A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/986/

Жюничиро Койзуми: Би этгээд биш онцгой хүн

Жюничиро Койзуми: Би этгээд биш онцгой хүн
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/986/

Японы хамгийн нэр хүндтэй Ерөнхий сайд асантай барьсан үдийн зоог. Токиод үдийн зоогийг эрт барьдаг заншилтай ч Жюничиро Койзуми гуай 11.30-д уулзахыг санал болгоход “асуудалд орлоо доо” гэж бодогдов. Тэрбээр Imperial зочид буудлын дээд давхарт тансаг зэрэглэлийн Aqua Lounge-д тусгай өрөө захиалсан байлаа. Амралтын өдрөөр энд ирсэн Япон хатагтай нар үүдний өрөөнд хөлхөлдөх агаад Ричард Гиртэй төстэй гэгддэг түүний төрх хэвээр байгаа нь надад анхааруулга мэт харагдав. Кофены ширээ тойруулан дөрвөн зөөлөн сандал тавьсан уужим өрөөнд намайг орууллаа. Би яг цагтаа ирсэн хэдий ч 2001-2006 онд Ерөнхий сайд байсан эрхэм хэдийн ирээд хүлээж байсанд эвгүйцэх сэтгэл төрсөн юм. Койзуми гуайн долгиолсон урт үс жаахан бууралтсан ч нүдэнд хоногшсон хэвээ алдсангүй. Тэрбээр хуурайдуухан мэндлээд “Зоог барих завсар ярилцана гэж надад хэлсэн. Гэхдээ би юм идэхгүй” гэв. Сайн эхлэл лав биш. Миний зүрх огшиж, хоёр сонголт үлдлээ. Ахмад улс төрийн зүтгэлтнийг хүчээр хооллох эсвэл дэлхийн хоолны төв Токио хотод “FT-тэй уусан ногоон цай” гэдэг нийтлэл бичих.

Тэрбээр над руу зэмлэнгүй хараад “Би 2009 онд парламентаас гарснаас хойш өдөртөө хоёр хооллож байгаа. Өглөө, оройд. Үдийн хоол хэрэггүй” хэмээн үргэлжлүүлэв. Миний Япон хэл ээдэрч, Койзуми гуай надаас зайгаа барих шиг болсон тул санаачилгыг алдах аюул тулгарав. Коктейлийн өрөө боловч хоолтой л байж таарна. Хөгжим жингэнэх зуур би Imperial-ын түшлэгтэй буйданд тухалж, одоо токиогоос арчигдаж буй 1970-аад оны өрнөдийн тохь тухыг мэдрэв. Японы дайны дараах зөвшилцлийн захиргаат төр улсыг буулгахад бусдаас ихийг хийсэн хүнд асуулт тавихад тохиромжтой суудал шиг санагдлаа. Ерөнхий сайдын хувьд Койзуми Иракт цэрэглэн орохыг дэмжсэний дээр цэргийн гэмт хэрэгтнүүдийг оршуулсан Ясукуни хэмээх сүмд жил бүр мөргөж байв. Тэрбээр хуучинсаг, үндсэрхэг үзлийг хөхиүлж байсан нь эдүгээ Японы улс төрийн хамгийн хүчтэй урсгал болоод буй. Шууданг хувьчилж, зохицуулалтыг багасгах түүний алхам Японы хүнд суртлыг нураасан. Тэрбээр эрх баригч либерал ардчилсан нам дахь уламжлалт ашиг сонирхлын бүлгүүдийг нухчин дарсан Ерөнхий сайдын албанд эрх мэдлийг төвлөрүүлэхэд тусалжээ.

Ноён Койзуми одоо засаг захиргааны шинэ сөргөлдөгч болжээ. Тэрбээр 2011 оны Фукушимагийн ослоос хойш цөмийн эрчим хүчийг эсэргүүцсэн Японы хөдөлгөөнийг тэргүүлж байна. Засгийн газар үлдсэн цөмийн хөдөлгүүрүүд аюулгүй, буцаан ажиллуулж болно хэмээн ухуулж байгаа бол ноён Койзуми үүнийг худал гэдгийг илчлэн улс орноор аялж буй. Хоолны цэс авчрахад дахиад л зүрх огшив. Хавчтай талх, үхрийн махтай гамбургер, ногооны хавчуургатай талх мэтсийг бичсэн харагдана. Койзуми гуай идэхийг хүсэж байж магадгүй авч урам зориг ажиглагдсангүй. 76 настай ч хөнгөн шингэн тэрбээр Японы урт наслалтыг батлах болов уу. “Миний жин бараг өөрчлөгдөөгүй. Энэ цамцыг би 15 жил өмсөж байгаа. 15 жилийн өмнө худалдаж авсан. Багадсан зүйл алга” хэмээв. Дөрвөлжин хээтэй цамцан дээр ягаан зангиа зүүж, цайвар саарал хослол өмсжээ. Токиогийн тогоочид чимээгүй хүлцэлт өчихийн ялдамд би холимог сэндвич идэхээр Койзуми гуайтай хамтарлаа. Миний эвгүйцсэнийг өлссөн мэтээр ойлгосон тэрбээр тахианы мах, ногоотой шөлийг мөн над руу дөхүүлэв. Цөмийн станцын эсрэг үнэнээсээ тэмцэхийн хамт Койзуми бол уран илтгэгч хүн.

Түүний эцэг болон өвөө нь улс төрд чанагдаж, өөрөө лан-ын гал тогоог дамжсан. Гэвч тэрбээр Японы хувьд шинэ маягийн улстөрч. Элвис Преслийг шүтэгч, хувийн үзэлтэй энэ хүн олон нийттэй холбоо тогтоож чаддаг ба цэмбийсэн костюм өмсөж, үсээ толийтол самнасан бусадтай адилгүй. Өөрийнхөө үеийн Жорж Буш, Тони Блэр нараас ялгаатай нь түүний нэр хүнд Иракаас болж унаагүй. Поп урлагт дуртайд нь гайхсан үе тэнгийнхэн нь түүнийг “weirdo” буюу гайхал хэмээн хочилдог. Гэхдээ тэрбээр үүнд баярладаг ч үгүй, гомддог ч үгүй бололтой. Койзуми гуай “улстөрчдийн нүдэнд би этгээд харагддаг байх. Гэхдээ энгийн хүмүүст бол улстөрчид гайхал амьтад биш гэж үү. Кино, кабуки театр, сонгодог хөгжим, Элвис Преслид дуртай болохоор гайхал болчих хэрэг үү. Би зүгээр л тэдгээрт дуртай” гэсэн юм. Тэрбээр henjin хэмээх Япон үгийг сайн орчуулж өгөхийг хүссэнд “этгээд хүн” гэдэг хариулт өгснийг дурсав. Үүнд сэтгэл ханасан тэрбээр “Би бол этгээд ч биш, хачирхалтай ч биш, онцгой хүн” хэмээн ярьдаг. Койзуми гуай тэтгэвэрт гарсандаа тааламжтай байж болох ч 37 настай хүү шинжиро нь эцгийнхээ үзэл бодлыг өвлөж, парламентад суугаа.

Эцгийнхээ улс төрийн ур чадварыг мөн залгамжилсан тул лан-ын дотор залуу Койзуми Ерөнхий сайд болох нь цаг хугацааны асуудал яригддаг аж. Жюничиро хүүгээрээ үнэхээр бахархдаг авч ирээдүйд нь оролцохыг үл хүснэ. тэрбээр “тэр насанд хүрсэн хүн. Би хажууд нь суучихаад зөвлөх шаардлагагүй. шинжиро ажилч хичээнгүй хүн тул олон зүйлийг сурсан нь үнэн. Тэр бүс нутгаар явж, фермерүүдтэй уулзахаас гадна гамшгийн бүсэд очиж танилцдаг. Энэ бол маш чухал” хэмээв. Шинжирогийн эцгээсээ авсан нэг сургамж нь хатуу чанд сахилга бат юм. Засгийн газрыг сандаргаж буй дуулианы талаар ноён Койзуми ярихаас татгалзсан ч Абэгийн хувьд энэ намар дахиад ланын тэргүүнээр сонгогдоход хүндрэлтэй гэлээ. Цөмийн эрчим хүч бол түүний ярих дуртай сэдэв. “Би Ерөнхий сайд байхдаа цөмийн хөдөлгүүр хэрэгтэй гэж боддог байсан. дараа нь долоон жилийн өмнө гуравдугаар сарын 11-нд Фукушимагийн реактор газар хөдлөлт, цунами, нурангид нэрвэгдсэн” гэв. Койзуми цөмийн эрчим хүчний талаар биечлэн судлаад хууртсанаа ойлгожээ. “Цөмийг дэмжигчид аюулгүй, хямд, хязгааргүй эрчим хүчээр хангана гэх мэтээр ярьдаг” хэмээн хэлэхдээ дуу нь чангарч байв.

Тэрбээр “Энэ бүхэн худал. Би Ерөнхий сайд байхдаа цөмийн эрчим хүчийг дэмжсэн. Миний буруу” гээд хуруугаараа ширээ тогшиход шилэн аяганууд чичирхийлнэ. Японы компаниуд Британид цөмийн реактор барих гэж байгааг сануулахад тэрбээр “Британи болих хэрэгтэй. Ийм өндөр үнэтэй мөртөө аюултай зүйл барьж яах нь вэ” гэсэн юм. Миний ард хаалганы бариул дуугарч, Койзуми гуай зөөгчид туслахаар өндөсхийв. Бидний сэндвич ирлээ. Амт гэж авах юмгүй. Токиод Парисаас илүү амтат боов, неаполиос илүү пицца болон хоолонд дурлагсдыг дуу алдуулам тус улсын олон гоё зүйл хийдэгсэн. Гэтэл сэндвич дээр ирэхээр нарийн амт, тансаг үнэр эрсдэлд ордог. Гадна тал нь зөөлөн мөртөө хуурай эдгээр хавчуургатай талх сүмийн цайллагын сүүлийн хоол байвал зохилтой. Цонхоор нар тусаж эхлэхэд Койзуми хүрмээ тайлав. Японоос гадна түүнийг Иракийн эсрэг эвслийг дэмжин Жорж Буштай мөр зэрэгцэн зогсож байснаар нь мэдэх байх. Энх тайванч үндсэн хуультай тул Япон улс байлдахгүй. Гэхдээ Койзуми иракийг эзэлсний дараах мухардалд АНУ-д туслахаар цэргийн хүчээ илгээж, хуулийн заалтын хязгаарыг тэлсэн.

Тэнд үүссэн холион бантан Буш, Блэр нарыг унагасан шиг түүнд нөлөөлөөгүйг зарим талаар дайныг хэрхэн тайлбарласнаас шалтгаалсан гэдэг. ардчиллыг цэргийн хүчээр түгээх нь хэзээ ч Японы зорилго байгаагүй агаад түүний хэлдэг үг нь АНУ, Япон хоёр бол холбоотон гэдэг тайлбар байв. Тэрбээр “Манай холбоотон хүнд байдалд орсон. Тэд ямар ч байсан урагшлах ёстой байв. Бид холбоотноо дэмжихгүй гэдэг бол байж болшгүй зүйл. тэгээд нөхцөл байдал буруутсаны дараа холбоотноо орхино гэдэг Японы хувьд боломжгүй. Би одоо ч зөв гэж боддог” хэмээн өгүүлсэн юм. Түүний хэлснээр АНУ, Японы эвсэл тус улсын хувьд амин чухал бөгөөд энэ нь түүний Ясукуни сүмд очихоо зогсоох нэг шалтгаан байж магадгүй. Койзуми АНУ-ын Ерөнхийлөгч Буштай уулзах үедээ “Хэрэв та намайг Ясукунид битгий оч гэж хэллээ гэхэд би очих л болно” хэмээн тандаж асуусан аж. Харин ноён Буш инээгээд “Би хэзээ ч тэгж хэлэхгүй” гэсэн гэдэг. Одоогийн Ерөнхий сайд Абэ 2013 оноос хойш сүмд очоогүй. Түүний хуучинсаг үзлийн талаар хөндөхөд тэр жаахан ундууцах шиг болов. “Би барууны үзэлтэн үү. Абэ сан ч бас баруунтан биш”.

Тэрбээр Японыг энх тайванч үндсэн хууль нь тодорхойлдог агаад олон улсын тавцанд онцгой тоглогч болгодог хэмээв. “Бид гадаадад зөвхөн хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлдэг. Цэргийнх биш. гадаадад цэргээ байрлуулах нь одоо ч буруу зүйл үү” гэлээ. Ноён Койзуми Хятадтай харилцаагаа сайжруулахыг дэмждэг ч АНУ-ыг нэгдүгээрт тавьдаг. “Зарим хүн биднийг АНУ-аас жаахан хөндийрч, Хятадтай ойртохыг зөвлөдөг. Гэвч АНУ-тай харилцаа сайн байхын хэрээр Хятадтай харилцаа сайжирна гэдгийг ойлгох нь маш чухал” хэмээн тайлбарлав. Хачиртай талхны хагас нь тавган дээр үлдлээ. Бидний хэн нь ч дуусгахыг хүссэнгүй. Би ноён Койзумигээс одоо цагаа хэрхэн өнгөрөөж байгаа талаар асуулаа. Цөмийн эсрэг тэмцлээс гадна тэр унтаж, уншиж, кино үзэж, хөгжим сонсож байгаа гэнэ. Зөвлөх ном байна уу гэхэд наоки хиакутагийн A Man Called Pirate (дээрэмчин нэртэй хүн) роман, өнгөрсөн оны диснейгийн мюзикл гоо бүсгүй ба араатныг санал болгов. Энэ Койзумид л тохирох сонголт. Олон улстөрч ийм асуултын хариуд гоц ухаанаа гайхуулахыг оролдоно. Гэхдээ Койзуми л лав биш. Эцэст нь бид хоёр FT-тай барьсан үдийн зоогийг хэн төлөх дээр тэмцэлдэв. Тэрбээр зөвшөөрөхийн өмнө гайхсан зөөгчид миний зочин төлбөрийг хийнэ гэсэн юм. Тэгээд хэт идэвхтэй шүтэн бишрэгч байх вий гэсэн шиг дээд давхрын хүлээлгийн танхимыг гүйлгэн харснаа олны дунд уусан одлоо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сингапурт карантин зөрчсөн иргэний паспортыг хураажээ

 0 сэтгэгдэл

Strait Times сонинд бичсэнээр Сингапурын эрх баригчид коронавирусийн хөл хориог зөрчиж, гадаадад аялсан иргэний паспортыг цуцалжээ. 53 настай Илья Виктор Го гэгч Сингапураас Индонез руу зорчоод эргэж ирсэн байна. Түүнд хоёр долоо хоногийн албадан карантины талаар урьдчилсан мэдэгдэл хүргүүлсэн байв. Гэтэл уг этгээд 10000 ам.долларын торгууль эсвэл хагас жил хүртэл хорих сануулгыг үл харгалзан мэдэгдэл авсан өдрөө Сингапураас гарч явсан аж. Түүнийг гуравдугаар сарын 24-­нд Сингапурт буцаж ирэхэд цагаачлалын албанаас хоёр дахь мэдэгдэл гардуулав. Энд ноён Го хөл хориог үл тоомсорлон хариуцлагагүй хандсан хэмээн донгоджээ. Улмаар түүний хэргийг Эрүүл мэндийн яаманд шилжүүлж, паспортыг цуцалсан боловч иргэн хэвээр үлдсэн байна. Тэрбээр ийм шийтгэл хүлээж буй Сингапурын анхны иргэн боллоо. Өмнө нь карантин зөрчсөн нэг эрэгтэй түр оршин суух эрхийг хураан авсан тухай албаныхан мэдээлсэн.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөл хорионы үеэр ч орлого олох боломж бий

 0 сэтгэгдэл
  • 2021 он гэхэд Tik Tok идэвхтэй хэрэглэгчид өдөрт нэг сая долларын ашиг олох боломжтой гэсэн тооцоог шинжээчид гаргасан байна

Аюулт вирус дэлхий даяар тархаж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө үед хэн бүхний “хэтэвч нимгэрч” байгаа нь нууц биш. Вирусийн халдвараас сэргийлэхийн тулд гэрээс гарахгүй байхыг эрүүл мэндийг байгууллага зөвлөж, хөл хорионы улмаас цөөнгүй хүн ажилгүй болж байгаа мэдээ өдөр бүр чих дэлсэж байна. Тиймээс хөл хорионы дэглэмийг сахиж, гэрээсээ мөнгө олох сонирхолтой аргыг танилцуулж байна.

Tik Tok-оос орлого олох 

Цаг завгүй, мэдээллийн эрин зуунд амьдарч буй хүмүүс богино хугацаанд таатай мэдээлэл хүлээж авч, эерэг мэдрэмж мэдрэх сонирхолтой болсон. Энэ хэрэгцээнд нийцэж, дэлхийн олон оронд түгсэн цахим платформын нэг бол Tik Tok юм. Хөгжилтэй бичлэг, хөгжим, бүжиг бүхий 30 секундийн бичлэгээр тогтмол орлого олдог хүн цөөнгүй болжээ. Мөн тэдний олдог ашиг, орлого жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. 2021 он гэхэд Tik Tok идэвхтэй хэрэглэгчид өдөрт нэг сая долларын ашиг олох боломжтой гэсэн тооцоог шинжээчид гаргасан байна. Tik Tok дээр бичлэг нийтэлдэг хүмүүс үзэгч, дагагчдын тоогоороо цалинждаг төдийгүй бараа бүтээгдэхүүн, брендийн сурталчилгаа хийж багагүй мөнгө олдог. Мөн Tik Tok-­ын Vine-­2.0, arch-­nemesis зэрэг программ нь ирэх дөрөвдүгээр сараас эхлэн олон дагагчтай хэрэглэгчдийнхээ нэг видеог 250 мянган ам.доллараар үнэлэхээр болсон аж. Тиймээс энэ сүлжээг хөгжүүлж, мэдээллээ олон хүнд хүргэдэг хүмүүсийн орлого ирэх сараас нэмэг­ дэх юм. Харин энэ сүлжээг хөгжүүлж, олон дагагчтай болохын тулд бага зэрэг хичээл зүтгэл шаардлагатай. Юун түрүүнд, өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлэх хэрэгтэй юм. Харин дараа нь сонирхолтой, бус­даас содон, шинэлэг контент үйлдвэр­лэхийн тулд хайрцгаас давж сэтгэх хэрэгтэй. Мөн ур­лагийн мэдрэмж, өнгө төрх, хувцаслалт чухал юм. 

Виртуал багш

Сүүлийн жилүүдэд зөвхөн оффист сууж ажиллах бус онлайнаар, гар утсаар ажиллаж, мөнгө олох соёл, хэв маяг дэлхий даяар дэлгэрсэн. Америкт нийт 40 саяас илүү хүн гэрээсээ ажилладаг гэсэн судалгаа гарсан. Энэ хандлага салбар бүрт цэцэглэж байгаа ч боловсролын салбарт илүү түрж байгаа гэнэ. Их сургууль болон ЕБС хөл хорио тогтоож, оюутан сурагчид өөрийгөө хөгжүүлж шинэ зүйл сурах завтай болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс энэ үеэр виртуал болон онлайн хичээл заах нь зах зээлээ мэдэрч, санхүүгийн чадамжаа нэмэгдүүлэх сайхан санаа. Харин үүний тулд та багшлах эрхтэй, энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн байх шаардлагатай бөгөөд сургуульд заадаг хичээлийн хөтөлбөрөөс сонирхолтой байх хэрэгтэй. Энэ төр­лийн ажил өндөр хөгжилтэй оронд хэдийн дэлгэрсэн бөгөөд жилд ойрол­цоогоор 30 мянган ам.долларын цалин авдаг байна. Түүнчлэн хэрэв та шинжлэх ухааны мэдлэгтэй, гадаад хэлээр ярьж, ойлгодог бол гаднын оюутан сурагчдад мэдээлэл хүргэж, мөнгө олох боломж бас бий. 

Утсаар зөвлөгөө өгдөг сувилагчийн ажил

Халдварын үед хамгийн эрсдэл бүхий объект бол эмнэлэг. Тиймээс хүмүүс шинж тэмдэг, зовиураа хэлж, анхан шатны зөвлөгөөг гэрээр авах хүсэлтэй байдаг. Тиймээс хэрэв та эмч мэргэжилтэй бол утсаар зөвлөгөө өгч болох нь. Эрүүл мэндийн зөвлөгөөг зайнаас өгөх боломжгүй мэт санагдаж болох ч гаднын улсад энэ төрлийн үйлчилгээ түгээмэл байдаг. Эдгээр хүмүүс 50 мянган ам.доллар ба түүнээс дээш цалинтай ажилладаг бөгөөд Humana, Aetna, United Health Group зэрэг томоохон компани өвчин зовиур, үйлчлүүлэгчийн биеийн байдлаас нь хамаарч утсаар мэдээлэл өгдөг сувилагч ажиллуулдаг болсон. 

Тайруулсан үсээ борлуулах

Будаж, хими хийлгэж байгаагүй урт үсийг худалдаалах тохиолдол гаднын улсад элбэг байдаг. Тэд үсээ арчилж, хурдан хугацаанд эрүүл ургуулаад, түүнийгээ хиймэл үс хийдэг болон үс залгадаг компаниудад зарж, мөнгө олдог. Хэрэв үс тань хэт их ургаад тайруулах талаар бодож байгаа бол зүгээр нэг тайруулж, хаяхын оронд зарж мөнгө болгох талаар бодоод үзээрэй. 

Цаасан номыг цахим хэлбэрт шилжүүлэх

Хэрэв та зохиолч бол өөрийн номоо цахим хэлбэрт шилжүүлж зараад, мөнгө олохын зэрэгцээ оюуны бүтээлээ бусдад хүргэх боломжтой. Мөн Amazon дээр KDP хөтөлбөрөөр дамжуулан зарах номоо борлуулан 70 хувь хүртэлх ашиг хувааж авах бо­ломжтой. Ийм үйлчилгээ манай улсад дутагдаж байгаа учир энэ талбарыг хөгжүүлж, бусдын оюуны цангааг тайлж, хэтэвчээ зузаалах боломж бий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадын том банкуудын орлого вирусийн улмаас эрс хумигдлаа

 0 сэтгэгдэл
  • Хятадын банкны салбар сая сая үйлдвэр, аж ахуйн байгууллагын зээлийг сунгах хэрээр найдваргүй зээлээс хамгаалах хөрөнгө нөөц нь шавхарч байна
  • Аж ахуйн байгууллагыг сүйрүүлэхгүйн тулд өр зээлийг нь сунгах хэрээр найдваргүй зээлээс хамгаалах хөрөнгө нөөц нь шавхарч байна

Хятадын банкны үйлдвэрлэлийн орлого энэ онд санаанд оромгүй буюу 39 хувиар буурах магадлалтай

Хорин жилийн турш үнэмлэхүй ашигтай ажиллаж, дэлхийн санхүүгийн хямралыг хүртэл давж гарсан Хятадын тэргүүлэх том банкуудад түүхэн сорилт тулгарлаа. Үхлийн уршигт коронавирусийн тархалт бизнесийн үйл ажиллагаанд нь заналхийлж буйн улмаас активын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг Хятадын Үйлдвэрлэл, Худалдааны Банк (Industrial and Commercial Bank of China) зэрэг тэргүүлэх банкуудын байдал хүнд байна. Дээр нь өсөлтийн хурдац сүүлийн 40 жилийн үнэмлэхүй хэмжээнд сулраад буй дэлхийн хоёр дахь гол эдийн засгийг аврахад туслахыг банкуудаас хүсэж байгаа нь давхар дарамт боллоо. БНХАУ-­д шинэ он гарснаас хойш эдийн засгийн идэвх үндсэндээ зогссон нь банкуудын активын чанар, цэвэр хүүгийн ашиг, нөөц хөрөнгө, шинэ үйлчлүүлэгч татах чадварт сөрөг нөлөөлснийг тус улсын тэргүүлэх зээлдэгчийн нэгнийх нь захирал тайлбарлав. Нийт 41 их наяд ам.доллараар хэмжигддэг, АНУ­-ынхаас хоёр дахин том Хятадын банкны салбар сая сая үйлдвэр, аж ахуйн байгууллагыг сүйрүүлэхгүйн тулд өр зээлийг нь сунгах хэрээр найдваргүй зээлээс хамгаалах хөрөнгө нөөц нь шавхарч байна. Хятадын банкны тогтолцоо нь активын чанартай холбоо бүхий ихээхэн бэрхшээлтэй ажиллаж ирснийг Хонконгод байрладаг, судалгааны Rhodium Group LLC фирмийн захирал Логан Райт анхааруулав. Чанаргүй зээлийг засгийн газар шингээж явлаа ч Хятадын банкны үйлдвэрлэлийн орлого энэ онд санаанд оромгүй буюу 39 хувиар буурах магадлалтайг UBS Group AG-­ийн шинжээчид тооцоолжээ. Хятадын Үйлдвэрлэл, Худал­дааны Банкийг оролцуулаад тус улсын хэд хэдэн тэргүүлэх банк баасан гарагт 2019 оны үйл ажиллагааны тайлангаа нийтлэв. Тайлангаас үзвэл, Бээжин хөшүүргийн бодлогоо багасгаж, АНУ-­тай худалдааны асуудлаар зөрчилдсөнөөс банкуудын ажиллагаа суларсан 2019 онд орлого тав орчим хувиар өссөн дүнтэй гарчээ. Хятадын Үйлдвэрлэл, Худалдааны Банкны зээлийн алдагдал нөхөх нөөц өнгөрсөн онд 479 тэрбум юань (67 тэрбум ам.доллар) болсон нь өмнөх дөрвөн жилийнхээс 70 хувиар өссөн үзүүлэлт юм. Төрийн өмчийн банкуудын удирдлага эдийн засаг урт хугацаанд тогтворжино хэмээн тайлбарлах нь нийтлэг. Хятадын Үйлдвэрлэл, Худалдааны Банкны ерөнхийлөгч Гу Шу тус улсын хэрэглэгч, экспорттой холбоотой салбарууд вирус тархсанаас үүдэлтэй эдийн засгийн цохилтын хүндийг үүрч буйтай уялдан банкны активын чанар цаашид муудна гэж үзсэн юм. Хохирол нийт салбарыг хамраад байгааг Хятадын Харилцаа Холбооны Банкны (Bank of Communications) дэд ерөнхийлөгч Хоу Вэйдун анхааруулсан бол Хятадын Банк (Bank of China) цаашдын цохилтоос хамгаалах нөөц төвлөрүүлэх шинэ тойрог эхлүүлснээ зарлав. Онцгой байдал үргэлжилсээр байх аваас Хятадын төлөгдөөгүй зээлийн хэмжээ гурав гаруй дахин нэмэгдэж, 6.3 хувьд хүрснээр чанаргүй зээл 5.6 их наяд юань болох тооцоог S&P Global сарын өмнө гаргасан юм. Тус улс хямралын үеийн арга хэмжээ болгон чанаргүй зээл тооцох стандартаа сулруулсан, дээр нь цар тахлын уршигтай холбоотойгоор цаашид “асуудалтай” зээлийн хэмжээ нийт зээлийн 11.5 хувьд хүрэх эрсдэлтэйг зээлжих зэрэглэлийн фирмүүд анхааруулж байна. “Хасах үзүүлэлтгүй олон жил явж ирсэн банкны тогтолцоо 2015, 2016 оны харьцангуй хүнд бэрх цаг үед хүртэл хоёр хувийн өсөлттэй байсан”-­ыг Хонконг дахь UBS-­ийн шинжээч Мэй Янь тайлбарлав. Активын чанар, ашиг орлого муудаж буй нь 2019 онд лавтай гурав нь яаралтай тусламж авахдаа тулсан Хятадын орон нутгийн банкуудад ноцтой дарамт учруулж байна. Хятадын эдийн засгийн өсөлт 4.15 хувь хүртлээ сулрах юм бол тус улсын тэргүүлэх 30 банкны 17 нь оршин тогтнох аргагүй болох нь өнгөрсөн онд явуулсан стресс тестээр харагдсан юм. Гэтэл БНХАУ-­ын эдийн засаг энэ жил ердөө 2.9 хувиар өсөх төлөвтэй байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Коронавирусийн халдвар тээгчийг нохойгоор илрүүлнэ

 0 сэтгэгдэл
  • Амьсгалын замын бусад өвчний адилаар COVID-19 хүний биеийн үнэрийг өөрчилдөг гэж нотолж байна

Их Британид коронавирусийн халдвартай хүмүүсийг хайхад нохой сургаж байгаа талаар France Press агентлаг уламжлав. Medical Detection Dogs хэмээх буян байгууллагын санал болгосон судалгаанд Дарем ба Лондоны их сургуулийн мэргэжилтнүүд оролцож байна. Өмнө нь уг байгууллагын сургасан нохдыг хорт хавдар, Паркинсоны өвчин, хумхаа болон хэд хэдэн бактерийн гаралтай өвчнийг илрүүлэхэд ашиглаж байжээ. Тус байгууллагыг үндэслэгч Клэр Гэст “Нохой COVID­-19­-ийг тодорхойлж чадна гэдэгт бид зарчмын хувьд итгэлтэй байгаа. Одоогийн байдлаар өвчтөний вирусийн үнэрийг аюулгүй байдлаар авч нохойд үнэрлүүлэх аргыг хайж байна. Гол зорилго нь шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг олж, шинжилгээнд хамруулахад нохой тусална” хэмээв. Лондоны ариун цэвэр, халууны бүсийн өвчний анагаах ухааны сургуулийн нэг ажилтан амьсгалын замын бусад өвчний адилаар COVID­-19 хүний биеийн үнэрийг өөрчилдөг гэж нотолж байна. Энэ нь SARS-­CoV­-2 вирусийг нохойгоор илрүүлэх найдвар төрүүлж байгаа аж. Өмнө нь Medical Detection Dogs­-ын ноход хумхаа өвчнийг маш өндөр нарийвчлалтай илрүүлж байжээ. Судлаачид тахлын дэгдэлт сулрах үед нааштай үр дүн гарч, сургасан нохдоо онгоцны буудлуудад ажиллуулснаар гаднаас вирус орж ирэхээс сэргийлнэ гэж тооцож байна.