A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1228/

Д.Энхбат: Сургуулиуд хүний ид сурдаг насыг нь дэмий үрж байна

Компанийн захирлууд тухайн хүний хандлага, дараа нь итгэл даах чадварыг хардаг

Д.Энхбат: Сургуулиуд хүний ид сурдаг насыг нь дэмий үрж байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1228/


Бизнес академийн үүсгэн байгуулагч Д.Энхбаттай боловсролын тогтолцооны талаар ярилцлаа. Тэрбээр бүх шатны боловсролын байгууллага хүнд насан туршдаа суралцах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэх ёстойг ярилцлагадаа онцлов.

-Багш нар цалингаа нэмүүлэхээр боллоо. Энэ шийдвэр боловсролын салбарыг өөд нь татахад нөлөөлж чадах болов уу?

-Боловсролын салбар бол зөвхөн цалин бага байгаагаас болж гажаагүй. Багш нарын цалин бага байгаа нь үндсэндээ энэ салбарт түймэр ассан гэсэн үг. Цалин нь үнэхээр амьжиргаанд нь хүрэхгүй байгаа нь үнэн. Гэхдээ Монголд ийм бага цалинтай хүн олон бий. Нөгөө талаар, сүүлийн үед багш нар БНСУ, БНХАУ руу олноороо явах боллоо. Энэ бол бага, дунд сургууль, багшийн дээд сургууль гээд улсын төсвөөр үнэгүй сургасан олон иргэнээ Солонгост ачаа ачигчаар, Хятадад бол багш үнэгүй бэлтгэж өгч байна. Тиймээс боловсролын өнөөгийн байдлыг багш нар тэмцээгүй байсан ч засаж сайжруулахаас аргагүй байдалд хүрчихсэн гэсэн үг. Бас нэг бэрхшээл бол багш нар, ялангуяа залуу багш нар 4-5 жил улаанбаатарт сурчихаад буцаад нутаг орондоо очиж ажиллана гэдэг хэцүү. Нутагт нь ажил ховор, найз нөхөд болон бусад харилцаа холбоо, соёлын хэрэгцээ нь байхгүй. Тиймээс энэ бүхнийг цогцоор нь шийдэх ёстой. Шийдэхгүй дэндүү удаж буй учраас л багш нар аргаа барсан. Асуудлыг өнөөдөр шийдэхгүй ч ямар дарааллаар яаж шийдэх нь тодорхой байвал хүмүүс ингэж бухимдахгүй. Бас нэг хэлэх зүйл бол манай боловсролын боловсон хүчин зөвхөн Солонгос, Хятад руу урсаагүй. Монголын бизнест ч хүн олдохгүй байна. Нэг талд баахан ажилгүй хүн, нөгөө талд ажилд таарах хүн олдохгүй байна. Энэ бол боловсрол цаг үетэйгээ таарахгүй болсон, баахан хэрэггүй мэргэжилтэн бэлтгэдэг, сурсан зүйл нь бизнест хэрэг болдоггүй, тухайн хүнийг амьдрахад нь хэрэг болохгүй байна гэсэн үг. Хамгийн харамсалтай нь яг хүний сурдаг, сайхан насыг нь дэмий үрчихэж байна шүү дээ.

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА БИЗНЕС, ЗАР ЗЭЭЛЭЭС ХЭТЭРХИЙ АНГИД БАЙНА

-Нийгэм шинэ тогтолцоонд шилжээд боловсролын салбарт төрийн оролцоог багасгаж, ялангуяа дээд боловсролын салбарт хувийн хэвшил чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Энэ хэр оновчтой шийдэл болсон бэ?

-Хувьчлах бол шийдэл биш. Улс шийдэж чадахгүй байгаа асуудлыг хувьчилж авсан нэг хүн шийдэх боломжгүй. Монголын 3.1 сая иргэн, 1.1 сая хүүхдийг сургаж, хүмүүжүүлэх тогтолцоо бол нэг хүн, компанийн ажил биш. Боловсролд зайлшгүй төрийн оролцоо хэрэгтэй. Манайхан америкийн системийг дуурайдаг. гэтэл энэ улсын нийгмийн байгууламж манайхаас тэс өөр. Сургуулиудыг нь хувийнх гэдэг ч тийм биш. Тухайлбал, “Харвард” гэхэд нийт зардлынхаа 20-30 хувийг л сургалтын төлбөрөөр бүрдүүлдэг. Үлдсэн нь АНУ-ын корпорациуд, тэр сургуулийг төгссөн бизнесменүүдийн дэмжлэг, эрдэм шинжилгээ, судалгааны том сангуудын санхүүжилтээр босдог. Барууны том сургуулиудын түүхийг судлахад сүм хийдүүд маш том хандивлагч болдог. Манайд 1206 онд их Монгол улс байгуулагдаж байхад 1209 онд католик шашныхан “Кембриж”-ийн их сургуулийг байгуулж байсан түүхтэй. Тэгэхээр энэ бол маш олон жилийн уламжлал, тогтолцоо, хөгжлийн замнал гэсэн үг. Гэтэл манайд эрдэм шинжилгээг нь хийдэг ивээн тэтгэгч байхгүй, бизнесменүүд нь мөнгөгүй үед хувьчлал бол шийдэл биш.

-Ажил олгогчдын шаардлагыг хангах боловсон хүчин бэлтгэгдэхгүй байгааг та яриандаа цухалзууллаа. Улс орны эдийн засгийн хөгжил, дэд бүтэц болон мэргэжлийн боловсролын уялдааг та хэрхэн харж байна вэ?

-Чи нэг зүйл анзаараарай. Монгол улсын боловсрол бусдаас дэндүү ангид ажилладаг. Тэд бизнест, нийгэмд юу хэрэгтэйг огт сонирхохгүй. Төлбөрөө аваад, хичээл зааж л байвал дараа нь тэр хүүхэд яах нь ямар ч хамаа байхгүй. Цаашлаад энэ олон их, дээд сургууль нь улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг уул уурхай зэрэг салбартай ямар ч уялдаа холбоогүй байна. Эцсийн зорилго нь диплом олгох. ийм байхад бизнесийнхний шаардлагыг хангасан мэргэжилтэн яаж бэлтгэгдэх юм бэ. Нэгэнт ийх байхад бизнес нь ч бас сонирхохгүй. Тийм учраас багш нар дохио өгөх нь зөв шүү дээ. Одоогийн их дээд сургуулиудын тоог 3-4 дахин багасгах хэрэгтэй. Танагдсан хэсэг нь зөвхөн мэргэжил олгох сургалттай болсон нь дээр шүү дээ. Тухайлбал, солонгост мужаан бэлтгэдэг сургуульд мужааны үйлдвэрлэл эрхэлдэг бүх компани нийлж тоног төхөөрөмжөөр хангах, сургалтын орчныг сайжруулах санхүүжилт олгодог. Харин улсаас хандивлагч бүх компанийн мөнгөтэй тэнцэхүйц санхүүжилт олгодог тогтолцоотой. Тэр сургууль хувийнх биш. гэхдээ санхүүжилтийн 50 хувийг хувийн хэвшлээс босгож байна.

4 ЖИЛ СУРСАН МЭДЛЭГЭЭРЭЭ 40 ЖИЛ АМЬДАРДАГ ҮЕ ӨНГӨРСӨН

-СӨБ, ЕБС, дээд боловсролын салбар тус бүрт нь та ямар үнэлгээ өгөх вэ. Тухайлбал, ЕБС-ийн төгсөгч зөвхөн элсэлтийн шалтгалтанд л тэнцдэг байх нь хангалттай юу?

-Бизнесийнхэн бид дээд сургуулийн багш нартай уулзахдаа ямар муу оюутан бэлтгэж байгааг нь шүүмжилдэг юм. Гэтэл өөдөөс “Та нар дунд сургуулиас ямар хүн ирснийг нь харсан бол бид нарт өнөөдөр талархах байсан” гэж хэлдэг. Энэ нэг бодлын үнэн ч шат шатны боловсролын байгууллага бие биенээ үгүйсгэж байгаагийн илрэл. Харин би хувьдаа хамгийн чухал нь бага боловсрол гэж үздэг. Өнөөдөр их мэдлэг бол боловсрол биш юм. Гагцхүү тасралтгүй сурах арга барил эзэмшиж, насан туршдаа өөрөө өөрийгөө сургаж, шинэ ажил, хэрэгцээндээ тохироод амьдарч чаддаг болсон үед л хүн боловсролтой болсон гэсэн үг. Япон багш нар “Бид бага сургуульд япон хүнийг бэлддэг. Дунд сургуульд Япон хүнд хичээл л заадаг” гэдэг. Компанийн захирлууд бол юуны түрүүнд тухайн хүний хандлага, дараа нь итгэл даах чадварыг хардаг. Харин хамгийн сүүлд мэдлэгийг нь хардаг. учир нь, сайн хутга бол хулгайчийн гарт нэг өөр, мэс засалчийн гарт бас нэг өөр. Яг үүнтэй адилаар том мэдлэг чадвар бол хандлага муутай хүний гарт юу ч биш. тиймээс мэдлэг бол зөвхөн л зэвсэг.

Microsoft, Google зэрэг компани ч диплом харахаа больсон

-Нийгэм тэр чигтээ л эхний хоёрыг нь үл анзаардаг шүү дээ?

-Тийм. Массаараа диплом чухал гэж үздэг. Миний мэддэг, хашир туршлагатай захирлууд бол диплом огт сонирхдоггүй. АНУ-ын Microsoft, Google зэрэг компани ч диплом харахаа больсон тухай мэдээ сарын өмнө гарсан. Яагаад? хоёр дахь нууцыг нь хэлье. хүн 4-5 жил сурч олж авсан мэдлэгээрээ 40- 50 жил явдаг үе өнгөрсөн. Энэ үе бол хүн амьдралдаа ажлаа 10 удаа, мэргэжлээ 4-5 удаа сольж байна. Бие дааж сурсан хүн ангид багшаар загнуулж, шахуулж сурсан хүнээс тэс өөр. Өмнө нь бидэнд ном дэвтэр, сургууль ховор байсан ч одоо бол бие дааж сурах бүрэн боломжтой болсон. Интернетэд бие дааж сурах хичээлийн тоо Монголын ямар ч сургуулийнхаас хэдэн зуу дахин олон байгаа. Би хаан академи гээд онлайн сургуулийн хичээлүүдийг орчуулсан юм. Тэнд 6000 видео хичээл байна. Насанд хүрсэн хүний хувьд аль ч сургуулиас ийм их хичээл олохгүй.

-Дотоодын нэг дээд сургууль төгссөн хүн дахиад заавал дор хаяж нэг сургууль төгсөж байж ажлын байранд тэнцдэг юм уу гэж анзаарагддаг?

-Би бол өөрөөр харж байна. Энэ бол залуучууд сурах зуршилтай болчихсон, нийгмийн буруу хандлага тогтсон гэсэн үг. Хүн сурах ёстой нь үнэн. Гэхдээ гурав, эсвэл хоёр дээд сургуульд сурах ёстой гэдэг нь эргэлзээтэй. Гадаадад мастер хамгаалж байгаа хүмүүсийн ихэнх нь бакалаврынхаа дараа 4-5 жил ажилласан байдаг. Энгийнээр хэлбэл, сурахын тулд сурах нь утгагүй болж байна. Манай боловсролын тогтолцоо мөн чанартаа XVIII зууны үеийн Пруссынхтэй ижил. Хүүхдүүдийг дугаарласан сургуулиудын дугаарласан ангиудад мянга мянгаар нь адилхан сургадаг. дэлхийд капитализм хөгжиж байх үед мянга мянган ажилчин хэрэгтэй байсан. Тэрийг л бэлдэхэд зориулсан тогтолцоо. Тийм учраас өнөөдөр манайхан 40 хүүхдэд яг адилхан ном уншуулаад, багш нь зааж өгөөд хэн сайн буцааж хэлснээр нь дүн тавьдаг. Гэтэл XXI зуун тийм биш шүү дээ. Хүн өөрөө бие дааж сурах, мэргэжлээ өөрөө солих, өрсөлдөж амьдрахад нь бэлддэг цаг үед амьдарч байна. Үүнд тохирсон систем бол хүүхдийг сэтгэн бодох, хамтран ажиллах, аливаад шүүмжлэлтэй хандах гэсэн гурван арга барилд багаас нь сургадаг. Тиймээс хүүхэд багшийн хэлснийг цээжлээд буцаад багшид ярих бус өөрөө уншаад ургуулан бодож, багштайгаа маргадаг, хоорондоо ярилцдаг, хамтарч учраа олж байна. Ном бол шүдэнз болохоос гал биш. Номоос уншсан мэдлэгээр өөрийнхөө түүдгийг асаах ёстой. Харин шүдэнзээр амьдарч болохгүй. Дүгнэж хэлбэл, орчин үеийн сургалт бол хүүхэд өөрөө явж сурдаг, багш зөвхөн дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Ингэж бэлтгэгдсэн хүмүүс л өнөөдөр улс оронд, компаниудад хэрэгтэй байна шүү дээ.

-Хүүхэд бол мэдлэг хүүдийлэгч биш гэдгийг манайд олон жилийн өмнөөс л ярьсан. Гэвч үүнийг өнөө хүртэл өөрчилж чадахгүй байна. Юу саад болоод байгаа юм бол?

-Хатуухан хэлэхэд боловсролын яам хэт хуучинсаг загвартай. Багш нарын цалин тавьж, дээвэр засах, сурах бичиг хэвлүүлэх, мөнгө тараах зэрэг аж ахуйн ажлаасаа салаагүй. Яг барилгын яам шиг. Социализмын үеэс л төрийн бодлого боловсролыг ямар нэг хавсарга байдлаар харж тодорхойлж ирсэн. “Эрдэнэт” үйлдвэрийг баривал 10 мянган ажилтан, “Оюутолгой”-г хөдөлгөвөл бас тэдэн мянган ажилтан хэрэгтэй гэх мэт. Товчхондоо, боловсролын бүтээгдэхүүнийг нэг том материаллаг төсөл, зорилтын түүхий эдийн нийлүүлэгчид гэж харж ирсэн. гэтэл өнөөдөр бол Монголын 3.1 сая иргэн өөрсдөөамьдралынхаа төлөө явж, Хятад, Оросуудтай өрсөлдөж амьдарна. Тэдний хаана ажиллах нь хамаагүй. гагцхүү ийм хүмүүс бэлдэхэд л боловсролын бодлого чиглэх учиртай.

-Тэгэхээр боловсролын байр суурь улс орны аж үйлдвэрийн бодлого төлөвлөгөөтэй уялдахаасаа илүүтэйгээр нийтэд нь монгол хүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх байр сууринд хүрсэн гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Өнөөдөр Монголд сайн ажиллаж буй 10 мянга орчим компани бий. Тэд юу хүсдэг нь чухал болохоос биш боловсролын яамны хүсэл зориг огт хамаагүй. Яам мэдээж бодлого гаргах ч эцсийн эцэст сургууль төгсөж, ажиллаж байгаа нь ард түмэн өөрсдөө. Чиний идэх хоолыг нэг гуанзны дарга шийдээд байвал яах вэ. Идэх хоолоо чи өөрөө л шийдэх ёстой. Үүнтэй адилаар улс орныг хувийн бизнес, иргэдийн өөрсдийнх нь санаачилга л авч явна. Яам бол тэдэнд үйлчлэх ёстой болохоос биш ямар ном сурахыг нь хүчээр тулгаж болохгүй. Нийгэмдээ үйлчлэх хандлага байхгүй учраас бүх төсөл хөтөлбөрийг өөртөө л зориулж хийж байна. Тийм учраас олон улсын тусламж, хамтын ажиллагаа, дэмжлэгийн үр дүн харагдахгүй байгаа юм.

БОЛОВСРОЛЫГ ӨӨРЧИЛЬЕ ГЭВЭЛ БАГШААС Л ЭХЭЛ

-Одоо бидэнд тулгарч буй асуудал шилжилтийн үед давах ёстой даваа юу. Ер нь маш богино хугацаанд боловсролын тогтолцоогоо бие дааж бий болгосон улс ховор байх. Манайх ч гэсэн ЗХУ-ын нөлөөнд бий болгосон. Өдгөө Сингапур зэрэг улсын боловсролын тогтолцоо ч мөн колони суурьтай гэж үздэг шүү дээ?

-Монголын боловсрол бол оросын системийн хэсэг байсан. Монголын дөрвөн оюутан тутмын нэг нь социалист оронд сурч байсан. Өнөөдөр яг үе нь дуусаж байгаа инженер, багш, эмч нар тэр үед боловсрол эзэмшсэн хүмүүс. Миний бодлоор тэд маш сайн бэлтгэгдсэн. Гэхдээ тэр үеийнхээ л системд таарч байсан. Гэтэл өнөөдрийн систем бол дахиад өөр арга барилаар өөр хүмүүс бэлтгэхийг шаардаад байхад манай систем үүний төлөө ажиллахгүй байна шүү дээ. Шинэчлээд байгаа боловч тэр нь нийгмийнхээ сайн сайханд үйлчлэхгүй байна. Хуучин, шинэ хоёр системийг харьцуулж болохгүй. Өмнөх нь зорилго нь өөр боловч ажилладаг, одоогийнх зорилго нь сайн боловч харамсалтай нь ажилладаггүй. тэгэхээр чамаас асууя. Явдаггүй бенз хэрэгтэй юу, явдаг Эксел хэрэгтэй юу?

-Явдаг Эксель нь дээр.

-Яг наадах чинь байхгүй юу. Тиймээс хүмүүс өнөөдөр хуучнаа санагалзаад байгаа хэрэг. Машиныг сайн, муу гэж харьцуулах нэг хэрэг. Харин явдаг уу, явдаггүй юу гэдэг нь бас нэг тусдаа асуудал.

-Шууд гаднын системийг хуулж, ерөнхий боловсролоо 12 жил болголоо гэж шүүмжлэх хүн олон байдаг. Ялангуяа хүүхдээ нэгдүгээр ангид өгч байгаа эцэг эхчүүд. Жил үнэхээр чухал уу?

-Бидний тэртээ тэргүй маргаад хэрэггүй нэг сэдэв байгаа нь Монголын боловсрол бүх хүнээ 100 хувь өөрөө бэлдэж чадахгүй. Монголчууд аль хэдийнэ боловсролын хэрэгцээгээ гаднаас хангаад эхэлсэн. Тэгэхээр гадаадын сургуулиуд өөрсдийн стандартаар л урьдчилж бэлтгэсэн хүн авна шүү дээ. Бид найман жилд бэлдсэн хүнээ хэчнээн сайн ярьж хөөцөлдөөд ч АНУ-ын их сургууль авахгүй шүү дээ. Тиймээс жил дээр одоо маргаад хэрэггүй. Харин тэр 12 жилээ л зөв, үр дүнтэй ашиглах нь чухал юм. Тэртээ тэргүй үхэн үхтлээ сурахаас хойш.

Монголын боловсрол бүх хүнээ 100 хувь өөрөө бэлдэж чадахгүй

-Дүгнээд хэлбэл, боловсролын тогтолцоог гажуудуулаад байгаа хүчин зүйл нь юу вэ?

-Юуны түрүүнд авлига. Энэ бол хандлагатай шууд холбоотой. Авлига авах гэж очсон хүмүүс хандлагын талаар бодохгүй. Тендер хожих, сурах бичиг хэвлүүлэх гэх мэт огт өөр зорилготой. Хандлага байхгүй бол бүх зүйл байхгүй. Авлигын тогтолцоо бол хулгай луйвар хийж байгаадаа бус ерөөсөө зорилгыг нь тэр чигт нь өөрчилчихөж байгаа юм. Харин удаах нь бүтцийн хувьд буруу. Боловсрол бол багш, сурах бичгийн тухай асуудал биш. Харин бизнестэйгээ яаж холбогдох, дэлхийд яаж гарах, сурах бичгийн жинг хүүхдийн насанд нь тохируулан хуваарилах гэх мэт маш өргөн хүрээг хамардаг. Энэ бүхэн эцсийн дүндээ нэг л цэгт зангидагдана. Тэр бол орчин үед Монгол хүн дэлхийн долоон тэрбум хүнтэй өрсөлдөж амьдарна. Монгол хүүхэд Хятад хүүхэд, Орос хүүхэдтэй өрсөлдөж амьдрахын тулд яаж бэлтгэгдэх юм бэ гэдэгт л анхаарах хэрэгтэй. Эцэст нь, миний ойлгож буйгаар боловсролын системд багш нар маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Боловсролыг өөрчилье гэвэл багшаас л эхлэх хэрэгтэй. Нэг их том систем яриад хэрэггүй. Харин багш бэлтгэдэг их сургуулийг л дэлхийн жишигт хүргэж, маш их хөрөнгө оруулалт хийж, гаднын багш нарыг авчирч, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй. Бусдыг нь цаг хугацаа шийднэ. Ингэж бэлтгэгдсэн багш нар өөрсдөө үрээ тарина.

-Гэтэл багшийн хөдөлмөрийн үнэлэмж муугаас багш бэлтгэдэг сургуульд сурлага сайтай, мэрийлттэй хүүхдүүд бус тааруухан оноотой нь ордог гэж шүүмжилдэг?

-Наад чинь л Монголын парадокс. “Шалгалт өгөөд хамгийн муу оноо авсан нь багшийн сургуульд элсэх юм. Тэр нь багш болоод, бэлтгэсэн хүүхдүүдээс нь бас хамгийн муу оноотой нь дахиад багш болдог. Энэ мэтчилэн 10 давтсаны дараа юу болох вэ” гэж нэг хүн хэлж байсан юм. Бид аливааг дутуу хийгээд байгаа нь харамсалтай. Багшийг үнэгүй бэлтгэх ёстой, сургууль нь улсын халамжид байх ёстой нь үнэн. Гэхдээ ийм аргаар биш. Багш бэлтгэдэг сургуульд хамгийн шилдэг хүүхдүүдээ авч, багш нартаа хамгийн шилдэг цалинг нь өгөх ёстой шүү дээ. Гэхдээ хавтгайруулж, тэрбумаар зарцуулах шаардлагагүй. Орчин үеийн шаардлагыг хангасан багш нарт шилдэг цалинг нь өгч яагаад болохгүй гэж. 1-5 дугаар ангийн хүүхдэд сургууль бус сайн багш л чухал. Канадад гэхэд сайн багшид улсаас бүх хангамжийг нь олгож, хаана багшлахаа багш өөрөө шийддэг. Тухайн багшийг дагаж төсөв, сурах бичиг гээд бүх зүйл явдаг тул тухайн орон нутгийн удирдлага ч сайн багшийг татахын тулд сайн нөхцөл амладаг. Энэ мэтчилэн өөрчлөлтүүд боловсролын системд оруулж болно.

-Аж үйлдвэрийн 4.0 хувьсгалын эринд тэсэж үлдэхийн тулд юу хийх ёстой юм бол?

-Гурван зүйлийг бүх хүн маш сайн сурах ёстой гэж боддог. Юуны өмнө эх хэл. унаган хэл бол Англи болон бусад гадаад хэлтэй адил ойлголт биш. Төрөлх хэл бол сэтгэлгээ юм. Хэлээ маш сайн эзэмшсэн буюу үгийн баялаг сайтай хүүхдүүд илүү сэтгэдэг. Өгүүлбэр сайн бичдэг хүүхдүүд бодлоо цэгцэлж чаддаг. Хэл яриа сайтай хүүхдүүд нийгэмтэйгээ илүү харьцдаг. Зүйрлэж хэлбэл, хөгжмийг бүх төрлөөр аль эсвэл хоёрхон товчлуураар тоглож болно. Хэл бол ертөнцийг мэдрэх мэдрэмж. Тийм учраас төрөлх хэлээ маш сайн эзэмших нь хамгийн эхний хэрэгцээ. Үнэнийг хэлэхэд гурван сая хүний нэг байх нь хангалттай биш. Долоон тэрбум хүний нэг байж л амьдарна. Нэг талаасаа гурван сая хүний нэг тул Монгол хэл, нөгөө талаас долоон тэрбум хүний нэг бол Англи хэл хэрэгтэй юм. Гурав дахь нь технологи. Ажил мэргэжил, гурван жил тутамд солигдож байгаа шинэ мэдлэг, хүний хобби хүртэл өнөөдөр технологиос хамаарч байна шүү дээ. Энэ гурвыг эзэмшсэний дараа аж үйлдвэрийн 4.0 хувьсгалын талаар ярьж болно. Монголын боловсролын хамгийн чухал өөрчлөлт бол боловсролын тогтолцооны гажуудлын хохирогч болсон татвар төлөгчид болох эцэг эх, оюутнууд, компаниудын оролцоотой шийдэл гаргах хэрэгтэй. Яг бодит амьдралд хариуцлага хүлээх хүн нь оролцох ёстой болохоос биш аль улсын боловсролын загварыг нутагшуулах нь хоёрдугаарх асуудал. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг яам энэ бүхнийг зохион байгуулах нь үндсэн ажил нь юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Онлайнаар суралцах боломжууд

 0 сэтгэгдэл

Коронавирусийн цар тахлын улмаас хөл хорио тогтоож, ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн оюутнууд цахим хичээлд хамрагдаж буй. Өдгөө дэлхий дахинд онлайнаар суралцах олон боломж бий болсон бөгөөд 1.2 тэрбум сурагч цахимаар суралцаж байна. Хөл хорионы үеэр цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, цахимаар суралцах үр дүнтэй боломжуудыг толилуулж байна.

hicheel.mn-д бүх теле хичээлийг байршуулсан

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас сурагчдад зориулж ЕБС-ийн болон цэцэрлэгийн теле хичээлүүдийг hicheel.mn сайтад үнэгүй байршуулж ашиглах боломж олгож байна. 

Давуу тал: 

» Нөхөж үзэх боломжтой 

Khan Academy-н бүх хичээл үнэ төлбөргүй

Khan Academy нь ашгийн бус, онлайн хичээлийн платформ юм. Тус сайтын математик, компьютер, программ хангамж, эдийн засаг, санхүү, англи хэл зэрэг олон төрлийн хичээлд хамрагдах боломжтой. Мөн нэгдүгээр ангиас эхлээд төгсөх ангийн сурагчдад зориулсан хичээлүүд ч бий. Хичээлүүд англи болон монгол хэл дээр байдаг бөгөөд олон улсын стандартад нийцсэн байдаг. Түүнчлэн SAT, LSAT, GMAT гэх мэт шалгалтад бэлдэх хичээлүүд, ахисан түвшний мэргэжлийн хичээлүүд бий. 

Давуу тал: 

» Хэлний мэдлэгээ сайжруулах боломж 

» Үнэ төлбөргүй 

» Бүх насныханд зориулсан 

» Олон улсын стандартад нийцсэн 

Google Classroom-ийг үнэ төлбөргүй ашиглаарай

Танхимын сургалтад хамрагдаж буй мэт эмх цэгц, зохион байгуулалттай мэдлэг авах боломжтой үнэ төлбөргүй боломж бол Google Classroom юм. Сургалтын менежментийн энэхүү системээр дамжуулан багш хичээл, шалгалт, хэлэлцүүлэг, дүн зэрэг бүх мэдээллээ нэгтгэн оруулж, сурагчидтайгаа харилцаж болно. Оюутнуудад илүү тохиромжтой. 

Давуу тал: 

» Үнэ төлбөргүй 

» Хичээлийн материалаа хуваалцах, видео, шалгалт, даалгавар оруулах 

» Цэгцтэй бүтэц

EDX ашиглан дэлхийн хэмжээний боловсрол эзэмшээрэй 

EDX бол гадаад хэл, технологи, эрүүл мэнд, бизнес санхүү, урлаг зэрэг 2000 гаруй төрлийн курс хичээлийг санал болгодог онлайн сургалтын сайт юм. Хичээлүүд нь төлбөртэй болон төлбөргүй гэсэн хоёр төрөл бөгөөд хэрвээ та мэдлэгээ баталгаажуулж, сертификат авахыг хүсвэл төлбөртэй хичээлийг сонгох ёстой. Тус сайтад байршсан хичээлүүдийг дэлхийн топ сургуулиудын профессор, багш нар заадаг. Мөн онлайн хичээлийн хөтөлбөр нь дотроо аливаа нэг сэдвийн талаар гүнзгий мэдлэгтэй болоход чиглэсэн хичээл, их дээд сургуулиудын кредиттэй хичээл, мэргэжлийн чадварыг хөгжүүлэх гэх мэт ангилалтай. 

Давуу тал: 

» Үнэ төлбөргүй суралцах боломж 

» Чанартай боловсрол 

» Мэдлэгээ баталгаажуулж, гэрчилгээ авах боломжтой 

» Бүх төрлийн хичээл байршсан

Цахим сургуулийн системээр багштайгаа шууд харилцаж болно 

Манай улсад цахим сургуулийн системийг амжилттай хэрэгжүүлж буй “Амжилт”, “Интерактив” зэрэг хэд хэдэн компани бий. “Амжилт” компанийн хувьд “Амжилт 2.0 сургуулийн цогц систем”-ийг 2015 оноос хойш хөгжүүлж, өдгөө хувийн хэвшлийн ерөнхий боловсролын найман сургууль, хоёр их сургуульд амжилттай нэвтрүүлсэн. Энд дурдагдаад буй цахим системийг нэвтрүүлсэн сургуулийн сурагчид карантин тогтоосон өнөө үед ямар нэгэн агуулгын зөрөөгүйгээр хичээлээ үргэлжлүүлэн судалж буй бөгөөд тухайн хичээлийн багштайгаа шууд харилцаж, ирц бүртгэл, гэрийн даалгавраа хянуулах болон мэдлэгээ бататгаж байна. 

Давуу тал: 

» Хичээлээ нөхөж үзэх, live хэлбэрээр буюу шууд дамжуулалтаар заах 

» Сургалтдаа технологийн дэвшил ашиглаж, анимейшн, график үзүүлэх 

» Веб рүү нэвтэрсэн нөхцөлд ирц автоматаар бүртгэгдэх 

» Сургуулийн захиргаа, сурагч, багш болон эцэг эхчүүд өөр өөрийн нэвтрэх эрхээр хамтд ашиглах боломжтой 

» Сургуулийн бүх мэдээллийг нэгтгэн дата хэлбэрт шилжүүлж, багш болон сургуулийн ачааллыг хэд дахин хөнгөвчилдөг

A

Жижиг

A

Дунд

A

Том

"Энэ жил ЕБС-ийн сурагчдаас улсын болон анги дэвших шалгалт авахгүй"

 0 сэтгэгдэл

  • Хүүхдүүд улирлын шалгалтыг тухай бүрт нь өгч байгаа учир хичээлийн жилийн төгсгөлд нэгтгэж тооцон анги дэвшээд явах боломжтой
  • Хичээл орж эхлээд сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзэх болон теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар сургалт явагдана

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын болон анги дэвших шалгалт авахгүй гэдгийг хэллээ. Ингэхдээ сурагчдыг зөвхөн явцын дүнгээр дүгнэх гэнэ. Тэрээр энэ талаар "Бид Боловсролын үнэлгээний төвтэй ярилцаж уг шийдвэрийг гаргалаа. ЕБС-ийн 5, 9, 12-р ангийн хүүхдүүдээс улсын шалгалт авахгүй. Хүүхдүүд хоцрогдсон хичээлүүдээ нөхөх, хичээлийн жилд үзэх ёстой судлагдахуунуудаа жигд сайн суралцаж төгсөх шаардлагатай байна. Математик, Монгол хэл, Гадаад хэл гэх мэт улсын шалгалтад авдаг хичээлүүддээ л анхаарч бусдыг анхаарахгүй орхигдуулах сул талтай байгаа учир энэхүү шийдвэрийг гаргалаа. Анги дэвших шалгалтыг цаашдаа ч авах шаардлагагүй юм байна гэж бид үзэж байна. Дэлхийн бусад улс орнуудад энэ төрлийн шалгалтыг авдаггүй. Хүүхдүүд улирлын шалгалтыг тухай бүрт нь өгч байгаа учир хичээлийн жилийн төгсгөлд нэгтгэж тооцон анги дэвшээд явах боломжтой. Дөрөв, тавдугаар сард 2019-2020 оны бүх хичээлийн хоцрогдлыг арилгаж жигд мэдлэгтэй төгсгөх тал дээр анхаар ажиллана. Харин ЭЕШ зурагдугаар сарын 8-11-нд улс орон даяар явагдана. Өнгөрсөн жилүүдэд сонгож үзэх болон заавал үзэх судлагдахуун гэсэн 3-4 хичээл байсан бол энэ жил зөвхөн заавал үзэх судлагдахуунаар авах болно. Сурагчид багш нартайгаа уулзан шалгалтад бэлдэх боломж хомс байгаа учир ийнхүү шийдвэрлэсэн. Өмнөх жил босго оноо 400 байсан нь энэ жил ч хэвээр байх болно. Гэхдээ шалгуулагч наана нь монгол хэлний шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд заавал өгнө. Хэрэв шалгуулагч уг шалгалтад амжилтгүй орвол, оролцож чадаагүй хүүхэд тавдугаар сарын 16-нд өгнө. Энэхүү хоёр шалгалтыг шалгуулагч заавал өгөх ёстой. Монгол хэлний босго оноо 400-г давж байж ЭЕШ өгөх боломжтой болно. Өнгөрсөн жил 18 мянган шалгуулагчид хамрагдсан ЭЕШ-ыг нэг цаг хугацаанд цахимаар явуулсан нь элдэв хэл ам дагуулалгүй маш амжилттай болсон гэж үзэж байна. Энэ жил 28 мянга орчим хүүхэд шалгалт өгнө. Хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байвал харин шалгалтын энэ байдлыг үргэлжлүүлэх боломжгүй. Гэхдээ бид энэ сарын 30-нд хорио цээрийн хугацаа дуусч хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдах байх хэмээн найдаж байна. Эс тэгвэл багагүй хүндрэлүүд гарах гээд байна" гэсэн юм. Хичээл орж эхлээд сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзэх болон теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар сургалт явагдахыг онцоллоо. Тэрээр теле хичээл зааж байгаа багш нартай өнөөдөр уулзаж тэдний саналыг сонссон юм. Мөн теле хичээлээр заасан мэдлэгээ хүүхдүүд хэрхэн бататгах, нөхөж үзэх боломжгүй, алслагдсан бүсэд байгаа айл өрхийн хүүхдүүд хичээлээ хэрхэн үзэх зэрэгт өөрийн саналыг тусгаж мэргэжилтнүүдээс тайлбар авчээ.

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эхнэрээ дураар нь байлгах нь буруу гэж үү

 0 сэтгэгдэл

“Засгийн газрын мэдээ” сонин мэргэжлийн сэтгэлзүйчтэй хамтран бэлтгэдэг ээлжит зөвлөгөөгөө хүргэж байна. Энэ удаа “Улаанбаатар Эрдэм” их сургуулийн сэтгэл судлалын багш, сэтгэлзүйч Б.Батцэцэг уншигчдын асуултад хариуллаа. Хэрэв танд сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй.

Найз залуу маань намайг дахин хуурах болов уу

 -Би найз залуутайгаа үерхээд зургаан жил болж байна. Гэнэт л “Би чамд хэрэггүй. Чи надаас өөр хүнтэй илүү сайхан амьдарна” гээд надаас салсан. Тэр үед өөр охинтой харьцдаг байсан юм байна лээ. Сарын дараа би чамгүйгээр байж чадахгүй нь гээд эргээд ирлээ. Намайг дахин хуурах болов уу?

-Найз охин болон залуугаасаа өөр хэн нэгнийг сонирхох, түүнд татагдах үе хүн бүрт байдаг. Тухайн үед сонирхогч хүний байр сууринаас хандаад түүндээ бат итгэсэн бололтой. Таныг сэтгэл санаагаар унагааж, хүнд байдалд оруулахгүйн тулд тэгж хэлсэн байх. Хэсэг хугацаанд өөр хүнтэй харьцаад үзсэн боловч тан шиг түүнийг хайрлахгүй, мөн танд илүү их хайртайгаа мэдэрсэн учраас буцаад ирсэн. Тиймээс найз залуугаа дахин алдаа гаргахгүй гэдэгт итгэж, өөрт нь итгэх итгэл найдварыг сайн өгч хайрлавал ийм асуудал дахин гарахгүй.

Эхнэрээ дураар нь байлгалаа гэж ээж, аав уурладаг

-Эхнэрээ хэтэрхий их дураар нь байлгалаа гээд ээж, аав уурлаад байх юм. Би айлын ганц эрх охиныг авч суусан нь үнэн. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам гэрийн ажил хийж сурна гэж боддог. Намайг хоол хийж, гэрээ цэвэрлэж байхыг ээж харчихаад уурлаж, “сал” гэсэн. ингэж сүржигнэх нь буруу биз дээ?

-Гэр бүлийн ийм маргаантай асуудлыг шийдвэрлэх гарц бол бие биедээ итгэх илтгэл, хайр халамж юм. Тиймээс үүнийг асуудал мэт хүлээн авалгүй, эхнэртэйгээ хамт гэрийн ажлаа хийж, урам өгөн сургаж сайн ярилцах үед амархан намждаг. Яагаад гэвэл таны эхнэрээ хайрлах чин сэтгэл үнэхээр гайхалтай учраас ямар ч эмэгтэй хүн үүнийг ойлгож өөрөө өөртөө анхаарал тавьж алдаагаа засах алхам хийдэг. Аав, ээжийн үг хэдий үнэн ч үүнийг зөвөөр ойлгуулахын тулд та хоёр хичээж, асуудлаа шийдвэрлэх гарцыг ярилцаад хэрэгжүүлээрэй.

Аав маань ирээд дүүг маань аваад явна гэвэл яах вэ

-Эцэг өөртэй ч би дүүгээ маш их хайрладаг. Гэтэл том болох тусам үгэнд орохгүй юм. Аав нь бидэнтэй хамт байдаггүй. хоёр настай байхад нь хамт байсан боловч таван жил нэг ч удаа холбоо бариагүй аавыгаа байнга ярина. Аав нь ирээд дүүг минь аваад явна гэвэл яах вэ?

-Эцгийн хайр үгүйлэгдэж, аавыгаа санаад байгаа болохоор дүү тань үгэнд орохгүй байгаа юм. Тиймээс дүүгээ аавтай нь хааяа нэг уулзахыг зөвшөөрөх хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам энэхүү байдал даамжрах магадлалтай учир даруй арга хэмжээ авахыг зөвлөж байна. Дүү чинь таныг хэзээ ч орхихгүй гэдэгт итгэлтэй байгаарай. Тэр хүнд охинтойгоо уулзахгүй байх шалтгаан байгаа гэдгийг ойлгож, чи ч гэсэн аавд нь сайн хандах хэрэгтэй. Хүн хүнээ хайрлаж байж, хайрлагддаг учраас дүүдээ маш их хайртай гэдгийг аавд нь сайн ойлгуулан, ярилцахыг зөвлөе. 

Өвөөгөөс болж гэрт хэрүүл үүсээд байна

-Өвөө маань одоо 70 настай. Бидэнтэй хамт амьдардаг нь дүү бид хоёрт их яршигтай санагддаг. Яг л жаахан хүүхэд шиг аашилж, биднийг байнга загнана. Өвөөгөөс болж үргэлж гэрт хэрүүл үүсдэг. Яаж энэ асуудлыг шийдэх вэ?

-70 нас гэдэг бол хүний амьдралын хамгийн эмзэг бөгөөд өнгөрүүлсэн амьдарлаа дүгнэж, бие махбод сэтгэл санааны байдал хувьсан өөрчлөгдөж яг л хүүхэд шиг аашилж хандах үе болохоор ийм нөхцөл байдлыг сайнаар хүлээн зөвшөөрч тэвчих хэрэгтэй байдаг. Мөн энэ байдал хэцүү санагдаад байвал түр зуурын хугацаанд тусдаа амьдарч нөхцөл байдлын ялгааг сэтгэл зүйн үүднээс ойлговол ийм байдал хүнд хэцүү санагддаггүй болчихдог. Тиймээс гэрийнхэнтэй ярилцаж байгаад аль болох шийдвэрлэх гарцыг сонгоорой. Эргээд та нар ч гэсэн адилхан хөгширч энэ үеийг туулах учраас хэцүү сөрөг байдлаар бүү хүлээн аваарай.

Жирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй өсвөр насныхтай адил байдаг

-Би зургаан сартай жирэмсэн. Сүүлийн үед сэтгэл санаа тайван бус байх боллоо. Ямар ч шалтгаангүй эргэн тойронд байгаа хүмүүст уурладаг. Үүнийгээ мэддэг хэрнэ өөрийн эрхгүй аашлаад байх юм. Би яах вэ?­

-Ийм нөхцөл байдал жирэмсэн эмэгтэй бүрт тохиолддог учраас та үүнийг хүндээр бүү хүлээн аваарай. Хэсэгхэн хугацаа өнгөрөхөд асуудал тань амархан шийдэгдэх болно. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн тогтворгүй үетэй жирэмсэн эмэгтэйн сэтгэл зүйн онцлог яг адилхан байдаг. Энэхүү нөхцөл байдлаа арилгахын тулд аль болох өөртөө түвэггүй дуртай зүйлээ хийж, уурлах зүйл гарсан ч түүнийг түр хугацаанд тэвчиж, өөрийгөө завгүй байлгаарай. Мөн өөдрөг зүйлсийг бодож агаар салхинд гарч, эерэг энергиэр өөрийгөө цэнэглээрэй. 

Хайртай бүсгүйгээ байнга үнсдэг эрчүүдийн 75 хувь нь орлогтой

АНУ­-ын Калифорнийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд хайртай бүсгүйгээ үнсэхээс ичдэг залуучуудад эхнэрээ үнсэх даалгавар өгөхөд итгэмээргүй үр дүн гарсан байна. Залуучууд хайртай бүсгүйгээ хэдий хэр үнсэнэ төдий чинээ санхүүгийн орлого нь нэмэгдэж байжээ. Үнсэлтийн талаар янз бүрийн үзэл бодолтой хэдэн арван эрчүүдээс санал асуулга авсан байна. Үр дүнг нэгтгэн харахад хайртай бүсгүйгээ ихээр үнсдэг эрчүүдийн цалин байнга нэмэгдэж ирж байсан түүхтэй байв. Тиймээс хайртай бүсгүйгээ байнга үнсдэг эрчүүдийн 75 хувь нь өндөр орлогоороо гайхуулж чаддаг аж. Иймд эрдэм шинжилгээний ажилтнууд хайртай бүсгүйчүүдээ үнсэлтээр “мялааж” байхыг зөвлөж байна. Тэдний хэлснээр энгийн энхрийлэл нь сэтгэл санааг сэргээж, эрүүл, тэнцвэртэй харилцаа бий болгоход нөлөөлдөг аж. Мөн санхүүгийн өсөлтөнд нөлөөлж байгааг бодож үзэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Онлайн худалдаа хийхдээ анхаарах зүйлс

 0 сэтгэгдэл
  • Нэр эсвэл байгууллага нь тодорхойгүй газраас худалдан авалт хийх нь эрсдэл дагуулах сөрөг талтай
  • Тухайн бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг хүнээс зөвлөгөө авахад илүүдэхгүй. Бас нэмж хэлэх зүйл бол сэтгэгдэл бичсэн хүмүүс жинхэнэ хувь хүний хаяг мөн эсэхийг нягталж үзэх нь зүйтэй. Заримдаа хуурамч хаяг ашиглан эерэг сэтгэгдэл бичин эрэлтийг өсгөх арга ашиглах нь бий

Орчин үед хүмүүс гэрээсээ гаралгүй худалдаа хийх сонирхолтой болжээ. Үүнийг дагаад онлайн худалдааны зах зээл өргөжиж байна. Иймд онлайн худалдаа хийхдээ анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө бэлтгэлээ. Бараа бүтээгдэхүүнээ танилцуулж буй байгууллага хэр баталгаатай эсэхийг эхлээд шалга. Хэрвээ танд ямар нэгэн байдлаар тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой асуудал гарахад эргэж хандах эзэнтэй, гомдлыг хүлээн авах чадвартай, баталгаат байдлыг маш сайн харгалзах хэрэгтэй. Нэр эсвэл байгууллага нь тодорхойгүй газраас худалдан авалт хийх нь эрсдэл дагуулах сөрөг талтай. 

Зураг ба бодит байдал

Цахим сурталчилгааны зургийг ихэвчлэн студийн хэмжээнд тусгайлан авдаг. Гэрлийн тусгал, орчныг бэлдсэн тусгай зураг ашигладаг учраас таны анх бодож захиалсан болон бодит байдал хоорондоо зөрөх явдал багагүй тохиолддог. Иймээс та худалдан авалт хийхээсээ өмнө үүнийг маш сайн анхаараарай. 

Төлбөр нь уян хатан эсэхийг нягтлаарай

Хүмүүсийн хамгийн их эргэлзээг төрүүлдэг зүйл бол төлбөрийн нөхцөл байдаг. Зарим онлайн худалдаанд захиалсан бүтээгдэхүүн нь гар дээр ирэх хугацаа нь богино боловч төлбөрийн нөхцөл уян хатан биш байдаг. Иймээс сонголт хийхээсээ өмнө дахин нэг бодож үзэх хэрэгтэй. 

Бараа бүтээгдэхүүний талаарх зөв мэдээлэл бол хэрэглэгчийн сэтгэгдэл

Зах зээлд маш их өрсөлдөөн байдаг тул худалдаа эрхлэгчид, байгууллага өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хамгийн сайн гэж сурталчилдаг. Харин танд үнэнийг хэлж чадах зүйл бол хэрэглэгчийн сэтгэгдэл байх болно. Мөн хүмүүс их асууж, анхаараад байгаа зүйлийг хамгийн сайн мэтээр төсөөлдөг. Гэтэл үнэн хэрэгтээ чанар муутай байх нь бий. Тиймээс тухайн бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг хүнээс зөвлөгөө авахад илүүдэхгүй. Бас нэмж хэлэх зүйл бол сэтгэгдэл бичсэн хүмүүс жинхэнэ хувь хүний хаяг мөн эсэхийг нягталж үзэх нь зүйтэй. Заримдаа хуурамч хаяг ашиглан эерэг сэтгэгдэл бичин эрэлтийг өсгөх арга ашиглах нь бий.

Захиалсан бараа талаалагдахгүй бол буцаах боломжтой эсэхийг судал

Монголд бараа бүтээгдэхүүн худалдаж авахад хамгийн хэцүү зүйл бол “Зарагдсан барааг буцаахгүй” гэдэг тулган шаардалт. Нэг талаас худалдаа эрхлэгчдийн хувьд барааг буцаана гэдэг хүндрэлтэй хэдий ч хэрэглэгч мөн адил өөрийн хүлээлтэд хүрэхгүй, сэтгэлд нийцээгүй зүйл худалдан авна гэдэг хэцүү. Иймээс аль аль талдаа гомдолгүй байх худалдан авалтын уян хатан нөхцөлтэй эсэхэд анхаараарай. Бүтээгдэхүүний чанартаа эргэлздэггүй газруудад үргэлж ийм нөхцөл байдаг.

Урамшуулал, хөнгөлөлтийн мэдээлэл

Бизнес эрхлэгчид урамшуулал эсвэл хөнгөлөлтийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд хийж байдаг. Хэрвээ худалдан авалт хийхийн өмнө үүний талаар асуух эсвэл судлахгүй бол илүү ашигтай байж болох байсан боломжоо алдаж магадгүй. 

Гэр бүлийнхнийхээ размерийг мэдэж байх нь чухал

Ялангуяа онлайнаар хувцас худалдан авахдаа таарсан хэмжээ, размераа мэдэж байх нь чухал. Зарим хүмүүс онлайн худалдан авалтын дараа сонгосон хувцас нь багадаж, таагүй сэтгэгдэлтэй хоцорсон тохиолдол бий. Энэ нь тухайн худалдан авч буй зүйлийнхээ хэмжээг нарийн судлаагүйтэй холбоотой. Жишээлбэл, ази М размер нь европ S размерт тохирдог. Учир нь ази хүний биеийн онцлог, европ хүний биеийн харьцаа маш их зөрүүтэй байдаг. Заримдаа брэнд хүртэл өөрийн размертай байдгийг санаарай.

Дэлхийн шилдэг онлайн худалдааны сайтууд

Дэлхийн хамгийн алдартай мөн хамгийн том онлайн худалдааны сайт бол Amazon. 1994 онд Жефф Безос байгуулсан бөгөөд АНУ-ын Вашингтонд төв оффис нь байрладаг. Анх онлайн номын худалдаагаар гараагаа эхэлж маш хурдацтай шинэчлэл, төрөлжүүлэлт хийснээр хүний хэрэгцээтэй бүх зүйлийг борлуулах болсон юм. Төлбөрийн хялбар нөхцөл, хямдрал, шуурхай хүргэлт гэх мэт олон боломжийг хэрэглэгчид санал болгодог.

Гоо сайхан, хувцас загварын хамгийн том онлайн сайт бол мэдээж Английн Asos. Бүтээгдэхүүн худалдан авах, өөрийн эд зүйлээ борлуулахаас гадна хэрэглэгчдэд хувцас загварын сүүлийн үеийн чиг хандлагын мэдээлэл авах боломжийг олгодог. 

Электрон бараа, видео тоглоом, гэрийн тавилга, хувцас, чимэглэл, хүүхдийн тоглоом, спортын хэрэгсэл гээд хүний хэрэглээнд нийцэх бүх зүйлийг агуулсан сайт. Та эндээс өөрийн хэрэгцээ шаардлага болон төсөвтөө нийцсэн бүхий л зүйлийг олох боломжтой.

Интернетэд суурилсан, цахим худалдааны чиглэлээр мэргэшсэн, жижиг бизнесийнхэнд зориулсан дэлхийн хамгийн том B2B /business-to-business/ платформ юм. 1999 онд анх үүсгэн байгуулагдсан, одоо Хятадын Ханжоуд төв оффис нь байрладаг. Уг сайт нь Хятад болон Азийн орнуудад илүү өргөн ашиглагддаг бөгөөд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ харьцуулж үзэх боломж, нууцлал бүхий төлбөрийн систем, шуурхай хүргэлтийг санал болгодог.