A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/284/

Дотоодод үйлдвэрлэсэн шалавч эрэлт ихтэй болжээ

Нэг шалавчийг хамгийн багадаа нэг цагийн дотор үйлдвэрлэдэг

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/284/



Өнгөрсөн оны статистикаас харвал улсын хэмжээнд 760 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Хүн амын тоотой нь харьцуулбал энэ мэдээж их тоо. Зөвхөн 2017 онд 39429 суудлын машин импортоор орж иржээ. Автомашины тоо жилээс жилд нэмэгдэхийн хэрээр үүнийг дагасан зах зээл улам томорсоор байгаа. Ялангуяа дагалдах сэлбэг хэрэгслийн зах зээлийг тооцвол аварга дүн гарч ирэх нь гарцаагүй. Гэвч манай улс сэлбэг хэрэгслээ бараг 100 хувь гаднаас импортолдог гэж болно. Дотооддоо үйлдвэрлэдэг дагалдах хэрэгслийг тоолбол гарын таван хуруунд багтах биз. Харин энэ том зах зээлээс боломж шүүрч, импортлогч компаниудтай өрсөлдөхөөр зориглосон нэгэн компанийг “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. Энэ бол автомашины шалавч үйлдвэрлэдэг “Монгол 3D шалавч” компани. Тус компани анх “Эко” шалавч үйлдвэрлэдэг байв. Харин 2015 оны сүүлээс эхлэн 3D шалавч хийх болжээ. Ер нь автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд шалавчаа өөрсдөө үйлдвэрлэх нь ховор байдаг. Энэ үүргийг туслан гүйцэтгэгч компани ихэвчлэн хариуцна.


Одоо энэ зах зээлд Хятад, Япон улс тэргүүлдэг байна. Автомашины шалавч гэхээр ач холбогдол багатай мэт сонсогдож магадгүй. Гэхдээ энэ нь төмөр хүлгийн маш чухал хэрэглээний нэг. Шалавчны материал сайн байснаар зорчигч болон жолоочийн тухтай байдлыг хангана. Мөн шалавч нь тухайн машины үзэмжид өнгө нэмнэ. Хамгийн гол нь жолоочийн аюулгүй байдалд нөлөөтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс сануулдаг. Манайд зарагддаг шалавчны тухайд ихэнх нь нэг ерөнхий хэмжээтэй учраас машин бүхэнд тохирдоггүйгээс гадна замын хөдөлгөөнд оролцоход гишгүүрийн ард тээг болж уртдах, гулгах, хуйлрах, хөлдөх сул талтай. Харин 3D шалавч битүү учраас дээрх асуудлууд гардаггүй. Мөн нарийн хэмжээсийн дагуу хийснээр тухайн автомашинд яг тохирдог байна. “Өмнө нь Солонгост ажиллаж байхад нэг найз маань эко шалавч Монголд хийдэг болох уу гэсэн санал тавьсан юм. Тэр саналыг хүлээн авч, 2013 оноос Монголд эко шалавч үйлдвэрлэх болсон. Солонгосоос түүхий эдээ авч хийдэг байлаа. Харин валютын ханшийн өсөлтөөс болоод түүхий эдээ татах боломжгүй болсон учраас 3D шалавч үйлдвэрлэх болсон. Анх шалавч үйлдвэрлэж эхэлж байхад хүмүүс бараг мэддэггүй байлаа. Бас манайхыг дуурайлган хийсэн импортын чанаргүй шалавч оруулж ирдэг хүмүүс их байсан.


• Гаднын оронд үйлдвэрлэдэг шалавч хэт өндөр үнэтэй байдаг.

• Монгол 3D шалавч нь нарийн хэмжээсийн дагуу хийдэг учраас тухайн автомашинд яг тохирдог.

• “Монгол 3D шалавч” жилдээ 1500 орчим шалавч үйлдвэрлэж байна.


Сүүлдээ үл тоодог байсан хүмүүс өөрсдөө манайхыг зорин ирж, худалдаж авдаг болсон” хэмээн “Монгол 3D шалавч” компанийн захирал Р.Сумралди ярилаа. Шалавч үйлдвэрлэх дараалал тун энгийн. Эхлээд тухайн машинаас хэмжээг нь авч, дараа нь эсгүүрийн дагуу оёдлоо хийнэ. Нарийн хэмжээсийн дагуу шалавчаа оёдог учраас уртдаж, гулгана гэж санаа зоволтгүй. Мөн тус шалавчны лидриний ард даавуу барьж оёсноор амархан урагдахгүй. Дотор талыг нь зөөлөн, хатуу поролоноор хийдэг учраас гулгахгүй, өвлийн 40 хэмийн хүйтэнд ч хөлдөж хугарахгүй гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байв. Захиалгын ачааллаас хамаарч хамгийн багадаа цагийн дотор зөвхөн тухайн машинд тохирсон шалавч бий болдог байна. Үнийн хувьд сонголтоос хамаарч 60 мянган төгрөгөөс эхэлдэг аж.


Мэдээж үйлдвэрлэлээ эхэлж байхад бүх зүйл амаргүй байв. Бусдад танигдаагүй учраас бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй өдөр ч байсан гэнэ. Харин хүмүүс чанарыг нь мэддэг болж, тэднийхийг зорин ирэх жолооч нарын тоо нэмэгдсэнээр үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгджээ. Тус компани жилд ойролцоогоор 1500 шалавч үйлдвэрлэдэг. Сүүлийн үед ачаалал нэмэгдсэнээр өдөрт 35-ыг хийх болжээ. Мөн сардаа 20-30 сая төгрөгийн түүхий эд татдаг гэнэ. Үйлдвэрээс нь авч борлуулдаг долоо, найман цэг байдаг аж. Тэднийх шалавчаа чанартай материалаар хийдэг учраас 2-3 жилийн эдэлгээ өлхөн даана. “Анх шалавч үйлдвэрлэж эхлэхэд хүмүүс гайхдаг байлаа. “Чи шалавч үйлдвэрлэж яах гэсэн юм. Ашигтай байж чадах уу. Очиж очиж шалавч байхдаа яах вэ дээ” гэх мэтээр үл тоодог хүн их байсан.


Мөн дуураймал шалавч урдаас оруулж ирэх нь бидний үйл ажиллагаанд саад учруулдаг байв. Гэхдээ тэдний шалавч чанарын шаардлага хангахгүй байсан учраас өрсөлдөөнөөс хасагдсан. Дотооддоо үйлдвэрлэл эрхлэхийн тулд чанараараа танигдах нь хамгийн чухал шүү дээ. Тэр үед хэрэглэгчийн хүрээ аяндаа тэлэх болно” хэмээн Р.Сумралди хэлсэн юм. Тэдний бүтээгдэхүүн тодорхой хүрээнд танигдаж, өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болж чаджээ. Тэр ч байтугай Орос, Америк, Франц, Японд амьдардаг хүмүүс хүртэл захиалж авдаг байна. Учир нь эдгээр оронд автомашины шалавч өндөр үнэтэй байдаг. Тиймээс гадаадад амьдарч буй монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн зэрэгцээ чанартай, үнийн хувьд боломжийн шалавчийг сонгох болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Чөлөөт хувцасны “Monline” брэнд дотоодын зах зээлийг хэдийнэ эзэлсэн

Дотоодын зах зээлийн 85 хувийг үндэсний үйлдвэрүүд эзэлдэг болсон

 0 сэтгэгдэл


Хүн бүхэнд, тэр дундаа тамирчинд хөлс шингээж, агаар нэвтрүүлдэг, биед эвтэйхэн, будаг гардаггүй, чанартай хувцас тун чухал. Харин эдгээр шаардлагыг хангадаг нь зөвхөн импортын брэндийн бүтээгдэхүүн гэсэн ойлголт бидний дунд бий. Гэхдээ импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх хэмжээний чанар, загвар сайтай үндэсний брэнд хэдийнэ бий болж, өөрсдийн хэрэглэгчидтэй болж амжжээ. Тодруулбал, спорт, чөлөөт хувцасны “Monline” брэнд сүүлийн таван жилийн дотор 21 аймагт салбартай болж, 400 гаруй ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. “Monline” брэнд нь дэлхийн стандартын шаардлагад нийцсэн Adidas, Nike, Asics, Mizuno үйлдвэрүүдийн материалаа авдаг даавууны үйлдвэрээс түүхий эдээ оруулж ирдгээрээ онцлог. Ингэснээр үйлдвэрлэсэн хувцас, хэрэглэл нь чанарын өндөр түвшинд хүрч чаджээ.

Тус брэндийг үүсгэн байгуулагч А.Чимэд-Очир олон жилийн турш гадаад, дотоодын зах зээлийг судалсны үндсэн дээр дотоодын бэлэн хувцасны зах зээлд боломж байгааг анзаарсан байна. Ийнхүү 2011 онд спортын болон чөлөөт хувцсыг чанарын өндөр түвшинд хийхээр зорьж, улмаар 2012 онд нь “Monline” брэндийн оёдлын салоныг нээжээ. Социализмын үед манайд оёдлын үйлдвэрлэл боломжийн хэмжээнд хөгжиж, чадварлаг мэргэжилтнүүд маш ихээр бэлтгэгдэж байсан түүх бий. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш том үйлдвэрүүд хаалгаа барьж, мундаг оёдолчид нь байрны подвальд жижиг цех ажиллуулах хэмжээнд хүрсэн. Энэ үед спорт хувцасны зах зээлийн 85 хувийг импорт, ердөө 15 хувийг дотоодын бүтээгдэхүүн хангадаг байж. Тиймээс энэ 85 хувийг эзлэхийн тулд энгийн оёдлын үйлдвэрийг салон болгож, үйл ажиллагаагаа томруулахыг зорьсон гэнэ. Гайхалтай нь салон нээгдсэн эхний өдрөө л үр дүн нь мэдрэгдэж, ашигтай ажиллаж эхэлжээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээ олны дунд бий болоод байсан нь ч үүнд нөлөөлсөн байх. Харин ажлын ачаалал нэмэгдэхийн хэрээр сайн боловсон хүчин дутагдаж эхлэв. Тиймээс зах зээлээс өмнөх үед ажиллаж байсан туршлагатай оёдолчдыг урьж ажиллуулах болсон байна. Тэдэн дунд өөрсдийн жижиг үйлдвэрийг ажилуулдаг хүмүүс ч байв.

Гэхдээ сарын орлогыг нь судалж үзээд, тэр хэмжээний цалин санал болгосноор сайн ажилчдыг элсүүлж чаджээ. “Анх төв салон дээрээ 20 оёдолчинтой үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Гэвч хэрэглэгчдээс ирэх захиалгыг гүйцэж чадахгүй, сүүлдээ бүр хоёр сарын хүлээлт үүсэж эхэлсэн. Тиймээс ижил төрлийн үйл ажиллагаатай гурван компани бий болгож, оёдлын технологи, бараа материалаа хуваалцаж, хамтран үйлдвэрлэж эхэлсэн. Нэгэнт л ачааллаа дийлэхгүй байгаа болохоор бусдад боломж олгох нь зөв гэж үзсэн юм. Хэдийгээр үйлдвэрлэлийн хэмжээгээ ингэж нэмэгдүүлсэн ч захиалгаа бас л гүйцэж чадахгүй байв. Ялангуяа хөдөө, орон нутгаас маш их захиалга ирсэн. Тиймээс 21 аймагт салбараа нээсэн юм. Харин одоо бол Монголын компаниуд үйлдвэрлэлээ бага багаар тэлсээр дотоодын зах зээлийн 85 хувийг хангах зорилгодоо хүрээд байна” хэмээн А.Чимэд-Очир ярьсан юм. “Monline” брэнд Монголын баг, тамирчдаа дэмжин ажиллахыг чухалчилдаг. Өнгөрсөн хугацаанд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон волейболын шигшээ болон Казахстаны тэмцээнд оролцсон хүндийг өргөлтийн тамирчид тус брэндийн хувцсаар гангарсан байна. Мөн бокс, сагс, бадминтон, шатар, хоккей зэрэг олон спортын тамирчдыг ивээн тэтгэж, хувцас хэрэглэлээр хангажээ. Тус компани нийт орлогынхоо 10 хувийг улсынхаа нэрийн өмнөөс тэмцээнд орж буй тамирчдыг ивээн тэтгэхэд зарцуулдаг байна.


• Тус компани нийт орлогынхоо 10 хувийг тамирчдыг ивээн тэтгэхэд зарцуулдаг.
• Түүхий эдийн гаалийн татварыг бууруулснаар үйлдвэрлэлийн өртөг буурна.
• Adidas, Nike, Asics, Mizuno үйлдвэрүүдийн материалаа авдаг даавууны үйлдвэрээс түүхий эдээ оруулж ирдэг.


Тус салоноор ихэвчлэн мэргэжлийн тамирчид, шигшээ багийнхан үйлчлүүлдэг. Тоглолтын хослол 35-55 мянган төгрөгийн үнэтэй. Ерөнхийдөө сагс, волейбол, хөлбөмбөг, регби, бокс, хоккей, фитнесс болон ажлын хувцас, бэлтгэлийн хослол, цүнх зэрэг бүтээгдэхүүн хамгийн эрэлттэй байдаг аж. Түүнчлэн баяр ёслолын үеэр үндэсний дээл, костюм, даашинз зэргийг урладаг байна. Бүсгүйчүүд нэг даашинз өндөр үнээр авсан ч ганц баяраар өмсөөд л дахиж шүүгээнээсээ гаргадаггүй. Тэгвэл “Monline”-ийнхан томоохон баяруудын өмнө шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ түр зогсоож, бүсгүйчүүдийн даашинзыг шинэчилж өгдөг аж. Энэ үеэр бүсгүйчүүд цүнх дүүрэн даашинз барьж ирээд л загвар, хийцийг нь шинэчлэн янзлуулдаг гэнэ.


Хэн хэндээ хэрэгтэй үйлчилгээ гэж үүнийг хэлэх байх. “Үйлдвэрлэл эрхэлж буй ихэнх компани богино хугацаанд их ашиг олохыг урьтал болгодог. Үүнийг дагаад зах зээлээ алдах эрсдэл бий. Харин бидний хувьд бага ашгаар удаан хугацаанд оршин тогтнохыг эрмэлздэг. Шуналаа бага зэрэг хойш тавихад л амжилттай ажиллах боломж бүрдэх юм. Ажилчдаа цалинтай байлгах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нь төлүүлэх, өндөр тэтгэвэрт гаргах, аз жаргалтай амьдруулах нь миний хувьд хамгийн гол ашиг” хэмээн А.Чимэд-Очир хэлсэн нь бусад үйлдвэрлэгчдэд нэгийг бодуулах биз ээ. Тэднийх хэдийгээр ачаалал ихтэй ч хүмүүсээ илүү цагаар ажиллуулах зэргээр шахдаггүй гэдгээ хэлж байв. Илүү цагаар, хонон өнжин ажиллавал ажлын бүтээмж муудна гэж үздэг учраас тэр. Харин үүний оронд ажлын цагийн бүтээмжийг дээшлүүлэх тал дээр илүү анхаардаг аж. “Манай оёдлын салбарын гол бэрхшээл түүхий эдийн эрэлт хэрэгцээ. Даавуугаар дотооддоо хувцас үйлдвэрлэх, бэлэн хувцас импортоор оруулж ирэх хоорондоо асар их ялгаатай. Дотооддоо үйлдвэрлэх нь түүхий эдийн татвар, цалин хөлс, ажлын байр нэмэгдүүлэх гээд зах зээлийн хөгжлийг дээш татдаг. Тиймээс дотооддоо үйлдвэрлэх боломжгүй түүхий эдийн гаалийн татварыг чөлөөлөх нь зүйтэй. Түүнчлэн дотооддоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнтэй ижил төрлийн импортын барааны гаалийн татварыг нэмэх зэргээр үндэсний үйлдвэрүүдээ дэмжмээр байна. Тухайлбал, БНХАУ-аас манайд орж ирж буй бүтээгдэхүүний гаалийн татвар маш бага. Мөн гаалийн татвар төлдөггүй тээврийн хэрэгслээр агуулахын үлдэгдэл болсон хямд бараа нэвтэрдэг. Түүхий эдийн гаалийн татвараа төлөөд, ажилчдаа цалинжуулдаг үндэсний үйлдвэрүүд үүнтэй өрсөлдөхөд хэцүү байна. Манай дарга нар үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж ярьдаг хэрнээ бодлогоо зөв тодорхойлоод хэрэгжүүлж чаддаггүй” хэмээн А.Чимэд-Очир эцэст нь хэлсэн юм.



М.Мөнхзул

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монгол агуулгыг графиктай хослуулсан “Өөрөөрөө” брэнд

Нэг бүтээгдэхүүн гарахдаа гурван сараас нэг жилийн хугацаа зарцуулдаг

 0 сэтгэгдэл


Сүүлийн үед хотын гудмаар монгол хээ угалз дүрсэлсэн, энгийн хэрнээ цаанаа л нэг чамин үүргэвч үүрсэн залуусыг та анзаарсан уу. Үндэсний хэв маягийг орчин үеийн загварт шингээн, шинэ үеийнхнийг онилсон загварын хувцас, хэрэглэлүүдийг дотоодын дизайнерууд олноор үйлдвэрлэх болсон. Харин “Өөрөөрөө” брэнд нь график дүрслэлийг мэргэжлийн өндөр түвшинд ашиглаж, үндэсний хээ, угалзыг орчин үеийн чиг хандлагад нийцүүлснээрээ бусдаас ялгардаг.

Энэхүү содон шийдэлтэй, шинэлэг загвар бүхий “Өөрөөрөө” брэндийг энэ удаагийн “Би үйлд­ вэрлэгч” буландаа онцолж байна. Эртний түүх соёл, өв уламж­ лалыг дээдлэн, өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг болгох нь тэдний зорилго. Тиймээс монгол хээ угалзыг графиктай хослуулж, бусдаас ялгарах өвөрмөц шийд­ лийг гаргаж ирсэн байна. “Өөрөөрөө” брэнд жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа ч хэдийнэ олонд танигдаад амжжээ. Хамгийн анхны бүтээг­ дэхүүн нь футболк байсан бол өдгөө дөрвөлжин цүнх болон үүргэвч нь залуусын өдөр тутмын хэрэглээ болоод байна.

БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХЭРЭГЛЭЖ ТУРШСАНЫ ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДААНД ГАРГАДАГ

Брэндийг үүсгэн байгуулагч Б.Отгонбадрахаас бүтээгдэхүү­ нийхээ санааг хэрхэн олж, эхлүүлсэн тухай асуухад “Би график дизайнер мэргэжилтэй. 2010 оноос хойш өөрийн сонирх­ лоор хувцсан дээр график зураг хийж, бүтээгдэхүүнээ цөөн тоогоор гаргаж эхэлсэн. Харин 2016 онд төрийн дуулалтай, социализмын үеийн сүлдтэй футболкнууд гаргасан нь залуусын анхаарлыг татаж чадсан. Улмаар даавуун дээр график дүрс буулгадаг хэвлэлийн машинтай болсноор цүнх үйлдвэрлэж, брэндээ үндэслэсэн. Бүтээгдэхүүний загвар хийц чухал ч график дүрслэл дээр илүү анхаарлаа хандуулдаг.

Дан ганц хээ угалз ашиглах нь хоцрогдсон гэж хэлж болно. Тиймээс монгол хэв маягийг хөгжүүлэх зорилготой график дүрслэл ашиглаж байгаа. “Өөрөөрөө” брэндийн лого нь өөр, өөр, өө гэж гурав хуваагдсан байгаа. Энэ нь олон утгатай. Өөрийнхөөрөө байх, бүх зүйл өөр, мөн Монголоороо, өөрөөрөө байх гэсэн агуулгатай” гэв. Түүний эхнэр У.Номин-Эрдэнэ хувцас дизайнер мэргэжилтэй бөгөөд хувцасны өнгө, үзэмж, оёдол зэрэгт анхаарал тавьдаг байна. Тэд брэндээ үүсгэснээс хойш цүнх, футболк, цамц, майкны 3-4 төрлийн загвар гаргаж, цөөн тоогоор үйлдвэрлэж байгаа аж. Одоо хоёр оёдолчин, дэлгүүртээ нэг худалдагчтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Анх “Авдар” цүнхийг 40 ширхэг хийсний дараа хэрэглэгчдээс янз бүрийн санал, шүүмж иржээ. Энэ бүгдийг тусган авч “Зээбад” цүнхээ гаргасан байна. Одоо хэрэглэгчдээс ирсэн саналуудыг нэгтгэж, энэ сардаа багтааж бүх цүнхээ шинэчлэн сайжруулж, дахин гаргах юм байна.

• Загвар чухал хэдий ч хамгийн түрүүнд график дүрслэлийг нэгдүгээрт тавьдаг.

• График дүрслэлээ монгол агуулгаа онцолж хээ, угалзыг орчин үеийн болгож хөгжүүлдэг.
• Анхны цүнхээ гаргаснаас хойших бүх сэтгэгдлийг тэмдэглэн авч, бүтээгдэхүүнээ илүү чанартай болгохыг зорьж байгаа.

“Анхны цүнхээ гаргаснаас хойших бүх сэтгэгдлийг тэм­ дэглэн авч, бүтээгдэхүүнээ илүү чанартай болгохыг зорьж байгаа. Зарим нэг шүүмжлэл, сөрөг сэтгэгдэл ирнэ. Гэхдээ хүмүүс ихэвчлэн эергээр хүлээн авч, урам хайрлаж, зөвлөгөө өгдөг. Дөрөвдүгээр сарын сүүл гэхэд шинэчлэлээ бүрэн хийсэн байхаар төлөвлөж байна” хэмээн Б.Отгонбадрах ярилаа. Бүтээгдэхүүн нь тун өвөрмөц нэртэйг та анзаарсан байх. Тэд багагүй судалгаа хийсний үндсэн дээр утга агуулгатай нэрийг бүтээгдэхүүндээ өгдөг гэнэ.

Тухайлбал, “Зээбад” нь бат бэх, хүчирхэг байдлыг илтгэдэг аж. Чингис хааны үеэс Монголчууд далайн эзнийг Зээ Бад хэмээн нэрлэж, түүний толгойн дүрээр орд харш, сүм дуганыхаа үүдийг мануулдаг байжээ. Тэдний үйлдвэрлэж буй “Авдар”, “Зээбад”, “Хангарьд” цүнх тус бүр 88 мянган төг­ рөгийн үнэтэй. Цүнх нь хийц, материал, дүрслэл, бэлгэдлээрээ ялгаатай. Цамцнууд нь мөн дүрслэл, өгүүлэмж өөр өөр аж. Бүтээгдэхүүнүүдээ голдуу торгон даавуун материалаар урладаг байна.

“Монголчууд ихэвчлэн бараан өнгө сонирхдог нь ажиглагдсан. Тиймээс хамгийн сүүлд “Blackseries” хар сэтээ гаргасан. Хятад зэрэг бусад оронд бүтээгдэхүүнээ хэдэн мянгаар нь үйлдвэрлэдэг болохоор тэр хэрээр зардал бага гарна. Харин манайх хэдхэн ширхгээр гардаг болохоор үнийн хувьд импортын бараатай өрсөлдөх хэцүү. Тиймээс бид тоо бус, чанарыг илүүд үздэг. Загвараа гаргахын тулд нарийн судалгаа хийж, график дүрслэлээ сайжруулах гээд хийх ажил их байдаг. Тиймээс нэг бүтээгдэхүүн гаргахад гурван сараас нэг жилийн хугацаа зарцуулдаг” хэмээн У.Номин-Эрдэнэ ярьсан юм.

МОНГОЛ АГУУЛГЫГ ЕВРОПЫН ТҮВШИНД ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ

Тэд он гарснаас хойш “Өөрөөрөө артист 2018” төслөө хэрэгжүүлж эхэлжээ. Өмнө нь ганцаараа загвараа гаргадаг байсан бол одоо мэргэжлийн хоёр график дизайнертай хамтран ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд цагаан сарын баярын өмнө нохой жилийг график дүрслэлээр цамцан дээр буулгажээ. Энэ санаа муугүй амжилт олж, эрэлт сайтай байсан гэнэ. Цаашид үүнийг улам хөгжүүлж, тухайн гарч байгаа жилийг графикаар дүрсэлж хувцсан дээрээ буулгах төлөвлөгөөтэй юм байна.

Тэдний гол зорилго монгол агуулгаа Европын түвшинд хөгжүүлэх. Тиймээс хүмүүсийн ашигладаг ч тэр бүр мэддэггүй монгол агуулгатай зүйлсийг ил гаргаж, харуулахыг зорьдог гэдгээ хэлж байлаа. Залуус бизнесээ эхлүүлэх анхны хөрөнгө оруулалтыг өөрсдөө гаргажээ. Өнгөрсөн хугацаанд бизнес нь хэр ашигтай байсныг Б.Отгонбадрахаас сонирхоход “Миний мэргэжил дизайнер. Би сонирхлынхоо дагуу л жижиг бизнес хийж байгаа хүн. Одоогоор ашиг, алдагдлаа нарийн тооцоолж гаргаагүй байна. Зөвхөн ашгийн төлөө биш, сонирхлоо дагаад явж байвал амжилтад хүрэхэд ойрхон гэж боддог” гэсэн юм.


М.Мөнхзул

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ариунаа Сүри: Өвөрмөц, содон загвартай гэж ярьдаг болтол нь үнэнч зүтгэнэ

 0 сэтгэгдэл

Бидэнд Хятадыг давсан хямд масс үйлдвэрлэл гаргах боломжгүй

Даяаршлын эрэн зуунд бусдаас өөр, бусдаас содон хэв загварыг бүрдүүлэхээр зорьж буй “Ариунаа Сүри” брэндийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцоллоо. Үндэсний хэв маяг шингэсэн загваруудаа дотоодын болон олон улсын загварын зах зээлд зургаа дахь жилдээ амжилттай танилцуулж яваа тус брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер С.Ариунаатай ярилцлаа.
-“Ариунаа Сүри” брэндийн үнэ цэнийн талаар ярилцъя. Монголын дизайнеруудын холбооноос дотоодын зах зээлд 70 гаруй мэргэжлийн дизайнер бүтээлээ урлаж, танилцуулж байна гэсэн байна. Танайх юугаараа онцлог вэ?
-Кашмер, ноос, арьс шир, нэхий гээд энэ сайхан баялаг дээр сууж байгаа бид үүнийг үнэ цэнэтэй болгох учиртай. Бидэнд хэзээ ч дундрашгүй их мал сүрэг байна. Үүнийхээ ашиг шимийг бид яаж хүртэж байна вэ. Ноос ноолуур, арьс шир, мах, сүү гэх мэт түүхий эдийг эндээсээ авч болох нь. Энэ бүхэн Монгол бүтээгдэхүүн, Монгол брэнд болж болно. Нөгөөтэйгүүр, бид хэдий болтол эзэн хаанаа өмнөө барьж явах вэ. Одоо арай өөр нэг зүйлийг бий болгож, зохиосон байх хэрэгтэй боллоо. Дэлхийн хүмүүс бидний шинийг зохиосныг мэддэг, хэрэглэдэг байх нь чухал. Дэлхийд танигдах Монгол брэндийг бий болгох, “Ариунаа Сүри” брэндийг дэлхийн зах зээлд гаргахын төлөө явж байна. Гэхдээ хувцасны шүүгээнийхээ мухарт шиддэг биш хайрлаж өмсдөг хувцас байгаасай гэж хүсэж бүтээлээ урладаг. Мөн брэндээрээ дамжуулан эх орныхоо өв соёлыг түгээхээс гадна брэндийн үүсэл хөгжлийг танилцуулахыг зорьдог. Бид шинэ загвар, шинэ коллекцио гаргах бүртээ заавал ямар нэг зүйлийг давхар хэлж, өгүүлэхийг хичээдэг. Энэ бол бидний бусдаас ялгарах онцлог бас давуу тал.
-Илүү тодорхой тайлбарлахгүй юү. Хувцас загвараар дамжуулан юу өгүүлэхийг зорьдог юм бэ?
-Уран бүтээлчид ерөөс аливаа хүн өөрийнхөө “би”-г урладаг гэж маш олон удаа сонсож байлаа. Манай брэндэд ч мөн адил “би” оршиж байгаа. Тэгвэл “би”, Ариунаа гэж хэн бэ. Үүнд эрх чөлөө, баяр баясал, уйтгар гуниг, аугаа их мөрөөдөл оршдог. Миний хувьд хувцас загвар бол эрх чөлөө. Хувь хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байгаасай. Тиймдээ ч “Би бол цор ганц хүн. Миний доторх хүн, дотоод ертөнц өөр” хэмээх философийг хувцаслалтаараа илэрхийлэхийг зорьдог. Ийм хүмүүсийн хүсэлтийг биелүүлэхийн төлөө манай брэнд ажилладаг. Манай хувцсыг өмсөөд залуу, өвөрмөц, содон, бусдаас өөр болсон мэт сэтгэл ханамж аваасай гэж хүсдэг.
-Герман улсад магистрын зэрэг хамгаалсан таны хувьд тэндээ хангалттай хэмжээний цалин авч, дэлхийн иргэн болж амьдрах боломж байсан байх. Шинэ брэндээ эх орондоо үүсгэх санаа яагаад төрсөн бэ?
-Герман ч гэлтгүй, европын бусад улс орон, бүр өөрийн дуртай загвар зохион бүтээгчтэйгээ хамтран ажиллах боломж байсан. Санал ч ирж байлаа. Гэхдээ айлын гэрт суучихаад “Ямар гоё айл вэ” гээд суухыг хүссэнгүй. Өөрийнхөө гэрийг сайхан болгохыг хүссэн учраас л тэр.
-Та салбартаа ажиллаад зургаан жил боллоо. Энэ бол чамгүй цаг хугацаа. Тэгэхээр дотоодын зах зээл ямар байна вэ. Өөрийн бодлоо хуваалцахгүй юү?
-Анх эхэлж байхад зарим загварыг маань хүмүүс ойлгохгүй бага зэрэг хэцүү байсан. Харин одоо хандлага өөрчлөгдсөн гэж хэлж болно. 70, 80-аад оны үеийн хувцсыг арай өөр өнгө, материалаар хийж өмсөх биш дараагийн зун трэнд болох хувцсыг өмсмөөр байна гэсэн чиг хандлага руу хүмүүс тэмүүлэх болсон.
-Монгол залуучуудын хандлага ямар байна вэ. Ажиллах хүчээ хэрхэн сонгож авдаг вэ?
-Хүний сэтгэлгээний цар хүрээ, чин хүслийг нь хамгийн түрүүнд хардаг. Дараа нь чадвар, тууштай байдал чухал. Гэхдээ хүн чадваргүй байлаа ч гэсэн тууштай байснаараа аливаа зүйлийг хэнээс ч илүү хийж чаддаг болдог юм.
-Олон улсын нэр хүндтэй загварын тайзнаа 10 гаруй удаа бие даасан уран бүтээлээ загварын долоо хоног, шоугаар танилцуулсан. Монгол хувцсыг дэлхийд хэрхэн хүлээж авдаг вэ?
-Хятад, Энэтхэг, Турк, бүр Италийг давсан чанартай бүтээл хийж чадахгүй байгаа нь маргаангүй үнэн. Гэхдээ энэ бол цаг хугацааны л асуудал. Монгол хувцасны түүх гэвэл маш агуу. Гүйцэтгэж байсан технологи, тухайн үеийн өмсгөл, зүүлт сэлт зэргийг юутай ч зүйрлэж яримгүй. Харин сүүлийн 30 жилийн хувцас үйлдвэрлэлийн чиг хандлагын тухай ярих нь зөв юм. Жишээлбэл, бид Хятадыг давсан хямд масс үйлдвэрлэл гаргаж чадахгүй. Иймд өөрсдийн гэсэн чанар, үнэр, загвартай бүтээлийг танилцуулах хэрэгтэй. Ингэхдээ маш тууштай байх нь юу юунаас илүү чухал. Тэд биднийг хараад “Монголчууд ийм өвөрмөц, содон юм байна. Сонин стильтэй юм” гэж ярьдаг болтол нь үнэнч зүтгэх хэрэгтэй. Ингэж чадвал дэлхий нийт биш юм гэхэд загвар сонирхогчид, зах зээлд мэддэг болно.
-Загварын салбарынханд хүлээн зөвшөөрөгдөж, дэлхий нийтэд танигдахад хэр хол зай байгаа вэ?
-Ойрхон байгаасай гэж хүсэж байна. Бидний хийж байгаа бүтээлийг маш олон улсын хүмүүс үздэг, дуртай болсон үед магадгүй “Ок, чадчихлаа” гэж хэлээд тайван суух байх. Бидний хувьд гадаад зах зээлд илүү анхаардаг. Яагаад байнга гадагшаа явж, шоунд оролцдог юм бэ гэж. Тэгэж байж л хүчтэй, өрсөлдөөн ихтэй энэ том салбар, энэ том зах зээлийн яг дотор нь орж чадна. Хүнд танигдахгүй дэлгүүр нээж, ашиг орлого хөөхөөс илүүтэй нэр, ялангуяа брэндээ олонд таниулж, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй гэж үздэг. Үүнийг дагаад дараа дараагийн бизнес яригдана.
-Энэ эрчээрээ тав эсвэл 10 жилийн дараа “Ариунаа Сүри” брэнд ямар болсон байх бол?
-Гаднын зах зээлд өөрсдийн гэсэн орон зайтай, нэлээд олон харилцагчтай болсон байх болно. Мөн олон дэлгүүрт манай бүтээгдэхүүн борлуулагдах зам нээгдээд зогсохгүй, эх орныхоо эко бүтээгдэхүүнийг үнэ цэнэтэй борлуулдаг болсон байх болов уу гэж бодож байна.