A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3910/

Дотоодын даатгалын компаниудаас ₮5 тэрбумыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн

Дотоодын даатгалын компаниудаас ₮5 тэрбумыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3910/
  • Өнгөрсөн жил 34 мянган малчин өрхийг даатгалд хамруулсан. Энэ нь малчин болон мал бүхий иргэдийн тоотой харьцуулбал 20 хувийг эзэлж байна 


“Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайвантай малын индексжүүлсэн даатгалын талаар ярилцлаа. Тэрбээр дотоодын даатгалын компаниудын дүрмийн сангаас давсан нөхөн олговрыг гаднын компанид давхар даатгуулах журмаар шийдвэрлэх боломжийн талаар ярилаа. Мөн малчдыг олон улсын давхар даатгалд хамруулсан байна.


-Малчдын даатгалын хамрагдалтад ямар өөрчлөлт гарч байна вэ?

-2020 оны нэгдүгээр сарын 1-нээс малын индексжүүлсэн даатгалын борлуулалт 21 аймагт эхэлсэн. Тухайлбал, 21 аймгийн бүх Хаан банк, Төрийн банкны салбар болон тухайн орон нутгийн малын индексжүүлсэн даатгалын агентаар дамжуулан борлуулалт хийж байна. Өнгөрсөн жил 34 мянган малчин өрхийг даатгалд хамруулсан. Энэ нь малчин болон мал бүхий иргэдийн тоотой харьцуулбал 20 хувийг эзэлж байна гэсэн үг.

-Байгалийн гамшиг болон малын хулгайгаас үүдэн малын тоо буурч байна. Энэ нь танай бүтээгдэхүүнтэй хэрхэн холбогдох вэ?

-Малын индексжүүлсэн даатгалд байгалийн гамшиг, малын хулгай, түймэр болон хүний хүчин зүйлээс хамаарсан эрсдэлүүд хамаардаг. Өнгөрсөн жилүүдэд малын хулгайд өртсөн малчдад нөхөн төлбөр олгосоор ирсэн. Мөн УИХ-аар Малын хулгайтай тэмцэх хуулийг хэлэлцэж байна. Уг хуульд малаа даатгалд хамруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх тухай үзэл баримтлал орох байх 

-Малчдад хамгийн эрсдэлтэй хүчин зүйл нь юу вэ?

-Хамгийн том эрсдэл нь байгаль, цаг уурын эрсдэл буюу зуд. 2001-2003 онд тохиосон гурван жил дараалсан зуднаар манай улсын мал сүргийн 50 хувь нь хорогдсон. 2009-2010 онд 16 аймгийг хамарсан зуд болсон. Тухайн үед малын индексжүүлсэн даатгалд дөрвөн аймгийг туршилтын журмаар даатгаж байлаа. Гэвч 2.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Манaй компани өнгөрсөн жил даатгуулсан малчдын судалгаанд үндэслэн олон улсын давхар даатгалд даатгууллаа. Гэнэтийн зуд тохиовол компани өөрөөсөө 12 тэрбум төгрөгийг малчдад шууд нөхөн олгоно. Харин 12 тэрбумаас дээш зардал гарах тохиолдолд олон улсын давхар даатгалын компанид нэхэмжлэн, хохирлыг барагдуулах боломжтой.

-Малын тоо толгой өссөнөөс бэлчээрийн даацгүй боллоо. Энэ нь ямар эрсдэлийг бий болгож байна вэ?

-Сүүлийн 20 гаруй жилд ямаан сүрэг нийт сүргийн 50-иас дээш хувийг эзэлсэн. Гэтэл 1990 онд ямаан сүрэг 10 хүрэхгүй хувийг эзэлж байв. Энэ нь бэлчээрийн даац хэтрэх, цөлжилт үүсэх, бэлчээрийн мал ахуй эрхлэх боломжтой газрын хэмжээг багасах гэх мэт сөрөг үр дагаврыг авчирч байна. Малчид малын тоо толгойг нэмэхээс илүү чанар, үр ашигт анхаарч, фермийн болон эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр ажиллах хэрэгтэй.

-Даатгалын компаниуд гадаадад давхар даатгал хийх хандлага цөөнгүй. Танай компани давхар даатгалд хамрагдсанаар ямар үр ашигтай вэ?

-2018 оны аравдугаар сард Засгийн газрын тогтоолоор манай компанийг Үндэсний давхар даатгалын компани болгож өргөжүүлсэн. Ингэснээр зах зээлд үйл ажиллагаа явуулж буй 15 даатгалын компанитай хамтран ажиллаж байна. Бид 2019 онд хөрөнгийн болон хариуцлагын хэд хэдэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж, үйлчилгээ үзүүлсэн. Тухайлбал, уул уурхай, иргэний нисэх, ноолуурын болон худалдааны чиглэлийн компаниудыг даатгасан. Манайхыг үндэсний давхар даатгал болгосны үр ашгаар гадны компаниудад төлж байсан дотоодын компаниудын хураамж Монголдоо үлдэх боломж нээгдсэн.

-Хэдий хэмжээний мөнгөн урсгалыг дотоод авч үлдэх боломж нээгдсэн бэ. Давхар даатгалын эрсдэл нь юу вэ?

-Даатгалын компанийн жилийн дунджийг харахад, 20 орчим сая ам.долларыг гадаадад төлж, үүнийхээ 10 хүрэхгүй хувийг нь буцааж авч байсан. Тэгвэл дотоодын давхар даатгалын компани бий болсноор валютын урсгалыг эх орондоо авч үлдэх боломж бүрдсэн. 2020 оны төлөвлөгөөгөөр тав орчим тэрбум төгрөгийг дотоодын даатгалын компаниудаас хураамж хэлбэрээр төвлөрүүлнэ гэж тооцоолсон. 

  -Монголын даатгалын компаниудын эрсдэл даах чадвар ямар байна вэ?

-Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын компаниудын чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дүрмийн санг нэмэх үүрэг өгсөн. Одоогийн журмаар таван тэрбум төгрөгийн дүрмийн сантай даатгалын компани үйл ажиллагаа эрхэлж байгаа. Ийм компани 50-100 тэрбум төгрөгийн үнэлгээтэй барилгыг даатгана гэдэг ойлгомжгүй. Тиймээс давхар даатгалын систем ажилладаг. Улс төрийн болон байгаль цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн эрсдлүүдэд томоохон нөхөн олговор олгодог. Emart-д гарсан хохиролд даатгалын компаниуд 10 орчим тэрбум төгрөг нөхөн олговорт өгсөн.

-Экспортын даатгалыг хөгжүүлэх ажлууд хийж байгаа юу?

-Манай компани Дэлхийн банктай хамтран Экспортын санхүүжилтийн төсөл хэрэгжүүлж байна. Экспортод бүтээгдэхүүнээ гаргаж буй компаниудад тодорхой хэмжээний эрсдэл учирсан тохиолдолд түүнийг нь даатгалын компани төлдөг. Ноолуурын компаниуд гадаадад бүтээгдэхүүнээ экспортлоход худалдан авагч тал мөнгөө төлөхгүй, худалдан авагч талаас үл шалтгаалсан байдлаар бараа бүтээгдэхүүний чанарын сертификатад өөрчлөлт орж, бүтээгдэхүүн нь тухайн орондоо нэвтэрч чаддаггүй. Эсвэл тухайн орны банк санхүүгийн байгууллагын системээс хамааран төлбөр тооцоо нь уддаг. Үүнийг экспортын санхүүжилтийн даатгалаар бүрэн хамгаалдаг. 















A

Жижиг

A

Дунд

A

Том

Хямралаас гарахын тулд Монгол улс ОУВС-д дахин хадаг барих уу

  • Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ
  • Тусгай хөтөлбөрт дахин хамрагдвал төсөв, мөнгөний бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар, төв банк бус ОУВС тодорхойлно
  • Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ. Хэзээ эндээс гарах эсэхийг өөрсдөө хэлж мэдэхгүй болтлоо доройтсон байна. Тамирдсан эдийн засаг, тал хувь нь зогссон хувийн хэвшил өнөөдрийн бодит байдал, үнэн төрх билээ. Цалингаа тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд дор бүрнээ тэвдэж, зарим нь өр зээлийн дарамт руу “гулсжээ”


Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ. Хэзээ эндээс гарах эсэхийг өөрсдөө хэлж мэдэхгүй болтлоо доройтсон байна. Тамирдсан эдийн засаг, тал хувь нь зогссон хувийн хэвшил өнөөдрийн бодит байдал, үнэн төрх билээ. Цалингаа тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд дор бүрнээ тэвдэж, зарим нь өр зээлийн дарамт руу “гулсжээ”. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш монгол төрийн өнөөдрийн үнэлэмж шиг суга доошилсон байна. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2821 төгрөгтэй  тэнцэв. Түүхэнд байгаагүй ханш зах зээл дээр тогтож, төрийн сан хоосорч байна. Төсвийн алдагдал 1.6 их наядыг давлаа. Улсын гадаад валютын албан нөөц тасралтгүй буурч, валютын ханшийн огцом хөдөлгөөнийг төв банк захирч дийлэхгүй алдлаа. Төгрөгийн ханш сулрах хэрээр түмний амьдрал дордож, ядуурал хүрээгээ тэлсээр. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэр болсон дундаж давхарга хумигдаж, ажилгүй, орлогогүй болсон хүмүүсийн тоо өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа.

Он гарснаас хойш гэхэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар 40 гаруй мянган хүн ажлын байр алджээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 8.1 хувь давж, уг үзүүлэлтээрээ хөгжиж буй Азийн орнуудыг манай улс тэргүүллээ. Улсын гадаад өрийн хэмжээнд гэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд 939.3 сая ам.доллар буюу 3.2 хувиар өсжээ. Тодруулбал, Засгийн газрын нийт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өр зээлийн дарамт, төсвийн алдагдал талийж өгснийг энэхүү статистик гэрчилнэ. Эдийн засаг муудах тусам бизнесийн орчин эмх цэгцээ алдаж, хөрөнгө оруулалт Монголоос дайжиж эхэлсэн. Тодруулбал, он гарснаас хойш томоохон төсөл, хөтөлбөр дагасан хөрөнгө оруулалт төлбөрийн тэнцэл дээр бичигдсэнгүй. Дийлэнх төслүүд гацаж, зарим нь үйл ажиллагаагаа түр царцаажээ. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэр болон “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт удааширч, төлөвлөгөөт ажлууд хойшлох нь тодорхой болов. Манай улс ирэх дөрвөн жилийн хугацаанд нэмж өр тавихгүй бол нийт 15 тэрбум ам.долларын гадаад өр болон түүний хүүгийн төлбөрийг барагдуулахаар байгаа. Энэ нь одоо байгаа гадаад валютын албан нөөцийн хэмжээнээс дөрөв дахин давсан дүн. Өрийг өөрийн хурааж, хуримтлуулсан валютаар төлөх боломж манай улсад байхгүй. Байх боломж хэдий байсан боловч нийгмийн хавтгайруулсан халамж, төсвийн үрэлгэн зардал болгоод салхинд хийсгэчихсэн. 

Тиймээс өрийг өрөөр санхүүжүүлэх л хувилбар байна. Гэхдээ олон улсын зах зээлээс хямд зардалтай мөнгө босгоно гэдэг мөрөөдөл болж мэдэх юм. Хөрөнгө оруулалтын томоохон сангуудын итгэлийг олох улам амаргүй байна. Монгол Улсад итгэж, найдах хөрөнгө оруулагч үндсэндээ алга болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд байсан жаахан итгэлийг нь эрх баригчид дэвсэлж орхисон. Одоо үүнийхээ горыг амсаж байна. Ам.долларын ханшийн өсөлтөөр монгол өрх болгон буруу бодлогын үр дүнг хүртэж буй. Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан. Цаашид ч уналт, агшилт хувь хүний санхүүд хүртэл хүчтэй мэдрэгдэх төсөөллийг зарим судалгааны байгууллага гаргажээ. Төв банк төгрөг хэвлээд, хэрэглээг дэмжих замаар эдийн засгаа дэмжиж болно. Гэхдээ өнөөдрийн валютын ханшийн өндөр эрсдэл, гадаад өрийн дарамтаа харахаар энэ арга нь амиа хорлох хэмжээний үйлдэл болохоор байна. Удаах нь экспортоо нэмэгдүүлэх замаар төсвийн орлогоо дорвитойхон ахиулах. Гэвч төмөр замгүй, дэд бүтэц нь хэдэн зуунаар хоцорсон улс хагас жилийн хугацаанд 42 сая тонн нүүрс экспортолж, эдийн засгаа аварна гэдэг үлгэр биз ээ. Эцсийн боломж нь өнөө л цаг хүндрэх үед хөлд нь сөгддөг ОУВС. Хямралаас гарахын тулд Монгол Улс ОУВС дахин хандах уу, хандахгүй гэвэл дампуурлаа шууд олон улсад зарлах уу. Шинээр бүрдэх Засгийн газарт сонголт тун хомс байна. Сонголт хийх боломжоо эрх баригчид өөрсдөө үгүйсгэсэн. Хамгийн хал багатай нь магадгүй ОУВС-д хадаг барих л болов уу. 

Өмнөх 2017 онд тус сангаас авсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүн тааруу хэрэгжсэн болохоор өнөөдүүл нь манайхыг тоохгүй байхыг үгүйсгэх аргагүй. Хүний итгэлийг бид өөрсдөө алдсан улс. Тийм болохоор өгөхгүй гээд нэг гэдийвэл ирэх дөрвөн жилийн эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар саналтгүй. Нөхцөл байдал өнөөгийнхөөс илүү хүндэрнэ гэсэн үг. Хэрэв ОУВС-тай нааштай хэлэлцээрт хүрвэл Монгол Улс найм дахь удаагаа санхүүгийн дэмжлэг хүссэн тусгай хөтөлбөрт хамрагдана гэсэн үг. Дордохын долоо гэж энэ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” манай улсад хэрэгжүүлсэн ОУВС-гийн зургаа дахь хөтөлбөр. Үүнээс өмнө 2009 онд Stand-by, 2001 онд Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрт хамрагдаж байсан удаатай. Мөн энэ онд тус сангийн “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 30 жилд долоон удаа ОУВС-д манай улс хандсан бөгөөд 90-ээд оны үед хамгийн ойрхон давтамжтай хандаж байв. Харин 2000 он гарснаас хойш 8-9 жилийн завсартай ОУВС-д хандсан. Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр удаа буюу хамгийн их ойрхон давтамжтай ханджээ. Өөрөөр хэлбэл, сонгуульт дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар хоёр удаа хандсан нь санхүүгийн сахилга бат, засаглалын чанар, бүтээмж хэр байсныг илтгэнэ. Тусгай хөтөлбөрт дахин хамрагдвал төсөв, мөнгөний бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар, төв банк бус ОУВС тодорхойлно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Nike-ийн орлого 38 хувиар буурав

Nike компанийн орлого санхүүгийн жилийн IV улиралд шинжээчдийн таамаглаж байснаас өндөр дүнгээр буюу 38 хувиар буурч, 6.31 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамагласнаас огцом унасан үзүүлэлт бөгөөд борлуулалтын уналтад цар тахал нөлөөлжээ. Гэхдээ тус компанийн цахим худалдааны орлого нь 75 хувиар нэмэгдсэн ба онлайн худалдааны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн аж. Nike одоогоор дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж буй нийт дэлгүүрийнхээ 90 хувийг нээгээд байгаа юм. Тиймээс энэ улиралд борлуулалт нь нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгааг онцолжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрх баригч нам бизнесийн зээлийн хүүг бууруулах зоригтой алхам хийх хэрэгтэй

  • Сонгуулийн өмнө хожим хойчоо бодолгүй халамжийн шинжтэй арга хэмжээнүүд авсан нь эдийн засагт маш том дарамт болох нь тодорхой
  • Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд мөнгө санхүүгийн бодлогоор дэмжиж, бизнесийн зээлийн хүүг бууруулахад зоригтой алхам хийх хэрэгтэй. Ялангуяа боловсролын салбар маш хүнд нөхцөлд байна

УИХ-ын сонгуулийн үр дүн болон сонгуулийн дараах эдийн засгийн арга хэмжээний талаар ХҮН намын нарийн бичгийн дарга, доктор П.Наранбаяртай ярилцлаа.

-Энэ удаагийн сонгуулиар улс төрд шинэ хүчин гарч ирэх боломж хэр нээлттэй байв. Өрсөлдөөн тэгш байж чадсан уу? 

-Мажоритар систем маш олон хүний саналыг гээгдүүлдэг. Энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр сонгууль явуулах нь улс төрийн томоохон хүчнүүдэд илүү ашигтай гэдэг нь энэ сонгуулийн үр дүнгээс харагдаж байна. Хоёрдугаарт, тойргоо томруулсан нь мөнгө тараах үзэгдлийг багасгасан мэт боловч шинээр гарч ирж буй улстөрчдийн хувьд танигдах хугацаа давчуу, олон сонгогчдод хүрч ажиллах боломжийг хязгаарласан сонгууль болж өнгөрлөө. 

-Энэ жилийн сонгуульд залуу сонгогчдын оролцоо өндөр байх болов уу гэсэн таамаглал байсан ч үр дүн хүлээлтэд нийцээгүй. Системд гарсан өөрчлөлт, залуучуудын оролцоог та хэрхэн дүгнэж байна вэ? 

-Энэ удаагийн сонгуульд залуучуудын оролцоо нэмэгдсэн ч хангалттай хэмжээнд хүрч чадаагүй. Нөгөө талаар вирусийн халдварын үед зохион байгуулсан сонгууль учир хүндрэл үүсэж байсан. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд товлосон миний сурталчилгааны уулзалтыг COVID-19-ийн журмын дагуу цуцлах жишээтэй. Залуучуудын хувьд сонгуулиас цэрвэх хандлага ажиглагдаж байна. Мөн сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. 

-Танай намын төлөөлөл УИХ-д сонгогдсон. Цаашид сөрөг хүчний үүргээ ямар журмаар гүйцэтгэнэ гэж төлөвлөж байна вэ. Цөөн суудал авсан нэр дэвшигчид болон намуудтай хүчээ нэгтгэх үү? 

-Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ сонгуульд болон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тун муу гүйцэтгэж, хариуцлагагүй байлаа. Тэр дүнгээ ч авлаа. Дээд шүүхэд бүртгэлтэй 40 орчим нам бий. Хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын бодлого, үйл ажиллагаанд хяналт тавихын тулд хүчээ нэгтгэх, эвсэх шаардлагатай. Цаашдаа эдийн засгийн нөхцөл улам бүр хүндрэх төлөвтэй байна. Сонгууль дөхсөн нэрээр ямар нэг арга хэмжээ аваагүй нь ч харагдаж байна. Ард түмэн маш ядуу байгаа. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засагт анхаарах арга хэмжээ нэн даруй авах хэрэгтэй. 

-Эрх баригч нам мөрийн хөтөлбөрөөс гадна цаашид бодлогодоо ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ? 

-Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд мөнгө санхүүгийн бодлогоор дэмжиж, бизнесийн зээлийн хүүг бууруулахад зоригтой алхам хийх хэрэгтэй. Ялангуяа боловсролын салбар маш хүнд нөхцөлд байна. Ирэх есдүгээр сарын 1-нд хичээл орох эсэх талаар мэдээлэл өгч, яаралтай арга хэмжээ авах нь чухал. Багш нарын нөхцөл тун хүнд. Ихэнх нь зуны амралтаараа Солонгос руу явж ажил хийж байна. Бид парламентад суудалтай болсон намын хувьд бодлогод нөлөөлөх үйл ажиллагааг идэвхтэй явуулж, сөрөг хүчний хариуцлагаа биелүүлэх болно. 

-Сонгуулийн өмнөх эдийн засгийг хамгаалах арга хэмжээг хэрхэн харж байна? 

-Сонгуулийн өмнө хожим хойчоо бодолгүй халамжийн шинжтэй арга хэмжээнүүд авсан нь эдийн засагт маш том дарамт болох нь тодорхой. Улсын төсөв 120 хувь давсан алдагдалтай. Энэ төсөвтөө тодотгол хийгээгүй, экспорт унасан гээд эдийн засгийг сэргээн босгоход маш хүнд байна. Иргэдийн амьдрал хаа сайгүй маш хүнд байгаа. Монголчуудыг зориуд ядуу байлгаж, нийгмийн халамжийн мөнгөөр улс төр хийх, санал худалдан авах тогтолцоо бэхэжлээ гэж харж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сингапур, Малайзын хооронд хил нэвтрэх шинэ журам тогтооно

Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар утсаар ярилцаж, хоёр талаас хил нэвтрэх бизнесийн байнгын аяллын шинэ журам боловсруулж, хэрэгжүүлэх талаар тохиролцов. “Харилцан ногоон гэрэл асааж байгаа нь хил дамнасан онц чухал бизнесийн ба албан аяллыг зохицуулах болно” гэж Сингапурын Гадаад хэргийн яам мэдээллээ. Байнгын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээснээр урт хугацааны оршин суух зөв шөөрөлтэй иргэд үе үе эх орондоо ирэх боломжийг нээх юм. Энэхүү тохиролцоо дэлхийг хамарсан цар тахлын дараа улсуудын хооронд анх удаа хил нэвтрэх журам хэрэгжүүлж байгаа учир бусад оронд үлгэр жишээ болох ач холбогдолтой. Коронавируст бага өртсөн Шинэ Зеланд ба Австрали улсуудын хооронд мөн төсөөтэй гэрээ байгуулах асуудлыг авч үзэж байна. Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар тус тусын албан хүмүүст “Тохиролцооны үйл ажиллагааны нарийн зүйлийг зөвшилцөх даалгавар өгсөн” гэж Гадаад хэргийн яамны мэдээнд дурджээ.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/