A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1517/

Жуулчдыг ухаалаг сурталчилгаагаар татах боломжоос бүү хоцор

Аялал жуулчлалын гадаад орчин таатай ч тогтвортой бодлого алга

Жуулчдыг ухаалаг сурталчилгаагаар татах боломжоос бүү хоцор

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1517/


Монголыг хамгийн их сонирхдог орнуудыг АНУ тэргүүлдэг гэсэн сонирхолтой мэдээлэл байна. 2017 онд давхардсан тоогоор 13 сая удаа АНУ-аас Монголын талаарх хайлт бүртгэгдсэнийг Amedeus компани мэдээлжээ. Amedeus бол дэлхийн олон орны аялал жуулчлалыг ухаалаг болгож, зорилтот зах зээлтэй нь холбож өгдөг, 30 гаруй жилийн түүхтэй компани. Тус компанийн хайлтын статистикаар Монголыг сонирхсон хандалтын тоо сард таван саяас буудаггүй. АНУ-аас гадна Өмнөд Солонгос, Хятад, Австрали, Канадаас Монголд аялах талаар сонирхож хамгийн их ханддаг байна. Үүнээс гадна 2011-2013 онд жилд 100 орчим сэтгүүлч Монголыг сурвалжилдаг байсан бол энэ оны эхний 10 сарын байдлаар 240 болж нэмэгджээ. Харин АСЕМ зохион байгуулсан 2016 онд манайд 860 орчим сэтгүүлч зорчсоны 600 нь долдугаар сард ирсэн байна. Нөгөөтэйгүүр, 2020 онд дэлхийн жуулчдын тоо 1.6 тэрбумд хүрэх бөгөөд үүний дийлэнх нь Ази, Номхон далайн бүс нутагт төвлөрнө гэсэн тооцоог дэлхийн аялал жуулчлалын холбоо болон олон улсын бусад байгууллагууд гаргажээ. Дээрээс нь энэ их давалгааны гол хүч болсон Хятад Улстай бид хаяа залган оршдог.

Манай аялал жуулчлалын гадаад орчин ийм таатай байна. Гадаад харилцааны яамнаас 2016-2018 онд 60 гаруй оронд нийт 300 гаруй соёлын арга хэмжээ зохион байгуулсныг холбогдох албан тушаалтан мэдээллээ. Харин аялал  жуулчлалын чиглэлээр 80 орчим арга хэмжээ зохион байгуулсан. Их Британи, Герман, Франц, Турк, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Орос, Тайвань зэрэг голлох зах  зээлүүдийнхээ аялал жуулчлалын экспод оролцдог нь манай гадаад сурталчилгааны гол арга хэрэгсэл. Ирэх онд Швейцарын Цюрихт болох “Gastland 2019” экспогийн албан ёсны түнш орноор оролцохоор бэлтгэл хангаж буй. Энэ мэтээр Монголыг ямар ч байсан гадаадад сурталчилдаг. Харин хэр зэрэг үр дүнтэй вэ? Үнэндээ ийм их боломж, дэмжлэг байгаад ч Монголын жуулчдын тоо хагас саяд ч хүрдэггүй. Таатай гадаад зах зээлийг бид ашигладаггүй, ерөөсөө татаж чаддаггүй гэсэн дүгнэлт дээрх том том тоонуудаас хийж болно. 2017 онд манай үл үзэгдэх экспорт гэгдэх уг салбар 137.2 сая ам.долларын алдагдалтай байсан бөгөөд бид ДНБ-ий 1.23 хувьтай тэнцэх хэмжээний гадаад валютыг гадаадад аялж, жуулчлахдаа зарцуулсан гэсэн судалгаа бий. Угаасаа ч 2011 оноос хойш манай аялал жуулчлалын салбарын төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч буй. Өчнөөн жил өндөр өртгөөр хийсэн нүсэр сурталчилгааны буулт нь зуны гуравхан сар л үргэлжилдэг. Олж байгаа орлого нь ДНБ-ий дөнгөж гурван хувь.

2017 онд манай аялал жуулчлалын салбар $137.2 саяын алдагдалтай байсан

Энэ янзаар бол нэг сая жуулчин авах зорилт бодитой биш гэсэн таамгийг олон улсын мэргэжлийн байгууллагуудаас гаргасан талаар удирдлагын академийн доктор Б.Баясгалан ярилаа. Тиймээс энэ салбарт бодлогын том өөрчлөлт хэрэгтэй. Тэгж байж тэсрэлт хийнэ. Яагаад гэвэл цохоод хэлчихээр том тоглогч, өнгөлөөд явчихаар оролцогч бараг л байхгүй. Бас жуулчид татдаг хэдэн газрынх нь даац нь хэтэрч, экологийн тэнцвэр нь алдагдаад олон жил болсон. Сүүлдээ өөр хоорондоо аяллын маршрутаа булаацалддаг болсон юм билээ. Хөвсгөл, Тэрэлжээс өөр очих газаргүй болчихсон ч юм шиг. Үндэсний баяр наадмаас өөр зарах бүтээгдэхүүн байхгүй ч юм шиг сэтгэгдэл төрөхөөр. Уг нь Монгол бол түүх, ахуй соёл, байгалийн үзэсгэлэн гээд аль ч талаараа жуулчдын сонирхол татах гойд их нөөцтэй газар гэдгийг салбарынхан хэлдэг. Сүүлийн жилүүдэд манайд ирдэг жуулчдын зорилго ч өөрчлөгдөж байна. Монголбанкны хийсэн судалгаагаар 2015 онд нийт жуулчдын 46 хувь нь үзэсгэлэнт байгаль, ан амьтан үзэхээр ирдэг байсан бол 2017 онд 36 хувь болж буурсан. Харин уламжлалт зан заншил, соёл, түүхтэй танилцахыг хүссэн жуулчдын тоо тогтмол өсөж байна. Тиймээс энэ бол аялал жуулчлалын гол чиглэл байх ёстой гэдгийг ч мэргэжилтнүүд хэлж буй. 

Харин энэ бүхнийг шийдэх нэг гарц бол хиймэл оюуны технологид суурилсан нэгдсэн платформ. Хэдхэн жилийн өмнө цэргийн дэглэмээс ангижирсан Мьянмар улс гэхэд цахим технологийн тусламжтай жуулчдын тоогоо тасралтгүй өсгөж буй. Гэтэл интернэтийн хэрэглээгээр бүс нутагтаа дээгүүр ордог манайд одоо л ийм шилжилт хийхээр бэлтгэл хангаж буйг БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан хэлсэн. Тэрбээр “Өмнө нь их мөнгө зарцуулаад үр дүнгүй маркетингийн арга хэрэгслүүдийг хэрэглээд ирлээ. Тэгэхээр цаашид аль болох бага зардлаар өндөр үр дүнтэй байх арга хэрэгслийг эрэлхийлж байна. Үүний нэг шийдэл нь цахим платформ. Мөн үр өгөөж ихтэй зах  зээлүүдийнхээ онцлогийг судалж мэдэх шаардлага их байна” гэсэн юм. Гэхдээ хүний нөөц, маркетинг, үйлчилгээний чанар стандарт, олон улсад нээлттэй байдал буюу визийн нөхцөл, нислэгийн боломж гээд шийдлээ хүлээсэн их олон асуудал бий. Ямартай ч эхний ээлжинд технологийн дэвшлийн тусламжтай мэдээллээ нээлттэй болгож, тур операторуудын оролцоог ижил тэнцүү хангаж, жуулчдад түвэг чирэгдэл багатай үйлчлэх боломж бүрдэх нь. Тэгэхгүй бол өнөөг хүртэл гадаад сурталчилгаагаа нүсэр арга хэрэгслээр явуулж, контентоо биет хэлбэрээр тараасаар байгаа бид аялал жуулчлалын өрсөлдөх чадвараараа сүүл мушгихад ойрхон. Тэр цагт нэг сая жуулчны хөлд дарагдах мөрөөдөл мянгуужингийн үлгэр болох биз ээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бодлогогүйн гай Монголыг элсэн цөл болгох нь

  • Малын тоо өсөж, метан хийн ялгаралт нэмэгдэх тусам дулаарал эрчимжиж, цөлжинө
  • Малын тоо толгой нэмэгдсэнээс үүдэн метан хийн ялгаралт эрчимтэй ихсэж байна. Энэ нь дэлхийн дулаарлын нэмэгдүүлж буйг Дэлхийн цаг уурын байгууллага онцолсон юм
  • Бэлчээрийн доройтол, цөлжилттэй тууштай тэмцэж буй орны нэг бол Бутан юм. Тус улсын хүн амын 64 хувь нь хөдөө аж ахуйн ферм эрхлэгчид аж. Тэд олон улсын байгууллагын дэмжлэгээр доройтсон газруудад навчит ургамал тариалж, нөхөн сэргээснээр олон улсад нэлээд өндрөөр үнэлэгджээ

Зургадугаар сарын дунд хүртэл тэнгэр хур хайрлаагүйн улмаас ихэнх нутгаар гандуу байлаа. Хаврын хавсаргыг арай гэж давсан малын зоо тэнийх болоогүй бололтой. Баруун аймгийн малчид халуун зунаар хар цай ууж суугаадаа сэтгэл гонсгор байна. Булган аймгийн Рашаант сумын малчин Б.Баяр “Манай сум өмнө нь сангийн аж ахуй байсан болохоор нутгийн ихэнх хэсэг нь тариалангийн талбай байдаг. Малын бэлчээрийн талбай тун бага. Өнгөрсөн зунаас хойш малын зоо тэнийсэнгүй. Өвлийг арай гэж давж, хавартай зол госон. Гэсэн хэдий ч газар гандуу, өвс ногоо муутай хэцүүхэн байна. Бас үлийн цагаан оготно гэж бэлчээрийн дайсан хүчрэгдэхээ байлаа. Жил бүр оготно устгадаг ч хаа сайгүй л үзэгдэх юм. Зуны дунд сар гарчихаад байхад тугал, хургаа угжиж сууна. Энэ жил үнэхээр хүнд байна” хэмээн ярилаа. Мөн Архангай, Хөвсгөл аймгийн нутаг ч гандуухан байгааг малчид нь хэллээ. Хөвсгөл аймгийн хойд зүгийн сумдын нэг Ринчинлхүмбэ л гэхэд хэд хэдэн газар элсний нүүдэл хурж, цөлжиж эхэлсэн байна. Энэ бол хамгийн том аюул гэдгийг цөлжилттэй тэмцэх олон улсын байгууллагынхан анхааруулж байгаа юм. Өдгөө манай улсын малын тоо толгой 70.9 сая болсон. Малын тоо толгойн өсөлт бэлчээрийн доройтолд нөлөөлж, цөлжих нөхцөлийг бүрдүүлж буй бол үлийн цагаан оготны тархалт ч хувь нэмрээ оруулж байна. Монгол Улс 112 сая га хадлан бэлчээрийн талбайтай. Энэ талбай нь ердөө 40 сая малд л таарах аж. Гэтэл сүүлийн жилүүдэд малын тоо тасралтгүй өсөж, бэлчээрийн даац 30 сая толгой малаар хэтрээд байна. Бэлчээр талхлагдаж доройтохын хэрээр ургамлын зүйлүүд устаж буй аж. Таван хошуу малаас бэлчээр хамгийн их доройтуулдаг нь ямаа. Гэвч сүүлийн жилүүдэд ашиг шимийг нь бодож, ямаа өсгөж буй нь цөлжилт нэмэгдэх шалтгаан болж байгаа юм. Учир нь ямаа олон үет ургамлыг үндсээр нь тасалж иддэг тул бэлчээрийг маш их доройтуулдаг. Ямаа хониноос хоёр дахин их ургамал иддэг тул тоо толгойг нь олшруулж болохгүй гэсэн зөвлөмж гаргадаг ч малчид чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг нь харамсалтай. Малаас гадна үлийн цагаан оготно газрын доройтлын бас том шалтгаан болж байгааг судлаачид тэмдэглэдэг. Монгол орны нийт газар нутгийн цөөнгүй хувь буюу 40 сая га талбайд үлийн цагаан оготно тархжээ. Сүүлийн үед үлийн цагаан оготно эрчимтэй үржиж буйг бэлчээр судлаачид онцолсон байна. Судлаач Б.Долгормаагийн тэмдэглэснээр нэг үлийн цагаан оготно өдөрт 33 грамм ногоо иддэг бөгөөд хөеөндөө есөн килограммыг нөөцөлдөг аж. Нэг га талбайд оготны долоон үлий байдаг агаад тэд нийт 42 килограмм өвс хөеөндөө нөөцөлдөг аж. Уг нь үлийн цагаан оготны ганц эрлэг нь шонхор шувуу юм. Гэвч зарим аймгийн нутгаас шонхор шувуу даажсанаас болж, үлийн цагаан оготно тархах таатай нөхцөл бүрджээ. Цаашид үлийн цагаан оготно эрчимтэй өснө гэж судлаачид үзсэн байна. Иймээс үлийн цагаан оготны устгалыг сайн хийх хэрэгтэй аж. Аймаг бүрд үлийн цагаан оготно устгах ажил өрнүүлдэг ч үр дүн дүнтэй болдоггүйг орон нутгийн иргэд шүүмжилж байв.

 Малын тоог цөөлөхгүйгээр бэлчээрээ доройтлоос хамгаадахгүй 

ХХААХҮЯ малын тоо толгойг цөөлж, зохистой харьцааг барих ёстой гэж албан өрөөндөө сууж яриад үр дүнд хүрэхгүй нь тодорхой. Тиймээс бодлогоор зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч буй. Малчдад тохирсон эдийн засгийн арга хэмжээ авахгүй бол Монголын тал нутаг элсэн цөл болоход ойрхон байна. Газар тариалан, уул, уурхай, мал, үлийн оготно гээд бэлчээр нутгийг доройтуулж буй хүчин зүйлийг өнөөдрөөс зохицуулахгүй бол алс хэтдээ аюултай тулгарч мэдэхээр болжээ. Учир нь дэлхий дахинд цаг уур огцом өөрчлөгдсөөр байгаа. Малын тоо толгой нэмэгдсэнээс үүдэн метан хийн ялгаралт эрчимтэй ихсэж байна. Энэ нь дэлхийн дулаарлыг нэмэгдүүлж буйг Дэлхийн цаг уурын байгууллага онцолсон юм. Иймээс мал сүргийн тоог зохистой түвшинд байлгах бодлого үгүйлэгдэж байна. Манай улс “Монгол мал” хөтөлбөр, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” зэрэг малчдад хайр зарласан, малын тоо нэмэхийг дэмжсэн олон баримт бичиг гаргасан. Гэвч бас хариуц лага гэж зүйл байх ёстойг умартжээ. Байгалийг нөхөн сэргээх, бэлчээр хамгаалах, өвс, ногооны гарц сайжруулах талаар малчдад мэдээ, мэдээлэл хүргэсэнгүй. Бас мал сүргийн тоог зохистой байлгах зөв бодлого барьсангүй. Харин одоо энэ асуудалд санаагаа чилээхгүй бол ирээдүйд дулаарлын нөлөө, бэлчээрийн доройтол, цөлжилт энэ сайхан орныг сүйтгэж мэдэх нь. Азийн орнууд газрын доройтол, цөлжилттэй чадах чинээгээрээ тэмцэж байна. БНСУ гэхэд дэлхийн дулаарлыг бууруулахын тулд нийт газар нутгийнхаа 64 хувийг ойжуулжээ. 

Бэлчээрийн доройтол, цөлжилттэй тууштай тэмцэж буй орны нэг бол Бутан юм. Тус улсын хүн амын 64 хувь нь хөдөө аж ахуйн ферм эрхлэгчид аж. Тэд олон улсын байгууллагын дэмжлэгээр доройтсон газруудад навчит ургамал тариалж, нөхөн сэргээснээр олон улсад өндрөөр үнэлэгджээ.
Манай урд хөрш газрын доройтлыг бууруулахад чамгүй олон ажил хийж байна. Цөлжсөн газруудад ховордож буй ургамлыг олон төрлөөр тариалж, мөн ойжуулалт хийж, өөрсдийн санаачлагаар эзэмшил газраа цөлжилтөөс хамгаалсан иргэдэд тодорхой хэмжээний урамшуулал олгодог болжээ. Мөн газрын доройтол цөлжилттэй үлгэр жишээ тэмцсэн орон бол Австрали юм. Тус улс газрыг доройтуулж буй зэрлэг ургамлыг устгаж, оронд нь ашигт ургамлыг олон төрлөөр тарималжуулсан юм. Түүнчлэн фермер эрхлэгчдэд эзэмшсэн газраа нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээлгэж, нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд хуулийн хариуцлага тооцох зэрэг олон арга барилаар цөлжилттэй тэмцэж буй. Ийн дэлхийн улс орнууд газрын доройтолтой бүхий л арга чаргаар тэмцэж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хөгжлийн төлөвлөгөөндөө газрын менежментийн асуудлыг нарийн тусгаж байна. Гэтэл манай улс газар нутгийнхаа доройтлыг үл тоож, мал өсгөх бодлого барьж байгаа нь цөлжилтийг газар авахуулах эрсдэлийг улам нэмэгдүүлсээр. Малын тоог бууруулж, чанаржуулж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахгүй бол цаашид дулаарал, цөлжилт манай улсыг туйлдуулж магадгүй болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Амралтын өдрүүдээр аялах үзэсгэлэнт газрууд

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулж бид эх орондоо аялах боломжтой, байгалийн үзэсгэлэнт газруудын тухай цувралаар танилцуулж буй билээ. Энэ удаа хол замд, урт хугацаагаар явах боломжгүй аялагчдадаа зориулан, Улаанбаатар хоттой ойрхон, хүмүүсийн төдийлөн мэддэггүй байгалийн үзэсгэлэнт газруудын тухай нийтлэл бэлтгэлээ.

Цагаан суваргыг үзэж, өөр гаригт очсон мэт мэдрэмж аваарай

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Цагаан суварга хэмээх газрыг уншигчдадаа санал болгоё. Цагаан суварга нь эрт цагт хэдэн сая жилийн өмнө далайн ёроол байсан гэх бөгөөд он цагийн эрхээр ширгэж, үлдсэн шаварлаг хурдас хөрс нь салхи, бороо ус гэх мэт байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөр эрэг, мөргөцөг үүсгэсэн нь өнөөгийн үзэсгэлэнт дүр зургийг бүтээжээ. Тус газарт очсоноор аялагчдад Марс гариг дээр очсон мэт сэтгэгдэл төрдөг гэнэ. Алсаас харахад суварга мэт харагддаг энэхүү хосгүй үзэсгэлэнтэй газар нийт 500 гаруй метрийн урттай, 90 хэмийн эгц эрэг бүхий мөргөцгүүдээс тогтох бөгөөд хамгийн өндөр хэсэг нь 40 метр хүрдэг аж. Тус газар нийслэлээс 400 км-ийн зайтай ба засмал замаар холбогдсон.

Хагийн хар нуур руу морьтой аялаарай

Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн нурууны уулсын дундах тусгай хамгаалалттай бүсэд орших Хагийн хар нуурыг тайгын сувд хэмээн өргөмжилдөг. Эл нуур нь хөлгүй нуур бөгөөд тус нуураас эх авч урсдаг голыг Хагийн гол хэмээнэ. Хагийн хар нуурыг зорьсноор та байгалийн гоо үзэсгэлэнг морин дэл дээрээс тольдож, сарьдаг уулсын дунд, гайхамшгийг мэдрэх боломжтой. Мөн зэрлэг ан амьтдыг ч ойроос харах боломжтой аж. Хагийн хар нуур нь Төв аймгийн Эрдэнэ суманд Улаанбаатар хотоос 180 км-т оршино. Тус нуур руу туршлагатай хөтөч болон мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөгүйгээр аялах эрсдэлтэй ба бартаатай, машин явах боломжгүй замтай тул аялагчид тодорхой хэсэг хүртэл машинаар зорчоод үлдсэн зайг, морь болон явганаар туулдаг аж. Одоогоор Монголд Хагийн хар нуурын аяллыг Vivid Travel Club тогтмол зохион байгуулдаг.

Зоргол хайрхныг зорьж, алжаалаа тайл

Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос 150 км-ийн зайд оршино. 1668 мерт өндөртэй тус уул том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт хэмээн нэрлэдэг. Мөн хайрхны чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэх бөгөөд жил бүр бэсрэг наадам болж, хурдан морьтой хүмүүс морин эрдэнийнхээ хийморийг нь сэргээдэг аж. Эрт урьд цагт хангай говийг дамнасан цасан шуурга болж, хандгай буга, зээр, гөрөөс цөм өмнө зүг туугдан уруудахад хамгийн сүүлд сульдаж ядарсан ганц зоргол оцойсхийгээд зогсож хоцорсон нь Зорголхайрхан хайрхан болсон гэх домогтой аж.

Гүнжийн сүмд саатаж, эртний түүхээр аялъя

Довдондорж ноён өөрийн талийгаач хатан Манжийн Энх Амгалан хааны охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулан бариулсан Гүнжийн сүм Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршино. Монголын Довдондорж ноёнд Манжийн хаан өөрийн зургадугаар гүнжээ 1697 онд хатан болгон өгчээ. Манжийн хаан охиндоо монголчуудын тухай мэдээлж байх хатуу үүрэг өгсөн ч гүнж уг даалгаврыг үл биелүүлэн үүрд монгол хүн болон үлдсэн байна. Тэрбээр 1740 онд Манжийн албатуудад хорлогдсон бөгөөд “Миний цогцсыг хятад газар бүү аваач. Би монгол хүний эхнэр учир монгол хүн болсон. Иймд намайг Монголын хөрсөнд нутаглуулаарай” хэмээн захисан гэдэг. Гүнжийн онгоны үлдэгдэл чулуун дурсгал, булшийг хамгаалсан байгууламж, богд хаалга, хэрмэн хана, онгон, булшны газар зэргээс бүрдэх бөгөөд эргэн тойронд нь байгалийн үзэсгэлэн цогцолжээ. Тус газар хотоос 96 км зайтай.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөөндэйн шинэ зүйл манай оронд иржээ

Шувуу судлаачдын багийнхан Чух нуурын эрэгт нүүдлийн шувуудын мониторинг хийгээд буцах замдаа Дорнодын Матад сумын нутаг дахь Ёндонгийн хайлааст ам хэмээх газраас Chestnut Thrush Turdus rubrocanus хэмээх хөөндэйн шинэ зүйлийг олж, зургийг нь авч баталгаажуулжээ. Ингэснээр манай орон хөөндэйн 13 зүйлтэй болж байна. Энэ зүйл нь Хималайн уулсын зүүн болон өмнөд нутагт тархсан, харьцангуй мэдээлэл дутмаг зүйлүүдийн нэг аж. Дэлхийн хөөндэйн тархалтын хамгийн хойд цэг нь Монгол болдог. Судалгааны багийнхан дорнын шаргач гурвыг, шивэр намнаахай, жирхэн дууч, борлог дууч, хос-судалт дууч, бор тодол, улаавар бужмар тус бүр нэгийг бүртгэлжүүлжээ. Мөн банхар булжуухай дөрөв, тольт дунхай хоёр, бөвөөлжин өвөөлж хоёр, сохор элээ хоёр, шилийн сар хоёрыг бүртгэж авчээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цанын баазууд зэрлэг амьтдын мөхөлд нөлөөлж байна

Хөл хорионы үеэр хүмүүсийн идэвхтэй хөдөлгөөн багас­сан нь зэрлэг амьтдад таатай нөхцөл үүсгэсэн талаар манай сонин мэдээлж байсан билээ. Тухайлбал, зэрлэг чоно болон баавгайн төрөл зүйлүүд Колоро­дагийн гудманд үзэгдэх болсон,  Италийн бохирдсон голд дельфин гарч ирсэн гэх мэт байгаль дэлхийн гайхалтай өөрчлөлтүүд мэдрэгдсээр байна. Гэвч эрдэмтэд “Энэ үзэгдэл сайн мэдээ хэдий ч хөл хорио тавигдахад зэрлэг амьтад дахиад л хүний үйл ажиллагаанд хавчигдах болно” хэмээн анхааруулжээ. Нэн ялангуяа цанын баазууд олон амьтны амьдрах орчинд заналхийлж байна. Жишээлбэл, иргэд цанаар их гулгадгаас болж Австралийн гүрвэлийн амьдрах орчныг үгүй хийж, Альпийн нуруун дахь Каперкайли буюу ойн сойрын амьдрах орчинд нөлөөлөөд зогсохгүй Италийн Аппинений уулан дахь цанын баазын тэлэлт нэн ховордсон амьтан болох Марсикийн хүрэн баавгайд том аюул занал учруулж байгаа гэх зэрэг олон баримтыг дурдаж болно. Италийн хойгийг бараг бүхэлд нь бүрхдэг Аппинений уул нь одоогоор бүртгэгдээд байгаа 50, 60­-аадхан зэрлэг Марсикийн хүрэн баавгайн гэр юм. Цаашдаа аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжихийн хэрээр байгаль орчин хүн хоёрын хооронд удаан тэмцэл өрнөх нь тодорхой болжээ.