A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1241/

Есдүгээр сар: Алс дорнодоос Америк хүртэлх айлчлал

​Нийслэлийн МАН-ын даргын сонгууль дотоод улс төрийн гол сэдэв байлаа​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1241/


Энэ удаагийн парламент бүрэн эрхийн хугацааныхаа яг талыг нь эдлээд байна. Өнөөдөр нээлтээ хийж буй 2018 оны намрын чуулганыг оруулж тооцвол дөрвөн удаагийн ээлжит чуулган энэ УИХ-д үлджээ. Гэхдээ энд ээлжит чуулганаа эхлүүлж буй М.Энхболдын “ангийн” ажлыг дүгнэлгүй, харин намрын чуулганы өмнөх буюу өнгөрсөн есдүгээр сарын улс төрийн үйл явдлыг тоймлон хүргэе. Наймдугаар сард Засгийн газрын зарим яамд донсолж, төрийн албан дахь удирдах албан тушаалтны халаа сэлгээ ихтэй байсан. УИХ-ын шийдвэр Үндсэн хуулийн цэц дээр бүдэрсэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаанд тавьсантай холбоотой арбитрын маргаанд Монгол улс ялагдсан гээд таагүй мэдээ олон байсан. Харин есдүгээр сар гадаад харилцаа, геополитикийн асуудал анхаарлын төвд байв. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо болсон дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэр ОХУ-аас БНХАУ-руу барихаар төлөвлөсөн хийн хоолойг Монгол улсаар дамжуулан өнгөрүүлэх асуудлаарх хүсэлтээ идэвхтэй илэрхийллээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан эл саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэмжиж буйгаа мэдэгдсэн.

Харин БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин Монголын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн ажил хэрэгч саналуудыг хамтран хэрэгжүүлэхийн төлөө ажиллана хэмээв. Тэрбээр ОХУ-д зөвхөн хоёр хөршийнхөө төрийн тэргүүнтэй уулзсангүй, БНСУ, Япон улсын Ерөнхий сайдуудтай албан уулзалт хийсэн юм. Владивостокт Ерөнхийлөгч Х.Баттулга бусад улсын төр засгийн тэргүүнтэй хийсэн уулзалт бүр дээр ярьсан нэг сэдэв нь Зүүн хойд азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад Монгол улс нар, салхи, нүүрсний эх үүсвэрийн эрчим хүчний нийлүүлэгчээр оролцох тухай байв. Ерөнхийлөгч Х.Баттулга алс дорнодод ийн бүс нутгийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх Монголын саналыг илэрхийлж, идэвхтэй ажилласан бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчлаад ирлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Вашингтонд очсон гол зорилго нь сүүлийн дөрвөн жил яригдсан, Мянганы сорилтын корпорациас санхүүжилт олгох компакт гэрээг үзэглэх явдал байв. Энэ хүрээнд тус сангаас буцалтгүй тусламж болгон Монгол улсад өгч буй 350 сая ам.долларыг Улаанбаатарын зуун жилийн усны асуудлыг шийдэх эх үүсвэр болно хэмээн албаныхан онцоллоо.

Энэ бол монголчуудын эх орны хишиг болгон идэж, уугаад, Эрээний бараанд үрчихсэн 800 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэнэ гэж хэвлэлүүд мэдээлж байна. АНУ-ын Вашингтон хотноо Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй АНУ-ын дэд ерөнхийлөгч М.Помпео, конгрессын гишүүн дан Салливан, дэлхийн банк болон ОУВС, Мянганы сорилтын корпорацийн удирдлагууд зэрэг албаны хүмүүс уулзсан. Ноён М.Пэнстэй уулзсаны үр дүн, айлчлалын хүрээнд шийдэгдсэн бас нэгэн чухал асуудал нь Монгол-АНУ-ын иж бүрэн түншлэлийн харилцаа шат ахисан явдал байв. Хоёр улс цаашдаа өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн хэмжээнд харилцахаар болж байна. Вашингтонд төлөвлөсөн ажлуудаа өндөрлүүлсний дараа Ерөнхий сайд болон түүнийг дагалдан яваа багийнхан Нью-Йорк хотыг зорисон. Зорилго нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд оролцох. өнгөрсөн жил гадаад харилцааны сайд уг чуулганд оролцсон бол энэ удаа гүйцэтгэх кабинетын тэргүүний түвшинд оролцон “Энх тайван, аюулгүй байдал, эрх чөлөө, тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтээрээ хамтдаа хүчин зүтгэх”-ийг НҮБ-ын индрээс У.Хүрэлсүх уриалсан юм.

Гадагш чиглэсэн арга хэмжээнээс төрийн өндөр дээд буюуЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын хэмжээнд дээрх үйл явдлууд өрнөсөн бол дотооддоо харьцангуй нам жим байв. Харин нийслэлийн МАН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хотын дарга С.Батболдыг гурван хүний илүү саналаар ялсан бол, удш Н.Энхбаяр нарын өргөн барьсан МАХН-ын дүрмийн шинэчлэлийг бүртгэж авав. Парламент төдийгүй НИТХ, долоон дүүрэгт олонх болсон намын нийслэлийн салбар хороог удирдах хүнийг сонгох хурал улс төрийн хүрээнд томд тооцогдох үйл явдал. Нийслэлийн МАН-ын хороог удирдах хүн 2020 оны парламентын болон НИТХ-ын сонгуулийн бэлтгэл ажлыг хангах эрх, үүрэг авсан гэдэг нь УИХ-ын 28 мандат, НИТХ-ын 45 мандатад хэн нэр дэвшихийг үндсэндээ шийднэ гэсэн үг. МАН дотроо хамгийн нөлөөтэйд тооцогддог хотын буюу М.Энхболдын фракц 19 жилийн дараа нийслэл дэх байр сууриа алдсан нь энэ. Харин МАХН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш О.Баасанхүү, Н.Энхбаяр нарын хэн нь энэ хүчний удирдлага вэ гэдэг эргэлзээг тайлсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ямар ч нөхцөлд онгоцыг аюулгүй буулгах боломжтой боллоо

​ОХУ-ын БХ-ын сайд С.К.Шойгуд Цэргийн гавъяаны улаан тугийн одон гардуулав​

 0 сэтгэгдэл

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол улсад албан ёсны айлчлал хийлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд хамгийн сүүлд 2008 онд манай улсад албан ёсны айлчлал хийж байв. Хагас өдрийн хөтөлбөртэй тус айлчлалын эхэнд сергей Кужугетович Шойгу Монгол дахь Оросын үнэн алдартны сүмд зочилж, дараагаар нь БХЯ-нд очив. Түүнийг Монгол улсын Батлан хамгаалах яаманд сайд Н.Энхболд, дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга П.Даваа тэргүүтэй төлөөлөгчид хүндэт харуулын хамт угтсан юм. Айлчлалын үед БХ-ын сайд Н.Энхболд, ОХУ-ын БХ-ын сайд, армийн генерал С.К.Шойгу нар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн ажиллагааны явц, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийсэн. Хэлэлцээрт Монголын талаас БХЯ-ны дэд сайд Т.Дуламдорж, ТНБД Х.Батбилэг тэргүүтэй албаныхан ОХУ-ын талаас манай улсад ОХУ-ыг төлөөлөн сууж буй Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын БХЯ-ны орлогч сайд А.В.Фомин тэргүүтэй төлөөлөгчид, цэргийн Аттеше нар оролцов.

Мөн хэлэлцээрийн явцад хоёр орны Батлан хамгаалах яам хоорондын “Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурав. Тус хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон юм. С.К.Шойгугийн хувьд 2001 онд ОХУ-ын онцгой байдлын сайд байхдаа Монголд айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан билээ. Харин тэрбээр энэ удаа ОХУ-ын БХ-ын сайдын хувиар Монгол улсын БХЯ, ЗХЖШ-т “бэлэг”-тэй ирсэн нь цэргийн нисэх хүчний аэродромын тоноглол бүхий техник, тээврийн хэрэгслийн буцалтгүй тусламж байв. БХ-ын сайд Н.Энхболд буцалтгүй тусламжийг хүлээж авах үеэр “ОХУ-ын БХ-ын сайд Сергей Кужугетович Шойгу таныг албан ёсоор хүрэлцэн ирсэнд талархаж байна.

С.К.Шойгу 2001 онд ОХУ-аас Монголын малчдад хүргэх тусламжийг авчирч байсан юм

Мөн Монгол улсын зэвсэгт хүчинд олон тэрбум төгрөгийн цэргийн нислэгийн удирдлагын тоног төхөөрөмж буцалтгүй тусламжаар олгож байгаад Монгол улсын нэрийн өмнөөс ОХУ-ын БХЯ-нд талархал илэрхийье. Цэргийн аэродромын техник, тоног төхөөрөмж ашиглан цаг агаарын ямар ч нөхцөлд хүчин чадал бүхий нисэх онгоц хүлээж авах боломжтой болсонд манай зэвсэгт хүчин, ялангуяа агаарын нисэх хүчин онцгой баяртай байна. Манай нисэх хүчнийхэн хүлээн авсан тоног Мөн Монгол улсын зэвсэгт хүчинд олон тэрбум төгрөгийн цэргийн нислэгийн удирдлагын тоног төхөөрөмж буцалтгүй тусламжаар олгож байгаад Монгол улсын нэрийн өмнөөс ОХУ-ын БХЯ-нд талархал илэрхийье. Цэргийн аэродромын техник, тоног төхөөрөмж ашиглан цаг агаарын ямар ч нөхцөлд хүчин чадал бүхий нисэх онгоц хүлээж авах боломжтой болсонд манай зэвсэгт хүчин, ялангуяа агаарын нисэх хүчин онцгой баяртай байна. Манай нисэх хүчнийхэн хүлээн авсан тоног төхөөрөмжийг зохих журмын дагуу хадгалж, хамгаалж олон жил үр дүнтэй ашиглах болно гэдэгт ноён С.К.Шойгу та найдаж болно.

Монгол улсын цэргийн олон албан хаагч ОХУ-ын цэргийн их, дээд сургуульд нисэхийн мэргэжлээр суралцаж, нисэх хүчний болон аэродромын техник, тоног төхөөрөмжтөй ажиллах чадвартай болсон. Монголын зэвсэгт хүчинд цэргийн болон тээврийн нисэх онгоцыг ашиглах цаг ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. ОХУ-ын БХЯ-наас Монголын зэвсэгт хүчинд Зил 31 автомашинд суурилуулсан нисэх буудлын радио дохио өгөгч ПАР-10, УРАЛ 4032 автомашинд суурилуулсан нисэх онгоцны азотын агаар цэнэглэгч, ГАЗ 66-д суурилуулсан нисэх зурвас тодруулах лед чиглүүлэгч, УАЗ-д тоноглосон нисэх зурвас гэрэлтүүлэгч зэргийг тусламжаар олголоо. Эдгээр тоног төхөөрөмжийг хүлээн авснаар Монголын цэргийн нисэх хүчин бүх төрлийн онгоцыг цаг агаарын таагүй нөхцөлд хүлээн авч, аюулгүй буулгах боломжтой болж байгаа юм. ОХУ-ын төлөөлөгчид Монгол улс, ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, төрийн ордонд зочлон Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхлаа.

С.К.Шойгу “Найрамдалт харилцаатай Монгол улсад дахин зочилж байгаадаа сэтгэл хангалуун байна” хэмээж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилсан юм. Харин У.Хүрэлсүх цаашид Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг ОХУ-ын БХ-ын сайдаас хүссэн. Мөн ирэх онд болох халхын голын ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх үед ОХУ-аас өндөр, дээд хэмжээний зочид хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар С.К.Шойгуг “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”- гоор шагнасныг УИХ-ын дарга гардуулж өгсөн юм. Ийн ОХУ-ын БХ-ын сайд, төлөөлөгчид манай улсад хагас өдрийн айлчлал хийгээд Бээжин тийш хөлгийн жолоо заллаа. Тэд энэ удаагийн айлчлалаараа азийн орнуудтай цэргийн хамтын ажиллагаагаа сайжруулах зорилго тээж буй. Харин манай улс ирэх бямба гарагт ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Урсула Фон Дер Лайенийг хүлээн авч тавантолгойн цэргийн бэлтгэлийн баазтай танилцуулах юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сибирь арай ч нохойн замаар ороогүй ээ

​Сибирийн иргэний хөдөлгөөний тэмцэл Москвад нөлөөлдөггүй​

 0 сэтгэгдэл


Сибирь, алс Дорнод “Хятадын аюул”-ын дор орчихсон, тэнд сая хятад аль хэдийн суурьшсан, тэд нь бүр давраад референдум явуулах гэж буй. Тэгснээр Сибирь Хятад очих мэтээр Оросын зарим сайт, телевиз хэдэн жил дараалан суртал ухуулга хийх ба орчин цагт мэдээлэлд ер итгэж болохгүй гэх сэтгэгдэл төрүүлнэ. Мэдээллийн анхны эх сурвалж юуг өгүүлнэ вэ? хойшоо хил даваад барууншилбал үл тасрах Хятадуудын цувааг олж харж болно. Новосибирск, Эрхүү, Владивостокт холимог гэр бүл, тэдний эрлийз үрсийг олныг харна. Нэг сайтад Орос хүн ингэж бичжээ. Өнөөгийн Орос, Хятадын харилцаа дэлхийн II дайны өмнөх СССР ба Германы харилцаатай тун төстэй байна. Нам гүм, гэхдээ нэг өдөр тэсрэхээр. Тэгэхдээ дайндаа тулахгүй, Хятадууд аажуухан замаар Сибирийг эзэлсээр байгаа гэх мэтээр. Бас нэг сөрөг сэдэв. Путин Сибирийг Хятадад зарчихлаа гэх туйлшрал. Хятад нь Сибирийг хүчээр эзлэх сонирхолгүй, зүгээр л худалдаад авчихна. Түрээс гэж нэг лут зэвсэгтэй. Хэрчим газар, үсрээд нэг хамтралын дайны газрыг түрээслэнэ. Тэнд тариалан үйлдвэрлэл явуулна. Нэг мэдсэн Хятадаар дүүрчихсэн, тосгоны ядуу охид Хятад фермерийн гэргий болцгоогоод л гэх мэт зохиомжилжээ.

Сибирь дэх үндэстэн-угсаатны бүцийг харьцуулсан баахан тоо сайтуудад байна. Владивостокийн хүн ам 2014 оны байдлаар Орос хүн 86 хувь, Украинчууд 2.5 хувь, нэг хувь нь Солонгосчууд, 0.5 хувь нь Татаарууд, үлдэх нь үндэстний цөөнх Узбек, Армян, Беларус, Хятад, Азербайжан, Хасаг гээд жагсаж байжээ. Лав Хятадуудад эзлэгдчихсэн гэдэг нь домог байжээ. Хятадууд хотуудад шигдэхийг чухалчлахгүй, Сибирийн их ой тайгыг эзэмшихэд анхаардаг. Тэгээд ч хууль бус мод олборлолт тоймоо алдсан хэмээн тэр сайтад бичсэн байх юм. Гэтэл нутгийн уугуул иргэд нь бас ой модоор амин зуулгаа хийж ирсэн, тэдэнд хожуулаас өөр юм үлдээлгүйгээр Хятад руу хуу ачуулж байгаа юм байх. Үнэхээр сансрын хиймэл дагуулын фото зурагнаас харвал эрхүүгийн өмнө зүүн тал тэр чигтээ чигжүү битүү ой. Ой үргэлжилсээр Монгол, Хятадын хилтэй залгана. Оросууд Сибирийнхээ их ойг “Ногоон алт” гэнэ. Нефть хийг бодвол энэ их ой чинь тайрсаар байгаад нэг л өдөр дуусна. ОХУ-ын нутаг дэвсгэрт дэлхийн ойн нөөцийн 25 гаруй хувь, ховор үнэт моднуудын нөөцийн 50 орчим хувь байдаг. Гэтэл сүүлийн таван жилд хууль бусаар тайрч огтлон, хууль бусаар экспортод гаргасан мод 70 хувиар өсч, бараг тэр чигтээ БНХАУ руу ачигдсан байх юм.

Амурск мужийн прокурорын мэдээлснээр бол төрийн өмчийн мэдэлд байдаг ойн нөөцийн 50 хувийг Хятад руу ачуулжээ. Орон нутгийн авлигач түшмэд Хятадын бизнесмэнүүдтэй нийлэн хууль бус үйлдэл хийсэн гэнэ. Жилдээ 150 сая ам.долларын ашигтай хар бизнес тэнд цэцэглэж, түүнийг дагасан мафийн сүлжээ буй болжээ. Москвагаас Сибирякууддаа яаж ханддаг вэ гэсэн асуудал ноцтой тавигджээ. Нэг нь колоничлогч, нөгөөх нь абориген, цаадах нь наадхаа мөлжин цөлмөж байх ёстой гэсэн олон жилийн хур зөрчил явж байгаа нь тэр. Сибирьт байгалийн нөөц баялгийг хамж буй, хайр найргүй экспортлохыг зорьдог хоёр төрлийн түшмэд байдаг гэнэ. Эхнийх нь Оросын европын хэсгүүдээс морилж ирсэн, мөнгөтэй эрх мэдэлтэй “Шинэ оросууд”. Нөгөөх нь Сибирийн уугуул боловч эрх мэдэлд хүрсэн, авлигалд идэгдсэн Оросууд ажээ. Улсын төсвийг дүүргэж л байвал хэнд, хаашаа юугаа зарах нь төдийлэн падгүй. Оросын дундрашгүй төсөвт Москва руу мөнгө нь орж байх учиртай. Харин эргээд өөрсдийнх нь илгээсэн асар их мод Хятадаас мебель тавилга болж орж ирэн, Оросын үндэсний үйлдвэрийг нураана уу, байна уу, хичнээн олон хүн ажлын байртай байргүй нь бас падгүй.

Оросын авлигач түшмэдийн увайгүйтэлд урамшсан хятадууд дураараа авирлана

Оросын авлигач түшмэдийн увайгүйтэлд урамшсан Хятадууд дураараа авирлана. Тэднийг өөхшүүлдэг тусгай суртал нэвтрүүлэг ч бий. Хятадын нам, төрөөс мэдээж тэгэхийг сайшаадаггүй ч Хятадын элдэв порталд (Жишээ нь “Жиньжи тоутяо” сайт) Сибирь заяанаасаа Хятадын нутаг гэсэн агуулга бүхий мэдээ мэдээлэл цацагдана гээч. “Хятадын нутаг” хэмээн хашилтад авах боловч тэр олон ханзан дотор хашилт нь ялгарч харагдаад байх юмгүй. Санаатай тэгж бичдэг ч юм шиг. Улс төр-эдийн засаг-цэргийн биш гэхэд геополитикийн гол холбоотноо Хятадууд хэрхэн нэрлэж, авч үзэж байгаа нь өөр олон таагүй баримтаар илэрнэ. Оростой, Оросгүй Хятад босоод ирсэн. Оросгүйгээр бид дэлхийн худалдаанд байраа эзэлчихсэн, Оросгүйгээр мөнгөжсөн, гэвч Путин гэж нэг сэргэлэн эр Орост байгаа нь азтай хэрэг. Тэрбээр өрнөдтэй мөн ч гялалзтал тоглох юм гэсэн санаагаар “хуаньчю шибао” гэж сонины сайтад биччихсэн байх юм. Путины өнгөн дээрх Бээжин-Москва хоёр бол хоёр найз анд нөхөд, гэхдээ Орос бол түүхий эдийн маш сайхан бааз. Хэрэв цаашаа Хятадын элдэв портал ухах юм бол энэ сайхан бааз нь тэрхүү сайн анд нөхрийнх нь хяналтад байна. Одоохондоо тэд ой тайга, байгалийн хийн буландаа байж л байг. 50 жилийн дараа юу болохыг нь харна аа, бүх юм эргэнэ гэхчлэн. Нэг таагүй үзэгдлийг мэдрүүлэх шиг. Ерөөсөө хичнээн сайн найзаллаа гэхэд цаана нь заавал дайсагнал, ядахнаа үл итгэл оршиж байна гэмээр.

“Восток-2018” цэргийн хээрийн сургуульд Хятадыг уриадахсан чинь дараа нь Хятадын цэргийн нэг хэвлэлд Оросын танкууд хуучирсан, бүр т-62-ыг хүртэл байлдуулсан. Орос танкны тийм ч дутагдал, ийм ч бүтэлгүйтэл гээд биччихсэнийг Оросын цэргийн сайтууд өлгөж аваад гомдоллосон байх юм. Сибирийг аль эрт галав үед Монголчууд байлдан дагуулж, эзэлж байсан бол тэр чинь Хятадынх гэсэн үг хэмээн “Жиньжи тоутяо” сайтад бичсэн нь бидэнд тун эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр юм. Сибирякууд нь ч мал биш юм болохоор тэмцлийн арга зам сонгожээ. Сибирээ Хятадуудад эзэгнүүлэхгүй гэсэн нэг иргэн санаачлан хөөцөлдсөөр 50 000 хүний гарын үсэг зуруулан, коллектив бойкот гэдгийг Хятадад тавьжээ. Улмаар ойрын 10 жилдээ тэр хавийн ой тайгын модоо Хятадад экспортлуулахгүй болж таарчээ. Оросын хувьд сибирийн их ой гэдэг маш том үнэт зүйлс, нүд алдам зах хязгааргүй их ой байна. Гадаад худалдааны хэмжээг эрс өсгөхөд энэ их ой нэмэр болдог байлаа ч гэсэн асар ихээр тайрч огтлох нь халгаатай хэмээн тэр 50 000 хүний өргөх бичигт бичээтэй. Алс дорнодын гаалийн газрын баримт байна. 2016 оны байдлаар 750 тонн мод хилээр гаргажээ. Өртөг нь 923,900 доллар. Тэр их ойн баялгийн 81 хувь нь Хятадад экспортлогдсон, үлдэх 12.5 хувь нь Японд, дөрвөн хувь нь Өмнөд Солонгос руу гарчээ. Үүнд 20.7 сая кубметр нь боловсруулаагүй, ердөө тайраад л мөчиргүй болгоод ачуулчихжээ. Нэг кубметрийг нь $68-аар өгсөн гэсэн байна. Ерөнхийдөө Сибирийн оршин суугчдын олонх нь шударга худалдаа явагдаж байна гэх итгэлээ гээсэн.

Их багагүй, гадаад дотоодгүй тонуулчид гэж үздэг, зүхдэг. Гэтэл Орос Хятадын модны худалдаанд шударга наймаа хийгддэг, залилан мэхэлсэн, шантаажилсан явдал үгүй хэмээн хятадууд өчдөг. Мод худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй байхад ч хайр найргүй огтчин зарж байсан ба гэрээ байгуулснаар худалдаа цэгцэрч, орост ой модонд тавих хяналт сайжрах болов уу гэтэл байдаггүй. Экосистемийг зөрчлөө, модыг хэт ихээр тайрлаа болоод явчихдаг. Ялангуяа газар түрээслэн тэндээ суурьшаад, тэндээ мод боловсруулах болон модон эдлэлийн үйлдвэр бариад, целлюлоз-цаасны комбинат ажиллуулаад ирэхээр Оросууд боож үхэх шахна. Хятадууд овжин сэтгэжээ. Мод зөөвөрлөхийн оронд тэнд нь худалдан аваад, тэнд нь боловсруулаад бүтээгдэхүүн болгоод өөрсдөд нь зарна. эсвэл бэлэн бүтээгдэхүүнээ Хятад руу зөөнө, эсвэл Оросын боомтоор далай руу гаргаж экспортын урсгал болгоно. Оросын Сибирь, эрхүү хавиас модон эдлэл зөөдөг монголчууд Хятадын энэ наймааны бас нэг “клиент” болчихсон яваа. Хятадад өөрт нь бол ой мод хяргахыг тас хорьчихсон, модны худалдаа бизнес хийнэ гэж байхгүй. Харин Орост бол болно. Оросын хууль тогтоомж зөөлөн, хяналт сул, газар арендаар авч эзэмших нь оросын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан хэрэг биш. Харин нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хөндсөн түүхэн баримт бол 1990-ээд оны Чеченийн хэрэг явдал, татарстаны санаархал, гэх мэт бүс нутгуудын сепаратизм Оросыг нэг л өдөр сүйд хийнэ. Хятад дэргэд нь яасан юм бэ гэх суртал ухуулга Оросын албан ёсны сайт дээр явж байна. Жишээ татсан байна. 2016 онд Хятад Австралиас 11 сая га газрыг $371 саяар түрээслэхээр яригдсан ба нэг га нь $33. Энэ нь Австралийн нутаг дэвсгэрийн 1.5 хувь болно. Тус улсад энэ түрээс хэрэгжсэн ба одоогоор босч тэмцэж хилэгнэсэн Австрали иргэн гарч ирээгүй.

Орост 115 мянган га буюу ОХУ-ын нийт нутаг дэвсгэрийн 0.0067 хувь, түрээслэх үнэ нэг га нь $250. Хятадад газраа түрээслүүлье, энэ нь хожоотой гэдгийг сурталчлагч Оросын сайтын мэдээлэл энэ байна. Орост эдийн засгийн олон салбар хувьчлагдсан, тэр дундаа ой модны аж үйлдвэрт төрийн хатуу хяналт зохицуулалт байхгүй нөхцөлд Хятадад модоо зарж, модон эдлэлийн үйлдвэрийг нь нутагтаа байгуулуулж, Хятадуудыг ажиллуулж, хоёр орны хамтын ажиллагааг түлхэж байх нь юуны буруу аж хэмээн дээрх сайтад бичжээ. Нэг үгээр Сибирь нохойн замаар орж, Хятадуудын хөлд талхиулсан юм алга. Зөрчил байна уу, байна. Тэмцэл байна уу, байна, төрийн бус байгууллага, иргэдийн хөдөлгөөн байна. Нэг үгээр манайх шиг. Гэхдээ Москвадаа очиж нөлөөлөөд тэмцээд, Кремлийг доргиогоод байгаа юм огт байхгүй. Хөндсөн сэдвээ Монгол руу татаж авчран харьцуулалт хийж болж байна. Манайх ой мод ихтэй айл биш тул Монгол-Хятадын худалдаанд мод чухал байр эзлэхгүй. Тужийн нарсыг хяргаад дууссан, Хятадад очиж савхны үйлдвэрийн түүхий эд боллоо гээд манайхан дээхэн нэг хэсэг шуугисан. Одоо яасныг бүү мэд. Хямгадаж, ургуулж тарьж байхгүй бол лав Улаанбаатарын ойролцоох ойд хожуул маш ихээр үлдсэн. Харахад нүд хальтрам ой, ам, уулын энгэр хормой нэлдээ хожуул. Байгаль орчиндоо хэт зэрлэг, үрэлгэн хандаж байгаа нь гадаадынханд шууд олз болдог. Байгалиа үл сүйтгэгч оросуудаасаа сурч үлдээгүй монголчуудын нэг дутагдлыг нь хэлж байна. Сибирийн хурган дарга нар, нутгийн түшмэд ба Монголын хөдөө орон нутгийн засаг захиргааны дарга нарын хооронд тун адил. Бараг нэг хэвэнд цутгасан мэт нэг гол дутагдал бол авлигач, худалдагдсан, тэр хэрээрээ байгалиа сүйтгүүлэхийг гадныханд зөвшөөрдөг, мэдсэн ч нүдэн балай чихэн дүлий өнгөрдөг. Хувийн ба гэр бүлийн хэрэгцээний хэдэн төгрөгөө олж аваад ажлаа өгөөд бултчихдаг гэх мэт адил талууд Сибирийг хожгор болгоход, Монголын хээр талыг там болгоход нэмэр нэрмээс болох ажгуу!

A

Жижиг

A

Дунд

A

Том

Б.Баттөмөр: Худалдааны хуулийг батлаагүйгээс хөгжлийн мухардалд орж байна

ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засаг тэлж зээлжих зэрэглэл ахина гэж үзэж байгаа

 0 сэтгэгдэл


УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Ч.Улаан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар өнгөрсөн долоо хоногт Индонез улсад болсон ОУВС-гийн ээлжит хуралд оролцоод иржээ. Тус хурлын талаар болон цаг үеийн бусад асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

-Та ОУВС-гийн хуралд оролцоод иржээ. Ямар зорилготой хурал болов?

-ОУВС-гийн ээлжит хурал гурван жилд нэг удаа АНУ-аас бусад оронд болдог. Энэ удаагийнх Индонез улсад болж УИХ-ын гишүүд оролцлоо. Хурал болгон өөрийн гэсэн онцлогтой болдог. ОУВС-гийн захирал тухайн хуралд анхаарах асуудал, олон улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мессеж, уриалга гаргаж түүний хүрээнд тулгарч байгаа асуудлыг хэлэлцдэг. Тухайлбал, 2017 оны хурал “Нар гарч байгаа дээр дээврээ засаад аваарай” гэсэн уриалга гаргаж байсан. Мөн өнгөрсөн хавар болсон хурал “Тэнгэрийн хаяанд хар үүл хуралдаж байна” гэсэн мессежийн хүрээнд болсон бол сая болсон хурал “Сорилтын жилүүд болох нь” гэж дүгнэж, ярилцсан. ОУВС-гийн хурлаар дэлхийн эдийн засгийн байдал хүнд байна, гэхдээ гарах гарц бий гэсэн дүгнэлтийг хийж байгаа. Ялангуяа 2009 онд дэлхийн эдийн засагт үүссэн хямрал давтагдах магадлал өндөр гэдгийг оролцож байгаа орны төлөөлөгчид ярьж байна. Гэхдээ энэ удаагийнх өрийн хямрал байж болзошгүйг анхааруулсан. Хөгжиж буй орнууд маш их хэмжээний өр тавьж байгаа боловч эдийн засгийн тогтвортой байдал нь хангагдахгүй байна гэдгийг чухалчилж ярьсан. Өөрөөр хэлбэл, өр, эдийн засгийн харьцаа алдагдсан байна. Түүнийг засахын тулд олон улсын хамтын ажиллагаа төдийгүй тухайн улсын дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал шаардлага үүссэн гэж дүгнэлээ.

-Хурлаар ОУВС-гаас манай улсад хэрэгжүүлж байгаа санхүүгийн хөтөлбөрийг хэрхэн дүгнэсэн бэ?

-Монгол улсын эдийн засагт сайн өөрчлөлтүүд гарсан, цаашид өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг энэ хэвээр хэрэгжүүлээд явбал тодорхой хугацааны дараа Монголын эдийн засагт сайн өөрчлөлт гарч зээлжих зэрэглэл нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Мөн хөтөлбөрийг ОУВС, дэлхийн банк анхааралтай ажиглаж байгаа гэж хэлж байна лээ. ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар БНСУ 500 сая, Япон улсаас 850 сая ам.долларын урт хугацаатай хөнгөлттэй зээл авах боломжтой болсон шүү дээ. Индонезэд болсон хурлын үеэр бид дээрх хоёр орны төлөөлөгчидтэй уулзаж хөнгөлөлттэй зээлийг дахин ярилцсан. Зээлжих зэрэглэл ахих боломж үүсэж байгааг харуулж байна.

-Манай улсын зээлжих зэрэглэл ямар түвшинд байгаа вэ? ОУВС-гийн хурлаар зээлжих чадвар сайжирсан гэж үзсэн үү?

-Сайн эдийн засагтай орнуудын зээлжих зэрэглэл өндөр, авч байгаа зээлийн хүү нь бага байдаг. Манай орны зээлжих зэрэглэл ахиж байна. Үүний нэг нотолгоо энэ долоо хоногт манай хөгжлийн банк жилийн 7.25 хувийн хүүтэй 500 сая ам.долларыг дэлхийн зах зээлээс ямар нэгэн баталгаагүйгээр босгож чадсан байна. Мөнгө босгож чадаж байгаа нь сайн боловч 7.25 хувийн хүүг би өндөр байна гэж үзэж байгаа. Үүнээс бага байх боломжтой. Яахав 2016 онд 10.8 хувийн хүүтэй зээл авч байсныг бодоход олон нэгжээр бууруулсан нь эдийн засагт гарсан нааштай үр дүнгийн нөлөө гэж харах юм даа.

-Дэлхийн банкнаас худалдааны ил тод байдал хангагдахгүй байгаагаас эдийн засагт үзүүлэх үр дүн бодитоор харагдахгүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн байна лээ. Энэ юуг хэлж байгаа юм бэ?

-Дэлхийн эдийн засагт худалдааны дайнаас үүдэлтэйгээр тодорхойгүй нөхцөл үүссэн гэж үзэж байгаа. Худалдааны дайн эдийн засагт тэнцвэргүй байдал үүсгэж, улмаар сөргөөр нөлөөлж эхэлсэн. Үүнээс болж дэлхийн эдийн засагт популизм үүсэх суурь тавигдаж байна гэж ОУВС-ийн захирал Кристин Лагард хэлж байсан. Худалдааны голлох орнууд нэгэндээ худалдааны тариф тавьчихаар чөлөөт худалдаа үндсэндээ боомилогдож байна. Дэлхий улам глобалчлагдаж байгаа нөхцөлд нэг нь бараа бүтээгдэхүүний илүүдэлтэй, нөгөө нь хомсдолтой байж болохгүй.

-Манай улсын хувьд ч гэсэн худалдааны агентлаггүйгээс гадаад худалдаанд зохицуулалт хийж чадахгүй байгаа. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Манай гадаад худалдаа 30 жил зохицуулалтгүй явлаа. Өнөөдөр ГХЯ-нд арав хүрэхгүй хүнтэй, нэг газрын даргатай бүтэц гадаад худалдааны бодлогыг явуулж байна. Монголд худалдаагаар дамжуулж амьдралаа авч явдаг сая гаруй хүн байна. Гэтэл зохицуулалтгүй яваад байгаа нь маш буруу. Өнгөрсөн хугацаанд худалдааны тухай хуулийг гурван ч удаа өргөн бариад хэлэлцээгүй юм билээ. Худалдааны хуультай болох хувилбарууд байгаа, худалдааны зохицуулалт хийх шаардлага ч тулгамсан байхад энэ хуулийг батлах эсэх нь тодорхойгүй байна. Зохицуулалт хийх наад захын жишээ гэхэд манай иргэд орлогоо төгрөгөөр олж зарлагаа ам.доллар, юаниар гаргадаг. Тэр нь болж валютын ханш нэмэгдэх бас нэг нөхцөл болоод байгаа. Энэ мэтчилэн олон зохицуулалт худалдааны хуультай болохыг шаардаж байна. Үүнээс гадна Засгийн газар, Монголбанк өөрсдийн чиг үүргийг хөөгөөд явчихаар хоорондын уялдаа алдагдчихаад байна. Үүнийг зангидах төрийн захиргааны төв байгууллагыг зайлшгүй бий болгох шаардлага тулгарч байгаа. Эдийн засгийн байнгын хорооноос гаргаж байгаа зөвлөмжид гадаад худалдааны бие даасан бүтцийг бий болгохыг Засгийн газарт үүрэг болгосон.

• Хөгжлийн банк жилийн 7.25 хувийн хүүтэй 500 сая ам.долларыг дэлхийн зах зээлээс ямар нэгэн баталгаагүйгээр босгож чадсан ч зээлийн хүүг нь үүнээс бага байлгах боломжтой.

• Өнөөдөр ГХЯ-нд арав хүрэхгүй хүнтэй, нэг газрын даргатай бүтэц гадаад худалдааны бодлогыг явуулж байна.

• Гурван гишүүн сонгогдсон нэг аймагт 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон.

-Гадаад худалдаанд зохицуулалт байхгүйгээс импортын хэмжээ 41.9 хувиар огцом нэмэгдэн валютын урсгал гадагшилж, ханш өсөх шалтгаан болж байна. Худалдааны агентлаг байгуулахаас гадна үүнийг зохицуулах арга юу байна вэ?

-Эдийн засаг тэлж орлого нэмэгдэхээр импорт өсдөг. 2018 оны төсвөөс Ждү-д 72 тэрбум төгрөг өгч байгаа. Тэд тоног төхөөрөмж авахаас эхлээд бараа, материал татах зэргээр импортын хэрэглээг нэмэгдүүлдэг. Үүнийг буруутгах аргагүй. Харин худалдааны хуулийг баталвал импортыг орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх бодлогын зохицуулалт хийгдэх сайн талтай. Мөн хөрш орнуудаас импортлож байгаа бүтээгдэхүүний төлбөрийг юань, рублиэр хийдэг болчихвол валютын ханшийг тогтвортой барихад нөлөөлнө. Ер нь гадаад худалдааг чөлөөт зах зээл, далд гар зохицуулна гэж даатгасан нь хөгжлийн мухардалд хүрсэн олон шалтгааны нэг болсон. Тэгэхээр төрийн зохицуулалт үүнд зайлшгүй шаардлагатай.

-Ирэх оны төсөвт нийслэл, орон нутагт сургууль, цэцэрлэгийн барилга барихаас эхлээд маш олон хөрөнгө оруулалт шаардсан ажлууд хийхээр тусгасан. Түүнийг дагаад импортын хэмжээ ч энэ оны өсөлтөөс давахаар байна. Тэгэхээр валютын урсгал ч тэр хэрээр гадагшлах болж байна шүү дээ?

-Төсвийн зарлага 11.5 их наяд байгаа. Зарлагын реформыг хийх шаардлага бас бий. Өнөөдөр Монгол улсад шийдвэрлэх асуудал маш ихээр хуримтлагдсан байна. Хүүхдийн эрхийг хангахын тулд цэцэрлэг сургууль барих ёстой, өвчлөл их байгаа учир эмнэлэг барих ёстой болж байна. Энэ мэтчилэн тооцохоор төсвийн 1.3 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх юм. Манай урсгал зардал 8.2 их наяд төгрөг болж байна. Энэ нь зайлшгүй гарч байгаа зардал. Хамгийн гол нь эдийн засгаа тэлж баялаг бий болгох, баялгийн менежментийг сайжруулах шаардлага байна. Монгол улсад Менделеевийн үелэх системийн 113 элементийн 83 нь баялаг хэлбэрээр байна. Манай улс байгалийн менежмент муу байдгаас баялгаас орох орлого чамлалттай. Түүнийг сайжруулж чадвал орлого нэмэгдүүлж ард иргэдийнхээ амьдралыг өөд татан, бүтээн байгуулалт хийх боломж дүүрэн байна.

-Төсөвт УИХ-ын гишүүн бүрт таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хуваарилсан гэсэн яриа яваад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Тийм хуваарилалт хийгээгүй. Таван тэрбум гэдэг тоо яаж гарч ирсэн гэхээр гурван гишүүн сонгогдсон нэг аймагт 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэ бол улсын бодлогоор хийгдэж байгаа хөрөнгө оруулалт. Түүнийг гишүүдэд хуваарилсан мэтээр ташаа ойлголт гарсан байна лээ. Боломжтой бол тав биш, 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлага байгаа шүү дээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Арменыг Ездистан болгож хагалах төлөвлөгөө

​Орос-Армены харилцаа замын бэлчирт, хоёр салаа замын эхэнд байна​

 0 сэтгэгдэл

Энэ 2018 он бол Армены түүхэнд ул мөрөө үлдээх жил. Жинхэнэ тусгаар тогтнолоо 2018 оны хавар олж авсан байж болно. 1991 онд СССР тарахад ямар Армен буй болсон юм бэ? Ереванаас умар зүг 126 километрт орших гюмри хотод оросын цэргийн 102 дугаар бааз байрлах бөгөөд тэр нь өвөр Кавказ дахь Оросын цэргийн бүлэглэлийн цөм нь. 1953 оноос Арменд байрласан мотобуудлагын 127 дивизийг 1995 онд цэргийн бааз болгоод агаарын цэргийн ба агаарын довтолгооноос хамгаалах хүчнийг нэмж байрлуулжээ. Нийт бие бүрэлдэхүүн нь 4000 цэрэг офицер гэвэл, тоо байдаг нь юуг илэрхийлэв гэхлээр энэ улс хүссэн ч, эс хүссэн ч охуын нөмөр нөөлөг дор дохио зангаагаар нь явж байжээ гэдгийн ганц нотолгоо. Москвагийн тал баримтлагч Ерөнхийлөгч, Засгийн газар нь унамагц Армен ардчилсан улс болсон тухайд бус харин тэндхийн езидүүд нь автономит эрх шаардаж, Армены нутаг дэвсгэрт Ездистан гэх төр улсыг АНУ-ын протекторат дор байгуулахыг тулгалаа гэх айдас дагуулсан мэдээ Москвагаас тараагаад буй нь ямар учиртай юм бол? Езидүүдийн султан (хаан) Келаш гэдэг нөхөр вашингтонд ийм мэдэгдэл хийгээд Дональд Трамп руу захидал бичиж Арменыг хувааж аль гэсэн шүү ярьсан мэтээр оросоос мэдээлжээ.

Тэр нөхөр бол “Езидүүдийн ертөнцийн хунтайж” гэгч аж. Арменд АНУ-ын нутаг дэвсгэрийн төр захиргааны бас нэг нэгж бий болно ч гэх шиг. Арменд дан Арменчууд аж төрдөг, сайндаа л Оросууд бий байх гэж таамаглаж байтал тэнд хоёр сая езид байна. Тэднийг аймаглан устгах аюул нөмөрлөө. Тэднийг ялгаварлан гадуурхаад эхэллээ. Хөрш Армен айлууд нь хялайж үздэг. Тэгэхлээр тусдаа Езидүүдийн улс байгуулсан нь дээр, үүнийг G7 Армены нутагт гэж зөвшөөрсөн гэж хунтайж ярьжээ. “Езидүүд 6763 дэх шинэ оноо тэмдэглэв” гэсэн мэдээ сайтад явж байсан. Тэдний шинэ оныг “Сарсал” гэх бөгөөд энэ дэлхийн хамгийн ууган үндэстэн гэдгээ тэгж илэрхийлдэг. Арменчууд ч 4000 жилийн түүхтэй хэмээн ам мэдэн ярих дуртай нь бас тийм өвөг дээдсээс нь улбаатай байж болно. Эдүгээ бид христосын григориан календарь гэдгээр 2018 оноо туулж яваа бол жүүдийн рош ха-шан хуанлиар 5779 он, лалын хижра тооллоор 1440 орчим оноо үдэж яваа. Нэг ийм эртний түүхтэй Езид гэх үндэстэн Кавказаас мэндлэх нь. Езид гэдгийг Ирак дээр л бид мэднэ. Лалын террористууд тэднийг амьтан болгож тавьсныг саяхнаас л дэлхий сонсож байгаа. Уг нь 6700 жил оршин тогтносон, хэдэн арван мянгаараа Европ, АНУ, Орос руу дүрвэсэн тэднийг цуглуулаад Арменд төвхнүүлье хэмээн ярилцлаа гэсэн байх юм.

Оросын нөлөөнөөс гарч, Европыг баримжаалсан, Нато-д хавсарга маягаар уригдсан армен ингээд Езид гэх дотоодын мөргөлдөөндөө дарагдах уу? Өөр нэг нээнтэг нь Нагорно Карабахын мөргөлдөөн. Хэрэв олон таван юм яривал Азербайжанд ашигтайгаар шийдүүлчихнэ гэх Оросын далд анхааруулга нэг бус удаа тэднийг цочирдуулна. ОДКБ гэх цэрэг-улс төрийн эвсэлдээ Армен нь Орос, Казахстан, Белорусс, Киргиз, Тажикистантай хамт байгаа шүү гэх анхааруулга, сануулга өдөр бүр очно. Украин, Гүрж шиг бүр цаашаа эргэчих вий гэх айдаст Москва өөрөө автаад хямраад ч байх шиг. ОДКБ эвслээ шинэчлэх, газар зүйн тэлэлт хийх, тэгснээрээ оролцогчдыг нь янз бүрийн статустай болгох талаар ширүүн яригдаж буй. ОДКБ эвслийн парламентын ассамблей гэх байгууллагыг ОХУ-ын төрийн думын дарга Вячеслав Володин тэргүүлдэг бөгөөд ОДКБ эвслийг тэлэх элдэв хувилбар яригдаж байгааг зарлажээ. ОДКБ-гийн Нарийн бичгийн дарга нарын газар өргөдөлд дарагдсан, парламентын түвшинд эхлээд ассамблейнхаа гишүүн, ажиглагч болгоё гэсэн хувилбар яригдсан аж. Түнш, ажиглагч гэсэн статусаар Узбекистан, Серби, Афганистан, Иран гэхчлэн жагсаж байна. Азербайжаныг өргөдлөө өгөөгүй ч ОДКБ-д элсүүлэхийг Орос сонирхдог. Тэгэхдээ өгөх нь ч бараг тодорхой болсон, ажиглагч гэлтгүй шууд жинхэлнэ хэмээн Азербайжаны улс төрч Али Гусейнли зарласан. Геополитикийн шинэ нөхцөл байдалтай уялдан тийм шийдвэрт хүрнэ. Юу гэвэл, Арменд өнгөт хувьсгал ялчихлаа. Гүржийн адил Оросын эсрэг чиглэж таарна. Тэгэхлээр өвөр Кавказад Оросын цорын ганц холбоотон нь Азербайжан болж үлдэнэ, тэр нөхрийнхөөр бол.

Ереванд засаг солигдсоноос талцал, наймаалцлын хөрс бий болов

Өвөр Кавказын өнцгөөс харах юм бол Орос-Туркийн геополитикийн роман дуусдаггүй, шинэ шинэ агуулгаар баяжаад байдаг. Нато-той Анкара салах уу, үлдэх үү гэдэг дээрээ болчихсон. Гэтэл Армен, Азербайжан хоёулаа ШХАБ-ыг сонирхоод эхэлсэн. Армены шинэ эрх баригчид олон сандал дээр зэрэг суух гээд байдаг. Ерөнхий сайд Никол Пашинян нь Нью-Йоркт оччихсон Д.Трамптай уулзаж, олон улсын бүх түнштэйгээ харилцаагаа хөгжүүлнэ, нэгийг нь хохироох замаар нөгөөтэй нь харилцаагаа хөгжүүлэхгүй, Оростой ч, Европын холбоотой ч, АНУ-тай ч, Ирантай ч, Гүржтэй ч, Евразийн эдийн засгийн холбоотой ч харилцааныхаа түвшинг ахиулна хэмээн ярих нь гайхалтай. Одоо геополитикийн ямар шинэ нөхцөл байдал үүсчихээд байна вэ гэдэгт Н.Пашинян хариугаа өгчихлөө. Бакутай бол ярилтгүй гэлээ. Баку ОДКБ-д элслээ гэе. Ийм нөхцөлд Орост айхтар том дарамт ирэх нь байна. ОДКБ-гийн хоёр гишүүн холбоотон найз улсууд Нагорно Карабахын мөргөлдөөнөө шийдүүлэх гэж Москва руу бадар барина. Хэрэв байлдаад эхэлбэл Орос зохицуулна, зуучилна. Энэ мөргөлдөөнд ОДКБ-гийн Казахстан, Белорусс татагдаж орно, дуусашгүй яриа хэлэлцээ өрнөнө. Баку нь араасаа Анкарагийн зөвлөлгөө дэмжлэг аваастай, Ереваныг шахаад өгөөч хэмээн Туркээр дамжуулан Москва руу лоббидуулна, явж явж түүнд нь АНУ уригдаж оролцоно. Энэ бол Москвагийн хувьд хүсэх зүйл огтоос биш.

Эргэн тойрон хилийн мөргөлдөөнтэй зөрчилтэй улсыг Нато эгнээндээ авдаггүй бол Москвагийн хяналтан доорх ОДКБ 24 жил хил орчимдоо дайны байдалтай байгаа Арменыг авчихсан, одоо араас нь Афганистан, Иран, мөд Сири нэмэгдэж мэднэ. Юу вэ? геополитикийн холион бантан уу? Ереванд засаг солигдсоноос үүдээд ийм олон хуваарилалт, талцал, наймаалцлын хөрс бий болчихжээ. Өвөр Кавказад Орос өөрийн орон зай, талбараа авч үлдэхийн тулд ОДКБ-гээ түлхэхээр шийджээ. Нагорно Карабах тойрсон хямралыг Минскийн форматаар цааш нь авч явах, дуусашгүй хэлэлцээ, дуусашгүй мөргөлдөөн, Баку Степанакерт-Ереван гэх гурвалжинг үүрд мөнхлөөд царцаачихна гэсэн үг. Гэхдээ бүс нутгийн аюулгүй байдал эрхбиш олон улсын хяналтад орж ирнэ. Орос тэднийг бүр алдчихгүй. ОДКБ-д Баку орж ирэх нь гэж хардсан Армен энэ байгууллагын дүрмийг шүүмжлээд эхэллээ. Өөрчлөлт оруулах шаардлагатай гэнэ. Өмнө нь тус улсын Ерөнхийлөгч ОДКБ-гийн аюулгүйн Зөвлөлд улсаа төлөөлөн оролцож байсныг болиулах, оронд нь Ерөнхий сайд нь төлөөлөх ёстой гэнэ. Одоо ОДКБ-гийн ЕНБ-д нь Армены төлөөлөгч Юрий Хачатуров гэдэг хүн байгаа. Тэрээр 2017- 2020 онд энэ албанд ажиллана. Гэтэл тус улсын Мөрдөх тусгай алба нь Ю.Хачатуров дээр хэрэг үүсгэчихсэн. Тэрээр 2008 оны хавар Арменд дэгдсэн жагсаал цуглааныг хүч хэрэглэн дарсан хэрэгт унаж байгаа ба 2008 онд тэр нөхөр Армены зэвсэгт хүчний Ереваны Гарнизоны дарга байж гэнэ.

Түүнийг нэг удаа баривчлаад суллалаа. Москвад очиж ажлаа хүлээлгэж өгөөд буцаж ир гэсэн бололтой юм. Арменаас ОДКБ-гийн улсууддаа хандан энэ байгууллагын ЕНБ-дыг солих санал хүргүүлжээ. Арменд бүрэлдэн буй болсон шинэ нөхцөл байдалд дасаач ээ хэмээн Пашинян Орос анд нартаа хандан уриалаад байдаг. Оросууд болохоор Ю.Хачатуровыг хамгаалаад байдаг. Сүүлдээ Арменыг улс төрийн изоляцад оруулна болоод явчихлаа. Орос-Армены харилцаа тодорхойгүй, барьцгүй үедээ орлоо хэмээн Москвад мэдэгдлээ. Яг энэ үеэр Армен дахь Оросын цэргийн 102 дугаар бааз гэнэт хээрийн сургууль хийж, нутгийн Армен иргэдийг сандаргасан. Ерөнхий сайд Пашинян үүнийг хоёр орны харилцаа, БНУ-ын бүрэн эрхт байдлыг өдөөн хатгалаа хэмээн буруушаасан. Батлан хамгаалахын сайд Давид Тоноян нь Орос хилчдийг Арменд байрлуулах статусын тухай гэрээгээ цуцлана хэмээн ам түргэдэн хэлээд тавьчихсан нь Москвад бөөн сенсаац дэгдээлээ. Хилчдийн тухай яриагүй, Оросын цэргийн 102 дугаар баазын тухай ярьж байна хэмээн БХЯ-ных нь ТНБ-д Арцрун Ованнисян бүр тодруулж хэлснийг Оросууд тун эмзэглэн хүлээн авчээ. Юрий Хачатуровт эрүүгийн хэрэг үүсгэсэн, нэмж Армены хоёр дахь Ерөнхийлөгч РоберКочарян, тэр үеийн Батлан хамгаалахын сайд Микаел Арутюнян нарт ийм ял тохож баривчилсан бөгөөд ял нь хүндрээд Армены үндсэн хуульт байгууллыг түлхэн унагасан гэх ял болж хувирчээ. Учир нь 2008.03.01-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн ард түмэн боссон.

Тэднийг нухчин дарсан, үр дүн нь үй олноороо гадаад руу дүрвэсэн, Москваг тууштай баримтлагч Серж Саргсян Ерөнхийлөгч болсон. Серж Саргсяныг Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллуулахыг эсэргүүцсэн өнгөт хувьсгал 2018 онд дэгдээд энэхүү Пашинян засгийн эрх аваад байж байгаа нь энэ. Пашинян өөрөө 2008 оны тэрхүү хэрэг явдлын нэг баатар юм. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Левон Тер-Петросяны штабт ажиллаж байхдаа тэрхүү бослого тэмцэлд оройлон оролцоод дараа нь жил гаран эрэн сурвалжлагдсан. 2009 онд ил гарч бууж өгөөд баривчлагдсан, 2010 онд долоон жилийн ял сонсоод шоронд нэг жил суугаад 2012 онд Армены тусгаар тогтнолын 20 жилийн ойгоор өршөөлөөр суллагдсан учраас 2008, 2010 оны өсөө нэхэж авсан нь тэр бололтой. Оросын албаны хүмүүсээс хамгийн түрүүн гадаад хэргийн сайд Сергей Лавров хилэгнэлийн үгээ хэлжээ. Өмнөх нөхдөө баривчиллаа, мөрдлөө гэж тэрээр буруушаасан. ОДКБ-гийн ЕНБ-дыг баривчилснаараа цэрэг улс төрийн энэ байгууллагыг харлуулан шороотой хутгалаа болоод явчихсан. Оросын зүгээс батлан хамгаалах салбарт өгөх гэж байсан $100 саяын зээлээ өгөхөө болино гэсэн. Лавровын араас ял тулгасан нөхөр нь миний таньдаг Алексей Фененко гэж доцент Армены талаар ярьсан нь миний анхаарлыг өөрийн эрхгүй татлаа.

Тэрээр МгиМо-д бидэнд 2016 онд лекц уншиж байсан нөхөр. Фененкогийн ярьснаар Армены энэ бүтэлгүйтэл бүр 2003 оны сонгуулийн дараа эхэлжээ. 2003 оноос л армен нь Оросоос зай барьж, Нато, Европын холбоо руу хандаж хандарч эхэлсний гор яван явсаар 2018 оны хаврын өнгөт хувьсгал руу хүргэжээ. 2000-аад оны турш тус улс Москва-Брюсселийн хооронд тоглолт хийжээ. Оросоос зай барих сэтгэхүйтэй улс төрчдийн бүхэл бүтэн үе бэлтгэгджээ. Нато-той өргөтгөсөн түншлэлийн хэлэлцээр байгуулж, Европын холбоотой ассоциацын хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Арван хэдэн жил энэ үйл явц өрнөхдөө Оросыг мэхлэн, харин цаагуураа өрнөдийг баримтлагч болсоор байжээ. Одоо бүр ил цагаандаа гарсан. Ерөнхий сайд Никол Пашинян, Ерөнхийлөгч Армен Саркисян нар хоёулаа “Европын тулгуур” гэгчийг уриалдаг болсон. Фененко багш маань “Европын тулгуур”-т ихээхэн анхаарал хандуулахыг Москвад уриалжээ. Юу гэвэл, энэ тулгуур чинь яван явсаар Арменыг Оросоос улам бүр зай бариулна, тэр нь ОДКБ-гээс зай барихад хүргэнэ. Одоо Пашинян өрнө-умардын хооронд тэнцвэржүүлэх бодлого явуулна. Түүнд нь Орос залхана. Оросыг өдөн дуудсан алхмаа хийнэ.

Жишээ нь, Норвег улс Натогийн ЕНБД-ыг баривчиллаа гэе. Тэр нь Норвегийн иргэн байвал бол ердийн, хэвийн үзэгдэл болно. Харин энэ удаа Пашиняны Засгийн газар Оростой муудалцах шалтаг хайхдаа ОДКБ-гийн ЕНБД-ыг баривчилж Москваг хэрүүлд татаж орууллаа. Оросын зүгээс хариу алхам хийхийг анаж байна. Зэвсэг худалдан авах зээлийг нь өгөхгүй гэе, цаадуул нь Америк, Франц руу хандахыг хичээнэ. Орос-Армены харилцаа бүр болохгүй гольдрил руугаа орно. Харилцаа иймдээ тулбал Москва Баку руу нүүрээ харуулна. Өмнөд Кавказ дахь Оросын гол түнш нь Азербайжан хэмээн нэрлэгдэх дээрээ тулна. Тэд зэвсэг гуйхгүй, мөнгө зээлэх гэхгүй, ардаа Турк гэж нэг лут хамгаалагчтай. Алексей Фененкогийн үзэж байгаагаар Орос-Армены харилцаа замын бэлчирт, хоёр салаа замын эхэнд байна. Эхнийх нь ОДКБ-гээс энэ улс сүр дуулиантай гарна, Натотой түншлэлээ огцом өргөжүүлнэ. Орос үүнийг тэвчихгүй. Хоёр дахь хувилбар нь, Армен өөрөө нурна. Хямрал хурцдана. Бослого тэмцэлд дарагдана. Өрнөдөөс тусламж өгнө, өрнөдийнхөн ажиллана, хувьсгал өндөрлөж жинхэнэ өрнөдийн талынхан засгийн эрхийг авна. Юун ОДКБ манатай.

ОДКБ Арменыг эгнээндээ авсан нь геополитикийн холион бантан уу

Профессор Сергей Марков Арменыг ширүүхэн “яллажээ”. Орост найрсаг бусаар ханддаг нөхөд Арменд засгийн эрх авчихсан, тэд Арменыг Евразийн эдийн засгийн холбооноос гаргах үзлийг түгээнэ. ТББ-ын баахан нөхдийг төр, засгийн албанд тавьж байгаа нь ТББ-уудыг нь Америк, Европын грантаар ажиллуулж байсны л үр дүн. Пашинян Нато-гийн саммитад уригдаж, Гюмри дэх Оросын цэргийн баазын статусыг авч үзэх тухай яригдаад эхэллээ. Арментуркийн хилээс Оросын хилчдийг буцаах тухай ч ярьдаг болж байна. Тэд Оростой холбоотон энэ тэр гэж ярих боловч энэ бол хууралт. Яг начир дээрээ тийм биш болсон. Хачатуровыг баривчилсан нь ОДКБ, Орос хоёрт зэрэг хор хүргэж буй хэрэг гэжээ. Москвад Арменыг одоо янз янзаар хардаж буй. Армены шинэ удирдлагыг цаанаас нь Америкийн тусгай албад хянаад, далд төлөвлөгөөгөө хэрэгжүүлүүлээд, Орос-Армены харилцааг хэргээр, бүр системтэйгээр бусниулаад байгаа юм биш байгаа?

Гэхдээ Пашинян яг одоо Оростой шууд муудалцахад бэлэн бус байна. Арменчуудад Орос нэр хүндтэй хэвээрээ байна. Гэхдээ Оростой мөргөлдөхөд аажмаар бэлтгэж эхэллээ. Оросын тал баримтлагчдыг дарах ажиллагаа эхэллээ. Тэр нь Саакашвили, Ющенкогийн үетэй тун төстэй. Оростой сайн харилцаатай гэж ярих мөртлөө цаанаа муу харилцааг өөгшүүлнэ. Пашинян, Саакашвили, Ющенко нар бол бүгд нэг “угж”-ны хүүхдүүд. Тэд Соросын сангаас тэжээгдсэн гэхчлэн. Пашиняныг хардах үндэс бий нь бий. Тэрээр парламентын депутат байхдаа Евразийн эдийн засгийн холбоог хэлэх хэлэхгүйгээр дайрч байжээ. Арменыг тийш нь сайн дураар нь биш, албадаж элсүүлсэн. Оростой тогтоосон харилцаа бол “нэг нь хэлдэг, нөгөө нь сонсдог харилцаа”, Оростой тогтоосон цэргийн харилцаа бол Азербайжантай тэнцвэр барих бус харин ч стратегийн түнш нэрээр Армены дотоод хэрэгт оролцох хаалга нээсэн, армент хохиролтой харилцаа гэх мэт!