A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5327/

Европын хөлбөмбөг эргэн ирлээ

Европын хөлбөмбөг эргэн ирлээ

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5327/
  • Хөлбөмбөгчид гоолын баяраа тэмдэглэхдээ хүртэл хоёр метр зай барих дүрмийг баримталжээ

Коронавирусийн цар тахлын улмаас сар гаруй зогссон Европын хөлбөмбөг эхнээсээ эргэн ирж байна. Өмнө нь БНСУ болон Беларусь, Никарагуа зэрэг хэдхэн улс хөлбөмбөгийн лигээ үргэлжлүүлж байсан. Харин энэ удаа Европын ТОП таван лигийн нэг Германы Бундеслиг эрсдэлийг үл хайхран тоглолтуудаа үргэлжлүүлэхээр шийдсэн нь спортын хорхойтнуудад барьсан том бэлэг байв. Нөгөөтэйгүүр бусад улсын лигүүдэд ч итгэл найдвар төрүүлсэн гэж болно. Гэхдээ Бундеслиг асар их бартаа саад туулан байж тоглолтоо явуулж байна. Нэг дор олон хүн бөөгнөрөхгүй байх дүрмийн дагуу тамирчид хэд хэдэн автобусанд хуваагдан цэнгэлдэхэд ирснээс гадна вирусийн шинжилгээ өгч, халуунаа үзүүлсний эцэст тоглолтод оролцох эрхтэй болсон. 

Мэдээж үзэгчгүй цэнгэлдэхэд тоглолтууд явагдсан бөгөөд ердөө 213 хүн дотогш нэвтрэх эрхтэй байв. Үүнд хоёр багийн тамирчин, дасгалжуулагч, бөмбөг зөөгч нийлсэн 98 хүн, шүүгч, харуул хамгаалалт, эмнэлэг, хэвлэл мэдээллийн 113 хүн багтсан. Харин видео шүүлтэн дээр ажиллах 119 хүн цэнгэлдэхийн гадна байршжээ. Багийн албаныхан болон сэлгээнийхэн хоорондоо зайтай сууснаас гадна бүгд маск зүүх ёстой. Мөн бөмбөгийг тоглолт эхлэхийн өмнө болон завсарлагаанаар тогтмол ариутгаж байв. Сэтгүүлчид ярилцлага авахын тулд тухайн хүнээсээ зайтай зогсож, сунадаг урт микрофон ашигласан бол хөлбөмбөгчид гоолын баяраа тэмдэглэхдээ хүртэл хоёр метр зай барих дүрмийг баримталжээ. Өмнө нь гоол оруулсан нэгэн дээрээ гүйлдэн очиж, дээрээс нь бүчин авдаг байсан дүр зураг өөрчлөгдөж, хоёр метрийн зайнаас нэгэндээ баяр хүргэх нь их л содон харагдаж байв. 

Үзэгчгүй тоглолт давсгүй хоол мэт санагдаж байсныг хөлбөмбөгийн экспертүүд энэ үеэр ярьж байв. Тухайлбал, Английн шигшээд тоглож явсан, өдгөө телевизийн аналистаар ажиллаж буй О.Харгривз “Фэнүүдгүй тоглолт үзнэ гэдэг хүндхэн юм байна” гэсэн бол BBC-гийн тоймч Ж.Чиверс “Дунд сургуулийн хүүхдүүд зааланд сагс тоглож байгаа юм шиг л санагдсан” гэжээ. Гэхдээ ямар ч байсан хөлбөмбөг цар тахлыг ялан дийлж, эргэн ирсэнд хүн бүр баярлаж байна. Ирэх зургадугаар сард Англи, Итали улс лигээ эхлүүлэхээр төлөвлөж, судалгаа хийсээр байгаа юм. Түүнчлэн сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг NBA улирлаа эргэн сэргээх арга замыг эрэлхийлсээр байна. Лигийн зүгээс багуудыг нэг хотод цугларуулж, тоглолтуудаа үзэгчгүй явуулахаар төлөвлөж буй. Одоогоор Орландо болон коронавирус хамгийн бага бүртгэгдсэн Лас Вегас хотууд лигийн тоглолтуудыг хүлээн авах хүсэлтээ илэрхийлжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Наранжаргал: Надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдахгүй юмсан гэж хичээж явна

  • Аав, ээжийнхээ, ард түмнийхээ, хайртай ханийнхаа бахархал дунд амьдармаар байна
  • Олон жил жүдогоор барилдсан хэрнээ олимп, дэлхийн аваргаас медаль авч чадалгүйгээр зодог тайлна гэж бодохоор харамсалтай санагдсан. Тиймээс харамсахгүйн тулд эргэн ирсэн
  • Юуны тулд махбодио, амьдралынхаа хагасыг золиослосон билээ. Олон хүний бахархал дунд амьдарч, хүнд хайрлагдан, түүнээсээ таашаал авна гэдэг чинь хамгийн том аз жаргал биз дээ

Монголын жүдо бөхийн спортын эмэгтэйчүүдийн хүнд жинд эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд тахалж яваа цөөн тамирчны нэг нь олон улсын хэмжээний мастер Ц.Наранжаргал билээ. 2018 оны Азийн наадмаас хүрэл медаль хүртсэний дараа дэвжээгээ түр хугацаанд орхисон тэрбээр өнгөрсөн улсын аваргаар дахин жүдодоо хөл тавьсан юм. Хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй Ц.Наранжаргал мастерын илэн далангүй яриаг сонирхоно уу.

-Та бол жүдод шинэ хүн биш. Хэсэг хугацааны завсарлагааны дараа их спортдоо эргэн ирлээ. Хэр хүнд байв?

-Яг үнэнийг хэлэхэд маш хэцүү байлаа. Шантарсан, ядарсан, яах гэж буцаад хүрээд ирэв дээ гэж бодох үе хүртэл байсан. Тэгээд жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсний дараа л бага зэрэг урам орсон. Надад боломж байгаа юм байна гэдгийг мэдэрсэн. Улсын аваргад барилдаж байхдаа өөрийгөө тэгтлээ суларчихаагүй, муудчихаагүй юм байна гэж бодсон. Ер нь хүүхдээ төрүүлээд амарч байх хугацаанд олон хүн намайг дахин барилдахыг зөвлөсөн, ятгасан. Монголын жүдо бөхийн холбоо, шигшээ багийн дасгалжуулагчид болон “Женко” клубын багш нар маань маш их дэм болсон. Улсын аваргад түрүүлбэл үндэсний шигшээ багт авна гэж хэлсэн юм. Би ч боломжийг алдахгүйн тулд өөрийгөө бүрэн дайчилсаны хүчинд улсын аваргад түрүүлж, нэг их удалгүй шигшээ багийн тамирчин болсон. Шигшээ багтаа орж цалин мөнгөтэй золгоно гэдэг амьдралд том нэмэр шүү дээ. “Женко” клуб маань намайг жирэмсэн байхад ч цалинг минь тогтмол өгч байлаа. Магадгүй тухайн үед намайг жүдодоо эргэн ирнэ гэж бодсон учраас цалинг минь таслахгүй өгч байсан болов уу. Тэднийхээ дэмээр би өнөөдөр дахин барилдаж байна. Хэрвээ ийм боломж олгоогүй бол би өдийд жүдог орхисон ч байж мэднэ.

-Хоёр жил гэдэг бага хугацаа биш. Энэ хооронд огт бэлтгэл хийгээгүй хүн төсөөрсөн байдаг шүү дээ. Таны хувьд?

-Бэлтгэлдээ орсноос хойш ердөө гурав хоногийн дараа самбо бөхийн улсын аваргад түрүүлсэн юм. Тэгээд түүнээс долоо хоногийн дараа жүдогийн улсын аварга болсон. Бүр шилдэг тамирчнаар тодорч билээ. Ер нь нэлээд төсөөрсөн байсан. Хөлөө ч хаана гишгэж байгаагаа мэдэхгүй. Гэхдээ 15 жил хичээллэсэн хүн туршлагаараа дотоодын том тэмцээндээ түрүүлж чадсан. Биеийн хүчнээс гадна сэтгэл зүй их нөлөөлсөн шүү. “Хэдийгээр төрсний дараа барилдаж байгаа ч би бусдыгаа бодвол олон жилийн туршлагатай шүү гэж бодсон. Цаашлаад самбоор түрүүлж чадсан юм чинь жүдогоор яагаад чадахгүй гэж” гэсэн сэтгэл зүйн асар том бэлтгэлтэй байсан учраас би дотоодын хоёр том тэмцээнд түвэггүй түрүүлсэн болов уу. Энэ жилийн улсын аваргад түрүүлээд сэтгэл маш ихээр хөдөлж, өөрийн эрхгүй баярын нулимс унагасан. Өмнө нь өчнөөн л түрүүлсэн. Гэхдээ энэ жилийнх шиг тэгж их сэтгэл хөдөлж байгаагүй. Түрүүлээд зогсохгүй шилдэг жүдочоор зарлахад өөрийн эрхгүй огшсон шүү.

-Хоёр жил завсарлаад тэмцээнд ороход арай өөр бодол, сэтгэхүйтэй болсон байна биз?

-Тэгэлгүй яах вэ. Тэс өөр болдог юм билээ. Хэрвээ би улсын аваргад түрүүлж чадахгүй бол спортоо бүрмөсөн орхиж, залуу тамирчдадаа зайгаа тавьж гэсэн бодолтой байлаа. Гэтэл түрүүлсэн учраас өөртөө итгэлтэй болсон. Дээрээс нь бүрмөсөн зодог тайлсныхаа дараа харамсахгүйн тулд эргэн ирсэн юм. Хүн харамсдаг юм билээ. Өдий олон жил жүдогоор барилдсан хэрнээ олимп, дэлхийн аваргаас медаль авч чадалгүйгээр зодог тайлна гэж бодохоор харамсалтай санагдсан. Тиймээс ямар ч байсан өөрийгөө дайчилж, боломжоо ашиглахыг хүссэн юм.

-Эргэн ирэхэд хамгийн хэцүү байсан хүчин зүйл юу вэ?

-Хүүхэд харах хүнгүй байх л хэцүү санагдсан. Харин одоо бол хоёр ээж минь хүүхэд харж, ар талыг найдвартай дааж яваа учраас санаа зовох зүйлгүйгээр бэлтгэлээ хийж байна. Ээж болсон найзуудынхаа зовлонг өөрөө ээж болсон хойноо л бүрэн ойлгож байна даа.

-Эргээд спортдоо орохдоо хэр их эсэргүүцэлтэй тулгарав?

-Эхэндээ ээж дургүйцсэн. Бас миний хань дуртай байгаагүй. Хүн хамгийн түрүүнд үр хүүхдээ л боддог юм билээ. Хүүхэд жаахан байхад орхиж тэмцээн орлоо, хүүхдээ өсгөж том болго. Чи ер нь залуу хүүхдүүдэд хожигдож онигоо болох хэрэг байгаа юм уу гэх мэтээр зөвшөөрөхгүй байсан. Харин би нөхөртэйгээ ганц л тохироо хийсэн. “Намайг самбо, жүдогийн улсын аваргад оруулчих. Түрүүлбэл миний бэлтгэл хийхийг, цаашид тэмцээнд оролцохыг битгий хоригло. Түрүүлж чадахгүй бол би сайн дураараа спортоо орхино” гэдэг дээр тохиролцсон. Ингээд би хоёуланд нь түрүүлж чадсан учраас одоо эсэргүүцэхээ больсон. Харин ч дэмжиж байна. Тэмцээн, уралдаанд явахад хоёр ээжээс гадна нөхөр маань хүүхдээ маш сайн хардаг. Гэхдээ хүний л ээж болсон хойно хаана ч явсан хүүхдээ санаж, санаа зовдог юм билээ.

-Их спортдоо эргэн ирснээс хойш анхны том тэмцээндээ оролцлоо. Тэр нь Парисын “Их дуулга” байсан. Энэ тэмцээний талаар дурсах уу?

-Сандарч үзээгүйгээрээ сандарсан, ядарсан, шантарсан. Тийм л тэмцээн болж өнгөрсөн дөө. Дэвжээн дээр гараад юу хийж байгаагаа ч мэдэхгүй байлаа. Хүүхдээ санахын хажуугаар ядарч, шантарч уйлж хүртэл үзлээ. Уйлж байхдаа “Би энд юу хийж яваа юм. Яагаад өөрийгөө ингэж зовооно вэ. Гэртээ хүүхдээ хараад, эрхлүүлээд хэвтэж байхгүй юунд дурлаж энэ хол замыг туулан ирэв” гээд л өөртэйгээ ярьж үзсэн. Тухайн үед хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа найз минь миний зүрхэнд итгэлийн галыг асааж өгсөн. Найзаасаа асар их урам зориг авсан шүү. Хэрвээ Д.Сумъяа маань байгаагүй бол тэр чигээрээ шантраад карьераа дуусгах ч байсан юм билүү, мэдэхгүй байна. Харин одоо бол бэлтгэлээ эрч хүч авч байна шүү дээ. Юун ядрах, шантрах. Улам л эрч хүчтэй болсноо мэдэрдэг. Тэмцээн хурдан болоосой л гэж бодох боллоо.

-Хоёр жилийн дараа дахин их спортдоо эргэн ирсэн Наранжаргал сандрахын зэрэгцээ баярласан болов уу. Тухайн үеийн сэтгэл хөдлөл ямар байсан бэ?

-Баярлалгүй яах вэ. Хамгийн гол нь надад итгэл өгч, том тэмцээнд авч явсан шигшээ багийн дасгалжуулагч нар их хүч өглөө. Намайг тэд заавал тэмцээнд явуулах албагүй. Хоёр жил завсарласан хүн форм муутай л байж таарна. Гэтэл тэр бүхнийг ажрахгүйгээр надад итгээд, намайг аваад явсан нь өөрөө маш том урам өгч байгаа хэрэг. Тиймээс үүнд их баярладаг. Ер нь надад итгэл хүлээлгэсэн олон хүн бий. Тэднийхээ итгэлийг л алдахгүй юмсан гэж хичээж явна. Итгэлийг нь алдахгүйн тулд өдөр бүр бэлтгэлээ эрч хүчтэйгээр хийж байна.

-Тэгвэл та спортоос хөндийрч байхдаа өөрийнхөө орон зайг алдахаас айж байсан уу?

-Миний биеийг төмрөөр хийгээгүй учраас би нэг л өдөр спортоо орхих нь тодорхой. Тиймээс миний араас залгамжилж буй дүү нар хурдан гарч ирээсэй гэж боддог. Намайг завсарлаж байх хугацаанд орлох өөр тамирчин гарч ирээд, би түүнийг үнэхээр дийлэхгүй бол зайгаа тавиад л өгнө. Надад тийм сэтгэл зүй байна. Хүний орон зайг булаах хүсэл ч байхгүй. Харин тухайн тамирчнаа тултал нь дэмжинэ. Түүнээс биш би заавал байх ёстой гэж зүтгэхгүй. Чадахгүй байгаа учраас, надаас илүү тамирчин гарч ирсэн учраас зайгаа тавьж өгөх нь миний үүрэг юм. Ийм бодолтой явдаг тул орон зайгаа алдахаас айгаагүй. Тиймээс жингийнхээ дүү нарыг цаг хугацааг сайн ашиглаж, бэлтгэл тултал нь хийж дэлхийн дэвжээнд амжилт үзүүлээсэй гэж хүсдэг.

-Коронавирусийн хорио цээр зарим тамирчинд хүнд туссан байх. Гэтэл нэг хэсэгт нь маш том боломж олголоо гэж харж байна. Тэр тамирчдын тоонд та ч бас орно. Харин та надтай санал нийлэх үү?

-Шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар багшдаа “Хүмүүс коронавирусийг үзэж ядаж байна. Харин надад боломж олгосон юм шиг санагдаад эергээр хүлээж авч байгаа” гэсэн чинь багш “Чамд зориулаад олимп нэг жилээр хойшиллоо” гэж хэлсэн юм. Тэр үг миний толгойд шууд орж ирсэн. Энэ цаг хугацаа, орон зайг ашиглаад бэлтгэлээ сайн хийхийг эрмэлзэж байна. Надад маш том боломж олгож байна гэж харж байгаа. Хэрвээ хорио цээрийн дэглэм тогтоогоогүй байсан бол би 2020 оны олимпод оролцож амжихгүй ч байж мэднэ. Ядаж л багийн барилдаанд оролцож, нэг ялалт авах юмсан гэж чин сэтгэлээсээ хүсч, мөрөөдөж явлаа. Багийн барилдаанд бүхнээ дайчилдаг нь миний унаган зан юм. Тэгвэл одоо хувийн амжилтаа ч, багтаа ч том хувь нэмэр оруулах боломж нээгдэж байна.

-Гурван Азийн наадмаас дараалан медаль авсан жүдоч Монголд танаас өөр байдаггүй юм билээ. Тэгэхээр олимп, дэлхийн аваргаас медаль аваад зодог тайлаасай гэж хүсдэг хүмүүсийн нэг нь би юм. Дээр дурдсан хоёр тэмцээн таны ойрын зорилго мөн биз?

-Тэгэлгүй яах вэ. Зөвхөн олимп, дэлхийн аварга гэлтгүй дахиад нэг удаа Азийн наадамд зодоглох юмсан гэж шунаж байна. Тэгэхээр боломж гарвал 2022 оны Азийн наадамд барилдах хүсэлтэй. Мэдээж нэн түрүүнд олимпын эрхийн оноогоо цуглуулах хэрэгтэй. Азийн аваргад түрүүлмээр байна. Дараа нь олимпоос медаль авах тухай ярих нь зөв болов уу. Ямар ч байсан дээр дурдсан тэмцээнүүдэд амжилт үзүүлэхийн төлөө хичээх болно. Олимп, дэлхийн аваргаас медаль авч чадалгүй зодог тайлбал зөвхөн би ч биш миний эргэн тойрныхон, намайг дэмждэг ард түмэн харамсах биз. Тиймээс харамсахгүйн тулд бүхнээ зориулна даа. Би нэг л зүйлээс айж байна. Тэр нь надад итгэж байгаа энэ олон хүний итгэлийг алдах вий, урмыг нь хугалах вий гэдгээс айж байна.

-Ер нь та богино хугацаанд хувийн амьдралдаа өөрчлөлт хийж чадсан байна шүү. 2018 оны Азийн наадмаас медаль авсны дараа гэхээр?

-Азийн наадмын дараа дэлхийн аваргад оролцсон. Тухайн жилийн дэлхийн аваргаас медаль авах юмсан гэх том зорилготой байлаа. Тэр хэрээр биеэ барьж, сандарсан. Ингээд тэмцээнээ дуусгасны дараа өдий олон жил барилдсан хэрнээ олимп, дэлхийн аваргаас медаль авч чадаагүйдээ сэтгэлээр унаж, гутарсан. Тэгээд ер нь л спортоо орхиж, өөрийнхөө боловсролд анхаарч, хөгжүүлье гэж бодсон. Том тэмцээнүүд дууссан учраас хэсэг хугацаанд тархи толгой, биеэ амраахаар шийдсэн. Тэр амралтын үеэр л хүүхэд минь бэлэг болж ирсэн байсан, маш их баярлаж хүлээн авсан. Жирэмсэн болсон хойноо дахиж барилдахгүйгээр шийдсэн ч үүнээс өөр чадах зүйл байгаа билүү гэж бодсон. Монголд үнэндээ барилдахаас өөрөөр ажил хийж амьдарч чадахгүй юм билээ. Тиймээс амжилтад хүрээд, сайхан амьдрахыг хүсч байна. Юуны төлөө махбодио, амьдралынхаа хагасыг зориулсан билээ. Эх орныхоо төлөө, сайхан амьдрахын төлөө л золиос гаргаж байна. Амжилтаа үзүүлж чадвал эх орон, аав, ээж, ард түмэн, хань ижил гээд бүгдээрээ л бахархана. Олон хүний бахархал дунд амьдарч, хүнд хайрлагдан, түүнээсээ таашаал авна гэдэг чинь хамгийн том аз жаргал биз дээ. 

-Ингэхэд жүдоч болоход таны бөхийн удам нөлөөлөв үү. Эсвэл та өөрөө тэгтлээ дурлаа юу?

-Би “Молиго бүргэд”-ийн хэмээх 1932 оны наадмын түрүү бөх, улсын арслан П.Бат-Очирын удам юм билээ. Аав минь тэр хүний зээ хүү. “Молиго бүргэд” гэх хүн 43 насандаа улсын наадамд түрүүлсэн. Тэгвэл энэ удмын бөх улсын начин А.Алтанхуяг ч мөн 40-өөд насандаа улсын цол авсан шүү дээ. Тэр утгаараа манай удмынхан нас тогтсон хойноо амжилт гаргадаг юм байна гэх бодол төрсөн. Харин миний амжилт гаргах нас одоо л болж байх шиг. Ийм бодол өөрийн эрхгүй төрж, өөрийгөө тайтгаруулж явдаг. 2004 оноос жүдод хөл тавьсан. Тухайн үед спортын төв ордны хоёр давхарт нэг заалны хаалга онгойлгоход Ш.Цэвэлмаа багш угтсан. Аав минь миний ихэр Нарантогтох бид хоёрыг дагуулж очиж, багшид шавь оруулж байлаа. Энэ цагаас хойш л хоёргүй сэтгэлээр жүдод зүтгэсний ачаар чамлахааргүй амжилт гаргалаа. Одоо олимп, дэлхийн аваргаас л медаль авах үлдсэн дээ. Миний ихэр Нарантогтохын хувьд байлдааны самбоор багагүй амжилт үзүүлсэн.

-Эмэгтэй хүүхдийг барилдана, бокс тоглоно гэхээр эцэг, эхчүүд дургүйцдэг. Таны аав, ээж бас тэдний нэг байсан уу?

-Анхнаас нь л дэмжиж ирсэн. Ямар сайндаа л аав минь намайг анх барилдаж эхлэхэд өглөө бүр гүйлгэж, хичээлд явахаас өмнө өглөө бүр гар дээр суниалт 50, гэдэс таталт 50, нуруу таталт 50-ыг хийлгэдэг байлаа. Аав минь 10 гаруй жил энэ дасгалаа хийлгэсэн дээ. Бас уул өөд гүйлгэнэ. Ер нь багш шиг л бэлтгэл хийлгэнэ. Монголд болсон бүхий л тэмцээнд дагаж явна. Аав, ээжийнхээ дэмжлэгийн хүчинд л би өдий зэрэгтэй яваа юм. Манай жүдочдын олонх нь миний аавыг мэднэ. 

-Тэмцээн болохгүй ч бэлтгэлээ тогтмол хийж байгаа байх. Өдрийн хэдэн цагийг бэлтгэлд зарцуулж байна вэ?

-3-4 цагийг хүчний бэлтгэлдээ зарцуулж байна. Жүдогоор барилдахын тулд хүчний бэлтгэл маш чухал. Тиймээс Golds клубт Б.Мөнхбаяр багшийнхаа удирдлага дор хүчний бэлтгээл базааж байна. Багшийнхаа ачаар хүч маань ахиж, бэлтгэл ч их таарч байгаа учраас баярлалаа гэж хэлье. Харин шигшээ багийнхантайгаа нэгдэж чадаагүй л байна. Тэд хөдөө цугларалтад гарсан байгаа. Би удахгүй араас очно. Ар гэртээ санаа зовохгүйгээр бэлтгэл хийх нь чухал. Тиймээс хүүхэд харах хүнтэй болсны дараа шигшээ багийнхаа жүдочидтой нэгдэнэ.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Хүссэн зорилгодоо хүрч олимп, дэлхийн аваргаас медаль авахыг хүсье?

-Баярлалаа. Намайг өнөөдрийг хүртэл дэмжсэн гэр бүлийнхэн, Монголын жүдо бөхийн холбоо, “Женко” клуб, шигшээ багийнхан, Golds клубын хамт олон, дасгалжуулагч Г.Энхбаяр, Ш.Цэвэлмаа, хүчний багш Б.Мөнхбаяр, шигшээгийн дасгалжуулагч нартаа маш их баярлалаа гэж хэлье. Та бүхний надад итгэсэн тэр их итгэлийг амжилтаар хариулж, дааж явахын төлөө хичээх болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Турбо” Тимо

  • Германы “Лейпциг” клубийн довтлогч Тимо Вернер. Өдгөө 24 настай тэрбээр “Челси”-д 47.5 сая фунтээр ирж байгааг томоохон хэвлэлүүд мэдээлсэн. Таван жилийн гэрээ байгуулсан түүнийг “Ливерпүүл”, “Манчестер Юнайтед” зэрэг клуб сонирхож байсан ч эцсийн мөчид Лондонд ирлээ. Түүний хувьд долдугаарт сараас багтайгаа нэгдэж, бэлтгэлд хамрагдах юм

Лондоны “Челси” клуб тун оновчтой наймаа хийж, хэрэгтэй тоглогчоо элсүүлж чадсан тухай дэлхийн хэвлэлүүд дуу дуугаа авалцан бичиж байна. 2020-2021 оны улиралд тус баг шинэ өнгө төрхтэйгээр эргэн ирэх бөгөөд язгууртнуудтай нэгдсэн хоёр тоглогч олны анхаарлыг татаж байгаа юм. Тэдний нэг нь Германы “Лейпциг” клубийн довтлогч Тимо Вернер. Өдгөө 24 настай тэрбээр “Челси”-д 47.5 сая фунтээр ирж байгааг томоохон хэвлэлүүд мэдээлсэн. Таван жилийн гэрээ байгуулсан түүнийг “Ливерпүүл”, “Манчестер Юнайтед” зэрэг клуб сонирхож байсан ч эцсийн мөчид Лондонд ирлээ. Түүний хувьд долдугаарт сараас багтайгаа нэгдэж, бэлтгэлд хамрагдах юм. “Челси”-гийн “Шинэ од” хэмээх тодорхойлолтыг хэдийн авсан герман үндэстэн Тимо Вернерийн талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

Вернэр цэвэр цусны Герман үндэстэн

Тимо Вернер 1996 оны гуравдугаар сарын 6-нд Германы Штутгарт хотод төрсөн. Өнөө цагт цэвэр цусны герман үндэстэн ховордсон аж. Тэгвэл Вернер цэвэр цусны немц гэдгээрээ үргэлж бахархаж явдаг гэнэ. Энэ тухайгаа хоёр жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаад “Хаана ч үүнийгээ тунхаглаж явна” хэмээн ярьжээ.

17 настай хүү мэргэжлийн лигт хөл тавьсан нь

Тэр багаасаа л спортод дуртай байсан нэгэн. Спортод хорхойтой болоход аав нь хамгийн их түлхэц үзүүлсэн гэдэг. Түүнийг аав нь байнга ууланд гүйлгэж, биеийн хөгжилд нь ихээхэн анхаардаг байж. Энэ бол Вернерийн тамирчин болох эхлэл юм. Улмаар 17 настайдаа Бундеслигийн “Штутгарт”-ын бүрэлдэхүүнд багтсанаар аавынхаа мөрөөдлийг биелүүлсэн. Аав Гюнтер Шух нь бас хөлбөмбөгийн тамирчин байсан учраас хүүгээ маш ихээр дэмжсэн хэрэг.

Мэргэжлийн тамирчин болсон ч боловсролоо хаяагүй

Вернер мэргэжлийн хөлбөмбөгчин болохоосоо өмнө ахлах сургуулиа төгссөн байна. Өсвөр насандаа мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавьсан л бол ихэнх нь сургуулиа хаях, эсвэл завсарлаж байгаад хожуу төгсдөг. Тиймээс ахлах сургуулиа төгссөн тоглогч нэр хүндтэйд тооцогдоно. Энэ бүхэн түүний боловсролд маш их анхаарал хандуулдаг ээжийнх нь гавьяа юм. Ахлах сургуулиа төгссөн нь түүний залуу тоглогчдоос ялгарах онцлог ажээ.

Түүний эзэмшдэг амжилт

Вернер 17 нас 249 хоногтой Бундеслигт гоол оруулсон хамгийн залуу тоглогч болж байлаа. Мөн 22 нас 5 хоногтойдоо Бундеслигт 100 тоглолт хийсэн хамгийн залуу тоглогч юм.

 Марио Гомезын үнэнч фэн 

Тэр Германы шигшээгийн довтлогч Марио Гомезийг шүтдэг, түүний үнэнч фэн. Хөлбөмбөгт дурласан нь Гомезтой шууд холбоотой. “Хэрвээ Гомез байгаагүй бол Вернер хөнгөн атлектикийн тамирчин болох байсан биз” хэмээн аав нь ярьсан удаатай.

Турбо Тимо

Тэрбээр 100 метрийг 11.11 секундэд туулсан амжилтаараа “Турбо Тимо” хоч авчээ. Магадгүй энэ нь хөнгөн атлетикийн спортод дурлах шалтгаан болсон байх. Гэхдээ хүсэл мөрөөдөл нь өөр учраас түүнийгээ дагажээ.

Тэр энгийн байхыг л хүсдэг 

Вернер хөлбөмбөгийн талбайгаас бусад үед энгийн нэгэн байхыг илүүд үздэг. “Би даруухан хэвээрээ байж, бусадтай найзлахыг хүсдэг. Хэрэв би ямар нэгэн буруу зүйл хийвэл надаас айлгүй хэлж болно. Энгийн бүхэн хамгийн гайхамшигтай байдаг” хэмээн ярьсан байна.

Премьер лиг бол түүний мөрөөдөл

Тимо Вернер мэргэжлийн хөлбөмбөгт орсон цагаасаа л Английн Премьер лигт тоглохыг хүсдэг байлаа. Гэхдээ тэр “Манчестер Юнайтед”-ын шүтэн бишрэгч бөгөөд хэзээ нэгэн цагт энэ багт тоглох зорилго тавьжээ. Гэтэл өнөөдөр тэр “Челси”-тэй нэгдсэн. Магадгүй үүний дараа хүсэн хүлээсэн “Чөтгөрүүд”-ийн эгнээнд нэгдэж мэдэх л юм.

Тэр найз бүсгүйтэй, бүсгүйгүй

Уг нь Вернер Германы загварын ертөцөд цахиур хагалж яваа фитнесс загвар өмсөгч Жулиатай үерхдэг. Хосууд 2013 оноос хойш өнөө хүртэл үерхэж байгаа ч дунд нь гурван удаа ч хоёр тийш болжээ. Тиймээс зарим хэвлэлд түүнийг ганц бие гэж тодотгодог. Тимо Вернер найз бүсгүйнхээ талаар “Тэр Германы хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй биш байж болно. Гэхдээ хамгийн чухал нь сэтгэл” хэмээн хэлсэн байдаг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголын залуус олимпын эрхийн тэмцээнд “А” хэсгийг тэргүүлнэ

  • С.Тулга: Бид бэлтгэлээ хийж байгаа
  • Монголын шигшээ баг “А” хэсгийг тэргүүлэх ба манай залуустай Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ нэг хэсэгт багтжээ

Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпын наадамд оролцох эрх авсан. Эмэгтэйчүүд олимпын наадамд амжилт үзүүлэхээр бэлтгэлээ базааж байгаа бол эрэгтэйчүүд эрхийн төлөө өрсөлдөнө. Дэлхийн топ найман багийн нэгд зүй ёсоор тооцогдож буй манай залуус 2021 оны тавдугаар сард Австрийн Вена хотод олимпын эрхийн төлөө өрсөлдөх юм. Уг тэмцээний хуваарийг Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос албан ёсоор баталсан бөгөөд Монголын шигшээ тус тэмцээнд оролцож багуудыг чансаагаар тэргүүлэн “А” хэсгийг толгойлохоор болов. Манай залуустай Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ нэг хэсэгт багтжээ. 3х3-ынханд ердөө ганц боломж байгаа нь энэхүү Австрийн тэмцээн юм. Энэ талаар дасгалжуулагч С.Тулгаас тодрууллаа.

-Олимпын эрхийн тэмцээний тов гарчээ. Тамирчдын бэлтгэл хэр байна вэ?

-Дэлхийн том тэмцээнд “А” хэсгийг тэргүүлнэ гэдэг нэр төрийн хэрэг. Бидэнд улам их хариуцлага оногдож байна гэсэн үг. Манай багийнхан коронавирусийн цар тахлын үед ч бэлтгэлээ тасал дуулаагүй. Одоо ч хийж байгаа. Эмэгтэйчүүд маань эрхээ авсан учраас эрэгтэйчүүдээ ч гэсэн Токиод хармаар байна. Тиймээс 3х3-ын төлөө сэтгэл зүрхээ зориулдаг бүх хүн чармайж байгаа.

-Тамирчид энэ жил ямар нэгэн тоглолтод оролцох болов уу?

-Хараахан шийдээгүй байна. Тэмцээн, уралдааны хуваарь ч эцсийн байдлаар батлагдаагүй. Тиймээс одоохондоо бэлтгэлээ л сайн хийж байя.

-Олимпын эрх авна гэдэгт хэр найдаж байна вэ?

-Найдалгүй яах вэ. Дэлхийн чансаанд дээгүүр эрэмбэлэгдэж байгаа баг шүү дээ. Монголын ард түмэн маань их итгэл найдвар хүлээлгэж байна. Тиймээс бүхнээ зориулахаас өөр аргагүй. Сайхан мэдээтэй уулзана гэдэгт итгэлтэй байгаа шүү.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Их буучид”-ын хар өдрүүд хэзээ дуусах вэ

  • Тэд хамгийн сүүлд 1995-96 оны улиралд Аваргуудын лиг, Евролигийн эрхгүй хоцорч байлаа
  • "Их буучид" "Брайтон"-д хожигдсоны дараа хүснэгтийн 10 дугаар байр руу ухарч, зургадугаар байрт жагссан багаас зургаан оноо дутуу болов

Хөл хорио тогтоосны улмаас завсарласан Английн Премьер лиг 101 хоногийн дараа эргэн ирсэн. Лиг эргэн ирснээс хойш мэргэжилтнүүд төдийгүй хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж буй нэг баг нь Лондоны “Арсенал” юм. Багийн намтар, түүхийг сөхвөл арвин баялаг. Цагтаа Английн топ дөрвийн тоонд багтаж байсан “Их буучид” сүүлийн 3-4 улиралд дундаж баг болсон гэхэд хилсдэхгүй. Энэ бол хөлбөмбөг сонирхогчдын дүгнэлт. Дундаж гэх тодотгол авсан шалтаан нь тэд сүүлийн гурван улиралд дараалан аваргуудын лигийн эрх авч чадаагүй. Энэхүү хар цувралдаа цэг тавихаар 2019-2020 оны улирлыг эхлүүлсэн ч тэдэнд зорилгоо биелүүлэх боломж дөнгөж 30 орчим хувьтай байна. Коронавирусийн цар тахлын улмаас олон сараар лиг завсарласан нь тамирчдын формд муугаар нөлөөлснийг багийн удирдлагууд ярьж байгаа бол зарим мэргэжилтэн “Арсенал”-д эрс шинэчлэл хэрэгтэй гэж буй. Багийн өмнөх дасгалжуулагч Арсен Венгер “Коронавирусийн цар тахал хөлбөмбөгийн ертөнцөд маш их хохирол авчирлаа. Бэлтгэл, амжилт, форм, хөрөнгө санхүү гээд бүх талаар хохирсон. Тэр хохирогчдын нэг нь манайх. Хэр хурдан хугацаанд сэргэлт авч, формдоо орохыг би хэлж мэдэхгүй байна. Манай баг формдоо ороход хүнд байгаа” хэмээн лиг эхлэхийн өмнө Quardian-д өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг.Тэгвэл энэ ярилцлагаас хойш тэд гурван тоглолтод дараалан ялагдахдаа нэгд нь доод лигийн багт 2:3-аар дийлдэх нь тэр. Тус багийн энэ ялагдлыг мэргэжилтнүүд төдий л тоогоогүй бөгөөд “бие халаалт” хэмээн тодотгоод өнгөрсөн билээ. Харин 29 дүгээр тойрогт “Манчестер Сити”-тэй тулахдаа 3:0-ээр хожигдсон юм.

Энэ тоглолтын дараа багийн хамгаалагч Дэвид Луиз “Өнөөдрийн хожигдолд би 100 хувь буруутай. Баг маань 10 хүнтэй үлдсэн гэхэд сайн тоглолоо. Дасгалжуулагч, багийн нөхөд маань сайн байсан ч би алдаа гаргасан. Тиймээс дараагийн тоглолтуудад алдаагаа засна” хэмээн ярьсан. Улмаар бямба гарагийн шөнө “Брайтон”-ы талбайд зочлохдоо 1:2-оор дахин хожигдох нь тэр. Уг тоглолтын дараа хүснэгтийн 10 дугаар байр руу ухарсан бөгөөд зургадугаар байрт жагссан багаас зургаа, дөрөвдүгээрт яваа багаас найман оноо дутуу үлдэв. Тоглолтын дараа дасгалжуулагч Микель Артета ярилцлага өгөхдөө “Бидний алдаа. Төгсгөлд хамгаалалтад маш том алдаа гаргасан нь өрсөлдөгчид боломж олголоо” хэмээжээ. “Их буучид” энэ тоглолтод хожигдсоноор Аваргуудын лиг, Евролигийн эрх авч чадах уу, үгүй юү гэдэгтээ тулж ирлээ. Английн Премьер лигийн улирал дуусхад найман тойргийн тоглолт үлдлээ. Аваргын төлөөх өрсөлдөөн хэдийн шийдэгдсэн бол Аваргуудын лиг, Европа лигт орох, доод лиг рүү унахгүйн төлөөх өрсөлдөөнүүд анхаарлын төвд хэвээр байна. Тэд Английн лигийг нэг ч ялагдалгүй дуусгаж байсан цор ганц баг боловч 1994-1995 оны улиралд лигтээ 12 дугаар байр эзэлсэн юм. Ингэснээр 1995-1996 оны улиралд аваргуудын лиг болон Евролигээс хасагдаж байлаа. Улмаар 1996-1997 оны улирлаас эхлэн Евро цомын тэмцээнүүдэд тогтмол өрсөлдсөн юм. Гэхдээ сүүлийн гурван улиралд аваргуудын лигээс мултарч, Евролигт өрсөлдөхдөө финалд хүртэл шалгарсан ч ялалт байгуулж чадаагүй билээ. Тэгвэл ирэх улиралд “Их буучид” Европын тавцанд тоглох уу, эсвэл багтаа эрс шинэчлэл хийгээд эргэн ирэх үү гэдэг нь анхаарал татаж байна. 1994-95 оны улирлаас хойш хамгийн тааруу амжилтаа үзүүлж буй “Арсенал”-ын үлдсэн найман тоглолтын хуваарийг хүргэе.

> Зургадугаар сарын 26

Саутхэмптон vs Арсенал

> Долдугаар сарын 2 

Арсенал vs Норвич

> Долдугаар сарын 5

Волверхэмптон vs Арсенал

> Долдугаар сарын 8

Арсенал vs Лейстер> 

Долдугаар сарын 12

Тоттенхэм vs Арсенал

> Долдугаар сарын 16

Арсенал vs Ливерпүүл

> Долдугаар сарын 18

Астон Вилла vs Арсенал

> Долдугаар сарын 26

Арсенал vs Уотфорд

Хоёр тойргоос ялалт авч чадаагүй “Арсенал” үлдсэн найман тоглол тоос багадаа таван хожил байгуулах ёстой. Магадгүй найм дараалан хожих үүрэг ч хүлээж мэднэ. Үлдсэн тоглолтуудынхаа дөрвийг нь талбай дээрээ хийх тус баг 1994-95 оны улиралд гаргасан анти амжилтаа давтах уу, эсвэл ядаж л Евролигийн эрхтэй үлдэх үү гэдэг нь долдугаар сарын 26-нд тодорхой болох нь. Нэмэлт мэдээлэл өгөхөд өнгөр сөн хоёр тоглолтод “Арсенал”-ын гурван тоглогч бэртлийн улмаас талбайг чөлөөлсөн. Магадгүй тэдний хувьд улирал дууссан байж мэднэ. Хаалгач “Брайтон”-ы эсрэг тоглолтод Лено хүнд гэмтэл авч улирлыг бүрмөсөн дуусгасан нь “Арсенал”-ын хамгийн том асуудал болов. Одоогоор түүний бэртлийн талаар тодорхой мэдээлэл гараагүй ч улирал дууссан гэдгийг Артета онцолсон байна.