A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3187/

Дэлхийн сорилтын үед АНУ, Хятадын хэлэлцээ эхэллээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3187/

Bloomberg News

Америк, Хятадын худалдааны төлөөлөгчид өчигдөр Вашинг­тонд худалдааны хэлэлцээгээ сэргээж, тохиролцоонд хүрэхээр оролдож эхлэв. Хэрэв дахиад гэрээ байгуулж чадахгүй бол хэдийн удаашраад буй дэлхийн эдийн засагт нэмэлт бэрхшээл үүсгэх нь гарцаагүй. АНУ энэ сарын 15-нд Хятадаас, 18-нд Европоос импортлох барааны тарифыг нэмэхээр төлөвлөсөн. Түүнчлэн хоёр тал 12 дугаар сараас харилцан тарифаа нэмэх бол Европын холбоо АНУ-ын тарифын эсрэг хариу арга хэмжээгээ боловсруулж байна.

Bloomberg-ийн шинжээчдийн таамгаар дэлхийн хоёр их наяд ам.долларын өртөгтэй худалдааны эргэлтэд протек­ционизмын аюул тулгарч, худал­дааг саатуулснаар бизнес болон эрэлтийг дарах болгоомжлол бий болжээ. Хятадын эдийн засаг худалдааны дайнтай дайнгүй удааширч байгаа. Гэтэл 18 сар үргэлжилсэн сөргөлдөөн бусад амин чухал бүс рүү нэвтэрч эхэлсэн. Тухайлбал, технологи, төрийн татаас, хүний эрх, Тайвань ба Хонконгийн эсэргүүцэл гэх мэт. Түүнчлэн Хятадын экспортын эрэлтийг бууруулж, бизнесийн итгэлийг сулруулснаас гадна хөрөнгө оруулалтад тушаа болсон.

Харилцан тарифаар дайт­санаас Хятадын экспорт оны эхний найман сард есөн хувь буурсан бол АНУ-аас авах импорт 28 хувиар унажээ. Хятадын нийт экспортын хэмжээ багасаагүй нь экспортлох өөр газруудыг олох боломжтойг харуулж байгаа боловч импорт таван хувь доошилсон нь дотоодын эрэлт унаж, бусад орны эдийн засагт сөргөөр нөлөөлснийг илтгэнэ. Тодорхойгүй байдал Хятадын компаниудад хохирол учруулж, бизнесийн идэвх сулрахын зэрэгцээ сүүлийн 18 сард экспор­тын захиалга буурлаа.

Хятад, Америкийн худал­дааны зөрчил дэлхийн эдийн засгийн дан ганц эрсдэл бус юм. Брексит хийгээд АНУ болон ЕХ-ны хооронд үүссэн машины экспорт, аж үйлд­вэрийн татаасын маргаан мөн худалдааны эргэлтэд цохилт болж магадгүй. АНУ Европын виски, Франц дарс, бяслаг, онгоц болон бусад бүтээгдэхүүнд тариф ногдуулсан нь ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх товтой. ЕХ-ны удирдлага ийм зүйл болохгүй гэж найдаж байгаа хэдий ч хариу арга хэмжээ бэлтгэж байгаа юм. Энэ зөрчил болон гэрээгүй Брексит Европын өсөлтийг хойш татах агаад Германы үйлчилгээний салбарт хямрал мэдрэгдэж эхэлсний дээр евро бүсэд үйлдвэрлэл буурах төлөвтэй байна.

Дэлхийн удаашрал, худал­дааны зөрчил АНУ-ын эдийн засгийн эсрэг ажиллаж байгаа нь мэдээж. Оны эхний хоёр улиралд үйлдвэрлэлийн гарц буурч, сүүлийн өгөгдлөөс үзэхэд компаниуд капитал зардлаа танаж байгаа учир уг үзүүлэлт цаашид ч сулрах төлөвтэй байна. Үүний сацуу АНУ-ын өсөлт дунджаас дээгүүр байгаа нь өрхийн зарцуулалт тогтвортой, ажилгүйдэл 50 жилийн доод түвшинд ирснээс шалтгаалж буй.

Худалдааны дайны улмаас үүссэн хангалтын сүлжээний тасалдалд компаниуд дасан зохицох, тарифаас зайлсхийх арга зам хайхад хүргэлээ. Оны эхнээс наймдугаар сар хүртэл АНУ-ын Хятадаас авах барааны импорт 12.5 хувь буюу үнийн дүнгээр 43 тэрбум ам.доллараар буурсан бол Америкт экспортоор хоёрт бичигддэг Мексикээс ирэх барааны хэмжээ хамгийн их нэмэгджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тэтгэврийн тогтолцоогоор тэргүүлэгч улсууд тодорлоо

 0 сэтгэгдэл

Дэлхийн улс орнууд хөгширч буй иргэдээ тэтгэвэрт гаргах бэлтгэл хэр байгааг тодорхойлох глобал судалгааны дүн гарчээ. Судалгаагаар Нидерланд болон Дани улс шалгарч манай гара­гийн хамгийн шилдэг тэтгэврийн тогтолцоотой улс болжээ. Даваа гарагт нийтлэгдсэн Melbourne Mercer global Pensions индексийн эхний хоёр байрыг эзэлсэн Нидерланд, Дани улс тэтгэвэрт зориулсан санхүүгийн баталгааны “А” зэрэглэлд багтсан юм. Харин гуравдугаар байранд “B+” зэрэглэлээр Австрали улс орж байна. Шилдэг 10­-т шалгарсан Финланд, Швед, Норвег, Син­гапур, Шинэ Зеланд, Канад, Чили улс бүгд “B” зэрэглэлд багтжээ. Дэлхийн хүн амын бараг гуравны хоёрыг хамардаг 37 улсын дунд явуулсан уг судалгаа нь тэтгэврийн тогтолцоо тухайн улсын тэтгэвэрт гарагчдын санхүүгийн нөхцөлийг сайж­руулж чаддаг, тогтвортой, иргэ­дийн итгэл хүлээж чадсан эсэх зэрэг 40 шалгуур үзүүлэлтээр хэмжсэн байна. Ажилчдын дийлэнх нь ажил­ласан нийт жилийнхээ дундаж цалингаар тооцсон тэтгэвэр авч чаддаг Нидерланд улс 2019 онд уг судалгааг дахин тэргүүлсэн байна. Адилхан “С+” зэрэглэлд багтсан Их Британи, АНУ жагсаалтын 14, 16 дугаар байрт тус тус шалгарчээ. Судалгааны тайлангаас үзвэл уг хоёр улс хүн амынхаа бага орлоготой хэсгийн тэтгэврийн үнэмлэхүй доод хэмжээг ихэсгэж чадсаны дүнд энэ жил байр дээшилсэн байна. “Ноцтой дутагдал, шийд­вэрлэвэл зохих бэрхшээлтэй” гэж тогтоогдсон Япон улс “D” зэрэглэлээр 31 дүгээр байрт орлоо. Тус улсын хүн амын дундаж наслалт ихэссээр бай­гаатай уялдан улсаас тогтоосон тэтгэвэрт гарах насыг дээш­лүүлэхийг уг тайланд зөвлөжээ. Тэгвэл жагсаалтын адагт бичигдсэн тайланд улс заавал байх ёстой тэтгэврийн хуримт­лалын үнэмлэхүй доод түвшнээ тодорхойлж, хүн амын ядуу буурай хэсгийг ахиу дэмжих шаардлагатайг тус тайланд анхааруулжээ. Хүмүүс урт наслах болсонтой уялдан тоо нь ихэссээр байгаа тэтгэвэрт гарагсдад амьдралын баталгаат орлогын тогтвортой урсгал үүсгэх ажил бодлого тодорхойлогчын тулгамдсан асуудал болсныг энэ жилийн судалгаа харуулж өглөө. Энэ оны байдлаар дэлхийн хүн амын ес орчим хувь нь урсгал үүсгэх ажил бодлого тодорхойлогчын тулгамдсан асуудал болсныг энэ жилийн судалгаа харуулж өглөө. Энэ оны байдлаар дэлхийн хүн амын ес орчим хувь нь тэтгэврийн насны иргэд байгаа юм. НҮБ-ын статистикаас үзвэл 2070 он гэхэд манай гарагийн хүн амын тавны нэг буюу 20 хувь нь тэтгэврийн насныхан болох төлөвтэй. “Хүн амын наслалт уртассан нь дэлхийн улсуудын халамжийн тогтолцооноос тэтгэврийн насны иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлэх нь нөөцөд улам дарамт болж буй”­г дээрх тайланг зохиогч, Mercer­-ийн захирал Дэвид Нокс тайлбарлажээ. “Бодлого тодорхойлогч нар одоогийн тогтол цооны давуу болон сул талуудыг харгалзан үзэж, ирээ­дүйн тэтгэврийнхний төлөө илүү алс хэтийг харсан халамжийн бодлого боловсруулах шаард­лагатай” хэмээн Нокс үзэж байна. Энэ онд Азийн улсуудын тэтгэврийн тогтолцоо жилийн өмнөх үеэс сайжирсан ч ил тод байдал дутагдалтай хэвээр бөгөөд дэлхийн бусад оронтой харь цуулахад ажилчид нь гавьтай хадгаламж хурааж чадахгүй байгаа юм. Иргэд чинээлэгжих хэрээр зардал дагалдан ихэсдэг “баялгийн нөлөө” (wealth effect) улам бүр тод илрэх болсныг тус судалгаанд мөн дурджээ. Тэтгэв­рийн актив, сан ихсэх тусам хүмүүс өөрийгөө илүү чинээлэгт тооцож, зээл авах магадлал дагалдан өсдөгийг Mercer­ийн судалгаа харуулав. “Ийм нөлөө муу зүйл биш. Тэтгэврийн одоогийн сангийн активын ачаар ирээдүйн орлого баталгаажих нь иргэдийн одоо­гийн болоод ирээдүйн амьдралын стандарт сайжрах урьдчилсан нөхцөл” хэмээн Нокс тайландаа дүгнэсэн байна.











A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн ирээдүйн эдийн засгийг тодорхойлогч 20 улс

 0 сэтгэгдэл

Олон улсын худалдааны бууралт, хэтийн тодорхойгүй нөхцөлөөс шалтгаалж дэлхийн эдийн засаг ирэх таван жилд өнөөгийнхөөс сул өсөх төлөвтэй болсныг олон улсын Валютын Сангаас (ОУВС) гаргасан шинэ судалгаа харуулав. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ойрын хугацаандаа үр­гэлжлэн удааширч, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлтөд өнөөгийнхөөс бага жин дарна. Дэлхийн ДНБ-­д БНХАУ-ын эзлэх хэмжээ 2018-­2019 онд 32.7 хувьтай байсан бол 2024 он гэхэд 4.4 хувиар буурч, 28.3 хувь болно. Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ жил гурван хувь болж буурахаар байгаа нь санхүүгийн хямралаас хойших хамгийн сул өсөлт юм. Энэхүү сулрал манай гарагийн эдийн засгийн 90 хувьд нь сөргөөр нөлөөлнө хэмээн ОУВС үзэж байна. Өдгөө ямар ямар улс дэлхийн эдийн засгийн гол тоглогч болж байна вэ? Таван жилийн дараа дэлхийн эдийн засгийн өсөлтөд аль улсууд гол үүрэг гүйцэтгэх бол? Bloomberg энэ хоёр асуултын хариуг олохоор ОУВС-гийн статистикт худалдан авах чадварын харьцааг (PPP – Purchasing Power Parity) харгалзаж үзсэн таамаг тооцоо гаргалаа. АНУ таван жилийн дараа ч дэлхийн эдийн засагт томоохон хувь нэмэр оруулсаар байх боловч хоёрдугаар байраа Энэтхэгт алдаж, гурав жагсах юм. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн 13.8 хувийг эзэлж буй АНУ 2024 онд ердөө 9.2 хувьтай болно. Өдгөө 13.5 хувьтай Энэтхэг мөн хугацаанд АНУ-­ыг гүйцэж, 15.5 хувийг эзэлдэг болно. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд 3.9 хувьтай Индонез 2024 онд багахан буурч, 3.7 хувийг эзэлдэг болох ч одоогийн дөрөвдүгээр байраа хэвээр хадгалах нь. Энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн есөн  хувь нь оногдож буй Их Британи Brexit­-ийн улмаас 13 дугаар байр хүртэл ухарна. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд хоёр хувийн нэмэр оруулж буй ОХУ таван жилийн дараа ч адил хувьтай байх юм. Гэхдээ ОХУ мөн хугацаанд Японыг шахаж, дэлхийн эдийн засагт тэргүүлэх хувь нэмэртэй тав дахь улс болно. Энэ жил тавдугаарт яваа Япон улс 2024 он гэхэд бүр есдүгээр байр хүртэл ухарна. Бразил улс одоогийн 11 дүгээр байрнаасаа зургадугаарт орж ирнэ. ХБНГУ 1.6 хувьтайгаар долдугаар байраа хэвээр хадгалах юм. Таван жилийн дараа дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөл­гүүр болох 20 улсын жагсаал­тад Турк, Мексик, Пакистан, Саудын Араб шинээр нэмэгдэж, Испани, Польш, Канад, Вьетнам жагсаалтаас хасагдана хэмээн ОУВС таамаглажээ.









A

Жижиг

A

Дунд

A

Том

“Шар ус”-ыг нь шахаж өгөхийн оронд шантааж хийж суугаа гишүүд ичиг

 0 сэтгэгдэл
  • Ирэх жил сонгуультай, гишүүдийг ойлгож байна. Гэхдээ “нэг идээд үхэхгүй
  • Тэд хоорондоо “Миний чирж орсныг чи, чиний авчирсныг би дэмжинэ” гэж шууд л ханцуй дотроо тохироо хийцгээдэг нь үнэн
  •  Хоёр их наядын алдагдалтай төсвийн төслийн “шар ус”-ыг нь шахах оролдлого хэн ч хийхгүй байгаа нь гунигтай
  •  Сонгуулийн жил нийгмийн хамгааллын зардлаа өсгөж, татвар төлөгчдийн мөнгөөр нааддаг Монгол төрийн үрэлгэн занг гишүүд бүр ч сэдрээж байна

Сангийн яам улсын нэгд­сэн төсвийн хар зургийг гарга­сан даруйд төсөв захиран зар­цуулагчид УИХ-­ын гишүүд рүү гүйлддэг заншилтай. Ногдож буй төсвийг тус бүртээ чамлан бүхий л аргаа хэрэглэн яаж ийж байгаад нэмүүлэхийн төлөө бараг л үхэж хатах шахна. Үүнийг тэдний хэлээр бол “лоббидно” гэж нэрлэнэ. Харин өнөөх гишүүд нь чуулган руу давхин орж баруун, сол­гойгүй шүлс үсэргэж байгаад нэмүүлээд гараад ирнэ. Гишүүд төсөв хэлэлцэж байх үедээ жинхэнэ хар зах дээр байгаа наймаачдыг санагдуулдаг юм. Тэд хоорондоо “Миний чирж орсныг чи, чиний авчирсныг би дэмжинэ” гэж шууд л ханцуй дотроо тохироо хийцгээдэг нь үнэн. Өөрсдөө бол үгүйсгэх л байх. Гэвч тэд бол мэргэжлийн гэмээр, бүр өндөр түвшний “худалдаачид” болцгоодог. Яг одоо 2020 оны нэгдсэн төсвийг парламентаар хэлэлцэж буй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн завсар зайгаар хэлэлцэх багахан хугацаанд ирэх оны төсвийг батлахаар болсон. Харин жилдээ нэг онгойдог “шантааж”­ны энэ цонхыг гишүүд бүрэн дүүрэн ашиглах шинж байдал, эрмэлзэл дүүрэн байгаа нь энэ удаа ч анзаарагдаж байна. Тухайлбал, төсвийн хуулийн хэлэлцүүлгийн дөнгөж эхнийх дээр Х.Ням­баатар өөрийн сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн хог, цахилгаан, нийтийн тээвэр, утаа униар гээд баахан зовлонг тоочиж байснаа “Улаанбаатар хотын төсвийг нэмэгдүүлэх үүднээс хотоос сонгогдсон гишүүд хүчтэй дуугарч эхлэх гэж байна. Цаашид ч энэ нь Ажлын хэсэг дээр ширүүн маргаан үүсгэх юм байна. Бид дуугаа намсгах, зогсоох тухай асуудал байхгүй шүү” хэмээн сүртэй гэгч нь мэдэгдэв. Хэрэв хүссэн мөнгийг нь өгөхгүй бол төсвийг чинь батлуулахгүй гэсэн бодолтой байгаа хэмээн Сангийн сайдыг айлгав. Бусад нь ч гэсэн “Манай тойрогт бага мөнгө тавилаа” гэж зурагтаар ээлж ээлжээр гарч ирээд, хэрүүл зарга хийж эхэлсэн. Х.Болорчулуун дорнодын Матад суманд Соёлын төв өргөө, Д.Тэрбишдавга СХД-т нэг сургууль, хоёр цэцэрлэг, Чингэлтэйн Д.Ганболд гэр хорооллын замын гэрэлтүүлэг, хогны төсвийг нэмэхийг хүссэн бол Н.Амарзаяа Өмнөговь өндөр татвар төлж байхад бага хөрөнгө оруулалт өглөө... гэх мэтээр хаанаас сонгогдсоноос үл хамааран гомдоллож байна. Ядаж байхад хэнтийд 2020 онд төсвөөс 235 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьчихаж. Хэнтий аргагүй онцгой тойрог. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГ­-ын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун­Эрдэнэ нар хүчтэй бяртайдаа ч авч байгаа юм биш. Сүүлийн хоёр жилийн турш хэнтийд хийхээр яригдсан нөхөн сонгуулийн сургаар бараг л өвөлжөөний чинь үүд хүртэл мянганы зам татна, өндөр хүчдэлээр гэрийг чинь тойруулна гээд амласны гор энэ. Нэгэнт амласан, харин одоо буцвал 2020 онд тус тойргийг онилж буй намын дарга, Засгийн газрын тэргүүн нүүр хийх газаргүй болно. Гэтэл Хэнтийтэй хаяа залган оршиж буй Дорнод, Сүхбаатарт нэг нь 30, нөгөөх нь 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай. Иймээс л гишүүд хусмаа чамласан хүүхэд шиг “Чамд долоо, надад долоохон” гээд сууж буйг буруутгах аргагүй ч юм шиг. Гэтэл аудитын байгууллагаас “жил бүр макро түвшний судалгаа, гадаад дотоод хүчин зүйлсийн үндэслэлийг бодитой тооцдоггүйгээс УИХ-аар баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулж, тогтвортой байдлын хуулийг тууштай хэрэгжүүлэхгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээрх зарим металлын үнэ өөрчлөгдөж буй, хятад коксжих нүүрсний импортынхоо хэмжээгээ багасгах магадлалтай, Монгол улс саарал жагсаалтад орсон гэх бодит эрсдэлтэй тулаад байгаа өнөө үед хоёр их наядын алдагдалтай төсвийн төслийн “шар ус”­ыг нь шахах оролдлого хэн ч хийхгүй байгаа нь гунигтай. оролдох байтугай санаа зовж байгаа нь ч алга. харин ч эмнэлэг, сургууль, дотуур байр, тамгын газрын байшин, соёлын төв... зэргээ нэхсээр сууна. Хоёр их наядын алдагдлаа хаанаас, яаж санхүүжүүлэх нь тодорхойгүй байхад шүү. Нөгөө талдаа өнгөрсөн жил баталсан энэ оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дөнгөж 36.9 хувьтай гарсан. Нийт 1.6 их наядын төсвийн хөрөнгө оруулалтын 40 хүрэхгүй хувь нь биелсэн гэсэн үг. Үлдсэн 60 гаруй хувь нь гүйцэтгэлгүй. Энэ бол төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлын тендерийг зөв зохион байгуулаагүй, ар өврийн хаалгаар чадамжгүй, цүнхний компаниудад өгснөөс шууд хамааралтай. Харин хугацаандаа амжаагүй өнөөх ажлуудын зардал нь өнөөдөр өсчихсөн, баригдах эсэх нь тодорхойгүй, буух эзэн, буцах хаяггүй болоод байгаа юм. Төсвийн хуулийн хэлэлцүүлэгт гишүүд тун хариуцлагагүй хандаж буйн бас нэгэн нотолгоо бол байдгаар нь тэлсэн төсөвт хувийн секторыг дэмжсэн, ажлын байр яаж бий болгох талаар бодлогын хөшүүрэг алга байгааг шүүмжилж, санаа оноо дэвшүүлж байгаа нэг ч хүн алга. Харин ч сонгуулийн жил нийгмийн хамгааллын зардлаа өсгөж, татвар төлөгчдийн мөнгөөр нааддаг Монгол төрийн үрэлгэн занг гишүүд бүр ч сэдрээж байна. УИХ-ын сонгуулийн жил буюу 2012 онд 1.2, 2016 онд бүр 2.3 их наяд төгрөгөөр талийтлаа тэлсэн улсын төсөв 2020 онд ч энэ уламжлалаасаа хазайхгүй нь.  Ирэх жилийн төсвийг өргөн барьсан хэвээр нь баталбал зарлага 2019 оныхоос 2.3, 2018 онтой харьцуулбал дөрвөн их наяд төгрөгөөр өсөхөөр байгаа ч үүнээс олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт харамсалтай нь алга. Өнгөрсөн гурван жилийн хугацаан дахь эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт бол нүүрс, зэсийн дэлхийн зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой байсан. Экспортын орлогын 30 хувийг нүүрс, 30 хувийг зэс бүрдүүлж байгаа. Энэ хоёрын биет үзүүлэлтээр эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа болохоос бусад төрлийн баялгийн өсөлт нөлөөлөлгүй байна. Эдийн засгаа төрөлжүүлж, махны экспортыг нэмэгдүүлье гэж байгаа ч дорвитой өөрчлөлт алга. Харин ч мал, махны экспортоо дотоодын улс төрдөө нийцүүлээд хориглочихсон. Бидний орлогоо бүрдүүлж байгаа хоёрхон түүхий эдийн гол хэрэглэгч нь ганц улс. Хамаарал маш ихтэй, тээвэрлэлтийн дэд бүтэц сул байгаа учраас ирэх жилүүдэд эдийн засаг тогтвортой өснө, төсвийн орлого бүрдэнэ гэж найдах аргагүй эрсдэлтэй үед ийм үрэлгэн зардал, өгөөжгүй хөрөнгө оруулалтуудад татвар төлөгчдийн мөнгийг их хэмжээгээр оруулсны сөрөг үр дагавар нь их гэдгийг эдийн засагчид сануулж буй. Төсвийг хэлэлцэж, батлах нь УИХ-ын онцгой бүрэн эрх. Энэ нь Засгийн газрын оруулж ирсэн төслийг шар усгүй болтол шүүж, “шахсан бяслаг” шиг жимбийлгэх ёстойгоос бус сонгогчдод таалагдах гэж шалдар булдар зардал нэмж, улам данхайлгахын нэр биш юм. Харамсалтай нь манай 75 “мангуу” тойрогтоо цэцэрлэг бариулж, үлдсэнээр нь тоглоомын талбай, номын сан тохижуулаад, бүр үлдсэнийг нь юунд ч хамаагүй зарцуулах тухай л яриад сууна. Ирэх жил сонгуультай, гишүүдийг ойлгож байна. Гэхдээ “нэг идээд үхэхгүй” гэдэг шиг түүний дараа жил төлөх өр өндөр, үүрэх ачаа их гэдгийг санаарай. Тэгээд ч ер нь тэртэй тэргүй нутаг оронд хийх ёстой ажил, өгөх ёстой улсын төсвийн хөрөнгө оруулалтыг өөрөө хийсэн болж өмчиллөө гээд тэр гишүүнийг сонгогчид бурхан мэт шүтэхгүй. Олон талт мэдээллийг ил тод авдаг болсон монголчууд бурхан бол бурхнаар нь, буг бол бугаар нь л таньдаг болчихсон гэдгийг мөн сануулъя.














A

Жижиг

A

Дунд

A

Том

Ам.долларын ханшийн өсөлт түр зуурынх

 0 сэтгэгдэл
  • Зах зээлд зохиомол эрэлт үүссэн гэж тайлбарлалаа
  • "Оюутолгой” төсөл хэрэгжиж байвал валютын урсгал тасрахгүй гэж дийлэнх эдийн засагч үзэж байна
  • Олон нийт саарал жагсаалтад орсон тухай мэдээлэлд ихээхэн соргог хандсан, дээр нь улстөржүүлэх хандлага байсан нь валютын ханшид хүчтэй нөлөө үзүүллээ
  • Ам.долларын ханш одоо улам өснө, санхүүгийн хувьд Монгол Улс олон улсаас тусгаарлагдах тухай ярихад дэндүү эрт байна. Ийм зүйл болохгүй

Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан ам.долларын ханш сүүлийн долоо хоногийн турш тасралтгүй өслөө. Тэгвэл үүнийг холбогдох албаныхан зохиомол эрэлт үүссэнтэй холбон тайлбарлаж байна. Цаашид ам.долларын ханш тогтворжих төлөвтэй байгааг нэмж онцоллоо. Монгол улс саарал жагсаалт руу орсон мэдээлэлтэй зэрэгцэн валютын ханш дотоодын зах зээлд эрчимтэй өсөж эхэллээ. Уг мэдээлэл баталгаажих буюу албан ёсны дүгнэлт эцсийн байдлаар гарах хүртэлх хоёр хоногт “Найман шарга” валютын захад ам.доллар 2690 төгрөгт хүрч, өнгөрсөн долоо хон гийн хамгийн том дуулиан шуугианы эзэн болов. Маш богино хугацаанд буюу нүд ирмэх зуур төгрөгтэй харьцах ам.долларын ханш огцом чангарч,  төв банк хоёр ч удаа дотоодын зах зээлд ам.доллар нийлүүлсэн билээ. Хэдий тийм боловч валютын ханшийг төв банк энэ удаа тогтоож дийлэхгүй, дээш алдсан. Монголбанкны албан ханшаар ам.доллар даваа гарагт 2683 төгрөгт хүрлээ. Харин “Найман шарга” валютын захад ам.долларыг 2720 хүртэл төгрөгөөр зарж байв. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш ийнхүү хүчтэй суларснаар иргэдийн бухимдал цахим орчныг донсолгосон гэж болно. Саарал жагсаалт тойрсон янз бүрийн дүгнэлт, хэн нэгнийг үүнд хамаатуулсан, буруутгасан зэрэг харилцан адилгүй байр суурь, сэтгэгдэл хөвөрч эхэлсэн. Тэгвэл нэгэнт өссөн ам.долларын ханшийг бууруулах ямар арга зам байна вэ. Дээрх өсөлт үнэхээр жам ёсны өсөлт байсан уу, уг өсөлтөд өөр хүчин зүйл нөлөөлөв үү, зориудаар хэн нэгэн үүнийг хөөрөгдөв үү. Эдгээр асуултад энэхүү нийтлэлээрээ дамжуулан хариулт өгөх гэж юуны өмнө зорилоо. Мөн цаашид валютын ханш тогтворжих эсэхийг албаны болон хөндлөнгийн эдийн засагчдаас нэмж тодруулав. төв банкны гадаад валютын албан нөөц 3.6 тэрбум ам.доллар байгаа. ОУВС­гийн тусгай хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээ мөн хүлээгдэж байна. Үнэлгээг үр дүнтэй хийж дууссанаар Монгол улсын эдийн засагт ойролцоогоор 700 орчим сая ам.доллар орж ирэх хүлээлт бий. Ийм нөхцөлд ам.долларын ханшийн өсөлт намжих, улмаар буурах төсөөлөл байна. Тэрчлэн “Оюу толгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт ирэх онд хэр хэн үргэлжлэхээс валютын урсгал шууд хамаарах юм. Манай улсад өнгөрсөн онд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг дээрх төслийн санхүүжилт дангаар бүрдүүлж буй. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” төсөл хэрэгжиж байвал валютын урсгал тасрахгүй гэж дийлэнх эдийн засагч үзэж байна. Тийм ч учраас ам.долларын огцом савлагааг түр зуурын шинжтэй гэж тэдний олонх тайлбарласан юм. Саарал жагсаалт гэнэтийн зүйл байгаагүй. Гэвч уг мэдээллийг хэтэрхий улстөржүүлж, үүгээр дамжуулан валютын ханшийн зөрүүнээс ашиг олох, нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгох, бараа, бүтээгдэхүүний үнээ өсгөх гэсэн нэг талын ашиг сонирхол ч дээрх хөдөлгөөнд илүү нөлөөлсөн гэх байр суурьтай бид түгээмэл таарлаа. Нөгөө талдаа албаны байгууллагууд олон нийтэд бодит мэдээллийг цаг алдаж дуулгасан, иргэдийн шийдвэр гаргалтад нөлөөлж чадаагүй нь валютын ханшийг мөн хөөрөгджээ. Эрсдэлийг зөв удирдах хамгийн оновчтой арга нь ил тод, нээлттэй байх явдал. Иргэд нэг үеэ бодвол харьцангуй мэдээлэлтэй болсон. Сэтгүүлчид ч мэргэшиж, зах зээлийн энгийн зарчмуудыг ойлгодог болсон. Ийм байхад илтээр мушгин гуйвуулсан, төөрөгдүүлэх гэсэн, цаг хожих гэсэн агуулгатай мэдээллийг эрх бүхий байгууллагууд гаргаж байгаа нь хардлага төрүүлэх, цаашлаад иргэд болон хэвлэл мэдээллийн бодлого тодорхойлох байгууллагуудад итгэх итгэлийг унагах сөрөг нөлөөтэй билээ. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын хяналтад манай улс орсноор улс хооронд хийх мөнгөн гуйвуулга удаашрах, их дүнтэй валютын гүйлгээ буцах, гадаадад олон улсын картаа ашиглахад багагүй саад бэрхшээлтэй тулгарч болзошгүй байгаа. Саарал жагсаалттай холбогдуулан арилжааны зарим банк валютын арилжаанд тодорхой хязгаарлалт хүртэл тавьж эхэлсэн. Тэгвэл үүнд Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “Зохиомол эрэлт үүсэхээс сэргийлж, зарим банк валют арилжаанд хязгаарлалт тавьсан. Иргэдийн дунд ам.доллар өсөх нь нь гэсэн хүлээлт үүссэн. Энэ хүлээлтээс үүдэн ам.доллар хомсдох, зохиомол эрэлт үүсэх үзэгдэл ажиглагдсан. Гэхдээ өнөөдрөөс хэвийн горимд шилжинэ” гэв. Саарал жагсаалтад орсноос болж банкны харилцагчийн олон улсын гүйлгээ, төлбөрийн карттай холбоотой ямар нэгэн доголдол, хүндрэл гарахгүй гэж тэрбээр мэдэгдсэн юм.

ВАЛЮТЫН ХАНШ ТОГТВОРЖИХ ШИНЖТЭЙ БАЙНА

 С.Даваасүрэн /Санхүүгийн зохицуулах хорооны дарга/ 

­ “Найман шарга” валют арилжааны төв дээр манайхаас зөвшөөрөл авсан 50 гаруй ББСБ үйл ажиллагаа эрхэлдэг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд валютын ханш хэлбэлзсэн. Манай байгууллагаас яагаад өссөн талаарх судалгаа, шалгалт хийж байна. Амралтын өдрүүдээр өссөн ханш тогтворжих шинжтэй байна. Саарал жагсаалтад орсныг дэвэргэж ашиг хонжоо олох гэсэн хүмүүст анхааруулга зөвлөмж хүргүүлж ажиллана.

УЛС ТӨРЖҮҮЛСЭН НЬ ВАЛЮТЫН ХАНШИД ХҮЧТЭЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЛЭЭ

 Г. Мөнх-Эрдэнэ /Эдийн засагч/  

­ Сонгууль дөхсөн, олон улсад төлөх өр төлбөрийн хугацаа ойртсон цаг үед саарал жагсаалттай холбоотой мэдээлэл гарч таарлаа. Олон нийт энэ мэдээлэлд ихээхэн соргог хандсан, дээр нь улстөржүүлэх хандлага байсан нь валютын ханшид хүчтэй нөлөө үзүүллээ. Гэхдээ сөрөг нөлөө нь эдийн засагт дунд хугацаанд үргэлжлэхгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь цаашид ханш өсөөд байна гэсэн үг биш. Цаг алдалгүй дээрх жагсаалтаас гарах арга хэмжээг төрийн байгууллагууд юуны өмнө авах хэрэгтэй.

ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД НӨЛӨӨЛӨХГҮЙ 

С. Дэмбэрэл /УИХ-ын гишүүн асан/  

­ Бид өмнө нь саарал жагсаалтад орж байсан. Тэр үед санхүүгийн зах зээлд хүчтэй өөрчлөлт орж байгаагүй. Жагсаалт нь шууд бус замаар зээлжих зэрэглэлд нөлөөлж болох юм. Түүнээс макро эдийн засагт, бизнесийн орчинд, тэр тусмаа гадаадын шууд хөрөнгө оруулалтад нөлөөлөхгүй. Манайхан дээрх мэдээлэлд хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандав уу гэж харж байна. Хөрөнгө оруу лагчид хууль эрх зүйн орчны тогтвортой байдал, засаглал, хувийн өмчийг хамгаалах эрх зүйн орчныг харгалздаг. 

БИДЭНД ТУЛГАРЧ БОЛОХ ЭРСДЭЛ НЬ ГАДААД ТӨЛБАР ТООЦОО

Ж. Дэлгэрсайхан /СЭЗИС-ийн багш/ 

­Саарал жагсаалт нь тухайн нэг улстөрч, хувь хүн, байгууллагын олон нийтийн анхаарал татах хэрэгсэл  биш юм. Үүнтэй холбоотой үндэслэл багатай мэдээллээр олон нийтийн анхаарлыг татах, буруутныг хайх, шууд нэрлэх байдлаар хандаж байгаад харамсаж байна. Энэ нь “муу эр дайнд хөөрнө” гэдэгтэй агаар нэг. Бидэнд тулгарч болох эрсдэл нь гадаад төлбөр тооцоо. Түүнээс биш ам.долларын ханш одоо улам өснө, санхүүгийн хувьд Монгол улс олон улсаас тусгаарлагдах тухай ярихад дэндүү эрт байна.

МЭДЭЭЛЛИЙГ ДЭВЭРГЭХ БУС БОДИТОЙ ХАНДАХ ЧУХАЛ

Б. Баярдаваа /Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга/

 ­ Гадаад орчны эрсдэл гэвэл АНУ, БНХАУ­ын хооронд өрнөж буй худалдааны маргаан. Монголын эдийн засагт энэ нь санхүүгийн зах зээлд хүүгээр дамжин нөлөөлж байна. Мөн эрдэс бүтээгдэхүүний үнэд сөргөөр нөлөөлж байна. Валютын ханшийн савлагаа эдийн засаг харьцангуй сайн байгаа үед үүссэн нь хүмүүсийн дундах шуугиантай холбоотой. Тиймээс мэдээлэлд илүү ул суурьтай хандаж, дэвэргэх бус бодитой хандаасай гэж хүсэж байна.