A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1952/

Жинхэнэ ЖДҮ-чид төрийн бодлого хүлээсээр

ЖДҮ-ийн тухай хуулийн шинэчилсэн төслийг УИХ хойшлуулсаар байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1952/


ЖДҮХС-тай холбоотой шуугиан дэгдсэн нь жинхэнэ үйлдвэрлэл эрхлэгчдэд саад болж буйг тус сангийн үйл ажиллагаа зогссон болон яамнаас эл чиглэлээр дорвитой арга хэмжээ зохион байгуулж чадахгүй байгаагаас тодорхой байна. Сангийн яам улсын төсвийн хөрөнгөөс зээл олгодог 25 санг шалгаж буй ч сангуудыг цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа юм. Тус яамны мэдээллээр дээрх сангуудын заримыг нь татан буулгах талаар Засгийн газрын түвшинд яриад эхэлсэн дуулдана. Үүний нэг нь ЖДҮХС юм. Тус санг татан буулгахгүй гэвэл ЖДҮ-ийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зохион байгуулалтыг өөрчлөх шаардлага тулгамдуу байгааг яамны зүгээс анхааруулсаар буй. Зохион байгуулалтыг сайжруулахын тулд алдаа завхрал хэзээ, хаанаас эхлэлтэйг тогтоож “илаарьшуулах” шаардлагатай буй за.

Өнгөрсөн хугацаанд ЖДҮХС-д нийт 569.8 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлсэн байв. Үүний 130.9 тэрбум нь улсын төсвөөс, 438.9 тэрбум төгрөг нь Засгийн газрын бонд болон хөгжлийн банкны эх үүсвэрээс бүрджээ. 

Мөн Жайка-гийн төслийн хүрээнд 150 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин ЖДҮХС-гаас нийт 7536 зээлдэгчид 835.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон ба 561 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлсөн аж. Түүнчлэн ХХААХҮЯ-наас Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан 658 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид 78.9 тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлж, зарим лизингийн компанитай хамтран 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 58 төсөл дэмжжээ.

Гэхдээ ХХААХҮЯ-ны өгсөн мэдээллээр 7536 зээлдэгчийн 1963 нь зээлээ эргэн төлөөгүй аж. Үүнээс болж Сангийн яаманд 190 тэрбум төгрөгийн зээлийн авлага бүртгэгджээ. Мөн үндэсний аудитын газрын шалгалтаар ЖДҮХС-гаас зээлээ төлөөгүй олон компанид дахин зээл олгосныг тогтоосон байна. Ганцхан жишээ дурдахад, “Их модун” ХХК-д 620 сая төгрөгийн зээл олгож, зээлээ эргэн төлөөгүй байхад нь дахин 385 сая төгрөг өгчээ. Түүгээр зогсохгүй тухайн компанийн зээлийг найдваргүйд тооцож “санаа амарсан” байх юм. Мөн сайдын тушаалаар эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниудад их хэмжээний зээл олгосон нь тогтоогдоод эхэлсэн. Үүнээс гадна журмаа зөрчиж, сонгон шалгаруулалтгүй зээл олгодог, эргэн төлөлтийн эрсдэлийг тооцдоггүй, тухайн төсөл хэрэгжих эсэх нь тодорхойгүй газарт зээл олгосон, өр авлагын барагдуулалт хангалтгүй, зээлийн гэрээний хяналт тогтолцоо сул зэрэг дутагдал байгааг аудитын байгууллагын шалгалтаар тогтоосон аж. Энэ мэтчилэн зээлээ төлдөггүй компани, журмаа зөрчсөн сайдын балгаар жинхэнэ ЖДҮ эрхлэгчид хохирсоор байгаа нь тодорхой.

ЖДҮ-ийн хөгжилд чөдөр тушаа болох эхлэл салбарын сайдад тус сангийн хөрөнгийг дур мэдэн зарцуулах эрх өгснөөс үүдэлтэй гэж хууль хяналтын байгууллага, төр, засгийн түвшинд ч хүлээн зөвшөөрсөн. Сангийн хөрөнгийн хэдийг нь эрх мэдэлтнүүд “гарын үсгээр” зувчуулсан нь удахгүй тогтоогдоно хэмээн иргэд найдаж байна. Харин жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил хаахна явааг, цаашид хэрхвэл зохилтойг тодорхойлох нь зүй буй за.

Төрөөс ЖДҮ эрхлэгчдийг дэмжих төсөл, хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлж ирсэн. Тэртээ 1993 онд үйлдвэр худалдааны яамны дэргэд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хэлтэс байгуулснаас хойш 2006 онд ЖДҮХС, 2009 Жижиг, дунд үйлдвэрлэлийн агентлаг, 2012 онд хөдөлмөрийн яамны дэргэд Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх газар, Зээлийн батлан даалтын сан, 2016 онд ХХААХҮЯ-нд Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого, хөтөлбөр зохицуулалтын газар байгуулж байжээ. Мөн 1999, 2005, 2014 онд ЖДҮ-ийн хөтөлбөр, 2007 онд  Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хууль, 2009 онд Зээлийн батлан даалтын тухай хуулийг баталсан. Харин ЖДҮ-ийг хөгжүүлэхийн тулд Японы Жайка олон улсын байгууллагын 150 сая ам.долларын хөрөнгийн зээлийг банкаар дамжуулан олгож эхэлсэн юм. Улмаар улсын төсөв болон Засгийн газрын хөрөнгөөр ЖДҮХС-г байгуулж зээл олгосон. Үүний үр дүнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 78.5 мянган аж ахуйн нэгжийн 60.3 мянга нь ЖДҮ эрхлэгч болж байлаа. Мөн улсын хэмжээнд 1.2 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаагийн 906 мянга буюу нийт хөдөлмөр эрхлэгчдийн 78.3 хувь нь энэ салбарт ажиллаж буй. Тэд ДНБ-ий 17.8 хувь, экспортын бүтээгдэхүүний 2.3 хувийг үйлдвэрлэж байна.

Харамсалтай нь, сангийн үйл ажиллагааг ХХААХҮ-ийн сайд дур мэдэн зарцуулдаг, хяналтын тогтолцоог мөн яаманд хариуцуулснаас “ЖДҮ-чин гишүүд” жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийн “хоол”-ыг булаах нөхцөл бүрдэв. Өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газар, АТГ, МҮХАҮТ хамтран “ЖДҮХС ба асуудал шийдэл” нэртэй хэлэлцүүлэг хийсэн. Түүгээр жинхэнэ ЖДҮ-ийн хөгжилд саад болсон шалтгаануудыг тоочиж, сайдад хэтэрхий эрх мэдэл өгсөн, журмаа зөрчин зээл олгосон, эргэн төлөлт нь хангалтгүй, хэрэгжих боломжгүй төсөлд зээл олгосон болон өр, авлагыг барагдуулахдаа хангалтгүй, сонгон шалгаруулалтын талаар мэдээллийн ил тод байдлыг бий болгоогүйгээс өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн. Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-очир ЖДҮ-ийн хөгжил, санхүүжилтийн судалгааны талаар танилцуулахдаа “Монголбанк сүүлийн долоон жилийн хугацаанд энэ судалгааг хийж байгаа. 2018 оны 10 дугаар сард хийсэн судалгаагаар улсын хэмжээнд нийт 75796 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байгаагийн 12 хувь нь л ЖДҮХС-гаас зээл авч чаджээ. Тэд ердөө 100 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт хүсдэг. Судалгаагаар бизнесийн орчин ямар байгааг тодорхойлоход зээлийн хугацаа, зээлийн хүү, улс төрийн байдал, хээл хахууль, зээлийн шимтгэл хураамжийн дарамттай хэмээн хариулжээ. Аж ахуйн нэгжүүдийн 94 хувь нь 500 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой, зээлээ эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд зарцуулдаг” гэжээ. Дээрх судалгаанаас жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд 950 сая бус дээд тал нь 500 сая төгрөг байхад хүртээмж, хэрэгцээг нь хангаж болохоор байгаа юм. Үүн дээр нэмээд олон улсын сайн туршлагыг сайтар хуулахад ч гэмгүй.

Тухайлбал, ХБНГУ-ын туршлагыг олон орон сайшаадаг. Тэнд төрөөс ЖДҮ-ээ дэмжих эрх зүйн актыг гаргахдаа Бизнес эрхлэгчдийн холбоо, худалдаа, аж үйлдвэрийн танхимтайгаа зөвшилцдөг, үйл ажиллагааг нь нэгтгэн зангидсан ЖДҮ-ийн ассоциацитай байдаг аж. Мөн ЖДҮ-ийн зээлийг 20 жилийн хугацаатай, таван хувийн хүүтэйгээр төрөлжсөн банкаар дамжуулан олгодог бөгөөд эхний хоёр жилд хүүгүй, эхний 10 жилдээ эргэн төлөлт хийхгүй байх зэргээр урамшуулан дэмждэг байна. Гэтэл манайд таван жилийн хугацаатай, долоон хувийн хүүтэй зээлийг банкаар олгож, харин сайдын гарын үсгээр гурван хувийн хүүтэй олгодог юм.

Өнөөдөр жинхэнэ ЖДҮ эрхлэгчид 2019 оны зээлээ хүртэхээр төрийн бодлогыг хүлээж сууна. ЖДҮХС-гийн дуулианаас улбаалан тус сангийн үйл ажиллагааг зогсоосон нь тэдэнд том цохилт болж байна. Сангийн яамны шалгалтаар булхай олонд дэлгэгдвэл тус санг татан буулгах талаар ч ярьж байгаа. Хэдийгээр ДНБ-ий бага хувийг бүрдүүлж байгаа ч ажиллах хүчний дийлэнхийг тэжээж буй жижиг, дундын салбарынханд энэ сангийн зээл ус агаар мэт үгүйлэгдэж буй нь лав. Хууль эрх зүйн хүрээнд ч шийдлээ хүлээсэн олон баримт бичиг парламентын гишүүдийн сейфэнд түгжээтэй байна. 2017 онд ХХААХҮЯ-наас ЖДҮ-ийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулан УИХ-д өргөн барьсан ч хойшлуулсаар өдий хүрлээ. Уг нь тус төсөлд ЖДҮ эрхлэгч гэж 1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой ААН гэж байсныг бичил, жижиг, дунд гэж гурав ангилан, бичил нь 250 сая, жижиг бол 500 сая, дунд нь 2.5 тэрбум хүртэлх төгрөгийн зээл авч болохоор хуульчилж буй. Түүнчлэн бичил болон жижиг ААН зээлээ ЖДҮХС-гаас, дунд гэгддэг ААН-үүд банкаар дамжуулан зээл авдаг байхаар тусгасан.

Мөн ЖДҮХС-гийн зээлийг сайд баталдаг байсныг өөрчилж, Засгийн газар баталдаг болох юм. Төрийн өндөр албан тушаалтнууд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон тохиолдолд холбогдох хууль, хяналтын байгууллагад мэдэгддэг байх, мэдэгдээгүй бол хариуцлага хүлээлгэхээр заажээ. Бас тухайн жилийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувийг ЖДҮХС-д олгохыг санал болгож буй. Хуулийн энэ өөрчлөлтөөр л ЖДҮ-ийн хөгжлийг голдиролд  нь оруулах боломж илт атал эрх мэдэлтнүүдийн мөнгө бэдэрсэн шунал хойш татсаар байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сонгогчдод сонголт алга болж байна

Дэлхийн улс төрийн тавцанд “популизмын эрин үе” тохиож байна

 0 сэтгэгдэл


Хошин шогийн жүжигчин В.Зеленьский Украины Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа Пётр Порошенкод хандаж “Таны өгсөн амлалт, хийсэн алдааны үр дүн нь би байна” гэж хэлжээ.

Украинд 2013 оноос хойш нийгэм нь талцаж, эдийн засаг нь унаж, эх орон нэгтнүүд хоорондоо буудалцаж, энгийн номхон иргэд хохирч, эх орноосоо дүрвэсээр эцэстээ ард түмэн нь залхаж “тэд л биш бол хэн ч байсан яахав” гэдэг байдлаар сонголтоо хийсэн нь улс төрийн туршлагагүй, хошин шогийн жүжигчин В.Зеленьский байж таарав. Өөрөөр хэлбэл, сонголтгүй болсон ард түмэн ийм сонголт хийдэг юм байна.

2017 онд Монголд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийг та санаж байгаа байх. Түүхэндээ анх удаа дахин санал хураалтаар дүнгээ гаргасан сонгууль. Намуудын дэвшүүлсэн нэр дэвшигчдийн хэн нь ч Ерөнхийлөгчийн албан тушаалд тэнцэхгүй гэж үзэн “цагаан сонголт” буюу саналын хуудсыг хоосноор нь хайрцагт хийсэн сонгогчийн тоо 90 мянгад хүрсэн юм.

Энэ бол хэний ч санаанд оромгүй үйл явдал болж байлаа. Хэрэв “цагаан сонголт” 100 мянгад хүрсэн бол дахин сонгууль зарлахаас өөр гарцгүй болох байв. Зөвхөн Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван хүнээс гадна ер нь л монголчууд төрийн эрхийг ээлжлэн барьсан гол намуудаас татгалзаж, шинэ хүмүүсийг гаргая гэх хандлагатай болсон нь улс төрийн барометрийн судалгаанаас харагддаг. Гол хоёр намын рейтинг нийлээд ч судалгаанд оролцогчдын 30 хувийн саналыг авдаггүй нь үүний баталгаа. Харин шинэ хүнийг гаргах ард түмний хүсэмжлэл нөгөө талаараа популистуудыг улс төрд сонгогдох хөрс нь болж байна. Бүр дэлхий нийтээрээ ийм хандлага руу явж байна гэж хэлж болно.

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс төрийн тавцанд ажиглагдаж буй өөрчлөлтийг судлаачид “популизмын эрин үе” хэмээн тодорхойлж байгааг манай сонин өмнө нь нийтэлж байсан. Хойд Америк, Европын жишээг энд дурдаж болно. Өдгөө Европын улс орнуудын 60 хувь нь популист удирдагчийг сонгоод буйг Bloomberg мэдээлсэн. Хамгийн сүүлд Украины Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн туршлагагүй хошин шогийн жүжигчин В.Зеленьский ялалт байгуулсан бол Словакт байгаль орчны хөдөлгөөний идэвхтэн Зузана Чапутова Ерөнхийлөгч болоод буй.

Хөгшин Европ, хөрөнгөжсөн Америкийн улс төрийн тавцанд гарч буй энэ өөрчлөлт Ази тив рүү хэдийн шилжиж эхэлжээ. Ази тивд энэ онд тэрбум гаруй сонгогч оролцох хэд хэдэн томоохон сонгууль эхэлсэн. Өнгөрсөн сард тайландчууд төрийн эрхийг цэргийнхэнд өгсөн бол, Индонезид Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууссан, Энэтхэгт парламентын сонгуулийн өрсөлдөөн ид өрнөж байна. Харин энэ бүх сонгуулиуд популист амлалтын эсрэг бүр том популист амлалт өгөх тактикаар болж буйг онцлон дурдъя.

Өөрийгөө эх оронч хэмээн өргөмжилсөн улстөрчдийн олон улсын нэршил нь популистууд. Сүүлийн үед монголчууд “поп” хэмээн нэрийдэх болсон. Уг нь энэ бол эстрад урлаг дотроо олон нийтэд хамгийн их таалагддаг урсгалын нэр л дээ. Хэмнэл нь хөнгөн, хөгжим нь аялгуулаг учраас чихэнд сонсголонтой, бас аялахад амархан. Тиймдээ ч Элвис Пресли, Битлз зэрэг хамтлаг, дуучид гарч ирсэн 1960-аад оноос хойших дэлхий нийтийн хөнгөн хэмнэлтнүүд  оршиж байсан үе бүртээ бусад урлагийн зүтгэлтнүүдээс илүү алдар хүндтэй бас ашиг орлоготой байсаар ирсэн юм. Харин манайд бол улс төрийн попчид нь урлагийнхнаасаа илүү алдартайн дээр олон нийтэд таалагдахдаа ч хурдан болж.

• Хөгшин Европ, хөрөнгөжсөн Америкийн улс төрийн тавцанд гарч буй энэ өөрчлөлт Ази тив рүү хэдийн шилжиж эхэлжээ.

• MEC-ийн судалгаагаар “Топ 10”-ын найм нь “поп” хэмээгддэг улстөрч байсан гээд бод доо.

• Төрийн ордонд сууж, их улс төрд намуудыг төлөөлдөг хэсэгт бараг л үе солигдолгүй 20 жил өнгөрсөн байна.

Хэдхэн хоногийн өмнө MEC судалгааны байгууллагаас хийсэн улстөрчдийн чансаа тогтоох санал асуулгын дүн гарсныг танилцуулав.

“Топ 10”-ын найм нь “поп” хэмээгддэг улстөрч байсан гээд бод доо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг судалгааг тэргүүлсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга аман хүзүүдсэн байна. Иргэд рейтинг өндөртэй улстөрчөөр С.Ганбаатар, С.Жавхлан, Ж.Батзандан, Н.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нэмээд Буянгийн Жагаа (Б.Жаргалсайхан) нарыг нэрлэсэн байна.

Эдгээр хүмүүсийн олон нийтийн дундах нэр хүнд улс төрийн гол хоёр хүчин болох МАН, АН-аас өндөр байгаа нь ч маргашгүй үнэн. Гэвч популист улстөрчдийн нэр хүнд өсөх тусам Монгол Улсын нэр хүнд унаад байдаг урвуу хамаарал байгаа нь бас үнэн юм.

Гэхдээ төрийн эрхэнд гарч буй популистууд, тэднийг сонгож буй сонгогчдын буруу биш. “Ирэх сонгуульд хэнд саналаа өгөх вэ гэсэн асуултад “Ёстой сонгох хүн алга. Гэхдээ нэг нь л гарах хойно шинэ хүнд өгдөг юм уу” гэсэн хүн олон байна.

Яагаад гэвэл Төрийн ордонд сууж, их улс төрд намуудыг төлөөлдөг хэсэгт бараг л үе солигдолгүй 20 жил өнгөрсөн байна. Үнэндээ доогуураа, анхан шатандаа л АН, МАН гэж талцаад байгаа болохоос дээгүүрээ бол хэтэвч, эрх ашгаараа салахын аргагүй болсон хэдхэн хүн л Монголын улс төрийн өнгийг тодорхойлж, өрмийг хамсаар явна.

Шинэ хүн ороод ч шинэчлэгдэхээ нэгэнт өнгөрсөн гэж АН, МАН-ыг харж байгаа

Улиг болтлоо сонгогдож, даргын суудал хуваах бүрт дарааллын эхэнд томилогддог тэдгээр хүмүүс өөрсдийгөө нэгдүгээр эгнээнийхэн гэж нэрлэдэг. Тэднийг улс төрд удлаа гэж хэн ч уурладаггүй. Туршлага, мэдлэг нь хэрэгтэй. Харин албан тушаал, сайдын суудал хуваах болохоор тэд л ээлжилж суугаад байгаа атлаа Монгол Улс хөгжихгүй, монголчуудынамьдрал сайжрахгүй байгаад нийгмээрээ бухимдаж буй нь энэ юм. Шинэ хүн ороод ч шинэчлэгдэхээ нэгэнт өнгөрсөн гэж АН, МАН-ыг харж байгаа хэсэг ч бий. Тиймээс цоо шинэ хүнийг олон нийт хүсэж байна. Дээр хэлсэнчлэн “Тэд л биш бол хэн ч байсан яахав” гэх байдлаар сонголтоо хийтэл нь нийгмийг бухимдуулсан “өвгөн кадрууд” Монголын улс төрийн орон зайг популистууд эзлэхэд хүргэсэн нь маргашгүй үнэн.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Усны агентлаг байхгүйгээс ус, гол ширгэх хүчин зүйл ундарсаар байна

Монгол Улсын усны хэрэглээний 55 хувийг эзэлдэг газар тариалан, МАА-г төлбөрөөс чөлөөлөх нь зөв үү

 0 сэтгэгдэл


Та бид ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд их хэмжээний усыг тогтмол хэрэглэж байгаа дүн мэдээг дэлхийн усны нөөцийн судалгааны байгууллагаас гаргажээ. Нэг лааз кока кола үйлдвэрлэхэд гурав, нэг кг төмс тарихад 250-500, бие гүйцсэн нэг үхрийг амьдралынх нь турш  ундаалахад 5-20 мянга, нэг машин үйлдвэрлэхэд 400 мянга, нэг гулдмай алт боловсруулан гаргахад найман сая литр ус зарцуулагддаг байх юм. Үүний ард усны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр нөөц багасах зовлон дагалдана.

Нэг хүнд ногдох усны жилийн хэрэгцээг 1000 шоо метрээс буурахад тухайн орныг усны ноцтой хомсдолд орсон, 500 шоо метрээс бага бол улс орон оршин тогтнох боломжгүй хэмээн үздэг аж. Харин манай улс энэ ангилалд оролгүй хар зураасны гадна бичигдэж байна. Сайндаа ч биш, хүн ам цөөтэй тулдаа, хөвсгөл нуурынхаа буянаар нэгээс нь ч гэсэн дутаж.

Гэхдээ үүнд “цатгалдаад” тайвширч суух учиргүйг бүс нутгийн хэмжээнд усны хомсдол, цөлжилтөөр анхаарлын тэмдгийн урд бичигдэж байгаагаас харж болно. Энэ байдал удаан үргэлжилбэл хар тивийнхний адил харангадах аюул ойрхон бий. БОАЖЯ-наас жил бүр хийдэг усны нөөцийн сан болон гол горхи, булаг шандын тооллого ч үүнийг ёрлоод л байгаа. 2018 оны байдлаар 1495 нуур, гол горхи, булаг шанд ширгэж, цөлжилт нэмэгдэх, томоохон төв суурин газруудын ундны усны нөөц шавхагдах зэрэг бодит аюул тулгарлаа.

Манай орон 564.8 км.куб.жил буюу 564 сая тонн усны нөөцтэй ч үүнийхээ ердөө 500 сая шоо метрийг ашигладаг. Дийлэнх буюу 80 орчим хувь нь хангайн бүсэд, томоохон голуудын хөндийд бүрэлдэн бий болдог ч 70 хувь нь “эх оронч” бус голоор дамжин хоёр хөршрүү урсан одож буй. Сүүлийн үеийн судалгаагаар манай орны экосистем, усны урсцыг дэмждэг нэг эх үүсвэр болох цэвдэг тархах боломжит талбай 50 гаруй хувиар, цэвдэгтэй талбай 5 хувиар буурчээ. Үүн дээр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усан гадаргын ууршилт тогтмол нэмэгдэх прогноз ч бидний эсрэг байна.

Монгол орны хэмжээнд усан гадаргын ууршилт 2016-2035 оны хооронд жилд дунджаар 107-165 мм, 2050 онд 364, 2080 онд 370 мм-ээр нэмэгдэх судалгааны дүн ч гарчээ. Дээр нь жил ирэх тусам усны нөөц хорогдож байгаа тоо “дотор харлуулна”. Өнгөрсөн жил гэхэд хоёрхон аймгийн хэмжээнд 30 гаруй гол горхи, долоон нуур ширгэсэн байна. Энэ мэтээр аймаг бүрийн ширгэсэн, хатсан усны тоо баримтыг дурдвал гол гогодож, сэтгэл эмзэглүүлэх дэг. Муйхарлаж бодвоос хар зураасны гадна бичигдэж дэлхий нийтийн атаархлыг төрүүлж байсан бид хар цагаан хэл ам тусаж усны хомсдолд орох өндөр эрсдэлтэй тулгарлаа. Үүний гол буруутан дэлхийн дулаарал гэж өөрсдөөсөө түлхэлгүй, цөлжилт, хуурайшилт хэмээн өөрчлөлтийн тухай ярилгүй, уруудан доройтож буйн гол шалтгааныг хүний хариуцлагагүй үйлдэл, муу засаглалын үр нөлөө хэмээн онцлон харах цаг хэдийн болжээ.

Усны салбар 80 жилийн түүхтэй ч хариуцах эзэнгүй, харьяалах төрийн захиргааны төв байгууллагагүй болсноос нэгдсэн бодлого, чиглэлгүй явсаар усны хөгжил доройтлын шатанд хүрээд байгааг салбарынхан хүлээн зөвшөөрч эхэллээ. Өнгөрсөн намар Ерөнхийлөгчийн тамгын газраас усны талаар хэлэлцүүлэг зохион байгуулж эрдэмтдийн саналыг нэгтгэхэд усны хөгжилд хамгийн их саад болж буй шалтгаан зохион байгуулалтгүй байдал, зохисгүй хэрэглээ гэж дуу нэгтэй гар өргөсөн юм. Монгол Улсын усны салбарын чиг үүргийн хуваарилалт Ерөнхий сайдын болон 10 яам, хоёр агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хуваагдсан нь усаа хамгаалах, нөөцлөх, дахин ашиглах, говийн бүс нутгийг усжуулах, уул уурхайн салбарт ашиглаж буй усны зохистой хэрэглээг хангах, хянах зэрэг ажил эмх, замбараагаа алдсаны шалтгаан болж байна. Гэлээ гээд өнөөдөр өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл алга. Ерөнхийлөгчийн зүгээс усны салбарын бүтэц, зохион байгуулалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, усны агентлаг байгуулж тулгамдаж буй аюулыг гэтлэх талаар онцгой анхаарал хандуулж тууштай ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон ч ажил хэрэг болж, ард нь гарсан ахиц алга л байна. Салбарын яам, усаар дагнадаг эрдэмтэд ус бохирдуулсны төлбөрийг салбар бүрт нэмэх хүсэлт илгээхэд УИХ дахь МАН-ын бүлэг сонгуульд оноо цуглуулах зорилгоор зарим салбарыг бүрэн чөлөөлөх гээд “попроод” сууж байна. Манайх шиг хүн ам, газар тариалан, МАА-г усны төлбөрөөс чөлөөлдөг орон байхгүй. Тэгээд ч газар тариалан, МАА-н салбар манай улсын нийт усны хэрэглээний 55 хувийг эзэлдэг гэхээр тэр хэрээр цэвэр усны нөөцөөс хороож байгаа хэрэг. Усны нөөцийг нэмэгдүүлэх гол ажлын нэг усны хайгуулын ажил ч хөрөнгө мөнгөний татуугаас сүүлийн жилүүдэд эрс буурсан. Гэтэл нөхцөл байдал жил ирэх бүрийд дордож байхад төрийн бодлого нь усны хөгжлийнхөө эсрэг яваад байгааг ойлгоход бэрх.

Хоёр хөрш маань усны асуудал хариуцсан яам байгуулж түүгээр дамжуулан төрийн бодлогоор  усны хөгжлөө ундруулж байна. Харин манайх агентлаг ч атугай байгуулахын оронд усыг улс төрийн “зэвсэг” болгон ашиглахаар төлөвлөж байна. Үүний оронд гол горхи, булаг шандаа хамгаалах мөнгө босгох аргыг сэтгэвээс зохилтой баймаар. Өмнө баталсан хуулийн буруугаас, бодлого зангидах төрийн захиргааны байгууллагагүйгээс усны хамгаалалтад зориулах мөнгө орон нутгийн удирдлагын гарын салаагаар урсаад өнгөрч буй жишээг ч мэргэжлийн байгууллагынхан ярьж байна.

ЗГМ: ТОДРУУЛГА

Л.Эрдэнэбулган: Орон нутгийн удирдлагууд ус хамгаалах мөнгийг өөр зүйлд зарцуулдаг

БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулганаас гол горхи ширгэхэд нөлөөлж буй хүчин зүйл хийгээд усны бодлого зангидах агентлаг байгуулах ажил ямар шатанд байгааг тодрууллаа.

-Гол горхи, булаг шанд ширгэж байгаагийн гол шалтгаан юу вэ?

-Мэдээж уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай салшгүй холбоотой. Зарим бүс нутагт хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гол горхи ширгэж байгаа. Уул уурхай, газар тариалан, маа-ын салбараас мөн шалтгаалж байна. Уул уурхайн салбар усны нөөцөд нөлөөлөх нь ойлгомжтой. Газар тариалангийн салбар улсын усны хэрэгцээний талаас илүү хувийг эзэлж байна. Мөн малын хөлөөр булаг шанд ширгэх гол шалтгаан болж байгаа.

-Үүнийг хамгаалахад бодлогын ямар алдаа байна вэ? 

-Уг нь усны салбарын хууль эрх зүйн орчныг сайн бүрдүүлсэн гэж гадны экспертүүд үнэлдэг. Гэвч хуулийн заалтууд хэрэгжихгүй байгаагаас хамгаалалтын ажил урагштай байж чадахгүй байна. Хуулиар ус ашигласны төлбөрийн 35 хувийг ус хамгаалахад зориулах ёстой. Гэтэл зарцуулах эрх мэдлийг орон нутагт өгснөөс энэ заалт хэрэгжих боломжгүй болсон.

Усны төлбөрт жилд 44.6 тэрбум төгрөг ордог ч дөнгөж 3.9-ийг нь усанд зарцуулжээ

Тухайлбал, өнгөрсөн онд ус ашигласны төлбөрөөр 44.6 тэрбум төгрөг олсон. Үүний 16.3 тэрбумыг ус хамгаалах ажилд зориулах байтал 3.9 тэрбум төгрөг л зарцуулсан байна. Үлдсэнийг нь орон нутгийн удирдлагууд өөр зүйлд дур мэдэн зарцуулж хууль тогтоомжийг хэрэгжилт 23 хувьтай маш хангалтгүй байгаа гэсэн үг. Энэ нь усны салбарыг хариуцсан төрийн захиргааны байгууллага байхгүйтэй холбоотой.

-Усны агентлаг байгуулах ажил ямар шатандаа явна вэ?

-Агентлаг байгуулахаар хуулийн төсөл санаачилж Сангийн сайд, ХЗДХ-ийн сайд болон манай яамны сайд нар үзэл баримтлалыг нь баталсан. Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих ажлыг хууль тогтоомжийн дагуу хийж байна.

-Танайхаас МАА, газар тариалангийн салбараас ус бохирдуулсны төлбөр авах хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барьсан ч дэмжсэнгүй. Ингэснээр хэдэн төгрөгийн боломж үгүй болов оо?

-Хуулийн төслөөр нэг хонин толгойд оногдох жилийн төлбөрийг гүний усанд 426 төгрөг, гадаргын усанд 19 төгрөг байхаар тооцож байсан. Харин газар тариалангийн хувьд га тутамд гүний усанд 86 төгрөг, гадаргын ус ашиглавал 13 төгрөг байхаар тусгасан байсан. Харамсалтай нь ажлын хэсэг болон бүлгээс дэмжлэг авч чадсангүй. Хэрэв энэ төлбөр орвол ус хамгаалах, 21 сав газарт илүү хөрөнгө оруулалт хийх боломжтой болох байлаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Иргэдээ хянадаг Хятадын арга монголчуудад зохино

Хулгайч нараас болж монголчуудын нэр олон улсад унасаар байна

 0 сэтгэгдэл


Өмнөд хөрш БНХАУ иргэдээ оноогоор эрэмбэлэх төлөвлөгөөг өнгөрсөн оноос туршилтаар хэрэгжүүлж буйг Bloomberg мэдээлэв. Нийгмийн кредитийн тогтолцоо нэртэй энэхүү төлөвлөгөөний дагуу иргэдээ хууль дүрэм хэрхэн биелүүлж байгаад үнэлэлт дүгнэлт өгч, “үгэнд ордоггүй” зарим нөхдөд арга хэмжээ авах юм. Тухайлбал, шүүхийн шийдвэрт захирагдахгүй байгаа том толгойтнууд зээл, орон сууц авах, хүүхдээ хувийн сургуульд суралцуулах эрхгүй болно. Харин иргэний үүргээ үнэнч шударгаар биелүүлж яваа хүн урамшууллын оноо авах юм.

Гэхдээ “хар жагсаалт”-д орсон л бол насан туршдаа ад үзэгдэнэ гэсэн үг биш. Хэрэв тухайн хүн дутагдлаа зассан бол өнөөх эрхүүд нь эргээд сэргэх аж. Тус улс зөвхөн 2018 онд өр зээлээ төлөөгүй иргэдийг агаарын тээврийн 17 сая нислэг, галт тэрэгний таван сая аяллаас саатуулжээ. Даварсан нөхдөд даруулга тооцох тун аятайхан арга байгаа биз.

Хэрэв энэ хуулийг монголд оруулаад ирвэл өчнөөн сая, тэрбумын зээлээ эргэн төлдөггүй хэрнээ гадаадаар аялж, үнэтэй сургуульд хүүхдээ сургаж, улс төрийн өндөр албан тушаал хашаад байдаг нөхдийн ханд нь дарагдах байлгүй.

Түүнчлэн хятадын Соёл, жуулчлалын яамнаас авч хэрэгжүүлдэг арга хэмжээ монголд нэн дутагдалтай байгаа зүйлийн нэг. Тухайлбал, тус улс хилийн чанадад аялахдаа соёлгүй загнасан иргэдийн нэрийг нь зарлах, дахин хилийн дээс алхахыг нь хориглодог. Өөр улсад аялахдаа зодолдох, хулгай хийх, тэр ч байтугай хөшөө дурсгал өөд авирсан бол иймэрхүү шийтгэл амсдаг байна. Түүнчлэн онгоцоор нисэж явахдаа ослын хаалгыг нь санаандгүй онгойлгосон нөхрийг агаараар аялахыг нь хориглосон удаатай. Хилийн чанадад улсынхаа нэрийг хөөдсөн нөхдөд энэ мэтээр арга хэмжээ авч, иймэрхүү үйлдэл дахин давтагдахаас сэргийлдэг аж. Бас л монголд нутагшуулчихмаар аятайхан санаа.

Ардчиллын буянаар монголчууд хилийн дээс чөлөөтэй алхдаг болсноос хойш бараг гурван арван жил өнгөрчээ. Өдгөө хойд, өмнөд америкаас авахуулаад африкт хүртэл монголчууд ажиллаж, амьдарч байна. Монгол хүний толгой дээр нар жаргадаггүй гэж хэлэгдэх хүртлээ бидний цөөхөн монголчууд дэлхий нийтэд тархжээ. Гадаад харилцааны яамнаас өгдөг албан мэдээллээр монголын 140 гаруй мянган иргэн харь улсад төвхнөж байна. Гэхдээ албан бусаар буюу “хараар” амьдарч буй иргэдийг нэмж тооцвол энэ тоо бараг 300 мянгад дөхнө гэж ярьдаг. Ерөнхийдөө 10 монгол тутмын нэг нь өөр улсад амьдарч байна гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй байх.

Гэвч гадагшлах урсгал нэмэгдэхийн хэрээр хилийн чанад дахь монгол иргэдийн талаарх бараан мэдээлэл чих дэлсэж, нүүр улайлгах нь улам ихсэх боллоо. Хамгийн сүүлд энэ сарын эхээр тайландад шил дараалан гарсан хулгайн хэрэг байна. Эхлээд монголын гурван иргэн тус улсын онгоцны буудал дээр хулгай хийж байгаад баригдан нэр, устайгаа зарлуулж, нүүр хийх газаргүй болсон. Гэтэл үүнээс хэд хоногийн дараа монголын өөр гурван иргэд тайландын хааны ордон байсан алдартай сүмд америк жуулчдын халаасыг ухаж байгаад үйлдэл дээрээ баригдав. Ер нь монголоос очсон бүлэг хулгайч тус улсад нэлээд олон удаа хулгайн хэрэг үйлдсэн бололтой. Ингээд олон хавар нэгэндээ гэгчээр хэдхэн хоногийн зайтай ар араасаа баригдав. Энэхүү шившигтэй явдлын дараа тайланд улс монголоос ирж буй хүмүүсийг нэмэлт анкет бөглүүлж байж хил нэвтрүүлэх эсэхээ шийдэх журам гаргасан юм. Нэг үхрийн эвэр доргивол… гэгчээр урт гартай хэдэн өгөр хулгайчаас болж нийт монголчуудын нэр олон улсад навс унасан нь энэ.

Харь орон дахь монголчуудын үйлдсэн хэргийг энэ мэтээр жагсаагаад байвал нэлээд урт үргэлжлэх болно. ЦЕГ-ын мэдээллээс харвал 2018 онд гадаадад амьдарч буй монголын 1400 орчим иргэн гэмт хэрэгт холбогджээ. Зөвхөн БНСУ-д гэхэд мянга орчим иргэн гэмт хэрэгт холбогдсон байна. Түүнчлэн БНХАУ-д 253 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 109 нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн аж. Одоогоор монголын 167 иргэн харь улсын шоронд ял эдэлж байгаа юм.

• Монголын 167 иргэн харь улсын шоронд ял эдэлж байгаа. 

• Юу юугүй барьж, хорьж, торгоод байх биш, төрийн үйлчилгээ авах, хилээр гарах зэрэг зарим эрхийг нь хязгаарлахад л дүрэм зөрчигчид номондоо орно. 

• БНХАУ хилийн чанадад аялахдаа соёлгүй загнасан иргэдийн нэрийг нь зарлахаас гадна дахин хилийн дээс алхахыг нь хориглодог.

Уг нь гэмт хэрэгт холбогдсон, гадаадад амьдарч байхдаа хэрэг түвэг тарьсан бол гадагш явах  виз олгодоггүй. Гэвч монголчууд л болсон хойно яаж ийж аргалаад л хил нэвтрээд байгаа. Бүр хулгайн бүлгийнхэн хоорондоо тохиролцож байгаад бөөндөө гадагш гарч, гадаадынхны халаасыг хоосолдог гэх. Үүний нэгэн илрэл нь сая тайландад болсон хулгайн хэрэг болж байна. Уг нь улсын нэр хөөдсөн эдгээр нөхдийг л “Зөвхөн монголдоо” үлдээгээд, гадагш гаргадаггүй болмоор байна. Үүний тулд хил гаалийнхан хяналтаа сайжруулах ёстой. Хэрэв энэ хэвээрээ байвал дэлхий дахинд монгол хүний үнэлэмж, нэр хүнд буурсаар байх болно. Монголоос яваа гэхээр л хил дээр тусгайлан шалгаж, явдал чирэгдэл учруулаад байвал ямар олиг байхав. Энэ сард БНСУ-ын ЭСЯ-наас гаргасан мэдэгдэл олон нийтийн талцуулж, хэрүүлийн сэдэв болоод амжсан. Тус улсад виз мэдүүлсэн нэг монгол иргэний хүсэлтийг шийдвэрлэхэд дунджаар 70 хоног зарцуулж байгаа нь хэт удаан байна гэх гомдлын хариуд Солонгосын тал монголчуудыг дандаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, залилахыг оролддог тул хүсэлтийг нягтлахад цаг их зарцуулж байгааг тайлбарласан байна лээ. Тухайлбал, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын визийг хуурамчаар үйлдэн гадаад паспорт дээрээ дарах, нийгмийн даатгалын лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэл, төрсний бүртгэлийн лавлагаа, банкны хуулга, таван сая төгрөг байршуулсан гэрээ, түрээсийн болон ажлын газрын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, оюутны тодорхойлолт, малчны тодорхойлолт... гээд байж болох бүхий л бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, виз мэдүүлэх болсныг нэгд нэгэнгүй дурджээ. Үнэхээр монголчуудаас л иймэрхүү заль, үл бүтэх үйлдэл гарна. Тиймээс улс орнууд монгол иргэдэд виз олгохдоо хатуурхаж, цаг их зарцуулахаас аргагүй. монголын нэр хүнд олон улсад ийм л байна.

Үнэндээ бидэнд өмнөд хөршөөсөө харж, суралцах зүйл дэндүү их байна. хэрэв хятадын тэрбум гаруй хүн өөр өөрийн дур зоргоор авирлавал юу болох билээ. Тиймээс дүрэм зөрчиж, том толгойлдог нөхдөө хянаж цагдах арга нэвтрүүлж, эхнээсээ үр дүнд хүрлээ. Юу юугүй барьж, хорьж, торгоод байх биш, төрийн үйлчилгээ авах, хилээр гарах зэрэг зарим эрхийг нь хязгаарлахад л дүрэм зөрчигчид номондоо орж байна. Тэгвэл монголд ч гэсэн хятадын энэ аргыг ашиглахад буруудах юун. Улс дотроо дур зоргоороо авирлаж, дүрэм журмыг уландаа гишгэдэг байдал бүр хэтэрч, олон улсын шинж чанартай болсныг бид алхам тутамдаа харж байна. Харь оронд хулгай хийж, хэрэгт орж яваа тэднийг хэн нэгэн Болд, Бат биш, монголчууд л гэж ерөнхийд нь нэрлэж, зарлана. Энэ мэт үл бүтэх нөхдийг хатуухан гараар барьж, таарсан шийтгэлийг нь оноож байхгүй бол монголын талаарх бараан мэдээлэл улам нэмэгдсээр байх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Амарсайхан: Аалзны тор шиг хэрсэн сүлжээ удахгүй задарна

Хотод аливаа ажил хуулийн хүрээнд биш хувь хүний эрх ашигт тулгуурладаг болсон байна

 0 сэтгэгдэл


Хоёр сарын өмнө тамгаа гардаж авсан нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр анхны албан ёсны мэдээллээ өгөв. Цаашид долоо хоног бүр хийсэн ажлаа тайлагнах болсноо мэдээллийнхээ өмнө тодотгосон юм тэрбээр хотын даргын хувиар хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа эхлээд танилцуулсан. Мөн сүүлийн үед нийслэлд болсон зарим үйл явдал, зөрчил дутагдал, хариуцлага алдсан асуудлын талаар мэдээллийг өгсөн юм.

Юуны түрүүнд С.Амарсайхан БНХАУ-ын “Тяньжин фүүдс” компанид 50 га газар олгосон гэх мэдээлэлд тайлбар өглөө. “Энэ бол ташаа мэдээлэл. НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун улс төрийн зорилгоор зориуд мушгин гуйвуулж, хотын захирагч шийдвэр гаргаж хятадуудад 50 га газрыг олгож байна гэх мэдээлэл түгээсэн. Тийм асуудал болоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. Миний нэр төрд халдаж, гүтгэж байгаа нь С.Мөнхчулууны өөрийнх нь хувийн ашиг сонирхолтой шууд холбоотой” хэмээн няцаав. Түүнээс гадна өнгөрсөн долоо хоногт төв цэвэрлэх байгу уламжид үйлдвэрлэлийн осол гарч, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Осол гарсан газарт өмнө нь буюу 2016-2017 онд 8.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий засварын ажил хийсэн байжээ. Гэвч гүйцэтгэл чанаргүй хийгдсэн учир хоолойн боолтууд задарсан гэх дүгнэлтийг хотын дарга өгч байна. Харин энэ асуудлыг нуун дарагдуулахын тулд зарим албан тушаалтан дээрх асуудалд асар их анхаарал тавьж байгааг онцолж байлаа.

Цаашид долоо хоног бүр хийсэн ажлаа тайлагнана

Тэрбээр хотын өмнөх удирдлагуудтай холбоотой олон зүйлд шүүмжлэлтэй хандаж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ажлын уялдаа хангалтгүй, албан тушаал хариуцсан хүмүүсийн үүрэг хариуцлага тодорхойгүй, иргэдийн оролцоо хангалтгүй зэрэг асуудал бий болсон аж. Үүнээс болж нийслэл бодлогогүй, эмх замбараагүй, зах хязгааргүй тэлэх болсноор  агаар болон хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Тиймээс хотын удирдлагууд, Захирагчийн ажлын алба, тамгын газар, харьяа газар агентлагууд, төрийн өмчит болон төсөвт газрууд, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд ямар үүрэг хариуцлагатай, хэрхэн уялдаа холбоотой ажиллах тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа гэсэн юм. Учир нь аливаа ажил хуулийн хүрээнд биш хувь хүний эрх ашигт тулгуурладаг болох үзэгдэл их ажиглагдах болжээ.

Тухайлбал, нийтийн тээврийн шинэчлэл зогсонги байдалд орсон учир 270 сая ам.долларын төсөл зогссон бөгөөд энэ хугацаанд гурван сая ам.долларыг ямар ч үр ашиггүй зарцуулсан байна. Хоёрдугаарт, нийслэл хотын замын тэмдэглэгээ, засвар үйлчилгээ хангалтгүй байгаа юм. Тухайлбал, 45 мянган төгрөгийн үнэтэй замын тэмдгийг 170 мянган төгрөгөөр нийслэлд шахсан компани зургаан тэрбум төгрөгийн өр үүсгээд, хариуцсан дарга нь ажлаа хаяж гурван сар алга болжээ. Түүнээс гадна Баянзүрх дүүрэгт үүссэн улс төрийн нөхцөл байдалд тэрбээр дараах дүгнэлтийг өгсөн юм. “Баянзүрхэд ажил хийдэг хүн байхаа больж, 360 гаруй мянган иргэний хувь заяагаар сүүлийн гурван сар тоглож байна. Эдгээр хүн өөрсдийн булхайг нуухын  тулд олон хоног суулт зохион байгуулж байгаа” гэсэн юм. Тодруулбал, өнөөгийн нөхцөл байдалд дүүргийн өмнөх удирдлагууд болох АН-аас засаглаж байсан хүмүүсийг буруутгаж байлаа.

“Энэ мэт хууль бус үйлдлүүдийг илрүүлж, цааш нь шалгах гэхээр асуудлыг ил гаргахгүй байхын тулд над руу чиглэсэн улс төрийн бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Гэсэн хэдий ч хотыг аалзны тор шиг 20 жил хэрсэн сүлжээ удахгүй задарна” гэж хотын дарга хэллээ.