A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4268/

Дуут дохио дураараа хангинуулагчдыг шийтгэх өвөрмөц арга

Дуут дохио дураараа хангинуулагчдыг шийтгэх өвөрмөц арга
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4268/

Замын хөдөлгөөний дүрмээр дуут дохиог зөвхөн аюултай нөхцөлд дуугаргах ёстой. Харин ногоон гэрэл асахыг хүлээж буй адгуу жолооч тэсвэр алдан дуут дохио “орилуулах” байдлаар уураа гаргах нь Энэтхэгт түгээмэл. Ууртай жолоочийн тааллаар ногоон гэрэл хурдан асахгүй ч үүсгэж буй чанга дуу чимээ ойр орчны хүмүүсийн чихний хэнгэрэгт халгаатай. Замын хөдөлгөөнд орол­цогчдын бүдүүлэг авирыг Энэтхэгийн Мумбай хотын эрх баригчид өвөрмөц аргаар засахаар шийдлээ. Тус хотын замын уулзварын гэрлэн дохионуудад автомашины дуут дохио бичиж хэмждэг микрофон давхар суурилуулдаг болов. Дуут дохионы чимээ 85 децибелээс хэтэрч чихэнд чийртэй түвшинд хүрэх тохиолдолд улаан гэрэл дахин 90 секундээр уртсах тул жолооч нар хүлээх хугацаагаа өөрсдөө уртасган шийтгэл хүлээж буй хэрэг. YouTube-­д байршуулсан бичлэгээс үзвэл ааштай гэрлэн дохионд анх гайхдаг байсан жолооч нар “дохио дуугаргах тусам удаан хүлээх”-­ээ ойлгоод тэвчээртэй, хүлээцтэй болон соёлжиж байгаа ажээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сарьсан багваахай хүн төрөлхтний дайсан болжээ

 0 сэтгэгдэл
  • 2003 оны SARS-ын вирусийг сарьсан багваахайнаас үүсэлтэй гэж үздэг 
  • Британийн Sun сонинд “Нисдэг зандалчин. Ийм учраас сарьсан багваахай хүн төрөлхтний гол дайсан, түүхэнд хамгийн муу өвчнөөр хэдэн сая хүнийг хөнөөсөн буруутан” хэмээн бичсэн байна

Нисдэг хулгана хэмээх энэ амьтныг Эбола, халуун ханиад, Ойрх Дорнодын амьсгалын замын синдром гэх мэт зүсэн зүйлийн халдварт буруутгаж байсан бол одоо шинэ коронавирусийн буруутан боллоо. Сүүн тэжээлтний төрөлд багтдаг сарьсан багваахай үхлийн аюултай олон вирусийг тараадаг тул “хүн төрөлхтний гол дайсан” хэмээх нь бий. Үнэхээр тийм гэж үү. Сарьсан багваахай судлаач, Шведийн эрдэмтэн Юхан Эклеф Уханийн халдвар тарж эхлэхэд “Одоо ийм яриа эхэлнэ дээ” гэж бодож байжээ. Үүнээс ердөө хоёр хоногийн дараа шинэ коронавируст сарьсан багваахайг буруутгасан өгүүллүүд шил дараалан гарч иржээ. Генетикийн шинжилгээнээс үзэхэд коронавирус үнэхээр уг амьтнаас хүнд дамжсан болохыг илрүүлсэн. Эхэндээ могойг сэжиглэж байсан ч хуучин буруутны нэр шинээр дурдагдаж эхлэв. Британийн Sun сонинд “Нисдэг зандалчин. Ийм учраас сарьсан багваахай хүн төрөлхтний гол дайсан, түүхэнд хамгийн муу өвчнөөр хэдэн сая хүнийг хөнөөсөн буруутан” хэмээн бичсэн байна. Энэ сүүн тэжээлтэн аюултай вирус дамжуулдаг хэд хэдэн шалтгаан бий. Хувьслын үүднээс авч үзвэл энэ амьтан маш эртнийх. Сарьсан багваахай 65 сая жилийн өмнө төгссөн үлэг гүрвэлийн эринд ч амьдарч байжээ. Ийм урт түүхийн явцад олон тооны вирус хуримтлуулсан нь гарцаагүй. Дэлхий дээр олон төрлийн вирус хүн, амьтан, ургамал болон бусад организм дотор оршин байдаг. Гэхдээ сарьсан багваахай шиг вирустэй зохицож чаддаг амьтан ховор. Орчин үед түүнээс хүнд халдсан вирус үхлийн аюул тарьдаг ч өөрт нь хөнөөлгүй юм. Упсалийн их сургуулийн вирусолог Аке Лундквист шинэ вирусийг сарьсан багваахайд удаан хадгалагдсан байж магадгүй хэмээн таамаглажээ. Тэрээр “Вирус өөр организмд шилжихийн өмнө хэдэн мянга, сая жилээр ч байгалийн эзэндээ оршиж болно. Шилжилт гол төлөв хүний үйлдлээр хийгддэг” гэсэн юм. Сарьсан багваахай халдварыг яагаад ийм түргэн тараадаг өөр шалтгаан бас бий. Энэ амьтан сүүн тэжээлтнээс ганцаараа нисдэг учир өргөн уудам нутагт хурдан тархан оршдог. Үүнээс гадна хүнтэй маш ойр амьдардаг. Африкт болон Хятад, Вьетнам зэрэг оронд сарьсан багваахайг хүнсэнд хэрэглэдэг учир халдвар дамжуулж болзошгүй. 2003 онд дэгдсэн SARS-ын вирус сарьсан багваахайнаас үүсэлтэй гэж үздэг. Энэ амьтныг эрт дээр үеэс цус сорогч, муу шид агуулагч, харанхуйн үүсгэл мэтээр цоллож ирсэн. Саяхан Хятадын блогчин Ван Мэньюн сарьсан багваахайн шөл ууж буй бичлэгээ онлайнд тавьсан боловч эрс эсэргүүцэлтэй тулгарч, арилгахад хүрчээ. “Энэ амьтан нэг орой 3000 орчим шавжаар хооллодог тул хүний биед тустай байж болох юм” хэмээн доктор Эклеф бичжээ. Sun сонины өгүүлэлд “Сарьсан багваахай тоймгүй олон хүний амийг авч байгаа атал бид яагаад энэ амьтныг тэвчих ёстой гэж” хэмээн асуужээ. Гэвч үнэндээ шинэ коронавирус болон бусад аюулт өвчнийг тараадаг гол буруутан нь хүн өөрөө юм. Хэрэв энэ амьтныг Уханьд хаалттай орчинд хашаагүй бол, зарим газар түүхийгээр нь идээгүй бол, судалгааны зорилгоор бариагүй бол олон вирусийн халдвараас зайлсхийх байлаа. Шведийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэд захирал Лийз Берндтсон “Зүүн Азиас ханиадны бараг бүх нян тархдаг нь тохиолдлын хэрэг бус. Тэнд вирус амьтнаас хүнд онцгүй нөхцөл байдалд халдварладаг” хэмээн тайлбарлажээ. Сүүлийн коронавирусийн халдвараас авах гол сургамж нь хэрэв амьтнаас хүнд вирус дамжиж байгаа бол хүн өөрөө олонх тохиолдолд буруутай. Ирээдүйд сарьсан багваахайг амар тайван орхих хэрэгтэй гэжээ.  

A

Жижиг

A

Дунд

A

Том

McDonald’s, Starbucks дахин ашигладаг савлагаа хөгжүүлж байна

 0 сэтгэгдэл

Уншигч та ирээдүйд McDonald’s юм уу Starbucks-д кофе захиалах энэ үед өмнө өөрийн тань хаа нэгтээ ашиглаж байсан аяганд аягалж өгөх болно. “Ухаалаг”, дахин ашигладаг, хоёр төрлийн аягыг энэ долоо хоногт хэрэглээнд нэвтрүүлэхээр туршиж эхлэх уг хөтөлбөрөөр АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско, Пало-Альто дахь кофе шопын олон сүлжээг ийм бүтээгдэхүүнээр хангах юм. Байрлалыг нь тодорхойлох үүднээс RFID чип юм уу QR код суулгасан, үндсэндээ хуванцар материалаар бүтээсэн ийм аяга нь Starbucks Corp, McDonalds’s Corp тэргүүтэй үйлдвэрлэгчдийн NextGen Cup Challenge хэмээх хоёр жилийн судалгааны хөтөлбөрийн үр дүн аж. Зөвхөн энэ хоёр сүлжээ гэхэд л жилдээ хэдэн тэрбум ширхэг цаасан аяга хаядаг. Цаасан аяганы дийлэнх нь хуванцар дотортой учраас дахиварт ашиглах боломж бараг байдаггүй. NextGen групп мөн байгальд хаягдаж задрахаараа бордоо болдог, нэг удаагийн хэрэглээний аягыг Оклендэд турших төлөвлөгөөтэй байна. Эх дэлхийдээ хөнөөл бага учруулах гэвэл материалын сонголт ач холбогдол бага. Учир нь цаас, хуудсан хөнгөн цагаан, хуванцрын алинаар нь ч хийсэн нэг удаагийн хэрэглээний аяга байгальд сөрөг нөлөөтэй. Иймд NextGen олон дахин ашигладаг, эдэлгээ сайтай аяга хийхэд гол анхаарлаа чиглүүлжээ. Энэхүү хүчин чармайлтын дүнд хүн төрөлхтөн цуглуулж, цэвэрлэдэг, дахин хуваарилж, дижитал технологийн тусламжтай хянахдаа, дахин ашигласан тоог, тодорхойлж болдог аяга хэрэглэх гэж байна. Хоёр төрлийн шинэ аягыг энэ долоо хоногоос Калифорнийн кофе шопуудад туршиж эхэлнэ. Сан-Францискод Muuse стартапаас их дээд сургуулиудын кампуст турших аяга нь гаднаа QR кодттой байх юм. Хэрэглэгч уг аягыг хэрэглэхээр авах, хэрэглэж дуусаад хураах цэгт өгөх болгондоо кодоор нь бүртгүүлнэ. Харин Пало-Альтод Cup-Club стартапаас турших аяганы дизайныг Лондонд амьдардаг Сафиа Куреши хэмээх архитектор 2015 онд гаргажээ. Аягыг хот доторх, тод шар өнгөөр тэмдэглэсэн хураах цэгүүдэд хялбархан хурааж болно. Хуримтлагдсан аягыг автомашинаар зөөж цэвэрлэх цэгүүдэд хүргэх аж. Өөртөө RFID чиптэй ийм аягыг кофе шоп, хураах цэгүүд скан нердан бүртгэж авах аж. Шинэ системээ албан байгууллага, компаниудад борлуулах зорилготой Cup-Club дахин ашигладаг аяга нь лэндфилийн аргаар устгадаг хаягдлыг 40 хувиар бууруулж чадна хэмээн тайлбарлажээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Европын тэрбумтан Аманчио Ортегагийн амжилтын түүх

 0 сэтгэгдэл
  • Ядуу амьдралаас дэлхийн хамгийн баян гурван эрхмийн нэг болоход шинийг санаачлагч зан чанар нь нөлөөлжээ
  • Нэртэй бизнесмэн болохын тулд хөдөлмөрлөж, шинийг санаачилдаг байсан нь Ортегаг амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлжээ

Билл Гэйтсийг ардаа орхиж дэлхийн баян эрхмүүдийн нэгээр тодорсон хүн бол Испанийн тэрбумтан Аманчио Ортега Гаона билээ. Тэрбээр ZARA хэмээх загварлаг дэгжин хямд үнэтэй брэндийг үүсгэн байгуулж, бизнесээ амжилтад хүргэсэн ухаалаг бизнесмэн. Ортега сүүлийн жилүүдэд Европын хамгийн баян хүнээр тодорч буй. Түүний хөрөнгө 83.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Түүний үүсгэн байгуулсан Индитекс группийн харьяанд алдарт ZARA­-гаас гадна Pull and Bear, Massimo Dutti, Bers­hka, Stradivarius, Oysho, Zara Home, Uterqüe зэрэг бэлэн хувцас, зүүлт гоёл жижиг эд хэрэглэл, гэр ахуйн барааны найман брэнд багтдаг. Үүнээс хамгийн алдартай, хамгийн том нь ZARA брэнд. Тус брэндийг 1975 онд анх үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Индитексийн тулгын чулуу байсан юм. Өдгөө дэлхийн 94 оронд Индитекс группийн нэрийн бараа ны 7405 дэлгүүр ажилладаг бөгөөд үүний 2400 нь ZARA-гийнх аж. Нийт 162 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг томоохон групп гэдгээрээ онцлог. Амжилтын эзэн ноён Аманчио Ортега Гаона 1936 оны гуравдугаар сарын 28­-нд Испанийн баруун хойд эргийн Леон хэмээх мужийн Бустонго де Арбос хэмээх бяцхан сууринд төрсөн бөгөөд түүнийг балчир байхад тэднийх зэргэлдээх Ла Коруна хэмээх тосгонд нүүн очсон байна. Ортегагийн эцэг нь төмөр замын жирийн ажилчин, ээж нь айлд үйлчлэгч хийдэг байжээ. Аманчио дээрээ хоёр ах, нэг эгчтэй айлын отгон хүү юм. Түүний бага нас туйлын ядуу өнгөрсөн бөгөөд тэрбээр эцэг эхдээ тус дэм болохын тулд 14-хөн насандаа сургуулиас гарч хувцасны дэлгүүрт туслах ажилтнаар оржээ. Энэ тухайгаа тэрбээр “Нэг удаа би ээжтэйгээ хүнсний дэлгүүрт ортол ээж дэлгүүрийн эзнээс зээлээр идэх юм өгөөч гэж гуйсан. Тэгтэл худалдагч “Сеньёора минь дээ, одоо ахиж танд зээлээр юм өгч чадахгүй, явж үз” хэмээн биднийг хөөхөд би ихэд ичиж билээ. Ингээд сургуулиасаа гарч ажил хийж мөнгө олохоор хатуу шийдсэн” хэмээн өгүүлжээ. Хүү цамц эвхэхээс эхлэн оёх, материал сонгох гээд хувцас үйлдвэрлэх бүхий л шат дамжлагатай танилцан сурав. Энэ хугацаандаа тэрбээр хэн нэгний оёсон хувцсыг зарснаас хэрэглэгчдийн таашаалд нийцсэн хувцсыг өөрөө маш хурдан хийж зарвал мөнгө хийх асар их боломж буйг олж харжээ. Үүнийгээ ажил хэрэг болгохоор банкнаас тухайн үеийн ханшаар 30 ам.дол­лартай тэнцэх песо зээлэн авч анхны эхнэр Розалиятайгаа хамт том өрөөндөө зүйж ширсэн гэрийн халаад оёж, нутгийн дэлгүүрүүдэд нийлүүлж эхэлсэн нь өнөөгийн алдарт ZARA­-гийн үндэс суурь байжээ. Анхны эхнэр Розалия Мера түүнтэй адил ажилчин айлаас гаралтайгаас гадна, мөн л 11 насандаа амьдралын эрхээр сургуулиасаа гарч оёдолчин болжээ. Тиймээс бүсгүй оёж шидэхдээ гаргуудаас гадна хувцас загварын өндөр мэдрэмжтэй сэргэлэн цовоо бүсгүй байж. Розалия дур булаам харагдуулдаг дотуур хувцас хийж эхэлсэн нь тэр үедээ мода болж байв. Тэдний бизнес нэлээд өргөжиж захиалганд дарагдаж, ажилчин нэмж авахад хүрчээ. Ингээд мөнгө цуглуулсны эцэст 1975 онд дэлгүүр нээж Аман­чио, Розалия хоёр өөрсдийн үзэх дуртай киноны гол баатар Зорбагийн нэрээр нэрлэ­жээ. Гэвч тэдний дэлгүүрээс нь холгүй яг ижил нэртэй баар байснаас хэдэн үсгийг нь өөрчилж ZARA болгосон байна.

Тус брэндийн дэлгүүр хэдхэн жилийн дотор дэлхийн хэмжээнд өргөжиж, Европ, Ази, Австрали тивд нээгджээ. Ашиг орлого нэмэгдэхийн хэрээр ноён Ортега бизнесийнхээ хүрээг тэлж, 1991 онд Pull and Bear хэмээх өсвөр насныхан болон залууст зориулсан брэнд, 1999 онд Massimo Dutti, 1999 онд Stradivarius брэндийг тус тус худалдан авчээ. 2001 онд Oysho хэмээх дотуур хувцас, фитнесс бэлтгэлийн хувцасны брэнд, 2003 онд Zara home хэмээх гэр ахуйн барааны брэнд, 2008 онд Uterqüe хэмээх гоёл чимэглэл, савхин хувцас акссесуарын брэнд гаргажээ. Хувцас үйлдвэрлэхэд том компаниуд загвар гаргахаас эхлээд 3­4 сарыг зарцуулдаг бол ZARA-­гийн хувьд 2­3 долоо хоногт л шинэ хувцсаа зах зээлд нийлүүлдгээрээ давуу талтай. Тус компани жилдээ 12 мянган шинэ загвар гаргадаг байна. Ортега сурталчилгаанд мөнгө зарцуулахыг мөнгө үрсэн дэмий хэрэг гэж үздэг нэгэн. Маркетингийн зардлын оронд дэлгүүрийнхээ дотоод засал чимэглэл, ерөнхий дизайнд үнэ хайрладаггүй. Испани тэрбумтан өндөр боловсролтой нэгэн биш учраас бусадтай ихэмсэг харьцдаггүй. Ажилтан бүрийнхээ үгийг сонсож, нээлттэй байдаг учраас амжилтад хүрсэн гэж зарим хүн үздэг байна. Өдгөө 80 настай хэдий ч ямаа, тахиа маллаж, ач, зээ нараа халамжилдаг аж. Түүний хувьдаа авсан хамгийн үнэтэй хөрөнгө нь 45 сая ам.доллараар худалдаж авсан Global Express BD­700 онгоц юм. Ортега анхны эхнэр Розалия Мерагаас 20 жилийн дараа салж, өөрөөсөө 20 орчим насаар дүү амраг Флориятайгаа гэрлэжээ. Анхны эхнэрээсээ хүү охинтой бөгөөд хүү нь тархины гэмтэлтэй төрсөн нь хосын амьдралд хүнд цохилт болсон байна. Анхны эхнэр Розалия Перез нь 2013 онд нас бартлаа Испанийн хамгийн баян эмэгтэй байсан бөгөөд амжилттай бизнес эмэгтэй, мөн л ухаалаг хөрөнгө оруулагч байжээ. ZARA-­г өвлөх эрхмээр хоёр дахь эхнэр Флория Перезээс төрсөн охин нь тодроод байгаа аж. Ортега өөрөө боловсрол эзэмшиж чадаагүйдээ харамсдаг бөгөөд жил бүр 500 оюутныг өөрийн нэрэмжит тэтгэлгээр АНУ, Канадын их дээд сургуулиудад сургадаг байна. Тэрбээр 2017 онд 320 сая ам.долларыг хорт хавдар оношлон эмчлэх 290 ширхэг аппарат авахад зориулан Испанийн эрүүл мэндийн яаманд хандивласан нь түүхэнд байгаагүй том хүмүүнлэгийн тусламж болжээ. Нэртэй бизнесмэн болохын тулд хөдөлмөрлөж, шинийг санаачилдаг байсан нь Ортегаг амжилтад хүрэхэд нь хамгийн их нөлөөлжээ.