A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3173/

Д.Трамп тохиролцох боломжоо улам багасгалаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3173/

Шон Доннан

Трампын засаг захиргаа видео хяналтын Hikvision, хиймэл оюуны технологиор дэлхийд хамгийн үнэтэй стартап болох SenseTime зэрэг Хятадын технологийн аваргуудыг хар жагсаалтад оруулсан нь худалдааны дайныг улам хүндрүүллээ.

БНХАУ-ын хүний эрх зөрч­дөг явдалтай АНУ тэмцээд зогсохгүй Хятадын технологийн компаниудад ч шинээр хориг тавьж байгааг Худалдааны сайд Уилбур Росс мэдэгдлээ. Шиньжян-Уйгурын Өөртөө Засах Орны мусульман цөөнхийг нухчин дарахад оролцдог компаниудыг ийн хамруулсан хориг нь БНХАУ улам ноёрхогч болж буй хиймэл оюуны гэх мэт салбарт цохилт өгөхөд чиглэжээ. Түүнчлэн Шиньжянд хүний эрх зөрчигч Хятадын албан тушаалтнуудад виз олгохоос татгалзсан АНУ-ын шийдвэр байдлыг улам хурцатгав.

АНУ-ын эрх баригчид Хятад руу цутгах санхүүгийн урсгалыг хязгаарлах арга хэмжээ авахаар хэлэлцсэн тухай хэвлэлүүдэд мэдээлэл гарлаа. MSCI, Bloomberg Barclays зэрэг индексийн компанид шахалт үзүүлэх замаар хөгжиж буй зах зээлийн индекст Хятадын компаниудын дардаг жинг багасгах арга замыг Цагаан ордон эрэлхийлж байна. Мөн холбооны Засгийн газрын тэтгэврийн сан­гуу­дад Хятадаас хөрөнгө оруулахад ч хязгаар тогтоохоор АНУ-ын эрх баригчид хэлэлцэж байна.

Эдгээр арга хэмжээний эцсийн зорилго нь бараг тодорхой. Цагаан ордон, Капитоли дахь Хятадын эсрэг харцагууд АНУ-ын технологи, капиталд БНХАУ нэвтрэх нөхцөлийг аль болох хязгаарлах хүсэлтэй юм.

Хятадтай тохирол­цох АНУ-ын боломж тун бага гэдгийг Трампын засаг захиргаанд ойр хүмүүс эртнээс хүлээн зөвшөөрч ирсэн. Хятадтай байгуулах ямар ч тохиролцоо Трампын засаг захиргааны хувьд буулт хийсэн хэрэг болж Ардчилсан нам, Бүгд найрамдах намын аль алины шүүмж­лэлд өртөх аюултай. Нөгөө талаар, Хятадаар хүлээн зөвшөө­рүүлэх шаардлага нөхцөлд ч хяз­гаар байх ёстойг Вашингтоны хар­ца­гууд өөрсдөө ч ойлгож байгаа.

Хятадтай байгуулах тохирол­цооны нөхцөлийг зөөлрүүлбэл улс төрийн ямар хариу үүсэж болохыг Сириэс АНУ-ын цэргийг гаргаж, курдийн холбоотнуудаа орхихоор энэ долоо хоногт гаргасан шийдвэрийг Бүгд найрамдах намынхан хэрхэн эсэргүүцсэнээс харж болно. Уг шийдвэрийг хүлээн зөвшөөршгүй ухралт хэмээн Бүгд найрамдах намынхан үзэж байгаа болохоор Бээжин дэх стратегийн илүү аварга өрсөлдөгчдөө томоохон буулт хийхийг Марко Рубио зэрэг Сенатч хэрхэн ойлгохыг төсөөлөөд үз.

Трампын худалдааны дайн АНУ-ын төдийгүй дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөлж болзошгүй тухай анхааруулга сөргөөр нөлөөлж байгаа тухай анхааруулгаар солигдож байна. Хоёрхон жилийн өмнө “зэрэгцэн өсөж байсан” дэлхийн эдийн засаг өдгөө худалдааны хямралаас үүдэн “зэрэгцэн саарч байгаа”-г Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) шинэ тэргүүн Кристалина Георгиева мягмар гарагт анхаарууллаа.

Манай гарагийн 90 хувийнх нь эдийн засгийн өсөлт муудсан­тай уялдан ирэх долоо хоногт Вашингтонд хуралдах жил тут­мын хуралдааны үеэр ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2019, 2020 оны тооцоогоо бууруулж, өөрч­­лөлт оруу­лах гэж байгааг тэрбээр тайл­барласан юм. АНУ-д ч худал­­дааны дайны нөлөө илэрч үйлдвэрлэлийн статистик сүүлийн хэдэн сарын турш буурлаа.

Вашингтоны дээрх арга хэм­жээ­нээс өмнө, Хятадын хэлэл­цэн тохиролцогчид Трампын хүсээд буйгаас хавьгүй явцуу хүрээнд тохиролцох бэлт­гэл­тэйгээ битүү ойлгуулсан юм

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн ирээдүйн эдийн засгийг тодорхойлогч 20 улс

 0 сэтгэгдэл

Олон улсын худалдааны бууралт, хэтийн тодорхойгүй нөхцөлөөс шалтгаалж дэлхийн эдийн засаг ирэх таван жилд өнөөгийнхөөс сул өсөх төлөвтэй болсныг олон улсын Валютын Сангаас (ОУВС) гаргасан шинэ судалгаа харуулав. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ойрын хугацаандаа үр­гэлжлэн удааширч, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлтөд өнөөгийнхөөс бага жин дарна. Дэлхийн ДНБ-­д БНХАУ-ын эзлэх хэмжээ 2018-­2019 онд 32.7 хувьтай байсан бол 2024 он гэхэд 4.4 хувиар буурч, 28.3 хувь болно. Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ жил гурван хувь болж буурахаар байгаа нь санхүүгийн хямралаас хойших хамгийн сул өсөлт юм. Энэхүү сулрал манай гарагийн эдийн засгийн 90 хувьд нь сөргөөр нөлөөлнө хэмээн ОУВС үзэж байна. Өдгөө ямар ямар улс дэлхийн эдийн засгийн гол тоглогч болж байна вэ? Таван жилийн дараа дэлхийн эдийн засгийн өсөлтөд аль улсууд гол үүрэг гүйцэтгэх бол? Bloomberg энэ хоёр асуултын хариуг олохоор ОУВС-гийн статистикт худалдан авах чадварын харьцааг (PPP – Purchasing Power Parity) харгалзаж үзсэн таамаг тооцоо гаргалаа. АНУ таван жилийн дараа ч дэлхийн эдийн засагт томоохон хувь нэмэр оруулсаар байх боловч хоёрдугаар байраа Энэтхэгт алдаж, гурав жагсах юм. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн 13.8 хувийг эзэлж буй АНУ 2024 онд ердөө 9.2 хувьтай болно. Өдгөө 13.5 хувьтай Энэтхэг мөн хугацаанд АНУ-­ыг гүйцэж, 15.5 хувийг эзэлдэг болно. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд 3.9 хувьтай Индонез 2024 онд багахан буурч, 3.7 хувийг эзэлдэг болох ч одоогийн дөрөвдүгээр байраа хэвээр хадгалах нь. Энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн есөн  хувь нь оногдож буй Их Британи Brexit­-ийн улмаас 13 дугаар байр хүртэл ухарна. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд хоёр хувийн нэмэр оруулж буй ОХУ таван жилийн дараа ч адил хувьтай байх юм. Гэхдээ ОХУ мөн хугацаанд Японыг шахаж, дэлхийн эдийн засагт тэргүүлэх хувь нэмэртэй тав дахь улс болно. Энэ жил тавдугаарт яваа Япон улс 2024 он гэхэд бүр есдүгээр байр хүртэл ухарна. Бразил улс одоогийн 11 дүгээр байрнаасаа зургадугаарт орж ирнэ. ХБНГУ 1.6 хувьтайгаар долдугаар байраа хэвээр хадгалах юм. Таван жилийн дараа дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөл­гүүр болох 20 улсын жагсаал­тад Турк, Мексик, Пакистан, Саудын Араб шинээр нэмэгдэж, Испани, Польш, Канад, Вьетнам жагсаалтаас хасагдана хэмээн ОУВС таамаглажээ.









A

Жижиг

A

Дунд

A

Том

“Шар ус”-ыг нь шахаж өгөхийн оронд шантааж хийж суугаа гишүүд ичиг

 0 сэтгэгдэл
  • Ирэх жил сонгуультай, гишүүдийг ойлгож байна. Гэхдээ “нэг идээд үхэхгүй
  • Тэд хоорондоо “Миний чирж орсныг чи, чиний авчирсныг би дэмжинэ” гэж шууд л ханцуй дотроо тохироо хийцгээдэг нь үнэн
  •  Хоёр их наядын алдагдалтай төсвийн төслийн “шар ус”-ыг нь шахах оролдлого хэн ч хийхгүй байгаа нь гунигтай
  •  Сонгуулийн жил нийгмийн хамгааллын зардлаа өсгөж, татвар төлөгчдийн мөнгөөр нааддаг Монгол төрийн үрэлгэн занг гишүүд бүр ч сэдрээж байна

Сангийн яам улсын нэгд­сэн төсвийн хар зургийг гарга­сан даруйд төсөв захиран зар­цуулагчид УИХ-­ын гишүүд рүү гүйлддэг заншилтай. Ногдож буй төсвийг тус бүртээ чамлан бүхий л аргаа хэрэглэн яаж ийж байгаад нэмүүлэхийн төлөө бараг л үхэж хатах шахна. Үүнийг тэдний хэлээр бол “лоббидно” гэж нэрлэнэ. Харин өнөөх гишүүд нь чуулган руу давхин орж баруун, сол­гойгүй шүлс үсэргэж байгаад нэмүүлээд гараад ирнэ. Гишүүд төсөв хэлэлцэж байх үедээ жинхэнэ хар зах дээр байгаа наймаачдыг санагдуулдаг юм. Тэд хоорондоо “Миний чирж орсныг чи, чиний авчирсныг би дэмжинэ” гэж шууд л ханцуй дотроо тохироо хийцгээдэг нь үнэн. Өөрсдөө бол үгүйсгэх л байх. Гэвч тэд бол мэргэжлийн гэмээр, бүр өндөр түвшний “худалдаачид” болцгоодог. Яг одоо 2020 оны нэгдсэн төсвийг парламентаар хэлэлцэж буй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн завсар зайгаар хэлэлцэх багахан хугацаанд ирэх оны төсвийг батлахаар болсон. Харин жилдээ нэг онгойдог “шантааж”­ны энэ цонхыг гишүүд бүрэн дүүрэн ашиглах шинж байдал, эрмэлзэл дүүрэн байгаа нь энэ удаа ч анзаарагдаж байна. Тухайлбал, төсвийн хуулийн хэлэлцүүлгийн дөнгөж эхнийх дээр Х.Ням­баатар өөрийн сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн хог, цахилгаан, нийтийн тээвэр, утаа униар гээд баахан зовлонг тоочиж байснаа “Улаанбаатар хотын төсвийг нэмэгдүүлэх үүднээс хотоос сонгогдсон гишүүд хүчтэй дуугарч эхлэх гэж байна. Цаашид ч энэ нь Ажлын хэсэг дээр ширүүн маргаан үүсгэх юм байна. Бид дуугаа намсгах, зогсоох тухай асуудал байхгүй шүү” хэмээн сүртэй гэгч нь мэдэгдэв. Хэрэв хүссэн мөнгийг нь өгөхгүй бол төсвийг чинь батлуулахгүй гэсэн бодолтой байгаа хэмээн Сангийн сайдыг айлгав. Бусад нь ч гэсэн “Манай тойрогт бага мөнгө тавилаа” гэж зурагтаар ээлж ээлжээр гарч ирээд, хэрүүл зарга хийж эхэлсэн. Х.Болорчулуун дорнодын Матад суманд Соёлын төв өргөө, Д.Тэрбишдавга СХД-т нэг сургууль, хоёр цэцэрлэг, Чингэлтэйн Д.Ганболд гэр хорооллын замын гэрэлтүүлэг, хогны төсвийг нэмэхийг хүссэн бол Н.Амарзаяа Өмнөговь өндөр татвар төлж байхад бага хөрөнгө оруулалт өглөө... гэх мэтээр хаанаас сонгогдсоноос үл хамааран гомдоллож байна. Ядаж байхад хэнтийд 2020 онд төсвөөс 235 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьчихаж. Хэнтий аргагүй онцгой тойрог. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГ­-ын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун­Эрдэнэ нар хүчтэй бяртайдаа ч авч байгаа юм биш. Сүүлийн хоёр жилийн турш хэнтийд хийхээр яригдсан нөхөн сонгуулийн сургаар бараг л өвөлжөөний чинь үүд хүртэл мянганы зам татна, өндөр хүчдэлээр гэрийг чинь тойруулна гээд амласны гор энэ. Нэгэнт амласан, харин одоо буцвал 2020 онд тус тойргийг онилж буй намын дарга, Засгийн газрын тэргүүн нүүр хийх газаргүй болно. Гэтэл Хэнтийтэй хаяа залган оршиж буй Дорнод, Сүхбаатарт нэг нь 30, нөгөөх нь 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай. Иймээс л гишүүд хусмаа чамласан хүүхэд шиг “Чамд долоо, надад долоохон” гээд сууж буйг буруутгах аргагүй ч юм шиг. Гэтэл аудитын байгууллагаас “жил бүр макро түвшний судалгаа, гадаад дотоод хүчин зүйлсийн үндэслэлийг бодитой тооцдоггүйгээс УИХ-аар баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулж, тогтвортой байдлын хуулийг тууштай хэрэгжүүлэхгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээрх зарим металлын үнэ өөрчлөгдөж буй, хятад коксжих нүүрсний импортынхоо хэмжээгээ багасгах магадлалтай, Монгол улс саарал жагсаалтад орсон гэх бодит эрсдэлтэй тулаад байгаа өнөө үед хоёр их наядын алдагдалтай төсвийн төслийн “шар ус”­ыг нь шахах оролдлого хэн ч хийхгүй байгаа нь гунигтай. оролдох байтугай санаа зовж байгаа нь ч алга. харин ч эмнэлэг, сургууль, дотуур байр, тамгын газрын байшин, соёлын төв... зэргээ нэхсээр сууна. Хоёр их наядын алдагдлаа хаанаас, яаж санхүүжүүлэх нь тодорхойгүй байхад шүү. Нөгөө талдаа өнгөрсөн жил баталсан энэ оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дөнгөж 36.9 хувьтай гарсан. Нийт 1.6 их наядын төсвийн хөрөнгө оруулалтын 40 хүрэхгүй хувь нь биелсэн гэсэн үг. Үлдсэн 60 гаруй хувь нь гүйцэтгэлгүй. Энэ бол төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлын тендерийг зөв зохион байгуулаагүй, ар өврийн хаалгаар чадамжгүй, цүнхний компаниудад өгснөөс шууд хамааралтай. Харин хугацаандаа амжаагүй өнөөх ажлуудын зардал нь өнөөдөр өсчихсөн, баригдах эсэх нь тодорхойгүй, буух эзэн, буцах хаяггүй болоод байгаа юм. Төсвийн хуулийн хэлэлцүүлэгт гишүүд тун хариуцлагагүй хандаж буйн бас нэгэн нотолгоо бол байдгаар нь тэлсэн төсөвт хувийн секторыг дэмжсэн, ажлын байр яаж бий болгох талаар бодлогын хөшүүрэг алга байгааг шүүмжилж, санаа оноо дэвшүүлж байгаа нэг ч хүн алга. Харин ч сонгуулийн жил нийгмийн хамгааллын зардлаа өсгөж, татвар төлөгчдийн мөнгөөр нааддаг Монгол төрийн үрэлгэн занг гишүүд бүр ч сэдрээж байна. УИХ-ын сонгуулийн жил буюу 2012 онд 1.2, 2016 онд бүр 2.3 их наяд төгрөгөөр талийтлаа тэлсэн улсын төсөв 2020 онд ч энэ уламжлалаасаа хазайхгүй нь.  Ирэх жилийн төсвийг өргөн барьсан хэвээр нь баталбал зарлага 2019 оныхоос 2.3, 2018 онтой харьцуулбал дөрвөн их наяд төгрөгөөр өсөхөөр байгаа ч үүнээс олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт харамсалтай нь алга. Өнгөрсөн гурван жилийн хугацаан дахь эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт бол нүүрс, зэсийн дэлхийн зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой байсан. Экспортын орлогын 30 хувийг нүүрс, 30 хувийг зэс бүрдүүлж байгаа. Энэ хоёрын биет үзүүлэлтээр эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа болохоос бусад төрлийн баялгийн өсөлт нөлөөлөлгүй байна. Эдийн засгаа төрөлжүүлж, махны экспортыг нэмэгдүүлье гэж байгаа ч дорвитой өөрчлөлт алга. Харин ч мал, махны экспортоо дотоодын улс төрдөө нийцүүлээд хориглочихсон. Бидний орлогоо бүрдүүлж байгаа хоёрхон түүхий эдийн гол хэрэглэгч нь ганц улс. Хамаарал маш ихтэй, тээвэрлэлтийн дэд бүтэц сул байгаа учраас ирэх жилүүдэд эдийн засаг тогтвортой өснө, төсвийн орлого бүрдэнэ гэж найдах аргагүй эрсдэлтэй үед ийм үрэлгэн зардал, өгөөжгүй хөрөнгө оруулалтуудад татвар төлөгчдийн мөнгийг их хэмжээгээр оруулсны сөрөг үр дагавар нь их гэдгийг эдийн засагчид сануулж буй. Төсвийг хэлэлцэж, батлах нь УИХ-ын онцгой бүрэн эрх. Энэ нь Засгийн газрын оруулж ирсэн төслийг шар усгүй болтол шүүж, “шахсан бяслаг” шиг жимбийлгэх ёстойгоос бус сонгогчдод таалагдах гэж шалдар булдар зардал нэмж, улам данхайлгахын нэр биш юм. Харамсалтай нь манай 75 “мангуу” тойрогтоо цэцэрлэг бариулж, үлдсэнээр нь тоглоомын талбай, номын сан тохижуулаад, бүр үлдсэнийг нь юунд ч хамаагүй зарцуулах тухай л яриад сууна. Ирэх жил сонгуультай, гишүүдийг ойлгож байна. Гэхдээ “нэг идээд үхэхгүй” гэдэг шиг түүний дараа жил төлөх өр өндөр, үүрэх ачаа их гэдгийг санаарай. Тэгээд ч ер нь тэртэй тэргүй нутаг оронд хийх ёстой ажил, өгөх ёстой улсын төсвийн хөрөнгө оруулалтыг өөрөө хийсэн болж өмчиллөө гээд тэр гишүүнийг сонгогчид бурхан мэт шүтэхгүй. Олон талт мэдээллийг ил тод авдаг болсон монголчууд бурхан бол бурхнаар нь, буг бол бугаар нь л таньдаг болчихсон гэдгийг мөн сануулъя.














A

Жижиг

A

Дунд

A

Том

Ам.долларын ханшийн өсөлт түр зуурынх

 0 сэтгэгдэл
  • Зах зээлд зохиомол эрэлт үүссэн гэж тайлбарлалаа
  • "Оюутолгой” төсөл хэрэгжиж байвал валютын урсгал тасрахгүй гэж дийлэнх эдийн засагч үзэж байна
  • Олон нийт саарал жагсаалтад орсон тухай мэдээлэлд ихээхэн соргог хандсан, дээр нь улстөржүүлэх хандлага байсан нь валютын ханшид хүчтэй нөлөө үзүүллээ
  • Ам.долларын ханш одоо улам өснө, санхүүгийн хувьд Монгол Улс олон улсаас тусгаарлагдах тухай ярихад дэндүү эрт байна. Ийм зүйл болохгүй

Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан ам.долларын ханш сүүлийн долоо хоногийн турш тасралтгүй өслөө. Тэгвэл үүнийг холбогдох албаныхан зохиомол эрэлт үүссэнтэй холбон тайлбарлаж байна. Цаашид ам.долларын ханш тогтворжих төлөвтэй байгааг нэмж онцоллоо. Монгол улс саарал жагсаалт руу орсон мэдээлэлтэй зэрэгцэн валютын ханш дотоодын зах зээлд эрчимтэй өсөж эхэллээ. Уг мэдээлэл баталгаажих буюу албан ёсны дүгнэлт эцсийн байдлаар гарах хүртэлх хоёр хоногт “Найман шарга” валютын захад ам.доллар 2690 төгрөгт хүрч, өнгөрсөн долоо хон гийн хамгийн том дуулиан шуугианы эзэн болов. Маш богино хугацаанд буюу нүд ирмэх зуур төгрөгтэй харьцах ам.долларын ханш огцом чангарч,  төв банк хоёр ч удаа дотоодын зах зээлд ам.доллар нийлүүлсэн билээ. Хэдий тийм боловч валютын ханшийг төв банк энэ удаа тогтоож дийлэхгүй, дээш алдсан. Монголбанкны албан ханшаар ам.доллар даваа гарагт 2683 төгрөгт хүрлээ. Харин “Найман шарга” валютын захад ам.долларыг 2720 хүртэл төгрөгөөр зарж байв. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш ийнхүү хүчтэй суларснаар иргэдийн бухимдал цахим орчныг донсолгосон гэж болно. Саарал жагсаалт тойрсон янз бүрийн дүгнэлт, хэн нэгнийг үүнд хамаатуулсан, буруутгасан зэрэг харилцан адилгүй байр суурь, сэтгэгдэл хөвөрч эхэлсэн. Тэгвэл нэгэнт өссөн ам.долларын ханшийг бууруулах ямар арга зам байна вэ. Дээрх өсөлт үнэхээр жам ёсны өсөлт байсан уу, уг өсөлтөд өөр хүчин зүйл нөлөөлөв үү, зориудаар хэн нэгэн үүнийг хөөрөгдөв үү. Эдгээр асуултад энэхүү нийтлэлээрээ дамжуулан хариулт өгөх гэж юуны өмнө зорилоо. Мөн цаашид валютын ханш тогтворжих эсэхийг албаны болон хөндлөнгийн эдийн засагчдаас нэмж тодруулав. төв банкны гадаад валютын албан нөөц 3.6 тэрбум ам.доллар байгаа. ОУВС­гийн тусгай хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээ мөн хүлээгдэж байна. Үнэлгээг үр дүнтэй хийж дууссанаар Монгол улсын эдийн засагт ойролцоогоор 700 орчим сая ам.доллар орж ирэх хүлээлт бий. Ийм нөхцөлд ам.долларын ханшийн өсөлт намжих, улмаар буурах төсөөлөл байна. Тэрчлэн “Оюу толгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт ирэх онд хэр хэн үргэлжлэхээс валютын урсгал шууд хамаарах юм. Манай улсад өнгөрсөн онд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг дээрх төслийн санхүүжилт дангаар бүрдүүлж буй. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” төсөл хэрэгжиж байвал валютын урсгал тасрахгүй гэж дийлэнх эдийн засагч үзэж байна. Тийм ч учраас ам.долларын огцом савлагааг түр зуурын шинжтэй гэж тэдний олонх тайлбарласан юм. Саарал жагсаалт гэнэтийн зүйл байгаагүй. Гэвч уг мэдээллийг хэтэрхий улстөржүүлж, үүгээр дамжуулан валютын ханшийн зөрүүнээс ашиг олох, нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгох, бараа, бүтээгдэхүүний үнээ өсгөх гэсэн нэг талын ашиг сонирхол ч дээрх хөдөлгөөнд илүү нөлөөлсөн гэх байр суурьтай бид түгээмэл таарлаа. Нөгөө талдаа албаны байгууллагууд олон нийтэд бодит мэдээллийг цаг алдаж дуулгасан, иргэдийн шийдвэр гаргалтад нөлөөлж чадаагүй нь валютын ханшийг мөн хөөрөгджээ. Эрсдэлийг зөв удирдах хамгийн оновчтой арга нь ил тод, нээлттэй байх явдал. Иргэд нэг үеэ бодвол харьцангуй мэдээлэлтэй болсон. Сэтгүүлчид ч мэргэшиж, зах зээлийн энгийн зарчмуудыг ойлгодог болсон. Ийм байхад илтээр мушгин гуйвуулсан, төөрөгдүүлэх гэсэн, цаг хожих гэсэн агуулгатай мэдээллийг эрх бүхий байгууллагууд гаргаж байгаа нь хардлага төрүүлэх, цаашлаад иргэд болон хэвлэл мэдээллийн бодлого тодорхойлох байгууллагуудад итгэх итгэлийг унагах сөрөг нөлөөтэй билээ. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын хяналтад манай улс орсноор улс хооронд хийх мөнгөн гуйвуулга удаашрах, их дүнтэй валютын гүйлгээ буцах, гадаадад олон улсын картаа ашиглахад багагүй саад бэрхшээлтэй тулгарч болзошгүй байгаа. Саарал жагсаалттай холбогдуулан арилжааны зарим банк валютын арилжаанд тодорхой хязгаарлалт хүртэл тавьж эхэлсэн. Тэгвэл үүнд Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “Зохиомол эрэлт үүсэхээс сэргийлж, зарим банк валют арилжаанд хязгаарлалт тавьсан. Иргэдийн дунд ам.доллар өсөх нь нь гэсэн хүлээлт үүссэн. Энэ хүлээлтээс үүдэн ам.доллар хомсдох, зохиомол эрэлт үүсэх үзэгдэл ажиглагдсан. Гэхдээ өнөөдрөөс хэвийн горимд шилжинэ” гэв. Саарал жагсаалтад орсноос болж банкны харилцагчийн олон улсын гүйлгээ, төлбөрийн карттай холбоотой ямар нэгэн доголдол, хүндрэл гарахгүй гэж тэрбээр мэдэгдсэн юм.

ВАЛЮТЫН ХАНШ ТОГТВОРЖИХ ШИНЖТЭЙ БАЙНА

 С.Даваасүрэн /Санхүүгийн зохицуулах хорооны дарга/ 

­ “Найман шарга” валют арилжааны төв дээр манайхаас зөвшөөрөл авсан 50 гаруй ББСБ үйл ажиллагаа эрхэлдэг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд валютын ханш хэлбэлзсэн. Манай байгууллагаас яагаад өссөн талаарх судалгаа, шалгалт хийж байна. Амралтын өдрүүдээр өссөн ханш тогтворжих шинжтэй байна. Саарал жагсаалтад орсныг дэвэргэж ашиг хонжоо олох гэсэн хүмүүст анхааруулга зөвлөмж хүргүүлж ажиллана.

УЛС ТӨРЖҮҮЛСЭН НЬ ВАЛЮТЫН ХАНШИД ХҮЧТЭЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЛЭЭ

 Г. Мөнх-Эрдэнэ /Эдийн засагч/  

­ Сонгууль дөхсөн, олон улсад төлөх өр төлбөрийн хугацаа ойртсон цаг үед саарал жагсаалттай холбоотой мэдээлэл гарч таарлаа. Олон нийт энэ мэдээлэлд ихээхэн соргог хандсан, дээр нь улстөржүүлэх хандлага байсан нь валютын ханшид хүчтэй нөлөө үзүүллээ. Гэхдээ сөрөг нөлөө нь эдийн засагт дунд хугацаанд үргэлжлэхгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь цаашид ханш өсөөд байна гэсэн үг биш. Цаг алдалгүй дээрх жагсаалтаас гарах арга хэмжээг төрийн байгууллагууд юуны өмнө авах хэрэгтэй.

ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД НӨЛӨӨЛӨХГҮЙ 

С. Дэмбэрэл /УИХ-ын гишүүн асан/  

­ Бид өмнө нь саарал жагсаалтад орж байсан. Тэр үед санхүүгийн зах зээлд хүчтэй өөрчлөлт орж байгаагүй. Жагсаалт нь шууд бус замаар зээлжих зэрэглэлд нөлөөлж болох юм. Түүнээс макро эдийн засагт, бизнесийн орчинд, тэр тусмаа гадаадын шууд хөрөнгө оруулалтад нөлөөлөхгүй. Манайхан дээрх мэдээлэлд хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандав уу гэж харж байна. Хөрөнгө оруу лагчид хууль эрх зүйн орчны тогтвортой байдал, засаглал, хувийн өмчийг хамгаалах эрх зүйн орчныг харгалздаг. 

БИДЭНД ТУЛГАРЧ БОЛОХ ЭРСДЭЛ НЬ ГАДААД ТӨЛБАР ТООЦОО

Ж. Дэлгэрсайхан /СЭЗИС-ийн багш/ 

­Саарал жагсаалт нь тухайн нэг улстөрч, хувь хүн, байгууллагын олон нийтийн анхаарал татах хэрэгсэл  биш юм. Үүнтэй холбоотой үндэслэл багатай мэдээллээр олон нийтийн анхаарлыг татах, буруутныг хайх, шууд нэрлэх байдлаар хандаж байгаад харамсаж байна. Энэ нь “муу эр дайнд хөөрнө” гэдэгтэй агаар нэг. Бидэнд тулгарч болох эрсдэл нь гадаад төлбөр тооцоо. Түүнээс биш ам.долларын ханш одоо улам өснө, санхүүгийн хувьд Монгол улс олон улсаас тусгаарлагдах тухай ярихад дэндүү эрт байна.

МЭДЭЭЛЛИЙГ ДЭВЭРГЭХ БУС БОДИТОЙ ХАНДАХ ЧУХАЛ

Б. Баярдаваа /Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга/

 ­ Гадаад орчны эрсдэл гэвэл АНУ, БНХАУ­ын хооронд өрнөж буй худалдааны маргаан. Монголын эдийн засагт энэ нь санхүүгийн зах зээлд хүүгээр дамжин нөлөөлж байна. Мөн эрдэс бүтээгдэхүүний үнэд сөргөөр нөлөөлж байна. Валютын ханшийн савлагаа эдийн засаг харьцангуй сайн байгаа үед үүссэн нь хүмүүсийн дундах шуугиантай холбоотой. Тиймээс мэдээлэлд илүү ул суурьтай хандаж, дэвэргэх бус бодитой хандаасай гэж хүсэж байна. 



A

Жижиг

A

Дунд

A

Том

Yandex нэг сая бээр туулсан автомат автомашины клубт нэгдлээ

 0 сэтгэгдэл

ОХУ-ын интернэтийн манлай компани Yandex NV-гийн жолоочгүй автомашинууд 2017 оны 12 дугаар сард бүрэн автомат жолоодлогын туршилт эхэлснээс хойш нийт нэг сая миль (1,609,344 километр) зайн босгыг давснаар шинэ тулгар роботаксийн үйлдвэрлэл хөгжүүлэгчдийн элит клубт нэгдлээ. Энэхүү амжилт нь 2030 он гэхэд хоёр их наяд ам.долларт хүрэх жолоочгүй автомашины зах зээлд Alphabet Inc-ийн Waymo зэрэг өрсөлдөгчтэй хүч үзэх Yandex-ын хувьд амин чухал. Нэг сая бээр зай амжилттай туулж чадсан нь Yandex-ын технологи аюулгүй, найдвартайн баталгаа, зохицуулах байгууллагаас жолоочгүй тээврийн хэрэгсэлд нь зөвшөөрөл олгох нэг шалгуур давсан хэрэг болж байна. Туршилтын жолоодлогын ихэнхийг Москвагийн нийтийн хэрэглээний авто зам, “бүгчим халуун хотын орчинд машиныг зогсоолд замбараагүй байрлуулдаг”-аараа зартай Тель-Авивт явуулсныг Yandex пүрэв гарагт гаргасан мэдээлэлдээ тайлбарлажээ. Yandex NV нь такси дуудлагын үйлчилгээгээр ОХУ-д тэргүүлдэг Yandex.Taxi компанийг эзэмшигч нь. Энэ оны эхний хагаст 16.4 тэрбум рублийн (260 сая ам.доллар) орлоготой ажилласан Yandex.Taxi хоёрдугаар улирлаас ашигтай ажиллах болсон юм. Дэлхийн автомат жолоод-логотой автомашины үйлд-вэрлэлд Waymo, GM Cruise, Baidu Inc, Uber Technologies Inc зэрэг аваргууд өрсөлддөг. Yandex нь одоогоор 50 ширхэг байгаа автомат жолоодлоготой машины паркаа ирэх хоёр жилд 1,000-д хүргэснээр долоо хоногтоо сая бээр туулдаг болно хэмээн Yandex-ын жолоочгүй тээврийн хэрэгслийн бизнесийг тэргүүлж буй Дмитрий Полищук тайлбарлав. Өдгөө 34 настай Полищук Yandex-ын вэб браузер, гео байршлын Navigator аппликэйшний салбарыг удирдаж байгаад гурван жилийн өмнөөс шинэ салбарын захирал болжээ. Yandex цаашид Иннополис, Сколково гэсэн хоёр хотод машины бүхээгт инженергүйгээр явуулах зөвшөөрөл авахаар зохицуулах байгууллагатай ярилцаж байна. Одоогоор үйлчлүүлэгч Yandex.Taxi-гаас жолоочгүй такси захиалах тохиолдолд урд зорчигчийн суудалд ослын зогсоох товчлуур дарах үүрэгтэй инженер бүхээгт байлцдаг. Жолоочгүй тээврийн хэрэгсэл хөгжүүлэгч компаниуд нийтийн авто замд машинаа чөлөөтэй зорчдог болгохын төлөө шаргуу ажиллаж байна. Робо машины программ хангамж хөгжүүлэх нь компаниуд анх тооцоолж байснаас түвэгтэй ажил бололтой. Uber-ийн туршилтын машин 2018 оны гуравдугаар сард Аризона муж улсын авто зам дээр явган зорчигчийн аминд хүрсэн нь автомат жолоодлоготой машин хөгжүүлэгч компани, засгийн газруудад технологио сайжруулах шахалт болов. Долоо хоног, 24 цагаар ажилладаг автомат жолоодлогот такси парк өдгөө хүн ажилладаг такси үйлчилгээтэй эдийн засгийн үр ашгаар өрсөлдөх түвшинд хүрснийг Yandex-ыг үндэслэгч, гүйцэтгэх захирал Аркадий Волож энэ сарын эхээр Арменийн Ереванд болсон хурал дээр тайлбарласан. Автомат жолоодлоготой нэг машины жилийн зардал 2018 онд 50 мянга орчим ам.доллар байсан бол 2019 онд даруй 30 мянга болж буусан нь өдөрт 18 цагаар ажилладаг такси баазын нэг жолоочийн дундаж цалинтай тэнцэж байгаа юм. Автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн зардал цаашид үргэлжлэн буурна хэмээн тус компани таамаглаж байна. Үйлчлүүлэгч нар жолоочгүй таксинд илүү үнэ төлөх сонирхолгүй учраас компаниуд автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн паркаа аль болох өргөжүүлэх нь асуудлыг шийдвэрлэх арга хэмээн Полищук үзэж байна. Yandex технологио арилжааны хэрэглээнд нэвтрүүлэх алхам болгон гуравдугаар сард Hyundai Motor Group-тэй гэрээ байгуулж, автомат жолоодлоготой машин хамтран хөгжүүлэхээр болсон юм. Хамтын ажиллагааны дүнд автомат жолоодлогот Hyundai Sonata зургадугаар сард гарсны зэрэгцээ Yandex жолоочгүй машины паркаа Hyundai Kia загвараар өргөтгөхөөр төлөвлөж байна.