A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4366/

Италид Covid-19-ийн халдвараар 12 хүн нас барлаа

Италид Covid-19-ийн халдвараар 12 хүн нас барлаа
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4366/

Covid-19-ийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 81 мянга давж энэ вирусээр нас барагсдын тоо 2,700 гараад байгаа юм. Хамгийн анх энэ өвчин гарсан газар буюу БНХАУ тэр дундаа халдварын голомт Ухань хотод вирусийн тархалт нэмэгдэх нь илт багасаж, уг вирусийн халдварыг тогтоон барьж хяналтдаа авсанд албан бусаар тооцогдоод байгаа бол БНСУ, Иран, Италид халдвар авагсдын тоо эрс нэмэгдэж аюулын харанга дэлдлээ. 

Итали улсад маш хурдацтай буюу нэг шөнийн дотор 147-оор нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ 470 болоод байгаа бол одоогийн байдлаар БНСУ-тай адил 12 хүн нас бараад байна. Тус улсын хойд хэсэгт байрлах тархалтын голомт болоод буй 11 тосгоныг хөл хорионд оруулж, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон бөгөөд сургууль цэцэрлэг, кино театруудыг хаажээ. Сүүлийн хоёр хоногт Бразил, Австри, Хорват, Грек, Норвеги, Швейцарь, Гүрж, Умард Македон улсад Covid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Эдгээр халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Италид очоод эх орондоо эргэж ирсэн хүмүүс байжээ. Тухайлбал, Латин Америкт илрээд байгаа анхны өвчтөн Италид бизнес уулзалтад оролцсон байжээ. 

Үүнтэй холбоотойгоор Италийн бүлэглэл өчигдөр Хятад эзэнтэй үсчний газар луу халдсан байна. Тэд эх оронд нь Covid-19-ийн халдвар тархсанд тэднийг буруутай гэж үзжээ. 

Эх сурвалж: www.worldometers.info

www.reddit.com

A

Жижиг

A

Дунд

A

Том

Судсан дотор явах чадвартай микроробот бүтээлээ

 0 сэтгэгдэл

Хүний зүрх судасны тогтолцоон дотуур “зорчих” чадвартай микророботыг ХБНГУ-ын Штутгарт дахь Оюунлаг систем хөгжүүлэх Макс Планкийн хүрээлэнгийн (MPI-IS/Max Planck Institute for Intelligent Systems) эрдэмтэд Турк, АНУ-ын судлаачидтай хамтран бүтээлээ. Эрдэмтэд хүний судас дуурайлгасан лабораторийн орчинд соронзон жолоодлогот микророботыг амжилттай удирдан залж, хорт хавдрын эсэд эм тээвэрлэж хүргэх туршилтыг амжилттай хийсэн нь инвазив бус эмчилгээний салбарт нэг шатны дэвшил болов. Дотроо хавдар эмчлэх эм бүхий бөмбөлөг хэлбэртэй микроробот нь хорт хавдрын уургийн эсрэг биеэр бүрсэн бүрхүүлээрээ хавдрын эсэд “наалдах” чадвартай. Дараа нь хэт ягаан туяаны үйлчлэлээр микроробот доторх эмээ хавдрын эс дотор шахах аж. Ердөө найман микро-метрээс (0.008 мм) үл хэтрэх хэмжээтэй бөөрөнхий микророботыг шилний бичил хэсгээр бүтээжээ. Бөмбөлгийн нэг тал нь никель, алт ны нимгэн бүрхүүлтэй, нөгөө тал нь хавдрын эмийн молекул, хавдрын эс таних чадвартай тусгай био молекулаас бүрдэнэ. Хүний судсан дахь цус ны урсгал дотор уг “робот”-ыг соронзон орны үйлчлэл ашиглан жолоодох юм. Туршилтаар секундэд 600 микрометр урагшилж буй микророботыг анагаах ухааны хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд хэд хэдэн бэрхшээл шийдвэрлэх ёстойг уг судалгааны удирдагч, MPI-IS-ийн захирал Млетин Ситти тайлбарлав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Язгууртан мэт эрхэмсэг суух соёл

 0 сэтгэгдэл
  • Хатан хааны гэр бүлийн язгууртан бүсгүйчүүд хэрхэн тухтай бөгөөд эрхэмсэг суудаг вэ

Эмэгтэй хүний биеэ авч явах соёлын салшгүй хэсэг бол зөв суух соёл юм. Ямар төрлийн үйл ажиллагаанд оролцож байгаагаас эхлээд нас, хувцаслалт, орчин нөхцөл зэрэг олон зүйлээс шалтгаалан зөв суух нь бүсгүй таныг тодорхойлдог. Зөв суух соёл нуруугаа цэхлэн, хөлөө зэрэгцүүлж суух төдийгөөр хязгаарлагдахгүй бөгөөд өнөө цагт эмэгтэй хүн бүр биеэ эрхэмсэг авч явж, хатагтай мэт суух шаардлагатай болжээ. Хатан хааны гэр бүлийн гишүүдэд хичээл зааж байсан, этик эксперт, “Ёс суртахууны хатан хаан” гэгддэг Мика Майер язгууртнуудын зөв суух соёлыг шинжилж, сонирхолтой зөвлөгөө хүргэжээ.

Duchess Slant

Ихэнх хүмүүс Duchess Slant-ыг маш сайн мэддэг бөгөөд Уэльсийн гүнж Диана ийм байдлаар сууж, өвдгөө нийлүүлэн хөлөө диагоналиар хазайлгадаг. Энэ суулт бол зураг авалтад хамгийн тохиромжтой хувилбар. Учир нь хувцас, юбка өмссөн үед өвдгөө хазайлгахад таны биеийн далд хэсгүүдийг ил гарахаас сэргийлэх бөгөөд та даруу, төлөв эрхэмсэг байдлаа хамгаалж чадна. Түүнчлэн ингэж сууснаар таны хөл илүү урт харагддаг. Duchess Slant-аар суухдаа нуруугаа цэхэлж, эрүүгээ үл ялиг дээш өргөн хөлөө өвдөг, шагайгаар нь хажуу тийш нугална.

(Уэльсийн гүнж Диана)

The Cambridge Carry

Ахайтнууд бусадтай ярилцах, түр зогсох үедээ The Cambridge Carry-г ашигладаг. Жижиг гар цүнхээ урдаа барьж, хоёр хөлөө нэг шугамд зэрэгцүүлэн зогсох нь таныг эрхэмсэг харагдуулна.

(Хатан хааны отгон хүү, хунтайж Эдвардын эхнэр Эссексийн гүнгийн авхай Софи)

The Queen's pose

Хатан хаан бэрүүдээсээ ялгаатай нь сууж байхдаа хөлөө солбидоггүй. Тэрбээр заримдаа бүх л өдрийн турш суух шаардлагатай болдог ч дэгжин бөгөөд эрхэмсэг харагдаж чаддаг бөгөөд түүний сууж буй энэ хэв загвар хүн бүрт тохиромжтой. Энэ байрлалаар суух үед өсгий тань газарт хүрч, хоёр өвдгөө нийлүүлэх ёстой. Энэ бол өсгийт өмссөн үедээ гоёмсог сууж болох хамгийн энгийн арга.

(Их Британийн хатан хаан II Элизабет)

Sussex Slant

Меган Маркл болон Диана гүнж нар ийм байдлаар суухыг илүүд үздэг бөгөөд хатан хаан ч залуудаа ингэж суух дуртай байжээ. Энэ байрлалаар суухдаа нэг өвдгөө нөгөө өвдөгнөөсөө үл ялиг илүү гаргах бөгөөд шагай өвдөг хоёроо салгаж болохгүй. Энэ байрлал урт юбка, даашинз өмссөн үед илүү зохимжтой. 

(Өнөөгийн хатан хаан болон түүний эгч гүнж Маргарет нар 1946 онд VI Жорж хааны хамт)

The sussex stanse

Меган ингэж зогсох дуртай бөгөөд Холливудад байх үедээ ч энэ позоор зогсдог байв. Эрүү тань шалтай харалдаа байх бөгөөд хөлөө солбин зогсож, мөрөө бага зэрэг эргүүлээрэй. Гараа хажуу талдаа сул унжуулах бөгөөд атгаж, чангалах үйлдэл хийж болохгүй.

(Хунтайж Гарригийн эхнэр Сассексийн гүнгийн хатан Меган Маркл)

The Cambridge Cross

Энэ суултаар суухын тулд гараа өвдөг дээрээ тавиад, хоёр алгаа хавсран нэг өвдгөө нөгөө өвдөгнийхөө ард тавин бага зэрэг нугална. Таны нуруу цэх байх ёстой бөгөөд сандлын түшлэгт хүрч болохгүй. Удаан хугацааны турш суухад энэ нь хамгийн тохь тухтай байх боломжтой суудал.


(Ханхүү Уильямын эхнэр Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон)

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цар тахлын үед топ 25 тэрбумтан хөрөнгөө үлэмж арвижуулав

 0 сэтгэгдэл

Forbes сэтгүүлд мэдээлснээр дэлхийн топ 25 тэрбумтан гуравдугаар сарын 23-наас тавдугаар сарын 23-ны хооронд буюу цар тахлын ид тархалтын хугацаанд хөрөнгөө 225 тэрбум ам.доллараар арвижуулжээ. Тухайлбал, Facebook-ийн захирал Марк Закербергийн хөрөнгө 31.4 тэрбумаар нэмэгдэж, 86.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Нүүр номын хувьцааны үнэ тавдугаар сард түүхэн дээд хэмжээ буюу 60 хувиар өссөн тул Закерберг дэлхийн тэргүүн баячууудын жагсаалтад байраа ахиулж, долоогоос дээшлэн дөрөвт бичигдэх боллоо. Amazon-ы Жефф Безос арай бага буюу 29.9 тэрбумыг олсон агаад одоо хөрөнгө нь 146.9 тэрбум ам.доллараар хэмжигдэж, дэлхийн тэргүүн баян алдраа хадгалжээ.  Цар тахлын үед онлайн худалдааны сайтуудын үйлчилгээ өргөжсөн тул түүний компанийн хувьцаа гуравдугаар сараас хойш 29 хувиар өссөн юм. Хөрөнгөө ихээр арвижуулсан баячуудын жагсаалтын гуравт Reliance Industries Limited-ын эзэн Мукеш Амбани бичигдэж, 20 тэрбум ам.доллар олжээ. Түүний хөрөнгө одоо 52.7 тэрбумаар хэмжигдэх агаад Азидаа тэргүүлж буй. Forbes-ийн тооцоогоор дэлхийн тэргүүн баян 25 хүний хөрөнгө одоо 1.5 их наяд ам.долларт хүрч, нийт тэрбумтнуудын хөрөнгийн нийлбэрийн 16 хувийг эзэлж байгаа аж. Дэлхийн тэргүүн баян Жефф Безос Amazon-ы хувьцааны өсөлтөөс ганц өдөрт 6.4 тэрбумыг олсон нь нэг төрлийн дээд амжилт тогтоов.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эмэгтэй дайчин баатрууд түүхэнд үнэхээр байсан уу

 0 сэтгэгдэл

Искифийн морьтнууд

Оросын баруун өмнөд нутагт Девица өндөрлөг хэмээх МЭӨ IV зууны булшинд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийсэн малтлагаар гурван үеийн дөрвөн эмэгтэйн шарил илрүүлжээ. 12-13 настай охин, 20 орчим насны хоёр бүсгүй, 45-50 насны эмэгтэй байсан бололтой. Тэд бүгдээр Төв ЕвроАзийн тал нутгаас гаралтай скифүүдийн нүүдэлчин омгийн соёл хамрагдана. Бунхан дотроос үнэт эдлэл, хүрэл толь, сумны төмөр зэв, жад, морь хөллөх хэрэгслийн үлдвэр олдсон байна. Ахимаг эмэгтэйн чичлүүр хутга, цэцгэн хээтэй толгойн чимэгтэй байсан нь скифийн нийгэмд онцгой байр суурьтайг илтгэнэ. Нэг бүсгүйг хачирхалтай байрлалаар оршуулсныг таамаглавал хөлөө нугалан хоёр тийш жийсэн мэт харагдах нь морь унан мөнхийн орон руу одсон гэлтэй. Археологич Валерий Гиляев скифийн эмэгтэйчүүд гарамгай унаач, сайн харваач байсан нь дамжиггүй хэмээв. Энэхүү олдвор Украйнаас олдсон эмэгтэйчүүдийн шарилд сумны зэв байсан баримтыг давхар нотолж байгаа юм. Шарилын ташааны ясанд хийсэн шинжилгээнээс үзэхэд скиф эмэгтэйчүүд байнга морь унадаг тул хөл нь майга болсон байх магадлалтай. Тэд ан гөрөө болон дайнд эр нөхрүүдээ даган явдаг байсан хэмээн дүгнэж болно. Скифийн эмэгтэй морьтон дайчидтай Хар тэнгисийн орчимд тулгарсныхаа дараа эртний грекүүд тэдний дүрсийг амазонка хэмээх домгийн дүрд мөнхөлж, аймшиг хийгээд гайхаж биширснээ илэрхийлсэн бололтой. Скифийн эмэгтэйчүүд гэр орны ажлаас өөрийг хийж үзээгүй грек эмэгтэйчүүдээс маш ялгаатай байсан нь лавтай. 

Арменийн мэргэжлийн дайчин эмэгтэй

Гайхалтай нь, скифийн эмэгтэйчүүд түүхэнд хамгийн эртний дайчид биш байжээ. Арменийн Бовер бунхнаас 20 настай дайчин бүсгүйн шарил олдсон байна. Археологич Анаит Худовердяны ярьснаар цогцос МЭӨ IX-VI зууны үеийн Урартугийн хаанчлалын эрин үед хамаарна. Шарилд шинжилгээ хийж үзээд амьдралын хүнд хэв маяг хийгээд хүчинд автаж нас барсныг тогтоожээ. Сүүжний ясанд нь сум зэв зоогдсон байсан бол тааз, чөмөгний ясанд металл сэлэм буюу сүхээр зүсэгдсэн ул мөр үлдсэн байв. Архелогичид үүнд тулгуурлан тэр бүсгүй жинхэнэ мэргэжлийн дайнч байсан агаад цаг бусаар үхэхээ хүртэл хаант улсынхаа дайснуудтай тулалдаж байсан хэмээн дүгнэжээ. 

Биркийн викинг дайчин эмэгтэй

Шведийн Бирке хот орчимд 1878 онд малтлага хийсэн эрдэмтэд булшнаас анхны “хэв шинжит” викинг дайчны шарил оллоо гэдэгтээ итгэлтэй байв. Араг ястай хамт сэлэм, сүх, жад, сум, хоёр бамбайн үлдвэр, дөрөө, дэгээ олдсоноос гадна дайчныг нас барсны дараа дагалдах хоёр мориор өргөл өргөсөн байсан нь ийнхүү бодоход хүргэсэн хэрэг. Гэтэл 2017 онд Анна Келлстрем тэргүүтэй баг уг шарилд ДНХ шинжилгээ хийгээд араг яс 30 насандаа нас барсан эмэгтэйнх гэсэн дүгнэлт хийжээ. Энэхүү нээлт одоог хүртэл мэргэжилтнүүдийн дунд халуун маргааны сэдэв болдог. Булшнаас олдсон дайны хэрэглэл эмэгтэйнх биш нөхрийнх нь байсан байх хэмээн маргаж болно. Нөгөө талаар Биркийн эмэгтэйн биологийн харьяаллыг тогтоосон гэж үзлээ ч викингүүд эмэгтэйчүүдэд хэрхэн ханддаг байсан талаар баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, олон асуултад хариулт алга. Үүнээс гадна археологийн олдвор орчин үеийн асуудалтай холбогдоод буй. Тухайлбал, Биркийн араг яс XIX зууны төгс дайчин викинг эрчүүдийн эсрэг маргаан үүсгэж, хүйсийн тэгш байдлын тэмцэлд цучил нэмсэн юм.

Нубийн дайчин хатан хаад

Эртний ертөнцөд хамгийн нөлөөтэй эмэгтэйн тоонд 2000 жилийн өмнө өнөөгийн Суданы хойд хэсэгт оршиж байсан Нубийн хаант улсын хатан хаадыг нэрлэдэг. Тэдний онцлог нь охиддоо хаан ширээгээ залгамжилдаг агаад армиа биеэр удирдаж, аян дайныг тэргүүлдэг явдал байв. Эртний түүхч Страбон МЭӨ I зуунд төр барьж байсан кан дикия буюу хатан хааныг нэг нүдээ байлдаанд алдсан аюултай догшин дайчин байсан хэмээн тодорхойлжээ. Суданы хойд нутагт хийсэн малтлага түүний үгийг нотолж байгаа юм. Тухайлбал, Нака хотын сүмийн ханан дээрх чулуун сийлбэрт Аминатор хатан хааныг аварга биетэй, өргөн мөр, хүчирхэг хөлтэй агаад дайсныхаа үснээс нь атган толгойг нь авч байгаагаар дүрсэлжээ. Сүүлийн үед дайчин эмэгтэйчүүдийг кино урлагт олноор дүрслэх болсон нь манай үеийн хүмүүсийн сонирхлыг эрт эдүгээгийн дайчин баатар эмэгтэйчүүдийн тухай түүхэн баримт хийгээд домог үлгэр татсаар буйн илрэл юм.