A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3517/

Жуулчдын соронз Манжуур

Жуулчдын соронз Манжуур
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3517/
  • Зөвхөн 2016 онд зургаан сая орчим жуулчин хүлээж авсны 80 гаруй хувь нь дотоодын аялагчид байв
  • Манжуурыг зорих хята­дуудын цуваа ч тасардаггүй аж. Зургадугаар сарын 1­нээс есдүгээр сарын 1­н хүртэл дотоодын жуулчдыг түлхүү хүлээж авдаг байна


Үүрийн харанхуйгаар босож, хүйтэн жавар сөрөн “Чингис хаан” нисэх онгоцны буудал руу давхилаа. Энэ жил сонины маань таван жилийн ой тохиож, хамт олноороо дурсамж бүтээхээр “алтан” Манжуурыг зорих аялалдаа ийн яарсан хэрэг. Манай багийнхан эх орны хил, гаалиар түвэггүйхэн нэвтрэв. Хоёр цаг гаруй хүлээсний эцэст “Хүннү эйр” компанийн агаарын хөлөгт тухаллаа. Ердөө цаг гаруйхан нисээд л зорьсон газартаа хүрэх нь тэр. Эндхийн өвөл шаггүй хүйтэн байдаг нь онгоцноос буухад л илт мэдрэгдэж байлаа. Хамар, хацар часхийж, хөл жиндэх энүүхэнд. Нисэх онгоцны буудал нь жижиг мэт санагдах ч олон газраас жуулчид ирдэг учраас тийм ч бага биш аж. Харин хил гааль нэлээд чанга болжээ. Хүн бүр арван хурууныхээ хээг бүртгүүлж байж урд хөршийн хилээр орж байна. Хоёр улсын хилийн заагийн хөгжил эрс тэс харагдана. Манай Дорнодын нутаг бол чимээ анир багатай, буйдхан юм. Гэтэл Хөлөнбуйраас эхлээд хөгжил дэвшил цэцэглэж, хүн зон бужигнаж байна. Биднийг “Монгол аялал” компанийн Манжуур дахь төлөөлөгч Хангай гэх өвөрмонгол залуу угтаж авлаа. “Таныг зогсож буй газраас тань нар хүртэл аялуулна” уриатай “Монгол аялал”-ынхан өөрсдийнхөө шугамаар аялсан аялагчдадаа алд цэнхэр хадаг дурсгал болгон өгдөг юм байна. Ингээд “Монгол аялал”-ынхны зэхсэн автобусанд сууж хотын төв рүү жолоо заллаа. Бидний хөл тавьсан өдөр жихүүн хүйтэн салхитай, цаг агаар тийм ч тааламжтай биш байв. Аяны дөрөө мулталсан эхний газар нь Манжуурын байгалийн түүхийн музей. Манай улс шиг үзмэрүүдээ хураачихаад барилгаа нураах гээд тэмцэлдэж байдаг улс дэлхийд ховор байх. Тус газрын байгалийн түүхийн музейн үзмэр жуулчдын нүдийг хужирлах өвөрмөц зохион байгуулалттай. Хадан дээр зогсож буй чонын сүрэг, хөх тэнгэрт сүлжилдэн нисэх шувууд, чамгүй том арслан зааны араг яс, хуягт хирсний зураг гээд үзэх зүйл их. Түүнчлэн музейн B1 давхарт байрлах уурхай нь тун өвөрмөц юм билээ. Уурхай ажиллуулахад хэрэглэж байсан тоног төхөөрөмжөө нүүрсний хамт энэхүү музейд тавьж тохижуулжээ. 

Орос соёлыг санагдуулам матрёшканууд 
Жуулчдын сэтгэлийг хөдөлгөдөг нэгэн өвөрмөц цогцолбор бол орос өнгө төрхийг илтгэх матрёшка загвартай барилгууд. Хамгийн өндөр матрёшка загвартай барилга нь 18 давхар зочид буудал. Буудлын гадна талын хогийн савнаас өгсүүлээд дотоод гэрлэн чимэглэл нь хүртэл матрёшка хэлбэртэй. “Монгол аялал” компанийнхан сонгон үйлчлүүлсэн жуулчдаа энэхүү 18 давхар матрёшка зочид буудалд оройн хоолонд оруулдаг юм билээ. Бусад байгууллагын жуулчид 100 юань төлж дотор нь ордог уг зочид буудалд “Монгол аялал”-ынхан үнэгүй оройн зоог барьдаг гэдгээрээ ялгардаг байна. Гурван улсын хилийн боомт хот гэдэг утгаараа Оросын худалдаачид манжуураас бараа авдаг аж. Мөн оросуудад зориулсан үзвэр үйлчилгээний газар олонтой. Ерөнхийдөө орос загварын барилгууд давамгайлсан хот юм. Матрёшка цогцолбор, зочид буудал ч мөн л оросуудад зориулагджээ. Дэлхийд цор ганц байдаг матрёшка загварын барилга Манжуурын бас нэгэн чимэг. Түүний эргэн тойронд 100 гаруй том, жижиг матрёшка бий. Эдгээр өвөрмөц хэв загварын байшингуудад бэлэг дурсгалын дэлгүүр, түргэн хоолын цэгүүд ажилладаг. Оросуудын зорьж очдог газрын нэг нь энэхүү матрёшка цогцолбор. Үүний хажууханд гоёмсог гэрлэн чимэглэлтэй цирк харагдаж байлаа. Оросын цирк ирэхээрээ тоглодог юм гэж хөтөч залуу хэлэв. Хойд хөршийнхөнд зориулсан үзмэр, тоглолтын газар, хөшөө дурсгал цөөнгүй. Гагарины хөшөөнөөс эхлээд агуу Петрийн хөшөө, Волгоградын хөшөөг ч Манжуураас үзэх боломжтой. 



Эртний түүх хүүрнэх арслан зааны цэцэрлэгт хүрээлэн 

Азид нэгд ордог том арслан зааны яс Манжуурт бий. Эдүгээс 10 мянган жилийн өмнө тус газар намгархаг нууртай цөл байжээ. Тэр үед арслан заанууд сүргээрээ ирж намаг ихтэй нуураас ундаалдаг байсан тухай домгийг аяллын хөтөч Хангай сонирхуулсан. Ингээд нэг удаа арслан заанууд далай нууранд ундаалаад гарч явтал нэг тугал нь намагт шигдэж, түүнийгээ аврахаар сүргээрээ ус руу ороод живж үхсэн гунигт  түүхээс улбаатай цэцэрлэгт хүрээлэн бол Манжуурын чухал үзвэр. 86 том арслан зааны хөшөөтэй цэцэрлэг хүрээлэн чамгүй том талбайг эзэлнэ. Зай талбайг харамгүй зориулсан арслан зааны хөшөөнүүдийг хамгаалан мод тарьсан тухай хөтөч нар тайлбарласан. Сүүлийн үед цэцэрлэгжүүлэлтэд ихээхэн анхаарал хандуулж буйг энэ далимд хөтөч сонин болгож ярьсан юм. Хотын захиргаанаас цэцэрлэгжүүлэлтэд чамгүй мөнгө зарцуулж буйг сонирхуулахаа мартсангүй. Гурван жил арчилж тордох мөнгийг нь улсаас гаргаж өгдөг юм байна. Жуулчдын зорьж үздэг газрын нэг нь Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн учраас энэ газрыг моджуулах аяныг эрчимтэй өрнүүлж буй ажээ. Элдэв эрээн мяраан чимэггүй, яг л эртний арал шиг аварга том арслан зааны хөшөөнүүдийн эргэн тойрных нь чимэг гоёл нь мод, бут агаад энд худалдааны жижиг түц ч байрлуулаагүй, нам гүмхэн. Яг л арслан зааны сүрэг идээшдэг эзэнгүй аралд очсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Арслан зааны цэцэрлэгт хүрээлэнгээс гарахад орос ардын үлгэрийн номонд байдаг шиг бөмбөгөр оройтой сүмийн барилга бий. Энэхүү барилгын хажууханд хүрэл цутгамал бүхий 12 ордны хөшөөтэй. Уг хөшөөний дэргэд жуулчид зургаа татуулаад буцдаг юм байна. Манжуурын бас нэгэн чимэг нь Бээжингийн Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнгийн жижигрүүлсэн барилга. Баячуу-дынх нь амьдардаг барилгын өнгө төрх ч бас л өвөрмөц содон харагдсан. 

Алтан утас мэт гэрлэн чимэглэлээрээ гайхуулах хот 
Алтан Манжуур гэж нэрийддэгийн гол утга учир нь хотын гэрлэн чимэглэл. Шөнийн харанхуйг мартуулам гялалзах гэрлэн чимэглэл нь Манжуур хотын гайхуулах нэг онцлог гэлтэй. Бүх байшингийнх нь гадна талаар шаргал гэрэл цацарч шөнийн 12 цаг хүртэл жуулчдын нүдийг баясгана. Хиймэл нуурын эргээс шөнийн Манжуурыг тольдож зургаа татуулахад нэн таатай. Нуурын цаад талаар өндөр гозгор хэв загвартай барилгууд бүхэлдээ харагдах нь Хонконгийг санагдуулам. Энэ хэсэг ер нь Хонконгтой их төстэй. Хиймлээр мөс гаргаж хотхон байгуулж буйг аяллын хөтөч дурдаж байлаа. 696.3 хавтгай дөрвөлжин километр нутагт 300,000 орчим хүн амьдардаг. Оршин суугчдынх нь дийлэнх нь өндөр настнууд байдаг аж. БНХАУ-ын Засгийн газар улсдаа удаан жил үр бүтээлтэй ажилласан ахмадуудаа нам жим газар амьдрах байраар шагнадаг юм байна. Ийн байраар шагнуулсан ахмадууд Манжуурт цөөнгүй суурьшжээ. Манжуур хот гүүрнийхээ хоёр тал руу тэлэн хөгжиж буй талаар хөтөч Хангай сонирхуулсан. Цөөн хүн амтай болоод ч тэр үү гудамж талбай нь сэлүүн, хөл хөдөлгөөн багатай, хог хаягдалгүй цэвэр цэмцгэр санагдсан. Худалдаа, үйлчилгээний газрууд нь Хятад, Орос хаягтай, наймаачдынх нь дийлэнх нь оросоор ярь-даг болохоор монголчууд ойлголцоход хялбар юм билээ. Орон сууц, зочид буудлынх нь орой нь бөмбөгөр болохоор борооны ус тогтож дусаал гоожино гэсэн зовлон лав байхгүй болов уу гэж бодогдсон. Жижиг хотыг дэлхийн жишигт хүртэл хөгжүүлж чаддагийг урд хөрш харуулж байна. Аялал жуулчлалын боомт хот учраас эртний түүхтэй нь холбож арслан заанаар гоёсон цэцэрлэгт хүрээлэн байгуулсан нь оносон сонголт болжээ. Мөн хүйтэн бүс нутаг гэдгээрээ булга, минжийн худалдааг илүү цогцлоож чадсан нь хамгийн сайн менежмент гэж харагдахаар байна. БНХАУ дотоодын аялал жуулч-лалыг хамгийн сайн хөгжүүлж чадаж буй орны тоонд бичигддэг. Тиймээс Манжуурыг зорих хятадуудын цуваа ч тасардаггүй аж. Зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-н хүртэл дотоодын жуулчдыг түлхүү хүлээж авдаг байна. Жилдээ гурван сая гаруй жуулчин Манжуурт зочилж, чамгүй орлого оруулдаг ажээ. 2016 онд зурган сая орчим жуулчин хүлээж авсан бөгөөд тэдний 80 хувь нь дотоодын 20 хувь нь бусад орны иргэд байжээ. Тус боомтын бараа эргэлт 80 орчим сая тонноор хэмжигддэг байна. Жилээс жилд худалдаа, арилжаа хүрээгээ тэлж буйг тэнд ажилладаг монгол эмэгтэй ярьж байв. Жуулчдаас гадна модон эдлэлийн үйлдвэр нь ихээхэн ашигтай газрын нэг аж. Хотын төвөөсөө зүүн тийш төв зам дагуу 10 гаруй км үргэлжлэх тус үйлдвэр нь модыг түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн болтол үйлдвэрлэнэ. ОХУ-ын Чита, Сибириэс Забайкальскаар дамжуулан мод авчирч, мебель үйлдвэрлээд буцаагаад өөрсдөд нь зардаг. Ингэж үйлдвэрлэлээ хөгжүүлж, дотоодынхоо эдийн засгийг тэтгэдэг байна. 



Нэг хонь 2000 юанийн ханштай 

Өвөр Монголын Хөлөнбуйр сайн чанарын махаараа алдартай гэнэ. Энд малчид хамгийн доод тал нь 500 малтай. Улсаас мал маллахыг ихээхэн дэмждэг бөгөөд нэг толгой бүрт 500 юанийн тэтгэлэг өгдөг. Монгол мөнгөөр ойролцоогоор 180,000 төгрөгийн тэтгэлэг өгдөг гэсэн үг. Мал аж ахуйн нутаг Хөлөнбуйртай залгаа оршдог учраас Манжуурт зочилсон хятадуудын дийлэнх нь мах идэх гэж очдог гэдгийг манай аяллын хөтөч сонирхуулсан. Урин дулаан цагт хятадууд мах идэхээр очдог болохоор үнэ нь чамгүй өндөр байдаг юм байна. Тарган хонь 2000 юань, хурга 3500 юань хүрдэг ажээ. Монголын ханшаар бол нэг хонь 770 мянган төгрөг хүрч байна. Бараг л шүдлэн үхрийн үнэд хүрдэг гэсэн үг. Манай Улаанбаатар 1,3 сая хүн амтай хэрнээ гаднын жуулчдыг татах зүйл хэр их билээ хэмээн аяллын туршид бодогдож явсныг нуух юун. Гэтэл 300 мянган хүн амтай хот жуулчдыг соронз мэт татаж буйд цагаан атаархал төрж явлаа. Ийн бид Манжуурт очиж таван жилийн ойгоо тэмдэглэлээ. Манай сонины хамт олныг тав тухтай аялуулж, арслан зааны нутгаар зочлуулсан “Хүннү эйр” болон “Монгол аялал” компанийн хамт олонд гүн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
















A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Ананд дэлхийн шилдгээр нэрлэгдэв

 0 сэтгэгдэл

Өчигдөр 3х3 Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 2019 оны “Шилдэг шинэ залуу” тоглогчдыг зарласан бөгөөд тус жагсаалтад манай улсын “Улаанбаатар ММС энержи” багийн тоглогч А.Ананд багтсан юм. Олон улсын холбооны сайтад “Дэлхийн цомын тэмцээнээр төдийлөн амжилт үзүүлж чадаагүй ч Монголын сор болсон энэ тамирчин биднийг гайхшруулж чадсан. U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тэр яг л араатан шиг байж, амжилттай тоглосон. Цаашдаа Дэлхийн цомд амжилт үзүүлэх нь түүний хувьд цаг хугацааны л асуудал” хэмээн бичжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нийгмийн амьдралыг донсолгосон 10 үйл явдал

 0 сэтгэгдэл

PM2.5, PM10 тоосонцрын хэмжээг 40 гаруй хувиар буурууллаа 


Засгийн газар түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, гэр хорооллын өрхүүдийг зөвхөн “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрт хийсэн шахмал түлш түлэх шийдвэр гаргасан. Энэ оны тавдугаар сараас эхэлж нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосон бөгөөд намраас хэрэглэж эхэлсэн шахмал түлш агаар дахь PM2.5,PM10 тоосонцрын хэмжээг 40 гаруй хувиар бууруулж, хүлцэх хэмжээнд хамгийн ихээр ойртуулж чадлаа. Өмнөх жилүүдэд эдгээр тоосонцор хүлцэх хэмжээнээс 3-4 дахин их болж, таван метрт үзэгдэхгүйд хүрсэн. Утаанаас үүдэлтэй ханиад ихсэж, ураг эндэх, нас баралтын шалтгаанд уушгины өвчлөлийн эзлэх хувь ихсэх зэрэг хөнөөл учруулж байв. Тэгвэл агаарын чанарыг хэмжих бага жийн мэдээлэл СХД, Баянхошуунаас бусад байршилд ихэвчлэн “бага бохирдолтой”-г зааж, өглөө, оройд хотын төвд хөшиглөдөг их утаа үзэгдэхгүй боллоо. Нүдэнд үзэгдэх тоосонцрын хэмжээг бууруулж чадсан Ерөнхий сайд энэ зоримог шийдвэрийнхээ дүнг ирэх хавар тавиулах юм. 

Сүрьеэгийн халдвар дунд сургуулийг бүрхсэн нь илрэв


Хан-Уул дүүргийн 15-р сургуулийн 1710 сурагчийн 529 нь далд хэлбэрийн сүрьеэгийн халдвартай, тэдний 38 нь сүрьегээр өвчилсөн болох нь илэрсэн хэрэг олон эцэг эхийг айдаст автуулав. Сүрьеэтэй байсан биеийн тамирын багшаас халдвар тархсан гэх хардлага бий. Эх сурвалжуудын хэлснээр халдвар 2016 онд анх илэрсэн бөгөөд сургуулийн удирдлагууд эрүүл мэндийн байгууллагынхан хэргийг нуун дарагдуулсан нь илүү олон хүүхэд халдварт өртөх үндэс болжээ. Гэтэл удалгүй 97-р сургуулийн 70 сурагч, Төв аймгийн Сүмбэр сумын 200 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдож, энэ өвчин ерөнхий боловсролын сургуулиудад гүн гүнзгий бугшсаныг харууллаа. Манайхан л болсон хойно ниргэсэн хойно нь хашхирдаг зангаараа бүх зүйл болоод өнгөрсөн хойно арга хэмжээ авч байна гэж баахан сүржигнэсэн. Ерөнхий боловсролын бүх сургуульд сүрьеэгийн тандалт судалгаа хийж нэлээд давхив. Харин энэ ажлын үр дүн ямар гарсан нь одоогоор тодорхойгүй. Харин сүрьеэ өвчнийг тойрсон дуулиан Эрүүл мэндийн сайдын суудлыг сүрхий ганхуулаад авлаа. 

Наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн дуулианы цаана


Өмнө нь улсын наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допинг илрэх тохиолдол зөндөө л гарч байсан. Харин энэ удаа наадмын түрүү бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн нь үндэсний бөхийн түүхэнд бичигдэн үлдэх хар толбо болов. Тухайн үед хүн бүр Э.Оюунболдыг газар доор ортол муулж, хэлэх хэлэхгүйгээр хараасан. Харин одоо нөхцөл байдал арай өөрчлөгдөж байх шиг. АТГ-аас спортын анагаах ухааны албаны хоёр ч эмчийг шинжилгээний дээж сольж явуулдаг гэх хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Үүний дараа Э.Оюунболд үнэхээр хэлмэгдсэн юм болов уу гэх бодол зарим нэгэнд нь төрсөн байх. Түүний хүсэлтээр 2009-2019 оны наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээний хариуг дахин нягталж байгаа. Хэрэв эндээс ямар нэг “но” илэрвэл шинжилгээний хариуг үнэхээр сольдог юм байна гэдэг нь батлагдана. Харин үгүй бол отгон аварга яаж ч гүрийгээд нэмэргүй болох биз ээ. Энэ зуур Э.Оюунболд нутгийнхаа оны шилдгээр тодорч, ганц нэг барилдаанд зодоглосон шигээ явна. 

ХАБ алдагдаж, олон хүний амь үрэгдэв


Төрийн болон хувийн байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс олон хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол олон гарлаа. Барилгын явцад ХАБ мөрдөөгүйгээс хүний алтан амь үрэгддэг байсан бол өнгөрсөн хоёрдугаар сард Төв аймгийн Заамар суманд байрлах “Эко Алтан Заамар” компанийн уурхайд дөрвөн хүн нурангид дарагдаж амиа алдсан бол долоохон хоногийн дараа дахин нэг ажилтан техникт даруулж нас барлаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлаас үүдэлтэй гэмт хэргийн шинжтэй осол ч мөн гарсан. Долдугаар сард ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болороогийн нөхөр “Хишиг арвин индустриал” компанид харуул хийж байхдаа лифтний хонгилд унаж нас барсан байдалтай олдсон хэргийг цагдаагийнхан шалгаж, ХАБ мөрдөөгүйгээс үүдсэн осол, эсвэл эрүүгийн гэмт хэргийн аль нь болохыг тогтоохоор ажиллаж байна. Түүнчлэн төрийн байгууллагад ч ХАБ алдагдлаа. Дөрөвдүгээр сард Төв цэвэрлэх байгууламжид хорт хийнд хордсон дөрвөн хүн амь насаа алдаж, таван хүн хордлогын төвд эмчлүүлсэн эмгэнэлт хэрэг гарсан юм. 

Археологичид ганзага дүүрэн байв
2019 он Монголын археологийн түүхэнд тодоор дурсагдаж үлдэх нь. Дархадын хотгорт хийсэн судалгаагаар XIII зууны үед хамаарах булшнаас вааранд хадгалагдсан өрөм, шар тос олдсон нь нэн ховор олдворт тооцогдоно. Мөн оросуудтай хамтарсан судалгааны баг XIV зууны үеийн дайчин эмэгтэйн булш олсон нь анхаарал татлаа. Бүсгүйчүүдтэй харьцуулахад хавьгүй том буюу 180 см орчим өндөр эмэгтэй дайчны шарилыг зэр зэвсэгтэй нь хамт оршуулсан байв. Улмаар оны төгсгөлд АНУ-ын Археологийн институтээс эрхлэн гаргадаг Archeology сэтгүүл 2019 оны “Дэлхийн шилдэг 10 археологийн нээлт”-ийг зарлахад археологич Д.Эрдэнэбаатараар удирдуулсан багийн Гол мод-II гэх газраас олдсон Хүннүгийн язгууртны булшны судалгааны ажил багтлаа. Тус дурсгал нь нийт 200 гаруй булштай бөгөөд эндээс эртний Хүннүгийн цэрэг эрсийн, аж ахуйн, эд өлгийн зүйлс, эртний Ромын шилэн аяга, 18 ширхэг сүйх тэрэг, хаш чимэглэлт илд, мөнгөн лууны баримал гэх мэт маш олон олдворууд олдсон юм. 

The Hu хамтлагаар бахархсан жил
Өвөрмөц хэв маяг, өнгө төрхөөрөө бусдаас ялгарч чадсан The Hu хамтлаг дэлхийг байлдан дагуулсаар байна. Тус хамтлагийн анхны бие даасан цомог Gerege нээлтээ хийсэн даруйдаа Billboard-ын World Albums жагсаалтыг тэргүүлж, Монголын хөгжмийн түүхэнд шинэ хуудас нээлээ. The Hu хамтлагийн энэ амжилт Монголын нэрийг сайнаар гаргаж, жуулчдыг татах зэргээр улсын эдийн засагт дэм болох ач холбогдолтой. Тухайлбал, Wolf Totem дууны клипийг 17 сая хүн үзэж, үүний араас 50 мянган сэтгэгдэл дагалджээ. Эдгээр сэтгэгдлийн зургаан мянга гаруй нь “Монголд очиж үзнэ ээ” гэсэн агуулгатай байгаа нь жирийн нэг монгол хамтлаг аялал жуучлалын хөгжилд хувь нэмрээ оруулаад эхэлсний баталгаа юм. Улмаар оны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр хүндтэй “Чингис хаан” одонг тус хамтлагт гардуулах шийдвэр гаргав. Товчхондоо бол 2019 он The Hu хамтлагийн ололт амжилтаар бахархсан жил байлаа. Б.Дашдондогийн “хүүхдүүд” цаашид олон жил хөгжмийн ертөнцийг байлдан дагуулах биз ээ.

Олимпын сагсчдынхаа дээлийн захыг мушгия

Монголчууд сагсан бөмбөгөөр олимпын наадамд өрсөлдөнө гэж хэдэн жилийн өмнө ярьсан бол тэр хүнийг шоолон инээх байсан биз. Тэгвэл мөрөөдөл төдий байсан зүйл өдгөө биеллээ олж, 3х3 төрлийн эмэгтэй сагсчид ирэх жил Токиогийн олимпод хүч сорих нь нэгэнт тодорхой болоод байна. Наймхан баг олимпод өрсөлдөх ёстой атал тэдний тоонд багтана гэдэг зүүдэнд оромгүй явдал мэт санагдаж байгаа биз. Ердөө гуравхан жилийн өмнөөс нэг баг болж, бэлтгэл хийж эхэлсэн гэхэд манай охид тун хурдан өндөрлөгт гарч чаджээ. Сагсан бөмбөгийн шинжээчид Токиод өрсөлдөх эмэгтэй найман багаас манайхыг хамгийн сул нь гэж дүгнэсэн байна лээ. Гэхдээ бэлтгэлээ сайн базаавал гэнэтийн сюрприз барьж мэднэ. Уг нь манай эрэгтэй баг ч олимпын эрхийн болзлоо хангаад байлаа. Гэвч олимп зохион байгуулагч Япон улс эрэгтэй багаа цагаан хуудсаар оруулахаар шийдсэн нь бидний боломжийг үгүй хийжээ. Гэхдээ эрчүүд ирэх онд зохиогдох хоёр тэмцээнээс эрхээ авах боломжтой.


Бэлгийн дарамтын эсрэг тэмцэж эхлэв

Энэ онд спортын салбарт далд байдлаар оршиж байсан бэлгийн дарамтын асуудал “Эмэгтэй удирдагч” сангаас хийсэн судалгааны үр дүнд ил боллоо. Улмаар спортын холбоод болон тамирчид бэлгийн дарамтын эсрэг идэвхтэй тэмцэх болж, байр сууриа илэрхийлж эхлэв. Спортын салбар дахь бэлгийн дарамтын дуулиантай зэрэгцэн болон Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж буй. Зөвхөн спорт төдийгүй гудамж талбай, их сургуулийн орчинд ч ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг талаараа олон эмэгтэй байр сууриа илэрхийлсэн бөгөөд Хүний эрхийн үндэсний комисст энэ төрлийн хэрэгтэй холбоотой хохирогчдын гомдол эрс өсөөд байна. 

Дэлхийн энтэй тамирчин Монголын саналыг хүлээн зөвшөөрлөө
Өмнө нь бид сайн тамирчдаа харь улсад алддаг байлаа. Японы иргэн болсон сүмочид, Германы нэр дээрээс олимпод өрсөлддөг Д.Мөнхбаяраас авахуулаад хамгийн сүүлд жүдоч бүсгүй Г.Отгонцэцэг Казахстаны нэрийг дэлхийд гаргаж явна. Харин гаднын тамирчид Монголын нэр дээрээс тэмцээн уралдаанд орсон түүх бараг үгүй. Риогийн олимпын мөчлөгт буриад бүсгүй Монголын байт харвааны шигшээд багтаж, цэц сорьж байсан тохиолдол бий. Гэвч олимпын эрхээ авч чадаагүй. Тэгвэл Ираны алдарт бөх, дэлхийн аварга Сайед Моллайе улстайгаа түнжин хагараад байсныг манайхан тун овжин ашиглаж, Монголын иргэн болгож дөнгөлөө. Олимп, дэлхийгээс медаль авч үзээгүй 81 кг-д дэлхийн хэмжээний нэгэн сайн бөхтэй болсон нь бидэнд тун ашигтай байв. Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөө үүнд багагүй байсан биз. Сайед Моллайе өнөөдөр Монголын төлөөх анхны барилдаанаа Мастерсын дэвжээнд хийнэ. 27 настай, ир бяр нь ид жагсаж яваа энэ залуу айсуй олимпоос медаль авчихвал монголчуудын хайр талархлыг дорхноо хүлээх нь гарцаагүй. 

Шүүхээр эцэслээгүй байхад Байгалийн түүхийн музейг нураав


2019 оны долдугаар сарын 3-ны ЗГ-ын хуралдаанаар Чингис хааны музей байгуулах, Байгалийн түүхийн музейг нураах тогтоол батлав. Уг музейн барилгын ашиглалтын хугацаа дууссан тул нурааж, оронд нь орчин үеийн стандартад нийцсэн Чингис хааны музей барих уг шийдвэрийг зарим иргэн, ТББ эсэргүүцэж шүүхэд хандсан юм. 10 дугаар сард анхан шатны шүүхээс Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолыг түдгэлзүүлсэн. Гэвч БСШУСЯ давж заалдсанаар нийслэлийн шүүх яамны хүсэлтийг хангаж, шийдвэр өөрчлөгдсөн юм. Тэр даруй буюу 11 дүгээр сарын 22-ноос эхлэн музейн барилгын дээврээс “сэмхэн” нурааж эхэлснийг эсэргүүцэн жагссан иргэдийн зарим нь хуулийн байгууллагад саатуулагдаж байлаа. Эсэргүүцэл үргэлжилсээр байсан ч 12 дугаар сарын 5-ны шөнө барилгыг бүхэлд нь нураав. Нийслэлийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн иргэд Дээд шүүхэд гомдол гаргасан ч эцсийн шатны шүүхийн шийдвэрээс урьтаж барилгыг нураасан нь гүйцэтгэх засаглал шүүхээ “атгадаг” болсны илрэл хэмээх шүүмжлэл дагуулаад байгаа билээ. 











 




















































A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрчим хүчний 30 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилт тавьсан

 0 сэтгэгдэл
  • Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлж чадвал цаашид хувь хэмжээ нь өсөх боломж бүрдэнэ
  • Одоогоор Монгол улсад нарны тав, салхины гурван станц ажиллаж байна. Нийт хүчин чадал 236 мегаватт байгаа. 2016-2018 оны хооронд 360 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн

Манай улс сэргээгдэх эрчим хүчний олон станц байгуулах боломж бий. Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхэд ямар саад бэрхшээл учирч буй болон бусад асуудлаар Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ж.Осгонбаатартай ярилцлаа.

-2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 20 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ онд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийн явц ямар байна вэ? 

-Бид өөрийн гэсэн сэргээгдэх эрчим хүчний хуультай, хөтөлбөртэй. Одоогоор нарны тав, салхины гурван станц ажиллаж байна. Нийт хүчин чадал 236 мегаватт байгаа. 2016- 2018 оны хооронд 360 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг энэ чиглэлд хийсэн. Манай эрчим хүчний салбарын 17.4 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж эзэлж байна. Цаашдаа зорьсон хувь хэмжээнд хүргэх боломж бий. Мэдээж саад бэрхшээл бий. 2018 онд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд нарны хоёр шинэ станц ашиглалтад оруулсан. Дархан- Уул аймаг Хөшигийн хөндий, Чойр орчимд, Замын-Үүдэд нарны станц ажиллуулж байгаа. Өмнөговийн Цогт-Цэцийд, Салхитын салхин парк, Сайншандад 50-55 мегаваттын хүчин чадалтай салхин станц бий.

-Технологийн хөгжлөө дагаад сэргээгдэх эрчим хүчний зардал буурч байна. Ялангуяа урд хөршид нэлээн хямдарч байгаа юм билээ. Тиймээс нөөцлүүрийн шийдэл хайх хэрэгтэй болох байх. Цаашид хувь хэмжээг нь тогтвортой байлгах талаар судалж байгаа юу?

-Сэргээгдэх эрчим хүчний үнэ буурч байна гэсэн мэдээлэл дэлхий нийтэд цацагддаг. Тэгэхээр манай улсад ямар байх ёстой вэ гэсэн асуудал бий. Монголд оруулж ирж буй технологи өөрийн гэсэн өртөгтэй. Энэ өртөг нь өндөр чадалтай, овортой, байгаль орчноо хамгаалах хөнгөлөлт үзүүлсэн төслийг бодоход маш бага. Гэхдээ үнийн хувьд буурна. Цаашдаа сэргээгдэх эрчим хүчнийхээ хувь хэмжээг өсгөхийн тулд нөөцлүүрт анхаарах хэрэгтэй. Эсвэл усан цахилгаан станц байгуулах нь чухал. Ийм байдлаар олон талын боломжийг ашиглаж чадвал сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээ өснө. 

-Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчийг дэмжихэд төрөөс анхаарч тарифын арга хэмжээ авч байна. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ? 

-Төрөөс дэмжиж тариф нэмсэн зүйл байхгүй. Энэ жил сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг өөрчилсөн. Нарны станц хэрвээ сүлжээнд холбогдсон бол 12,5 цент, салхин станц 8,5 цент байна гэж хуульд дээд хязгаарыг нь тогтоож өгсөн. Хуулиар үнийг нь уян хатан болголоо. Энэ нь цаашид өрсөлдөөн бий болгох нөхцөл бүрдүүлж байгаа юм. 

-Бүсийн хэмжээнд нэгдсэн сүлжээнд холбогдох, том төслүүдийг хэрэгжүүлэх боломж ямар байна. Жишээлбэл, Азийн супер сүлжээ гэж гарч ирлээ. Энэ бүхэн биеллээ олох боломжийг та хэрхэн харж байна вэ? 

-2011 онд Японд хүчтэй газар хөдлөлт болсноос хойш Азийн супер сүлжээг ярьж эхэлсэн. Тэр үеэс бид оролцож эхэлсэн. Сүүлийн үед Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны чиглэлээр санал санаачилгууд гарч байна. ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Монгол зэрэг орны хамтын ажиллагааны санал санаачилга гарч, судалгаанууд хийж байгаа. Хэрэгжүүлж чадвал Монголд ихээхэн ач холбогдолтой төсөл болох юм. Манай улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй. 2,6 тВт гэх аварга том тоо хэлдэг. Үүнийг биелүүлбэл манай улсад эрчим хүчний том үйлдвэрлэл явагдаж, бидэнд эдийн засгийн ач тусаа өгөх боломж бүрдэнэ. 

-2020 онд хэрэглээг 20 хувьд хүргэх байх. Харин 30 хувьд хүрэхэд тулгамдаж буй асуудал юу байна вэ? 

-2030 онд салбарын хувьд 30 хувь гэдэг том зорилт биш. Европын орнууд 2030 он гэхэд дийлэнхийг нь сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн зорилт тавьж байгаа. Гэхдээ хөгжилтэй орнуудын эрчим хүчний бүтэц, хэмжээ, үйлдвэрлэл нь Монголоос өөр. Тиймээс бид том зорилт тавьсан. Гэсэн хэдий ч 2030 он гэхэд хувь хэмжээгээ өсгөж байж дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улс хөл нийлүүлэн алхана гэж харж байна. 

-Хөрөнгө оруулалт татахад хэр боломж байна вэ? 

-Оруулсан хөрөнгөө хэдий хугацаанд нөхөх нь вэ, хөрөнгө оруулалт татах таатай нөхцөлийг төр засгийн түвшинд хэр бүрдүүлж өгч вэ гэдгийг маш сайн судалсан төслүүд орж ирдэг. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлж чадвал цаашид хувь хэмжээ нь өсөх боломж бүрдэнэ. Өнөөдөр хөрөнгө оруулагчид жийрхээд хөрөнгөө татчихаад байна.

Б.Батманлай /Шинжээч/


A

Жижиг

A

Дунд

A

Том

Зөвшөөрөлгүй барилгуудын талаар “хов” хүргээрэй

 0 сэтгэгдэл
  • Таны гомдлын дагуу мэргэжлийн байгууллагууд арга хэмжээ авна
  • Иргэд www. uda.ub.gov.mn сайт руу орж, 512 мянган обьектийн мэдээллийг цахимаар авах боломжтой

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт гомдол санал гаргадаг иргэдийн дийлэнх нь оршин суугаа байршилдаа баригдаж буй барилгуудын зөвшөөрөлтэй эсэхийг лавладаг байна. Тиймээс иргэдэд холбогдох мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор тус байгууллага албан ёсны сайтаа өргөжүүлж, цахимаар мэдээлэл авах боломж бүрдүүлжээ. Энэ талаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хэлтсийн дарга А.Амарсанаа “Манай байгууллага сайтынхаа мэдээллийн санг шинэчилж, иргэдэд цахимаар мэдээлэл авах боломжийг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд олон нийтийн зүгээс хамгийн их лавладаг 1946 барилга, байгууламжийн мэдээллийг цахим хуудсандаа байршуулсан. Иргэд www.uda.ub.gov.mn сайтад хандан 512 мянган обьектийн мэдээллийг цахимаар авахын зэрэгцээ зөрчилтэй барилгын мэдээллийг лавлах боломжтой. Таны ойр орчимд баригдаж буй барилга зөвшөөрөлтэй эсэхийг цахимаар шалгаж зөвшөөрөлгүй байвал “хов” хүргэж болно” гэв. Түүний тайлбарлаж буйгаар иргэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын цахим хаягийн “мэдээ” цэснээс “ерөнхий төвлөгөө” хэсгийг сонгосноор Баянзүрх, Багахангай, Налайх зэрэг нийслэлийн зургаан дүүрэгт зөвшөөрөлтэй баригдаж буй барилгын мэдээлэл дэлгэрэнгүй харах бөгөөд зөрчилтэй барилгын талаар мэдээлэл өгөх аж. Мөн таны өгсөн зөвшөөрөлгүй барилгуудын талаарх санал гомдлыг Хот байгуулалт, хөгжлийн газар, мэргэжлийн хяналтын байгууллага хүлээн авч, хуулийн дагуу арга хэмжээ авах юм. Тус байгуулагад 2013 оноос хойш барилга барих зөвшөөрөл авсан 2000 орчим иргэн, аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг бөгөөд тэдний зарим нь барилгаа барьж эхэлсэн тухай мэдээллийг нийслэлийн захиргаа болон мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлсэн бол зарим нь зураг төслийн хэмжээнд байгаа аж. Мөн орон сууцны бүсэд барилга эхлүүлэх бол тухайн компани, иргэн, олон нийтэд харагдахаар самбар байршуулна гэсэн заалтыг мөрдлөгө болгох учиртайг А.Амарсанаа онцлов. Тус байгууллага барилга барих зөвшөөрөл, техникийн нөхцөл авсан барилгуудыг цаг алдалгүй цахим сайтдаа нэмж бүртгэх учраас Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг давхар хангаад явах боломжтой гэж үзэж байгаа аж.