A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3305/

Квантын компьютер нэгэн зэрэг дөрвөн утга илэрхийлэх чадвартай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3305/

Квантын механикийн санаанд оромгүй шинж чанарыг шинэ төрлийн компьютер бүтээхэд ашиглах санааг анх  нобелийн шагналт физикч Ричард Фейнман дэвшүүлсэн юм. Тэр цагаас хойш 40 жил, Google компани бүтээсэн компьютерээ “квантын давамгайлал” гэгддэг тэрхүү хязгаарт хүрч чадсаныг мэдэгдсэнээс хойш 10 жил өнгөрөөд байгаа ч энэхүү аргын давуу талыг бичих нь хэрхэн ажилладаг зарчмыг тайлбарлахаас илүү амар хэвээрээ. Квантын тооцооллын үндэс болдог квантын механикийг ойлгох гэвэл хайрцаг доторх муур үхсэн үү, амьд уу гэх мэт оюун санааны өчнөөн олон оргилыг давах хэрэг гарна. 

Квантын компьютерыг шохоорхох учир

Квантын тооцоолол нь хиймэл оюун (Artificial Intelligence), нэмэлт бодит байдлын (Augmented Reality) хамтаар дэлхий ертөнцийн төрхийг өөрчлөх гол гурван технологийн нэг хэмээн Microsoft Corp-ын гүйцэтгэх захирал Сатья Наделла үздэг. Хэтийн алсдаа квантын компьютерүүд өнөөгийн хамгийн гавшгай супер компьютер сампин шиг санагдахаар хүчирхэг болж болзошгүй. Харин одоохондоо уншигч таны зөөврийн компьютер асуудлыг илүү гавшгай шийдвэрлэж чадна. Квантын тооцоолол нь химийн урвалын илүү үр дүнтэй катализ үүсгэх, шинэ төрлийн эм бүтээх, үйлдвэрлэлийн ложистик, ханган нийлүүлэх сүлжээг тодорхойлогч алгоритмыг сайжруулах зэрэг эхлээд хэрэг болох төлөвтэй. 

Квантын компьютерыг ямар компани бүтээж байна вэ? 

 Канадын D-Wave Systems Inc компани 2011 онд анхны квантын компьютерээ худалдаанд гаргасан нь математикийн тодорхой төрлийн тооцоо л гүйцэтгэх чадвартай байв. International Business Machines (IBM), Alphabet Inc-ийн Google, Intel, Калифорнийн Беркли дахь Rigettin Computing стартап ч квантын компьютер бүтээсэн. Intel компани хагас дамжуулагчийн технологид суурилсан квантын чипийг судлаачдад нийлүүлж байгаа. Microsoft компани арилжааны хэрэглээнд илүү хэрэг болохуйц квантын компьютер бүтээх тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг. БНХАУ Квантын Мэдээллийн ухааны үндэсний лабораторийг 10 тэрбум ам.доллараар байгуулж байна. 

Квантын компьютер яаж ажилладаг юм бэ? 

Квантын компьютер нь тооцоо хийхдээ уламжлалт ердийн компьютерын адилаар маш өчүүхэн хэлхээ ашигладаг юм.  Гэхдээ суперпозиц, ээдрээ гэсэн квантын хоёр ер бус үзэгдлийг ашигладгаараа ердийн компьютерээс ялгаатай. Ердийн компьютер нь “0”, “1” гэсэн хоёр боломжит утгын нэгийг л илтгэдэг бит хэмээх нэгжээр мэдээллийг боловсруулдаг. тэгвэл квантын компьютер нь кубит буюу квантын бит хэмээх өөр нэгж ашиглана. Кубит нь нэг дор “о”, “1” гэсэн хоёр утгыг зэрэг илэрхийлдэг. Ийм учраас нэг кубит нь дөрвөн утга, гурван кубит нь найман утга илэрхийлэх гэх мэтээр үргэлжилнэ. Үүнийг суперпозиц гэж нэрлэдэг юм. 

Ээдрээ (entaglement) гэж юу вэ? 

 Ердийн компьютер тооцоолол үүсгэж буй инженерүүд бит тус бүрийн статусыг бусад битүүдээсээ хамааралгүй байлгахад байдаг хүч хөдөлмөрөө зориулдаг. Харин квантын компьютерт кубит бүр нь ойролцоох бүх кубитдээ нөлөөлж хамтран ажилладаг байж шийдэл гаргана. Чухамдаа суперпозиц, ээдрээ хоёр л квантын компьютер илүү их мэдээллийг хавьгүй бага хугацаанд тооцоолох боломж олгодог юм. 

Кубитыг яаж үүсгэдэг вэ? 

Онолын хувьд квант-механикийн шинж чанар бүхий бүх зүйлсээр кубит үүсгэх явцыг удирдан жолоодож болно. IBM, D-Wave, Google нь хэт дамжуулах шинж чанар бүхий өчүүхэн хэлхээ ашиглаж байхад бусад нь хагас дамжуулагч, зарим нь энэ хоёрыг хослуулан ашиглаж байна. Зарим эрдэмтэн залагдмал ион, фотоны лугшаа, электроны тойрох хөдөлгөөн ашиглан кубит үүсгэж байгаа. Энэ бүх аргаар кубит тооцоолол хийхийн тулд гүн сансарт байдгаас 180 дахин хүйтэн орчин үүсгэх гэх мэт тусгай нөхцөл шаардана. 

Би хэзээ квантын компьютертэй болох вэ? 

Хоёр шалтгааны улмаас та мөддөө квантын компьютертэй болж чадахгүй. Эхнийх нь тооцооллын хүчин чадал одоогоор бага байгаа явдал. Гэхдээ Google компани өөрийнх нь квантын компьютер “квантын давамгайлал” гэгддэг, ердийн сонгодог компьютерын гүйцэтгэж үл дийлэх тэрхүү хязгаарыг давсан тооцоолол гүйцэтгэсэн тухай аравдугаар сард мэдэгдсэн. Квантын компьютерынх нь 200 секундэд гүйцэтгэсэн тооцооллыг өнөөгийн хамгийн шаламгай супер компьютер 10 мянга орчим жилд гүйцэтгэнэ хэмээн Google тайлбарлаж байна. Гэхдээ уг мэдэгдлийг няцаасан IBM-ын судлаачид хангалттай багтаамжтай хатуу диск бүхий ердийн компьютер дээрх тооцооллыг 2.5 хоногт гүйцэтгэнэ хэмээн маргасан юм. Юутай ч эхэн үеийн квантын компьютерүүд хими, физикийн тодорхой төрлийн математик тооцоонд л сайн эд байх болно. Хоёр дахь шалтгаан нь тооцооллын алдаа.  Эрдэмтэд одоогоор секундыг олон дахин хуваасны нэгтэй тэнцэх хэмжээнд л кубитийг квантын төлөвт байлгаж чадаж байгаа. Гэтэл уг хугацаа нь бүрэн алгоритм боловсруулахад дэндүү богино байгаа юм. Квантын төлөвөөс “унасан” кубитүүд тооцоололд алдаа үүсгэдэг.









A

Жижиг

A

Дунд

A

Том

Huawei Mate X хүйтэнд тэсвэр муутай

 0 сэтгэгдэл


Huawei компани уян дэлгэцтэй Mate Х утсаа энэ сарын 15­-нд албан ёсоор худалдаанд гарах гэж байна. Хэдхэн хоногийн өмнө Mate Х эзэмших хүмүүс шинэ утастайгаа нямбай харьцах ёстойг үйлдвэрлэгч компани зөвлөжээ. Зах зээлд 2,400 ам.доллараар зарагдах уг утасны уян дэлгэцийг цельсийн хасах таван градусаас доош хүйтэнд нээж, хааж болохгүй аж. Уг зааврыг зөр чих нь утасны уян дэлгэцийг бүр мөсөн ажиллагаагүй болгох аюултай гэнэ. Mate X­-ийн дэлгэц үйлдвэрээсээ тусгай хамгаалалтын хальс наалттай ирэх юм. Уг хальсыг хэрэглэгч өөрөө хуулж салгах, өөр хальсаар солихгүй байхыг Huawei мөн анхааруулж байна. Хамгаалалтын хальсыг солих шаардлагатай тохиолдолд зөвхөн Huawei засвар үйлчил­гээний төвд хандах ёстой. Мөн уян дэлгэцийн эвхэгддэг нугалаас хэсэгт хог шороо оруулж бохир­дуулалгүй цэвэр хадгалах ёстой юм. Уян OLED дэлгэц бүхий Mate X загвар 40, 16, 8 мегапикселийн камер, найман гигабайт шуурхай санах ой, 512 гигабайтын флэш хадгалах төхөөрөмжтэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

AR бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтрүүлэхээр технологийн "томчууд" өрсөлдөж байна

 0 сэтгэгдэл
  • Хиймэл нэмэлт байдлын (VR) нүдний шилийг худалдан авах нөхцөл бүрдүүлэхийн тулд зориулалтын аппликэйшн үүсгэж хөгжүүлэх ёстой

Хэд хэдэн “унтаа” бүтээг-дэхүүн зах зээлд гарснаас хойш 2020 он л жинхэнэ өргөн хэрэглээний гаджетын жил болох гэж байна. Тав дахь үеийн утасгүй сүлжээ хэрэглээнд аажим нэвтэрч буйтай уялдан технологийн аваргууд энэхүү шуурхай хурдыг ашигладаг цахим төхөөрөмж зах зээлд гаргахад бэлтгэсээр. Ирэх он Apple Inc-ийн хувьд хариуцлагатай жил. Тус компанийн iPhone ухаалаг утсанд 2017 оноос хойш анх удаа 5G дэмжлэг, илүү хүчтэй процессор, ар талын 3D камер зэрэг үндсэн өөрчлөлт орох ёстой. Ялангуяа орон зай “мэдэрч ойлгодог” 3D камер нь augmented reality буюу нэмэлт бодит байдлын программ хангамж ашиглан бодит ертөнцөд виртуал дүрс давхцуулах боломж олгоно. Энэхүү технологийн ачаар жишээ нь хэрэглэгч гэрийнхээ ханан дээр виртуал дүрс байршуулж болно. AR программ хангамж нь Apple-д үнэнч хэрэглэгчдийн хүсэн хүлээж буй, линзэн дээрээ голограмм дүрс үүсгэдэг AR нүдний шилэнд чухал үүрэгтэй. Apple 2020 онд анхны AR толгойн хэрэгслээ зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Энэхүү гаджет нь зүүсэн хэрэглэгчийнхээ iPhone утастай холбогдож бичвэр-текст, цахим захидал, газрын зураг, видео тоглоом зэргийг хэрэглэгчийн нүдний өмнө харуулж байх юм. Apple компани AR толгойн хэрэгслээ Apple TV стриминг төхөөрөмж, Apple Watch бугуйн цаганд байдагчлан App Store-той холбох төлөвлөгөөтэй. Шинэ төхөөрөмжөө AR бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч болгохын тулд график болон тоглоом хөгжүүлэгчдийг хөлслөн ажил луулж буй Apple-ын төлөвлөгөө амжилттай хэрэгжиж чадвал iPhone-ыг залгамжлах цоо шинэ хэрэгсэл бий болно. Хиймэл нэмэлт байдлын (VR) нүд ний шилийг хэрэглэгч заавал худалдаж авах нөхцөл бүр дүүлэхийн тулд Apple зориулалтын аппликэйшн үүсгэж хөгжүүлэх ёстой. Энэхүү саадыг давж, AR технологио бүрэн төгс болгож чадаагүй цагт Apple-ын удирдлага туршилтын шатыг дуусгахгүй тул бүтээгдэхүүн тов ёсоор зах зээлд гарч амжихаа болино. Facebook мөн өөрийн нүдний шил хөгжүүлж байгаа. Гэрэл зураг авч, видео бичлэг хийн, ухаалаг утаснаас дуудлага хүлээн авах чадвартай Facebook шилний эхний загвар AR, нэгтгэмэл дэлгэцгүй байх юм. Snap компанийн хөгжүүлж буй Spectacles шил 2021 оноос нааш зах зээлд гарч амжихгүй бололтой. Amazon.com Inc ч өөрийн гэсэн Echo Frames нүдний шил, Echo Loop бөгж туршиж байгаа нь хоёулаа Alexa дуут туслагчтай байх юм. Гэхдээ Amazon компани робот зэрэг овортой бүтээгдэхүүнд гол анхаарлаа хандуулдаг. Өөртөө дэлгэцтэй, видео хуралдааны үеэр хэрэглэгчийг даган өрөө хэсэж явдаг робот бол ийм бүтээгдэхүүний нэг. Microsoft Corp олон аппликэйшн зэрэг ажиллуулж, утасны дуудлага хийж, хүлээн авах чадвартай жижиг хос дэлгэц бүхий Surface Duo таблетыг 2020 оны зун гаргах төлөвлөгөөтэй. Android үйлдлийн системтэй, Google Play Store-ын программ хангамж ашигладаг Surface Duo нь шинэ iPhone, 5G холболттой Google Pixel ухаалаг утас, Samsung Electronics-ын 2020 оны загваруудтай өрсөлдөх юм. Үүрэн холбооны шинэ үеийн 5G сүлжээнд холбогддог байх нь ирэх онд гарах бүтээгдэхүүний чухал үзүүлэлт байх болно. “Бүтээгдэхүүнээ 5G-тэй холбож байж хамгийн аварга цараатай, утга учиртай өсөлт үүснэ” хэмээн консалтингийн Moor Insights & Strategy компанийг үндэслэгч Патрик Мурхед тайлбарлав. Тэрбээр “Эрэлт хэрэгцээг 5G тодорхойлох цагт ийм технологигүй ухаалаг утас үйлдвэрлэгч өрсөлдөх чадваргүй” гэв. 













A

Жижиг

A

Дунд

A

Том

Ярианы бэрхшээлтэй хүмүүсийг “яриулдаг” Shuvuu аппликэйшн

 0 сэтгэгдэл

- Энэ апп-ын хамгийн гол хэрэглэгчид нь харвалт өгсөн хүмүүс болжээ
- Shuvuu апп-ын нэг давуу тал нь интернэтгүй орчинд ашиглах боломжтой. Нэг удаа татаад авчихсан байхад хөдөөгийн уулын мухарт ч ашиглаж болно


Монголд аутизмтай 18 мянга орчим хүн байдаг гэсэн статистик бий. Мөн жилд 6-7 мянган хүн харвалт өгдөг аж. Хөгжлийн бэрхшээлтэй гэх ангилалд багтах эдгээр хүмүүсийн нэг адил тал нь хэл ярианы чадвар муудах явдал. Зарим аутизмтай хүн насан туршдаа ярьж чадахгүй байх тохиолдол ч бий. Хүндхэн харвалт өгсөн хүмүүс мөн л хэлж ярьж, өөрийгөө ойлгуулах чадваргүй болдгийг бид мэднэ. Тэгвэл харилцааны тал дээр бэрхшээлтэй нүүр тулж яваа тэдэнд туслах зорилготой Shuvuu аппликэйшний талаар танилцуулъя. Анх 1970-аад онд ярианы бэрхшээлтэй хүмүүс зурагт карт ашиглан бусадтай харилцах технологи АНУ-д нэвтэрч байв. Өвөр дотроо авч яваа олон картнаас “кофе” гэснийг нь сугалаад гаргаад ирвэл кофе уухыг хүсэж байна гэж ойлгогдоно. Харин орчин үед энэ аргыг дижитал хэлбэрт шилжүүлж, гар утасны апп байдлаар ашиглах арга нэвтэрсэн нь маш олон хүнд хүрчээ. Өдгөө дэлхий даяар ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулсан дөрвөн мянга гаруй апп байдаг гэнэ. Иймэрхүү апп-ыг хэрхэн хэрэглэдэг талаар товчхон   тайлбарлая. Апп дотроо үйл үг, тэмдэг нэр, хоол, хувцас, автобус унаа... гэх мэт янз бүрийн цэстэй. Цэс рүү нь орохоор хэрэгтэй зүйлсийн зураг нь байна. Улмаар “би”, “хоол”, “идмээр байна” гэсэн гурван зураг дээр дарахад таны өмнөөс “ярьж”, юу хүсээд байгааг чинь бусдад ойлгуулна гэсэн үг. Цэсээ өөрөө нэмж болдог учир ямар ч сэдвийн яриаг шинээр оруулах боломжтой. Банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлдэг хүн энэ төрлийн үгсийг апп-даа шинээр нэмэхэд л болоод явчихна. Ингээд банкинд очоод “Би тэтгэврийн зээл авмаар байна” гэж хэлж чадна. Тэгвэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийг “хэлд оруулах” шидтэй тус апп-ын монгол хувилбарыг хэдэн залуус бүтээсэн нь Shuvuu гэх нэртэй. Тэд нэгдэн “Шувуу хөгжүүлэгчид” төрийн бус байгууллага байгуулжээ. Shuvuu апп-ыг анх санаачлан хийсэн Б.Алтангэрэл энэ талаар “Миний хүүхэд аутизмтай юм. Ийм хүүхэд юм ярихдаа удаан, өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй. Зарим нь бүр насан туршдаа ярьж чаддаггүй. Гэтэл нэг удаа Канзасын их сургуулийн доктор хүнтэй уулзаж ярилцахад ийм аппликэйшн байдгийг хэлсэн юм. Үүнээс хойш аутизмтай хүүхдэд туслах апп зохиох юмсан гэж бодох болсон. Би уг нь байгаль орчны мэргэжилтэй хүн. Апп бий болгож, хөгжүүлэх талаар ямар ч мэдлэггүй. Гэхдээ зорилго байгаа цагт зорьсондоо хүрдэг л юм байна. Эргэн тойрон дахь найз нөхдүүд ч их тусалсан. Ингээд жил хагасын өмнө 250 орчим үгийн сантай анхны апп-аа гаргаж байлаа. Харин одоо үүнийгээ илүү сайжруулсан дараагийн хувилбарыг нь гаргахаар төлөвлөж байна” хэмээн ярьсан юм.ТББ-ын залуус аппликэйшний дараагийн хувилбараа 500 үгтэй, үйл үг нь хөдөлгөөнт  байхаар хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хэрэв сан хүүжилт бүтвэл ирэх оны гуравдугаар сард бэлэн болгохоор төлөвлөж буйгаа дуулгав. “Бид анх аутизмтай хүмүүст л зориулсан апп хийж байна гэж бодсон. Гэтэл явцын дунд хамгийн том хэрэглэгч нь харвалтын дараа ярианы чадвараа алдсан хүмүүс болж таарсан. Монголд жилд 6-7 мянган хүн харвадаг юм байна. Тэдний зарим нь насан туршдаа хэлгүй үлдэх тохиолдол ч бий. Тэд юм ярьж, өөрийгөө ойлгуулж чадахгүй болохоор маш их бухимддаг. Үүнээс болж дахин харвах магадлалтай байдаг гэсэн. Хэрэв дахиж харвасан тохиолдолд 80 хувьд нь ямар ч найдвар байдаггүй юм байна. Тэд ядаж л бие засмаар байна, хоол идмээр байна гэдгээ илэрхийлдэг болчихвол бухимдах нь багасна. Энэ хэрээр дахин харвах магадлалыг бууруулна гэсэн үг. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдаас хамааралтай байхыг хүсдэггүй юм байна гэдгийг апп хөгжүүлэх явцдаа ойлгосон. Тэд бүгдийг бие даан хийхийг хүсдэг. Гэвч зарим зүйлийг чадахгүй болохоороо дотроо их бухимддаг юм байна. Харин энэ апп нэг ч гэсэн бэрхшээлийг нь шийдэж өгч буйгаараа давуу талтай” хэмээн Б.Алтангэрэл ярилаа. Shuvuu апп-ны хэрэглээ зөвхөн ярианы бэрхшээлтэй хүмүүсээр хязгаарлагдахгүй. Монголд ирсэн гадаадын жуулчин энэ апп-ыг утсандаа суулгачихсан байхад ойр зуурын зүйл ойлголцоод байх боломжтой. “Кофе” гэсэн зурган дээр дарахад тэр хүн кофе уухыг хүсэж байна гэдгийг ойлгож, хамгийн ойр байрлах кофе шопыг заагаад өгчихнө гэсэн үг. Түүнчлэн сүүлийн үед гадаадад амьдардаг монголчууд хүүхдэдээ монгол хэл заахын тулд ашиглах болжээ. Өөр оронд өсөж, том болсон зарим хүүхэд монгол хэлээ мэдэхгүй байх нь түгээмэл. Аав, ээж нь тэдэнд монгол хэл зааж өгөх гэж хэрэндээ зүдэрнэ. Харин зарим хүн Shuvuu-гийн тусламжтайгаар хүүхдэдээ монгол хэл заасан нь амжилтад хүрч байгаа талаар илэрхийлэх болсон байна.

Монголд хэл ярианы бэрхшээлтэй 60 мянга орчим хүн бий

Монголд хэл ярианы бэрхшээлтэй 60 мянга орчим хүн байдаг аж. Болж өгвөл тэдэнд бүгдэд нь хүргэмээр байгаагаа хөгжүүлэгчид нь хэлж байлаа. Одоогоор хоёр мянга орчим хэрэглэгчтэй гэсэн. Shuvuu апп-ын нэг давуу тал нь интернэтгүй орчинд ашиглах боломжтой. Нэг удаа татаад авчихсан байхад хөдөөгийн уулын мухарт ч ашиглаж болно гэсэн үг. Ерөнхийдөө буяны зориулалттай болохоор татаж авахад үнэ төлбөргүй. Гэхдээ одоохондоо хөгжүүлэлт хийгдэж  байгаа, хоёр долоо хоногоос хэвийн ажиллагаандаа шилжих аж. “Англи хэл дээрх энэ төрлийн апп-ууд маш сайн хөгжсөн байдаг. Зарим нь бүр 52 мянган үгийн сантай. Ярианы бэрхшээлтэй хүн үүнийг ашиглаад олны дунд илтгэл тавьж байна. Апп дээрээ ажиллаад сурчихсан болохоор жирийн хүмүүс шиг яриа нь урсаад байдаг. Бидний хувьд анхны хувилбараа хандив, найз нөхдийн дэмжлэгээр хийж байлаа. Одоо дараагийн хувилбарыг хийхэд бас л хөрөнгө санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа. Саяхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон марафон гүйлтийн тэмцээний үеэр хандивын аян өрнүүлээд хоёр сая төгрөг босгосон. Бага багаар цуглуулсаар байгаад гурван мянган доллартай болоод байна. Одоо 500 үгэндээ тохирсон зураг зохионо гэдэг хамгийн том ажил болоод байна. Жишээ нь явах, ирэх хоёрыг зургаар яаж ялгах вэ гэдэг амаргүй ажил юм байна. Энэ мэт бэрхшээл байгаа ч яаж ийгээд ард нь гарна гэж бодож байгаа” хэмээн Б.Алтангэрэл ярьсан. Ямартай ч хэдэн мундаг залуус хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах нэгэн  буянтай ажил эхлүүлж, түүнийгээ улам сайжруулахаар хичээж явна. Монголд харвасан хүн ямар их байдаг билээ. Сүүлийн үед харвалт улам залуужаад байгааг эмч нар хэлдэг. Тэгвэл харвалт өгсөн ойр дотны нэгэндээ бага ч атугай туслах боломж ийн нээгдэж байна. Татаж аваад тэдэнд тусалж, сэтгэлийн зовлонгоос нь хөнгөлөөрэй. Нэр нь Shuvuu шүү.