A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4706/

Доёолсон долоон шийдвэр

Доёолсон долоон шийдвэр
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4706/
  • Харамсалтай нь Ерөнхий сайдын хэлсэн шиг бодит дэмжлэг үзүүлэх багц хөтөлбөр биш, нарийн шүүлтүүрээр шигшиж, үлдсэн 10 гаруй хувь нь л хүртэж болох дэмжлэг гэдгийг харууллаа
  • Гуравдугаар сарын 20-ны байдлаар 50 орчим хувь нь ажилтнаа цөөрүүлсэн гэж судалгаанд хариулж байсан аж ахуйн нэгжүүдийн цомхтгол өдгөө 88 хувийг даваад байна
  • Энэ оны хоёрдугаар сарын байдлаар 770 мянган НДШ төлөгч байв. Үүнээс төсвийн хөрөнгө оруулалттай газрууд түүнчлэн улсын болон орон нутгийн тендер авсан 15 мянга гаруй компанид ажиллагсдын НДШ-ийг чөлөөлөхгүй гэв. Эдгээр байгууллагад ажиллагсдыг хасвал нийгмийн даатгал төлдөг 10 орчим хувьд л энэхүү хөнгөлөлт хамаарах нь

Ерөнхий сайд У.Хүрэлсүх коронавирусийн халдварын үед хямралд өртөж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болгохоор 5.1 их наяд төгрөг буюу эдийн засгийнхаа 12 хувьтай тэнцэх хэмжээний хөтөлбөр зарласнаа дуулгав. Ард түмэн алга ташин баярлаж, “тэгмээр дээ” гэж магнайгаа тэнийлгэсэн. Гэвч тав хоногийн дараа сангийн сайд хөнгөлөлт чөлөөлөлт, дэмжлэгийнхээ задаргааг тайлбарласан нь ёстой л “дөрвөн сарын нэгээн” гэдэг шиг юм болж урам хугаллаа. Энэ өдрөөс 10 дугаар сарын 1 хүртэлх зургаан сарын хугацаанд дээрх 5.1 их наядын дэмжлэгээ хэрхэн үзүүлэхийг Сангийн сайд зурагласан. Харамсалтай нь Ерөнхий сайдын хэлсэн шиг бодит дэмжлэг үзүүлэх багц хөтөлбөр биш, нарийн шүүлтүүрээр шигшиж, үлдсэн 10 гаруй хувьд нь л хүртэж болох дэмжлэг гэдгийг харууллаа.

1.“Тэтгэлэгт хөтөлбөр”-ийн эхэнд нийгмийн даатгалын шимтгэлийн (НДШ) 26 хувийг тэглэснээ мэдэгдсэн. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар 770 мянган НДШ төлөгч байв. Үүнээс төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газрууд, олон улсын төсөл хөтөлбөр, түүнчлэн улсын болон орон нутгийн тендер авсан 15 мянга гаруй компанид ажиллагсдын НДШ-ийг чөлөөлөхгүй гэв. Эдгээр байгууллагад ажиллагсдыг хасвал нийгмийн даатгал төлдөг 10 орчим хувьд л энэхүү хөнгөлөлт хамаарах нь. Нөгөөтэйгүүр МИАТ, УБТЗ зэрэг орлогоо алдаж, дампуурахдаа тулсан улсын байгууллагуудад энэхүү хөнгөлөлтөө үзүүлэхгүй.

2.ХХОАТ авахгүй гэв. Улсын болон гаднын санхүүжилттэй компаниуд, төрийн мөнгөөр ажил гүйцэтгэгч нарт дээрх хөнгөлөлт хамаарахгүй. Одоогоор 720 сая ам.доллар буюу 1.9 их наяд төгрөгийн 14 төсөл хүнсний болон боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн дэд бүтцийн салбарт гүйцэтгэх ажлаа авцгаасан аж. Тэгвэл сонгуулиас өмнө ихэнх тендерээ зарлаж, гүйцэтгэгчдийг сонгохоор төсвийн хуваарь хийснийг эдийн засагчид шүүмжилж буй. Энэ тендерүүдэд шалгарагсад татварын чөлөөлөлтөөс хасагдана. Тэгэхээр үлдсэн цөөхөн хувь нь буюу орлогын албан татвар төлөгчдийн 10 гаруй хувьд нь хамаатай шийдвэр болж хувирлаа. 

3.Орлогын дүн нь 1.5 тэрбум төгрөгөөс бага татвар төлөгчдийг ААНОАТ-аас чөлөөлнө гэв. Гэвч ашигт малтмалын хайгуул, олборлолт, тээвэрлэлт, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх, импортлох, бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх зэрэг үйл ажиллагаа татварын хөнгөлөлтөд хамаарахгүй. Зах зээлд жин дарах салбаруудаа онцолж хасалт хийснээр энэхүү татварын чөлөөлөлт нэр төдий үлдэж, үйл ажиллагаа нь хоригт орж угаасаа орлогогүй үлдсэн цөөн хэдийг даапаалаад өнгөрөх нь.

4.Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт 200,000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгохоор шийдвэрлэв. Үүнийг гурван сарын хугацаанд сар бүр олгоно. Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллаагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагуудад энэ шийдвэр хамаарна гэв. Хөл хорионы улмаас хаагдсан үзвэр, үйлчилгээний байгууллагууд, спорт клуб, цэнгээний газрууд гээд өнөө маргаашийн орлогоор цалингаа тавьдаг газрууд ажилтнаа халахгүй сул цалин олгоод явах боломжгүй. Тиймээс гуравдугаар сарын 20-ны байдлаар 50 орчим хувь нь ажилтнаа цөөрүүлсэн гэж судалгаанд хариулж байсан аж ахуйн нэгжүүдийн цомхотгол өдгөө 88 хувийг даваад байна. Төрийн энэ шалгуурт тогтож үлдэх 12 хувь нь үйл ажиллагаагаа доголдоогүй гэдгээ батлах гэж “хэн нотлох юм” гэдэг Т.Бархүүгийн хошин үзүүлбэрийн гол дүрд тоглох нь тодорхой болоод байна.

5.Ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд 300 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээл олгосны хариуд нэг кг ноолуурыг 100,000 төгрөгөөр үнэлж авах үүрэг өгсөн. Харамсалтай нь үйлдвэрлэгчид энэхүү зээлээс татгалзаж буй. Тэнэг л биш бол дэлхий нийтээр эдийн засаг уналтад орж, тансаг хэрэглээний зах зээл илт хумигдах үед 100 мянгаар авсан нэг кг ноолуурынхаа 25 хувийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчид үргүй зээлийн өрөнд орохоос татгалзах нь тодорхой. Малчдыг дэмжих зорилготой гэх бодлого нь үйлдвэрлэгчдээ дэгээдэж байгааг сангийн сайд хамгийн сайн мэдэж байгаа. Гэвч хэзээ ч бүтэхгүй энэ санаачилгыг Засгийн газрын шийдвэрт багтаан зүтгүүллээ. 

6.Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10,000 төгрөгөөр нэмэгдүүлж олгохоор болов. Өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар нэг сая хүүхдэд сар бүр 20,000 төгрөг олгож байжээ. Өрхийн амьжиргаа тогтоох судалгаанд хамрагдаж, 670-аас доош оноотой бол хүүхдийн мөнгө авах эрх нь үүсдэг “хөргөгч, зурагтгүй эмзэг” бүлгийнхэн энэ хямралын үеэр нэмэгдэх хандлагатай. Гэвч үүнийг тооцоолж төсөвлөсөнгүй, сургууль цэцэрлэгийн сул зогсолтоос хэмнэсэн мөнгөө рөө нэмэлт 10,000 төгрөг олгоно гэжээ. 

7. Энэ оны дөрөв дүгээр сарын 15-наас бензин, шатахууныг литр тутамд 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулна гэв. Олон нийтэд хамгийн их таалагдсан, хамгийн бодитой байж болзошгүй шийдвэр нь энэ. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ үнэмлэхүй унаснаар 300 төгрөгөөс ч илүү хэмжээгээр буурах боломжтой ч валютын ханш, бусад зардлаа шингээснээр гаргасан тооцоолол энэ. Гэхдээ импортлогчид Засгийн газрын эдийн засгаа дэмжих энэхүү шийдвэрийн аль ч нөхцөлд нь хөнгөлөлтөд хамрагдахгүй. Үйл ажиллагааны чиглэлээр нь нэр цохон зааж, орлогын албан татварын хөнгөлөлтөөс хүртэл хассаныг дээр дурдсан. Хот хоорондын зорчих хөдөлгөөн хаасан, үйлчилгээний байгууллагууд, үйлдвэрүүд хаалга барьсантай уялдаад орлогын 40 гаруй хувиа алдаад байгаа тул үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд ажилтнуудаа цомхотгож эхэлсэн аж. Тиймээс засгаас тулгасан 300 төгрөгөөр литр тутмын үнийг бууруулах боломжгүйгээ учирлан, хэлэлцээр үргэлжилж байна. Энэ мэтчилэн эдийн засгаа аврах хөтөлбөр байндаа тусахгүй нь. Засгийн газар танхимын зарчмаар ажиллах горим аль хэдийн алдагдаж, Ерөнхий сайдын ярьсныг Сангийн сайд нь гарч ирээд үгүйсгэж, мугшин гуйвуулдаг жишгээр өрнөлөө. Урдын адил “У.Хүрэлсүх худлаа попордог” гэх мессежийг олон нийтэд өгч чадлаа. Түүний мэдээлэлд дурдсан аль хэдийн батлагдсан 720 сая ам.долларын төсөл анхаарал татахгүй байхын аргагүй. Ямар бүтээн байгуулалтад хэдэн төгрөг төсөвлөснөө iltod.gov.mn хуудастаа тодорхой тавих хэрэгтэй. Эдийн засгийг дэмжиж, баялаг бүтээх ямар төслүүдэд 1.9 их наяд төгрөг хуваарилснаа энэхүү доёолсон долоон шийдвэрийн задаргааг тайлбарласан шигээ ам бардам яриад өгнө гэж найдаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ж.Болчовер: Гэр хороололд дэд бүтэцтэй, боломжийн үнэтэй орон сууц хэрэгтэй байна

 0 сэтгэгдэл
  • Хүн амын дийлэнх нь газартай байна гэдэг том давуу тал. Дэлхийн аль хотод ийм зүйл байхгүй
  • Ger plugin төслийн шугамаар барьсан сууц нь дотроо халуун, хүйтэн устай, шүршүүрт орох боломжтой, түлш бараг хэрэглэхгүй тав тухтай амьдрахад зориулагдсан байх юм

“Би Монголд ирэх бүрдээ монголчууд маш бага зардлаар амьдралаа залгуулж буйг хараад цочирддог. Цаг уурын эрс тэс уур амьсгалд тохируулж жижиг зүйлээр амьдралаа залгуулаад болоод л байгаад үнэхээр гайхалтай хэмээн ярих эрхэм бол Хонконгийн их сургуулийн архитектур, профессор Жошуа Болчовер билээ. Түүнийг Bloomberg телевиз зочноор урьж ярилцсаныг уншигчдадаа хүргэж байна.

-Та бүхэн монгол гэрийн загвараас санаа авч орчин үеийн хэв маяг оруулсан өргөө байгуулжээ. Энэхүү гэр хорооллын инновацын төслийн талаар ярихгүй юу?

-Бид 2014 оноос хойш гэр хороололд ажиллаж байна. Энэ хугацаанд миний сонирхлыг монгол гэр улам их татах болсон. Модон эх биеийг эсгийгээр бүрж, дээр нь бризент, зотон даавуугаар бүтээдэг нь илүү сонирхолтой санагдсан. Энэ давхаруудыг хооронд нь зайтай болгож бүтцийг нь өөрчилбөл ямар болох бол гэж бодсон. Шинэ барилгын дотор гэрт байдаг давхаруудыг бүгдийг нь бий болгосон. Ингэснээр тухайн барилгыг байгалийн гамшгаас хамгаалалттай болгож чадсан гэсэн үг. Бид дотор талд нь дулаан өрөө, харин гадна талаар нь поликорбонат бүрхүүлэн хамгаалалттай болгохыг зорьсон. Нэг ёсондоо гадна хэсгийг нь хүлэмж шиг болгосон гэсэн үг. Ингэснээр гадна, доторх хоёр хэсгийн тусгаарласан зайд хүүхдүүд тоглож болно. Бас ногоо тарьж, зүлэгжүүлж болно шүү дээ. 

-Үүнийг хийхэд хэр хэцүү байсан бэ?

-Тийм ч хэцүү байгаагүй ээ. Тухайн газрын иргэд, оршин суугчидтай хамтарч ажиллах нь сонирхолтой байлаа. Хонконгоос хэдэн оюутан авчирч, монгол иргэдтэй хамтарч ажилласан. Гэрийн модоо үйлдвэртээ хөрөөдөж янзалсан. Хажуудаа бас угсралтын баг ажиллуулсан. Хугацаа маш богино байсан л даа. Ердөө нэг сарын дотор л гэрийн модыг хийсэн.

-Энэ хүлэмжин барилгыг хэр хэмжээний өртгөөр босгосон бэ?

-Гэрийн мод болон үндсэн эх биеийг хийхэд 60 мянган ам.доллар болсон. Үүнд цементэн суурь, усны шугам, дотоод болон гадаад заслын үнэ бүгд багтсан. 

-Ойр орчмынх нь оршин суугчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Бид их азтай байсныг хэлэх хэрэгтэй. “Эко таун” нэртэй төсөл хэрэгжүүлэхэд оршин суугчид их идэвхтэй байсан. Хамтран ажиллагч нараас би Г.Одгэрэлийг дурдмаар байна. Мөн тэндэхийн оршин суугч залуу тоосгыг нь үйлдвэрлэж, ойрхон амьдардаг эмэгтэй хоол хийж өгч байлаа. COVED-19 намжсаны дараа ойр орчмынхоо талбайг тохижуулахаар тэсэн ядан хүлээж байна.

-Та зөвхөн энэ төсөл дээр ажиллаад зогсох уу, эсвэл гэр хорооллыг тохижуулах өөр ижил төстэй төсөл дээр ажиллах уу?

-Бид гэр хорооллын бүсэд 2014 оноос хойш ажиллаж байна. хэрэгжиж байгаа нэг төсөл нь Ger plugin. Энэ төсөл нь гэр хорооллын бүсэд боломжийн үнэтэй сууц барихад чиглэсэн. Нэг үгээр хүмүүст хэрэгцээтэй, шаардлагатай байгаа дэд бүтцийг нь шийднэ. Ger plugin төслийн шугамаар барьсан сууц нь дотроо халуун, хүйтэн устай, шүршүүрт орох боломжтой, түлш бараг хэрэглэхгүй тав тухтай амьдрахад зориулагдсан байх юм. Өвлийн улиралд тийм ч их эрчим хүч ашиглахгүй гэсэн үг.

-Та Монголд 2014 оноос хойш ажиллаж байгаа гэлээ. Монголд яагаад ирэхээр болов. Манай оронтой холбоотой юу таны сонирхлыг илүү татсан бэ? 

-Монгол бол сайхан орон. Би хувьдаа хотод тулгамдсан асуудлуудыг судалж ирсэн. Хот цагийн эрхээр хэрхэн хөгжиж, өөрчлөгдөж байгааг судалдаг. Монголд анх хөл тавихад л маш гүн сэтгэгдэл төрсөн. Яагаад ч юм хотжилтын явц зохион байгуулалт харагдаагүй. Мэдээж тодорхой хэмжээгээр хотжсон ч гэлээ нүүдэлчин соёл иргэншил нь хэвээрээ л байсан. Нүүдэлчид хот байгуулж ирсэн түүх байхгүй. Тэгэхээр Монгол Улсад өөрийн гэсэн онцлогтой хотуудыг байгуулахаар зорьж байна. Нүүдэлчин соёл иргэншилтэй хүмүүст хот яаж босгохыг харуулна. 

-Та гэр хороололд олон тулгамдсан асуудал байна гэсэн. Эдгээр асуудлыг нэг мөсөн шийдэх инновацлаг арга байгаа юу?

-Мэдээж хэрэг үгүй. Гэхдээ нэг ажиглагдсан зүйл нь хүн бүрт газар бий. Хүн амын дийлэнх нь газартай байна гэдэг том давуу тал. Дэлхийн аль хотод ийм зүйл байхгүй. . Гэр хороололд дэд бүтэцтэй, боломжийн үнэтэй орон сууц хэрэгтэй байна. Цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг, байгальд ээлтэй барилга байгууламж барих хэрэгтэй. 

-Гэр хороололд амьдарч буй оршин суугчдад хамгийн том хөрөнгө оруулалт юу байж болох вэ? 

-Хүмүүст нэгдэн нийлж, хамтарч ажиллах боломж олгосон төсөл хэрэгтэй байх. Гэр хороололд амьдарч байгаа хүмүүст хашаа, байшин гээд хувийн өмч хэрэгтэй байдаг. Гэхдээ дэд бүтцийг шийдэхэд дундын өмч шаардлагатай. Хамтарч нэгдээд дундаа дэд бүтцээ шийдүүлж болно шүү дээ. 

-Иймэрхүү төсөлд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага улс төрийн нөлөөнөөс хол байх хэрэгтэй юу, эсвэл Засгийн газраас дэмжлэг авах ёстой юу? 

-Миний зорилго бол бусадтай санаагаа хуваалцаж, хамтарч ажиллах нь чухал. “Ямар нэгэн шинэ зүйлийг туршиж үзэхгүйгээр хийнэ гэж байхгүй. Мэдээж Засгийн газар дэмжвэл өргөн хүрээний ажил хийж чадна. Гэр хороолол бол инновацлаг орчин, тэнд маш олон боломж байна. Гэр хорооллын иргэдийн өөдрөг үзэл хотыг гэрэлтүүлж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрсний дараах сэтгэл гутралыг анхаарах төрийн бодлого алга

 0 сэтгэгдэл
  • Сэтгэл гутралд орсон эмэгтэйчүүдийн ердөө 10 гаруй хувь нь л сэтгэл зүйч болон эмнэлгийн байгууллагад хандсан байна
  • Манай улсад төрсний дараах сэтгэл гутралын талаарх судалгааг 2002 болон 2018 онд хийж байжээ. Анхны судалгаагаар, амаржсан эмэгтэйн сэтгэл гутралын тархалт 9.1 хувь байсан бол 2018 онд тус тоо 31.5 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, гурван ээж тутмын нэг нь төрсний дараах сэтгэл зүйн эмгэгтэй байдаг нь тогтоогджээ
  • Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 10-15 хувь нь төрсний дараах сэтгэл гутралд ордог бол хөгжиж буй орнуудад 10-41 хувийн тархалттай байдаг

30 гаруй настай эмэгтэй гурван сартай бяцхан үрийнхээ хамт цонхоор үсэрч, амиа егүүтгэсэн хэрэг олон нийтийг цочирдууллаа. Хоёр халуун амь хорвоог зуурдаар орхисон харамсалтай хэргийн буруутныг нийгэм нийтээрээ шүүж, “хүүхдийнх эцэг хүчирхийлэгч байсан, бүсгүйн дүү нар ийм хэрэг хийхэд хүргэсэн, амиа хорлосон эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ” зэрэг элдэв мэдээлэл цахим ертөнцөд цацагдаж байна.

Гэхдээ төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэцийн өөрчлөлтийн талаар хэн ч дуугарсангүй. Нялх биетэй ээжийн сэтгэл зүйн хямрал, нярай үрийн дасан зохицох процесст анхаардаггүй гажуу тогтолцооны талаар хаана ч хөндсөнгүй. Бурхан болсон ээжийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ нялх биетэй эмэгтэйн сэтгэл зүйг анхаарч, бодлогын түвшинд өөрчлөлт хийх шаардлагатай байгааг үүнээс гадна олон жишээ батална. “Бяцхан үрээ төрүүлсэн ч баяр, жаргалыг мэдрэхгүй байна. Өөрийгөө ч, өрөөлийг ч үзэн ядаж, амьдралаас залхах боллоо” гэж анхны хүүхдээ төрүүлсэн ахимаг насны эмэгтэй цөхөрч сууна. Тэрбээр “зарим үед өөрийгөө ч, үрээ ч үгүй хиймээр санагдаж, нүгэлт бодолдоо шаналж байна” гэсээр нулимс нэрнэ. Энэ эмэгтэйтэй уулзаж, ярилцаад нэг сарын ч хугацаа өнгөрөөгүй байтал өөр нэгэн эмэгтэй үрээ тэвэрч, цонхоор үсэрсэн харамсалтай хэрэг гарсан нь сэтгэл гутралын эмгэг олон ээжид тохиолдож байгааг гэрчилж байна.

Сэтгэл гутралд орсон ээжид өөрийгөө, үрээ гэмтээх бодол төрдөг

Төрсний дараах сэтгэл зүйн хямрал нийт эмэгтэйчүүдийн 70-80 хувьд тохиолддог бөгөөд амаржсанаас хойших эхний хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжилдэг. Энэ нь дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй. Харин уг хямрал 14 хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл сэтгэл гутрал буюу сэтгэл зүйн эмгэг болж хувирдаг. Ингэснээр амьдралын баяр баясгалангүй болж, гэр бүл, найз нөхдөөсөө хөндийрч, хүүхдээ халамжлахаа больж, өөрийгөө болон үрээ гэмтээх зэрэг элдэв муу бодол төрж, архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх хүсэлд автдаг байна. Эдгээр шинж тэмдэг илэрсэн ч эмчлэхгүй орхивол төрсний дараах сэтгэл зүйн солио тусаж, хий юм үзэж, дэмийрч эхэлдэг аж. Энэ талаар эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Цэндсүрэн “Сэтгэл хямрал хэвийн үзэгдэл ч сэтгэл гутрал бол эмгэг. Эмчлэхгүй бол маш аюултай. Хэрэв төрсний дараа нойргүйдэх, уур бухимдалтай болох, хүүхдээ болон өөрийгөө буруутгах зэрэг шинж тэмдэг илрээд 14-өөс дээш хоносон бол яаралтай мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй” гэсэн юм.

Гурван эмэгтэй тутмын нэг нь төрсний дараах сэтгэл зүйн эмгэгтэй

Манай улсад төрсний дараах сэтгэл гутралын талаарх судалгааг 2002 болон 2018 онд хийж байжээ. Анхны судалгаагаар, амаржсан эмэгтэйн сэтгэл гутралын тархалт 9.1 хувь байсан бол 2018 онд тус тоо 31.5 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, гурван ээж тутмын нэг нь төрсний дараах сэтгэл зүйн эмгэгтэй байдаг нь тогтоогджээ. Гэхдээ ээжүүд сэтгэл зүйн өөрчлөлтийнхөө шалтгааныг төдийлөн мэддэггүй учир хэн нэгэнтэй ярилцах, эрүүл мэндийн байгууллагад хандах тохиолдол ховор аж. Сэтгэл гутралд орсон эмэгтэйчүүдийн ердөө 10 гаруй хувь нь л сэтгэлзүйч болон эмнэлгийн байгууллагад хандсан байна.

Санхүүгийн байдал сэтгэл гутралд нөлөөлдөг

Гэр бүлийн нөхцөл байдал, хосуудын харилцаа, тухайн эмэгтэйн сэтгэл зүйн онцлог зэрэг олон шалтгааны улмаас сэтгэл гутрал үүсдэг. Үүнээс гадна, мөнгө санхүүгийн байдал чухал нөлөөтэй аж. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 10-15 хувь нь төрсний дараах сэтгэл гутралд ордог бол хөгжиж буй орнуудад 10-41 хувийн тархалттай байдгийг ДЭМБ, НҮБ-ын хүн амын сангийн хамтарсан судалгаагаар тогтоожээ. Мөн манай улсад хийсэн судалгаагаар бага, дунд орлоготой өрхийн эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх нь түгээмэл байдаг нь тогтоогдсон байна. Энэ талаар СЭМҮТ-ийн эмч Т.Мандхай “Бид 2018 онд АНУ-ын Рочестрийн их сургуулийн дэмжлэгтэйгээр төрсний дараах сэтгэл гутралын талаар судалгаа хийсэн юм. Түүнээс харахад, бага болон дунд орлоготой өрхийн эмэгтэйчүүдэд сэтгэл гутрал элбэг тохиолдож байсан. Мөн төлөвлөгөөгүй жирэмслэлт, ажилгүйдэл, төрөлтийн болон жирэмсэн үеийн хүндрэл зэрэг нь эрсдэлт хүчин зүйлд тооцогддог. Тиймээс төрөөс эмэгтэйчүүд рүү чиглэсэн бодлого боловсруулах шаардлагатай” гэлээ. Үүнээс гадна, барууны оронд төрсний дараах сэтгэл гутрал дээр эрүүл мэндийн байгууллагууд анхаарч ажилладаг нь элдэв эрсдлээс урьдчилан сэргийлэх гол хүчин зүйл болдог байна. 

Сэтгэл гутралыг эмчлэх төрийн бодлого дутагдаж байна

Төрсөн эхчүүдийн сэтгэл гутралыг тодорхойлох, эмчлэх нэгдсэн бодлого, тусламж, үйлчилгээ манай улсад байдаггүй. Төрөх эмнэлэгт болон, өрхийн эрүүл мэндийн төвд сэтгэлзүйчийн орон тоо хангалтгүй байдаг төдийгүй эмч, сувилагчийн аль нь ч эмэгтэйчүүдэд сэтгэлийн дэм, тусламж үзүүлэх боломж, мэдлэг, сэтгэл алга. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэг сэтгэлзүйч ажилладаг ч эмчлүүлж буй хүүхдийн сэтгэл зүйд голчлон анхаардаг байна. Харин Европын оронд жирэмсний хяналтад орсон цагаас нь эхлээд сэтгэл зүйд нь анхаарч, хямралтай байгаа эсэхийг тогтоох асуумж бөглүүлдэг байна. Мөн төрсний дараа эмчийн үзлэг, хяналтад орох бүрд нь судалгаа хийж, биеийн байдлыг нь, сэтгэл зүйтэй нь хамт хянадаг аж. Хэрэв ямар нэг асуудал үүссэн тохиолдолд 10-12 ээжийг хамарсан бүлэг байгуулж, мэргэжлийн эмч зөвлөгөө өгдөг аж. Япон улсад сүүлийн жилүүдэд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” төвд тусламж авахаар хандсан эмэгтэйчүүдийн тоо 15 хувиар өссөн тул тус улсын Засгийн газар төрсний дараах сэтгэл гутрал болон гэр бүлийн хүчирхийллийн хамаарлыг тогтоох судалгааг зохион байгуулж, судалгааны үр дүнд үндэслэн арга хэмжээ авсан байна. Гэтэл манай улсад эх, хүүхэд амиа алдаж байсан ч төр дүлий, дүмбэ оргисоор л байна.

Сэтгэл гутралд орсон эмэгтэй СЭМҮТ-д хандахаас өөр гарц алга

Сэтгэл зүйн тусламж хүссэн эмэгтэйд СЭМҮТ-д хандах эсвэл сэтгэлзүйчээс зөвлөгөө авах хоёр л сонголт бий. Хүүхдийнхээ хагас сар хэрэглэх памперсны мөнгөөр сэтгэлзүйчээс нэг цагийн зөвлөгөө авах хүн ховор. Мөн сэтгэл гутралд орсон эмэгтэй хоолны дуршил буурах, нойрны хэмнэл алдагдах зэрэг биеийн зовуурьтай байдаг тул сэтгэлзүйч үүнийг эмчлэхэд бэрх. Харин СЭМҮТ-д хандаж хэвтэн эмчлүүлэх боломжтой ч сэтгэл гутралд орсон эмэгтэй сэтгэцэд өөрчлөлт орсон гэдгээ хүлээн зөвшөөрч, тус эмнэлэгт хандах нь ховор. Энэ талаар төрсний дараах сэтгэл гутралд өртөж, СЭМҮТ-д эмчлүүлсэн эмэгтэй (нэрээ нууцлахыг хүсэв) “Төрснөөс хойш нэг жилийн турш хагас галзуу хүн шиг байсан. “Орой ямар хоол хийж вэ” гэж асуухад хүртэл уурлаж, хадмууд хүүг маань үнсэж, тэврэхэд хүртэл ундууцдаг байлаа. Өөрийгөө өөрчлөгдөж байгааг мэдэж байсан ч хүлээн зөвшөөрч чаддаггүй юм билээ. Нөхөр маань шархадны эмнэлэгт хэвтүүлэх тухай хэлэхэд жинхэнээсээ галзуурах шахсан. “Намайг галзуу гэж бодоо юу” гээд бөөн сүр болж билээ. Олон нийтийн дунд галзуугийн эмнэлэг гэсэн ойлголттой байдаг болохоор эмэгтэйчүүд тийшээ зүглэхийг хүсдэггүй” гэсэн юм. Ийнхүү эх, хүүхдийг хоёр яс салгачихвал л үүргээ гүйцэтгэлээ гэж буй эрүүл мэндийн бодлого хэдэн ээж, хэдэн хүүхдийн амийг авч одох бол. Энэ асуудал дээр анхаараагүйн улмаас эмэгтэйчүүд насан туршдаа сэтгэлзүйн эмгэг тээж, гэр бүл салж, хүүхэд өнчирч байна.

Т.Мандхай: Сэтгэл гутралын талаарх ойлголт хомс байгаа учир эрт илрүүлж чадахгүй байна

Өндөр хөгжилтэй орнууд төрсөн эмэгтэйн сэтгэл зүйг хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авдаг талаар СЭМҮТ-ийн эмч Т.Мандхайгаас тодруулсан юм. Тэрбээр энэ чиглэлээр сургалт, судалгааны ажил хийдэг юм.

-Өндөр хөгжилтэй орнуудад төрсний дараах сэтгэл гутралд өртсөн эмэгтэй цөөхөн байдаг юм байна. Бодлогын түвшинд арга хэмжээ авдагтай холбоотой болов уу?

-Англи, АНУ зэрэг өндөр хөгжилтэй оронд ээжүүдийг жирэмсний хяналтад орох үеэс нь эхлээд л сэтгэл гутрал илрүүлэх асуумж бөглүүлдэг. Жирэмсэн үеийн сэтгэл гутрал төрсний дараах сэтгэл зүйн өөрчлөлтөд нөлөөлдөг учир урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Тиймээс хяналтын эмч нар ингэж ажиллах шаардлагатай байна. Мөн төрсний дараа өрхийн эмч нар гэрээр нь очиж нярайн үзлэг хийхдээ ээжүүдийн сэтгэл зүйг хянадаг байх хэрэгтэй. Эрт илрүүлэг хамгийн чухал байна. Жирэмсний хяналтын ягаан дэвтэр дээр ч төрсний дараах сэтгэл зүйн хямралын талаар ямар нэг үг, өгүүлбэр байдаггүй. Тиймээс бодлогын хэмжээнд зохицуулах шаардлагатай байна. Манай улсад сэтгэл гутралын талаарх ойлголт хомс. Үүний улмаас илрүүлж чадахгүй, хүндрүүлээд байна.

-Ээжүүдийг жирэмсний хяналтад орох үеэс нь эхлээд л сэтгэл зүйн асуумж бөглүүлдэг гэлээ. Сэтгэл гутралд орсон тохиолдол ямар арга хэмжээ авдаг бол?

-Өндөр хөгжилтэй орнуудад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг өөртөө туслах бүлэг гэж байдаг. Ижил шинж тэмдэгтэй, эмэгтэйчүүд бие, биетэйгээ нэгдэж, бүлэг үүсгэдэг юм. Гэхдээ мэдээж, мэргэжлийн эмч чиглүүлнэ. Ганцаараа сэтгэл гутралд автсан бус гэдгээ мэдэх маш чухал. Мөн хоорондоо нөхцөл байдлаа ярилцаж, асуудлыг хамтдаа даван туулдаг. Нөхөрт нь ч мэргэжлийн эмч зөвлөгөө өгнө. Гэтэл манай улсад сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэйг СЭМҮТ рүү л илгээдэг. Энэ нь тухайн эмэгтэйд тааламжтай санагдахгүй. Уг нь өрхийн болон төрөх эмнэлэг дээр сэтгэл зүйч ажиллах хэрэгтэй. Бид эмч, сувилагч нарыг сургалтад хамруулдаг ч тэд ажлын ачаалал ихтэй учир ээжүүдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх боломж хомс. Мөн өрхийн эмч нар ажлын байраа хурдан сольдог.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сард 35 мянгаар “амьдардаг” нэр дэвшигч байгаа бол хамгийн баян нь 168 тэрбумын орлоготой

 0 сэтгэгдэл
  • Б.Жавхлан, Ц.Мөнх-Оргил, Д.Мурат, Ц.Нямдорж зэрэг гишүүд бүтэн жилийн турш зөвхөн цалингаараа “гол зогоодог” хэмээн ХОМ-тээ дурджээ
  • Х.Нямбаатар гишүүн дахин "Ядуурчээ". Энэ удаа түүний жилийн орлого 416 саяар буурч, ердөө 26 сая болсон байна

Авлигатай тэмцэх газар удтал дуншсаны эцэст УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд зарлалаа. Төрийн өндөр сэнтийд суухаар горилж буй нэр дэвшигчдийн бэл бэнчин ямархуу юм, хэр их орлогтой вэ гэдэг нь эндээс харагдах учиртай. ХОМ-ийг шүүж байхад сонирхолтой зүйлс багагүй тааралдаж байна. Тэднээс заримыг нь хүргэе.

Ерөнхий сайд 1072-оос өөр хувьцаагүй

МАН-аа ахлан “тулаанд” орж буй Ерөнхий сайдын жилийн орлого 165 сая төгрөг бол гэр бүлийн гишүүд нь огт орлогогүй аж. Нийтдээ 162 саяар үнэлэгдэх нийтийн болон зуслангийн байр тус бүр нэгтэй бол 1.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж ХОМ-тээ бичсэн байна. Сонирхолтой нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072-оос өөр хувьцаагүй аж.

Улстөрчдөөс хамгийн баян нь Кёкүшюүзан уу

Хэрэв ХОМ-т үндэслэн нэр дэвшигчдийг жагсаавал хамгийн баян нь Кёкүшюүзан Д.Батбаяр болж таарах нь. Түүний өөрийн орлого 601 сая төгрөг хэдий ч гэр бүлийн гишүүдийн орлого нь 13 тэрбум төгрөг аж. Үүнээс гадна 70 тэрбумаар үнэлэгдэх долоон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол 1.1 тэрбумын үнэтэй таван автомашинтай аж. Мөн 1.8 тэрбумын үнэт эдлэл, 360 саяын газар, 7.5 тэрбумын хадгаламж гээд жагсаалт цааш үргэлжилнэ. Сүмоч эрхэм маань үнэхээр хамгийн баян нь уу, эсвэл хөрөнгө, орлогоо үнэнчээр мэдүүлсэн цөөн хэдийн нэг байв уу гэдэг сонирхолтой санагдаж байна. Түүнчлэн улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайхан нар жилийн гурван тэрбумын орлоготой болохоо илэн далангуй мэдүүлсэн байв. Б.Дэлгэрсайхан гишүүн үүнээс гадна 6.2 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, дөрвөн тэрбумын хадгаламжтай.

Гэхдээ Кёкүшюүзан бол жирийн л нэг "Хурган баян"

Улстөрчид дундаа Кёкүшюүзан толгой цохих ч бизнесийн төлөөлөл Б.Пунсалмаагийн хажууд тэрбээр жирийн нэг ”хурган баян”. “М Ойл” компанийн захирал, АН-аас нэр дэвшигч Б.Пунсалмаагийн жилийн орлогоо 85 тэрбум төгрөг гэж мэдүүлжээ. Гэр бүлийнхний орлогыг нь хамт тооцвол 168 тэрбум болно. Түүний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 2.4 тэрбум бөгөөд Range Rover, Porsche зэрэг 470 саяар үнэлэгдэх гурван автомашинтай аж.

Хамгийн их ядуурсан нь Х.Нямбаатар

Өнгөрсөн жил “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын зарим гишүүний орлого 6-20 дахин нэмэгдсэнийг сэжигтэй хэмээн үзэж, Ёс зүйн дэд хороонд шалгуулах хүсэлт өгсөн ч олигтой үр дүнд хүрэлгүй тэгсгээд намжсан. Тухайлбал, УИХ-ын шинэ гишүүн Х.Нямбаатарын орлого 2015 онд 29 сая байснаа 2018 онд 442 сая болж нэмэгдсэн шалтгааныг тайлбарлуулах хүсэлт тавьж байв. Тэгвэл энэхүү хэл амнаас хойш Х.Нямбаатар гишүүн дахин “ядуурчээ”. Энэ удаа түүний жилийн орлого 416 саяар буурч, ердөө 26 сая болсон байна. Түүнтэй хамт сэжиглэгдэж байсан М.Оюунчимэг гишүүний тухайд орлогоо хав дарсангүй. Гэр бүлийн гишүүдтэйгээ нийлээд жилдээ 374 саяын орлого олдог гэв.

Зөвхөн цалингаараа амьдардаг гишүүд

УИХ-ын гишүүний сарын үндсэн цалин 1.2 сая төгрөг. Үүн дээр хууль баталсан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан зэргээс хамааран цалин нэмэгдэнэ гэж тооцвол жилдээ 20 орчим сая төгрөг авчихна. Тэгвэл зөвхөн цалингаараа амьдардаг гишүүн цөөнгүй байгаа аж. Тухайлбал, Б.Жавхлан 26 сая, Ц.Мөнх-Оргил 32 сая, Д.Мурат 26 сая, Н.Номтойбаяр 26 сая, Ц.Нямдорж 26 сая төгрөгийн орлогоор бүтэн жилийн турш “гол зогоодог” хэмээн мэдүүлэгтээ дурджээ.

 Үгээгүй ядуусын арми УИХ руу зүтгэж эхлэв

Тоолж барахын аргагүй их хөрөнгөтэй нөхдөөс гадна амьдралын баталгаажих түвшингээс ч доогуур орлоготой байж мэдэх нөхөд цөөнгүй нэр дэвшсэн нь анхаарал татлаа. Тухайлбал, Орхон аймагт Зон олны намаас нэр дэвшиж буй Б.Амарбаясгалан гэр бүлийн гишүүдтэйгээ нийлээд жилд 900 мянган төгрөг олдог хэмээн мэдүүлжээ. Сард 75 мянган төгрөгөөр “гол зогоодог” гэсэн үг. Энэ нь амьдралын баталгаажих түвшин буюу ядуурлын улаан шугамнаас хоёр дахин доогуур дүн. Түүнчлэн 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Монголын ногоон намаас нэр дэвшсэн Б.Алтанхуяг гэр бүлийн хүнтэйгээ нийлээд жилийн хоёр сая буюу сарын 166 мянган төгрөгийн орлогоор өдөр хоногийг аргацаах жишээний. Тэгсэн атлаа 43 сая төгрөгийн зээлтэй гэнэ. Энэ хүн яаж амьдраад байгааг бурхан л мэдэх байх. Ховд аймагт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч Д.Алимаа мөн л “үгээгүй ядуу” нэгэн бөгөөд сарын орлого нь ердөө 125 мянган төгрөг. Гэхдээ 420 саяын байртай, хадгаламжиндаа 816 сая төгрөгтэй хэмээн мэдүүлсэн байх юм. Эдгээр хүмүүс Баянгол дүүрэгт өрсөлдөн гишүүн болохоор санаархаж буй Зон олны намын Б.Ариунсанаагийн хажууд бол баяндаа тооцогдохоор. Мань хүний жилийн орлого 425 мянга буюу сард 35 мянган төгрөгөөр амьдардаг байна. Хадгаламжиндаа ердөө 300 мянган төгрөгтэй аж. Үүнээс гадна бүтэн жилийн турш 900 мянгаар гэр бүлээ тэжээдэг А.Баасандэмбэрэл (Ховд аймаг), 700 мянгын орлоготой Б.Базарваань (Сэлэнгэ аймаг), 800 мянгаар 365 хоногийн турш амьдардаг А.Дөлгөөн (Баянзүрх дүүрэг, 23 дугаар тойрог) гээд ядуусын хорооллынхон ч өрөвдмөөр нэр дэвшигчид цөөнгүй байна.

Шинэ хүмүүсийн хэтэвч рүү өнгийвөл

Энэ удаагийн сонгуульд цөөнгүй шинэ хүн нэр дэвшиж байгаа. Дархан аварга А.Сүхбат намаасаа мандат авч чадаагүй ч түүний ах А.Батсүх ШИНЭ эвслийг төлөөлөн Төв аймагтаа өрсөлдөнө. Түүний жилийн орлого 480 сая төгрөг бөгөөд 1.6 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 6.8 тэрбумаар үнэлэгдэх мал сүрэгтэй. МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн хөтлөгч П.Анужин жилдээ 390 саяыг олчихдог. Мөн 900 саяар үнэлэгдэх барилга орон сууцтай бөгөөд нэг тэрбумын үнэ бүхий 680 ширхэг малтай аж. Түүнийг амлан авч тойрогт нь нэр дэвшсэн Н.Ган-Од буюу Гамбуушийн жилийн орлого ердөө 350 мянга бөгөөд хадгаламжиндаа таван сая төгрөгтэй. АН-аас Баянзүрх дүүрэгт өрсөлдөж буй жүжигчин Ж.Баясгалан жилд 246 саяыг олдог. Мөн гурван тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 737 саяар үнэлэгдэх тээврийн хэрэгсэл, 1.2 тэрбумын мал, 1.2 тэрбумаар үнэлэгдэх түүхийн үнэт зүйлтэй хэмээн ХОМ-тээ дурджээ. Бизнесийн томоохон төлөөлөл, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын жилийн орлого 146 сая. Үүнээс гадна 26 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 3.2 тэрбумын гадаад дансны хадгаламжтай гэнэ. Г.Батхүү агсны хүү, аавынхаа төрөлх нутаг Өвөрхангайд өрсөлдөж буй Б.Ганхөлөг хөрөнгө орлогоо харьцангуй даруухан мэдүүлсэн харагдана. Түүний жилийн орлого 6.4 сая төгрөг бөгөөд нэг тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 430 саяын машин, 1.7 тэрбумын зээлтэй. Гэхдээ өв залгамжлал гэсэн хэсэгт 18 тэрбум төгрөгийг мэдүүлжээ.

Бусад нь буюу анхаарал татсан эрхмүүд

Ц.Мөнх-Оргил гишүүн уг нь 5.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Гэвч жилийн орлогоо 32 сая төгрөг гэсэн байна. Хадгаламжийн хүүг хамгийн багаар тооцоход сард 40 орчим сая төгрөг зүгээр авчихна. Үүнийг 12 сараар үржүүлбэл жилдээ 500 шахам сая төгрөг олно гэдгийг тооцохын тулд заавал мэргэжлийн эдийн засагч, нягтлан бодогч байх шаардлагагүй. Гэвч эрхэм гишүүн энэ мөнгөө мартсан бололтой. Бизнесийн өөр нэг төлөөлөл, “Херо” группийн үүсгэн байгуулагч Х.Ганхуяг 716 саяын орлого, 1.5 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 686 саяын авлагатай. Бангкокоос сонгуульд өрсөлдөж буй Л.Гүндалай жилийн орлогоо ердөө 24 сая гэж мэдүүлсэн ч 4.7 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 1.2 тэрбумын хадгаламжтай гэжээ. Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар цалингаас өөр орлогогүй буюу жилд ердөө 25 саяыг олдог. Гэхдээ гэр бүлийн гишүүдийн орлого нь 452 сая төгрөг бөгөөд 854 саяар үнэлэгдэх гурван байртай аж. АН-ыг төлөөлөн Дундговь аймгаас тасралтгүй сонгогдож буй Б.Наранхүү гишүүн жилийн орлогоо 32 сая гэж мэдүүлсэн ч нэг тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 1.2 тэрбумын тээврийн хэрэгсэл, 4.5 тэрбумын мал, 4.8 тэрбумын хадгаламжаа нууж хаалгүй мэдүүлэв. Тэрбээр 21 компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

COVID-19 хөрөнгөөр бус хүйсээр нь “ялгаварлаж” байна

 0 сэтгэгдэл
  • Эмэгтэйчүүд цар тахлын хүнд ачааг үүрэхийн зэрэгцээ хамгийн ихээр хохирч байна
  • Эмэгтэйчүүдийн эрх, үүрэг, хариуцлагатай холбогдсон олон асуултын хариултыг коронавирус бодлого тодорхойлогчдоос нэхэж байна
  • Citigroup-ийн тооцоогоор цар тахлын улмаас дэлхий даяар 44 сая хүн ажилгүйчүүдийн эгнээг тэлнэ. Үүний 70 хувь буюу 31 сая нь эмэгтэйчүүд байх тэгш бус тооцоог дэвшүүллээ

COVID-19 вирус хүн төрөлхтнийг хүйсээр нь “ялгаварлаж” байна. Хэдийгээр тус вирус хөрөнгө чинээ, хөгшин залуугаар нь зааглан ангилаагүй ч хүн төрөлхтнийг хүйсээр нь илт “ялгаж”, эмэгтэйчүүдэд илүү хүнд ачаа үүрүүлж буйг Дэлхийн эдийн засгийн форумаас мэдээлэв. Дарь үнэртсэн дайнаас ч илүү хүн төрөлхтөнд хохирол учруулж буй энэ аюулын эсрэг тэмцлийн галын шугамд хэн амь биеэ үл хайрлан зүтгэж байгаа билээ. Эмэгтэйчүүд голлосон эрүүл мэндийн салбарын “дайчид”. Гэтэл ачааны хүндийг нуруугаа бөхтийтөл үүрч буй эмэгтэйчүүд эргээд аюул заналын дам нөлөөг хамгийн хүчтэй амсаж, COVID-19 вирусийн үүсгэсэн ядуурлын ангал, ажилгүйдлийн хавцалд үй олноор унаж байгаа аж. Учир нь шинэ төрлийн коронавирус үйлчилгээ, боловсрол, аялал жуулчлал зэрэг эмэгтэйчүүдийн оролцоо өндөр, эдийн засгийн салбаруудыг аянга мэт бут ниргэсээр. Citigroup-ийн тооцоогоор цар тахлын улмаас дэлхий даяар 44 сая хүн ажилгүйчүүдийн эгнээг тэлнэ. Үүний 70 хувь буюу 31 сая нь эмэгтэйчүүд байх тэгш бус тооцоог дэвшүүллээ. Ингэснээр зөвхөн эмэгтэйчүүд хохирох уу гэвэл үгүй. Дэлхийн эдийн засагт ч жинтэй хохирол учруулж, ДНБ нь нэг их наяд ам.доллараар агших төлөвтэй. Эмэгтэйчүүдийг онилсон COVID-19-ийн цохилт ингээд зогсохгүй. Дахин 220 сая эмэгтэй хүний ажлын байрыг дээсэн дөрөөн дээр авчирна. Энэ мэт коронавирусээс үүдсэн эмэгтэйчүүдийн зовлонг тоочвол дуусахгүй олон. Ажилгүй болсноор орлогогүй болно. Орлогын хомсдол нь ядуурлын үндэс болно. Эдийн засгийн ийм гинжин хэлхээгээр тив, дэлхийн олон эмэгтэй ядуурлын гүн намагт шигдэж, өлсгөлөн, гуйланчлал дунд амьд зогоох эмгэнэлт сонголттой нүүр тулж мэдэх нь. 

Эрүүл мэндийн салбар эмэгтэйчүүдийн нуруун дээр тотдог

Эдүгээ дэлхий дахины эрүүл мэнд, нийтийн үйлчил гээний салбарт ажиллагсдын 70 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Хүн төрөлхтнийг өмнөө сөхрүүлж, 380 мянган хүний амийг авч одсон энэ заналт дайсныг дарахад эмэгтэйчүүд тэргүүн фронтод "тулалдаж" гарамгай гавьяа байгуулж буйтай хэн ч маргахгүй биз. Манай улсын эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 81.9 хувь нь эмэгтэйчүүд. Ингээд бодохоор бидний амар амгалан, түмэн жаргалан эмэгтэйчүүдийн гарт байна гэсэн үг. Тэд ч үүнийгээ бүрэн ухамсарлаж, үүргээ ч нэр төртэй гүйцэтгэж байгаа.

 Монгол эмэгтэйчүүд эрчүүдээс хагас саяар бага цалинтай

Монгол Улсад уул уурхайгаас гадна худалдаа, боловсрол, нийтийн хоол, урлаг үзвэр болон албан бус салбарууд COVID-19-ийн цохилтыг хүчтэй мэдэрч байна. Гэтэл эдгээр салбарт ажиллаж буй хүмүүсийн 60-70 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг болохыг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ. Коронавирус эмэгтэйчүүдийг илүү “зовоож” буй хандлага манай улсыг ч тойрохгүй дайрч байгаа нь ийнхүү тодорхой болов. Гэтэл цар тахлын улмаас чимээгүйхэн хохирол амсаж буй эмэгтэйчүүдийн орлого бага. Монгол Улсад эмэгтэйчүүд эрчүүдээс цагт 300, сард 48 мянган төгрөгөөр бага цалинждаг. Үүнийг жилээр тооцвол 576 мянга буюу хагас саяыг давж байна. Дээрээс нь цар тахал дагасан ариутгал цэвэрлэгээ, хүүхдийн боловсрол, хүмүүжил, хоол хүнсний нөөц гээд эцэс төгсгөлгүй үргэлжилдэг их ажлыг дурдвал аль ч улсын ямар ч эмэгтэй хүн хэр их ачаалал дунд ажил, амьдралаа хослуулж буйг түвэггүй ойлгоно.

Хариулт нэхэж буй нэг асуулт 

Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 18 хүртэлх насны хүүхдүүдтэй, өрх толгойлсон 36 мянга гаруй эмэгтэй байна. Гэтэл тэдний дийлэнх нь дээр өгүүлсэн дампуурах эрсдэл өндөр буюу үйлчилгээний салбарт ажиллаж байгаа нь анхаарлын гадна үлдээж үл болох нэг үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, энэ нь COVID-19-ээс үүдсэн Монголын нийгмийн шинэ бөгөөд хамгийн эмзэг цэгүүдийн нэг болж магадгүй нь. Өрх толгойлж, үр хүүхдүүдээ тэжээдэг ээж ажлаас халагдвал юу болохыг төсөөлөөд үз дээ. Энэ мэтээр эмэгтэйчүүдийн эрх, үүрэг, хариуцлагатай холбогдсон олон асуултын хариултыг коронавирус бодлого тодорхойлогчдоос нэхэж байна. Эмэгтэйчүүд галын шугамын тэргүүн эгнээнд зогсож, нийгмийг асран хамгаалах үүргээ албан болон албан бус, цалинтай болон үнэ төлбөргүй гүйцэтгэж, төрийн ачаанаас үүрэлцсээр. Тэгвэл ачаанаас нь хөнгөлөлцөж буй энэ бүлэг ялангуяа эмзэг, эрсдэлтэй хэсэгт нь төр хайр ивээлээ хүртээх нь иргэндээ ээлтэй, оновчтой бодлогын тод илрэл. Хамгийн гол нь эмэгтэйчүүд, ээжүүдтэй холбоотой асуудал зөвхөн тэднээр дуусах уу гэвэл үгүй. Тэдний үр хүүхэд, гэр бүл, эх орны ирээдүй гээд олон олон асуудал эмэгтэй хүн хэмээх нэг цэг дээр зангидагдаж байна. Иймд энэ асуудлыг анхааралдаа авч, эмэгтэйчүүд, эхчүүдэд чиглэсэн бодлогодоо анхаарахгүй бол нийгэмд аюулын харанга дэгдээх сорилтын эх үндэс болж мэдэх нь.