A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/167/

Иргэний нисэхийн либералчлалын алдааг хэтдээ засах боломжгүй

Жижиг улс протекционист бодлого баримтлах шаардлагатай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/167/


Манай улсын аялал жуулчлал хөгжихгүй, жуулчид ирэхгүй байгаа шалтгааныг “МИАТ” компанийн билетийн үнээс үүдэлтэй мэтээр шууд буруутгадаг. Гэтэл жуулчдын нүд баясгаж, үзэж харах зүйл манайд ховроос гадна үйлчилгээ, соёлын талаар яриад ч хэрэггүй. Дэлхийг эзэгнэж явсан Чингисийн удамт монголчууд гэж цээжээ дэлдэхээс өөрцгүй бид ядаж л Ордосын бүтээн байгуулсан Чингисийн цогцолбор байтугай тэндхийн уран гоёмсог баримлыг ч Монголоос хайгаад олохгүй. Гэсэн атлаа дэлхийн хамгийн гайхамшигтай орон мэт өөрсдийгөө хоосон дөвийлгөж, доодос нь том ярьж, дээдэс нь том “идэх”-ээс өөр чадах зүйл байхгүй болжээ. 60 жил төрийн өмч явсан “МИАТ” компанийг өөд нь татах нь байтугай сүүлийн 20-иод жил улс төрийн тоглоом болгон мэргэжлийн чиг баримжааг нь алдагдуулж, бусад салбартай адил хөгжүүлээгүй буруутан нь Монголын төр өөрөө. Төр хамгийн муу менежер болохоор улстөрчид төрийн компаниудаар хөлжиж, тоглодог нь нууц биш.
Харин ч “МИАТ” компани сүүлийн 20 гаруй жил олон улсын иргэний нисэхийн салбарт нислэгийн аюулгүй байдал, байр суурь болон үйлчилгээгээрээ Монгол Улсын нэрийг өндөрт хадгалан, Монгол төрийн далбааг хөх тэнгэрт нисгэж яваа үндэсний ганц авиа компани гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Гурван сая хүн амтай улсын зургаахан нисэх онгоцтой энэ компаниас хэдэн зуун нисэх онгоцтой том компаниудтай адил үйлчилгээ, үнэ шаардаж, ам уралдан муулах нь өрөөсгөл. Монголын төр өнөөг хүртэл үйл ажиллагааг нь сайжруулах, үр ашигтай ажиллуулах ямар ч арга хэмжээ аваагүй. Зөвхөн үе үеийн улстөрчид хоосон пиар хийж, хувийн секторын “үнэр” оруулах нэрээр өнгөтэй өөдтэй, ашигтай бизнесүүдийг нь хувьчилж, зуучилж дундаас нь завших арга сэдхээс хэтрээгүй. Гэтэл өндийж дэвжих гараан дээрээ дөнгөж ирмэгц нь либералчлал нэрээр амийг нь таслахаар улайрч эхэллээ. Гаднынхны амласан хэдхэн сая ам.долларын урхинд орж, хөл дүүжилдэг ганц авиа компаниасаа салах цаг мөдхөн ирэх вий.

ОPEN SKY ЗАРЧИМ ЖИЖГҮҮДИЙГ ЗАЛГИДАГ

Өнөөдрийн туйлдсан эдийн засагт гаднынхны амласан мөнгө их мэт харагдаж болох ч нэжгээд жилийн дараа олон улсын нислэгтэй ганц компаниа өчүүхэн мөнгөөр үрэн таран хийж, 1990-ээд онд хувьчлал нэрээр аж үйлдвэрийн салбаруудаа өөрсдийн гараар сөнөөсөнтэй адил харамсмаар түүх давтагдах нь. Зөвхөн ганц жишээ дурдахад л, Улаанбаатар- Сөүлийн чиглэлд Korean Аir компанитай өмнө нь ижил тооны суудлаар нисэж байсан гэрээгээ 2004 онд өөрчилж долоо хоногт ижил тооны нислэг үйлдэхээр либералчлал нэрийн дор хийсэн эл сохор алхмын улмаас жил бүр 30 гаруй сая ам.долларын орлогоо алдсаар ирсэн. Нийт 15 жил шахам ингэж ниссэн гээд бодвол 400 гаруй сая ам.доллар алдсан нь ойлгомжтой. Энэ гэрээг өөрчлөхөөр олон жил зүтгэж буй ч өнөөг хүртэл гарцыг олоогүй л байна. Энэ бол мөн л эрх мэдэлтнүүдийн буруу шийдвэрийн уршиг. Угтаа олон улсын гэрээ, хэлэлцээрүүд нь олон жилээр тогтвортой хийгддэг онцлогтой энэ салбарын бизнесийг бусдын эрхшээлд автан сэтгэлийн хөөрлөөр шийдэж болохгүй юм.

Гаднынхны хяламхийлгэсэн өчүүхэн төдий мөнгөний сургаас болж Монгол Улс иргэний нисэхийн зах зээлээ алдвал асар том гарз, бас маш том аюулыг ардаа дагуулна гэдгийг эрх дархтнууд мэдэхгүй биш мэдэж л байгаа. Хэдийгээр дэлхий нийтээрээ либералчлагдаж, АНУ-ын анх санаачилсан open sky зарчмаар бие бие рүүгээ чөлөөтэй нисдэг болж байгаа ч байр сууриа олсон тэр том зах зээлээс манайх шиг жижиг улс зорчигч “хулгайлж” ашиг хийнэ гэж хэзээ ч байхгүй. Тэд техникийн асар өндөр шаардлагаар өөрсдийн зах зээлээ бүрэн хамгаалсан. Бас зорчигчид нь амь насыг нь 100 мянган ам.доллар гэх мэт өндрөөр үнэлсэн компаниудаар зорчихыг эрхэмлэдэг. Тиймээс манай улсын яаран хийхээр улайрч байгаа либералчлалын алдааг хэтдээ засах эрх зүйн боломжгүй нөхцөл байдал угтах нь ойлгомжтой. Европын хуучин социалист зарим улс яг ийм зам туулсан. Балкан, ЛОТ, Малев зэрэг үндэсний агаарын тээвэрлэгчээ намнасан Болгар, Латви, Литва, Чех, Польш, Унгар гээд олон орны харамсалтай туршлага үүний тод жишээ болдог. Азаар Европын эдгээр улс газар нутаг жижигтэй бөгөөд авто болон төмөр зам, усан тээврийн харилцаа сайн хөгжсөн учраас устаж үгүй болсон агаарын тээврийн орон зайгаа тодорхой хэмжээгээр нөхөж дөнгөдөг. Жижиг орнуудын хувьд, либералчлалын үндсэн зарчим бол өөрийн зах зээлийг хамгаалан аль болох орохгүй байх, хүч мөхөсдөн орсон ч маш аажим болгоомжтой орох хэрэгтэйг анхааруулсан байх юм.

Тухайлбал, 2010 оны байдлаар дэлхийн агаарын тээврийн нийт зорчигчийн 75 хувьд нийт авиа компаниудын ердөө 10-хан хувь буюу дөрвөн консорциум үйлчилж, үлдсэн компаниудад 25 хувь нь ногдсон байдаг. Тиймээс бид ямар ч бэлтгэл базаагаагүй байж яаран либералчлахаасаа өмнө зах зээлд өрсөлдөх чадварыг нь сайжруулж, авиа компаниудаа нэгтгэж томруулахаас гадна үйл ажиллагааны зардлыг бууруулах урт хугацааны шат дараалсан ажил хийх ёстой тул Иргэний нисэхийн салбарт баримтлах 2020 он хүртэлх бодлогын баримт бичигтээ өөрчлөлт оруулах нь хамгийн зөв алхам. “МИАТ” бол жил бүр улсад олон тэрбум төгрөг татварт төлж, 800 гаруй иргэнийг тогтвортой ажлын байраар хангаж, ар гэрийнх нь 4000 орчим хүний амьдралын баталгаа болсон компани. 2016 онд 1.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллайсан ч өнгөрсөн онд 52 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь зөв менежменттэй явж байгаагийнх. Үнэ тарифаа ч огт нэмээгүй, тасалбарын дундаж үнэ 2011 онд 500 ам.доллар байсан, одоо ч хэвээрээ. Харин долларын ханшаас болж тухайн үед 1.3 сая төгрөг байсан билет 2.4 сая төгрөг болж өөрчлөгдсөн. Нэлээд хэдэн жилийн өмнө Монголын иргэний нисэхийн салбарт дотоод либералчлал гэгчийг хийж, орон нутгийн нислэгийг Засгийн газрын шийдвэрээр хувийн секторт шилжүүлэн, Ан-24-үүдийг нь Оросын найдваргүй нисэх онгоц хэмээн адлан зогсоож, хориглосон.

Тиймээс сүүлчийн хэдэн онгоцоо хөнгөн цагааны хаягдалд цавчин өгч, нисгэгчид нь гудманд гарсан гашуун түүх бий. Тэр үед мөн л “сайхан” юм мөрөөдөн үнэ буурч, хямдхан нислэгтэй болно хэмээж байсныг монголчууд мэднэ. Гэтэл яав, хувийн компаниуд амандаа орсон тоогоор үнэ тогтоож, бүр олон дахин нэмснээс зорчигчдын тоо 1990 онд нэг сая гаруй байсан бол өдгөө хоёр зуун мянга ч хүрэхээ болив. Үнэтэй, эрсдэлтэй үйлчилгээнээс залхсан иргэд Улаанбаатарт төвлөрөн суурьшиж өнөөгийн утаа, хөрсний бохирдол, замын түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал болон гэмт хэрэг өсөх үндсэн шалтгаан болсон нь үнэн. Либералчлал нь их гүрнүүдийн санаачилга бөгөөд тэд өөрсдийн бизнесээ томруулахын тулд жижиг орнуудын зах зээлийг булаахыг санаархдаг. Харин жижгүүд нь протекционист бодлогоор зах зээлээ хамгаалах шаардлага тулгардаг. Нэгэнт дэлхий хэдий либералчлал руу явж байгаа ч бид мөн чанар, сул талыг нь мэдэхгүйгээр бусдын хатгалга шахалтаар ямар ч бэлтгэлгүйгээр шууд орох бус харин маш болгоомжтой, ул суурьтай хандах шаардлагатай цаг үе ирлээ. Эхлээд бид дотоод либералчлалыг ухаантай хийж, үйл ажиллагаагаа сайжруулах, зардал бууруулах зэрэг ажлыг системтэй хийж, ирээдүйд хийгдэх олон улсын либералчлалд гарааны ижил нөхцөлтэй, үр дүнтэй оролцох нөхцөл бүрдүүлтлээ өөрийн дотоод зах зээлээ хамгаалах ёстой. Хөрш зэргэлдээ улсуудын бэлтгэл ажлаас сонирхъё л доо.

Саяхан ОХУ-ын “Аэрофлот” 400 гаруй жижиг компани болон задран унасан ч одоо эргээд нэгтгэх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, 130 гаруй нисэх онгоц дээрээ дахин 100-гаар нэмэгдүүлэх гэж буй хүчирхэг компани боллоо. БНХАУ ч ялгаагүй олон зуун жижиг компаниа том зургаан компани болгожээ. Тэдний нэг Аir China гэхэд л 500-гаад нисэх онгоцтой хүчирхэг компани болсон. БНСУ мөн адил Korean Air компанийг 60 нисэх онгоцтой компани болтол нь 20 жил дотоодын өрсөлдөгчгүй байх бодлогоор хөгжүүлж, хоёр дахь компани Asaina-г 1990 онд анх байгуулж билээ. Үүний үр дүнд Korean Air одоо 200-гаад нисэх онгоцтой том компани болж чадсан. Харин Монгол Улсын 60 жилийн түүхтэй “МИАТ” компани дэлхийн хэмжээний зургаахан нисэх онгоцтой гээд харьцуулбал асар хүчирхэг компаниудтай хүч тэнцвэргүй өрсөлдөж байгааг ойлгоно биз. 2000-аад оны эхээр Монгол Улсад ирж байгаа зорчигчдын 75 хувийг МИАТ, 25 хувийг нь КAL, Air China болон “Aэрофлот” гээд гадаадынхан зөөдөг байсан бол Засгийн газрын байгуулсан ашиггүй баахан гэрээний улмаас өнөөдөр “МИАТ” бараг алдах талдаа орчихсон явна.

АГААРЫН ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖӨӨГҮЙ БУРУУГ ТӨР ҮҮРЭХ ЁСТОЙ

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орохоор гаднын нислэгүүдийн хязгаарлалт улам нээлттэй болох гэж байна. Учир нь Korean Air компанийн хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн аюултай дөрвөн нисэх буудлын нэгийг “Чингис хаан” буудал гэж тодорхойлсон байдаг юм. Зөвхөн нэг талаасаа бууж хөөрдөг ба юу ч харагддаггүй утаатай, ихэвчлэн хойноосоо салхилдаг нь нислэгт аюултай тул тусгай бэлтгэгдсэн нисгэх бүрэлдэхүүн Улаанбаатар руу нисдэг нь тодорхой хэмжээний хамгаалалт болдог байлаа. Харин одоо Хөшигтийн хөндийн буудлын задгай зурвас ашиглалтад орохоор том том нисэх онгоцтой хэн ч нисэж, буух бололцоотой болно. Иймээс либералчлах бус агаарын харилцааны гэрээтэй 37 улстайгаа эрх тэгш хамтран ажиллаж, өөрийн зах зээлээ хөгжүүлэн ялангуяа, газар зүйн байрлалаа ашиглан хөрш хоёр улсынхаа агаарын тээврийн асар том зах зээлд идэвхтэй давшин орох хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр, бид Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага гэж даган шүтдэг боловч тэдний далд санаа нь нөгөө л хамгийн их санхүүжилт хийдэг улс орны том компаниудын эрх ашгийг урьтал болгон тэдний бизнесийг томруулж, жижгүүдийг нь хаахыг санаархдаг гэх яриа бий. Тиймээс олон улсын байгууллагуудын зөвлөмж зөвлөгөөг туйлын үнэн мэт хүлээж авах нь буруу.

Тэдний ихэнхийг нь эдийн засгийн алуурчид гэж дүгнэдэг. Агаарын тээврийн хөрөнгө мөнгөтэй том компаниуд ашиг олох нь нэн тэргүүний зорилт биш. Харин харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэх сайхан амлалтаар эхлэхдээ зах зээлийг тэлэх, өргөжүүлэхийн тулд хямд үнэ, сайн үйлчилгээгээр хэрэглэгчдийн сэтгэлийг татах нь тэдний далд арга. Тэд тухайн зах зээлд ноёрхлоо тогтоосны дараа нэгэнт эзэлсэн зах зээл дээр өөрсдийн хүссэнээр үнэ тогтоож, ашиг олох нь тэдний эцсийн зорилт юм. Тэд Монгол Улсын төсөвт татвар төлөхгүй, монгол иргэдийг ажлын байраар хангахгүй. Азаар ажилтай боллоо гэхэд ижил ажил хийж буй гадаадын ажилчдаас олон дахин доогуур цалин авдаг зэргийг бид өөрсдийн уул уурхайгаас аль хэдийнэ харж ойлгож болно. Эцэст нь хэлэхэд, энэ зах зээлийн хөгжлийн үндсэн тулгуур нь тухайн улсын эдийн засгийн хөгжил болон хүн амын тоо байдаг. Иймээс Монголын агаарын тээвэр томрохгүй, аялал жуулчлал хөгжихгүй байгаа бурууг эдийн засгаа өсгөж чаддаггүй, хүн амынхаа 50 гаруй хувийг нийслэлдээ бөөгнөрүүлж тээврийн хөдөлгөөнийг хорьсон төрийн алдаатай бодлогоосоо хайх шаардлагатай.



Г.Баярсайхан

A

Жижиг

A

Дунд

A

Том

Органик бүтээгдэхүүнийг ялгах тэмдэглэгээ нэвтрүүлнэ

 0 сэтгэгдэл


"Органик хүнс, хөдөө аж ахуй" үндэсний III чуулганыг ХХААХҮЯ-аас олон улсын байгууллагуудтай хамтарч амжилттай зохион байгуулжээ. 2016 онд анхдугаар чуулганаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн органик хүнсийг Монгол Улсад бүрдүүлэх, энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатайг хөндөж байлаа. Тэгвэл Адра Монгол олон улсын байгууллага, салбарын яамын хамтын ажиллагааны дүнд өнгөрсөн есдүгээр сараас нэг сая еврогийн санхүүжилттэй “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийг Сэлэнгэ аймагт эхлүүлээд байгаа юм.

Түүнчлэн Хүнсний тухай хуульд заасан органик хүнсийг бүртгэх цахим хуудсыг нээж, холбогдох байгууллагуудыг хөгжүүлэхэд анхаарахыг уриалсан. Ингэж бүртгэснээр “Органик” болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдлийг бүтээгдэхүүнийхээ шошгод байршуулах боломжтой болох ажээ.

ХХААХҮЯ-аас нийт 12 тэмдгийг “Органик болохыг илэрхийлсэн” гэрчлэх тэмдгээр бүртгүүлэхээр ОӨУБЕГ-т хүргүүлж олон улсын оюуны өмчийн санд шүүлт хийлгэж байна. Мөн НХААГ, Нийслэлийн МХГ-тай хамтран зургаан томоохон сүлжээ дэлгүүрүүдэд "органик" гэсэн хуурамч хаяг шошготой бүтээгдэхүүний талаар тандалт судалгаа явууллаа. 

Чуулганаас боловсон хүчний нөөц дутмаг, баталгаажуулалт, итгэмжлэлийн зохицуулалтууд тодорхойгүй байгаа зэрэг асуудлыг дэвшүүлж, салбарын яам холбогдох байгууллагуудтай хамтран, нэгдсэн журам зохицуулалт хийх шаардлагатайг онцолжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монгол Улсаас БНАЛАУ руу тусламжаар мянган толгой үржлийн хонь хүргүүллээ

 0 сэтгэгдэл

Өнөөдөр Чингис хаан нисэх онгоцны буудлаас Монгол Улсын Засгийн газраас Лаосын ард түмэнд буцалтгүй тусламж болгон өгч байгаа мянган толгой үржлийн хонийг ОХУ-ын ачааны онгоцоор тээвэрлэн хүргүүлжээ. 

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 8 сарын 15-ны өдөр 254 дүгээр тогтоол гаргаж Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар 1000 толгой үржлийн хонь олгох тухай шийдвэрлэсэн. Үүнийг дагуу ХХААХҮЯ болон бусад холбогдох яамд, төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар үржлийн хонь олгох ажлыг  Монгол улсад суугаа Лаосын элчин сайдтай хамтран богино хугацаанд амжилттай зохион байгуулжээ.

Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 60 ортой "Монгол-Лаосын Найрамдал" эмнэлэг, 200 хонь, ямааны үржлийн аж ахуйг 1984 онд буцалтгүй тусламжаар байгуулж өгсөн түүхтэй. Сайн харилцааны үргэлжлэл болсон энэхүү тусламж нь Лаос Улсын мал аж ахуй, ялангуяа хонь, ямааны аж ахуйг хөгжүүлэхэд чухал түлхэц болох юм. 

Цаашид Монгол Улсаас Лаос Улсад хонь, ямааны гүн хөлдөөсөн мах, хивс, малын эм, вакцин, Лаос Улсаас Монгол Улсад цагаан будаа, элсэн чихэр, цай, кофе, модон эдлэл зэрэг бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх зэргээр хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэхэд холбогдох албаныхан анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрхүү муж Монголыг Ази руу гарах хаалга гэж үздэг

 0 сэтгэгдэл


ОХУ-ын ХАА, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний “Азийн хаалга” нэртэй үзэсгэлэн манай улсад жил бүр болдог уламжлалтай. Энэ удаад Эрхүү мужийн ХАА-н сайд Илья Сумароков болон дөрвөн бүсийн захирагч, томоохон үйлдвэрлэгчид болон шинжлэх ухаан, мал эмнэлэг, урлаг соёлын төлөөлөл оролцсон. Тус муж манай улстэй хийсэн худалдаа 30 сая ам.долларт хүрээд байгаа бөгөөд экспортынх нь 68 хувь Монголд оногдож байдаг ажээ.

Цаашид Алтанбулагийн эдийн засгийн чөлөөт бүсэд мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах зорилго тавьж, судалгааны ажлаа эхлүүлээд байна. Түүнчлэн үр тариа, буудайн ургацаар Сибирьт тэргүүлдэг тус мужийнхан Монгол руу нийлүүлэх сонирхлоо илэрхийлнэ лээ.

Харин Ангарскийн мах боловсруулах үйлдвэр нь манай улсаас авдаг адуу болон хонины махаа 200 тонн болгон нэмэгдүүлсэн талаар, мөн Осинскийн районыхон арьс шир боловсруулах үйлдвэрлэлдээ түүхий эд авах сонирхолтойг үзэсгэлэнгийн уламжилсан. Тэд манай орныг Ази руу орох хаалга гэж үздэг тухайгаа ярьжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Монгол экспорт” хөтөлбөр байгаа оноосой

Экспортыг дэмжих хөтөлбөрт аялал жуулчлалыг багтаасангүй

 0 сэтгэгдэл



Дэлхийн зах зээл, улс төрийн нөлөөгөөр савладаг уул уурхайн салбарын экспортод эзлэх жинг бууруулах зорилтыг 2012 оноос хойших Засгийн газрууд тавьж ирсэн. 2013 онд баталсан “Экспортыг дэмжих хөтөлбөр”-т уул уурхайн бус экспортыг 30 хувьд хүргэх зорилт тавьсан ч түүндээ хүрч чадаагүй. Өнгөрсөн оны байдлаар нийт экспортын 79.5 хувийг эрдсийн, 20.5 хувийг уул уурхайн бус салбар эзэлжээ. Тэгвэл Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд ГХЯ-наас экспортыг онилсон шинэ хөтөлбөр боловсруулж, үүндээ олон нийтээс санал авч эхэллээ. Өмнөх хэд хэдэн хөтөлбөртэй ижил уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэх зорилготой “Монгол экспорт” хөтөлбөр нь 2018-2022 онд хэрэгжих бөгөөд хоёр үе шаттай. Эхний үе шат нь энэ онд эхэлж, 2019 онд дуусна. Энэ хугацаанд хууль эрх зүй, татварын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнээс гадна үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх.


Харин 2021-2022 онд уул уурхайн бус салбарын эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмж, экспортын худалдааг хөнгөвчлөх, зах зээлийг тэлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар хөтөлбөрт тусгажээ. Үүний үр дүнд, ноос, ноолуур, арьс шир, хөдөө аж ахуйн бусад түүхий эдийн нийлүүлэлтийн найдвартай сүлжээ бий болгож, боловсруулалтын түвшинг 60 хувьд хүргэнэ. Хөдөө аж ахуй, хүнсний салбарын экспортын орлогыг 2021 он гэхэд 50 хувиар нэмэгдүүлэх аж. Нийт экспортод хөдөө аж ахуйн гаралтай боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жин ес байгааг 2021 он гэхэд 15-д хүргэхээр зорьжээ. Харин экспортын сагс дахь уул уурхайн бус бүтээгдэхүүний тоо 150 байгааг 225 болгож ахиулахаар тусгасан байна. Үүнээс үзвэл “Монгол экспорт” өмнөх хөтөлбөрүүдийн бодлогыг залгамжилсан гэж дүгнэж болохоор. Ноос, ноолуурын салбарт ихээхэн ач холбогдол өгч, мах, сүү, чацаргана зэрэг барааны үйлдвэрлэлийг нэмснээр экспортын орлогоо нэмэх боломжтой гэж тооцсон байна.

Хөдөө аж ахуй, хүнсний салбарын экспортын орлогыг 50 хувиар нэмэгдүүлнэ

Тэгвэл дөрвөн жил үргэлжлэх уг хөтөлбөр экспортоо тэлж чадахгүй байгаа үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болж чадах болов уу. Уул уурхайн бус бүтээгдэхүүний 2017 оны экспортын зах зээлийг авч үзье. Монголчууд Япон, БНСУ, АНУ, Канад болон Европын холбооны гишүүн орнуудад 300 сая ам.долларын ноолуур болон ноосон сүлжмэл эдлэл экспортолжээ. Ер нь уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын 20 орчим хувийг ноосон, ноолууран, арьс ширэн болон нэхий бэлэн бүтээгдэхүүн бүрдүүлж, түүхий болон хагас боловсруулсан байдлаар экспортод гаргасаар байгаа. Мөн БНХАУ болон ОХУ руу “Монгол экспорт” хөтөлбөр байгаа оноосой 70 орчим сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн, 24 сая ам.долларын арьс шир, нэхий эдлэл борлуулсан. Энэ нь манай мах, махан бүтээгдэхүүний экспортын нөөцийн 15 хувийг эзэлж буй. Тиймээс дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих нь эхний ээлжийн оновчтой алхам гэдгийг судлаачид хэлдэг. Уг хөтөлбөрт аймгуудад хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулах, тухайн бүсийн махны үйлдвэр, лабораторийг гадаадын шууд хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлд хамруулан дэмжихээр тусгасан байна. Үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд экспортод уялдсан худалдаа, үйлдвэрлэлийн сүлжээ бий болгохоор төлөвлөсөн.


• Экспортыг дэмжих хөтөлбөрийг нэг газар зангидаж, хариуцдаггүйгээс хүч тарамддаг тал бий.
• Европын холбоо, АНУ, Канад, ОХУ-ын зах зээлд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний судалгаа хийнэ.
• “Экспортыг дэмжих хөтөлбөр”-т уул уурхайн бус экспортыг 30 хувьд хүргэх зорилт тавьсан ч түүндээ хүрч чадаагүй.

Мөн аль ч төрлийн бүтээгдэхүүн БНХАУ-ын зах зээлээс хараат байдаг тул Европын холбоо, АНУ, Канад, ОХУ-ын зах зээлд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний судалгаа хийх зэрэг шинэ санаанууд багтжээ. Гэхдээ ажлын байр нэмж, экспортыг төрөлжүүлэх том зорилт тавьсан бол онилж буй салбараа зөвхөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр хязгаарлах нь тийм ч оновчтой бус. Тухайлбал, аялал жуулчлалын салбарыг татвар болон бусад хөшүүргээр дэмжих талаар “Монгол экспорт” хөтөлбөрт огт дурдсангүй. Мөн зах зээл нь өргөн, хэрэглэгч олонтой технологийн салбар, инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг бодитоор дэмжих асуудлыг орхигдуулжээ. Уг нь Засгийн газрын явуулж буй бодлого, төлөвлөгөөнд дээрх хоёр салбарыг дэмжих талаар байнга дурдагддаг ч “Монгол экспорт” хөтөлбөрийн гадна үлдэв. Хэрэв бодит тооцоо, судалгаатайгаар дэмжвэл аялал жуулчлал уул уурхайн экспорттой тэнцэхүйц ашиг орлого авчирч болохыг эдийн засагчид онцолдог. Манай улс экспортыг дэмжих хөтөлбөрийг нэг газар зангидаж, хариуцдаггүйгээс хүч тарамддаг тал бий. Ийм жишиг ч “Монгол экспорт” хөтөлбөрт харагдаж байна.

Тухайлбал, ноос, ноолуурын салбарыг түлхүү дэмжихээр тусгасан. Харин ХХААХҮЯ-наас “Ноос, ноолуур” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ. Өмнө нь Засгийн газар болон яамдаас ноос, ноолуурын салбарт долоон төсөл хэрэгжүүлсэн ч төдийлэн үр дүнд хүрээгүй. Үүний гол шалтгаан нь байгууллага хоорондын уялдаа холбоо, яам болон албан тушаалтнууд нь хөтөлбөрөө өмчилдөгтэй холбоотой гэдгийг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Ч.Нарантуяа судалгаандаа дурдсан байдаг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу санаачилсан “Монгол экспорт” хөтөлбөрийг улсын төсөв, Хөгжлийн банк, хөнгөлөлттэй зээл, тусламж болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ. Үндэсний хэмжээний цөөнгүй салбарыг хамарсан энэ хөтөлбөрт багагүй хөрөнгө, мөнгө орох нь гарцаагүй. Тиймээс байгаа зөв онож, өмнөх олон хөтөлбөр шиг үр дүнгүй, нэр төдий хөтөлбөр бүү болоосой.