A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2530/

Ж.Амарсанаа: Сүрьеэгийн халдварыг маш сайн хянадаг бодлого алдагдсан

Салбарын сайд дорвитой арга хэмжээ авахгүй байсаар ноцтой байдалд хүргэлээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2530/


Сургуулиудаас сүрьеэ илэрсэн тохиолдол бүрийг тоолж суухаас өөр дорвитой арга хэмжээ авахгүй байгаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцор гэж эцэг эх, багш, ТББ-ын төлөөлөл жагсав. Нийгмийн гоц халдварт өвчин болох сүрьеэ гарсан даруйд нь арга хэмжээ авахын оронд харин ч бусад эцэг эхчүүдэд мэдэгдэхээс нууж, гал унтрааж явсаар өнөөдрийн ийм байдалд хүргэсэн гэж тэд салбарын сайдыг буруутгаж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 сурагч, 97 дугаар сургуулийн 70 сурагчаас сүрьеэгийн халдвар илэрсэн талаарх мэдээ нийгмийг түгшээгээд буй. Тэгвэл төв аймагт 200 сурагч сүрьеэ өвчний халдвар авсан нь мөн тогтоогдсон гэж жагсагчид хэлэв.

“Тун удахгүй олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Гэвч энэ өдөр хүүхдүүдэд баярлах шалтгаан гарахгүй нь. Сүрьеэ бол маш аюултай өвчин. Ийм олон хүүхэд халдвар авчихаад байхад ЭМЯ яагаад ажиллахгүй байна вэ. Сүрьеэгийн халдвар зөвхөн нэг хүүхдийн асуудал биш. Халдвар авсан хүүхдийн цаана гэр бүл, нэг ангид хамт суралцаж байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө. Бид тэмцлээ үргэлжүүлнэ. хариуцлагагүй байдлын улмаас жирийн иргэд хохирох ёсгүй. Бусад эцэг, эхчүүдийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэж жагсагчдын төлөөлөл бүхий эцэг эхчүүд хэлсэн юм. Харин “хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа “15 дугаар сургуулийн сурагчдад хүчээр эм уулгасныг багш нар нь ярьж байна. Сүрьеэгийн эм бол маш хүчтэй нөлөөтэй. Хүүхдүүдийн элэг, ходоодыг гэмтээдэг эм. Гэтэл яагаад эмчийн хяналтгүй, дур мэдэн хүчээр энэ эмийг уулгаж байгаа юм бэ. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ” хэмээв.

Хүний их эмч Д.Эрдэнэсувд 15 дугаар сургуульд хийсэн сүрьеэгийн тандалт судалгааны дүнгээр хамрагдсан нийт хүүхдийн 10 хувь нь сүрьеэгийн далд хэлбэрийн халдвартай нь илэрч байсныг хэлэв. Гэвч тухайн үед салбарын яамнаас арга хэмжээ аваагүйн уршиг өнөөдөр гарч байна гэдгийг тэрбээр тодотгосон юм. Д.Эрдэнэсувд “Хэрэв тухайн үед асуудлыг анхааралдаа авч, шуурхай ажилласан бол өнөөдөр энэ олон хүүхэд эрүүл мэнд, ирээдүйгээрээ хохирохгүй байлаа” гэсэн юм.

Жагсаалд оролцогчид удаа дараа алдаа гаргаж, мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангаагүй Эрүүл мэндийн сайдыг огцрохыг шаардаж, ЭМЯ-нд шаардлага хүргүүлж байгаа аж.  Сургуулиуд сүрьеэгийн голомт болоод байхад ЭМЯ дорвитой арга хэмжээ авахын оронд харин ч авлига, албан тушаалын хэрэг хийгээд сууж байгааг ч шүүмжиллээ. Тэд Эрүүл мэндийн сайдад өгсөн шаардлагынхаа хариуг хоёр хоногийн дараа авна хэмээн мэдэгдэж байв.

Энэ үеэр тус жагсаалд оролцогч, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн жагсаалын гол зорилго нь юу юм бэ. Сурагчдын дунд бий болоод буй сүрьеэгийн халдварын талаар эмч хүний хувьд ямар дүгнэлт өгч байна вэ?

-Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа хангалтгүй, тус салбарын сайд салбараа удирдаж чадахгүй байна гэсэн үндэслэлээр бид тэмцэл хийж байна. Монгол Улс олон өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Жишээлбэл, хорт хавдар. Элэгний хорт хавдрын нас баралтаар нэгдүгээрт, ходоодны хорт хавдрын нас баралтаар мөн нэгт, цус харвалтын гаралтай нас баралтаар хоёрдугаарт орж байна. Үүний хажуугаар сүрьеэгийн өвчлөл гараад ирлээ.

Сүрьеэгийн халдварыг уг нь маш сайн хянадаг байсан. Гэтэл өнөөдөр тэр бүх бодлого алдагдаж, өмнө нь гаргасан амжилтаасаа ухраад эхэллээ. Зөвхөн нэг сургуульд 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвартай нь тогтоогдож, олон хүүхэд идэвхтэй сүрьеэгийн халдвартай гарсан. Идэвхтэй сүрьеэгийн цаана халдвар маш идэвхтэй явагдаж, бусдад халдвар дамжуулах магадлалтай байдаг. Тэгэхээр сургуулийн орчинд хүүхэд сурч боловсрох бус, өвчин авах орчин бүрджээ гэж харж байгаа.

-Та өмнө нь тус яамны дэд сайдаар ажиллаж байсан. Таныг байхад сүрьеэгийн өвчлөл өнөөдрийнхтэй харьцуулахад ямар байсан бэ?

-Намайг ажиллаж байхад тандалт, судалгаа хийгдээгүй байсан. Тандалт судалгаа хийх ажлыг эхлүүлж, түүний үр дүн 2016 онд гарсан. Тухайлбал, сургуулийн насны хүүхдүүдийн 10 хувь нь далд сүрьеэтэй болох нь тогтоогдсон. Харамсалтай нь, тэр дүнг Д.Сарангэрэл сайдад дуулгасан боловч арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийн ийм ноцтой нөхцөл байдал үүссэн гэж харж байна. Тиймээс салбарын сайд хариуцлага хүлээх ёстой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

О.Солонго: Архаг хуучтай хүмүүс зуны улиралд ч ханиаданд өртдөг

Сүүлийн үед дутуу төрсөн хүүхдүүд уушгины үрэвслээр өвчлөх нь элбэг байна

 0 сэтгэгдэл


ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Амьсгалын эрхтэн судлалын тасгийн эрхлэгч, клиникийн профессор, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч О.Солонготой ярилцлаа.

-Амьсгалын замын өвчлөл зуны улиралд ч буурахгүй байна гэдэг. Энэ юунаас шалтгаалдаг вэ?

-Хүмүүс өвөл болохоор амьсгалын замын өвчлөл нэмэгдээд, зун болохоор багасдаг гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Амьсгалын замын өвчлөл үүсгэдэг зарим вирус зуны улиралд идэвхтэй байдаг. Нүдний үрэвсэл үүсгэдэг аденовирус аль ч улиралд идэвхтэй байгаа. Уг вирусийн халдварыг хөрсний бохирдол улам идэвхжүүлдэг. Хамар залгиурын үрэвсэл үүсгэдэг ринавирусийн халдвар өвөл, зунгүй идэвхтэй байдаг.

-Ер нь томуугийн вирусийг яаж ялгаж, таньж эмчилдэг вэ?

-Ротовирусээр үүсгэгдсэн томуу байвал суулгалт илүү давамгайлдаг. Коронавирусийн халдвар байвал уушгины хатгалгаа болж хүндрэх эрсдэлтэй. Эросвирусийн халварт нялхас илүү өртдөг. Томуу, томуу төст өвчнийг 200 гаруй вирус үүсгэдэг. Ринавирус хамар залгиурын үрэвсэл үүсгэнэ гэх зэргээр өвчлөл үүсгэх шинж тэмдэг нь өөр. Амьсгалын эрхтэн тогтолцоо, дархлаа сул хүүхдүүд томуу, томуу төст өвчинд илүү өртөмтгий байдаг. Бас 65-аас дээш насны ахмадууд вируст илүү өртөмтгий байна. Архаг хууч өвчтэй хүмүүс зуны улиралд ч ханиад, томуунд өртдөг. Уушгинд хийн солилцоо явагдаж байх ёстой. Гэтэл сурфактантын солилцоо явагдахаа болихоор хатгалгаа болдог. Манай тасаг дан ганц хатгалгаа бус уушгины гаж хөгжил, амьсгалын эрхтэн тогтолцоо гэмтсэн хүүхдүүдийг ч хүлээн авч эмчилдэг. Сүүлийн үед дутуу төрсөн хүүхдүүд уушгины үрэвслээр өвчлөх нь элбэг байна. холбогдох хуулиар бол эрүүл хүмүүс гэр бүл болох ёстой. Эцэг, эхийн эрүүл мэндийн асуудал хүүхдэд хамгийн их хамаатай. Эрүүл эцэг, эхээс төрсөн хүүхэд олон удаа ханиад хүрч, томуу тусаад байдаггүй. Сүүлийн жилүүдэд төрөх насны эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарахаа больжээ. Үүнээс болоод жирэмсэн байх хугацаандаа маш их тонус өгч байна. тонус их өгөөд байвал эрүүл хүүхэд төрөхөд хэцүү. Ийм хүүхэд өвчинд өртөмтгий байдаг.

Хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг нас биед хүрэхээр нь өөрт нь өгөх үүрэгтэй

Хүүхэд жилд зургаан удаа томуу, томуу төст өвчинд өртөх эрсдэлтэй гэж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор тав хүртэлх насны хүүхдийн дунд уушгины үрэвслийн тохиолдол жилд 156 сая байдаг гэж үздэг. Үүний 20 сая тохиолдол нь заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг. Уг нь тухайн иргэн ханиад хүрсэн бол хамгийн түрүүнд амны хаалт зүүх ёстой. Манайхан тэгдэггүй. Амны хаалт хэрэглэхгүй явж байгаад бусдад тараадаг. Хүмүүс амны хаалт хэрэглэж сураагүй нь эрүүл мэндийн зөв дадал хэвшилд суралцаагүйнх. Манай улсад нийгмийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байна.

-Нийгмийн эрүүл мэндийн боловсрол дутмаг гэж та хэллээ. Энэ үнэн. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшлүүлэх сургалтууд хамгийн чухал шаардлагатай байна. Сургуулийн хүүхдүүдэд өнгөрсөн жилээс эхлээд эрүүл мэндийн хичээл орж байгаа юм билээ. Энэ хамгийн зөв. Эрүүл мэндийн хичээлийг тодорхой зааг ялгаатай заах хэрэгтэй юм шиг санагддаг. Миний бодлоор нэгдүгээр ангийнхныг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах мэдлэгтэй болгомоор байгаа юм. Харин өсвөр үед нь арай өөр хичээл заах ёстой байх. Эрүүл мэндийн зөв дадал хэвшил, эрүүл мэндийн боловсрол хоёр ялгаатай. Эрүүл мэндийн зөв дадал хэвшил хамгийн түрүүнд гараа угаахаас эхлэнэ. Тэгээд хамгийн түрүүнд эмчид хандах хэрэгтэй. Сүүлийн үед нүүр номоор дамжуулаад бие биедээ эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг болсон байна. Энэ бол хамгийн буруу дадал. Анагаах ухааны сургууль төгсөөд боловсорсон эмч болоход доод тал нь арван жил зарцуулдаг. Өрхийн эмч болоход дор хаяж зургаан жил сурч төгсөж байгаа. Тэгэхээр сайн дураараа бие биедээ зөвлөгөө өгч байгаа хүмүүсээс өрхийн эмчийн мэдлэг хамаагүй дээр байна биз дээ. Тухайн хүний биеийн онцлог нөгөөгийнхөөс өөр учраас нэг хүний эмчилгээ нөгөөд таарахгүй. Мөн ямар вирусээр үүсгэгдсэн ханиад томуу байна гэдгээс шалтгаалаад эмчилгээ нь өөр байдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй. Хүүхдийн эмчилгээ бол бүр нарийн. Биеийн жинд нь тааруулж эмчилгээ бичиж өгдөг шүү дээ.

-Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр гэж бий. Энэ дэвтрийг эмч нар 18 нас хүртэл нь хадгалах ёстой гэдэг юм билээ?

-Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр бол 2013 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайдын тушаалаар гаргасан эрхзүйн баримт бичиг. Эх жирэмсэн болсноос хойш 12 дахь долоо хоногтойгоос эхлээд л энэ дэвтэртэй “найзлах” ёстой. Тухайн жирэмсэн эмэгтэйд толгой эргэх, дотор муухайрах гээд хэд хэдэн төрлийн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай гэсэн сануулга уг дэвтрийн өмнөх сануулга дээр бий. Цаашлаад хүүхэд хаана, хэдэн килограмм жинтэй төрсөн тухай тэмдэглэл бичигдэнэ. Дээр нь төрөх үедээ 24 цагийн дотор вакцинд хамрагдсан, эсэхийг тэмдэглэсэн байдаг. 0-5 хүртэлх насны хүүхдийн өсөлтийн тухай мэдээлэл, эмчийн үзлэг, архаг хууч өвчин гээд бүх зүйл тэмдэглэгдэж байгаа учраас эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг 25 нас хүртэл нь хадгалах ёстой. Ингээд нас биед хүрэхээр нь өөрт нь хүлээлгэж өгөх үүрэгтэй. Тэд ээж, аав болоод багадаа ямар өвчнөөр өвдөж байсан, ямар вакцинжуулалтад хамрагдсан тухай мэдээллээ эндээс авна. Тодруулбал, хүүхдийг яаж өссөн бэ гэдгийг гэрчлэх хуулийн баримт бичиг юм. Тухайн эцэг, эхийн эрүүл мэндийн байдлыг нотлох баримт бичиг ч гэж хэлж болно. Эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд гээд байгаагийн учир энэ. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн дэвтрийг үл ойшоодог.

-Хатгалгааны вакцин гэж бий. Энэ вакцины хамралт хэр байгаа вэ?

-Анх 2016 оны долдугаар сараас Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн хүүхдүүдийг хатгалгааны вакцинд хамруулсан. Одоо хатгалгааны вакциныг товлолоор хийдэг болсон. Улаанбаатар хотыг бүхэлд нь хамруулаад, хөдөө орон нутагт хийж эхлэхээр төлөвлөөд байна. Хүмүүс вакцины талаар янз бүрээр ярьдаг. Вакцинд хамрагдах муу биш шүү дээ. Аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах цаг нь болжээ.

-Байнга хатгалгаа тусаад байвал сүрьеэгээр өвдөх эрсдэл бий юу?

-Бага насны хүүхдийн хувьд халдвар авч мэдэх эрсдэлтэй. Хүүхэд сүрьеэгийн халдварт өртдөг болохоос тээгч болж бусдад тараахгүй шүү дээ. Хүүхдийг товлолын вакцинд нь цаг тухайд нь хамруулж байвал сүрьеэгийн халдварт өртөхгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шүүлтүүргүй тамхи илүү аюултайг анхааруулав

 0 сэтгэгдэл


Шүүлтүүргүй тамхи шүүлтүүртэйгээс хавьгүй ихээр үхлийн шалтгаан болдог гэсэн дүгнэлтийг Өмнөд Каролина муж улсын Чарьлстоны анагаах ухааны коллежийн эрдэмтэд хийжээ. Гэхдээ шүүлтүүр байлаа ч тамхийг аюулгүй болгохгүй агаад уушгины хорт хавдар үүсэх магадлал бий. MedicalXpress сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлангаас үзэхэд эрдэмтэд 55-74 насны 14000 хүний өгөгдөлд дүн шинжилгээ хийсэн байна.

Ингэхдээ өдөрт татдаг тамхины тоог харгалзан үзэж, тамхины тоо ба насны харьцааг тооцжээ. Жишээ нь 30 хайрцаг-жил гэсэн хэмжээс тухайн хүн 30 жилийн турш өдөрт нэг хайрцаг эсвэл 15 жилийн турш өдөрт хоёр хайрцаг тамхи татсаныг заана. Оролцогчдын дундаж нь 56 хайрцаг-жил үзүүлэлттэй байсан бөгөөд хүн бүр 30 хайрцаг-жилээс доошгүй хэмжээгээр тамхи татсан байв. Судлаачдын ярьснаар шүүлтүүргүй тамхи татагсдад уушгины хорт хавдар үүсэх эрсдэл 40 хувиар дээгүүр байдаг аж.

Үүнээс гадна тамхины улмаас үхэх магадлал 30 хувиар дээшилдэг байна. Түүнчлэн зөөлөн, гаатай тамхинууд энгийн тамхитай адил хор хөнөөлтэйг тогтоожээ. Гэхдээ зөөлөн буюу хэт зөөлөн гэгдэх тамхи татдаг хүмүүсийн тамхинаас гарах магадлал буурдаг гэнэ. Эрдэмтэд шүүлтүүргүй тамхи яагаад илүү аюултайг нарийн тодорхойлоогүй боловч тамхины бохины концентрацаас шалтгаалдаг байж болзошгүй хэмээн таамаглав. Тамхи үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн дэх хорт бодисын хэмжээг багасгах янз бүрийн арга хэрэглэдэг боловч уушигны хорт хавдрын 90 хувь нь тамхидалтаас үүсдэг байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Жирэмсэн эмэгтэйчүүдэд хамгийн хортой хүнсийг тогтоожээ

 0 сэтгэгдэл


Төмсний чипс, майонез, ургамлын тос зэрэг ханаагүй тосны төрлүүдийг агуулсан хүнс жирэмсэн эмэгтэйчүүдэд хамгийн хортойг судлаачид тогтоосон байна. Journal of Physiology сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд австралийн гриффитийн их сургуулийн профессор Дианн Скелли “Жирэмсэн эмэгтэйчүүд хоолондоо анхаарах нь маш чухал. Тодорхой төрлийн тэжээллэг хүнсийг хэрэглэх нь ургийн эрүүл мэнд ба амьдралд сөрөг нөлөөтэй байж болохыг  илрүүллээ” хэмээн бичжээ. Орчин үед эрдэмтэд зарим хүнсний бүтээгдэхүүн хүний жин төдийгүй тархи, судас, зүрх гэх мэт гол эрхтний эрүүл мэндэд хүчтэй нөлөөлдөг гэж үзэх болсон. Ялангуяа эмч нар оливын тос, газрын дундад тэнгис орчимд ургадаг хүнсний ногоо зүрхний шигдээс, цус харвалт зэрэг өвчнөөс сэргийлдэг бол их хэмжээний давс зүрх судсанд муу нөлөөтэй хэмээн зөвлөдөг. Харин сүүлийн судалгаанд ямар хүнс, муу зуршил жирэмсэн эх ба ургийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тогтоох оролдлого хийсэн байна. Жишээ нь, хулгана дээр хийсэн туршилт болон эхийн ажиглалтаас үзэхэд загасны тос үр зулбалтыг багасгадаг бол тамхи бараг хоёр дахин нэмэгдүүлдгийг тогтоожээ. Доктор Скеллийн судалгааны баг хулгана дээр туршилт хийсний үр дүнд ургамлын тос, майонезын найрлагад ордог омега-6 төрлийн ханаагүй тосны хүчлүүд эх ба урагт аюултайг илрүүлэв.

Эрдэмтэд туршилтын явцад организм дахь эдгээр тосны илүүдэл хавдрын үрэвсэл үүсгэх молекулуудыг идэвхжүүлж байгааг тогтоосон байна.

Үрэвсэл эхийн эрүүл мэндийг сулруулж, улмаар ургийн хөгжлийн саатал, үр зулбалтад хүргэх эрсдэл үүсгэх аюултай. Австралийн судлаачид ийм эрсдэл үнэхээр тохиолдож байгаа эсэхийг шалгахын тулд хулганын заримд нь линолын хүчил тав дахин ихтэй хоол өгсөн байна. Ийм хоол орчин үеийн хүмүүсийн хүнсэн дэх өөх тосны харьцаатай ойролцоо байхаар тооцжээ. Улмаар эр хулганатай ойртуулсны дараа эмүүдийг ялган ажиглаж эхэлжээ. Судлаачдын баталснаар илүүдэл жингүй, диабет гэх мэт өвчлөлгүй атал туршилтын амьтны организм дахь үрэвслийн хэмжээ үнэхээр нэмэгдсэн байна.

Гэхдээ ургийн хөгжилд өөрчлөлт гараагүй авч эхийн биед зулбалт үүсгэдэг гормон нэмэгджээ. Ийм хооллолтын үр дүн үрийн хүйсэнд маш сонирхолтойгоор нөлөөлсөн гэнэ. Эр үр хөврөлийн харьцаа үл ойлгогдох шалтгаанаар 16 хувь буурсан бол эмийнхэд өөрчлөлт гараагүй аж. Эрдэмтэд үүнийг эр үр хөврөл эсийн стресст амархан автаж, таагүй нөхцөлд түргэн үхдэгээс шалтгаалсан хэмээн тайлбарлав. Эрдэмтэд иймэрхүү эрсдэл болон ханаагүй тосны бусад сөрөг нөлөөг харгалзан жирэмсэн эхчүүдэд омега-6 тостой хүнснээс зайлсхийхийг зөвлөөд ялангуяа хүү хүлээж байгаа бол бүр ч илүү анхаарах ёстойг сануулсан байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Б.Эрдэнэбулган: Генийн өөрчлөлттэй хүнс хавдрын шалтгаан болж байна

Хортой болон хоргүй хавдар хэзээ ч гэнэт үүсдэггүй

 0 сэтгэгдэл


Улсын хоёрдугаар төв эмнэлгийн стратеги, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал, Хөхний эрүүл мэндийн төв төслийн удирдагч, Токүшимагийн их сургуулийн доктор Б.Эрдэнэбулгантай ярилцлаа. Элэг, цөс, нойр булчирхайн хавдрын эмчилгээгээр мэргэшсэн тэрбээр Хавдар судлалын үндэсний төвд 2010 оноос хойш найман жил ажиллахдаа 18 мянга гаруй хүнд үзлэг, тусламж, үйлчилгээ, үзүүлж, хавдартай 1700 орчим иргэнд судсан дотуурх мэс засал, 
эмчилгээ хийжээ.

Тэрбээр хавдар хэрхэн үүсдэг талаар зомбины жишээгээр тайлбарласан юм. Биеийн нэг эс мутацид орсноор бүтэц, үйл ажиллагаа нь алдагдаж дэргэдэх эсүүд рүүгээ мэдээллээ хуулбарладаг байна. Ийнхүү зомби хүнийг хазсан үед халдварлаад дахин зомби болдог шиг нэг эс бусад эсдээ халдвар тарааж явсаар эдийн түвшинд хүрэхэд хавдар болдог ажээ. Хортой болон хоргүй хавдар хэзээ ч гэнэт үүсдэггүй бөгөөд хавдраас өөрийгөө сэргийлэх бүрэн боломжтой. Энэ талаар болон хавдрын өвчлөл Монгол Улсад буурахгүй байгаа дөрвөн шалтгааны талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

-Судалгаагаар Монгол Улсын хавдрын өвчлөл 2025 он хүртэл буурахгүй гэсэн тооцоолол гарсан байна. Мөн бусад төрлийн хавдраас илүү элэгний хавдрын өвчлөл нэмэгдэж байгааг та хэрхэн дүгнэж байна вэ. Хавдрын өвчлөлийг бууруулахад юунд анхаарах ёстой вэ?

-Монгол Улс дараах дөрвөн асуудалд анхаарснаар хавдрын өвчлөлийг бууруулж чадна гэж би боддог. Нэгдүгээрт, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах ёстой. Тухайлбал, Японд шүдээ хэрхэн угаахыг сургуулийн насны хүүхдүүдэд өдөр бүр заадаг. Япон хүн хаана ч, хэнд ч анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай байдаг. Тус улсад эрүүл мэндийн боловсролыг нэг улирал заах бус нас, насанд нь тохируулж улирал бүр, давтамжтай зааж сургаж байна. Нэг удаа зааж сургаад бүрэн мэдлэг чадварыг эзэмшүүлж чадахгүй. Бид энэ системээс суралцаж байж үр дүнд хүрнэ. Хүүхдүүдийг багаас нь эрүүл мэндийн боловсролтой иргэн хүн болгон төлөвшүүлэх нь чухал.

Дараагийнх нь, хоол хүнс тэжээлийн чанарт анхаарах ёстой. Монгол Улсад өнөөдөр хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл утгаараа алдагдсан. Жишээлбэл, Ховд аймгийн хэдэн хүүхэд тарвас идээд хордсон тохиолдол гарч байсан. Худалдаачид тарвасаа хурдан борлуулахын тулд шифризээр тарвас руугаа бодис тарихдаа химийн тунг нь ихдүүлсэн гэсэн. Энэ мэт бизнесийн ашиг сонирхол харсан байдал газар авч, хоол хүнсний аюулгүй байдал бүрэн алдагдсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Мөн хоол судлал ч манай улсад хаягдсан салбар шинжлэх ухаан болчихлоо. “Nutrition” гэдэг зүйл хөгжчихсөн газар иргэд нь ч энэ талаар мэддэг, эрдэм шинжилгээг ч өндөр төвшинд хийсэн байдаг. Уг нь монголчууд хувцас хэрэглэл, хоол хүнсний хувьд гайхалтай соёл уламжлалтай ард түмэн. Жишээлбэл, зуны цагт мах идэхгүй цагаан идээ, борц хэрэглэдэг. Орчин үед долоо хоногийн 24 цагт бүтэн жилээр мах хэрэглэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, ходоодны боловсруулалт, шингээлт хийх эсийн үйл ажиллагаа байнга ачаалалтай ажиллаж байна гэсэн үг. Хэвийн горимоороо бус хэт их ачаалалтай ажиллаад ирэхээр нэг бол ядарна сульдана, дутагдалд орно эсвэл мутацид орно. Мутацид орно гэдгийг энгийн үгээр тайлбарлавал хэлбэр дүрс, үйл ажиллагаа нь хэвийн бус болно гэсэн үг. Эдгээр эс хэвийн үйл ажиллагаа явуулж чаддаггүй ба сүүлдээ хүнийхээ эсрэг ажиллаж эхэлдэг.

Түүнээс гадна, зан үйл буюу шашны асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Харин эцэст нь, эмчилгээ, оношилгооны чадамж. Энэ дөрвөн зүйл сайжирч байж хавдрын өвчлөл буурна. Тэгэхгүй бол хэдэн ч сайн эмнэлэг бариад, гадаад, дотоодод сайн эмч бэлтгэж дэмжээд хавдрын өвчлөл төдийлөн буурахгүй.

-Хавдрын өвчлөлийг бууруулахад иргэдийн зан үйл болон шашны хандлагад анхаарах ёстой гэж та хэллээ. Энэ нь яг ямар учиртай вэ?

-ХСҮТ-д ирсэн өвчтөн шинжлэх ухаанчаар эмчилгээ хийлгэлгүй лам, бөөгөөр явж улам хүндрүүлдэг харамсалтай жишээ олон бий. Эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах гэж ярихаасаа урьтаж иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах арга хэмжээ авах нь зүйтэй. Хувь хүн өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй байна. Манай иргэд өвдсөн үедээ л эмнэлэгт ханддаг гэж ойлгодог. Энэ бол ташаа ойлголт. Эмч, эмнэлгийн байгууллага нь угтаа бол өвдөхөөс урьдчилан сэргийлдэг байгууллага байх нь хамгийн чухал юм. Иргэн хүн та ч үүнээс урьдчилан сэргийлж, өвдөхгүй байх арга хэмжээ авах ёстой.

• Эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах гэж ярихаасаа урьтаж иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах арга хэмжээ авах нь зүйтэй. 

• Идэж буй хоол, хэрэглэж буй хувцас, эд зүйлээ анхааралтай сонгоорой.

• Хавдрын төгс эмчилгээ нь тодорхой хэмжээнд мэс хүргэж байж эмчлэгддэг гэдгийг ойлгох ёстой.

Би нэг чихрийг задлаад хуваагаад тус, тусад нь эмийн саванд хийгээд үүнийг идвэл танд тулгараад буй асуудал шийдэгдэнэ гэж хэлье. Жишээлбэл зүрх судасны өвчинтэй хүнд үүнийг идвэл цус шингэрнэ гэж хэллээ гэж бодъё. Харин жинхэнэ мөн чанарыг мэдэхгүй идчихээр сэтгэл зүйн хувьд тайвшрах ч юм уу эсвэл стресс бага зэрэг арилах байдал үүснэ. Гэтэл өвдсөн хүний сэтгэл зүй гэдэг асар эмзэг байдаг. Хаана, хэн, юу сайн гэж хэлнэ, шууд итгэхэд бэлэн. Энэ нь өвчтөний буруу биш. Тэгээд сайн гэсэн болгон руу хошуурна. Энэ нь эргээд эрүүл мэндийн боловсролтой ч холбоотой. Өвчин юунаас үүсдэг, хэрхэн эмчилдэг вэ гэдгийг мэдэхгүй бол буруу сонголт хийх магадлал өндөр. Сүлжээний бизнес болон шинжлэх ухаанч биш хануур, төөнүүр, бариа, засал, энерги эмчилгээ хийлгэж эдгэрэх боломжоо алдаж байгаа олон хүнийг хараад харамсдаг, бухимддаг.

Тэр хилэнцэт хорхойн бүтээгдэхүүнийг хавдарт онц нөлөөлөх эмчилгээ мөн гэдгийг хаана ч батлаагүй. Гэхдээ өндөр үнэтэй. Иймэрхүү зүйлд итгэж хагалгаа хийлгэхээс зайлсхийж, түгшиж нөгөө зүйлдээ итгээд хоёр, гурван сар явдаг. Гэтэл энэ тохиолдолд эмнэлэгт эмчлүүлэх хугацаанаас нь хороогоод өвчин улам хүндэрдэг. Эцэст нь, эргээд эмнэлэгт л ханддаг. Үнэн чанартай ямар ч нөлөөгүй сүлжээний бизнест итгэж хөрөнгө мөнгө, боломж цаг хугацаа, эрүүл мэндээрээ хохирдог. Ерөөсөө хавдрын төгс эмчилгээ нь тодорхой хэмжээнд мэс хүргэж байж эмчлэгддэг гэдгийг ойлгох ёстой.

-Хавдрын талаар ямар ч мэдлэг мэдээлэлгүй энгийн хүнд зориулан “Хавдар хэрхэн үүсдэг вэ” гэдгийг тайлбарлаж өгөхгүй юу?

-Би оюутнууддаа хавдрыг зомбитой киногоор зүйрлүүлж тайлбарладаг. Зомби хүн дүрстэй боловч бие болон сэтгэхүй нь өөрчлөгдчихсөн байдаг. Тэгээд л түүнд хазуулсан хүн бас зомби болно. Хавдар гэдэг яг л ийм үйл явц. Нэг эс мутаци болж бүтэц, үйл ажиллагаа нь алдагдаад ирэхээр хажуу дахь эсүүд рүүгээ мэдээллээ хуулбарладаг. Өөрөөр хэлбэл, яг өөр шигээ болгоод байна гэсэн үг. Нэг эс нь явсаар байгаад эдийн төвшинд хүрэхэд тэр нь хавдар болно. Яг тэр эсийн төвшинд нь оношлох боломж Монголд байхгүй. Эд болсон хойно нь буюу хүний харах, мэдэгдэх хэмжээнд болоход нь оношилж байна гэсэн үг. Монголчуудын хүнсний  хэрэглээний хувьд бүтэн жилээр мах хэрэглээд байхаар эсүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, яваандаа олон жилийн дараа мутацид орж хавдар үүсдэг. Энэ нь Монгол улсад элэгний хавдар түгээмэл тохиолдож байгаагийн нэг шалтгаан.

Зомбитой кинон дээр зомби нь олуулаа болоод ирэхээр хотоо нураагаад, цаашлаад улсаа нураадаг. Яг үүнтэй ижил эсүүд нийлээд эдийн түвшинд том болж, олон болоод тухайн эрхтний үйл ажиллагааг алдагдуулдаг. Цаашид организмуудын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Жишээ нь элэг гэдэг эрхтэн хавдраар өвчиллөө гэхэд зэргэлдээ нь ходоод, нойр булчирхай зэрэг хэвлийн эрхтнүүддээ үсэрхийлж тархдаг. Үүнийг анагаахын хэллэгээр тайлбарлавал иргэдэд улам ойлгомжгүй болох тул энгийн байдлаар ойлгуулах нь чухал юм.

Тэгэхээр монголчууд бүтэн жилээр мах хэрэглээд байхаар эсүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, яваандаа олон жилийн дараа мутацид орж хавдар үүсдэг гэсэн үг. Бид өөрсдийн уламжлалт хоолны соёлоо сэргээж, зундаа ходоодоо амраах хэрэгтэй. Одоо ч зуны улирал ирж байна. Өвлийн цагт өөх болон мах зэрэг калорилаг, уургалаг зүйлээ хэрэглэх ёстой. Бидний өвөө эмээгийн үед өвлийн идшиндээ аль болох мах хэрэглээд, хавар дуусахаар нь улай (мал гаргахгүй) хийхгүй, өсгөхийг боддог. Тэр хугацаандаа цагаан идээгээ хэрэглэчихдэг. Өвлийн идэшнээсээ тодорхой хэмжээгээр авч борцлоод тэрийгээ зундаа бас хэрэглэдэг байлаа. Бид чинь хоол хүнсний өндөр соёлтой ард түмэн шүү дээ.

-Хавдраас сэргийлэхийн тулд хүмүүс өдөр тутамдаа хэрэгжүүлэх дадал, зөвлөмж санал болгож болох уу?

-Орчин үед бид хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ химийн найрлагыг анзаарах ёстой. Австралийн нэрт эрдэмтний лекцэнд сууж байхад хүнсний ногоог сонгож авахад хэлбэр хэмжээ төдийгүй үнэр, өнгийг нь хүртэл анзаарч анхаарах хэрэгтэй гэдгийг онцолж байсан. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний хэмжээ нь томорсон, байх ёстой хэлбэрээ алдчихсан байдаг. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг удаа хэрэглээд шууд нөлөө үзүүлэхгүй. Харин удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд өөрчлөлт үзүүлдэг. Жишээлбэл, 1990 оны ихээр АНУ-д түргэн хоолны хэрэглээ маш эрчимтэй өссөн. Энэ үед шарсан тахианы хэрэглээ нэмэгдсэн учир үйлдвэрлэгчид эрэлтийг нь бүрэн хангаж чадахгүй болсон. Тиймээс тахиаг хурдан хугацаанд таргалуулах тариа хийж эхэлсэн. Одоо АНУ-ын иргэд гуяараа илүү таргалалттай байхын хажуугаар эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар улам ихэссээр байгаа нь дээрх гормоноор бордсон хоол хүнстэй шууд холбоотой юм.

Монголд энэ талаар нарийн судалгаа хийгээгүй хэдий ч хадгалалт удаан даадаг жимс ногоо, хүнсний бүтээгдэхүүн, хятадын зарим хүнсний бүтээгдэхүүн гээд химийн найрлага орсон бүхэн л хорт хавдар үүсгэхэд нөлөөлж байгаа гэдгийг хэлмээр байна. Мөн хорт зуршил архи тамхи хавдар үүсэхэд нөлөөлдөг. Хүнсний аюулгүй байдалд уул уурхай ч нөлөөлж байгаа. Алтны ордод ашигласан усыг шууд гол руу цутгаж байна. Түүнийг нь мал ууснаар мах нь бохирдоно. Тэгээд тэр малын махыг хэн идэх вэ. Бид бүгдээрээ л иднэ. Ийм махыг байнга хэрэглэснээр хорт хавдрын өвчлөл үүсэх эрсдэлийг маш өндөр болгодог. Ингээд яриад байвал дуусахааргүй олон жишээ, сэрэмжлүүлэг хэлж болно.

Эцэст нь хэлэхэд химийн элементийн орц ихтэй эсвэл генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг удаа идэх, хоёр удаа идэх, арван удаа идэх нь хорт хавдрын шалтгаан болохгүй. Харин байнга, тогтмол хэрэглэдэг бол хавдрын шалтгаан болно гэдгийг анхааруулмаар байна. Тиймээс идэж буй хоол, хэрэглэж буй хувцас, эд зүйлээ анхааралтай сонгоорой.

-Ярилцсанд баярлалаа.