A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1609/

Ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо 2.5 дахин нэмэгдэнэ

Зээлд зориулах санхүүжилтийг сард 40 тэрбумаар нэмэгдүүлэх боломжтой

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1609/


Засгийн газраас ипотекийн найман хувийн зээлийн журамд өөрчлөлт оруулж, санхүүжилтийг нэмэх шийдвэр гаргалаа. Ингэснээр хамрагдах иргэдийн тоо 2.5 дахин нэмэгдэх юм. Энэ оны есдүгээр сарын байдлаар 2700 гаруй зээлдэгчид 233 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Засгийн газраас уг журамд өөрчлөлт оруулахдаа зарим шинэ заалтыг нэмлээ. Тухайлбал, анх удаа орон сууц авч байгаа иргэдэд найман хувийн зээл олгож байхаар шийдвэрлэжээ. Эл өөрчлөлтөөр анх удаа орон сууц авч буй иргэнээс хугацаа хэтэрсэн зээлийн өр, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй, инженерийн бүрэн хангамжтай орон сууцнаас өмчилж байгаагүйг тодорхойлсон улсын бүртгэлийн лавлагаа, өмнө нь орон сууцны зээлд хамрагдаж байгаагүйг нотлох баримт зэргийг шаардах аж. Тус зээлийг зөвхөн аймаг, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршилд баригдсан орон сууцнаас авч  байгаа тохиолдолд олгох юм. Харин гэр хороололд чиглэсэн бодлого гаргаж ирсэн нь эрчим хүчний хэмнэлттэй болон инженерийн дэд бүтцэд холбогдох боломжтой амины орон сууц барихад зориулж зээл олгохоор боллоо. Ингэхдээ 120 ам метр талбайтай байшин барихад зориулан 60 сая хүртэлх төгрөгийг зээлнэ. Амины орон сууц барихаар зээл хүсэгч нь анх удаа орон сууц авч байгаа “ангилал”-ын шаардлагуудыг хангахаас гадна амины сууц барьж байгаагаа тодорхойлсон баримт, барих газрын өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн, эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас багагүй байх ёстой аж.

Амины орон сууц барихад найман хувийн хүүтэй, 60 сая төгрөгийн зээл олгоно

Мөн зээлийн журамд арилжааны банктай холбоотой өөрчлөлтүүд орлоо. Тухайлбал, банкууд санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн зорилгод нийцүүлэн ашиглах, зээлийн өргөдөл хүлээн авахаас үндэслэлгүй татгалзах, иргэдийг зээлээ урьдчилан төлсөн тохиолдолд торгууль, шимтгэл, хураамж ногдуулах нөхцөлтэй гэрээ байгуулах зэргийг хориглосон байна. Зээлдэгч төлбөрөө урьдчилан төлсөн тохиолдолд зөвхөн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулж тооцох аргыг хэрэглэх юм. Харин Засгийн газар тус журамд зээлийн хугацаа, жилийн хүү, урьдчилгаа төлбөрийн хэмжээ, зээлд хамрагдах орон сууцны талбайн дээд хэмжээ зэргийг үлдээхээр шийдсэн байна. Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанк, Сангийн яаманд олгогддог байсан гурван хувийн хүүг нэг хүртэл бууруулсан талаар манай сонин өмнө нь мэдээлсэн. Үүний үр дүнд арилжааны банкууд орон сууцны зээлд зориулах санхүүжилтийг сард 40 тэрбумаар нэмэгдүүлэх боломжтой болсон. Үүнийг баталгаажуулж Засгийн газар улсын төсөв болон банкуудын санхүүжилтийн эх үүсвэрээс жилд 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд татан төвлөрүүлэхээр болов. Ингэснээр зээлийн санхүүжилт жилд 200 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 6000 өрх орон сууцанд орох боломжтой болно.

Засгийн газраас Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулж, санхүүжилтийг нэмсэнтэй холбогдуулан БХБ-ын сайд Х.Баделханаас дараах тодруулгыг авлаа.

-Ипотекийн зээлийн хүүг найман хувиас бууруулах боломж байхгүй юу?

-Засгийн газар ОУВС-гийн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан тул ипотекийн зээлийн хүүг 2020 он хүртэл бууруулах боломжгүй. Харин 2020 оноос уг зээл Монголбанкнаас Сангийн яаманд шилжинэ. Тэр үед зээлийн хүүг бууруулах талаар ярина.
-Урьдчилгаа 30 хувийг 20 хувь болгохоор судалж үзсэн үү?

-Судалсан. Одоогоор тийм боломж алга.
-Банкны өндөр хувийн хүүтэй зээл авсан иргэд найман хувийн зээлд шилжихийг журмаар зохицуулах боломжгүй юм уу?

-Арилжааны банкны зээлээр орон сууц авсан иргэн найман хувийн зээлд хамрагдах боломжтой. Тухайн банктайгаа тохиролцох байх. Харин шилжихдээ ипотекийн зээлийн журамд заасан шаардлагыг хангасан байх ёстой.
-“Буянт ухаа 2” хороололд баригдаж буй 972 айлын орон сууцны хэдэн хувийг түрээсийн орон сууцаар ашиглуулах вэ?

-Санхүүжилтийг хөгжлийн банк хариуцаж, дэд бүтэц нь төрөөс хийгдсэн учир нэг ам метрийн өртөг нь 1.3 сая төгрөг болж байгаа. Харин хэдэн хувийг түрээсээр ашиглуулах, хэдийг нь зарах талаар бүрэн ашиглалтад орсных нь дараа Засгийн газар шийднэ. Хөгжлийн банкнаас гаргасан 71 тэрбум төгрөгийг орон сууцны сан бүрдүүлэх байдлаар шийдчихвэл бүгдийг нь түрээсийн орон сууц болгох төлөвлөгөөтэй байгаа.
-Түрээсэлсэн байраа цаашид өмчлөх саналыг яаж шийдэх гэж байна?

-Түрээсэлсэн байраа өмчлөлдөө авах санал иргэдээс ирдэг. Энэ асуудлыг одоохондоо шийдээгүй байна. Цаашдаа түрээсийн байраа өмчилж болох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэсэн бодолтой байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх үзэгдэл

Ядуурлаа өхөөрдөөд ч байх шиг

 0 сэтгэгдэл


Харьцуулалт дүн шинжилгээ хийлгэх үүднээс жүжгийн зохиомжтой адилтгая. Монголын бүх ард түмэн Бид нэгэн инээдэмт, эмгэнэлт жүжгийн гол дүрд тоглож байна. Харин дэлхийг үзэгчид гээд төсөөлчих. Жүжгийн гол санаа бол гол баатруудад эрх чөлөөг нь эдлүүлэх, зоргоор нь байлгах, юу хүссэнийг нь хийлгэх явдал. Өнөөх хэд маань эдэлж байна аа, хийж байна аа, үзэгчид алгаа нижигнэтэл ташаад л, улам дэвэргээд л байх аж. 

Ийм нэгэн жүжигт бид яг одоо тоглоцгоож байна, ард түмнээрээ.

Үндсэн сэдэв. Монгол маань нэг л өөдөлдөггүй, ямар дайрлага дайрчихсан юм бүү мэд! Эсвэл ямар тахил нь буруу өрөгдчихсөн юм бол бүү мэд! Санаатайгаар, хэний ч албадлгагүйгээр өөрсдийгөө, улс үндсээ, үр хүүхдээ, хойч үеэ сүйтгээд ч байгаа юм шиг. 

Хүн төрөлхтний дунд Монгол гэж нэг улс үндэстэн байх нь байна. Дэлхийн хамтын нийгэмлэгт хүндтэй гэмээр алдар олоод авсан, дэлхийн 187 улстай албан ёсны харилцаатай. Хязгааргүй гэмээр том нутаг дэвсгэрт 84 сая толгой малаа адуулан гуравхан саяулаа аж төрж, хөрсөн дороо хязгааргүй их баялагтай хэмээн алдаршсан, ийм нэгэн улс үндэстэн. Ертөнцөд биднийг тэгж л ойлгодог. 

Гэтэл хүн амын гуравны нэг байнга ядуу дорой, ажилгүй хүн асар ихтэй, ажилд тэнцэх хүн ховортой, байгаль орчин, хот суурин, агаар усаа санаатайгаар бохирдуулдаг, нийслэл нь машинхот болчихсон, ер нь гаднынханд бол тайлж чадашгүй оньсого таавар мэт ийм нэг улс азийн цээжин дээр хахир хүйтэн өвлийг яг одоо туулж явна.

Монгол хүн Та яагаад буруугүй юм бэ гэх “сөрсөн базаа”-г би үргэлж хийнэ

Дэлхий дахин ч бас үгссэн аятай биднийгээ зоргонд нь хаячихжээ. Яагаад зоргонд нь гэж? Монголчууд Зөвлөлтийн дарлалаас гарч, ардчиллыг сонгоод гуч дахь жилийнхээ босгон дээр байна. Энэ хугацаанд дэлхий биднийг тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм түүнийг нь үзье гэсэн шиг аашилсан мэт. Монгол хүний мөс, ур чадвар, ур ухаан, ухаарал, тэнэглэлийг эцэст нь тултал харъя гэсэн шиг дургиулаад л.

Өнөөг хүртэл зөвлөлтүүд зааж зааварлаад, хүчлээд ч атугай Монголыг 70 жил аваад ирсний шанд эрх чөлөөг нь бэлэглүүлж, ардчилал, зах зээлийг сонгуулж, эцэс төгсгөлгүй дураар нь дургиулж байгаа нь тэр юм. Зааж зааварлах нэг ч гадаад “эзэн”-гүй, хувь заяаг нь өөрсдөд нь даатгаад орхижээ. 

Гэвч үр дүн нь дан муу үзүүлэлт. 1.5 сая гаруй ам.км хавтгайдаа тархан суугаад хөгжил дэвшилд хүрэх замаа жигдлэх нь үү хэмээн хартал байдаггүй. 28 жилийн турш төв рүүгээ их нүүдэл хийж, нийслэлээ утаанд хордуулаад, хөрс, ус, агаар, орчин нуль хор, хордлого. Одоо ч сэхэл авахаасаа өнгөрсөн. Улаанбаатар хотоо монголчууд өөрсдөө тартагт нь тулгаж, сөнөөтөл нь дэлхий ажиглаад суучихсан аятай. 

Улс үндэстний гол баялаг болох нийслэлийн хүн ард нь эдгэшгүй архаг өвчинд нэрвэгдсэн. Уушигны эмнэлэг олныг бариарай хэмээн гадаадын нэг нөхөр ятгаж байсан нь санаанд бууж байна. Бид өөрсдийгөө хэний ч оролцоогүй тамлаж байгаа хэлбэр нь энэ юм. Монголчуудыг тэгэхээс тэгэх гэж эцэс төгсгөлгүй дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм түүнийг нь үзье гэж байгаа бол нийслэлийн үнсэн хөх энэ их утаа униар, үнэр танар, гэр хорооллын тамын амьдрал, эмнэлгүүдийн ачаалал, замын түгжрэл нүднээ ил байна. Улаанбаатар маань дэлхийн хот байгуулалтын гашуун, муу сургамжийн томхон жишээ болон олон улсад мөнхрөв өө, хөөрхий. 

Ардчиллын жилүүдэд ганцхан чигт буюу нийслэл рүүгээ хэт их тунгаар нүүдэллэжээ. Их нүүдлийг зогсоодог ид шидтэй эрх баригч, улстөрч ганц ч заяасангүй. Хөдөө нь эзгүйрсэн, хүн тогтохоо больсон, уламжлалт малчид нь хөгширсөн. Ингээд Монголын хөдөө хаягдсан нь 28 жилийн үр дүн. Гадаадынхан гайхаад ч, учрыг нь тайлж үл чадна. Төвлөрлийг сааруулах нэртэй хэдэн төсөл сургалт хэлбэрээр хэрэгжсэн ч нэг чихээр ороод нөгөө чихээр нь гараад явчихсан. Усан тэнэг л биш бол төв суурингаас буцаж нүүнэ гэж гонж. 

Ардчиллын үнэт зүйлс, үзэл санааг нэвтрүүлж, төр засгаа сонгоод, чөлөөт сонгуулиараа гялалзаж байна уу гэтэл тэр бас байдаггүй. Монголчуудыг тэгж ингэж сонго гэсэн гаднын ямар ч зааваргүйгээр сонгуулиа явуулдаг ч эцэст нь ард түмэн улс төрөөс баахан залхаж, зүрхшээж, эрх баригчдаа үзэн ядсан үр дүнтэй байна. Гол нь тэр олон ардчилсан сонгуулийн монголчуудад өгсөн үр дүн тун бага, ядуурал, ажилгүйдлийг шийддэггүй учраас ард түмний залхалтыг хүлээн зөвшөөрч байна. 

Зах зээлд чөлөөтэй шилжих эрхийг нь өгчихсөн, бас дураар нь дургиулсаар өнөөг хүргэжээ. Зах зээл рүү яаж шилжиж, зах зээлийн ямар нийгэм байгуулдаг юм бол гэдгийг эцэст нь тултал үзэхээр даян дэлхий шийджээ. Тэгэхээс тэгэх гэж ёстой дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, юу дуртай есөн хүслийг нь биелүүлж зоргоор нь байлгалаа. Өмнөд хөршөөсөө барагдахгүй их бараа, бүтээгдэхүүн авчраад нийслэлийнхээ дэлгүүрүүдийг чигжтэл дүүргэлээ. Араас нь тасралтгүй зөөсөөр л байна. Ийм мөчлөг 28 жил үргэлжилжээ. Худалдан авагч байхгүй. Гол нь худалдан авагчдад нь мөнгө байдаггүй, гэтэл зөөгөөд байдаг, зөөгөөд л байдаг. Заавал зөөнө, заавал бараагаа зарна гэж зүтгээд, тэмцээд байдаг. Нийслэл маань дэлгүүр лангууны хот болж хувирав аа. Бараа сахисан, худалдан авагч хүсэн хүлээсэн хэдэн түмэн худалдагчтай боллоо. Орлого ашиг гэхээсээ дан гарлага, зарлага, улсад бол ямар ч хэрэггүй, ийм нэг лангуун хоттой болчихоод байж байна. Дураараа дургисаар хүрсэн нэг үр дүн нь энэ. 

Хийж бүтээснээ экспортолно гэдэг ойлголт ихэнх монгол тархинаас арчигдчих шиг боллоо. Үйлдвэрлэж, боловсруулж, нэмүү өртөг шингээж байж ашиг өгнө, тэгээд цалин нэмнэ гэдгийн эсрэг явцгаалаа, дуу нэгтэй. Ерөөсөө бэлэн байгаа “юм”-аа л тэр “бэлэн”-ээр нь хөршүүд рүүгээ зөөчихье. Одоо бол урд хөрш рүү “урсаж” байна. тэр “бэлэн юм” нь тавантолгойгоос ухаад гаргаад ирсэн нүүрс. Ямар азаар хятадтай залгаа хилийн бүсээс тэр нь олдсон юм, бурхандаа л залбирахаас.

Албаны мэдээ:
“Тавантолгойд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын гэр бүл, Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд одоогоор 160 компанийн нэр дээр 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. БНХАУ-д нүүрсээ хүргэх урт дараалал хэдэн арван км үргэлжилнэ. Үүнээс болж жолооч нар шатахуунаа барж, сэтгэл санааны гүн хямралд ордог. Хамгийн хүнд нөхцөлд нүүрс тээвэрлэж, ар гэрээ тэжээхийн төлөө зүтгэж яваа. Тэр бүү хэл архинд донтож, осолд орж, гэмт хэрэг үйлдэж, амь насаа алдсан золгүй тохиолдлууд ч гарах болжээ” гэжээ.


• Боловсролын салбар унасан уу, сэхсэн үү, сэхсээр яваа юу, бүр дампуурч байна уу, би ер ойлгохоо больсон. 

• 1990 онд нурж эхэлсэн энэ эх орон бүрэн нурсан, одоо арай чүү босгож байна. Даанч удаан.

• Зах зээл рүү яаж шилжиж, зах зээлийн ямар нийгэм байгуулдаг юм бол гэдгийг эцэст нь тултал үзэхээр даян дэлхий шийджээ.

Зах зээл хөгжүүлж байна гэж дураараа дургисаар хүрсэн үр дүн нь энэ л дээ. Хөөрхий 13 мянган эрчүүдээ зольчихжээ. Гэхдээ нэг логик байна. Тэднийг тэгж зов гэж, элсэн дунд харангадаж яв гэж хэн ч албадаагүй, хэн ч хөөж явуулаагүй, хэн ч дарамтлаагүй. Бас буу тулгаж жолооны ард суулгасан нэг ч тохиолдол байхгүй юм билээ. Өөрсдөө өөрсдийгөө тамлаж байгаа хэлбэр нь тэр юм. Монголчуудын ингэж зовохыг дэлхий харахыг хүсээгүй нь л лав. Гэвч дураар нь хаясны гор нь энэ болов уу? 

Хатуухан хэлбэл, Монголхятадын албан ёсны худалдааны дүр төрх байж байгаа нь энэ. Уул уурхайн салбараас төсвийн орлогын дийлэнхийг (90 хувь) бүрдүүлдэг манай улсын экспортын ихэнхи нь угаагаагүй, шороотойгоо ачигдан хэдэн арван км цуваа туулдаг тэр түүхий нүүрс юм. Ажил хэрэгчээр хамтран ажиллахын оронд бэлэн байгаа “юм”-аа зарж, солиод, түр зуурын ашиг “олохчоон” болоод дуусгана. Юун чөлөөт өрсөлдөөн, илүү ашиг! 

Нүүрс гэлтгүй бусад түүхий эд, өөр юу ч байсан бүгд л нэг иймэрхүү байгаа. “Эмээлт” захын ойролцоо малын бойн дээр мах овоорч, тэр нь өмхийрч, дотоодын махны үнийг тэндхийн хятад эзэд тогтоодог тухай зурагтаар бишгүй ярина лээ. Зах зээлд шилжсэн монголчууд өөрсдөө эрх мэдлээ өгчихсөн болохоос хятадууд дураараа дайрч орж ирээд эзэн суучихсан хэрэг ерөөсөө биш. Дураараа дургисаар нэг мэдэхнээ өөрсдийгөө, эх орноо, адаглаад махны зах зээлээ хүртэл тийм байдалд оруулчихсан. Арьс шир, ноосны зах зээл ч мөн иймэрхүү байгаа гэж сонссон. Монголын авилгачдын зах зээлд шилжиж байгаа царай нь энэ. ингээд эцэс төгсгөлгүй байнгын алдагдалтай эдийн засаг, алдагдалтай худалдаа урсана. 

Монголчуудад ардчилал амлуулж өгчихөөд тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, тэгээд хаа хүрэх нь үү түүнийг нь үзье гэсэн нэг том салбар бол боловсрол. Унасан уу, сэхсэн үү, сэхсээр яваа юу, бүр дампуурч байна уу, би ер ойлгохоо больсон. Энэ салбарт ямагт хэтрүүлэг, туйлшрал нүүрлээстэй. Их дээд сургуулийн тоо 200 руу дөхсөнийг тэр үед гурван сая хүрээгүй байсан хүн амдаа хуваавал дэлхийд цойлсон үзүүлэлт гарсан. Гэтэл улсаараа нэг ажилгүй, ажилд тэнцэхгүй ромботонгуудтай болж авлаа. Гуравхан сая хүн амтай улс оронд хэдэн арван жилдээ бэлтгэхгүй ч хүрэлцэхээр “мэргэжилтэн”-үүдтэй болж авсан. Араас нь конвейроор үйлдвэрлэсээр л байна. Социализмын үед гадаад хэлтэн байтугай, орос хэлтнийг төрийн хатуу бодлогоор бэлтгэж, тэтгэж, тэр хэрээр мэргэжилтнүүд нь үнэ хүндтэй байсан. Гэтэл одоо Монгол Улсад гадаад хэлтэн дүүрсэн ч үр дүн нь улс орныхоо хөгжилд очиж огт наалддаггүй. Ядуурал, ажилгүйдэл нь байсаар л байдаг, гадаад хэлний сургалт зэрэгцэн цэцэглээд л. Зарууд дүүрэн.

Өнөөх жүжигт маань тайлал төгсгөл гэж байдаггүй. Дургиулаад л, алга ташаад л. Дургиж дургисны гол үр дүн нь ажилгүйдэл, ядуурал. Үүндээ дарлуулаад улс эх орон маань босч өндийж чаддаггүй ээ. Хамгийн аймшигтай нь дундаж давхаргаа устгачихаж. Дундаж давхарга нь баян, ядуу давхаргадаа хамаг байдгаа алдаад дууссан. 1990 онд нурж эхэлсэн энэ эх орон бүрэн нурсан, одоо арай чүү босгож байна. Даанч удаан. 

Социализмын үед Зөвлөлтийн зээл тусламж, мөнгөний гачаалын яриа тасардаггүй байтал өнөө өр тавиулдаг СССР нь нурж уначихаад байхад дахиад л зээл тусламж, мөнгөний гачаал, нэг хүнд ногдох асар их өрийн тухай яриа 28 дахь жил дээрээ тасралтгүй үргэлжилсээр. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын амны уншлага, тархины эмгэг, хойшдоо ч байнга ярих төлөвтэй. Улс орныхоо доройтол, ядууралд улстөрчид нь харилцан хэдэн биенээ яллана. Тэгэхлээр улстөрчид л буруутай, цаад ядуурсан хүнд өчүүхэн ч буруу байхгүй. Бүр сүүлдээ ядуурлаа өхөөрдөөд ч байх шиг. Ядууст хайртай дүрд 28 жил тоглоцгоолоо. Цаашид ч тоглоцгоох болно. Гэсэн ч ядуурал нь арилахгүй, ойрын хэдэн жилдээ. Төр буруутай гэдэгтэй би маргадаггүй, харин 100 хувийн буруу тохохын эсрэг дуугардаг. Хувь хүн, монгол хүн та яагаад буруугүй юм бэ гэх “сөрсөн базаа”-г би үргэлж хийнэ.

Бид өөрсдийгөө хэний ч оролцоогүй тамлаж байгаа хэлбэр нь энэ

Лойх, лоймол, лойно гэж хорон үгс дээхнэ их яригддаг байсан. Одоогийн залуус бол мэдэхгүй. Арчаагаа алдах, тартагтаа тулахыг нь тэгж хэлдэг байсан даа. Өнгөрсөн 28 жилд монголчуудыг тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм үзье гэж хандсаны гайгаар ард түмэн маань бүхэлдээ лойчихоод байна. Бүтээдэг баялаг байдаггүй, байдаг бол тэр нь ард түмэндээ огт нялздаггүй. Мөнгө байдаггүй, мөнгө тогтоодоггүй, юу ч хүлээн авахад бэлэн нээлттэй гэнэн ард түмэн байж л байдаг. Өөрөө өөрийгөө устгахад ч бэлэн юм шиг. Хүн бол 50 хувь биологийн амьтан, 50 хувь нийгмийн амьтан. Харин монголчуудын биологийн амьтны шинж хэт их тунгаар хөгжөөд улс орон маань годройтож унасаар, бид дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр ёроол руугаа нэг очих байх даа?

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бүлгүүдийн бүтэлгүйтэл төрийн дархлааг сулруулж байна

АН-ын бүлэг гарвал УИХ-ын дэд дарга Я.Санжмятавыг чөлөөлнө

 0 сэтгэгдэл


УИХ-ын үйл ажиллагаа доголдолд орсон нь намын бүлгүүдийн бүтэлгүйтэлтэй шууд холбоотой. МАН-ын бүлгийн хагарал парламентын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж  байгаа бол АН-ын бүлгийн нуралт төрийн хяналт сулрах эрсдэл дагуулж байна. МАН-ын бүлэг 60 тэрбум ба ЖДҮХС-гийн хэргээр талцаж хуваагдаад байгаа нь УИХ-ын дарга, Ерөнхий сайдын аль нь дийлэх вэ гэсэн тэмцлийн ил явагдаж буй үзэгдэл. Засгийн газрыг огцруулахад санал өгсөн байдлаас нь дүгнэхэд л хэдэн гишүүн аль талд зогсож буйг тодорхой харж болно. Тус бүлэгт Засгийн газрын 14 сайд ба М.Энхболдыг огцрохыг шаардсан 22 гишүүн нэг тал болж байгаа бол нөгөө талд нь 28 гишүүн бий. Д.Хаянхярваагийн албан тушаалыг хүлээн авсан Д.Тогтохсүрэн МАН-ын бүлгийн даргаар томилогдсоноосоо хойш талцагч гишүүдийн төлөөллийг хоёр удаа уулзуулж эвлэрэх боломжийн талаар ярилцжээ. 

Гэвч тус бүр гурван гишүүнээс бүрдсэн эвлэрлийн “ажлын хэсэг”-ийнхэн өөр өөрсдийн байр сууринд цаашид хатуу зогсохоо хэлж, эвлэрэх сонирхолгүй байгаагаа тодорхой илэрхийлэв. Үүний нотолгоо ч өнгөрсөн даваа гарагт хуралдсан МАН-ын бүлгийн хурлаар тод харагдсан. Тус бүлгийн хуралдаанаар Байнгын хороодоос дэмжлэг аваад байсан ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл чуулганы нэгдсэн хуралдаанд ороод гацсан асуудлыг хэлэлцсэн аж. М.Энхболдын байр суурийг хамгаалагч гишүүд УИХ-ын үйл ажиллагааг сайд гишүүд гацааж байгааг шүүмжилж парламентын хэвийн ажиллагааг хангахад санаа тавихгүй бол Засгийн газрын өргөн барьсан төслүүдийг дэмжихгүй гэжээ. Энэ талаар удтал маргалдсаны эцэст санал хураалтаар шийдвэрлэхээр тогтож хуралд оролцсон 43 гишүүний 60 хувь нь дэмжихгүй гэснээр Засгийн газрын төслийг бүлгээр дэмжсэнгүй. Бүлэг дэмжээгүй учраас УИХ-ын чуулганаар ч дэмжих эсэх нь эргэлзээтэй. МАН-ын бүлгийн хуваагдал УИХ, Засгийн газрын түвшинд төрийн ажил цалгардуулж буйн тод жишээ энэ болж байна. Хэзээ эвлэрч, хэдий хугацаанд төрийн ажил гацахыг таашгүй. Харин намын бүлгийн “цууралтад” улам ан цав суусаар байгааг зогсоох ганц арга намын Бага хурлыг хуралдуулах гэж МАН-ын бүлгийн дарга үзсэн аж. Тэр үүднээс бага хурлыг зарлан хуралдуулах саналыг намын даргадаа хүргүүлжээ. МАН-ын удирдах зөвлөл У.Хүрэлсүхийг Японоос ирсэн даруй хуралдаж МАН-ын XXIX бага хурлыг зарлах тухай дуулдаж байна. Бүлгийн 64 хүний маргааныг Намын бага хурлын 369 гишүүнээр таслуулахаас өөр гарцгүй талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үзэж байгаа.

МАН-ын бүлгийн дарга намын бага хурал зарлахыг шаарджээ

Тэрбээр бүлгийн эв нэгдлийг хангахын тулд талцагч талуудад гурван зам бий гэж тодорхойлж  байна. 

МАН-ын бүлгийн хуваагдал тэмцэл төрийн ажлыг ийн чөдөрлөж байгаа бол АН-ын бүлгийн бүтэлгүйтэл ч парламентын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхлэв. Энэ бүлэг хөршийн зодоонд оролцсон хүүгээ сургах гэсэн биш гэрээ нурааж, гэрлэлтээ цуцлах дээрээ тулсан эр, эм шиг болчихлоо. Бүлгийн гишүүнийхээ эрхийг хасаж, хагасалсны үр дүн ч парламентын бүтцэд өөрчлөлт оруулах хэмжээнд хүрлээ. 

Бүлгийн зүгээс хасагдсан Ж.Батзандантай холбоогоо тасалсан бол Л.Болд гишүүний хүсэлтийг нам дараад хэвтчихсэн. Л.Болд гишүүний бүлгээс гарсан шийдвэрийг АН-ын бүлгийн дарга УИХ-ын даргад мэдэгдэж спикер нэгдсэн чуулганд албан ёсоор мэдээлэх үүргийг УИХ-ын тухай хуулийн 26.12 дахь заалтад тодорхой тусгасан буй. Хэрэв тус бүлгийн дарга Л.Болд гишүүний энэ сарын 3-нд гаргасан намын бүлгээс гарсан өргөдлийг 30 хоногийн дотор УИХ-ын даргад хүргүүлэхгүй бол Захиргааны ерөнхий хууль зөрчсөн хэрэгт унана. Гэтэл АН-ын бүлэг үүнд ямар ч хамааралгүй дээд шүүхэд албан тоот цохчихоод цаг хожиж суугаа.

• Намын бүлгийн “цууралтад” улам ан цав суусаар байгааг зогсоох ганц арга нь намын бага хурлыг хуралдуулах гэж МАН-ын бүлгийн дарга үзэж байгаа юм. 

• МАН-ын бүлгийн эв нэгдлийг хангахын тулд талцлыг шийдэх гурван зам бий. 

• Хэрэв Л.Болд гишүүний энэ сарын 3-нд гаргасан намын бүлгээс гарах өргөдлийг АН-ын бүлгийн дарга 30 хоногийн дотор УИХ-ын даргад хүргүүлэхгүй бол Захиргааны ерөнхий хууль зөрчсөн хэрэгт орно.

Хэрэв АН-ын бүлэг тарвал УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажлаа хүлээлгэн өгөх ёстой. УИХ-ын тухай хуулийн 12.3-т “Нам, эвслийн бүлэг тарсан бол тухайн бүлгээс сонгогдсон дэд даргыг чөлөөлөгдсөнд тооцно” гэсэн заалт бас бий. АН бүлгээ тарааснаар дэд даргын суудлаа алдаж, дээр нь завсарлага авах, дүгнэлт гаргах зэрэг үндсэн эрхээ хасуулна. Сайнаар төсөөлөхөд зөвлөлийн хэмжээнд л улс төрийн шийдвэр гаргах эрхтэй үлдэх юм. Тэр нь бие даагч гишүүдийнхээс давсан эрх биш гэдгийг УИХ-ын тухай хуулиар тогтоосон байгаа. Өөрөөр хэлбэл, долоон бие даагчийн нэгдсэн шийдвэр гэж тайлбарлагдах юм. 

АН-ыг ийн “Араа шүдээ мулталж” байх зуур МАН-ын бүлэг эвээ олчихвол сонгууль хүртэл дураараа дургих боломж эрх баригчдад цэлийтэл нээгдлээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах хүсэлт гаргалаа

60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол зохион байгуулах эрх нь нээгдсэн

 0 сэтгэгдэл


УИХ-ын нэр бүхий 22 гишүүн ЖДҮХС-тай холбоотой хэргээр бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулахад бэлэн гэдгээ зарлалаа. Тэд мөн ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хандан албан бичиг хүргүүлж буйгаа мэдэгдэв.

Тэдгээр гишүүнийг төлөөлж Ж.Бат-Эрдэнэ “ЖДҮХС-ийн зээлийг УИХ, Засгийн газрын гишүүд эрх мэдэл бүхий хүмүүс авсан нь ёс зүйгүй үйлдэл болсон. Сүүлийн үед зээл авсан ёс зүйгүй ажиллагаа бүдгэрэх хандлагатай байгаа. Энэ асуудлыг бид ёс зүйн болон хууль эрх зүйн үндэслэлээр шалгаж харах ёстой гэж үзсэн. Тиймээс УИХ-ын нэр бүхий 22 гишүүн гарын үсэг зурж, ЖДҮХС-тай холбоотой хэрэгт бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байгаа гэдгээ албан ёсоор зарлаж байна. Бидний энэ санаачилгыг УИХ-ын бусад гишүүд дэмжихийг уриалж байгаа юм” гэлээ. 

Мөн тэд энэ үйлдлээрээ ёс зүйн хороог хуралдуулах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэж үзэв. Л.Энх-Амгалан “УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн дор нуугдаж болохгүй. Ёс зүйн дэд хороо ирц бүрдэхгүй хуралдаж чадахгүй байна. Монгол Улсын Засгийн газар УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй парламентынхаа дээр гарчихаад хоёр долоо хоног бойкот хийлээ. Анхаарал татсан хэргүүдийг хэлэлцэх хэрэгтэй байна. Засгийн газрын харьяалалд байгаа тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хэргүүдийг шалгаад явах бүрэн боломжтой” гэлээ.

УИХ-ын гишүүдийн зүгээс прокурор нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирэхээр төлөвлөж байгаа тухай түшээд ярих болсон. Харин тус хэвлэлийн хурлын үеэр гишүүн Ж.Мөнхбат энэ талаар “Нийслэлийн ерөнхий прокурорын газраас нэр бүхий гурван гишүүний асуудлыг АТГ-т нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэх мэдээлэл бий. Үүнийг бид Ерөнхий сайдын зүгээс хууль, хяналтынхантай уулзаж сайд нарынхаа нэр холбогдсон хэргийг хойшлуулж дарагдуулан өнгөрөөх гэсэн үйлдэл гэж хардаж байгаа. Тиймээс заавал прокуророос бичиг хүлээлгүй ЖДҮХС-тай холбоотой эсэхээ бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулахыг уриалж байна” гэв.

• ЖДҮХС-гийн хэргийг Засгийн газрын харьяаны ТЕГ, ЦЕГ-аас шалгах бүрэн боломжтой гэв. 

• Хуулиар Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга нээлттэй сонсгол зохион байгуулах санал гаргавал  УИХ-ын Тамгын газар зохион байгуулах ёстой. 

• Ёс зүйн дэд хорооны хуралд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат оролцоход л ирц бүрдэх юм.

Ийнхүү МАН-ын бүлгийн талцагч хоёр талын нэг хэсэг нь ёс зүйн дэд хороог хуралдуулахаар зүтгэж байгаа бол нөгөө талд нь 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлтэй гишүүд бас бий. 

УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт чуулганы индрээс 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол зохион байгуулах болон ЖДҮХС-тай холбоотой асуудлаар ёс зүйн дэд хороог хуралдуулах үүрэг өгсөн. Өмнө нь УИХ-ын ёс зүйн дэд хороог хуралдуулахаар чуулганыг завсарлуулсан боловч ирц хүрээгүйн улмаас тус хороо хуралдаж чадахгүй байгаа юм.

Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд Х.Баделхан, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Б.Наранхүү, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Д.Сарангэрэл, М.Энхболд, Д.Эрдэнэбат нар багтдаг. Өнгөрсөн долоо хоногт дөрвөн гишүүн ЖДҮХС-тай холбоотой хэргээр хуралдахаар ирцэд бүртгүүлээд байсан юм. Тус хорооны бүрэлдэхүүн ийн тэнцүү хуваагдсан боловч АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдаа оролцоход ирц хүрэх боломжтой. 

Харин өнгөрсөн намраас хойш 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол хийхийг шаардаж буй гишүүдэд энэ удаад боломж нээгдлээ. Спикер М.Энхболд ТББХ-ны дарга Д.Лүндээжанцанд нээлттэй сонсгол зохион байгуулахыг үүрэг болгосноор хүсэлт гаргасан 19 гишүүнд эл эрх нээгдсэн гэж үзэж байгаа юм. Гэхдээ тус нээлттэй сонсголыг хүсэлт гаргагч гишүүд зохион байгуулах ёстой аж.

Хуулиар Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга нээлттэй сонсгол зохион байгуулах санал гаргавал УИХ-ын тамгын газар зохион байгуулах ёстой. Харин гишүүд санал гаргасан бол УИХ-ын даргын зөвшөөрлөөр тухайн гишүүд зохион байгуулах эрх нээгддэг аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ерөнхийлөгчийн хагас засаглал

Үндсэн хуульд төрийн хар хайрцагны бодлогыг тусгах ёстой

 0 сэтгэгдэл


Сонгодог хэлбэрийн парламенттай бүгд найрамдах улсууд дотроос Ерөнхийлөгчийн хагас тогтолцоог үндсэн хуулиараа тунхагласан орон бол Франц. Ерөнхийлөгчийн хагас тогтолцоо (semi-presidential system)-г заримдаа холимог тогтолцоо гэдэг. Үүнийг “холимог хуурга” шиг зүйл гэж буруу ойлгоод байх шиг. Ерөнхийлөгчийн болон парламентын систем холилдсон тогтолцоо төдийхнээр л ойлгоод байх шиг санагдана. Гэтэл агуулга нь үнэн хэрэгтээ өөр юм. Энэ бол хосолмол биш, харин ч нэгдмэл удирдлагатай төрийн цогц байгууламж. Орчин үеийн нийгэм зүйд холимог тогтолцоог бүгд найрамдах засаглалын төгс хэлбэр гэж үзэж, улс орнууд реформ хийцгээж байна. Энгийнээр тайлбарлавал, төрийн байгуламжийн хөндлөн ба босоо тэнхлэгийн огтлолцол дээр Ерөнхийлөгч зогсож байх загварыг хэлж буй. Хөндлөн тэнхлэг гэдэг нь парламентын дээд танхим, босоо тэнхлэг гэдэг нь парламентын доод танхим юм. Тэнхлэгүүдийн огтлолцлыг Ерөнхийлөгч нь цэрэг арми, хууль цаазын хүчээр зохицуулж, ард түмний аюулгүй байдал, тав тухтай амьдралыг хангаж байдаг харилцаа аж. Эндээс Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалдаа биечлэн тусалж, хамжилцсанаар том эрх эдлэн, парламентын доод танхимд нөлөөлдөг, эргээд дээд танхимын өмнө хариуцлага хүлээдэг давуу талтай юм. Парламент нь ард түмний шууд төлөөллийн дээд танхимтай, хууль боловсруулан барих мэдлэг чадвартай гишүүд бүхий доод танхимтай, хүчтэй Ерөнхийлөгчтэй тогтолцоо бүрдэнэ гэсэн үг. Зарим орны төрийн байгууламжийн жишээг харахуйд улам ойлгомжтой болно.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ҮР ДАГАВАР НЬ ТУЙЛШРАЛ

Дэлхийн улс орнуудын төр ер нь ямар тогтолцоотой байдаг юм бол? Гаднын орнуудын төрийн  тогтолцоо, засаглалын хэлбэрийн талаар цөөнгүй хүн сонирхож байсан тул үүнийг дурдахаар шийдлээ.

Парламент нь төлөвшсөн, төгс хэлбэрээ олчихсон аль нэг орныг жишиг болгон сонгож дагах нь зайлшгүй. Гэхдээ нэг зүйлийг анхаарах ёстой. Туйлын сайн судалж, Монголын нийгмийн байдал, түүхэн уламжлалт соёл, зорих ирээдүйгээ бодолцож сонгох ёстой байх. Төр Монголд анх үүссэн гэдэг. Тэгвэл энэ түүхэн уламжлалаа сэргээх концепц гаргаж, төрийн хар хайрцагны бодлогыг үндсэн хуулийн preamble (угтлага бичээс) болгон тавьж, төрийн бодлогын залгамж чанарыг хангах ёстой. Энэ талаар нухацтай бодох цаг нь одоо ирчихээд байна. Францын тавдугаар үндсэн хуулийн preamble хэсэг нь яагаад Напелеон Бонапардын гаргасан хууль байдаг юм бэ? Америк Улс яагаад үндсэн хуулиа өөрчилдөггүй юм бэ? Бодох л асуудал. 

Үндсэн хуулийн preamble хэсэг нь eрөнхий зүйл, оршил, малгай үг огт биш. Үндсэн хуулийн агуулгын товчоо ч биш, зүйл анги бүр ч биш.  Үндсэн хуулийн preamble нь  монголоор бол үндсэндээ төрийн хар хайрцагны бодлого, төрийн уламжлалт залгамж чанарыг зангидан товчоолсон бичвэр юм. Өдгөө мөрдөж байгаа үндсэн хуулийн гол алдаа нь preamble-г ор тас орхигдуулсан явдал мөн. Үндэсний уламжлалт чанараа үндсэн хуульд орхигдуулсан нь монгол хүн үндэсний соёлын кодоо мартаж, хүн чанараа алдах суурь болсон. Төрийн хар хайрцагны бодлогын үндэсний үзэлтэй холбогдох хэсэг шинэ үндсэн хуулийн толгой хэсэгт preamble болон тусгалаа олох ёстой. 

Нөгөө талаас, өнөөгийн төрийн хямралаас гарах арга замаа бодон сэтгэл хөдлөлд автах, эсвэл бусдыг даган дуурайх хандлагаар 70 нөхөөстэй дээл шиг болгож болохгүй. Ийм хандлагын уршиг эргэж нөхөгдөхгүй гэдгийг анхаарууштай.

ДЭЛХИЙН ОРНУУДЫН ТӨРИЙН ТОГТОЛЦОО

Дэлхийн бүх орны төрийн байгууламжийг хоёр хэлбэрт хуваадаг. Хаант засаглалтай 30 орчим орон бий бол үлдсэн нь бүгд найрамдах улсууд юм. Монгол Улс хаант засаглалтай байсан ч 1924 энэ тогтолцоог халсан. Мэдээж, өнөөдөр эргээд хаант засаглал тогтоох боломж, нөхцөл байхгүй. Гэхдээ төрийн уламжлалт чанарыг хадгалах, хууль цаазын уламжлалыг сэргээх зорилгоор шинээр боловсруулах үндсэн хуульд төрийн хар хайрцагны бодлогын зарим агуулга тусгалаа олох ёстой гэдгийг дахин дахин сануулъя!

Бүгд найрамдах засаглал улс орнуудын хувьд Ерөнхийлөгчийн болон парламентын гэсэн хоёр хэлбэртэй байдаг гэж монголчуудад ойлгуулчихсон юм шиг. Үнэн хэрэгтээ бол эх газрын эрх зүйтэй улс орнуудад Ерөнхийлөгчийн засаглалтай улс гэж байхгүй. Харин Ерөнхийлөгчпарламентын эсвэл парламент Ерөнхийлөгчийн холимог засаглалтай орнууд л бий.  Далайн эрх зүйтэй улсуудад Ерөнхийлөгчийн, эсвэл туйлын Ерөнхийлөгчийн засаглалтай орнууд зонхилж байгаа. Монгол Улс бол Ром-Германы эрх зүйгээр явдаг бүгд найрамдах улс учраас далайн эрх зүй тохирохгүй. үндсэн хуульд тэндээс сэтэрхий тэвнийн чинээ ч зүйл тусгаж болохгүй.

Манайд хууль боловсруулах нэгдсэн концепц байгаагүй, одоо ч байхгүй

Миний хувьд Ц.Элбэгдорж, Х.Тэмүүжин нарын санаачилгаар гол хуулиудад орсон бүх заалтыг шүүрдэж цэвэрлэх ёстой гэж боддог. Далайн орнуудын эрх зүйгээс бараа сонгож буй мэтээр хандаж, зарим нь ашиг сонирхолдоо хөтлөгдсөөр Монголын хууль, хууль эрхийн актуудыг ноорхой тэрлэг шиг далан нөхөөстэй болгосон. Манайд хууль боловсруулах нэгдсэн концепц байгаагүй, одоо ч байхгүй. Соёл иргэншилтэй улс орнуудад юу болоод, ямар реформ хийгээд байгааг анзаардаггүй, мэддэггүй хүмүүсийн гараар улс орны оршин тогтнох эрх зүйн орчин занганд орсон гэж бодохоор аймшигтай. Тогтолцоо болохгүй байна гэж төрийн эрх үүргийг зохицуулах нормативдаа будаг нялж, шинэ жилийн гацуур мод шиг болгосон. Эцэстээ нэгдсэн зохицуулалтгүй болж, төрийн өндөрлөгт хүн амын 90 хувь, гишүүдийн олонх нь итгэхгүй байхад ч зайлуулж чадахгүй болтлоо завхарчээ. Энэ бол Монголын хуулийн гажуудал, завхрал.

ТӨР ЗАСГИЙН ЦАГ БАЙДЛЫН ТУХАЙД

Монгол Улсын төрд бодитойгоор нүүрлэсэн хямрал эх захаа алдаж, савнаасаа халин НҮБ болон олон улсын конвенцуудын үзэл санааг бүдүүлгээр зөрчиж эхэллээ.

1. НҮБ ардчилал дор олонхын шийдлийг цөөнх нь дагаж хэрэгжүүлэх агуулга оршиж буйг олон удаа анхааруулсан байдаг юм. Ардчиллын амин чухал зүрх нь угтаа бол энэ юм. Гэтэл парламент олонх, цөөнх болон хуваагдаж, цөөнх нь төрийн тамга, спикер, УИХ-ын танхимд сууж байгаагаараа, сүүлийн 20 жилийн туршид өөрсдөдөө зориулж баталсан хуулиудаараа бамбай хийж, цөөнхийн явуургүй, бусармаг үзэл бодлыг олонход тулган шаардаж, заналхийлж эхэллээ. Ардчилал гэгч Монголд ийн үнэт зүйлээ алдав. Aзийн ардчиллын од гэгдэж нэг хэсэг дэлхийг гайхуулж явсан Монгол улсыг сүйрүүлж чадсан хэсэг бүлэг олигархиуд, тэдний гар хөлүүд эвсэж, ардчиллын үнэт зүйл рүү довтлож байна. НҮБ үүнийг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой, ийм “өвчин” бусад улс оронд халдварлахаас сэрэмжлэх нь тодорхой.

2. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дүрэмд хүний амьд явах эрхийг санаатайгаар тасалдуулсан аллагын гэмт хэргүүд, түүний дотор төр, нийгмийн зүтгэлтний амь насыг тодорхой зорилготойгоор зэрлэгээр хөнөөсөн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа байж болохгүй гэж заасан байдаг юм. Уг конвенцод нэгдсэн эсэхээс үл хамааран НҮБ-ын гишүүн орнууд уг заалтыг үндэсний хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлэхийг зөвлөсөн юм. Монгол Улс, энэхүү конвенцын үзэл санааг сөрж, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгон хэргийг хаалаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гаргасан шийдвэрээ зөрчиж байгааг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой.

3. НҮБ өөрийн салбар институц, олон улсын конвейнциудад төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх вотум гэдэг зарчмыг маш тодорхой заан тайлбарласан байгаа. Парламентын гишүүдийн олонх, нийт сонгогчдын дийлэнх олонх нь итгэл хүлээлгэхгүй бол спикер тэр даруй огцорсон тухайгаа мэдэгдэж, импеачмент гэх зарчмаар хуулийн байгууллагын мэдэлд шилжиж, хүлээх хариуцлагын түвшингээ тогтоолгох учиртай юм байна. НҮБ-ын гишүүн мөртөө энэ зарчмыг бүдүүлгээр зөрчөөд сууж болохгүй. Хэрэв үндэсний хуулиар огцрох эрх зүйн орчин үүсэхгүй байгаа л бол үндэсний хууль тогтоомж НҮБ-ын зарчмыг зөрчиж баталсан хууль байна гэж үзэн хуулиа өөрчлөх шаардлагатай юм. Үндсэн хуулийг дордуулсан долоон заалт гэдэг шиг УИХ 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд шинэ жилийн баярын босгон дээр өөрчлөлт оруулж, спикер нь хэзээ ч огцрохгүй, гишүүд нь хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй байхаар зохицуулсан заалтуудыг эргэж үзэн, хүчингүй болгох ёстой.

4. Парламентын цөөнх үүрээ хөндүүлсэн шоргоолж аятай сандралдаж, хагас солиорол (эйфорын байдал)-д орж, эцэстээ өөрсдийн өдүүлсэн бүх хэргийг Засгийн газарт тохон огцруулах аргад шилжив. Засгийн газрыг огцруулах ажиллагааг дахин явуулна гэж шинэ гишүүн Н.Амарзаяа хэллээ.

5. Засгийн газрын тэргүүнд хандаж хэлэх миний үг бол “Хурд бол хүч!” Алгуурлах бүрд эсрэг тал чинь маневрлах аргаа олчихоод байна. Цорын ганц гарц нь гэвэл, УИХ-ын гишүүн сайд нартаа дилемма (ацан шалаа) хийх. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхээсээ татгалзаад сайдын ажлаа сайн хий, эсвэл УИХ-даа үлдээд сайдын суудлаа чөлөөл гэж хэл. Ердөө энэ! ингэж байж Засгийн газраа парламентын гадна гаргаж, улс төржилтөөс зайлсхийхгүй бол өөр гарц харагдахгүй байна. Tэртээ тэргүй хуралдаа биш бойкотонд сууж байгаа биз дээ?

6. Залуу үлстөрчдөд ч хандаж хэлэх үг байна. Хэт тулган шаардах нь тийм ч сайн арга биш ээ. УИХ-ын олонх болсон давуу талаа ашиглан зохион байгуулалтад орж, хурлаа хийн даргаа сонгож, УИХ-ын олонх нь бага хурлын горимд орж ажиллах болсноо дэлхийд зарлах нэг гарц байна. М.Энхболд, түүнийг тойрон хүрээлэгчдийн “тогтолцоо” ажиллагаагүй болно гэсэн үг. НҮБ-ын self-determination зарчим бий учраас юунаас ч айх хэрэггүй. Манайд бага хуралтай байсан уламжлал бий. Тэд шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулах даалгаврыг гардаж авах ёстой, ард түмэн ойлгоно. Гэхдээ УИХ-ыг тарааж хэрхэвч болохгүй, өртөг нь арай л дэндүү өндөр тусна. Эс бөгөөс арай гэж Монгол руу хандах чигтэй байгаа гаднын хөрөнгө оруулагчид бүгд нүүрээ буруулж, дахиж хэзээ ч гаднын хөрөнгө оруулалтын талаар ярих хэрэггүй болно. Эдийн засаг макро түвшиндээ суларч, ард түмний амьдрал улам доройтно. Өөр ч олон эрсдэл бий. Төр сүүлийн 20 жилд баталсан гол хуулиудын бүх заалтуудыг нэг бүрчлэн нарийн шалгаж үзэх шаардлага байгаа гэж хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн үг үндэслэлтэй болох нь төрийн хямрал гүнзгийрэх бүрд улам тод болсоор.