A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4572/

Дэлхийн улс орнууд хямралтай тэмцэхийн тулд ийм арга хэмжээ авч байна. Харин бид...

Дэлхийн улс орнууд хямралтай тэмцэхийн тулд ийм арга хэмжээ авч байна. Харин бид...
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4572/
  • БНСУ, Япон ажлын байраа авч үлдэхийн тулд жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ
  • Азийн хөгжлийн банк хөгжиж буй орнуудад 6.5 тэрбум ам.долларын багцыг яаралтай нөхцөлд зориулахаа мэдэгдсэн. Европын төв банк мөн 820 тэрбум ам.долларын багцыг зарлалаа

Дэлхий нийтийг цочроох болсон COVID-19 вирусийн эдийн засагт учруулах хор хөнөөлийг бууруулах арга хэмжээг улс орнууд дор бүрнээ авч эхлээд буй. Тухайлбал, БНХАУ жижиг, дунд бизнесийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар, хотын газар ашигласны татварыг хөнгөлж, ашиглалтын зардлын төлбөрийг гурван сараар хойшлуулахаар болсноо зарласан. Үүнээс гадна 2019 онд төлсөн ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцааж өгөхөөр болов. Мөн банкны заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулж, 79 тэрбум ам.долларын зээл олгохоо мэдэгдлээ. Азийн бар орнуудын нэг болох БНСУ эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдээлсэн. Тухайлбал, жижиг бизнес эрхлэгчдэд 1-3 жилийн хугацаатай, 4.5 хувийн хүүтэй 500 сая воны зээл олгож, ажлын байраа авч үлдэхээр шийджээ. Үүгээр зогсохгүй компанийн татвар, НӨАТ, Гаалийн татвар, иргэний татвар, хураамж төлөх хугацааг 12 сараар сунгах аж. Эдгээрээс гадна түрээсийн төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний татвараас чөлөөлж, түрээсийг зургаан сарын турш 35 хувиар бууруулах юм байна. Японы хувьд жижиг дунд бизнест зориулж хоёр удаагийн нийт 30 тэрбум ам.долларын багц олгохоор болсон. Малайз, Хонконг дээрх улсуудын адил аж ахуйн нэгжүүдээ татвараас хөнгөлөх, чөлөөлөх болон татвар төлөх хугацааг хойшлуулахаа илэрхийлж буй. Франц, Англи, ХБНГУ компаниуддаа зээлийн дэмжлэг үзүүлэхээс гадна эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлалаа. Тухайлбал, Англи жижиглэн худалдаачдад зориулсан татварын хөнгөлөлт үзүүлэхээр болов. Франц гэхэд 335 тэрбум ам.долларын банкны зээлд Засгийн газрын баталгаа олгохоо мэдэгдлээ. Дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох АНУ-ын Холбооны нөөцийн сан 500 тэрбум ам.долларын үнэт цаас, 200 тэрбум ам.долларын орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас худалдаж авахаар болов. Энэ нь эдийн засгаа дэмжиж буй хэрэг. Канад улсын хувьд 27 тэрбум ам.долларын багцыг ажил олгогч, бизнес эрхлэгчдэд зориулахаас гадна 55 тэрбум ам.долларын татварыг хойшлуулах бол Австрали 11.4 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлалаа. Олон улсын санхүүгийн донор байгууллагууд мөн л тусламжийн гараа сунгаж эхэлсэн. Тодруулбал, ОУВС дэлхийн улс орнуудад нэг их наяд ам.долларын зээл олгох бол Дэлхийн банк эдийн засгийг тогтворжуулж, ажлын байрыг хамгаалахад 14 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэх юм. Азийн хөгжлийн банк хөгжиж буй орнуудад 6.5 тэрбум ам.долларын багцыг яаралтай нөхцөлд зориулахаа мэдэгдсэн. Европын төв банк мөн 820 тэрбум ам.долларын багцыг зарлалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дутуу төрөлтийн дараах түгшүүр

 0 сэтгэгдэл
  • Дутуу төрсөн нярай хүчилтөрөгчийн дутагдлаас болж тархинд цус харвадаг. Мөн харааны сохрол үүсдэг гээд хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл олон
  • Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан статистикаас харахад манай улсын хэмжээнд 2019 онд нийт 4883 нярай дутуу төржээ. Тэдгээрийн 2955 нь Улаанбаатарт, 1928 нь орон нутагт бүртгэгдсэн байна
  • Дутуу төрсөн тохиолдолд ээжүүд хамгийн багадаа 14 хоног эмчлүүлж, даралтаа тогтворжуулах шаардлагатай. Үүний хажуугаар килограмм хүрэхгүй жинтэй төрсөн нярайг хүн болгох гэж эмч нар өдөр, шөнөгүй зүтгэнэ

Жирэмсэн ээжүүдийн хамгийн том айдас нь дутуу төрчих вий гэсэн болгоомжлол. Өрх, дүүргийн хяналтын эмч ч зүрхний ямар нэг эмгэгтэй, хожуу насандаа төрж буй эмэгтэйчүүдийг аль болох сайн хянахыг хичээдэг. Гэвч эмч нарын санаснаар тэр бүр болохгүй зөвхөн ЭХЭМҮТ-д бүртгэлээр жилд 1000 гаруй дутуу төрөлт бүртгэгдэж байна. Дутуу төрсөн нярайн эндэгдэл гарах эрсдэл хамгийн өндөр байдаг. Энэ утгаараа нярайн эндэгдлийн ихэнх хувийг дутуу нярай эзэлдэг юм байна. "Нярай бүрийн эсэн мэнд амьдруулах зорилго тээж ажилладаг ч яаж ийгээд эндэгдэл гарчих гээд байх юм" хэмээн тус эмнэлгийн эмч шүүрс алдаж билээ. Дутуу төрөлт хамгийн хүнд бас эмзэг сэдэв учраас тэр бүр хүмүүс өнгийж харахыг хүсдэггүй. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан статистикаас харахад манай улсын хэмжээнд 2019 онд нийт 4883 нярай дутуу төржээ. Тэдгээрийн 2955 нь Улаанбаатарт, 1928 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн улсын хэмжээнд нийт 272 амьгүй төрөлт бүртгэгдсэний 175 нь Улаанбаатарт, 97 нь орон нутагт бүртгэгджээ. ЭХЭМҮТ-ийн Дутуу тээлт судлалын тасаг бол ээжүүдийн сэтгэлийн хатыг шалгасан газар. Байсхийгээд л хэн нэг ээжийн дуугаа хураан, нулимсаа арчих үзэгдэл зүрх шимшрүүлнэ. Нярайн эрчимт эмчилгээний тасаг руу орох бүрт хүүхдийн ор хоосон харагдвал сэтгэл эмзэглэнэ. Ийм зовлон тохиох бүрт эмч нар аргадаж тайтгаруулаад байх цаг зав хомс. Асрагч нар нь өдөр бүр хүүхэд эсэн мэнд байгаасай гэж сэтгэлдээ залбирч суудгаа нуудаггүй. Дутуу төрсөн тохиолдолд ээжүүд хамгийн багадаа 14 хоног эмчлүүлж, даралтаа тогтворжуулах шаардлагатай. Үүний хажуугаар килограмм хүрэхгүй жинтэй төрсөн нярайг хүн болгох гэж эмч нар өдөр, шөнөгүй зүтгэнэ. Бага жинтэй төрсөн нярай хамгийн удаан эмчлүүлдэг хүүхдийн тоонд ордог. Тэд багадаа гурван сарын турш эмчилгээ хийлгэнэ. Үргэлж зүүгээр шивүүлсэн нярайн хувьд судас бол шүүрэн шанага боллоо л гэсэн үг. Зөвхөн судас гэмтээд зогсохгүй хүчилтөрөгчийн дутагдлаас болж тархинд цус харвадаг. Мөн харааны сохрол үүсдэг гээд хөгжлийн бэрхшээлтэй болох олон эрсдэл байдаг учраас удаан хугацааны эмчилгээ шаарддаг байна. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хувьд хамгийн их хохирол дагуулдаг аж. Дутуу төрсөн ээж, нярайг эмчлэхэд их мөнгө зарцуулдаг тухай ЭХЭМҮТ-ийн эмч нар хэлж байгаа юм. Иймээс эмэгтэйчүүд аль болох дутуу төрөхгүй байх шаардлагатай гэж ярьж байлаа. Дутуу төрөлтийн шалтгаан олон янз байдаг ч үүнээс сэргийлэх боломж бий. Манай улсад нэг үе эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт алдагдсан, гэр бүлээ зөв төлөвлөж чаддаггүй зэрэг нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг аж. Иймээс дунд сургуулийн эрүүл мэндийн боловсролын чанарыг сайжруулж, хүүхэд бүрт ойлгомжтой, үр дүнтэй мэдлэг олгох цаашлаад оюутан залууст ч гэсэн эцэг, эх болоход бэлтгэх эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийг шат дараатай өгч байх шаардлагатай эмч нар онцолж байгаа юм. Манай улсын хувьд сүүлийн хоёр жилд дутуу төрөлт харьцангуй буурчээ. Гэхдээ буурлаа гээд баярлах болоогүй. Цаашид бүрэн таслан зогсоох эрүүл мэндийн байгууллагын зорилго. Монгол Улсад 2010 оноос жирэмсний хугацааг 22 долоо хоног, ургийн жин 500 граммаас дээш байхыг дутуу төрөлтөд тооцож, ДЭМБ-ын удирдамжийн дагуу бүртгэж эхэлсэн байна. Тухайлбал, жирэмсний 22-37 долоо хоног хүртэлх хугацааг дутуу төрөлт гэнэ. Тэр дундаа хаврын улиралд дутуу төрөх үзэгдэл нэмэгддэг аж. Учир хуурайшилтаас үүдэн агаар дахь тоосонцрын хэмжээ эрс нэмэгддэг учраас дутуу төрөх эрсдэлтэй байдаг байна. Судалгаа сөхвөл Баянгол дүүргийн эхчүүдэд 1000 амьд төрөлтөд дутуу төрөлтийн эзлэх хувь 15.5 байжээ. Хаврын улиралд хүхрийн давхар исэл ба том ширхэгт тоосонцрын бохирдол нөлөөлснөөр ураг хэвийн хугацаанаас 12.1 долоо хоног ба 8.89 долоо хоногийн өмнө дутуу төрөх магадлалтай байдаг аж. Түүнчлэн амьгүй төрөлтөд ч агаарын тоосонцор нөлөөлж байна гэж судлаачид үзэж байгаа юм. Амьгүй төрөлтийг судлахад Сонгинохайрхан 24, Баянзүрх 23 тохиолдол бүртгэгдсэн байв. Хүхрийн давхар ислийн агууламж тээлтийн эхний, дунд, сүүлийн гурван сард 10 нэгжээр ихсэхэд ураг амьгүй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Дутуу болон амьгүй төрөлтөд агаарын тоосонцор, хуурайшилт, ээжүүдийн архаг хууч эмгэг, гэр бүл төлөвлөлт, залуусын эрүүл мэндийн мэдлэг гээд олон хүчин зүйл нөлөөлж буй юм байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Архидалтыг аргамжих уран аргаа уралдуулаач, дарга нар аа

 0 сэтгэгдэл
  • “Олон нийт эсэргүүцэх тусам заавал барина” гэж ургаа мод тайрч, усан оргилуур барихаар шүд зуун зүтгэдэг шигээ “ахуйн архидалт, гэр бүлийн хүчирхийллийг заавал бууруулна” гэж зорих хотын дарга хэрэгтэй байна


Дэлхий даяар шинэ төрлийн коронавирусээр Улаанбаатарын нийт иргэнтэй тэнцэх хэмжээний хүн халдварлаж, цаашдаа ч дэгдэлт нэмэгдсээр байх төлөвтэй. COVID-19-ийн тархалтыг намжаах гол оролдлого нь хөл хорио тогтоож, олон нийтийн үйлчилгээний газруудыг хаах явдал гэдэгтэй улс орнууд эвлэрээд байна.
Энэ нь вирусийн тархалтыг барьж болох ч ахуйн архидалт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг сөрөг үр дагаврыг гааруулж, улсын хөгжил, соёл иргэншлийг үл хамааран эрс нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Германы хотуудын хогийн цэгээс их хэмжээний согтууруулах ундааны шил ачдаг болсон бол БНХАУ үнэмлэхүй өссөн архидалтыг хязгаарлах журам гаргахаар зэхэж байна. ОХУ-д хөл хорионоос хойш архины борлуулалт 148 хувиар өсөж, архи худалдаалах хугацаа болон байршилд хязгаарлалт тавиад байна. Тэр ч бүү хэл согтууруулах ундаа хориглодог лалын шашинт Иран улсад хүртэл коронавирусийн халдвараас сэргийлэх нэрийдлээр спиртийн төрлийн бодист 600 гаруй хүн хордож, амь насаа алдав. Азийн улсуудад хөл хорионд удсан хүмүүс гэр бүлээ цуцлуулах нь өмнөх жилүүдтэй харьцуулшгүй өсөж, Хятадын зарим мужид өдөрт 10 гэр бүл цуцлах хязгаар хүртэл тавьж үзэж байна. Францад гэр бүлийн хүчирхийлэл 39 хувиар нэмэгдсэн бол Монгол Улсад өнгөрсөн гуравдугаар сард энэ төрлийн зөрчлийн тоо 61.6 хувиар өслөө. Ажилгүйдэл, ядуурал ихсэхэд архины борлуулалт өсдөг нийгмийн гажуудал энэ удаад тойрсонгүй. Жижиг аж ахуйн нэгжүүд дунджаар ажилчдын 60 хувиа цомхтгож, ажилгүй болсон иргэд амьжиргаа залгуулах гэж зүдэрч байна. Бага, дунд орлоготой, эмзэг бүлгийн өрхүүдэд архидалт түгээмэл байдаг гэх ойлголт хальж, орон сууцны хорооллуудад амар тайван хонох нь бараг үгүй болов. Нэг айл гэртээ архидахад нийт байраараа цурам хийлгүй үүр цайлгах дүр зураг үргэлжилж, гэр хорооллын гудамжинд хөлчүү эрс маргалдан, эмэгтэйчүүд, хүүхдүүд уйлалдах чимээ тасрахаа болив. Ганцхан сард гэр бүлийн хүчирхийлэл 3000-ыг давлаа. 

Зарим аймаг архи, согтууруулах ундаа худалдаалахыг тодорхой хугацаагаар хориглож, нийслэлд “найман нэрийн” дэлгүүрийг 22:00 цагт хаах шийдвэр гаргалаа. Гэсэн ч ахуйн архидалт багассангүй. Шөнийн цагаар “шаг”-ийн архи зардаг газрууд олширч, чанар муутай, хуурамч сархад “мэндэлсээр”, архины хордлогод орогсдын тоо өсөв. Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, хурандаа И.Баттөгс “Гарч буй зөрчлийн дийлэнх нь гар дээрээс архи, согтууруулах ун даа худалдаалах, мөн гэр орондоо олноор цугларах зэргээр ахуйн хүрээнд архидан согтуурах зөрчил байна. Мөн энэ хорио цээрийн хугацаанд архины хордлогод орсон иргэдийн тоо эрс нэмэгдсэн” гэж мэдээлсэн. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц олохдоо хойрго эрх баригчдын хэрэгжүүлэх шийдвэрүүд байгаа онохгүй байгаа нь дээрх үзүүлэлтээс харагдана. “Олон нийт эсэргүүцэх тусам заавал барина” гэж ургаа мод тайрч, усан оргилуур барихаар шүд зуун зүтгэдэг шигээ “ахуйн архидалт, гэр бүлийн хүчирхийллийг заавал бууруулна” гэж зорих дарга хэрэгтэй байна. Мөн сонгуулиас өмнө амжиж төсвийн хөрөнгөөс завшихын тулд зургаан сарын дотор 300 өрхтэй суманд соёлын ордон барих, дүүргүүдэд тоглоомын талбай тохижуулах, орон сууцны хана зузаалах мэт ажлуудаа түргэн шуурхай, зохион байгуулалтын өндөр түвшинд хэрэгжүүлж байгаа шигээ архидалтыг бууруулж, иргэдээ амар тайван амьдрахад нөлөөлөхүйц уран арга олж болмоор санагдана. Хамаагүй, тэр дарга нарт согтууруулах ундаа борлуулах эрхийг нь өгчихвөл хорионы үед уян хатан зохицуулалт хийгээд байж чадах л уран ухаантай санагдана. 00:00 цагаас хойш согтууруулах ундаа худалдахыг хориглодог ч олны ярьдгаар цагдаагийн хурандаа нарын бизнес болж олон жилийн турш оршин тогтносоор ирсэн шөнийн дэлгүүрүүд, мөн “шаг”-ийн цэг ажилласаар, тэд гэмт хэрэг, зөрчлийг гааруулахгүй хяналтаа тогтоосоор ирсэн жишиг энд туршлага болж мэдэх юм. 

Зуун жилийн тэртээ АНУ-д архийг бүрэн хориглож үзсэн. Үр дүнд нь согтууруулах ундааны борлуулалт нууц байдалд шилжиж, хуурамч архинд хордож нас барагсад олширч, архидалт хэд дахин өсөн, хяналтаас бүрэн алдагдсан. Хатуу аргаар тэмцэж болдоггүйг хөгжингүй орнуудын жишээ бэлхнээ харуулж байна. Манайд ч мөн “Азийн чоно” архины хордлогоор олон хүн амь насаа алдахад согтууруулах ундааны худалдааг бүр мөсөн хориглож, хорио тавигдсаны дараа архины борлуулалт хоёр дахин өсөж байв. Улсын онцгой комиссоос тавьсан хорио үргэлжлэх хугацаанд архи, согтууруулах ундаа зарахыг бүрэн хориглосон Өвөрхангай, Дархан Уул зэрэг аймагт хуурамч архины бизнес цэцэглэж эхэлсэн талаар иргэд нь ярьж байна. Мөн 18:00 цагаар хязгаар тавьсан Булган аймагт өдрийн цагаар согтуу хүмүүс үзэгдэх нь ихсэж, нөөцөлж авах болжээ. Зарим хөгжингүй оронд алкаголийн хэмжээ 12-оос доош буюу шар айраг, зарим жимсний дарсаас бусад “хатуу” архины худалдааг тодорхой өдрүүдэд хязгаарладаг. Согтууруулах ундаа огт зардаггүй өдөр гэж байхгүй тул хориулж цагдуулсан сэтгэлгээ үүсэхгүй, иргэд архи хэтрүүлэн хэрэглэх явдал гардаггүй аж. Мөн иргэдэд архины хор хөнөөл, хүчирхийлэл, гэмт хэргийн талаар ухуулга сурталчилгаа хийж, өртөх магадлалтай зорилтот бүлэгт хандсан ажлуудыг үе шаттай хэрэгжүүлсээр ирсэн. Ингэснээр иргэдийн хэрэглээ ухаажиж, градус өндөртэй согтууруулах ундааны борлуулалт буурсан аж. Харин манайд архины борлуулалт дангаараа 800-аад тэрбум төгрөгт хүрч, арван жилийн өмнөхөөс тав дахин ихэссэн “сайн мэдээтэй”. Иймэрхүү уян хатан хориг тавьснаар үндэсний үйлдвэрлэгчдээ боомилсон хэрэг биш, согтууруулах ундааны соёлтой хэрэглээг нэвтрүүлэх боломж гэдгийг салбарынхан судалж хэрэгжүүлээсэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголыг аялахад тохиромжтой орнуудын тоонд багтаажээ

 0 сэтгэгдэл

Их Британийн The Telegraph сонин шинэ төрлийн коронавирус дэгдээгүй, аялахад тохиромжтой 16 орны нэгээр Монголыг нэрлэлээ. Жагсаалтыг Аргентин тэргүүлсэн бол Монгол Улс тавдугаарт бичигдэв. Тэд өргөн уудам тал нутаг, говь цөл, гол мөрөн, ой шугуй хосолсон үнэхээр сайхан газар хэмээн онцолсон байна. The Telegraph сонин жагсаалтад багтсан орнуудад коронавирусийн халдвар нэг ч илрээгүйн дээр үзэж, сонирхох, түүх соёлын дурсгалт газар олныг онцолсон байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Малчид буруу ойлгосон байна, бүх ноолуурыг ₮100 мянгаар авахгүй гэв

 0 сэтгэгдэл
  • Нийт ноолуурын 30 гаруй хувийг дээрх ханшаар ирэх долоо хоногоос авахаар төлөвлөжээ

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралаас иргэдийг, тэр дундаа малчдыг хамгаалах зорилготой нэг арга хэмжээ нь энэ хаврын ноолуурыг нэг кг-ыг 100 мянгаас доошгүй үнээр худалдан авна гэж Засгийн газар мэдэгдсэн. Гэвч хэрэг дээрээ ноолуурын үнэ огцом унасан бөгөөд Эмээлт зэрэг түүхий эдийн зах дээр ченжүүд ноолуур авахаа түр зогсоосон байна. Харин малчид Засгийн газрын шийдвэр бүр тодруулбал ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны мэдэгдсэн 100 мянган төгрөгөөр ноолуураа худалдах горьдлого тээсээр. Гэвч сайдын мэдэгдэл үнэн байжээ. Харин аймгуудын ноолуурын чанар, гарцаас шалтгаалаад 75-100 мянган төгрөгөөр худалдаж авахаар болсон талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батхүү өчигдөр хэлэв. Манай улс жилд 10 орчим мянган тонн ноолуур бэлддэг. Энэ жил нийт ноолуурын 30 гаруй хувийг дээрх ханшаар ирэх долоо хоногоос авахаар төлөвлөжээ. 

Энэ талаарх зарим мэдээллийг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа.

-Энэ жил нэг килограмм ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй гэж мэдэгдсэн. Гэтэл яагаад орон нутгуудад өөр үнэтэй байгаа юм бэ? 

-Хөгжлийн банк болон аж ахуйн нэгжүүдийн 366 тэрбум төгрөгөөр нийт ноолуурынхаа 30 гаруй хувийг авах боломжтой. Малчдаас дунджаар 100 мянган төгрөгийн ханштайгаар ноолуур худалдаж авах бололцоотой байна гэж үзсэн. Гэвч бүх аймгуудад ийм үнэтэй байна гэж хэлээгүй. Малчид мэдээллээ дутуу авч, буруу ойлгосон байна. Аймгуудын ноолуурын чанар, гарцаас шалтгаалан ялгаатай ханштай байна. Тухайлбал, баруун аймгийн ноолуур харьцангуй чанар муутай, гарц багатай учир ханшийг нь 75 мянган төгрөгөөр тогтоосон. Харин зүүн аймгийн сайн чанарын ноолуурыг 105 мянган төгрөг гэж бодлогын гэрээнд тусгасан юм. Үүнийг малчдын орлого өсгөх биш, бууруулахгүй байх арга гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Нийт ноолуурын 30 хувийг дотоодын үйлдвэрүүд авна гэхээр хэдий хэмжээний ноолуур шаардлагатай гэсэн үг вэ?

-Монголын ноос ноолуурын холбоо 5003 тонн ноолуурыг үндэсний үйлдвэрүүд бэлдэж авъя гэсэн хүсэлтэй байгаа гэсэн.

-Тэгэхээр үлдсэн 70 хувийн ноолуурын ханшийг хэрхэн тогтоох вэ?

-Бодлогын гэрээнд тусгагдаж байгаагаар дээрх үнэ цаашид үргэлжлэх байх гэж бодож байна. Энэ ноолуурын ханш улсын хэмжээнд мөрдөгдөнө. Хөдөө аж ахуйн бирж, аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар болон нийт төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллана. Ноолуур бэлтгэлийн төгсгөл үе буюу 70 хувийн ноолуурыг дуудлага худалдаа зохион байгуулах зэргээр гаднын худалдан авагчид руу чиглэсэн төрөл бүрийн идэвхжүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна.