A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2781/

ДЦС IV-ийн хяналтын системийг бүрэн автоматжуулав

4.2 тэрбум иений санхүүжилтээр MON-P10 төсөл амжилттай хэрэгжлээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2781/


Дулааны IV Цахилгаан станц Монгол орны төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 70 хувийг дангаараа хангадаг. Тэгвэл уг станцын хүчин чадлыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Япон улсын Засгийн газрын тусламжаар MON-P10 төсөл хэрэгжээд дуусаж байна. Хоёр улсын Засгийн газар хооронд зургаан жилийн өмнө байгуулсан уг төслийн үр дүнг хэвлэлийнхэнд танилцуулах ажлыг Японы элчин сайдын яамнаас зохион байгуулав. Төслийн хүрээнд нийт 4.2 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг тус станцад олгожээ.

Өмнө нь тус станцын цөөн хэдэн төхөөрөмж автомат, дийлэнх нь механик ажиллагаатай байсан. Тэгвэл төслийн хүрээнд станц бүхэлдээ бүрэн автомат системд шилжсэн гэж ДЦС-4 ТӨХК-ийн төслийн зохицуулагч М.Амарбаясгалан хэлэв.

Тэрбээр “Нэгдүгээр багцын ажлын хүрээнд 2017 оноос станцын зургаан турбоагрегатын хяналт удирдлагыг шинэчилж, тохируулгын системийг цахилгаан гедравлик системд шилжүүлсэн. Найман тэжээлийн усны насосын удирдлагын системийг бүрэн автоматжуулж, тоноглолуудыг ажилд залгасан. Ингэснээр станцын турбины гэнэтийн зогсолтын тоо буурсан. Улмаар сүүлийн таван жилд үйлдвэрлэсэн цахилгаан таван хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоо гарлаа. Харин хоёрдугаар багцын хүрээнд хоёр жилийн өмнөөс эхлэн станцын найман зуухны үнс үлээлгийн төхөөрөмжийг шинээр суурилуулж, дөрвөн зуухны тээрмийн бул тавгийг бүрэн шинэчилсэн.

Япон улсаас үзүүлсэн тусламжийн хэмжээ 326 тэрбум иенд хүрлээ

Мөн зуухны халах гадаргуунд үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулан, зуухны халах гадаргууг тогтмол цэвэр байлгаснаар зуухны ачаалал 12 хувиар нэмэгдэж, халууны хэтрэлт 50 хувиар буурч, үргүй зардал арилсан. Энэ нь түлшний зарцуулалтыг хоёр хувиар хэмнэх давуу талтай. Хоёр багц төслийн хүрээнд хийгдсэн ажлууд нь станцын үр ашгийг өндөр хэмжээгээр нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцэхүйц болгосон төдийгүй эдийн засгийн хувьд үргүй зардлыг бууруулж чадсан” гэсэн юм.

Япон улс нь Монголд 1990-ээд оны нийгмийн шинэчлэлт өөрчлөлтийн үеэс эхлэн хөгжлийн албан ёсны тусламжийг гурван чиглэлд эрчимтэй үзүүлсээр ирсэн. Өнгөрсөн оны байдлаар тусламжийн хэмжээ 326 тэрбум 765 сая иенд хүрээд байна. Үүнээс Улаанбаатарын хотын чадавхыг бэхжүүлэх зорилгын хүрээнд ДЦС IVийн үр ашгийг нэмэгдүүлэхээр шат дараалсан төслүүдийг хэрэгжүүлсээр иржээ.

Энэ талаар ДЦС IV-ийн Ерөнхий инженер Б.Ганхуяг, “1990-ээд оны өөрчлөлт шинэчлэлийн дунд Зөвлөлтөөс ирэх тусламж дэмжлэг зогссоноос үүдэн үйлдвэрийн хэвийн ажиллагаа алдагдан, хуучин шаталтын систем нь доголдож, нүүрс зарцуулалтын хэмжээ эрс нэмэгдэж байсан. Уг дулаан хангамжийн үйл ажиллагааны доголдол нь улаанбаатарчуудын ая тухтай амьдрахад саад учруулж байв. Харин япончууд энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд 1992 онд буцалтгүй тусламжаар цахилгаан станцыг засч сайжруулсан юм. Тухайн үед шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Японоос манайд шууд нийлүүлж байлаа. 1992-1995 онд 1.6 тэрбум иенийн буцалтгүй тусламж олгож байсан. Японоос нарийн мэргэжлийн, олон жилийн туршлагатай мэргэжилтнүүд ирж зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан” гэв.

Харин тус станцад 30 гаруй жил ажиллаж буй зуухны машинч Б.Ганбат “Механик удирдлагын хяналтын системийг бүрэн автоматжуулсан нь аюулгүй байдал, ажлын бүтээмжид нэн тустай. Одоо би компьютерын хулганаараа л бүхнийг хянаж байна. Энэ нь илүү эрсдэлгүй. Мөн ажлын бүтээмж өндөртэй. Станцад ямар нэгэн гэмтэл доголдол гарч зогсолт хийвэл шаардлагатай цахилгааныг бид ОХУ-аас импортолно.

Импортолж буй цахилгаан нь манай үйлдвэрлэдгээс хоёр, гурав дахин өндөр үнэтэй. тиймээс бид алдаа гаргахгүй, доголдол үүсгэхгүй байх нь хэрэглэгчийг цахилгаанаар хангахаас гадна эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй” хэмээн хэллээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зургаан ам бүлтэй айл угаартаж, нэг хүүхэд нас барлаа

 0 сэтгэгдэл
  • Угаартай холбоотой мэдээллийг нийтэд өгөхгүй байхыг үүрэгджээ
  • 18-19-нд шилжих шөнө угаартай холбоотой 140 дуудлага бүртгэгджээ


Баасан гарагаас бямбад шилжих шөнө нийслэлийн түргэн тусламжийн төвд угаартай холбоотой 140 дуудлага бүртгэгджээ. Харин бямба гарагаас ням гарагт шилжих шөнө зөвхөн Баянзүрх дүүрэгт 24 дуудлага ирсэн байна. Угаартай холбоотой дуудлагад түргэн тусламжаас гадна цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч хамт очиж байгаа аж. Харамсалтай нь 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг айл угаартаж, гурван настай охин нас барж, хүүхдийн ээж ухаангүй байдалтай Хордлогын төвд хүргэгджээ. Угаартсан эмэгтэй давхар бөөрний дутагдалтай гэх оноштой тул биеийнх нь байдал тун хүнд байгаа аж. Тэрбээр гурав болон 15 настай хоёр хүүхэд, настай аав ээж, нөхрийн хамт ам бүл зургуулаа амьдардаг байжээ. Харин тус эмэгтэй хүүхдийнхээ хамт унтаж байсан өрөө нь ханан пийшинтэй бөгөөд өөр өрөөнд байсан гэр бүлийн бусад гишүүн угаартаагүй аж. Тэд “Энгийн зууханд шахмал түлш түлсэн” гэж мэдүүлсэн байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр угаартсан иргэд нийтийн байранд амьдардаг байсан талаар мэдээлсэн. Тэгвэл үүнийг угаартсан эмэгтэйн үеэл үгүйсгэсэн бөгөөд, уг айл гурван өрөө өвлийн байшинд амьдардаг байсан гэв. Харин хажууд нь нийтийн байр байдаг талаар тэрбээр залруулж хэлэв. Хордлогын яаралтай тусламжийн төв рүү залгаж, угаартсан иргэдийн талаар тодруулга авах гэсэн боловч “Манайх мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Угаартсан иргэдтэй холбоотой ямар ч мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагад өгөхийг дээрээс үүрэг болгосон гэдгийг нэрээ нуухыг хүссэн эх сурвалж хэлж байна. Улмаар энэ сарын 21 буюу өнөөдөр энэ талаар нэгдсэн байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв. Харин нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчээс тодруулга авахад “Өмнөх жилүүдэд ч өвлийн улиралд угаарын дуудлага ихэсдэг байсан. Гэхдээ энэ жил шинээр шахмал түлш хэрэглэх болсонтой холбоотойгоор дуудлага илүү их байх шиг байна. Бид өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа. Угаартсан байх магадлалтай бүх л дуудлагыг очиж, шалгаж байгаа. Дуудлага ч маш их ирж байна. Гэхдээ тэдэн дунд чанаргүй дуудлага бас байна. Иргэд толгой нь жоохон өвдөх төдийд л дуудлага өгч буй нь айдастай байгаагийн илэрхийлэл байх” гэсэн юм. Мөн иргэдийн хувьд шахмал түлшийг шөнө хэрэглэж чадахгүй байгаа талаараа хэлж байв. “Холбогдох байгууллагуудаас шахмал түлшийг хэрхэн хэрэглэх тухай зөвлөмж цаасаар тараасан. Нүүрсээ яаж түлдэг байсан, тэр аргаараа л галаа асааж байна. Угаартчих вий гэж айгаад шөнийн цагаар гал түлж чадахгүй байна” хэмээн учирлаж байв.











A

Жижиг

A

Дунд

A

Том

Өвөл нийслэлээр аялах таван санаа

 0 сэтгэгдэл
  • Улаанбаатар хот өвөлдөө утаа, угаарын асуудлаас нэг хэсэгтээ л салахгүй байх. Гэсэн ч та амралтын өдрүүдээр цэвэр агаар амьсгалж, нийслэлийн ногоон бүсээр аялах боломжтой. Улаанбаатарын ойролцоо уушгиа баярлуулах хэдэн шийдэл танд санал болгоё. Цаг агаараа харж байгаад гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялаад үзээрэй. Сонирхолтой байх болов уу. 


1. Нохойтой чарга Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нохой чарганы аялал зохион байгуулдаг газар бий. Үнийн хувьд хамгийн ойр буюу таван км-ийн аялал 40 мянган төгрөг. Бидэнд ойрын аялал нь л хангалттай. Магадгүй та сонирхвол хамгийн хол буюу 55 км-ийн аялал нь 250 мянган төгрөг байдаг. Ойрын зайд дээд тал нь 15 хүн аялах боломжтой. Нэг чаргыг 5-7 нохой чирдэг бөгөөд нэг чарганд эрэгтэй бол нэг, эмэгтэй бол хоёр хүн суудаг ажээ. 

2. Ууланд аялах Ууланд зөвхөн зун л гарна гэж бодоогүй биз. Улаанбаатар хотод өвлийн улиралд ууланд аялдаг хэд хэдэн клуб бий. Хөдөлгөөнийг эрхэмлэгч, байгальд аялах хоббитой төрөл бүрийн мэргэжлийн, нас насны хүмүүс нэгдэж аялал зохион байгуулдаг. Та ч бас найз нөхдөө уриалан Богд ууланд аялж үзээрэй. Долоо хоногийн нэг өдөр ууланд гарах нь шаардлагатай хүчилтөрөгчөө авч, стрессээ тайлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. 

3. Скай ресорт Италийн “Техно Алфин” компанийн цас хийх системийн тусламжтайгаар дэлхийн стандартын цас бүхий замыг бий болгон монголчууд, өвлийн спортын тамирчид, Монголыг зорин ирсэн жуулчдад үйлчилдгээрээ тус цанын баазын гол онцлог оршино. Улаанбаатар хотын төвөөс 12 км-ийн зайтай, Хүрхрээн аманд оршдог тус цанын бааз энэ жил өргөжиж АСЕМ-ын бүтээн байгуулалтаар Club House, Mt.Bogd гольфын клуб зэргийг бүтээжээ. Агаарт амрангаа цана, чарга, снөүбордоор хичээллээрэй. Та чадахгүй гэж санаа зовох хэрэггүй, мэргэжлийн багш нар таныг богино хугацаанд өвлийн спортын дөртэй болгоно.

4. Өвлийн дугуйн аялал Монголын залуучуудын холбооны дэргэд “Залуу дугуйчин” клуб үйл ажиллагаа явуулдаг. Тус клубээс үе шаттайгаар дугуйн аялал зохион байгуулдаг билээ. Өвлийн улиралд өөрийгөө сорьсон, адал явдалтай, мөн нэлээн хүч хөдөлмөр шаардсан аялал хийхийг хүсэж байгаа бол тэдэнтэй нэгдээрэй. Унадаг дугуй нь хүнийг стрессээс ангижруулж, залуу харагдуулах шидтэй спорт юм. Та долоо хоногтоо гурван удаа 45 орчим минут дугуй жийхэд л хөдөлгөөний дутагдлаас бүрэн сэргийлэх боломжтой. Дээрх клубээс өвлийн улиралд Туул голын мөсөн дээр аялал зохион байгуулдаг. 

5. Цастай зураг авалт Экстрим аялал сонирхохгүй байгаа бол Улаанбаатарын ойр орчмын үзэсгэлэнт газраар цастай зураг авалт хийгээрэй. Найз нөхдөөрөө хотын ногоон бүсийг зорьж цэвэр агаараар амьсгалж, халуун дарс ууж өнгөрүүлбэл бас л сайхан амралт болно. Хамгийн гол нь энэ амралтаа гэрэл зургаар баталгаажуулаарай. Хамаг бүхэн шороо мэт арилахад гэрэл зураг л үлддэг шүү дээ. Сануулахад, цас орсны дараа гэдгийг мартав аа. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хар тамхины хэрэглээ ихтэй Нигерийн иргэдэд зөвшөөрөл олгохыг зогсоожээ

 0 сэтгэгдэл
  •  Д.Мөрөн: “Их засаг”-ийн хар тамхины хэрэгт холбогдсон иргэн манайхаас оршин суух зөвшөөрөл аваагүй. 
    Өнгөрсөн есдүгээр сарын дундуур “Рояал” академийн харъяа “Тэрэлж боардинг” дунд сургуульд багшлах гэж байсан, залуусын дунд Dj Steve нэрээр танигдсан Стив Фрешфилд гэгч биедээ хар тамхи авч явсан, мансуурсан үедээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынханд баригдсан юм. Түүнийг аяллын визээр орж ирээд хориод хонож байсан тухай мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр Гадаадын Иргэн Харьяатын Газар (ГИХГ)-аас хийсэн мэдээллийн үеэр уг сэжигтэн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-аас 30 хоногийн бизнес аяллын визээр орж ирээд, тус байгууллагад бүртгүүлээгүй явсан Нигер улсын иргэн байсан талаар мэдээлэл өгсөн юм. 

ГИХГ-ын дарга Д. Мөрөн хэлэхдээ, “Гадаадын иргэн Монголд ямар зорилгоор орж ирэх гэж байгаа талаар холбогдох байгууллага нь эхэлж манайд ханддаг юм. Жишээлбэл, МУБИС-д суралцахаар ирж буй гадаадын иргэнд зөвшөөрөл олгоно уу гэж тус сургуулийн захиргаанаас ГИХГ-т ханддаг. Тухайн иргэн S ангиллын сургалтын визээр орж ирээд, долоо хоногийн дотор манай байгууллагад бүртгүүлж, 21 хоногийн дотор Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авдаг юм.Сүүлийн үед хар тамхины хэрэгт гадаадын иргэд холбогдох асуудал гарч байгаа. “Их засаг” сургуулийн хар тамхины хэрэгт холбогдогч бол Английн иргэн биш, Нигерийн иргэн шүү. ИБУИНВУ-аас олгодог 30 хоногийн бизнес жуулчлалын визээр ороод ирсэн хүн. Манайхаас ямар ч зөвшөөрөл аваагүй. Хэрэв 30 хоногоос дээш бол ГИХГ-аас заавал зөвшөөрөл авдаг, ийм хуулийн зохицуулалттай. Хар тамхины хэрэглээ нэлээд өндөр улсуудын талаар бид мэдээлэлтэй ажилладаг. Нигер иргэдэд зөвшөөрөл олгохоо бид зогсоосон” гэсэн юм. Одоогоор Стив Фрешфилдийг цагдан хориогүй, гадуур байцааж байгаа бөгөөд цагдаагийн бүрэн хяналтад байдаг аж. Тэрбээр хар тамхины хэрэгт шалгагдах явцдаа буюу есдүгээр сарын 14-нд “Гэгээнтэн энтертаймент” төвийн шөнийн клубт өөрийн нэрийн DJ Steve эвентээ зохион байгуулж байсан юм. Аяллын визээр орж ирсэн гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж, орлого олохыг хориглодог. Хэрэв ажлын санал авсан бол визний ангиллаа солиулах шаардлагатай. Энэ хуулийн дагуу “Рояал” академийнхан Стив Фрешфилдийн аяллын визийг солиулах хүсэлтээ гаргаад байсан үед хар тамхины хэрэгт холбогдсон юм. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд удааширч буй шалгаан нь хамсаатнууд болон хэрэглэгчдийн хүрээг нь давхар шалгаж байгаатай холбоотой байж болзошгүй.










A

Жижиг

A

Дунд

A

Том

Цайны дэг соёлоороо алдартай Аньхуй...

 0 сэтгэгдэл


- Би ч тэдний нэгэн адил Шанхайд бараг л намрыг мартах шахжээ. Үүл сүвлэсэн өндөр байшингуудын нэгдэл энд үгүй. Шанхайтай харьцуулахад нам гүм. Гудамж талбай нь үлэмж даруу. Манайхаар бол Улаанбаатараас гарч давхиад Дарханд ирсэн мэт санагдах тийм хөдөөрхүү.

“Цонхоо чи өмнө зүгт дэлгэлээ. Тэр зүгт уулс буй, далай буй, шувуудын жиргээн, цэцэгсийн анхилам цөм буй...” гэж БНХАУ-ын Аньхуй аймгаас гаралтай, эх газрын яруу найрагч Ян Ли-Еэ “Урагш дэлгэсэн цонх” бүтээлдээ шүлэглэсэн байдаг. Үүнийг энд өгүүлэх болсны учир гэвэл Шанхай хотоос урьд орой нь хөдөлсөн унтлагын гал тэрэг дохиогоо хангинуулсаар Аньхуйн Хэфэй хотод өглөөний нартай уралдан ирлээ. Энэ хот саяхныг болтол гаднын жуулчдын анхаарлын төвөөс хол байлаа. Харин сүүлийн хэдэн жилд улс дотроо алдаршиж, төд удалгүй тивийн хэмжээнд нэр алдар нь түгж эхэлсэн байна.Өчигдөр бороо энд сүрхий орсон тул манан будан хөшилдөөд, холын юмс цайрна. Бороо орохоор эрс хүйтэрчихдэг гэнэ. Гэхдээ хэд хоногоос эргээд дулаарчихна гэж нутгийн улс ярих нь нэн таатай. Зунаараа яваа хүмүүс дулаан хувцасны эрэлд гарч, дор бүрнээ ачаа юугаа ухан ноосон зузаан цамцаа углаж харагдана. Галт тэрэгний буудал түмний хөлд дарагдаж, ирэх, буцах хүмүүсийн цуваа тасралтгүй үргэлжилнэ. Хүн амынх нь тоо 10 сая дөхсөн, төв нийслэлээсээ даруй 1200 гаруй км алс зайтай Хэфэй хотод намрын улирал гоо үзэмжээ эс алдан байна аа. Өмнө зүгийн онцлог энэ. Урт удаан намар болдог билээ. Модноосоо тасарч ойчсон навчис салхины эрхээр... Харин навчсаас өөр нүдэнд торох хог, новш үл хөглөрнө. Цэвэрхэн, цэгцтэй хот юм байна. Хот дотроо метротой, метрогоор хүмүүс нь ажилдаа явчихна. Түгжрэх, бөглөрөх юм алга. Ийм болохоор зам дээр өрнөдөг уур бухимдал, стресс гэж байхгүй. Манай улс 2017 он гэхэд метротой болчихно гэж яриад өнөөдөр тэр бүхэн ор тас замхарчээ. Замын түгжрэл гэж тамтаггүй ихээр нэмэгдсээр. Харин энд метро нь ашиглалтад ороод гурван жил гаруй болжээ. Хот доторх дэд бүтцээ шийдсэнээр хүмүүсийнх амьжиргаанд хүртэл энэхүү бүтээн байгуулалт сайнаар нөлөөлжээ. Цаг хугацаа хэмнэнэ гэдэг мөнгөө гамнана гэсэн үг, хөгжил ойртох нэр. Манайх шиг хамаг цагаа зам дээр үрэх гачлан энэ хотод үгүй. Хотын гүнд нь дэлхийн брэндүүд цөм “үүрлэжээ”. Хүний хэрэгцээг энэ болгон нь хангаж хүчрэх учраас дэлгүүр хэсэх гэж Бээжин, Шанхай руу эндхийн хүмүүс явахгүй. Хэрэглээ нь энгийн. Харин ч дээрх хоёр хоттой харьцуулахад өртөг хамаагүй бага тул амар жимэр болоод байх. Худалдааны төвүүд бараа бараагаа харан байрлана. Тийм болохоор нэгээс нөгөө рүү гараад орох боломжтой.Хятадууд үргэлж ногоон цай эсвэл усны савтай явна. Эр, эм, хөгшин залуугүй ийм. Үүнийг зөв дадал хэвшил гэж болно. Мөн хэзээ ч хоолны цагаа хойшлуулахгүй, наашлуулахгүй. Өдрийн гурван хоолыг алгасах дургүй хүмүүс юм байна. Ямар ч ажилтай байсан өл залгах хоол ундтай тогтсон цагт “шадарлана”. Цайны цагаараа дасгал хөдөлгөөн хийж байгаа нь шамдангуй. Хийн дасгал хийхийг нийтээр нь хорьчихсон тул бүжиглэхээс гадна сүүлийн үед гудамж талбайдаа ил задгай дуулах болжээ. Манайхан хатуу “юм” уугаад дуулж, сэтгэл дотор хургасан зүйлээ сая гаргадаг бол хятадууд хэнээс ч ичиж эмээх зүйлгүй, зөв, солгой гэхгүй дуулж гарна. Дуулахын тулд заавал нэг “сэргээш” хэрэглэх гэж оролдохгүй. Сэтгэлээ ч ингэж хүчлэх нь үгүй. Дуулах нь тэдний хувьд урт наслах нэг арга болжээ. Харин чихэр, шоколад гэж ер дурлаад байхгүй. Хятадын 70 жилийн ой Хэфэйд  очих үеэр тохиож таарсан тул улс даяараа амарч, худалдаа, үйлчилгээний төвүүд нь хөл ихтэй байв. Бараа, бүтээгдэхүүний үнэ харж л явлаа. Монголтой ойролцоо ч нь байна. Хүмүүсийнх аж байдал сүүлийн хэдэн жилд дээшилж,  амьжиргааны түвшин төрөл арилжсан гэж болно. Тийм учраас өмнөд хөршийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь өөрсдийнх иргэд болж, тэд худалдан авалт, хэрэглээгээрээ улсаа тэжээн, тэтгэх хэмжээнд нэгэнт иржээ. Сонирхуулахад, 1991 онд Хятадын нэг хүнд ногдох ДНБ 330 ам.доллар байсан бол 2011 онд энэ дүн 5430 ам.доллар болж өссөн байна. Харин өнгөрсөн онд 13 мянган ам.долларт хүрч, энэ тоо баримтын цаана хэдэн зуун сая хүний амьжиргааны түвшин сайжирч, эцэг эхэд нь мөрөөдөл төдий байсан орчин цагийн тав тухтай амьдрал шинэ мянганы хятадуудад онцгой содон байхаа больжээ. Цайны соёлоороо Аньхуй нутаг Хятадад зэгсэн алдартай. Дотоодын аялал жуулчлал энэ орон хотод хөгжиж, улс дотроо улам алдартай болоход өнө эртний хатуу дэг уламжлалтай цайны соёл гаргууд үүрэг гүйцэтгэсэн байна. Ерөөсөө цай уух гэж, цайны соёл гэгч чухам юу болохыг өрнийн улс амьтан бие сэтгэлээрээ амтлан мэдрэх гэж, таалан соёрхох гэж энд ирдэг аж. Аньхуйгаас гаралтай эсвэл энд төрж өссөн хүүхнүүд цай сайтай гэж хадамдаа шагшигдах нь энүүхэнд. Манайхан баруун таван аймгийнхан цай сайхантай гэж ярьдагтай энэ нь агаар нэг юм. Баруун таван аймаг дотроо Увс илүү гэлцдэг. Түүнтэй адилхан Аньхуй нутаг ийм буюу.Аньхуй мужийн Хэфэй хотод Монгол Улсаас 20 гаруй оюутан өдгөө сурч байна. Тэдний дийлэнх нь хөдөө аж ахуйн чиглэлээр дагнажээ. Зарим нь ирэх жил төгсөх гээд толгой өндийх завгүй байна. Монголоос авчирсан ганц чихэр хүртэл энд амттай бас ховроос ховор эрдэнэ болно. Хотын төвд том газар нутаг эзлэн орших Аньхуй мужийн Хөдөө аж ахуйн их сургуулиар зочиллоо. Номын сан нь манай Засгийн газрын ордноос хэдэнтэй сүрлэг байх агаад сургуулийн хүрээ нь явж барагдахгүй цэлгэр юм аа. Улс нийтээр амарсан ч номын сан нь суудал үгүй, цөм эзэнтэй. Тэд дор бүрнээ бусдад саад болохгүйг хичээн өмнөх хичээл, номоо чухам уйгагүй давтана. Ялаа дүнгэнэх чимээ танхимд сонсогдохоор анир чимээгүй. Тэнгэр чичсэн өндөр уулсын өвөр бэлд төрж өссөн үеэл маань Аньхуй аймгийн Хөдөө аж ахуйн их сургуулийн  оюутан. Түүний хэлснээр хятад оюутнууд их уйгагүй, үргэлж л хичээл номоо давтаж байдаг гэв. Улс доторх өрсөлдөөн ширүүн учраас ингэж хичээлээ давтахаас өөр сонголт тэдэнд олддоггүй байна. Сургуулийн хичээлийн болон оюутны байр хоорондоо холгүй, хотхон дотроо. Тиймээс автобус, метро гэж явахгүй. Оюутны амьдрах орчин нөхцөл энэ болгоныг нэг дор шийдсэн нь суралцмаар. Заавал тив алгасах бус хажууханд буй хөрш “айл”-аас авах, гээх, туршлага судлах зүйл их байна. Нүдээ чилтэл номын санд суусан оюутнууд чөлөөт цагаа өнгөрүүлэх спортын талбай төрөл төрлөөрөө эгнэн байрших нь цагаан атаархал төрүүлнэ. Улаанбаатарт “улаан ном”-д орох нь холгүй хэдхэн спорт талбай  бий. Жилээс жилд энэ талбайн хэмжээ, тоо нь говийн мазаалай шиг хорогдох болсон. Харин оронд нь автомашины зогсоолгүй, ногоон байгууламжгүй шил толь болсон байшин сав ярайтал гэнэтхэн сүндэрлэх нь жаахан урамгүй. Ногоон байгууламж нь Хэфэй хот гоё сайхан харагдах нэг нууц гэлтэй. Энэхүү хотоос зах хязгаар нь саравчлаад ч харагдахгүй далай тэнгист хүрэхэд хамгийн дөхөм гэнэ. Энд хүрсэн хүн далай явна гэж зүтгэдэг нь бас учиртай. Ойрхон гэж сонссон болохоор хүсэх нь бас аргагүй ч юм уу даа. Тус хотоос Хятадын төв нийслэл Бээжин хүртэл хурдны галт тэргээр цагт 300  км-ын хурдтай таван цаг эх газрыг туулна. Ингэж явахад нэг хүний 400 орчим юань. Энэ нь төгрөгөөр 150 гаруй мянга болж байсан. Өмнөд хөршид цагийг нь тулгасан болгон нэг л бүтэл муутай эсвэл илүү өндөр үнэ төлөх хэрэг гардаг. Тиймээс явдлын хүмүүс эртнээс юм болгоноо урьдчилж захиалж байж сая амар явна. Эрт төлөвлөж байж бид илүү хэмнэнэ. Хятадууд ч өөрсдөө ийм. Манайхан өмнөд хөрш рүү 2010 оноос хойш аялах нь эрс нэмэгджээ. Гэр бүлээрээ болон найз нөхөд, хамт олноороо явах нь олширсон бөгөөд зарим нь Эрээн яваа мэт ямар ч төлөвлөгөөгүй, юу үзэхээ, хаагуур явахаа тодорхойлж мэдэлгүй ирдэг байна. Төгрөгөө юань болгосныг эс тооцвол аяллын бэлтгэл сул задгай. Хот хооронд явах тасалбараа хүртэл урьдчилж авахаас гадна үзэж харах үзвэрээ мөн ингэж албажуулах хэрэгтэй. Тэрбум хол давсан хүн амтай энэ улсад хүн ажил, амьдралаа залгуулна гэдэг бэрх. Тиймээс хүн болгон өмнөх ажлаа сэтгэлээсээ хийнэ. Ажлыг тэд голохгүй. Ажлаа бас хуурахгүй. Харин ажилтай байгаа нь аз жаргал болно. Хүн зоных нь амьдрал харилцан адилгүй. Хэдий тийм боловч дэлхийн тэргүүлэх гүрэн мөдхөн болно гэсэн итгэл үнэмшил иргэн болгоных нь хүсэл мөрөөдлийн нэг хэсэг мэт. Өмнөд хөршийн иргэд төрийн далбаагаа уламжлалт баяр, тэмдэглэлт ойгоороо бахдал дүүрэн намируулж явах юм. Ялангуяа хүүхдүүд нь гар гартаа далбаа атгасаар, аав ээжээ тойрон гүйнэ. Хүүхдэд багаас нь эх оронч үзэл санааг магадгүй ингэж суулгадаг байж болох юм. Хүдэн татсан хүний нутаг ард үлдлээ. Цайны дэг соёлоороо алдартай Аньхуй нутагт ахин ирэх ерөөл тавья.