A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2995/

Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг нэг удаа сонгох заалтыг дэмжив

Ерөнхийлөгчийг парламентаас сонгох АН-ын саналыг олонх дэмжсэнгүй

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2995/


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилж байна. Нийтдээ 60 багцын 150 зарчмын зөрүүтэй санал хэлэлцэх ёстойгоос өчигдрийн байдлаар 24 хувийг нь ярилцаж, байнгын хороонд шилжүүлээд байгаа юм.

Ээлжит бус чуулганы лхагва гарагийн хуралдаанаар гишүүд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хоёр заалтыг хэлэлцсэн. Эхнийх нь УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд “Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн байгаа. МАН-ын бүлгийн хурлаар энэ заалт дэмжигдэхгүй нь тодорхой болсон. Тэр ч үүднээсээ чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 75 хувь нь уг саналыг дэмжихгүй гэж үзэв. Харин үүний оронд эмэгтэй гишүүдийн зүгээс гаргасан саналыг зүтгүүлж буй юм.

Хэлэлцүүлгийн шатанд эмэгтэй гишүүд Ерөнхийлөгчөөр сонгох насны доод хязгаарыг 50 нас болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй санал оруулж ирсэн. МАН-ын бүлэг ч хурлаараа энэ заалтыг дэмжих тохиролцоонд хүрсэн. Зарим гишүүн энэ хоёр хувилбарт ялгаа байхгүйг шүүмжилж, үндсэн хуульд одоо байгаа хэлбэрээр буюу 45 нас хүрсэн иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжийг хэвээр үлдээх саналтай байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхийлөгчийн насыг 50 эсвэл 55 болгох нь ямар ч ялгаагүй. Хөгшин нь ухаантай, залуу нь тэнэг гэсэн үг биш. Үндсэн хуульд анх 45 нас гэж заасан нь манай монголчууд ахуйгаа мэдэж оруулсан заалт юм. Ажлын ачаалал даах чадварыг нь бодож оруулсан нас. Эмэгтэй гишүүд насны босгыг 50 гэж оруулж ирж байгаа нь У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрт зориулсан тоо. Анх 55 гэж оруулахад нь У.Хүрэлсүхийн нас хүрэхгүй учраас 50 болгож байна. МАН ингэж Үндсэн хуулийг улстөржүүлж болохгүй” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр насны хязгаарыг тодорхой ажил мэргэжлүүдэд оруулж ирсэн. Гол нь насны хязгаартаа бус ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, тухайн хувь хүний төлөвшлийг дээшлүүлэх зэрэгт бодит алхмууд гаргасан байгаасай гэж хүсэж байна. Нийгэм төлөвшиж чадаагүй, ёс зүйг нь шийдэж чадахгүй байгаа тохиолдолд тодорхой болзол шалгуурууд байх ёстой. Монголын төрд тодорхой ажил мэргэжил болоод мэдлэг боловсролын шалгуур тавигддаггүй гурван албан тушаал бий. Энэ нь баг, хорооны Засаг дарга, УИХ-ын гишүүд, дээр нь Ерөнхийлөгч. Нийгмийг манлайлах хүмүүст шалгуур тавих шаардлага байна” гэв.

Дээрх гишүүдийн санал бол Ерөнхийлөгчийн насыг тогтооход анхаарсан байв. Харин тус заалтад “...Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн үгс бий. Асуудлын гол үүнд бий. МАН-ын бүлэг Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дараагийн сонгуулиа боддог учраас улстөржилт даамжирч, төрийн ажил гацдаг гэж үзсэнээс нэг удаа зургаан жилээр сонгоно гэсэн үгсийг Үндсэн хуульд суулгахаар зүтгүүлэв. Үүнийг ч гишүүд шулуухан хэлсэн. Л.Оюун-Эрдэнэ “Үндсэн хуулийн өөрчлөлтийн чухал заалтуудын нэг бол яах аргагүй энэ мөн. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд, дахин сонгогдохын тулд Засгийн газрын ажилд оролцохоос өөр аргагүй болдог. Түүнээс болж Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, УИХ-тай муудалцаж, шүүх эрх мэдэлд оролцож асуудал үүсгэдэг. Тиймээс Ерөнхийлөгчийг дахин сонгож болохгүй байгаа юм” гэсэн. Мөн энэ заалтад “өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон иргэн дахин нэр дэвшихгүй” гэсэн агуулгыг оруулах санал ч гарсан. Энэ саналыг дэмжих магадлалтай гол шалтгаан нь өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс дахин сонгогдож, парламентыг бужигнуулдаг гэсэн тайлбартай. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг нар энэ саналыг найруулгын үед суулгаж болохыг хэлсэн юм.

Ингэснээр чуулганы хуралдаанд оролцсон 64 гишүүний 59 нь эмэгтэй гишүүдээс гаргаж, төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ) дэмжсэн “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн саналыг дэмжсэн юм. Харин О.Баасанхүү,  М.Оюунчимэг нарын гаргасан саналыг дараагийн шатны хэлэлцүүлэгт оруулж болохоор нээлттэй үлдээв.

Ерөнхийлөгчтэй холбоотой удаах заалт нь АН-аас гарсан “Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг уих гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын өргөтгөсөн хурлаар зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт юм. Үүнийг ТББХ дэмжээгүй. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат дэвшүүлсэн саналаа хамгаалахдаа “Монгол Улс парламентын засаглалтай. Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш. Гэтэл өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгож ирсэн нь эрх мэдлийн буруу хуваарилалт бий болгосон. Эрх мэдэл хуваагдаж болохгүй, түүнээс нь болж иргэд хохирдог байж бүр болохгүй. Парламентын гишүүдийг ард түмний төлөөлөл гэж үзэж байгаа. Аймаг, нийслэлд ч иргэдийн төлөөлөгчид ажиллаж байна. Тиймээс ардчилсан засаглалтай парламенттай л юм бол энэ заалтыг дэмжих ёстой. Ерөнхийлөгч парламенттай байнга зөрчилдсөөр ирсэн. Үүнээс сэргийлж зарим орнууд парламентаас Ерөнхийлөгчөө сонгож хөгжилд хүрч байна” гэсэн юм. Гишүүд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох эл заалтыг улс төрийн бүлэглэлүүдэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг өгөх санаархал гэж үзсэн бол МАН-ын бүлгийн Д.Хаянхярваа, Д.Ганболд нар АН-ын саналыг дэмжсэн байр суурьтай байв. Ингэснээр Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг нэг удаа сонгох заалт дэмжигдэж, парламентаас сонгох заалт унав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тусгай сангийн ₮ 84.9 тэрбумаас өөр хувийн секторыг дэмжих хөрөнгө алга

 0 сэтгэгдэл
  • Төсвийн орлогын бараг гуравны нэгийг нь уул уурхайн салбараас олохоор тооцоолсон
  • Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарын төрсөн нутаг, сонгогдсон аймаг Хэнтийд хэт их хөрөнгө оруулалт суусан бол, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Увс руу улсын мөнгийг урсгаж байгаа “хэрэгт” давхар унаж байна



Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы хуралдаанд хийсэн танилцуулгад дурдсанаар төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг. Инфляцитай уялдуулан цалин, тэтгэвэр, халамжийг нэмэхэд 327 тэрбум төгрөг, цөлжилтийг сааруулахад 6.5 тэрбум, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, гадаад сурталчилгаа хийхэд 8.1 тэрбум төгрөг төсөвт нэмж суулгаснаа танилцуулгын үеэр илүү тодотгосон. Бараг таван хуудас дүүрэх танилцуулгад харин ирэх жил хувийн секторт ажлын байрыг хэдээр нэмэх, хөдөлмөр эрхлэлтийг яаж дэмжих талаар ганц ч үг үсэг байсангүй. Тусгай сангуудыг нэгтгээд Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан хэмээн нэрийдсэн. Түүнд тусгасан 84.9 тэрбумаас өөр олон тулгуурт эдийн засгийг ингэж хөгжүүлнэ гэсэн ямар ч хөрөнгө тавиагүй байна. Харин төсвийн орлогын бараг гуравны нэгийг нь уул уурхайн салбараас олохоор тооцоолсон бөгөөд энэ нь 3.2 их наяд төгрөг. Мөн ААНОАТ-аас 1.9 их наяд, дотоодын барааны НӨАТ 1.3 их наяд, автобензин, дизель түлшний татвар 280.6 тэрбум, автомашины татвараас 264.4 тэрбум, гаалийн албан татвар 875 тэрбум, импортын барааны НӨАТ 1.8 их наяд, согтууруулах ундааны татвар 408.4 тэрбум, АМНАТ 1.3 их наяд, агаар бохирдуулсны төлбөр 44 тэрбум, газрын төлбөр 107.5 тэрбум төгрөг гэх мэтээр орло го бүрдүүлэх жагсаалт хөвөрнө. Харин зардал, тэр дундаа төсвийн хөрөнгө оруулалт тойрсон маргаан гишүүдийн дунд дэгдлээ. Жилийн жилд гардаг тойргийн хөрөнгө оруулалт дагасан гомдол энэ удаа ч давтагдав. Сайдууд өөрийн сонгогдсон тойрогт илүү хөрөнгө оруулалт суулгадаг хэмээн барьцдаг гишүүд Хэнтий, Увс аймгийг илүү онилж байна. Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарын төрсөн нутаг, сонгогдсон аймаг Хэнтийд хэт их хөрөнгө оруулалт суусан бол, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Увс руу улсын мөнгийг урсгаж байгаа “хэрэгт” давхар унаж байна. 

Төсвийн хөрөнгө оруулалтад гишүүдийн илэр хийлсэн байр суурийг хүргэе.
Д.Оюунхорол: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭДЭД ЯАЖ НААХ ВЭ ГЭДГЭЭ АНХААРААЧ 

-Мэдээж бид үр ашигтай, зөв зохион байгуулалттай төсөв бат-лах ёстой. Үүнтэй санал нийлж байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын бод лого тэгш бус, хуваа рилалт нь биш байгааг ойлгож байгаа байх. Эдийн засгийн өсөлтийг хүнд яаж наал дуу лах, айл өрхийн хаал гаар яаж оруулах вэ гэдэг дээр бод ло-гын хувьд эргэж хараач ээ. Мөн Хавдрын эмнэлгийн хөрөнгө оруу-лалт болох 19.9 тэрбум төг рөгийг зайлшгүй төсөвт тавих ёстой.


Д.Хаянхярваа: ХЭНТИЙД УЛСЫН ЧАНАРТАЙ БУС ХӨРӨНГӨ ₮142 ТЭРБУМ БАЙГАА НЬ “АРАЙ Ч ДЭЭ” ГЭМЭЭР 

-Төсвийн мөнгөөр хөрөнгө оруулах гэж байгаа зүйлсийг харахад бас “арай ч дээ” гэмээр зүйл байна. Энэ жил аймгуудын дундаж хөрөнгө оруулалт 30-32 хувь байхад зарим аймаг хэт өндөр байна. Жишээлбэл, Хэнтий аймаг 142 тэрбум төгрөг. Энэ бол улсын чанартай биш хөрөнгө оруулалт нь. Нэг хүнд ногдох хөрөнгө оруулалт 1.8 сая төгрөг гэсэн үг. Хөрөнгө оруулалтын дийлэнх нь Хэнтий аймагт байгааг гишүүд шүүмжилж буйтай санал нэг байгаа. Үүнийг хэлэлцүүлгийн явцад эргэн харах байх гэж бодож байна. Аялал жуулчлалыг ярьж, дэмжих ёстойг ойлгож байгаа ч хөрөнгө зарахгүйгээр хийх ажил байгаа гэдгийг бодох ёстой. Нэг газар тодорхой барилга барьснаараа аялал жуулчлалыг дэмждэг гэж бодохгүй байна. 


М.Энхболд: ЗУРАГ ТӨСВИЙН МӨНГӨ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЖ БАЙНА

-Энэ жил эдийн засаг 7.1 хувийн өсөлттэй байгаа. Гэтэл энэ хугацаанд ядуурал 1.2 хувь буурсан гэж Дэлхийн банк дүгнэсэн. Ийм үед иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, цалин тэтгэврийн нэмэгдлийг анхаарах нь зөв. Төсвийг нэмэгдүүлж байгаа нэг зүйл бол зураг төсөл. Энэ нь төсвийг 82 хувиар нэмж байна. 5-10 хувиар өсгөж болох ч 82 хувиар өснө гэдэг байж болохгүй зүйл.

Ш.Рандаасэд: МАХНЫ ЭКСПОРТЫГ ХОРЬСНООР МАЛЧДЫН ОРЛОГО БУУРЧ БАЙНА

-Мөнгө гаргахгүйгээр ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх асуудлыг орхиж байна. Тухайлбал, арьс, ширний үйлдвэрлэлүүд элгээрээ хэвтлээ. Ч.Улаан сайд гарч ирэхдээ их сайхан юм ярьсан ч одоо таг. Тухайлбал, махны үнийг бууруулахын тулд мал, махны экспорт бууруулсан. Энэ хэрээр малчдын орлого буурч байна. Мах нь үнэгүй, арьс шир нь хог дээр хаягдаж байгаа. Хөгжлийн банкны зарим нэг хөтөлбөрүүдийг зайлшгүй явуулах ёстой байна. 21/100 хөтөлбөр баталсан ч хэрэгжиж байгаа юм алга.

Б.Баттөмөр: УЛСААСАА БАЯН ХҮМҮҮС БАЙНА

-42 сая тонн нүүрс гаргана гэж Засгийн газар тооцоолжээ. Дэлхийн бизнесийн чиг хандлага тэнцвэр, зохицуулалт руу явах ёстой, үүнийг нь төр хийх ёстой. Баялгийн менежментээ маш сайн хийх ёстой юм. Бид менежментээ хийж чадахгүй байна. Хувийн хэвшлээ дэмжиж болно, тэгэхдээ менежмент сайтай, хөрөнгө татах чадвартай аж ахуй нэгжүүдээ дэмжих нь зөв. Ашигт малтмалын үр шимийг ард түмэн хүртэж чадахгүй байна. Баялгийн эзэд нь ядуурч, бага хэмжээний татвар төлөөд улсаасаа баян болсон хүмүүс байна. Баялгийн менежментээ зөв хийхгүй Монгол Улс цааш хөгжихгүй шүү гэдгийг тал талдаа бодох ёстой.

О.Содбилэг: ХҮНДЭЭ ЧИГЛЭСЭН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ

-Улсын төсвийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг Эрдэнэт хотод хөрөнгө оруулалт бага хуваарилагдаж байна. Улсын төсөвт өндөр татвар төлж, төлөвлөгөөгөө биелүүлдэг, хүн ам нь 100 мянга давсан хот. Хүн амын төвлөрөл ихтэй бүсийнхээ хүн рүү анхаарах хэрэгтэй. Бодлогын төсөв гэж ярьж байгаа ч хүн багатай газарт өндөр төсөв олгосон нь харагдаж байна. 2020 оны төсвийг хэрэгжүүлснээр манай намын мөрийн хөтөлбөр 95 хувь хэрэгжих боломжтой гэсэн ч тодорхойгүй. Бид мөрийн хөтөлбөртөө хүндээ чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ гэсэн боловч хаана хэрэгжих нь ойлгогдохгүй байна.















A

Жижиг

A

Дунд

A

Том

Авлигатай тэмцэх бус, тэтгэх тогтолцоотой Монгол Улс

 0 сэтгэгдэл
  • Монгол Улс авлигын индексээр сүүл мушгисаар буй шалтгааныг Хонконгийн АТГ-ын дарга асан Тони Квок боловсон хүчний дутагдал болон хуулийн орчныг тодорхой болгож өгөөгүйтэй холбон тайлбарлалаа. Гэтэл Азийн улсууд авлигын эсрэг хэрэгжүүлсэн аргаараа дэлхийд шагшигдаж байна
  • Авлига нүүрлэсэн тогтолцоогоо эрх баригчид өөд нь татах уу, иргэд өөрчлөх үү 
  • Төр засгаас авлигатай тэмцэх шийдвэртэй алхам хийхгүй бол авлигыг үл тэвчсэн иргэдийн шийдсэн үйлдэл нийгмийг орвонгоор нь өөрчлөх тохиолдол бий
  • Сингапурын Ерөнхий сайд дотны найздаа ингэж хандаж байгаа юм чинь бидэнд ямар ч аврал үгүй юм байна гэх айдсыг авлигачдад төрүүлж чадсан юм 
  • Хонконгийн АТГ-ын мөрдөн байцаагчид нь сэжигтнээ саатуулах, хилийн хориг тавих бүрэн эрхтэй. Гурван сарын хугацаанд хэргийн 50 хувийг, жилийн дотор 90 хувийг илрүүлээгүй бол дотоод хяналтдаа шалгуулахад хүрдэг

    Дэлхийн улсуудын авлигыг 100 онооны системээр үнэлж, 50-иас доош оноотой оронд авлига ноцтой хэмжээнд нүүрлэсэнд тооцдог. Өнгөрсөн онд 88 оноогоор Дани улс тэргүүлсэн бол 10 оноогоор Сомали 180-д буюу адгийн байрт орсон. Тэгвэл энэхүү индексээр Монгол Улс 2013 оноос хойш 36-38 оноо авч сүүл мушгисаар ирлээ. Энэ түвшинд үнэлэгдсэн орнуудын түгээмэл зураглал бол эрх баригчид, тэдний хүрээллийн цөөн хэсэг хэт хөрөнгөжиж, харин олонх нь ядууралд өртдөг байдал юм. Үүнийг залруулахын төлөө тэдгээр хөрөнгөжсөн улстөрч, шийдвэр гаргагчид хуруугаа ч хөдөлгөлгүй, гацсан байдалтай олон жилийн нүүр үзлээ. Олон нийт ч Монгол Улсыг дэлхийд шившиглэсэн энэ байдалтай эвлэрч, хөмөрсөн тогоон дотроо хөрөнгөжсөн хүмүүсийнхээ өнөөх аргаар өчүүхэн амиа хоохойлохын төлөө тэмцэлдэнэ. Уг нь албан тушаалын төлөө тэмцэлдэх бус авлигатай тэмцвэл өнөөдрийн Дани, Шинэ Зеланд шиг иргэн бүр дунджаас дээгүүр орлоготой болж, эх орондоо амар тайван амьдрана гэдгийг хэзээ ойлгох бол.

ХОНКОНГ “ЖАРААХАЙ” БИШ “ТУЛ ЗАГАС”-ТАЙ ЭХЭЛЖ ТЭМЦЖЭЭ Өнөө цагийн авлигын аранга болсон улс бол өмнөд хөрш маань. Хятадын төрийн дээд удирдлагуудын дундах авлигын сүлжээг задалсан Ши Жиньпиний “Барын ав” ажиллагааны талаар дэлхий нийтээрээ шагшиж байна. Намын хурлаар хийдэг боловсон хүчний тохиролцоо, хурлын өмнөх улс төрийн нөхцөл байдал, “барын ав” буюу хүчний байгууллагуудад хийсэн цэвэрлэгээ зэргийг тодорхой хэргүүдээр жишээлж бичсэн номыг манай АТГ-ынхан орчуулуулж цөөн тоогоор хэвлүүлээд, хууль хяналтынхан болон улс төрийн зарим хүрээлэлд тараасан юм. Гэхдээ энэ номын тухай биш, Хятадын нөлөөгөөр Хонконг дахь авлигыг цэгцэлсэн зарим жишээнээс сонирхуулъя. 1960-1970-аад оны үед Хонконгод авлига хэвийн үзэгдэл болтлоо цэцэглэн хөгжсөн байв. Наад захын жишээ нь сар бүр таксины жолооч нар цагдаад хоёр долларын авлига өгч тусгай дүрстэй наалт авдаг байв. Түүний автомашиныхаа шилэнд наагаад хаана ч, яаж ч дүрэм зөрчиж болдог байлаа. Мөн хүүхэд төрүүлэхдээ эмнэлэгт эсэн мэнд амаржихийн тулд авлига өгч эхлээд, үхэхдээ оршуулгын газарт гайгүйхэн үйлчилгээ авах хүртлээ яг Монголын өнөөгийн нийгэм шиг амьдралынхаа турш “гар цайлгах” шаардлагатай тулгардаг байжээ. 1974 онд Хонконгод Авлигатай тэмцэх газар (ICAC) байгуулав. Тэд авлигын хэргийг ганц нэгээр нь илрүүлээд үр дүнгүйг ойлгож, шууд зохион байгуулалттай гэмт бүлгийн араас явжээ. Ингэж эрчимтэй ажиллаж, илрүүлсэн хэрэгтнүүдэд хуулийн хатуу шийтгэл оноосоор ердөө гурван жилийн дотор цэгцэлж чадсан гэж хэлэхэд болно. Манай АТГ шиг “спорт загасчлал” хийх, “жараахай барих” бус шууд “тул” шүүрч, үндсийг нь таслан зогсоосон нь энэ аж. Гэхдээ амжилтын нууц нь хараат бус байдалтай шууд холбоотой.  ICAC-ийн даргыг Бээжингээс томилдог. Түүнд Хонконгийн Ардын хурлын гишүүд, төрийн удирдах албан тушаалтнууд нөлөөлөх ямар ч боломжгүй, АТГ-ын дарга Ерөнхийлөн захирагчдаа л ажлаа танилцуулдаг аж. Ардын хурлын нэгэн гишүүн Ерөнхийлөн захирагч руу “Танай АТГ-аас намайг мөрдөөд байна” гэж  и-мэйл илгээснийхээ төлөө мөрдөн байцаалтад нөлөөлөхийг оролдсон үндэслэлээр хоёр жилийн ял авсан түүх бий. Ингэж цэгцлэхдээ төрийн албан хаагчдыг ч хамруулав. Тухайлбал, барилгын зөвшөөрөл олгосон компанид эхнэрээ өндөр цалинтай ажилд оруулсан түшмэл, ханган нийлүүлэх гэрээ байгуулсан менежер, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг нууц амраг бүсгүйнхээ зуучлалаар чирэгдэлгүй олгодог байсан этгээд, хамаарал бүхий хүндээ тендер олгосон дарга гээд шат шатны төрийн үйлчилгээнийхэн торны цаана сууж байв. Тэр бүү хэл, ажлаа бүтээлгэснийхээ төлөө биеэ үнэлэгч “бэлгэнд авсан” “хурган” дарга нэг жил шоронд сууж, төрийн албанд ажиллах эрхээ хасуулж байсан жишээ бий. АТГ-ын мөрдөн байцаагчид нь сэжигтнээ саатуулах, хилийн хориг тавих бүрэн эрхтэй. Гурван сарын хугацаанд хэргийн 50 хувийг, жилийн дотор 90 хувийг илрүүлээгүй бол дотоод хяналтдаа шалгуулахад хүрдэг. Тиймээс хэргийг хөөн хэлэлцэх хугацааны жишиг нь хуульд заагдаагүй ч нэг жилийн дотор шийдвэрлэсэн байхаар шуурхайлдаг. Хонконгийн 170 мянган төрийн албан хаагч толгой дараалан хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх албагүй аж. Харин тэднийг АТГ-ын 1400 ажилтан хараанаасаа салгалгүй ажиглаж, автомашинаа солих, шинэ байранд орох гэх мэт хөрөнгийн хөдөлгөөн бүрт нь шалгалт хийдэг байна. Энэ мэт олон жишээг Хонконгийн АТГ-ын даргаар ажиллаж байсан ноён Тони Квок ярьсан юм. Тэрбээр дэлхийн 26 оронд Хонконг хэрхэн авлигаас ангижирсан түүхээр илтгэл тавьсан ба Азийн сангийн төслийн дагуу 2007 онд анх Монголд ирж ажиллаж байв. Хамгийн сүүлд 2010 онд ирснээс хойш есөн жилийн дараа буюу энэ сарын 10-нд манай хууль хяналтынханд сургалт хийхээр ирэх үедээ Монгол Улсын авлигатай тэмцэх ажиллагаа нэгэн хэвийн, амжилт багатай яваа нь Монгол Улсын 30-хан мөрдөн байцаагч АТГ-т ажиллаж, мөн хуулийн орчин бүрхэг байгаатай холбон тайлбарласан юм. Мөн мөрдөн байцаагч, прокурорынхон хэргийг шуурхай илрүүлж, яллах дүгнэлт хийсэн ч шүүх шударгаар шийдэхгүй бол энэ ажил хэзээ ч үр дүнд хүрэхгүйг тэрбээр анхааруулж байлаа. Азийн зарим улсад 200 хэрэг “боож” шүүхэд шилжүүлэхэд дөнгөж 20-ийг нь шийдвэрлэсэн үзүүлэлт байгаа нь авлигатай тэмцэх сонирхолгүйн жишээ гэдгийг Тони Квок онцолсон юм. Харин манайд 2016 онд 25, 2017 онд 46, өнгөрсөн жил 37 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн тоон мэдээтэй байна. 

ОЛОН УЛСЫН ЖИШИГ БА МОНГОЛ Авлигын индексээр эхний дөрөвт ордог улс бол Сигапур. Азийн улсуудаас хамгийн анх буюу 1952 онд Авлигын үйлдлийг мөрдөн шалгах товчоо (CPIB) байгуулж ажиллав. 1965 онд тусгаар улс босныхоо дараа Ерөнхий сайд асан Ли Куан Ю-гийн дотны найз, орон сууцны асуудал хариуцсан сайд нь авлигын хэрэгт холбогдож байлаа. Гэр бүлийн найз тул хэрэгт орооцолдсон сайдын эхнэр ноён Ли-гийн гэрт ирээд, найзыгаа аврахыг гуйсан аж. Харин Ерөнхий сайд “Та нөхрөө авлига аваагүй гэдэгт итгэж байна уу” гэж асуужээ. Эхнэр нь ч “тийм” гэж. “Тэгвэл шалгуулаад гараад ирэхийг нь хүлээе” хэмээн хэлсэн гэдэг. Харамсалтай нь авлигын хэрэг нотлогдож, Ли Куан Ю-гийн дотны найз уучлал хүссэн захидал бичээд амиа хорлосон юм. Уг захидлыг одоог хүртэл Сингапурын CPIB-ын сайтад байршуулсан байдаг. Энэ явдал авлигын хэргийг огцом хумив. Ерөнхий сайд дотны найздаа ингэж хандаж байгаа юм чинь бидэнд ямар ч аврал үгүй юм байна гэх айдсыг авлигачдад төрүүлж чадсан юм. Одоо Сингапурын төрийн албан хаагчдыг гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс дээш зээлтэй байхыг хориглодог бөгөөд  зөвхөн өөрт нь зориулсан, өөр хаа ч байхгүй хямдралаар автомашин авсан бол авлигын хэргээр шоронд орно гэх мэт хатуу заалттай хууль мөрдөж байна. Азийн бусад улсын хувьд ч ялгаагүй авлигатай тэмцэх ажил идэвхтэй өрнөсөөр байна. БНСУ-д гэхэд л Албан ёсны мэдээллийг ил болгох тухай хуулийг 1998 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Иргэдийн мэдэх эрхийг хангаснаар төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, төрийн албан дахь авлигатай тэмцэх том хөшүүрэг болсон уг хуулийг Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам нь гардан боловсруулж, батлуулж, хэрэгжилтэд анхаарч байна. Гэтэл манай ХЗДХЯ ямар байгаа билээ. Мэргэжилтнүүдийн боловсруулж өгсөн хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан хуулийн төслийг дарсаар байгааг нь шүүмжлээд байхад үл тоомсорлох атлаа сайдынхаа өндөр үнэтэй шинэ машины эх сурвалжийг нотлохоор улайрч байх жишээний. Түүнчлэн Солонгост нийтийн ашиг сонирхлын төлөө авлигыг илрүүлэн мэдээлсний шууд үр дүнд төрд учрах хохирол, алдагдлаас сэргийлсэн тохиолдолд “шүгэл үлээгч”-ийг гурван тэрбум хүртэлх воноор урамшуулах хуультай. Харин манайд “шүгэл үлээгч”-ийг урамшуулах бүү хэл хамгаалах тухай асуудлыг дөнгөж хөндөж эхэлж байна. Төр засгаас авлигатай тэмцэх шийдвэртэй алхам хийхгүй бол авлигыг үл тэвчсэн иргэдийн шийдсэн үйлдэл нийгмийг орвонгоор нь өөрчлөх тохиолдол бий. “Арабын хавар” хэмээн нэрлэгддэг, олон улсад засгийн газруудын эсрэг өрнөсөн тэмцэл эхэлсэн шалтгаан нь Тунис дэх гудамжны худалдаачинтай холбоотой. Тэрбээр өдөр бүр нэг долларын авлига авдаг байцаагчийг үл тэвчихдээ төв талбайдаа өөрийгөө шатаасан түүхтэй. Эхнэр, таван хүүхдээсээ гадна өндөр настай ээж, хүнд өвчтэй ахыгаа тэжээдэг түүний хувьд өдрийн нэг долларын авлига бол нялх хүүхдийнх нь гурван өдөр идэх сүүний мөнгө байв. Энэ мөлжлөгийг үл тэвчсэн худалдаачин амиа өргөснөөр эхэлсэн эсэргүүцлийн жагсаал нэг сарын дотор засгийн газраа унагасан. Энэ жагсаал Йемен, Ливи, цаашлаад Египетэд халдварлаж, хэд хэдэн засгийн газрыг унагасан юм. Монголд төрийн үйлчилгээг авахын тулд нэгэн байгууллагын олон давхрыг элээж, хаалга бүрийн цаана “гар хүндрүүлэх” болзлыг хангаж чадвал хэргээ бүтээдэг эмгэнэлтэй амьдралд монголчууд дарлуулаад удлаа. Бизнес эрхлэгчид төрийн хүнд суртлыг гэтэлгэж дийлэхгүй сөхрөхдөө өөрсдөө төрд шургалж, давуу байдал бий болгохоор улайрна. Жилийн жилд энэ тэмцэл илүү боловсронгуй болж өрнөсөөр, харин цаана нь “авлига” улам хүчирхэгжин оршин тогтносоор. Энэ байдлыг зогсоох хараат бус мэргэжлийн байгууллагын удирдлага эрх баригчдын бээлий мэт солигдож байхад иргэд ямар үр дүн хүлээх билээ. Үл тэвчихийн туйлд хүрч, өөрийгөө шатаах нэгэн гарахаас нааш сэрж, сэрэмжлэхгүй гэж үү, монголчууд аа.









A

Жижиг

A

Дунд

A

Том

Сонгуулийн жилийн төсвийн халамжийн хэмжээ өсжээ

 0 сэтгэгдэл
  • Ерөнхий сайд ирэх оны төсвийн төслийг УИХ-д танилцуулав
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхэд ирэх онд 327.9 тэрбум төгрөг нэмж зарцуулна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх оны төсвийн болон түүнийг дагалдан орж ирсэн бусад хуулийн төслүүдийг УИХ-д танилцуулав. Тэрбээр “... Миний бие Ерөнхий сайдаар томилогдохдоо “Төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгах, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтална” гэдгээ чуулганы индрээс хэлсэн. Энэ дагуу төсөв, санхүүгийн зохистой бодлого хэрэгжүүлж, баталсан төсөвт нэмэлт, өөрчлөлт, тодотгол оруулахгүйгээр мөрдүүлэн, Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас гаргахгүйгээр санхүүжилтийг бүрэн олгож, төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулснаар 2018 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 10 их наяд 172.8 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Энэ нь төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсны зэрэгцээ төсөв 2010 оноос хойш анх удаа ашигтай гарсан үзүүлэлт болсныг та бүхэн мэдэж байгаа. Эрдэс баялгийн орлогыг тэнцвэртэй хуваарилах, нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг санхүүгийн хөрөнгө болгон ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус санд 2019 оны есдүгээр сарын байдлаар 368.2 тэрбум төгрөгийг хуримтлуулаад байгаа бөгөөд манай улс анх удаа эрдэс баялгийн орлогоосоо бодит хөрөнгийн хуримтлал үүсгэж, байгалийн баялгийн өгөөжийг тэнцвэртэй хүртээх боломж бүрдэж байгаа юм” гэв. Харин ирэх оны төсвийг танил-цуулахдаа “Ирэх онд Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Зас-гийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг хэвшүүлэн мөрдүүлэх, авлига, хээл хахуулийг хязгаарлахад чиглэсэн бодлогын шинэтгэлүүдийг тусгалаа. Зээлийн хүүг бууруулж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг татварын шинэчлэлийн хүрээнд эхлүүлнэ” гэсэн юм. Түүний эхний зорилт ипотекийн зээлд хамрагдсан иргэдэд чиглэж буй. Тухайлбал, ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан иргэдийн татварын хөнгөлөлт хоёр дахин нэмэгдэх, мөн анх удаа ипотекийн зээлээр орон сууц авсан бол Засгийн газрын ипотекийн хөнгөлөлттэй зээлийн найман хувийн хүүгийн түвшнээс илүү төлсөн хэмжээгээр татварын буцаан олголт үзүүлэхээр төлөвлөж байгаагаа дурдсан. Мөн мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчдын тэтгэлгийг 200 мянган төгрөг болгох, цэцэрлэгийн хүүхдийн хоол, ЕБС-ийн “Үдийн цай хөтөлбөр” болон дотуур байрны хоолны зардлыг 50 хувиар нэмэх зэрэгт төсөвт тодорхой мөнгө суулгасан талаар хэлэв. Гүйцэтгэх засаглалын тэргүүн иргэдийн нийгмийн хамгааллыг сайж руулах Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан аж-луудын хэрэгжүүлэхдээ таван чиглэлд анхаарч төсөвт тусгасан гэв. Нэгдүгээрт, төрийн албан хаагчдын цалингийн сан, нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхэд ирэх онд 327.9 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Хоёрдугаарт, Төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн захиргааны албан хаагчийн нэгэн адил төрд ажилласан хугацаагаараа тооцуулж цалингийн нэмэгдэл болон тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж авах боломжийг 2020 оноос эхлэн олгоно. Гуравдугаарт, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж 2020 оноос тэтгэвэр авах боломжийг олгоно. Дөрөвдүгээрт, нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох, сайн дураар даатгуулсан болон нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн тодорхой хувийг хөнгөлнө. Тавдугаарт, хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нь нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэв. Мөн тэрбээр “Цөлжилтийг сааруулж, цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээг бууруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, хуурайшилт, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэм жээнд шаардагдах санхүүжилтийг 6.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон. Аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулах, гадаад сурталчилгаа, маркетингийн ажлуудыг эрчимжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, Монгол Улсад жуулчин хүлээж авах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор санхүүжилтийг нэмэгдүүлж 8.1 тэрбум төгрөгт хүргэнэ. Нийгмийн хэрэгцээ шаардлага, орон нутаг болон салбаруудад тулгамдсан асуудлуудыг хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхэд онцгой анхаарч 2016-2018 онд 81 цэцэрлэг, 58 сургууль, 22 эмнэлгийн барилга байгууламж ашиглалтад оруулсан бол 2019-2020 онд 194 цэцэрлэг, 145 сургууль, 80 эмнэлгийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд эхлүүлсэн төслүүдийг дуусгах, олон жил үргэлжилсэн царцаагдсан төслүүдийг ашиглалтад оруулах, 2018 оны төсөвт тусгагдсан боловч санхүүжилтээ бүрэн авч чадаагүй зарим төслүүдийн хураагдсан санхүүжилтийг төсвийн төсөлд тусгалаа” хэмээв. Танилцуулгын төгсгөлд Ерөнхий сайд дээр дурдсан бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, улмаар нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсруулсныг онцлов. Мөн Төсвийн төслийн хамт Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцлэх, зориулалт, эх үүсвэр, санхүүжилт, зарцуулалтыг нь ил тод, оновчтой, хяналттай болгох, эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төслийг хамт өргөн барьснаа мэдэгдэв.









A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Сумъяабазар: Популизм хөрөнгө оруулагчдад таагүй байдал үүсгэсэн

 0 сэтгэгдэл
  • Шинээр байгуулах үйлдвэрлэл, технологийн паркад хөнгөн үйлдвэрийн салбарыг орхижээ
  • Уул уурхайн гадаад хөрөнгө оруулалт 20 орчим хувиар буурсан гэв 


УУХҮЯ-наас Эдийн засгийн байнгын хороонд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл танилцуулсан. 2009 онд тус хуулийг баталснаас хойш Засгийн газар таван хуулийн этгээдэд паркийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон байна. Гэвч хөрөнгө оруулалт татаж чадалгүй, үйл ажиллагаа нь эхлэлийн шатанд гацжээ. Тиймээс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн зүгээс бодлогын болон татвар, санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг үзүүлэх шаардлагатайг УУХҮЯ-ны сайд Д. Сумъяабазар танилцуулсан. Мөн тэрбээр “Хуульд өөрчлөлт орсноор шинэ дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлж нутагшуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, үйлдвэрлэл цогцолбороор хөгжиж улмаар ажлын байр нэмэгдэн бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг түргэсгэнэ. Түүнийг дагаж худалдааны чөлөөт бүс бий болгоно” гэсэн юм. Гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн ч зарим зүйл дээр “түүхий” байгааг хэлж байлаа. Мөн аж үйлдвэрийн парк, худалдааны чөлөөт бүсийг байгуулахын тулд хөнгөн үйлдвэрийн салбараа хаясныг шүүмжилсэн. түүнчлэн Үндэсний хөгжлийн газар үйлдвэрлэлийн парк байгуулахад яагаад оролцохгүй байгааг ч гайхаж байв. 

Тухайлбал,

Д.Дамба-Очир:­ Энэ хуулийг нь батлахдаа томоохон үйлдвэрүүдээ дагаж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэх, аж үйлдвэрийн парк байгуулах ёстой гэсэн зарчим барьсан. Гэвч өнгөрсөн хугацаанд хэрэгжилт хангалтгүй байна. Зөвшөөрөл авсан газруудаас сонгодог 
утгаараа ажиллаж байгаа газар нэг ч алга. дархан­уул, багануур, Налайх, Эрдэнэт зэрэг газар бүх татвараас нь чөлөөлж, парк байгуулах зөвшөөрөл олгосон ч үр ашиг гарсангүй. төрөөс орлогын албан татвар, НӨат, газрын төлбөр зэргийг таван жилээр чөлөөлж дэмжсэн. гэтэл хөрөнгө оруулалт татаж чадахгүй байна. ингэхэд гадаадын хөрөнгө оруулалт буур сан уу, нэмэгдэж байгаа юу. 

УУХҮЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Э. Батболд: ­Өнгөрсөн жил уул уурхайн салбарт 1.3 тэрбум орчим ам.доллар орж ирсэн бөгөөд 70 орчим хувь нь  Оюутолгойн хөрөнгө оруулалт байсан. Энэ жил гадаадын хөрөнгө оруулалт 20 орчим хувиар буурсан.

УУХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Т.Чимэгсанаа: ­
Үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг 2003-­2016 онд хаая, аж үйлдвэрийн яам хариуцаж байсан. 2016 оноос хойш хөнгөн, хүнд үйлд­вэр гэж хоёр салсан. Үйлдвэр технологийн паркийн хуулиар парк байгуулах эрх ХХААХҮЯ-нд оногдсон байгаа. Харин Зас­гийн газрын хуульдаа  УУХҮЯ хариуцна гэж заасан нь зөрчил үүсгэсэн. Одоо бид зөрчил, давхцлыг нэг мөр болгохын тулд өөрчлөлт оруулж байна. Одоогоор хүнд үйлдвэрийн чиглэлээр зөвшөөрөл авсан таван паркийг шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. ТЭЗҮ-г хийсэн, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлаа хийж байна. 


УУХҮ-ийн сайд Д. Сумъяабазар:
 Бид Эрдэнэт үйлдвэр, Тавантолгойн орд, Сайншандын газрын тосны үйлдвэртээ түшиг­лэн үйлдвэрлэл технологийн парк байгуулах нь зөв гэж шийдсэн. Эрдэнэт үйлдвэрийн паркийн төсөл амжилттай хэрэгжих боломжтой. Гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр уулзалтууд хийгээд л явж байна. Өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдал, ялангуяа уул уурхайн популизм гаднын хөрөнгө оруулагчдад таагүй байгаа. Гаднынхны ойлголтыг эерэг болгохоор сайдын хувьд хичээж байна. 

Ж.Бат-эрдэнэ: Энэ хуулийн төсөл маш чухал. Хэрэв нэмэлт, өөрчлөлтийг баталвал хөгжлийн нэг том бодлого болно. Ямар ч үйлдвэрлэл зах зээлтэйгээ холбоотой. Бид одоо байгаа хүнд үйлдвэрүүддээ түшиглэсэн үйлдвэрлэлүүдийг тодорхой болгох шаардлагатай байна. Ингэхдээ гадаад, дотоод зах зээлээ тодорхойлох хэрэгтэй. Юу үйлдвэрлэж хэнд нийлүүлэх вэ гэдэг чухал. Мөн татвар, гааль, хөрөнгө оруулалтын дэмжлэгийг зайлшгүй өгөх ёстой. Төр ямар үүрэгтэй байх, яаж дэмжих, хувийн хэвшил, аж ахуй нэгжийн оролцоог хэрхэн хангах вэ гэдгээ тодорхой болгох ёстой.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дангаар нь хэлэлцэх ёсгүй гэсэн байр суурийг зарим гишүүн илэрхийлэв. УИХ-­ын гишүүн Л.Энх­амгалан парк, худалдааны чөлөөт бүс байгуулахад ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар оролцохгүй байгааг шүүмжилсэн. Мөн Д.Эрдэнэбат парк байгуулах, татварын хөнгөлөлт үзүүлэхэд сангийн яамнаас төсөв батлуулах “зөвшөөрөл” авахыг захив. Ямар ч байсан хүнд үйлдвэрийг түшиглэсэн үйлдвэрлэл техно­логийн парк байгуулахыг байнгын хороо дэмжлээ. Улмаар бусад яам, агентлагийн оролцоог хангахын тулд ажлын хэсэг байгуулах саналыг гаргаж үүрэг чиглэл өгөв. Харин УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд бусад салбарын уялдаа холбоог хангаж хөнгөн үйлдвэрлэлийг хамтад нь хэлэлцүүлэхгүй бол гишүүдийн дэмжлэг авахгүй байх магадлалтайг анхааруулсан юм.