A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/775/

Зах зээлд ганцаар ноёлохоос илүү хамтдаа хөгжих нь өгөөжтэй

​“Маяара” орлогынхоо 10 хувийг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд зориулдаг​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/775/


Үндэсний өв соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй энэ бүсгүйг Энхтайваны Азжаргал гэдэг. Тэрээр гарааны бизнесийн амаргүй даваанд Монголчуудын төдийлөн ойлголтгүй нийгмийн бизнесийг амжилттай эхлүүлээд буй “Маяара” брэндийг санаачлагч юм. Эмэгтэйчүүдэд гэртээ хөдөлмөр эрхлэх боломж олгодог нийгмийн бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэх тусам төрд ноогдох ачаа хөнгөрдөг. Мөн тэрбээр Монголын уран зураг болон авангард урлалын зураач нарын оюуны бүтээлийг үнэлж, брэндийнхээ нүүр царай болгон давхар сурталчилж буй.. Залуусын дунд бэлгэдэл сэтгэлгээг суулгахаар зорьж буй түүний бизнесийн онцлогийг сонирхож зочноор урилаа.

Сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн чанар амладаг

-“Маяара” брэндийг Монголчуудын тодорхой хэсэг мэддэг болжээ. Ийм брэнд бүтээгдэхүүн гаргая гэдэг санаа хэрхэн төрсөн бэ?

-Хоёр жилийн өмнө би АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт сонгогдсон. Энтрепренёршип, гарааны бизнес болон жижиг, дунд үйлдвэрийг АНУ-д хэрхэн хөгжүүлдэг талаарх хөтөлбөрт хамрагдаж, сарын хугацаанд туршлага судалсан. Тэнд намайг Ази хүн учраас Хятад гэж эндүүрээд хятадаар мэндлээд байсан л даа. Тэгэхэд бид үндэсний ялгарал буюу Монголоо таниулах тал дээр бага ажиллаж дээ, биднийг хараад монгол гэж шууд мэдэх юу байгаа билээ гэж их бодогдож, эмзэглэх сэтгэл төрсөн. Гуравхан сая хүнтэй Монгол гэдэг улсыг Чингис хаанаас өөр юугаар харуулж болох юм бэ. Даяаршиж буй, интеграцид орж хэл, соёл уусаж байгаа энэ эринд хэн ч харсан Монгол гэж мэдэгдэхээр юу байж болох талаар их бодсон. Тэр үүднээс академик судалгаатай бүтээгдэхүүн гарган дэлхий нийтийн хэрэглээнд оруулахаар “Маяара” брэндийг бий болгох зорилго тавьсан.

-Хэдэн төрлийн бүтээгдэхүүн худалдаанд гаргаад байна вэ?

-Манай брэнд худалдаанд гарч эхэлснээс хойш зургаан сар л болж байна. Энэ хугацаанд Өвөрмонголчууд болон НҮБ-ын Хүн амын сан, АНУ-ын ЭСЯ гэх зэрэг олон улсын байгууллагуудын хамт олон биднийг дэмжсэн. Бид одоогоор 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Цүнх гэхэд л зургаан янз байдаг. Мөн ороолтын хувьд дөрвөн төрлийн өөр материалтай. үүнээс гадна дэвтэр, дагалдах хэрэгсэл зэрэг олон бүтээгдэхүүн бий.

-Монголд ирсэн гаднын зочдод бэлэг өгч явуулах гэхээр ихэнх нь овор ихтэй учраас ачаанд багтдаггүй юм. Танайд Монгол хэв маягтай, авсаархан ямар бүтээгдэхүүн байна вэ?

-Манай багс, үзэгний сав хийц сайтай, хаана ч авч явахаар авсаархан. Ер нь бид хүний хэрэглээнд суурилж бүтээгдэхүүнээ хөгжүүлдэг. Бас бүгд торгон материал дээр хэвлэгддэг учраас загвар сайтай, тансаг харагддаг. Манай брэндийн ороолтууд тэр чигээрээ түүх соёл, бэлгэдлийг шингээсэн. Материалын хувьд ч чанарыг амлаж чадна.

-Чанартай бүтээгдэхүүн гаргахын тулд түүхий эд, технологи чухал. Гол түхий эдээ хаанаас хангаж байна вэ?

-Монголд торго, даавуу үйлдвэрлэдэггүй учраас БНСУ, Япон, Энэтхэг, Хятадаас даавуу, торго сонгож байна. Сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн гэдэг чанар л байдаг. Бизнес гэхээр хүмүүс мөнгө олохыг боддог бол би мөнгийг сэтгэл ханамжаар орлуулдаг. Тийм учраас манай бүтээгдэхүүн хамгийн сайн чанартай нь гэж бардам хэлнэ. Мөн бүгдийг гараар хийж, нэг бүрчлэн хэвлэдэг учраас чанарыг амлаж чадна.

“Маяара”-гаас гаднын зочинд бэлэг сонговол нүүр бардам

-Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө бий юу?

-Бусдаас өөр эд, зүйл хэрэглэхийг хүсдэг, үнэ цэнэтэй зүйлд дуртай хэрэглэгчдэд зориулсан хатгасан, зүү ороосон тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн гаргах гэж байгаа.

-Танай бүтээгдэхүүний гол хэрэглэгч нь ямар хүмүүс байдаг вэ?

-Анх эх орондоо байгаа Монголчууд манай брэндийн гол хэрэглэгч гэж харж байсан. Гэтэл Өвөрмонголчууд, гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчууд, жуулчид манай гол хэрэглэгч болоод байгаа. Өвөрмонголчууд Хятад гэх том гүрний 30 гаруй үндэстнээс ялгарах онцлогоо, үндэсний үзлээ тод харуулахыг их хичээдэг. Тэр үүднээсээ “Маяара” брэндийг их сонирхон хэрэглэж байгаа. Харин манай улсад үндэсний өв соёлоо сурталчилъя, гар урлалын чанартай бүтээгдэхүүнээр гангаръя гэсэн сэтгэлтэй “Маяара”-гийн худалдан авагчдын тоо нэмэгдэж байна. Ер нь манай бүтээгдэхүүний худалдан авагчдын хандлага нь үнэтэй брэнд, шошго хөөсөн нийтлэг олонхоос өөр л дөө. Өнөөдөр жинхэнэ, хуурамчийг нь ялгахгүй зөвхөн шошгод ач холбогдол өгдөг худалдан авагч зонхилж байна. Ийм хэрэглэгчид бидний онилох зах зээл биш. Эхлээд монголчуудын худалдан авалтад нөлөөлөх сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай. Монголоороо гангарах сэтгэлгээг илүү хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг.

Монголчуудынхаа бэлгэдэлт сэтгэлгээг сэргээхийг хичээж байна

-Үндэсний өв соёлоороо гангардаг, сурталчилдаг болгохын тулд хэрэглэгчдийн сэтгэлгээг хэрхэн өөрчлөх вэ?

-Уг нь манай бүтээгдэхүүнүүд дундаж үнэтэй. Хэдийгээр чанар дагаж үнэ өсдөг ч Монголдоо үйлдвэрлэж байгаа учраас өндөр үнэ тогтоож болохгүй гэж боддог. Нөгөөтэйгүүр, манай бүтээгдэхүүн нийгмийн сэтгэлгээг өөрчлөхөд зориулагдсан. Бид бүтээгдэхүүн бүрт түүх өгүүлсэн дүр дүрслэл, хэв шинж шингээхийг зорьж байгаа. тухайлбал, “Маяара”-гийн бүтээгдэхүүнд хүрэл зэвсгийн үеэс III, XIII зуун цаашлаад XVI-XVIII зууны түүхэн үйл явц, бэлгэдэл, сэтгэлгээний онцлогийг шингээсэн. “Хатан” коллекцийн цүнх, ороолт гэхэд л Манжийн дарлалыг эсэргүүцсэн монголчуудын бэлгэдлийг агуулдаг. Ер нь монголчууд зан үйл хийх, эд хэрэгсэл бүтээхдээ бэлгэдлийн сэтгэлгээгээр ханддаг байсан. “Маяара”-гийн үнэнч худалдан авагчид бүтээгдэхүүний түүх, бэлгэдлийн утгыг байнга асуудаг болсон, бид ч баяртайгаар тайлбарлаж өгдөг.

-“Хатан” коллекци ямар бэлгэдэл агуулсан юм бэ?

-Эмэгтэй хүний үнэ цэнийг монголчууддаа илүү ойлгуулахыг хүссэн. дээр үед Монголчууд эхнэрээ хатан гэж дууддаг байсан юм билээ. Тэр нь ноён хүнтэй сууж эрх ямба эдэлсэн гэдэг утгаар биш, хүний гэргий болоод амьдрал үзэж, хат суусан эмэгтэйг хатан гэж нэрлэдэг байж. Мөн хатан зориг гэж эмэгтэйчүүдийн амьдралын ухаан, алсын харааг тодотгож хэлсэн байдаг. “Хатан” коллекциос толгойн гоёлын зүүлт чимэглэлийн тоо ширхэг, бэлгэдлийг мэдэж болно. Мөн бүсгүй хүний гоо сайхан, нөхөн үржихүй, хослон амьдрах арга ухааны уялдаа холбоог хэрхэн бэлгэдэж байсныг харж, мэдэж болно. Үүнийг хийхдээ бид бэлгэдэл зүй болон угсаатан судлалын эрдэмтдээс асууж тодруулж байж бүтээгдэхүүндээ ашигласан. Ярилцлагын эхэнд “Маяара” брэнд академик судалгаанд суурилсан гэж хэлсэн нь ийм учиртай.

-Бэлгэт гөрөөс гэдэг III зууны үеийн олдвороор “Маяара”- г чимсэн байна. Энэ нь юуг бэлгэдэж байна вэ?

-“Маяара”-гийн бүтээгдэхүүнд сайн сайхан амьдралын бэлгэдлийг заавал шингээдэг. Бэлгэт гөрөөс бол III-XIII зуунд амьдарч байсан монголчуудын бэлгэдэл сэтгэлгээний нэг хэсэг. Чингис хаан бэлэгт гөрөөстэй уулзсаны дараа Энэтхэг рүү хийх гэж байсан дайнаа зогсоосон гэдэг домог бий. Мөн зарим хаадын булшнаас ийм дүрслэл бүхий эд зүйлс олдсон байдаг. Манай брэнд удахгүй буган хөшөөний загвартай бичгийн хэрэгсэл, нэрийн хуудас, немо цаас хадгалах авангард бичгийн сав хийх гэж байгаа. Ингэхдээ Хөвсгөл аймагт байдаг буган хөшөөний загварыг керамик гар аргаар урлах юм. Түүхээ мэдэхгүйгээс буган хөшөөг гол дээр дамнуулж, гүүр болгон ашиглаж байгааг шүүмжилж, энэ санааг гаргасан.

-Энэ бас худалдан авагчдын сэтгэлгээг өөрчлөх бодлогын нэг хэсэг үү?

-Тийм ээ, ийм өргөн хэрэглээний бүтээгдэхүүн олон бий. Хилийн чанадыг зорьж байгаа Монголчууд Монголоороо гангаръя гэхээр дээл, арьсан эд хэрэгслээр л хязгаарлагдчихдаг талтай. Арьсан эдлэл авч явахад хүнд байдаг учраас дээлээр л үндэсний онцлогоо харуулдаг байлаа. Надад ч ийм хүндрэл олон тохиолдож байсан учраас өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд өв соёл, үндэсний онцлогийг шингээхийг зорьсон.


-“Маяара” ямар утгатай нэр вэ?

-Я.Цэвэл гуайн монгол хэлний тайлбар тольд нэг төрлийн тогосыг Маяара гэж нэрийднэ хэмээн бичсэн байдаг. Монголчууд “хүн нэрээ, тогос өдөө” гэсэн сургаал үгтэй. Нэг талаараа монгол хүн нэр төрөө өндөрт эрхэмлэж явахын бэлгэдэл, нөгөө талаар тогосын өд мэт үндэсний давтагдашгүй өв соёлоороо гангарч, бардам, эрхэмсэг явахын ерөөл оршиж байгаа. Мөн “Маяара” гэж хэлэхэд аль ч хэлэнд амархан, сонсголонтой учраас энэ нэрийг сонгосон.

Нийгмийн бизнес гэдэг ойлголтгүйгээс төр татвараар дарамтлахаа урьтал болгодог

-Энэ зах зээлд танай өрсөлдөгч хэн бэ?

-Мэдээж бизнес учраас зах зээлийн өрсөлдөгч байж таарна. Гэхдээ бид энэ манай өрсөлдөгч, тэрний эсрэг ийм бодлогоор ажиллана гэдэг сэтгэлгээнээс аль болох хол байхыг хичээдэг. Манайх шиг жижиг зах зээлд гарааны бизнес эрхлэгчид өрсөлдөгч гэхээсээ илүү хамтрагч байх нь өгөөжтэй гэж боддог. Тэртэй тэргүй чанар, зах зээлийн өрсөлдөөн хэн нь илүү вэ гэсэн шалгуур тавьчихдаг. Хэн, юуг чанартай хийж чаддаг түүгээрээ дагнах хэрэгтэй л дээ. түүнээс биш нэг нь санаа гаргамагц бүгд хошуураад даган дуурайдаг хандлагаар хол явахгүй.

-“Маяара” брэндийн нэг онцлог нь нийгмийн хариуцлагын үүднээс эмэгтэйчүүдэд олон боломж олгодог юм билээ?

-Монголд нийгмийн бизнес, гарааны бизнес гэсэн ангилал байдаггүй. Бизнесээ дөнгөж эхлүүлж байгаа нь ч, аль хэдийнэ 10 жил болсон компани ч адилхан хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн ангилалд багтдаг. Бүгд адилхан татварын болон бусад дарамтад ордог шүү дээ. Дөнгөж гарааны түвшинд явж байгаа “Маяара”, MCS хоёр адилхан татвар төлдөг. “Маяара”-гийн бизнес бол гарааны бөгөөд нийгмийн бизнес. Нийгэмдээ хүртээмжтэй байхыг зорьдог. Манайд гэртээ олон хүүхдээ хардаг эмэгтэйчүүд, өрх толгойлсон ээжүүд ажилладаг. Би хэвлэлт, эсгүүрээ хийгээд гэрт нь аваачиж өгдөг. Тэд маань оёж урладаг юм. Мөн “Маяара” брэндийн орлогын 10 хувийг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулдаг. Монголд өнөөдөр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах байр арав хүрэхгүй байдаг. Түүнд ашгийнхаа 10 хувиар хөрөнгө оруулалт хийдэг. Энэ утгаараа “Маяара” бол нийгмийн бизнес юм.

-Сүүлийн үед сваровски, шүр, сувдаар гар урлал хийдэг эмэгтэйчүүд олширсон. тэд танайхтай хамтарч нийгмийн бизнес хийж болох нь ээ?

-Бүрэн боломжтой. Ганцаар зах зээлд ноёлохоос илүү хамтдаа хөгжих нь нийгмийн бизнесийн зарчим. Манай бүтээгдэхүүний гоёл чимэглэлийг хийх, хамтрахад нээлттэй. Удахгүй “Маяара” брэндийн цүнх зэс эрдэнийн чулуун оруулгатай арт маягийн загвар гаргахаар ажиллаж байгаа. Энэ мэтчилэн хаана, ямар байдлаар эмэгтэйчүүдтэй хамтрах болох боломж байна түүнийг дэмжих зарчмаар ажиллана. Энэ нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийгмийн бизнесийн онцлог гэж хэлж болно.

-Манай улсад нийгмийн бизнесийн ангилал байхгүй гэлээ. бусад оронд гарааны бизнес, нийгмийн бизнесээ яаж дэмждэг юм бэ?

-АНУ-д гарааны бизнес, нийгмийн бизнес эрхлэх гэж буй хүнд шаардлагатай санхүүжилтийг нь буцалтгүй тусламж байдлаар өгдөг. Дээр нь бизнес эрхлэх сургалтуудыг Жижиг дунд үйлдвэрийн газар нь үнэгүй явуулдаг. Тухайн бизнест зориулсан санхүүжилт нь нийгмийн сайн үйлсэд хөрөнгө оруулалт болж, нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж, баялаг бүтээдэг гэсэн зарчмын үндсэн дээр их дэмждэг. Гэтэл манайд нийгмийн бизнес гэсэн ойлголт байхгүйгээс татвараар дарамтлахаа л урьтал болгож байна. Төрийн худалдан авалт буюу тендерт гарааны бизнес эрхлэгчид оролцох хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаараасай л гэж бодох юм.

-Төрийн худалдан авалтад гарааны болон нийгмийн бизнест ямар дэмжлэг шаардлагатай байна вэ?

-Төрөөс ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд манайх шиг шинэ тутам байгуулагдсан компани хамрагдах боломжгүй. Манайд бизнестэй холбоотой хууль, эрх зүйн заалтууд ямар ч судалгаагүй гардаг. Төрийн худалдан авалтад их өндөр шалгуур тавьдаг шүү дээ. Тэр шалгуурыг гарааны бизнес эрхлэгчид давдаггүй юм. Дөнгөж үйл ажиллагаагаа эхэлсэн компанид өндөр дүнтэй гэрээ, гэрээний гүйцэтгэл, дүгнэсэн акт байхгүй. Мөн бидний борлуулалтын хэмжээ, орлого тэдний тавьсан хэдэн зуун сая төгрөгийн шаардлагад хүрдэггүй. Хэрэв бизнесийг шатлалаар нь ангилсан хууль баталбал түүнд гарааны бизнес, тэр дундаа нийгмийн бизнес эрхлэгчид тун баяртай байх болно. Мөн төрийн худалдан авалтад оролцох боломжийг тусгах нэмэлт заалт оруулж өгөөсэй. Тэгвэл энэ төрлийн бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэж, тэр хэрээр төрийн үүрдэг нийгмийн ачаалал багасах сайхан боломж байна гэж хардаг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Приус машины батарей сэргээх Монгол дахь анхны үйлдвэр

Нөхөн сэргээсэн батарейндаа зургаан сарын баталгаа өгдөг

 0 сэтгэгдэл


Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй автомашины дунд приус багагүй хувийг эзэлдэг.  Тэгвэл Улаанбаатарт анх удаа приус машины батарей нөхөн сэргээх лаборатори үйлдвэр байгуулагджээ. “ДЦС-III”- ын хойно байрлах “Форвард Моторс” ХХК-ийн авто үйлчилгээний төвд байрладаг уг үйлдвэрийг “Би үйлдвэрлэгч” буландаа онцоллоо. Цаашид зөвхөн приусээр хязгаарлахгүй, гибрид хөдөлгүүртэй бүх төрлийн машины батарейг нөхөн сэргээх зорилт тавьжээ. Тус үйлдвэрийн талаар “Форвард Моторс” ХХК-ийн ерөнхий захирал Г.Орхонтуяатай ярилцлаа.

-Манай улс анх удаа батарей нөхөн сэргээх үйлдвэртэй болсон байна. Үйлдвэрийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Тоёота” Корпорацын дэмжлэгтэйгээр Дэнсо корпорацид боловсруулсан технологид үндэслэн гибрид батарейг нөхөн сэргээх үйлдвэрийг Монголдоо байгууллаа. Судалгаа хийж үзэхэд Монгол Улсад 150 мянга гаруй приус загварын автомашин байна. Тиймээс энэ үйлдвэр манай улсад ашигтай ажиллах бүрэн боломжтой. Эдгээр машины гибрид батарейг Япон улсад 10 гаруй жил хэрэглэсэн байдаг учир манай улсад орж ирээд 5-6 жил болоод муудчихдаг. Японоос нөхөн сэргээх батарей авах гэхээр зардал их байдаг. Тиймээс иргэдийн эрэлт дээр үндэслэн “Тоёота” автомашинтай хэрэглэгчдэд зориулж гибрид батарейг нөхөн сэргээх үйлдвэрийг байгуулсан. Манай үйлдвэрийн хувьд “Дэнсо” корпорацын хилийн чанадад байгуулсан анхны үйлдвэр. Япон нөхөн сэргээсэн батарей манай улсад зарагддаг. Гэхдээ тухайн батарейг Японд нөхөн сэргээгээд нааш нь авчрах хугацаанд цэнэгээ алдана. Тиймээс тухайн газар нь хийвэл ашиглалт сайн байдаг. Үүнээс гадна цэнэг алдсан тохиолдолд дахин сэргээх боломжтой.

-Батарейг хэрхэн нөхөн сэргээдэг тодорхой тайлбарлахгүй юу?

-Хүмүүс өөрийнх нь машинд байгаа батарейг шууд цэнэглэнэ гэж ойлгоод байгаа юм. Тийм биш. Приус автомашины батарей 28 модулиас бүрддэг. Нэг батарейг зургаан үзүүлэлтээр шалгаж үзнэ. Хэдэн ч модуль эвдэрсэн байж болно.

Манай улсад нэг батарейнаас 1-2 модуль гардаг

Солих шаардлагатай модулийг бусад модультай ижил үзүүлэлтээр тэнцвэржүүлээд угсардаг. Дараа нь төхөөрөмж дээр угсарсан батарейны цэнэгийг нь алдуулаад буцааж цэнэглэн ажиллагааг нь тогтворжуулна. Ингэснээр найдвартай ажиллагаатай батарей болж байна гэсэн үг. Түүнээс биш вольтоор нь хэмжээд, энэ батарей нурсан бусад нь зүгээр гээд өөр батарей хийвэл жаахан яваад л алдаа гардаг. Ингэж нэг, хоёроор нь солилоо гээд үр дүнгүй. 

-Хүмүүст нэг, хоёроор нь солих хямд тусдаг байх. Батарейгаа бүхэлд нь нөхөн сэргээлгэхэд хэд орчим төгрөг зарцуулагдах бол. Үнийн хувьд ялгаа бий юу?

-Батарейг бүхэлд нь шалгахад нэг өдрийн ажил болдог. Тухайн хүн машинтайгаа ирж, ажлын хөлсөө төлөөд батарейгаа шалгуулан ашиглаж болох нь хэд байна гэдгийг мэдэж болно. Тухайлбал, арван модуль нь зүгээр байлаа гэхэд буцаан угсраад үлдсэнийг нь хийж болдог. Гэхдээ батарей нь бүхэлдээ ашиглаж болохооргүй болсон тохиолдолд цаг болон мөнгөний гарз болно. Ийм тохиолдолд бүхэлд нь сольсноос ялгаагүй өртөгтэй байдаг. Бүхэлд нь солиход 800 мянган төгрөг байдаг юм.

-Хүмүүсийн ашиглахаа боль - сон хуучин батарейг яадаг вэ?

-Япон улсад хэрэглэхээ больсон нэг машины батарейнаас 7-9 ширхэг модулийг дахин ашиглах боломжтой гэсэн тооцоолол гарсан байна. Гэтэл манай улсад 1-2, зарим батарейнаас нэг ч модуль гардаггүй. Тиймээс бүхэлд нь сольж байгаа юм. Яагаад гэвэл стандартын бус завсар буюу зөвхөн вольтоор нь үздэг. Сайн вольттой хэрнээ хэрэглэж болохгүй батарей байж болно. Батарейгаа бүхэлд нь биш нэг нэгээр нь сольсон тохиолдолд зүгээр байсан модулийг муутгадаг учир дахин ашиглах боломжгүй. Тиймээс хэрэггүй болсон батарейг нэгдсэн байдлаар цуглуулаад Япон руу гаргадаг. Одоогоор гурван контейнер гарсан байгаа. Зарим хүн хуучин батарейгаа өгөхгүй гээд аваад явдаг.

-Хуучин батарейгаа Япон руу явуулдаг нь ямар учиртай юм бэ?

-Гибрид батарей нь дотроо никель, алт гэх мэт олон нарийн бодистой. Тэр болгоныг нь ялгаж аваад устгалд оруулан түүхий эд болгож дахин үйлдвэрлэдэг. Хог хаягдлаа үлдээхгүй гэдэг утгаар Япон улс руу буцаан гаргаж байгаа юм.

-Өмнө нь нөхөн сэргээсэн батарейгаа туршиж үзсэн байх. Туршилтаа хэдий хугацаанд хийсэн бэ?

-Такси үйлчилгээ эрхэлдэг зургаан машинд тавьж, хоёр жилийн хугацаанд туршилт хийсэн. Өдөрт 150-200 км явдаг. Энэ хугацаанд ямар нэгэн асуудал гараагүй. Бид нөхөн сэргээсэн батарейндаа зургаан сарын баталгаа өгч байгаа.

-Зөвхөн приус машины батарейг нөхөн сэргээх юм уу. Цаашид хэрхэн өргөжих вэ?

-Цаашид гибрид батарейтай бүх төрлийн машины батарейг нөхөн сэргээнэ. Одоогоор судалгаа, шинжилгээний ажил хийж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дотоодын шоколадны хэрэгцээг хангах зорилготой Sayan брэнд

Албан байгууллага болон хувь хүмүүсийн захиалгаар шоколадаа хийдэг

 0 сэтгэгдэл


“Хайраар урласан Монгол амт” уриатай “Заан фүүдс” ХХК-ийн Sayan брэндийг “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. Европын дээд зэргийн шоколадны түүхий эд, итали технологи, тоног төхөөрөмж ашиглан Монголдоо анх удаа гар аргаар хийдэг шоколадыг Sayan брэндийн хамт олон өөрийн өвөрмөц жорын дагуу 100 хувийн байгалийн түүхий эдээр хийж хэрэглэгчдэдээ хүргэж эхэлснээс хойш нэг жилийг үджээ. Энэ хугацаанд гадаад болон дотоодын олон хэрэглэгчтэй болж, хүмүүст хэдийнэ танигдаж эхэлсэн байна. Тухайлбал, энэ брэндийн эрхэм хүндтэй хэрэглэгч нь Төрийн ёслолын алба. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, УИХ-ын дарга нарын гадаад, дотоод айлчлал, хүлээн авалт, бэлэг сэлт зэрэг олон нарийн чимхлүүр ажлыг хариуцдаг төрийн дипломат алба эднийхээр үйлчлүүлдэг. Мөн Sayan шоколадыг үйлдвэрлэж эхэлсэн цагаас эхлэн өнөөдрийг хүртэл олон улсын байгууллагууд, гадаад дотоодын нэр хүндтэй компаниуд бүтээгдэхүүнийх нь амт чанарыг өндрөөр үнэлэн, тогтмол захиалсаар иржээ.

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВЧ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ НЭМЭГДҮҮЛЖЭЭ

Артизан шоколад гэдэг нь handcrafted буюу гар аргаар хийдгээрээ бусдаас ялгардаг. Энэ нь цэвэр органик бүтээгдэхүүн учир ямар нэг хугацаа уртасгагч юм уу амт оруулагч, химийн бодис нэмдэггүй, зөвхөн байгалийн гаралтай түүхий эд хэрэглэдэг аж. Амт чанар сайнаас гадна эрүүл мэндэд хоргүй, органик бүтээгдэхүүн тул хадгалалтын хугацаа арай богино буюу 3-6 сар байдаг аж. “Энэ нь органик бүтээгдэхүүн гэдгийг илтгэж байгаа юм” хэмээн Sayan брэндийн захирал З.Болормаа хэлсэн юм. Тэрбээр тус брэндийг нөхөртэйгөө хамтран үүсгэн байгуулж, гэр бүлийн бизнес болгосон байна. З.Болормаа нь банк санхүү болон худалдааны чиглэлээр олон жил ажиллажээ.

Харин түүний гэр бүлийн хүн болох Ж.Буд-Эрдэнэ нь маркетингийн чиглэлээр ажилладаг. Анх үндэсний хэлбэр дүрстэй шоколадны дизайн, хэв маяг гарган гадаадын шоколадны үйлдвэрт  захиалах санаа төрж, Бельги, Польш, Эстонийн шоколадны үйлдвэрүүдэд захиалгаар, ямар үнэ өртөгтэй хийх талаар судалж эхэлжээ. Тэдгээр үйлдвэрлэгчид асар их хэмжээгээр, бас үнэтэй үйлдвэрлэх нөхцөл тавьсан байна. “Монгол шоколадыг гадаадад үйлдвэрлээд оруулж ирнэ гэхээр утгагүй санагдаж, бид яагаад дотооддоо үйлдвэрлэж болдоггүй юм гэж бодсон.

Ингээд шоколадны үйлдвэрийн технологийг судалж үзээд 2017 оноос хойш эрчимтэй хөөцөлдсөн. Шоколадны хоёр ч сургалтад суулаа. Италийн шоколад хийдэг хүний курст сууж, тэндээс тоног төхөөрөмжөө авч Sayan шоколадны бизнесээ эхэлсэн” хэмээн З.Болормаа захирал ярьсан юм. Уг бизнесээ эхлүүлэхийн тулд 4-5 жилийн хугацаа зарцуулсан бөгөөд өөрсдийн хөрөнгөөр хөл дээр нь босгожээ. Анх шоколад хайлуулагч нэг машинтай байсан учир өдөрт ердөө 50-60 хайрцаг шоколад гаргадаг байжээ. Харин өнгөрсөн онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлсэн тул одоо өдөрт 200 хайрцаг шоколад гаргаж байгаа аж.

ҮЙЛДВЭРИЙН 50-60 ХУВЬ НЬ ГАР АЖИЛЛАГААТАЙ

Sayan брэнд нь дэлхийд алдартай Milka, Тoblerone, Raffaelo, Kinder surprise, Alpen Gold зэрэг шоколад үйлдвэрлэгчидтэй адил нэг компаниас түүхий эдээ авдаг. Тухайлбал, какао, шоколад зэрэг гол түүхий эдээ Европоос авдаг. Харин шоколад хийхдээ ашигладаг чацаргана, аньс, арвайн гурил зэргийг дотоодын үйлдвэрлэгчдээсээ авдаг байна. Сайн чанарын түүхий эдээр хийж байгаа учир бүтээгдэхүүний үнэ нь жирийн шоколадыг бодвол арай үнэтэй гэдгийг хэлж байв.

Тус үйлдвэрийн 50-60 хувь нь гар ажиллагаатай учраас тухайн шоколад үйлдвэрээс гарахдаа 3800-13500 төгрөгийн үнэтэй байдаг аж. Шоколадны хайрцаг доторх хуванцар суурь, цаасан зөөлөвчийг хүртэл Европын компанид захиалж хийлгэдэг байна. “Бид шоколадаараа дамжуулж Монгол орноо сурталчилъя гэсэн хүсэлтэй. Тиймээс бүтээгдэхүүнүүдээ “Mongolia the beautiful” буюу “Үзэсгэлэнт Монгол”, “Taste of Mongolia” буюу “Монгол Амт”, “Ambassador” буюу “Амбан Сайд” гэж нэрлэсэн. “Ambassador” бол Монголдоо анхны дарстай шоколадны цуглуулга болох юм.

Харин “Үзэсгэлэнт Монгол” нэртэй шоколадны цуглуулга дотроо Монголын үзэсгэлэнт газруудын фото зураг бүхий ил захидалтай. Бид гэрэл зурагчдаас албан ёсны эрхийг нь авч хэвлүүлсэн. Жуулчид болон гадаадын зочдод өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ бэлэглэхэд монголчууд шоколадыг хэнээс ч дутахааргүй хийж чаддаг юм байна гэдгийг харуулахыг зорьж байна” хэмээн Ж.Буд-Эрдэнэ онцоллоо.

“ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЯАГААД ҮНЭТЭЙ БАЙДАГ ЗОВЛОНГ ОЙЛГОЖ ЭХЭЛСЭН”

Тэднийх одоогоор дөрвөн төрлийн набор, гурван төрлийн хавтгай шоколад хийж байгаа аж. Арвайн гурилтай шоколад нь оюуны өмчөөр баталгаажсан бөгөөд дэлхийд цор ганц гэдгийг хэлж байлаа. Эдгээр бүтээгдэхүүнээ УИД, “Номин”гийн сүлжээ, И-март, OREM Duty Free Shop зэрэг 15 салбараар худалдаалж байгаа юм. Мөн Дархан, Эрдэнэт хот, Хөвсгөлийн Мөрөнд “Номин”-гийн сүлжээгээр худалдаалдаг. Үүнээс гадна албан байгууллага, хувь хүмүүсийн захиалгаар компанийн болон арга хэмжээний лого бүхий хайрцагтай шоколад захиалгаар хийдэг байна. Дотроо төрөл бүрийн амттай бөгөөд дөрөв, ес, 16 ширхгээр хийлгэх боломжтой аж. Борлуулалт их байгаа учраас дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаагаа хэлж байв. Тиймээс цаашид тоног төхөөрөмжөө хагас автомат болгож, бүтээгдэхүүн борлуулах салбаруудаа нэмэхээр төлөвлөж байгаа аж.

Арвайн гурилтай шоколад нь дэлхийд цор ганц

Шинэ жил, цагаан сар, эмэгтэйчүүдийн баярын үеэр борлуулалт нь эрс нэмэгддэг байна. Гэхдээ захиалга ихтэй үед гол түүхий эдээ гаалиар оруулж ирэхэд асуудал үүсдэг болохыг хэлж байлаа. Түүнчлэн татвар, ажилчдын цалин, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх, ажиллах хүчээ сургалтад хамруулах гээд жижиг дунд үйлдвэрлэгчдэд учирдаг санхүүгийн асуудал мөн л адилхан тулгардаг байна. “Өөрсдөө жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх болсноос хойш дотоодын үйлдвэрлэл яагаад үнэтэй байдаг зовлонг ойлгож эхэлсэн” хэмээн эднийхэн ярив. Тэрбээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж байж экспорт хийхээр төлөвлөснөө хэллээ. Тус  брэндийг үүсгэн байгуулагчид Монголд дээд зэргийн чанартай, хамгийн шилдэг бүтээгдэхүүн  гаргах зорилго тавин ажилласаар байна. Сонирхуулахад, ОХУ-ын Кремлийн албан ёсны шоколад нийлүүлэгч нь “А.Коркунов” брэнд байдаг бол Их Британийн Засгийн газрын албан ёсны шоколад нь “Hames Chocolates” байдаг. Тэгвэл манай улсынх Sayan брэнд хэдийн болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өв залгамжлагдан хэрэглэгдэхээр чанартай "УРГА" брэнд

"УРГА" брэндийг 25-45 насныхан их сонирхдог

 0 сэтгэгдэл


Хүн бүр тав тухтай орчинд амьдарч, ажиллахыг хүсдэг. Тиймээс өрөө тасалгаагаа өөрийн хүссэнээр тохижуулах мөнхийн хүсэл тэдэнд бий. Тавилгадаа тааруулж өрөөгөө тохижуулах бус таны хүссэн загвараар тав тухаа бүрдүүлэх боломжийг брэнд олгож байна. Өвөрмөц содон хийц, зоригтой шийдэл бүхий, захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн модон тавилга үйлдвэрлэдэг тус брэндийг “Би үйлдвэрлэгч” буландаа онцоллоо. Загвараа өөрөө гарга, зай талбайгаа ч өөрөө тооц. Харин гүйцэтгэл, чанарыг бидэнд даатга гэсэн зарчмаар ажилладаг тус үйлдвэрийн залуучууд бүхий л төрлийн ширээ, сандал, номын тавиур, ор, авдар зэргийг үйлдвэрлэдэг аж. Мөн хуучин тавилгаа сэргээн засварлуулах боломжийг ч үйлчлүүлэгчдэдээ олгоно. Тухайлбал, хуучны ширээгээ авч ирээд загвар болон өнгийг нь солиулж, шинэ мэт болгох боломжтой. Хүсвэл үйлчлүүлэгч өөрөө үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглаад хүссэн тавилгаа хийхийг зөвшөөрдөг.

ЭВДЭРСЭН, ХУУЧИРСАН МОДОН ТАВИЛГАА ЯНЗЛАХ БОЛОМЖТОЙ

Ө.Энхбаяр, Б.Дөлгөөн. Тэд бол “Урга” брэндийг үүсгэн байгуулагчид. Анх интерьер дизайны ажил хийж яваад бие биетэйгээ танилцан, ажлын хамтрагчид болжээ. Тэд байгальд ээлтэй бүтээгдэхүүн бий болгож, хүмүүсийн хэрэглээг өөрчлөх ижил сонирхолтой. Тус брэнд нь хуучин арьс ширний үйлдвэрт үйл ажиллагаа явуулдаг.

Захиалга өгч байгаа хүмүүсийн ихэнх нь зай талбайгаа ашиглахыг хүсдэг

“Манай үйлдвэрт ирээд эвдэрсэн, хуучин модон эд хогшлоо засах боломжтой. Бид тоног төхөөрөмж болон материалыг нь гаргаж өгч болно. Чадахгүй бол зааж зөвлөдөг” хэмээн Б.Дөлгөөн ярив. Энэ үйлчилгээ нь хүмүүст их хүрсэн байна. Амралтын өдрүүдэд чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэхийг хүссэн болон эвдэрсэн тавилгаа засахыг хүссэн хүмүүсийн хөлд “Урга” дарагдах нь их. Учир нь хүмүүс хэрэглэж байсан тавилгаа шууд хаяхын оронд засаж сэлбэх боломжийг эрэлхийлдэг. Гэвч ажлын орчин, багаж сэлбэггүй нь тэдэнд дээрх боломжийг олгодоггүй. Тиймээс хуучин гэж голохгүй, хог гэж хаяхгүй янзлаад өгөх газрыг нь бий болгохоор зорилго шулууджээ.

ТАНЫ СОНГОСОН ЗАГВАР ДАХИН ДАВТАГДАХГҮЙ

Ө.Энхбаярын хувьд “Cap concepts” компанийг дөрвөн жилийн өмнө үүсгэн байгуулсан. Эхний удаад интерьер дизайнаа хийдэг байсан бол яваандаа өөрөө тавилгаа хийх болсон байна. “Энэ хугацаанд их юм сурсан. Их ч алдаа гаргасан. Одоо техник хэрэгсэл, арга барил, хэрэглэдэг материалууд бага багаар сайжирч байгаа” хэмээн тус брэндийг үүсгэн байгуулагч залуус хэлж байлаа. Зах зээлийн хувьд жижиг учраас материалаа импортоор оруулж ирж чадахгүй байгаа аж. Тиймээс дотоодод байгаа модны үйлдвэрүүд болон мод оруулж ирдэг байгууллагуудтай гэрээ байгуулж, хамтран ажилладаг байна. Хамгийн гол нь дахин давтагдашгүй гэдгээрээ бусдаас ялгарч байгаа аж. Учир нь таны сонгосон загварыг өөр хэнд ч дахин хийж өгдөггүй байна.

ЗАХИАЛАГЧДЫН ИХЭНХ НЬ БҮТЭЭЛЧ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ ХҮМҮҮС

Гэр болон ажлын өрөөгөө тохижуулахыг хүсэж байгаа та загвар хийц, өнгө төрхөө ярилцахад таны хүссэн дизайн компьютерт бэлэн болох болно. Гоё дизайныг хүний хэрэгцээнд нийцүүлэн хүссэнээр нь хийх гэсэн гурван зүйлийг нэгтгээд багц үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг байна. Энэ нь тэдний бусдаас ялгарах давуу тал. Долоо хоногт нэг шүүгээ, тавиур гаргадаг аж. “Урга” брэнд нь загвар, хийцийн хувьд бусдаас содон байдаг учир 25-45 насныхан их сонирхдог байна. Захиалагчдын олонх нь бүтээлч чиглэлээр ажилладаг хүмүүс. Тухайлбал, сонин сэтгүүлд нийтлэл бичдэг, эсвэл ном бичдэг, дуучид, жүжигчид тэднийг зорих нь түгээмэл. Амьдралын энгийн хэв маягтай, хийдэг ажил нь сонин содон, хэрэгцээгээ тодорхойлсон хүмүүст илүү зориулагддаг байна. “Тавилгаа гоёмсог бусдаас илүү гоё болгомоор байна гэсэн хүсэлтэй хүмүүс ирдэггүй. Захиалга өгч байгаа хүмүүсийн ихэнх нь зай талбайгаа ашиглаж тавилга хийлгэх гэж ханддаг. Тиймээс тавилгын зах зээл хүний хүсэлд үндэслэж хэрэгцээг нь хангаж чадахгүй байгаа юм шиг санагдсан” хэмээн Б.Дөлгөөн хэлсэн юм. Тэрбээр хот төлөвлөлтийн мэргэжилтэн бөгөөд сурч байх хугацаандаа давхар тавилга, дизайн урлалын чиглэлээр сурдаг байжээ.

ЭДЭЛГЭЭ МУУ ХАВТАНГИЙН ОРОНД МОД АШИГЛАДАГ

Анх 10 хүний бүрэлдэхүүнтэй үйлдвэрээ явуулдаг байсан бол одоо дөрвүүлээ ажиллаж байгаа аж. Зарим ажилчин нь ур чадвараа дээшлүүлэхээр гадаад орныг зорьжээ. Тиймээс өөрсдөө ажилчдаа бэлддэг с“Урга”лттай болохоор төлөвлөж байгаа аж. Гар аргаар хийх ажил их байдаг, нөгөө талаар цөөхүүлээ болохоор бүтээгдэхүүний гарц удаан байдаг байна. Захиалга дээрээ үндэслээд метр кв-ын үнэ тооцдог.

Хүмүүсийн эрүүл мэндэд нийцсэн, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн хийхийг зорьдог учраас ДСП хавтангаас бүрэн татгалздаг. Энэ нь хамгийн хямдхан материал байдаг байна. Учир нь хаягдал үртсийг нийлүүлээд хэвэнд оруулж шахаад цавуугаар барьцалдуулдаг. Тэгээд гадуур нь хуулга наагаад хавтан болгодог. Тиймээс хямдхан, хөнгөн, гоё харагддаг байна. Гэхдээ тэр хэмжээний цавуу барьцалдуулна гэдэг нь хүний эрүүл мэндэд маш муу. Мөн гал тогооны тавилгыг ДСП хавтангаар хийж болохгүй. Чийглэг орчин учраас дороо мууддаг. Улмаар гажилт үүсэж, боолтууд нь суларч унадаг байна. Харин “Урга” брэндийн бүтээгдэхүүн нэг сар хэрэглээд хаядаг биш өв залгамжлаад явах хэмжээний чанартай байна хэмээн итгэл төгс хэлж байлаа. Учир нь эдэлгээ муу хавтангийн оронд мод ашиглаж хийдэг. Энэ нь өнгө оруулахаас гадна мод хатах, эсвэл чийгнээс болж гажихаас хамгаалдаг байна.

ЭВДЭРСЭН ТОХИЛДОЛД ЗАСУУЛЖ БОЛНО

“Мишээл” экспо, “Сохо мебель” зэрэг тавилгын дэлгүүрүүдэд худалдаалагддаг бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад үнийн хувьд ижил. Харин загвар хийцийн хувьд яах аргагүй бусдаас содон, хаана ч байхгүй шинэлэг хэв маягтай. “Урга” брэндийг зорьсон хүмүүс өөрийн сонирхолд нийцсэн тавилга хайж 4-5 хоног хөлийн улаа эргэтэл явж байснаас захиалга өгсөн нь хамаагүй дээр хэмээн үздэг байна. Зарим хэрэглэгчийн хувьд Монголдоо үйлдвэрлэж байж үнэтэй зарлаа гэж шүүмжилдэг аж. “Урга”-гийн бүтээгдэхүүн удаан эдэлгээтэйгээс гадна эвдэрч, муудсан тохиолдолд буцааж өгөөд засуулах боломжтой гэдгээрээ бусдаас онцлог. Засаж болохгүй тохиолдолд хэлбэр дүрсийг нь өөрчлөөд шинэ мэт болгох боломжтой гэдгээрээ бас ялгардаг. Цаашид бүтээгдэхүүнд хэрэглэх өнгөлгөөний материалаа хүртэл эрүүл мэндийн шаардлага хангасан болгохыг зорьж байгаа аж. Одоо пластик төрлийн материал хэрэглэж байгаа учраас импортоор бусад төрлийн материал оруулж ирэх зайлшгүй шаардлага тулгарсан байна. Тэд цаашдаа том тавилга хийхээс гадна бага оврын зүйл хийхийг  илүүд үзэж гэрлэн чимэглэл, хүүхдэд зориулсан тавилга болон тоглоом хийхийг зорилгоо болгожээ. Мөн хөдөө орон нутгийн хүмүүстэй хамтраад цэцэг болон модны усалгаа хийхэд шаардлагатай зүйлсийг шинэлэг байдлаар хийхийг төлөвлөж байгаа аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Соёолж буй үйлдвэрлэгчид гадны дэмжлэгээр “нахиалах” нь

Экспортын орлого жин даах хэмжээнд хүрээгүй ч эхлэлээ тавьсандаа олзуурхаж байна

 0 сэтгэгдэл


Солонгосын алдарт LG группын охин компани болох LG Fashion-д 2006 оноос эхлэн ажилласан туршлагатай монгол залуугийн үүсгэн байгуулсан “Марал” брэндийг энэ дугаартаа онцолж байна. Дэлхийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлэхийн зэрэгцээ чанар, үзэмжийг нэн тэргүүнд тавих зорилттой “Марал” брэндийн цүнх, түрийвч болон бусад жижиг арьсан эдлэлүүд зах зээлд нэгэнт байр сууриа эзэлж, Shangri-La Mall-ын гуравдугаар давхарт нэрийн дэлгүүрээ нээжээ. Ижил төрлийн бүтээгдэхүүнээс чамин загвар, тод өнгө, чанарын өндөр зэрэглэлээрээ ялгардаг. “Марал” брэнд 2015 оны дөрөвдүгээр сараас үйлдвэрлэлээ эхэлсэн аж. Хөл дээрээ босох бэлтгэл хугацааг тэд гурван жил гэж тодорхойлж байна. Өнгөрсөн жилээс үйл ажиллагаа нь жигдэрч, одоо экспортод гаргахад хэдийн бэлэн болжээ.

“ЭЦСИЙН ЗОГСООЛ ЭХ ОРОН МИНЬ”

“Марал дизайн” ХХК-ийн захирал Ц.Ган-Эрдэнэ Солонгост ажиллахаар очсон даруйдаа хэл ч сайн сураагүй байж “Монголдоо үйлдвэр байгуулна” гэсэн зорилт тавьжээ. LG Fashion бол солонгосчуудын загварын чиг хандлагыг тодорхойлогч томоохон фирм. Долоо хоног бүр шинэ загварууд ирж, 500 ширхэг түрийвч, мөн тооны цүнх үйлдвэрлэдэг байжээ. Ц.ГанЭрдэнэ энд ажиллах хугацаандаа хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан, 2012 онд үйлдвэрээ байгуулж, “өрх тусгаарласан” байна. Солонгос дахь байгууллагуудын захиалгаар арьсан эдлэл үйлдвэрлэх ажлаа эхнэрийн хамт амжуулдаг байв. Энэ үеэс Монголд байгуулах үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг судалж, цүнхний тоног хэрэгсэл, ширхэг зүү ч байсан цааш нь хурааж эхлэв. Гурван жилийн турш зуу гаруй сая төгрөгөөр жижиг хэмжээний үйлдвэрлэл явуулахад хангалттай суурь оёдлын машин, түүхий эд, бусад зүйлийг цуглуулж чаджээ. Ингээд 2015 оны хоёрдугаар сард эх орондоо ирээд, хоёрхон сарын дараа анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргав. Өдөр нь цүнхээ хийж, орой нь хүргэлтээр борлуулсаар багахан хүрээнд танигдаж эхэлжээ. Олон жилийн өмнөөс төлөвлөж мөрөөдөж ирсэн бүтээгдэхүүнээ олны хүртээл болгоход чанар, бас дахин чанарыг нэгдүгээрт тавьж ирсэн аж. Авсан хүмүүс ч сэтгэл ханамж өндөр тул нүд унаган сонирхсон нэгэндээ зааж өгсөөр “Марал” брэнд зах зээлд сөхөрч унасангүй, “хөлд орлоо”.

Өөрийн гэсэн өнгө, загварыг хүлээн зөвшөөрүүлэхэд дөхөм болсон чухал үйл явдал бол Missosology Mongolia Fashion Show-д шинэ загварын коллекцоо толилуулсан явдал байв. Тодруулбал, 2016 оны дөрөвдүгээр сард болсон 100 гаруй сая хүн шимтэн уншдаг "Missosology" сайтын албан ёсны нээлтийн үеэр "Face of beauty international 2013" тэмцээний титмийн эзэн Тонга улсын мисс Даймонд Ланги, 2015 оны тэмцээний дэд байрын мисс Унгарын гоо бүсгүй Далма Карман болон олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, амжилт үзүүлсэн Монголын чадварлаг загвар өмсөгчдийн гарт “Марал” брэнд гялалзсан нь үйлдвэрлэгчдийн томоохон бахархал байв. Ц.Ган-Эрдэнэ “Эцсийн зогсоол эх орон минь л юм чинь, тэнд би юугаар нэмэр болж чадах вэ гэж боддог байсан. Солонгост очоод LG Fashion-д оронгуутаа л ийм хэмжээний үйлдвэртэй болно гэдэг мөрөөдөлтэй болсон” гэж ярилаа. Тэд цаашдаа зөвхөн арьс, арьсан бүтээгдэхүүн биш хувцас, гутал үйлдвэрлэлээр өргөжин тэлж, Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгөөр эгшиглэхийг хүсдэг ажээ.

ДЭЛХИЙН БАНКНЫ 50 ХУВИЙГ БУЦААН ОЛГОДОГ ХӨТӨЛБӨРТ БАГТЖЭЭ

“Марал” брэндийн нэг цүнхний үнэ дундажаар 250 мянган төгрөг. Ихэвчлэн хотын төв болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Зайсан орчимд захиалгаар хүргүүлдэг байна. Зах зээл дэх ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулвал дундаж болон дунджаас дээгүүр орлоготой хүмүүст зориулсан брэнд аж.

БНСУ, БНХАУ-ын Гуанжу, мөн Монголын экспортод гаргадаг боловсруулсан арьсыг сонгон авч, Японы YKK брэндийн тоноглол болон цахилгааныг ашиглан урладаг. Нэг суурь машин нь зах зээлд 10 гаруй сая төгрөгийн үнэтэй. Анх эхнэр болон эгчтэйгээ гурвуулаа эхэлж байсан бол одоо 11 хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн даатгалд хамруулан, татвараа төлдөг аж ахуйн нэгж болж чадав. Түүнчлэн байгууллагуудын захиалга байнга шахуу ирдэг гэсэн. Компанийн логотой түрийвч, нэрийн хуудасны сав зэргийг 18 мянган ширхэгээр захиалах тохиолдол ч бий. Брэндийн нэр хүнд өсөж, захиалга ихсэхээр ажлын байр, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгардаг. Тиймээс зээл авч өргөжүүлэхээр шийджээ.

ЖДҮХС, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг төрийн дэмжлэг тэдэнд олдоогүй. Сонирхож үзсэн ч ямар нэг шалтгаанаар буцаадаг байв. Харин Азийн Хөгжлийн банк болон “Хаан” банкны хамтарсан төслийн зээлд хамрагдаж чаджээ. Бизнесийн бусад зээлийг бодвол бага буюу хүү нь жилийн 15 хувь. Ингээд 200 сая төгрөгийн зээл авч, одоо ажиллаж байгаа 120 мкв талбай бүхий үйлдвэрийн байраа худалдаж авсан байна. Мөн тоног төхөөрөмж нэмж авахаар төлөвлөсөн. Ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр АНУ, Канадад болох үзэсгэлэнд оролцохдоо сүүлийн үеийн шинэ суурь машин сонирхох аж.

• Солонгос загварыг Монгол чанартай хослуулжээ. 

• Тэд цаашдаа зөвхөн арьс, арьсан бүтээгдэхүүн биш хувцас, гутал үйлдвэрлэлээр өргөжин тэлнэ. 

• Дундаж болон дунджаас дээгүүр орлоготой хүмүүст зориулсан брэнд.

“Марал” брэнд 2018 оны арваннэгдүгээр сараас Шанхай хот руу экспортоо эхлүүлжээ. Одоогоор экспортын орлого жин даах хэмжээнд хүрээгүй ч эхлэлээ тавьсандаа олзуурхаж байгаа. Монголдоо танигдсан гурван жилээс арай бага хугацаанд Хятадын өргөн зах зээлд боломжийн тооны хэрэглэгч олчих байх гэсэн өөдрөг төсөөлөлтэй. Мөн Дэлхийн банкнаас хэрэгжүүлдэг Экспортыг дэмжих хөтөлбөрт хамрагдахаар яриа хэлцэл амжилттай өрнөж байна. “Марал” брэндийн байнгын үйлчлүүлэгч нэгэн бүсгүйн холбож өгсөн энэ хөтөлбөр нь экспортод гаргасан бүтээгдэхүүнийхээ зардлын 50 хувийг буцалтгүй тусламжаар эргүүлэн авдаг үндсэн зарчимтай аж. Ийнхүү Монголд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг судалж, хамрагдаж чадсан нь “Марал”-ыг хөл дээрээ босоход чухал нөлөө үзүүлжээ.

Тэд төрөөс дэмжлэг хүсэж, зовлон тоочиж суусангүй. Татвараа цаг тухайд нь төлж, төрийн байгууллагуудын шаардлагыг биелүүлсээр ирсэн. Орон сууцны доод давхарт худалдан авсан байр нь үйлдвэрлэл явуулах боломжгүй тул зунаас өөр байршилд ажлын байр хайх шаардлагатай болжээ. Учир нь оршин суугчдаас “цавуу үнэртэж байна” гэдэг гомдол НМХГ-т гаргаж, хяналтынхан нүүх шаардлага тавьчихаад байгаа аж.

“Марал” брэндийн бүтээгдэхүүний онцлогийн талаар хэрэглэгчдээс тандлаа. “Загвар нь гоёмсог учраас уйддаггүй”, “Оёдол хийц нь өөгүй, хөнгөн нимгэн, жинхэнэ брэнд”, “Чанарын хувьд ярилтгүй, би насаараа л барина” гэх мэт эерэг сэтгэгдэл олноор өгч байлаа. Улаан, хөх, ягаан, хүрэн, цайвар цэнхэр гэх мэт содон өнгийн цүнхнүүд болон алтлаг, цэнхэр улаан түрийвч гээд чамин хийцтэй жижиг эдлэлүүд дэгүүрт оронгуут хараа булаана. Нэг хэсэг зузаан чанартай арьс моданд орсон бол одоо хөнгөн, нимгэн арьсыг илүүд үзэх болжээ. Ийм арьсыг гадныхаас дутахааргүй хэмжээнд боловсруулж өгдөг дотоодын сайн үйлдвэрүүд олноор гарч байгаад тэд талархаж явдаг гэсэн.

“Марал” брэнд нэг жилийн баталгаат хугацаа өгдөг. Зах зээлд хамгийн их борлогддог импортын цүнхний хувьд эдэлгээ нь дуусах хугацаа гэж хэлж болох энэ нэг жилд “Марал” брэндийн цүнхэнд хэрэв эвдрэл гарах, ханзралт үүсэх, тоноглол унах зэрэгт түргэн шуурхай засч өгдөг юм байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс эхлээд борлуулах, зарагдсан хойно нь ч урт хугацаанд баталгаа гарган сэтгэл тавьдаг нь “Марал” брэндийн өөдөлж дэвжих үндэс гэлтэй.