A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4079/

Дэлхийд шидэх банзны төрлөөр монголчууд хүч түрэн орж ирснийг бүгд хүлээн зөвшөөрсөн

Дэлхийд шидэх банзны төрлөөр монголчууд хүч түрэн орж ирснийг бүгд хүлээн зөвшөөрсөн

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4079/
  • Арван жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд Монте Карлогийн манежинд гарч, Мораккогийн ван, гүнжээс эхлээд танхимд байсан бүх хүнийг суудлаас нь босгосон
  • Эхний тоглолтын үеэр бусад орны жүжигчдийн шар үс нь боссон гэж хэлж болно. Анх биднийг “Эд жонглёрчид уу” гэж асууж байлаа. Үзүүлбэрээ үзүүлсний дараа тэд хэлэх үггүй болж, “Ямар айхтар улсууд вэ” гэж жиг жуг хийж байсан
  • Бид дэлхийн найман рекордыг эзэмшиж, дэлхийн чансааны тэмцээнээс дөрвөн алт, хошой мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн
  • Нэгэн үе бид тавдугаарт эрэмбэлэгдэж, амжилт, чанар буурсан үе бий. Сүүлийн жилүүдэд бид шилдэг гурав руу хүч түрэн орж ирсэн. Өнөөдөр монголын цирк чансаагаараа гуравдугаарт явж байна. Акробатын төрөл энэ амжилтад маш их нөлөөлсөн
  • Гол нисгэгч маань шигшээгийн өмнө бэртэл авч хоёр дахь тоглолтдоо орж чадаагүй. Зохион байгуулагчид хүртэл “Энэ хүн орох боломжгүй юм чинь танайх буцах уу” гэж асуусан. Гэхдээ бид эцсийн сумаа сумлаад тайзан дээр гарсан. Карлогоос хүртэл цом хүртэнэ гэдэг том амжилт

Дэлхийд шидэх банзнаас үсрэх үзүүлбэрээр Монголын нэрийг тамгалж яваа “Есөн өрлөг” хамтлагийн зөвлөх Б.Золбаяртай ярилцлаа. Түүнийг дүү Б.Золбаясгалангийн хамт энэ салбарт хүчин зүтгэж, Монголын циркийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн гэдгийг олон нийт хэдийн мэдэх болсон. Монте Карлогийн олон улсын циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” хүртсэн тус хамтлагийн уран бүтээлчид эх орондоо ирээд удаагүй байгаа юм. 

-Циркийн олимп гэгддэг Монте Карлогийн олон улсын циркчдийн наадамд амжилттай оролцож хүрэл цом хүртлээ. Та бүхэнд баяр хүргэе. Тэмцээний сонин сайхнаас хуваалцахгүй юу? 

-Монте Карлогийн 44 дэх наадамд 24 орны 400 орчим уран бүтээлчид өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа. Монголын цирк төдийгүй дэлхийн циркчдийн хувьд энэ тэмцээний эрхийг авах нь мөрөөдөл байдаг. Хятадын Ухань хотод болдог олон улсын циркчдийн А ангиллын тэмцээнээс анх удаа алтан медаль хүртсэн амжилт маань Монте Карлогийн эрхийг авахад том түлхэц болж өглөө. 

-Монте Карлогийн манежинд зөвхөн шилдгүүд гардаг. Энэ тэмцээний эрхийг ямар зарчмаар олгодог вэ? 

-Тийм ээ. Монте Карлод өрсөлдөхийн тулд чансаа өндөр маш олон тэмцээнд амжилттай оролцож, өөрсдийгөө нотлох шаардлагатай. Мөн номерын утга санаа, гоо зүй, ур чадвар гэхчлэн маш олон зүйлийг харгалзаж үздэг. Манай хамтлаг байгуулагдаад арван жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд дэлхийн найман рекордыг эзэмшиж, дэлхийн чансааны тэмцээнээс дөрвөн алт, хошой мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. 

-Ямар ямар рекорд эзэмшдэг вэ? 

-Шидэх банзны төрлөөр Монголдоо болон дэлхийд анх удаа зургаан давхар овоолсон. Агаарт хөндлөн дөрөв эргэсэн, зургаан давхар руу дан эргэлт хийх буюу долоо болгосон, пирамид овоолгод гурван эргэлтээр очсон гэх мэт олон рекордыг эзэмшдэг. 

-Манай циркийн урлаг уран нугаралт, хүндийн жингийн үзүүлбэрээр дэлхийд өндрөөр үнэлэгддэг. Харин сүүлийн жилүүдэд шидэх банзнаас үсрэх үзүүлбэрээр тэргүүлж байна. Монголын цирк дэлхийд ямар хэмжээнд үнэлэгдэж байна?

-Нэгэн үе бид тавдугаарт эрэмбэлэгдэж, амжилт, чанар буурсан үе бий. Сүүлийн жилүүдэд бид шилдэг гурав руу хүч түрэн орж ирсэн. Өнөөдөр Монголын цирк чансаагаараа гуравдугаарт явж байна. Акробатын төрөл энэ амжилтад маш их нөлөөлсөн. Гэхдээ Монголын циркийг уран нугаралтгүйгээр төсөөлшгүй. Тэмцээний дараахан Монте Карлогийн тэмцээнийг үүсгэн байгуулагчдын нэг “Монголын циркийг уран нугаралтаар алдартай гэдгийг дэлхий дахин мэднэ. Сүүлийн арван жил акробат, ялангуяа шидэх банзны төрлөөр эрчимтэй амжилт үзүүлж байна. Нууц нь юу вэ” гэж асууж байсан. Манай хамтлагаас гадна Т.Номуунбаатар ахлагчтай Моngolian nomads хамтлаг дэлхийд алдартай. 

-Ямар орон хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан бэ? 

-Монте Карлод өрсөлдөгчдөө үнэлэх тун хэцүү. Зөвхөн акробатаас гадна циркийн маш олон төрөл өрсөлдөнө. Шүүгчдийн үнэлгээ болон үзэгчдийн үнэлгээ маш чухал. Швейцарын үндэсний циркийн морьтой үзүүлбэр гайхалтай байсан. Манежинд 40, 50 морь гарч ирсэн. Бараг л моринууд нь хоорондоо яриад байна уу гэлтэй. Ингээд ерөнхийдөө ямар үзүүлбэр түрүүлэх вэ гэдэг дээр төсөөлөлтэй болсон. Европт амьтантай үзүүлбэр маш өндөр үнэлэгддэг. Мэдээж оросууд хүчтэй өрсөлдөгч. Мөнгөн медаль бидний халаасанд байгаа. Алт руу зүтгэнэ гэж бодсон. Гэхдээ Карлогийн босго өндөр байлаа. Бас маш хатуу байлаа. Эндээс сургамж ч авсан. “Эргээд ирнэ ээ” гэж шивнээд алтан манежнаасаа адис аваад л ирлээ дээ. Энэ дашрамд бидний арын албанд ажилласан бүх уран бүтээлчид, Circus Mongolia Khadga болон АСА циркийн хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье. Мөн хүнд хэцүү цаг үед бууж өгөөгүй хамтлагийнхаа дүү нараар бахархаж байгаагаа уламжилъя. 

-Үзүүлбэрийн дэглэлт тун сонирхолтой санагдсан. Алунгоо эхийн домгоос сэдэвлэсэн үү? 

-Манай үзүүлбэрийг Circus Mongolia-ийн захирал Ч.Хатанбаатар ах маань найруулсан. Олон улсын тэмцээнд үндэсний хэв маягаа харуулсан зүйл үзүүлэх маш чухал. Гадныханг дуурайж, ялгарахгүй зүйл хийвэл утгагүй. Маш олон хүний баг бүрэлдэхүүн ярилцаж байж, шонхрын дүүлэлтийг Алунгоо эхийн домогтойгоо холбон шигтгэж өгсөн. 

-Та бүхний амжилтын төсөөлөл ямар байсан бэ. Медаль авна гэдэгтээ итгэлтэй байсан уу? 

-Манай хамтлаг 2010 оноос хойш арав гаруй тэмцээнд тасралтгүй оролцож ирсэн. Монте Карлогийн эрхийг авснаас хойш алтын төлөө л зорьж байсан. Хамтлагийн маань нэр “Есөн өрлөг”. Тэмцээн уралдаанд орохдоо бид “Дайлаар мордоод гаръя” гэж ярьдаг. 

-Тэмцээн болохоос хэдхэн хоногийн өмнө гол хоёр нисгэгч бэртсэн гэсэн. Хүндхэн сорилттой нүүр тулгарсан байна. Энэ нөхцөл байдлыг хэрхэн даван туулав? 

-Бид Хятадад тоглолтдоо оролцохын хажуугаар бэлтгэл хангаж байлаа. Манай хамтлагийн үндсэн хоёр нисгэгч дэлхийн хэд хэдэн рекорд эзэмшдэг. Гэтэл тэмцээн болохоос хоёр долоо хоногийн өмнө эмэгтэй гол нисгэгч маань бэртсэн. Тухайн үедээ шоконд орсон л доо. Тэр богинохон хугацаанд шинээр суралцаж байсан хүүхдүүдээсээ бэлтгэж, оруулсан. Энэ үзүүлбэрээ хийгээд долоон жил болсон хүнийг хагас жил болж байгаа шинэ хүүхдээр нөхнө гэдэг бараг л боломжгүй зүйл. Гэхдээ бид бүх хүч чадлаа дайчилж оролцсон. Тэмцээний ерөнхий фургон буюу эхний тоглолтын үеэр бусад орны жүжигчдийн шар үс нь боссон гэж хэлж болно. Анх биднийг “Эд жонглёрчид уу” гэж асууж байлаа. Үзүүлбэрээ үзүүлсний дараа тэд хэлэх үггүй болж, “Ямар айхтар улсууд вэ” гэж жиг жуг хийж байсан. Шидэх банз бол акробатын төрөл дотроо оргил үзүүлбэрүүдийн нэг. Бидний хийдэг зургаа эргэлтийг маш цөөхөн орон хийсэн. Бараг Орос, Монгол хоёроос өөр амжилттай хийсэн улс байхгүй. Харамсалтай нь бас нэг гол нисгэгч маань шигшээгийн өмнө бэртэл авч хоёр дахь тоглолтдоо орж чадаагүй. Эмнэлгийн баг ч тоглолтод оруулах боломжгүй гэдгийг зохион байгуулах хороо руу мэдэгдсэн байсан. Зохион байгуулагчид хүртэл “Энэ хүн орох боломжгүй юм чинь танайх буцах уу. Билет захиалах хэрэгтэй юу” гэж асуусан. Гэхдээ бид эцсийн сумаа сумлаад тайзан дээр гарна гэж шийдсэн. Хэрвээ тэгэхгүй бол ганзага хоосон буцна гэсэн үг. Арван жил хүлээсэн тэмцээнээ ингээд орхиж яасан ч болохгүй учраас шөнө оройгүй бэлдэж байж, оролцсон. Бэлтгэлийн цаг олддоггүй учраас шөнийн гурваас эхлээд үүр цайтал бэлдсэн. Сүүлийн хэд хоног бол хаана, юу хийж яваагаа ч мэдэхгүй шахам байлаа. Гэхдээ Монте Карлод шидэх банзны төрлөөр анх удаа ороод хүрэл цом хүртэнэ гэдэг том амжилт. Шагнал аваагүй орнуудын хувьд Карлогийн манежинд гарсандаа л баярлаж байгаа. Бид дэлхийн циркийн урлагт монгол гэдэг нэрийг бататгаж чадсан. 

-Бусад орны жүжигчдийг гайхшруулсан гэлээ. Үзэгчдийн сэтгэл хөдлөл ямар байсан бол? 

-Мораккогийн ван, гүнжээс эхлээд танхимд байсан бүх үзэгчид суудлаасаа боссон. Гайхалтай мөч. 

-Циркийн байрыг хувьчлаад олон жил өнгөрч байна. Уран бүтээлчдийн хувьд ч нэгдмэл бус тархай, бутархай байна. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ? 

-Би үүнийг олон ч удаа хэлж байсан. Урлагийн байгууллагыг хувьчилна гэдэг хамгийн том эмгэнэл. Яагаад гэвэл урлагийн байгууллага өөрөө ашгийн бус. Хүүхэд залуучуудад үлгэр дуурайл үзүүлж, соён гэгээрүүлэх үүрэгтэй. Хоёрдугаарт, Монгол Улсыг дэлхийд таниулах, сурталчлах ёстой. Дээр үед орц болгоноос хамтлаг төрсөн гэдэг шиг Монголын мэргэжлийн циркчдийн холбоо, Монголын циркчдийн холбоо, Залуу циркчдийн холбоо, Уран нугаралтын холбоо гээд л маш олон холбоо байна. Энэ байгууллагууд дор бүрнээ хөдөлмөрлөж, салбартаа хийж бүтээж чадаж байна. Гэхдээ бүгд л нэг юмны төлөө зүтгэж байгаа. Яагаад нэгдээд, зорилгынхоо төлөө хамтдаа зүтгэж болохгүй гэж. Сая манай үзүүлбэр дээр гарсан шиг Алунгоо эхийн домгоо санаж, хоорондоо нэгдэж ажиллах хэрэгтэй. Төр засагт ч дуу хоолойгоо хүргэхдээ нэгдсэн байдлаар хандах хэрэгтэй. Түүнээс биш холбоо бүр нэг юм ярьж орлоо гээд үр дүнд хүрэхгүй байх. Холбоод маань нэгдээсэй л гэж бодож байна. 

-Манай цирк Орос, Хятад зэрэг дэлхийд тэргүүлэгч гүрнүүдээс насны хувьд балчир. Гэтэл дэлхийд өндөр хэмжээнд үнэлэгдэж байгаа нь юутай холбоотой вэ. Циркийн хамгийн хүчирхэг орон Оросын школ нөлөөлсөн гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ монгол хүний хүлээж авах чадвар ч гэх юм уу, бусад улсын уран бүтээлчдээс ялгарах чанар бий юу? 

-Манай циркийн соёл Оросоос эхтэй. Тэмцээн уралдааны үеэр оросуудтай таарна. Заримдаа манай бэлтгэлийг сонирхох, нууцаар харах үе ч байсан. Бид үр шимийг нь хүртэж байгаа. Гэхдээ монгол хүний аливааг хүлээн авах, дасан зохицох чадвар маш сайн. Хоёрдугаарт, ачаалал сайн дааж чаддаг. Нэг түүх ярья. Үзүүлбэрийн үеэр хамгийн доор зогсож, тулах цэг болж байгаа жүжигчин маань 170 см хүрэхтэй үгүйтэй. Гэтэл дээрээ өчнөөн хүн овоолж байгаа юм. Оросын акробатын багш 2012 онд Испанид бидэнтэй хамт тэмцээнд орж байхдаа “Та нар монгол адуу шигээ юм аа” гэж гайхаж байлаа. Оросууд том биетэй хэрнээ хүч шаардсан ийм үзүүлбэр, өндөр овоолго тэр бүр хийдэггүй. Ер нь л манайхан ачаалал маш сайн даадаг. Намхан морь шигээ жижиг биетэй ч хүчтэй гэж хэлж болно. Ялангуяа гэр хороолол, хөдөө орон нутагт өссөн хүүхдүүд амжилт үзүүлэх өндөр боломжтой. Багаасаа л түлээ нүүрс зөөж, мод хагалж биеийн бэлтгэл хийчихдэг учраас орон сууцанд өссөн хүүхдээс илт ялгардаг. 

-Циркийн нэг үзүүлбэрийг бэлтгэх, жүжигчний биед суух хугацаа, маш урт. Гэтэл 14 хоногийн дотор бэлтгэл хангана гэдэг хүнд байх. Эрсдэл үүсэх вий гэсэн айдас байсан уу? 

-Тодорхой хэмжээнд айдас, түгшүүр байсан. Нисгэгчээ бэртсэний дараа шоконд орсон ч гэсэн зорилго маань биднийг хурцалж байлаа. Циркийн урлагийг фонограммдаж болохгүй. Эргэлт, техник, гар хөлний барилт, тоглолт гээд маш олон зүйлийг хардаг. Манай уран бүтээлчдээс циркийн сургууль төгссөн жүжигчин ч цөөн. Бүх юмаа бүрэн гүйцэд хийхгүй бол алхам тутамд аюул, эрсдэл нуугдаж байдаг. Хамт олны уран бүтээл, итгэлцлийн урлаг. Манеж дээр гарахын тулд өдөр бүр хэдэн цагийн бэлтгэлийг энэ олон жилийн турш тасралтгүй хийсээр л байна. Хүн хэдэн метрийн өндөр нисэж, агаарт эргээд байнга хоёр хөл дээрээ бууна гэж байхгүй. 

-Залгамж халаагаа бэлдэж байгаа байх. Хамтлагийнхаа хүүхдүүдийг яаж сонгодог вэ? 

-Морь шинжихээс л наагуур юм болдог доо./инээв/ Бэртэл гэмтэл авч байсан уу, хөл гар нь ямар байна гэхчлэн олон зүйлийн хардаг. Манай хамтлаг олон тоогоор хүүхэд авдаггүй учраас чамгүй өндөр шалгуур тавьдаг. Ажиллаж байсан уран бүтээлчийг ч авдаггүй. Хамтлагийн үндсэн багшаар миний дүү Б.Золбаясгалан ажилладаг. Дүү маань дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг төрүүлж байна гэж бардам хэлж чадна. 

-Тэмцээний уур амьсгал ямар байдаг вэ. Сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг байх. Тогтвортой байдлаа хэрхэн хангаж байна? 

-Олон жил тэмцээн уралдаанд орсон гээд л залуу хүүхдүүдээ тайвшруулж байгаа хэрнээ дотроо тэднээсээ илүү сандардаг. Нүднээс нь далд “За, яана аа” гээд л гарын хөлс чийхарч байгаа юм. Манай үзүүлбэр эрсдэлтэй, том үзүүлбэр учраас тэмцээн уралдааны шигшээд гардаг. Гэтэл дөрөв таван цаг хүлээж, манежинд гарч байгаа учраас үзэгчдийн сэтгэл хөдлөл, алга ташилт гээд бүх л зүйлийг харж, мэдэрсээр байгаад ордог. Гаднаа зүгээр байгаа ч цаанаа бол шатаж байгаа юм. Тэмцээнд орно гэдэг өөрөө асар том сандрал. Ямар сайндаа сая тэмцээн дууссаны дараа “хэсэгтээ тэмцээнд орохгүй шүү” гэж ярьцгаасан./инээв/ 

-Оросууд манай бэлтгэлийг нууцаар хардаг гэхээр их сонирхолтой санагдаж байна. Манайхны тухай гаднын циркчид юу гэж ярьдаг вэ? 

-Оросууд ер нь их ёжтой. Манайхан орос, хятадаар сайн ойлгодог юм. “Энэ ямар ч эмэгтэй хүнгүй хэдэн жижигхэн улсууд юу хийдэг юм бол оо. Наад хэд чинь жонглёр л үзүүлнэ биз. Өөр юу л хийгээ аж” гээд л ярьж өгнө. Бид ойлгоогүй юм шиг царай гаргаад л. Тэмцээн дууссаны дараа оросоор яриад эхлэнгүүт “Ойлгож байсан байна” гээд зугтах нь ч бий. /инээв/ Үзүүлбэрийн дараа хандлага нь шал өөр болоод л “Манай гол өрсөлдөгч байна шүү” гэх зэргээр ярьдаг. Сүүлийн үед хятадууд “Биднийг ойлгож байгаа шүү. Чимээгүй байгаарай” гэдэг болсон байна билээ. 

-Танайхан гэр бүлээрээ циркийн урлагт хүчин зүтгэж байна. Циркт хэрхэн хөл тавьсан бэ. Хүүхэд насныхаа талаар дурсахгүй юу? 

-Манайх хотод 1990 онд орж ирсэн юм. Би гуравдугаар анги байсан. Нагац эгч маань цирк туршилтаар дөрөвдүгээр ангийн хүүхдүүдийг авах шийдвэр гаргахад хөтөлж очоод, шалгуулж байлаа. Цирк гэдэг үгийг тэгэхэд анх удаа эгчээсээ сонсоод “Хүүхдийг цэрэгт ийм багаас нь авдаг юм байх даа” гэж бодсон. Азаар ч юм уу 600 гаруй хүүхдээс 25 хүүхэд авахад тэнцсэн. Хар багаасаа л циркээр өсөж хүмүүжсэн болохоор “Хэрвээ циркт ороогүй бол би ийм хүн байх байсан даа” гэх төсөөлөл надад огт байдаггүй. 

-Хэр сурлагатай хүүхэд байв? 

-“Багш маань баавгайд заавал чамаас илүү бодно” гэж шоолдог байлаа. Гуравдугаар ангиа алгасаад шууд дөрөвдүгээр ангид орсон болохоор ерөнхий эрдмийн хичээлдээ бол алтан гуравтай л хүү байсан. Харин мэргэжлийн хичээлдээ бол дөрөв авах юм бол уйлчихдаг байсан. Би их шартай хүүхэд байсан. 

-Хүүхэд наснаасаа хүнд бэлтгэл хийж, энэ замыг сонгоно гэдэг амаргүй байх. Шантарч байв уу? 

-Зөндөө л шантарч байлаа. Хүүхэд маш их ядардаг. Өглөө ерөнхий эрдэм үзээд, орой бэлтгэл хийдэг учраас цүнхээ ч даахгүй харина. Орой ядарч унах гээд очих үед хүүхдүүд сагс тоглоод байж байна. “Яасан сайхан юм бэ” гэж атаархаад л. Бэлтгэл дээр хамгаалалтаа авахаас их айна. Багш харахад хамгаалалтгүй хийж болохоор хэрнээ дотроо айдастай учраас гүйцэтгэлээ дутуу хийж бэртэж, гэмтэх асуудал үүснэ. Бүр нэг удаа хичээлээ тараад “бие заслаа” гэж хэлээд эмээгийнх рүүгээ гүйчихэж билээ. Хүүхэд, залуучууддаа айдсаа даван туулаарай гэж зөвлөмөөр байна. 

-Циркийн урлагт бэлтгэл хийх орон зай маш чухал. Танай хамтлаг бэлтгэлээ хийх хувийн заалтай болсон. Бүтээхэд амаргүй байсан байх. Энэ ажлынхаа талаар сонирхуулахгүй юу? 

-Энэ бол миний арван жилийн турш мөрөөдсөн зүйл. Аса циркт маш олон уран бүтээлч бэлтгэл хийдэг байсан учраас цаг олддоггүй байсан. Харин циркийн сургуулийн хувьд орон зай хангалтгүй. Заалаа хоёр жилийн хугацаанд, арван жилийн хуримтлалаараа бариулсан. Би хүүхэд байхдаа Толгойтоос хотын төв рүү бэлтгэлдээ явдаг байлаа. Аравхан настай хүүхэд автобусаар өдөр болгон тийм хол явна гэдэг хэцүү. Маш их ядарна. Ийм зүйлээс болж циркээс гарах нь ч бий. Хотын төвд сургалтууд 100-150 мянга төгрөг байдаг бол манайд 30-60 мянга буюу өдрийн 1000 төгрөгийн төлбөртэй. Төлбөр төлөх боломжгүй өнчин, хагас өнчин хүүхдүүдийг үнэгүй сургаж байна. Би гэр хороололд өсөж, аавыгаа их багадаа алдсан учраас амьдралын хатуу хүтүүг мэднэ. Циркийн урлаг хүнд олон боломж олгодог учраас заалаа гэр хороололд барьсан. Ирээдүйд маш олон мундаг уран бүтээлчид төрөн гарах байх.

A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Гантулга: Мөрөөдлийнхөө биеийг “урлах”-ын тулд олон жилийн уйгагүй хөдөлмөр хэрэгтэй

  • 2021 онд Arnold Classic тэмцээнд оролцох зорилготой байна
  • 2017 он миний хувьд амжилтын жил байсан гэхэд болно. Хотын аварга, улсын аварга болж, цаашлаад дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн сайхан жил байлаа. Үүнийг хараад өөрөөрөө заримдаа бахархдаг шүү. Энэ бүхний ард маш олон хүний хөлс хүч, хичээл зүтгэл шингэсэн байгаа
  • Тэмцээний ангиллаас шалтгаалж шалгуур нь харилцан адилгүй байдаг. Манай ангиллын хувьд аль нэг булчин том гэхээс илүү биеийн өв тэгш байдал, зөв хөгжлийг хардаг

Манай улсын хүүхэд, залуучуудын дунд эрчимтэй хөгжиж буй спортын нэг төрөл нь бодибилдинг, фитнесс юм. Монголчууд дэлхийн шилдгүүд шиг мундаг булчин, шөрмөстэй болохын тулд бус эрүүл чийрэг бие хаа, идэвхтэй хөдөлгөөн, өв тэгш биетэй болохын тулд бодибилдинг, фитнессээр хичээллэх болсон билээ. Тэр хэрээр нийслэлийн өнцөг булан бүрт фитнесс клуб үйл ажиллагаа явуулж байна. Бид энэ удаагийн зочноо үүнтэй холбогдуулан урьж, ярилцлаа. Тэр бол 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Улаанбаатар хотын болон улсын аварга, Mr Olympia тэмцээний алтан медальт, үнэмлэхүй аварга, Pro Card-ийн эзэн, “Фитнесс эженси” клубийн дасгалжуулагч А.Гантулга юм. Түүнийг уншигчид манай сонины “Гоо сайхан” буланд орсноор нь таних болсон биз. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Бодибилдингийн тамирчдыг харсан залуусын ихэнх нь богино хугацаанд яаж ийм гоё биетэй болох тухай боддог. Ийм мөрөөдөлтэй залууст та хамгийн түрүүнд юу хэлмээр байна вэ?

-Энэ спорт харьцангуй урт хугацааны буюу хэр тууштай байж чадна тэр чинээгээр үр дүнд хүрдэг. Тиймээс эхлээд өөртөө том зорилго тавь, дараа нь зорилгынхоо төлөө тууштай байхыг зөвлөе. Зөвхөн бодибилдинг, фитнесс гэлтгүй бусад төрлийн спорт ч адилхан. Монголын шилдэг тамирчид олон жил уйгагүй хөдөлмөрлөж ирсний үр дүнд тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг мандуулж байна, овог, нэрээ дуудуулж байна. Аль ч төрлийн спорт дотроо өрсөлдөөнтэй. Тэр өрсөлдөөнд сөхрөлгүй, шантралгүй тэмцсэн тохиолдолд амжилтад хүрдэг. Өөрийгөө дайчилж, тууштай байвал гоё биетэй болно.

-Ингэхэд яг тань шиг болоход хэдий хэр хугацаа зарцуулах бол?

-Хувь хүнээс л шалтгаалах болов уу. Дээр хэлсэнчлэн урт хугацааны тууштай бэлтгэл хэрэгтэй. Миний хувьд тууштай хичээллээд таван жил болжээ. Ер нь энэ төрлийн бэлтгэл огт хийж байгаагүй хүн долоо хоногт хамгийн багадаа 3-4 удаа бэлтгэл хийвэл зүгээр. Ийм маягаар тасралтгүй гурван сар явбал биед мэдэгдэхүйц өөрчлөлт гарч эхэлнэ. Тэгээд л цааш нь хөгжүүлнэ шүү дээ. Гоё биетэй болно гэдэг утга учиргүй төмөр, штанг өргөхийн нэр биш юм. Мэргэжлийн сайн дасгалжуулагчийн удирдлагад техниктэйгээ зөв харьцах хэрэгтэй.

-Энэ спортыг сонгосон шалтгаан нь юу вэ?

-Залуучуудын л адил биеэ гоё болгох хүсэл мөрөөдөлтэй байсан. Хэд хэдэн спортын сонголт байсан ч надад илүү тохирох нь боди билдинг, фитнесс юм байна гэдгийг мэдэрсэн. Ойр дотнын найзууд маань ч энэ спортыг зөвлөсөн юм. Ингээд шийдвэрээ гаргаж, 10 гаруй жилийн өмнөөс сонирхож эхэллээ. Харин тууштай хичээллээд таван жил болж байна. Гурван жилийн өмнөөс л тэмцээнд оролцож эхэлсэн. Анх тэмцээнд ороход өдөр бүр хамт бэлтгэл хийж, дасгалжуулж байсан хүн бол миний найз Г.Барсболд. Мөн дэмжлэг болж, зөвлөгөө өгдөг найзууд ч бий. Зарим хүн хэн нэгэн алдартай хүнээс үлгэр дуурайл авч бэлтгэлээ чамбайруулдаг. Харин миний хувьд хамт бэлтгэл хийж буй найз нөхдөөсөө урам зориг авдаг.

-Та тэгвэл маш богино хугацаанд өөрийгөө өөрчилж чаджээ. Гурван жилийн өмнө дэлхийн аваргаас медаль авсан байна. Дэлхийн дэвжээнээс медаль авна гэдэг баргийн хүний чадах зүйл биш. Дэлхийн аваргаас медаль авах тэр мөчөө эргээд дурсвал?

-Маш сайхан байлгүй яах вэ. Анх би бодибилдингээр хичээллэхдээ тэмцээн уралдаанд оролцоно гэж огт төсөөлөөгүй явлаа. Зүгээр л булчингаа бага зэрэг хөгжүүлэх зорилготой байсан. Ингээд хичээллэх явцдаа энэ спортод улам их татагдсан, шунасан. Биеэ бүр гоёор хөгжүүлж, тэмцээнд оролцож үзэхийг найзууд минь санал болгож зөвлөсөн юм. Энэ мөчөөс л тууштай хичээллэсэн дээ. Тууштай хичээллэснээс хойш хоёр жилийн дараа үр дүн гарсан шүү. Өөрөөр хэлбэл, 2017 он миний хувьд амжилтын жил байсан гэхэд болно. Хотын аварга, улсын аварга болж, цаашлаад дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн сайхан жил байлаа. Үүнийг хараад өөрөөрөө заримдаа бахархдаг шүү. Энэ бүхний ард маш олон хүний хөлс хүч, хичээл зүтгэл шингэсэн байгаа.

-Коронавирусийн цар тахлын улмаас энэ онд ямар нэгэн тэмцээн болохгүй. Харин ирэх жилүүдэд та ямар зорилт тавиад байна вэ?

-Pro Card эзэмшсэнээр дэлхийн болон Азийн аварга гэх мэт тэмцээнд орох боломжгүй. Зөвхөн мэргэжлийн тамирчдын хооронд болдог олон улсын тэмцээнд л өрсөлддөг юм. Тэгэхээр миний эхний зорилго 2021 оны Arnold Classic-д хүч үзэх бодолтой байна даа.

-Нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Fitness Agency клубт дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм билээ. Яагаад энэ байгууллагыг сонгов. Fitness Agency бусад клубээс юугаараа ялгаатай юм бэ? 

-Манай байгууллага мэргэжлийн багш, дасгалжуулагчдаас бүрдсэн. Монголд үйл ажиллагаа явуулж буй фитнесс клубийн бараг 80 хувь нь мэргэжлийн багштай ч заримаас нь үр дүн бага гардаг. Энэ тухай үйлчлүүлж байсан хүмүүс нь хэлдэг юм. Тэгвэл өөртөө өөрчлөлт хийхийг хүссэн хэн бүхний мөрөөдлийн биеийг богино хугацаанд “урлахад” нь мэргэжлийн үүднээс туслах зорилгоор энд ажиллаж байна. Клубийн зорилго минийхтэй адилхан учраас надад тавьсан саналаас нь татгалзаж чадаагүй юм. Энэ дашрамд, богино хугацаанд зорсон мэт биетэй болохыг хүсвэл манайхыг зориорой гээд клубээ нэг рекламдъя. Манай клуб нэг удаагийн элсэлтээр цөөхөн хүн авч, тулж ажилладгаараа онцлогтой.

-Бодибилдинг, фитнессээр хичээллэхэд олон зүйл дээр тэвчээр хэрэгтэй юм шиг санагддаг. Хоол унднаас эхлээд дэглэм барих шаардлага гарна. Таны хувьд долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийж байна вэ. Хоолны дэглэм барьдаг уу?

-Энгийн үед долоо хоногийн зургаан өдөрт нь бэлтгэл хийдэг. Тэмцээнгүй үед дэглэм гэхээсээ илүү уураглаг, эрүүл хоол хүнсийг зохистой хэмжээгээр хэрэглэдэг. Мэдээж мэргэжлийн түвшний тамирчин учраас нэмэлт тэжээл зайлшгүй шаардлагатай.

-Тэмцээнээс хэд хоногийн өмнө жингээ хаяж булчингаа ялгаруулж, хэзээ нь бэлтгэлээ хийдэг вэ?

-Гурван сарын өмнөөс өөхний хэмжээгээ хасч, булчингаа ялгаруулдаг. Тэгэхгүй бол хүссэн амжилтаа үзүүлж чадахгүй шүү дээ.

-Ярилцлагаа чөлөөт маягаар үргэлжлүүлмээр санагдлаа. Та зөвшөөрөх үү?

-Бололгүй яах вэ. Чадахаараа хариулаад л явъя.

-“Булчингийн масс ахих бүрт толинд өөрийгөө харж, таашаал авах сайхан” гэж тантай хобби нэгтнүүд хэлдэг. Та ч үүнийг тойроогүй байлгүй...

-Мэдээж энэ спортын гол онцлог нь нүдэнд харагдах өөрчлөлт. Тэр өөрчлөлт, үр дүн гээсээ урам авч илүү хичээдэг.

-“Майк, эсвэл нимгэн цамц өмсөөд гудамжаар алхах онгироо зан надад түр хугацаанд байсан” гэж мистер Л.Баянхүү надад нэг удаа ярьсан юм. Та ч мөн адил тийм үетэй хамт “алхаж” байсан уу?

-Байсан, байсан. Удаан хугацааны хичээл зүтгэлийн үр дүнгээр эрүүл биеэ урлаж чадсан хүн чинь хааяа түүгээрээ онгирох зүгээр шүү дээ.

-Сайхан биетэй залуучуудад хүүхнүүд татагдах нь мэдээж. Танд анзаарагддаг уу?

-Үүнийг харин нэг их анзаарч байгаагүй юм байна. Тэгээд ч одоо сайхан биетэй залуус олон болсон шүү дээ. Бүгд л тодорхой хэмжээнд биедээ анхаарч, хөгжүүлэх гэж хичээдэг болсон байна.

-Тэмцээний үед сексийн асуудал чухал байдаг гэж сонссон. Энэ талаар мэдээлэл хэр нээлттэй байдаг вэ?

-Энгийнээр тайлбарлахад эр гормон нь булчинг ургуулахад гол нөлөө үзүүлдэг. Тиймээс тэмцээн болохоос сарын өмнөөс бэлгийн харьцаанд аль болох бага орох хэрэгтэй.

-Бодибилдингийн тэмцээнд булчин том байвал л сайн гэсэн үг үү. Тэмцээний гол шалгуур нь юу вэ?

-Тэмцээний ангиллаас шалтгаалж шалгуур нь харилцан адилгүй байдаг. Манай ангиллын хувьд аль нэг булчин том гэхээс илүү биеийн өв тэгш байдал, зөв хөгжлийг хардаг.

-Та аль булчингаа илүү хөгжүүлэх дуртай вэ. Максимум хэд өргөж, шахаж үзсэн бэ?

-Бүх хэсгийн булчиндаа анхаарахыг хичээдэг. 220 кг-д сууж, 200 кг шахаж байсан.

-Манай тамирчид сэтгэл зүйн тал дээр асуудалтай байдаг. Таны хувьд?

-Мэдээж сайн сэтгэлзүйчээс зөвлөгөө авдаг. Энэ тал дээр харьцангүй гайгүй байх. Уг нь сэтгэл зүйн чиглэлийн ном, гарын авлага байвал тамирчдад их хэрэгтэй юм. Харамсалтай нь, манай улсад энэ төрлийн ном, гарын авлага дутмаг байдаг.

-Спорт гэдэг залуу насны ажил. Ирээдүйд гарах хор нөлөө их, бага хэмжээгээр гардаг гэх юм билээ. Наанадаж хувийн амьдралдаа цаг зав хомс гаргасан гээд л ...

-Дасгалыг зөв техникээр хийж дадах нь хамгийн чухал. Манайд 50-иас дээш насны сайн тамирчид олон бий. Тэгэхээр дан залуу насны ажил гэж хэлж болохгүй байх. 

-Бодибилдинг бүх спортын суурь болдог гэдэг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Гол төлөв хүчний спортуудын суурь болдог.

-Энэ спортоор хичээллэдэг хүний зардал их байдаг. Таны хувьд сард хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Тамирчдын хувьд уураг, амин дэм, хоол хүнс гээд л тогтмол зардал өндөр. Яг нарийн тоо хэлэх боломжгүй учраас уучлаарай. Ер нь бол зардал өндөртэй спорт.

-Гадаад, дотоодын тэмцээнд оролцохдоо та зардлаа хувиасаа гаргадаг уу. Эсвэл ивээн тэтгэгч байгууллагатай юу?

-Ихэнх тохиолдолд өөрсдөө гаргадаг.

-Бэлтгэл хийж байх үед нэмэлт бүтээгдэхүүн заавал хэрэглэх шаардлагатай юу?

-Заавал хэрэглэх шаардлагагүй. Тухайн хүний бэлтгэл хийж буй зорилго, биеийн онцлог зэргээс шалтгаална.

-Ямар улиралд залуучууд бэлтгэл хийж эхэлдэг вэ. Зарим нь биеэ гайгүй хөгжүүлээд ирэхээрээ орхидог гэсэн. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Зуны улиралд бэлдэж өвөл, хавар ихэвчлэн бэлтгэл хийдэг. Дасгалаа хийхгүй орхивол булчин тань ч бас чамайг орхино л гэсэн үг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Алтан ураг” жүжигчин Б.Амарсайхантай шүүхдэлцэнэ гэв

  • Жүжигчин Б.Амарсайхан “Алтан ураг” хамтлагийн бүтээлийг сонгуулиар ашиглаж байжээ
  • Бид заавал шаардлага тавих албагүй. Албан ёсны бүртгэлтэй учир оюуны өмчийг ашигласан бол төлбөрөө төлөөд явах ёстой

Монголын анхны фолк рок, этник рок тодотголтой “Алтан ураг” хамтлаг жүжигчин Б.Амарсайханд хандан оюуны бүтээлийг нь улс төрийн зорилгоор ашигласныг нь эсэргүүцэн мэдэгдэл гаргажээ. Энэ талаар тус хамтлагийн гишүүн М.Чимэд тогтохоос тодрууллаа.

-Жүжигчин Б.Амарсайханд хандан гаргасан мэдэгдлийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юу?  ­

-Манай хамтлагийн “Ижий Монгол” нэртэй уран бүтээлийг сонгуулийн сурталчилгаанд удаа дараа зөвшөөрөлгүй ашиглаж буйг эсэргүүцэн энэхүү мэдэгдлийг гаргасан юм. Манай хамтлаг 2004 оноос хойш уран бүтээлээ туурвиж, Монгол Улсын нэрийг олон удаа дэлхийд таниулж байсан. Энэ сарын 23-­ны өдөр гаргасан мэдэгдэл 2012 оноос эхлэлтэй. Тухайн үед “Намайг Амараа гэдэг” гээд нэг жүжигчин залуу гарч ирсэн. Тэр сурталчилгаа нь цаашдаа Б.Амарсайханы тренд болж явсан. Үүнийг амьдруулж байсан ганц зүйл нь манай хамтлагийн хөгжим. Анх бидний зөвшөөрөлгүй ашиглахад нь залуу хүн дараа нь бидэнд хэлэх байх гээд тоогоогүй. Гэтэл 2016 онд дахин ашигласан. Үүнээс болоод манай хамтлагийн уран бүтээлийг сүү болон зайрмагны сурталчилгаанд ашиглах болсон юм. Тэгээд энэ онд дахин сонгуульд ашиглалаа. Оюуны өмчийн хулгайг энэ удаа зүгээр хараад сууж чадахгүй. Манай хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл улс төрийн ямар нэгэн сурталчилгаанд оролцож байгаагүй. Нам бус гэж явдаг болохоор оролцохыг ч хүсдэггүй юм. Гэтэл биднийг улс төрд хүчээр оруулж ирсэн учраас дуугарахаас өөр аргагүй байлаа. 

-Сонгуулийн сурталчилгаанд гурван удаа ашигласан байна. Яагаад тухай бүрд нь оюуны өмчөө хамгаалж шаардлага тавиагүй юм бэ? 

-2010 онд BMI гээд дэлхийн зохиогчийн эрхийг хамгаалж, албан ёсоор худалдаалдаг байгууллагад “Ижий Монгол” бүтээлээ бүртгүүлсэн. Шаардлага тавиагүй гэж ойлгож болохгүй. Бид энэ хугацаанд хэр удаан ашиглахыг нь харж, баримтжуулж байсан юм. 2016 онд BMI компани бүх баримтыг цуглуулан дахин гарч иртэл нь цуглуулсаар бай гэсэн. Бид сонгуульд ашигласан улс төрийн намд хандсан. Гэтэл өнөөдрийг хүртэл үл ойшоож байна. Гэхдээ бид заавал шаардлага тавих албагүй. Албан ёсны бүртгэлтэй учир хэрэглэсэн бол төлбөрөө төлөөд явах ёстой.

-Яагаад сонгуулийн үеэр энэ тухай ярих болов? ­

-Бид албан ёсоор мэдэгдэл хүргүүлээд хариу ирэх байх гэж хүлээсэн. Гэтэл мэдэгдэл гаргасан ч тоогоогүй. Сон­гуультай холбох нь чухал биш шүү дээ. Хэзээ ч, ямар ч нөхцөлд хүний өмчийг зөвшөөрөлгүй ашиглаж болохгүй гэдэг санааг л өөрсдийнхөөрөө дэвшүүлж байгаа нь энэ.

-Тэгэхээр одоо цаашид ямар арга хэмжээ авах вэ? ­

-Монгол Улсын болон олон улсын оюуны өмчийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн хэрэг болж байна. Тиймээс манай хамтлаг BMI байгууллагатай хамтран зохиогчийн эрх, оюуны өмчийн хулгайтай тэмцэж, олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагад улс төрийн зорилгоор хулгайлан ашигласан асуудлыг нийтэд ил болгохоор болсон. Тоохгүй хэвээр байвал шүүхэд хандана.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бейонсе хар арьстнуудын эрх чөлөөг тунхагласан шинэ дуу цацав

Америкийн цагдаа нар хар арьст Жорж Флойдын амь насанд хүрсэн нь дэлхий нийтийг бухимдуулж, өнгөт арьстнууд нэгдэж тэмцэхэд хүргэсэн. АНУ-ын өнцөг булан бүрд эсэргүүцлийн жагсаал болоод зогсохгүй урлаг, спортын алдартнууд дуу хоолойгоо илэрхийлсээр байна. Тэгвэл энэхүү эрх чөлөө, арьс өнгөний ялгаварлалыг эсэргүүцэгчдийн эгнээнд алдарт дуучин Бейонсе өөрийн шинэ уран бүтээлээр нэгдэж, Black Parade нэртэй шинэ дуугаа цацсан байна. Өмнө нь шинэ бүтээлийнхээ тухай ямар ч мэдээлэл гаргаагүй бөгөөд Бейонсе дуугаа цацагдсаны дараа “Энэ бол боолчлолыг цуцалсан өдөрт зориулсан дуу. Боолчлол хаана ч байх ёсгүй. Тэр тусмаа эрх чөлөөт Америк оронд” хэмээн ярьжээ. Тэрбээр зургадугаар сарын 19-нд дуугаа цацахдаа Америкийн түүхэнд боолчлолыг цуцалсан өдөрт зориулсан бөгөөд шинэ дуугаа хар арьст бизнес эрхлэгчдийг дэмжих санаачилга гаргасан байна. Дууны үгэнд хар арьстнуудын боолчлол, цагдаагийн харгислал, Жорж Флойдын амийг нэхсэн эсэргүүцлийн тухай хүчтэй мөрт багтжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Намайг тайзан дээр дуулж байхад муулагсад буйдан дээрээ сууж байсан

  • Шоунд орсны дараа аав, ээж маань “Охиноороо бахархаж байна” гэж хэлсэн нь амьдралдаа сонсож байсан хамгийн нандин үг
  • Дашням ахыг үлдчихлээ гэж шүүмжилсэн сэтгэгдлүүдтэй санал нийлэхгүй байна. Дашням ах үлдэх ёстой байсан учраас үлдсэн. Миний амжилтад хүрэх цаг хугацаа удахгүй ирнэ, би өндөрлөгт гарна гэдэгтээ итгэж байгаа учраас үзэгчдийн сонголтод сэтгэл өег байсан
  • Урлагийн хүн тайзан дээр гарч, уран бүтээлээ хүргэхдээ үзэгчдийг аз жаргалтай болгохын тулд бүхнээ зориулдаг. Тайзан дээр байх тэр мөчид ээж нь нас барсан уу эсвэл аавынх нь бие муу байна уу огтхон ч хамаарахгүйгээр энэ бүх мэдрэмж, шаналлаа тэвчиж, үзэгчдэд мэдэгдэхгүй байх ёстой

The Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч С.Марал-Одыг “Залуус” буландаа урилаа. Тус шоуны хамгийн бяцхан оролцогч тэрбээр ердөө 17 настай ч насандаа баймгүй авьяастай, хэрсүү гэдэг нь ярилцах зуур мэдрэгдэж байлаа. Түүнийг олон нийт шоуны дараагийн ялагч хэмээн таамаглаж байсан ч тэрбээр хагас финалын шатнаас хасагдсан нь багагүй шуугиан тарьсан юм. Түүний ертөнцөөр хамтдаа аялцгаая.

-Марал-Од багадаа ямар хүүхэд байсан бэ. Хэзээнээс дуулж эхлэв?

-Ээж маань цэцэрлэгт дуу хөгжмийн хичээл заадаг байлаа. Ээжийнхээ ажилладаг цэцэрлэгт явдаг байхдаа хичээлийнх нь CD дээр байсан дуунуудыг дагаж дуулдаг, гял цял юманд дуртай дуу, бүжгээс салдаггүй хүүхэд байсан. Хаана л дуу хөгжим тоглоно би тэнд зогсож байна. Тэр үеэс өөрийгөө дуулах авьяастай, урлагт дуртай гэдгээ мэдэх болсон. Аав, ээж маань сайхан дуулдаг хүмүүс. Бас ураг төрөлд маань урлагийн хүн олон бий.

-Өнгөрсөн жилийн ялагчийг бэлтгэсэн Ука шүүгчийн багийг сонгосон. Яагаад ийм сонголт хийсэн бэ?

-Би багаасаа Ука көүчийнхээ фен нь байсан. Уран бүтээл, хэв маяг гээд бүх зүйл нь миний сонирхол байснаас гадна өмнөх улирлын оролцогчдод сонгож өгсөн дуу, бэлтгэсэн байдал нь надад маш их таалагдсан. Дөрвөн шүүгчээс хэнийг нь сонгох вэ гээд төсөөлөхөөр хамгийн амар, надтай илүү ойр хүн нь Ука шүүгч байсан юм.

-Шалгаруулалтад орохоосоо өмнө сонголтоо хийчихсэн гэсэн үг үү?

-Тийм ээ, Blind шатанд гурван шүүгч эргэж харсан. Дууны дунд хэсэг хүртэл Ука шүүгч эргэж хараагүй. Яагаад эргэж харахгүй байгаа юм бол, эргэж харахгүй бол яанаа ч гэсэн айдас төрсөн. Яг тэгж бодох үед көүч маань эргэж харсан мөч сэтгэлд хамгийн тод үлдсэн. 

-Нэвтрүүлгийн үеэр харж байхад өрсөлдөгчдөө маш халуун дотно баяр хүргэж байсан. Финалын шатанд шалгарч хасагдахад ямар мэдрэмж төрсөн бэ. Сэтгэлээр унасан уу? 

-Өмнө нь жижиг хэмжээний тэмцээн уралдаанд орж байсан ч ийм том тайзан дээр гарч, телевизийн шоунд орж байгаагүй. Гэхдээ олон удаа ялагдаж үзсэн. Хагас финалд үзүүлбэрээ өөрийнхөө бэлдсэн хэмжээнд гүйцэтгэж чадсан болохоор хасагдсан ч гэсэн сэтгэл дүүрэн байсан. Би өөрийгөө үлдэх болов уу эсвэл Э.Дашням ах үлдэх болов уу гэж огт бодоогүй. “Юу л болбол болог. Үзүүлбэрээ үзүүлж, хамгийн чадахаараа хичээх хэрэгтэй” гэж бодсон. Хүмүүс надаас “Чи уйлсан уу, хэцүү байсан уу” гэж маш их асуусан. Надад хэцүү байгаагүй, бас сэтгэлээр ч унаагүй. Би энэ шоунд юуны төлөө оролцсон юм бэ гэдгээ өрсөлдөж байхдаа ойлгож, тэр зорилгодоо хүрч чадсан, олон зүйл сурч мэдсэн, намайг маш олон хүн хайрлаж, дэмжиж байгааг харсан учраас миний хувьд бүх зүйл сайхан байна. 

-Энэ шоунд оролцсон гол зорилгоо биелүүлсэн гэж хэллээ. Тэр зорилгыг ялалт болов уу гэж таамаглаж байсан ч өөр зүйл байсан бололтой?

-Би өмнө нь дуулдаг байсан ч урлагийн салбарт хөл тавьж, мэргэжлийн хүмүүстэй ажиллаж үзээгүй. Мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллаад, тэднээс суралцаж, бэлтгэл хийгээд ирэхээр урлагийн хүнд юу хамгийн чухал вэ, энэ шоугаар хязгаарлагдах биш цаашдаа амжилтад хүрэхийн тулд юу хийх хэрэгтэйг маш сайн ойлгосон.

-Шоуны хамгийн хүнд хэцүү санагдсан үеийнхээ тухай хуваалцахгүй юу? 

-Blind audition шатнаас өмнө нээлттэй шалгаруулалт болдог. Урьдчилсан шалгаруулалтад орох үед “Тэнцсэн оролцогчид руу залгана” гэж хэлсэн юм. Тэр үед би хариу ирэх хүртэл өдөр бүр залбирдаг байлаа. Ингэж их хүсэж байж орсон, тэмүүлсэн зүйл маань учраас шантарч байгаагүй. Хүнд хэцүү зүйл гарсан ч гэсэн ялархахын оронд өөрийгөө дайчилж, тэр бүхнийг сэтгэл дүүрэн давж гарсан. Харин хамт өрсөлдөж байсан найзууд маань хасагдах мөч л хамгийн хэцүү байсан. Ялангуяа, Knock out шат хамгийн хүнд. Нэг багт бэлтгэлээ хамт хийж, бие биедээ тусалж ах дүүс, найз нөхөд болчихсон 10 хүний зургаа нь хасагдсан тэр мөчид оронд нь өөрийгөө тавиад үзэхээр үнэхээр хэцүү санагдаж байсан. Бас Battle шатанд хамт дуулсан Д.Халиунаа бол миний маш сайн найз. Бид хоёр 12 жил найзалж байна. Шүүгчид биднийг найзууд гэж мэдээгүй л дээ. Нас чацуу учраас бид яах ч аргагүй оноолт таарсан. 

-Э.Дашнямыг финалын шатанд шалгарахад олон нийт сошиалаар маш их шүүмжилж байсан. Багийнхаа гишүүдтэй найз нөхөд, ах дүүсийн нандин харилцаатай байх. Түүний тухай ярьж болох уу? 

-Э.Дашням ах маань маш цайлган сэтгэлтэй, үнэхээр тусч хүн. Өөрийнхөөрөө байгаа байдал, хөгжилтэй зан чанар нь хүмүүсийн хайрыг татдаг. Бас уртын дуу дуулдаг, монголчуудын сэтгэлгээ, аархал, дотоод сэтгэлд нь хүрч дуулсан учраас л финалын шатанд шалгарч, өөрийгөө харуулсан. Хүн бүрийн цаг хугацаа өөр. Би хичээж байгаа цагт хэзээ ч амжилтад хүрнэ. Гэхдээ миний тэр цаг тэр мөч биш байсан. Олон нийт Дашням ахыг үлдчихлээ гээд янз бүрийн л сэтгэгдэл бичсэн байсныг харсан. Үнэнийг хэлэхэд тэр бүх сэтгэгдэлтэй санал огт нийлэхгүй байна. Дашням ах үлдэх ёстой байсан учраас л үлдсэн. Миний амжилтад хүрэх цаг хугацаа удахгүй ирнэ, би өндөрлөгт гарна гэдэгтээ итгэж байгаа учраас үзэгчдийн сонголтод сэтгэл өег байсан. Хүмүүс биднийг өрсөлдөгчийн нүдээр хардаг ч бид нэг гараанаас эхэлж, хамтдаа өсөж дэвжиж, амжилтад хүрэхийн төлөө хичээж ирсэн. Тайзны ард миний үсийг сүлжиж өгдөг, мэдэхгүй зүйл дээр минь тусалдаг тийм л хүн. 

-Шоуны шат бүр дээр шүүгчийн сонголтоор шалгарсан шүү дээ. Тэр бүрд үүрэг оногдсон байх?

-Сайн хичээх ёстой юм байна гэж бодсон. Бас Ука шүүгчийн багт орсондоо маш их талархсан. Шат бүр дээр шүүгчийн сонголтоор үлдэж байсан маань “Чи цаашдаа шантрах эрхгүй боллоо шүү” гэдэг үүрэг хариуцлагыг мэдрүүлж байлаа.

-Олон хүмүүс бахархаж байгаагаа хэлсэн байх. Шоуны туршид сонссон хамгийн нандин үг юу байсан бэ?

-Аав, ээжээсээ сонссон үг хамгийн нандин байсан. Тэр хоёр маань “Охиноороо бахархаж байна” гэж хэлэхэд би ялагч болчихсон юм шиг л санагдсан. Яг үнэнийг хэлэхэд аав, ээж маань намайг урлагийн хүн болохыг дэмждэггүй байсан. Шоунд оролцсоноос хойш охиныг нь олон хүн магтаж, бахархаж байгааг хараад бодол нь өөрчлөгдсөн болов уу. Бас дуртай зүйлээ хийгээд аз жаргалтайгаар жижигхэн ч гэсэн амжилтад хүрч байгааг хараад зөв сонголт хийжээ гэж бодсон байх. Хичээлээ сайн хийх үед эсвэл олимпиадаас шагнал авах үед л мундаг гэж хэлж байсан болохоос дуулахад маань хэзээ ч тийм үг хэлж байгаагүй л дээ. 

-Тэгвэл хамгийн хатуу үг юу байв. Бас тэр үг Марал-Одыг өөрчилж, ухаарал өгч чадсан уу? 

-“Энэ шоунд оролцож байх хугацаандаа бас цаашдаа бусад хүмүүсийн оронд өөрийгөө тавьж үзээрэй. Би энэ хүний оронд байсан бол яах байсан бол гэж бодож бай” гэж хэлсэн көүчийн маань үг сэтгэлд тод үлдсэн. Энэ үг намайг байгаа бүхэндээ талархахад сургаж, урам зориг, сэдэл болсон гэж хэлж болно. Би насаар хамгийн бага оролцогч байсан болохоор бүгд л намайг хайрлаж, эрхлүүлдэг байсан. Тийм болохоор энэ итгэлийг нь алдахгүйг хичээж байсан маань хатуу үг сонсохгүй байхад нөлөөлсөн байх. Шоуны баг, шүүгчид ч оролцогчдоо маш сайн мэдэрдэг. Энэ хүүхдэд бага зэрэг ташуур хэрэгтэй юу эсвэл урам хэрэгтэй юу гэдгийг мэддэг учраас оролцогчдынхоо онцлогийг мэдэрч ажилладаг.

-Сурлага сайтай, сургуулийнхаа тэргүүний сурагч юм билээ. Дуучин болох уу эсвэл өөр салбарт хүч үзэхээр төлөвлөж байна уу?

-Миний амьдралын туйлын зорилго бол дуу хөгжим. Гэхдээ мөнгөний хоёр догч урсгалтай болж, өөр салбарт хүч үзэх болбол загварын салбарт өөрийгөө сорино гэж боддог. Ирээдүйд өөрийн гэсэн брэндтэй болохыг хүсэж байна. 

-Тайзан дээр өмссөн хувцаснуудаа өөрөө урласан гэл үү?

-Battle шатныхаа хувцсыг л өөрөө оёсон. Бусад шатанд өмссөн хувцаснуудынхаа жижиг деталиудыг хийсэн. Бүгдийг нь оёогүй шүү (инээв).

-Шоу дууссан ч гэсэн уран бүтээлийн олз омог арвин байгаа болов уу гэж бодож байна. Ямар жанраар дуулахыг хүсэж байна?

-Би өөрийнхөө юу хийж чадахыг хармаар байна. Тийм болохоор аль нэг жанрт баригдахгүйгээр бүхий л төрлөөр сорьж үзнэ. Ер нь надаас юу ч гарч магадгүй. 

-Ингэхэд найз хөвгүүн бий юу. Танилцах санал их ирдэг гэж сонссон?

-Байхгүй ээ. Танилцах санал тийм ч их ирээгүй (инээв). Цаашдаа өөрийгөө хөгжүүлэхдээ илүү анхаарах учраас одоохондоо миний амьдралын чухал зүйлсэд үерхэл хараахан багтаагүй. Хүмүүсийг таньж мэдэх хүрээнд л харилцаж, нөхөрлөхийг хүсэж байна.

-Урлагийн салбар хүнд хэцүү гэдгийг тогоонд нь чанагдсан хүмүүс хэлдэг. Дуучин болох эхлэлээ тавьж буй хүний хувьд хүнд санагдаж байгаа зүйл бий юу?

-Яг одоогоор өөрөө мэдэрч, туулсан зүйл байхгүй. Гэхдээ урлагийн хүн тайзан дээр гарч, уран бүтээлээ хүргэхдээ үзэгчдийг аз жаргалтай болгохын тулд бүхнийг хийдэг. Тайзан дээр байх тэр мөчид ээж нь нас барсан уу эсвэл аавынх нь бие муу байна уу огтхон ч хамаарахгүйгээр энэ бүх мэдрэмж, шаналлаа тэвчиж, үзэгчдэд мэдэгдэхгүй байх ёстой. Тиймээс урлагийн хүнээс бие болоод сэтгэлийн тэвчээр маш их шаарддаг юм билээ. Бас маш ухаантай, зөв амьдрах ёстой гэдгийг ойлгож авсан. 

-Бид сошиалын эрин зуунд амьдарч байна. Та хүмүүсийн шүүмжлэл, сэтгэгдлийг уншдаг уу. Цахим ертөнц дэх шүүмжлэлүүдийг хэрхэн хүлээж авч байна?

-Би сайн уншдаг шүү. Тухтай сууж байгаад нэг бүрчлэн уншдаг. Сөрөг сэтгэгдлүүд маш олныг уншсан ч эерэг нь илүү олон байсан. Гэхдээ надад хүндээр тусаж байгаагүй. Яагаад гэвэл би тайзан дээр дуулж байсан. Харин тэд буйдан дээр суугаад үзэж байсан.

-Энэ шоуны тайзан дээр гарснаар та Z үеийнхний том төлөөлөл болсон. Үе тэнгийнхнээ хараад шүүмжилмээр санагддаг эсвэл засаж залруулаасай гэж хүсдэг зүйл байдаг уу?

-Би үеийнхээ хүүхдүүдийг хүрээллээ зөв сонгоосой гэж хүсдэг. Хүн урсгалаараа амьдарч болно, манлайлагч ч байж болно. Гэхдээ өөрийнхөө яг одоо байгаа газарт манлайлагч нь байж, чамаас илүү гарах хэн ч байхгүй байвал чи буруу газартаа байна гэсэн үг. Хүн өөрөөсөө илүү чадвартай хүмүүсийн дунд ороод ирэхээр өөрийнхөө түвшнийг мэдэхээс гадна тэр хүмүүсээ дагаад хөгжиж эхэлдэг. Тиймээс хүрээллээ зөв сонгож, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тасралтгүй хөдөл мөрлөөрэй гэж хэлмээр байна. 

-17 настай Марал-Одод олон зорилго, мөрөөдөл бий байх. Ойрын зорилгоосоо хуваалцаач?

-Өөрийн гэсэн уран бүтээл гаргахаар төлөвлөж байгаа. Өөрөө үгийг нь бичиж, мэдрэмжээ илэрхийлсэн дуутай болохыг хүсэж байна.