A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5403/

Европын Холбооны байгууллагууд Монгол Улстай гүйлгээ хийхдээ илүү хянуур хандана гэсэн үг

Европын Холбооны байгууллагууд Монгол Улстай гүйлгээ хийхдээ илүү хянуур хандана гэсэн үг
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5403/
  • Сайжруулсан арга хэмжээ гэдэг нь аливаа сэжигтэй гүйлгээ хийхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд илүүтэй анхаарна гэсэн үг

Цаашдаа үлдсэн ажлаа зааврын дагуу биелүүлээд арга хэмжээний шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжихээс өмнө, урьдчилсан үнэлгээгээр жагсаалтаас гаргах боломжтой

Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеатай ярилцлаа. Тэрбээр Монголд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. 

-Европын Холбоо Монголыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай, эрсдэлтэй орны жагсаалтад нэмлээ. Нийгэм даяар энэхүү “хар” жагсаалтын сөрөг нөлөөллөөс ихээхэн болгоомжилж байна. Энэ шийдвэрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Ямар нөлөөтэй вэ? 

-Таны дурдсан эрсдэлтэй холбоотой өнгөний нэр ашиглахаас зайлсхийх нь зөв болов уу. Манайд хар жагсаалт гэж байхгүй. Харин тус холбооны санхүүгийн системд аюул учруулж болзошгүй гэж дүгнэсэн өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын жагсаалт бий. Европын Холбоо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг маш нухацтай авч үздэг. Европын Холбооны гаргадаг "Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт" нь 2016 оноос эхлэлтэй, нэлээд хуучирсан тул өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэх шаардлагатай болсон. Монгол одоо ч FATF-ийн өндөржүүлсэн хяналтад байгаа тул Европын Холбоо жагсаалтаа шинэчлэхдээ үүнийг харгалзан үзэх болсон юм. 

-Ажиглалтын хоёр жагсаалтын ижил болон ялгаатай тал нь юу вэ? 

-FATF-ийн жагсаалтаас гарсан, гарч байгаа хэрнээ Европын Холбооны жагсаалтаас гараагүй орнууд бий. Мөн аль аль жагсаалтад багтсан ч гарах магадлалтай орнууд ч байгаа. Европын Холбооны жагсаалтаас гараагүй орнуудад FATF-ийн жагсаалтад эргээд орох шалтгаан байна. Тэдгээр улсууд мөнгө угаах, терроризмын санхүүжүүлэхийн эсрэг хэрэгжүүлсэн ажилтай, баримтаар баталгаажсан түүхтэй байх ёстой. 

-Ойрын хугацаанд жагсаалтаас хасах үйл явц яаж өрнөх бол, энэ талаар тайлбарлахгүй юу? 

-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд гарсан өөрчлөлтийн дагуу шинээр нэвтрүүлж байгаа аргачлалыг харгалзан жагсаалтаас гаргах процесс өрнөдөг. Өмнө нь мөрдөгдөж байсан хуулийг нь “Дөрөвдүгээр удирдамж” гэж нэрлэдэг юм. Харин өөрчлөлтөөр үүнийг сольж шинэчилсэн “Тавдугаар удирдамж” нэртэй хууль хэрэгжинэ. Энэ нь мэдээлэл, бүртгэл, баримтаар баталгаажсан түүх зэрэгт тулгуурлах ёстой гэсэн журамтай. Энэ баримт бичгийг хууль зүйн шаардлагын дагуу толгой байгууллагын хэмжээнд бэлтгэдэг. Эрх зүйн энэ баримт бичиг нь 2018 оноос өмнө батлагдсан ч өнөөг хүртэл хэрэгжээгүй. Харин одоо агентлаг, институтууд санал нэгдэж, эцсийн байдлаар жагсаалтыг шинэчиллээ. Нилээд техникийн шинж чанартай сонсогдож байгааг ойлгож байна. Гэхдээ ганц шөнийн дотор шийдэгдчихээгүй, маш удаан үргэлжлэх процесс гэдгийг ойлгохыг хүсье. 

-Энэ жагсаалт нь Европын Холбооны тусламж, санхүүжилт болон худалдааны урсгалд нөлөөлөхгүй гэж зарласан ч зарим эдийн засагч бизнесийн харилцаа, хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлнө гэлцэж байна. Та ямар бодолтой байна? 

-Нэн тэргүүнд энэ жагсаалтын нөлөөлөл нь санхүүгийн системд л хамаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Европын Холбооны банк санхүүгийн байгууллагууд болон аж ахуй нэгжүүд Монгол Улстай холбоотой аливаа гүйлгээ хийхдээ урьдынхаас илүү хянуур хандана гэсэн үг юм. FATF-ийн тавьж буй шаардлагаас ялгарах шинэ зүйл байхгүй. Сайжруулсан арга хэмжээ гэдэг нь аливаа сэжигтэй гүйлгээ хийхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд илүүтэй анхаарна гэсэн үг. Хууль ёсны худалдаа, хөгжлийн тусламж, дэмжлэгт нөлөөлөхгүй, хэвийн үргэлжилнэ. Монголд хөрөнгө оруулах эсэх нь эцэстээ хөрөнгө оруулагчдын гаргах шийдвэр. Мэдээж хөрөнгө оруулагч нар FATF-ийн жагсаалтад тулгуурлаад дотоодын нөхцөл байдлын талаар дүгнэлтээ ерөнхийд нь хийчихсэн байгаа. Тиймээс Европын Холбооны жагсаалт нь өнөөг хүртэл гаргасан шийдвэрүүдэд төдийлөн нөлөөлөхгүй. Мэдээж би бүх хөрөнгө оруулагчийн өмнөөс энд байр суурь илэрхийлэх боломжгүй. Гэхдээ гол тавигдаж байгаа шаардлага нь санхүүгийн системтэй холбоотой гэдгийг тодорхой хэлье.

-Жагсаалтаас гарахын тулд бид юу хийх талаар Элчин сайдын яамнаас ямар зөвлөгөө өгөх вэ? 

-Эрх баригчид стратегийн дутагдалтай байдлыг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө FATF-ийн зөвлөснөөр хэрэгжүүлэх л ёстой. Одоогийн байдлаар Монголын Засгийн газар энэ тал дээр тодорхой ажил хийж байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн. Цаашдаа үлдсэн ажлаа зааврын дагуу биелүүлээд арга хэмжээний шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжихээс өмнө, урьдчилсан үнэлгээгээр жагсаалтаас гаргах боломжтой. Хүчин төгөлдөр хэрэгжих хугацааг 10 дугаар сарын 1 гэж заасан нь COVID-ийн нөхцөл байдлаас шалтгаалж, түншүүддээ зөвлөгөөний хэрэгжилтийг хангах хугацаа өгч байгаа гэж ойлгож болно.

-Тантай бараг жилийн өмнө энэ студидэд уулзаж байсан. Элчин сайдын яам өнгөрсөн нэг жилд ямар ололт амжилт гаргав. Жилийн хамгийн шилдэг төсөл юу байв? 

-Өмнө нь ярилцах үед төлөвлөгөөнийхөө зарим хэсгийг танилцуулсан. Тэр үед 12 төсөл хэрэгжиж байгаа талаар ярьж байсан. Бид энэ дүнг өсгөж төслийн тоог 27 болгоод байна. Манай төслүүдийн хамгийн гол зорилго энэ улсад өрнөж байгаа шинэчлэлийн үйл явцыг дэмжихэд, эмзэг давхаргын хүмүүсийн асуудлыг шийдэхэд, мөн төсвийн удирдлагыг сайжруулахад чиглэж байна. Түүнчлэн ажил эрхлэлтийг дэмжих зорилго маань энэ хүнд цаг үед маш чухал ач холбогдолтой. Мөн Монголын эдийн засгийг солонгоруулахад хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Чухал төслүүдийн санхүүжилтэд 360 сая евро зориулаад байна. Эдгээр ажил нь бид томилогдож ирснээс хойших хоёр жилийн хугацаанд хамаарч байгаа юм шүү дээ. Ерөнхийдөө жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Одоо харин төслүүдээ цар тахлын эсрэг чиглүүлж байна. Мөн тун удахгүй Монголд хамгийн анхны төсөвт шууд дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулах гэж байна. Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төвлөрсөн халаалтын төслийг дэмжих ажилд их идэвхтэй оролцож байгаа юм. Мөн Эрдэнэтэд хэрэгжиж буй байгаль орчны чиглэлийн төслийг дурдаж болно. Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк гэх мэт санхүүжилтийн олон эх сурвалжтай. Европын Холбооны зүгээс үйл явцыг бага зэрэг удаашруулж, ажигласан хандлагатай байгаа. Гэхдээ мэдээж төслүүд хэрэгжинэ. Цар тахлын эсрэг энэ ажилд зориулан дэлхийн хэмжээнд 15.6 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж амлаад байна. 1.22 тэрбумыг нь энэ бүс нутагт хуваарилсан байгаа. Үүний нэг хэсэг нь Монголд ногдож байгаа гэсэн үг. Түүнчлэн Дэлхийн Банктай хамтраад Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөлд 680 мянган евро төсөвлөсөн. Санхүүгийн нөөц төлөвлөлт болон хяналтад зориулах юм. Үүнд мөн COVID-19-ийн эсрэг арга хэмжээг нэвтрүүлэхэд шаардлагатай төсөв багтаж байгаа. Төслүүд зорилтот цэгтээ хүрч, үр ашигтай зарцуулагдаж байгаа эсэхийг Засгийн газар хянана гэсэн үг юм. Ингээд нийтдээ Монголыг дэмжих төсөл 37.5 сая евро буюу 113 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. 25 сая нь хэрэгжиж эхэлсэн төслүүдэд шинэчлэл хийхэд, 12 сая нь нэмэлт төсөв болж байгаа. 

-Цар тахал Монгол дахь Европын Холбооны ЭСЯ-ны стратегийг идэвхжүүлэх, өөрчлөх, магадгүй өөр түвшинд шилжүүлэх шалтгаан болох боломжтой юу? 

-Яах аргагүй энэ хямралын дараа дэлхий тэр чигтээ өөрчлөгдөнө. Төслүүдийн санхүүжилтийг янз бүрийн түнш гаргаж байгааг түрүүн хэлсэн. Олон улсын санхүүгийн болон орон нутгийн, үндэсний хэмжээний байгууллагууд байна. Ийм тохиолдолд цар тахлын үеийн эрсдэл, уян хатан байдал, дасан зохицох чадварыг авч үзэх хэрэгтэй болж байна. Европын Холбооноос хэрэгжүүлдэг хүйсийн тэнцвэртэй байдал, байгаль орчин, эрх зүйт ёсны бусад төслүүд хэвээрээ үргэлжилнэ. Эдгээрийг бид байнгын зарчмаа болгож байдаг. Ирээдүйн хөтөлбөрүүдэд ч мөн адил байх болно. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ж.Болчовер: Гэр хороололд дэд бүтэцтэй, боломжийн үнэтэй орон сууц хэрэгтэй байна

 0 сэтгэгдэл
  • Хүн амын дийлэнх нь газартай байна гэдэг том давуу тал. Дэлхийн аль хотод ийм зүйл байхгүй
  • Ger plugin төслийн шугамаар барьсан сууц нь дотроо халуун, хүйтэн устай, шүршүүрт орох боломжтой, түлш бараг хэрэглэхгүй тав тухтай амьдрахад зориулагдсан байх юм

“Би Монголд ирэх бүрдээ монголчууд маш бага зардлаар амьдралаа залгуулж буйг хараад цочирддог. Цаг уурын эрс тэс уур амьсгалд тохируулж жижиг зүйлээр амьдралаа залгуулаад болоод л байгаад үнэхээр гайхалтай хэмээн ярих эрхэм бол Хонконгийн их сургуулийн архитектур, профессор Жошуа Болчовер билээ. Түүнийг Bloomberg телевиз зочноор урьж ярилцсаныг уншигчдадаа хүргэж байна.

-Та бүхэн монгол гэрийн загвараас санаа авч орчин үеийн хэв маяг оруулсан өргөө байгуулжээ. Энэхүү гэр хорооллын инновацын төслийн талаар ярихгүй юу?

-Бид 2014 оноос хойш гэр хороололд ажиллаж байна. Энэ хугацаанд миний сонирхлыг монгол гэр улам их татах болсон. Модон эх биеийг эсгийгээр бүрж, дээр нь бризент, зотон даавуугаар бүтээдэг нь илүү сонирхолтой санагдсан. Энэ давхаруудыг хооронд нь зайтай болгож бүтцийг нь өөрчилбөл ямар болох бол гэж бодсон. Шинэ барилгын дотор гэрт байдаг давхаруудыг бүгдийг нь бий болгосон. Ингэснээр тухайн барилгыг байгалийн гамшгаас хамгаалалттай болгож чадсан гэсэн үг. Бид дотор талд нь дулаан өрөө, харин гадна талаар нь поликорбонат бүрхүүлэн хамгаалалттай болгохыг зорьсон. Нэг ёсондоо гадна хэсгийг нь хүлэмж шиг болгосон гэсэн үг. Ингэснээр гадна, доторх хоёр хэсгийн тусгаарласан зайд хүүхдүүд тоглож болно. Бас ногоо тарьж, зүлэгжүүлж болно шүү дээ. 

-Үүнийг хийхэд хэр хэцүү байсан бэ?

-Тийм ч хэцүү байгаагүй ээ. Тухайн газрын иргэд, оршин суугчидтай хамтарч ажиллах нь сонирхолтой байлаа. Хонконгоос хэдэн оюутан авчирч, монгол иргэдтэй хамтарч ажилласан. Гэрийн модоо үйлдвэртээ хөрөөдөж янзалсан. Хажуудаа бас угсралтын баг ажиллуулсан. Хугацаа маш богино байсан л даа. Ердөө нэг сарын дотор л гэрийн модыг хийсэн.

-Энэ хүлэмжин барилгыг хэр хэмжээний өртгөөр босгосон бэ?

-Гэрийн мод болон үндсэн эх биеийг хийхэд 60 мянган ам.доллар болсон. Үүнд цементэн суурь, усны шугам, дотоод болон гадаад заслын үнэ бүгд багтсан. 

-Ойр орчмынх нь оршин суугчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Бид их азтай байсныг хэлэх хэрэгтэй. “Эко таун” нэртэй төсөл хэрэгжүүлэхэд оршин суугчид их идэвхтэй байсан. Хамтран ажиллагч нараас би Г.Одгэрэлийг дурдмаар байна. Мөн тэндэхийн оршин суугч залуу тоосгыг нь үйлдвэрлэж, ойрхон амьдардаг эмэгтэй хоол хийж өгч байлаа. COVED-19 намжсаны дараа ойр орчмынхоо талбайг тохижуулахаар тэсэн ядан хүлээж байна.

-Та зөвхөн энэ төсөл дээр ажиллаад зогсох уу, эсвэл гэр хорооллыг тохижуулах өөр ижил төстэй төсөл дээр ажиллах уу?

-Бид гэр хорооллын бүсэд 2014 оноос хойш ажиллаж байна. хэрэгжиж байгаа нэг төсөл нь Ger plugin. Энэ төсөл нь гэр хорооллын бүсэд боломжийн үнэтэй сууц барихад чиглэсэн. Нэг үгээр хүмүүст хэрэгцээтэй, шаардлагатай байгаа дэд бүтцийг нь шийднэ. Ger plugin төслийн шугамаар барьсан сууц нь дотроо халуун, хүйтэн устай, шүршүүрт орох боломжтой, түлш бараг хэрэглэхгүй тав тухтай амьдрахад зориулагдсан байх юм. Өвлийн улиралд тийм ч их эрчим хүч ашиглахгүй гэсэн үг.

-Та Монголд 2014 оноос хойш ажиллаж байгаа гэлээ. Монголд яагаад ирэхээр болов. Манай оронтой холбоотой юу таны сонирхлыг илүү татсан бэ? 

-Монгол бол сайхан орон. Би хувьдаа хотод тулгамдсан асуудлуудыг судалж ирсэн. Хот цагийн эрхээр хэрхэн хөгжиж, өөрчлөгдөж байгааг судалдаг. Монголд анх хөл тавихад л маш гүн сэтгэгдэл төрсөн. Яагаад ч юм хотжилтын явц зохион байгуулалт харагдаагүй. Мэдээж тодорхой хэмжээгээр хотжсон ч гэлээ нүүдэлчин соёл иргэншил нь хэвээрээ л байсан. Нүүдэлчид хот байгуулж ирсэн түүх байхгүй. Тэгэхээр Монгол Улсад өөрийн гэсэн онцлогтой хотуудыг байгуулахаар зорьж байна. Нүүдэлчин соёл иргэншилтэй хүмүүст хот яаж босгохыг харуулна. 

-Та гэр хороололд олон тулгамдсан асуудал байна гэсэн. Эдгээр асуудлыг нэг мөсөн шийдэх инновацлаг арга байгаа юу?

-Мэдээж хэрэг үгүй. Гэхдээ нэг ажиглагдсан зүйл нь хүн бүрт газар бий. Хүн амын дийлэнх нь газартай байна гэдэг том давуу тал. Дэлхийн аль хотод ийм зүйл байхгүй. . Гэр хороололд дэд бүтэцтэй, боломжийн үнэтэй орон сууц хэрэгтэй байна. Цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг, байгальд ээлтэй барилга байгууламж барих хэрэгтэй. 

-Гэр хороололд амьдарч буй оршин суугчдад хамгийн том хөрөнгө оруулалт юу байж болох вэ? 

-Хүмүүст нэгдэн нийлж, хамтарч ажиллах боломж олгосон төсөл хэрэгтэй байх. Гэр хороололд амьдарч байгаа хүмүүст хашаа, байшин гээд хувийн өмч хэрэгтэй байдаг. Гэхдээ дэд бүтцийг шийдэхэд дундын өмч шаардлагатай. Хамтарч нэгдээд дундаа дэд бүтцээ шийдүүлж болно шүү дээ. 

-Иймэрхүү төсөлд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага улс төрийн нөлөөнөөс хол байх хэрэгтэй юу, эсвэл Засгийн газраас дэмжлэг авах ёстой юу? 

-Миний зорилго бол бусадтай санаагаа хуваалцаж, хамтарч ажиллах нь чухал. “Ямар нэгэн шинэ зүйлийг туршиж үзэхгүйгээр хийнэ гэж байхгүй. Мэдээж Засгийн газар дэмжвэл өргөн хүрээний ажил хийж чадна. Гэр хороолол бол инновацлаг орчин, тэнд маш олон боломж байна. Гэр хорооллын иргэдийн өөдрөг үзэл хотыг гэрэлтүүлж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ногдол ашгаа Ардын намын нэр дэвшигчдээс нэхье

 0 сэтгэгдэл
  • 1072 хувьцаатай 1 сая 80 мянган иргэн байгаа. Тэд 96 мянга 480 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. 667 мянга 898 иргэн 750 хувьцаатай байгаа. Тэд 67 мянга 500 төгрөгийн ногдол ашиг авна. 741 хувьцаатай 334 мянга 500 хувьцаа эзэмшигч 66 мянга 690 төгрөгийн ногдол ашиг авах юм. Нийтдээ 2 сая 80 иргэн ногдол ашиг авна гэсэн үг
  • Тэд асуухгүй бол дурсахгүй. Нэхэхгүй бол өгөхгүй хүмүүс. Тиймээс нүүр тулан уулзах мөчийг ашиглан авах ёстой мөнгөө өндөр дуугаар одоо л шаардъя
  • Ардын нам ногдол ашгаар иргэдийн саналыг худалдаж авах гэж оролдвол энэ нь жинхэнэ гэмт хэрэг. Бусдын саналыг өөрийнх нь мөнгөөр худалдаж авах гэсэн явуургүй арга

Ногдол ашиг тараах хугацаа нь сараар хэтрээд байхад Засгийн газар хав дарсан хэвээр

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа орон даяар үргэлжилж буй энэ өдрүүдэд Ардын намын нэр дэвшигчдээс олон нийт 1072 хувьцааны ногдол ашгаа нэхэх хэрэгтэй. Тэд асуухгүй бол дурсахгүй. Нэхэхгүй бол өгөхгүй хүмүүс. Тиймээс нүүр тулан уулзах мөчийг ашиглан авах ёстой мөнгөө өндөр дуугаар одоо л шаардъя. Эрх баригчдад мөнгө идэх боломж бүү олго. Иргэд тавдугаар сарын 1-ний өдрөөс хойш ногдол ашгаа хүлээж байна. Хүлээж тэвчих бус өөрсдийн эрх ашгаа хамгаалахын төлөө тэмцэж, төр гэж байгаа бол дуу хоолойгоо хүргэх цаг болоод байна. 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг Ардын намаар овоглосон Засгийн газар үнэндээ уландаа дэвслээд хаячихлаа. Хөрөнгийн зах зээлд итгэх олны итгэл найдвар бас хамт бөхлөө. Эрх мэдэлтнүүд 2.5 сая иргэнийхээ ногдол ашгаар өнөөдөр сонгуулийн сурталчилгаагаа хийж байна уу гэж дээрх байдлаас үүдэн хардахад хүрэв. Сонгуулиас нэг сарын өмнө олгох байсан ногдол ашиг өнөөдрийг хүртэл ор сураггүй байна. Ор сураггүй гэхээс илүү Сангийн сайд нь аваад гацаачихлаа. Төрийн биш, түмний мөнгийг Засгийн газар дураар түгжих нь үнэндээ хууль бус үйлдэл. Тодруулбал, Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хуулийг Ардын намын Засгийн газар зөрчөөд байна. Цаашид хэчнээн ч хууль зөрчих эсэхийг таамаглах аргагүй нь. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг буюу 1072 хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдвэрлэсэн. Үүнийг У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдөр эгнэн сууж байгаад бахдалтай нь аргагүй хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд сүр бараатай мэдэгдсэн. Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгохоор болсон билээ. Гэвч зарласан хугацаа нь сараар хэтрээд байхад ногдол ашгийг Ардын нам хав дарчихлаа. 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос ногдол ашиг хэзээ орох вэ гэж асуух бус, тэднийг худалч гэж гөрдөж, гүтгэж суухын оронд Ардын намаас ногдол ашгаа нэхэж авахаа бодмоор. 1072 холбоо төрөөс ногдол ашиг өгүүлэх шийдвэр гартал нь тэмцэж, түмний талд шийдвэр гаргуулж чадсан. Гэтэл шийдвэр хэрэгжих үед Ардын намын эрх мэдэлтнүүд болон “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашгийг мөнгийг олгохоос цааргалж, удаашруулж байна. Үүнийг мэдэх хүмүүс нь Сангийн сайд, Ерөнхий сайд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болоод байна. Юуны учир гэнэт ногдол ашгийн мөнгийг Ардын намынхан иргэдээс төөрөгдүүлж, нууцлах болов. “Эрдэнэс Тавантолгой” компани 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүний 800 орчим тэрбум төгрөгийг төр буюу Засгийн газар давамгай хувьцаа эзэмшигч болохоор шууд авч байгаа. Үлдсэн нь иргэдэд очих мөнгө. Гэтэл хувьцаат компанийн нийт ногдол ашгийг эрх баригч МАН, түүний Засгийн газар хуу хамчихлаа гэж үү. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 15 хувийг иргэд болон аж ахуйн нэгж эзэмшдэг. Тэдний мэдэлд 200 тэрбум хүрэхгүй шахам ногдол ашгийн мөнгө оногдож байсан ч өнөөдрийг хүртэл гар дээрээ ганц төгрөг ч авсан юм алга аа. Шударга ёс тунхаглах эрх баригч намын удирдлага ногдол ашгийн талаар юу ч хэлж чадахгүй байна. Санхүүгийн зохицуулах хороо нь сайдын утсан хүүхэлдэй болжээ. 1072 хувьцааны ногдол ашиг төр сайн ажилласны хишиг өгөөж биш юм. Харин нүүрсний үнэ Хятадын зах зээлд тогтвортой байсны хариу үр дүн. Хувьцааг нь эзэмших компани ашигтай ажилласан бол тухайн хувьцаа эзэмшигч бүр ногдол ашиг гэж жил болгон авдаг. Тэр жишгээр 1072 хувьцаа эзэмшигчид түүхэндээ анх удаа ногдол ашиг авах нь гэж баярлаж байтал Ардын нам дотроо зохицуулахаар шийдсэн үү гэлтэй нам жим болчихлоо. Сангийн яам болон Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хэзээ, хэдийд ногдол ашиг тараах тухай асуухаар нэг нэгнээ заагаад тодорхой хариу хэлж чадахгүй сууна. У.Хүрэлсүхийн “хүн” гэх “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Ногдол ашиг бэлэн мөнгө тараалт биш. 10 жил дуншсан хувьцаа амь орж байна. Ирэх тавдугаар сараас иргэдэд мөнгийг нь олгох ажлыг зохион байгуулна” хэмээн хэлж байсан нь хэвлэлийн хуудсанд үлджээ. Засгийн газар ногдол ашгийн мөнгийг зувчуулсан уу эсвэл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хоёр дахь хувилбар болгосон уу. Энэ асуултад эрх баригчдын хэн нь ч хариулж чадахгүй, бултаж явна. “Эрдэнэс Тавантолгой” компани сүржин мэдэгдсэн ч ногдол ашигт 200 тэрбумаас дөнгөж 60 гаруйхан тэрбумыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн ч иргэдийн гарт энэ мөнгө хүрсэнгүй. Сангийн яам аваад дарсан гэж тус төв мэдэгдсэн. Үүнээс болж хоорондоо ч тэд үг зөрсөн гэх. Ардын нам ногдол ашгаар иргэдийн саналыг худалдаж авах гэж оролдвол энэ нь жинхэнэ гэмт хэрэг. Бусдын саналыг өөрийнх нь мөнгөөр худалдаж авах гэсэн явуургүй арга. 1072 хувьцааны ногдол ашиг халамж биш. Энэ бол хууль ёсны хувьцаа эзэмшигчдийн авах ёстой мөнгө. Төрд ч хамаагүй. Ногдол ашгийг хойшлуулсаар байгаа шалтгаан нь иргэдийн мөнгө байх ёстой дансандаа байхгүй, аль эрт гараад явснаас болсон гэж төрийн байгууллагынхан ярьж байна. Хэрэв энэ үнэн бол Ардын нам ард түмний дайсан боллоо гэсэн үг. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

$-ын ханшийн өсөлт бизнесүүдийг хамгийн их зовоож байна

 0 сэтгэгдэл
  • Бизнес эрхлэгчдэд валютын ханшийн энэхүү өсөлт дарамт болоод зогсохгүй хөгжих, дэвжих боломжийг нь хаасаар, хөл гарыг чөдөрлөсөөр

Төгрөгийн ханш сулрах хэрээр засаглалын чанар доройтож иржээ

Ам.доллар мягмар гарагт 2808 төгрөгтэй тэнцлээ. Энэ өдөр гадаад валютын дуудлага худалдаагаар төв банк зах зээлд 35.6 сая ам.доллар нийлүүлэв. Долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаа зохион байгуулж, төгрөгийн ханшийн уналтыг тогтоон барих гэж мөнгөний бодлого тодорхойлогчид зорьж байна. Гэвч тэдний санаснаар ам.долларын ханш тогтворжиж, төгрөгийн ханш чангарч байгаа юм алга. Харин ч эсрэгээрээ ам.долларын ханш жолоогүй өссөөр. Зах зээлд долоо хоног болгон дунджаар 50 орчим сая ам.доллар нийлүүлсэн ч хамгийн өсөлт зугуухан урагшилсаар байна. Улсын гадаад валютын албан нөөц хөшигний ард хорогдсоор. Дөрвөн тэрбум ам.доллар давж байсан гадаад валютын нөөц дундарч, ам.доллар төгрөгийн зах зээлд бүхэлд нь ноёрхсоор. COVID-19 цар тахлаас үүдэн аялал жуулчлалаас жил болгон орж ирдэг орлого агшиж, валютын нөөцийг нэмэх боломж хумигдсаар байна. Гадаад худалдааг илэрхийлэх төлбөрийн тэнцэл оны эхний улиралд 350.2 сая ам.долларын алдагдал хүлээж, худалдааны алдагдал тэлсээр. Экспортын орлого тасалдаж байгаа нь ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарах хөрс суурийг үндсэндээ бүрдүүллээ. Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан нь тэр хэрээр төгрөгийн ханш сулрах дарамт авчирлаа. Үүнээс гадна Европын Холбооны “хар” жагсаалтаас болж хөрөнгө оруулалтын орчинд тодорхой бус байдал үүсэв. Европын орнуудаас Монгол руу чиглэсэн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын эрч саарсан нь, дотоодын валютын зах зээлийн эрсдэл бизнесийн орчинд томоохон сорилт болохоор байна. Үйлдвэрлэгч бус хэрэглэгч орны сул талыг бид валютын ханшаар илүү мэдрэх болсон. Валютын зах зээл тогтворгүй байх тусам бизнесийн орчин доройтсоор. Бизнес эрхлэгчдэд валютын ханшийн энэхүү өсөлт дарамт болоод зогсохгүй хөгжих, дэвжих боломжийг нь хаасаар, хөл гарыг чөдөрлөсөөр. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Монголын бизнесийн орчин” гурван жил тутмын судалгааг хоёр дах удаагаа үндэсний хэмжээнд авч эхэлсэн. Энэхүү судалгаа нь бизнесийн орчны өнөөгийн байдлыг үнэлэх, сайжруулах шаардлага, арга замыг тодорхойлох зорилготой аж. Цар тахлын улмаас эдийн засаг, бизнест хүндрэл бий болсон энэ үед бизнес эрхлэгчдийн нэгдсэн санал, байр суурь маш чухал. Энэхүү судалгааны дүнд үндэслэн тодорхой саналуудыг гарган шинээр байгуулагдах УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөжээ. Бараа бүтээгдэхүүний борлуулалт буурч, худалдааны эргэлт саарсан. Үүн дээр ам.долларын ханшийн өсөлт багагүй нэрмээс болох нь. Шинээр бүрдэх УИХ, Засгийн газрын хамгийн том даваа валютын ханш, гадаад өрийн эргэн төлөлт болохоор байна. Ханшийн энэхүү өөрчлөлтийг тогтворжуулж, өрийн менежментийг зөв засаглалаар хангахгүй бол дараалсан олон хямрал биднийг хүлээж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний улиралд худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оныхоос 5.4 хувиар буурчээ. Тодруулбал, 284.7 тэрбум төгрөгөөр агшсан. Нийтийн хоолны салбарын орлого нэгдүгээр улиралд 2.6 хувиар буурсан. Эдгээр үзүүлэлтээс худалдаа үйлчилгээний салбар хэрхэн муудсаныг харж болох юм. Үүнээс гадна аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа саарсны улмаас зочид буудлын салбарын орлого оны эхний улиралд 35.3 тэрбум төгрөгөөр буюу, хоёр дахин буурсан байна. COVID-19 цар тахланд дээрх салбар хамгийн их нэрвэгджээ. Эдгээр салбарт валютын ханш гүнзгий нөлөөлсөн хэвээр байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хими цэвэрлэгээний газруудын орлого 30-70 хувь буурчээ

 0 сэтгэгдэл
  • Хоёрдугаар сараас эхлэн үйлчлүүлэгч ихтэй, ачааллаа дийлэхгүй явсаар өдийг хүрдэг байлаа. Гэтэл энэ жил коронавирусээс болоод үйлчлүүлэгч 30-40 хувь буурсан тул орлого тэр хэмжээгээр багассан

    Зочид буудлууд үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь орлогод ихээхэн нөлөөлжээ

    Манай сонин дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас болж жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллгааны талаар цуврал сурвалжилга бэлтгээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ удаагийн дугаартаа хими цэвэрлэгээний газруудыг онцолж байна. Хувцас хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ учраас тус салбарынхны орлогод үзүүлэх нөлөө бусад салбартай харьцуулахад харьцангуй бага гэж бодож байтал бодит байдал дээр 30-70 хувь буурсан байв. Орлого буурах гол шалтгаан нь үйлчлүүлэгч багассанаас гадна зочид буудлуудын үйл ажиллагааг зогсоосон нь шууд нөлөөлсөн хэмээлээ. “Метро экспресс” хими цэвэрлэгээ 26 салбартай бөгөөд нийт 114 ажилтантай. Тус хими цэвэрлэгээний орлого 30-40 хувь буурчээ. “Уг нь хоёрдугаар сараас эхлэн үйлчлүүлэгч ихтэй, ачааллаа дийлэхгүй явсаар өдийг хүрдэг байлаа. Гэтэл энэ жил коронавирусээс болоод үйлчлүүлэгч 30-40 хувь буурсан тул орлого тэр хэмжээгээр багассан. Өдөрт олох орлого харилцан адилгүй тул цалингаа цагт нь өгч чадахгүй байгаа. Ажилчдаа цомхотголд оруулахгүй гэж хичээж байна. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилбэл цомхотгохоос өөр аргагүй. Түрээслэгч байгууллагууддаа хөнгөлөлт үзүүлэх хүсэлт гаргасан ч аль аль талдаа хүндрэлтэй байна. Нэг салбараа татан буулгахаар болсон. Нөхцөл байдал цаашид улам хүндэрвэл дараа дараагийн орлого багатай салбаруудаа татан буулгана” хэмээн “Метро экспресс” хими цэвэрлэгээний хүний нөөцийн менежер Р.Бямбадолгор хэлсэн юм. Хими цэвэрлэгээнүүдийн орлого олох оргил үе нь наймдугаар сараас тавдугаар сар хүртэл байдаг гэнэ. Мөн үйл ажиллагаа явуулаад 10 жил болж буй Japan express хими цэвэрлэгээний газрын орлого 70 хувь буурчээ. Тус хими цэвэрлэгээний үйлчилгээ хариуцсан захирал Б.Хишигдулам “Зочид буудлууд үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь орлогод ихээхэн нөлөөлж байна. Манайх томоохон зочид буудлуудтай гэрээтэй ажилладаг. Гэтэл коронавирусээс болоод хэвийн ажиллахгүй байгаа тул орлого 70 хувь буурсан. Ажилгүйчүүдийн тоог нэмэхгүйн тулд ажилчдынхаа цалинг цаг хугацаанд нь өгөхийг эрмэлзэж байгаа. Түрээсээ ерөөсөө хөнгөлөхгүй атлаа сар бүр нэхдэг. Нөхцөл байдал хүнд байхад түрээсээ өгч чадахгүй бол гар гэж дарамтлах болсон. Зун орлого багасдаг ч энэ жилийнх шиг ийм муу байж үзээгүй. Өдөрт 500 мянган төгрөгөөс буудаггүй байлаа. Гэтэл одоо тал хувьд нь ч хүрэхгүй байна” гэв. Харин “Нарта” хими цэвэрлэгээний орлого 50 хувь буурчээ. Эднийх 50 гаруй салбартай бөгөөд 100 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг. “Нарта” хими цэвэрлэгээний менежер С.Мандахгэрэл “Үнэхээр хэцүү байгаа. Цагаан сараас хойш ажилгүй шахам байна. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх байдлаар болгохыг л хичээж сууна. Ажилчдынхаа гэр бүлийг хоолтой байлгахын тулд цалинг нь тасалчихгүйг хичээж байна. Адилхан хэцүү байгаа учраас түрээсээ хөнгөлүүлэх талаар ярилцаагүй. Байгаагаа шавхаад, төлөх ёстой зүйлээ төлж байгаа. Коронавирусээс болоод иргэн болон байгууллагад 30-40 хувийн хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Манайх үйлдвэр, засварын газар, амралтын газар, эмнэлэг зэрэг газрын олон тоо ширхэгтэй хувцас цэвэрлэдэг. Хэрэгцээ байгаа учраас бие биедээ дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтран ажиллах саналыг дэвшүүлсэн нь энэ” хэмээлээ.