A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/426/

Замын нүх даатгалын компаниудыг 4.2 сая фунт стерлингээр “торгов”

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/426/

A

Жижиг

A

Дунд

A

Том

Худалдааны нөхцөл иений ханшийг чангаруулав

 0 сэтгэгдэл

Геополитикийн нөхцөл муудсанаас хөрөнгө оруулагчид эрсдэлгүй бүс нутгийг илүүд үзэх болсонтой уялдан япон валютын ханш пүрэв гарагт сайжирлаа. Геополитикийн бүрхэг нөхцөлд швейцар франктай адил бас нэг найдвартай валют болдог иений ханш Ази-Номхон далайн бүсийн өглөөний арилжаагаар 0.5 хувиар сайжирсан нь тавдугаар сарын 14-нөөс хойш тохиолдож буй үнэмлэхүй өсөлт юм. “Ногоон”-ыг валютын сагсан дахь бусад мөнгөтэй харьцуулдаг хэмжүүр-ам.долларын индекс мөн хугацаанд дөнгөж 0.1 хувиар суларсан нь иений өсөлт нэгдсэн улсын валют ханшаас төдийлэн шалтгаалаагүйг харуулав. АНУ, БНХАУ, Умард Солонгос зэрэг улсын харилцааг муутгасан хэд хэдэн үйл явдал болсны дараа иений ханш өсөв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар зургадугаар сарын 12-нд уулзахаар товлосон дээд хэмжээний уулзалт болох эсэх нь эргэлзээтэйг Умард Солонгосын мэдээллийн төв агентлаг пүрэв гарагт анхааруулсан. АНУ-д лхагва гарагийн орой ноён Трамп худалдааны асуудал хариуцсан албаны хүмүүстээ автомашины импорт үндэсний аюулгүй байдалд халгаатай эсэхийг судлах үүрэг өглөө. Бээжин Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудыг цэрэгжүүлсээр байгаатай уялдан АНУ далайн цэргийн томоохон сургуулилалтдаа Хятадыг урьсан урилгаа саяхан хүчингүй болголоо. Бизнесийн эрсдэл тооцох хандлага Ази тивд төдийгүй Европын худалдаанд нөлөөлж буйгаас лхагва гарагт япон иен, швейцар франк аль аль нь өссөнийг Wespac-ын шинжээчид онцолсон юм.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Sony-гийн шинэ босс хиймэл оюун ухаанд төвлөрнө

 0 сэтгэгдэл

Sony-гийн шинэ захирал Кеничиро Ёшида өгөдөл ба хиймэл оюун ухааныг компанийхаа аврах стратеги болгож, Amazon ба Google зэрэг компаниуд Японы технологи, энтертэйнмент группт оршихуйн аюул учруулж байгааг анхаарууллаа. Тэрбээр дөрөвдүгээр сард албан тушаалаа авснаас хойш анх удаа хэвлэл мэдээллээр ярихдаа “Amazon, Google, Facebook мэтийн өгөгдлийн мега тоглогчид маш хүчирхэг тул бүх зүйлийг хийж чадна. Бидний зах зээлд үлдэх сорилт нь өгөгдөл ба хиймэл оюун ухааныг хэр хянаж чадахаас хамаарна. Миний хувьд хямралын хүчтэй мэдрэмж төрж байна” гэжээ. Sony компани контент ба технологийн хөрөнгө оруулалтаа сэргээхээ зарласны дараахан ноён Ёшида ийм тайлбар хийлээ. Хоёр өдрийн өмнө тус компани EMI Music-ийн хяналтын багцыг 2.3 тэрбум ам.доллараар худалдан авч, стриминг үйлчилгээнд түшиглэсэн хөгжмийн аж үйлдвэрт эргэж ирснээ зарласан юм. Хэрэглээний цахилгаан барааны салбар нь доголдсоноос ихээхэн алдагдал хүлээсэн тус компани онлайн тоглоом, видео, хөгжмийн стримингээс орлогоо өсгөсөн байна.

Энэхүү стратегийн хүрээнд ноён Ёшида тоглоом, санхүүгийн үйлчилгээ, ухаалаг утас зэрэг янз бүрийн хэрэгсэл, платформоос хэрэглэгчдийн өгөгдөл цуглуулахаа мэдэгдэв. Sony асар том өгөгдлийн платформтой Apple болон бусад технологийн аваргуудтай шууд өрсөлдөхийг зориогүй гэнэ. Гэвч ноён Ёшида хэлэхдээ, өөрийн өгөгдлийн сангаа (PlayStation-ы тоглоомын үйлчилгээний сар бүрийн 80 сая идэвхтэй хэрэглэгч гэх мэт) илүү сайн ашиглаж, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн контент үйлдвэрлэнэ хэмээн онцлов. Тэрбээр “Бид хэрэглэгчидтэйгээ ойр байхыг хүсдэг. Миний бодлоор энэ бол манай сэргэх арга зам” хэмээв. Энэ зорилгоор Sony компани PS Vue үйлчилгээгээ Netflix- ийн тэргүүлдэг шахцалдсан зах зээлд цаашид үзүүлсээр байх аж. Jefferies фирмийн шинжээч Атул Гояал “Sony энэ бизнест өрсөлдөх давуу тал байхгүй нь болор шиг тодорхой зүйл. Эднийх сүүлийн гурван жилд нэг сая хэрэглэгчтэй байж үзээгүй” гэжээ.

Гэвч Ёшида хэлэхдээ PS Vue үйлчилгээ хэрэглэгчдийн таашаалын талаар бодит цагийн үнэ цэнтэй мэдээлэл өгдөг хэмээн тайлбарлав. Хоёрдугаар сард Sony Японы таксины компаниудтай хамтарч, унаа дуудах үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа зарласан. Эднийх түүнчлэн Apple-ын ухаалаг утсанд суулгасан дүрс мэдрэгчийг шинэчилж, өөрийн жолоодлоготой машинд зориулан борлуулалтаа өсгөх боломж хайж байна. Ноён Ёшида “Бид хөдөлгөөний аюулгүй байдалд хувь нэмрээ оруулна” гэсэн боловч өөрөө машин үйлдвэрлэх төлөвлөгөө алга гэсэн юм.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Трамп автомашины импортыг шалгаж эхэллээ

 0 сэтгэгдэл


Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа автомашины импортод үндэсний аюулгүй байдлын шалгалт хийж эхэлвэл Европ, Япон, Өмнөд Солонгосоос оруулдаг машинд шинэ тариф тогтоох замыг засаж, дэлхийн худалдааны сөргөлдөөнийг хурцатгаж магадгүй юм. Ноён Трамп лхагва гарагийн орой хэлсэн үгэндээ 1962 оны Худалдааны хуулийн 232 дугаар заалтын дагуу суудлын болон ачааны машин, эд ангийн импортод шалгалт хийхийг Худалдааны сайд Вилбур Росст даалгаснаа мэдэгджээ. Тэрбээр үндэсний аюулгүй байдлын тухай уг заалтыг ашиглан энэ оны эхээр ган ба хөнгөн цагааны импортод тариф тогтоосон юм. Ноён Росс уг шалгалтыг санаачилснаа мэдэгдээд “Хэдэн арван жилийн турш гадаадын импорт манай дотоодын авто аж үйлдвэрлэлийг нурааж байгааг нотлох баримт бий. Худалдааны яам бүх талын, шударга, ил тод шалгалт явуулж, ийм импорт дотоод эдийн засгийг сулруулж, үндэсний аюулгүй байдлыг доошлуулж байгаа эсэхийг тогтооно” хэмээн онцлов. Үүний өмнөхөн ноён Трамп твиттертээ “Америкийн агуу авто үйлдвэрлэгчдэд удахгүй сайн мэдээ ирнэ. Та нар олон арван жилийн турш ажлын байраа бусад орон алдаж, хангалттай удаан хүлээлээ” хэмээн жиргэсэн аж.

Гэвч гадаадын машинуудыг АНУ-ын зах зээлд борлуулдаг дилерүүдийг нэгтгэдэг холбоо дээрх алхмыг Америкийн хэрэглэгчид болон олон тэрбумын эргэлттэй салбарт хохирол учруулахыг анхааруулав. Тус холбооны ерөнхийлөгч Коди Ласк “Автомашины импортыг үндэсний аюулгүй байдлын асуудал мэт авч үзэх нь Америкийн хэрэглэгчид, дилерийн ажилтнуудын хувьд өөр рүүгээ далласан эдийн засгийн сүйрэл болно” хэмээн ярьжээ. Global Automakers байгууллагын захирал Жон Боззелла “Америкийн хэрэглэгчдэд муу өдөр боллоо. АНУ-ын авто үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж байна. Одоо үйлдвэрлэл явуулж буй 13 компани удахгүй нэмэгдэж 14 болно. Өнгөрсөн онд Америк 12 сая машин үйлдвэрлэсэн. Бидний мэдэхээр хэн ч ийм хамгаалалт хүсээгүй. Ийм алхам сонголтыг багасгаж, үнийг зайлшгүй өсгөнө” хэмээн тайлбарлав. 232 дугаар заалтаар мөрдөн байцаалт хийх нь заавал тарифыг өсгөнө гэсэн үг биш. Уг үйл явц хэдэн сар үргэлжилж, Ерөнхийлөгчид зөвлөмж гаргаж өгөх ёстой. Ган, хөнгөн цагааны тарифын хувьд арга хэмжээ зарлаж, хэрэгжүүлэх хүртэл бараг жилийн хугацаа шаардагдсан. Үүнийг үл харгалзан компаниуд болон улс орнууд тарифын хөнгөлөлт эдлэхийн тулд лобби хийсээр байна. Европын холбоо, Канад, Мексикт олгосон түр хөнгөлөлт ирэх сарын 1-нээс дуусгавар болно. Өнгөрсөн онд АНУ 191.7 тэрбум ам.долларын өртөгтэй 8.27 сая суудлын ба хөнгөн ачааны машин импортолсноос тэн хагасаас илүү нь Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээний гишүүн Канад, Мексикээс иржээ.


Уг гэрээг хэлэлцэхэд оролцсон Мексикийн эдийн засагч Луис де ла Калле хэлэхдээ “232 дугаар заалтыг ган, хөнгөн цагаанд ашигласан нь Дэлхийн худалдааны байгууллагын журмыг зөрчсөн эрх зүйн эсрэг хэтрүүлсэн явдал байсан. Автомашинд ашиглах нь тохиромжгүй” хэмээв. Трампын мэдэгдлийн дараах өглөө Ази, Номхон далайн бүсэд арилжаа эхлэхэд Токиогийн хөрөнгийн бирж дээр Toyota- гийн хувьцаа 2.3, Nissan-ых 1.2, Honda-гийнх 1.8 хувиар тус тус унаж, Topix индексийг 0.8 нэгжээр доош татлаа. Мөн Сөүлд Hyundai -ийн хувьцаа 1.4 хувиар хямдарчээ. Ган, хөнгөн цагааны тарифыг эсэргүүцэж буй Европын холбоо дээрх арга хэмжээнд зэвүүцэж, хариу тариф тогтоох нь бараг гарцаагүй гэж шинжээчид таамаглаж байна.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Foxconn-ы салбар Хятадад хамгийн аварга IPO гаргана

 0 сэтгэгдэл


Дэлхийн цахим хэрэгслийн гэрээт үйлдвэрлэгчдийн хамгийн аварга нь болох Foxconn Technology компанийн салбар 27 тэрбум юань буюу 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрүүлэхээр шийдлээ. Уг шийдвэрийн дүнд эх газрын Хятадад хамгийн аварга хэмжээтэй IPO гарах юм. Үйлдвэрлэл нь Шэньжэньд төвлөрдөг Foxconn буюу Hon Hai Precision Industry нь Apple-ын гол гэрээт үйлдвэрлэгч. Foxconn сүүлийн жилүүдэд Apple iPhone болон персонал компьютерийн нарийн технологитой импортын эд анги угсрахаас илүү өөрийн дэвшилтэт бүтээгдэхүүн бүтээж үйлдвэрлэхийг чухалчлах боллоо. Foxconn-ы салбар Foxconn Industrial Internet (FII) нь цахим төхөөрөмж, аж үйлдвэрийн робот, үүлэн тооцооллын бүрдэл эд анги үйлдвэрлэдэг. Шанхайн хөрөнгийн биржийн мэдээллийг үзвэл нэгж хувьцааных нь үнэ 13.77 юань болж өссөнөөр Foxconn- ы нийт үнэлгээ 43 тэрбум ам.долларт хүрээд байна. Тус салбар уг үнэлгээний 10 хувиар тооцож IPO гаргахаар төлөвлөжээ.
FII 2017 онд 56 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь АНУ-ын Сан Хосед төвтэй, техник хангамж үйлдвэрлэгч CISCO- гийн 48 тэрбум ам.долларын орлогоос их байгаа юм. Тус салбар хувьцааны арилжаанаас төвлөрсөн хөрөнгийг 5G мобайл интернет, автоматжуулсан үйлдвэрлэлд зарцуулна. Alibaba, Baidu зэрэг хятад аваргууд Нью-Йоркийн биржид бүртгүүлснээс хойш Бээжингийн бодлого тодорхойлогчид технологийн тэргүүлэх группүүдийг эх газрын хөрөнгийн зах зээлд ахиу нэвтрүүлэх арга эрэлхийлж байна. БНХАУ-ын үнэт цаасны зохицуулах хороо энэ оны эхээр Хятадын хадгаламжийн бичиг (CDR - China Depository Receipt) олгох шинэ зохицуулалтын удирдамж танилцуулсан. CDR нь гадаадынхантай хамтарсан группүүдээс АНУ-д хийх арилжааг зохицуулдаг Америкийн хадгаламжийн бичгийн (ADR - American Depository Receipt) хятад хувилбар болох ёстой. CDR нь гадаадын биржид бүртгэлтэй эсвэл А ангиллын бүртгэлд ердийн нөхцөлд бүртгүүлэх боломжгүй группүүд эх газрын Хятадын биржид бүртгүүлэх боломж олгоно. Хятадын үнэт цаасны зохицуулах байгууллага ялангуяа зах зээл сулрах үед эх газрын IPO-г чанд хянадаг. Эрх баригчдын зохицуулалт нь эх газрын арилжаачид “цус сорох” хэмээн нэрийддэг хоёрдагч зах зээлээс хөрөнгө гадагш гаргах үзэгдлийг хязгаарлах зорилготой.

Энэ оны нэгдүгээр сарын эцсээр үнэмлэхүй өссөн Shanghai Composite индекс эдүгээ 11 хувиар унаад байна. “Юникорнууд буюу зах зээлийн үнэлгээ нэг тэрбум ам.доллар давсан компаниудыг листингийг дэмжих, зах зээлийн тогтвортой байдлыг хадгалах хоёрын дунд тэнцвэр бариулах нь зохицуулах байгууллагуудад хүнд дарамт” хэмээн Pint An Securities компанийн шинжээч Янь Лэй тайлбарлав. Тэрбээр “Foxconn-ы загвар нь Хятадын юникорнууд ирээдүйд IPO, CDR гаргахад загвар болж өгнө” хэмээн нэмж өгүүлсэн юм. Эрх баригчдын удирдамжид шинээр гаргах хувьцааны 30 хувийг “стратегийн хөрөнгө оруулагч нар”-т хуваарилахаар заажээ. Журам ёсоор ийм хөрөнгө оруулагч хувьцаагаа нэгээс гурван жил арилжихгүй өөртөө байлгах ёстой. Харин стратегийн бус, байгууллагын хөрөнгө оруулагч (institutional investor) нарт хувьцаагаа 12 сар арилжихгүй байх хугацаа заасан нь ховор үзэгдэл болов. Хятадын хөрөнгө оруулалтын CICC банк уг арилжааны андеррайтер болж байна.