

-Биржид бүртгэлтэй компанийн идэвх хэр байна вэ? 

-Биржид бүртгэлтэй компаниудад засаглал, ил тод байдал дутагдаж байна. Тухайлбал, төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд яам бүрээс нэг хүн томилогддог байх хэрэгтэй. Засаглалыг сайжруулна гэх нэрээр хэтэрхий хараат бус журам боловсруулснаас болж компаниудын ТУЗ хүчгүй байна. Өнөөдрийн байдлаар зах зээл хөрөнгө оруулалтгүй, ханш хямд, иргэдийн арилжааны идэвх сул байна. Энэ нь биржид бүртгэгдэх компанийн тоог хязгаарлах болов уу. Тиймээс үнэт цаасыг худалдаж авахыг хүсдэг. Засгийн газар үнэт цаас гаргах нь тохиромжтой. Хэдийгээр мөнгөний зах зээлийн бүтээгдэхүүн ч гэсэн үүгээр дамжуулан хөрөнгийн зах зээлд, иргэд, бусад хөрөнгө оруулагчдийг хамруулах боломжтой. 

-IPO хийсэн компанийн хувьцааны ханш тогтвортой биш байх юм. Энэ юутай холбоотой вэ?

-Мэргэжлийн хөрөнгө оруулагч дутмаг байгаа учраас брокер, дилерийн компаниудын хөрөнгө оруулалтын сангууд муу байна. Үүнийг чадавхжуулах, тооны олноос чанарын илүү рүү шилжүүлэх, илүү чадварлаг байлгах, санхүүжилтийг шийдэх хэрэгтэй байна. Санхүүжилт олгож байж илүү сайжирна шүү дээ. Бирж, санхүүгийн зохицуулах хороо гэх зах зээлийн ордон босгосон атлаа очих гүүр нь байхгүй байна. Хүмүүст аюулгүйгээр дамжиж очих гүүр хэрэгтэй байгаа юм. Энэ нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид.