A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3241/

Илэн далангүй байна гэдэг хосуудын харилцаанд байдаггүй зүйл

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3241/
  • ЗГМ weekend мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран зөвлөгөө өгч байна. Энэ удаагийн дугаарт “Урамтай гэр бүл” хөтөлбөрийн удирдагч сэтгэлзүйч Ч.Одончимэг уншигчдаас ирсэн асуултад дараах хариулт өглөө. Хэрэв танд гэр бүл болон сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй.

    ГЭР БҮЛД НЬ АСУУДАЛ ГАРВАЛ ХҮҮХЭД “НАДААС БОЛЛОО” ГЭЖ ӨӨРИЙГӨӨ БУРУУТГАДАГ 

-Би 30 настай, хүү маань дөрөв хүрсэн. Нөхөр бид хоёр сүүлийн жилүүдэд үргэлж үл ойлголцож, хэрүүл салахаа болилоо. Тиймээс салахаар шийдээд байсан боловч би саяхан жирэмсэн болсноо мэдсэн, мэдээж нөхрийн минь хүүхэд. Гэхдээ энэ тухай нөхөртөө хэлээгүй төдийгүй хүүхдээ төрүүлэх бодолгүй байна. Би яасан нь дээр вэ?

Хоёулаа хамтран ярилцаж шийдвэрээ гаргасан хэдий ч дахин нэг бодож үзэхийг зөвлөе. Гэрлэлтээ цуцлуулснаар нийгэмд хүлээсэн үүргээ хэрхэн орхигдуулах болон хүүхдэд тань хэрхэн нөлөөлж болох талаар бодож үзэх хэрэгтэй. Бага насны хүүхдүүд эцэг эхээсээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай төсөөллийг тусгаж авахын зэрэгцээ, хэрхэн дотносдог, хэрхэн сайн харилцаатай байдаг, асуудлыг шийдвэрлэхэд хэн нь ямар байр суурьтай байгаа, ямар зан үйл илэрч буйг харж суралцаж байдаг юм. Мөн гэр бүлд нь ямар нэгэн асуудал гарвал “надаас болсон” гэж ойлгох нь бий. Бага насны хүүхдийн суурь хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд насанд хүрсэн үедээ бэлгийн харилцааны алдаатай төсөөлөл, хандлага бий болох, бусадтай ойлголцох харилцааны ур чадвар сулрах, уур бухимдлаа байнгын зөрчлөөр илэрхийлэх, өөрийгөө хянах хэм хэмжээ алдагдах, өөрийн болон бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байх гэх мэт сөрөг үр дагавар гарч болзошгүй тул хамтдаа дахин ярилцаж зөв шийдвэрт хүрэх нь чухал. Жирэмсэн болсноо хэлэхгүй байна гэдэг буруу. Хүүхэд хоёр талын оролцоотойгоор үүсэн бий болдог тул үүрэг хариуцлагаа ижил тэгш оролцоотойгоор үүрэх нь зөв. 


ДОНТОГЧ ХҮН ДОНТСОНОО МЭДДЭГГҮЙ

-Би 17 настай, арваннэгдүгээр ангид сурдаг. Хичээл эхлэхэд багш утас хурааж,тарахад өгдөг болохоор хичээлдээ анхаарч чадахгүй байна. Учир нь утсанд юу ирж байгаа бол гэж байнга боддог бөгөөд зарим мэдэхгүй зүйлээ интернэтээс харах зэрэг хэрэг болдог. Үүнийг томчуудад яаж ойлгуулах вэ?


-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр суурь боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй шигээ заавал сурч боловсрох үүрэгтэй байдаг. Тиймээс өөрийн эрх үүргийн хүрээнд аливаа нэгэн албан байгууллага, сургуулийн дотоод дүрэм журмыг дагаж мөрдөх нь зүй ёсны хэрэг. Нийгмийн хэм хэмжээнд захирагдаж амьдрах нь ирээдүйд хэрэгтэй. Мөн донтолт гэдэг бол хүн ямар нэгэн зүйлээс нас, хүйс, боловсрол хамаарахгүйгээр хараат байдалд орохыг хэлээд байгаа юм. Тухайн эд зүйлс таны хувьд амьдралын чухал зүйл болсон мэт санагдаж байвал донтолт аль хэдийн эхэлсэн байна гэсэн үг. Хамгийн харамсалтай нь, донтогч өөрөө үүнийгээ үл мэддэгт гол учир нь байгаа юм. Тиймээс сэтгэлзүйчээс зөвлөгөө авахыг зөвлөе. 


МАНАЙХ, ТАНАЙХ ГЭСЭН ТАЛЦЛЫГ ЭРТХЭН ЦЭГЦЭЛ

-Нөхөр бид хоёр гэр бүл болоод удаагүй бөгөөд бидэнд ямар нэг үл ойлголцол гардаггүй байлаа. Гэтэл хадмууд хэт их оролцож, үл ойлголцол бий болгоод байна. Нөхөр үүнийг ойлгохгүй, намайг зэмлэж, “тэвчихээс аргагүй” хэмээж байгаа нь цөхрөлд хүргээд байна. Яаж хадмуудаа хол байлгах вэ? 


- Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр хоорондоо ойлголцохдоо үргэлж асуудалтай тулгардаг нь тэдний сэтгэл зүйтэй холбоотой. Эрэгтэй хүмүүс өөртөө итгэлтэй, түрэмгий, аз туршсан, бие даасан байхыг илүүд үздэг. Тиймээс эр нөхөртөө өрх гэрийнхээ хариуцах ёстой үүрэг хариуцлагыг нь бүрэн үүрүүл. Эр хүн өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаад эхлэхээр амьдралд илүү хариуцлагатай, гэр бүлдээ халамжтай болж, анхаарал хандуулж эхэлдэг. Хадмуудтай ойр, хол байх нь та хоёрын хамтын шийдвэр. Тухайн хүний гэр бүлийг хүндэлснээр буцаад тэр хүн таны гэр бүлийг илүү хүндлэх болно. Тиймээс эхлээд аль болох дасах гээд оролдоод үзэх хэрэгтэй. Манайх, танайх гэсэн талцлыг эртхэн цэгцлэхийг зөвлөж байна. Өөрийнхөө гэр бүлийг адилхан нөхөртөө мэдрүүлж болох юм. Ингэснээр нөхөр тань “надад хэцүү байхад эхнэрт минь ямар хэцүү байсан бол” гэж бодох болно.


ЭЦЭГ, ЭХТЭЙГЭЭ УДААН АМЬДАРВАЛ БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛНО 

- Би 30 нас хүртлээ эцэг, эхтэйгээ хамт амьдарсан. Энэ нь эрчүүдийн сэтгэл зүйд муугаар нөлөөлдөг гэх юм.

- Эцэг, эхтэйгээ хамт удаан хугацаанд амьдарсан гээд тухайн хүний сэтгэл зүйд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Гэхдээ 20-30 насны хүмүүс эцэг эхтэйгээ хамт удаан амьдарвал бие даах чадвар сулрах, бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлах нь багасах, аливаа зүйлийг бэлэнчлэх гэх мэт сөрөг талтай болдог. Тиймээс аав, ээжээсээ тусдаа амьдарч өөрийгөө чадавхжуулах хэрэгтэй. Эрэгтэй хүн өрх толгойлж, гэр бүлтэй болсон үедээ эр хүн болж төлөвшиж өөрийн үүрэг, хариуцлагаа илүү ухамсарлаж ойлгодог. Монголчууд хүүхдүүдээ ганцааранг нь амьдруулахгүй, гэр бүл болтол нь хамт байдаг нь гэр бүл салалт, биеэ авч явах чадваргүй болох зэрэгт нөлөөлж байна. 

ХОТОД АЖИЛЛУУЛАХГҮЙ ГЭСЭН ШАЛТГААНЫГ ТОДРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Би саяхан сувилагч мэргэжил эзэмшиж, сургуулиа төгссөн юм. Аав, ээж минь хөдөө байдаг болохоор хөдөө ирж ажилд ор, хотод байлгахгүй гэсэн. Би хотод ажиллахыг хүсдэг бөгөөд ажлын байраа ч олчихсон. Хэчнээн учирлаж, гуйгаад ч намайг ойлгохгүй юм. Гэрийнхэндээ өөрийгөө яаж ойлгуулах вэ?

- Энэ бол мэдээж бие хүний онцлогтой холбоотой асуудал. Бие хүн болон төлөвшихөд эцэг эхийн асрамж халамжаас чөлөөлөгдөхийг хүсэж, найз нөхөд, үе тэнгийнхэнтэйгээ илүү ойр дотно байхыг хүсэж эхэлдэг. Энэ нь мэдээж нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхээс гадна өөрийгөө илүү таньж мэдэхэд тустай. Гэвч эцэг, эх тань ямар учир шалтгааны улмаас хөдөө ажиллахыг илүүд үзэж буйг асууж ойлголцсон нь дээр. Орон нутгаа хөгжүүлэн цэцэглүүлж, чадвартай мэргэжилтэн болж улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж болох тухай бас бодож үзэж болно. Мөн хот суурин газар сууршин амьдрах нь ямар давуу талтай, хэрхэн өсөж хөгжих бололцоотой вэ гэдгийг эерэг хандлагаар хэлж ойлгуулсан нь дээр гэж зөвлөх байна.


ИЛЭН ДАЛАНГҮЙ БАЙНА ГЭДЭГ ГЭР БҮЛИЙН ХОСУУДЫН ХАРИЛЦААНД БАЙДАГГҮЙ ЗҮЙЛ

-Эхнэр, нөхөр бие биедээ илэн далангүй, нэг нэгнээ ойлгож ярилцдаг байсан бол гэр бүлээс гадуурх харилцаа хэзээ ч бий болохгүй гэх юм. Энэ үнэн үү? 

-Гэр бүлээс гадуурх харилцаа зөвхөн ярилцах, илэн далангүй байхаас хамаардаггүй. Илэн далангүй байна гэдэг гэр бүлийн хосуудын харилцаанд байдаггүй зүйл. Илүү их ярилцаж байгаа тул гэр бүлээс гадуурх харилцаа байхгүй байна гэж ойлгож болохгүй. Хүн бүрт өөрийн гэсэн орон зай, үнэт зүйл, нууц, дагаж мөрддөг хэм хэмжээ байдгийг ойлгож ухаарах хэрэгтэй. Аливаа хувь хүн өөрийн цогцлоон буй гэр бүлийнхээ үүрэг хариуцлага, үнэт зүйлсээ ойлгож ухамсарласан үед гэр бүлээс гадуур харилцаанд орохгүй байх магадлал өндөр байдаг. Эхний гурван жилд хосуудын харилцаа илэн далангүй, илүү ойлголцож чаддаг. Түүнээс цааших хугацаанд хэлсэн хэлээгүй ойлгоно гэсэн хандлагатай болж эхэлдэг. Тиймээс аль болох шийдвэр гаргах түвшинд ярилцах хэрэгтэй. 































A

Жижиг

A

Дунд

A

Том

Хэт хэрэглээнээс татгалзах Шведийн Лагом хандлага

 0 сэтгэгдэл

  • Лагом гэх үгийг швед хэлнээс орчуулбал “хангалттай”, “яг таарсан” гэсэн утга илэрхийлдэг
  • Лагом хандлага нь эд материал төдийгүй хүн хоорондын харилцаанд ч нөлөөлдөг гэнэ. Швед хүмүүс ажил амралт, жаргал зовлон гэх мэт эсрэг тэсрэг зүйлсийн тунг маш энгийнээр тохируулдаг онцлогтой


Швед улсад сүү­лийн жилүүдэд лагом гэх шинэ чиг хандлага төлөвшжээ. Улмаар тус улсыг Lagomlandet буюу Лагом улс гэж нэрлэх нь бий. Энэхүү хэв маягийн гол философи нь бүх зүйлийн тунг нь тааруулж, алтан дунджийг олон, тэнцвэртэй амьдрах юм. Өөрөөр хэлбэл, тус улсын иргэд эерэг мэдрэмжийг эд зүйл бус нийгэмд оруулж буй хувь нэмэр өгдөг гэж үздэг. Швед хүмүүс өдөр тутамдаа зөвхөн нэн шаардлагатай зүйлийг хэрэглэж, хэт их эд материа­лаар өөрийгөө хүрээлүүлэн, амьдралаа ачаалуулахаас татгалздаг. Энэ хандлага нь зөвхөн эд материал төдийгүй хүн хоорондын харилцаанд ч нөлөөлдөг гэнэ. Тухайлбал, швед хүмүүс ажил амралт, жаргал, зовлон гэх мэт эсрэг тэсрэг зүйлсийн тунг маш энгийнээр тохируулдаг онцлогтой. Лагом гэх үгийг Швед хэлнээс орчуулбал “хангалттай”, “яг таарсан” гэсэн утгыг илэр­хийлдэг. Тус ойлголт нь хоол, дизайн, байгаль орчин гэх мэт амьдралын бүх салбарт хэрэгждэг. Гэхдээ эл хандлага загварын салбарт хүчтэй ноёрхдог ба Шведийн ихэнх дизайнер бүтээлүүдээ лагом хэв маягаар бүтээдэг байна. Жишээ нь Acne Studios, Filippa K гэх зэрэг брэнд хувцас урлахдаа илүү деталь, хэт их чимэглэл хэзээ ч ашигладаггүй. Үүний оронд тэд өдөр тутам болон онцгой тохиолдолд ч өмсөхөд тохиромжтой биед эвтэйхэн, минималист хувцас зохион бүтээдэг. Энэ хандлагын бас нэг гол зорилго нь хэрэглэгчдийг хүрээлэн буй орчинтойгоо зохицож амьдрахад уриалах юм. Дэлхий даашгүй их материал цуглуулах нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, байгаль орчинд хор хөнөөл учруулдаг. Тиймээс хэрэглээнээс таашаал авах үзлийг улс нийтээрээ үгүйсгэж буй нь сайшаалтай. Лагом хэв маягийг төлөвшүүлж буйтай холбогдуулан IKEA брэнд Live Lagom хэмээх төсөл хэрэгжүүлж байжээ. Төслийн гол зорилго нь нийгэмд экологийн боловсрол олгож, байгальд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэж хэвшихийг уриалах юм. Тэд аяныхаа хүрээнд эрчим хүчинд хэмнэлттэй чийдэн, зай гэх зэрэг байгаль орчинд ээлтэй гэр ахуйн эд зүйлс худалдаалах болсон. Дэлхий дээр зөвхөн хүн л амьдардаггүйг тунхаглаж буй лагом хандлага нь хүний шуналын эсрэг хэрэгжүүлж буй энгийн, хэрэгцээт арга юм.Улс бүрд өөрийн гэсэн амьдралын хэв маяг бий. Түүнчлэн зарим улсын амьдралын философи бусад оронд нөлөөлөх тохиолдол ч олон. Тухайлбал, Япон улсаас гаралтай минималист хандлага өдгөө дэлхий нийтэд хэт хэрэглээнээс татгалзаж, эко, эрүүл амьдрахыг уриалаад буй. Швед улсын лагом хэв маяг ч мөн ижил утга санаатай. Гэхдээ амьдралын бүх элементэд нөлөөлдөг болохоороо онцлог юм.


















A

Жижиг

A

Дунд

A

Том

Дотоод орчны агаар гадаад орчныхоос чухал

Хүн амьдралынхаа 10-15 хувийг гадаа, 85-90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Тиймээс эрүүл мэндээ хамгаалахын тулд дотоод орчны агаарыг цэвэр байлгах нь хамгийн чухал юм.

 0 сэтгэгдэл



Аль болох том, далбагар ногоон навчтай цэцэгс агаарыг сайн цэвэршүүлдэг


1. Мөнхрөө 

2. Ногоодой 

3. Нөмөргөнө

4. Авиргана 

5. Зуун наст 

6. Агланоема

Мөнхрөө:

Агаар цэвэршүүлэх чадва- раа раа хамгийн өндөрт тооцогддог. Зөвхөн өдөр төдийгүй, шөнө ч хүчилтөрөгч ялгаруулдаг. 

Ногоодой:

Дотор тасалгаан дахь агаарыг хоёр өдрийн дотор 90 хувь цэвэршүүлдэг. 

Нөмөргөнө

Агаар дахь нянг 60 хүртэл хувь бууруулах чадвартай.  


Тогтмол агаар сэлгэж байх 

Гадна агаар бохирдолтой үед цонх нээх боломжгүй болдог. Тиймээс халуун орчинд хүчилтөрөгчийн агууламж багасаж, вирус хурдан үрждэг. Тэгэхээр аль болох агаарын бохирдол бага үед цонх, хаалгаа онгойлгож, агаарыг тогтмол сэлгэж байх нь чухал. 

Чийгтэй цэвэрлэгээ 

Дотоод агаарын бохирдол, тоосжилт нь агаарыг хуурайшуулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Тиймээс тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарын тоосжилтыг бууруулж, чийгшүүлж байх нь чухал. Мөн жамц давстай ус агаарт цацах зэрэг хэлбэрээр агаарыг цэвэршүүлж, чийгшүүлэх боломжтой. 

Зөгийн лаваар хийсэн лаа

Зах зээлд зөгийн лав болон парафинтай лаа худалдаалдаг. Дотоод агаарын бохирдлыг бууруу­лахад зөвхөн зөгийн лаваар хийсэн лаа асаах нь үр дүнтэй. Энэ төрлийн лаа нь шаталтын үр дүнд сөрөг ион ялгаруулснаар агаар дахь бохирдолтой нэгдэж, устга­даг байна. Ялангуяа харшил, астматай хүмүүст энэ аргыг зөвлөдөг. 

Жамц давс

Байгалийн давс нь агаар цэвэршүүлэх нөлөөтэй. Тиймээс жамц давсаар хийсэн ширээний гэрлүүд түгээмэл ашиглагдах болжээ. Үүнээс гадна, хүнсний жамц давсыг ил байлгах, усанд найруулж агаарт цацах зэрэг нь ч агаарыг цэвэршүүлэх эерэг нөлөөтэй.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Өөр эмэгтэйд хайртай ч эхнэрээсээ салмааргүй байна

Эхнэрийнхээ хайр халамжийг өөр хүнээс эрэлхийлж байх магадлалтай

 0 сэтгэгдэл

Засгийн газрын мэдээ сонин мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран ээлжит зөвлөгөөгөө өгч байна. Энэ удаа Focus on the Family Mongolia байгууллагын тэргүүн, клиник сэтгэл зүйч Т.Хонгорзул манай уншигчдаас ирсэн асуултад хариуллаа. Хэрэв танд сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй. 

ХҮҮХЭД ШИГ ЗАН ГАРГААД БАЙГАА ЭЭЖИЙГЭЭ ЯАХ ВЭ 

-Ээж маань 50 настай. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам л хүүхэд шиг болоод байх юм. Уурлах, гомдох, баярлах нь их амархан болсон. Гэхдээ гомдол нэхэх нь ихсээд байна. Цаашид яаж харьцвал дээр вэ? ­

-Энэ нь насны сэтгэл зүйн онцлог болон дааврын өөрч­лөлттэй холбоотой байж болох юм. Ээж тань ямар нэгэн зүйлд санаа зовниж, стресстэй байгаа эсэхийг анзаараад үзээрэй. Өөрийнх нь сэтгэл санааг ойлгож сонсох хүн байхгүй үед түүнийгээ уур бухимдал, гомдлоор гадагшлуулдаг байж болох юм. Хамгийн гол нь сэтгэл санааных нь байдлыг сонсож ойлгохыг хичээгээрэй. Ганцаардаж байгаа мэдрэмж төрж байгаа эсэх, найз нөхөдтэй эсэх, өөрийнх нь сэтгэлийг зовоож байгаа ямар нэг зүйл байгаа эсэх гэх мэт. Аль болох өөрийнхөө дуртай зүйлийг хийхэд цаг гаргах, найз нөхөдтэйгөө уулзаж ярилцах, дасгал хөдөлгөөн хийх зэрэг нь сэтгэл санааг өөдрөг болгодог. 

ЭХНЭРЭЭСЭЭ ХАЙР МЭДЭРДЭГ БОЛ ӨӨР ХҮНД СЭТГЭЛТЭЙ БОЛОХГҮЙ

-Эхнэр маань надаас олон эгч ч бид хамтдаа амьдралаа босгож, бизнесээ ч хөл дээр нь тогтоосон. Гэвч би өөр бүсгүйд сэтгэлтэй болж, бие энд ч сэтгэл тэнд явах боллоо. Гэр бүлээ салгамааргүй, бас тэр сайхан хайрыг амьдрал болгомоор байна. Яах вэ? ­

-Та гэр бүлийнхээ хүнээс хайр мэдэрдэг, нэг нэгэндээ сэтгэлээрээ ойр дотно байдаг бол өөр эмэгтэйд сэтгэлтэй болох боломжгүй юм. Эхнэртэйгээ хамт бизнесээ босгосон гэхээр магадгүй хоёулаа маш их ажиллаад харин өөрсдөдөө бага цагийг гаргаснаар нэг нэгнээсээ хол хөндий болсон байж болно. Энэ нь хайргүй болсон гэсэн үг биш бөгөөд магадгүй энэхүү үгүйлэгдэж байгаа орон зайг өөр хүнээс эрэлхийлж байх магадлалтай юм. Тиймээс та яарч шийдвэр гаргалгүй сэтгэлзүйчээс биечлэн зөвлөгөө аваарай. 

14 БОЛ ДОТНО ҮЕРХЭХ НАС БИШ

-Охин мааны 14 настай. Хэдэн сарын өмнөөс нэг хөвгүүнтэй үерхэх болсон. Хайр дурлалын асуудалд орооцолдоход хэтэр- хий балчир юм шиг санагдаад байна. Нас нь болоогүй байна гэж хорьж цагдах нь зөв үү, эсвэл зөнд нь орхих хэрэгтэй юу?

-Эцэг, эхчүүдийн сэтгэлийг зовоодог зүйл нь яах аргагүй үерхэл нөхөрлөлийн асуудал байдаг. Эрэгтэй, эмэгтэй жирийн найз нөхөрлөлийн харилцаа бол энэ насан дээр байх нь хэвийн хөгжлийн үе юм. Тухайлбал, спортоор хичээллэх, хичээлд нь туслах, дугуйланд хамт явах зэрэг нь хэвийн боловч харин дотно үерхэх нас биш юм. Тиймээс охинтойгоо ярилцах, ямар хил хязгаар тавих, гэртээ хэзээ ирсэн байх талаар зөвшилцөх нь зүйтэй. Загнаж буруутгах, уурлах, элдэв үгээр хэлэх зэрэг нь туслахгүй бөгөөд сайн ярилцаж энэ харилцааг үргэлжлүүлэх нь ямар үр дагаварт хүргэж болохыг ярилцаарай.

ЭХНЭРЭЭ АРХИНААС ГАРГАХ ГЭЭД ЧАДАХГҮЙ БАЙНА 

-Би эхнэртэйгээ ханилаад 35 жил болж байна. Гэвч сүүлийн хэдэн жил бор дарсанд хэтэрхий их дурлах боллоо. Архинаас гаргах эмчилгээнд явуулах гэж хэд хэдэн удаа оролдсон ч “би архичин биш” гээд халгаадаггүй. Эхнэр архи уух тусам гэр бүлийн амьдрал маань нүдэн дээр сүйрч байна. Одоо би яах вэ? ­

-Таны ханийн сэтгэл санааг зовоосон ямар нэгэн асуудал байгаа учраас архи ууж эхэлсэн болов уу. Архинд донтсон хүмүүст тулгардаг хамгийн том бэрхшээл бол үгүйсгэл байдаг. Хэчнээн их хэлээд аргадаад ч нэмэргүй өөрийгөө архичин биш гэж үгүйсгэдэг. Тиймээс албадан эмчилгээ хийлгээд ч тусалдаггүй. Хүнийг өөрчлөлтөнд хүргэдэг хамгийн том хүчин зүйл бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх явдал. Олон арга хэмжээ аваад ч нэмэргүй бол хэцүү ч гэсэн тухайн хүн шалдаа буусан цагт ухааралд ирэх үе бас байдаг. Танд хэцүү байгаа бол өөртөө сэтгэл зүйн зөвлөгөө аваарай. 

ХОЁР ТАЛААСАА БУУЛТ ХИЙЖ, ЗОХИЦОЖ АМЬДАР

-Эхнэр маань үргэлж л өөрийхөөрөө зүтгэж, бүх зүйлд намайг буруутгадаг. Эхэндээ би өхөөрдөж, бууж өгдөг байсан ч энэ нь сүүлдээ амьдралын хэвшил болж тогтох янзтай. Үргэлж л бууж өгнө гэвэл би цаашид тэсэхгүй бололтой. Яавал дээр вэ? ­

-Аливаа гэр бүлийн харилцаа нь нэг нэгэндээ буулт хийж, биесээ ойлгон хүлээн авах, итгэж найдах гэсэн уялдаатай бат бөх оршин тогтнодог. Аль нэг нь илүү давуу эрх эдэлж байна, би тэгш эрхтэй байх хэрэгтэй гэж оролдох нь хаана хүрэхээ мэдэхгүй явж байгаатай адил юм. Дийлэнхдээ хосууд өөрсдийнхөө өссөн орчин харилцаанаас шалтгаалан яг эцэг, эхтэйгээ харилцдаг шигээ харилцаж санаанд нь нийцэхгүй бол ханиас нь л бүх зүйл болоод байна гэж эндүүрдэг. Ханиа 100 хувь өөрийн хүссэнээр өөрчлөх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд харилцан хоёр талаасаа буулт хийж зохицож амьдрах нь харилцааг илүү эерэг байхад нөлөөлнө.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Хуримтлал үүсгэж болох шилдэг аргууд

 0 сэтгэгдэл

Өчигдөр дэлхийн хуримтлалын өдөр болж өнгөрлөө. 1924 оны энэ өдөр Италийн Милан хотноо зохион байгуулагдсан Олон улсын хадгаламжийн банкны анхдугаар чуулганы үеэр Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга гарсан нь биеллээ олж, өнөөг хүртэл уламжлал болгон тэмдэглэсээр иржээ. Энэ өдөр хуримтлал үүсгэхийн ач холбогдол, үр дүнгийн талаар бусдад сурталчлан таниулахаас гадна нэр алдартай хүмүүс өөрийн амжилтын туршлагаасаа бусадтай хуваалцдаг. Дэлхийн хуримтлалын өдөр болж өнгөрсөнтэй холбогдуулан хуримтлал үүсгэх аргуудын талаар сонирхуулья. 


Өдөр бүр бага багаар хуримтлуулах

Та эхний өдөр 100, дараагийн өдөр 200, гурав дахь өдөр 300 төгрөг гэх мэтээр өдөр бүр зуу зуун төгрөг нэмэн 365 хоногийн турш хуримтлал үүсгэвэл нэг жилийн дараа нийт 6,679,500 төгрөг хуримтлуулсан байх болно. Туршаад үзье гэж бодож байвал яг өнөөдрөөс эхлээрэй.

Түр зуурын сэтгэл хөдлөлд авталгүй,  зөвхөн өөрт хэрэгтэй зүйлдээ анхаараарай 

Дэлгүүрт явж байгаад гоё цамц олж хараад авчихдаг ч юм билүү гэж бодогдох үе танд гарч л байсан байх. Энэ үед өнөөх цамцныхаа үнэтэй тэнцэхүйц мөнгийг хадгаламжийн данс руугаа шилжүүлээд цамцыг харин байранд нь үлдээгээрэй. Угаасаа цамцанд үрэх л гэж байсан мөнгийг хадгаллаа гээд хожно уу гэхээс алдах юмгүй. Үнэхээр ямар нэг эд зүйлийг авахгүй л бол болохгүй юм шиг санагдаад байвал энэ зүйлгүйгээр одоог хүртэл амьдарч болсоор л ирлээ, авахгүй байлаа гээд юу алдах билээ гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Зарим нэг зүйл угаасаа байсан ч, байгаагүй ч ялгаагүй байдаг шүү дээ. Хүүхдэдээ ч бас чихэр, шоколад, тоглоом авъя гэхэд нь татгалзах тохиолдол зөндөө л бий. Энэ үедээ хүүхдээсээ үнэхээр чухал хэрэгтэй юу эсвэл оронд нь хадгаламждаа мөнгө хийх үү гэж санал болгож байгаарай. Үүний өмнө мэдээж хүүхдэдээ хадгаламжийн ач холбогдлыг сайтар ойлгуулсан байх хэрэгтэй. Хүүхдүүд бидний бодож байгаагаас ч илүү ухаалаг, илүү ухамсартай байдаг. 

Бэлэн мөнгөөр тодорхой нэг дэвсгэртийг цуглуулах 

Энэ тохиолдолд та аль ч дэвсгэртийг сонгон цуглуулж болно. Жишээлбэл:500 төгрөг хүртэлх мөнгөн дэвсгэртүүдзөвхөн мянгат эсвэл таван мянган төгрөгийн дэвсгэртүүд гэх мэтээр өөртөө илүү боломжийн санагдаж байгаа дэвсгэртээ сонгон цуглуулах. Хэрэв та 1000 төгрөг сонгосон бол таны хэтэвчинд энэ дэвсгэрт орж ирэх бүрт үрэлгүйгээр хадгаламжийн шилрүүгээ хийх. Заавал шил гэж байгаа нь цуглуулж байгаа мөнгөө нэмэгдэхийг харан урам авах зорилготой. Мөн шилэн дээрээ юунд зарцуулах төлөвлөгөөгөө биччихвэл бүр ч янзтай. 

Худалдан авалтын дүнгээ тоймлон, зөрүүг нь хадгаламж руугаа хийх 

Та гэрийнхээ хүнсийг цуглуулахад нийт дүн нь 46,300 төгрөг боллоо гэж бодъё. Тэгвэл та энэ дүнгээ 50,000 гэж тоймлоод зөрүү болох 3700 төгрөгийг нь хадгаламжиндаа хийгээрэй. Энэ мэтээр зарлага бүрээ тоймлоод зөрүүг нь хуримтлуулаад байвал таны санхүүд нэг их хүндрэл учрахгүй атлаа гайгүй дүнтэй хуримтлал үүссэн байх болно.

Баяр ёслолоор гаргадаг зардлаа танаад хадгаламж руугаа хийх 

Төрсөн өдрөө заавал жил бүр тэмдэглэх үү? Зарим жил тэр мөнгөө хэмнээд хадгаламж руугаа хийгээд ирээдүйд өөртөө бэлэглэх ч бас боломжийн санаа шүү. Шинэ жилээр бүсгүйчүүд даашинз, үс засалт, нүүр будалт, маникюр, педикюр гээд маш их зардал гаргадаг. Харин зарим нэг гоо сайхны үйлчилгээг өөрөө хийсэн байхад 200-300 мянган төгрөг хадгаламждаа хийх боломжтой болно. Хүүхдүүд ч бас нэг жилд төрсөн өдөр, шинэ жил, цагаан сар, хүүхдийн баяр гээд бэлэг авах үе олон. Зарим баяраар бэлэгний оронд хадгаламж руугаа мөнгө хийе гэж хүүхэдтэйгээ тохиролцож ч болох юм. Заримдаа хүмүүс бэлэгний оронд мөнгийг нь өгчихдөг. Түүнийх нь талыг нь ч атугай хадгаламждаа хийхийг хүүхдэдээ сургаарай. Одоогийн тав тухаас илүүтэйгээр ирээдүйн сайн сайхандаа анхаарах төлөвшлийг хүүхдэдээ олгох нь зөвхөн мөнгөн дээр ч биш амьдралын бусад зүйлд ч хэрэг болно.

Хямдралтай худалдан авалт хийсэн бол зөрүүг нь хадгаламж руугаа хийх 

Та ямар нэг зүйл худалдан авах гээд очтол хямдарчихсан байх тохиолдол хааяа гардаг уу? Тэгвэл хэмнэсэн мөнгөө хадгаламж руугаа хийгээрэй. Угаасаа л бүтэн үнийг нь тооцоолоод мөнгөө төсөвлөчихсөн байсан юм чинь.

Тогтмол гаргадаг чухал биш зардлуудаа тодорхой хугацаанд хадгалж үзэх 

Өдөр бүр кофе шопоос кофе авч уудаг уу? Өдрийн хоолны дараа заавал амттан авч иддэг үү? Тамхи татдаг уу?Аяга латте 5000, хайрцаг тамхи 4000, нэг шоколад 3000 төгрөг. Өдөр болгон авбал жилд 1,825,000, 1,460,000, 1,095,000 төгрөг болж байна. Эдгээр зүйлийг огт авахгүй бол жилд 1-2 сая төгрөг, өнжөөд нэг авбал жилд 500,000 мянгаас нэг сая төгрөг хэмнэх нь. Авахгүй гүрийх бүртээ үнийн дүнтэй нь тэнцэх мөнгийг хадгаламж руугаа хийгээд үзвэл яаж байна? Хэцүү байж магадгүй ч туршаад үзэж болох л юм. 

Төлөвлөгдөөгүй орлого нэмэгдэх үед хадгаламж руугаа хийх 

И-баримтаас мөнгө хожих, бооцоонд ялаад мөнгө авах, газраас мөнгө олох гэх мэт гэнэтийн орлогыг үрэлгүй хадгаламж руугаа хийх. Учир нь энэ бол төлөвлөгдөөгүй орлого буюу та энэ мөнгөгүй байсан ч болох л байсан гэсэн үг. Тэгэхээр үүнийгээ хуримтлал руугаа хийлээ гээд танд алдах юм огтхон ч байхгүй. Мөн цалин тань нэмэгдэх, бонус авах, 13-р сарын цалингаа авах гэх мэтээр орлого тань нэмэгдвэл нэмэгдсэн дүнг нь хадгаламж руугаа хийх.

Хамгийн шилдэг арга бол дансаа хуримтлалын үйлчилгээнд холбуулах 

Ингэснээр таны данснаас хуримтлалын данс руу тань сонгосон тогтмол цаг, тогтмол дүнгийн дагуу автоматаар орлого шилжинэ. Жишээлбэл та сар бүрийн 15-ны өдөр 100 мянган төгрөг хадгаламжийн данс руугаа шилжүүлнэ гэсэн тохиргоог нэг удаа хийснээр цаашид сар бүр таны данснаас хадгаламжийн данс руу тань хуримтлал автоматаар татагдаж, танаас ямар ч нэмэлт үйлдэл гаргахгүйгээр хуримтлал өссөөр байх болно. Хадгална гэхээр хамаг дуртай зүйлсээсээ татгалзаад нэг л сэтгэл ханамжгүй амьдрах юм шиг санагдаж байна уу. Харин тодорхой зорилготой хадгалбал ингэж санагдахгүй. Том зорилгын дэргэд ганц цамц, ганц шоколад юу ч биш санагдах болно. Таны том зорилго юу вэ?