A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/760/

Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, парламентынхыг хумина

Сайд нар гишүүдтэй зэрэгцэж “томрох”-гүй​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/760/


Сүүлийн дөрвөн ч удаагийн Монголын парламентыг дамжин яригдаж буй мөнхийн сэдэв бол үндсэн хуулийн өөрчлөлт. Бүгд л бүрэн эрх нь хэрэгжиж эхлэнгүүт хамгийн түрүүнд УИХ дээр ажлын хэсэг байгуулна, баахан судалгаа хийнэ, санал авна. Тэгсээр байтал бүрэн эрхийнх нь хугацаа дуусчихдаг юм. Одоогийн УИХ ч иймэрхүү л хурдаар ажиллаж буй. Гэхдээ “хүрд эргүүлэх” боломж шавхагдаагүй учраас зөв өөрчлөлт хийчихээсэй гэсэн найдлага тасраагүй байна. УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулсан ажлын хэсгийг ахмад парламентч Д.Лүндээжанцан ахалсан. Өмнөх парламентад Л.Цогийн ахалсан ажлын хэсэг хоёр жил гаруйн турш ажиллахдаа энэ хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй юү, үгүй юү гэдгийг тодруулсан юмдаг. Эцэст нь “шаардлага байна” гэсэн дүгнэлт гаргаад өөрчлөх үүрэг бүхий ажлын хэсгийг шинээр байгуулав. Эрхэм гишүүн Н.Батбаяр ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь “шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг, АН-аас С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, МАН-аас Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, МАХН-аас Л.Цог, ИЗНН-аас С.Оюун нар багтсан. Гэвч тэд гарт баригдах бэлэн төсөл боловсруулж өгөлгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад тарсан.

Харин энэ удаагийн УИХ-аас байгуулсан ажлын хэсэг үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар орон даяар хэд хэдэн үе шаттай хэлэлцүүлэг, судалгаа хийснээ тайлагнасан. Улмаар үндсэн хуульд долоон чиглэлээр 42 заалт бүхий нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бэлэн болгосон аж. Л.Цог, Н.Батбаярын үед ч, түүнээс өмнө нь ч, одоо ч үндсэн хууль тойрсон олон санал хөвөрч буй. Тэд 15 санал дэвшүүлж дараагийн багтаа үлдээсэн юм байна. 2000 онд оруулсан “дордохын долоо”-н заалтыг цуцлах санал хамгийн түрүүнд явна. Эдгээрээс УИХ-ын гишүүн сайдаар ажиллах эрх нээсэн заалт өнөөгийн засаглалын хямралын гол буруутан болдог юм. Үүнийг цуцлах оролдлого хийсэн хэд хэдэн ч хуулийн төслийг өмнөх УИХ-ын үед гишүүд өргөн барьж үзсэн. Зөвхөн Ерөнхий сайдыг эсвэл Засгийн газрын гишүүдийн гуравны нэгийг УИХ-аас томилох гэх мэтээр харьцангуй зөөлрүүлсэн санал ч их. Тэгвэл үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэ удаагийн ажлын хэсэг дараах саналуудыг тусгажээ.

“ДАВХАР ДЭЭЛ”-ТЭЙ ЕРӨНХИЙ САЙДЫН ДАВХАР ЭДЛЭХ ЭРХ

Зөвхөн Ерөнхий сайд “давхар дээл” өмсөнө. Мөн “Сайд нараа ч бас тэр өөрөө сонгох нь зөв, гэхдээ парламентын гаднаас” гэдэг байр сууриар төслийг боловсруулжээ. Одоо бол УИХ-ын гишүүн сайдад шаардлага тавих хэцүү. “Загнаж” бүр барахгүй. учир нь тэр яг адилхан эрх мэдэлтэй, УИХ-ын гишүүн. Тиймээс зэрэгцээд л “томорчихдог” зовлон бий. “Давхар дээл”-ийг тайлах энэ зохицуулалт дараа дараагийн сайн жишгийн эхлэл болно. Ерөнхий сайд танхимаа өөрийн хүсэл, сонголтоор бүрдүүлнэ, дараа нь хариуцлагаа хүлээнэ. Мөн улсын төсвийг хэлэлцэж байхдаа парламент нь Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэхийг хориглох аж. Энэ мэт уих зарим бүрэн эрхээсээ татгалзаж, Засгийн газар нь бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь зөв гэж тооцсон аж. Хэрэв “шүд сугалах” замаар сайдуудыг нь огцруулах гэж оролдох, тойргийнхоо сургууль, цэцэрлэгийн дээврийг засуулах гэж төсвийн төслийг дур мэдэн өөрчлөх гэж оролдвол УИХ-ын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох санал оруулах эрх Ерөнхий сайдад байх юм байна.

НИЙГМИЙН ШААРДЛАГАД НИЙЦҮҮЛСЭН “НАСНЫ БОСГО”

УИХ-ын гишүүний үүрэг хариуцлагын хүрээнд санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах зэрэг заалтыг оруулж өгчээ. Мөн анхаарал татаж буй нэг өөрчлөлт нь УИХ-д нэр дэвших насны доод хязгаар заах. Төсөлд тусгаснаар 30. өмнө нь гучин насны босго алхаагүй байхдаа төрийн түшээ болсон гурван тохиолдол байдгийн хамгийн сүүлийнх нь саяхан УИХ-ын гишүүний бүрэн эрхээ дуусгавар болгосон Д.Гантулга. Харин түүний өмнө С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар 27, 28 насандаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байлаа. Ганц хоёр насны наана цаанад хувь хүний төлөвшил, мэдлэг чадварын шальтай ялгаа гарахгүй ч Д.Гантулга гишүүний асуудлаас үүдэн УИХ-д нэр дэвших насны босго тавьж өгөх нь зөв гэсэн нийгмийн шаардлагад нийцүүлсэн нь энэ бололтой.

ХУУЛЬ БАТЛАХ САНАЛЫН ТООГ НЭМНЭ

УИХ-ын чуулган 50 хоног хуралддагийг 75 хоног болгон сунгах санал төсөлд оржээ. Мөн УИХ-ын чуулганд 39 гишүүн оролцоод олонхоор хууль баталдаг байсныг өөрчилж, 39-өөс дээш гишүүний саналаар хууль батлах өөрчлөлт оруулсан нь хууль чанаржихад чухал үүрэгтэй гэж үзсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Тогтохсүрэн: Тавантолгойг хөдөлгөсөн нь чуулганы гол амжилт

Нүүрсний үнэ өндөр байгаа үед “Тавантолгой” IPO хийх нь зөв

 0 сэтгэгдэл


УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

-Хаврын чуулган завсарлаад удаагүй байна. Өнгөрсөн чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Гурван сарын хугацаанд хуралдсан хаврын чуулганы үр дүнг би сайнаар үнэлнэ. Энэ тухайд би гуравхан зүйл хэлье. Нэгдүгээрт, Тавантолгойг хөдөлгөхөөр болсныг юуны түрүүнд дурдах нь зүйтэй. Олон жил талцаж маргасан асуудлыг нэг тийш болгож, олон түмний хяналт дор, нээлттэй, ил тод байдлаар төдийгүй олон улсад мөрддөг дүрэм журмынх нь дагуу хөрөнгийн биржид хувьцаа гарган, 30 хувийг нь худалдах шийдвэр гаргалаа. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ харьцангуй өндөр байгаа үед хөрөнгийн зах зээлд гаргах нь цаг үеэ олсон чухал шийдвэр болсон. Одоо гагцхүү хэрэгжилт нь хэр үр дүнтэй байх, цаашлаад үр өгөөжийг нь ард түмэнд хэрхэн хүртээх вэ гэдэг л чухал. Хоёрдугаарт, Улсын бүртгэлийн багц хуулийг баталсан. Энэ бол бүртгэлийн системд хийж буй эрх зүйн томоохон шинэчлэл. Бүртгэлийг хүнд сурталгүй, шуурхай болгоход нэлээд ахиц дэвшил гаргасан хууль болсон. Эцэст нь, УИХ ард иргэдийн амьжиргааг сайжруулах чиглэлд нэлээд үр дүн гаргасан гэж хэлнэ. 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. Үүгээр бид цалин, хөлс, тэтгэврийг тодорхой хэмжээнд нэмэх нь зүйтэй гэх шийдэлд хүрсэн. Цаашлаад банкны зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Мөн эдийн засгийн өсөлтийг ард түмэнд хүртээх шаардлагатай гэж үзээд шийдвэр гаргасан. Энэ агуулгаараа хаврын чуулган үүргээ гүйцэтгэсэн.

-Хаврын чуулганы хугацаанд хэд хэдэн томоохон ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох байсан ч амжсангүй. Тухайлбал, “Оюутолгой”-н ажлын хэсгийнхэн шалгалтаа дууссан ч Засгийн газраас бичиг хүлээж байна гэх шалтгаанаар чуулганыг өндөрлүүлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр тал ойлголцолд хүрээгүй…

-Хаврын чуулган эхлэхээс өмнө “Оюутолгой”-той холбоотойгоор ард иргэдийн зүгээс нэлээд шүүмжлэл гарсан. Тиймээс УИХ-аас 2009, 2015 онд “Оюутолгой”-той байгуулсан гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх Ажлын хэсгийг байгуулсан. Сүүлд өргөжүүлээд явсан, хажуугаар нь дэд ажлын хэсгүүдийг ч ажиллуулсан. Ажлын хэсгийнхэн дүгнэлтээ УИХ-д албан ёсоор өргөн бариагүй. Явцын талаар мэдээлж байгаагаас харахад “Оюутолгой”той холбоотой тодорхой зөрчил цөөнгүй юм билээ. “Оюутолгой”н хувьд миний байр суурь тун тодорхой. Тухайлбал, 2015 онд байгуулсан Дубайн гэрээг хүчингүй болгох ёстой. Энэ гэрээний хүрээнд Монгол Улсын эрх ашиг хохирсон. Түүнээс биш 2009 онд байгуулсан гэрээг засч сайжруулах зүйл бий. Харин хүчингүй болгож болохгүй. Учир нь энэ гэрээ Монгол Улсын эрх ашигтай салшгүй холбоотой. Цаашлаад олон улсын тавцанд манай улс хэн болж харагдах вэ гэх зэрэг олон зүйл бий. Ээлжит бус юм уу намрын чуулганаар энэ асуудлыг нэлээд нухацтай ярих байх гэж бодож байна.

-УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудал энэ хугацаанд нэлээн хөндөгдсөн. Яг ийм асуудлаас болж парламентын нэг гишүүн бүрэн эрхээсээ буугаад байна. Тиймдээ ч УИХ-ын Дэгийн тухай хуулийг өөрчилсөн байх. Гэвч чуулганы гуравны нэгт нь УИХ, байнгын хорооны хуралдаанд суугаагүй бол эгүүлэн татах заалтыг гишүүд дэмжсэнгүй. Тус хуулийн төслийн Ажлын хэсэгт орж ажилласны хувьд энэ заалтыг унасан талаар ямар тайлбар өгөх вэ?

-Бид энэ хуулийн өөрчлөлтийн хүрээнд гурван зүйлийг тодорхойлохоор шийдсэн юм. Нэгдүгээрт, УИХ-ыг, гишүүдийг хариуцлагажуулъя. УИХ-аас гаргаж буй хуулийг чанаржуулахаар зорьсон. Энэ агуулгаар гишүүд хурлаа таслаад байвал эгүүлэн татдаг болох, байнгын хорооны хуралд гурав ба түүнээс дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр суухгүй бол хасъя гэх мэтээр хариуцлагын заалтыг оруулсан л даа. Хамгийн гол нь хүний өмнөөс кноп дардгийг болиулаад хурууны хээгээ уншуулдаг болох заалт багтаасан.

Үндсэн хуулиар хотын статусыг бий болгож байна

Гэвч хэлэлцүүлгийн явцад эгүүлэн татах, байнгын хорооны гишүүнээс хасах заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд болиулчихсан. УИХ-ын бүрэн эрхэд халдана гэж үзсэн хэрэг. Гэхдээ энэ заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд багтааж өгсөн. Энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон гэдгийг дашрамд дуулгая. Гэхдээ хүний өмнөөс ирц өгдөггүй байх, хуралдаа суухгүй бол цалин хасдаг байх, сануулга өгдөг гэх хариуцлагын заалтыг баталж чадсан. Сахилга хариуцлагыг УИХ өөрөөсөө эхлэх хэрэгтэй учраас Дэгийн хуулийг цаашдаа улам боловсронгуй болгоход анхаарч ажиллана.

-Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийнхэн төслөө боловсруулахад бэлэн болсон. Одоо Засгийн газар, ҮАБЗ зэрэг зарим субьектээс санал авна гэсэн. Үүнд хэр хугацаа шаардах вэ. Таны хувьд орон нутгийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ тухайд ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?

-Миний хариуцаж байгаа орон нутагтай холбоотой хэсэг буюу Үндсэн хуулийн өөрчлөлтийн дөрөвдүгээр бүлэгт концепцын гурван том өөрчлөлт бий. Нэгдүгээрт, “хот” гэдэг статусыг нэмж байна. 1992 оны Үндсэн хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш л гомдол маргаан дагуулсан олон асуудал нь хоттой холбоотой. Тиймээс “Хот” гэдэг үгийг нэмнэ. Ингэхдээ нэг нь улсын зэрэглэлтэй, нөгөөх нь орон нутгийнх байна. Улсынх нь Дархан, Эрдэнэт. Орон нутгийнх нь аймгийн төвүүд. Дараагийнх нь өөрчлөлт ард түмнээс санал асуухад гарсан. Тодруулбал, орон нутгийн Засаг даргыг иргэдээр сонгуулдаг болох. Энэ агуулгаар нь сум, дүүргийн Засаг даргыг иргэд томилдог болох юм. Харин баг, хорооны болон аймаг, нийслэлийн Засаг даргыг дээд шатных нь хүн буюу Ерөнхий сайд томилдог болъё гэж байгаа юм. Мөн орон нутагт улс төрийн намаас хүнээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн гурван том өөрчлөлт оруулахаар бэлдсэн. Ингэснээр орон нутгийн иргэдийн эрх мэдэл өргөжих давуу талтай.

A

Жижиг

A

Дунд

A

Том

ЗГ Захиргааны шүүхийн хяналтаас “бултвал” хохирох эхний ээлжийнхэн

Хуулийн өөрчлөлт батлагдсанаар эзэнгүйдэж хоцрох хэргүүд нь тодорхой байна

 0 сэтгэгдэл


Засгийн газраас өргөн барьсан “Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн ч, баталж амжилгүй завсарлаад буй. Гэсэн ч хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ төслийг батлуулах зорилгоосоо амархан ухрахгүйгээ илэрхийлсэн. Нэр бүхий хуульчид үүнийг үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж Цэцэд хүртэл хандсан. Уг хуулийн өөрчлөлтийн гол зорилго нь Засгийн газар болон түүний харъяа байгууллагуудын гаргасан шийдвэр иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг зөрчсөн байсан ч иргэд шүүхэд хандаж эрхээ сэргээлгэх боломжгүй болгоход оршиж буйг хуульчид хэлж байгаа билээ. Хуулийн төслийг өргөн барихаасаа өмнө Засгийн газар Ханнс Зайделийн сангаар өөрөө хариуцагчаар нь татагдсан хичнээн хэрэг Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа талаар судалгаа хийлгэсэн байна. Саяхан олон нийтийн хэрэгслээр цацагдсан энэ судалгаа, хуулийн өөрчлөлт батлагдсанаар эзэнгүйдэж хоцрох хэргүүдийг харуулж байна. Энэхүү судалгааны дүнг дэлгэрүүлье.

“УТААНЫ ЭСРЭГ ЭЭЖ ААВУУД” ТЭМЦЭЖ ЧАДАХАА БОЛИНО

Нийслэл Улаанбаатар хотод утаа гамшгийн хэмжээнд хүрснийг эсэргүүцэж “Утааны эсрэг ээж аавууд” ТББ Засгийн газар болон хотын удирдлагуудад удаа дараа шаардлага хүргүүлж тэмцэж ирсэн. Гэвч бичиг хэргийн ажилтанд нь гацчихав уу гэлтэй уг шаардлагуудын хариу өгөлгүй таг чиг болдог байв. Тэгвэл “Утааны эсрэг ээж аавуудын холбоо” 2017 оны нэгдүгээр сарын 28-нд хүргүүлсэн шаардлагад хариу өгөхгүй байгаа. Монгол улсын Засгийн газрын энэ эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тодорхой засуулга, хүсэлт бүхий шаардлагыг шийдвэрлэж хариу өгөхийг даалгахаар Захиргааны шүүхэд яг нэг жилийн өмнө гомдол гаргажээ. Халуун зунаар утааг бууруулах асуудлаар шийдвэр гаргах нь бүү хэл, дурдах ч хүнгүй эзгүйрдэг Засгийн газрыг энэ удаад Захиргааны шүүх шахаж, ээж аавуудын шаардлагад хариу өгүүлэн, ажлаа хийхийг даалгасан шийдвэр гаргасан билээ. “Мөн хүний эрх хөгжил төв” ТББ-аас “Агаарын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хүсч, найман асуулт бүхий өргөдөл гаргасан. Засгийн газраас зөвхөн хоёр асуултад хариулсанд гомдол гаргажээ. Асуулт тус бүрт бүрэн дүүрэн хариулт шаардсан уг нэхэмжлэлийг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгуулж байжээ.

ШӨНӨӨР МОРЬ УРАЛДУУЛЖ, ХҮҮХЭД ЗОЛИОСОЛСООР БАЙХ НЬ

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 63-р тогтоол хууль бус байсныг тогтоолгож, уг тогтоолын дагуу гуравдугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутагт зохион байгуулсан “Дүнжингарав” уралдаан хууль бус байсныг тогтоолгохоор нэр бүхий ТББ-ууд хамтран Засгийн газрыг шүүхэд өгчээ. Тэд жил бүрийн аравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 01 хүртэлх хугацаанд улс, бүс, аймаг, сумын хэмжээнд морин уралдаан зохион байгуулахыг хориглох, уралдаанд болон бэлтгэл, сунгаанд хүүхдээр морь унуулахыг хориглосон захиргааны хэм хэмжээний акт гаргуулахыг хүссэн. Ингээд Захиргааны шүүхийн анхан шатны шийдвэрээр Засгийн газрын 63-р тогтоолын нэг дэх хэсгийг хүчингүй болгож, “2, 3-р заалтыг хууль бус болохыг тогтоох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй байна. Ингээд давж заалдах шатны шүүхээр улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээг тогтоох шийдвэр гаргахыг Засгийн Газарт даалгаж чаджээ. Захиргааны шүүхийн шийдвэрийн дагуу Засгийн Газраас шийдвэр гаргаж, өвөл хавар хурдан морины уралдаан зохион байгуулах журамд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ хаврын морин уралдааныг бүсчлэн хориглож, 12-оос доош насны хүүхдээр морь унуулахыг хориглосон заалт оруулаад энэ жилийн уралдаанаа шөнөөр зохион байгуулсан нь мөн шүүмжлэл дагуулсаар байгаа билээ. Шүүхийн шийдвэрийг аргацаасан Засгийн Газрын заль уяачдын холбоог ганхахад хүргэж, УИХ-ын дарга М.Энхболд ММСУХ-ны тэргүүний суудлаа өгч, хоёр уяач цол гуншингаа хураалгаснаар намжсан.

ТАНЫ ӨМЧИД ХАЛДСАН ТОХИОЛДОЛД ГОМДОЛ ГАРГАЖ ЧАДАХАА БОЛИНО

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас худалдан авсан “Монголын зэс” корпорацийн өмчийн маргаан Захиргааны шүүхээр хянагдаж байгаа нь хуульд өөрчлөлт оруулах гол шалтгаан гэсэн утгыг Ц.Нямдорж сайд чуулганы үеэр илэрхийлсэн. Энэхүү хэргийг хуулийн зүйл заалтаар нь уг судалгаанд нэгтгэжээ. “Монголиан коппер корпорэйшн” ХХК-аас “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14-р тэмдэглэлийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д холбогдох хэсгийг болон ЗГХЭГ-ын даргын 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497, ХЭГ/500 тоот албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгуулах, ТӨБЗГ-ын даргын 2017 оны 03 сарын 31-ний өдрийн “Төрийн өмчийн төлөөлөгчийг томилж удирдамж батлуулах тухай” А/50 тоот, 04 сарын 03-ны өдрийн “Удирдамж өгөх тухай” А-1/666 тоот албан бичгүүд, мөн ОӨУБЕГ-ын 2017 оны 04 сарын 03-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл болон дахин олгосон гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эзэмшигчээр “Монголиан коппер корпорэйшн” ХХК-г бүртгэж гэрчилгээ олгохыг ОӨУБЕГ-т даалгах” нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 13.3, 24.4, 26.1, 40.2.1, 40.2.3, 40.3, 43.1, 47.1.6-г, мөн Засгийн Газрын тухай хуулийн 7.1, 7.4, 30.1 болон төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, 21.2, 21.3, улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.3, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.1, 23.3.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр давж заалдах шатны шүүхээр мөн хэвээр үлдээж, хариуцагчдын гомдлыг хэрэгсэхгүй болгосон юм. Харин дээд шүүхийн Захиргааны танхимд хэлэлцэж, өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгон, хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцаасан байна.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ АЛДАГСАД ХАНДАХ ГАЗАРГҮЙ БОЛНО

Засгийн газар болон түүний харъяа байгууллагууд, аймаг нийслэл, сум дүүргийн газрын албанаас иргэд аж ахуйн нэгжийн эзэмшлийн газрыг албан хэрэгцээнд авсан асуудал Захиргааны шүүхэд ирдэг гомдлын нэлээд хувийг эзэлдэг. Хөшигийн хөндийд барих бүтээн байгуулалтын хүрээнд “Моодун хаан груп” ХХК-ийн эзэмшлийн газрыг албан хэрэгцээнд оруулсан шийдвэр гаргажээ. Тус компани 2014 оны долдугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 500 га газар эзэмшихээр гэрээ байгуулсан байна. Тус газарт аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд 111 давхар зочид буудал, морин тойруулга болон үйлчилгээний бусад байгууламж барихаар төслөө боловсруулж, 36 сая ам.долларын хөрөнгө оруулалт эхний ээлжинд шийдвэрлэжээ. Хөрөнгө оруулалтаас дөрвөн тэрбум төгрөгийг зарцуулаад байсан аж. Гэтэл Засгийн газрын 2016 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын тусгай хэрэгцээний газрын хилийн заагт өөрчлөлт оруулж тус компанийн эзэмшлийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших газрын давхцуулан тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг Захиргааны шүүхэд өгч, гомдлоо барагдуулсан байна. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэрэг Захиргааны шүүхэд бий. Тухайлбал, “Чингис менерал деволопмент” ХХК “ашигт малтмалын хуульд заасныг үндэслэн өргөдлөөр буюу сонгон шалгаруулалтаар олгох 12 талбайг урьд тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан 15782 га талбайн хэмжээнд дүйцүүлэн эзэмшүүлэхийг даалгуулах” нэхэмжлэл Захиргааны шүүхэд гаргасан. Засгийн газар болон АМГТГ хариуцагчаар татагдсан уг хэргийг анхан шатны шүүхээс бүрэн хангажээ. Харин хариуцагч талаас давж заалдан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулсан байна. Одоо хяналтын шатанд хэрхэн шийдвэрлэхээс хамааран аж ахуйн нэгжийн хувь заяа шийдэгдэнэ.

ТӨРИЙН АЛБАНААС ХАЛАГДВАЛ ГОМДОЛ ГАРГАЖ ЧАДАХАА БОЛИНО

Монгол улсаас АНУ-ын Сан Франциско хотод Ерөнхий консулын албанд томилогдсон О.Машбат, түүний дараа мөн эргүүлэн татагдсан С.Эрдэнэ нар Засгийн газрыг шүүхэд өгчээ. О.Машбат Монгол улсын Засгийн газрын 2016 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 64-р тогтоолыг хүчингүй болгуулж, Монгол улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консулын албан тушаалд эргүүлэн томилуулан, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар 2016 оны арванхоёдугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан байна. О.Машбатыг 2014 оны аравдугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор АНУ-д суух консулаар томилсон ч жил гаруй “гацааж”, гэнэт эргүүлэн татах шийдвэр гарган, оронд нь Салдангийн эрдэнийг томилох шийдвэрийг Засгийн газар гаргажээ. О.Машбат энэ шийдвэрийн тухай өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлж, АНУ-ын баруун эрэг дэх монголчуудаасаа уучлал хүсч, төр нь зангарагтай, залгамжтай, иргэндээ ээлтэй байх сайн цаг ирэхийг ерөөж байсан билээ. Харин өдгөө Сан Францискод Э.Галбадрах гэж МАН-ын угшилтай залуу Ерөнхий консулаар сууж байгаа билээ. Ийнхүү Засгийн газар өөрөө хариуцагчаар татагдан хэргийн оролцогч болоод байгаа арваад маргаан Захиргааны хэргийн шүүх дээр байна гэсэн үг. Гэтэл хариуцагч Засгийн газар нь өөрийнхөө шийдвэрийг шүүхээр хянуулахгүй гэсэн хуулийн төсөл санаачилж, өргөн бариад, үнэмлэхүй олонхоороо бярдан батлуулах гэж байгаа ярдаж байгаа бол шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдаж буйн илрэл юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагад Ерөнхийлөгч хүч нэмлээ

​Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг ажиллах хугацаанд АТГ улам уруудсан гэв​

 0 сэтгэгдэл

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай албан бичиг илгээжээ.

Тус албан бичигт “УИХ-ын нэр бүхий 26 гишүүн “Төрийн албыг арилжаалсан “60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа. Тиймээс цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн Монгол улсын их хурлын 2016 оны долдугаар сарын 8-ны өдрийн долдугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар улсын их хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага” бүхий албан бичгийг 2018 оны долдугаар сарын 10-ны өдөр ирүүллээ. Миний бие ард иргэдийнхээ санал, хүсэлт, шаардлагыг сонсон, анхаарч шийдвэрлэвэл зохих асуудлуудад төрийн бодлогыг хандуулах зорилгоор нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй тухайлан очиж уулзсан.

Уулзалтын үеэр иргэд хувийн амьдралын хүндрэл бэрхшээлээсээ илүүтэй нийгэмд шударга ёс алдагдаж, авлига, хүнд суртал гарсныг хөндөн, энэ гажуудлыг таслан зогсоож тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллага маш муу ажиллаж байгааг шүүмжилж, авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг солин, үйл ажиллагааг нь эрчимжүүлж, үр дүнтэй шударга ажиллуулах шаардлага тавьж байгааг улсын их хуралд уламжлан, бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг сольж, орных нь хүнийг томилох саналаа хуулийн дагуу хүргүүлсэн боловч хууль зөрчин хаацайлсаар өнөөг хүрч байна. Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болсныг иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлээс гадна олон улсын байгууллагын судалгаа дүгнэлт бүрэн харуулсан. Үүнтэй улсын их хурлын гишүүд санал нэгдэж ээлжит бус чуулганаар тусгайлан хэлэлцэх санал гаргаж байгааг дэмжих нь зүйтэй юм” гэжээ. Тиймээс холбогдох хуулиудад заасны дагуу улсын их хурлын гишүүдийн санал болгон шаардаж буй дээрх асуудлаар улсын их хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хойшлуулшгүй шаардлага байна гэж үзэн, саналаа ийн хүргүүлжээ.

Монгол Улсын Үндсэн хууль:
3. Улсын их хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, улсын их хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль:

12.1. Улсын их хурлын анхдугаар чуулганыг товлон зарлах буюу улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр улсын их хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах бол улсын их хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана.

Монгол Улсын Их Хурлын тухай:

16.2. Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, улсын их хурлын даргын санаачилгаар хуралдуулна.

16.3. Ерөнхийлөгч болон улсын их хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг улсын их хурлын даргад өргөн мэдүүлнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Батбаяр: Куба орныг сонирхох монголчууд олширч байна

Гаваны аль нэг талбайг Улаанбаатарын нэрэмжит болгохоор ажиллаж байна​

 0 сэтгэгдэл


Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяртай ярилцлаа.

-Монголчууд Куба руу 30 хоног визгүй зорчдог. Кубын аялал жуулчлалын онцлох газруудын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Кубын аялал жуулчлалын энэ оны яармаг тус орны үзэсгэлэнт газруудын нэг Вилла Клара хотоос холгүй орших Каёо Санта Мариа хэмээх газар боллоо. 1989 онд эхэлсэн энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд Кубын арлын эх газрыг Каёо Санта Мариа хэмээх далайн бүлэг жижиг арлуудтай холбосон. Тодруулбал, далай дундуур авто зам, 40 гаруй гүүрийг арван жилийн хугацаанд барьж байгуулсан. Харин өдгөө таван одтой 40 орчим зочид буудал тэнд үйл ажиллагаа явуулж, жилдээ хагас сая орчим жуулчин хүлээн авч байна. Түүнчлэн дэлхийд алдартай Варадеро амралт, зугаалгын бүс нь гавана хотоос 130 километрт оршдог. Куба улс жилдээ нийт таван сая жуулчин хүлээн авах чадалтай. Жуулчдын 45 хувийг Варадеро дангаараа хүлээн авдаг. Варадеро амралтын бүс цав цагаан элс, номин хөх ус бүхий наран шарлагын эргээрээ дэлхийд алдартай.

-Сүүлийн жилүүдэд монголчууд тус улсад аялах нь нэмэгдэж байгаа вэ?

-Монгол, Кубын хооронд иргэд харилцан зорчих нь нэмэгдэж байна. Кубын аялал жуулчлалын яамны албаны хүмүүстэй уулзахад Кубын хилээр Монголоос ирж буй жуулчид болон Кубын зах зээл, бизнесийн орчинтой танилцахыг хүссэн хувийн хэвшлийнхний тоо нэмэгдсэн талаарх судалгааг танилцуулж байсан. “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн Ц.Ганхүү нарын баг нэг жилийн өмнө Кубад энэ улс, ард иргэдийнх нь тухай нэвтрүүлэг хийж Монголын телевизээр цацсан. Энэ нь Куба орныг сонирхох Монголчуудын тоог нэмэгдүүлсэн нь гарцаагүй. Жуулчид далайд амрахаас гадна Гавана хот, ялангуяа хуучин Гавана дүүргээр явган аялж, тус хотын 500 жилийн түүхтэй танилцах дуртай байдаг. Энэ бол Испани, Италийн колониал, неоклассик, арт деко загварын архитектор бүхий XVII-XIX зууны барилга байгууламж бүхий дүүрэг. Гаваны боомт болон Сан Франциско Исис, Армас, хуучин зэрэг талбай, Гаваны төв Кафедрал, Обиспо гудамж, Хятад хороолол зэргээрээ алдартай. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд 1982 онд бүртгэгдсэн. Гавана хотод ирж буй жуулчдын очих дуртай газар. ЮНЕСКО-гоос өгдөг 3-5 сая ам.долларын санхүүжилтийн хөрөнгөөр Кубын Засгийн газар жил бүр дүүргийн тодорхой хэсгүүдийг сэргээн засварладаг.

-Гавана хотын Хувьсгалын талбайд нэг сая хүн багтдаг, цагтаа тус улсын удирдагч Фидель Кастро тус талбайн индэр дээрээс найман цаг илтгэл тавьдаг байсан гэж ярьдаг. Хосе Мартигийн цогцолборын хөшөөнд Төрийн тэргүүн, Элчин сайд нар цэцэг өргөдөг. Та ч гэсэн цэцэг өргөж байв уу?

-Кубын Нийслэл гавана хотын төв талбай нийт 72 мянган квадрат метр. Тус талбайг тойроод Кубын төрийн зөвлөлийн ордон, Засгийн газрын яамдууд байрладаг. Талбайн төв хэсэгт Хосе Мартигийн цогцолбор бий. Тус цогцолборыг 1958 онд барьж, ашиглалтад оруулсан. Цогцолбор нь таван хошуу хэлбэрийн цогцолборын цамхаг, зургаан багана бүхий Хосе Мартигийн хөшөө, цэцэрлэгээс бүрдэнэ. Цамхагийн өндөр нь нийт 109 метр болдог юм билээ. Гавана хотын дурсгалт газрууд, Морро цайз буюу Сан Карлосын бэхлэлт, Капитол барилга, их театр зэрэг байгууламжууд бас их алдартай. Морро цайз бол Испани улсаас Латин Америкийн бүс нутагт байгуулсан хамгийн том бэхлэлт. Гаваны булангийн зүүн эрэгт байрладаг. Нийт 15 километр урт байгууламж. Энэ байгууламж овор хэмжээгээрээ дэлхийд тавдугаарт ордог. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн. Өдөр бүр оройн 21.00 цагаас эртний түүхэн уламжлалыг үргэлжлүүлэн Гаваны боомтын хаалгыг хаах дохио өгөх ёслолын үйл ажиллагаа, ёслолын буудлага болдог. Жуулчид ихээр очдог газар. Одоо энэхүү бэхлэлт цайз нь жил бүрийн олон улсын номын үзэсгэлэн, худалдаа, Латин Америкийн гар урлалын үзэсгэлэн, худалдаа, Биеннал олон улсын урлагийн үзэсгэлэн зохион байгуулагддаг. Цайзын яг хажууд исүс христийн цагаан гантиг хөшөө сүндэрлэдэг. Цайзын архан талд хүйтэн дайны оргил үе болох 1962 оны Карибын хямралын дурсгалд зориулсан цогцолбор байрладаг. Энэ гурван газрыг хамтад нь үзэх боломжтой.

-Харин Капитолын тухайд юу хэлэх вэ?

-Капитол нь 1929 онд баригдсан бөгөөд Кубын хувьсгалаас өмнө тус улсын Сенат, төлөөлөгчдийн танхим байрлаж байсан. АНУ-ын Капитол хиллээс гурван метр өндөр боловч нийт овор хэмжээгээрээ 25 хувь бага. Капитолын дотор байрлах Афин Пала бурхны дүр бүхий Бүгд найрамдахчуудын цул хүрэл хөшөө нь дэлхийд өндрөөрөө нэгдүгээрт ордог. Хотын ихэнх дүүргээс Капитолын орой харагдана. Кубын шинжлэх ухааны академи, шинжлэх ухааны яам тус байранд 1959- 2011 хүртэл байрлаж байсан. Харин 2011 онд Кубын төрийн зөвлөлөөс тус улсын үндэсний ассамблейг оруулах шийдвэр гаргасан. Капитолын яг хажууд Кубын их театр байрладаг. Архитекторын хосгүй бүтээл. Кубын их театр 1838 онд анх нээгдсэн, Гавана хотын хосгүй уран барилгын нэгт тооцогддог. 2003 оноос гурван жил их засвар хийгээд дахин нээсэн. Гавана дахь ЭСЯ Монгол оюутнуудаа 500 жилийн түүхтэй Гавана хотын түүх дурсгалын газруудтай танилцуулах соёлын цуврал арга хэмжээ зохион байгуулсан. Энэ хүрээнд их театртай танилцуулж, дэлхийд алдартай Кубын балетын урлагийн тоглолт үзүүлсэн байгаа.

-Үнэхээр үзэж, харах зүйл ихтэй орон юм. Монголоос шууд нислэг байдаггүй байх аа?

-Шууд нислэг бол байхгүй. Хятадын “Air China” агаарын зорчигч тээврийн компани Бээжин-Монреаль-Гавана чиглэлийн шууд нислэгийг долоо хоногт хоёр удаа үйлдэж байна. Мөн туркийн “Туркиш Айрлайнз” компани Истанбул-Гавана-Истанбул чиглэлээр байнгын нислэгээ хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн.

-Удирдаач Б.Лхагвасүрэн Кубын үндэсний симфони оркестртой бие даасан концерт тоглосон тухай мэдээ сошиалаар гарсан. Маш олон мянган хүн түүний концертын бичлэгийг үзсэн байсан. Тэгэхээр Монгол, Кубын хооронд соёл, урлагийн хамтын ажиллагаа хэр өөдрөг байна вэ?

-Гаванад сууж буй Монгол улсын ЭСЯ-наас санаачлан удирдаач Б.Лхагвасүрэнгийн Кубын үндэсний симфони найрал хөгжмийг удирдан дэлхийн сонгодог болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын зохиолуудыг Куба үзэгчдэд анх удаа толилуулсан концертыг үндэсний театрт зохион байгуулсан. Монгол, Куба хоёр улс дэлхийн бөмбөрцгийн хоёр өөр өнцөгт алс хол орших боловч сонгодог урлаг, сонгодог хөгжим хоёр ард түмнийг ойртуулахад нэн чухал үүрэгтэй. Үүнийг тус улсын Соёлын яамны дэд сайд Фернандо Рохас концертын дараа хэлж байсан. Цаашид гавана хотод Улаанбаатар хотын соёлын өдрийг зохион байгуулах, Гавана хотын аль нэг цэцэрлэгт хүрээлэн эсвэл талбайг Улаанбаатар хотын нэрэмжит болгох зэрэг ажлыг ЭСЯ-наас санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.

-Боловсролын салбарт ямар ахиц байна. Манайхаас жил бүр цөөн тооны монгол оюутан Куба улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Тэд голдуу ямар чиглэлээр суралцдаг юм бэ?

-МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар Гаванагийн их сургуулийн захирал Густаво Кобрейрогийн урилгаар энэ оны хоёрдугаар сард тус улсад айлчилсан. МУИС-д Испани хэл, орон судлалыг эрчимжүүлэх, сургуулиуд хоорондын багш, оюутан солилцоог эхлүүлэх, хамтарсан судалгаа хийх, хамтын ажиллагааны санамж бичгийг хэрэгжүүлэх зорилготой айлчлал байсан.

-Кубад Монголоос хэчнээн иргэн байдаг юм бэ?

-Нийт 25 монгол иргэн ажиллаж, амьдарч, суралцаж байна. Үүнээс 15 оюутан, нэг иргэн докторант мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байна. Тэд голдуу анагаахын чиглэлээр суралцдаг. Кубын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр хоёр оюутанд анагаах ухааны мэргэжлийн хуваарь олгодог байсан. Гэхдээ сүүлийн хоёр жил оюутны тоог гурав болгон нэмэгдүүлсэн байгаа.