A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1434/

Ж.Сандагсүрэн: Тооцоогүйгээр хуваах нь төсвөөс татаас авдаг хоёр дүүрэг л нэмнэ гэсэн үг

​Дүүрэг хуваахыг иргэдийн 60 гаруй хувь нь дэмжээгүй​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1434/


Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваахыг НИТХ дэмжиж, УИХ-д уламжлахаар болсон. Энэ шийдвэртэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй ярилцаж, байр суурийг нь сонслоо.

-Танай дүүргийг хуваах нь зөв гэж НИТХ үзсэн байна. Шалтгаан нь хүн амын тооноосоо хамаараад иргэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй авч чадахгүй байна гэж тайлбарласан. Дүүрэг хувааснаар энэ байдал сайжрах уу?

-СХД өнөөдрийн байдлаар 325 мянга гаруй хүн амтай. Хүн амын тоогоороо Баянзүрх, Сонгинохайрхан гэсэн хоёр дүүрэг л 300 мянга давчихаад байгаа юм. Гэхдээ дүүрэг хуваах асуудлыг зөвхөн энэ жил ярьж байгаа юм биш. Сүүлийн тав, зургаан жилийн турш ярьсан. тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт иргэдэд очих төрийн үйлчилгээний хүртээмжийн тухай хөндөж байна. Гэхдээ тэр нь аль түвшиндээ вэ гэдгийг ярих ёстой. Сая НИТХ-аас хуваах саналыг дэмжээд, 2019 оны нийгэм эдийн засгийн зорилтод тусгалаа. Зүй нь энэ асуудлыг эхлээд Сонгинохайрхан дүүргийн ИТХ хэлэлцээд, дэмжих эсэхийг шийдэх ёстой юм.

-Танай дүүргийн ИТХ энэ асуудлаар хэлэлцүүлэг хийж, ямар нэгэн шийдвэр гаргасан юм уу?

-Бид ямар нэгэн байдлаар хэлэлцэж, шийдвэр гаргаагүй. Харин иргэдээр хэлэлцүүлсэн. иргэдийн 60 гаруй хувь нь дүүрэг хуваахыг дэмжээгүй. Миний байр суурь бол “Дүүрэг хувааснаар юу өөрчлөгдөж, ямар асуудлыг шийдэх юм бэ” гэдэгт л байна. Зүгээр л 325 мянган хүнтэй Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваагаад нэг нь 155 мянга, нөгөөх нь 165 мянган хүнтэй болчихлоо гэдэг өөрчлөлт бидний хүсч байгаа үр дүн биш. Цаад санаа нь иргэн Баатарын амьдралд дүүрэг хуваасны маргааш ямар сайн сайхан зүйл мэдрэгдэх вэ гэдэг л байна.

-Иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг ойртуулах үүднээс дүүрэг хуваах саналыг НИТХ дэмжсэн гэж тайлбарласан. Үнэхээр Сонгинохайрхан дүүрэгт төрийн үйлчилгээ иргэдэд хүрч чадахгүй байна уу, эсвэл төсөв мөнгө нь хүрэлцэхгүй байна уу?

-Өнөөдөр эргээд харахад октябрийн районоос /Баянгол дүүрэг/ тасалж Сонгинохайрхан дүүргийг байгуулахдаа гаргасан бодлогын алдааны горыг Сонгинохайрханчууд 26 жилийн турш амсаж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бааз суурь, судалгаагүйгээр, зүгээр л газар нутгийн солбилцлоор хуваачихсан. Миний болгоомжлоод байгаа зүйл бол яг ийм байдлаар Сонгинохайрханыг дахин хуваачихвал мөн л төсвөөс татаас авдаг хоёр дүүрэгтэй болно гэсэн үг. Магадгүй нэг нь арай жаахан гайгүй, нөгөөх нь тэр чигээрээ гэр хорооллоос бүрдсэн бүр ч хэцүү эдийн засагтай, үйлдвэр үйлчилгээ багатай байна байх.

-Энэ талаар хийсэн судалгаа байгаа юу?

-Бид дүүргээ зүүн болон баруун гэж хуваагаад судалгаа хийж үзсэн. Нэгийг нь 22 хороотой байгуулж болох юм билээ. Гэхдээ гол асуудал иргэдийн хүсдэг төрийн үйлчилгээний дийлэнх нь хорооны түвшинд байгаа юм. Халамжийн үйлчилгээ авах, өрхийн эмнэлэгт үзүүлэхийн тулд хол явдаггүй баймаар байна. Хорооны даргатай уулзах гэж автобусаар хэдэн буудал явмааргүй байна. Харин иргэний бүртгэл, газар өмчлөх, эзэмших зэрэг дүүргээс авдаг үйлчилгээ нэг иргэний хувьд байнгынх биш. Тиймээс иргэдэд төрийн үйлчилгээг сайжруулахын тулд дүүрэг хуваах биш, хорооны тоог нэмэх юм гэсэн саналыг манайхаас боловсруулаад нийслэл рүү өгсөн. Гэвч дэмжээгүй. иргэн Баатарын амьдардаг хорооны байр нь хоёр километрээр ойртчихвол төрийн үйлчилгээний хүртээмж шууд мэдэгдэнэ. Хажууд нь өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа байж болно. 20 мянган хүнд үйлчилдэг өрхийн эмнэлэг 10 мянган хүнийх болохоор үйлчилгээ нь шал өөр болно.

-СХД 30 гаруй хороотой. Нэг хороонд дунджаар хэдэн мянган иргэн, өрх харьяалагдаж байна. Мөн бусад дүүргийн хороодтой харьцуулахад хүн ам, өрхийн тоогоороо хэдээр олон байна?

-Манай дүүрэг 32 хороотой. Бидний зүгээс хоёр эсвэл гурав болгож хуваая гэсэн санал гаргаад байгаа хороодын хүн ам нь дандаа 20 мянга давсан байдаг. Хэдхэн жилийн өмнө нэг хороонд хамгийн ихдээ арав орчим мянган хүн ам харьяалагддаг байсан. Нийслэлийн бусад дүүргийн ихэнх хорооны стандарт ч тийм. Гэтэл манайд 22, 26 дугаар хороо гэхэд тус бүртээ 25 мянга гаруй хүн амтай. Манай дүүргийн хүн ам ихтэй хоёр хороо нийлэхэд л зарим аймгийнхаас давна. ийм их төвлөрөл Сонгинохайрхан дүүрэгт байна.

Төрийн үйлчилгээг сайжруулахын тулд дүүрэг хуваах биш, хорооны тоог нэмэх нь зөв

Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох нь тулчихсан асуудал. Харин дүүрэг хуваах процесс аажуу явна. Бидний гаргасан тооцоогоор дүүрэг хуваагдсаны дараа иргэдийн үл хөдлөх хөрөнгийн эрх шилжинэ. Зөвхөн үүнд 700 гаруй сая төгрөг шаардлагатай юм билээ. Иргэний үнэмлэхийн харьяалал солиход 400 орчим сая төгрөг гээд зардлууд өснө л дөө. Мөн дүүргийн байр барих, хороодын байр авах эсвэл барих гээд дэд бүтцийн олон асуудал шаардлагатай. Түүний оронд хороодын тоогоо нэмээд 42 болгоё. Харин дараа нь аажимдаа дүүргийг яаж хуваах вэ гэдгийг ярьж болно. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрханд ганцхан эрүүл мэндийн төв байна. Дүүрэг хоёр хуваагдсаны дараа аль нэгэнд нь шинэ эмнэлэг барьж өгөх үү? Нэг нь эмнэлэггүй дүүрэг болчихно гэсэн үг. Хүмүүс үзүүлэхийн тулд нөгөө л хуваагдсан дүүргийнхээ эмнэлэг рүү явж таарна.

-НИТХ шийдвэр гаргасны дараа та “асуудлын гол нь дүүрэг хуваахдаа биш. монгол улсын хүн амын арван хувь буюу 325 мянган хүн амьдарч байгаа дүүрэгт тохирсон хөрөнгө оруулалтыг нь л өг. 100 мянган хүнтэй дүүргээс 10 дахин бага хөрөнгө оруулалтыг 25 жил хуваарилахаар хүнд бололгүй яахав дээ” гэж байр сууриа илэрхийлсэн байсан. Яагаад ядаж бусад дүүрэгт хийж буй хөрөнгө оруулалтын хэмжээнд дүйцэхүйц санхүүжилтийг сонгинохайрхан дүүрэгт оруулдаггүй юм бэ?

-Эдийн засгийн тооцоогүйгээр Сонгинохайрхан дүүргийг хуваасны горыг манай дүүргийнхэн амсаж байна гэж би дээр хэлсэн. Яагаад гэвэл, орон нутаг өөрөө орлогоо бүрдүүлж, үйл ажиллагаагаа явуулах ёстой юм. Гэтэл СХД-ийг тийм боломжгүйгээр байгуулсан. тухайн үед дүүрэгт орлого олох аж ахуйн нэгж олон байсангүй. Дүүрэг өөрөө зарцуулж байгаагаасаа илүү мөнгө олж байж хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл манай дүүрэгт байгаа аж ахуйн нэгжийн төлж буй татвар тэр хэмжээнд хүрэхгүй. Ашиг, орлого олдог аж ахуйн нэгжийн ихэнх нь Баянгол талдаа үлдчихсэн. тэгэнгүүт “та нар энэ мөнгөөр цалингаа тавь” гэж татаас өгөөд, хөрөнгө оруулалтынх нь зардлыг тэг болгочихсон. Нөгөө ашиг орлоготой дүүргүүдийн хувьд жил жилдээ хөрөнгө оруулалтаа нэмсээр байгаад өнөөдрийн ийм ялгаатай байдал үүсчихсэн юм. Дүүрэг хуваачихаад, шинээр бий болсныг нь бойжуулах, эдийн засгийг нь сэргээх ямар ч бодлого хэрэгжүүлээгүй. дараа нь “танай дүүрэг л мөнгө олохгүй байгаа юм чинь..” гээд суучихдаг. Хөрөнгө оруулалт хийх хэмжээний мөнгө олохгүй байгаа нь манай дүүргийн иргэд, аж ахуйн нэгжийн буруу биш.

-Хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн дийлэнх нь СХД, БЗД-т суурьшдаг. нийслэлийн удирдлагуудын зүгээс шилжин ирэгсдийг хязгаарлах бодлого барьж байгаа. Энэ бодлого хэрэгжиж байна уу?

-Иргэд шилжин ирэх нь багассан юм биш. Харин ирээд бүртгэлээ хийлгэхгүйгээр амьдарч байна. Газар олгохгүй, бүртгэж авахгүй байлаа ч хамаатныхаа, танилынхаа хашаанд гэр бариад буучихдаг. Хүн амын албан ёсны тоог харахад шилжилт хөдөлгөөн багассан. Гэхдээ хүн амын тоо өсөөд байгаа нь мэдрэгдээд, нөлөөлж байна. Наад зах нь хотын баруун зүгт үүсч байгаа түгжрэлийг л хар. Хүмүүс нэмэгдэж байна гэсэн үг шүү дээ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Парламентын “хүчирхийлэл”-ээс Засгийн газрыг аврах боломж

Засгийн газар ажил хийхийн төлөө биш “амьд байх”-ын тулд УИХ-д барьцаалагдсаар байх уу

 0 сэтгэгдэл


1992 оноос хойш 14 Засгийн газар байгуулагдаж, нэг кабинетын дундаж нас 1.8 жил байсан гэдэг статистикаар нийтлэлээ эхэлье.

Хугацаанаасаа өмнө огцорсон Засгийн газруудыг харахад санаачилга хийгээд шийдвэр нь дандаа УИХ дахь олонхоос буюу эрх баригч намаас өөрөөс нь гарч, хэрэгжсэн байдаг. УИХын сонгуулийн дүнгээр олонх болсон нам өөрөө өөрийнхөө болон хамтарч байгуулсан Засгийн газраа дуртай үедээ огцруулж буй нь гүйцэтгэх засаглал хэт сул, УИХ-аас хараат байгаагийн нотолгоо. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн гэж хэлж болохуйц хямрал. Үүнийг л нэн түрүүнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засахаар өнөөгийн УИХ зорьж байна.

Парламентын засаглалтай орон гэж Засгийн газрын тэргүүнийгээ парламент нь томилдог орныг л хэлдэг. Түүнээс бус парламент нь Засгийн газрынхаа өмнөөс засаглахыг хэлэхгүй. Монгол Улс шиг Засгийн газрынхаа эрх, үүрэг рүү хэт ордог байдал төлөвшсөн парламенттай орнуудад байдаггүй.

Харин манай УИХ-ын гишүүд Үндсэн хууль дахь “Төрийн эрх барих дээд байгууллага нь парламент байна” гэсэн заалтыг ашиглан хэт эрх мэдлийг өөрсдөдөө олгож байна. 

Ерөнхий сайд болон кабинетынх нь гишүүдийг нэг бүрчлэн томилж, чөлөөлөх эрх УИХ-д бий тул гүйцэтгэх засаглалын эрх мэдэл рүү халдаж, улсын төсвийг дураараа захиран зарцуулаад байна. Зөвхөн өөрт ирэх унацаар улсын ажлыг харж, том төслүүдийг тушдаг популист гишүүд, тэрчлэн Ерөнхийлөгчийн институци Засгийн газрын хөлийг нь тушиж, гарыг нь хүлсээр ирснийг тодотгох хэрэгтэй. Энэ бол зөвхөн өнөөгийн УИХ, Ерөнхийлөгчийн институцид хамаатай үг биш. Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш Монголын төрийн бодлого энэ “чөтгөрийн тойрог” дунд хий эргэснийг сануулж буй хэрэг.

Монголын улс төрийн намууд дотроо фракцад задардаг өнөөгийн нөхцөлд Засгийн газар УИХ-аас хараат байна гэдэг тэр олон фракцын хүсэл, үзэмж дор л ажиллана гэсэн үг. Үүнийг өнгөрсөн 27 жилийн гүйцэтгэх засаглалын түүх бидэнд харуулж байна. Ажиллах гэхээсээ илүү амьд үлдэхээр тэмцсэн Засгийн газрын эцсийн гарц нь фракцуудын эрх ашгийг хангах, тэдгээрийн төлөөллийг албан тушаалд томилох, төсөв мөнгийг тэдний хяналт дор хуваарилах байдлаар ажиллах явдал болдог. Ингэснээр Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллах боломжгүй болж, УИХын тоглоомын байгууллага болсоор байгаа юм.

Харин өнөөдөр парламентын засаглалыг илүү бэхжүүлж, гүйцэтгэх засаглалаа бие даалгах боломжийг олгохоор Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа нь сайн хэрэг. Юуны түрүүнд төсөлд тусгасан Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн давхар дээлтэй байж болох заалтыг онцолъё. Ингэснээр Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн яамдын сайд нар УИХ-аас томилогдоно гэсэн үг. Гэхдээ зөвхөн үндсэн чиг үүргийн гэдэг үгээр Үндсэн хуульд суулгачихвал Засгийн газрын бүтцээ батлуулахдаа ийм яамаа нэмчихдэг практик манайд бий. Тиймээс Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд хэмээн тооны хязгаар тавьжээ.

Ийм сайд нар УИХ-д байх нь парламент, Засгийн газар хоорондын үндсэн бодлогын ойлголцол дээр чухал үүрэг гүйцэтгэдэг гэж парламентын засаглалтай орнууд үнэлдэг байна. 

Нөгөөтэйгүүр УИХ-ын 76 гишүүний 25 хувь нь (өнөөдрөөр жишээлэхэд) Засгийн газарт ороод суучихаар парламентын үндсэн үүрэг болох хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд хяналт тавих ажлаа хийдэггүй. Өөрөөр хэлбэл, засаглалын тэнцвэртэй байдал алдагддаг өнөөгийн гажуудлыг засах боломж нь давхар дээлийг тайлах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа юм.

Мөн сайд нарыг томилж чөлөөлдөг эрхийг УИХ-аас “хурааж”, Ерөнхий сайдад олгосноор Засгийн газрын тэргүүн биечлэн хариуцлага хүлээдэг болно. Өөрөөр хэлбэл, нэг сайдын алдаа бүхэл бүтэн Засгийн газрын хувь заяаг шийдэх учраас хариуцлага нь асар үнэтэй гэсэн үг. Энэ бол хариуцлагатай байх хамгийн том хөшүүрэг. Ерөнхий сайд хариуцлагагүй нэгнээр танхимынхаа хувь заяагаа тоглуулахгүйн тулд томилгоогоо ч зөв хийнэ. Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулж харин томилж, чөлөөлөх, огцруулах эрхийг өөрөө эдэлснээр гүйцэтгэх засаглалын бодлого, хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлэх, эрх мэдлийн хяналт тэнцлийг сайжруулж, гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаа нэгдсэн удирдлагад шилжих нөхцөл бүрдэх юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал гурван парламент дамжин яригдаж байна. Гэнэтийн бас шинэ биш энэхүү нэмэлт, өөрчлөлт бараг 30 жил дороо хий эргэсэн хөгжлийн бодлогыг урагшлуулах механизм болох учиртай. Монголын улс төрийн хямралын нөхцөлийг бүрдүүлээд байгаа засаглалын зааг ялгаагүй байдал, ажил хийхийн оронд “түүнийх долоо минийх долоохон” гэдэг зарчмаар худлаа хийрхдэг байдлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр л арилгаж чадна.

Үндсэн хуульд гар хүрэх хувьсгалын тохироо нь олон намын төлөөлөлтэй парламент, эвсэж байгуулсан Засгийн газартай үед биш нэг нам дангаар эрх барьж буй цагт бүрддэг нь бас үнэн аж. Сонгогчид бүхэл бүтэн 65 суудлыг нэг намд өгсөн нь зүгээр ч нэг тохиолдол биш байх. Энэ хэмжээний дэмжлэг авсан улс төрийн хүчин Үндсэн хуулиа өөрчилж, засаглал хоорондын тэмцлийг зогсоож, дороо хий эргэсэн, дундаа “яс” булаацалдсан, нийгмийн буруу эргүүлгийг засах боломжийг одоо л ашиглах хэрэгтэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Африк шиг бүү хөгж-Түүхэн сургамж

Африкийн үндсэрхэг өвчин хэмээх хийрхэл энд тэндгүй дэгдсэний нэгийг Нерьерэ санаачилсан юм

 0 сэтгэгдэл


Бичих сэдэв мундсандаа, эсвэл мухардсандаа ийм өгүүлэл бичих гээгүй. Манайхны аяглаж байгааг ажваас ийм аймшгийн өмнө тулж ирэхгүй гэх баталгаа алга. Популизм 30 жил Монголоор тэнүүчлэн, хүн ардын сэтгэлийг эзэмдлээ. Соёлжиж гэгээрсэн нийгмээ гээсээр л, мухар сүсэг, харанхуй бүдүүлэг нь ердийн үзэгдэл болоод ч байх. Боловсрол мэдлэгтэй, төлөв томоотой, ариун шударга, нэр төртэй хүн цөөдөөд ч байх шиг. Ер нь намайг болон монголчуудыг хатгаад болдоггүй ээ. Энэ өнцгөөс бичлээ. Бас Африкийн нэгэн алдарт дарангуйлагчтай хоёронтоо уулзаж байсных энэ тивийг гайгүй судалсан гэдгээ нотлоод хамт авахуулсан зургаа залчихлаа. Энэ бол Зимбабве гэдэг улсыг амьдын там болгож хувиргасан үхэшгүй мөнхийн Роберт Мугабе гэгч.

Иргэншсэн ертөнцийн хувьд Африкийг сонирхох сонирхол дэс дараалан буурсаар өнөө үеийг хүргэсэн. Эхний үе буюу Родезын үе ч гэж нэрлэж болох XIX зууны 1880-аад оноос дэлхийн нэгдүгээр дайн хүртлэх хооронд Африкийн их баялаг европчуудын сайн сайхныг хангана гэх үзэл их дэлгэрсэн байв. Нэгдүгээр дайны дараа 1920-иод он гэхэд энэ үзэл алга болж, II дайнаас хойш 1960-аад оны дунд үе хүртэл буюу колонийн систем задран тусгаар тогтносон улсууд үүсч эхлэхэд ирээдүйн бие даасан хөгжилтэй шинэ тив, бүс нутаг үүслээ гэх үзэл, сонирхол нэн хүчтэй давамгайлжээ.

Тэр давалгааг тухайн цагийн БНМАУ хэрдээ туулалцсан түүхээс дурдъя. Манайхан санаж байж мэдэх нэгэн алдартай зурагт хуудас бий. Морьтой монгол малчин төрийн далбаагаа хийсгэн манарган давхиж явна. Тэрбээр феодалын нийгмийг бэлгэдсэн шар талбайгаас капитализмын тас хар хөндлөн зурвасыг алгасан харайж коммунизмын бэлэг тэмдэг болсон улаан талбай руу дүүлэн орж байна. Энэ зураг чухам 1960-аад оны африкт зориулсан бүтээл байлаа. 1960-аад он бол Ази–Африкийн орнууд nation-state болох их хөдөлгөөний үе. Европын колоничлогч гүрнүүд өөрийн колонитой байх нь ёс суртахууны төдийгүй эдийн засгийн хохиролтой болохыг ойлгон Ази, Африкийн орнуудад тусгаар тогтнол бэлэглэх кампанит уралдаан өрнүүлжээ. Гэнэтийн энэ бэлгэнд бялуурсан африк тив олон жил иргэний дайн, төрийн эргэлт, социализм коммунизмын элдэв туршилт, угсаатан хоорондын тулалдаанд идэгдэж, үүний үр дагавар болсон ядуурал өлсгөлөнд нэрвэгджээ.

Африкийн шинэ тусгаар орнуудаас Монгол шиг капитализмыг алгасах хүсэлтэй улс хэд хэд гараад иржээ. Сэку Туре Гвинейд социализм байгуулахаар шийдсэнээ дэлхийгээр нэг зарлав. Тусгаар тогтносон даруйдаа Монголд айлчлав. Африк социализмын энэ цуутай хувьсгалчтай туршлагаа хуваалцахаар Монгол шийдэв. Ингээд африкийн төвд оршдог таньж мэдэхгүй, онцын ач холбогдолгүй энэ оронд 1960 онд Монгол Улсын элчин сайдын яамыг нээв. Нэгэнт социализм байгуулахаар шийдсэн бол энэ үйлсэд нь туслахын тулд ЭСЯ ажиллана. Тэнд Монголын тусламжаар эмнэлэг барьж өгөхөөр болов. Эмнэлгийн мөнгө босгохын тулд баахан машин Москвагаас ачиж очсон боловч бүгдийг нь Гвинейн сайд нар худалдаад, мөнгийг нь өгөлгүй тэр чигт нь гулруулжээ. Хөрш Мали нь капитализмыг алгасаад социализмд орчих санаатай гэдгээ илтгэн 1964 онд Малийн Ерөнхийлөгч Модибо Kэйта Улаанбаатарт морилов. Мали орон социализм байгуулахаар шийдсэн тухай Ерөнхийлөгчийн өөрийнх нь амнаас сонсоход тэр үеийн манай дарга нарт нэн таатай байлаа. Ингээд мал аж ахуйн салбарт хамтран ажиллахын бэлэг тэмдэг болгон түүнд сарлагийн нэлээн хэдэн тугал бэлэглэжээ. Далайн түвшнээс таван мянган метр өндөрт амьдардаг хүйтэн бүсийн энэ амьтныг сүүлд нь Монголын тал бүх зардлыг нь даан эквадор дахь халуун африкт аваачиж өгсөн билээ. Ингээд Малийн нийслэл Бамакод Монголын элчин сайдын яамыг нээхээр шийдлээ. Бүр сүүлдээ АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууг (төрийн тэргүүн) Малид айлчлуулах боллоо. Гээд аз дутахад ийм айлчлал хэрэгжсэнгүй. Удалгүй Модибо Кэйтаг Мали  улсыг заавал капитализм дундуур туучуулна гэсэн бодолтой өөр нэг түрүүч цэргийн эргэлтээр авч хаяад, Ерөнхийлөгчийнх нь суудлыг эзлэв. Элчин сайдын яам золоор нээгдээгүй байлаа. Харин Гвиней дэх ЭСЯ зовлон амсаж, ихэнхи дипломатчид нь халуун орны хумхаа өвчнөөр нас барцгаажээ.

Үндэсний ардчилсан хувьсгалын дээд шат болсон хөгжлийн социалист чиг баримжааг барьж улс орноо хөгжүүлж буй орнуудыг (Алжир, Гвиней, Конго, Гвиней Биссау, Сомали, Бенин, Танзани, Этиоп, Мозамбик) цаашид дэмжих чиглэл удирдлага болгон, африкт социализмыг жинхэнэ зөв эхлэлээр байгуулах замд орж буй ангол улсыг дэмжиж луандад элчин сайдын яам нээх тушаал тогтоол 1977 онд манай дээд байгууллагаас гарч байжээ. Африк, Латин Америк, Азид буй Монголын элчин сайдын яамдын хамгийн гол ажлын нэг нь тэдгээр болон хөрш оронд нь буй коммунист болон тэр хэлбэрийн намынхантай уулзаж төлөөлөгчдийг нь таван жилд нэг удаа болдог МАХН-ын их хуралд урьж авчрах явдал байлаа.

1990 он хүртэл хөгжүүлж байсан манай гадаад харилцааны бодлогын зарим түүхээс дээр цухас дурдлаа. Африкт мөн их анхаарч байсан байгаа биз?

Гэтэл тэр Африк нь яасан гээч? Африкийн орнууд дахь социализмын бүтэлгүй туршилтууд, бусад увайгүй бүтэшгүй үйл явдлууд 1970-аад оны үед хэвийн үзэгдэл болов. Энэ тивийг дэлхий үл тоох хэмжээнд очжээ. Социализм байгуулж байгаа хэмээн сэтгэлээ бид эндээ хуурч байсан ганц 1980 оныг жишээлье. Википедиа дээр байж байгаа жагсаалт: Суданнэг намын сонгууль. Тунистөрийн эргэлт хийх оролдлого. Марокко-полисарын дайн. Алжир-Зөвлөлтийн тусламжаар хүнд үйлдвэржих төлөвлөгөө нурав. Этиоп-Зөвлөлтийн нисдэг тэргийг нутгийн амхаар биш үндэстнүүдийн эсрэг хэрэглэв. Кубын 20 мянган цэрэг этиопчуудтай хамтран эритрэй, Сомалид байлдаж байна, дүрвэгсэдийн тоо саяас хол давав. Сомали-дүрвэгсдийн тоо 1.5 сая хүрэв. Танзани-Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч Нерьерэ ганцаараа өрсөлдөж ялав, өлсгөлөн. Занзибар-төрийн эргэлт. Уганд -орж ирж эзэлсэн Танзанийн армийн 20 мянга ба өөрийнх нь 6000 цэргийг тэжээхэд улсын төсвийн 37 хувийг зарцуулав. Нийслэл Кампалад нэг долоо хоногт улс төрийн 50 орчим аллага, өлсгөлөн. Гана-инфляц 114 хувьтай, их сургуулиудаа хаав. Нигериа-төрийн эргэлт хийх ээлжит оролдлого, 1000 хүн алагдав. Гамби-сөрөг хүчнийг хааж бүгдийг нь баривчлав. Либэриатөрийн эргэлт, иргэний дайн. Сенегал-25 жил дарангуйлсан Сэнгора унав. Мавритани-төрийн эргэлт. Мали-бослого, улсын эдийн засгийг бүрэн хямарсан гэж дүгнэв. Гвинэй–Биссауд гарсан төрийн эргэлтийг Малигаас санхүүжүүлэв. Зааны ясан эрэгнэг намын сонгууль. Бурундихристосын 52 миссионэрийг нутгаасаа хөөж гаргав.

“Тэмцэлдээ ялалт байгуулах хүртлээ бид манай эв нэгдлийг задлахыг зөвшөөрөхгүй”

Мавритани-уржнан Оулд Салакийг түлхэж төрийн эрхийг авсан оулд даддыг ноднин Оулд Жолдук унагасан бол өөрийг нь энэ жил оулд хардалл зайлуулж Ерөнхийлөгч болов. Экваторын гвинэй-дарангуйлагч Мациасыг түлхэн унагав. Дээд вольттөрийн эргэлт. Нигер-ливийн санхүүжүүлсэн партизанууд бослого өдөөв. Камэрун-Чадаас ирсэн дүрвэгсдээс болж эдийн засаг хямрав. Чад-иргэний дайн, ливийн өдөөн хатгалга. Заир Ерөнхийлөгч Мобуту “амьд байгаа цагтаа өөр нам оршихыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэв. Гадаад худалдаанаас олсон мөнгөнийхөө 38 хувийг өрөнд эргүүлж өгч байна. Тав хүртлэх насны хүүхдийн 42 хувь нь өлсгөлөнгийн байдалд. Гвинэй Биссау-төрийн эргэлт. Сан Томэ-Анголын 1000, Кубын 100 цэрэг довтлов. Ангол-иргэний дайн. Замби-төрийн эргэлт хийх оролдлого. лесото-“лесотогийн чөлөөлөх арми” довтлов. Намиби -иргэний дайн. өмнөд африкпартизаны дайн!

Энэ бол капитализмыг алгасан социалист чиг баримжаагаар замнаж явсан тэрхүү африкт зөвхөн ганц онд тохиолдсон “хачин сонин” үйл явдлын жагсаалт ба энэ нь 1979, 1981 оныхоосоо ерөнхий дүнгээрээ юугаараа ч ялгагдахгүй. Түүнээс хойш 40 жил өнгөрөөд байгаа ч өнөөдөр тэгтлээ дээрдэж дээшилсэн юмгүй. Харин ч шашин–угсаатан хоорондын дайнд нэрвэгдэж, Судан, Мали улсууд дундуураа, Сомали нь хэд хэд хуваагдчихаад, ийм хуваагдал Нигериад нүүрлээд байна. Энэ асар том тивийн ихэнхи хэсэг нь улс төрийн мөнхийн тогтворгүй байдал, эдийн засгийн доройтлын намагт шигдсэн тул олон улсын интеграцаас тусдаа ертөнц болжээ. Өөрөөр хэлбэл мартагдсан ертөнц!

Африк эхнээсээ ардчиллыг сонгоогүй. Гэхдээ Азийн “бар” орнууд шиг дарангуйллын замаар улс терийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлийг хангаж чадсан нь нэгээхэн ч үгүй. Танзанийн Ерөнхийлөгч Нерьерэ өөрийн улсад нэг намын систем тогтоож буйгаа “гуйланчлал, өвчин зовлонтой хийж буй тэмцэлдээ ялалт байгуулах хүртлээ бид гадны үзэл суртал манай эв нэгдлийг задлахыг зөвшөөрөхгүй” гэсэн нь африкийн хэвшмэл хэллэг байсан билээ. Тэрбээр Индонезийн Сукарногоос сурсан ганц юм гэвэл дотоодын тогтворгүй байдлыг гаднаас дайсан эрж олох замаар шийдэх арга байв. Өмнөд Африк, Өмнөд Родез, португалын колони орнуудыг өөрийн дайсан гэж зарлаад тэмцэгчийн дүр эсгэн “Манай орон дайны байдалд орлоо гэж тунхаглаж байв. Нерьерэ танзанид 30 гаруй жил нийгмийн инженер зүйн хэдэн арван болхи туршилт хийж үзжээ. Ленинизм, Бандунгийн тунхаглал, гитлеризм, апартеид, расизм, аймаглан устгах бодлого зэргийн хольц холион бантан болсон онол, уриа, туршилт, хүчирхийлэл нь олон арван мянга түмэн хүний амиар хэмжигджээ. Колонийн систем задарсны дараа африкийн үндсэрхэг өвчин хэмээх хийрхэл энд тэндгүй дэгдсэний нэгийг Нерьерэ санаачилсан юм. Гадны юм болгоноос сэжиглэж, хүмүүсийн хувцаслалт, алхаа гишгээнд хүртэл оржээ. Эдүгээ танзани хөгжлөөрөө тивдээ сүүл баригчдын нэг. Овойж оцойсон юмгүй, ДНБ-ээсээ хүн амдаа оноох үзүүлэлтээр дэлхийд 156-р яваа даржин орон.

Социализмын зам сонголоо хэмээн манийгаа хангалттай хуурсан Зимбабвейн түүхээс сөхье. Мөн л нуль драм. Ерөнхийлөгч Роберт Мугабетэй би хоёр ч удаа гар барилцаж зургаа татуулж байсных тэр дарагуйлагчийг гайгүй судалсан. 1980 оноос 2017 онд халаагүй засаглажээ. Тэрбээр ардчиллын зарчмууд, хүний эрх, эрх чөлөөг байнга зөрчин дур зоргоороо авирлажээ. Тусгаар тогтнолынхоо төлөө хамтран тэмцэж явсан Жошуа Нкомог хөөж явуулаад Запу намыг нь Хойд Солонгосынхны бэлтгэсэн десантчаар цус урсан даруулаад өөрийн ЗАНУ намыг хуульчилж, өөрөө хязгааргүй дарангуйлагч нь болсон. Үндэсний эрх чөлөөний төлөө хамтран тэмцсэн ЗАНУ, ЗАПУ хоёр намын өвөр хоорондын зэвсэгт мөргөлдөөн 20 мянган хүний амь авч одов. 1982-1988 онд байлдаж туйлдаад 1989 оноос хамтарсан нэг нам болж төлөвшсөн. «Зимбабвейн африк үндэсний холбоо-эх оронч фронт» гэх лут нэртэй. Иргэний дайн, байгалийн гамшиг, өлсгөлөнгийн улмаас түм бумаараа хөрш орнууд руугаа дүрвэсэн, дүрвэсээр ч байна.

Нийт газрын 70 хувь цөөн тоот цагаан арьст фермерүүдийн мэдэлд байхад тэр улсад өлсгөлөн нүүрлэж байсангүй. Харин социалист туршилт болох газрын реформ хийхдээ цагаан арьстан фермерүүдийн газрыг хурааж, өмчид халдаж дарамталснаас тэдний 90 хувь нь Зимбабвээс дүрвэж, үлдэх нь гянданд хоригдсон буюу ядуурсан. Улс орны хүнсний үйлдвэрлэл нурсан ба үр дүнд нь ОУВС санхүүгийн дэмжлэгээ зогсоосон. Тус улсыг Их Британийн хамтын нөхөрлөлөөс хассан.

Европын холбоо хориг тавьсан, тус орон ядуурсан, гиперинфляцаар дэлхийн рекорд тогтоосон. Тэрбум тэрбумын дэвсгэрт хэвлэж гүйлгээнд гаргасан ба төдөн тэрбум зимбабве доллараар ганц талх гэх дээрээ тулсан. Хүн амын 80 хувь ажилгүй, юмны үнэ нь улсаа сүйртэл өссөн нэгэн улс Мугабейн өнгөн дээри Зимбабве болж хувирчээ.

Нийтэд ил болсон баримт. Тусгаар тогтнолоо олохын Өмнөх Зимбабве нь африк тивдээ үлэмж хөгжсөнд тооцогдож байсан бол одоо дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг. Улсын өр нь ДНБ-ийхээ 131 хувь, инфляц нь 231 сая хувь, ДНБ-ий уналт 17.76 хувь гээд 10 жилийн өмнөх үзүүлэлтээр дурайна. Ажиллаж байгаа хүн амын 10 хувь аж үйлдвэрт, тэр нь ДНБ-ийхээ 21 хувь болдог. Бүтээдэг нь нэхмэл, тамхи, хөдөө аж ахуйн боловсруулалт. Байгалийн баялаг арвинтай. Төмөр, алт, чулуун нүүрс, мөнгө, никель, алмаз. Алт, алмазны олборлолт явуулдаг ч эдийн засагтаа нэмэргүй. Хөдөө аж ахуйд хүн амын 66 хувь нь ажилладаг ба тэд нь ДНБ-ийхээ 16.7 хувийг гаргадаг. Тамхины тариалангийн экспортоор дэлхийд гуравт яваа. Хөвөн, цай, чихрийн нишэнгэ гэсгээд цаашаа тариалдаг нь байхгүй. Улаан буудай, эрдэнэ шиш, хүнсний ногоо нь дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй.

Энэ улс өрнөдийн түншүүддээ итгэхгүй, социализм нь нурсан, СССР байхгүй гэдгээр шалтаглан 2006 онд «Look East» буюу дорныг тольдох бодлого гэгчээ тунхаглаж, Хятад, Энэтхэг, Иран, Индонез, Хойд Солонгосыг баримжаалах болжээ. Гэм нь нийгмийн байгуулал нь урагш явсангүй.

Түүхнээ тодоор бичигдсэн бас нэг “туршлага” бол холер өвчний тархалт. Африктаа хошуучлав.  Өлсгөлөн, тураал цаана нь байж байгаа. Бүх бурууг Мугабед тохож түүнийг огцрохыг дэлхий даяараа шахаж шаардаж байсныг мань хүн 10-аад жил нүд анин өнгөрүүлсэн. Бүр гаднаас хөрш орнууд нь хамтран цэрэглэн халдаж, түүнийг засгийн эрхнээс унагах өдий өдий төлөвлөгөө дуулдаж байлаа. Гадаадаас элдэв санкц тавиулаад гадаадад айлчлах зорчих эрхгүй төрийн дээд түшмэд 200-д хүрч, тус улсын 40 компанийн активыг Европын холбооны орнуудад царцаагаад байлаа.

Сөрөг хүчний Морган Цвангираи тэр хоёр үхэх сэхэхээ үзэн тэмцэлдээд үр дүнгүй. Дэлхий нийт цэл залуу Цвангираиг дэмжээд байдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд 90 насыг дөхсөн Мугабе яаж ийгээд ялаад байдаг. Бүр сүүлдээ Цвангираиг автомашины ослоор үхүүлэх гэж үймүүлээд эхнэрийг нь хорлож алав. Сөрөг хүчинтэйгээ ажиллаж байгаа арга нь тэр. 2013 онд үндсэн хуулийн референдум явуулж ардчилсан чиглэлтэй улс болсон гээд санкцаа цуцлуулжээ. Улс орон яг нурахын даваан дээр Зимбабвейн цэргийнхэн 2017.11.15-нд цэргийн  эргэлтэрхүү юм хийж, Роберта Мугабег баривчилж сайд нарыг нь хорижээ. Хорьж ятгасны дүнд мань хүн дөрвөн өдрийн дараа эрх баригч намын даргын тушаалаа өгч, импичмент зарлуулна гэсэн тулгалтын дор Ерөнхийлөгчийн сэнтийгээсээ буув. Тэрбээр одоо 95 настай, амьд сэрүүн эмчлүүлж байгаа ба залгамжлагч, өөрийн намын Эммерсон Дамбудзо Мнангагва гэгчийг хууль бус Ерөнхийлөгч, төрийн эргэлтээр хууль бусаар надаас булаан авсан хэмээн ярьсаар сууна.

Инээдэм бус ханиадам болох түүхийн өчүүхэн хэсгээс дээр цухас өгүүллээ. Африкийн примитивизмийн сонгодог жишээ улсаар Зимбабвейг нэрлэж болно. Тэдний замаар орчихгүйн төлөө, эсвэл венесуэлийн нийгмийн эх захгүй халамжийн замаар орчихгүйн төлөө энэ нийтлэлийг дээдэст зориулан илгээлээ. Нийгмийн хэт их халамж явуулдагаараа Монгол Улс Азидаа зургадугаар байрт, Сингапур, Япон, Өмнөд Солонгостой л ана мана үзэлцээд байх нь тэр. Харин ДНБ, үндэсний орлого баялаг гэхлээр хойш суугаад азидаа бөгсний хэдэн байрын нэгэн дээр буух үйлтэй төрсөн улс уу, бид.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол бидний хохь

Нийгэм өөрчлөлтийг хүсэж байна. Үндсэн хуулинд яг одоо л өөрчлөлт оруулахыг хүсэж байна

 0 сэтгэгдэл


Яг одоо гудамжинд гараад тааралдсан нэгнээс үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаар ямар бодолтой байна вэ? гээд асуугаад үз. Дахиад цааш нь үргэлжлүүлээд уулзаад, асуугаад яв. Та тэгээд “өөрчлөлт оруулах хэрэгтэй”, “зөв байна”, “өөрчлөлт оруулах цаг нь болсон” гэх хариултыг л ихэвчлэн сонсох болно гэдгийг баталгаатай хэлж чадах байна. Гэхдээ энд үндсэн хуулийг шинэчлэх тухай биш 1992 онд батлаад 27 жил үйлчилж ирсэн Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ярьж байгааг зориуд онцлох ёстой байх. Би ч гэсэн өөрчлөлтийг дэмжиж байгаа хүмүүсийн нэг. Гэхдээ худлаа яриад яахав, би хуулийг сайн ойлгодоггүй юм. Тэр тусмаа хуулийн толгой эргүүлсэн хэллэг, хуульчдын үг, өгүүлбэр нь орооцолдсон, мөд төгсөж дуусдаггүй урт, урт тайлбар энэ тэрийг бол хэд дахин уншиж байж арай нэг ойлгомор аядана. Үнэхээр хэцүү, бүр маш хэцүү байдаг юм.

Тэгсэн атлаа иргэний үүрэг, сэтгүүлчийн мэргэжил, ёс зүй маань хуулийг заавал уншиж, таниж мэдэж байхыг надаас зайлшгүй шаарддаг. Ингэхэд юү өгүүлэх гээд байна вэ, гэж үү?

Монгол Улс 1990 оноос хойш ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгмийн тогтолцоог сонгоод сайнтай, муутай 30 жил замналаа. Өдий хэрийн хугацаа нь улс орон мандан бадарч Япон, БНСУ, Сингапур шиг хүчирхэг, баян эс бөгөөс эдийн засаг нь шалдаа бууж дампуураад, өлсгөлөн, иргэний дайн дажинд нэрвэгдсэн африкийн ядуу улс орнууд шиг болохын алинд ч хангалттай гэдэг. Монгол харин энэ урт хугацаанд яг үнэндээ сэргэн мандаж сэхсэнгүй, бас арай ч мөхсөнгүй.

Харин наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болж, бүр сүүлдээ засаглалын хямралд орчихлоо. Засаглал хямрахаар нийгэм, эдийн засаг тэр чигээрээ хямарч, ёс суртахууны уналтад ордог юм байна.

Ёс суртахуунгүй нийгэмд гэмт хэрэг, авлига хогийн ургамал шиг цэцэглэн, богино хугацаанд газар аван хүчрэгдэхээ байж, ядуурал, өвчин эмгэг гаардаг болохыг бид яс махаараа мэдэрч, ард түмэн цөхөрлийн туйлд хүрчихээд байна.

Энэ бүхний гол шалтгаан үндсэн хуульд бий гэж буруутгах нь өрөөсгөл ч, зарим заалт, зүйлүүдэд засвар, өөрчлөлт, нэмэлт хийх шаардлага зайлшгүй тулгарч байгааг нас биед хүрсэн монгол хүн бүр хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаа билээ. 1992 оноос хойш үндсэн хуульд гар хүрээгүй гэх нь хаашаа юм. 2000 онд долоон заалт бүхий өөрчлөлт оруулж байсан. “Дордохын долоо” ч гэж ярьдаг. За энэ яахав.

Хамгийн гол нь сүүлийн 20 гаруй жил үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар их удаан ярьж, зайлшгүй гэдэгтэй улс төрийн бүх хүчин санал нийлдэг ч, өөрсдийн ашиг сонирхлын үүднээс зөрчилдсөөр өнөөдрийг хүртэл юу ч хийж чадаагүйн шалтгаан бол өмнөх парламентуудад ямар ч боломж байгаагүйнх юм. Учир нь намууд парламентад ойролцоо суудал авсан намууд бие биенээ эрх ашгийн үүднээс сөрөөд, иймэрхүү том реформын шинжтэй өөрчлөлт хийх шийдвэрийг гаргаж чаддаггүй байлаа. Харин энэ удаа УИХ-д МАН 64 суудалтай байгаа нь үгүйлэгдээд байсан түүхэн боломж 20 жилийн дараа бий болсон хэрэг.

МАН 2016 оны сонгуульд үнэмлэхгүй давуу ялалт байгуулсан нь сонгогчид тэдний үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн амлалтыг л дэмжсэнтэй шууд холбоотой байсан гэхэд буруудахгүй. Өгүүллийн эхэнд монгол хүн бүр тулгуур хуульдаа өөрчлөлт хийхийг дэмжиж байгаа гэдгийг би дурдсан. Үнэнийг хэлэхэд олон жил ярьснаа энэ удаа хийж эс чадвал Үндсэн хуульд өөрчлөлт хийх бүх нийтийг хамарсан ийм хэмжээний ойлголцолд хүрэх боломж дахин мөд гарахгүй байхаа.

Тиймээс улс төрийн бүх хүчин, тэр тусмаа эрх баригч намынхан дотоодын зөрчил, хувь амбицдаа хэт хөтлөгдөн, хувийн тоглолт хийхээсээ татгалзан Монголын төлөө олдсон энэ боломжийг алдахгүй байх нь чухал санагдана. Одоо л үндсэн хуульдаа маш сайн бодож, бүх нийтийг хамруулан хэлэлцэж, ёстой л долоо хэмжиж байж өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

Хэрвээ үүнийг хийж чадахгүй бол дахин эрх зүйн ээдрээтэй орчинд Монгол цааш олон жил зовж зүдрэх нь тодорхой. Алдаж болохгүй боломжийг “гол дүр” өөрт нь оногдохгүй байгаагийн улмаас шарлахаж, эсэргүүцэж, алдагдуулахыг хүсэж байгаа улс төрийн хүчин, хувь хүмүүсээс болж үндсэн хуульд өөрчлөлт хийж чадахгүй эл боломжийг алдвал монголчуудад харамсаад барахгүй харамсал болж үлдэнэ дээ. Ийм болж үлдэх вий гэсэн дохио, шинж тэмдэг цухалзаад эхэлж байна.

УИХ-аар үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд эхэлсэн. Ямар өөрчлөлт оруулах гэж байгаа төслөө олон нийтэд танилцуулаад эхэлсэн. Бүх нийтийг хамрахгүй байна, зарим зайлшгүй өөрчлөх ёстой асуудал хөндөгдөөгүй байна гэх мэт шүүмжлэл гарч байгаа нь  сайн хэрэг. Энэ бүхнийг нягтлан, санаа оноогоо нийлүүлж, маш сайн өөрчлөлт хийчихвэл болоод явчих нь тэр. Гагцхүү хойшлуулж, саатуулж болохгүй гэдгийг л ард түмэн улс төрийн хүчнүүд санаж байх хэрэгтэй.

Монголын төлөө олдсон энэ боломжийг алдахгүй байх нь чухал санагдана

УИХ-ын чуулганаар үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлэг болоход эсэргүүцсэн гишүүн цөөнгүй байсан.

Яагаад? Анх МАН-ын 64 гишүүн бүгд гарын үсэг зураад үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэсэн өргөх бичиг бариагүй билүү. Эсэргүүцэх байсан юм бол анхнаасаа татгалзах хэрэгтэй байж. Энд зүгээр зарим гишүүн хувийн тоглолт хийж, олон нийтэд “попорч” байгаагаас өөр зүйл харагдахгүй байна.

Уг нь үндсэн хуулийг яаралтай сайжруулах шаардлага байгаа талаар их удаан ярьцгаасан атлаа цаг нь болоод тулаад ирэхээр ингэж явцуурч байгаа нь шог харагдахгүй байна гэж үү! Нийгэм давалгаалж, тэр чигээрээ л өөрчлөлтийг хүсэж байна. Үндсэн хуульд яг одоо л өөрчлөлт оруулахыг хүсэж байна.

Эцсийн эцэст үндсэн хууль бол ард түмний давуу эрхтэйгээр төртэй байгуулсан нийгмийн гэрээ билээ. Тиймээс үндсэн хуульд энэ үзэл санааг илүү тодотгон, өөрчлөх эсэх нь улстөрчдийн, улс төрийн намуудаас илүү таны, чиний, миний, та бидний хүсэл эрмэлзэл юм.

Бидний хүсэл эрмэлзэл бол Монгол Улсын хөгжилд гай уддаггүй, чөдөр тушаа болоод байдаггүй, харин түлхэх хүч болсон үндсэн хуультай болох явдал мөн билээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сумын Засаг даргыг иргэд сонгож, дүүргийнхийг ИТХ томилно

Төрийн албаны томилгоо чадахуйн зарчимд үндэслэнэ

 0 сэтгэгдэл


УИХ-ын даргын захирамжаар томилолт өвөрлөн, тойрогтоо ажиллаад ирсэн гишүүд үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд иргэдийн өгсөн саналуудаа нэгтгэж буй.

Хэрэв иргэдийн саналын 70-аас дээш хувь нь давхардвал түүнийг нэмэлт, өөрчлөлтөд тусгах зарчмыг барьж байгаа аж. Өчигдрөөс УИХ-ын байнгын хороод үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд, иргэдийн саналаар төслийн аль хэсэгт өөрчлөлт оруулахаар болж буйг УИХ-ын гишүүн, үндсэн хуулийн эх баригч Д.Лүндээжанцан мэдээллээ.

Тэрбээр юуны түрүүнд байгалийн баялаг, түүнийг хэрхэн захиран зарцуулах талаарх заалтыг онцолсон юм.

“Үндсэн хуулийн 6.2-т Байгалийн баялаг нь төрийн өмч мөн гэдэг одоогийн заалт хөндөгдөөгүй. үүний араас байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдлыг хадгалах, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах зорилгоор баялгийн сан байгуулж, иргэн бүрт тэгш шударга хүртээх зарчмаар, Монголын ард түмний сайн сайхны зорилгод нийцүүлэн ашиглана. Иргэд байгалийн баялгийн аливаа эрх, үйл ажиллагааны талаар бусдын хууль ёсны эрхийг хөндөхгүйгээр мэдээлэл авах, мэдэх эрхтэй гэдэг заалтыг оруулж байна. Энэ бол иргэд, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудаас ирсэн санал” гэв.

Мөн УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ үндсэн хууль зөрчсөн эсэхийг үндсэн хуулийн цэц тогтоож, эргүүлэн татах үндэслэлтэй гэж үзсэн бол уиХ-аар хэлэлцэн шийдүүлэх заалтыг нэмж байгаа аж.

Түүнээс гадна төрийн жинхэнэ алба нь хариуцлагатай, тогтвортой, чадахуйн зарчимд үндэсэлнэ гэдэг заалтыг найруулан оруулж байгаа. Энэ нь төрийн албан хаагчийг дархалж байгаа хэрэг биш хэмээн тайлбарлав.

Мөн нутгийн удирдлагын тогтолцоотой холбоотой олон санал иргэдээс ирсэн бөгөөд, сумын Засаг даргыг иргэд нь шууд сонгодог байх заалтыг оруулахаар болжээ. Харин дүүргийн Засаг даргыг ИТХ нь томилно.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлгээр нийт 52 саналыг хураалгах аж. Харин үүний дараа ард нийтийн санал асуулгын талаар шийдвэр гаргана.

Энэхүү мэдээллийг өгсний дараа түүнээс зарим зүйл дээр нэмж тайлбар авлаа.

-Байгалийн баялаг нь ард түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна гэдэг байдлаар Үндсэн хуульд тусгаж болоогүй юм уу. Яг ийм саналыг зарим улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд хэлж байсан?

-“Төрийн өмч” гэдэг үгийг 1992 онд үндсэн хуулийг баталсан хууль тогтоогчид санамсаргүйгээр хийгээгүй байх. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, ой ус, ан амьтан цөм хувийн өмч байж болохгүй. Мөн эзэнгүйдэж болохгүй гэсэн санааг суулгаж, төрийн өмч байна гэж баталсан. өмнөх заалт буюу 6.1-т энэ бүхэн ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж байгаа. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд Ашигт малтмалын тухай болон бусад хуулиар гажаад явчихсан. Тиймээс энэ байдлыг засахын тулд байгалийн баялгийг хөгжлийн бодлогод тулгуурлан, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг баталгах зэрэг зорилгоор баялгийн сан байгуулж, иргэн бүрт тэгш хүртээх зарчмаар ашиглана гэдэг заалтыг оруулж байгаа юм. Зарим улсын үндсэн хуульд иргэд байгалийн баялгийг ашиглахтай холбоотой аливаа үйл хэргийн талаар мэдээлэл авах эрхтэй гэж заасан байдаг. Тэгэхдээ тэр мэдээллийг хууль ёсны дагуу авах бөгөөд, төр мэдээллээр хангах үүрэгтэй. Түүнээс биш дайрч орно гэсэн үг биш.

-Хэлэлцүүлэг эхэлснээс хойш Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авсан болов уу?

-Ерөнхийлөгчийн санал ирнэ гэж найдаж байна. Тэгэхдээ төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаас өмнө ирэх байх. Төрийн байгуулалтын байнгын хороо хэр хугацаанд хуралдахыг мэдэхгүй. Гэхдээ түүний дараа л нэгдсэн чуулган руу орно. Харин Ардчилсан намын зөвлөлийн хувьд, Д.Эрдэнэбат дарга болон Ж.Батзандан, Л.Болд нар анхнаас нь маш идэвхтэй ажилласан.

• УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл эгүүлэн татах саналыг Цэцээс парламентад оруулна. 

• Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийн 35-аас хэтрэхгүй хувьд нэмэлт, өөрчлөлт орно. 

• Төсвийн зарлагын нийт дүнг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр өөрчилж болохгүй. Төрийн сангийн зардал УИХ-аас хараат бус байна.

Бусад гишүүд ч мөн адил оролцоод явж байсан. Тиймээс Ардчилсан намын зөвлөлийг үндсэн хуулийн хэлэлцүүлэгт орно гэдэгт итгэж байгаа. О.Баасанхүү гишүүн бол хууль санаачлагч. Мөн өөрөө Ажлын хэсэгт байгаа. 2015 онд Н.Батбаяр гишүүний ахалсан Ажлын хэсгийн 37 хүний гарын үсэгтэй төслийн 30 нь Ардчилсан намын гишүүн байсан. Тэр төслийн үзэл санаа энэ удаагийн өөрчлөлтөд нэвт шувт сууж буй. Тэгэхээр үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг нэг нам дангаараа боловсруулаагүй, зөвшилцлийн үндсэн дээр хамтын хүчээр боссон гэсэн үг. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа үндсэн хуулийн 35-аас хэтрэхгүй хувьд нэмэлт, өөрчлөлт орно.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар иргэд хэр мэдээлэлтэй байгаа юм бэ. Мэдээлэлгүй байгаа иргэдээс санал авах нь үр ашиггүй гэж үзэх хэсэг ч байна.

-Үндсэн хуулийн шинжлэх ухаан гэдэг их хэцүү зүйл юм байна. Үндсэн хуулиа мэдэгтүн, сахигтун гэдэг. Иргэддээ үндсэн хуулийн боловсрол, мэдлэг олгох талаар бид сайн ажиллаж чадаагүй. Гэхдээ үндсэн хуулийн үг бүхэн нарийн утга учиртай байдаг тул тэр бүрийг мэднэ гэдэг амаргүй ч байх.

2000 оны долоон нэмэлт, өөрчлөлтийг үдээс өмнө өргөн бариад, үдээс хойш нь баталсан. Үүнээс болоод маш их шүүмжлэл дагуулдаг. Тиймээс бид одоогийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хууль болгон баталтал нь иргэдийн саналыг авсаар байна. Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг иргэдэд өгөх гэж олон аргаар үзэж байна. Цаашид ард нийтийн санал асуулга явуулах хоёр сарын хугацаанд илүү сайн мэдээллийг иргэдэд өгөхийг зорино.

-Гишүүнийг эгүүлэн татах саналыг ҮХЦ-ээс оруулж ирэх юм байна. Тэгэхдээ зөвхөн Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд. Энэ нь гишүүдийг хариуцлагатай болгох арга хэрэгсэл мөн үү?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа энэ асуудлыг УИХ-ын тухай хуулиар нарийвчлан зохицуулна. Бүхнийг үндсэн хуульд багтаах аргагүй. Гэмт хэрэг үйлдвэл түдгэлзүүлэх, түүнийг нь шүүх тогтоовол эргүүлэн татах заалт үндсэн хуульд тэртээ тэргүй бий. Харин үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татдаг байх заалтыг шинээр нэмж оруулж ирлээ. Парламентын гишүүдийг сонгогчид нь эгүүлэн татдаг байя гэсэн санал их гардаг. Бид 1992 оны үндсэн хуулиар чөлөөт мандатын зарчимд орсон учир сонгогчид нь биш парламент өөрөө гишүүнийг түдгэлзүүлэх, бүрэн эрхээс нь чөлөөлөх асуудлыг шийддэг байя гэдэг заалтыг оруулж өгч байна. Түүнээс гадна мэргэжилтнүүд, үндсэн хууль судлаачдын зүгээс парламентын тогтвортой байдал, иргэдийн эрх ашигт туйлын хянуур хандах хэрэгтэй гэдэг. Тэгэхгүй бол улс төрийн тоглоом болгох, төрийн эрх, засаглалыг унагах үйл ажиллагааны хэрэгсэл болчихвий гэсэн болгоомжлол байдаг юм билээ. Олон жил ажилласан судлаачид үүн дээр нэлээн хатуу байр суурьтай байгаа. Харин улстөрч бидний хувьд иргэдийн санаа бодол дээр төвлөрч, УИХ болон гишүүний хариуцлагын асуудал байгаа учир дээрх заалтыг оруулж ирсэн.

-УИХ-ын гишүүд болон парламентыг хариуцлагатай байлгах өөр ямар механизм байгаа вэ?

-УИХ-ыг хариуцлагатай байлгах заалт олон газар бий. Тухайлбал УИХ-ыг тараах асуудлыг хоёр ч газар зохицуулж өглөө. Нэгдүгээрт сонгуулийн дараа 45 хоногт Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол УИХ тарна. Хоёрдугаарт Ерөнхий сайдад итгэл үзүүлээгүйн улмаас огцорсон тохиолдолд дараагийн Засгийн газрын тэргүүнийг томилж чадахгүй 30 хоновол Ерөнхийлөгч тараах зарлиг гаргах эрхтэй. Мөн УИХ үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байна гэж Ерөнхийлөгч үзвэл УИХ-ын даргатай зөвшилцөж, нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар тараах механизмыг суулгаж өгсөн. Дээр нь төсвийн зарлагын нийт дүнг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр өөрчилж болохгүй. Төрийн сангийн зардал УИХ-аас хараат бус байна гэх мэт парламентын хариуцлагатай холбоотой зохицуулалтыг оруулж өгсөн.

Нийт гишүүний олонх буюу 39-ээс доошгүй ирцтэйгээр хууль баталдаг байх, давхар дээлийг тайлах гэх мэт олон олон зохицуулалтыг энд дурдах хэрэгтэй. П.Жасрай, Н.Энхбаяр нарын Засгийн газрын үед сайд нарын 4-5 нь л давхар дээлтэй байсан. Тэдний тэргүүлсэн кабинет дөрвөн жилийн бүрэн эрхээ хэрэгжүүлж чадсан. Тиймээс хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгааг хангахын тулд энэ мэт эрс хязгаарыг тавьж байгаа юм.