A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4726/

Зэс COVID-19-ийн ганц аранга

Зэс COVID-19-ийн ганц аранга
 1 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4726/
  • Зэс зөвхөн бактерийг бус вирусийг хүртэл үр дүнтэй устгадаг болохыг нотолжээ 
  • “Бүх вирусийг тэр дор нь устгадаг учраас эмгэг мутацлагдах ямар ч боломж олгодоггүй нь зэсийн хамгийн чухал ашиг тус юм” хэмээн профессор Кээвил хэлжээ
  • Эмгэг үүсгэгч зэсийн гадаргуу дээр унах үед зэсийн ион нь вирус болон эсийг шингээж авдаг. Зэс зөвхөн эмгэг үүсгэгчээс хамгаалаад зогсохгүй дотроосоо үржих үйл явцыг хүртэл ор үндсээр нь устгадаг гэдгийг үүгээрээ харуулжээ

Томуугийн бактери, метициллинд тэсвэртэй алтлаг стафилококк, коли савханцар, цаашлаад коронавирус орчны гадаргуу дээр 4-5 хоног тэсвэртэй амьдарч чаддаг бол зэсийн гадаргуу дээр тогтсон бүх бактери хэдэн минутын дотор устаж алга болдог байна.

Үүнээс харахад энэтхэгчүүд яагаад хэдэн мянган жилийн турш зэс аяганаас ус уудаг байсныг төвөггүй ойлгож болно. Түүнчлэн АНУ-д ундны усыг зэс хоолойгоор зөөвөрлөдөг. Саутхемптоны их сургуулийн орчны эрүүл ахуйн профессор Билл Кээвилийн хийсэн туршилтын үеэр зэсэн дээр унасан бүх төрлийн вирус устаж алга болж байжээ. Тэрбээр зөвхөн COVID-19-өөр хязгаарлагдахгүй, хүн төрөлхтөн ирээдүйд маш олон цар тахалтай нүүр тулгарах учраас зэсийг одооноос эхлэн ахуйн хэрэгцээндээ ашиглаж, ялангуяа эмнэлэг болон олон нийтийн газруудад дахин хэрэглэж эхлэх нь чухал байна” хэмээжээ. Зэс бол өөрийгөө халдваргүйжүүлэгч, нянгийн эсрэг түүхий эд юм. Зэсийг эрүүл мэндэд нэн тустай, аливаа нянгийн эсрэг үйлчилгээтэй болохыг хүн төрөлхтөн эрт дээр үеэс мэддэг, амьдрал ахуйдаа хэрэглэсээр ирсэн. Тухайлбал, хятадууд зэсийг эрүүл мэнд, египтчүүд мөнхийн амьдралыг бэлгэддэг гэж үздэг. Харин аж үйлдвэрийн хувьсгалын үед зэсийг барилга байгууламжийн хэрэгсэл болгон өргөнөөр ашигладаг байв. 

Зэсийн ашигтай байдлын тоон үзүүлэлт 

1983 онд эрүүл мэнд судлаач Филлис Ж.Кун эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад зэсийн хэрэглээ хомсдож эхэлснийг анх сануулж байв. Тэрбээр Питтсбург хотын Хамот анагаах ухааны төвд эрүүл ахуйн сургалтын үеэр эмнэлгийн бүхий л эд хогшилд бактерийн шинжилгээ хийжээ. Сонирхолтой нь эмнэлгийн жорлонгуудад ямар нэгэн нян байхгүй, харин бусад жижиг хэсгүүдэд аюултай бактериуд үржсэн байсныг тогтоосон байна. Тухайн үед гялалзсан, өө сэвгүй хаалганы ган бариул нь муудаж зэвэрсэн гуулин бариулаас илүү цэвэр харагдаж байсан ч, үнэн хэрэгтээ зэвэрч муудсан тэрхүү гуулин бариулуудад зэс 67 хувь, цайр 33 хувьтай байжээ. Харин ган бариулын нэгдэлд төмөр 88 хувь, хром 12 хувийг эзэлж, бактери бага хэмжээгээр үүссэн гэж тэмдэглэлдээ онцолсон байна. Филлис Ж.Кун судалгааныхаа дүгнэлт хэсэгт эрүүл мэндийн байгууллагуудад хандаж “Хэрвээ эмнэлэгт шинэчлэл, засвар хийх гэж байгаа бол хуучирсан гуулин эд хогшлуудыг үлдээж, аль болох солихгүй байхыг хичээгээрэй. Харин ган эдлэл хэрэгслүүдтэй бол өдөр болгон цэвэрлэгээ ариутгал хийхийг зөвлөж байна” гэжээ. Үүнээс хэдэн арван жилийн дараа Зэсийн Хөгжлийн Нийгэмлэгийн санхүүжилтээр профессор Кээвил Филлис Ж.Кунгын судалгааг цааш үргэлжлүүлсэн юм. Тэрбээр лабораторидоо хамгийн аюултай гэгдэх эмгэг үүсгэгч жижиг биетүүд дээр ажиллаж байх явцдаа зэс зөвхөн бактери устгаад зогсохгүй вирусийг хүртэл үр дүнтэй устгадаг болохыг нотолжээ. Ингэхдээ зэс тавгийг архи болон ацетоноор ариутгаж, илүүдэл тосыг арчиж авсны дараа тавагны гадаргуу дээр нэг дусал эмгэг үүсгэгч дусаав. Дараа нь шилэн сувс болон шингэнээр дүүргэсэн хайрцагт хийж сэгсэрч эхлэхэд бактер болон вирус усанд ууссан байна. Дараа нь энэхүү вирустэй шингэнээс дээж аван эмгэг үүсгэгчийг турших боломжтой болсон аж. Мөн тэрбээр туршилтын явцад микроскопоор зэсийн гадарга дээр буусан эмгэг үүсгэгч хэрхэн устаж байгааг харав. Үр дүн нь гайхамшигтай байлаа. Зэсийн бактери устгах үйл явц хэрхэн явагддагийг шинжлэх ухааны талаас сайн ойлгох хэрэгтэй. Эмгэг үүсгэгч зэсийн гадаргуу дээр унах үед зэсийн ион нь вирус болон эсийг шингээж авдаг. Зэс зөвхөн эмгэг үүсгэгчээс хамгаалаад зогсохгүй дотроосоо үржих үйл явцыг хүртэл ор үндсээр нь устгадаг болохыг үүгээр харуулжээ. “Бүх вирусийг тэр дор нь устгадаг учраас эмгэг мутацлагдах ямар ч боломж олгодоггүй нь зэсийн хамгийн чухал ашиг тус юм” хэмээн профессор Кээвил хэлэв. 

Зэсийн үнэ цэнийг туршилтаар баталж байна

2015 онд АНУ-ын судлаачид Батлан хамгаалах яамны санхүүжилтээр гурван эмнэлэгт халдварын түвшинг харьцуулах судалгаа хийсэн бөгөөд зэсийн хайлшийг тус эмнэлгүүдэд хэрэглэх үед халдварын түвшинг 58 хувиар бууруулж байгааг тогтоожээ. 2016 онд хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт ийм туршилт хийхэд үр дүн мөн адил, халдварын үзүүлэлт харьцангуй буурсан байсан. Зэс нь хуванцар, эсвэл хөнгөн цагаанаас илүү үнэтэй гэж шүүмжлэгсэд бий. Тэгвэл эмнэлгийн хэрэгслүүдээс үүдэлтэй халдвараар жилд 90 мянган хүн халдварлаж, 45 тэрбум ам.долларын зардал эрүүл мэндийн системд тулгардаг. Тэгэхээр эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд, бариул зэрэг олон хүний гар хүрдэг газруудад зэс ашиглавал халдвараар өвчлөгсдийг эмчлэхэд гаргах зардлаас хамаагүй бага хөрөнгө оруулалт шаардагдах нь. Түүнээс гадна мөнгөөр хэмжих боломжгүй хүний эрүүл мэндийн хамгаалалд зэсийн оруулах бодит хувь нэмэр асар их гэдэг нь эрдэмтдийн судалгаанаас харагдаж байна. Цаашлаад архитекторууд шинэ барилгын зураг төсөлдөө зэсийг оруулж өгөх хэрэгтэй. Учир нь зэс бол хамгийн анхны туршилтаар батлагдсан бактери болон вирус устгагч металл юм. Мөн зэсийн никель нь бүтцийн хувьд бактери, вирусийг устгадаг цэвэр зэстэй адилхан бөгөөд зэвэрдэггүй гангаас ялгагдахааргүй харагддаг. Тиймээс хэрвээ таны гэрт, ойр хавьд чинь зэсээр хийсэн бариул, эд хогшил байвал түүнийгээ муудаж элэгдсэн ч солих гэж яарсны хэрэггүй. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Залуус тэмээгээр аялж соёлоо сурталчилна

 0 сэтгэгдэл
  • Өмнөговиос Өвөрхангай хүртэл 30 гаруй залуус тэмээгээр аялахаар төлөвлөж байна

(Дэлхий дахиныг хамарсан халдварт өвчнөөс шалтгаалан олон улсын тэмээн аялалаа түр завсарласан бөгөөд өвчин намжсаны дараа тэрбээр Лондон хүртэл явах төлөвлөгөөтэй байгаа аж)

Тэмээгээр аялагч Н.Байгалмаа Иран улсаас ирээд удаагүй байгаа бөгөөд нутагтаа тэмээн аялал зохион байгуулахаар зэхэж байна. Н.Байгалмаа монгол хэл, соёл, үндэсний уламжлалаа сурталчлахаар зүтгэж яваа бүсгүй билээ. Тэрбээр “Монгол давалгаа” төсөл санаачилж, Өмнөговиос Өвөрхангай хүртэл тэмээн аялалд оролцох залуусыг бүртгэж буй аж. Тэрбээр энэхүү аялалдаа 30 гаруй залуусыг оролцуулах ба цахим хуудсандаа “Тэмээн жингийн аянд нэгдэж буй залуус маань Монголын нүүдэлчин соёл, өв уламжлал, биет болон биет бус өв соёлыг танин мэдэхүйг зон олондоо сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой. Эртний уламжлалт зан заншил бөө мөргөл, болон өвлөгдөж үлдэх язгуур урлаг, дуу хуур, бие биелгээ, хэл хуур, товшуур морин хуур хөгжим, архираа хөөмий эсгэрээ магтаал, уртын дуу, нүүдэлчин аж амьдрал Монгол хоол зоог, мөн Монгол уран зураг, баримал хийц дархан хүний гар хийц, эртний монгол үндэсний хувцас, үндэсний үйдвэрлэлийн брэнд зэрэг нь өв соёл учраас залуус сурталчлах нь зөв юм. Нүүдэлчин соёлыг сурталчлах монгол аялалд "Тэмээн жингийн цуваа" давалгааг эхлүүлэх гэж байна хэмээн бичжээ. Дэлхий дахины хамарсан халдварт өвчнөөс шалтгаалан олон улсын тэмээн аялалаа түр завсарласан бөгөөд өвчин намжсаны дараа тэрбээр Лондон хүртэл явах төлөвлөгөөтэй байгаа аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цар тахлын нөлөөгөөр өөрчлөгдөж буй загварын ертөнц

 0 сэтгэгдэл
  • Stay home уриатай хувцас загварын цуглуулгууд худалдаанд гарч эхэллээ
  • Бүсгүйчүүд дэгжин даашинз, долгионтой үс, өндөр өсгийтөөс хэсэгтээ л татгалзах нь

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хүн бүрийг гэртээ үлдэхийг уриалж байгаа энэ үед загварын ертөнц ч бас хувьсан өөрчлөгдөж байна. Stay home буюу гэртээ үлд гэсэн уриалга загварын чиг хандлагыг тодорхойлогчдын анхаарлыг татаж, энэхүү уриалгад нийцсэн хувцасны цуглуулгуудыг худалдаанд гаргаж эхэллээ. Хүлээн авалт, уулзалт, киноны нээлт гэх мэт олон нийтийн үйл ажиллагаанууд цуцлагдсан энэ үед энгийн хэрэглэгчдээс авахуулаад олны танил алдартнууд, сошиал инфлюнсерүүд ч бас Stay home хаштаг ашиглан илүү энгийн, илүү тухтай бөгөөд загварлаг мянга мянган постыг нийгмийн сүлжээнд түгээж байна. Товчхондоо бүсгүйчүүд дэгжин даашинз, долгионтой үс, өндөр өсгийтөөс хэсэгтээ л татгалзах нь.

Загварын чиг хандлагыг тодорхойлогч гэгддэг Ким Кардашян өөрийн үүсгэн байгуулсан Skims брэндийнхээ биед эвтэйхэн, дулаахан Cozy коллецкийг өнгөрсөн арванхоёрдугаар сард гаргаж байсан бол хөл хорионы үеэр Stay home уриатайгаар дахин худалдаанд гаргалаа. Энэхүү цуглуулгыг биед маш эвтэйхэн хэмээн худалдан авагчид ам сайтай байгаа. Cozy коллекц 68- 98 ам.долларын үнэтэйгээр зарагдаж байгаа бөгөөд тэрбээр энэ цуглуулгаараа олон мянган долларын ашиг олоод байна. 

Сүйт бүсгүйн хуримын даашинзны загвараар олонд танигдсан “Хайрын хурим” салон бэлэн хувцасны XX брэндийнхээ Stay Home цуглуулгыг өнгөрсөн сард танилцууллаа. Тухлаг бөгөөд загварлаг хэмээн тодорхойлсон энэхүү цуглуулга нь Stay home, Save lives! уриатайгаар худалдаанд гарсан юм. 

Бүсгүйчүүдийн дунд хэдийн танил болсон Pretty little thing брэндийн Stay home амны хаалт 12 авcтрали долларын үнэтэй. 

Инстаграмд маркетингаа амжилттай явуулж буй Скотт Дисикийн үүсгэн байгуулсан Talentless бэлэн хувцасны брэндийн Stay home цуглуулга бусдаас илүү этгээд. Би гэртээ үлдэж байна, Гараа угаана уу гэсэн бичиг нь бусдын анхаарлыг татаж чаджээ. 

Загвар зохион бүтээгч Жүн Такахаши COVID-19-ийн цар тахлын үед аюулгүй байдлын дадлыг сурталчлах зорилгоор нийгмийн зай барих дүрмийг илэрхийлсэн богино ханцуйтай цамцны цуглуулгаа худалдаанд гаргажээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Онлайнаар нээлтээ хийх шилдэг кинонууд

 0 сэтгэгдэл

Коронавирусийн улмаас кино театрууд бүхэлдээ хаалгаа барьж, киноны хорхойтнууд шинэ бүтээлээр цангаж байна. Гэхдээ вирус тархахаас өмнө амжиж зураг авалтаа дуусгасан кинонууд эхнээсээ онлайнаар нээлтээ хийсээр байна. Удахгүй үзэгчдийн хүртээл болох шилдэг кинонуудыг танилцуулъя.

Artemis Fowl

Ирландын зохиолч Жон Колферийн зөгнөлт зохиолоос сэдэвлэн хийсэн Artemis Fowl кино уг нь 2019 оны наймдугаар сард нээлтээ хийх товтой байв. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас нээлтийг хойшлуулсан нь коронавирус хэмээх гайт тахалтай давхацжээ. Уг кинонд супер ур чадвартай гэр бүлээс гаралтай 12 настай хүү Артемис Фаулын адал явдлыг өгүүлдэг. Газар доорх ертөнцөөс гарч ирсэн хорон санаатнуудтай жаалхүү хэрхэн тэмцэхийг Artemis Fowl киноноос хүлээн авч үзээрэй. Киноны нээлт тавдугаар сарын 29-нд болно.

Scooby-Doo

Хүүхэд багачууд гэлтгүй насанд хүрэгчид ч амтархан үздэг Scooby-Doo цувралын шинэ анги бүрэн хэмжээний анимэйшн хэлбэртэйгээр танд хүрэхэд бэлэн боллоо. Уран бүтээлчид киноны нээлтийг тавдугаар сарын 15-нд кино театрт хийхээр төлөвлөсөн ч коронавирус тэдний төлөвлөгөөг тасалдуулсан юм. Гэхдээ товлолт хугацаанд нь онлайн нээлт хийхээр болжээ. Киноны гол үйл явдал Scooby болон Shaggy нарыг хулгайлсан хэргийн эргэн тойронд өрнөх болно. Мөн Scooby-гийн нууцлаг гарал үүслийг дэлгэсэн нь киноны нэг онцлог болжээ. Тавдугаар сарын 13-нд нээлтээ хийх уг киног Vudu, ITunes, Amazon-ы алинаар нь ч түрээслэн үзэх боломжтой. Нэг удаагийн түрээсийн үнийг 25 ам.доллараар тогтоожээ.

The King of Staten Island

Saturday Night Live шоуны багийн гишүүн Пит Дэвидсоны гол дүрд нь тоглосон The King of Staten Island инээдмийн кино зургадугаар сарын 12-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ. Есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр аавыгаа алдсан Скотт хүү ээжтэйгээ хамт Стэйтен-Айлендэд амьдарна. Тэрбээр өвс татаж, үеийнхэнтэйгээ зугаацах зэргээр цагийг үр дүнгүй өнгөрөөсөөр эрийн цээнд хүрнэ. Гэвч ээж нь Рэй хэмээх гал сөнөөгч залуутай болзож эхэлснээр үйл явдал цааш сонирхолтой өрнөнө. Уг киноны нээлтийг анх гуравдугаар сарын 13-нд хийхээр төлөвлөсөн ч хойшилсоор өдгөөг хүргэжээ.

Capone

Аль Капоне шоронгоос суллагдсаны дараа Холбооны мөрдөх товчооны анхаарлын төвд байсан хэвээр. Түүнд байх ёстой их хэмжээний мөнгө хааш алга болсныг мөрдөгчид хамгийн их сонирхож байв. Мафийн хэрцгий толгойлогч үнэхээр ой санамжаа алдсан уу, эсвэл энэ нь сайтар зохион байгуулсан жүжиг байв уу. Том Харди энэ удаа Аль Капонегийн дүрийг хэрхэн амилуулсныг Capone киноноос хүлээн авч үзээрэй. Харьцангуй бага зардал гэж болох 20 сая ам.доллараар бүтсэн уг кино үүнээс хэд давсан ашиг олох тооцоо байна. Киноны нээлт өнөөдөр албан ёсоор болох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Анхны гурван ихэр 70 нас хүрлээ

 0 сэтгэгдэл

Монголын анхны гурван ихэр 1950 онд төрж, маршал Х.Чойбалсан бахдалтайгаар мэдэгдэж байснаас хойш 70 жил өнгөрчээ. Монголд төрсөн анхны гурван ихэр өнөөдөр бидний дунд энх саруул, гавьяаныхаа амралтыг эдэлж байна. Тэднийг Д.Гүнсмаа, Д.Дэнсмаа, Д.Цэрмаа гэдэг бөгөөд өдгөө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд энх тунх амьдарч байна. 1950 онд нийслэл хотод төрж хүүхдийн асрамжийн газраар торнин, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд өссөн тэдний нэг Д.Гүнсмаа гуай олон жил барилгын салбарт ажилласан бол Д.Дэнсмаа, Д.Цэрмаа нар нутагтаа мал маллаж байгаад хожим нийслэлд суурьшжээ. Монголын анхны гурван ихэр гурвуулаа алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой. Үүнээс гадна дүүргийнхээ 50 жилийн ойн медальт, хүндэт иргэд юм. Мөн Ихрүүдийн холбооны нэрэмжит шагнал, ойн медалиудаар шагнагджээ. Ихрүүдийнх өнөр өтгөн, ач зээ нийлсэн 100 гаруй хүн бий. Хамгийн сонирхолтой нь Д.Гүнсмаа гуайн дунд охиноос хоёр ихэр төрсөн аж.