A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2150/

Дэлхийн дулаарлаас сэргийлэхэд нэгэнт оройтжээ

Дэлхийн дулаарлаас сэргийлэхэд нэгэнт оройтжээ

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2150/


Энэ сарын эхээр НҮБ-ын шинжээчид дэлхийн ирээдүйн талаар бараан боловч онц чухал тайлан танилцуулсан. Энэ илтгэл дэлхийн дулаарлын сөрөг үр дагаврыг арилгах хүн төрөлхтний найдвар хөсөрдсөнийг харууллаа. 2015 оны Парисын гэрээг нэн даруй хэрэгжүүлж, агаарт цацагдах хорт хийг огцом буурууллаа ч (үнэн хэрэгтээ бодитой бус) дэлхийн дулаан 1.5 хэмээр нэмэгдэхээс сэргийлж чадахгүй. Үүнээс гадна хоёр хэмээр нэмэгдэх өндөр магадлалтай.

Иймээс хүмүүс ойрын ирээдүйд халж буй дэлхий ертөнцдөө дасан зохицох шаардлага тулгарав. Үүнийг дэлхийн хэмжээний экологийн сүйрэл гэж нэрлэхээс өөр аргагүй. Хамгийн эмзэг цэг бол Арктик хэдий ч бөмбөрцгийн хойд хагаст бүхэлд нь нөлөөлнө. Шинжээчид энэ бүсэд өвлийн улирал 2050 он гэхэд 3-5 хэм, 2080 онд 5-9 хэм дулаарна гэж тооцжээ. Ингэснээр Хойд мөсөн далай хайлж, далайн түвшин дээшлэх аж. Гайхамшиг тохиолдож, машин, үйлдвэр, дулааны станцууд нэгэн зэрэг хүлэмжийн хий ялгаруулахаа зогсоолоо гэж бодъё.

Тэглээ ч 2100 онд дэлхийн температур 4-5 хэмээр нэмэгдэх бөгөөд агаар мандалд нэгэнт тархсан нүүрстөрөгч үүний шалтгаан болно. Тайланд дурдсанаар 70 хувь ОХУ-д амьдардаг хойд нутгийн ард түмнүүд хэдийн хүнсний дутагдал амсаж эхлэв. Гол нь амьтан, ургамлын аймаг ба экосистемд дулаарал нөлөөлснөөс шалтгаалсан байна. 1979 оноос хойш Арктикийн мөсөн бүрхүүл 40 хувиар багассан. Нүүрстөрөгчийн давхар ислийн өнөөгийн хурдацтай ялгаруулалт үргэлжилбэл 2030 он гэхэд Арктикийн зун мөсгүй болох аж.

Тухайлбал Гринландын мөсөн хучлага хайлж буй нь далайн түвшин дээшлэхэд том түлхэц өгч буй. Гэвч ялгаруулалтыг зогсоолоо ч байдал дээрдэхгүй. Өнөөдөртэй харьцуулахад мөнх цэвдэг 45 хувиар багасна. Энэ бол асар том экологийн бөмбөг агаад дэлхийд хуримтлагдсан 1672 тэрбум тонн нүүрстөрөгчийн үр дагавар юм. Түүнчлэн аж үйлдвэрийн хувьсгалаас хойш далайн усны шүлтлэг 30 хувиар нэмэгдсэн. Үүний уршгаар далайн ургамал, амьтан сүйдэж буй. Эрдэмтдийн 90 хувь хүний үйл ажиллагаанаас үүдсэн дэлхийн дулаарал зайлшгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэтэл шийдвэр гаргагчид хөдөлж өгөхгүй байгаа юм.

НОТОЛГОО НЬ ЮУ ВЭ?

Олборлодог түлшийг шатааснаар жил бүр найман тэрбум тонн нүүрстөрөгчийн хий агаар мандалд цацагддаг гэсэн тооцоо бий. Энэ нь жилдээ галт уулын дэлбэрэлтээс ялгардаг хүлэмжийн хийн нийт хэмжээнээс 100 дахин илүү тоо. Үүний сацуу нүүрстөрөгчийн исэлдлийн улмаас агаар дахь хүчилтөрөгчийн агууламж багасаж байгааг АНУ-ын Скриппс дэх Далай судлалын хүрээлэнгийн судлаачид нотолсон. Гэхдээ агаарт зөвхөн эрдсийн гаралтай нүүрстөрөгчийн агууламж нэмэгдэж байгаа аж.

Хиймэл дагуулын зургаас үзэхэд 1970-1996 оны хооронд дэлхийн агаар мандлын дээд давхаргаас дулааны долгион цацрах нь багассан бөгөөд уг долгионыг нүүрсний давхар исэл уусган авдаг байна. Ийнхүү алдагдсан дулаан буцаад газрын гадарга руу төөнөж, халаадгийг хэмжилтээр тогтоожээ. Гэтэл зарим эрдэмтэн нүүрсний давхар ислийн бөөгнөрөл ба дэлхийн дулаарлын хооронд уялдаа байхгүй хэмээн маргалддаг боловч нотолгоо гаргаж чадаагүй. Үүнээс үзэхэд аж үйлдвэрийн нүүрстөрөгчийн ялгаруулалт агаар мандал дахь нүүрсний давхар ислийг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн үйлчлэлд түлхэц өгдөг аж.

ИРЭЭДҮЙ БА ЭХНИЙ ХОХИРОГЧИД

Ирээдүйг харахын тулд эрдэмтэд агаар мандал, далай, газрын гадаргуугийн харилцан үйлчлэлийг тооцсон математик загвар гаргажээ. Эндээс хэдэн арав, зуун жилийн хандлагыг харах боломжтой. Уур амьсгалын өнгөрсөн үеийн чиг хандлагыг уг загварт оруулж шалгаснаар түүний найдвартай байдлыг тодорхойлдог байна. Гэхдээ хүний үйлдлийн нөлөөг тооцсон загвар бодит байдалд илүү ойр байдаг гэж үздэг. Тухайлбал, сүүлийн үеийн аргаар хийсэн судалгаанаас үзэхэд далайн түвшний дээшлэлт таамгаас илүү түргэн явагдаж байгаа аж. Мөн мөсөн бүрхүүлийн 40 хувь хайлсан явдал загвараар тооцоолсноос илүү байгаа аж. Дэлхийн дулаарлын анхны бодит хохирогчид, алдагдал гарч эхэллээ.

Нарны дулаан дэлхийн агаарын бүрхүүлд саатсанаас агаар мандлын энерги нэмэгдсэн. Энэ нь байгалийн гамшиг, тухайлбал салхи шуурга, үе, ган ба хэт халалтын хүчийг нэмэгдүүлдэг байна. Австралийн эрдэмтэд болон бодлого боловсруулагчид Melomys rubicola хэмээх хулгана уур амьсгалын өөрчлөлтийн улмаас устсан анхны төрөл зүйл болохыг хүлээн зөвшөөрөв. 1901-2010 оны хооронд дэлхий далай түвшин 20 см-ээр дээшилсэн боловч уг хулгана амьдардаг Торресын хоолойн эрэгт усны түвшин огцом өгсөж, усанд автсанаас амьдрах орчингүй болсон аж.

Зөвхөн амьтан, ургамал дэлхийн дулааралд хохироод зогсохгүй олон мянган хүн амь насаа алдаж, хэдэн тэрбумаар хэмжигдэх эдийн засгийн сүйрэл авчирсан. Жишээ нь, АНУ-ын зүүн эргийг хамарсан Флоренс хар салхи хэвийн хэмжээнээс 50 хувь хүчтэй байв. Жил бүр хэт халалтаас хэдэн арван хүн нас бардаг. 2018 онд АНУ-ын Калифорнид гарсан түймэр 104 хүний аминд хүрч, 3.5 тэрбум ам.долларын хохирол учруулжээ. Шинжээчид хүчтэй түймрийн гол хүчин зүйл нь дэлхийн дулаарал гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ сарын 15-нд дэлхий даяар олон мянган оюутан дэлхийн дулаарлыг сэрэмжлүүлэн жагссан боловч бодлого боловсруулагчдын чихэнд хүрсэн шинжгүй байгааг шинжээчид анхааруулсаар байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бодлогогүйн гай Монголыг элсэн цөл болгох нь

  • Малын тоо өсөж, метан хийн ялгаралт нэмэгдэх тусам дулаарал эрчимжиж, цөлжинө
  • Малын тоо толгой нэмэгдсэнээс үүдэн метан хийн ялгаралт эрчимтэй ихсэж байна. Энэ нь дэлхийн дулаарлын нэмэгдүүлж буйг Дэлхийн цаг уурын байгууллага онцолсон юм
  • Бэлчээрийн доройтол, цөлжилттэй тууштай тэмцэж буй орны нэг бол Бутан юм. Тус улсын хүн амын 64 хувь нь хөдөө аж ахуйн ферм эрхлэгчид аж. Тэд олон улсын байгууллагын дэмжлэгээр доройтсон газруудад навчит ургамал тариалж, нөхөн сэргээснээр олон улсад нэлээд өндрөөр үнэлэгджээ

Зургадугаар сарын дунд хүртэл тэнгэр хур хайрлаагүйн улмаас ихэнх нутгаар гандуу байлаа. Хаврын хавсаргыг арай гэж давсан малын зоо тэнийх болоогүй бололтой. Баруун аймгийн малчид халуун зунаар хар цай ууж суугаадаа сэтгэл гонсгор байна. Булган аймгийн Рашаант сумын малчин Б.Баяр “Манай сум өмнө нь сангийн аж ахуй байсан болохоор нутгийн ихэнх хэсэг нь тариалангийн талбай байдаг. Малын бэлчээрийн талбай тун бага. Өнгөрсөн зунаас хойш малын зоо тэнийсэнгүй. Өвлийг арай гэж давж, хавартай зол госон. Гэсэн хэдий ч газар гандуу, өвс ногоо муутай хэцүүхэн байна. Бас үлийн цагаан оготно гэж бэлчээрийн дайсан хүчрэгдэхээ байлаа. Жил бүр оготно устгадаг ч хаа сайгүй л үзэгдэх юм. Зуны дунд сар гарчихаад байхад тугал, хургаа угжиж сууна. Энэ жил үнэхээр хүнд байна” хэмээн ярилаа. Мөн Архангай, Хөвсгөл аймгийн нутаг ч гандуухан байгааг малчид нь хэллээ. Хөвсгөл аймгийн хойд зүгийн сумдын нэг Ринчинлхүмбэ л гэхэд хэд хэдэн газар элсний нүүдэл хурж, цөлжиж эхэлсэн байна. Энэ бол хамгийн том аюул гэдгийг цөлжилттэй тэмцэх олон улсын байгууллагынхан анхааруулж байгаа юм. Өдгөө манай улсын малын тоо толгой 70.9 сая болсон. Малын тоо толгойн өсөлт бэлчээрийн доройтолд нөлөөлж, цөлжих нөхцөлийг бүрдүүлж буй бол үлийн цагаан оготны тархалт ч хувь нэмрээ оруулж байна. Монгол Улс 112 сая га хадлан бэлчээрийн талбайтай. Энэ талбай нь ердөө 40 сая малд л таарах аж. Гэтэл сүүлийн жилүүдэд малын тоо тасралтгүй өсөж, бэлчээрийн даац 30 сая толгой малаар хэтрээд байна. Бэлчээр талхлагдаж доройтохын хэрээр ургамлын зүйлүүд устаж буй аж. Таван хошуу малаас бэлчээр хамгийн их доройтуулдаг нь ямаа. Гэвч сүүлийн жилүүдэд ашиг шимийг нь бодож, ямаа өсгөж буй нь цөлжилт нэмэгдэх шалтгаан болж байгаа юм. Учир нь ямаа олон үет ургамлыг үндсээр нь тасалж иддэг тул бэлчээрийг маш их доройтуулдаг. Ямаа хониноос хоёр дахин их ургамал иддэг тул тоо толгойг нь олшруулж болохгүй гэсэн зөвлөмж гаргадаг ч малчид чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг нь харамсалтай. Малаас гадна үлийн цагаан оготно газрын доройтлын бас том шалтгаан болж байгааг судлаачид тэмдэглэдэг. Монгол орны нийт газар нутгийн цөөнгүй хувь буюу 40 сая га талбайд үлийн цагаан оготно тархжээ. Сүүлийн үед үлийн цагаан оготно эрчимтэй үржиж буйг бэлчээр судлаачид онцолсон байна. Судлаач Б.Долгормаагийн тэмдэглэснээр нэг үлийн цагаан оготно өдөрт 33 грамм ногоо иддэг бөгөөд хөеөндөө есөн килограммыг нөөцөлдөг аж. Нэг га талбайд оготны долоон үлий байдаг агаад тэд нийт 42 килограмм өвс хөеөндөө нөөцөлдөг аж. Уг нь үлийн цагаан оготны ганц эрлэг нь шонхор шувуу юм. Гэвч зарим аймгийн нутгаас шонхор шувуу даажсанаас болж, үлийн цагаан оготно тархах таатай нөхцөл бүрджээ. Цаашид үлийн цагаан оготно эрчимтэй өснө гэж судлаачид үзсэн байна. Иймээс үлийн цагаан оготны устгалыг сайн хийх хэрэгтэй аж. Аймаг бүрд үлийн цагаан оготно устгах ажил өрнүүлдэг ч үр дүн дүнтэй болдоггүйг орон нутгийн иргэд шүүмжилж байв.

 Малын тоог цөөлөхгүйгээр бэлчээрээ доройтлоос хамгаадахгүй 

ХХААХҮЯ малын тоо толгойг цөөлж, зохистой харьцааг барих ёстой гэж албан өрөөндөө сууж яриад үр дүнд хүрэхгүй нь тодорхой. Тиймээс бодлогоор зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч буй. Малчдад тохирсон эдийн засгийн арга хэмжээ авахгүй бол Монголын тал нутаг элсэн цөл болоход ойрхон байна. Газар тариалан, уул, уурхай, мал, үлийн оготно гээд бэлчээр нутгийг доройтуулж буй хүчин зүйлийг өнөөдрөөс зохицуулахгүй бол алс хэтдээ аюултай тулгарч мэдэхээр болжээ. Учир нь дэлхий дахинд цаг уур огцом өөрчлөгдсөөр байгаа. Малын тоо толгой нэмэгдсэнээс үүдэн метан хийн ялгаралт эрчимтэй ихсэж байна. Энэ нь дэлхийн дулаарлыг нэмэгдүүлж буйг Дэлхийн цаг уурын байгууллага онцолсон юм. Иймээс мал сүргийн тоог зохистой түвшинд байлгах бодлого үгүйлэгдэж байна. Манай улс “Монгол мал” хөтөлбөр, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” зэрэг малчдад хайр зарласан, малын тоо нэмэхийг дэмжсэн олон баримт бичиг гаргасан. Гэвч бас хариуц лага гэж зүйл байх ёстойг умартжээ. Байгалийг нөхөн сэргээх, бэлчээр хамгаалах, өвс, ногооны гарц сайжруулах талаар малчдад мэдээ, мэдээлэл хүргэсэнгүй. Бас мал сүргийн тоог зохистой байлгах зөв бодлого барьсангүй. Харин одоо энэ асуудалд санаагаа чилээхгүй бол ирээдүйд дулаарлын нөлөө, бэлчээрийн доройтол, цөлжилт энэ сайхан орныг сүйтгэж мэдэх нь. Азийн орнууд газрын доройтол, цөлжилттэй чадах чинээгээрээ тэмцэж байна. БНСУ гэхэд дэлхийн дулаарлыг бууруулахын тулд нийт газар нутгийнхаа 64 хувийг ойжуулжээ. 

Бэлчээрийн доройтол, цөлжилттэй тууштай тэмцэж буй орны нэг бол Бутан юм. Тус улсын хүн амын 64 хувь нь хөдөө аж ахуйн ферм эрхлэгчид аж. Тэд олон улсын байгууллагын дэмжлэгээр доройтсон газруудад навчит ургамал тариалж, нөхөн сэргээснээр олон улсад өндрөөр үнэлэгджээ.
Манай урд хөрш газрын доройтлыг бууруулахад чамгүй олон ажил хийж байна. Цөлжсөн газруудад ховордож буй ургамлыг олон төрлөөр тариалж, мөн ойжуулалт хийж, өөрсдийн санаачлагаар эзэмшил газраа цөлжилтөөс хамгаалсан иргэдэд тодорхой хэмжээний урамшуулал олгодог болжээ. Мөн газрын доройтол цөлжилттэй үлгэр жишээ тэмцсэн орон бол Австрали юм. Тус улс газрыг доройтуулж буй зэрлэг ургамлыг устгаж, оронд нь ашигт ургамлыг олон төрлөөр тарималжуулсан юм. Түүнчлэн фермер эрхлэгчдэд эзэмшсэн газраа нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээлгэж, нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд хуулийн хариуцлага тооцох зэрэг олон арга барилаар цөлжилттэй тэмцэж буй. Ийн дэлхийн улс орнууд газрын доройтолтой бүхий л арга чаргаар тэмцэж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хөгжлийн төлөвлөгөөндөө газрын менежментийн асуудлыг нарийн тусгаж байна. Гэтэл манай улс газар нутгийнхаа доройтлыг үл тоож, мал өсгөх бодлого барьж байгаа нь цөлжилтийг газар авахуулах эрсдэлийг улам нэмэгдүүлсээр. Малын тоог бууруулж, чанаржуулж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахгүй бол цаашид дулаарал, цөлжилт манай улсыг туйлдуулж магадгүй болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Амралтын өдрүүдээр аялах үзэсгэлэнт газрууд

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулж бид эх орондоо аялах боломжтой, байгалийн үзэсгэлэнт газруудын тухай цувралаар танилцуулж буй билээ. Энэ удаа хол замд, урт хугацаагаар явах боломжгүй аялагчдадаа зориулан, Улаанбаатар хоттой ойрхон, хүмүүсийн төдийлөн мэддэггүй байгалийн үзэсгэлэнт газруудын тухай нийтлэл бэлтгэлээ.

Цагаан суваргыг үзэж, өөр гаригт очсон мэт мэдрэмж аваарай

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Цагаан суварга хэмээх газрыг уншигчдадаа санал болгоё. Цагаан суварга нь эрт цагт хэдэн сая жилийн өмнө далайн ёроол байсан гэх бөгөөд он цагийн эрхээр ширгэж, үлдсэн шаварлаг хурдас хөрс нь салхи, бороо ус гэх мэт байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөр эрэг, мөргөцөг үүсгэсэн нь өнөөгийн үзэсгэлэнт дүр зургийг бүтээжээ. Тус газарт очсоноор аялагчдад Марс гариг дээр очсон мэт сэтгэгдэл төрдөг гэнэ. Алсаас харахад суварга мэт харагддаг энэхүү хосгүй үзэсгэлэнтэй газар нийт 500 гаруй метрийн урттай, 90 хэмийн эгц эрэг бүхий мөргөцгүүдээс тогтох бөгөөд хамгийн өндөр хэсэг нь 40 метр хүрдэг аж. Тус газар нийслэлээс 400 км-ийн зайтай ба засмал замаар холбогдсон.

Хагийн хар нуур руу морьтой аялаарай

Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн нурууны уулсын дундах тусгай хамгаалалттай бүсэд орших Хагийн хар нуурыг тайгын сувд хэмээн өргөмжилдөг. Эл нуур нь хөлгүй нуур бөгөөд тус нуураас эх авч урсдаг голыг Хагийн гол хэмээнэ. Хагийн хар нуурыг зорьсноор та байгалийн гоо үзэсгэлэнг морин дэл дээрээс тольдож, сарьдаг уулсын дунд, гайхамшгийг мэдрэх боломжтой. Мөн зэрлэг ан амьтдыг ч ойроос харах боломжтой аж. Хагийн хар нуур нь Төв аймгийн Эрдэнэ суманд Улаанбаатар хотоос 180 км-т оршино. Тус нуур руу туршлагатай хөтөч болон мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөгүйгээр аялах эрсдэлтэй ба бартаатай, машин явах боломжгүй замтай тул аялагчид тодорхой хэсэг хүртэл машинаар зорчоод үлдсэн зайг, морь болон явганаар туулдаг аж. Одоогоор Монголд Хагийн хар нуурын аяллыг Vivid Travel Club тогтмол зохион байгуулдаг.

Зоргол хайрхныг зорьж, алжаалаа тайл

Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос 150 км-ийн зайд оршино. 1668 мерт өндөртэй тус уул том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт хэмээн нэрлэдэг. Мөн хайрхны чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэх бөгөөд жил бүр бэсрэг наадам болж, хурдан морьтой хүмүүс морин эрдэнийнхээ хийморийг нь сэргээдэг аж. Эрт урьд цагт хангай говийг дамнасан цасан шуурга болж, хандгай буга, зээр, гөрөөс цөм өмнө зүг туугдан уруудахад хамгийн сүүлд сульдаж ядарсан ганц зоргол оцойсхийгээд зогсож хоцорсон нь Зорголхайрхан хайрхан болсон гэх домогтой аж.

Гүнжийн сүмд саатаж, эртний түүхээр аялъя

Довдондорж ноён өөрийн талийгаач хатан Манжийн Энх Амгалан хааны охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулан бариулсан Гүнжийн сүм Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршино. Монголын Довдондорж ноёнд Манжийн хаан өөрийн зургадугаар гүнжээ 1697 онд хатан болгон өгчээ. Манжийн хаан охиндоо монголчуудын тухай мэдээлж байх хатуу үүрэг өгсөн ч гүнж уг даалгаврыг үл биелүүлэн үүрд монгол хүн болон үлдсэн байна. Тэрбээр 1740 онд Манжийн албатуудад хорлогдсон бөгөөд “Миний цогцсыг хятад газар бүү аваач. Би монгол хүний эхнэр учир монгол хүн болсон. Иймд намайг Монголын хөрсөнд нутаглуулаарай” хэмээн захисан гэдэг. Гүнжийн онгоны үлдэгдэл чулуун дурсгал, булшийг хамгаалсан байгууламж, богд хаалга, хэрмэн хана, онгон, булшны газар зэргээс бүрдэх бөгөөд эргэн тойронд нь байгалийн үзэсгэлэн цогцолжээ. Тус газар хотоос 96 км зайтай.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөөндэйн шинэ зүйл манай оронд иржээ

Шувуу судлаачдын багийнхан Чух нуурын эрэгт нүүдлийн шувуудын мониторинг хийгээд буцах замдаа Дорнодын Матад сумын нутаг дахь Ёндонгийн хайлааст ам хэмээх газраас Chestnut Thrush Turdus rubrocanus хэмээх хөөндэйн шинэ зүйлийг олж, зургийг нь авч баталгаажуулжээ. Ингэснээр манай орон хөөндэйн 13 зүйлтэй болж байна. Энэ зүйл нь Хималайн уулсын зүүн болон өмнөд нутагт тархсан, харьцангуй мэдээлэл дутмаг зүйлүүдийн нэг аж. Дэлхийн хөөндэйн тархалтын хамгийн хойд цэг нь Монгол болдог. Судалгааны багийнхан дорнын шаргач гурвыг, шивэр намнаахай, жирхэн дууч, борлог дууч, хос-судалт дууч, бор тодол, улаавар бужмар тус бүр нэгийг бүртгэлжүүлжээ. Мөн банхар булжуухай дөрөв, тольт дунхай хоёр, бөвөөлжин өвөөлж хоёр, сохор элээ хоёр, шилийн сар хоёрыг бүртгэж авчээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цанын баазууд зэрлэг амьтдын мөхөлд нөлөөлж байна

Хөл хорионы үеэр хүмүүсийн идэвхтэй хөдөлгөөн багас­сан нь зэрлэг амьтдад таатай нөхцөл үүсгэсэн талаар манай сонин мэдээлж байсан билээ. Тухайлбал, зэрлэг чоно болон баавгайн төрөл зүйлүүд Колоро­дагийн гудманд үзэгдэх болсон,  Италийн бохирдсон голд дельфин гарч ирсэн гэх мэт байгаль дэлхийн гайхалтай өөрчлөлтүүд мэдрэгдсээр байна. Гэвч эрдэмтэд “Энэ үзэгдэл сайн мэдээ хэдий ч хөл хорио тавигдахад зэрлэг амьтад дахиад л хүний үйл ажиллагаанд хавчигдах болно” хэмээн анхааруулжээ. Нэн ялангуяа цанын баазууд олон амьтны амьдрах орчинд заналхийлж байна. Жишээлбэл, иргэд цанаар их гулгадгаас болж Австралийн гүрвэлийн амьдрах орчныг үгүй хийж, Альпийн нуруун дахь Каперкайли буюу ойн сойрын амьдрах орчинд нөлөөлөөд зогсохгүй Италийн Аппинений уулан дахь цанын баазын тэлэлт нэн ховордсон амьтан болох Марсикийн хүрэн баавгайд том аюул занал учруулж байгаа гэх зэрэг олон баримтыг дурдаж болно. Италийн хойгийг бараг бүхэлд нь бүрхдэг Аппинений уул нь одоогоор бүртгэгдээд байгаа 50, 60­-аадхан зэрлэг Марсикийн хүрэн баавгайн гэр юм. Цаашдаа аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжихийн хэрээр байгаль орчин хүн хоёрын хооронд удаан тэмцэл өрнөх нь тодорхой болжээ.