A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5048/

Дэлхийд танигдах зорилготой Debra Mongolia брэнд

Дэлхийд танигдах зорилготой Debra Mongolia брэнд

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5048/
  • Дөрвөн жилийн өмнө бүтээгдэхүүнээ гэртээ урлаж, цахимаар захиалга авч, хүргэдэг байсан бол өдгөө зах зээлд танигдсан томоохон брэнд болж чаджээ
  • Хүн дотуур хувцсыг нүцгэн бие дээрээ өмсдөг учир биед эвтэйхэн, материал сайтай байх шаардлагатай бөгөөд жижиг хэсэг бүхэн нь нарийн оёдол, эсгүүр шаарддаг онцлогтой. Тиймээс тэр шаардлагад нийлүүлж, хувцсаа урлахыг хичээдэг
  • Өндөр хөгжилтэй улс орнуудад дотуур хувцас гадуур хувцаснаас ч үнэтэй, тансаг хэрэглээнд тооцогддог аж

Эмэгтэй хүний өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг илэрхийлдэг чухал зүйл бол хувцаслалт. Тэр дундаа дотуур хувцас галбирыг тодотгож, эрч хүч, эмэгтэйлэг чанарыг нэмэгдүүлдэг шидтэй. Энэхүү нандин бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, олон улсын зах зээлд гарах зорилготой ажиллаж буй Debra Mongolia брэндийг “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна.


Дотуур хувцас худалдаж авах тухай бодоход л Debra санаанд нь ордог байгаасай гэж хүсдэг” гэх шавилхан биетэй, шалмаг хөдөлгөөнтэй бүсгүй бол тус брэндийн үүсгэн байгуулагч О.Энхбилэг юм. 20 нас дөнгөж гарч байгаа ч бизнесийн гараагаа дөрвөн жилийн өмнө эхлүүлжээ. Хүүхдээ төрүүлээд, гэртээ байх хугацаандаа дотуур хувцсаа өөрөө оёж өмсдөг байсан нь тус брэнд бий болох эхлэл болсон аж. Тухайн үед торон хувцас моданд орж байсан учир эмээгийнхээ оёдлын машинаар өөртөө зориулж, торон бралетт хийж, түүнээсээ аз жаргал, тав тух, өөрийгөө хайрлах мэдрэмж, урам зориг авч байснаа хуваалцлаа. О.Энхбилэг “Би хүний нөөцийн менежер мэргэжилтэй. Оёх, эсгэх, загвар зохион бүтээх талаар номын дуу сонсоогүй ч шаргуу хичээл зүтгэлийн үр дүнд мэргэшиж чадсан. Анх шаггүй их судалгаа хийж, өндөр үнэтэй, чамин тансаг бүтээгдэхүүнээс эхлээд лангуун дээр зарагддаг дотуур хувцас нэг бүрийг задалж, эсгүүр оёдлыг нь судалсан. Хүн дотуур хувцсыг нүцгэн бие дээрээ өмсдөг учир биед эвтэйхэн, материал сайтай байх шаардлагатай бөгөөд жижиг хэсэг бүхэн нь нарийн оёдол, эсгүүр шаарддаг онцлогтой. Тиймээс тэр шаардлагад нийцүүлж, хувцсаа урлахыг хичээдэг” гэлээ. Эсгэж, оёсон хувцас нь эмэгтэй хүний нандин чанарыг танихад нь тусалж, дотоод хүнийг нь өөрчилсөн учир тухайн мэдрэмжээ бусадтай хуваалцахыг хүсэж, анх бүтээгдэхүүнийхээ зур­гийг цахим хуудсандаа оруулж эхэлжээ. Зураг харсан найзуу­даас нь “Чи хийж байгаа юм уу. Надад хийгээд өгөөч, би авмаар байна” зэрэг сэтгэгдэл их ирдэг байсан нь бүтээгдэхүүнээ борлуулах сэдэл өгсөн аж. 

Дөрвөн жилийн өмнө бүтээг­дэхүүнээ гэртээ урлаж, цахимаар захиалга авч, хүргэдэг байсан бол өдгөө зах зээлд танигдсан томоохон брэнд болж чаджээ. Түүнчлэн 10 орчим хүнийг ажлын байраар хангаж, улсад татвараа төлж буй хариуцлагатай компани юм. Debra брэнд зөвхөн Монголд төдийгүй олон улсын зах зээлд гарах зорилготой ажиллаж буй. Одоогоор БНСУ­-д гэрээт борлуулагчтай бөгөөд бусад улсаас ч захиалга авдаг аж. Өндөр хөгжилтэй улс орнуудад дотуур хувцас бусад хувцаснаас ч үнэтэй, тансаг хэрэглээнд тооцогддог аж. Гэсэн хэдий ч загвар, чанараараа сайрхах зүйлгүй байдаг учир гадаадын иргэд ч Debra-­г хэрэглэх сонир­холтой байдаг гэнэ. “Манай бүтээгдэхүүнийг нэг авсан хүн заавал дахиж авдаг” гэж Debrа брэндийн ажилчид бардам хэлэх бөгөөд үнэхээр ч байнгын үйлчлүүлэгч олонтой аж. Тогтмол худалдан авдаг хэрэглэгчидтэй учир эдийн засаг хямарч буй энэ үед ажрахгүй, үйл ажиллагаагаа явуулсаар байгаагаа онцолж байлаа. Түүнчлэн үйлчлүүлэгчийн 50 хувь нь эрэгтэй хүн байдаг гэнэ. Тус брэнд одоогоор долоон төрлийн бүтээг­дэхүүн гаргадаг. Гэрийн халат, хослол, бралетт зэрэг төрөл бүрийн дотуур хувцсыг өнгө, загварын өргөн сонголттой урладаг байна. Үнийн хувьд, өндөр хөг­жилтэй орнын ижил төрлийн бүтээгдэхүүнээс хямд ч урд хөршөөс орж ирдэг дотуур хувцаснаас илүү үнэтэй. Гэхдээ Монгол Улс үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон учраас бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг БНСУ, БНХАУ зэрэг гаднын орноос оруулж ирдэг аж. Ингэхдээ харшил өгөхгүй, өнгө үзэмж сайтай, чамин, цэвэр даавуун зэрэг олон шаардлага тавьдаг болохоор түүхий эдийн өртөг багагүй хөрөнгө шаарддаг аж. Энэ талаар О.Энхбилэг “Одоогоор Монголд дотуур, гадуур хувцасны материал үйлдвэрлэдэг компани бараг л байхгүй.

Дотуур хувцасны хувьд жижиг эд хэрэглэл ихтэй. Материалын олдоц элбэг биш. Зөвхөн захиал­гаар ирдэг гээд асуудал бий. Тиймээс худалдаалж буй бүтээгдэхүүн дээрээ их мөнгө нэмж зардаггүй юм. Ашиг нь ч тийм их биш. Гэхдээ Монгол Улсыг үйлдвэрлэгч орон болгохын төлөө өөрийн хувь нэмрээ оруулж, бууж өгөхгүй ажиллаж байна. Монгол брэнд гэхээр л дээл, хувцас, хуучны зүйл байх ёсгүй гэж боддог. Гадаадад юу хийж, юу үйлдвэрлэж байна тэр бүхнийг бид зэрэгцээд л хийх ёстой гэж боддог” гэлээ. Debra брэнд өөрийн нэрийн урлантай болж, дэлгүүрээ ч нээгээд амжжээ. Түүнчлэн хөдөө орон нутгийн хэрэглэгчдэдээ хүрч ажиллах зорилгоор зарим аймгийн төвд гэрээт борлуулагч болжээ. “Танай брэнд бусад ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын болон гадаадын үйлдвэрээс юугаараа давуу талтай вэ” гэж асуухад “Монгол хүний биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн гардаг нь хамгийн том давуу тал. Улс орны эмэгтэйчүүдийн биеийн онцлог өөр, өөр байдаг. Тухайлбал, ихэнх Европ эмэгтэйчүүд хөх, цээж жижиг­тэй байдаг бол Монголд эсрэгээрээ байх жишээтэй. Түүнчлэн загвараа өвөрмөц шийдэлтэй байлгахыг хичээдэг аж. Гадуур хувцасны чиг хандлага улирал, цаг үеэ дагаад тогтмол өөрчлөгдөж байдаг. Үүний адил дотуур хувцасны загвар ч мөн хувьсдаг байна. Тухайлбал, өвлийн улиралд хар, улаан, цагаан өнгө борлуулалт ихтэй байдаг бол зуны улиралд тод өнгө тренд болдог аж. 

Дотуур хувцас жижигхэн ч гар ажиллагаа ихтэй. Тиймээс нэг бүтээгдэхүүн оёхын тулд дөрвөн цаг зарцуулдаг бөгөөд олон шат дамжиж, хэрэглэгчийн гар дээр хүрдэг байна. Шинэ бүтээгдэхүүнээ өөрсдөө хэрэглээд, давуу болон сул талыг нь тодорхойлж, сайжруулан худалдаанд гаргадаг аж. Бүтээгдэхүүн үйлдвэрлээд, брэнд бий болгож, хүмүүст танигдана гэдэг амаргүй. Бүтээгдэхүүний загвар гаргах, оёдол эсгүүр хийх, сав баглаа боодол дээр анхаарлаа хан­дуулах, маркетинг, менежмент дээр ажиллах гээд дурдаад байвал дуусашгүй их. Шантарч, бууж өгмөөр үе бишгүй байсан ч “би чадахгүй бол өөр хэн чадах юм” гэх бодлоор өөрийгөө хурцалж өнөөдрийг хүрсэн тухайгаа Debra брэндийн үүсгэн байгуулагч О.Энхбилэг бидэнтэй хуваалцсан юм. Тэрбээр “Надад мөнгө байхгүй, надад авьяас байхгүй, би боломжтой айлын хүүхэд биш, надад хэн ч заагаагүй гэсэн сөрөг бодолд хүлэгдсээр суух хооронд амьд­ралын өдөр хоног урссаар л байдаг. Тиймээс хойш суулгүй би чадахгүй бол өөр хэн чадах юм гэсэн бодлоор өөрийгөө хурцалдаг. Би чадахгүй юм байна гэж бодох үе цөөнгүй байсан ч маргааш илүү сайн байгаарай гэж өөрийгөө зоригжуулдаг. Анх Debra гэх том үрийг суулгасан өдрөөс л би “аз жаргалтайгаар” цэцэглүүлж ирсэн. Бүхэл бүтэн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар зорьсон хүнд жижиг саад бэрхшээл гэдэг сургамж л болдог юм билээ. Хөдөлмөрөөрөө хүслээ биелүүлж амьдрахаар хичээж байна” гэлээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Олон улсын зах зээлд монгол чанарыг таниулах зорилготой “Одь Тан” ХХК

  • Бидний сэтгэл шингээж бэлтгэсэн эм, тан бусдын биеийг анагаах үүрэгтэй учир жижиг хэсэг бүхэн дээр онцгой ач холбогдол өгдөг” 
  • Тус брэнд нь тураах үрэл, ханиадны тан, дархлааны цай, ванны бөмбөлөг, биеийн болон нүүрний тос, үс ургуулах халгайн цацлага зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ургамал нь хаягдалгүй бүтээгдэхүүн учир хэсэг бүрээр нь өөр, өөр төрлийн бараа гаргах боломжтой байдгийг ажилчид онцолж байлаа
  • "Өвдсөн хойноо халаглаж, элдэв эмчилгээнд байдгаа барахын оронд өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэнддээ анхаараасай гэж хүссэндээ энэ олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг юм. Улиралдаа тохирсон хоол, цай хэрэглэж, дархлаагаа тогтмол дэмжих нь олон өвчнөөс сэргийлнэ”

Эрүүл мэнд, гоо сайхны 200 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дотоодын зах зээлд нийлүүлж, БНСУ, БНХАУ руу гаргаж байна

Эрүүл мэндэд тустай эцсийн бүтээгдэхүүнийг эх орны түүхий эдээр үйлдвэрлэж буй “Одь Тан” ХХК-ийн “Доктор Баатар” брэндийг “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. Тус компани 10 үе дамжсан маарамба, анагаах ухааны доктор, хүний гавъяат эмч П.Баатарын арга ухаан, мэдлэг туршлагад түшиглэн бүтээгдэхүүнээ гаргадаг байна. 

200 ОРЧИМ НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭДЭГ 

“Доктор Баатар” брэнд 2013 оноос бүтээгдэхүүнээ гаргаж эхэлжээ. Гэхдээ эхний гурван жилийн хугацаанд зөвхөн тан, эмийн ургамал л үйлдвэрлэдэг байсан бөгөөд үйлдвэрлэсэн эмээ бүртгэлд оруулж патентжуулахад багагүй хөдөлмөр зарцуулжээ. Харин өдгөө эрүүл мэнд, гоо сайхны 200 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна. Энэ талаар “Доктор Баатар” брэндийн гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам “Манай компани одоогоор 110 төрлийн эмийн ургамал, таван төрлийн эмчилгээний цай, эрүүл мэнд, гоо сайхны 20 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үндсэндээ том, жижиг, тос, тан нийлсэн 200 орчим нэр төрлийн барааг зах зээлд нийлүүлдэг. Анх ийм олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ингэж өргөжнө гэж бодоогүй. Гэхдээ бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө хийж буй үйл учир жил ирэх тусам л хүрээгээ тэлж, бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж байна. Монголд жил бүр олон арван хүн хорт хавдраар өвчилдөг. Манай эмнэлэгт ч энэ төрлийн өвчтэй олон хүн үйлчлүүлдэг. Өвдсөн хойноо халаглаж, элдэв эмчилгээнд байдгаа барахын оронд өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэнддээ анхаараасай гэж хүссэндээ энэ олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг юм. Улиралдаа тохирсон хоол, цай хэрэглэж, дархлаагаа тогтмол дэмжих нь олон өвчнөөс сэргийлнэ” гэсэн юм. 

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХДЭЭ АРИУН ЦЭВРИЙН ШААРДЛАГАД ОНЦГОЙ АНХААРДАГ 

Тус компанийн үйлдвэр хотын төвөөс 20 гаруй километрийн зайд орших Тахилтад байрладаг бөгөөд засмал замаас зайдуу байрлах том хашаанд үйлдвэрийн болон агуулахын барилгаас гадна гурван хүлэмж байршуулжээ. Мөн хашааны баруун буланд найман ханатай гэр барьсан байлаа. Гэрийн хойморт ном, судар залсан байсны учрыг асуувал “Аравнайлаагүй ном, эм хоёр шидгүй гэж үгтэй. Тиймээс үйлдвэрээс гарсан эмийн дээжээ энд аравнайлж, амилуулдаг юм. Бидний сэтгэл шингээж бэлтгэсэн эм, тан бусдын биеийг анагаах үүрэгтэй учир жижиг хэсэг болгонд онцгой ач холбогдол өгдөг” гэлээ. Харин үйлдвэрийн хаалгаар ороход гааны үнэр хамар цоргиж, төмрийн чимээ үл ялиг сонсогдоно. Эрүүл мэндийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй учир ариун цэврийн шаардлагыг онцгой анхаардаг болохоо ажилчид онцолж байсан юм. Тиймээс гаднаас орж ирсэн хүмүүст тусгай зориулалтын хувцас өмсгөх бөгөөд үйлдвэр рүү нэвтрэхэд төмөр хаалганы хажууд буй төхөөрөмжүүд бактери ариутгадаг аж. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат дамжлага нь ч тун сонирхолтой. Тарьж, түүсэн ургамлаа буталж, нунтаглахаас эхлээд ууталж, савлах хүртэлх бүх л ажлыг энд гүйцэтгэдэг. Мөн дамжлагын тасалгаа бүрийг шилэн хаалгаар тусгаарласан байх бөгөөд эмийн болон тураах үрэл, тан, бэлдмэл гэх мэт бүтээгдэхүүн тус бүрийг өөр, өөр өрөөнд хийдэг аж. 

ОРГАНИК ХӨРСӨНД ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАДАГ 

Тахилтад буй хүлэмжид үрсэлгээгээ бэлтгэж, Төв аймгийн Баянчандмань сумын Баруун мухартын ам гэдэг газар ургамлаа тарьдаг аж. Хүн ихтэй газар болон автозамын ойр эмийн ургамал тарих нь эрүүл ахуйн шаардлагад нийцдэггүй, бактери үүсэх магадлалтай учир машин хүрэхгүй газар тариалалт хийхийг зорьж, Баруунмухартын аманд төвхнөсөн тухайгаа үйлдвэрийн ажилчид онцоллоо. Мөн аль ч хүлэмждээ хортон шавж устгах бодис, элдэв цацлага хэрэглэхээс татгалзаж, органик хөрсөнд, органик бүтээгдэхүүн гаргахыг хичээдэг тухайгаа хэлж байлаа. 

“МАНАЙ ГАРЫН ШИНГЭН САВАН ЭРҮҮЛ МЭНДЭД ЭЭЛТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН” 

“Доктор Баатар” компанийн адууны болон хонины сүүлний тосыг ургамлаар баяжуулан хийсэн гоо сайхны болон эмчилгээний бүтээгдэхүүн нь зах зээлд хэдийн танигджээ. Мөн эм, танг нь ч хэрэглэдэг хүн цөөнгүй аж. Түүнчлэн нэгдүгээр сараас хойш дэлхий дахинд дэгдээд буй цар тахалтай тэмцэх зорилгоор гарын шингэн саван, гар ариутгагч гель үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ талаар үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам “Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гарын шингэн саван, гар ариутгагч гель үйлдвэрлэж байна. Гадуур худалдаалагдаж буй бактери устгагчтай ихэнх гарын саван triclosan, benzelkonium chloride зэрэг химийн хүчтэй бодис агуулсан байдаг. Ийм найрлагатай гарын саванг урт хугацаанд хэрэглэвэл гарын бүх ашигтай бактерийг устах эрсдэлтэй. Энэ нь хорт хавдар ч үүсгэх аюултайг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс бид ойн яргуйжин, говийн ганга, цагаан, яагаан цээнэ ургамлуудын хуурай хандаар бактерийн эсрэг шингэн саван хийж байна. Энэ нь бактери устгаад зогсохгүй, эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн болохыг олон судалгаагаар баталсан. Харин гар ариутгагчаа гарын арьсыг хуурайшуулахгүй байхаар үйлдвэрлэдэг” гэсэн юм. Олон төрлийн ургамлаас бактери устгагчаа гаргадаг учир гадуур худалдаалагдаж буй ижил төрлийн бүтээгдэхүүнээс бага зэрэг өндөр үнэтэй. Гэхдээ химийн найрлагагүй, эрүүл мэндэд тустай гэдэг утгаар нь харшилтай, бага насны хүүхэдтэй, жирэмсэн хүмүүс түлхүү хэрэглэдэг байна. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын байнгын хэрэглээ болсныг хэлж байлаа. 

23 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖЭЭ 

Тус брэнд нь тураах үрэл, ханиадны тан, дархлааны цай, ванны бөмбөлөг, биеийн болон нүүрний тос, үс ургуулах халгайн цацлага зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ургамал нь хаягдалгүй бүтээгдэхүүн учир хэсэг бүрээр нь өөр, өөр төрлийн бараа гаргах боломжтой байдгийг ажилчид онцолж байлаа. Тухайлбал, халгайны ишээр гутлын улавч хийж худалддаг байна. Энэ талаар үйлдвэрийн ажилчид “Хөл чийгтэх, шивэртэхийг хөлийн бактериас үүдэлтэй өвчин гэж үздэг. Халгайны ишийг хатааж, хужир, жонш, сургар, ямаан арцтай хольж хийсэн гутлын улавч тус бактерийг устгах үйлчилгээтэй. “Анхилуун” улавч бол манай хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүний нэг. Бактери устгахаас гадна хөлийн улан дахь хялгасан судсыг тэлж, цусны эргэлтийг сайжруулах эмчилгээний үйлчилгээтэй бүтээгдэхүүн” гэлээ. 200 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, худалдаалахад болон түүхий эдийг нь базаахад 23 хүний хөдөлмөр шингэдэг байна. Гэхдээ өвөл, намрын улиралд ажилчдын тоо цөөрдөг аж. Учир нь зун эмийн ургамлаа тарих, хураах ажил эхэлдэг учир оюутан, залуусыг ажиллуулдаг болохоо хэлж байлаа. Харин үнийн хувьд дундаж орлоготой хэрэглэгчдийн санхүүгийн чадамжинд нийцүүлэхийг хичээдэг аж. Тодруулбал, бүтээгдэхүүн нь 5000-30000 төгрөгөөр худалдаалдаг байна.

ЭХ ОРНЫ ҮЙЛДВЭР ЭКСПОРТЛОГЧ БОЛСОН НЬ 

“Одь тан” компанийнхан “Доктор Баатар” брэндийн зарим бүтээгдэхүүнээ БНСУ, БНХАУ-ын зах зээлд гаргаж эхэлжээ. Цаашдаа ч бусад улс орон руу бараа, бүтээгдэхүүнээ экспортолж, монгол чанарыг дэлхийд таниулцах зорилготой байгаагаа хэлж байсан юм. Харин дотооддоо өөрийн нэрийн таван дэлгүүртэй төдийгүй сүлжээ дэлгүүрүүдээр борлуулалт хийдэг байна. Эх орны хөрсөнд тарьж ургуулсан эмийн ургамлыг экспортолж, гадаадын хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж буй нь томоохон дэвшил болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эко хэрэглээг дэлхийд таниулах Инару брэнд

  • Монгол өв соёл шингэсэн, байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүнийг орчин үеийн технологид нийцүүлэн үйлдвэрлэх зорилготой
  • Адууны тос болон хонины тосоор хийсэн бүтээгдэхүүнээ Шанхай, Тайваньд борлуулж байгаа бөгөөд удахгүй Европ руу цахимаар худалдаалах аж. Инару брэндийн бүтээгдэхүүнүүд 2000 үйлчлүүлэгчтэй бөгөөд 800 гаруй нь байнгын хэрэглэгч гэнэ
  • Инару брэнд нь бүтээгдэхүүнээ хийхийн тулд 50 гаруй төрлийн түхий эд ашигладаг бөгөөд хонины сүүл, чацаргана, ганга, адууны тос, жамц давс, кофе, цардуул, нохойн хошуу зэрэг 20 орчим нь монгол түүхий эд гэнэ

Эх хүний үрдээ сайхан ирээдүйг бий болгох гэсэн сэтгэлийн угаас сүндэрлэн боссон Инару брэндийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. Шавилхан биетэй, шаггүй авьяастай түүнийг Н.Сарангуа гэдэг. Хүний хань, хоёр хүүхдийн ээж болсон цагаас хойш гэр бүлийнхээ эрүүл мэндэд санаа тавих том хариуцлагыг нуруун дээрээ үүрэх болжээ. Нэг өдөр CNN-ий мэдээгээр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнд байдаг хортой синтетик бодис хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар үзсэн аж. Тэгээд хүүхдүүдийнхээ идэж уудаг аяга, тоглож хөрвөдөг шал, толь, хана гээд бүхий л зүйлийг юугаар хийсэн нь мэдэгдэхгүй хорт бодисоор цэвэрлэж байгаагаа гэнэт ухаараад их эмзэглэсэн байна. Үүнээс хойш аль болох байгалийн органик гэх тодотголтой бүтээгдэхүүнийг авч, Америкаас хүртэл захиж хэрэглэдэг болсон гэнэ. Гэтэл бас жинхэнэ органик бүтээгдэхүүн хэт үнэтэй, эсвэл үнэн бодит орц найрлагаа бичдэггүй учир өдөр тутмын хэрэглээ болгоход хүндрэлтэй байжээ. Үүнээс үүдэн “Ер нь бид ийм сайхан баялагтай газар нутаг, түүхий эдтэй улс оронд амьдарч байж яагаад эко бүтээгдэхүүн өөрсдөө хийж болохгүй гэж” гэсэн бодол төрсөн аж. Тэгээд өөрийн гэсэн бизнестэй болоход нь гэр бүлийнхэн нь том түшиг болж, 2016 онд “Инару биомедикал” ХХК-аа үүсгэн байгуулжээ. 

23 төрлийн бүтээгдэхүүнийг гар аргаар үйлдвэрлэдэг

Тэрбээр жил гаруйн хугацаанд судалгаа хийсний эцэст 2017 оны 11 дүгээр сараас нээлтээ хийсэн аж. “Гадаах агаараас илүү гэр доторх агаар 2-3 дахин бохирдолтой байна гэсэн судалгааг Америкийн эрдэмтэд хийсэн байдаг. Төрөл бүрийн химийн хортой бодисоор гэрээ дүүргэдэг нь харшил, хавдар үүсгэх сөрөг талтай. Энэ нь нотлогдсон учраас бүтээгдэхүүнээ хийх санаагаа олсон. Синтетик бодисуудыг хэрэглэж болно. Гэхдээ хэмжээнээсээ хэтэрвэл хорт хавдар үүсгэдэг. Өвчлөл залуужаад байгаа нь бидний хэрэглээнээс шалтгаалж байна. Синтетик бодисууд байгальд сөрөг нөлөөтэй. Манай бүтээгдэхүүний сав байгальд бүрэн шингэдэг. Бүтээгдэхүүнээ зарахаас илүү эко хэрэглээг төлөвшүүлэхийг хичээдэг” гэж Н.Сарангуа ярилаа. Одоогийн байдлаар есөн нэрийн 23 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг хийхийн тулд 50 гаруй төрлийн түхий эд ашигладаг бөгөөд хонины сүүл, чацаргана, ганга, адууны тос, жамц давс, кофе, цардуул, нохойн хошуу зэрэг 20 орчим нь монгол түүхий эд гэнэ. Харин эх орондоо байдаггүй наргил модны тос, оливын тос зэрэг хүнсний зэрэглэлтэй бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг. Ингэхдээ Франц, Энэтхэг, Герман зэрэг улсаас авдаг аж. Инару брэнд нь гоо сайхан, эрүүл мэнд, гэр ахуйн эко бүтээгдэхүүнийг уламжлалт гар аргаар үйлдвэрлэдэг. 100 хувь гар ажиллагаатай тул ажлын байр бий болгох давуу талтай гэв. “Дэлхий дахинаа байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөж байгаа. Манай үйлдвэр өндөр технологитой улс орнуудтай өрсөлдөх түвшинд очоогүй байгаа ч байгаль дэлхий, нүүдэлчин соёл давуу тал болно. Бид монгол өв соёл шингэсэн, байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүнийг орчин үеийн технологид нийцүүлэн үйлдвэрлэх зорилготой. Манай бүтээгдэхүүнийг найман настай балчраас 80 настай буурал хүртэл хэрэглэж болно” гэдгийг Н.Сарангуа хэлсэн юм. 

Үндэсний үйлдвэрүүд дотоод зах зээлийн 50 хувийг хангах боломжтой

Инару брэнд нь Монголд анх удаа гангатай кастилийн саванг үйлдвэрлэжээ. Үүнийг ганга өвстэй хослуулан бүтээсэн нь үнэхээр төгс шийдэл болсон аж. Учир нь гангатай органик цэвэрлэгчээр нүүр, гар, биеийн арьс арчилгааг хийхээс гадна жимс ногоо, аяга тавгаас эхлээд гэр ахуйн бүх л цэвэрлэгээг хийж болно. Мөн байгальд шингэхдээ ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Адууны тос, хонины сүүл нь өндөр зэрэглэлийн тос гэж үнэлэгддэг учир Монголд амьдардаг гадаадууд маш их худалдаж авдаг аж. Органик гарын саванг хоёр доллараар үнэлэхэд жуулчид хямд гэдэг бол монголчууд 5-6 мянган төгрөгийн саванг үнэтэй гэсэн байна. Үүний оронд 2000 төгрөгөөр safeguard авсан нь дээр гэж хэлдэг гэнэ. Энэ нь хоорондын ялгааг мэдэж ойлгохгүй байгаатай холбоотой гэдгийг Н.Сарангуа хэлсэн юм. Тэрбээр “Гар аргаар хийсэн органик бүтээгдэхүүний үнэ цэнийг гаднынхан сайн мэддэг. Манай улсын савангийн зах зээлийн 90 хувийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг. Гар аргаар ийм төрлийн бүтээгдэхүүн хийдэг 25 орчим үндэсний үйлдвэр бий. Бид нийлээд дотоодынхоо зах зээлийн 30-50 хувийг хангах бүрэн хүчин чадалтай. Тиймээс импортын бараа бүтээгдэхүүнийг орлох зорилго тавьсан. Савангаа дотооддоо үйлдвэрлэх 100 хувь боломжтой шүү дээ” хэмээлээ. Амьтныг нядалсан бол бүхий л зүйлийг хүнд болон байгальд ээлтэй байдлаар, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор бүрэн ашиглан бүтээгдэхүүн хийх ёстой. Гэтэл адууны тос хаягдал бүтээгдэхүүн болдог. Тиймээс дахин боловсруулж, хэрэглэж байгаа юм. Энэ түүхий эд бусад химийн гаралтай бүтээгдэхүүнтэй харьцуулшгүй үр дүнтэй. 

Зээл авалгүй борлуулалтаараа өдийг хүртэл явжээ

Дэлхийн зах зээлд таашаагдах Инару брэндийн адууны тос болон хонины тосоор хийсэн бүтээгдэхүүнээ Шанхай, Тайваньд борлуулж байгаа бөгөөд удахгүй Европ руу цахимаар худалдаалах аж. Инару брэндийн бүтээгдэхүүнүүд 2000 үйлчлүүлэгчтэй бөгөөд 800 гаруй нь байнгын хэрэглэгч гэнэ. Тэдний хүчээр үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлж болж байна. “Гурван жилийн хугацаанд ямар нэгэн зээл аваагүй, төсөл хөтөлбөрийн хөнгөлөлтөд ороогүй, 100 хувь борлуулалтаараа өдийг хүртэл явсан. Энэ нь нийгэмд хэрэгцээ ямар байгааг ч мөн харуулж байна” хэмээн Н.Сарангуа ярьсан юм. Тэрбээр хэрэгцээ байхад төрөөс дотоодын үйлдвэрээ дэмжих бодлого хангалтгүй байгаа гэдгийг ч хэлж байсан юм. Монголын үйлдвэрүүд импортын бараа бүтээгдэхүүнтэй л өрсөлдөж байна. Гэвч ямар ч шударга өрсөлдөөн байхгүй учраас яах аргагүй дарагдаж байгаа аж. “Мөнгө төгрөгөөр дэмжих нь чухал биш. Тендерт өрсөлдөхөд safeguard савантай дүйцэхүйц байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Тэгэхээр импортын бараа бүтээгдэхүүний ноёрхол манай улсад ямар байгаа нь харагдаж байгаа байх. Монголын үйлдвэр дотооддоо нэгдэж, импортын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхөөр болсон” гэдгийг ч хэлсэн юм. 

Зах зээлийн өрсөлдөөн дунд үнээ тогтоодог

Монголын брэндүүд үнэтэй гэх хүмүүсийн шүүмжлэл Инаруг тойроод биш дайраад гарчээ. Н.Сарангуа “Органик бүтээгдэхүүн үнэтэй зарагддаг. Гэхдээ ямар бүтээгдэхүүнтэй харьцуулахаас шалтгаалаад үнэтэй, эсвэл хямд байна. Үнийн өрсөлдөөн гэдэг их хатуу. Бид зах зээлийн өрсөлдөөн дунд үнээ тогтоодог. Ажлын байр бий болгоод, татвараа төлж байгаа учраас борлуулалт сайн байвал ажлын байр нэмэгдэнэ” гэдгийг хэлсэн юм. Инару брэндийн бүтээгдэхүүнд ус ороогүй тосон бүтэцтэй. Тиймээс хоёр жил хадгалах боломжтой гэнэ. Учир нь тос хуршихгүй бол хадгалалтын хугацаа дуусахгүй. Харин задалсан бол зургаан сар л хэрэглэх ёстой. Эдгээр бүтээгдэхүүнүүд байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний стандартыг хангадаг аж. Хонины сүүлний үнэрийг дарахын тулд наргил модны тос, оливын тос зэргийг хольдог. Бүтээгдэхүүн хийх явцыг энгийн үгээр, ойлгомжтой байдлаар тайлбарлавал эхлээд савангаа зуурна. Дараа нь хэвэндээ хийж хатаагаад, гар аргаар өөлж, хоёр сар хатаана. Энэ байдлаар 4-5 хүн өдөрт 200 саван хийдэг аж. Одоогийн байдлаар 10 орчим хүн ажилладаг. Н.Сарангуа Английн сургуульд органик гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрхэн хийх талаар хоёр жил сураад ажилчдаа сургаж эхэлжээ. Хүн солигдох бүрд бүтээгдэхүүнд нь өөрчлөлт ороод хүндрэлтэй байдаг гэв. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Чанарыг эрхэмлэгч “Цалин цагаан” брэнд дэлхийд нэрээ цуурайтуулна

  • “Цалин цагаан” ХХК нь хүүхдийн болон том хүний ванн, хөл дүрээд суух боломжтой түмпэн зэргийг зэсээр хийж байна
  • "Цалин цагаан" компани зэс болон мөнгөөр 500 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй Өвөрмонгол, БНСУ, БНХАУ, Япон зэрэг улс руу экспортлоод эхэлжээ

Монголчууд бид эртнээс эдүгээ хүртэл домбо, аяга шанаганаас аваад тавилга сэлт, гоёл чимэглэлд хүртэл зэс эдлэлийг өргөнөөр хэрэглэсээр иржээ. Жирийн малчны өвөрт хүртэл жижигхэн зэс аяга явж байх бөгөөд өдөр тутамдаа хэрэглэж дадвал элэг, цөс, ходоод, нойр булчирхай зэрэг бүхий л эрхтэнд эерэгээр нөлөөлнө хэмээн үздэг байв. Учир нь зэс аяганд хийсэн зүйл ариусаж, цэвэр болдог хэмээн аяга, халбаганаас аваад олон төрлийн сав суулгыг зэсээр урладаг байв. Энэ уламжлал өдий хүртэл үе дамжин ирсэн билээ. Дэлхий нийтээр тархаад буй коронавирус бүх төрлийн гадаргуу дээр 4-5 хоног амьдарч чаддаг бол зэс эдлэлийн гадаргуу дээр тогтсон бактери хэдхэн минутын дотор устаж үгүй болдог нь батлагдаад буй. Саутхемптоны их сургуулийн орчны эрүүл ахуйн профессор Билл Кээвилийн хийсэн туршилтын үеэр зэсэн дээр унасан бүх төрлийн вирус устаж буй нь батлагдсан аж. Энэ гайхалтай үр дүнг харсан тэрбээр “Зөвхөн COVID-19-ийн халдвараар хязгаарлагдахгүй, ирээдүйд учирч болох олон арван тахал, вирусийн өмнө зэс эдлэлийг ахуйн хэрэглээндээ ашиглаж хэвших нь чухал” хэмээжээ. Тэр дундаа эмнэлэг болон олон нийтийн газарт хаалганы бариулаас аваад зэсээр хийж хэвшвэл сайн хэмээн онцолжээ. Тэгвэл дэлхий дахиныг дагжин чичрүүлж буй цар тахлын үед монгол түмнээ эрүүл энх байгаасай хэмээн бэлгэдэж “Цалин цагаан” ХХК эх орондоо зэсэн ванн тэргүүтэй 500 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цалин цагаан гэдэг үгийг дэлхийн брэнд болгох зорилготой тус компанийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцоллоо. 

Хүүхдийн болон том хүний зэс ванныг захиалгаар хийж эхэлжээ

“Цалин цагаан” ХХК арав гаруй жил судалгаа хийсний эцэст өнгөрсөн оны тавдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Одоогоор хүүхдийн болон том хүний ванн, халуун усанд хөлөө дүрж суух боломжтой түмпэн зэргийг зэсээр урлаад байгаа аж. Ийнхүү туршилтын байдлаар хийж эхэлсэн бүтээгдэхүүн аль хэдийн захилгын бүтээгдэхүүн болжээ. Гол түүхий эд болох зэс нь олон улсын стандартад нийцсэн, эртний монголчуудын эдэлж хэрэглэж асан аранжин зэсээс дутахгүй хэмээн үйлдвэрлэгчид онцолж байна. Хүүхдийн ванн хийхэд 25 кг зэс ашигладаг бол том хүнийх загвараасаа шалтгаалаад 35-45 кг зэс агуулдаг гэнэ. Үнийн хувьд хүүхдийнх 3.5-4.5, том ванн нь 5.5-8.5 сая төгрөгөөр борлуулагдаж байна. Энэ нь зах зээл дэх зэсийн үнэтэй нарийн чанд уялдуулан тогтоосон ханш болохыг тус компанийн худалдааны төлөөлөгч Б.Бадамцэцэг хэлсэн юм. Тэрбээр “Зэс ваннанд усанд ороход биеийн ядаргаа 100 хувь тайлагддаг. Хүний биед олон төрлийн элемент дутагдаж байдаг. Гэвч бид төдийлэн анзаарч мэдэлгүй явсаар стресс, ядаргаанд ордог тул үс унах зэргээс аваад олон талын сөрөг нөлөөллөөр илэрнэ. Тиймээс энэ бүгдээс мөнгө, зэс хэрэглэж ангижрах хэрэгтэй. Бидний өвөг дээдэс зэс аяга, данх болон ээмэг, бүс зэрэг мөнгөн эдлэл хэрэглэж байсан нь нарийн учиртай байсныг өөрсдөө үйлдвэрлэж эхэлсээр илүүтэй ойлгож байна” гэв. 

Зэс болон мөнгөөр 500 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийдэг

Халуун ус дүүргэсэн зэс ваннанд хэвтсэнээр арьсны сүвээр дамжин мэдрэлийн системд нөлөөлөхөөс гадна толгой тархины өвчинг намдаах тустай аж. Мөн ужиг өвчтэй хүмүүст нэн сайн бөгөөд арьс салстын эмгэг тууралт, ядаргаа зэрэгт шууд үр дүнгээ үзүүлэх аж. Бидний өвөг дээдэс зэс тогоонд идээ ундаагаа буцалгаж, хандалж хэрэглэхэд дотор эрхтний системд сайнаар нөлөөлж өдөр тутмын эрдсийн хэрэглээгээ хангадаг байжээ. Тэгвэл зэс вананд усанд орсноор үүнээс илүү үр дүнг мэдрэх боломжтой аж. Ваннтай усанд 10-20 минут хэвтэх үед өөрчлөлт мэдрэгдэж эхлэх бөгөөд байнгын хэрэглээгээр бүрэн эрүүлжих боломжтой гэнэ. “Хатуулаг ихтэй ус хийлээ гээд зэс муухай болохгүй. Учир нь зэс усны хорыг шүүж, хатуулгийг багасгадаг. Манай ванныг удаан хэрэглэлээ гээд харлах, өнгө алдах зэргээр зэсийн өнгөнд өөрчлөлт орохгүй учир өдөр бүр зүлгээд байх шаардлагагүй. Жаахан харлаад ирэхээр нь ваннтай хамт ирсэн цэвэрлэгчээр нь цэвэрлэхэд л хангалттай. Тиймээс арчилгааны хувьд асуудал байхгүй” гэж Б.Бадамцэцэг хэлсэн юм. “Цалин цагаан” ХХК нь халуун тогоо болон сав, цар, гүц, сэнжтэй аяга, халбага, сэрээ, хутга, шанага, кофе чанагч, усны сав зэрэг ахуйн хэрэглээний бүхий л төрлийн хэрэгслийг хийдэг. Мөн бугуйвч, бөгж, зүүлт, сам зэрэг төрөл бүрийн гоёл чимэглэл хийнэ. Тус компани одоогийн байдлаар зэс болон мөнгөөр 500 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийгээд байгаа аж. Хубилай хааны удмын 25 дугаар үеийн урчуудын бүтэж буй эрт үеэс уламжлагдан ирсэн гар хийцийн цалин цагаан мөнгөн эдлэлүүд хэмээн бүтээгдэхүүнээ танилцуулж байв. Түүнчлэн бүтээгдэхүүнээ Өвөрмонгол, БНСУ, БНХАУ, Япон зэрэг улс руу хэдийн экспортлоод эхэлжээ. Тус компани өдгөө 20 гаруй хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байгаа ажээ. 

Бүтээгдэхүүнээ аль болох зах зээлийн үнээс хямд байлгахыг зорьдог

Дэлхийн стандартад нийцсэн сайн чанарын зэс хэрэглэдэг учир чанарыг нь мэдэрсэн үйлчлүүлэгчид ам сайтай байдаг төдийгүй захиалгаар аяга таваг, гоёл чимэглэл урлуулах нь их гэнэ. Хэн нэгний сайн гэсэн үгэнд биш өөрөө хэрэглэж байж үр дүнг нь мэдрэхийг компанийнхан хэлж байв. “Цалин Цагаан” ХХК-ийн бүтээгдэхүүнийг Pro One оффис төв болон Хан-Уул дүүргийн E-mart дэлгүүрээс худалдан авах боломжтой. Сүүлийн үед зэсийн чанар муудаж байгаа тул импортын зэс эдлэл худалдан авахаас татгалзах болсон хэмээн тус компанийн байнгын үйлчлүүлэгчид онцолж байна. Шавартай, тугалга ихтэй зэсээс гадна хөнгөн цагааныг никелиэр өнгөлж худалдаалсан тохиолдол ч цөөнгүй байгаа аж. Энэ мэт олон төрлийн зэс худалдаанд гарч байгаа нь хэрэглэгчийг ихээхэн хохироодог аж. Үүнээс болоод зэс эдлэл хэрэглэгчдийн тоо, сонирхол буурч эхэлсэн аж. “Зэс, мөнгөн эдлэлийн нэр хүнд хэдэн мянган жил унаагүй. Гэтэл зэсийн чанар уналтад оруулах болов. Хүмүүсийн худалдан авалт сайн байвал хангалттай хэмжээгээр хийх боломжтой” гэдгийг Б.Бадамцэцэг хэлсэн юм. “Цалин цагаан” ХХК нь үйлчлүүлэгчдэдээ зэсийн чанар чансааг таниулахын тулд бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс харьцангуй хямдаар борлуулж байгаа аж. Тухайлбал, гадуур зэс данх дунджаар 400 гаруй мянган төгрөгийн үнэтэй байдаг бол эднийх тал үнээр нь зарж байна. Тиймээс хүссэн загвараа захиалаад үнэ тохиролцоод хийлгэх боломжтой гэв. COVID-19 цар тахлаас болж эдийн засаг хүнд байгаа тул бэлэн бүтээгдэхүүн борлуулалт муутай, захиалга авах нь ихэсчээ. Тус компанийн бүтээгдэхүүнүүд 999 сорьцтой, хольцгүй, байгалийн гайхамшигт үнэт эрдэнэ болсон зэс, мөнгө гэнэ. Эрт дээр үеэс монголчууд мөнгөн сам болон бугуйвч, бүс, бөгж, зүүлт зэргийг өргөн хэрэглэж иржээ. Мөнгөн самаар үсээ самнаснаар тархи толгой амрахаас гадна үс уналтыг зогсоож бэхжүүлдэг. Харин мөнгөн бугуйвч, бөгж, зүүлт зэргийг гар болон биедээ зүүснээр ходоод гэдсийг ариутган, аливаа өвчин үүсгэгч нян, бичил биетийг устгах чадалтай бөгөөд биед зөв энерги хуримтлуулдаг. Түүнчлэн ханиад хүрч халуурах, түлэгдэл, дотрын үрэвсэл, сарын тэмдэг ихээр ирэх зэрэгт цагаан мөнгө нь анагаах үүрэг гүйцэтгэдэг аж. Ийм учраас өвөг дээдэс маань алтнаас илүү мөнгө хэрэглэсээр ирсэн гэдэг. “Аливаа чимэг зүүлт зөвхөн гоёл чимэглэл талаасаа биш эрүүл мэнд болоод зөв аж төрөхөд тус болох учиртай” хэмээн Б.Бадамцэцэг хэлж байлаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Олон улсын загварын чиг хандлагыг монгол түүхий эдтэй хослуулан урлана

  • Тус компани бүтээгдэхүүнээ нэг загвараас олныг үйлдвэрлэдэггүй онцлогтой
  • Зөвхөн хүн цалинжуулж, нэг зүйлд төвлөрөхөөс гадна туслан гүйцэтгэх компаниудтай хамтарч, түүхий эд, жижиг хэрэгслээ авах нь улсын хөгжилд ч чухал нөлөөтэй. Бүх хүн оёдог, эсгэдэг, хатгадаг, борлуулдаг байх шаардлагагүй гэж боддог
  • Товч хийдэг нь товчоо сайн  хийж, түүхий эд бэлтгэдэг нь түүхий эдээ чанартай базааж, загвар гаргадаг нь шилмэл загвар гаргаад хйисэн бүхнээ нэгтгэж, нэг баг болж ажиллавал дэлхийн зах зээлд танигдах боломжтой

Монгол эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулах зорилго өвөртлөн ажиллаж буй Norah Mongolia бэлэн хувцасны брэндийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. Дэлхийн загварын чиг хандлагыг дотоодын түүхий эдтэй хослуулан урлаж, эх орондоо загварын шинэ өнгө төрх төлөвшүүлэх нь тус брэндийн нэг зорилго юм. 2016 оноос компаниа бий болгох төлөвлөгөө гаргаж, олон улсын болон дотоодын зах зээлийг судалж, үйлдвэрлэл байгуулах гарц, шийдлээ хайсаар өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа жигдрүүлжээ. Одоогоор 28-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүний бэлэн хувцас үйлдвэрлэдэг бөгөөд хэрэглэгчийн захиалгаар биеийн онцлогт нь тохирсон бүтээгдэхүүн ч мөн урлаж байна. Нийт хэрэглэгчийн 70 орчим хувь нь бүсгүйчүүд байдаг аж. Түүнчлэн импортын хослол, хувцас биеийн онцлогт нь төдийлэн тохирдоггүй бөх, фитнесээр хичээллэдэг эрчүүд захиалгаар хувцас хийлгэх нь элбэг аж. Тиймээс монгол эрчүүдэд зориулсан тусгай стандартаар үйлдвэрлэж, худалдаалах төлөвлөгөөтэй байгаагаа тэрбээр нуугаагүй юм. Дизайнер О.Булган “Манайх 28-аас дээш насны хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бизнес эрхлэгчдэд зорилтот хүрээ гэж бий. Дэлхийн томоохон брэндүүд ч хэрэглэгчийн бүлгээ тодорхойлдог. Мөн эмэгтэйчүүд бидний гол хэрэглэгч. Гэхдээ сүүлийн үед эрчүүдэд танигдаж байгаа. Монгол эрчүүдийн биеийн бүтэц онцлогтой. 

Тухайлбал, бөхөөр хичээллэдэг хүний цээж, хэвлий, гуя том бол фитнес хийдэг залуусын хүзүүний тойрог, булчин европ стандартаас өөр байдаг. Тиймээс бид эдгээр хүмүүст зориулан захиалгаар үйлдвэрлэдэг. Гэхдээ монгол эрчүүдийн биеийн онцлогт тохирсон стандартаар тогтмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэх алсын хараа бий” гэлээ. Тус үйлдвэр бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг дотоодоос хангах сонирхолтой байдаг ч 100 хувь дотоодын түүхий эдээр дэлхийн брэндүүдтэй өрсөлдөхүйц чанар, стандарттай хувцас хийхэд хүндрэлтэйг хэлж байлаа. Гэхдээ эсгий, ноолуур, ноос, савхийг дотоодын туслах үйлдвэрүүдээс базааж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Энэ талаар Norah Mongolia брэндийн үүсгэн байгуулагч Б.Наранчимэг “Манай байгууллага Монголд үйлдвэрлэлийн систем нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Зөвхөн хүн цалинжуулж, нэг зүйлд төвлөрөхөөс гадна туслан гүйцэтгэх компаниудтай хамтарч, түүхий эд, жижиг хэрэгслээ авах байх нь улсын хөгжилд ч чухал нөлөөтэй. Бүх хүн оёдог, эсгэдэг, хатгадаг, борлуулдаг байх шаардлагагүй гэж би боддог. Товч хийдэг нь товчоо сайн хийж, түүхий эд бэлтгэдэг нь түүхий эдээ чанартай базааж, загвар гаргадаг нь шилмэл бүтээж, гаргаад хийсэн бүхнээ нэгтгэж, нэг баг болж ажиллавал дэлхийн зах зээлд танигдах боломжтой. 

Өндөр хөгжилтэй орны алдартай брэндүүд ийм системээр ажилладаг юм билээ. Бид брэндээ бий болгохоос өмнө багагүй судалгаа хийсэн. Манай компани одоогоор дотоодын нэхий эдлэл, ноолуурын цех, савхин эдлэлийн үйлдвэр зэрэгтэй хамтран ажиллаж байна. Гэхдээ зарим цехтэй улирлын чанартай гэрээ байгуулдаг. Нэхий, эсгийг өвөл л ашиглана. Гэхдээ үнэнийг хэлэхэд, манай улсын түүхий эдийн боловсруулалт олон улсынхтай харьцуулахаар гологддог. Нөөц, боломж бий ч боловсруулах технологи дутагдалтай, хөгжил муу” гэлээ. Norah Mongolia брэнд өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулагдсан Италийн Милан хотын загварын долоо хоногт амжилттай оролцсон бөгөөд шоунаас хойш Европын орнуудын дэлгүүр, брэндүүдээс хамтарч ажиллах санал, хүсэлт ирсээр байгаа аж. Тус шоунд намар, өвлийн 2020-2021 оны 30 цуглуулгаа танилцуулсан бөгөөд сонгогдсон загваруудаас Миланы танилцуулгад тавьж, цаашид хамтран ажиллахаар болсон байна. Тус брэндийн хувцас, хэрэгслийн өнгө загвар тун өвөрмөц шийдэлтэй бөгөөд чимэглэл, гоёл багатай. Эсгий дээр элдэв өнгө уусгаж урласан хувцас болон гар аргаар өнгө хийцийг нь хувиргасан ноолууран бүтээгдэхүүнийг гаднынхан хамгийн их сонирхдог аж. 

Харин бүтээгдэхүүнийхээ загварыг гаргахдаа хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг загвар зохион бүтээгчийн мэдрэмж, монгол хүний ур ухаантай хослуулахыг зорьдог хэмээн дизайнер О.Булган хэлсэн юм. Тэрбээр “Би Италийн Милан хотод загвар зохион бүтээгчийн сургууль төгссөн. Тиймээс гадаадын томоохон брэндүүдийн загвар зохион бүтээхтэй ижил системээр ажилладаг. Зургаан сарын өмнөөс судалгаа хийж, шинэ тренд, өнгө зэргийг танддаг. Гэхдээ Norah-ийн үндсэн өнгө аяс, монгол онцлогийг алдахгүй байх хэрэгтэй. Хүмүүс ямар нэгэн хүлээн авалтад зориулж, үнэтэй хувцас авч өмсөөд, түүнийгээ дахиж өмсөх газар олдохгүй, шүүгээндээ хадгалах тохиолдол элбэг байдаг. Бид энэ хандлагыг өөрчлөхийг зорьдог. Өөрөөр хэлбэл, нэг хувцсыг олон янзаар, олон газар өмсөх боломжтой байхаар загвараа шийддэг” гэсэн юм. Түүнчлэн тус компани бүтээгдэхүүнээ нэг загвараас олныг үйлдвэрлэдэггүй онцлогтой.  Зарим түүхий эдээ Итали, Солонгос, БНХАУ зэрэг улсаас оруулж ирдэг бөгөөд түүхий эдийн чанар, үнэ, хийц зэргээс хамаарч бүтээгдэхүүнийх нь үнэ харилцан адилгүй байдаг аж.

Түүхий эдээ шилж, жижиг хэрэгсэл дээр ч анхаарч ажилладаг болохоор бүтээгдэхүүнээ үүнээс хямд үнээр борлуулах боломжгүй байдаг аж. Хэрэв Монгол Улс түүхий эдийн боловсруулалтаа сайжруулж, сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж чадвал дэлхийн зах зээлд ноёрхох бүрэн боломж байгааг тус үйлдвэрийн ажилчид онцолж байсан юм. Гэхдээ төрийн бодлого дутмаг байгаагаас болж чансаатай боловсон хүчин болон шилдэг санаа, шилмэл загвараа өндөр хөгжилтэй, үйлдвэрлэл хүчээ авсан улсуудад алдах эрсдэл бий. Тиймээс тус брэнд бусад үндэсний үйлдвэртэй хамтарч ажиллахыг эрмэлздэг. Б.Наранчимэг “Мал аж ахуй, түүхий эд зэрэг бусад улс, орны хүслэн болсон бүхэн манай улсад бий. Өөрөөр хэлбэл, дотоодоос бүх зүйлээ хангах хүчин чадал бий. Гэхдээ энэ асуудалд төр төдийлэн анхаарахгүй байгаа нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд багагүй хүндрэл учруулдаг.

Хамгийн энгийн жишээ хэлэхэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээл авахын тулд багадаа нэг жил үйл ажиллагаа явуулсан байх шаардлага тавьдаг. Дөнгөж хөлөө олох гэж байгаа байгууллагаас түүх нэхнэ гэдэг утгагүй шүү дээ. Бизнесийн алсын хараа, төслийн боловсруулалтыг нь судалж, шийдвэр гаргаж, дэмжих хэрэгтэй юм шиг санагддаг. Ийм түшиг, дэмжлэг байхгүй болохоор бизнес эрхлэгчид бор зүрхээрээ, урд хормойгоороо, хойд хормойгоо нөхөж ажилладаг” гэсэн юм. Хүн төрөлхтний мөнхийн хүслийн нэг бол бусдад болон өөртөө сайхан харагдах. Энэ хүслийг гүйцэтгэх нь тус брэндийн хамгийн чухал зорилт аж. 365 өдөр өөр, өөрөөр сайхан харагд уриатай үйл ажиллагаа явуулдаг Norah Mongolia имиж бүрдүүлэлтийн цогц систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн хувцас үйлдвэрлэж, худалдаалах бус хэрэглэгчдэд нэгдсэн үйлчилгээ үзүүлэхийг зорьж байгаа юм. Тус үйлчилгээ имиж бүрдүүлэлт, биеэ авч явах байдал зэргийг зөвлөж, look бүрдүүлэлт хэрхэн хийх талаарх насан туршийн боловсрол олгох онцлогтой аж. Зөвхөн хувцас урлаж дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй үйлдвэрлэл хөгжсөн улс орны хийж чаддаг бүхнийг монгол хүн, Монгол Улс үйлдвэрлэж чаддаг болохыг дэлхийг таниулахыг зорьж буй нэгэн брэндийг онцоллоо. Төр бодлогоороо дэмжиж чадвал монгол залуус хөдөлмөрлөж, бүтээж, урлаж чадаж байна.