A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/792/

Засгийн газрын хуулийн төсөл мөрийн хөтөлбөрөө үгүйсгэжээ

​Захиргааны шүүхэд ялагдаад буй 10 хэргээ хаахын тулд ЗЕХ-г “оролдож” байна​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/792/


Засгийн газраас өргөн барьсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг парламент хэлэлцсэн ч, эсэргүүцэлтэй тулгарч завсарлага аваад байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны боловсруулсан “даварсан” хуулийн төслийг УИХ-ын гишүүд иргэний эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж үзээд өргөн барьснаар нь хүлээж авах боломжгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Мөн Монголын хуульчдын холбооноос хүргүүлсэн зөвлөмжийн дагуу ХЗБХ-ны гишүүд дэг төслийг санаачлагчид нь буцаах асуудал ч яригдаж байгаа. Харин сайд Ц.Нямдорж шазуур зууж, өөрийн хуулиа хамгаалах дараагийн хувилбарт шилжсэн талаар хуульчид ярьж байна. Тэрбээр нийгэм даяар эсэргүүцэж байгаа ЗЕХ-ийн нэмэлт өөрчлөлтийг татаж авалгүй хоёр ч хувилбарыг дахин дэвшүүлэх бололтой. Эхнийх нь ЗЕХ-аар Захиргааны хэргийн шүүхэд хамаарах Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргааныг “иргэний” журмаар шийдүүлэх хуучин тогтолцоот хувилбарыг УИХ-ын намрын чуулганд өргөн барих магадлал бий. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хууль батлагдахаас өмнө Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргааныг иргэний хуулиар шийдвэрлэдэг байсан хэлбэр рүү ухралт хийнэ гэсэн үг.

Энэ тохиолдолд иргэн, ААН-ийн талд шийдвэр гарч байсан нь тун бага. Учир нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэний хэргийн шүүгч Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргаанд нотлох баримтыг нэхэн магадлалгүй зөвхөн гаргаж өгсөн материалд тулгуурлан шийдвэрлэдэг. Энэ нь шүүгчийн шударга дэнсээс үл шалтгаалан Засгийн газар ялалт байгуулах гол мэх, дэгээ байсан. Үүнийг л залруулахын тулд УИХ Захиргааны ерөнхий хуулийг 2015 онд баталж, Захиргааны хэргийн шүүхээр Засгийн газрын үйл ажиллагааг хязгаарлаж ирсэн тухай хуульчид сануулж буй. Ийн Засгийн газрын дээрэнгүй шийдвэрийн балагт өртсөн иргэн, ААН хохирлоо барагдуулах боломжтой болсон. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар түүний харьяа байгууллагуудын буруу шийдвэрийн улмаас иргэд ААН-д 24 тэрбум төгрөгийн хохирол учирсныг Захиргааны хэргийн шүүх нотолж, нөхөн төлбөр гаргуулжээ. 2017 онд иргэн, ААН-ээс Засгийн газар түүний харьяа байгууллагатай холбоотой 1772 өргөдөл, гомдол гаргасан байдаг. Захиргааны шүүх 1060 хэргийг хянан шийдвэрлэж иргэдэд хохирлоо нөхөх боломж олгосон байна. Үүний 19 нь шууд Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргаан бөгөөд 10-т нь Засгийн газар ялагдал хүлээгээд байгаа юм. Ийм учраас ялагдлаа цайруулахын тулд Ц.Нямдорж ЗЕХ-д өөрчлөлт оруулахаар “хүчиндэж” байх талтай.

ЗЕХ-д Ц.Нямдоржийн зүтгүүлж буй хуулийн заалт орчихвол дээрх 10 хэрэг шууд хаагдах учир ийн чичрээд байгааг үгүйсгэхгүй. Ц.Нямдорж сайд хүч түрж иргэдийн эрхийг булаах оролдлого бүтэхгүй гэдгийг ойлгосон ч дараагийн хувилбарыг бас төлөвлөчихсөн гэнэ. Тэр нь ЗЕХ-д хамаарах субьектийг цөөлөх шийдэл. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хаврын чуулганаар өргөн барьсан Засгийн газар хэмжээгүй эрхтэй болох төслөөс агентлаг, аймаг, сум, дүүргийн захиргааны шийдвэрийг хасах хувилбар юм. Ингэснээр Засгийн газар, яамдын шийдвэртэй холбоотой маргаан л ЗЕХ-ийн гадна үлдэнэ гэсэн үг. Захиргааны хэргийн шүүхэд ялагдаад байгаа 10 хэргийн дийлэнх нь энэ хоёртой холбоотой шийдвэр учраас анхны зорилгод нь бараг нийцэх хувилбар л даа. Гэхдээ Засгийн газрын ЗЕХ-д өөрчлөлт оруулж, шүүхэд ялагдсан 10 хэргээ аврах ажиллагаа нь мөрийн хөтөлбөрөө үгүйсгэсэн үйлдэл болж байгааг ХЗДХ-ийн сайд мэддэг болов уу. 2016 онд дэвшүүлсэн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтаж улмаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангаж , захиргааны байгууллагаас иргэдийн эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалт бий. Харин өдгөө Засгийн газар, ХЗДХ-ийн сайд нь мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг “буруу ишилсэн сүх” лугаа улайрч явна. Хэрэв Засгийн газар ЗЕХ-д өөрчлөлт оруулж 10 хэргээ хаах зорилгоосоо буцахгүй гэвэл мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан засгийн хувь заяа хаашаа ч эргэж мэдэх юм. “Жоомоо устгах гээд гэрээ шатаачихдаг” онигоо энэ засгийн үед биеллээ олох вий.

ЗГМ: Тодруулга

Н.Энхбаяр: О.Баасанхүү уучлалт гуйхгүй бол дүрмийн өөрчлөлтөөр намаас хасна

Хэнтийн нөхөн сонгуульд туйлын хариуцлагатай оролцоно

МАХН-ын дарга Н.Энхбаяраас цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа. Тус намын удирдлага болон дүрмийн өөрчлөлтийн талаар УДШ-д Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар тус тусдаа хандаад байгаа билээ.

-МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзаад байгаа. Удахгүй Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох гэж байна. Танай намын дотоод зөрчил энэ удаагийн сонгуульд нөлөөлөх үү?

-Улсын дээд шүүх 2011 онд хуралдсан МАХН-ын онц их хурал, түүгээр батлагдсан намын дүрэм хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харин өнгөрсөн хоёрдугаар сард хуралдсан II чуулганаар намын дүрэмд орсон өөрчлөлтийг л хүлээн авахаас татгалзсан. Тэгэхээр сонгуульд оролцоход ямар нэгэн сөргөөр нөлөөлөх зүйл байхгүй.

-Их чуулганаар намын эсрэг ажилласан, хариуцлага алдсан гишүүнийг хасах заалт баталгаажих юм байна. Та нарт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж олгосон О.Баасанхүү гишүүнийг намаасаа хасчихаар парламентад суудалгүй болчих юм биш үү?

-Манай нам 2016 онд 71 хүнийг сонгуульд нэр дэвшүүлсэн. МАХН-ын бааз суурь, нэр хүнд Эрдэнэт хотод сайн байдаг. Тэр үүднээсээ тэнд манай намаас нэр дэвшсэн хүмүүс сонгогдох магадлал өндөр. Хүнийг басаж ярих нь юу юм, гэхдээ тухайн үед О.Баасанхүү надад болон манай хамт олонд Эрдэнэтэд нэр дэвших саналаа тавьж зөвшөөрсний үндсэн дээр УИХ-ын гишүүн болсон. О.Баасанхүү МАХН-аас нэр дэвшээгүй, бие даасан бол сонгогдохгүй гэдэг нь ойлгомжтой. Тийм байж байнга намынхаа эсрэг ажилласан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Ганбаатарын эсрэг тууштай явсан.

-Намын дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх хүлээгээд авчихвал О.Баасанхүүг намаас хассанд тооцох уу?

-Hэрэв О.Баасанхүү гишүүн миний буруу гэж уучлалт гуйгаад, намынхаа эсрэг ажиллахгүй, намынхаа нэр дэвшигчийг дэмжиж ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдвэл бид түүнийг яалаа гэж “чи зайл” гэж хэлэх вэ. Тэгэхгүй энэ хэвээрээ яваад байх юм бол нам өөрийн “төрүүлсэн” гишүүндээ дарлуулаад байхыг хүсэхгүй.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүүд МАХН-ын Их чуулганд оролцох урилга хүргүүлсэн үү?

-Бид хурал болгоноор урилга хүргүүлдэг. ирэхгүй байгаа. Тиймээс л намаас хөөгдөх эсэх нь өөрөөс нь шалтгаална.

-Та Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвших бодолтой байгаа юу?

-2012 онд намайг боловсролгүй, 2016 онд хүмүүжилгүй гээд оролцуулаагүй. Одоо харин тоглоом тоотой нь дээр байлгүй. Яахыг хэлж мэдэхгүй юм. Хэнтий аймагт хэнийг нэр дэвшүүлэхийг намын Бага чуулганаар шийдвэрлэнэ. Харин МАХН энэ нөхөн сонгуульд туйлын хариуцлагатай оролцохоор бэлтгэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ерөнхий сайд төрийн албаны удирдах ажилтнуудыг өөрсдөө соёл, ёс зүйгээрээ манлайлахыг үүрэг болголоо

 0 сэтгэгдэл



Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө. Тэрээр дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана. Иймээс дор бүрнээ шударга, хариуцлагатай, идэвх зүтгэлтэй байж, ёс зүй, сахилга батыг эрхэмлэж ажиллахыг онцгой анхаарууллаа. Цаашид Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, үр дүнтэй дуусгахыг үүрэгдэв. Нэн ялангуяа Засгийн газрын нэрийн хуудас болох газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарахыг даалгалаа. 

Төрийн байгууллагууд төсвийн сахилга бат, хариуцлагыг чанд сахиж, онц шаардлагагүй үед гадаад, дотоод явах,  төрийн автомашиныг хувьдаа ашиглах, шаардлагагүй худалдан авалт хийх зэрэг тэвчиж болох бүх зардлыг хэмнэх ёстойг дурдсан. 

2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан төрийн бүх шатны байгууллага иргэдэд төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод нээлттэй, шударга, авлигагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулан, залуу боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэхийг төрийн байгууллага бүрт анхааруулсан юм. 

Төрийн албаны бүхий л алдаа завхралыг засахыг үүрэгдэхдээ бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, бэлгийн дарамт үзүүлэх, эрхшээлдээ оруулдаг байдлыг таслан зогсоож, бусад албан хаагчийн ажилд нөлөөлж саад болох,хууль бус үйлдэл хийх үүрэг, даалгавар өгөх зэрэг ёс бус үйлдэл гаргахгүй, мөн ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, бүдүүлэг зан авир гаргасан бол хариуцлага тооцохыг онцгойлон дурджээ. 

Төрийн албаны удирдах ажилтнууд байгууллага, нутаг дэвсгэртээ хууль, журам нэн тэргүүнд хэрэгждэг байх соёл тогтоож, өөрсдөө сахилга, ёс зүйгээрээ байгууллага, албан хаагчдаа манлайлж ажиллахыг үүрэг, чиглэл болголоо.

Дээрх үүрэг, чиглэлийг биелүүлж, мөрдвөл төрийн албан хаагч бүр сахилга, хариуцлагатай ажиллаж, ёс зүйтэй, шударга, ил тод, тогтвортой, хариуцлагатай төрийн алба бэхжинэ. Мөн бүх шатанд ажлын үр дүн дээшилж, эдийн засгийн тогтвортой өсөлт эрчимжин, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах боломж нэмэгдэнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

НҮБ-ын төлөөлөгчийн Монголд ажиллах томилолтын хугацаа дуусчээ

 0 сэтгэгдэл


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг томилолтын хугацаа нь дуусгавар болж буйтай нь холбогдуулан өчигдөр хүлээн авч уулзлаа. Тэрээр энэ албандаа зургаан жил ажилласан юм. 

Наоми Китахара нь Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг  өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тус сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь Монгол Улсын хүн амын хөгжил, эмэгтэйчүүд охид, залуусын эрхийг хамгаалах, эрүүл мэндийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх, хувиараа бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр бодит  дэмжлэг  үзүүлж ирснийг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглэв.

Хатагтай Наоми Китахара Монгол Улсад ажиллах хугацаандаа төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Монгол Улсын нийгэм, хүн амын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хатагтай Наоми Китахараг хүлээн авч уулзлаа.

С.Чинзориг сайд түүнд Монгол Улсын нийгмийн хамгааллын салбарт ялангуяа хүн амын цөм болсон залуучуудын хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж Засгийн газрын шагнал  “Нийгмийн, хамгааллын тэргүүний ажилтан” цол тэмдэг гардуулав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрийн албан хаагчдын цалинг 8%-аар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

 0 сэтгэгдэл

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас 2019/01/01-ээс эхэлж 191 мянган төрийн албан хаагчийн цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж 8 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Хөдөлмөр нийгэм хамгааллын гурван талт хэлэлцээрээр 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэж гэрээ байгуулсан. Энэ зорилгоор 267 тэрбум төгрөг төсөвт суулгасан байсан.
Мөн хоёрдугаар сарын 01-ээс тооцож тэтгэврийг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнд зориулж 117.5 тэрбум төгрөг төсөвт суулгасан гэж ХНХ-ийн сайд С.Чинзориг мэдээллээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цөвүүн цагийн оношлогоо

Хуучныг сууриар нь халах, шинэ тогтолцоог цогцлооход УИХ-ын олонх найдаж байгаа

 0 сэтгэгдэл


“Өнгө мөнгө нь хавчиж, хууль гэж үгүй болно. Хавар намар нь хавчиж зун гэж үгүй болно. Хурц сийрэг хэлтнээ цэцэн мэргэнд тооцно. Аль хилэнцэт муу хүнийг хаан мэт өргөмжилнө. Номтой хүн нохойноос дорд үзэгдэнэ”

Цөвүүн цаг ирэхийн дохио шинжийг “Жаран кашарын суварга” хэмээх эртний сударт ингэж хэлсэн байдаг аж. Тэгвэл, цөвүүн цаг гэж юу юм? Тохойн чинээ биетэй хүмүүс ирж хар амиа бодон, гол усаа ч худалдахаас үл төвдөхийг хэлдэг аж. Tэр тарваган хүмүүс нь хэн юм, хэн эх орноо худалдах гээд байна гэх мэт үлгэр домог шиг яриаг орхиё! Харин энд нийгэмд бодитойгоор ямар үзэгдэл бий болов, төрийн харилцаанд юу болоод байна, хямралын гол үндэс нь юу юм, эндээс хамгийн бага эрсдэлтэйгээр гарах арга нь юу байна, цааш ямар тогтолцоо руу орох хандлагатай байна гэдгийг нэг талыг баримтлалгүй хандаж, шинжлэх ухааны үндэслэлтэй концепцыг нийтлэлийн хэлэнд хөрвүүлэн тэрлэх, энэ талаар нийгэм зүйн товч тодорхойлолт өгөхийг зорьсон маань энэ. Хэд хэдэн цувралаар гарах байх, тогтоон соёрхоцгооно уу!

ЮУ БОЛООД БАЙНА

Төр хямарсан нь ойлгомжтой боллоо. Энэ хямралын эхлэлийг цаг хугацааны хувьд тодорхойлон хэлэхэд хэцүү. Гурван сарын өмнөөс бол биш, лавтайяа М.Билэгтийн хэлснээр сүүлийн гурав хоног бол бүр ч биш. Судлаад байхаар 1996 оноос эхлэл нь тавигдсан бололтой юм. Нийгмийн аюулгүй байдлыг тогтоон барьж байсан системийг нурааж, мэргэжлийн кадрыг бүхлээр нь гудамжинд гаргасан, 1997 онд төрийн мөнгөний бодлогыг халж, шинээр хууль гарган олигархиудад чөлөөтэй зам тавьж өгсөн тэр үеэс л эхэлсэн мэт байдаг. Дараагийн жил нь буюу 1998 онд, ард түмний БН засаглалыг тогтоох үзэл баримтлалыг хатуу баримталж байсан хэсэг залуусын заримыг нь хилс хэргээр баривчилж, нилээдийг сэтгэцийн өвчтэй болгон зарлаж, толгойлогчийг нь ам нийлж үгссэн захиалгаар амийг нь тасалсан. Сайхан ч залуус амь өрсөн дутааж хилийн гадна гарсан. Энэ бол бодит үнэн байсан юм шүү, би маш сайн мэднэ. Гэхдээ тэр үеийг ухаж төнхөн судлах цаг одоо алга. Өнгөрснийг судлаад 20 жил боллоо, тэгээд ч үр дүн гарсангүй. Гарах ч үгүй. Хууль хяналтын байгууллага дагнан, улс төргүйгээр хөөцөлдсөн нь дээр байх.

Ер нь бол олон шалтгаан бий. Тиймээс төрийн хямралын шалтгааныг системчилж авч үзэх шаардлага байгаа юм. Системийн анализын аргыг ашиглахын тулд учир шалтгааны холбоосыг олох ёстой. Учир шалтгааны судалгааны арга нь орчин үед маш их хөгжсөн, нөгөө бидний хэрэглэдэг байсан Гегелийн гүн ухааны диалектик судалгааны арга танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн байгаа. Өнгөрсөн процессыг судалж түүн дээрээ дүгнэлт гарган, өнгөрсөн алдаанаасаа суралцана гэцгээдэг байсан даа. Одоо ч энэ 76 тиймэрхүү л аргатай юм шиг харагддаг. Гэтэл Германы Гегелийн клубүүдээс каузэль (causal) шинжилгээний арга гэдгийг гаргаж тавьсан, нэрийг эмнэл зүйгээс зээлдсэн юм билээ. Өнөөдөр тэр нь нийгэм зүйн дэвшилттэй шалгарсан арга болоод удаж байна. Каузэль аргын гол утга нь өнгөрснийг ухаж төнхөн алдаа олоод түүн дээрээ дүгнэлт гаргах биш, урвуугаар одоо болж байгаа бодит байдлаа сайн судлаад (эмпирик түвшинд) түүн дээрээ үндэслэн эхлэлийн цэгийг өнгөрсөн дотор хайж олох. Нийгмийн цаг их хэмжээгээр хэмнэгдэнэ, нөгөө талаас өнгөрсөнтэй зууралдаж асуудлын голчоос хазайх эрсдэлээс аврагдана. Германчуудын гаргасан томьёолол их энгийн.

“ӨНГӨРСНИЙГ ОРХИ, ОДООГОО ТУЛТАЛ СУДАЛ, ИРЭЭДҮЙ РҮҮ БАЙДАГ ХҮЧЭЭР ЗҮТГЭ"

Утгыг ойлгоход бас их төвөгтэй биш. Алдаа яагаад заавал өнгөрсөн дотор байх ёстой гэж? Одоо дотор байж ч мэдэх л биз дээ? Ингээд бодохоор алдааг эхлээд одоо дотроос хай, дараа нь өнгөрсөн рүү өнгий л гэсэн утга болж байна. Манай нөхцөлд одоо хямраад байгаа төр, түүнийг дагалдан хямраад байгаа нийгмийн өнөөгийн бодит байдлыг судлаад байхаар ихэнх алдаа одоо дотор оршдог юм. Төр, нийгмийн хямралыг бүхэлд нь харж шалтгааныг ангилан системчлэх оролдлого эндээс урган гарсан юм! төрийн харилцааны хямрал, нийгмийн ядуурал нь обьектив ба субьектив шалтгаантай. Субьектив шалтгаанаас нь эхэлье.

ҮНДСЭН ХУУЛИЙН СУУРЬ АЛДААНУУД

Төр, нийгмийг хямраасан субьектив шалтгааныг цогцод нь олж харахад тийм ч төвөгтэй биш. Энэ нь одоо мөрдөгдөж байгаа үндсэн хууль, түүнийг дагалдаж, ашиглаж, ургуулж гаргасан зарим том хуулиудын алдаа юм. Энэ бол суурь алдаа. Дагалдсан хуулиудын талаар гэвэл, сүүлийн 20 жил гарсан том том, ялангуяа ашигт малтмалын талаар гаргасан хуулиудад, хуульч нарын хөндлөнгийн эксперт оруулж заалт нэг бүрээр нь шинжлэх ёстой гэсэн ХЗДХ-ийн яамны байр сууриар цааш явах нь зүйтэй. Энийг хийж чадвал чанарын том хувьсгалт өөрчлөлт гарна. УИХ-ыг ч хуульч хүн удирдах ёстой, дэлхийн жишиг ийм. Аль болгон монголоороо байна гэж элийрч балайрч дэлхийн жишгээс гажих юм бэ? Жижигхэн Монгол дэлхийгүйгээр хаачих юм бэ? Ингээд үндсэн хууль руугаа оръё.

Одоо мөрдөгдөж байгаа үндсэн хууль ямар алдаатай болчихоод аймшгийн хямрал руу оруулчихсныг хуулийн мэргэжлийн судлаачид хэлэх байх, хэлж ч байгаа. Шинэ дээд үндсэн хууль гэх төслийг уншсан, ялангуяа тогтолцоог цоо шинээр гаргаж тавьсан, үндэсний уламжлалыг үндэснийхээ хэмжээнд өргөмжлөн гаргаж ирэх санааг сэдсэн гээд заавал анхаарууштай заалтууд их байна билээ. Санал зөрөлдөх юмнууд ч мэдээж бишгүй байсан. Эрдэмтэн судлаачдын бүтээлийг уг нь бид хүндэтгэлтэйгээр хүлээн аваад өргөн хэлэлцэх нь зөв байх аа. Гэхдээ улстөрчид замаас нь утга гуйвуулан тайлбарлаад, туйлчлаад, буруу юм яриад замхруулах талбар тийш нь аваачаад хийчихлээ л дээ.

Засгийн эрхийг ээлжлэн барьж буй хоёр намын оронд нэг намын дарангуйлал тогтоох санаархал, мөрөөдөл нь ил байгаа Н.Энхбаяраас, мөн шударга үнэний дуу хоолой гэснээ худлаа яриад эдэлдэг TV9 хоёроос ард түмэн сүүлдээ залхах байдалд орлоо. Тэртэй тэргүй бухимдалтай байгаа олон түмэнд сэтгэхүйн асар их дарамт үүсгэж байна. Энэ бол сошиалаас авсан олон түмний дүгнэлт шүү. Нийтлэл тэрлэгчийн хувьд ч тиймэрхүү л сэтгэгдэлтэй байна. Ганц асуулт тавъя. МАХН бол улс төрийн гуравдагч хүчин гэж хэн тодорхойлчихоод байгаа юм бэ? TV9 бол шударга үнэний дуу хоолой мөн гэдгийг хэн дүгнээд хэлчихсэн юм бэ?  Ийм болхи бүдүүлэг, массыг мэдрэхгүйгээр элдвийн юм яриад байгаа намд олон түмэн итгэх үү? Нөгөө хоёрынхоо эгээ л нэгэн адилаар түүхийн хүрд нь зогсчихсон нам, гэхдээ яахав шүүмжлэлийг ойшоож авч үзээд алдаагаа засаад цааш явна биз дээ. үндсэн асуудал руугаа оръё!

Бүхний хэмжүүр цаг байдаг. Цаг алдвал боломж живнэ

Үндсэн хуулийн заалт тайлбарлах нь миний ажил биш, Намбарын Энхбаярын ч хийх ажил биш. одоо мөрдөгдөж байгаа үндсэн хууль эцсийн чадлаа барсан гэж үздэг судлаачидтай санал нийлнэ. Хуулийн тодорхой заалтыг ашигласан гэдэг дээр ч нотлогдохуун олж харсан тухайгаа хавчуулаад авъя! Би бүр өөр юм хэлэх гээд байна, юу гэхээр энэ үндсэн хуульд суурь алдаа байгаа тухайд юм. Аливаа үндсэн хуульд суурь алдаа байгаа л бол төр хямрах нь зайлшгүй үзэгдэл. Тэгэхээр төрийн хямралын гол суурь шалтгаан нь энэ үндсэн хууль өөрөө болж таарлаа. Чимид гуай хожим нь “Элдвийн дайралт, эсэргүүцэл, тулгалт гээд олон бэрхшээлийг даван туулж төслийг баталсан” гэж юуг хэлсэн юм бэ? Үүний учрыг одоо олж болно шүү дээ. Тэр түүхийн гэрчүүд өнөөдөр ч гэсэн амьд байцгааж л байна. Тэд ер нь яагаад ганц үг ганхийж болдоггүй юм бэ?

Үндсэн хуулийг заалтаар нь биш, том зургаар нь, цогцод нь, нийгэм зүйн талаас нь харахаар хэд хэдэн үндсэн алдаа гаргачихсан байдаг юм.

1. Монгол Улс бол романгерманы эрх зүйд багтаж явдаг, унитари тогтолцоотой улс. Гэтэл иргэний нийгмийн чиг баримжаатай роман эрх зүйн орчинг тунхагласан мөртлөө парламентын эрх давамгайлж байдаг германы эрх зүйг үндсэн чиг баримжаагаа болгосон байдаг. Нэг л гэр бүлд нь хамрагдах ёстой биз дээ. Тэлээ хурга шиг байж болохгүй. Төрийн тогтолцоо бол үндсэн хуулийн суурь асуудал, бүхэл бүтэн байгууламжийн фундамент юм. Ийм чухал суурь концепц дээр монгол маягийн холимог хуурга нийлүүлж завхруулсан, тэр нь яваандаа төр хямрах дэвсгэр болчихож. Үүнтэй одоо бол хэн ч маргаж чадахгүй, маргаад нэмэргүй. Угаас нийгмийн ухамсар нь дээд цэгтээ хүрчихсэн, соёл иргэншлийн оргилд гарчихсан том гүрнийг хөгжлийн чиг баримжаагаа болгоно гэдэг бол үл гүйцэлдэх субьектив хүчин зүйл байсан. Нөгөө капитализмыг алгасна гээд цагаан морь унаж давхидаг шигээ л юм боллоо. Үндсэн хууль хэрэгжиж эхэлсэн анхны өдрөөс л мэдрэгдээд эхэлсэн. Үндсэн хууль батлалцсан тухайн үеийн УИХ-ын дарга Р.Гончигдорж сандрахдаа өөрчлөлт оруулах ажлыг сэдэж хэрэгжүүлсэн нь улам дордуулсныг ард түмэн мэдэж байгаа. Дараа нь дагалдах хуулиуд дээрээ далайн эрх зүйтэй (АНУ) орнуудын хуулиас аваад энд тэнд нь наачихсанаас болоод арай л улс орноороо сүйрчихээгүй золтой амь гарсан. Нэгэнт л роман-германы эрх зүйд багтдаг л бол үйлчлэлийг төгөлдөржүүлнэ л гэж байхаас хүрээнээс нь гараад явчихаж болдоггүй юм байна гэсэн том сургамжтай үлдлээ. Шинэ үндсэн хуулийг батлахдаа үүнийг сайн тооцох ёстой. Германаар явах уу, францын гэр бүлд багтаж орох уу гэдгээ референдум хийж ард түмнээсээ асуух ёстой юм.

2. Төрийн тогтолцооны байгууламжийг буруу өрсөн. Цэвэр монгол тогтолцоо хийсэн, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэж байхаас үндсэн хуульд үндэсний бүтээгдэхүүн байж болохгүй, заавал дэлхийгээ дагах ёстой байсан. Туршлагагүй, дээр нь юм үзээгүй, бас хийрхүү зангууд нөлөөлсөн байх талтай. Дэлхийн жишгээр бол төрийн гурван өндөрлөг нь ерөнхийлөн засаглах ерөнхийлөгч, хууль тогтоох парламент, шүүх засаглал гэж байх нийтлэг зарчимтай. Гэтэл ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд дэлхийд байхгүй тогтолцоо оруулаад баталчихсан. Улс орон нэгдмэл удирдлагатай байх тухай НҮБ-ын зөвлөмжийг зөрчөөд төрийн гурван өндөрлөг эрхээ хувааж аваад биесээ тойруулан хянах, ёстой л дэлхий дээр байхгүй “монголд үйлдвэрлэв” тогтолцоог тунхаглаад баталчихсан. Нөгөө гурав нь эрх мэдлээ булаалдаж, сүүлдээ төр, aрд түмнээр дэнчин тавин байлддаг болж байна, энэ бол том сургамж.

3. Хүн бүхэн баяжих эрх зүйн нөхцөлийг дэмжсэн, хэм хэмжээ талыг нь хязгаарласан үндсэн хуулийн хандлага чиг шугам нь гар доороо мэдээлэлтэй төрийн түшмэдүүдийг баяжуулж, ард иргэд нь тартагтаа тултал ядуурч гуйранчийн зовлонгоор амиа аргацаан амьдрах байдалд хүргэсэн. Энэ нь хэтэрхий яарсан шийдэл байсныг өнөөдөр ойлгоцгоож байна. Дундчуудын давхарга нурж ядуусын арми өргөжин тэлсэн, массын тэмцэл байхгүй болсон. Нэг том хөрөнгөтнийг дагуулж 10 мянган ядуусыг өөд нь татах бодлого явуулаад бүтээгүй. Төрчид харин аргаа олж хагартлаа баяжсан. Энэ нь нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт болж харагдаад байгаа ч агуулгаараа үндсэн хуулийн гологдол байлаа. Ард түмний төлөөлөл, элчийн үүрэг гүйцэтгэх ёстой түшээд нь төрийг ашиглан, ард түмний эзэмшлийн баялгийг хуу хаман тонож, тэрийгээ өвөр хоорондоо булаалдаж шившгээ дэлгэцгээв. Монгол Улсад далд эдийн засаг бодит биеллээ олж, хэсэг бусаг хулгайчууд эзэн суун, хууль хүчний байгууллагатай хамссан мафийн сүлжээ үүсгэсэн нь ил гарлаа. УИХ-ын дарга нь, нөгөө төрийн гурван өндөрлөгийн нэг нь өөрөө жержёрдон төрийн албан тушаалыг оймс бандааш шиг худалдаж, ашиг олжээ. Улмаар урд хөршийн зах зээлд ч гарсан байж болзошгүй явган яриа талын түймэр шиг тархлаа. Украин шиг сайд нарынхаа албан тушаалыг үнэлэн, хятадуудад худалдах санал тавьсан бололтой цуурхал маягийн юм амнаас ам дамжин яригдаж байна. Энэ бол тэвчишгүй үзэгдэл. Ард түмэн тэвчээр алдаж эрслэн бослоо.

Төрийг хямралд оруулсан обьектив хүчин зүйл, учир шалтгаан бас бий. Тэр нь өнөөгийн төр, нийгэмд үүсчихээд байгаа бодит байдал юм. Мэдээлэл сайн байгаа болохоор энд олон зүйл нуршилгүй, ганцхан зүйлийг тодотгон хэлье! Энэ бол төрийн түшээдийн мэдлэггүй, мэдэмхий, олхиогүй, ховч хэрүүлч, цагаан шуналын донд ихэнх нь автсан. Түүнээсээ гарах ямар ч найдваргүй болсон өнөөдрийн бодит байдалд төрөө хүндлэн шүтэж явдаг үндэсний уламжлалт сайхан чанар руу ялгадас цацсан увайгүй үйлдэл. Хамгийн аймшигтай нь тэд байдлаа мэдэхгүй, үүсчихээд байгаа нөхцөл байдлыг ойлгохгүй биесээ өмөөрөн хоорондоо улайран арсалдаж байгаад л учир нь байгаа юм. Ард түмэн бол хэлэх юмгүй болсоон.

ХЯМРАЛААС ГАРАХ ГАРЦ

УИХ-ыг тараах гарцыг дээрээс нь чиглүүлэн хэлж байна, энэ бол хамгийн муу, эрсдэл ихтэй хаалга. Хэн хожих нь нэг их сонин биш болсоон. Гагцхүү ард түмэн л хохирно. Муугаа нуувчилж үлдэх гээд байна гэдэг талаасаа ч биш. Нийгэм урагшлах уу, эсвэл хямралаасаа дор зовлонтой тулгарах уу гэдэгт л байгаа юм. Ард түмэн ийм том эрсдэлтэй замаар явахгүй ээ, том мэдрэмжтэй ард түмэн шүү дээ. Ганцхан л асуулт байгаа, түүнийгээ л давтан хэлье! төр обьектив, субьектив маш олон алдаа гаргасан, төрийг үндсэнд нь бузарласан эзэн бол төр өөрөө. Гэтэл яахаараа төрийн түшээдийн булай бузрыг ард түмэн сонгогчид цэвэрлэн арилгах ёстой гэж?

Хямралаас гарах цорын ганц гарц бол хувьсгалд уриалан, өөрсдөө манлайлан тэмцэж байгаа  таван залуу улстөрчийг ард түмэн хүрээлэн нягтарч эцсийн үр дүнд хүргэх гэж л харж байна. Ард түмэнд өөр сонголт үлдээгүй. Харин хуучныг сууриар нь халах, шинэ тогтолцоог цогцлооход УИХ-ын олонх найдаж байгаа. Гэхдээ тэд шийдэмгий бус байгаа нь олон түмнийг эргэлзээнд оруулж байна.

ОЙРЫН ИРЭЭДҮЙ

Цаг маш их алдаж байна. Бүхний хэмжүүр цаг байдаг. Цаг алдвал боломж живнэ. Эсрэг тал боломж олж аван маневрлана. Дахин ийм тохироо нөхцөл орж ирнэ гэж таамаглахад хэцүү. Нягтрал бол чадал, ард түмэн маш их зүйлийг үнэнээр нь ойлгосон учраас нягтарч чадлаа. Эрс өөрчлөлтийн хаалга ойрын ирээдүйд нээгдэнэ гэсэн өөдрөг судалгаа байгаа.