A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1122/

Ипотекийг эрчимжүүлэх иргэдийн хүлээлт өндөр байна

​Ипотекийн зээлийн шинэ журмыг энэ сард танилцуулна​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1122/


Н.Алтанхуягийн Засгийн газар 2013 онд эрс шийдмэг гэгч нь эхлүүлж байсан найман хувийн хүүтэй ипотекийн зээл тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Гэвч иргэдээ орон сууцжуулах хамгийн боломжит хувилбар эх үүсвэрийн гацаанд орж, урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх итгэл өвөртөлж яваа олон хүний урам зориг хугарахад хүрээд байна. Арилжааны зарим банк иргэдээс зээлийн хүсэлт авахаа энэ сараас зогсоож, дор бүрнээ санхүүжилт харуулдаж сууна. Монголбанк, Засгийн газар хамтран хэрэгжүүлж эхэлсэн дээрх хөтөлбөрийн үр дүнд өдгөө 93 орчим мянган иргэн орон сууцны зээлд хамрагдаж, хүмүүсийн ажил хөдөлмөр эрхлэх сэдлийг улам өрдсөн билээ. Гэвч он гарснаас хойш ипотекийн санхүүжилт хумигдаж, ердөө 2000 гаруй иргэн уг зээлд хамрагдаж чадсан байна. Монголбанк долдугаар сард гэхэд дөнгөж 15.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 231 зээлийн хүсэлтэд олгохоор арилжааны банкуудад хуваарилсан байх жишээтэй. Он гарснаас хойш тус санхүүжилтэд нийт 150 орчим тэрбум төгрөгийг Засгийн газар, Монголбанк олгожээ.

Үүний 96.2 тэрбум төгрөгийг төв банкнаас олгоод байгаа юм. Харин Засгийн газрын санхүүжилт дорвитой нэмэгдсэнгүй. Үүнээс болоод өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ипотекийн зээлийн хүртээмж тааруухан гүйцэтгэлтэй байна. Уг нь энэ онд хамгийн багадаа шинээр 5000 иргэнд ипотекийн зээл олгох нөхцөлийг бүрдүүлнэ гэдгээ Засгийн газар оны эхэнд амлаж байлаа. Тодруулбал, төсвөөс 120 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилт болгохоо мэдэгдэж байсан юм. Үлдсэн хугацаанд санхүүжилт нэмэгдэж, банкууд ипотекийн зээл олголтоо эрчимжүүлэхгүй бол 2017 оныхоос хоёр дахин бага иргэн байртай болохоор байна. Сангийн яам ипотекийн зээл олгох санхүүжилтээ амсуулах төдий байгаа нь эргээд ипотек хумигдах эрсдэл бий болгож байгаа юм. Нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг шийдвэрлэх хамгийн оновчтой гарц нь ипотек гэж үзэж байгаа энэ цаг үед уг зээлд санхүүжилт ус, агаар мэт хэрэгтэй байна.

• Арилжааны зарим банк иргэдээс зээлийн хүсэлт авахаа энэ сараас зогсоож, дор бүрнээ санхүүжилт харуулдаж сууна.

• Он гарснаас хойш орон сууцны санхүүжилтэд нийт 150 орчим тэрбум төгрөгийг Засгийн газар, Монголбанк олгожээ.

• Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хүрээнд 2013- 2017 онд борлуулалт хоёр дахин нэмэгдсэн.

ОУВС-гийн “өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т манай улс хамрагдсантай холбогдуулан ипотекийн зээлийн хөтөлбөрийг төсвийн шинжтэй санхүүжилт гэж үзсэн. Тиймээс уг зээлийг Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хязгаарласан нь зээлийн эрч саарахад хүргэсэн. Тэгвэл энэ сард Төв банк Засгийн газарт найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг бүрэн хүлээлгэж өгөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна. Ирэх сараас ипотекийн зээлийн “ирээдүй”-г Засгийн газар дангаар хариуцаж эхлэх юм. Үүний өмнө “ипотекийн зээлийн ерөнхий журам”-д өөрчлөлт оруулахаар Засгийн газар, Монголбанкны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд шинэ журам удахгүй бэлэн болох юм байна. Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа байрны урьдчилгааг бууруулах буюу 20 хувь болгох Засгийн газрын санаачилга шинэ журмаар тодорхой болох нь. Ипотекийн зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа бол нийт зээлийн үлдэгдлийн 17.6 хувийг орон нутагт олгосон зээл эзэлжээ. Орон сууцны зээл олголт ийнхүү удаашрах хэрээр түрээсийн байрны үнэ нэмэгдэж, компани иргэн хоорондын хувь зээл “цэцэглэж” байгаа нь нууц биш.

Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хүрээнд 2013-2017 онд орон сууцны борлуулалт хоёр дахин нэмэгдсэн. Тэгвэл энэ онд зах зээл дээр ашиглалтад орсон бэлэн байрны борлуулалт 40 хувиас хэтрэхгүй байна. Хэдий тийм боловч ирэх жилүүдэд орон сууцны нийлүүлэлт нэмэгдэхээр байна. Нийслэлд гэхэд нийт 60 гаруй мянган айлын орон сууцны төсөл хэрэгжиж байгаагаас энэ онд болон ирэх онд ашиглалтад орох 7.4 мянган орон сууц байгаа аж. Дээрх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн жил хамгийн их орон сууц борлуулагдсан ба түүний 63 хувьд шинээр ипотекийн зээл олгосон байдаг. Өнгөрсөн онд борлуулсан орон сууцны 44 хувийг ипотекийн зээл санхүүжүүлсэн бол уг үзүүлэлт энэ онд буурч мэдэхээр байна. ДНБ-д эзлэх ипотекийн зээлийн хэмжээ манай улсад дэлхийн дунджаас бага байгаа. Тэрчлэн улсын хэмжээнд насанд хүрсэн хүн амын дунд 25-29 насныхан хамгийн их хувийг эзэлж байгаагаас гадна 216 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Ирэх таван жилд орон сууцны зээлийн эрэлт өснө гэж зарим судалгааны байгууллага мэдээлж буй. Энэ үед орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд өөрчлөлт орж байна. Хоёр жилийн өмнө тус журамд өөрчлөлт оруулж байсан. Өнгөрсөн онд ипотекийн зээл олголт 2016 онтой харьцуулахад 20 гаруй хувиар буурч байв. Тэгвэл энэ онд дахин буурах эрсдэл бас байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засаг урт хугацааны тэнцвэрийг хангахад төвлөрнө

Бодлогын томоохон өөрчлөлт хийхгүй гэж төв банк мэдэгдлээ

 0 сэтгэгдэл

Төв банкны Мөнгөний бодлогын хороо тун эгзэгтэй үед хуралдаж байна. Өнөөдөр эхэлж буй ээлжит хурлыг угтсан мэт төгрөгийн ханш 12 хоног тасралтгүй унаж, ам.долларын ханш “улаан шугам” болох 2500 төгрөгийг давсан. Бас ус, цахилгаан, дулаан, оюутны сургалтын төлбөрийн гээд олон үнэ зэрэг өсөж, суурь инфляц “шөвөлздөг” намар цаг айлссан ийм үед манай мөнгөний бодлогын жолоо атгагчид ирэх саруудын төгрөгийн ханшийг зураглах нь. Тэдний шийдвэр таны, миний хэтэвч дэх хэдэн төгрөг, дансан дахь мөнгөний үнэ цэнийг тодорхойлно.


МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ӨНӨӨГИЙН ӨНГӨ

Сүүлийн хэдэн сард мөнгөний бодлогын жанжин шугам хааш чиглэснийг эргэн саная. 2012 оноос хойш мөнгө хэвлэж, зах зээлд цутгасан нь сүүлийн хэдэн жил Монголын эдийн засгийг нөмөрсөн хүндрэлийн голомт байсан хэмээн одоогийн мөнгөний бодлого тодорхойлогчид томъёолсон. Тиймээс мөнгөний уламжлалт бус бодлогоос татгалзаж, эдийн засгийн урт хугацааны тэнцвэрийг хангана гэдгээ мэдэгдсэн билээ. Тиймээс шавхагдаад байсан гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг унагаадаг (бодлого тодорхойлогчдын үзэж буйгаар) интервенц тун ховор хийж эхэлсэн юм. Улмаар эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн тулд төв банк мөнгөний бодлогыг сүүлийн есөн жил байгаагүйгээр суллаж, жишиг хүүг 10 хувьд хүргээд байна. Мөнгөний бодлого ийн зөөлрөхийн хэрээр зээлийн хүү буурч, зээл олголт нэмэгдсэн. Инфляц өнгөрсөн сарын байдлаар төв банкны зорилтот түвшинтэй ойр буюу зургаан хувьд хэлбэлзэж байна.


АМ.ДОЛЛАР ЯАГААД ЧАНГАРАВ

Төв банк ийнхүү төсвийн шинжтэй төслөөс татгалзаж, уламжлалт бус бодлогоос ухарсантай зэрэгцээд Монголын эдийн засаг идэвхжиж, импорт эрчимжив. Барилга бүтээн байгуулалтын улирал болох зургадугаар сараас эхлэн импорт эрчимжиж, экспортын өсөлтөөс хоёр дахин хурдтай байна. Өөрөөр хэлбэл, бидний хилийн чанад руу урсгадаг валют нэмэгдсэнээс ам.долларын ханш ч бас энэ оны зургадугаар сараас чангарч эхэлсэн байдаг. Сүүлийн хэдэн сар импортын өсөлт, эдийн засгийн идэвхжлээ манай макро эдийн засаг даахгүй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт дорвитой өсөөгүй байхад импорт огцом дээшилчихсэн нь ханш өсөхөд хүргээд байна хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш өдгөө 2500 нэгжийг давчихаад байна. Төв банкнаас үүнийг улирлын чанартай, түр зуурын өсөлт хэмээн тайлбарлаж байгаа. Мэдээж, төгрөгийн ханшийг хамгаалах үүрэг зөвхөн төв банкных биш. Тиймээс үүнийг түр орхиё. Гагцхүү валютын ханшийн өсөлт гэх үл үзэгдэгч гар иргэд, бизнес эрхлэгчийн халаасыг хэрхэн сэгсэрдгийг харцгаая.


ВАЛЮТЫН ХАНШ ХЭРХЭН ТОРГОДОГ ВЭ

Үнэндээ, төгрөг жингүйдэж, ам.доллар “Галзуурах”-ын зовлонг бид өнгөрсөн жилүүдэд хангалттай амссан. Улиран одсон 2012-2016 оны хооронд зөвхөн төгрөгийн ханшийн уналтаас үүдэн Монгол улсын өр бараг таван их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэвэл та итгэх үү. 2012 онд 5.2 их наяд төгрөгтэй тэнцэж байсан Засгийн газрын өр дөрвөн жилийн дотор бараг дөрөв дахин өсөж, 19.4 их наяд төгрөгт хүрсэн. 14.1 их наяд төгрөгөөр хэмжигдсэн өрийн өсөлтийн 9.4 их наяд нь шинэ зээл бол үлдсэн 4.7 их наяд төгрөг нь ханшийн уналтаас үүдэн өөрөө бий болсон төлбөр болохыг Баялгийн засаглалын хүрээлэн тооцжээ. Энэ хугацаанд гадаадын валюттай харьцах монгол мөнгөн тэмдэгтийн ханш 70 гаруй хувиар суларчээ.

Монголбанкны дэд ерөнхийлөгч, Мөнгөний бодлогын хорооны гишүүн Б.Лхагвасүрэн

Инфляц төв банкны зорилтот түвшинд байгаа. Валютын ханш огцом савлаж, хүндрэл учруулахаар байдалд ороогүй тул бодлогын огцом өөрчлөлт гарахгүй болов уу.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав

Валютын ханшийн дарамтыг бизнес эрхлэгчид, татвар төлөгчид үүрдэг. Монгол Улс жилд 200-300 сая ам.долларын алдагдал хүлээдэг. Үүнийг ч төв банк татвар төлөгчдийн мөнгөөр хаасаар ирсэн.

СЭЗИС-ийн багш, доктор, дэд профессор Ж.Дэлгэрсайхан

Монголбанк уламжлалт бус бодлогоос татгалзаж, макро эдийн засгийн зохист бодлогыг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Гэхдээ эдийн засагт ирж буй дарамтыг харвал ам.долларын дарамтыг саарагжуулахын тулд төв оролцох нь зүйтэй”.

Ханшийн уналтаас үүдэн Монгол Улсын өр бараг таван их наяд төгрөгөөр өссөн

Засгийн газарт ийм хүчтэй хийгээд хортой нөлөөлсөн ханшийн уналт хувийн хэвшлийг ч тойрохгүй дайрсан. Төгрөгийн ханшийн уналтын үе болох 2016 онд МИАТ компани зөвхөн валютын ханшийн савалгаанаас үүдэн 40 тэрбум төгрөгийн алдагдал үүрсэн байдаг. Бас хөнгөн үйлдвэрийн салбарын нэгэн томоохон компани валютын ханшийн зөрүүнээс 15.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Ер нь төгрөгийн үнэ цэн буурснаас үүдэн 2014-2016 онд дотоодын компаниуд бараг хагас их наяд төгрөгийн алдагдал үүрсэн гэх тооцоог МҮХАҮТ-аас мэдээлж байсан юм. Тэгвэл ханшийн савалгааны талаар хувийн хэвшлийн хэд хэдэн төлөөллөөс асуухад хариулт өгөх тун дургүй, туйлын эмзэг хандаж буйгаа илэрхийлж байлаа. Тэгвэл иргэн Батын халаасыг хэрхэн торгодог вэ. Монгол улс нийт импортынхоо 70 хувийг ам.доллараар хийдэг. Гэтэл манай хэрэглээний сагсны 40 хувийг импортын бараа эзэлдэг тул үнийн түвшинд валютын ханш багагүй нөлөөлдөг байна. Ялангуяа, бараа бүтээгдэхүүний үнийн суурь болдог шатахуун, түлшээ бид уг валютаар худалдаж авдаг. Гэтэл түлшний үнэ тогтоодог түүхий эд болон валютын ханш “хөтлөлцөөд” өсөж байна.

Одоо газрын тосны жишиг үнэ болох Brent-ийн ханш гурван жилийн дээд түвшинд хүрч, 80 ам.долларыг шүргэж байна. Жишиг үнэтэй зэрэгцээд манай гол нийлүүлэгч оху хилийн үнээ нэмнэ гэдгээ хэдийнэ мэдэгдчихсэн. Гэтэл түүнийг худалдаж авдаг ам.долларын ханш өсчихөөр шатахуун түлшний үнэ өснө. Ам.долларын ханш нэг төгрөгөөр чангарахад импортлогчид шатахууны үнийг 50 мөнгөөр нэмэх шаардлага үүсдэг байна. Ингэхээр талх, тарианаас эхлээд такси үйлчилгээний үнэ хүртэл өсөж таарна. Энэ хэрээр иргэдийн хэтэвч нимгэрэх нь. Тэгвэл төв банк үүнд ямар хариулт өгч байна вэ. Худалдааны тэнцлийн ашиг хангалтгүй, импортын өсөлт хөрөнгө оруулалтын дүнг давж байгаатай холбогдуулан ам.долларын эрэлт нэмэгдсэнийг төв банк мэдээллээ. Валютын ханш эдийн засгийн суурь шалтгаантай холбоотой өсөж байгаа ч огцом савалгаа гарахаас сэргийлэх нөөц хангалттай байгаа аж. Гадаад валютын албан нөөц 2.9 тэрбум ам.доллар хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.1 дахин өссөн үзүүлэлт. Цаашид ханш тогтвортой байх үндэслэл байгаа учраас төв банкнаас валютын захад их хэмжээний интервенц хийх зэргээр бодлогын томоохон өөрчлөлт хийхгүй гэж мэдээллээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөрөнгө оруулагчид яг “тагтаа” шиг

 0 сэтгэгдэл


“Хөрөнгө оруулагчид яг тагтаа шиг. Нэг чулуу шидэхэд л бүгд нисчихдэг” хэмээн “Lion Manager Limited” компанийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап хэлж байна. Энэ сарын эхээр болсон Discover Mongolia чуулганы үеэр тэрбээр ийн тодотгоод, санхүүжилт хийхээр олон сонголтын өмнө зогсож буй хөрөнгө оруулагчид геологийн баялгаас илүү эрсдэл багатай зах зээлийг чухалчлах болсныг онцоллоо. Нэгэн цагт Монголыг эрдэнэсийн авдар мэт төсөөлж, хөрөнгөө чамгүй цутгаж байсан хөрөнгө оруулагчид манай улсаас сүүлийн жилүүдэд үргэсэн нь үнэн. Оргилдоо хүрч байсан Монголыг чиглэх мөнгөн урсгал ёроолдоо дөхөж, эрчтэй тэмүүлж байсан ДНБ-ий өсөлт газардан, төсвийн алдагдал, өрийн үлдэгдэл талийсан зэрэг урамгүй үзүүлэлтүүд дайжсан хөрөнгө оруулагчдын бодит төрхийг илтгэнэ.


Иймээс үргэсэн хөрөнгө оруулагчдыг эргүүлэхийн тулд Монголд бизнес эргэн ирлээ, хөрөнгө оруулагчдыг хамгаалж, өмөөрнө хэмээн буруугаа бид ойлгож, бишгүй л гэмшиж байна. Тэгвэл сүүлийн 2-3 жилийн эрх баригчдын урилга, заллагын үр дүнд хөрөнгө оруулагчдын хөрсөн сэтгэл, алдарсан итгэл сэргэв үү. Хөрөнгө оруулагчдын хандлагыг харуулдаг тоон үзүүлэлтэд анхаарлаа хандуулаарай. Монгол улсыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны зургадугаар сарын байдлаар 879 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 40 хувиар өссөн дүн. Гэвч энэ өсөлтийн цаана урамгүй дүр зураг цухуйна. Тодруулбал, нийт хөрөнгө оруулалтын бараг 80 хувь нь ганцхан эх үүсвэрээс буюу “Оюутолгой”-н санхүүжилтээс бүрдэж байна. Харин үлдсэн хувь нь нүүрсний салбарт хамаарч байна.


Манай хөрөнгө оруулалт ганцхан салбар, нэг төслийн нуруун дээр тогтож буй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын нөхцөл байдал ийм эмзэг, тэдний итгэл ч хэврэг байгаа нь харагдана. дэлхийн банкнаас ч үүнийг анхааруулсан. Монгол улсын хөрөнгө оруулалтын дийлэнх нь БНХАУ болон Канадынх байгаа нь ганц хоёр улсаас хэт хараат буй. Бас нийт хөрөнгө оруулалтын 80 хувь нь эрчим хүч, олборлох салбарт ногдож байгаа нь хэт төвлөрөлтэй болохыг илтгэнэ. Үүнээс үзэхэд хөрөнгө оруулалтын урсгал, чиглэл эмзэг байгаа нь харагддаг гэж дэлхийн банкны хөрөнгө оруулалтын орчин худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг хэлж байсан юм.

Нийт хөрөнгө оруулалтын 80 хувь нь ганцхан эх үүсвэртэй

Монголын эдийн засгийн оргил үе гэгддэг 2011 оны хоёрдугаар улиралтай энэ оныхыг харьцуулъя. Уул уурхайн салбарыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт гэхэд одоогоос долоон жилийн өмнөхөөс гурав дахин бага байна. Бусад салбар ялангуяа, Монголын эдийн засгийн ирээдүйтэй салбар болох хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт бүр зогссон бол үйлчилгээний салбарынх бараг тав дахин буурчээ. 2010-2012 онд Монголд гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй 50 гаруй компани хайгуулын үйл ажиллагаа хийж байсан бол өдгөө гарын арван хуруунд ч хүрэхгүй болжээ. Зөвхөн энэ оны гурваас зургадугаар сарын үзүүлэлтийг харахад гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаас илүү нь ганцхан улсаас буюу Канад гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, бидэнтэй бизнесийн зарчмаар түншилж буй нь ховор. Зөвхөн харж хандах тусламж дэмжлэг голлож байна. Бас марихуаны хэрэглээг нээлттэй болгосноос үүдэн энэ зах зээл илүү тэлсэн.


Ингэснээр Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалтаараа толгой цохидог Канад, АНУ-аас санхүүжилт татах улам амаргүй болж байгаа аж. Түүнчлэн дэлхий даяар хөрөнгө оруулалт татахад улам амаргүй болсоор. Учир нь хиймэл оюун ухаан, цахилгаан автомашин зэрэг хөрөнгө хуваах шинэ талбар бий болсноос өрсөлдөөн улам ширүүссээр байна. Уг нь Монгол улс 2014 оноос эрхзүйн орчноо сайжруулж эхэлсэн. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого баталж, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулж, хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Ингэснээр хөрөнгө оруулагчдыг үргээсэн хуулиудаа өөрчилж, таатай орчин бий болголоо хэмээн албаныхан мэдэгдсэн. Гэвч эрхзүйн хөрсийг нь таатай болгоод байхад Монголыг чиглэх хөрөнгө оруулалт төрөлжиж, дорвитой өсөхгүй байна. Албаныхан гадаадын хөрөнгө оруулалт сэргэлээ гэж байгаа ч донор орнуудын мөнгөн дэмжлэг л өнөө хэр жин дарсаар. Үнэндээ хуулиа өөрчиллөө гээд бүх юм сайнаар эргэчихдэггүйг бид сүүлийн жилүүдэд харлаа. Харин тухайн хуулийг яаж хэрэгжүүлэх нь хөрөнгө оруулагчдад чухал хэмээн энэ сарын эхээр болсон уул уурхайн салбарын чуулга уулзалтын үеэр хөндөж байв.

Учир нь манайд хууль баталсан ч хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй, ойлгомжгүй байх нь түгээмэл бөгөөд дагаж мөрдөх дүрэм журмууд нь бүр 2-3 жилийн дараа батлагдах тохиолдол их байна. Харин энэ хугацаанд Монголыг хүлээж, залхсан хөрөнгө оруулагчид Вьетнам болон Мянъмарыг зорьдог юм. Бас нэг жишээ нь, Монгол улс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг хоёр жилийн өмнө байгуулсан ч, бодлого, зохицуулалт нь тодорхойгүй хэвээр өдийтэй золгосон аж. Дэлхийн банкны тооцоогоор нэгэнт орхисон хөрөнгө оруулагч 10-20 жилийн дараа эргэн ирдэг гэсэн судалгаа бий. Судалгааны дүн, сүүлийн хэдэн жилийн туршлагаас харахад нэгэнт итгэл алдарсан хөрөнгө оруулагчийг эргүүлэн авчрах нь алга урвуулахын дайтай амар ажил биш байх нь. Бас сайд, арга нар даллаж дуудлаа гээд Монгол руу эргээд гүйчихгүй нь харагдаж байна. Гагцхүү чихэнд чимэгтэй үг, шийдвэрээс гадна үйлдэл, хэрэгжилтийг чамбайруулах, ажил хэрэгч болгох шаардлага тулгарсаар удлаа. Тууштай, тогтвортой, тулхтай байдал юу юунаас илүү чухал хэвээр. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь буурай эдийн засагтай улс орнуудыг тусламж дэмжлэгээр тэжээгддэг бус хөл дээрээ босох хөгжлийн амин дэм болдог. Тиймээс шууд хөрөнгө оруулалтын төлөө яаравчлан ханцуй шамлахгүй бол Монгол улс донор хэдэн байгууллагын дунд өнхөрдөг, хөлд ороогүй хүүхэд лугаа үлдэх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Алт-2” хөтөлбөрийн үр дүн татвараас шалтгаална

Компаниудын тушаах алтны хэмжээ буурч, эсрэгээрээ иргэдийнх өссөн

 0 сэтгэгдэл

Монголбанк энэ оны эхний найман сарын байдлаар 12.2 тонн алт худалдан аваад байна. Улсын гадаад валютын албан нөөцийг жилд 700 орчим сая ам.доллараар зузаалж байгаа нь “Шар металл”-ын салбар дахь гялтайх амжилтын нэг. Тэгвэл үүнийг 2020 он гэхэд нэг тэрбум ам.долларт хүргэхээр “Алт-2” хөтөлбөрт тусгачихсан. Энэ зорилтыг биелүүлэхэд ердөө жил гаруйн хугацаа үлдсэн байна. Алтны роялтийг 2.5 хувь болгон бууруулж, алт цэвэршүүлэх, экспортлох үйл явцыг зөвхөн Монголбанкаар дамжуулахаар ашигт малтмалын тухай хуульд 2014 онд зааж өгсөн. Ингэснээр жилд нэг тэрбум ам.доллараар Монгол Улс Эрдэнэсийн сангаа арвижуулахаар тооцсон юм. Гэвч боломж олгосон хуулийн хүчинтэй хугацаа энэ оноор дуусгавар болж байна. Харин хөтөлбөрийн хэрэгжилт ид дундаа явна. Хууль хэрэгжсэн өнгөрсөн таван жилийн хугацаанд төв банкинд иргэд, аж ахуйн нэгж алтаа тушаах нь 4-5 дахин нэмэгдсэн. Харин ирэх онд алтны тушаалт буурч магадгүй гэсэн “айдас” байна. Ийм болгоомжлол хуулийн үйлчлэлээс үүдсэн хэрэг. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан цагаас хойш алтны тушаалт жил тутам нэмэгдэж, 2017 онд 20 тонныг давсан бол энэ онд 22 тонныг Төв банк худалдан авахаар төсөөлж байна.


Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтыг тогтоон барихад алт тушаалт гол үүрэг гүйцэтгэсэн хэвээр. Гэхдээ энэ бүхэн өөрийн гэсэн тодорхой цаг нартай. Хуулийн хүчинтэй хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болж байгаа. Өөрөөр хэлбэл, боломж олгосон хуулийн заалт гурван сарын дараа гэхэд эрх зүйн чадамжгүй болох юм. Энэ үед алтны салбарынхан хуучнаа давтах уу эсвэл одоогийн өөрчлөлтөө хадгалж үлдэх үү гэсэн сонголттой нүүр тулахаар байна. Урьд нь алтны хууль бус худалдаа газар авч, хил гаалиар алт хулгайгаар гаргах гээд баригдлаа гэсэн мэдээлэл түгээмэл байв. Илрүүлж чадалгүй хэчнээн тонныг гадагшаа алдсаныг гэрчлэх нарийн тоо, баримт ч алга. Алтны салбарт дэмжлэг болоод зогсохгүй эдийн засгийн өнөөгийн сэргэлтэд үр дүнгээ өгсөн хуулийн өөрчлөлтөд алтны компаниуд болон бичил уурхайчид ам сайтай байгаа. Харин 2019 оноос татварын хувьд тэс өөр орчин тэднийг хүлээж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Монголбанкны зүгээс хуулийн үйлчлэх хугацааг сунгахаар санал солилцсон. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулж, ирэх намрын чуулганаар ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хувилбар өдийд яригдаж байна.


Нөгөө талаасаа алтны тушаалт жил дараалан нэмэгдсэн боловч компаниудын тушаах алтны хэмжээ буурч, эсрэгээрээ иргэдийнх өссөн билээ. Эдгээрээс гадна алтны татварын орлого 2013 оноос хойш тасралтгүй буурч, 2017 онд 49 тэрбум төгрөг төсөвт төвлөрсөн. Аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа нэмэгдэл татвар төлөхгүй байх үүднээс иргэний нэр дээр тушаах нь олширсон. Боломж олгосон хуулийн “цоорхой”-г цэгцлэх шаардлага өдгөө тулгарч байна. Өнөөдөр алтны 600 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаагаас 169 нь эдийн засгийн эргэлтэд оржээ. Шороон ордын нөөц багасч, үндсэн ордыг ашиглах талаар сүүлийн үед эрчимтэй ярьж байна. Алтны салбарт өрнөж байгаа өөр нэг үйл явдал бол цэвэршүүлэх үйлдвэр. Жилд 30 тонн алт цэвэршүүлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар судалгааны ажил эхэлсэн. Үйлдвэрийн барилгын ажлыг 2019 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Хэрэв татвараас болоод алтны олборлолт болон тушаалт багаслаа гэхэд цэвэршүүлэх үйлдвэр сул зогсох аюул бий. “Алтны роялтиг 2.5 хувь болгосноор ид цэцэглэж байсан далд эдийн засаг хумигдсан” гэж Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооныхон үзэж байна.

• Алтны роялтийг 2.5 хувь болгон бууруулж, алт цэвэршүүлэх, экспортлох үйл явцыг зөвхөн Монголбанкаар дамжуулахаар Ашигт малтмалын тухай хуульд 2014 онд зааж өгсөн.

• 2017 онд алтны тушаалт 20 тонныг давсан бол энэ онд 22 тонныг төв банк худалдан авахаар төсөөлж байна.

• “Алтны роялтиг 2.5 хувь болгосноор ид цэцэглэж байсан далд эдийн засаг хумигдсан” гэж Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооныхон үзэж байна.

Тэд алтны 2.5 хувийн роялтиг хэвээр үлдээж, “Алт-2” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай байгааг учирлаж байгаа юм. Эргэн сануулахад, 2005 онд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ дээд цэгтээ хүрсэн ч 2006 оноос буурсан нь гэнэтийн ашгийн 68 хувийн татвар үйлчилж эхэлсэнтэй холбоотой. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэд, аж ахуйн нэгжүүд алтаа Монголбанкинд тушаахаа больж, хууль бусаар хил давуулан борлуулдаг болсон. Мөн “Урт нэртэй” хууль үйлчилж эхэлснээс хойш алтны салбарт хөл хорио бас тогтсон юм. шинжээчдийн дүгнэж байгаагаар, олон улсад алт олборлолт 2019 он гэхэд сүүлийн 10 жилийн доод цэгтээ хүрнэ гэж таамаглажээ. Харин Монголд ойрын хоёр жилийн хугацаанд алтны олборлолт нэмэгдэх хүлээлттэй байгаа юм. Гэхдээ алтны роялтиг хэвээр үлдээх эсэхээс “Алт -2” хөтөлбөрийн үр дүн шалтгаалах нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Экспортын шинэ гарц анхаарлын төвд дахин оров

Боомтын хүчин чадлаа тэлэхгүй бол түгжрэлтэй зууралдсаар байх нь

 0 сэтгэгдэл


Монголын эрдэс түүхий эдийн экспортын гарцууд ачааллаа даахгүйн улмаас түгжрэл гэгч зүйл хэвийн үзэгдэл болжээ. Үүний тод жишээ нь Тавантолгой-Ганцмодны боомт. Экспортын гол гарц болох энэ чиглэлд өдөрт 50-70 км урт цуваа үүсэж, жолоочдыг олон хоногоор хил дээр уяж байна. Энэ байдлаас болж орон нутгийн өмчит “тавантолгой”-н нүүрсний борлуулалт хүртэл саатаж, тус компанийн хувьцааны ханш наймдугаар сард 6900 төгрөг болж уруудсан билээ. Гашуун-сухайт, Бичигт, Булган, Шивээхүрэнгийн боомтоор манай улс өнөөдөр нүүрсээ экспортолж байгаа. Эдгээр боомтууд өөрсдийн хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж байгаа гэх боловч хил дээр урт дараалал үүссэн хэвээр. Ховдын Булган боомтыг авч үзье. Тус боомтоор нүүрс болон төмрийн хүдэр экспортолдог. Энэ он гарсаар хагас сая тонн нүүрс, 30 орчим мянган тонн төмрийн хүдэр экспортолжээ. дундаж ачаалалтай боомтын тоонд ордог Булганы боомтод Хятадын талын хяналт, шалгалт нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрсний машины урт цуваа үүсдэг болжээ.

Энэ байдлаас үүдэн хилээр гарах экспортын хэмжээ 2017 онтой харьцуулахад буурч мэдэхээр байна. Экспорт хумигдах хэрээр Монгол руу орж ирэх валютын урсгал агшина гэсэн үг. Өдөрт 90 орчим нүүрс тээврийн автомашин хилээр нэвтэрч байгаа аж. Боомтын хүчин чадал экспортод тээг болж, хоног хугацаа алдах шалтгааны нэг болж ирлээ. 2017 оны байдлаар манай улсын нүүрсний экспортын 50 хувийг Шивээхүрэн-Сэхэ боомтоор гаргажээ. Засгийн газраас нүүрсний экспортын балансыг хадгалах зорилгоор тавантолгойн дэд бүтэцтэй зэрэгцүүлээд Нарийнсухайт Шивээхүрэнгийн төмөр замын ажлыг ирэх оноос цаг алдалгүй эхлүүлэхээр ярьж байна. Нүүрсний бизнес уул уурхайн гэхээс илүүтэй тээвэр ложистикийн бизнес гэдэг утгаар нь төр харах хэрэгтэй болсны илрэл энэ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр болсон “Coal Mongolia” чуулга уулзалтын үеэр ч энэ тухай бас оролцогчид хөндөж байсан юм.

• Хилээр гарах экспортын хэмжээ 2017 онтой харьцуулахад буурч мэдэхээр байна.

• Нүүрсний бизнес уул уурхайн гэхээс илүүтэй тээвэр ложистикийн бизнес гэдэг утгаар нь төр харах хэрэгтэй болсны илрэл энэ.

• Тавантолгойн дэд бүтэцтэй зэрэгцүүлээд НарийнсухайтШивээхүрэнгийн төмөр замын ажлыг ирэх оноос цаг алдалгүй эхлүүлэхээр ярьж байна.

Монгол улс нүүрс экспортлох хүчин чадлынхаа дөнгөж 34 хувийг л ашиглаж байна. Гэтэл экспортын баримжаатай 20 гаруй уурхайн нийт хүчин чадал нь 100 орчим сая тонноор хэмжигдэх аж. Өөрөөр хэлбэл, 64 хувийн боломжоо алдаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбар тээвэр ложистик, хил гаалийн хүчин чадлаас болоод тэлж, томорч чадахгүй байгаа. Хэрэв Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаас гадна Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам ашиглалтад орвол одоогийн нүүрсний маршрут өөрчлөгдөж, ачааллыг тэнцвэржүүлэх зохицуулалт хийж болохыг албаныхан хэлж байна. Манай улс өмнөд хөршийн импортын нүүрсний 30-40 орчим хувийг нийлүүлж байгаа. Монголыг хамтрагчаа гэж хардаг Хятад Улс 1.2 тэрбум тонн коксжих нүүрс хэрэглэж, импортоо танах бодолгүй байна.

Тэрчлэн Монголтой хил залгаа Хятадын бүс нутгуудад коксжих нүүрсний хэрэглээ эрс өсөж байгаа тул дотоодын өрсөлдөөн ч цаашид ширүүсэх хандлага ажиглагдах боллоо. Ялангуяа, тавантолгой ордоос экспорт хийж байгаа “Эрдэнэс Тавантолгой” болон “Энержи ресурс”, “Тавантолгой” компанийн дунд энэхүү өрсөлдөөн ширүүн байна. Нүүрсний экспорт хийгдэж байгаа Бичигтийн боомт төмөр замтай холбогдсоноор эрдэс түүхий эдийн шинэ гарц болох юм. Бичигт-хөөт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ бэлэн болсон бөгөөд хөрөнгө оруулалтгүйн улмаас мухардалд орсон билээ. “Монголын төмөр зам” төрийн өмчит компани уг төслөө хөрөнгө оруулагчдад танилцуулж эхэлсэн ч шаардлагатай хөрөнгө оруулалтаа босгож чадаагүй. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын биет хэмжээ 2017 оны мөн үетэй харьцуулахад 0.54 хувиар буурсан тухай ашигт малтмал, газрын тосны газар мэдээлж байсан юм.

Хэдий нүүрсний үнэ тогтвортой, зах зээлийн эрэлт ханаагүй боловч хил гаалийн хүчин чадал хамгийн том сорилт болж байна. Өмнөд хөрш рүү тэмүүлэх нүүрсний экспортын урсгал шинэ гарцын талаар бодоход бас хүргэсэн. Тухайлбал, зөвхөн урагшаа нүүрс гаргахаас гадна хойд чиглэлийг сонгох хувилбар яригдаж байна. Владивостокоор нүүрс тээвэрлэж, Япон болон Солонгос гээд гуравдагч орны зах зээлд коксжих нүүрсээ зарах талаар албаны хүмүүс яриад 10 жил болж байна. Энэ саналыг албаныхан дэмждэг ч зах зээлийн шинжээчид төдийлэн үр ашигтай хувилбар биш гэж одоо ч үзсэн хэвээр. Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалт владивосток хотноо үргэлжилж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчөөр Владимир Путиний санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээний үеэр нүүрсний экспортын шинэ хувилбар гол ярианы сэдэв болж магадгүй. Учир нь, 2017 оны чуулга уулзалтын үеэр ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд манай улс 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэхээр болоод байгаа юм. Үүнийг улам лавшруулах хэлэлцээр энэ удаа ч анхаарлын төвд байна.