A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4704/

Дэлхийн эдийн засгийн төлөвийг таамаглахад улам хүнд болж байна

Дэлхийн эдийн засгийн төлөвийг таамаглахад улам хүнд болж байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4704/
  • Нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа тул тодорхой бус байдал улам нэмэгдсээр
  • Дэлхийн банк: "Нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа тул эдийн засгийн төлөвийн нарийвчлансан төсөөлөл гаргахад хүндрэл учирч байна"

Дэлхийн эдийн засгийн энэ оны төлөвийг олон улсын санхүүгийн томоохон байгууллагууд нарийвчлан хэлж чадахгүй байдалд орлоо. Нөхцөл байдал улам хүндэрсээр байгаа тул тэдний дэвшүүлсэн урьдын таамгууд ул сууриараа өөрчлөгдөх болов. Өдөр хоног өнгөрөх тусам их гүрнүүдийн эдийн засгийн эрч саарч, улс орнууд дор бүрнээ тэвдэж эхэллээ. Эдийн засгаа дэмжих төсөв хөрөнгө нэмж баталж, айсуй хямралтай нүүр тулан уулзаж байна. Азийн хөгжлийн банк “Азийн хөгжлийн төлөв-2020” ээлжит тайлангаа өнөөдөр танилцуулна. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн энэ оны эрүүл мэндийн зураглал үүгээр тод болох юм. Манай улсын эдийн засагт мөн адил ямар эрсдэл, уналт тохиож болзошгүй байгааг эндээс харна гэсэн үг. Дэлхийн банк хоёр хоногийн өмнө цар тахлын үеийн Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн цаашдын чиг хандлагыг зарласан. Мэдээж амаргүй байгааг эхэнд тэмдэглэсэн. Эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээг улс орнууд авахгүй бол хямрал босго тулсныг Вашингтоноос мэдэгдэв. Дэлхийн эдийн засаг гэнэтийн цочролд орж, санхүүгийн зах зээл аль хэдийн савлаад эхэлсэн. Өнөөдөр өсөлт бус уналтын тухай, уналт нь зөөлөн газардалт байж чадах эсэх талаар шинжээчид яриад эхэллээ. Өөрөөр хэлбэл, уналтын “өвдөлт”-ийг багасгах, хүчийг нь сааруулах оролдлогыг дэлхий нийтээр хийж байна. 2009 оны эдийн засгийн хямрал, 2019 оны БНХАУ, АНУ-ын хооронд үүссэн худалдааны маргаантай харьцуулахын аргагүй ярвигтай байдал дэлхийн эдийн засагт бий болов. Ердийн үед авдаг эдийн засгаа эрчимжүүлэх уламжлалт аргууд хоцрогдож байна. Ноцтой хүндрэлд өртөхгүй байх боломж улам хомс болж эхэллээ.

Дэлхийн банк “Нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа тул эдийн засгийн төлөвийн нарийвчилсан төсөөлөл гаргахад хүндрэл учирч байна” хэмээн өгүүлсэн. Эндээс л олон улсын эдийн засаг ямар хүнд байдалд ороод буй харж болно. Тэр тусмаа Дэлхийн банк эдийн засгийн төлөвийн талаар төсөөлөл гаргахад хүндрэл учирч байна гэж мэдэгдэж байсан нь нэн ховор. Тэгэхээр амаргүй өдрүүд үргэлжилж байгааг бид ойлгох цаг хэдийн иржээ. Азийн хөгжлийн банк өнөөдөр ямар төлөв танилцуулахыг чих тавин хүлээх үлдлээ. Хувийн хэвшил   бизнесээ төлөвлөж, хувь хүн өрхийн санхүүгээ, улс орнууд төсвөө цэгцлэхэд дэлхий эдийн засгийн чиг баримжаа чухал. Эдийн засгийн талаар одоо шууд тэгнэ, ингэнэ гэхэд хүндрэлтэй. Тэр тусмаа эерэг гэхээс илүү сөрөг мэдээллүүд давамгайлсан энэ үед. Дэлхийн эдийн засгийг бүхэлд нь харах дээрх томоохон судалгаа, шинжилгээтэй, маш их мэдээлэл хуримтлуулсан, мэргэжлийн түвшний олон зуун судлаач төвлөрүүлсэн байгууллагууд COVID-19 вирусийн өмнө барьц алдаж байгаагаас харвал асуудал бодож байснаас илүү хүндэрчээ. ОУВС-гийн тэргүүн энэ оны гуравдугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэлдээ “COVID-19 вирусийн тархалт дэлхий нийтэд нэмэгдэхийн хэрээр дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, 2008-2009 оны санхүүгийн хямралаас ч том хямрал нүүрлэж болзошгүй” хэмээн анхааруулсан. Энэхүү мэдэгдэлдээ энэ онд эдийн засаг агшиж, ирэх оноос сэргэх боломжтой гэж өгүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, тодорхой дүгнэлт өгөхөөс тус байгууллага татгалзаж, энэ оны талаар найдвар төрүүлэх ганц ч өгүүлбэр унагасангүй. Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон бусад судалгаа шинжилгээний байгууллагууд дэлхийн эдийн засгийн өөрчлөлт, уналтыг ажигласан хэвээр. Яаран дүгнэлт өгөхөөс дор бүрнээ зайлсхийх болов. Дэлхий нийтийн хүртээл болж буй шинэ гарсан эдийн засгийн төлөвийн тухай тайлангууд хэт ерөнхий байгаад зогсохгүй сөрөг хувилбар мөн дэвшүүлээд байна. Нөхцөл байдал хүлээлтээс муудах тохиолдолд таамаглах аргагүй болохоор байгааг сануулж байгаа нь энэ. Тодорхой бус байдал улам нэмэгдсээр байна. Монгол Улсын хувьд эдийн засаг 2020 онд өндөр өсөлттэй гарна хэмээн төсөвт тооцсон Засгийн газрын төсөөлөл алд дэлэм зөрөх бололтой. Өсөлтөөс хүртэх орлогод хэт найдаж 13 их наяд төгрөгийн зардалтай төсөв баталсан нь хямрал гүнзгийрэх хөшүүрэг болж мэдэхээр байна. Ийм үед төсвөөс тодотгохоос өөр зам эрх баригчдад үлдсэнгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрийн байгууллагууд эрх баригчдыг “долоож”, бодит байдлыг нууж эхлэв

 0 сэтгэгдэл
  • Хардахаас илүү харагдаж байгаа байдал нь төрийн байгууллагууд үнэн мэдээлэлд дулдуйддаг болов уу гэсэн эргэлзээг лавшрууллаа

Хууль, шүүхийн байгууллагынхан сонгуульд зориулж эрх баригчдад үйлчилж байна гэх хардлагыг төрийн байгууллагууд баяжуулж байна

Сонгуулийн жилийн эхнээс хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаа идэвхжиж, улстөрчидтэй холбоотой хэргүүд ээлж дараалан шүүхийн шатанд овоорлоо. Тэр дундаа АН-ын угшилтай улстөрчдийн нэр холбогдсон хэргүүд шүүхээр ээлж дараалан хэлэлцэгдэж буй нь эрх баригчдад үйлчилж байна гэх хардлагыг улам лавшруулж байгаа юм. Үүнээс гадна эрх баригчдад далдуур үйлчилж эхэлсэн гэх хардлагыг зарим төрийн байгууллагын үйл ажиллагаа улам баяжуулж буйг баримтаар дурдъя. 

Нэгэн жишээ: Манай сонин саяхан статистикийн байгууллага эрх баригчдад илт “тал зассан” худал мэдээлэл гаргасныг тоо баримтаар ил болгосон. Тус нийтлэлд иргэдийг бодит мэдээллээр хангах байгууллага эрх баригчдад “долигонож” олны элэг доог болж буйг ч өгүүлсэн юм. Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн итгэхэд бэрх үзүүлэлтээс дурдвал, өрхийн орлого 248 мянган төгрөгөөр нэмэгдсэн, ажилгүй иргэдийн тоо 1800-гаар буурсан, ресторануудын орлого 1.3 тэрбум төгрөгөөс өссөн, аж үйлдвэрлэл 6.4 хувиар өгссөн, бөөний худалдаа 6.3 тэрбумаар тэлсэн гэжээ. Цар тахлын улмаар эдийн засаг агшиж, үйлдвэрлэл хумигдаж, худалдааны эргэлт царцан, иргэдийн амьжиргаа, өрхийн орлого огцом буураад байгааг хэн хүнгүй мэдэж байхад илт зөрүүтэй мэдээлэл түгээсний цаана эрх баригчдыг харлуулахгүй гэсэн санаа агуулагдаж байна гэж хардахаас аргагүй. 

Нэгэн жишээ: ШӨХТГ-ын дарга өнгөрсөн сарын 20-нд “Бүх ШТС-д шатахууны чанар, дүүргэлт, дутуу шахалтад гэнэтийн шалгалт хийж, дээж аван, төв лабораториор шинжлүүлж хариуг нь долоо хоногийн дотор албан ёсоор мэдээлнэ” гэсэн боловч таг чиг болсон. Харин өчигдөр мэдээлэхдээ “Хяналт шалгалтын ажлыг 30 хоногоор сунгасан, шалгалт үргэлжилж байна. Шатахуун бол улсын стратегийн чухал бүтээгдэхүүн учраас ултай, суурьтай судалж, дүн мэдээллийг дэлгэнэ” гэсэн тайлбар мэдэгдэл хийв. Долоо хоногт албан ёсны хариу нь гарна гэж бардам мэдэгдэж байсан төрийн байгууллагын удирдлага шалгалтын ажлын хугацааг сунгах, үргэлжилж байна гэж мэдээлэхийн учрыг иргэд, олон нийт сайн ойлгосонгүй. Эндээс сонгуультай холбоотойгоор нийгэмд “доргио” үүсгэхгүй байхаар тооцож, хугацааг нь сунгасан юм биш биз гэх хардлага эрхгүй төрж байгаа юм. 

Нэгэн жишээ: Олон нийтийн өмнө ил тод, шударга байх ёстой АТГ эрх баригчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг (ХОМ) зарлахгүй удаж байгаа нь тэдэнд үйлчилж байна гэх хардлагыг шууд төрүүлнэ. Өмнөх жилүүдэд АТГ төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг аль дөрөвдүгээр сарын эхээр зарлачихдаг байсан ч энэ удаа сунжруулж дарсан нь хардлагыг улам лавшруулаад байгаа юм. Хуулиараа жилийн хоёрдугаар улиралд багтаан нийтэд ил болох ёстой ч энэ удаад улирлын төгсгөлд буюу сонгуулийн сурталчилгаа дууссаны дараа зарлах мэдээлэл ч “чих дэлсэж” байгаа нь яах аргагүй эрх баригчдад үйлчилж байна гэсэн хардлага руу хөтөллөө. Нөгөөтэйгүүр энэ нь өмнөх жилүүдийн уламжлалаас “гажсан” шударга бус байдлыг далдуур бий болгож байгаа юм. 

Нэгэн жишээ: Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн хугацааг удаа, дараа сунгаж байгааг талархан хүлээж авч буй иргэн олон ч нөгөө талд нь эрх баригчид улс төрийн эсэргүүцэл жагсаал цуглаанаас “жийрхэх”- дээ байдлыг далимдуулж байна хэмээн хардаж буй хүн ч цөөнгүй бий. Хорио цээрийн дэглэмийн улмаас зарим сөрөг үр дагавар нэмэгдсэнийг ч тэд шүүмжилж байгаа. Тухайлбал, ахуйн хүрээний архидалд нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн тоо өссөнийг цагдаагийн байгууллага “зөөллөж” байна гэх хардлага газар авав. Үүнийг батлах мэт төрийн байгууллагуудын тоо баримт зөрж эхэллээ. Статистикийн байгууллагаас хийсэн судалгаанд “2020 оны эхний улиралд гэр бүлийн хүчирхийллийн 3131 гэмт хэрэг, зөрчил шалгагдаж, 2244-ийг нь шийдвэрлэсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүдсэн зөрчил 61.6 хувиар өсжээ” гэсэн. Гэтэл ЦЕГ-ын статистик мэдээлэлд эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 27 бүртгэгдэж өмнөх оныхоос 133 хэргээр буюу 83.6 хувиар буурсан гэжээ. Илт зөрүүтэй энэ мэдээллийн цаана цагдаагийн байгууллага эрх баригчдын цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг харлуулахгүй гэсэн санаа явж байгаа юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Дээрх жишээ, тоо баримтаас дүгнэхэд төрийн байгууллагууд сонгууль угтсан “кампанит ажилд” хүчин зүтгэж эхэлсэн гэх хардлага эрхгүй төрж байна. Хардахаас илүү харагдаж байгаа байдал нь төрийн байгууллагууд үнэн мэдээлэлд дулдуйддаг болов уу гэсэн эргэлзээг лавшрууллаа. Чухам энэ эргэлзээ сонгуулийн дараа батлагдвал ард түмнээ хуурсан хэрэгт МАН-ын эрх баригчид төдийгүй төрийн байгууллагууд хэлхэгдэж, муу нэрээ улам шаварт хутгах вий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Н.Мандуул: Хүүхдүүдийг зусланд эцэг, эхтэй нь хамт амраах санал дэвшүүлсэн

 0 сэтгэгдэл
  • Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг гэр бүлийн амралтын зориулалтаар ажиллуулъя гэж ярилцаж байна
  • Хүүхдүүд 7-10 хоногийн хугацаанд зусланд амардаг. Энэ хугацаанд ээж, аавтайгаа хамт олон хүнтэй уулзаж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр амрах боломжтой

Удахгүй теле хичээл дуусаж, сурагчдын амралт албан ёсоор эхэлнэ. Зуны амралтыг нь үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд эцэг, эхчүүд хүүхдээ зусланд амраадаг. Тэгвэл энэ жил коронавирус гарсантай холбоотойгоор хүүхдийн зуслан ажиллах эсэхийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуулаас тодрууллаа.

-COVID-19-ийн цар тахлаас болж хөл хорио тогтоосон энэ үед хүүхдийн зуслангууд ямар журмаар ажиллах вэ?

-УОК-ын шийдвэрээр хорио цээрийн дэглэмийг ирэх сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Цаашид дэглэм сунгахгүй бол хүүхдийн зуслангууд хэвийн ажиллаж болно. Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 зуслан хүүхдүүдээ авах бэлтгэлээ хангаад эхэлсэн. УОК-ын шийдвэр яаж гарахаас шалтгаалж энэ зун хүүхдийн зуслан ажиллах, эсэх шийд гарна. 

-Хөл хорионоос болж зусланд амрах хүүхдүүдийг эцэг, эхтэй нь хамт амраана гэх мэдээлэл гарсан байсан. Энэ үнэн үү? 

-Монголын зуслангийн холбоотой ярилцаад гэр бүлээр нь амраах үйлчилгээг санал болгохоор болсон. Хөл хорионы үед Эрүүл мэндийн сайдын тушаалаар халдвар хамгааллын дэглэмийг баталсан. Үүний дагуу ажиллахад багагүй хүндрэл учирч байгаа. Тухайлбал, хүмүүсийг олноор нь цуглуулахгүй, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх шаардлага тавьсан. Энэхүү шаардлага нь хүүхдийн зуслангийн үндсэн үйл ажиллагааг шууд өөрчлөхтэй холбоотой учир ажиллах боломжгүй болчихоод байгаа юм. Тиймээс хорио цээрийн дэглэм суларсан эсвэл цуцалсан тохиолдолд хүүхдийн зуслангууд хэвийн үйл ажиллагаа явуулна гэсэн үг.

-Яагаад эцэг, эхтэй нь хамт амраах саналыг дэвшүүлсэн юм бэ?

-Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг гэр бүлийн амралтын зориулалтаар ажиллуулъя гэж ярилцаж байна. Эрүүл мэндийн сайдын гаргасан нийтлэг болон тусгай шаардлагаар гэр бүлийн зориулалттай бол үйл ажиллагаа явуулж болно гэсэн. Хүүхдүүд 7-10 хоногийн хугацаанд зусланд амардаг. Энэ хугацаанд ээж, аавтайгаа хамт олон хүнтэй уулзаж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр амрах боломжтой. Гэхдээ энэ зөвхөн санал төдий зүйл. Уг саналыг боловсруулж дуусаад УОК-т танилцуулна. Тус комиссоос тодорхой шийдвэр гаргах ёстой. 

-Хүүхдийн зусланд хэчнээн хүүхэд явдаг вэ. Энэ жил хүүхдээ зуслан явуулах сонирхолтой эцэг, эх хэр олон байгаа бол?

-Өнгөрсөн жил 24450 хүүхэд зусланд амарсан. Энэ жилийн хувьд энэ тоо хоёр дахин багасах магадлал бий. Коронавирусийн халдвартай холбогдуулаад бид тандалт судалгаа хийсэн. Эцэг, эхчүүдийн хувьд өмнөх жилүүд шиг өндөр хүлээлт, дараалал байхгүй болсон байна. Хүүхдийн зусланг нээлээ гэхэд ор хоорондын зай хоёр метрээс доошгүй байна гэвэл “Найрамдал” зуслангийн хамгийн том өрөөнд дөрвөн хүүхэд байх болно. Харин бусад зуслангуудад 1-2 хүүхэд хамт байх боломжтой. Хүүхдийн зусланд зургадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 25 хүртэл 10 ээлж авна гэхээр хүүхдийн тоо багасах нь тодорхой. Мөн халдвар хамгааллын дэглэм баримтлахад тодорхой зардал гарна. Энэ зардлаа дараа нь нөхөж чадах эсэх нь эргэлзээтэй. Учир нь хүүхдийн зуслангийн үнэ 180-380 мянган төгрөгийн хооронд байдаг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Улаан сайдын уршиг хийгээд ноолуур тойрсон дампуу

 0 сэтгэгдэл
  • Ганц малчин 90 ямаа илүү тоолуулж, 600 мянган төгрөг улсаас “тоншиж” байна гээд бод доо. Цаана нь түүн шиг зальжин нөхөр хэд байгааг таашгүй
  • Сонгуулиас урьтаад бэлэн мөнгө тарааж, малчдаас оноо цуглуулах гэж хэт яарсан нь иргэдийг башийлгаж, улсын төсвийг хоослох эрсдэл бий болголоо. Ноолуурын урамшуулалд 200 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд хэний хотноос хэдэн килограмм ноолуур гарч байгаагаас үл хамааран мөнгө олгож эхэлжээ
  • Иргэдийн данс руу мөнгө шилжүүлэхээсээ өмнө хяналт, шалгалт хйигээгүйн учир, шалгааныг лавлахад "Айл бүрийн ямааг тоолоод явбал иргэдийн дансанд энэ ондоо багтаж мөнгө орохгүй шүү дээ" хэмээн хэнэг ч үгүй хариулав

Улайдаггүй Ч.Улаан сайд өнгөрсөн сард “Килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна. Би худлаа яриагүй. Энэ ажлыг хар толгойгоороо хариуцна” гэж сүржин мэдэгдсэн. Тус мэдэгдэл малчдын магнайг хэсэгхэн хугацаанд тэнийлгэсэн ч, удалгүй хоосон үг болж хувиран тэднийг багагүй бухимдуулав. Сонгуулийн өмнө ингэж оноо алдах нь эрх баригчдад ашиггүй тул гэмээ цайруулж, тал засахын тулд килограмм ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон билээ. Гэвч “ямааны 20 мянга” тойрсон жинхэнэ дампуу үйл явдлууд одоо л дөнгөж өрнөж эхэлж байна. 

Ишиг, сэрх ялгалгүй гурван ямаа тутамд 20 мянган төгрөг өгч байна

Нэг килограмм ноолуур тутамд 20 мянган төгрөг олгох шийдвэр өчигдрөөс ажил хэрэг болж, мал бүхий иргэдийн дансанд бэлэн мөнгө цутгаж эхлэв. Гэхдээ сонгуулиас урьтаад бэлэн мөнгө тарааж, малчдаас оноо цуглуулах гэж хэт яарсан нь иргэдийг башийлгаж, улсын төсвийг хоослох эрсдэл бий болголоо. Ноолуурын энэхүү урамшуулалд 200 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд хэний хотноос хэдэн килограмм ноолуур гарч байгаагаас үл хамаарч, ишиг, эр ямаа гэж ялгалгүй малынх нь тоогоор мөнгө олгож эхэлжээ. Уг нь анх малчдаа дэмжих нэрийн дор тогтоолын төсөл боловсруулахдаа, ноолуурын зах зээлийн суурь үнэ дээр нэмж, тушаасан нэг килограмм ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрт олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл ажил болж хэрэгжихдээ нэг ямаанаас 300 грамм ноолуур гарна гэж тооцоолоод, гурван ямаа тутамд 20 мянган төгрөг олгож байна. Ишиг, борлон, эр ямаа гэж ялгалгүй “ивээлдээ авч” байна хэмээн төр тун додигор байгаа ч, ард нь гарах үр дагаврыг хэн, хэзээ үүрэх нь эргэлзээтэй. Яагаад нэг ямаанаас 300 грамм ноолуур гарна гэж тооцоолсон талаар Малын үүлдэр, ашиг шимийн орон тооны бус зөвлөлөөс тодруулахад “Эм ямааны ноолуурын дундаж гарц нь 300 орчим грамм байдаг. Эм ямаа сүргийн дунджийг илтгэдэг гэж үздэг учраас ингэж шийдвэрлэх нь зүйтэй гэж манай зөвлөлөөс Засгийн Газарт зөвлөмж өгсөн” гэж тайлбарласан юм. 

Малаа нэмж тоолуулсан иргэдэд хяналт тавих тогтолцоо алга

Үүнээс гадна, мал тооллогын үеэр ямааны тоогоо нэмж бүртгүүлсэн иргэдэд хяналт тавилгүй улсын мөнгийг цацаж буй нь баримтаар ил болж эхэллээ. Дансанд нь төсөөлж, тооцоолж байснаас их мөнгө орсонд баярласан нэг иргэн “Малчны зээл авах санаатай ямаагаа ахиу тоолуулсан нь зол боллоо. Уг нь би 60 ямаатай хүн. Гэхдээ энэ жилийн тооллогоор 150 ямаатай гээд бүртгүүлчихсэн юм. Ноолуур тушааж, түүнээсээ урамшуулал авсан бол гавьтай мөнгө ирэхгүй нь гэж бодож байлаа. Тэгсэн өнөөдөр дансанд маань сая гаруй төгрөг “ноолуурын урамшуулал” гээд орчихсон байна. Тоолуулсан ямаа бүхэнд мөнгө өгч байгаа бололтой. Манай нутагт ямаагаа самнасан айл байхгүй ч бүгд ноолуурын урамшууллаа түрүүлж аваад башийж байна” гээд баярлан ярив. Ямаагаа ахиу тоолуулсан нь хяналтгүй төрийн “гавьяагаар” хожиж буйг эндээс харж болно. Ганц малчин 90 ямаа илүү тоолуулж, 600 мянган төгрөг илүү “тоншиж” байна гээд боддоо. Цаана нь түүн шиг зальжин нөхөр хэд байгааг таашгүй.

Төрийн буян гээд баярлаж суугаа түмэнд сонгуулийн дараа төр төмөр нүүрээ үзүүлэх нь

Өөрт байхгүй малыг илүү тоолуулж, улсаас урамшууллын мөнгө авч байгаа хүмүүст хяналт тавьж байгаа эсэхийг болон энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох яамнаас тодруулахад “Хэрэв илүү мал тоолуулсан нь нотлогдох юм бол эрүүгийн хариуцлага тооцож, мөнгийг нь буцааж татна. Шалгалтын ажил жилийн хугацаанд үргэлжилнэ. Тэгэхээр илүү тоолуулсан мал нь илэрч л таараа” гэсэн хариу өгөв. Төрийн буян хэмээн баярлаж суугаа түмэнд сонгуулийн дараа төр төмөр нүүрээ үзүүлэхээр зэхэж буй нь дээрх тайлбараас харагдлаа. Иргэдийн данс руу мөнгө шилжүүлэхээсээ өмнө хяналт, шалгалт хийгээгүйн учир, шалтгааныг лавлахад “айл бүхний ямааг тоолоод явбал иргэдийн дансанд энэ ондоо багтаж мөнгө орохгүй шүү дээ” хэмээн хэнэг ч үгүй хариулсан юм. Улсын мөнгийг тооцоо судалгаагүй тарааж, төрийн буянаар түмнээ ивээж байна хэмээн попорч байгаад учир бий. Сонгуулиас өмнө малчдын ая талыг засах гэсэндээ мөнгө тараах хамгийн хялбар аргыг, богино хугацаанд сүвэгчилжээ. Гэхдээ малын тоогоо худал мэдүүлж, урамшууллын мөнгө авсан нь төрийн хишиг хэмээн баярлаж суугаа түмэн сонгуулийн дараа хуулийн хариуцлага хүлээж, “дээлээ нөмөрч” ч мэдэх нөхцөл байдалд оржээ.

Б.Батхүү: Илүү мал тоолуулсан нь илэрвэл мөнгөө буцааж татна


Ноолуурын урамшууллыг малчдад өгөхдөө ямар судалгаа, мэдээлэл дээр үндэслэж байгаа болон малаа худлаа тоолуулж, урамшуулалд хамрагдсан иргэдэд ямар арга хэмжээ авах талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа.

-Тушаасан нэг килограмм ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал өгөхөөр анх тогтоолын төсөл боловсруулсан шүү дээ. Гэтэл өчигдрөөс ямааны тоогоор нь тооцоолж, мөнгө олгож эхэлсэн байна. Ямар тооцоо судалгаа дээр үндэслэж ингэж шийдсэн юм бэ?

-Ямааны ашиг шимийн орон тооны бус зөвлөл гэж бий. Тус зөвлөлөөс ноолуурын урамшууллыг ямар стандартаар, яаж олгох тухай зөвлөмж өгсөн. Уг зөвлөмжийн дагуу ажиллаж байна. Ингэхдээ зүүн аймгийн ноолуур сайн чанартай, баруун аймгийнх бүдүүн ширхэгтэй гэж ялгахгүй бүгдийг нь дундажлаад мөнгө олгож байна. Уг нь борлонгоос 150 орчим грамм, эр ямаанаас килограмм орчим ноолуур гардаг. Гэхдээ яг ингэж нарийн тооцох юм бол урамшууллын мөнгийг энэ жилдээ олгож чадахгүйд хүрнэ. Тиймээс ишиг, борлонгийн ноолуурыг ч 300 граммаар, эр ямааныхыг ч 300 граммаар тооцоолсон.

-Хэн хэчнээн ямаатайг мал тооллогын дүн дээр үндэслэсэн үү?

-Малчин бүхэнд А данс гэж бий. Тус дансанд хэчнээн ямаа тоолуулснаар нь тооцоолж олгож байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүн дээр үндэслэсэн.

-Мал тооллогын үеэр малаа ахиу тоолуулсан иргэд өөрт байхгүй малаас ашиг хүртэж байна. Үүнийг хянахгүй мөнгө тарааж буй нь учир дутагдалтай биш үү?

-Сум бүхэнд хөдөө аж ахуйн тасаг гэж бий. Тус тасгийн мэргэжилтэн сумандаа байгаа малчны хэдэн малтайг мэддэг. Тэд малчдын малын тоонд хяналт тавьж, баталгаажуулаад бидэнд ирүүлдэг. Тамга тэмдэг бүхий ийм бичиг дээр л үндэслэх ёстой шүү дээ. Сумандаа хяналт тавих үүрэгтэй ажиллаж байгаа болохоор малчид малаа илүү тоолуулсан бол хариуцлага нь сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн дээр тооцогдоно.

-Зөвхөн сумын мэргэжилтний ирүүлсэн судалгаан дээр үндэслэж мөнгө олгох нь учир дутагдалтай биш үү. Үнэн зөв мэдүүлсэн эсэх дээр нь хяналт тавьж ажиллах тогтолцоо байдаггүй юм уу?

-Хэрэв тухайн мэргэжилтэн танил талынхаа малыг илүү тоолуулсан, эсвэл хариуцлагагүй ажилласан нь илэрвэл хуулийн хариуцлага тооцно. Мөнгө олгоод л орхихгүй, жилийн турш хяналт шалгалт хийнэ. Санхүүгийн аудитаар шалгалт хийхээр хэн хэчнээн мал илүү тоолуулсан нь илэрнэ. Илэрсэн тохиолдолд мөнгөө буцааж шилжүүлэн, улсыг хохиролгүй болгоно. Хуулийн хариуцлага ч хүлээлгэнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Мөнгөгүй гэх зовлон тоочиж суусаар үнэт олдворуудаа тонуулчдын гарт алдсаар байна

 0 сэтгэгдэл
  • Хөгшнийх нүүхдээ хаваржаагаа эзгүй орхисноос болж, ойролцоох булш, бунхныг нь хүмүүс тоноод, сүйтгэчихсэн байна. Тус газарт 100 орчим булш байсан бөгөөд тонуулчид толгой дараалан бүгдийг нь сүйтгэжээ
  • 2018 онд 30 гаруй хиргисүүр булш тоногдсон байсны 29-ийг нь тухайн орон нутгийн иргэд бүлэг тонуулчдад жуучлан сүйтгүүлсэн нь тогтоогджээ

Монголын нутагт Хүннүгийн үеийн булш 10 мянга, хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр 7000, дөрвөлжин булш 3000 гаруй байдаг ажээ

Өргөн уудам нутагтай Монгол маань эртний ховор олдворуудын өлгий нутаг гэж хэлж болно. Аль ч аймгийн нутагт очсон хиргисүүр, буган чулуун хөшөө дурсгал элбэг тохиолдоно. Дэлхий дахинд археологийн олдвор хумигдаж байхад манай улсад харин элбэг бий. Тиймээс дэлхийн олон орны судлаачдын харааг булааж, хорхойг хүргэсэн үнэт олдворууд олонтоо илэрдэг билээ. Нэг аймгаас л гэхэд 10 гаруй мянган олдвор олддог тухай баримт байна. Гэхдээ баримтжуулсан хэрнээ хамгаалж чадахгүй байгаа нь дэндүү харамсалтай. Амьдрал уруудахын хэрээр амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийн хөлд археологи, палеонтологийн дурсгалт өв сүйдсээр байна. Нэгэн жишээ дурдахад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг дахь Хориг уулнаас 700-800 жилийн өмнөх болов уу гэмээр ваартай шар тос олдож байсан. Гэтэл эл эртний олдворын ихэнх нь тонуулчдын гарт сүйтгэгдсэн байсныг Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайхан нэг удаа хэлж байсан юм. 2016 онд археологичид нутгийн иргэдтэй хамтран судалгаа хийж байжээ. Хориг уулын бэлд хаварждаг Баттөр гэдэг өндөр настны хаваржааны ойролцоо эртний гэмээр булш байдаг байж. Хөгшнийх нүүхдээ хаваржаагаа эзгүй орхисноос болж, ойролцоох булш, бунхныг нь хүмүүс тоноод, сүйтгэчихсэн байна. Тус газарт 100 орчим булш байсан бөгөөд тонуулчид толгой дараалан бүгдийг нь сүйтгэсэн ба хүний яс, төмөр эдлэл, дөрөө, хазаарын амгай, малын яс зэрэг эд зүйлүүд байсныг тонуулчдын гарт алджээ. Тусгай зөвшөөрөл олгохгүй байснаас болж хугацаа алдаж малтлага хийснээс археологийн хосгүй олдворыг хулгайд алдсан тухайгаа археологичид халаглан ярьж суулаа. Хэрвээ дахиад жаахан хугацаа алдсан бол ваартай шар тос хайлж муудаад алга болох байсан аж. Бүх газар нутгийн хэмжээгээр тооцвол булш, бунхан хиргисүүрийн тооллогыг нарийн гаргах боломжгүй байдаг байна. Барагцаагаар манай улсын нутагт Хүннүгийн үеийн булш 10 мянга, хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр 7000, дөрвөлжин булш 3000 гаруй байдаг ажээ. Зөвхөн Хэнтий аймгийн Баянмөнх суманд л гэхэд хүн чулуун хөшөө хоёр, Түрэгийн үеийн хашлага гурав, хадан дээр сийлсэн эртний зураг хоёр, эртний булш, хиргисүүр зургаа байдаг тухай тэмдэглэжээ. Гэхдээ эртний олдвор, соёлын үл хөдлөх дурсгалд хамаарах зүйлсийг тонож сүйтгэсэн хүмүүст хүлээлгэх хариуцлагын тогтолцоо бүрхэг байсаар байна. Хууль бус наймааг хянаж, илрүүлэх хууль эрх зүйн тогтолцоо бүрэн гүйцэд бүрдээгүй байгаа нь хулгайчдыг улам өөгшүүлж байна. Хууль эрх зүйн орчны доройг далимдуулан хил дамнуулан худалдах үзэгдэл ч газар авсаар байгаа аж. 2018 онд л гэхэд 30 гаруй хиргисүүр булш тоногдсоны 29-ийг нь тухайн орон нутгийн иргэд бүлэг тонуулчдад зуучлан сүйтгүүлсэн нь тогтоогджээ. Мөн цагдаагийн байгууллагад өнгөрсөн жил Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий, Архангай зэрэг аймагт булш хиргисүүр тоносон хэрэг бүртгэгдсэн боловч эзэн холбогдогчийг огт илрүүлж чадаагүй аж. Орон нутагт цагдаагийн хүч хүрэлцээ муу байдаг учраас тэр бүр булш хиргисүүрүүдийг хянах боломж байдаггүй юм байна. Ялангуяа, Сяньбигийн үед хамаарах булш хиргисүүрүүдийг бүгдийг нь тоночихсон болохоор зарим зүйлийг судалж тогтооход бэрхшээлтэй болсныг археологич онцолж байгаа юм. Мөн археологийн чухал олдвороос тоносон зүйлсээ иргэд эртний эдлэлийн дэлгүүрүүдээр дамжуулан худалдаж байх магадлалтай ч цагдаагийн байгууллага шалгаж нягтлах хэцүү гэдгийг хуулийн байгууллагын хүмүүс хэлэв. Учир нь яг тийм булшинд байсан олдворын нэг хэсэг мөн байна гэдгийг тогтоох боломжгүйгээс гадна хүний эд хөрөнгөд дураараа халдаж буй үзэгдэл болох учраас шууд хардаж чаддаггүйгээ нуухгүй байна. Эрүүгийн хуулиар археологийн олдворыг зөвхөн хил давуулан худалдахад л хариуцлага хүлээлгэдэг аж. Харин эртний эдлэлийн дэлгүүрүүдээр дамжуулан зарсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх боломжгүй юм байна. Нөгөөтэйгүүр, археологийн олдворыг хадгалж хамгаалах үүрэгтэй музей нь өнөөдөр олон улсын стандартад нийцэхгүй байгаа юм. Жишээлбэл, мөнх цэвдэгт хадгалагдаж байсан булшийг л гэхэд яг тийм орчин нөхцөлийг нь бүрдүүлж байж хадгалах горимтой байдаг гэнэ. Гэтэл манай улсын музейнүүд хадгалагдаж байсан орчныг нь бүрдүүлж хамгаалах боломж хомс байдаг талаар археологчид хэллээ. Соёлын өвийг хадгалахад музей, стандартын дагуу байгуулсан сэргээн засварлах лаборатори, хадгалах газар, шаардлагатай тоног төхөөрөмжтэй байх нь хамгийн чухал аж. Гэтэл манай улсын музейнүүд тусгай лаборатори байтугай мэргэжлийн сэргээн засварлагч ч дутагдалтай байна. Археологийн олдворуудыг сэргээн засварлах, нарийн судалж шинжлэхэд төр засгаас хангалттай төсөв хөрөнгө гаргаж чаддаггүй бөгөөд судалгаа, малтлага хийх санхүүжилтийг ихэвчлэн гаднын байгууллагууд гаргадаг. Соёлын үнэт ховор, нандин, эмзэг дурсгалд хамаарах археологийн олдворуудыг нээж илрүүлэхэд хүч хөрөнгө зарах шаардлагатайг археологичид хэллээ. Мөн тонуулчдад сүйтгэгдэхээс нь өмнө малтлага хийж, судлуулах хэрэгтэй байна. Төр мөнгө зарж түүхийн үнэт олдворуудаа хамгаалахгүй бол хөрөнгө санхүүгийн гачигдлаас шалтгаалж хүрч чадахгүй байсаар байтал хулгайч, тонуулчдын гарт алга болж, археологийн олдворууд аврал эрсээр байх болно. 

ЗГМ: Тодруулга 

Ц.Одбаатар: Манай музейнүүд олон улсын стандартад нийцдэггүй

  • Тухайн булшнаас олон зүйл дутчихаар судалж шинжлэхэд бэрхшээл учирдаг. Уг соёлын өвийг сүйтгэхэд хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэмээр байгаа юм
  • Ер нь музейн орчныг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл, мөнх цэвдэгээс олдсон олдворыг яг газрын гүнд байсан шиг нь орчинд хадгалж, хамгаалах ёстой. Гэвч манайх тэгж чадахгүй байна

Манай улсын археологийн үнэт олдворуудын талаар дэлхий дахинд ч шуугьдаг билээ. Архангай аймгийн Гол модны Хүннүгийн булшны талаар олон улсын хэвлэлд хэд хэдэн удаа бичиж байв. Уг булшийг илрүүлэхэд оролцсон археологич, Монголын үндэсий музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Одбаатараас археологийн олдворын хадгалалт, хамгаалалтын талаар тодрууллаа.

-Манай улсын музейнүүд олон улсын стандартад хэр нийцдэг вэ. Тухайлбал, мөнх цэвдэгээс олсон бол яг тэр нөхцөлийг нь бүрдүүлж хадгалах ёстой гэж олон улсад үздэг юм билээ. Энэ талаар юу хэлэх вэ? 

-Олон улсын стандарт хангасан музей манай улсад тун цөөн. Сүүлийн үеийн стандартад нийцсэн музей гэвэл Хархориныг л хэлнэ. Олон улсын стандартаар бол музейнүүд цахилгаан шат, сэргээн засварлах хэсэг, шинжлэх лабораторитой байх ёстой. Ер нь музейн орчныг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл, мөнх цэвдэгээс олдсон олдворыг яг газрын гүнд байсан шиг нь орчинд хадгалж, хамгаалах ёстой. Гэвч манайх тэгж чадахгүй байна. Манай музей нэлээд хоцрогдоод байгаа. Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулж барьсан музей болохоор хуучрах нь аргагүй юм. 

-Засвар шинэчлэл хэр хийж, тоосжилтыг нь хэрхэн дардаг вэ? 

-Бид чадах чинээгээрээ засвар шинэчлэл хийдэг. Гэхдээ олон улсын стандартыг хангаж чаддаггүй. Цахилгаан шатгүй, орчин нь маш их тоосжилттой байдаг. Манайхан тоосжилтийг чадах хэрээрээ дардаг. Мөн сэргээн засварлалтыг ч өөрсдийнхөө хэмжээнд хийдэг. Нэг дэвшилттэй зүйл нь бид олдвороо газар дээр нь бэхжүүлж, зөв тээвэрлэж авчирдаг болсон. Энэ бол маш чухал. Хэрэв газар дээр нь бэхжүүлэлгүй тээвэрлэж авчирвал олдвор гэмтэх эрсдэл гардаг. 

-Сэргээн засварлалт гэснээс энэ чиглэлийн мэргэжилтэн хэр хүрэлцээтэй байдаг вэ? 

-Манай музей нэг сэргээн засварлагчтай. Ер нь археологийн олдворыг сэргээн засварлагч дутмаг байдаг. Энэ төрлийн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байгаа. Төр засаг анхааралдаа авч энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэх байх. Гаднын зарим оронд археологийн олдвор сэргээн засварлах чиглэлээр мэргэшсэн залуус мэр сэр ирж л байна. Бид ихэнх олдвороо соёлын өвийн төвөөр засварлуулдаг. Японы Нарагийн их сургуулийн төгсөөд ирсэн залуу тэнд ажиллаж байгаа. Археологийн олдвор сэргээн засварлалтаар Япон бол шилдэг улс шүү дээ. Тиймээс тэнд төгсөөд ирсэн мэргэжилтэн сайн байх нь гарцаагүй. Соёлын өвийн төв ачааллаа дийлэхгүй байгаа. Цөөн сэргээн засварлагчтай болохоор ажлаа хийж хүчирдэггүй юм. 

-Сүүлийн үед бүтэн булш олдохоо байжээ. Дандаа тонуулсан тухай ярих боллоо. Тонуулчдад хуулийн хариуцлага хүлээлгэж болдоггүй юм болов уу? 

-Археологийн өв бол ховор, эмзэг үнэт өв. Гэтэл хулгайч тонуулчид биднийг малтлага хийж, судлахаас өмнө тоночихсон байдаг. Тухайн булшнаас олон зүйл дутчихаар судалж шинжлэхэд бэрхшээл учирдаг. Уг соёлын өвийг сүйтгэхэд хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэмээр байгаа юм. Даанч орон нутгийн цагдаа нарын ажлын ачаалал их болохоор бүх зүйлийг хянаж чаддаггүй байх.