A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5155/

Зүрх сэтгэл, цус, маханд минь шингэсэн аугаа урлагаа хэзээ ч орхихгүй

Зүрх сэтгэл, цус, маханд минь шингэсэн аугаа урлагаа хэзээ ч орхихгүй
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5155/
  • Хүнд эцэг, эх, эх орон ганцхан заяадаг. Харин хайртай хэдэн ч удаа учирч болно
  • Урлагийн хууль гэж бий. Бидний үед ширхэг үс маань ч улсын өмч байлаа. Ямар сайндаа С.Бужгарыг "Нүгэл, Буян" киноны ламд тоглоход халимагийг нь авах эсэхийг соёлын яамны сайдын тушаалаар шийдэж байх вэ дээ
  • Миний амьдрал бол тэр чигээрээ урлаг. Намайг хардаж, урлагаа хая гэх юм бол би хэний ч хажууд тогтохгүй. Би хэзээ ч урлагаа хаяхгүй. Миний цус маханд шингэсэн энэ зүйлийг зүрх сэтгэл минь яасан ч орхихгүй

“Сухомлинский гэдэг чинь кино жүжигчин билүү” гэж хээвнэг асуух хүн чанаргүй аавын дүр монголчуудын сэтгэлд тодоос тод үлдсэнийг нуух юун. Энэ хүн бол “Би чамд хайртай” киноны Баяраагийн аав Самбуу буюу МУГЖ З.Жарантав билээ. Самбуу гуай өдгөө нас сүүдэр 80 хүрч явна. Биднийг очиход “Уулсын сайхан хангай”-гаа аялж, баян хуур, гармошка хөгжмөө тоглоод, эгээ л залуу хүн шиг угтлаа. Тэрбээр залуудаа Халхын хүүхнүүдийг хуйлруулж, зүрхэнд нь шар ус хуруулж явсан эр. Тэр хавчигдаж, гадуурхагдаж, басхүү Монгол төрийн нүүрийг тахалж, алтан тайзан дээр асах их хувь заяаг эдэлж явлаа. Түүнтэй ярилцах зуур магадгүй энэ хүний нас нэр шигээ 65 гэх тоон дээр зогсчихсон юм болов уу гэж бодогдож байв. Гэвч 65 ч биш сэтгэл зүрх нь 20 насандаа оршиж байгааг ярилцлагынхаа төгсгөлд ухаарсан юм.

-Таны “Цэргийн хүү” явсан үеэс ярилцлагаа эхэлье. Та тэр кинонд тоглосныхоо дараа охидын захианд даруулж явсан гэдэг шүү дээ. Хэр их захиа авч байв. Хариу бичсэн захиа их үү?

­“Цэргийн хүү” бол Сэлэм Тогмидод тоглодог найруулагч, жүжигчин Ц.Цэрэндоржийн бүтээл. Тэр кинонд би пробгүй тэнцэж байлаа. Театрт ороод дөрвөн жил болсны дараа. Э.Оюун багш минь З.Шагдаржав, Н.Болд бид гур­выг тийш нь илгээсэн юм. Яах вэ, захидал ирнэ. Жижүүр дээр “та­нилцъя” гэхээс эхлээд сэтгэлээ ил­чилсэн олон захиа ирж байлаа. Гэх­дээ уншихаас хэтрээгүй л дээ. Ээж маань намайг хүнтэй үерхүүлдэггүй байв. Айлын ганц хүү болохоор харамлаж, хайрлаж байгаа нь тэр.

-Гэхдээ л дурлаж, хайрлаж явсан байлгүй дээ. Урлагийн тэр олон сайхан хүүхэн дунд сэтгэлээ өгсөн бүсгүй байгаагүй гэж үү. Та ээжийгээ эсэргүүцэж ч үзээгүй хэрэг үү?

­Би яах аргагүй 26 хүртлээ хүнтэй албан ёсоор үерхэж, нөхөрлөөгүй юм. Нэг түүх ярья л даа. Ташкентаас балетын гоё, гоё охид ирчихсэн байх үе. Үелзүүр МУГЖ Д.Долгор “Чамайг гоё охинтой танилцуулна” гэж хэлээд балетын Ц.Дашдуламтай танилцуулж байсан юм. Бас л гавьяат шүү дээ. Урт үстэй, хачин хөөрхөн бүсгүй. Наадмын орой байсан санагдана. Тоглолт дуусаад Ц.Дашдулам намайг сугадчихсан, Д.Долгор хажууд алхаад бид гурав явж байлаа. Ээж халуун савтай цай барьчихсан гэнэт гараад ирдэг юм байна. Тэгснээ Ц.Дашдуламыг “Чи юун охин бэ. Яагаад, миний муу шар бандийг сугадчихсан юм. Яв, цаашаа” гэж хэлээд хөөчихсөн. Ингээд л хүн амьтантай уул­зуулдаггүй байлаа. Нэг залуу хардаж ирээд хүүг минь цохиод авчихна ч гэж боддог юм уу. “Хотынхон аюултай, болж бүтэхгүй хүнтэй таарчихна” гээд хүнтэй ер уулзуулахгүй. Захиа өгөхөөр нь би зугтаана. Уулзъя гэсэн ч жүжиг тарахад ээж хүлээгээд сууж байдаг байв. Намайг оюутан байх үед хичээл тарахыг хүлээгээд халуун савтай цай, хоол бариад хүлээдэг байсан нь театрт орсны дараа ч өөрчлөгдөөгүй. Бас уран нугаралтын Б.Норовсамбууг ээж нь сахичихна. Яагаад гэвэл хүүхдүүд нь улсын даалгавартай шүү дээ. Хүүхэд гаргаж болохгүй гээд цагдаж, хянадаг байсан тийм үе. Урлагийн хууль гэж бий. Бидний үед ширхэг үс маань ч улсын өмч байлаа. Ямар сайндаа С.Бужгарыг “Нүгэл, буян” киноны ламд тоглоход халимагийг нь авах эсэхийг Соёлын яамны сайдын тушаалаар шийдэж байх вэ дээ. Дээр үед халимагаа авсан хүнийг 311­-т орсон хүн гэж хардаг байлаа.

-Одоо хөр хорио гээд хамаг үзвэр үйлчилгээ, бүжиг таньц бүгдийг хорьсон байна. Та залуудаа бүжиглэж байв уу. Ахмадууд их бүжиглэдэг шүү дээ?­

Вальс, фокстрот голдуу бү­жиглэнэ. Гэхдээ би нэг их бүжиг­лэдэггүй байсан. Харин харж суугаад хөгжмийг нь тогтоож авдаг байлаа.­

-Залуу үеийнхэн “Мартагдаш­гүй намар”-­ын вальс, “Би чамд хайртай” киноны дискогоор л төсөөлөх юм байна. Мөн биз?

-Мөн, мөн. Гэхдээ Б.Балжинням найруулагч их сонин шийдэл гаргаж ирсэн. Охид, хөвгүүд хоёр талд сууж байгаад нир хийгээд босож ирээд, бүжиглэдэг дээ. Тэр их гоё шийдэл.­

-Таныг анхны эхнэрээ бүжгэн дээр харсан гэдэг юм билээ. Тэр тухайгаа дурсаач? ­

Би “Уулзалт” кинон дээр Бадамхандтай бүжиглэж танилцдаг даа. Түүнтэй төстэй. Лхагваа гэж бүсгүй бий. Бид хоёр дундаасаа нэг хүүтэй болсон. Хөөрхий минь, өнгөрсөн жил өөд болсон. Багшийн дээдийн оюутнуудын бүжгэн дээр анх харж байлаа. Орос хэлний ангид орж ирсэн, тайрмал үстэй, хөөрхөн охин байв. Танилцах гээд бүжигт урилаа. Тэгсэн чинь намайг мэдэж байна. “Кинонд тоглосонд баяр хүргэе” гээд л. Гэтэл хоёр залуу дайрч орж ирээд, дахиж бүжиглүүлсэнгүй. Шар хөдөлсөн гэж жигтэйхэн. Нэг мэдсэн Лхагваа маань алга. Байр руу нь очтол өнөө хоёр залуу түүнийг дуудаад өрөөнийх нь гадаа зогсож байна. Тэр хоёрыг зодчихоод, Лхагвааг аваад шууд гэртээ очиж билээ. Жил шахуу үерхээд бид хоёр тийшээ болсон.

-Ээж тань яаж яаж зөвшөөрсөн юм бэ? ­

Ээжид мэдэгдэлгүй ирж, очин үерхсэн юм.­

-Та зодолдон барин үерхчихээд яагаад салсан юм бэ? ­

Урлагийн хүний амьдрал хэцүү шүү дээ. Гэр бүл болсон хүүхнүүд ч хардамтгай байсан. Аргагүй юм даа. Бүтэн жилийн ердөө 26 өдөр нь гэртээ хононо. Бригадаар хоёр, гурван сар явдаг. Ирэнгүүтээ кинонд явна. Москва явна, үгүй бол хувийн үзүүлбэр хийж, театрт орлого оруулахаар тоглолт хийнэ. Тэр үеийн 11 аймгийн сум, бригад, ферм бүгд рүү нь явна. Үр хүүхдээ ч хайхрах завгүй хэцүү үе байсан.

-Бас хоёр дахь амьдралдаа ч цэг тавьсан байх аа? ­

Тийм ээ. Би Н.Насанжаргал гэдэг бүсгүйтэй ханилсан. Бас л хардаж, сэрдэх асуудал байсан. Гэхдээ би одоо ч Насаагаа хайрладаг. Миний гурван үрийг төрүүлж өгсөн эх хүн шүү дээ. Хайрлах ёстой юм.

-Ер нь хайрыг юу гэж үздэг вэ? 

Хайр гэдэг бол хэн хэнийгээ нандигнах сэтгэл. Хэн нэг нь хайрлаад нөгөө нь хайрлахгүй бол хайр тогтохгүй. “Хайр гэдгээ мэдэхгүй цагт хайртай гэж хэлэх амархан байсан. Хар болон хувирах үед хайрлах байтугай харахаас ч халширдаг болсон” гэдэг үг бий. Хүний амьдралд сэтгэлд мөнхөрч үлдсэн анхны хайр гэж бий. “Санамсаргүй учраад цахилж одсон, салж болохгүй, сууж бо­лохгүй нууцхан нэгэн хайр Санахаас цаашгүй, хэзээ ч бүтэшгүй мөрөөдлийн нэгэн хайр” ч гэж бий. Бас насан туршийн хайр ч бий.

-Та энэ олон хайртай бүгдтэй нь учирсан байх нь. Мөрөөдлийн хайр чинь хэн байсан бэ?

­Учирсан. Гэхдээ тэрийг хэлж болохгүй. Энэ бол хоёр биедээ л үлдэх ёстой зүйл. Нандин чигээр нь үлдээхийн тулд нуух ёстой байдаг юм. Хүслээр болдоггүй хайр хүнд гуниг тээлгэдэг.­

-Зөвхөн зүрхэнд үлдэх ёстой гэж үү? 

­Тийм, зөвхөн зүрхэнд л үлдэх ёстой юм. Бид хоёроор л дуусах ёстой. Тийм хайрыг зөрөөд өнгөрөхдөө ч хайрын харцаар харах хэрэгтэй. Ядарч явбал туслах ёстой. Шаардлагатай бол баас, шээсийг нь ч арилгах ёстой. Гэхдээ хүний нууцхан хайртай учрах эсэх хань нөхрийнх нь халамжаас шалтгаална. Анх танилцахдаа хүрч чадахгүй нандигнадаг байсан үе шиг ээ л хайрла. Тэгвэл тэр хайр хэзээ ч сэвтэхгүй. Насан туршийн хайр бол тэр хүний амьдралаар амьдарна гэсэн үг. ­

-Би таны мөрөөдлийн хайрыг мэдчих шиг боллоо. Зургийн цомогт тань байсан Орос бүсгүй мөн биз?

­Мөн мөн, хөөрхий минь. 

-Энэ тухайгаа хуучлаач. Залуу цагийн дурдатгал шүү дээ. Тэр үзэсгэлэнт бүсгүйг хэн гэдэг вэ? ­

Ира. Би Ира гэж дууддаг бай­сан юм. Хэрвээ би тэр бүсгүй рүү явсан бол өдийд Орост байх байсан. Ярославын театрын жү­жигчин бүсгүй. Надад дурлаад зургийнхаа ард сэтгэлийн үгээ бичээд дурсгаж байв. “Би чамайгаа хүлээнэ, хоёулаа сууна” гэж байсан юм. Даанч чадаагүй. Жилийн дараа Д.Сосорбарам, С.Сарантуяа бид гурав Орос явлаа. Ира намайг тосож аваад Днепр мөрний эргээр зугаалахдаа би өөр хүнтэй гэр бүл болсон гэж хэлээд татгалзсан юм. Хөөрхий уйлаад л үлдсэн. Саша гээд залууг “Энэ залуу надад сайн байдаг юм, чи зөвшөөрөх үү” гэж асууж би­лээ. Дараа нь Насааг Герман явахад нь тосож аваад, их тусалж байсан.

-Та Ирагаас яагаад татгалзсан юм бэ. Монголчууд оросуудтай их гэрлэдэг байсан үе шүү дээ?

 Миний аав, ээж, эх орон яах юм. Намайг насаараа хайрлаж өсгөсөн тэр хоёрыгоо гомдоож болохгүй. Хүнд эцэг, эх, эх орон ганцхан заяадаг. Харин хайртай хэдэн ч удаа учирч болно. ­

-Та урлагийн төлөө хайраа золиосолчихсон юм биш үү?

­Тийм ээ, хайраас илүү урлаг. Миний амьдрал бол тэр чигээрээ урлаг. Намайг хардаж, урлагаа хая гэх юм бол би хэний ч хажууд тогтохгүй. Би хэзээ ч урлагаа хаяхгүй. Миний цус маханд шин­гэсэн энэ зүйлийг зүрх сэтгэл минь яасан ч орхихгүй.

-Та одоо ганц бие байгаа юм уу? ­Үгүй ээ, сэтгэл нийлсэн хүн бий. ­Та айлын ганц, эрх хүү байсан гэдэг?­

Тийм ээ. Ээж маань над руу муухай харахын төдийд л өмөөрч загнадаг, хүн байлаа. Миний ижий 10 хүүхэд төрүүлсэн ч, эгч бид хоёроос бусдыг нь хүн болгож чадалгүй, алдчихсан юм л даа. Эгчийг айлд өргүүлсэн болохоор арай гэж амьд үлдсэн ганц хүү нь би байсан хэрэг. Дүү маань өөд болсныг би санадаг юм. Согтуу хүн гэрийн хатавчнаас морио уяадорхичихож. Хаалга хаагдтал өнөөх морь үргэж, гэр тэр аяараа нурж, дүүгийн маань толгой нь цөмөрч бурхан болсон. Уг нь миний унасан нутаг Булган аймгийн Ингэт толгойн аж ахуй. Би дөрвөн настай байхдаа их хүнд өвдсөн юм гэнэ лээ. Аав, ээж хоёр бүх юм аа хаяж, морин тэргээр хоёр шөнө, хоёр өдөр явж, аймгийн төвийн эмнэлэгт үзүүлтэл, “Энэ хүүхэд хүн болохгүй” гэсэн гэдэг. Ээж маань уйлж дуулсаар байгаад амь насыг нь алдвал гомдолгүй гэж хуруугаа дараад, намайг үзүүлж, эмчлүүлснээ дурсаж байсан. Тэд маань дараа нь мэргэн хүнд үзүүлтэл “Зүүн урд зүгт яв. Буцаж битгий ир” гэж хэлээд, нэрийг минь сольсон гэсэн. Тэгээд Хангал өртөөнд гурван жил гаруй амьдраад долоон нас хүрдэг жилээ Сэлэнгэ аймгийн Шаамар суманд очсон. Тэр үеэр аавыг минь нутаг буцааж, ээж бид хоёр орон гэргүй үлдсэн дээ. Ээжийн хамаатнууд биднийг хөөж, айлын шавар байшинд хорогддог байх үед хойд аав маань биднийг асарч, ээжтэй ханилсан юм. 

-Хойд аав тань таныг хүний хүүхэд гэж гадуурхалгүй, бас эрхлүүлж өсгөсөн байх? ­

Нэг их юм хэлэхгүй. Эрт бо­соод хоол бэлдээд тавьчихна. Ба­га сургууль төгсөөд аймгийн төв ороход, оюутан болоод хот руу ирэхэд ч аав, ээж хоёр надаас хол­доогүй. ­

-Та төрсөн аав­тайгаа нутаг буцса­наас нь хойш уулз­сан уу? ­

Уулзаж чадаагүй ээ. Хил хаагдаад ирж чадаагүй юм. Тэнд очтол Монголын таг­нуул орж ирлээ гэж сэрдээд аав маань өлсгөлөнгөөр өөд болсон гэнэ лээ. ­

Таны хүүхэд нас ямархуу өнгөрөв. Та Халх голын дайны дараахан төрсөн шүү дээ?­

Би уг нь 1941 онд төрсөн ч паспортод 1942 он гэж бичсэн. Сэлэнгэд ирснээс хойш миний хүүхэд нас жаргалтай өнгөрсөн. Оросууд маш их ирнэ. Тэдний дуулж, бүжиглэхийг хараад, өдөржин өнждөг байлаа. Нэгдүгээр ангид байхаасаа л хоор дууны удирдаач болж, шүлэг уншина, өвлийн өвгөн болно, дуулна гээд бүгдийг нь хийж, урлагт элэгтэй өссөн дөө. Намайг жаахан байхад нар хамба, нанжин чавга, үзэм, гурил, будаа, молоко гээд л Оросын тансаг хүнс ачсан хятадууд ирнэ. Машин нь бисторк гэсэн бичигтэй. Тариачид бүх л ногоогоо арилжина. Аавыгаа нэг авдар үзэм авахаар нь “Аав аа, гурван авдар үзэм авъя л даа” гэж эрхэлнэ. Дүнсэн тамхийг хайрцгаар нь авна. Ийм л эрх танхи өссөн дөө.

-Та тамхи татдаг болохоос сар­хад хүртдэггүй шүү дээ. Сүүлд там­хинаас ч гарсан гэж байсан. 56 жил татаж байгаад гарсан гэхээр их багаасаа татсан байх. Яаж яваад тийм жаахан хүүхэд янжуурт орчихсон юм бэ?­

Би зургаан нас­тайгаасаа хойш там­хи татсан. Бавуугийн Лхагвасүрэн намайг тамхинаас гаргасан л даа. Цагаан сараар гаанс түрийлээд яв­даг сахилгагүй хүү явсан. Ер нь эрхээ­рээ хатаж байсны шинж. Орхон голоос загас барьж зараад морожен, хятад еэвэн авч иднэ. Хүмүү­сийг уснаас аварч, мөнгөөр нь тансаглана аа бас.­

Яаж тэр вэ?­

Дуучин Н.Шархүү, Цоохорын Пүрэвээ бид гурав заль зохионо. Шархүү усанд сэлж, бид хоёрыг дуудах үүрэгтэй. Хүмүүс харчихаад “Энэ бацаан сэлж байгаа юм чинь гүехэн ус байх” гэж бодоод орчихдог байв. Өнөө ус нь хоёр гишгэнгүүт л аваад явчихна. Ц.Пү­рэвээ бид хоёр анаж байгаад улиа­сан дээрээс үсэрч аварна. Амийг нь аварсан гээд бидэнд мөнгө төгрөг, чихэр боов өгнө шүү дээ. Сахилгагүй ч байж. 

-Тийм олон жил татсан тамхи­наасаа гарна гэдэг амаргүй байв уу. Б.Лхагвасүрэн гуай ямар аргаар тамхинаас гаргачихав? 

­Би Б.Лхагваатайгаа олон жил нөхөрлөсөн. Уран бүтээлийн тайландаа намайг авч явдаг. Нэг жил одоогийн УИХ-­ын гишүүн Г.Мөнхцэцэг, яруу найрагч Б.Ичин­хорлоо, дуучин Н.Орхонцэцэг бид хэд Баянхонгор руу явж байлаа. Би тэр үед өдөрт нэг хайрцаг тамхи татдаг байсан юм. Б.Лхагваа үнэтэй, шар иштэй тамхи гурван хайрцгийг татна. Би “Чамаас л боллоо. Дахиж хамт явахгүй. Шал дэмий юм байна. Нэг хайрцаг тамхи татдаг байсан. Одоо хоёр хайрцгийг татаж байна. Чамайг хараад дагаж татаад байна” гэж уурлалаа. Тэгсэн мань хүн “Би бол уруулын тамхичин. Чи муу уушгины тамхичин” гэдэг юм байна. Нээрээ л анзаарсан чинь Лхагвасүрэн утааг нь цааш нь залгихгүй сороод орхиж байгаа юм. Тамхи татаж, анхаарлаа л төвлөрүүлдэг байж. Би “Ингэж татах хортой шүү” гэж мөн ч их хэлнэ. Намайг сүүлд “урвагч” гээд хочилоод “Чи тамхинаас урвасан байна” гэж билээ. Энэ агуу хүн тамхи татдаггүй байсан бол амьд байх ч байсан юм билүү. Би ч тамхинаас болж 56 кг болтлоо турж байсан.

-Өөд болохынхоо өмнө тантай уулзсан уу? ­

Уулзсаан. “Жарантав минь, намайг хар үүрээр Соёлын төв өргөөний тайзан дээр тавиад, энэ муу хүүрийг хүн амьтан унтсан хойгуур зайлуулъя гэж магадгүй. Тэгэхгүй шүү. Нар гарсан хойно 10 цагаас хойш Драмын театрын тайзан дээр тавина шүү. Миний “Тамгагүй төр”, “Атга нөж”, “Нарны домог” олон сайхан бүтээл минь тэр театрт буцалсан. Миний уран бүтээлийг тэр театрын жүжигчид амьдруулж байсан, одоо ч амьдруулж байгаа, хойшид ч амьдруулах болно. Ийм тайзан дээр минь л тавиарай. Морин цагт төрсөн нутаг Баян­-Өнжүүлд минь оршуулна шүү. Намайг амьд байгаа цагт хэнбугай ч элэг барьж чадахгүй. Намайг үхсэн хойно миний баас, миний хүүхдүүдийг элэг барина. Тийм учраас чи минь ирнэ шүү” гэж захисан юм хөөрхий. Яг л ёсоор нь болсон доо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Азийн зах зээлд хүч сорихыг хүсдэг

 0 сэтгэгдэл
  • Нэвтрүүлэгтэй зэрэгцээд шинэ дуу маань Солонгосын хөгжмийн сувгуудаар цацагдаж байгаа
  • Энэ төсөл 1970-1980-аад оны үед хит болж байсан дуунуудаа дэлхий дахинд алдаршуулах зорилготой юм билээ

Хэдхэн хоногийн өмнө БНСУ-д амьдардаг нэгэн монгол залуу тус улсын E channel-ийн Topgoal Rhapsody буюу “K-pop-ыг орчуулж болох уу” шоу нэвтрүүлгийг доргиож, тэмцээний ялагчаар шалгарсан билээ. Тэрбээр тус улсын алдарт дуучин Lim Jae Bum-ийн For you дууг солонгос болон монгол хэлээр дуулсан юм. Ингээд тус нэвтрүүлэгт амжилттай оролцсон, дуучин Н.Идэрмөнхтэй цөөн хором ярилцлаа.

-Уншигчдад маань өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Н.Идэрмөнх гэдэг. БНСУ-д ирээд 10 жил болж байна. Анх гэрээгээр ажиллах гэж ирсэн ч одоо Сэжүн их сургуульд бизнесийн удирдлага болон дуучин гэсэн давхар мэргэжлээр суралцдаг. Анх ирэхдээ дуучин болох зорилго өвөртөлж, зорилгодоо заавал хүрнэ гэж хатуу шийдсэн. 

-Энэ тэмцээнд хэрхэн орсноо сонирхуулаач?

-Энэ төрлийн тэмцээн, телевизийн шоунд оролцохыг маш их хүсдэг байлаа. Солонгос хүмүүст зориулсан дуу хөгжмийн уралдаанууд маш олон болдог ч гадаад хүмүүст зориулсан K-pop шоу болдоггүй байсан. Анх тэмцээний зохион байгуулагчдын зүгээс холимог тулааны тамирчин М.Нандин-Эрдэнэтэй холбогдож, дуулах авьяастай эсэхийг нь тодруулаад танилуудаа холбож өгөхийг хүссэн юм билээ. Ингээд найзынхаа санал болгосны дагуу өөрийгөө сорихоор шийдсэн.

-Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу. Түрүүлнэ гэж зорьж байв уу? 

-Үгээр хэлэхийн аргагүй сайхан. Өмнө нь ийм зүйлийг зурагтаар л үзэж, “Ямар гоё юм бэ” гээд гайхаж, биширдэг байлаа. Тэмцээндээ түрүүлж, мундаг уран бүтээлчдээс урмын үг сонсоод мөрөөдөл маань биелсэн мэт санагдсан. Энэ тэмцээнд орохдоо түрүүлнэ гэсэн зорилго тавиагүй л дээ. Зүгээр л уран бүтээлч болж, мэргэжлийг нь эзэмшиж буй хүний хувьд тайзан дээр гарч, сайхан бүтээл толилуулахыг зорьсон юм. Өөртөө итгэх итгэл, цаашдаа илүү хичээх урам зориг авлаа. Дуугаа яг тухайн үеийн мэдрэмжээрээ илэрхийлж, дуулсан. 

-Энэ тэмцээн хэдий хугацаанд, ямар зарчмаар үргэлжлэх вэ?

-Одоогийн байдлаар тэмцээний таван дугаар цацагдсан, дахиад таван дугаар гарна. Дугаар бүрийн ялагчид хоорондоо дахин өрсөлдөж, шилдгийг тодруулах байх. Нарийн зүйлсийг дэлгэрэнгүй мэдэхгүй байна. Энэ төсөл 1970-1980-аад оны үед хит болж байсан дуунуудаа дэлхий дахинд алдаршуулах зорилготой юм билээ. Нэвтрүүлгийн нийт төсөв мянган “ог” гэж сонссон. Нэг ог 100 сая төгрөгтэй тэнцдэг гэхээр өндөр ач холбогдол өгч, зохион байгуулж байгаа нь харагдаж байгаа.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Нэвтрүүлэгтэй зэрэгцээд шинэ дуу маань Солонгосын хөгжмийн сувгуудаар цацагдаж эхэлсэн. Мөн клипний маань зохиол бэлэн болсон тул тун удахгүй цацна. Энэ улсад уран бүтээлийн эх сууриа тавьсан учраас цаашдаа Солонгосын төдийгүй Азийн зах зээлд хүч сорихыг хүсэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

The Voice шоу бол үндэсний урлагаа сурталчлах маш том боломж

 0 сэтгэгдэл
  • Энэ шоу Австрали төдийгүй дэлхий даяар цацагдах учир урилгыг нь дуртайяа хүлээн авсан
  • Монголчууд маань урмын үгээр угтаж авсан болохоор үнэхээр сайхан байсан. Бичлэг цацагдсаны дараа манайхан цахимд давалгаалж байгааг хараад нэг их том армид орчихсон мэт сэтгэгдэл төрсөн. Монгол улс гэж ямар улс вэ? ямар өв соёлтой вэ, бидний дуу хөгжим хэчнээн гайхалтай вэ гэдгийг харуулах нь хамгийн чухал
  • Mother and father дуу эх орон, ээж аавыг минь санагдуулж, төрсөн гэртээ очоод ирсэн юм шиг л мэдрэгддэг. Тайзан дээр байхдаа би шүүгчид эргэсэн эсэхийг ч анзаараагүй

Хэдхэн хоногийн өмнө Австрали улсын The Voice шоуны тайзнаа морин хуурын аялгуу эгшиглэж, ардын уянгат дуу, дахин    давтагдашгүй хөөмийн чимээ Монголын төдийгүй дэлхийн хүн зоныг уяраасан билээ. Энэ аялгууг сонсоод эх нутгаа санасан монголчууд нулимс мэлмэрүүлж, монгол хүн болж төрснөөрөө бахархаж, огшиж байв. Харин энэхүү гайхамшигт   аялгууг эгшиглүүлсэн эрхэм авьяастан бол Австрали улсад ажиллаж, амьдардаг монгол залуу Ганбүргэдийн Бөхчулуун билээ.

-Урилга хүлээн авсанд баярлалаа. Хүмүүс таныг “Домог” хамтлагийн гишүүн байсан гэдгээр нь илүү сайн мэддэг. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Г.Бөхчулуун гэдэг. Хөгжим бүжгийн консерваторыг төгссөнөөсөө хойш үндэсний хөгжмөө 22 жил тоглож байна. Харин хөөмийлж эхлээд 15 жил өнгөрчээ.

-Яагаад The Voice шоуны тайзыг зорих болов?

-Үндэсний урлагаа хөгжүүлэх, түгээх, олон улсад сурталчлах нь уран бүтээлч хүн төдийгүй монгол хүн бүрийн эрхэм үүрэг. Би The Voice шоуны тайзыг үндэсний урлагаа сурталчлах маркетингийн маш том боломж гэж харсан. Австрали төдийгүй дэлхий даяар цацагдах учир урилга ирэхэд нь дуртайяа хүлээн авсан. Монгол Улс гэж ямар улс вэ, ямар өв соёлтой вэ, бидний дуу хөгжим хэчнээн гайхалтай вэ гэдгийг харуулахыг хүссэн. Зорилгоо ч бас тодорхой хэмжээнд биелүүлж чадсан болов уу. Би Австралид ирээд 11 жил болж байна. Ихэнх австраличууд “Монгол гэж ямар улс вэ, Хаана  байдаг вэ, Хятадын нэг хэсэг үү” гэх мэт асуулт асуудаг. Энэ хандлагыг ч бас өөрчлөхийг хүсдэг.

-Таны сонгосон шүүгч Гай Себастьян “Бид өөр хэний ч хийж чадахгүй зүйлийг хийдэг гайхалтай гишүүнтэй боллоо” гэж хэлсэн байсан. Яагаад тэр шүүгчийг сонгох болов?

-Миний дуртай дуучин л даа. Намуухан хэмнэлтэй, гоё дуунуудтай. The Voice-ийн урилга ирэхэд нь би ямар хүмүүс шүүх талаар нь ч тодруулж асуусан. Урилгыг нь хүлээн авахад нөлөөлсөн бас нэг хүчин зүйл Тай Сибастян байсан гэж хэлж болно.

-Тайзан дээрх мэдрэмж, үзэгчдийн сэтгэгдэл ямар байсан бэ?

-Үзэгчид маш сайхан хүлээн авч, өндөр сэтгэгдэлтэй байсан. Хамгийн сонин нь тайзан дээр гарах үед надад ямар нэг мэдрэмж төрдөггүй. Бүр сандардаг ч үгүй. Би сандарч, догдлох юмсан гэж хүсдэг шүү. Заримдаа сандарсан үед хүнээс сэтгэл хөдлөл шингэсэн жинхэнэ амьд, мэдрэмжтэй уран бүтээл төрдөг шүү дээ. Албаар сандрах гэж оролддог ч нэг л болж өгдөггүй юм /инээв/. Олон жил ажиллаад ирэхээр дөжирчихдөг байж мэднэ.

-Эхний шатанд дуулсан дуугаа таныг өөрөө зохиосон гэж сонссон. Эх орноо санасан олон хүний зүрх сэтгэлийг дэвтээж байх шиг байна? 

-Миний ээж Хөвсгөлийн Хатгалын хүн. Ээжийгээ, Хөвсгөлийнхөө үзэсгэлэнт байгалийг сэтгэлдээ харж, тэр мэдрэмжээ илэрхийлсэн. Нам гүм байдал, байгалийн аниргүй чимээг сэтгэлдээ байнга хардаг. Энэ дууг дуулахаар эх орон, ээж аавыг минь санагдуулж, төрсөн гэртээ очоод ирсэн юм шиг л мэдрэгддэг. Ямар сайндаа дуулж байхдаа би шүүгчид эргэсэн эсэхийг ч анзаараагүй байсан.

-Эх орныхоо юуг хамгийн их санадаг вэ?

-Ээж, аавыгаа л хамгийн их санах юм даа. Би Монголдоо зун бүр очдог. Өнгөрсөн жил ч бас очсон. Харамсалтай энэ жил чадахгүй бололтой. Эх орондоо очихоор онгоцноос буугаад л шал өөр болчихдог. Нэг л сайхан тайван, хамаг бие сулраад л. 

-Таныг өөрийн гэсэн хамтлагтай гэж дуулсан. Мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

-Тийм ээ, мэргэжлээрээ ажиллаж байна. Би хоёр хамтлагтай. Нэг хамтлагтаа “Ая” гэж нэр өгсөн. Манай хамтлаг саяхан Монголын хамгийн ховор амьтдын нэг мазаалайд зориулсан шинэ ая зохиосон байгаа. Энэ амьтны тухай олон хүн мэдвэл, мөхлөөс аврах боломжтой. Харин нөгөө хамтлагийн маань нэр Equus. Энэ нь латинаар морь гэсэн утгатай. Мөн Австралийн сургуулиудад хөгжмийн хичээл зааж, бага, дунд сургуулиудаар тоглолт хийдэг. Энэ улсад маш олон үндэстэн, ястан байдаг учир бүх орны хөгжимчдийн уран бүтээлийг толилуулж, хүүхдүүдийнхээ хөгжмийн боловсролд анхаарахаас гадна хөгжмөөр дамжуулан улс үндэстнүүдийн талаарх мэдлэгийн хүрээг нь тэлдэг. Хааяа хоббигоороо уран зураг болон интерьер дизайны чиглэлээр ажиллаж байна.

-Танай хамтлагууд бүтээлээ ямар жанраар туурвидаг вэ?

-Монгол ардын дуу болон уртын дууг орчин үеийн хэмнэлд оруулж тоглодог. Ерөнхийдөө этно гэж хэлж болно.

-Гишүүд нь монгол хүмүүс үү? 

-Бүх гишүүд маань Австрали.

-Хамтлаг гэснээс та “Домог” хамтлагаас яагаад гарсан юм бэ?

-2009 онд Австрали руу ирээд, “Домог” хамтлагийнхаа уран бүтээлд оролцох боломжгүй болсон. Бид хөгжим бүжгийн нэг ангийн хүүхдүүд шүү дээ. Байнга холбоотой байдаг. Улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосон болохоор тоглолтууд нь цуцлагдаж, манай хэд амралтын байдалтай байгаа.

-Австралид халдварын нөхцөл байдал ямар байна вэ. Уран бүтээлд нь нөлөөлж байна уу?

-Хөл хорио урлагийн салбарынханд хамгийн их нөлөөлж байна. Бүх тоглолтууд цуцлагдсан. Хэзээ хэвийн болох талаар мэдээлэлгүй байна. 

-Та хөгжмийн ертөнцтэй хэрхэн холбогдож байв. Удамд нь урлагийн хүмүүс бий юу?

-Өвөө маань хөгжмөө өөрөө урладаг, гарын дүйтэй дархан хүн байсан юм гэнэ лээ. Бас сайхан дуулдаг, хөгжим тоглодог тийм буурай байж. Би өвөөгөө харж байгаагүй ээ. Аав маань өвөөгөөс гарын урыг нь өвлөсөн барилгын инженер мэргэжилтэй, дархан хүн. Харин авга ах маань хөгжим тоглох авьяасыг нь өвлөсөн, МУГЖ н.Идэрбат гэж хүн бий. Энэ авьяас нь надад удамшсан болов уу даа.

-Таныг тайзан дээр байхад эхнэр тань нулимс дуслуулж байсан. Цахим орчинд олон монголчууд талархлаа илэрхийлсэн байсан. Танд ямар сэтгэгдэл төрж байна?

-Монголчууд маань урмын үгээр угтаж авсан болохоор үнэхээр сайхан байсан. Бичлэг цацагдсаны дараа манайхан цахимд давалгаалж байгааг хараад нэг их том армид орчихсон мэт сэтгэгдэл төрсөн. Баярлаад л /инээв/.

-Та TEDxSydney-н тайзан дээр морин хуураа эгшиглүүлж байсан. Энэ дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-TEDxSydney-д 2016 онд оролцож, 4500 гаруй хүний өмнө хуур татсан. Морин хуураа тоглохоос гадна тэдгээр үзэгчийг удирдаж, хоор дуулсан учраас үнэхээр үгээр хэлэмгүй, бахархалтай мөч, гайхалтай тайз байсан.


-Гаднын иргэд манай үндэсний хөгжим, хөөмий, ардын урлагийн соёлыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Маш их хүндэтгэн хүлээж авдаг. Би хөгжмөөр дамжуулж эх орноо сурталчлах нь хамгийн зөв гэж боддог. Чаддаг юмаа хийгээд, эх орондоо хувь нэмэр оруулах нь монгол хүн бүрийн үүрэг.

-Монголын үндэсний хөгжим сүүлийн жилүүдэд эрчээ авч дэлхийн зах зээлд хүч түрж байна. Энэ амжилтыг та хэрхэн харж байна?

-Маш ухаантай алхам хийх ёстой. Ямар хүмүүстэй хамтран ажиллах, хамтрах гэж буй байгууллагын чадвар, нэр хүнд, гарын үсэг зурах гэж буй гэрээний нөхцөл гээд олон зүйлийг анхаарах шаардлагатай. Тайзан дээр нэгэнт л гарсан бол ур чадвартай нь хүссэн хүсээгүй цаашаа явна. Менежерүүд чамайг авьяастай, амжилтад хүрэх ирээдүйтэй бол шүүрнэ гэсэн зарчимтай.

-Таны уран бүтээлийн онгод юу вэ?

-Тухайн үеийн мэдрэмж, уран сэтгэмжээс шалтгаална. Тархин дотроо зураг зурахтай адил юм уу. Тэр зургийг яаж хөгжмийн хэлээр илэрхийлж, хүмүүст ойлгуулах вэ гэдэгт төвлөрдөг учраас өөрийнхөө гүнээс, дотроосоо тоглох хэрэгтэй. 

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-The Voice шоунд орсноор миний нэг зорилго биелсэн гэж хэлж болно. Монгол дуу гэж юу вэ, морин хуур гэж юу вэ, хөдөө гэж юу вэ гэдгийг олон хүн мэддэг боллоо. The Hu хамтлаг эх орноо сурталчлах үүргийг хамгийн сайн биелүүлж байна. Намайг оюутан байхад жаахан хүүхдүүд Хөгжим бүжгийн коллежид орж ирж байлаа. Дэлхийд нэрээ мандуулж байгаа тэднээр бахархахгүй байхын аргагүй. Мөн Домог, Хөсөгтөн гээд үндэсний өв соёлоо тээж, хөгжүүлж яваа бүх уран бүтээлчдээрээ маш их бахархдаг шүү. Би ч гэсэн хичээнээ гэж хэлмээр байна. Бүх монголчууддаа баярлалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Алтан тайзнаас сонссон алга ташилт надад залуу нас, эрч хүч бэлэглэдэг

 0 сэтгэгдэл
  • Хүмүүс намайг ил далд муулж, “Энэ бол эрлийз” гэсэн үзэл бодол нь үргэлж мэдрэгддэг байсан ч авьяаст арын хаалга байхгүй учир би бардам амьдарч ирсэн
  • Багш маань "Чи хувь Мөнхшүр биш. Чамайг урьж зална, ширээнд суухыг хүснэ. Чи хэзээ ч олны дунд ил байж болохгүй. Олны дунд орж, архи дарснаас амсах ёсгүй" гэж хатуу сургасан. Тиймээс би муу зуршлаас хол байж, нуугдмал, эрхэмсэг байхыг хичээдэг
  • Дүрдээ орохын тулд үхэж, амьдарч, хүнд хүртээхийн тулд бүх л зүрх сэтгэлээрээ дуулж байж тэр дүр, тэр уран бүтээл амьдарна. Тэрч ч бүү хэл, хоол унд, нойр, сарын тэмдэг ирэх үеэ хүртэл тохируулах ёстой. Дуурийн дуучдыг ном удаан уншихыг ч хориглодог. Хараагаараа уншсан ч гэсэн хоолойны нарийн хоёр хөвч цуцчихдаг юм

Хүний хувь тавилан гэж сонин шүү. Ганцхан хормын дотор өөрөөр эргэж, гуталчин болох байсан хувь заяа гургалдайн эгшгийг уянгалуулагч болон хувирна. Яг л энэ хувь тавилангийн тухай, яруу тансаг урлагийн нэгэн шүр сувдын тухай өгүүлэх гэж байна. Энэ хүн бол мөнхийн залуу хэмээн гайхагддаг, давтагдашгүй “Кармен хатагтай” МУАЖ, Чинзаяатын Мөнхшүр билээ.

-Хүүхэд насны тань талаар ярилцлагаа эхэлье. Ээж хүн бидэнд ганцхан заяадаг. Харин та хоёр ээжийн хайранд бөмбөрсөн азтай охин байсан гэдэг? 

-Тийм ээ, би хоёр ижийтэй. Нэг нь намайг өсгөсөн, нэг нь төрүүлсэн. Миний ижий намайг эгчээсээ өргөж авсан юм. Хань бүлгүй ганц бие бүсгүй байсан. Би чинь эхээс наймуулаа шүү дээ. Өргөсөн ижий минь намайг ах дүүгээсээ холдчихно гээд хаяанд нь өсгөсөн гэдэг.

-Урлагийн авьяас тань удамшсан уу. Хөгжим бүжгийн сургуульд жаахан байхдаа шалгалт өгч, олон хүүхдээс тэнцсэн билүү?

-Би учраа мэдэхгүй зургаахан настай жаахан охин байхдаа Хөгжим бүжгийн сургуульд орсон. Тэр олон хүүхэд шалгалт өгөхөд надтай нийлээд хоёрхон хүүхэд тэнцэж байлаа. Аав минь хэдийгээр дуу чин биш ч гэсэн дуулж, хуурдах дуртай тийм л хүн байсан. Энэ ч надад нөлөөлсөн. Удамд маань урлагийн хүмүүс бий, бий. Миний ах УДБЭТ-ын зураач хүн байсан. Дүүгийн маань охин төгөлдөр хуурч, хүү минь хамтлагтаа дуулна гээд манайхан удам угсаагаараа ур лагийн салбартай холбогдсон улс.

-Та олноо “Баатар Ван” гэж хүндлэгдсэн СГЗ Л.Эрдэнэ-булган, “Нийслэлийн хүү”-гийн УГЗ Ж.Бүрэнбэх гээд олон сайхан уран бүтээлчтэй нэгэн үеийн найзууд. Хамт суралцаж байсан байх аа? 

-Ж.Бүрэнбэх, Л.Эрдэнэбулган бид хэд хуучнаар ЗХУ-ын Ленинградын консерваторид хамт суралцаж байлаа. Тэр сайхан гүрний, маш том сургуульд үнэгүй суралцаж, боловсрол эзэмшсэн маань ховорхон хувь заяа. Би чинь Хөнгөн үйлдвэрийн коллеж төгссөн гутлын үйлдвэрийн ажилчин байсан хүн. Тухайн үед сурна гэдэг өндөр хариуцлага байлаа. Тийм болохоор өнөө хэдтэйгээ хааяа нэг уулзаж, учирна. Найз нөхөд гэж нэг их гүйж чадалгүй л төгссөн санагддаг. Хүүгээ тэнд байхдаа төрүүлсэн болохоор зай зав ч олддоггүй байж дээ.

-Оюутан байхдаа хүүхдээ өсгөх хэцүү байв уу? 

-Хүн гэдэг амьтан амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдох тусам хатуужиж, сөрж гардаг юм билээ. Хүүг минь хөгжим л өсгөсөн дөө. Хөгжмийн урлаг хүнд сэтгэлийн таашаал өгөхөөс гадна тайвшруулах ид шидтэй. Хүүгээ байрандаа ганцааранг нь үлдээнэ. Памперс байхгүй болохоор даавуун живх хийгээд, хөгжим асааж орхиод хичээлдээ явдаг байлаа. Дараа нь хичээлийнхээ хажуугаар цэцэрлэгт ажиллаж, хүүгээ цэцэрлэгт оруулсан. 

-Тэр үед жинхэнэ авьяасыг эрж хайж олдог байжээ. Гутлын үйлдвэрт ажилчин байсан хүн ЗХУ руу сургуульд явсан түүхээсээ хуваалцахгүй юу? 

-Анх техник мэргэжлийн сургууль төгсөөд эсгий гутлын үйлдвэрт хуваарилагдлаа. Тэр үеэр Багшийн дээд сургуулийн хөгжмийн анги бас Цэргийн ансамбльд шалгалт өгөөд хоёуланд нь тэнцчихсэн. Цэргийн ансамбльд хөтлөгчөөр тэнцдэг юм. Яах аа мэдэхгүй байж байгаад Соёлын сургуульдаа орно гэж шийдээд, сургуулиасаа аж ахуй явах чиглэл авлаа. Өглөө эрт багшийн сургуулийн урд унаагаа хүлээж байтал Цэргийн ансамб-лийн хурандаа Д.Дугарсүрэнтэй таарчихсан юм. Машинтай явж байснаа огцом зогсоод “Чи манайд шалгалт өгсөн хүүхэд мөн үү. Энд юу хийж байгаа юм” гэж асуув. Би ч “Хөдөө явах гэж байна” гээд үнэнээ хэлтэл “Чи цэргийн байгууллагаар тоглодог яасан задарсан хүүхэд вэ. Шалгалт өгч тэнцчихээд хөдөө явна гээд зогсож байдаг” гэж баахан загнаад, өнөө ногоон “69”-дөө суулгаж аваад шууд ансамбль руу давхичихсан. Ингээд ансамбльд бүжигчнээр долоон жил ажиллалаа. Дараа нь МУАЖ Г.Хайдав баг-шийнхаа мэргэжлийн дуулаачийн ангид орлоо. Жил гаруй суралцсан байх. Тухайн үед Цэдэнбал Филатова жилийн эцсийн шалгалт, академик шалгалтууд дээр их ирнэ. Намайг тэр агуу хүн л сургуульд явуулж өгсөн юм. Би явуулж өгсөн ч гэж ярих ёстой. Филатова гуай намайг шалгалтын үеэр харчихаад Соёлын яамны ажилтан Н.Дамдин гуайд “Энэ хүүхэд гадагшаа явж сурах хүн байна” гэж хэлсэн гэдэг. Ингээд намайг “Багшийн дээд сургууль гадаад явах хүүхдүүдийн шалгалт болж байгаа. Тийшээ оч” гэдэг юм байна. Би ч гадагшаа явахгүй гэж зүтгээд “Улаанбаатар” зочид буудлын урд байдаг бутан дунд ороод нуугдчихлаа. Гэтэл Дамдин гуай намайг олж “Чи яасан тэнэг хүүхэд вэ. Гадагшаа сургуульд явуулах гэж байхад ийм боломжоос зугтааж байдаг” гээд зад загнаж, шалгалтад чирч оруулсан түүхтэй. 

-Яагаад зугтаадаг билээ?

-Яагаад ч юм, гадагшаа явна гэхээр айчихсан хэрэг. Би чинь ижийнхээ гангар шаазан шиг ганц охин нь байсан. Тийм болохоор ижийгээсээ, ах дүүгээсээ холдоно, гэрээ санана гэж бодоод зугтааж байлаа. (инээв) 

-Та ансамбльд хөтлөгчөөр орсон хэрнээ бүжигчнээр ажиллаж ээ. Яагаад бүжигчин болсон юм бэ?

-Хөтлөгчөөр ороод удаагүй залуу хүүхэд байсан болохоор хоолойны дасгал хийгээд сууж байдаг байлаа. Нэг өдөр цонхоор юм хараад зогсож байтал нэг их гоё бүсгүй хүрч ирээд “Чи бүжигчин үү” гэж байна. “Үгүй ээ, би бүжигчин биш. Дууны ангид бэлдэж байгаа” гэж хариултал “Чи бүжигчин болох хүн байна. Нааш ир” гэж дуудаад намайг шалгаж үзсэн юм. Тэр гоё бүсгүй бол МУАЖ Г.Долгорсүрэн гуай байлаа. Ингээд хөтлөгч биш бүжигчин болчихсон. 

-Таны анхны хань Х.Сэргэлэн гуайн талаар асуухгүй өнгөрвөл уншигчид маань зэмлэх байх. Та нөхрийнхөө юунд нь татагдаж байв?

-Би Х.Сэргэлэнгийнхээ авьяасанд л татагдсан болов уу. Дурламаар сайхан хөгжим зохиодог, гайхалтай авьяаслаг, хүн байсан. Бас уян зөөлөн, сайхан сэтгэлд нь дурласан байх. Амьдрал ээдрээтэй шүү дээ. Арав гаруй жил ханилаад бид хоёр тийшээ болсон.

-Таныхаар хайр гэж юу вэ?

-Хайр гэдэг бол хүндлэл юм даа. Одоо ч нэгнийгээ мэдэхгүй шахуу байж “Хайр аа, хайр аа” гэх болж. Хайр гэдэг их сайхан үг л дээ, нэг тийм нандин үг. Эцсийн эцэст бие биенийгээ хүндэлж хайрлаж, нэг нэгэндээ уусаж дассан сэтгэл дээр л хайр тогтдог. Хайрын эрхэм сайхныг цаг хугацаа л мэдрүүлдэг байх. 

-Тэгвэл ийм сайхан хайр яагаад замхарч, үгүй болдог юм бол? 

-Хүн дурламтгай амьтан. Дурлалцаж, дурласнаас болоод амьдралын тэвчээр алдрах үе байна. Гэхдээ өөр хүнд дурлачхаад хань ижлээсээ сална гэдэг хайр биш. Бас учрал бүхэн өөр өөр. Хүн сэтгэлд таарахгүй ханьтай учирсан бол заавал тэсэж, тэвчээд байх хэрэггүй. Үргэлж архи уудаг хүнийг тэвчиж амьдарна гэдэг хэцүү. Ганц олдох амьдралдаа тэр хүнийг ч гэсэн чөлөөлье, өөрөө ч энэ бүхнээс холдъё гэж боддог юм билээ. Аргагүйн эрхэнд л амьдралын сайхан хайр өөрчлөгдөж, салж сарнидаг болов уу. 

-Салсныхаа дараа ч та хоёр найз нөхдийн сайхан харилцаатай байсан гэдэг? 

-Урлагийн хүн болохоор тэр юм болов уу. Би хүнд нэг их муу санаж, муухай юм бодож, аашлаад байдаггүй. Бид хоёр ёстой л анд нөхөд шиг уулзаж, уран бүтээлээ ярилцдаг байсан. “Би ийм дуу бичлээ” гээд хүрээд ирнэ. “Ямархуу болж” гээд санаа оноог минь асууна. “Алив Шүрээ чи дуу л даа” гээд л. Мөнгө төгрөг зээлэх үе ч байсан. Надаас хойш гэр бүл зохиосон шүү дээ. 

-Х.Сэргэлэн гуай сураггүй алга болоод олон жил боллоо. Одоо сураг ажиг гарах юм уу. Г.Хайдав гуайн сүүлчийн хүсэл нь хүүтэйгээ л уулзах байсан гэдэг? 

-Сэргэлэн маань хааяа сархад хүртэнэ. Урнаатай байх үедээ нэг хэсэг тун гайгүй байлаа. Удалгүй сархад хүртэх нь нэмэгдээд болж өгөхгүй байсан байх. Хэцүү шүү дээ. Нэг өдөр манайд ирлээ. Би “Чи хаагуур яваад байна даа, Сэргэлэн минь. Хань ижлээ зовоож болохгүй. Урнаа та хоёр сайхан амьдарч байгаа шүү” гэж хэлсэн юм. Хориод хоногийн дараа багш над руу залгаад “Өнөөх чинь чамтай уулзав уу, яав. Ойрд ер харагдахаа байлаа” гэж хэлсэн. Би сүүлд уулзсан тухайгаа яриад л өнгөрсөн. Түүнээс хойш сураггүй болж, өнөөг хүртэл уулзаж чадаагүй явна. Сэргэлэнг алга болсны дараа бид бишгүй л эрж хайсан. Одоо ч сураг ажиг тавьдаг л юм. Тэр үед дам сураг гаргахад “Улан-Үдэд эхнэртэй болоод сайхан амьдарч байна” гэсэн мэдээ сонслоо. Г.Хайдав багш бид хоёр ч баярлаад л “Амьд л байвал аштай юу” гээд хэсэг зуур тайвширч байсан. Түүнээс хойш дахиж сураг гараагүй. Мэргэн түргэн хүнээс асуухаар “Эсэн мэнд байна” л гэж хэлдэг. Багш маань хүүтэйгээ уулзахыг мөн ч их мөрөөдөж хүссэн дээ. Хүүгээ алдсан хүн аргагүй шүү дээ. Ах дүү нар ч бас өнөөг хүртэл хүлээж л байгаа. 

-Та хүлээдэг үү?

-Би амьд байгаасай л гэж хүсдэг. 

-МУАЖ Г.Хайдав гуай та хоёр багш, шавь. Бас аав, охин ч байсан. Танд юу гэж сургадаг байв?

-Хүн уулзах ёстой хүнтэйгээ л уулздаг байх. Г.Хайдав багш минь миний ижийгийн дүү Н.Буянт гэж хүнтэй найзууд байсан юм билээ. Дараа нь миний багш болж, бас аав минь болсон. Надад дуулах ур зүйг заасан анхны хүн. Надад нэг ч удаа хатуу үг хэлж байгаагүй. Ямар сайндаа л би Х.Сэргэлэнгээс салахдаа багшаас “Бид хоёр салах гэж байна, би яах вэ” гэж асуухад “Миний хүү сал. Чи аль юм болгон сархад үнэртэж, ингэж амьдрах вэ. Би чамайг сал л гэж хэлнэ” гэж байсан. Тийм аав байх уу. Намайг л хайрлаж, хайран хүүхэд гэсэн дээ тэр шүү дээ. Аав ч тэгж хэлсэн болохоор би шийдвэрээ зоригтой гаргасан байх. Биднийг салсны дараа ч бас яг л аав, охин хэвээрээ мэт намайг хайрлаж, зааж зөвлөж байсан. 

-МУГЖ З.Жарантав гуайг үндэс угсаанаас нь болж хавчиж, гадуурхаж байсан гэдэг. Танд тийм хавчилга, дарамт шахалт ирж байв уу?

-Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй. Хэрэв сонгож төрдөг байсан бол хүн бүр дарга цэргийн хүүхэд болохыг хүсэх байсан биз. Бусад хүмүүсийг мэдэхгүй ч би тийм сайхан хүний үр хүүхэд болж төрсөндөө баярлаж, ааваараа бахархаж явдаг. Аав маань мебелийн үйлдвэрт удирдах ажил хийдэг “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-той сайхан эр явсан. Тэр үеийн шагналын үнэ цэн ч өнөөгийнхөөс ч өөр байлаа. Гэхдээ миний ах, дүү нар маш их хэлмэгдэж байсан. Байлдааны онгоцны нисгэгч ахыг маань эрлийз гэж гадуурхаад ажиллахыг зөвшөөрдөггүй байлаа. Дүү нар маань онц сурдаг байсан ч оноог нь дарж, хуваарь өгөөгүй удаа ч бий. Харин урлагт арын хаалга байхгүй. Бүх зүйл нь ил шүү дээ. Даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг надад ямар ч саад бэрхшээл байгаагүй. Яах вэ, хүмүүс намайг ил далд муулж, “Энэ бол эрлийз” гэсэн үзэл бодол нь үргэлж мэдрэгддэг байсан.

-Огт гомдож байгаагүй гэж үү?

-Энэ асуудлаас болоод олон хүн хэлмэгдэж, гомдож явсан байх. Гэлээ гэхдээ би яалтай билээ. Надад ямар ч буруу байхгүй шүү дээ. Энэ бол миний амьдралын хувь тавилан л байсан. Би өөрийгөө хохирсон гэж хэлэхгүй. Бас гомдож ч байгаагүй. Ингэх тусам нь ирлэгдэж, өөрөөрөө байхыг хүсдэг.

-Урлаг хүнийг уян зөөлөн болгодог юм уу гэтэл улам хатуу, дайчин болгодог юм шигээ. Таныг хараад ийм бодол төрлөө. Өтөл насанд ханийн хайр үгүйлэгддэг гэдэг. Та хааяа ганцаарддаг уу?

-Хүмүүс намайг ганцаарддаг гэж ярьдаг юм билээ. Би огт ганцаарддаггүй. Энэ бүхний суурийг миний ижий тавьж өгсөн. Ижий маань асар хөрөнгөтэй, хөдөлмөрч хүн байсан. Намайг өргөж авчихаад “Энэ хүүхдийг ах, дүү нараас нь холдуулчих юм бол ирээдүйд ганцаардахын зовлон үзнэ” гэж мэдээд ах, дүү нарын минь хаяанд, аав, ээж хоёрын минь дэргэд өсгөсөн. Энэ насандаа би хоёр ч амьдрал үзсэн. Гэхдээ үр хүүхэд, ач зээ, өнөр өтгөн ах дүүс маань намайг ганцаардуулаагүй. Би энэ амьдралын сайн сайхан, муу муухай гээд үзэх ёстой бүх юмаа үзсэн. Үзэж ч яваа. Үр хүүхэд, ах дүүгээс гадна бурхан багш надад үзэгч түмний минь халуун алга ташилтыг бэлэглэсэн. Би маш их азтай. СУИС-д харьяалагдаж, олон шавьтай боллоо. Тийм болохоор би өчүүхэн ч ганцаардал мэдэрдэггүй. Хүмүүс ганцаардахаас их айдаг юм билээ. Гэхдээ эцэг, эхээсээ хагацах шиг хүнд хэцүү зүйл байхгүй. Хамгийн их сэтгэлийн гуниг харууслыг энэ хагацал л авчирдаг.

-Та ард түмэндээ “мөнхийн залуу Ч.Мөнхшүр” гэж хүндлэгддэг. Залуу сайхан байгаагийн нууцыг тань асуухгүй өнгөрч болохгүй байх? 

-Хүний амьдралд жаргал зовлонгийн аль нь ч тохиож болно. Гэхдээ энэ бүхэнд нугарахгүй, өөдрөг байх хэрэгтэй. Бас би урлагийн хүн. Миний агуу багш, ЗХУ-ын Ардын жүжигчин Валентина Владимировна Максимова надад “Ч.Мөнхшүр ээ, чи бол урлагийн хүн. Чи хувь Мөнхшүр биш. Чамайг урьж зална, ширээнд суухыг хүснэ. Чи хэзээ ч олны дунд ил байж болохгүй. Олны дунд орж, архи дарснаас нь амсах ёсгүй” гэж хатуу сургасан. Тиймээс би муу зуршлаас хол байж, нуугдмал байхыг хичээдэг. Нандин, эрхэмсэг байж гэмээнэ үнэ хүндтэй оршино. 

-Та Кармен хатагтайн дүрээр алдаршсан. Дуурийн урлагт олон жил зүтгэж, тайзан дээр амьдрахдаа хамгийн хайрлаж, бүтээсэн дүр тань юу вэ? 

-Сургуулиа төгсөж ирээд “Чоно ба долоон ишиг” дуурийн эх ямаагийн дүрд дуулж, Орост хамт суралцаж байсан нөхөдтэйгөө анхны бүтээлээ амилуулсан. Анхны дүр байсан болохоор ч тэр юм уу, сандарч, чамгүй хичээж, чармайж байж бүтээсэн.

-Би таныг Кармен гэх болов уу гэж бодож байлаа? 

-Намайг гудамжинд явж байхад хүмүүс “Өө, Кармен явж байна” гэж хэлэхэд нь би баярладаг байсан. Дуурийн хувьд би “Кармен”-аар танигдсан. Харин дуугаар бол “Тагтаа” дуугаараа танигдсан байх. 

-Театр үзэгчгүй болсон хүнд цаг үед цөөхөн хүн тэнд үлдсэн гэдэг. Тэр хүнд цаг үеийг хэрхэн давж байв?

-Тэр үед ёстой урлагтаа хамгийн их хайртай хүмүүс л үлдсэн дээ. Амьдрал ахуй хөөж, олон уран бүтээлч маань театраас гарсан. МУГЖ Ц.Ерөө, Г.Батцэрэн бид хэд нэгэн үе театрын нэг жилийн төлөвлөгөөг биелүүлсэн байх шүү. Хэнтий аймаг болон зүүн аймгуудаар гурвуулхнаа нэг “69”-тэй явж билээ. 

-Орон нутгийнхан урлаг соёлынхноо маш их хүндэтгэн хүлээж авдаг байж дээ?

-Тийм шүү. Шөнийн нэг, хоёр цагт ч тоглоно. Хоолой унтчихсан үед тракторын гэрэлд ч дуулж явлаа. Цас бороотой гэхгүй хөдөө хээр ч дуулна. Бүр айл болгонд очиж, дуулсан үе бий. Залуу байсан болохоор хэдэн шөнийн нойрыг даадаг байж. 

-Нэгэн үе таныг театраасаа хөөгдлөө гэж шуугьж байсан. Энэ байшинд биш урлагтаа хорогдсон, ахмад уран бүтээлчид зайгаа тавьж өгөх цаг ирсэн гээд янз бүрээр бичсэн шүү дээ. Тухайн үед яг юу болсон юм бэ? 

-Манай үеийн хэсэг хүмүүсийг олон жил ажилласан гээд тэтгэвэрт гаргасан. Тэр үед надаас юу ч асуугаагүй. Шууд л тушаал нь гарчихсан. Би “Нэгэнт л биднийг ингэж үзэж байгаа бол явъя” гэж шийдээд чимээгүй л гарч байсан. Сонин хэвлэлээр ч шуугьж байсан байх. Урлаг бол хүнд сайн сайхныг түгээх ёстой гэсэн үүднээс л ийм шийдвэр гаргасан байх. Д.Ганхуяг, А.Долгор, Б.Цэцгээ гээд нэгэн үеийн уран бүтээлчид маань хамтдаа зодог тайлсан. 

-Хүмүүс МУАЖ А.Долгор гуай та хоёрыг их өрсөлдүүлдэг?

-Бид нэг их өрсөлдөж, тэмцэлдсэн зүйл байхгүй. Хүмүүс ингэж ярьдаг л юм. А.Долгор надаас дүү шүү дээ. Сүүлд орж ирсэн. Бид хоёулаа метц сопрано буюу эмэгтэй хүний боргил хоолойтой. А.Долгорын нөхөр хөгжмийн зохиолч байсан, миний нөхөр ч бас зохиолч. Хоолой нь ижил учир нэг дүрд хуваарилагдана. Тийм болохоор л хүмүүс харьцуулж ярьдаг байх. Надад өрсөлдөж уралдсан зүйл байхгүй. А.Долгор ч бас тэгж боддог болов уу. 

-Гэнэн ч гэмээр нэг асуулт асууя. Урлагийн хүн авьяастай байхаас гадна хүн байх ёстой гэдэг. Авьяастай л байвал болохгүй гэж үү. Яагаад хүн байх ёстой гэж сургадаг юм бол? 

-Дуурийн дуучин хүн цогц авьяастай байхаас гадна өндөр мэдрэмжтэй байх ёстой. Амьсгаа авах, жижигхэн зогсолтыг яаж авах вэ гэдгээс эхлээд олон зүйл бий. Дүрдээ орохын тулд үхэж, амьдарч, дүрийнхээ бүх сэтгэл хөдлөлийг мэдрэх ёстой. Хүнд хүртээж дуулахын тулд бүх л зүрх сэтгэлээрээ дуулж байж тэр дүр, тэр уран бүтээл амьдарна. Тэр ч бүү хэл, хоол унд, нойр, сарын тэмдэг ирэх үеэ хүртэл тохируулах ёстой. Дуурийн дуучдыг ном удаан уншихыг ч хориглодог. Хараагаараа уншсан ч гэсэн хоолойны нарийн хоёр хөвч цуцчихдаг юм. Бас би хэзээ ч тамхи татаж, пиво ууж байгаагүй. Хоолойгоо хайрлахын тулд шүү дээ. Наргиан цэнгээнээс ч хол байж ирсэн. Хүмүүс “Та олон удаа тайзан дээр гарсан юм чинь танд айдас байхгүй болсон байх” гэж ярьдаг. Гэтэл уран бүтээлч хүний сэтгэлийн гүнд ийм мэдрэмж, айдас, догдлол заавал байдаг. Зүрх булиглаад л. Тайзан дээр нэг хөлөө тавьсан л бол энэ айдас үгүй болно. Гэхдээ энэ бүхний эцэст алтан тайзан дээрээ амьдарчихаад алга ташилтаар мялаалгасны дараа авах тэр мэдрэмж хамгийн эрхэм аз жаргал.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголд хамгийн томд тооцогдох стрийт арт бүтээл урлажээ

 0 сэтгэгдэл

Завханы төв Улиастай суманд дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хөргийг гудамжны урлагийн төрлөөр зуржээ. Тус бүтээлийг Б.Явуухулангийн нэрэмжит гудамжны орон сууцны хана дээр зурсан байна. Байрны нэг ханыг бүхэлд нь дүүргэсэн энэхүү нүсэр бүтээлийг Mongo Hustle багийн граффитч Jaggie, Begie, Dasher, Dj AnuDol болон Завхан аймгаас төрөн гарсан реппер Desant, Wolfizm нар хамтран зуржээ. Энэхүү бүтээлийг “Арт нүүдэл” төсөл санаачилсан байна. “Энэ бүтээл Монголд хамгийн том хэмжээтэй стрийт арт болох байх. Бид уг бүтээлээрээ дамжуулан монголчуудад дэлхийн дэвжээ хэрэгтэй гэдэг утга санааг илэрхийлэхийг хүссэн” хэмээн төслийн уран бүтээлчид ярив. Төслийг санаачлан хэрэгжүүлэгчид өмнө нь Говь-Алтай аймагт ХХ зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэвийн хөргийг зурж байв.