A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1518/

Ж.Гижир: Бидэнд хандсан хүмүүсийн 60-70 хувь нь архинаас гарсан

Анх сургалтад суух хүн хайдаг байсан бол одоо дугаарлан хүлээдэг болсон

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1518/


СЭМҮТ өөртөө туслах өдрийн эмчилгээ хийгээд хоёр жил гаруй болжээ. Тус бүлэг архины хамааралтай хүмүүст зориулан 21 хоногийн сургалт явуулдаг бөгөөд үр дүн тун сайн байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 500 гаруй хүн хамрагдсанаас 60-70 хувь нь архинаас бүрэн гарчээ. Өөртөө туслах бүлгэмийн нийгмийн ажилтан Ж.Гижиртэй уулзаж, сургалтын үр дүнд, энэ үйл ажиллагааг илүү өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

-СЭМҮТ архинаас гаргадаг тун үр дүнтэй сургалт явуулдаг гэж иргэд ам сайтай байна. Энэ сургалтын талаар ярилцлагаа эхлэх үү?


-Манай төвийн өдрийн эмчилгээний баг наркологийн эмч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, сувилагч гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Архины хамааралтай хүмүүст зориулсан оюун санааны сургалтыг 21 хоногийн хугацаанд явуулдаг юм. Гэхдээ 21 хоногийн хичээл дууссан ч гэсэн “баяртай” гээд явуулдаггүй, өөртөө туслах бүлгэмд долоо хоногт нэг удаа хамруулдаг юм. Энэ үеэр хүмүүс архи уухгүй байх үеийн мэдрэмжээ ярьж, арга туршлагаа бусадтайгаа хуваалцдаг. 2016 оноос 500 гаруй хүн манай сургалтад суугаад гарлаа. Жилдээ 15 бүлэг хичээллэдэг. Үр дүн сайн байгаа. Нийт хамрагдсан хүмүүсийн 60-70 хувь нь архи огт уухаа больсон.

-Хүмүүс архи уудаг нэгнээ засаж авах гэж үйлээ үзэх юм. Гэвч үр дүн тийм ч сайн  биш байдаг. Харин танайх ямар сургалт явуулдаг болоод ийм олон хүнийг архинаас гаргачихав?

-Ер нь архины хамааралтай болсон хүмүүсийн ар гэрийнхэн аргаа барсан байдаг. Лам, бөөгөөр явна, кодлуулна, өтөө түүлгэнэ, хэлээ хануулна гээд хаана ямар арга чарга байна, тэр бүгдийг гүйцээсэн байдаг. Гэтэл архинаас гаргадаг эм тан, шидтэн дэлхийд байхгүй шүү дээ. Хаанаас ч хайгаад нэмэргүй. Харин бидний сургалт яагаад үр дүнд хүрч байна вэ гэвэл оюун санаанд нь нөлөөлдөг юм. Дэлхийн 150 оронд хэрэгжиж байгаа, туршилтаар батлагдсан хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг болохоор үр дүн өндөр байдаг. Нэг ёсондоо архи биш тархи ярьсаар байгаад хүний тархин доторхыг угаагаад гаргана гэсэн үг. “Архи гэдэг чинь идээний дээж биш, зүгээр л нэг усанд нуугдсан химийн бодис юм байна. Харин идээний дээж гэдэг чинь сүү” гэх мэтээр Монголын өв соёл дээр тулгуурласан байдлаар тайлбарлаж ярихаар хүмүүст илүү хүрдэг юм.

-Анх энэ сургалтыг эхлүүлэхдээ ийм үр дүнд хүрнэ гэж бодож байв уу?


-Бид анх өдрийн эмчилгээгээ нээж, үйл ажиллагаа явуулж эхлэхэд хүмүүс “Би архичин биш” гээд ирж өгөхгүй хэцүү байсан. Тиймээс хороодтой гэрээ хийж, зарим тохиолдолд өөрсдөө гудамжаар явж цуглуулах зэргээр эхний хэдэн хүнээ хамруулж байлаа. Харин эхний сургалт амжилттай болж, хүмүүс архинаас гараад эхлэхээр бусдадаа нөлөөлж, дагуулаад ирдэг юм билээ. Бид 2016 онд сургалтдаа хүн суулгах гэж хайдаг байсан бол одоо хүмүүс дугаарлан хүлээдэг болсон. Бид төсөв мөнгөндөө тааруулж сургалт хийдэг болохоор хүний тоо хязгаартай. Тиймээс зориод ирсэн хүмүүсийг дараагийн сургалтад ирээрэй гээд явуулдаг юм.

• Архины хамааралтай болсон хүмүүсийн ар гэрийнхэн аргаа барсан байдаг. 

• Архи бол идээний дээж, Монголын ёс гурав, аз жаргал ёроолд нь байдаг юм уучих, уучих гэх зэрэг бусдын хатгааснаас үүдэлтэй архидалт хүмүүст нөлөөлж, байх ёстой юм гэж ойлгодгоос архинд бага багаар орсоор байна. 

• Санаагаар болдог бол дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, аймгуудын эрүүл мэндийн төв болгонд өдрийн эмчилгээний салбар нээчихмээр байна.

-Хүмүүс архинаас гарч, сургалт үр дүнгээ өгөхийг харахад сайхан санагдана биз?


-Архины асуудалтай хүмүүстэй ажиллана гэдэг тийм ч хүсмээр зүйл биш. Дандаа л зан төрлийн өөрчлөлттэй хүмүүс ирдэг болохоор тэдэнтэй харьцах амаргүй. Гэхдээ хүмүүс архины асуудлаа шийдэж, өөрөө гоё болохоос гадна гэр бүлдээ амар амгалан амьдрал бэлэглэж байгааг харахаар сайхан санагддаг. Өөрөө хичээгээд архинаас гарчихсан хүмүүсээ харахаар хайр хүрч, хүндэлнэ. Тиймээс бид энэ ажлаа хийх дуртай байдаг. Анх сургалтад суух хүн олдохгүй байх үед гудамжаар их явдаг байлаа. Энэ үед архи ууж байгаа хүмүүстэй уулзаж учир байдлаа ярина. Маргааш нь эрүүл болсных нь дараа дахиж очиж ярилцдаг байв. Ингээд яриад эхлэхээр зарим нь араас бөөвөг бөөвөг гээд дагаад ирдэг юм. Би өөрөө шархадны эцэст амьдардаг. Анх таван залууг сургалтдаа хамруулж байв. Одоо тэд тавуулаа архинаас бүрмөсөн гарсан. Огт амсдаггүй гэсэн үг. Энэ хэрээр бүгдийнх нь амьдрал сайхан болсон. Нэг залуугийн эхнэр нь салаад явсан байсан ч жилийн дараа эргээд нийлсэн. Нэг нь Солонгос улсад ажиллаж байна. Нөгөө нь ажил хийж олсон мөнгөөрөө охиноо швейцар улс руу явуулсан байх жишээний. Би өмнө нь тэднийг машиндаа чихэж аваад явдаг байсан бол одоо бүгд өөрсдийн машинтай, гэр орныхоо амьдралыг дээшлүүлсэн мундаг залуучууд болсон.

-Та өөрөө ямар мэргэжилтэй хүн бэ. Хүмүүсийг архинаас гаргах ажилтай яагаад холбогдчихов?


-Би нийгмийн ажилтан, нийгмийн сэтгэл судлаач хүн. Сэтгэл зүйгээр магистр хамгаалах гээд явж байна. Өмнө нь 15 жил архи уусан. Архинаас гараад 13 жил болж байна. Ширээн дээрээ шампанскгүй шинэ жилээ тэмдэглэнэ. Цагаан сараар архи огт гаргадаггүй. Архи уудаг байхдаа бусдын л адил “Энэ бол байх л зүйл” гэсэн ойлголттой байв. Харин архинаас гараад сайхан болоод ирэнгүүт “Ерөөсөө нийгмийн сайн сайхны төлөө бусдад тусалъя, өөрийн мэддэг, чаддаг бүхнээ бусадтай хуваалцъя” гэж бодсон юм. “Ахынхаа зовлонг битгий давтаарай. Ах нь ээжийгээ амьдад нь архи уудаг байлаа. Харин ээжийгээ амьдад нь архинаас гарч чадаагүй өгөр толгой. Ийм сайхан ээж бурхан чамд байна. Миний дүү ээжийгээ амьдад нь архинаас гарчих” гээд ярихаар хүмүүс өөрийн эрхгүй нулимс урсгадаг. Энэ мэтээр бодит амьдралаа ярьж өгөхөөр хүмүүст илүү нөлөөлдөг юм. Соён гэгээрүүлэх ажил хийсний ачаар алтангадас одон, хөдөлмөрийн хүндэт медаль авлаа. үр дүн сайхан л байна. Цаашид ч илүү олон хүнд хүрч үйлчилмээр санагддаг юм.

-Таны бодлоор архидалтын уг үндэс нь юу байна вэ?


-Архи бол байх ёстой зүйл гэж бодоод байдагт хамаг учир байгаа юм. Бид баярлахаараа, гуниглахаараа, найз нөхөдтэйгөө уулзахаараа гээд ямар нэг тохиолдол болгонд архи ууж байна. Архи бол идээний дээж, Монголын ёс гурав, аз жаргал ёроолд нь байдаг юм уучих, уучих гэх зэрэг бусдын хатгааснаас үүдэлтэй архидалт хүмүүст нөлөөлж, байх ёстой юм гэж ойлгодгоос болж архинд бага багаар орсоор байна. Хүмүүс ихэвчлэн “Би бол зүй зохистой хэрэглэгч болохоос архичин биш” гэж ууж явсаар гүнзгий орчихоод байна.

-Энэ үйлчилгээг илүү өргөжүүлж, улам олон хүнийг хамруулмаар санагдлаа. Дутагдаж гачигдаж байгаа зүйл юу байна?


-Манай сургалт 80 мянган төгрөгийн төлбөртэй. Өдөрт хоол өгнө, эм тариагаар хангана, оюун санааны үйлчилгээ үзүүлнэ гэж бодохоор зардлаасаа давсан өртөгтэй сургалт юм. Төрөөс нэг удаагийн сургалтад зориулж арваад хүний төсөв өгдөг. Энэ төсөвтөө тааруулж л үйл ажиллагаагаа явуулж байна. Уг нь санаагаар болдог бол дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, аймгуудын эрүүл мэндийн төв болгонд өдрийн эмчилгээний салбар нээчихмээр байгаа юм. Гэвч дээдчүүл төсөв мөнгийг нь баталж өгөхгүй байгаагаас энэ ажил биеллээ олохгүй  байна. Жишээ нь, толгойтын Наркологийн төв эмнэлэг энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэж олон жил зүтгэлээ. Гэвч төсөвгүй болохоор эхлүүлэх ямар ч үндэсгүй болчихоод байгаа юм. Хүмүүст үйлчилдэг цэгийн тоог л олон болгож байж илүү олон хүн хамруулна шүү дээ. Гэтэл одоогийн байдлаар зөвхөн СЭМҮТ дээр л сургалтын төв ажиллаж байна. Архи ууж байгаа хүмүүст төлбөрийн чадвар байхгүй шүү дээ. Тэд хэдэн зуун мянгаар нь мөнгө гаргаж, эмчилгээнд хамрагдаж чадахгүй. Харин 21 хоногт 80 мянган төгрөгийн төлбөр гэдэг боломжийн үнэ. Тиймээс төрийн зүгээс анхаарлаа хандуулж, өдрийн эмчилгээний төвүүдийг нээгээд өгчихвөл хүмүүсийг архины хамаарлаас гаргах ажил нэлээд өргөжиж, үр дүнгээ өгнө.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шим тэжээл сэргээх хүч

 0 сэтгэгдэл
  • “Хоолоор эмчлэх соёлыг дэлхийд түгээнэ” уриатай “Аму” брэнд 60 гаруй төрлийн үрээр 26 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

    Монголчууд сүүлийн үед маалинга гэх ургамлыг хэрэглэж сурч байна. Энэхүү ургамал нь даралт бууруулж, цусан дахь сахар, холестирин багасгаж, зүх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг сайн талтай. Маалинга болон гашуун арвай, амуу тариа, ногоон, цагаан буурцаг, гоньдыг Монголынхоо хөрсөнд тариалж, иргэдийг үр тариа, хоолоор эмчлэх соёлыг түгээж буй нэгэн газрыг “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. Үр тариа, хоол заслаар монголчуудыг эмчлэх “Аму” брэндийн үйлдвэр үүдээ нээгээд зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Т.Дарьсүрэн, Э.Хулан нар өөрсдөд тохиолдсон бэрхшээл дээрээ үндэслэн энэхүү брэндийг үүсгэн байгуулжээ.Үүсгэн байгуулагч Т.Дарьсүрэн “Миний ходоод их өвддөг байлаа. Хоол идэхээр шингэхгүй, аюулхай дээр цанхайгаад тав тухгүй явдаг байсан юм. Тэгээд нэг удаа Хятадад явж байхдаа шош буурцагны үр авч идсэн юм. Гэтэл миний ходоод мэдэгдэм гайгүй болж, зовиур арилсан. Ингээд 2011 оноос үр тарианы талаар судалж эхэлсэн” хэмээн ярилаа. Үр тариа эмчилгээг Монголд нэвтрүүлэх тэдний бизнесийн санаа ийн төрж, өдгөө зарим оронд тарьсан гашуун арвай, ногоон, цагаан буурцагны үр, гоньдыг экспортолж байна. Зүгээр нэг тариалаад зогссонгүй. Хоол заслын төв байгуулж хоолоор эмчлэх сургалтыг иргэдэд өгч байна. “Хоолоор эмчлэх соёлыг дэлхийд түгээнэ” уриатай “Аму” брэндийг хэрэглэсэн хүмүүс ч сэтгэл өндөр байгаагаа өөрсдийн нүүр номоороо дамжуулан илэрхийлсээр байна. “Аму”-гийн гаргадаг бүтээгдэхүүн нэг ёсондоо хүнсний нэмэлт тэжээлийг орлож буй гэж хэлж болно. Манай улс ХБНГУ, ОХУ, АНУ, Япон зэрэг 10 гаруй орноос хүнсний нэмэлт бүтээгдэхүүн импортолдог болоод удаж байгаа. Гаалийн статистик мэдээллээс харахад 2017 онд л гэхэд эдгээр орноос 46.2 сая ам.долларын хүнсний нэмэлт бүтээгдэхүүн импортолжээ. Дэлхий дахинд тархаж буй таргалалт хэмээх эмгэг манай улсыг тойроогүй. Энэхүү өвчинтэй тэмцэж буй бүх хүн элдэв орны сайн гэсэн тодотголтой бүтээгдэхүүн бүрийг бие дээрээ туршиж байна. Харин “Аму”-гийнхны бүтээгдэхүүн жин хасахад төлөөлөх хэдий ч зөв хооллолтод сургадаг онцлогтой. Тус байгууллагынхан зөвхөн олон төрлийн ногоо, жимсний үр хэрэглэ гэж зөвлөхөөс илүүтэй Монгол хүний биеийн онцлогт тохируулж, жорыг нь тааруулж гаргаж өгдгөөрөө давуу талтай. “Аму” хоол заслын төвийн уламжлалтын эмч нар судас барьж үзээд тухайн хүний биеийн онцлогийг хэлж өгөөд, хэрхэн хооллох, юу хэрэглэх ёстойг зөвлөнө. “Аму”-гийнхны гаргадаг бүтээгдэхүүн бол нэг ёсондоо хүнсний нэмэлт тэжээлийг орлож буй гэж хэлж болно. “Аму” үйлдвэрийнхэн Хэнтий болон Дархан-Уулд гашуун арвай, ногоон буурцаг, маалинганыхаа үрийг тариалж байна. Одоогоор тус төв таван газар салбараа нээгээд байгаа аж. Үр боловсруулах үйлдвэртээ хатаах, бэлдмэлийнхээ жорыг тохируулдаг талаар ажилтнууд нь онцоллоо. Тус газар нийтдээ 20 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй юм. 

ХООЛ ХҮНС СЭТГЭЛ САНААНД НӨЛӨӨЛДГИЙГ ХҮМҮҮС МЭДДЭГГҮЙ Байгаль дэлхийн нэг хэсэг болсон хүн гэдэг бодгаль амьдрах хугацаандаа хоол, амьсгал, сэтгэл, нойр гэсэн дөрвөн зүйлээс өөрийн энерги эрч хүчийг авдаг. Хоол хүнс бол зөвхөн бидний махан биед хэрэгтэй гэж хүмүүс ойлгодог. Харин сэтгэл санаанд нөлөөлдөг нарийн зүйл болохыг төдийлэн мэдэхгүй. Тэгвэл аль 5000 жилийн өмнө дорно дахины уламжлалт анагаах ухаанд хүмүүсийг шим тэжээлт хоолоор эмчилдэг байсан байна. Энэ эмчилгээг өнөөдөр “Аму” төвийнхөн мөрдөж буй билээ. Тус төвийн уламжлалтын эмч нарын хэлснээр цаг уур бидний биед эрчим нөлөөгөө үзүүлж байдаг. Монгол Улс хуурай, хүйтэн, салхины эрчим ихтэй байдаг нь Монгол хүний биеийн онцлогийг бий болгодог. Энэ уур амьсгал нь бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлснөөр өтгөн хаталт ихтэй, ходоод болон элэг цөсний үйл ажиллагаа нь эрчимжсэн, бөөрний үйл ажиллагаа нь дийлэнхдээ сул байдаг учраас лемонтой ус, дарсан ногоо зэрэг нь монголчуудад төдийлэн таардаггүй юм байна. Учир нь исгэлэн гашуун амт нь элэг цөсны үйл ажиллагааг идэвхжүүлдэг бөгөөд биднийх угаасаа идэвхтэй тул дахин идэвхижүүлэх шаардлагагүй аж. Жилийн дөрвөн улиралд идээ, ундааг зохицуулж хэрэглэвэл хүний бие махбодь хямрахгүй гэдгийг “Аму”-гийнхан хэлж байна. Өвөлдөө махан хоол, шим тэжээлтэй хоолыг идэж, хавартаа биеийн хордлогыг тайлах цэвэрлэгээ хийж, зундаа цагаан идээгээ хүртэж, намартаа шинэ гарсан ногоо, жимс жимсгэнээр хооллоход бидний ходоодны шингээх чанар, бие организм үүнийг маш таатай хүлээж авдаг. Мөн улирал бүрд бидний зарим эрхтэн сул байдаг тул түүнийг дэмжих хүнс хэрэглэх нь маш чухал. Жишээ нь өвлийн улиралд бөөрний үйл ажиллагаа сул, хавар элэг цөс, зун нь зүрх нарийн гэдэс, намар уушги бүдүүн гэдэсний үйл ажиллагаа сул байдаг аж. Иймээс тухайн эрхтэний тамирыг тэтгэх хүнс хэрэглэх нь зүйтэй. Мөн насныхаа онцлогт тохируулан хооллох нь хамгийн чухал. Идэр залуу хүмүүс шарын мөн чанар давамгай тул хоол боловсруулах үйл ажиллагаа нь сайн байдаг. Гэхдээ хамаа замбараагүй идээд байвал өтлөхийн цагт нуугдмал хэлбэрээр өвчин хурах магадлалтай байдаг. Тиймээс идэр залуу насны хүмүүс мах их хэрэглэхээс татгалзан, болгосон хүнсний ногоог өөрийн биеийн онцлогт тааруулж түлхүү хэрэглэх хэрэгтэй. Харин өндөр настнуудын ходоодны шингээх чадвар багасч, хий давамгайлж эхэлдэг тул халуун чанарын махыг (хонины мах) бага хэмжээгээр хэрэглэн, шөл устай шингэхэд амархан хоолыг хэрэглэвэл тохиромжтой байдаг. Хүүхэд бадгана чанар давамгай тул дэлүү ходоодны үйл ажиллагаа сул, тархины хөгжил явагддаг тул чихэртэй зүйл, түүхий ногоо бага өгч, шөлтэй хоолыг түлхүү өгөх хэрэгтэй. Иймээс “Аму”-гийнхан монгол хүний биеийн онцлогийг харгалзан үзэж тохирох бүтээгдэхүүнийг тусгай орц найрлагатайгаар савлаж өгдөг.

АРВАЙ, БУУРЦАГ, ЖИМСНИЙ ҮР ЯМАР АШИГ ТУСТАЙГ ХҮРГЭЕ 

 ►Гэгэн Энэхүү модлог ургамал нь элэг цөсний халууныг дарах шинжтэй. 

► Таримал мухар цагаанБөөр давсагны үйл ажиллагааг дэмжиж, даралт бууруулж, үрэвсэл намдаахын зэрэгцээ хоол боловсруулах ач тустай. 

► Алтан жүржХэлбэр төрх амтат жүржтэй төстэй, хэмжээгээр арай багахан, улбар шар хальстай, амт исгэлэн анхилуун цагаан цэцэгтэй, урт өргөслөг навчтай, дорнод Хималайн уулаас гаралтай мөнх ногоон модны жимс бөгөөд ходоодны хямралыг анагаах тустай.

► Тахиан толгойт лянхуан үрБөөр давсагны үрэвслийг дарах, бактерийн эсрэг, архаг суулгалтыг зогсоох үйлдэлтэй. 

► Балжингарам цэцэг Элэгний үйл ажиллагаа дэмжинэ. Ходооны шарх, шамбарамыг анагааж, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. 

► Улаан чавгаМэдрэлийн системийг тайвшруулна. Элэгний үйл ажиллагаа сайжруулж цус шингэлнэ.

► Шар буурцагЭмэгтэйчүүдийн эстроген дааврыг тэнцвэржүүлж, цэвэршилтийн үеийн зовиурыг намдаана. Даралт ихсэхээс урьдчилан сэргийлнэ. 

► Хар буурцаг Бөөр, нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжиж, цус төлжүүлнэ. Цистит, бүсэлхийгээр өвдөх зовиурыг намдаана. 

► Ногоон буурцагБиеийн бодисын солилцоог хэвийн болгож, судасны ханан дахь хатуурлаас сэргийлж, шээс хөөнө.

ТАМИР ТЭТГЭЖ АНАГААХ ХҮНС “Аму”-гийн эрүүл мэнд багцад л гэхэд долоон төрлийн бэлдмэл ордог. Жишээлбэл, хөц будаа, таримал мухар цагаан, тахиан толгойт лянхуан үр, алтан жүрж, цагаан вандуй чавганы найрлагатай “ходоод-1” бэлдмэл нь гэдэс дүүрч цанхайдаг, хоолны шингэц тааруу, гүйлгэдэг, ходоодны хүйтэн хий ихтэй, ходоод болон нойр булчирхайн архаг үрэвсэлтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. “Ходоод-2” бэлдмэл нь гашуун арвай, таримал мухар цагаан, хусны үр, гэгэн, чавганы орцтой. Уг бэлдмэлийг ам хатдаг, амнаас эвгүй үнэр гардаг, чээж хорсдог, өтгөн хатдаг, хеликобактеритай, ходоодны халуун хий ихтэй хүмүүс хэрэглэвэл зохилтой. Бөөрний үйл ажиллагаа дэмжих бэлдмэл нь чавга, таримал мухар цагаан, гүнжидийн үр, хар будаа, хар буурцаг, тахиан толгойт лянхуан үр, хушганы орцтой. Ууц нуруугаар хүйт дааж, чилж өвддөг, өглөөгүүр нүд нь хавантаж, сэлхэрдэг хүмүүс уухад ашиг тустай. Мөн галбиржуулан тураах бэлдмэл гэж бий. Уг бэлдмэл нь хулууны үр, гэгэн, алтан жүрж, бор будаа, хүрэн буурцагны найрлагатай бөгөөд хэвлий болон гуя хэсгийн таргалалттай, бодисын солилцооны хямралтай, өтгөн хатдаг, дотор хаван ихтэй хүмүүст зориулан гаргажээ. “Амин дэм” багц нь дотроо өтгөн хаталтын эсрэг, цус багадалттай хүмүүст зориулсан, кальци нөхөх бэлдмэлээс гадна амьд уураг бас бий. Цус багадалтын эсрэг бэлдмэл нь гүнжидийн үр, чавга, цагаан вандуй, усан үзмийн үр, газрын самар, тахиан толгойт лянхуан үр, мөсөн чихрийн орцтой. Амархан ядардаг, үс нь их унадаг хүмүүс хэрэглэвэл сэргээх хүчтэй эд аж. Кальци багатай, бөөрний тамир сул, амархан ядардаг хүмүүс навчит байцааны үр, хар буурцаг, улаан үзэм, гэгэн, өргөст хэмхний үрний найрлагатай кальци нөхөх бэлдмэлийг хэрэглээд үзэхэд илүүдэхгүй. ЭЭЖҮҮД, БАГАЧУУДАД ХЭРЭГТЭЙ ТУСГАЙ ЖОР “Аму”-гийн бүтээгдэхүүний чухал нэгэн багц бол “тусгай жор”. Энэхүү багцад багтаж буй жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан бэлдмэл нь чавга, гүнжидийн үр, таримал мухар цагаан, хатаасан алим, амтат гуаны үр, хатаасан банана, хар будаа, хушганы орцтой агаад жирэмсэн эмэгтэйчүүд төртлөө хэрэглэх боломжтой. Агаарын бохирдол ихтэй, хуурай, ширүүн уур амьсгалтай нөхцөлд хоол, тэжээлээ зөв тохируулж чадвал элдэв хүндрэлгүй төрөх боломж бас бий гэдгийг “Аму”-гийн эмч нар хэлж байна. Мөн хоолны дуршил тааруу, хоолоо шингээдэггүй, амархан ядардаг, хөлөрдөг жин багатай жаалуудад зориулсан жор бас бий. Түүнчлэн өтгөн хатдаг хүүхдэд зориулсан бэлдмэл нь нэлээн эрэлттэй байдаг аж. Гашуун арвай, таримал мухар цагаан, сараана цэцэг, бууцайн үр, хас хулс, хусны үр, алтан жүржийн найрлагатай уг бэлдмэл нь өтгөн хатдаг зовиуртай, амнаас нь эвгүй үнэр гардаг, арьс хуурайшдаг, дотор халуун ихтэй хүүхдүүдэд өгөхөд нэн тохиромжтой юм байна. Хүүхэд ханиад хүрвэл алтан жүрж, хөц будааг өгөхөд дархлаа сайжирч намждаг аж. Энэ мэтээр элдэв төрлийн эм, антибиотик хэрэглэхгүйгээр үр тариагаар анагаах хүнсээр бие махбодио тэтгэж амьдрах боломжийг “Аму” брэндийнхэн олгож байгаа юм. Мөн, “Аму”-гийн гашуун арвай, гоньдны цайг хүмүүс тааламжтай хэрэглэдэг. Гашуун арвайн цай нь цусан дахь өөх тосны хэмжээг багасгана, хордлого тайлж, шээс хөөнө. Дархлааг дэмжиж, чөлөөт радикал, хэт ягаан туяанаас чөлөөлж, арьсыг гэрэлтэй болгох үйлчилгээтэй. Гоньдны цай нь биеийн хийг дарж, тамир тэнхээ сэргээх ач холбогдолтой. 








A

Жижиг

A

Дунд

A

Том

Угаарын хий бол тэнэмэл хий

 0 сэтгэгдэл
С.Батсайхан /ЗГМ

Дараагийн хувьсгал нь газ, эсвэл цахилгаан халаагуур болж орж ирнэ

И.Цэрэнхүү
Социологич, памфлет нийтлэлч

Монгол орон хүйтний улирал руу шилжин орох яг энэ үед нийслэлчүүдэд гэнэтийн гамшиг тохиолдлоо. УБ-ын 260 мянган яндантай угаарт хордсон өрхийн тоог харьцуулаад үзэхэд юү ч биш байх л даа. Үнэндээ нүүрс хэрэглэгчдийн 0,01 хувь нь л угаарт өртлөө гэх хүн байна. Гэтэл нэг биш жирийн иргэний алтан амь золигт гарлаа. Цаашид ч эрсдэлтэй хэвээр байна. Энэ бол гамшиг, хүний амь эрсдлийг тоогоор үнэлж болох уу. Яагаад ийм байдалд хүрэв.

Нэг. Тогтолцооны буруу. Инноваци, шинэ технологийн буруу гэж юу байхав дээ, дэлхий даяар л мөрдөгдөж байгаа технологи. Тэгээд ч ДЭМБ-ын тусгай зөвлөмж дор хийгдэж байгаа ажил. Үнэндээ бол монголчуулын түлш хэрэглээний салбарт хийгдэж байгаа чанарын хувьсгал, ухрах арга зам байхгүй. Технологи, түлш үйлдвэрлэлийн стандарт яг горимоороо явсан уу гэдэг дээр ч тийм гэсэн л нэг мөр хариу гарч байгаа бололтой. Аливаа удирдлагад босоо болон хэвтээ тэнхлэгийн удирдлага гэж бий. Босоо тэнхлэг нь салбарын яам, хэвтээ тэнхлэг гэдэг нь орон нутаг буюу хот юм. Салбар хийдгээ л хийж, харин хот юу ч хийсэнгүй гэсэн дүгнэлт гарч байгаа юм байна. Учир нь хотын удирдлага, шахмал түлшний хэрэглээний горимыг гаргаж мөрдүүлсэнгүй. Шинэ технологи нэвтрүүлэлтэд иргэдээ бэлтгэж чадсангүй. Үүний цаана нөгөө л босоо, хэвтээ тэнхлэгийн уялдаа байхгүй, хоёр тэнхлэгийн огтлолцол нэгдмэл удирдлага гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Угаас дээрээ гүйцэтгэх засаглал нь 78 эзний дунд хийдэн эзгүйрсэнтэй холбоотой юм. Ганц угаар ч биш бүх ажил дээр тулж байгаа хүндрэл бол энэ. Үүнийг чагтан тогтолцоо гэдэг. Хэрэв өөрчлөөгүй нөхцөлд эрдэнэт хүний амь аль нэг салбарт цаашид ч эрсэдсээр байх болно.

Хоёр. Хариуцлага. Нэгэнт шинэ технологи нэвтрүүлэх нь жилийн өмнөөс зарлагдсан. Үүнийг сайн санаж байна. Тэгвэл хэрэглээний горимыг ч ялгаагүй мөн л жилийн өмнөөс ард иргэдийн өмнө гарган тавьж, мэдээллээр бүрэн хангах ёстой. Энэ ажил огт хийгдээгүй. Одоо ч маш хатуу төлөвлөгөө, зорилготойгоор сэтгэл гарган хандаж хийх л ёстой ажил.

Гурав. Иргэдийн ойлголт. Мэдээж шинэ зүйлд дасан зохицтол хугацаа хэрэгтэй. Гол нь үүнд байгаа юм биш. Анхнаасаа ойлголтын буруу зөрүү яваад л байсан. Шахмал түлш мэдээж илчлэг сайтай, утаа тортог гарахгүй, тээвэрлэлтийн хүндрэл байхгүй гээд олон олон давуу талтай. Гэхдээ хэрэглээний нарийн стандарт шаарддаг. Харамсалтай нь хэрэглэгч хувийн бодол шийдлээр хандаж болдоггүй эд. Энд, гарцаагүй нэг мөр ойлголт авах ёстой зарим нэг зүйлийг хэлье. Тухайлбал дэгдэмхий хий гэж буруу яриад байна. Энэ бол дэгдэмхий гээд дээшээ хөөрчихдөг гэдгээр нь биш түргэн тархдаг чанартай талаас нь ойлгох ёстой.

Тэнэмэл хий! Метантай төстэй, хаана ч очоод хургачихаж мэдэх чадвартай, нүх сүв бүрээр нэвчин тархаж чадах ер бусын хий. Амт, үнэр, үзэгдэх харагдах шинж тэмдэггүй болохоор хүн тоодоггүй, үүгээрээ утаанаас ялгаатай. Амьсгалын замаар дамжин хүний биенд нэвчин, цусанд шингэнэ. Хүний тархи хоногт 650 гр цэвэр цусны экстрат бэлдмэл шаарддаг. Угаартай орчин нөхцөлд тaрхинд очих цусан бэлдмэлийн найрлага, хүчилтөрөгчийн дутмагшлаас үүдэлтэйгээр тархи зүгээр л үхждэг юм. Хүрэн нүүрстэй харьцуулахад нэг дор бөөнөөр биш, бага багаар дасган түлэх шаардлагатай байдгийг анзаарах ёстой. Шаталтаас үүссэн хорт хийн тоосонцор үнсэнд ч агуулгадгийг ойлгох ёстой юм.

УТАА ГЭГЧТЭЙ ТЭМЦЭХ ЯРИА НЬ УГААСАА УТГАГҮЙ

Ийм ухагдахуун дэлхий дээр хаана ч байхгүй юм билээ. Утаа бол дайсан биш, тухайлбал, экологийн түлшний шаталтаас гарсан утаа хүний бие эрхтэнд ямар ч хор нөлөөгүйг агаарын бохирдолтой тэмцэх даяарын байгууллагууд олж тогтоогоод удаж байна. Монголчууд үүнийг эртнээс мэдэрсээр ирсэн үндэстэн. Аргалын утаа хортой байсансан бол өнөөдөр нэг ширхэг ч монгол хүн үлдэхгүй байлаа. Монголчууд тамирдаад уначихсан малаа хүртэл хадны хүж өвс уугиулан утаж байгаад босгоод ирдэг уламжлалтай ард түмэн.

Утаатай тэмцэх, утаагүй зуух, угааргүй нүүрс...үргэлжилсэн энэ утгагүй яриагаа зогсоогоосой гэж их хүлээлээ. Зогссонгүй, бүр санхүүжүүлэх тал руугаа явчихлаа. Тэвчээр барагдахдаа, шүүмжлээд нэмэр болохгүйг мэдэх хойно, ДЭМБ-ын тусгай зөвлөмж (Indoor air pollution)-г ядаж битгий зөрчөөсэй гэсэндээ үүнийг анхааруулж байна.

Тэр зөвлөмж бол бизнес хийх гэсэн манай хэдэн инженер, судлаачдын суртал, улс төрийн хоол хүнс биш, Азийн хэд хэдэн орон, түүний дотор Монголд хийсэн гүнзгийрүүлсэн судалгаанд суурилсан, дэлхийн нэртэй (зарим нь нобелийн шагналтай) эрдэмтдийн тархиар бүтээгдсэн баримт бичиг. Шууд аваад хэрэглэх гарын авлага, бодлого боловсруулах суурь мэдээлэл, гишүүн улс орнуудын заавал мөрдөх эрхийн хэм хэмжээ юм шүү дээ. Тэр зөвлөмжийг түгээмлээр хэрэгжүүлэх, нарийвчилсан судалгаа явуулах, хяналт тавих үүрэг бүхий "Aгаарын бохирдол даяарын холбоо" НҮБ-ын дэргэд ажиллаж байдгийг дашрамд мэдээлье.

УТААТАЙ ТЭМЦЭХ БИШ УГААРТАЙ ТЭМЦЭХ ЁСТОЙ

Дэлхий даяар нэгэнт тогтсон ойлголт нь утаа биш агаарын бохирдол (air pollution). Дэлхийн бүх улс орнуудад нийтлэг мөрдөгддөг ухагдахуун нь энэ. Нүүрсний утаан дотор нүдэнд үзэгдэж харагдах утаа майнаас гадна түүнээс хэдэн мянга дахин илүү хортой нүдэнд үл үзэгдэх бодис, химийн хортой нэгдлүүд агуулагдаж байдгийг ДЭМБ-аас тогтоосон.

Өчүүхэн жижиг Монгол Улс наад захын тусламж зөвлөгөө авах гэтэл ойлголтын зөрүү гарах учраас дэлхийн байгууллагатай зөрчилдөөд нэмэргүй л дээ. Цаашлаад, ДЭМБ-ын түгээмэл зөвлөмжийг зөрчсөн, утгыг нь гуйвуулсан гэдгээр орж ирэх торгуулийг манай төсөв даахгүй. Хятад болон Европын жишгээс гэнэт санаа аваад, агаар бохирдуулсны төлбөр нэхвэл ДЭМБ л лавтайяа бидний талд зогсохгүй, “айл хэсэгчид” үүнийг нэг дэнслээд үзээрэй.

АГААРЫН БОХИРДЛЫН ИНДЕКСИЙГ ДОЛООН ТҮВШИНГЭЭР ГАРГАДАГ

0-50 бол эрүүл (ногоон)

51-100 бол байж болох эрүүл (шар)

101-150 бол мэдрэмтгий хүнд эрүүл бус (бор)

151-200 байвал нийтлэг эрүүл бус (улаан)

201-300 болохоор хортой (нил ягаан)

301-500 гэхээр нэн хортой (саарал)

500-аас дээш гарвал гамшиг гэж үзэж хараар тэмдэглэдэг байна.

ДЭМБ утааны асуудлаар 2014 онд тусгайлан хуралдаж, “агаарын бохирдол” (аir pollution) гэж нэрлэж байхаар тогтсон юм билээ. Хурлаар агаарын бохирдол ихтэй Хятад, Энэтхэг зэрэг улс орнуудад хийсэн судалгаануудаас гаргасан дүгнэлтийг авч хэлэлцсэн юм байна. Тэнд, зуухны тухайд ч тусгайлан асуудал болгон хэлэлцсэн байдаг. Зууханд нүүрс түлснээс гарах утааны хор нь уушги, дотор эрхтнийг цагийн дотор 400 ширхэг янжуур татсантай тэнцэх хэмжээнд хордуулдаг гэсэн дүгнэлтийг Калифорны Их сургуулийн профессор Кирк Смитт илтгэж олныг алмайруулсан байдаг юм. Агаарын бохирдлоос дэлхий дээр жилдээ долоон сая хүн, түүний тал нь угаараас үүдсэн хорт хавдраар үхэж байна гэдэг статистик бас л хирд хиймээр сонсогдож байна. Энэтхэг улс 700 сая яндантай, (манайх нийслэлдээ 240 мянган яндантай), үүнийг орон сууцжуулах aргаар шийдэх техникийн боломж байхгүй гэдгийг Делийн Их сургуулийн профессор Калпана Балакришан илтгэсэн, маш тодорхой технологи шаадлагатай байгааг санал болгосон байдаг юм. Манайх одоо байгаа хүчин чадлаараа 240 мянган янданг орон сууцжуулна гэвэл 20 жилийн хугацаа шаардлагатай.

Хурлаас, дэлхийн хөгжиж байгаа орнуудын төвшинд зориулсан тусгай зөвлөмж (Indoor air pollution) гарсан. Тэр нь эрх зүйн хэм хэмжээний статустай юм байна. Хөгжиж байгаа орнууд заавал хэрэгжүүлэх ёстой. Эс бөгөөс торгууль орж ирэх үндэслэлтэй. ДЭМБ-ын хурлыг хүндэтгэн НҮБ-аас, SE4All, "Экологийн түлш" даяарчилсан холбоо гэсэн хоёр төсөл хэрэгжүүлэхээр болжээ. НҮБ, ДЭМБ-ын хүчин чармайлтын үр дүнд хоёр том дүгнэлтэд санал нэгдэцгээсэн байна.

1. Зуух ямар байх нь хамаагүй, гагцхүү шаталтаас гарсан хорыг тархаахгүй тусгай шүүлтүүрээр авч үлдэх ёстой.

Шүүлтүүрийн тухай хэн нэгэн ярих л ёстой гэж би маш их хүлээсээн, хэн ч энэ талаар ганхийсэнгүй. Улаанбаатарт байгаа 240 мянган янданг бүгдийг нь шүүлтүүртэй болгох ёстой. Шүүлтүүрийн үйлдвэр яаралтай барьчихвал гаднаас оруулснаас хямд төсөр байх болно. Яндангаа стандартын болгоод, айл өрхүүд зуухныхаа хүхээгийг яндандаа тааруулах ёстой болно. Тэгэхээр зуух бол чухал биш. Гоёмсог зуухтай байх нь төрийн биш хувь хүн, айл өрхийн асуудал. Харин шүүлтүүртэй яндантай байх нь л бодлогын асуудал болж таарлаа.

Барууны орнуудад, жишээ нь Австрид жижиг, том оврын зуухны яндангийн шүүрийг тодорхой хугацаанд тусгай хүмүүс сольдог юм билээ. Багтай, иргэний хамгаалалтын хувцастай сүртэй юм болно. Хичнээн их хортой байдгаа нь эндээс ойлгомжтой. Гэрийн зуух, их бага оврын уурын зуухнууд, ДЦС-ын яндан...бүгдийг хуу шүүлтүүртэй болгох ёстой. Авто машины янданд хүртэл шүүлтүүр тавьж, мэргэжлийн хяналтыг чангатгах хэрэгтэй болно.

2. Түлш ямар байх нь хамаагүй биш, гагцхүү экологийн түлш хэрэглэх.

Шууд мэдээж хэрэгжихгүй, гэхдээ хэрэгжих боломжтой. Хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ бол энэ. Манайд бол боломжтой, бас уламжлал бий. Аргал, хотны хөрзөн оруулсан био-экологийн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой. Нүүрсний энд дөхөж очих элчтэй био түлшний стандарт технологи бий ч үнэтэй тусна. Түгээмлээр хэрэгжих боломжгүй сөрөг талтай. Тэгэхээр шахмал түлшинд нүүрс заавал орж таарч байна. Нүүрсний гүйцэд шаталт дээр ойлголтын зөрүү бий. Хүрэн нүүрсийг технологийн зуух ашиглан гүйцэд шатаах нь угаараас хэд дахин давсан хортой үнсэн тоосонцор ялгаруулдаг болохыг ДЭМБ-ын судалгааны хэсгээс тогтоочихсон. Тэгэхээр утаагүй зуухны гайхамшгийг орхих хэрэгтэй болж байна. Ер нь бол, үнсээ тусгай зориулалтын хүүдийд хийж зайлуулах шаардлагыг манай ЭМЯ яаралтай хэрэгжүүлэх ёстой. Агаарт үй олноор нь хөнөөх цианы хүчлийн тоосонцор илэрсэн нь үнстэй холбоотой. Харин өөрөө гүйцэд шатдаг нүүрсийг шахмал түлшинд оруулж ашиглах гарц байгаа юм. Энэ чилэлээр сайд Ц.Даваасүрэнгийн “аажимдаа коксжсон нүүрсний хэрэглээнд алхам алхмаар шилжих бодлого барина” гэсэн санаа зөв өө.

Агаарт үй олноор нь хөнөөх цианы хүчлийн тоосонцор илэрсэн нь үнстэй холбоотой

Монголоороо байна гэж элийрээд, элийрэлдээ солиороод асуудалд алийн болгон дандаа хэрэглээ рүү далжийсан ахуйн сэтгэлгээгээр хандах ёстой юм бэ.

Европын соёл бол буутай соёл гэж үздэг УИХ-ын гишүүн байна. Элийрэл биш үү. Бүгдээрээ орон сууцаараа эмнэлэг хийчихээд бөмбөгөр цагаан гэрт гарч амьдарцгаая гэж тулгадаг, болохгүй гэсэн бүхнийг тархины тураалтай гэж доромжилдог. УИХ-ын гишүүн байна, солиорол биш үү. Утаагүй (угааргүй?) зуух байгаа гэж итгүүлэхийг оролддог УИХ-ын гишүүн байна, балайрал биш гэж үү. Дэлхийтэй зөрчилдөөд бид хаачих юм бэ. Дэлхий даяарын алеяансуудын зөвлөгөөг сонсч, дэлхийтэйгээ, ялангуяа Европын соёлтой нэгэн голдиролд багтаж амьдрах ёстой шүү. Механизм нь гэвэл технологийн дэвшил, өөр гарц байхгүй.

УТААНД АГУУЛАГДДАГ ХОРТ БОДИС

ДЭМБ-ын хуралдаан дээр маш их сонирхол татсан зүйл бол утааны хорны илрэх шинжийн тухай асуудал байсан юм билээ. Учир нь аль ч улсын оршин суугчид нүдэнд харагдсан утаа гэдгээр нь тэмцээд нүдэнд харагдахгүй нэн хортой бодисыг анхаарлын гадна орхих хандлагатай холбоотой юм. Манайхан, УИХ-ын гишүүд яг энэ байдлаар хандаж, дэвшлээс хоцрогдож, ард түмний тархийг угааж байна. Шинэ зуух, муух болсноо нүүрс түлж үзүүлчихээд утаа үнэртэж байна уу, “Үгүй”. Утаа нүдэнд харагдаж байна уу, “Үгүй”. Шийдлээ, цэг! Ингэж л хандаж байна.

Манай хэд хэзээ шинжлэх ухаанч болох вэ гэдгийг хүлээх хэрэггүй. Учир нь асуудал хуримтлагдаж, даамжирвал энэ хэдийн сэтгэлгээний өөрчлөлтийг хүлээхгүй. Хурлын гол бичиг баримтын дагалдах хавсралт материалуудаас иш болгоод хамгийн хортой гэсэн хэдэн бодисын тухай мэдээллийг энд хавчууллаа. Голдуу нүдэнд харагдахгүй, хамарт үнэртэхгүй бодис байдаг юм байна.

1. Угаарын хий (СО).

Өнгөгүй, үнэргүй, аймшгийн хортой, нягтралтай тунгаар бол үхлийн аюултай! Түүхий нүүрс, нүүрсний дутуу шаталтаар үүссэн угаарын хий амьсгалын замаар дамжин цусанд нэвчиж хемоглобинтой урвалд орон, цусанд хүчил төрөгч орох сувгийг бөглөнө. Аажмаар хордуулна, цусаар удам дамжина.

2. Угаарын хий (СО2).

Үхлийн аюултай. Уушгины багтраа үүсгэнэ, цусанд нэвчинэ.

3. Угаарын хий (SO2).

Маш хортой, уушины архаг өрөвсөл үүсгэнэ, хорт хавдрын голомт, эд эсийг сэрээнэ. Утаагүй технологийн зуух гэх манайхны яриад байгаа зуухыг соёл иргэншилтэй орнуудад хуулиар хязгаарласан, заримд нь бүр хориглочихсон юм байна. Түүхий нүүрс гэж яриад байгаа хүрэн нүүрсийг технологийн өндөр даралтаар гүйцэд шатаасны дараа хэд хэдэн төрлийн үй олноор хөнөөх химийн хорт бодис үнс болон үлддэг, тэр нь агаарт дэгддэг юм байна.

1. Үндсэн дэх азотын нэгдлүүд (NO, NO2).

Дэгдсэн тоосонцор нь үнэргүй, нүдэнд харагдахгүй. Үхлийн аюултай, жирэмсэн эхчүүдийн үр зулбуулна.

2. Цианы хүчлийн тоосонцор.

Агаарт дэгдэмхий, өнгө, үнэргүй, үй олноор хөнөөх химийн хорт бодис. Химийн зэвсэгт найрлага болон орно. УБ-ын агаарт илэрсэн юм билээ, УИХ-ын хаалттай хуралдаан дээр хэлэлцсэн байдаг, ард түмнээс нуусан.

3. Хар тугалганы дэгдэмхий хий (Pb).

Асар хортой, хорт хавдар үүсгэнэ, үр зулбуулна. Манайд бас л илэрсэн, УИХ ард түмнээсээ нуусан. Хар тугалганы хорноос үүдэлтэй эмчилгээгүй өвчний жагсаалтыг ДЭМБ-аас эрхлэн гаргасан. Зах зухаас нь жишээлэн дурдлаа, ер нь наснаасаа урьтаж үхэгсэдийн 72 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэж ДЭМБ тогтоочихсон юм.

Нийслэлчүүд том хохирол амслаа, цаашдаа ч эрсдэл байсаар байна. Мэдээж энэ бол том сургамж, нэгийг эсвэл нэг хэсгийг буруутган унагах гэж далим хийн муйхарлах нь гарц биш ээ.

1. Шахмал түлш хэрэглээд хэвшчихсэн европын орнуудад, гэр доторх угаарын хийн аваарийн дохиот аппаратыг нүүрс түлдэг айл бүрт энгийн хэрэглээ болгох шаардлагатай. Үүнийг яаралтай ханган нийлүүлэх ёстой. Нийт агаарын бохирдлыг, агаарын найрлагад байгаа угаарын хийний түвшинг Монголын радио, цэнхэр дэлгэцээр өдөр бүр мэдээлж байх ёстой. Агаарт угаар байна гэдэг нь оршин суугчдын цусанд ямар нэг хордлого байнаа л гэсэн үг. Гэртээ ороод жаахан нэмэхэд л аюул ирнэ гэж ойлгох нь чухал.

2. Европын орнуудад яндан хөөлөгчид гэж бүхэл бүтэн арми байдаг. Европод ирсэн, зочилсон хүн бүхэн үүнийг мэднэ. Гудманд яндан хөөлөгч таарахаар бушуухан товчоо чимхэж зогсож өнгөрөөдөг, аз жаргал авчирдаг хүмүүс гэж хүндэлдэг. Галын манаач болохоор нь тэр байх.

3. Шахмал түлш төслөөс хэрхэвч ухарч болохгүй. Учирсан саад хүндрэлийг даван туулаад урагшлах л хэрэгтэй. Дараагийн хувьсгал нь газ, эсвэл цахилгаан халаагуур болж орж ирнэ. Энэ ажилд зүтгэж байгаа бүх мэргэжилтнүүдэд амжилт хүсье.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үхэл, амьдралын зааг буюу цаг хугацаатай уралдсан тэмцэл

 0 сэтгэгдэл

Нийслэлийн түргэн тусламжийн төв 103 утсанд хоногт 3000-4000 дуудлага ирж, үүний 1000-1200-д нь түргэний эмч нар хүрч үйлчилж байна. Цаг нартай уралдсан тэдний нэг өдрийн ажил хэрхэн өнгөрдгийг сурвалжиллаа. 

Ж.Гэрэлчулуун /ЗГМ

Хүүхэд нь өндөр халуурсан эмэгтэй яаралтай тусламжийн 103 утсанд холбогдлоо. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ээлжийн ахлагч Б.Халиунаа түүнийг тайвшруулж, анхан шатны зөвлөгөө өгөөд түргэний машин удахгүй очно гэдгийг хэлж санааг нь амраав. Энэ бол аравдугаар сарын 9-ний 08 цагаас 10-ны 08 цаг хүртэлх хугацаанд түргэн тусламжийн 103 утсанд ирсэн 3020 дуудлагын ердөө нэг нь байв.
“Түргэн тусламжийн 103 утсанд хоногтоо 3000-4000 хүн ханддаг. Үүнээс 1000-1200 хүнд хүрч үйлчилж байна. Харин ачаалалтай, амралтын үед очиж үйлчлэх хүний тоо 1500-1800 хүртэл нэмэгдэнэ. Ажил тарах үед буюу 17-21 цаг хүртэл замын түгжрэлээс шалтгаалан дуудлагын ачаалал нэмэгддэг. Түргэний машинууд түгжрэлд орж, нэг дуудлаганд зарцуулах хугацаа нэмэгддэгээс болоод механик ачаалал үүсдэг юм. Харин дуудлагын оргил үе 18-22 цаг” хэмээн Б.Халиунаа тайлбарлалаа.
Удалгүй бүр ноцтой дуудлага ирэв. Юу юугүй төрөх гээд буй эмэгтэйг авч яваа түргэний машин Сансарын тунелээс уруудаж яваад таг гацжээ. Ядаж байхад анхны төрөлт, хүүхэд нь буруу байрлалтай гэдгийг сонссон түргэнийхэн ёстой л түргэн авч, Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төв рүү холбогдон тэр хавийн замыг чөлөөлөх зохицуулалт хийлгэв. Хүний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн онцгой тохиолдолд ийм зохицуулалт хийдэг аж.
Баянзүрх дүүргийн гэр хороолол хамгийн замбараагүй
Түргэний эмч нарын нэг өдрийн ажлыг сурвалжлахын өмнө төвөөс хэрхэн зохицуулалт хийдгийг хэсэг ч атугай сонирхсон нь энэ. Удалгүй бидэнтэй хамт дуудлаганд явах эмч, жолооч нар оройн хоолоо идчихээд гарч ирлээ. Эмч Б.Гүн-Үйлс, жолооч Т.Батсүх нарын багт биднийг хуваарилав.
Б.Гүн-Үйлс бол 2017 онд сургуулиа төгссөн, өнгөрсөн жилээс хойш 103-т ажиллаж буй цовоо сэргэлэн, ааш зан дөлгөөн залуу байна. Жолооч Т.Батсүх 30 эргэм насны нэгэн бөгөөд түргэнд ажиллаад хоёр жил болжээ. Тэд санаа нийлдэг учир нэг баг болж ажиллахдаа дуртай байдаг аж. “Ажил өглөө 08.30-д эхэлсэн. Одоо 22 дахь дуудлагадаа явах гэж байна. Ер нь 24 цагийн турш 40 шахам дуудлагад явчихдаг юм” хэмээн Үйлсээ ярив.
Ийнхүү сонины баг маань түргэний машинд суугаад 19.30 цагийн үед 103-ын үүднээс хөдөллөө. Гурван дуудлага авснаас ялгаж үзээд хүнд зодуулсан гэх дуудлагад түрүүлж очихоор шийдэж Дэнжийн 1000-ыг зорин давхив. Ид ажил тарах цаг болохоор түгжрэл их байсан ч дуут дохиогоо хангинуулж, урсгал сөрөн давхисаар нэг их удалгүй сэлүүхэн хэсэгт гараад ирэв.
Хотын түгжрэл дундаас ч яахав ингэсгээд гарчихдаг юм байж. Харин дуудлага өгсөн айлыг хаягаар нь олж очно гэдэг амаргүй даваа аж. Манай гэр хорооллын хаягжилт ямар замбараагүй билээ. Булгийн 20-ийн 135 гэхэд дотроо хэд задраад явчихна. Жолооч нар нь дуудлаганд байнга явдаг болохоор багцаалдсаар тухайн айлдаа дөхөөд оччих юм. Ингээд нөгөө айл руугаа залгаж, нарийвчлан заалгахгүй бол гэр хорооллын мушгиралдсан гудамжнаас хэрэгтэй айлаа үтэр түргэн хайж олно гэдэг өвсөн дундаас зүү эрэхтэй адил. “Бид цаг алдахгүйн тулд утасны дугаарыг нь аваад ярьчихдаг юм. Ингэж байж айлдаа хурдан очно” хэмээн Т.Батсүх ярилаа.
Ер нь төвийн зургаан дүүргээс Хан-Уулын гэр хороолол хамгийн цэгцтэй нь гэнэ. Харин Баянзүрх дүүрэг, тэр тусмаа Улиастай, Да хүрээ зах орчим маш замбараагүй, айлаа олоход түвэгтэй аж. Сонгино­хайрхан хэдийгээр маш том нутаг дэвсгэртэй ч Баянзүрхийг бодвол арай цэгцтэй гэсэн.
Найзтайгаа архи ууж байгаад зодуулсан залуу биднийг хүлээж байв. Даралтыг нь үзэхэд өндөр байсан тул даралтны эм өгөв. Бие нь ерөнхийдөө гайгүй бололтой. Үйлсээ эмч түүнийг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхийг зөв­лөөд дараагийн айл руугаа давхив. Үүний дараа сагс тоглож байгаад мөрөө мулталсан 18-тай оюутан залуу дээр очив. Өвчин намдаах тариа хийсний дараа эмч, жолооч хоёр нийлж байгаад мултарсан мөрийг нь орууллаа. Ер нь түргэний жолооч анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх хэмжээнд бэлтгэгдсэн байдаг аж.
Манай баг оройн эхний дууд­лагаа хотын хойд хэсгийн гэр хороолоос эхлүүлсэн тул дараа дараагийн дуудлагууд ч Чингэлтэй, Хайлааст, Дэнжийн 100, Долоон буудал хавиар өрнөв. Хэвлийгээр хатгуулж өвдсөн, даралт ихэссэн, архины хордлогод орсон, бусдад зодуулсан, согтуу хүн гудамжинд ухаангүй хэвтэж байсан гэх мэт янз бүрийн л дуудлага таарах юм. Хорт хавдар нь эцсийн шатандаа орсон хөгшин долоо хоногийн турш хоол идэж чадахгүй, унтаж чадахгүй байна гэх дуудлага дээр ч очлоо. “Намайг унтуулаад өгөх арга байна уу. Унтахгүй болохоор толгой эргээд хэцүү байна” хэмээн нөгөө өвгөн царайчлав. Мөн Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэх байранд орон гэргүй согтуу хүнийг үзэх шаардлагатай байна гэх дуудлагаар очив. Үнэр танар гэж авах юм алга. Тэнд нь хонуулчихвал бие нь муудах эрсдэлтэй тул эмзэг бүлгийнхэнд үйлчилдэг “Энэрэл” эмнэлэгт хүргэж өгөв. Гэвч өнөө хүн гэмтэл авсан байх магадлалтай, манайх хүлээж авахгүй гэсэн тул гэмтлийн эмнэлгийг зорин довтолгов. Ийнхүү түүнийг хотын нэг захаас нөгөө зах руу авч давхисаар лавтайяа гурван дуудлаганд явах хугацаагаа алдлаа. Гэхдээ муу муухай гээд орхилтой биш, заавар журмын дагуу үзлэгээ хийж, шаардлагатай арга хэмжээг авахаас аргагүй. Гутлыг нь тайлаад хөл нь хөлдсөн үгүйг барьж үзэх юм. Сальфетка гаргаж ирээд нусыг нь арчина, хувцсыг нь өмсгөнө гээд эгээ л өөрийн хүүхэд шигээ бөөцийлэх нь холгүй. Түүн шиг өөр нэг архичныг “Энэрэл” төвийн эмч нар усанд оруулж, хувцсыг нь солиод цэвэрхэн оронд хэвтүүлэн дусал залгасан байгаа харагдана. Өнөөдөр харин ч хүнд дуудлага багатай, ачаалал бага өдөр байна хэмээн нөгөө хоёр ярих. Ачаалал бага гэж байгаа ч дуудлага ар араа­саа тасралтгүй ирсээр. Ам цангаж байсан ч дэлгүүр орж ундаа авах завгүй давхисаар байлаа.
Чингэлтэйд нэгэн хөгшин толгой эргэж, дотор муухайраад байна хэмээн 103 руу утасджээ. Угаартсан байж магадгүй гэнэ. Яаравчлан давхилаа. Гэтэл дууд­лага өгсөн хүн нь манай хоёрын эртний танил байх нь тэр. Гэр нь тэртээ хол, уулын орой дээр ч түргэний “Старекс” машинаараа аахилан мацсаар хүрч очив. Энхцэцэг гэх энэ хөгшин гэртээ ганцаараа амьдардаг аж. Жижигхэн бор гэр нь хүйт даагаад нэг л эвгүй. Ер нь өдөртөө нэг удаа түргэн дуудчихдаг гэнэ. “Энэ хэдийг байнга дуудсаар байгаад одоо бүр таньдаг болж дээ. Сүүлийн хоёр, гурван жил дуудлаа. Өдөрт хоёр удаа дуудчихгүй юмсан гэж л хичээдэг юм” хэмээн хөгшин ярьж байна. “Эгч нь тэтгэврийнхээ хэдээр амь зуудаг юм. Өмнө нь бие гайгүй байхад тэтгэвэр хүрээд л байдаг байлаа. Харин сүүлийн үед эмнэлгээр их явж, эм тан уудаг болсноос хойш мөнгөө хүргэж чадахаа байсан” гэв. Гал түлж гэрээ дулаацуулахгүй юм уу гэж асуухад “Уг нь хэдэн шуудай шахмал түлш авсан. Гэтэл хүмүүс угаартаж үхээд байна гэж сонс­соноос хойш айгаад түлж чадах­гүй байна. Одоохондоо мод түлээд л байгаа. Өвөл болохоор яадаг юм билээ” гэсэн шүү юм ярина.
Сүүлийн үед угаартах дуудлага нэмэгдэх төлөвтэй байгааг тэд баталсан юм. Бидний дуудлагад явдаг өдөр л гэхэд манай хоёр Баянгол дүүргийн 15 дугаар хороонд дуудлагаар очиж, шахмал түлшинд угаартсан гэх эмэгтэйг Госпитальд хүргэжээ. “Хэд хэдэн хүн нас барснаас болоод хүмүүс угаартахаас их айдаг болсон байна лээ. Толгой өвдөж, дотор муухайрангуут угаартсан байж магадгүй гээд дуудлага өгдөг болсон. Энэ нь угаартах дуудлагын тоо нэмэгдэх шалтгаан болсон байх” гэж Үйлсээ ярив.

10 жил ажиллахдаа дөрвөн жилд нь гэртээ хоноогүй
Нийслэлийн түргэн туслам­жийн төв оргил ачааллын үеэр 45-46 машин дуудлаганд гаргадаг байна. Зарим тохиолдолд жолооч нар нь хувийн машинаараа дуудлагад явдаг байсан арваад жилийн өмнөхтэй харьцуулбал нөхцөл байдал хамаагүй сайжирсан гэсэн үг. Гэхдээ 1.5 сая хүн амтай хотод 120-150 түргэний машин үйлчлэх ёстой гэсэн олон улсын стандарттай харьцуулбал бас л хангалтгүй. Түүнээс гадна манайхан аахар шаахар зүйлд түргэн дуудах зэргээр зохиомол ачаалал бий болгодгийг эмч нар учирлаж байлаа. “Гэрээс нь 100 метрийн зайд дүүргийн нэгдсэн эмнэлэг байхад л түргэн дууддаг хүн олон шүү дээ. Зарим нь гэрээс гарахаас залхуу хүрээд байна гэх шалтгаанаар хүртэл 103 руу утасддаг нь бидний ачааллыг эрс нэмэгдүүлдэг. Уг нь яаралтай түргэн тусламж гэдэг үнэхээр яаралтай, амь тэмцсэн, тухайн иргэн өөрөө болон гэр бүлийнхэн нь арга хэмжээ авах боломжгүй, зайлшгүй эмнэлэг хүргэх шаардлагатай иргэдэд хүрч үйлчлэх ёстой. Гэтэл манайд яаралтай дуудлагын утга алдагдчихсан” хэмээн ээлжийн ахлагч Б.Халиунаа ярьсан юм. Тэрбээр энэ ажилд орсноос хойш 10 жил болжээ. “10 жилийнхээ дөрвөн жилд нь гэртээ хоноогүй” гэх түүний үгийг сонсоод энэ ажил үнэхээр бэрх юм гэдгийг ухаарсан.
Өвчин зовлон бүхэнтэй улаан халз нүүр тулдаг энэ хүмүүсийн цалин хангамж ямар байдгийг сонсоод сэтгэл гонсойж орхисноо нуух юун. Эднийхэн ажилласан жил, албан тушаалаасаа хамаараад ердөө 600 мянгаас нэг сая төгрөгийн цалин авдаг аж. Эмч Б.Гүн-Үйлс 628 мянгын цалинтай байснаа сайн ажилласан гээд 50 мянгаар нэмэгдсэн гэх. Харин жолооч Т.Батсүхийн үндсэн цалин 540 мянга. “Бид өөрсдөө л дурлаж энэ ажилд орсон болохоор цалин бага гээд гомдоллоод байх юм алга” хэмээн Үйлсээ хэлсэн.
Цэвэрлэгчийн хэмжээний ца­лин­тай хэрнээ асар их ачаа­лалтай, ар гэртээ тогтдоггүй энэ ажилд орох сонирхолтой хүн олд­доггүй байх гэж бодтол тийм биш гэнэ. Харин ч эмч нар дундаа шалгуур өндөр, нэлээд шат дамж­лага давж байж ажилд ордог аж. Үүний учрыг Б.Гүн-Үйлсээс тодруулахад “Түргэн тусламж бол эмч нар мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх гол талбар. Яагаад гэвэл, бид төрөхөөс аваад үхэх хүртэлх бүх дуудлагад явж, төрөл бүрийн өвчтэй хүмүүст анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Энэ хэрээр эмчийн ур чадвар сайжирдаг” хэмээн тайлбарласан юм.
Түргэний дуудлагын зонхилох шалтгааны эхний гуравт зүрх судасны өвчлөл, даралт ихсэлт, ханиуд томуу болон архитай хол­боо­той дуудлага эзэлдэг аж. Ер нь нийт дуудлагын 10 гаруй хувь нь архинаас үүдэлтэй байдаг гэнэ. “Өнгөрсөн хавар гамшгийн иж бүрэн байдлын сургуулилалтын үеэр гурван хоног архи зараагүй. Тэр үед ёстой жаргасан даа. Архи зарахгүй болохоор л элдэв янзын хүнд дуудлага эрс багасдаг юм” хэмээн Т.Батсүх хэлсэн юм.
Бид есөн цагийн турш түргэний машинд хамт суун гэр хорооллын мушгиралдсан гудамжаар сэгс­чүүлэхдээ 20 орчим газар дуудла­гаар очжээ. Зарим нь дуудлага өгчихөөд утсаа авахгүй арваад удаа залгуулах тохиолдол ч байна. Уулын орой дээр буучихсан, хаяг нь тодорхойгүй ийм айлд очихын тулд утсаар залгаж заалгахаас аргагүй. Энэ хэрээр дараагийн дуудлагад очих хугацаа хойшилж байсан нь ойлгомжтой.
“Манайхан нэг үеэ бодвол түргэний машинд зам тавьж өгөх ухамсартай болсон шүү. Гэхдээ жолоо барьж явахдаа утсаараа их оролдох юм. Урсгал сөрсөн үед бусад нь зам тавьж өгч байхад утсаараа оролдож яваад хажуунаас мөргөх тохиолдол бий. Ийм үед урсгал сөрсөн гэдгээрээ түргэний жолооч л буруутаад өнгөрдөг. Зөрчил гаргасан шалтгаанаар эрхээ хасуулсан жолооч ч манайд бий. Хэдийгээр хүнд хэцүү ажил ч гэлээ сайн сайхан юм байлгүй яахав. Ялангуяа, хүний амь нас аварч, эмнэлэгт эсэн мэнд хүргэж өгөх л хамгийн сайхан. Мөн бусдаас “баярлалаа” гэсэн үг сонсо­ход сэтгэл сэргээд ирдэг. Эмнэлгийн бид чинь бусдын талархсан сэтгэлээс л урам зориг авдаг юм шүү дээ” хэмээн Т.Батсүх сэтгэгдлээ хуваалцсан юм.
Энэ өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3020 иргэн хандсанаас 1142 дуудлагад хүрч үйлчилжээ. Осол гэмтлийн 220, төрөх дуудлага 47, бусад нь янз бүрийн өвчлөлийн дуудлага байв. Ачаалал харьцангуй бага үеийн түргэний эмч нарын ажлын нэг өдөр иймэрхүү. Өвлийн цагт тэдний ачаалал эрс нэмэгдэж, нөхцөл байдал улам хүндэрнэ. Гэвч түргэний эмч, жолооч нар иргэдийн эрүүл мэндийн төлөө нойр, хоолоо умартан зүтгэсээр. Хувьдаа эмнэлэгтэй, бусдын гар хардаг, ажлаа таслаад алга болдог гэх эрүүл мэндийн салбарынхныг чиглэсэн нийтлэг шүүмжлэл түргэн тусламжийн 103 төвийнхөнд лав огт хамаарахгүй. Цастай, бороотой, салхи шуургатай ямар ч нөхцөлд тэд шантралгүй зүтгэж, баян, ядуу, архичин, гуйлгачин гэж ялгаагүй хүн бүхэнд хүрч үйлчилж байна. Өчүүхэн бага цалинтай хэрнээ бусдын төлөө амьдралаа умартан ажиллаж буй тэдний зүтгэлийг бага ч атугай үнэлж, хааяа ч гэсэн “баярлалаа” гээд хэлчихэж байгаарай. Энэ үг л тэдэнд ажиллах эрч хүч нэмдэг юм шүү

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн улс гүрнүүд транс тосноос татгалзаж байна

 0 сэтгэгдэл

Танил бүсгүйн нарийн боовны жижиг цехээр ороход агуулахдаа хойд хөршид үйлдвэрлэсэн бор цаасан хайрцагтай 20 килограммаар савласан масло өржээ. Масло бол үндсэндээ транс тос гэсэн үг. Транс тос нь амт сайтай зөөлөн, идэхэд тааламжтай байдаг учраас хөгшид хийгээд хүүхдүүд их дуртай байдаг аж. Жижиг нарийн боовны цехүүд транс тосны орцтой бүтээгдэхүүн хийж буй нь нууц биш. Хөдөөгийн сургуулиудын “Үдийн цай”-нд өгдөг напельон торт бол тэр чигтээ транс тос юм. Энэхүү хүнсний бүтээгдэхүүнд масло маш их хэмжээгээр хийдэг. Ингэснээр амт, сайтай зөөлөн болдог гэж үйлдвэрлэгч нь нэгэнтээ ярьж суусан. Масло, маргарин үйлдвэрлэж, хүмүүсийн дуртай хүнсний нэг хэсэг болгож чадсан эрдэмтэн Нобелийн шагналтан болж дэлхий дахинд мандаж байсан үе бий. Гэхдээ тэрээр гаргасан бүтээгдэхүүнээ хожим хүн төрөлхтөний чимээгүй үхэл болно гэдгийг таамаглаж байгаагүй нь тодорхой. Өдгөө транс тос дэлхий дахины хамгийн аюултай хүнсний бүтээгдэхүүний тоонд бичигдэж байна. Олныг нуршихын өмнө транс тос гэдэг хор чухам юу болох талаар мэдээлэл хүргэе.

Энэ нь ургамлын тосыг химийн аргаар устөрөгчжүүлэн хатуу төлөвт оруулж үйлд­вэрлэсэн тос юм. Өөрөөр хэлбэл, байгальд байдаггүй буюу химийн аргаар гаргаж авсан тосны нэгдэл гэсэн үг. Энэхүү химийн аргаар гаргаж авсан тос нь бидний мэддэгээр маргарин, масло гэж ойлгож болно. Мөн энэ тосны агууламжтай гурилан бүтээгдэхүүн болон шарсан хуурсан, хөлдөөж нөөшилсөн бүтээгдэхүүн бүгд транс тосны агууламжтай. Ялангуяа шарсан төмсөнд транс тос хамгийн их агуулагддаг байж болзошгүйг манай судлаачид анхааруулж байгаа. Байгальд малын бүх өөх тосны агууламжийн 2-5 хувийг транс тос эзэлдэг.
Устөрөгчжүүлэн боловс­руулсан ургамлын тосны 45 хүртэл хувийг эзэлдэг байна. Үйлдвэрлэгчид тухайн бүтээгдэхүүнийхээ шошгон дээр транс тосны орцыг нь тодорхой бичдэг байх ёстой гэсэн шаардлагыг олон улсын байгууллагууд тавьдаг. Жишээлбэл, хүмүүсийн их хэрэглэдэг алаг үнээний зурагтай, дугуй савлагаатай маслоны шошгон дээр спред, трансжиры гэсэн бичиг байдаг нь транс тосны агууламжтай болохыг илтгэсэн тайлбар аж.

масло, Маргаринаас татгалзах цаг болсон
Транс тос нь хүний бие дэх муу холестриныг ихэсгэж, судас нарийсгадаг бөгөөд зүрх судасны эмгэг үүсгэдгийг эрдэмтэд нотлоод байна. 1960 онд транс тосны хэрэглээний оргил үе байсан агаад энэ цаг үеэс хойш зүрх судасны өвчнөөр нас барах хүмүүсийн тоо дэлхий дахинд эрс өсчээ. Үүний шалтгааныг транс тосноос болсон гэж үзэж байгаа юм. Баримт сөхвөл, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн судлаачид нэг жилд 228 мянган хүн зүрхний шигдээс өвчнөөр өвчилж буйгийн 72 мянга нь транс өөх тосны хэрэглээнээс болсон гэж үзжээ. Мөн транс тос хэрэглэснээс болж жилд ойролцоогоор 50 мянган хүн нас бардаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Манай улсад ч зүрх судасны өвчин халдварт бус өвчний гаралтын эхний байрт бичигдэж буй. Монголчууд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш олон орноос элдэв төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлох болсон билээ. Судалгаагүй олон төрлийн ургамал, амьтны гаралтай тос хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үндэс суурь болдог гэдгийг эмч нар зөвлөж байгаа юм. Устөрөгчжүүлсэн химийн гаралтай тос хүмүүсийн эрүүл мэндийг сүйтгэж байна гэсэн мэдээлэл дэлхий нийтэд тарх­санаас хойш зарим нэг эмч ярьж анхаа­руу­лахаас хэтэрсэнгүй. Зөвхөн зүрх судасны өвчнөөр тогтохгүй. Эл хорт тосны аюул улам нэмэгдсээр байгааг эрдэмтэд нотолсоор.
Таргалалт, чихрийн шижин, стрессийг даван туулах бие махбодийн чадварыг бууруулах ба сэтгэл гутрал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн хорт хавдар үүсгэгч болон химийн бодисуудыг саармагжуулахад голлох үүрэгтэй цитохром-оксидаз ферментийн үйлчилгээг алдагдуулж бага жинтэй хүүхэд төрөх шалтгаан болдог байна. Цаашлаад дархлаа сулрах, эр бэлгийн даавар тестостерон болон үрийн шингэний чанар нь муудаж хэмжээ нь багасах, эсийн бодисын солилцоо алдагдах гээд олон сөрөг үр дагавартай болохыг эрдэмтэд тогтоожээ.

Стандарт, дүрэмгүй Монголд зах зээл дэх транс тосыг хянах боломжгүй
Транс тосыг таньж мэдэх, хэрэглээг нь хянах, мөн гаалиар оруулж ирж буй транс тос бүхий хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих хууль эрх зүйн орчин өнөөдрийг хүртэл бүрдээгүй байна. Хэдэн хувийн транс тосны агууламжтай тосыг зах зээлд нийлүүлэхийг зөвшөөрөх тухай гэсэн тодорхой стандарт ч алга. Уг нь химийн хүрээлэнгийн эрдэмтэд хяналт шалгалт хийх аргазүйг нь боловсруулсан ч хараахан эцсийн байдлаар мөрдөж эхлэх хараахан болоогүй байгаа гэсэн мэдээллийг өглөө. Бусад улс орнууд транс тосны хэрэглээнд ихээхэн болгоомжтой ханддаг болжээ. Өндөр хөгжилтэй улс орнууд транс тосны хэрэглээг бүрэн халах журам дүрэм мөрдөж эхлээд байгааг ч судлаачид дуулгалаа.
ДЭМБ транс тосны хэрэглээг 2030 он гэхэд 0.1 хувьд хүргэнэ гэсэн зорилго тавьж, улс орнуудад зөвлөмж өгөөд байна. Мөн НҮБ 2019-2023 он хүртэл хэрэгжүүлэх стратегийн төлөвлөгөө гаргажээ. Олон улсын байгууллагууд транс тосыг хэрэглэхийг хориглох хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм. Монгол Улсад 2018 оны байдлаар хагас хатууруулсан тос 6.1 тонн, наранцэцэг буюу ургамлын тос 13.4 тонн, цөцгийн тос 327 килограмм, оливын тос 226 килограмм, дал модны тос 3.7 тонныг оруулж ирсэн статистик мэдээлэл байна. Манай улс дийлэнх тосыг ОХУ-аас импортолж буй аж.

Улс орнууд хүнснийхээ транс тосны агууламжийн хэмжээг бууруулж байна
Хойд хөрш л гэхэд хатуу төлөвт шилжүүлсэн хүнсний тосонд транс тосны агууламж хоёр хувиас ихгүй байх ёстой гэсэн шаардлагыг үйлдвэрлэгчдэд тавьдаг болсон байна. Энэ нь гол импортлогч болох манай улсад олзуурхууштай шийдвэр боллоо. Хойд хөрш энэ стандарт, шаардлагаа мөрдөөд эхэлчихвэл транс тос манай улсын хилээр орж ирэхгүй болно гэсэн үг. Австрали улс л гэхэд 1996 оноос эхэлж транс тосны агууламжийг багасгасан байна. Бельги 2012 онд 100 грамм тутамд ихдээ 0.2 грамм транс тос агуулах ёстой гэсэн стандарт тавиад байгаа аж. Мөн Сингапур хагас ханасан тосыг 2021 оноос эхлэн хориглох бодлого барьж байна. Харин Швед улсын хувьд транс тосны хоол хүнсэн дэх хэрэглээг хориглох хуулийн төсөл боловсруулжээ. Ийн улс орнууд транс тостой дайтаж эхэллээ. Гэтэл Монгол Улс хүнсний аюулгүй байдал тэр дундаа химийн аргаар боловсруулсан тосонд анхаарал хандуулах шинжгүй. Зах зээлд энэхүү тосны борлуулалт өндөр хувь эзэлсээр байна. Яг өнөөдрөөс эхлэн транс тостой тэмцэхгүй бол бусад улс орнуудын хэрэглээнээс гарсан транс тосыг манай улсын хилээр оруулж ирэхгүй гэх баталгаа алга. Ялангуяа “Үдийн цай” хөтөлбөрийн хяналтыг өндөржүүлж, хүүхдийн эрүүл мэндэд тохирсон хүнсний бүтээгдэхүүн идүүлэхгүй бол ирээдүйн иргэд ч эрүүл амьдрах аргагүй болох нь